Categories
мэдээ улс-төр

Г.Дамдинням: Гурил, хивгийг импортоос чөлөөлөх хуулийг дэмжиж байна. Гэхдээ цаана нь тариаланчдаа яах вэ DNN.mn

БОХХААБХ, Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр (2024.03.19) Төрийн ордонд боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням гурилын үнийн өсөлтийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Ард түмний амьдрал хүнд байгаа үед гурил, хивгийг импортоос чөлөөлөх хуулийн төсөл орж ирж буйг дэмжиж байна. Тойргоороо явж, ард иргэдтэй уулзахад гурилын үнэ дээр маш их гомдол тавьж байна. Нөгөө талдаа тариаланчидтай уулзахад гурилын үнийн өсөлтөөс авч байгаа нь бага, үйлдвэрүүдэд орлого ашиг нь явчхаж байгааг ярьж байна. Тариаланчдыг гурилын үйлдвэрээс тусдаа харах ёстой юм билээ. Импортын татвараас чөлөөлөхөөр баахан хямд гурил, хивэг орж ирнэ. Энэ бол ард түмэн, малчдад хэрэгтэй. Гэхдээ цаана нь тариаланчдаа яах вэ. Гурилын үйлдвэрүүд энэ дээр 4-5 нугалсан ашиг хийж байгааг Засгийн газраас гаргасан тоо баримтаас харлаа. Тиймээс тариаланчдаа яаж хамгаалах вэ. Тариаланчдынхаа халуунд халж, хүйтэнд хөрж ургуулсан тариа будааны үнэ хэцүү байдалд орно шүү. Энэ хүмүүс зээл авч эргэлтэд оруулах хэрэгтэй болно. Энэ хүмүүсээ яаж дэмжих вэ. Бусад улс орнууд тариаланчдадаа татаас өгөөд явдаг юм билээ. Хоёрдугаарт, тариаланч, ногоочидтойгоо уулзахад гурван хувийн зээлийг хоёр жилийн хугацаатай болгож өгсөнд нэлээд ам сайтай байсан. Энэ зээлээ үргэлжлүүлэх үү. Одоо буцаад таван хувь болоод өсчихсөн юм байна. Энийг таван жил болгоод хүүг нь бууруулах хүсэлт тавьж байна. Энэ талаар Засгийн газар ямар бодлого хэрэгжүүлэх вэ” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Сайншандад 12 настай охины амийг хөнөөсөн хэргийн шүүх хурлыг энэ сарын 29-нд товложээ DNN.mn

Categories
мэдээ улс-төр

Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг сонгов DNN.mn

Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо өнөөдөр (2024.03.19) хуралдав. Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн, Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд нар тус хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд ажиллаж байгаа юм.

Энэ өдрийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн даргалсан бөгөөд хуралдаан 12 цаг 36 минутад гишүүдийн 63.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Хянан шалгах түр хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д “Түр хорооны даргыг түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно…” гэж заасан байдаг. Энэ дагуу Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг хянан шалгах түр хорооны даргад нэр дэвшүүлэх саналыг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн гаргав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь цөөнхийн зүгээс энэхүү хянан шалгах түр хорооны бүхий л үйл ажиллагааг дэмжин ажиллана гэдгээ илэрхийлсэн. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Т.Доржханд, Н.Ганибал нар хянан шалгах түр хорооны үйл ажиллагаа болон нэр дэвшүүлэх саналтай холбогдуулан үг хэлэв. Хянан шалгах түр хороо нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2023 оны худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулсан үндэслэл, шалтгааныг тодруулан шалгахын зэрэгцээ төрийн нууцад хамааруулсан шалтгаан, төрийн болон албаны нууцаас гаргах шаардлагатай байсан эсэхийг тогтоох юм. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан “гэрээ шууд байгуулах арга”-аар хийсэн нь үндэслэлтэй эсэхийг тодруулах, үүний зэрэгцээ холбогдох хууль тогтоомжийг өөрчлөх шаардлага бий эсэхийг нягтлах талаар гишүүд байр сууриа илэрхийлж байв. Хамгийн чухал нь хяналт, шалгалтын хүрээнд нээлттэй сонсгол зохион байгуулж, иргэд олон нийтийг үнэн зөв мэдээллээр хангах гэдгийг үг хэлсэн гишүүд тэмдэглэж байв.

Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Г.Тэмүүлэн гишүүний саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 8 гишүүний олонх буюу 87.5 хувь нь дэмжив. Иймд “Хянан шалгах түр хорооны даргыг сонгох тухай” түр хорооны тогтоолын төслийг Ц.Даваасүрэн хуралдаанд танилцуулсан юм. Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул төслийг батлах санал хураалт явуулав.

Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 8 гишүүний олонх буюу 87.5 хувь нь дэмжснээр тогтоол батлагдаж, Ж.Бат-Эрдэнэ гишүүн Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны даргаар ажиллахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хонины цэцэг өвчний эсрэг тусламжийн нэг сая тун вакциныг хүлээж авлаа DNN.mn

Монгол Улсад өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, улмаар малын дархлаа суларснаас хонины цэцэг өвчний болзошгүй эрсдэл үүсээд байна.

Дээрх өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг Биокомбинат ТӨХХК-аас худалдан авдаг бөгөөд энэ жилийн тухайд үйлдвэрлэлийн технологиос шалтгаалан хэрэгцээг хангах боломжгүй байгаа юм.
Тиймээс Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, Ерөнхий малын эмч А.Нарантуяа Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын лавлагаа лабораториор баталгаажсан вакцин үйлдвэрлэгчдээс тусламж хүссэний дагуу Иорданы Вант улсын Био үйлдвэрийн төв буюу JOVAC-аас нэг сая тун вакцины тусламжийн түрүүчийг ирүүлснийг хүлээн аван эрсдэл бүхий аймгуудад хуваарилан хүргэхээр ажиллаж байна.
Мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улс Синофарм үйлдвэрийн 2,5 сая тун вакцин нийлүүлэхээ илэрхийлсэн бөгөөд уг вакциныг авснаар хонины цэцэг өвчний эрсдэлийг бүрэн бууруулах боломжтой.

Биокомбинат ТӨХХК-аас бусад хэрэгцээт 9,5 сая тун вакциныг нийлүүлэхээр ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Малын хорогдол 4.7 саяд хүрлээ DNN.mn

Энэ сарын 14-ны байдлаар малын хорогдол 4.7 саяд хүрсэн нь нийт малын 7.3 орчим хувийг эзэлж байгаа талаар Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү өнөөдрийн /2024.03.19/ мэдээлэлдээ онцлов.

Сүхбаатар аймагт малын хорогдол хамгийн их буюу 1.3 сая байгаа аж. Зудын нөхцөл байдалд 10 хоног тутам үнэлгээ хийж байгаа бөгөөд маргааш шинэчлэгдэх ёстой. Өмнөх мэдээллээр 10 аймгийн 37 сум төмөр, 16 аймгийн 130 сум цагаан зудтай гэж үнэлэгдээд байна.

Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа малчдадаа эрүүл мэндийн тусламж үзүүлэхэд онцгойлон анхаарч байгаа. Энэ хүрээнд, отроор яваа 4773 хүнд нийт малчин өрхийн 63 мянган иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж 241 малчин өрхөд эмийн багц хүргүүлээд байна.

Харамсалтай нь, малаа 100 хувь алдсан 342 малчин өрх байгаа юм. Харин 2257 айл нийт малынхаа 70 буюу түүнээс дээш хэсгийг алджээ. Тиймээс малчин иргэддээ сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, хэрхэн малжуулах асуудалд тооцоо судалгаа гаргаж, анхаарал тавин ажиллаж буйгаа мөн мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ багийн бүрэлдэхүүн тодорчээ DNN.mn

Сагсан бөмбөгийн 3х3-ын Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-нд Сингапурт эхэлнэ.

Азийн аваргад оролцох бүрэлдэхүүнийг 3х3-ын шигшээ багийн дасгалжуулагч Стив Сер урьдчилсан байдлаар сонгожээ.

Эмэгтэйчүүдийн бүрэлдэхүүнд Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, О.Хулан, Ө.Индра нар багтжээ.

Харин эрэгтэйчүүдийн шигшээгийн бүрэлдэхүүнд “Хасын хүлэгүүд”-ийн А.Азбаяр, Ч.Тэмүүлэн, С.Биндэръяа нар багтжээ.

Шигшээгийн дөрөв дэх тоглогчийг одоогоор зарлаагүй байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-ны төлбөрөө зургаан сараас дээш төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан DNN.mn

Сууц өмчлөгчдийн холбоодыг хариуцлагажуулах, үйл ажиллагаанд нь тавих хяналтыг сайжруулах, нарийвчлан зохицуулах зорилгоор хуулийн төслийг шинэчлэн найруулж байгаатай холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.


-СӨХ-ны хуулийг шинэчлэн найруулснаар ямар өөрчлөлт, давуу тал бий болох вэ?

-Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгосон эрхийг хангах зорилтын хүрээнд манай яамнаас Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежмэнтийн тухай 15 бүлэг, 84 зүйл бүхий хуулийн төслийг дагалдах 16 хуулийн төслийн хамт боловсруулан танилцуулж байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хувьд 2003 онд батлагдсан, нийт 21 зүйлтэй хууль. Энэ хуулийн хувьд өнөөдөр оршин суугч, иргэд, СӨХ-ны өмнө тулгараад байгаа асуудлуудыг шийдвэрлэж чадахгүй байгаа юм. Иргэд тав тухтай амьдрах орчин, хариуцлагатай, найдвартай хөрөнгийн менежмэнт, оновчтой хууль, эрх зүйн зохицуулалтыг шаардаж байна. Зөвхөн сүүлийн гурван жилд иргэд СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой 15 мянга гаруй өргөдөл, гомдол гаргасан нь үүний нотолгоо. Үүнийг өөрчлөх гэж бид хуулийн төсөл боловсруулсан. Иргэд ажил хийж, зээл авч, хурааж, хуримтлуулсан мөнгөөрөө орон сууц авдаг, насан туршийнх нь хөрөнгө, үр хүүхдэдээ өвлүүлдэг. Гэтэл хариуцлагагүй байдал, муу үйл ажиллагаа, үйлчилгээнээс болж үнэ цэнэ нь унадаг. Цаг тухайд нь арчлаад, засаж янзлаад, харж хамгаалаад явбал үнэ цэнэ нь унахгүй, бүр өсөх ч боломжтой.

-Уг хуулийн төсөлд яг ямар заалтууд орж ирж байгаа юм бэ?

-Бидний боловсруулсан хуулийн төслөөр нэн тэргүүнд иргэдийн өмч болох орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежмэнт, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцдаг СӨХ-г чадавхжуулах, үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, үйл ажиллагааг нь ил тод, нээлттэй, шилэн болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилт тавьсан

Түрүүн хэлсэн хууль өнөө цагийн шаардлагыг хангахгүй байгаагийн нэг жишээ бол ирц бүрдэхгүйн улмаас СӨХ-ийн эрх барих дээд байгууллага болох Бүх гишүүдийн хурлаа хийж чадахгүй, үүнээс болж уг хурлаар шийдвэрлэх ёстой асуудлыг гүйцэтгэх захирал эрх мэдлээ хэтрүүлж шийдвэрлэх, хариуцлагагүй ажиллаж байгаа гүйцэтгэх захирлыг өөрчилж чадахгүй явдал түгээмэл байна. Харин бид шинэ хуулийн төслөөр Бүх гишүүдийн хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулах боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр сууц өмчлөгч хаанаас ч бүх гишүүдийн хуралдаа оролцох, санал гаргах, тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд оролцох боломжтой болно. СӨХ-ны удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирал, бусад удирдах албан тушаалд тухайн орон сууцны байшинг барьж ашиглалтад оруулсан хүн, түүний хамаарал бүхий этгээд, уг хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий этгээд ажиллахыг хориглохоор тусгасан байгаа.

-Ер нь СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой тулгамддаг нийтлэг асуудал юу байдаг юм бэ?

-Хууль, эрх зүйн орчин тодорхой бус, хөрөнгө, санхүүгийн хуримтлал муу, хүний нөөцийн чадавхын асуудал юм даа. Тэр дундаа ажилчдыг чадавхжуулах, цалин, урамшууллын асуудал байна. Нийслэлийн хэмжээнд 2018-2022 онд СӨХ-той хамаатай 5360 нэхэмжлэл шүүхэд гаргаснаас СӨХ-ны төлбөрөө төлөхгүй байгаа, орон сууцны байшингийн орчны газрыг бусдад эзэмшүүлсэн тухай маргаан дийлэнх хувийг эзэлж байна.

-Орчны газрыг бусдад эзэмшүүлнэ гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Орон сууцны байшингийн орчны газар гэдэг нь тухайн орон сууцны байшингийн оршин суугчдад зориулсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын болон спорт талбай, сүүдрэвч, гэрэлтүүлэг, явган хүний зам, автомашины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэр газар. Энэ бол оршин суугчдын хувьд хамгийн чухал асуудлын нэг. Гэтэл хамаг орчны газраа алдаад дууссан. СӨХ хуулийн этгээдийн эрхгүй тул албан тушаалтнуудын хууль бус шийдвэрийн улмаас зөрчигдсөн эрхээ хамгаалж, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй байгаа нь ч үүнд нөлөөлж байна. СӨХ-ны гүйцэтгэх захирал итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Хэдэн зуу, мянган оршин суугч, иргэдээ төлөөлж СӨХ нь шүүхэд нэхэмжлэл гаргах, нэг, хоёр, тав, арван хүн СӨХ-ны гүйцэтгэх захирлыг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрс ялгаатай шүү дээ. Иймэрхүү хуулийн зохиомол хязгаарлалт, ойлгомжгүй зохицуулалтын улмаас иргэд маш их зүйл алдсан байна. Сонирхолтой жишээ ч бас байна.

-Ямар жишээ байна вэ?

-УИХ-аас 2005 онд Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 43 дугаар тогтоолыг баталж, орон сууцны байшингийн орчны газрын улсын хэмжээний үзлэг, тооллого явуулж, баталгаажуулахыг Засгийн газарт даалган, энэ ажлыг дуусах хүртэлх хугацаанд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгохыг зогсоохыг бүх шатны Засаг дарга нарт даалгасан байдаг. Харамсалтай нь энэ ажил хийгдээгүй. Үр дүн нь өнөөдөр тоглох тоглоомын талбайгүй хүүхдүүд, тав тухтай орчинд амьдрах эрх нь зөрчигдсөн иргэд оршин сууж байгаа шамбааралдсан байшингууд. Ер нь ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын болон спорт талбай, сүүдрэвч, гэрэлтүүлэг, явган хүний зам, автомашины зогсоол байх учиртай орчны газраа оршин суугч, иргэд эрх мэдэлтнүүдэд алдсан. Одоо бид бүх боломжоороо үүнийг засах ёстой.

-СӨХ-ны төлбөр, хураамжийг цаг хугацаанд нь төлдөггүй сууц өмчлөгчид хүлээлгэх хариуцлага тодорхой бус байдаг. Үүнийг хэрхэн шийдвэрлэхээр тусгаж байна вэ?

-Тулгамдсан асуудлын нэг мөн. СӨХ-ны төлбөрөө төлдөггүй, бусдын төлсөн төлбөрөөр хог ачилт, гэрэлтүүлэг, цэвэрлэгээ, харуул, хамгаалалт, дундын өмчлөлийн эд хөрөнгийнхөө засвар, арчлалтыг хийлгээд явж байгаа бэртэгчин нөхдүүд олон байна. Эцсийн дүндээ энэ төлбөр оршин суугчдын тав тухтай, аюулгүй орчинд амьдрахад зориулагдсан, тэдний өмчийн үнэ цэнийг алдагдуулахгүй, хадгалахад хэрэгтэй юм. Хариуцлагагүй, ажлаа зохих ёсоор хийдэггүй, санхүү, үйл ажиллагаагаа оршин суугчдадаа тайлагнадаггүй зарим нэг СӨХ-ны үйл ажиллагаа ч энд нөлөөлж байгаа. Улсын хэмжээнд 1676 СӨХ, нийслэлд 1474 СӨХ ажиллаж байна. Эдний дунд хариуцлагатай, үйл ажиллагаа нь тогтворжсон СӨХ олон бий. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр хариуцлагагүй нь ч байна. Тэгэхээр СӨХ, сууц өмчлөгч, оршин суугч иргэдийг аль, алийг нь хариуцлагатай болгох шаардлагатай байна. Хуулийн төсөлд СӨХ-ны төлбөрөө хугацаанд нь төлөхгүй бол алданги тооцох, зургаан сараас дээш хугацаанд төлбөрөө хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг тусгасан. Эдийн засгийн хувьд зөв хөшүүрэг болж чадна гэж бодож байна.

-Нөгөө талдаа СӨХ-ны хариуцлагыг хэрхэн зааж өгсөн бэ?

-СӨХ-ны хувьд хийх ажил, чиг үүргийг хуулийн төсөлд тодорхой заасан. Хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлээгүй СӨХ-ны удирдлагад Зөрчлийн болон бусад хуулиар хариуцлага тооцно. Ногоон байгууламжаа арчилдаггүй, цэвэрлэгээ, үйлчилгээгээ тогтмол хийдэггүй, гэрэлтүүлэггүй, харанхуй, явган хүний замгүй, ундуй сундуй, тоглоомын талбай нь эвдэрхий тул хүүхдүүд гэмтэж, бэртдэг ийм замбараагүй байдлыг энэ хуулиар хална. Нэгэнт ажил хийнэ гээд СӨХ-г удирдаж байгаа бол ажлаа бүрэн дүүрэн, чанартай, стандартын дагуу хийх ёстой. СӨХ-ны гишүүд ч төлбөрөө цаг хугацаанд нь төлж, үүргээ биелүүлэх ёстой. Хуулийн төсөлд СӨХ-ны гүйцэтгэх захирал улирал тутам холбооны санхүүгийн болон үйл ажиллагааны талаар Удирдах зөвлөлийн хуралд ажлаа тайлагнах бөгөөд тайланг оршин суугч, иргэдэд зориулсан цахим хуудсанд ил тод, нээлттэй байршуулахаар тусгасан.

-СӨХ-дыг төрийн босоо бүтцэд оруулж дараагийн ОСНАА болгох нь гэх шүүмжлэл байна лээ. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Ташаа мэдээлэл байна. СӨХ-ны бүтэц, зохион байгуулалтад төрийн оролцоо байх ёсгүй. Энэ талаар хуулийн төсөлд ямар нэгэн заалт, зохицуулалт байхгүй. Хуулийн төслийг уншаагүй зарим нэг нөхөд ташаа мэдээлэл тараасан байна лээ. Сонгууль дөхөж байгаа нь ч нөлөөлж байгаа болов уу. Шударга санал, шүүмжлэлийг бид хүлээн авч, хуулийн төслөө сайжруулна. Энэ чиглэлээр судлаач, хуульчид СӨХ-д, иргэдтэйгээ хамтарч ажиллаж байна. Хуулийн төслүүд манай Хууль зүй, дотоод хэргийн яамны цахим хуудсанд байгаа тул Та бүхэн танилцаж, саналаа ирүүлээрэй.

-Хуулийн төсөлд бүх СӨХ-ыг нэгтгэсэн сан байгуулж төр удирдана гэж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Уучлаарай. Бас л ташаа мэдээлэл байна. Нийтийн зориулалттай орон сууцны 8000 гаруй байшин бий. Энэ байрнууд цагийн уртад элэгдэж, муудна. Тэр үед их засвар, арчлалтыг хэрхэн хийх вэ? СӨХ-нуудад хуримтлал алга, тэд цэвэрлэгээ, харуул, хогны асуудлаа л чадан ядан шийдэж байна. Одоо бол улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр бага, багаар шийдэхээр оролдож байна. Хэн хөөцөлдлөгөө сайтай УИХ-ын гишүүн, ИТХ-ын төлөөлөгчтэй нь бүрэн бус ч гэсэн шийдүүлж чадаж байна. Гэхдээ энэ бол урт хугацааны шийдэл биш. Ямар ч төлөвлөлтгүй, бодлогогүй байна. Уул нь энэ асуудал бол иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй, бас хотын өнгө үзэмжтэй шууд холбоотой, онцгой анхаарал хандуулах учиртай асуудал. Тийм учраас орон сууцны байшингийн их засвар, арчлалтын сан байгуулаад нэгдсэн бодлого, төлөвлөлттэйгөөр энэ ажлыг зохион байгуулах санал гаргаж байна. Мэдээж энд бүх талын оролцоог хангах ёстой. Иргэд, СӨХ-нууд ч хуулийн төсөлд тусгасанчлан Хяналтын зөвлөл байгуулж, хатуу хяналт тавьж ажиллах нь зөв гэж үзэж байна. Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн засвар, арчлалтын сангийн менежмэнтийг мэргэжлийн байгууллага, хувийн хэвшил сонгон шалгаруулалтаар хариуцаад явах боломжтой юм. Энэ талаар хуулийн төсөлд тодорхой тусгасан байгаа. Дахин хэлэхэд, энэ бол хуулийн төслийн эхний хувилбар. Олон талаас нь ярилцаж, санаагаа уралдуулж, зөвшилцөж, оновчтой зөв хувилбар гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Засгийн газрын нийт өр 2023 онд 30.8 их наяд төгрөг болжээ DNN.mn

Улсын нийт гадаад өр 2023 оны эцэст 34.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 1.2 (3.7%) тэрбум ам.доллар , өмнөх улирлаас 579.2 (1.7%) сая ам.доллароор тус тус өссөн болохыг ҮСХ мэдээлжээ.

Нийт гадаад өр 2023 онд өмнөх оноос өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 1.6 (12.4%) тэрбум ам.доллар, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 203.4 (13.3%) сая ам.доллароор өссөн нь нөлөөлсөн байна.

Харин Төв банкны гадаад өр 394.2 (18.1%) сая ам.доллароор, бусад салбарынх 138.5 (1.6%) сая ам. доллар, Засгийн газрын өр 87.2 (1.1%) сая ам.доллароор тус тус буурчээ.

Нийт гадаад өрийн 14.8 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 7.9 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 1.8 (5.2%) тэрбум ам.доллар нь Төв банкных бол 1.7 тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх, 8.3 тэрбум ам.доллар нь бусад салбарынх байна.

Засгийн газрын нийт өр 2023 онд 30.8 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.2 (3.7%) их наяд төгрөгөөр, өмнөх улирлаас 83.3 (0.3%)тэрбум төгрөгөөр тус тус буурчээ. Гадаад өр нь 2023 онд өмнөх оноос 700.4 (2.4%) тэрбум төгрөгөөр өссөн бол дотоод өр 801.4 (77.4%) тэрбум, өрийн баталгаа 747.8 (96.0%) тэрбум, барих-шилжүүлэх төрлийн концесс 331.3 (64.7%) тэрбум төгрөгөөр буурчээ.

Засгийн газрын нийт өрийн 30.3 (98.6%) их наяд төгрөг нь гадаад өр, 234.1 (0.8%) тэрбум төгрөг нь дотоод өр, 180.5 тэрбум төгрөг нь барих-шилжүүлэх төрлийн концесс, 30.9 (0.1%) тэрбум төгрөг нь Засгийн газрын өрийн баталгаа.

Нийт өрөөс 2023 онд үндсэн төлбөрт 5.1 их наяд төгрөг, хүүгийн төлбөрт 1.1 их наяд төгрөг төлөгджээ. Үндсэн төлбөрийн төлөлт өмнөх оноос 3.7 (3.6 дахин) их наяд, хүүгийн төлбөр 323.3 (42.7%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Авто замын даац хэтрүүлсэн, задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг 30 хоногийн хугацаанд зогсооно DNN.mn

Урин дулааны улирал эхэлж, цаг агаар дулаарч газрын хөрс, замын далангийн өнгөн хэсэг гэсэж буйтай холбоотойгоор авто замд ус чийг ихээр хуримтлагдаж, түүний ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт огцом буурдаг.

Тиймээс 2024 оны гуравдугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны дөрөвдүгээр 20-ны өдөр хүртэл автотээврийн хэрэгслийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2020 стандартад заасан автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг зогсоож байна.

May be a graphic of text

Дээрх хугацаанд стандарт шаардлага зөрчсөнөөс үүдэн тээвэрлэлт саатсан хариуцлагыг тухайн аж ахуйн нэгж өөрсдөө хариуцах бөгөөд авто зам, замын байгууламжид үүссэн хохирлыг холбогдох хуулийн дагуу буруутай этгээд барагдуулна.

Иймд дээрх хугацаанд аж ахуйн нэгж та бүхэн даац хэтрүүлэн тээвэр хийхгүй байхыг хүсье гэж Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ. 

Categories
гадаад мэдээ

Путиныг сонгох сонгуульд Владимир Путин ялагдав DNN.mn

ОХУ-д ерөнхийлөгчийн гэх Путиныг дахин сонгох “сонгууль” болж өндөрлөв. Сонгуулийн төв хороо “Сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнгээр одоогийн ерөнхийлөгч Владимир Путин 87 гаруй хувийн саналаар ялалт байгууллаа” гэж мэдээлэв. Энэ санал хураалт саналын хуудсыг шатаасан, гэмтээсэн хэргүүдийн тоогоор урьд өмнө нь гарч байгаагүй дээд амжилт тогтоов. Москва, Санкт-Петербург, Екатеринбург, Воронеж, Ростов муж, Краснодар муж болон бусад бүс нутгуудад ийм үйл ажиллагаа явагджээ.

Оросын Аюулгүй байдлын албаныхан Эрүүгийн хуулийн 141 дүгээр зүйл буюу “Сонгуулийн эрхээ хэрэгжүүлэх, сонгуулийн хорооны ажилд саад учруулсан” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг олноор нь үүсгэв. Энэ зүйл ангийн дээд хэмжээ нь таван жилийн хорих ял юм. Зарим тохиолдолд зөвхөн 141 дүгээр зүйлээр бус танхайн гэмт хэрэг үйлдсэн гэх нэмэлт зүйл ангиар хэрэг үүсгэжээ. Сонгуулийн хэсгийн хороодыг сонгогчид галдан шатаахыг оролдсон бол заримд нь саналын хайрцаг болон хуудсанд будаг шүршиж эсвэл “Путин алуурчин” гэх мэтийг бичжээ. Тухайлбал, Тоболь хотод нэгэн оюутан сонгуулийн хэсгийн хороонд салют дэлбэлсэн хэрэг гарав. ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нийт 17 хотод 75 хүн саатуулагдсан гэж “OVD-Info” мэдээлэв.

Оросын сөрөг хүчин Алексей Навальныйн дурсгалд зориулан 12:00 цагт санал авах байранд ирэхийг сонгогчдод уриалсан. Барууны олон оронд энэ цагт хэдэн км үргэлжилсэн сонгогчдын дараалал үүсч Путиныг эсэргүүцсэн цуглаан болов. Тухайлбал, Германы нийслэл Берлин хотын төв “Унтер ден Линден” өргөн чөлөөнд байрлах ОХУ-ын Элчин сайдын яамны байрны гадна урт дараалал үүсэв. Энд Оросын хүний эрхийн төлөө тэмцэгч Ольга Романова, улс төрийн стратегич Марат Гельман, улс төр судлаач Феодор Крашенников болон бусад хүмүүс тайзан дээрээс сонгогчдод зориулан үг хэлж Путины эсрэг тэмцлээ эрчимжүүлэхийг уриалав. Энд хөөсөөр хийсэн “Путины цусаар биеэ угааж буй” том баримлыг байрлуулсан байв. Цугласан хүмүүс дээр А.Навальныйн бэлэвсэн гэргий Юлия Навальнаяг хүрч ирэхэд хүмүүс алга ташин, бүгд нэрийг нь уухайлан дуудаж, эргэн тойрны хүмүүс нь түүнийг тэвэрч, хамт селфи хийж байв.

Оросын сөрөг хүчний Алексей Навальныйн дурсгалд зориулан 12:00 цагт санал авах байранд ирэх уриалгыг Оросын сонгогчид дэмжин ялангуяа Москва, Санкт-Петербург зэрэг Оросын том хотуудад ням гаригийн үд дунд сонгуулийн байрны гадна маш урт дараалал үүсгэв. Ийнхүү Кремлийн сонгогчдыг айлгах арга бүтэлгүйтсэн нь тодорхой болонгуут Сонгуулийн төв комиссын дарга Элла Памфилова “Энэ дараалал нь сонгогчдын иргэний ухамсар өссөнтэй холбоотой” гэж мэдэгдэв. Мэдээжийн хэрэг, ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова “Бидэнд дайсагнагч дэглэмүүд болон тэдний гар хөл бологчдын хүслийг биелүүлэн эсэргүүцлээ илэрхийлэх гэж иргэд урт дараалал үүсгэсэн бол тэд 12 цаг өнгөрөнгүүт тарах байсан. Гэтэл ийм явдал болсонгүй” гэж мэдэгдэв.

Путины “сонгууль” Оросын иргэд түүний харгис дэглэмээс айхгүй болсон гэдгийг баталсан явдал болж өндөрлөв. Хамгийн гол нь хүүхэд, эр нөхрийг нь дайны “махны машин”-д оруулсан Путин өөрийгөө дэмжигч гол хүчин болж байсан хөдөөнийхний дэмжлэгийг алдсан гэдэг нь тодорхой болов.

Энэ нь Кремлийн суртал ухуулгад итгэгчид эрс цөөрсөн гэсэн үг юм. Аль ч дарангуйлагч иргэдийн олонхын дэмжлэггүй бол удахгүй сүйрдгийг түүх нэгэнт баталсан. Иймээс хурандаа Каддафийн хувь заяаг хурандаа Путин давтаж магадгүй болов. Энэ бүхэн “Путиныг дахин сонгох” сонгуульд Владимир Путин 87 гаруй хувийн саналаар ялагдсан гэдгийг батлав.

 

Г.АМАРСАНАА