Categories
мэдээ нийгэм цаг-үе

НОБГ: 16 иргэний амь нас, 2 тэрбум 96 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа DNN.mn

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 19, гал түймрийн 20 дуудлага бүртгэгдэж, алба хаагчид 16 иргэний амь нас, 2 тэрбум 96 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.

Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар дулаарч цас, мөс хайлан, халиа урсах нөхцөл бүрдээд буй тул шар усны үерт өртөж болзошгүй айл өрхүүд урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

Эх сурвалж: НОБГ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Гурван дарга маань гурван ч станц чирээд ирлээ. Аль нь эхэлж ашиглалтад орох юм бол DNN.mn

Монгол Улс стратегийн хоёр гол бүтээгдэхүүнээр гадны улсаас хараат байдгийн нэг нь эрчим хүч. Улсын хэмжээнд жилдээ 8.8 тэрбум кВт цахилгаан эрчим хүч хэрэглэдгээс 20 хувь буюу 1.8 тэрбум кВт-ыг хойд хөршөөс татдаг. Нэг кВт цахилгааныг 9.3 центээр худалдаж авдаг гэхээр жилд ямар их хэмжээний зардал эрчим хүчинд урсдаг нь харагдана. Эрчим хүчний дараагийн импортлогч улс бол БНХАУ. Тус улсаас “Оюу толгой” ХХК жил бүр 1.4 тэрбум кВт эрчим хүч авч, 135.6 сая ам.долларыг төлдөг. Өнөөдөр ч төлсөөр буй юм.

Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх тухай сүүлийн 30 гаруй жил яригдсан. Тавдугаар цахилгаан станц цаасан дээрээ 30 нас хүрчихлээ. Нэг ёсондоо бид цахилгаан эрчим хүчний мөнхийн гачланд байдаг улс орон болоод байна. Өнгөрсөн өвөл үүний горыг нэлээд сайн амсаадахлаа. Хойд хөршид дайн дажин дэгдэж, эрчим хүчний том станцууд нь эвдэрсний улмаас импорт гацаж, Улаанбаатар хотын дүүргүүдэд ээлж дараалан хязгаарлалт хийсээр өвлийг давлаа.

Сонгууль дөхөөд ч тэр үү, манай гурван том дарга цахилгаан эрчим хүчний гурван том төсөл босгож ирээд байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Францын Ерөнхийлөгчийг эх орондоо урьж, хоёр улс ураны төсөл дээр хамтрах ажлыг эхлүүлсэн.

УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн төрөлх нутагт Байдрагийн гол дээр Унгар улстай хамтран усан цахилгаан станц барих төсөл ярьж эхэллээ. Бүүр эхлэхдээ хайчилдаг туузыг нь сая Будапештэд хайчилчихаа алдаад ирлээ.

Ерөнхий сайд, Засгийн газрын хувьд ОХУ-тай хамтран атомын цахилгаан станц барих тухай асуудал яригдаад багагүй хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн оны аравдугаар сард болсон Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын уулзалтаар ОХУ-ын талаас энэ талаар санал тавьсан гэгдэж буй.

Шинэ зуунд, идэр есийн хүйтэнд тог цахилгаанаа хязгаарлуулсан нийслэлчүүд, нийт монголчуудын хувьд энэ бол нэлээд сонирхол татах сэдэв. Одоо ерөөсөө аль төсөл нь эхэлж ашиглалтад орохыг хараад хэвтэх л үлдэх болчихоод байна. Олдохлоороо өлдөнө гэж өвөг дээдэс ярьдаг байв даа. Нэг дор яасан ч олон төсөл эхлүүлчих болов гэж гайхмаар. Энэ бүхэн үнэн үү худал уу, сонгуулийн солиорол уу гэдэг нь одоохондоо тодорхойгүй байна. Монголд цахилгаан станц барих төслийг жагсаавал боть болох хэмжээний түүх бий. Ус, нар, салхи гээд төрөлжөөд хүртэл явчихна. Гэхдээ аль нь ч яваагүй, цаасан дээр л үлддэг. Харин хамгийн гайгүй явсан, бас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний их зүтгүүлсэн нэг төсөл бий. Хамгийн нааштай, ажил хэрэг болохоор төсөл нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц байх ёстой. Ерөнхий сайдаас эхлээд төрийн өндөрлөгүүд саяхныг хүртэл энэ төслийг онцолж, ажил хэрэг болгохоор мэдэгдэж байв. Чухам өнөөдөр энэ том төсөл юу болсон болоод төрийн өндөрлөгүүд тойрч гүйгээд хаа холын Унгар, Франц, ОХУ-тай хамтрах шинэ төсөл яриад явчихав. Үүнээс гадна олон жилийн түүхтэй Эгийн голын усан цахилгаан станц ч бий. Нар салхины өчнөөн төсөл хөтөлбөр ч байгаа. Эдгээр төслүүд өнөөдөр ямар шатанд явж байгаа нь, хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байсаар ирлээ.

Ингээд харвал шинэ төслүүд ажил хэрэг болно гэхэд үнэмшилгүй сонсогдож байна. Түүний оронд Эрдэнэбүрэнгээ баталгаатай ажиллуулна аа гэсэн бол өөр сонсогдох байлаа. Нөгөө нүүрсээ 50 км зөөгөөд хилээр гаргачих байсныг 5000 км тойруулж Владивостокоор гаргана гэдэг шиг болоод явчихав уу. Үнэндээ Европын холбооны

улсууд дундаа хамгийн ад шоо, хэрүүл маргаан тарьдаг Унгар улс манайд цахилгаан станц барьж өгч чадах уу. Тийм зээл өгчих эдийн засагтай, бас өөрсдөө бариад өгчих технологитой л юм байх даа. Европын холбоо нь бол мөнгө өгөхгүй өгнө гээд л сүйд болоод байгаа харагддаг. Сая Шведийг НАТО-д элсэхэд нь тавьсан хоригоороо наймаалцаж хэдэн евро олж байгаа л харагдаж байсан. Харилцааны хувьд бол Хүннү гүрнээс эхтэй гээд хоёр тал сүйд болдог л доо.

Эрчим хүчээ худалдаж хэдэн доллар олж байгаа ОХУ өөрсдөө гүйж ирээд цахилгаан станц бариад өгчихөөр бизнест нь зүгээр үү. Ядаж л дайн дажинтай, ядарч зүдэрч байгаа улс орон ийм төслийг хэрэгжүүлэх чадвар чансаа, зав зай энэ цаг үед байх уу. Орос хүмүүс болохоороо л өөрсдийн бизнесээ хохироон байж цахилгаан станц барьж өгдөг юм байлгүй дээ. Тэрнээс энгийн дээрээс нь тэнэг бид бол хэдэн цаасаа олохоо бодоод аль болох л тэр ажлыг нь гацаах гэж зүтгэнэ.

Францын “Арева”-тай байгуулсан гэрээ сүүлийн саруудад бүтэлгүй болсон сураг дуулдаж байгаа. Манайхны татварын орчин гэрээ байгуулахад саад болсон гэх битүү хатуу мэдээ дуулдаад таг чиг болсон. Уул нь өвөг дээдэсийн хүсэж байсан гуравдагч орны хөрөнгө оруулалт бол энэ Арева л юм шүү дээ. Ингээд харвал гурван том даргын зүтгүүлж буй дээрх төслүүд аль нь ч итгэл үнэмшил, болж бүтэх магадлал муу болоод явчихлаа.

Ерөөсөө энэ бол олон нийтэд тодорхой байгаа зүйл л дээ. Дотооддоо, өөрсдөдөө 30 жил эрчим хүчний төсөл ярьж зодолдсон. Хэзээ мөдгүй эрчим хүчээ үйлдвэрлэчих боломжтой төслүүд байхад л гацаачихдаг технологи манайд бий. Уг нь Монгол орон бол сэргээгдэх эрчим хүчний диваажин гэж нэг хэсэг яригдаж байв. Энэ тухай манай сонин ч нийтлэлийн бодлогоороо дэмжин, бичсээр ирсэн. Сүүлийн үед ураны төслүүд дэлхийд цойлж байгаа. Монголд ч ихээхэн нөөц бий. Гэвч аль аль нь хэзээ ч ажил хэрэг болдоггүй, хараалын гэмээр сонин тогтолцоо эрчим хүчний салбарт бий болжээ. Энэ нь дотоодоос биш гаднаас гэдэг нь тодорхой. Нэг ёсондоо Монголыг Оросууд удирдсаар байна гэдгийн илрэл энэхүү эрчим хүчний асуудал. МАН-ыхан ийм мэхэнд дахин дахин ороод нэгдүгээрт, уйддаггүй, хоёрдугаарт, хаширдаггүй, гуравдугаарт, Монголоо боддоггүй хэрэг үү. “Дуулсан дуундаа өөрөө уяраад” гэгчээр худал яриад тэрэндээ өөрсдөө үнэмшээд явчихдаг юм уу.

Ямартаа ч шинээр яригдаж байгаа эрчим хүчний төслүүдийг харъя, хүлээе. Сонгууль дөхсөн ээлжит шоу битгий байгаасай гэж давхар хүсье.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Арай дөнгүүр Ерөнхий сайд зарласан нь ахиухан суудал авна DNN.mn

Энэ 2024 оны УИХ-ын сонгуулийг “Ялагчгүй сонгууль болно” гэж яриад байна. Ямар ч байсан үнэмлэхүй ялагчгүй сонгууль болох нь үнэн. Тийм дүр зураг илт ажиглагдаж байна. Харин ахиухан суудал авсан нь засаг төрийг тэргүүлэх нь ойлгомжтой. Албан бусаар намууд далдуур судалгаа лавлагаа хийсээр байгаа нь тодорхой. Тэрнийх нь дүн мэдээ улс төрийн хүрээнд яригдсаар л байна. Тийм мэдээллээр баттай ялах магадлалтай нам одоогоор гарч ирэхгүй байна гэнэ.Тэр байтугай Монголын улс төрийн бүх нам нийлээд нийт сонгогчдын 50 хувийг авах чадалгүй болоод байгаа ажээ. Энэ үнэн байх магадлал маш өндөр. Тийм ч биз.

Одоогоор УИХ-д суудалтай МАН, АН, ХҮН гэсэн гурван нам байдаг. Мөн улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа МНН-МҮАН-ын Үндэсний эвсэл, ИЗНН, ШИНЭ нам, Үнэн ба зөв, ИОНН зэрэг намууд байна. Араас нь “Ганц хүний шийдвэрээр гэнэт гарч ирээд улс төрийн сонгуульд ордог” гэгддэг БНН, Эх орон нам, Ард түмний нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам гээд жагсана.

Намууд ийм тааруухан нэр хүндтэй байгаа ч сонгуулийн тогтолцоо, агуулгын хувьд ирэх сонгуулийн эцэст тэднээс л гарч ирж л төр барина. Монголын, монголчуудын хувь заяаг атгана. Тэгэхээр “Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг” афоризмтай эвлэрэхээс өөр аргагүй юм.

Энэ сарын 25-ны дотор намууд мөрийн хөтөлбөрөө бэлэн болгож, холбогдох байгууллагад өгөх ёстой. Хэн хэний, хэдэн нам мөрийн хөтөлбөрөө өгснөөс 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох намууд бүр тодорхой болно.

Намуудын мөрийн хөтөлбөрийн тухайд аливаа сонгуулийн жин дарах асуудал биш болсон. Тэгээд удаж байна. Гоё амладаг. Муухай мурьдаг. Мөрийн хөтөлбөрүүд биелж байсан түүх байхгүй юм. Сонгогчид мэддэг болчихсон. Тиймээс улс төрийн намуудын уярам мөрийн хөтөлбөрийг харж саналаа өгнө гэвэл худлаа.

Мэдээж хэрэг хуультай, дүрэмтэй улс орон учраас Сонгуулийн хуульд зааснаар намууд мөрийн хөтөлбөрөө гаргаж, түүнийг нь сонгууль, түүнд оролцоотой төрийн байгууллагууд хянаж шалгаад, зөвшөөрөөд, албажуулаад явж л таарах байх.

Харин намууд яавал сонгуулиар санал зулгаах вэ. Энэ удаад УИХ-ын сонгууль цоо шинэ зарчмаар явагдана. Бүсчилсэн 13 том тойргоос 78 гишүүн сонгогдоно. Намуудын жагсаалтаас 48 нь гарч ирнэ. Гишүүдийн тоо нь өссөн биш горилогчид тоймоо алдаад байна. Нэр дэвшүүлэх багтаамжийн хувьд тэр горилогчид Монголын бүх намд хуваагдаад нэр дэвшвэл бараг болчихоор л байна. Хүссэн хүн бүрд боломж байна. Гэхдээ тэдгээр горилогч бүхэн Монголын төрд хэрэгтэй юү. Хамгийн гол нь иргэд тэднийг сонгох уу. Намуудын толгойны өвчин энэ. Одоогоор бүх нам “Санал авах гол зэвсэг бол нэр дэвшүүлэх хүмүүсээ зөв сонгоход оршино” гэж үзэж байгаа бололтой. МАН, АН зэрэг томоохон намууд нэр дэвших хүмүүсээ тодорхой болгоогүй байна. Горилогчдод горьдлого төрүүлээд намын байр, Төрийн ордон хавиар уячихсан. Зангиа шахсан залуус тэдгээр орднуудаар битүү эргэлдээстэй. Жижиг намууд бол зарагдах нь зарагдаад, “эзэн боол”-ын харилцаандаа орчихсон. Нэр дэвшигчдээ бас л шүүж сонжоод явж байна. Гэхдээ том намуудыг бодвол жижиг намуудаас нэр дэвших хүмүүс хэдийнэ тохироогоо хийгээд ажил хэргээ эхлүүлчихсэн харагдана.

Ерөөс ирэх сонгуулийн намуудын найдвар энэ асуудал болжээ. Гэвч одоо цагт сонгогчдод бүрэн дүүрэн таалагдах нэр дэвшигч олох нь өвсөн дотроос зүү хайхтай л адил болсон. Монголчууд цөөхүүлээ, мэдээлэл ил тодорхой болчихсон учраас “Хэн бэ” гэдгийг нь хэлүүлэлтгүй мэдчихнэ. Тиймээс намууд зөвхөн нэр дэвшигчиддээ найдаад хамгийн гоё горилогчдыг хамж авчраад нэр дэвшүүлсэн ч ялах баталгаа байхгүй гэсэн үг.

Тэгэхээр ганц л гарц үлдэж байна. Тэр нь сонгуульд ялах юм бол хэнийг Ерөнхий сайд болгохоо зарлах явдал юм. Энийг улс төрд ойр дөт бөгөөд судалж шинжилдэг хүмүүс хэдийнээс яриад эхэлжээ. Хэрэв энэ үнэхээрийн намуудад тавигдах хамгийн том шаардлага болж байгаа бол бас ч гэж буруу биш. Тэртэй тэргүй Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмчихсэн. Улс төрийн хийгээд төр засгийн түвшинд хамгийн эрх мэдэлтэй хүн Ерөнхий сайд болчихсон. Олигтой Ерөнхий сайдтай бол улс орон овоо хөгжих, олиггүй хүн энэ албанд тохоогдвол балрах хэмжээний эрх мэдэл өгчихсөн. Тийм учраас намууд энэ албан тушаалд хэнийг томилохоо эртхэн хэлчих хэрэгтэй гэсэн санаа яваад байгаа юм.

Одоогийн улс төрийн намуудын дүрэмд голдуу “Хэрэв сонгуульд ялбал намын дарга нь Ерөнхий сайд болно” гээд заачихсан байна. Дүрэм журам нь тодорхой намуудыг харахад шүү дээ. Заримынх нь дүрэм ч ил тод байдаггүй юм байна.

Дүрмээр нь харвал МАН-аас Л.Оюун-Эрдэнэ, АН-аас Лу.Гантөмөр, ХҮН намаас Т.Доржханд, Үндэсний эвслээс Н.Номтойбаяр, ИЗНН-аас Б.Батбаатар, МУНН-аас Б.Батболд, МЛАН-аас Д.Пүрэвдаваа, Эх орон намаас Б.Цэрэнбалжир, БНН-аас Б.Жаргалсайхан, МСДН-аас А.Ганбаатар, АТН-аас Л.Гүндалай, Үнэн ба зөв намаас А.Отгонбаатар, ЗОН-аас Э.Одбаяр, ИОНН-аас Ц.Оюунгэрэл гарч ирэхээр байна.

Гэхдээ эднийг сонгогчид хэрхэн таалах вэ. Энэ ихээхэн чухал. Хэн нь Ерөнхий сайд болох юм бол энэ улс орон хөгжих вэ. Заавал тавигдах асуулт.

Нөгөө талаас, намуудын хувьд ялалт байгуулсны дараа өөр хүнийг ч Ерөнхий сайдад сойж байгаагаа зарлах боломжтой. Ийм бололцоо бий. Тийм туршлага ч байдаг. Ойрхных гэвэл 2020 оны УИХ-ын сонгуульд АН-ын дарга С.Эрдэнэ байхдаа “Сонгуульд ялах юм бол АН-аас Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар томилно” гээд зарлаж байсан. Бүр танхимынх нь сайд нарыг ч нэрлэж байв. Тухайн үедээ сонгогчдод аятайхан л “замын зураг” болчих шиг болсон. Тиймээс намууд хэрвээ ялалт хийгээд ахиухан суудал хүсч байвал бусдаасаа арай дөнгүүр Ерөнхий сайдыг олж зарлах шаарлагатай л болж байх шиг байна даа.

Ө.Бааст

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Ундрам: Манай улсад хөдөө аж ахуйн цогц реформ хэрэгтэй байна DNN.mn

УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай ярилцлаа.


-Чуулганы завсарлагааны үеэр та орон нутагт нэлээд ажиллаж харагдсан. Малчдын нөхцөл байдал, хаваржилт ямар байна вэ?

-Би Улсын онцгой комисстой хамтарч Сэлэнгэ аймагт ажиллаж байгаад ирлээ. Сэлэнгэ аймгийн долоон сум цагаан зудархуу

байна. Сэлэнгийн малчид харьцангуй өвс тэжээлийн бэлтгэл сайтай байсан. Одоогийн байдлаар малчдын нөөцөлсөн өвс тэжээл дуусаж байна. Зарим айлууд хүнд, зарим нь гайгүй байна. Бусад аймгуудтай харьцуулахад сайхан хангайтай сайхан нутаг учраас арай гайгүй байна. Гэхдээ мал, малчин хоёр туйлдаж ядарчихсан энэ үед Улсын онцгой комиссоос 127 тонн тэжээл, тодорхой сумдын бензиний ажлыг шийдвэрлэлээ. Зарим сумд түргэний тэрэггүй, Засаг даргын тамгын газар нь машингүй байгаагаас малчид дээр очиж чадахгүй байна л даа. Тиймээс эдгээр асуудлыг Улсын онцгой комиссоос шийдвэрлэх зэргээр ажиллаад ирсэн.

-Ер нь манай мал аж ахуйн бодлого ямар байх ёстой юм бэ?

-Эдийн засагч хүний хувьд харахад манай малчид хагас эрчимжсэн мал аж ахуй руу шилжих хэрэгтэй байна.

Ингэхийн тулд маш зөв бодлого хэрэгжүүлж, Монгол Улс махны чиглэлээр ямар үүлдрийн хонь, үхрийг үржүүлэх юм бэ, тэрийгээ аль үүлдрээр хээлтүүлэх, аль нь тухайн орон нутгийн онцлогт тохиромжтой вэ гэдгийг судалгааны үндсэн дээр тодорхойлж түүнийгээ бариад явмаар байна.

Сэлэнгэ бол газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг л даа. Энэ чиглэлээрх бодлого нэлээд дээрээс хэрэгжиж ирсэн. Тиймээс Орхон үүлдрийн хонь, Казахын цагаан толгойт үүлдэр зэргээр үйлдвэр угсааг нь эртнээс бодлогоор сайжруулж ирсэн түүхтэй газар. Энэ утгаараа зарим малчид хагас эрчимжсэн хэлбэр рүү нэлээд орчихсон. Жилийн дөрвөн улиралд ашиг шимийг нь хүртэж байгаа кейсүүд байна. Жишээлбэл, Сэлэнгэ аймгийн Мандал сум Монголын сүүний зах зээлийн том хэсгийг нийлүүлдэг. Тэндэх малчид сүүний чиглэлийн үхрээ түлхүү өсгөдөг. Жилд үнээгээ хоёр удаа хээлтүүлж, төллүүлдэг. Тиймээс өвөл, зуны алинд нь ч сүүтэй. Өвөл сүүний үнэ өндөр ч байдаг юм байна. Ингэж өдөр бүр сүүгээ зараад жилийн дөрвөн улиралд орлоготой сууж байна. Байнга орлоготой байна гэдэг нь орлогынхоо тодорхой хувийг өөрийн малын хивэг тэжээлд, өөрсдийн амьдралдаа зарцуулж ахуйгаа дээш татах боломж нээгдэж байгаа юм.

Мөн суффолк болон ерөө үүлдрийн хонийг Сэлэнгэд үржүүлж байгаа. Ерөө үүлдрийн хоньтой малчныд очиход хурга нь нэг настай мөртлөө том биетэй, амьдын жин нь хүнд болчихсон, эдийн засгийн эргэлтэд тогтмол оруулдаг юм билээ. Махыг нь гадаадын Элчин сайдын яамд, том ресторанууд оочерлож авдаг. Худалдан авагчид нь энд бэлэн байна. Малаа нэг дор хямд зарах бус дөрвөн улиралд зарж байнгын цалинтай амьдарч байгаа сайн жишээ байна. Өөрөөр хэлбэл, бид сар бүр цалин авдаг шиг тэнд байнгын орлоготой амьдарч байгаа малчид байна.

Үхрийн тухайд махных байх уу, сүүнийх байх уу. Эсвэл хоёулаа байх уу. Герефорд үүлдрийг барих уу. Эсвэл бусад олон үүлдрийг барих уу гэдэг бодлогоо маш тодорхой болгомоор байна. Яг тэр үүлдрийн чиглэлээр Дарханд “Малын удмын сан” гэдэг том байгууллага байдаг. Тэнд бүхий л үүлдрийн малын удмын “банк” байна. Тиймээс тэндээс хөгжүүлэх гэж байгаа үүлдрийнхээ чиглэлээр зохиомол хээлтүүлэг, яаж төлөө авах, хээлтүүлэхэд яаж үнээгээ бэлдэх зэрэг малын үүлдэр угсааг сайжруулах бүх сургалтыг нь заамаар байна.

-Эрчимжсэн мал аж ахуй руу шилжих талаар их яригддаг. Гэхдээ бодит болдоггүй шалтгааныг та юу гэж харж байна?

-Монголбанк болон арилжааны банкууд ярьж байгаад малчдад хагас эрчимжсэн мал аж ахуй руу шилжихэд чиглэсэн санхүүгийн бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй байна. Энгийнээр хэлбэл, зээл. Ийм бүтээгдэхүүн боловсруулах чиглэлд би банкныхан болон ХААХҮ-ийн яамтай ярилцаж, ажиллаж байна. Тиймээс хагас эрчимжсэн мал аж ахуй руу шилжих зам, бизнес моделийг нь заагаад өгчихвөл малчид чадна. Монголчууд бид өчнөөн мянган жил мал аж ахуй эрхэллээ. Гэтэл мал аж ахуйд суурилсан бизнесээ хөгжүүлж чадахгүй яваад байна. Тиймээс үүн дээр маш том бодлого, загвар, шаардлагатай санхүүгийн бүтээгдэхүүн зэрэг бүх тал нь хангагдаж байж дараагийн шат руу явна. Ер нь энэ өвлийн нөхцөл байдал мал аж ахуйн салбарт реформ хэрэгтэйг харууллаа.

Монголчууд бидэнд бүтэн эрчимжсэн мал аж ахуй гэхээсээ илүү хагас эрчимжсэн мал аж ахуй хамгийн тохиромжтой. Зуны цагт бэлчээрийн мал аж ахуй, өвлийн цагт эрчимжсэн хэлбэрээр явах нь хамгийн тохиромжтой гэж бодож байна. Үүн рүү бид алхах ёстой. Тиймээс Эдийн засгийн байнгын хороо болон ХААХҮЯ, Монголбанк хамтарч ажиллах шаардлагатай байгаа юм.

-Та Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихдаа “малчдад эдийн засгийн бодит дэмжлэг болохуйц хуулийн төсөл” гэж хэлж байсан. Эдийн засгийн хувьд яг ямар дэмжлэг болох вэ?

-Тийм, тийм. Энэхүү хуулиар гэр бүлийн хэрэгцээнд нь зориулж хоёр га газар олгож, хагалах эрхийг нь өгчихье гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, малчдад хоёр га газар эзэмшүүлээд тэжээлээ тарьдаг болгочихъё.

Монгол Улсад ямар сортын тэжээл сайн ургах, ямар нь малд маш сайн шим тэжээлтэй байх вэ гэдгийг гаргах хэрэгтэй. Жишээлбэл, Сэлэнгэ аймагт “Мандал сорт”-ын гэж маш сайн тэжээл байдаг. Малчид ихээхэн туршиж байгаа юм билээ. Тиймээс хамгийн сайн сортын тэжээлийг тарих боломжийг нь олгочихвол малчид өвлийн өвс тэжээлийн нөөцөө бэлдээд авчихна. Мөн нэг га газрынхаа нэг хэсэгт нь хүсний ногоогоо тариалж эдийн засгийн эргэлтэд оруулах, хүнсний аюулгүй байдлын асуудлаа өөрийнхөө хэмжээнд шийдвэрлэх боломжтой болно. Өнөө цагт хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөөд байна шүү дээ. Хотонд нь мах нь байгаа малчин хүнсний ногоогоо өөрөө тариалдаг болсноор эдийн засгийн хувьд маш том бодит дэмжлэг болно гэж харж байгаа. Мөн өөрийн хэрэгцээний өвс, тэжээлийг худалдаж авахгүйгээр тарих боломж байна шүү дээ.

-Өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг та хэрхэн дүгнэж байна. Оновчтой байж чадаж уу, эсвэл өнөөх л халамжийн буруу бодлого болчихов уу?

-Ямартаа ч Засгийн газар, Улсын онцгой комисс байгалийн давагдашгүй хүчин зүйлийн эсрэг өөрсдийн нөөц боломжийн хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч байна. Эхнээсээ шийдвэр нь гараад дэмжлэг туслалцааг малчдадаа үзүүлж байна. Малчдадаа бид туслахгүй бол хот нь харлачихсан малчид гэрээ ачаад Улаанбаатарт ирж амьдарна. Тэгэхээр хотын асуудал улам л нэмэгдэнэ. Түгжрэл, утаа, хөрсний бохирдол, сургууль, цэцэрлэг яах билээ. Тиймээс орон нутагтаа сайхан амьдрах боломжийг нь гаргаж өгөх ёстой. Өнөөдөр хүнд байдалд байгаа бол дэмжлэг үзүүлэх л ёстой. Тэгэхгүй бол нийслэл рүүгээ л нүүгээд ирнэ. Тиймээс нийслэлийн иргэд ойлгох хэрэгтэй л гэсэн үг л дээ.

-Малын гаралтай түүхий эдийг яаж үнэд хүргэх вэ гэдэг нь мөн л чухал асуудал болчихоод байгаа. Та үүний гарцыг яаж харж байна?

-Мэдээж хөдөө аж ахуй, мал аж ахуйд суурилсан үйлдвэрүүдийг маш сайн хөгжүүлэх ёстой. Уг нь “Дарханы арьс ширний үйлдвэр” барих төсөл Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан байсан ч тодорхой шалтгаануудаас болоод явсангүй. Үүнийг яаралтай урагшлуулж, арьс ширний үйлдвэрийг ашиглалтад оруулах ёстой. Түүнчлэн малын гаралтай бүтээгдэхүүн, тэр дундаа арьс ноос, сарлагийн хөөвөр, тэмээний ноос, ноолуурыг эцсийн бүтээгдэхүүн болгож гаргах ёстой. Ядаж л хагас боловсруулж гаргамаар байна. Үүнд Засгийн газрын бодлого чухал. Түүхийгээр нь огт гаргаж болохгүй. Ядаж л хагас боловсруулмаар байна.

Бид ноолуураа Италийн брэндүүд рүү гаргадаг, малынхаа арьсыг тэр брэндүүдэд бэлдэж өгдөг. Болж өгвөл тэр брэндүүдийн үйлдвэрийг энд бариад цүнх, түрийвч, хувцас хунараа хийлгэдэг байх боломжийг гаргамаар байгаа юм. Ингэхийн тулд татвараас чөлөөлөөд ч хамаагүй хиймээр байна. Ингэж явуулбал хамгийн зөв.

Харин махны тухайд, малаа эрүүлжүүлэх ёстой. Малын ашиг шимийг дээшлүүлэх хэрэгтэй. Ашиг шим ихтэй, амьдын жин өндөр малыг өсгөж шаардлагатай үедээ жилийн аль ч улиралд нядалж шинэ мах нийлүүлэх төлөвлөгөөтэйгөөр төллүүлж, бойжуулж, эрүүл болгох ёстой. Мөн малын эм тариа, вакцин эрүүл байх ёстой. Чанартай эм тариа хэрэглэх хэрэгтэй.

70 сая мал, 3.4 сая хүн байна. Бид ийм хэмжээний малыг идэж барахгүй шүү дээ. Тиймээс махыг органик болон шинэ бүтээгдэхүүн болгож хоёр талын “хүн далайд” экспортолдог болох ёстой. Тиймээс хөдөө аж ахуйн бодлогыг том зургаар нь бүхэлд нь харсан хөдөө аж ахуйн цогц реформ хэрэгтэй байна.

-Малыг эрүүл болгох гээд зүтгээд байгаа ч мөн л үр дүнгүй байна л даа. Юун дээр бид алдаа гаргаад байна вэ?

-Мал аж ахуйн салбарын эрүүл мэндийн асуудал нэгдүгээрт шинжлэх ухаанд суурилах ёстой. Хоёрдугаарт, малд хэрэглэж байгаа вакцин, эм тарианы чанарт эргэлзэж байна. Вакцин тариулсан мал яагаад ийм хурдан шүлхий тусаад байна вэ гэхчлэнгээр асуулт их байна. Тиймээс бид социализмын үеэс явж байсан мал аж ахуйг орчин үеийн шинжлэх ухаантай уялдуулж цогцоор нь шинэчлэх хэрэгтэй байна.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр могой өдөр DNN.mn

Аргын тооллын гуравдугаар сарын 18, Сумъяа гариг. Билгийн тооллын 9, Хэрцгий охин одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 6:59 цагт мандан 19:02 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 1 хэм хүйтэн байна DNN.mn

2024 оны 03 дугаар сарын 18-наас 2024 оны 03 дугаар сарын 22-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас, 21-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 18-нд говь, тал, хээрийн нутгаар, 19-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, 20-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 21-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -8…-13 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -1…-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -0…-5 градус хүйтэн, өдөртөө +9…+14 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан байна. 1

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Одой парламент отгон чуулганаа нээлээ” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Авлига, эдийн засгийн өсөлт, бууралт харилцан хамааралтай” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

“Оюу толгой” компани байгаль орчныг хамгаалах сайн туршлагаа хуваалцах хөтөлбөрийг эхлүүллээ

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Одой парламент отгон чуулганаа нээлээ” хэмээн өгүүллээ.

Арай дөнгүүр Ерөнхий сайд зарласан нь ахиухан суудал авна

АН-ын гадаад харилцаа хариуцсан зөвлөх, Элчин сайд Ц.Сүхбаатар “: Баруун чиглэлээр гарцаа нээчихвэл Пакистанаар
дамжин Булангийн орнуудаас шатахуун авах боломжтой”  гэлээ.


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.


2024 оны 03-р сарын 17-ны 20 цагаас 03-р сарын 18-ны 20 цаг хүртэл

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 16-21 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 2-7 хэм, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -6-11 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 хэм, бусад хэсгээр 11-13 хэм, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 16-18 хэм, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 19-21 хэм, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.


2024 оны 03 дугаар сарын 19-нөөс 2024 оны 03 дугаар сарын 23-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

20-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 21-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 18-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, 20-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 21-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар, 22-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 7-12 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

ГИХГ: Хоёрдугаар сард 28 улсын 1897 иргэнд цахим виз олголоо DNN.mn

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч хоёрдугаар сард 1216 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 28 улсын 1897 иргэнд цахим виз олголоо. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 612 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 1309 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна.

Цахим үйлчилгээний нэгдсэн системээр 2869 иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн 8607 иргэний хүсэлтийг хүлээн авч хянан шийдвэрлэлээ.

Түүнчлэн гадаадын иргэний Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл, түүний сунгалт, түр ирэгчийн бүртгэл, хасалт, визийн хугацааны сунгалтын асуудлаар 5772 иргэнд утсаар, 96 иргэнд биечлэн, 18 иргэнд цахимаар, нийт 5886 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллав.

Categories
мэдээ цаг-үе

Малын сэг зэмийг бүрэн устгах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж байна DNN.mn

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд 385000 толгой мал өвөлжиж, зудын хүнд нөхцөлд нийт 13011 тоо толгой мал хорогджээ. Отроор нийт 45000 мал өвөлжиж, хаваржсанаас 5000 гаруй мал хорогдсон байна.

Хорогдсон малын сэг зэм устгах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх зорилгоор айл өрхийг үерээс хамгаалах зурвас байгуулах ажлыг сумын захиргаа төлөвлөн, зохион байгуулж байна. БОАЖЯ-наас энэ чиглэлийн үйл ажиллагаанд бүрэн дэмжлэг үзүүллээ.

Малын сэг зэм их байгаагаас байгальд хаягдсан хогийн тархац их байна. Тус сумын нийт 76205 м2 талбайд ариутгал, халдваргүйтгэл хийх шаардлагатай байгаа бөгөөд малын сэг зэм устгах 5 цэг байгуулсан байна.

Зуд турхантай сумдад ажиллах үеэр иргэд, малчдын санал, сэтгэгдлийг сонсож, Монгол Улсын Засгийн газар өгсөн шийдвэрийн дагуу шаардлагатай асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа.