Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн галт тэрэгний аяллын хуваарь DNN.mn

Улаанбаатар төмөр зам ХНН-ийн харьяа Аялал жуулчлалын төв долоо хоног бүрийн баасан гарагт “Хүүхдийн галт тэрэгний аялал”-ыг зохион байгуулж байна.

2024 оны гуравдугаар сарын 15, 22, 29-ний өдрүүдэд Улаанбаатар-Дархан-Улаанбаатар чиглэлд аялна. Дэлгэрэнгүй мэдээллийг: 21-242645, 99088240, 99161739, 98118596, 99193876 утсаар авах боломжтой.

Categories
гадаад мэдээ

АНУ-д “ТикТок” платформыг хориглохыг дэмжив DNN.mn

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим “ТикТок” олон нийтийн сүлжээг тус улсад хориглох нөхцөлийг тусгасан хуулийн төслийг баталлаа.

Тодруулбал, “ТикТок”-ийг эзэмшигч Хятадын БайтДенс компанид хувьцааныхаа хяналтын багцыг зарахад зургаан сарын хугацаа өгөх ба эс бөгөөс уг нийгмийн сүлжээг АНУ-д хэрэглэхийг хориглох юм.

Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн 352 нь дэмжиж, 65 гишүүн татгалзсан санал өгчээ.

АНУ-ын 150 сая хүн “ТикТок” платформыг ашигладаг бөгөөд дээрхийн адилаар хэрэглэгчдийн мэдээллийг хуваалцах боломжтой гэж үзэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр “Пи” тооны өдөр DNN.mn

Өнөөдөр дэлхийн математикийн хамгийн чухал тогтмолуудын нэг болох “Пи”-гийн өдөр тохиож байна. 

Анх 1988 онд Ларри Шав хэмээх физикч АНУ-ын Сан Франциско хотын Шинжлэх ухааны хүрээлэнд Пи тооны өдрийг өргөн тэмдэглэж эхлүүлсэн байдаг. Түүнээс хойш албан ёсоор 2009 онд АНУ-ын конгрессийн гишүүд уг өдрийг тогтмол тэмдэглэж байхаар баталжээ.

Categories
мэдээ нийгэм

19-20 насны залуус бага насны хүүхдийн гар утсыг дээрэмджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 11-ний 20:00 цагийн үед “13 настай, эрэгтэй хүүхдийн гар утсыг дээрэмдсэн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дээрх хэргийг 19-20 насны хоёр эрэгтэй үйлдсэн болохыг энэ сарын 13-ны өдөр олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд:

-Бага насны хүүхдийг орой үдшийн цагаар харгалзах хүнгүй явуулахгүй байх,

-Хүүхдэд бусдын анхаарал татах үнэтэй утас, эд зүйл хэрэглүүлэхгүй байх,

-Багш, нийгмийн ажилтнууд сурагчдад аюулгүйн зөвлөмж өгөхөөс гадна “дээрэмдэх” гэмт хэрэг нь ямар эрсдэл, хуулийн хариуцлагатай болох талаар сургалт хийх зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.

Хуулийн хариуцлага: Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/-ийн 2 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан байна.

Categories
мэдээ нийгэм

Хоёрдугаар сард 237.615 зөрчлийн хэрэг бүртгэгджээ DNN.mn

Улсын хэмжээнд 2024 оны 2 дугаар сард 237.615 зөрчлийн хэрэг бүртгэгдсэнээс 72 хувь нь Нийслэлд, 27.9 хувь нь орон нутагт гарсан байна. Энэ нь нэгдүгээр сартай харьцуулахад 4.4 хувиар буурчээ.

Нийт зөрчлийн хэргийн 95.6 хувийг Цагдаагийн байгууллага, 0.07 хувийг Гадаадын иргэн, харьяатын газар, 0.06 хувийг Татвар, 0.05 хувийг Гааль, 0.01 хувийг Онцгой байдлын газар, 4 хувийг нь бусад байгууллагаас шалгаж, шийдвэрлэжээ.
Дээрх хугацаанд 512 хуулийн этгээд, 225.759 хүн Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээсэн. Үүнээс 77.7 хувь нь эрэгтэй, 22.2 хувь нь эмэгтэй, 64.2 хувь нь 26-45 насныхан байна.

Зөрчлийн хэргийн улмаас хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд 25.9 тэрбум төгрөгийн хохирол учирч, үүнээс 1.7 тэрбум төгрөг нөхөн төлөгджээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Лхагвадорж: Үл ойлголцлоос үүдэж дүү маань гэмт хэрэгтэн мэт нийгэмд ойлгогдлоо DNN.mn

Цахим сүлжээнд “Охинд маань 99545464 дугаараас маргааш ирж иж бүрэн шинжилгээ өгч болно гээд энгийн орон сууцны хаяг явуулсан байна” хэмээх агуулга бүхий зурагт мэдээлэл олон хүний хардлага, уур бухимдлыг төрүүлсэн юм. Дээрх дугаарын эзний ах Г.Лхагвадоржоос энэ талаар тодрууллаа.


-Таны дүү юу хийдэг хүн бэ. Яагаад сурагч хүүхэд рүү ирж шинжилгээ өг гэж бичсэн юм бэ?

-Уг нь дүү маань ярилцлага өгөх ёстой. Гэвч тэрээр одоо ярилцлага өгөх мантай байна. Дүү маань 30 хараахан хүрээгүй залуу бүсгүй. “Herbalife” брэндийнхээ судалгааны ажлыг хийж явж байгаад Жуковын автобусны буудал дээр нэг охиноос хэд хэдэн асуулт асуусан юм байна лээ.

Өглөөний цайгаа тогтмол уудаг уу, эрүүл зөв хооллолтын тухай мэдэх үү, хэдэн цагт хооллох нь эрүүл мэндэд тустай байдаг талаар мэдэх үү гэх мэт энгийн асуултууд асуусан гэсэн. Манай дүү тэр өдөр өөр олон хүмүүсээс судалгаа авсан. Тэгээд судалгаанд оролцсон хүмүүсийнхээ дугаарыг аваад дараа нь оношилгоонд орох эсэх талаар асууж, хаягаа явуулдаг юм байна. Сурагч охин руу унтахаасаа өмнө хаягаа явуулсан ба охины ээж залгаж дүү рүү маань бухимдсан, дайрч давшилсан өнгөөр ярьсан болохоор дүү маань “ирэхгүй байж болно” гэж хэлээд тасалчихсан нь үнэн. Дүү маань охиныг сурагч гэж мэдээгүй. Тэр охин өсгөлүүн биетэй оюутан шиг харагдсан гэсэн.

-Ямар үйл ажиллагаа явуулдаг газар вэ?

-Сансарын тунельд байрлалтай “Herbalife”-ын салбар, эрүүл зөв хооллолтын клуб байдаг. Тус салбараар олон хүн үйлчлүүлж, илүүдэл жингээ хасах, булчин массаа нэмэх зэрэг эрүүл мэнддээ анхаардаг юм. Шинжилгээ, оношилгоо хоёрын ялгааг хүмүүс мэдэхгүй байна. Шинжилгээ бол цуснаас дээж авна шүү дээ. Тус салбар дээр“Танита” гэдэг хүний биеийн бүтэц, усны хэмжээ, биологийн нас зэргийг тогтоож өгдөг шинжлэх ухаанч аппарат бий. Түүгээр л оношилгоо хийдэг юм. Ямар нэг байдлаар цус, шээснээс дээж авахгүй гэсэн үг. Хүний эрүүл мэндийн байдлыг тогтоогоод зөвлөгөө өгдөг. Хүсвэл “Herbalife”-ын бүтээгдэхүүн санал болгодог.

-Тухайн сурагч охины аав, ээж тухайн салбар дээр ирсэн үү?

-Тийм ээ, гуравдугаар сарын 1112ны шөнө л дээрх ташаа мэдээлэл эрчимтэй тархаж олон нийтийн анхааралд өртсөн. Тиймээс би маргааш нь маш олон хүн ирэх байх, бүгдэд нь үнэн учрыг хэлж ойлгуулах зорилгоор дүүтэйгээ хамт хүлээж байсан. Гаднаас хоёр хүн(охины аав, ээж) орж ирээд орилж хашгичаад эхэлсэн. Та тайвшир, ярилцъя гэж хэлэхэд давшилсаар байсан. Хүүхдэдээ хараа хяналт тавьж байгаа ээжийг бид буруутгахгүй ээ. Гэхдээ юмыг нягталж, үнэн зөвийг нь мэдэхгүйгээр цахим орчинд худал сэрэмжлүүлэх мэдээ тарааж байгаа нь буруу үйлдэл. Ялангуяа хүний утасны дугаарыг нийтэд ил зарлах бол байж болохгүй үйлдэл шүү дээ. Манай дүү тэр дугаараа арав гаруй жил хэрэглэсэн учир ажлын шугамаар маш олон хүмүүс холбогддог. Харин худал мэдээлэлд сохроор итгэсэн танихгүй хүмүүс дүү рүү минь муухай үгс хэлж, сөрөг зүйлс бичиж ажлаа хийх боломжгүй байна.

-Нөхцөл байдалтай танилцаад сурагч охины гэр бүл цахим орчинд тавьсан худал мэдээллээ устгасан уу?

-Тийм байх гэж найдаж байна. Гэхдээ яг хараагүй шүү дээ. Хамгийн их хандалт, түгээлт хийсэн хүн нь өөр хүн хуулж тавьсан байна гэж цагдаа дээр очоод дам сонссон. Би сурагч охины ээж болон цахим орчинд худал мэдээлэл тарааж байгаа тэдгээр хүмүүсийн нэрийг хэлэхгүй. Дүүтэй маань холбоотой худал мэдээлэл агуулж байгаа пост бүрийн сэтгэгдэл хэсэгт “худал мэдээлэл шүү, буруу ташаа ойлгосон байна” гэж бичсэн боловч миний бичсэн зүйлийг тэдгээр хүмүүс устгаад намайг блоклоод байгаа. Үл ойлголцлоос үүдэж дүү маань гэмт хэрэгтэн мэт нийгэмд ойлгогдлоо. Цагдаагийн газар руу мэдүүлэг өгөх гэж яваад хоёр удаа торгуульсан мөнгөө би сурагч охины ээжээс нэхэмжилсэн. Гэтэл тэд хийсэн алдаагаа зөв гэж үзэж, огтхон ч гэмшихгүй байна.

-Танай дүүгийн сэтгэл зүй одоо ямар байна вэ?

-Дүү маань багш мэргэжилтэй, гэхдээ сүүлийн нэг жил худалдааны чиглэлээр ажиллаад түүнийхээ үр шим, ашгийг хүртэж эхэлж байсан юм. Одоогоор сэтгэл зүйн хувьд хэцүү байдалтай байна. Ажлаа тайван хийж чадахгүй, нойр муутай байна. Орой үдэш танихгүй дугаарууд залгаж сөрөг, муухай зүйлс хэлж, бичиж байна. Иргэд ямар ч эх сурвалж, баримт нотолгоогүйгээр фэйсбүүкээс уншсан зүйлдээ итгэж түүнийгээ туйлын үнэн мэт ойлгож байна. Энэхүү үйлдэл маш буруу.

Үүний цаана буруу ойлгогдсон хүн сэтгэл санаа, ажил амьдралаараа хохирч байна. Маш олон шар мэдээний сайтууд энэхүү худал мэдээгээр хандалт авах гэж тавьсан, одоо болтол устгаагүй. Хүнийг санаатай, санамсаргүй байдлаар гүжирдэж, гүтгэчихээд сүүлд нь ямар ч хариуцлага хүлээдэггүй байдлыг таслан зогсоох хэрэгтэй.

Н.Нарванчин

 

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Тяньжин төмөр замын өртөөнд 2650 орчим чингэлэг хүлээгдэж байна DNN.mn

Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд одоогоор 1272 чингэлэг байгаагаас 672 нь ачаатай, 600 нь хоосон байна.

БНХАУ-ын Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж буй 2650 орчим чингэлг байгаа аж. Тус боомтоос Эрээн Замын-Үүд чиглэлд чингэлгийг дунджаар 9-12 хоногт тээвэрлэдэг бөгөөд боомтод ирсэн чингэлэг дунджаар 60-65 хонож гарч байгааг ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаанаас мэдээлжээ.

Categories
мэдээ улс-төр

Европын Холбооноос зудын хүндрэлийг даван туулахад зориулж 500 мянган еврогийн хүмүүнлэгийн тусламж олголоо DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз-ийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Элчин сайд Аксель Никэйз Монгол Улсад тулгарч буй зудын бэрхшээлийг даван туулахад зориулан Европын Холбооноос олгож буй 500 мянган еврогийн хүмүүнлэгийн тусламжийн батламжийг гардууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүмүүнлэгийн тусламж үзүүлж буйд Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Европын Холбооноос үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийг зудын хүндрэлтэй тулгарч буй 1850 өрхөд хүргэх юм.

Уулзалтаар хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцаж, энэ онд тохиож буй Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг бодит үр дүнтэй тэмдэглэхийг чухалчилж байгааг талууд онцоллоо.

Тухайлбал, “Аймаг, сумдын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хэлэлцээрийн хүрээнд бүсчилсэн хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Европын хөрөнгө оруулалтын банкнаас 45 сая еврогийн хөнгөлөлттэй зээл, Европын Холбооноос 9,4 сая еврогийн буцалтгүй тусламжийг эхний ээлжид тус тус олгохоор болсныг сайшааж, талархал илэрхийллээ.
Мөн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Европын Холбооны “Дэлхийд гарах гарц”, “Ногоон гэрээ” зэрэг хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжиж буй болон цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар ярилцав.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд DNN.mn

Өнөөдөр /2024.03.14/ цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх байршлуудыг танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шар усны үер, халиа тошин зэрэг болзошгүй эрсдэлээс сэргийлэхэд 11 тэрбум төгрөг зарцуулна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд шаардагдах төсвийг баталсан тухай мэдээлсэн билээ.

Шадар сайд С.Амарсайхан “Хаваржилтыг хүндрэл багатай даван туулах, шар усны үер болон халиа тошин үүсэх зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зорилгоор 11 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн” хэмээн мөнгөн дүнгийн талаар өөрийн цахим хуудсандаа бичжээ.

Түүнчлэн Засгийн газар, Улсын Онцгой Комисс(УОК)-оос хаваржилт хүндэрсэн 12 аймагт нийт 6,447 тонн тэжээлийн буудайг малчдад хүргэсний зэрэгцээ 60 сумын Эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай автомашин олгох 9.6 тэрбум төгрөгийг шийдвэрлэн, эхний 11 аймгийн 12 сумын түргэн тусламжийн машин олгоод байгаа юм.