Categories
гадаад мэдээ

Оросын эдийн засаг буюу стагнаци DNN.mn

Украины эсрэг дайн эхэлснээс хойш барууны орнууд Москвад өргөн хэмжээний хориг арга хэмжээ авсан. Гэтэл Оросын эдийн засаг сүйрсэнгүй, оршин тогтносоор байна. Тухайлбал, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Холбооны чуулганд тавьсан илтгэлдээ “Орос ДНБ-ий өсөлтийн хэмжээгээр Европын эдийн засгийг тэргүүлэх болсон. Энэхүү хурдац биднийг дэлхийн хамгийн том эдийн засагтай дөрвөн гүрний нэг болгоно” гэж хэлсэн. Үүнийг Олон улсын валютын сан/ОУВС/-гийн Харилцаа холбооны захирал Жули Козак “Энэ бол цэргийн эдийн засаг. Оросын эдийн засагт цэргийн зардал өндөр хувийг эзэлж буй нь үйлдвэрлэлийг нь дэмжиж байна. Мөн иргэдийн хэрэглээг нэмэгдүүлж буй хэд хэдэн “нийгмийн халамж” үйлчилж байна” гэж тайлбарлаад “Гэсэн хэдий ч Орост одоо эдийн засгийн “хэт халалт” ажиглагдаж эхлээд байна. Иймээс инфляцийн өсөлт нь дунд хугацаандаа Оросын эдийн засгийн өсөлтийг удаашруулна” гэж хэлжээ. Үүний шалтгааныг тэрээр Орос олон улсын санхүүгийн системээс тасарсан, технологийн хүртээмж маш хязгаарлагдмал болсноор тайлбарлав. Түүнчлэн, “Орос улс хүний нөөцийн хувьд өндөр мэргэшсэн ажиллах хүчнийхээ ихэнх хэсгийг алдсан” гэж шинжээч онцолсон байна. ОУВС өнгөрсөн онд Оросын эдийн засгийн өсөлтийг 2.6 хувь байна гэж таамаглаж байсан нь хүлээгдэж байснаас 1.5 пунктээр өндөр гарав. Жули Козак урьдчилсан таамаглал ахиу гарах болсон шалтгаан нь цэргийн өндөр зардал, цалингийн өсөлтөөр дэмжигдсэн хувийн хэрэглээ юм гэсэн байна. Энэ онд ОУВС Оросын эдийн засаг 1.1 хувиар өснө гэж таамаглал дэвшүүлжээ.

Оксфордын их сургуулийн эдийн засгийн профессор, эдийн засгийн шинжээч Майкл Рохлиц “Дайны дараа Оросын эдийн засаг сүйрнэ” гээд “ОХУ-ын өнөөгийн эдийн засгийн өсөлт нь зөвхөн Украинд устгуулж буй зэвсгийн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотой” гэж хэлэв. Тэрээр Оросын зэвсгийн үйлдвэрлэлийн өсөлт нь эдийн засагт эерэг хүчин зүйл болж байгаа мэт харагдавч энэ нь “ирээдүйтэй хөрөнгө оруулалт биш” бөгөөд “дайн дуусахад ийм эдийн засаг сүйрнэ” гэж тэмдэглэв.

Эдийн засгийн бусад нэр хүнд бүхий шинжээчид ч Оросын эдийн засгийн өсөлт нь зөвхөн Оросын Украины эсрэг дайн үргэлжилж байгаатай холбогдсон цэргийн үйлдвэрлэлийн өсөлт гэдэгт бүрэн итгэлтэй байна. Тухайлбал, Венийн Олон улсын эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн шинжээчид нэгдүгээр сард Оросын эдийн засаг “чадварынхаа хязгаарт хүрч, эдийн засгийн өсөлт авчирсан ч үүнээс цааш “хэт халалт” энэ өсөлтийг үргэлжлүүлэх боломжгүй болгоно гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Мөн Зүүн Европ судлалын төв “Өнгөрсөн жил Оросын ДНБ-ий өсөлт 3.5 хувьтай байсан бол энэ жил өндөр инфляци, ОХУ-ын Төв банкны үндсэн хүүгийн өсөлтийн улмаас 1.5 хувь хүртэл буурна гэж таамаглаж байна” гэв. Энэ бүхнийг энгийн үгээр тайлбарлавал: Эдийн засгийн шинжлэх ухаанд “хэт халалт”-ыг стагнаци гэдэг. Энэ нь латины “stagnum–тогтонги ус” гэсэн үгнээс гаралтай “stagnatio-хөдөлгөөнгүй” буюу “зогсонги байдал” гэсэн үг юм. Стагнаци нь тодорхой хугацааны дараа үйлдвэрлэл, худалдаа өсөх боломжгүй болж, зогсонги байдалд орохыг хэлдэг. Стагнаци нь Оросын түүхэнд “Бережневийн зогсонги байдал” гэдэг нэрээр үлдсэн. Зогсонги байдал нь эцэстээ инфляци буюу цалин хөлс, хүн амын амьжиргааны түвшний бууралтыг тогтоох аргагүй болгон нийгмийн өөрчлөлт авчирдаг. Энэ нь эдийн засгийн өөрчлөгдөх чадваргүй бүтэц буюу инноваци, шинжлэх ухаан, технологийн дэвшлийн дархлаагүй байдлаас үүдэн бий болдог үзэгдэл юм. ЗХУ гадны технологийг хулгайлж, хуулбарлан үйлдвэрлэл явуулдаг, өөрсдийн Оюуны өмчийн гэрчилгээгүй байснаас энх цаг ирэхэд иргэний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд нийлүүлэх чадваргүй болж сүйрсэн. Энэ явдал ОХУ-д тохиох гэж байна. Харин цэргийн эдийн засаг гэдэг нь Оросын улсын төсөв цэргийн үйлдвэрлэлийг дэмжиж, өндөр цалинтай ажлын байрууд бий болгон, байлдаж буй цэргүүдийн цалин, дайнд шархадсан, амь үрэгдсэн цэргийн ар гэр их хэмжээний мөнгө авч буй явдал иргэдийн хэрэглээг дэмжин, рублийн эргэлтийг бий болгож буй гол хүчин зүйл болж байгаа юм. Гэхдээ Оросууд Украинд устгуулсан зэвсгийн оронд шинийг үйлдвэрлэж байна. Үйлдвэрлэсэн пуужин, танк, сум, бүр цэргийн жижиг хүрзийг ч эдийн засгийн өсөлтөд тооцож байна. Энэ нь иргэний бүтээгдэхүүн үйлдвэрлэж эдийн засгийг тэлэх боломжгүй байна гэсэн үг. Эдийн засаг тэлж валют олж чадахгүй бол инфляци уяанаасаа алдагддаг. Дэлхийн I дайнд тосгоноос цэрэгт явсан тариачдын ард гэрт хаант засаг их хэмжээний мөнгө цутгасан. Гэтэл стагнаци энэ мөнгийг нь зүгээр л цаас болгож орхисон. Ингээд хувьсгал гарч Хаант Орос улс задарсан. Энэ явдал ОХУ-д яг адилхан давтагдаж байна. Өөрөөр хэлбэл Оросын холбооны улсууд өнөөдөр төсвийн татаасан дээр тогтдог. Гэтэл энэхүү татаас нь цаас болчихоор холбооны улсууд өөрсдийн байгалийн баялгаас олж буй мөнгийг Москвад өгөхгүй, өөрсдөө авахаас өөр аргагүй болно. Үүнийг л ОХУ-ын задрал бас сүйрэл гээд байгаа хэрэг.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Монголд Цэрэг нэртэй 14 хүн байна DNN.mn

Үндэсний статистикийн хорооноос гаргасан эрчүүдтэй холбоотой дараах тоон мэдээллүүдийг гаргажээ.

Монголд Цэрэг нэртэй 14 хүн байгаа бол хамгийн түгээмэл нэр нь Бат-Эрдэнэ, Тэмүүлэн, Төгөлдөр.

Хамгийн урт нэр нь:

  • Доржсүрэнжанцанхорлоонэргүйбаатар,
  • Мөнхмайнбаярпүрэвсайхантунгалагсүхгомбо,
Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гаригт болно DNN.mn

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гаригт буюу гуравдугаар сарын 20-ны 13:00 цагт ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.

Баримтаа гуравдугаар сарын 19-ний 23:59 цагаас өмнө бүртгүүлж, сугалаанд хамрагдана.

Сугалааны урамшуулалд:

3 орон таарвал /30,000-60,000 төгрөг/
4 орон таарвал /40,000-100,000/
5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/
6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/
7 орон таарвал /500,000- 10 сая/
8 орон таарвал 5-30 сая төгрөг хожих юм.

2024 оны 02-р сарын 01-ээс 02-р сарын 29-ний хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдана.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ҮСХ: Нийт эрэгтэйчүүдийн 48.3 хувь нь Улаанбаатарт, 51.7 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна DNN.mn

Өнөөдөр “Монгол цэргийн өдөр” тохиож байна.

Манай улсын нийт хүн амын 49 хувь нь эрчүүд бөгөөд дундаж наслалт 67 байгаа нь эмэгтэйчүүдийнхээс 9.7 насаар бага үзүүлэлт юм.

Эрчүүдийг цэргийн алба хаасан байдлаар нь авч үзвэл

  • 18-29 насныхны 15.8 хувь
  • 30-39 насныхны 42.6 хувь
  • 40-49 насныхны 63.8 хувь
  • 50-59 насныхны 82.7 хувь
  • 60-ааст дээш насныхны 87.8 хувь нь цэргийн алба хаажээ.

Харин шат шатны боловсролын байгууллагад суралцаж буй хувийг нь харвал их, дээд сургуулийн оюутнуудын 39 хувь, техник, мэргэжлийн боловсролын төвд суралцагчдын 63 хувь нь эрчүүд байна. Тэдний дундаж цалин нь 2.5 сая төгрөг.

Categories
мэдээ нийгэм

“Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүх хурал долоо дахь өдрөө үргэлжилж байна DNN.mn

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хулийн этгээдэд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан үргэлжилж байна. Шүүх хурал долоо дахь өдрөө үргэлжилж буй юм.

Анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны зургадугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурван сар үргэлжилсний эцэст 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Categories
мэдээ нийгэм

Харин ч нэг “амсдаггүй” өдөр гээд гэдийх нь зөв DNN.mn

Өнөөдөр Монгол цэргийн өдөр тохиож байна. Улсын сүр цэрэгтээ, цэргийн жавхаа жагсаалдаа гэдэг үг бий. Энэ өдөр бол тусгаар тогтносон Монгол Улс эр цэргээрээ гоёх өдөр гэж хэлж болно. Манайхан эрчүүдийн баяр гээд хэвшчихэж.

Гэхдээ л эрчүүд энэ өдрийг нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлэх нь тийм ч буруу зүйл биш. Харин ч тэмдэглэсэн шиг тэмдэглэх хэрэгтэй. Ингэхдээ амсаж л болдоггүй юм шүү. Амсчихвал эрчүүдийн баяр болчихно. Муусайн эрчүүд нийлэхээрээ гээд л…үглэдэг хүний ааш нь орно. Тэр хүний аашийг хүргэхгүйн тулд яах вэ гэхээр “амсах” огт хэрэггүй. Амсахгүй байж энэ өдрийг гэдийж өнгөрүүлчихээд маргааш нь харин нөгөө хүнийхээ амыг асуух нь зөв. Яаж гэхээр “эмэгтэйчүүдийн баяраар чи эрх, үүрэг ярьж байгаад шөнө хэд хүртэл явлаа. Харин би ажлаа хийж, цагийг үр бүтээмжтэй өнгөрүүлсэн шүү” гэж хэлнэ. Угаасаа өнөөдөр ажлын өдөр. Цаг агаар ч тийм таатай биш байна. Тиймээс энэ өдөр ууж, идэх гээд яах юм. Тиймээс өнөөдрийг харин ч нэг “амсдаггүй” өдөр гээд гэдийх нь зөв шүү, эрчүүд ээ.

Ингэж чадсан эр хүн та дараагийн удаад эрх чөлөөтэй явах “виз”ийнхээ нөхцөлийг бүрдүүлчихлээ гэж ойлгох хэрэгтэй. Эрчүүд бидэнд “виз” л олдвол тэр өдөр тэгээд л баярын өдөр биз дээ…

Categories
мэдээ улс-төр

УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана DNN.mn

Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн 2024 оны гурвдугаар сарын 18-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН
1 Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 10.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2 Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 “Их засаг”
ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
1 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 Соёлын яамны хурлын танхим
2 Эдийн засгийн байнгын хороо Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 “Үндсэн хууль”
Categories
мэдээ нийгэм

ОХУ-ын Засгийн газраас үзүүлсэн 8500 тонн хүчит тэжээлийн эхний ээлжийг хүлээн авлаа DNN.mn

ОХУ-ын Засгийн газраас Монгол Улсад тохиолдоод байгаа цаг агаарын нөхцөл байдал, хаваржилтын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 8500 тонн хүчит тэжээлийг буцалтгүй тусламжаар олгохоор болсон.

Энэ хүрээнд Өчигдөр/2024.03.17/ Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн, Засгийн газрын дарга А.С.Цыденов, Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханд ОХУ-ын хилийн боомт болох Хиагт хотод эхний ээлжийн 250 тонн хүчит тэжээлийг хүлээлгэн өглөө.

Тусламжийн цувааг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор оруулж, тариалан эрхлэлтийг дэмжих сангийн агуулахад буулгасан юм.

Буриад Улсын талаас өгсөн мэдээллээр, ОХУ-ын Монгол Улсад үзүүлж байгаа  хүмүүнлэгийн тусламж нь 8.5 мянган тонн хүчит тэжээл, тээвэрлэх 425 тээврийн машин ачааны тээврийн зардлын хамтаар нийт 166.6 сая рубль буюу 1.85 сая ам долларын тусламж болж байгаа бөгөөд хилээр татваргүйгээр, хялбаршуулсан байдлаар нэвтрүүлэх ажлыг ОХУ-ын Засгийн газар шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн, Засгийн газрын дарга А.С.Цыденовт хандаж “Манай оронд тохиолдсон хаваржилтын хүндрэлийг даван туулахад зориулж хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн ОХУ-ын Засгийн газар, ард түмэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс халуун талархал илэрхийлье. Эртнээс айл хөрш явсаар ирсэн, найрсаг дотно харилцаатай манай хоёр ард түмэн баяр хөөр, хүндрэл бэрхшээлтэй аль ч үед халуун сэтгэлээр харилцан тусалж ирсэн түүхтэй. Тэвдэж явахад тэвнээр туслах нь тэнхлүүн цагт тэмээгээр тусалнаас илүү үнэтэй. Бидний чин сэтгэлийн талархлыг ОХУ-ын Засгийн газар, ард нийтэд уламжлахыг хүсье” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цасанд хаагдсан 54.743 км замыг гаргаж, 5794 тонн өвс, тэжээлийг хүргэлээ DNN.mn

Хаваржилт хүндэрч, зудын гамшгийн нөхцөл байдал үүссэнтэй уялдуулан Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын томилгоот бүлгүүд өнгөрөгч хоёрдугаар сараас  эхлэн орон нутгийн айл, өрхүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Алба хаагчид гуравдугаар сарын 17-ны байдлаар  17 аймгийн 96 суманд ажиллаж, 8242 айл өрхөд хүрч, цасанд хаагдсан 54.743 км зам гаргаж, 5794 тонн өвс, тэжээлийг хүргэн, цасанд дарагдсан 502 өрхийн гэр хашааг цаснаас гаргаж, 201 өрхийг нүүлгэн шилжүүллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Орчин цагийн зэвсэгт хүчний 103 жилийн ой өнөөдөр тохиож байна DNN.mn

Монгол Улсын Зэвсэгт хүчнийг үүсгэн байгуулсны 103 жилийн ой, Монгол цэргийн өдөр өнөөдөр тохиож байна.

1921 оны гуравдугаар сарын 18-нд Их жанжин Д.Сүхбаатарын удирдсан Ардын цэрэг Хиагтыг чөлөөлсөн түүхт өдөр. Эндээс Монголын орчин цагийн Ардын журамт цэрэг эх орныхоо тусгаар тогтнолын төлөөх анхны ялалтын буухиаг эхлүүлэн Монгол Улсын Зэвсэгт хүчин байгуулагдаж, бахархалт түүхэн замналаа эхлүүлсэн билээ.

БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1946 оны тавдугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар хурлын тогтоолоор Монгол Ардын журамт цэрэг Хиагтыг чөлөөлж анхны ялалтын тугийг  мандуулсан энэхүү түүхт өдрийг “Хувьсгалт цэргийн баярын өдөр” хэмээн жил бүр улс даяар ёслон тэмдэглэх шийдвэр гаргаж байжээ.

Харин 2011 онд Монгол Улсын Их Хурлаас “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар жил бүрийн энэ өдрийг “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн юм.

Ташрамд сонирхуулахад, Монгол цэргийн эртний түүх бол Хүннү, Сяньбигаас эхлээд Их Монгол улс, Чингис хаан, түүний хөвгүүдийн байгуулсан тусгаар тогтносон Их Монгол улсын түүх юм. Тусгаар тогтнолоо тунхаглан зарласан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны Ардын хувьсгал, Халхын голын байлдаан, Дэлхийн II дайн, өнөөгийн Ардчилсан Монгол Улсын Зэвсэгт хүчин, Дэлхий дахины энхийг сахиулах үйлсэд оруулж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэнхэр дуулгатнаар түүчээлсэн түүхийг бүтээж ирсэн олон зуун жилийн Монгол цэргийн үеийн үед дуурсагдах бахархалт гавьяат үйлсийг бүтээсэн байдаг.

Эх орончдын яруу алдар, бахдам замналаар түүхээ бичсэн “Монгол цэргийн өдөр”- Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 103 жилийн ойн баярын мэндийг үе үеийн ахмад дайчдад, Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд, мөрдэс зүүсэн хэн бүхэнд хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол Улсын Зэвсэгт хүчний яруу алдар бадартугай!