Categories
мэдээ улс-төр

Энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2024 оны Хаврын чуулганы энэ долоо хоногийн /2024.03.21-22/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ЦАГ ТАНХИМ
1 ·   Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын 2 гишүүн 2024.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·    Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын 2 гишүүн 2024.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·   Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл  /Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 19 гишүүн 2023.12.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·   Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн 2024.01.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·   Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·   “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·       Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлт

·     Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан

·   Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсууриас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж “Эрчим хүчний шинэ эх үүсвэрийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсох

10.00 “Их Эзэн Чингис хаан”
Categories
мэдээ нийгэм

Айлаас гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна DNN.mn

Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Тархитын хошуу” гэдэг газар энэ сарын 16-ны өдрийн 19:00 цагт иргэн Ц айлын гэрээс гарч яваад сураггүй болсон байдаг. Тэгвэл тухайн иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Тодруулбал,

Энэ тухай дуудлага мэдээлэл гуравдугаар сарын 18-ны өдрийн 10:00 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Матад сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчидтай хамтран Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат иргэн Ц /48 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг гуравдугаар сарын 20-ны өдрийн 07:00 цагаас эхлэн “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн газрын тосны 19 дүгээр талбайд 34 км-ын тойрогт зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 18:58 цагт түр зогсоосон. Гуравдугаар сарын 21-ний өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Вьетнамд Монголын 9 иргэн хорих ял эдэлж байна DNN.mn

Вьетнам улсад Монгол Улсын есөн иргэн хорих ял эдэлж байна. Тодруулбал, хулгайлах гэмт хэрэгт 8-10 жил хүртэл хорих ялаар шийтгүүлсэн найм, хууль бусаар олж авсан бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах гэмт хэрэгт 3 жил хорих ялаар шийтгүүлсэн нэг иргэн хорих ял эдэлж байна.

Монгол Улсын прокурорын байгууллагын төлөөлөгчид Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Винь Фук муж дахь Винь Куанг хорих ангид ял эдэлж байгаа Монгол Улсынхаа иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсчээ.

Уулзалтын үеэр дээрх иргэдээс хоёр орны нийгэм ахуйн соёлын ялгаатай байдлын улмаас учирч байгаа хүндрэл, хоол хүнсний бэрхшээлийн талаар санал хүсэлт гаргасныг хорих ангийн удирдлагад болон БНСВУ-ын Ардын дээд прокурорын газрын Эрүүгийн шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавих газрын холбогдох албан тушаалтнуудад уламжилж, анхаарч үзэхийг хүслээ.

Мөн хорих ял эдэлж байгаа Монгол Улсын иргэдийн үлдсэн ялыг эх оронд нь үргэлжлүүлэн эдлүүлэх асуудлыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, түүний нөхөн төлөлт, хорих ял биечлэн эдэлсэн хугацаа зэргийг харгалзан үзэж тус улсын дотоодын хууль тогтоомж болон хоёр улсын Засгийн газар хооронд 2018 онд байгуулсан “Ялтан шилжүүлэх тухай гэрээ”-ний дагуу шийдвэрлэж байх талаар хоёр улсын прокурорын эрх бүхий албан тушаалтнууд ярилцсан байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулиар хулгайлах гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ 5-12 жил байдаг бол БНСВУ-ын Эрүүгийн хуульд заасан энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ манай улсын хуулиас өндөр 12-20 жилийн хорих ялтай байдаг байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарын эвгүй үнэр нүүрсэн яндангүй приусуудын утаанаас гаралтай юу DNN.mn

Улаанбаатар хотод үе, үе эвгүй, эхүүн үнэр үнэртдэг болоод удаж байна. Мэргэжлийн байгууллагууд энэ талаар ямар учир шалтгааны улмаас эвгүй үнэр хотоор тархдаг болсон талаар албан ёсны байр суурь илэрхийлдэггүй. Энэ нь үнэрийг судалж шинжлэх нарийн технологи, лабораторийн хүчин чадал хүрэлцдэггүйтэй холбоотой гэж мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байгаа юм.

Өнгөрсөн оны аравдугаар сард нийслэлийн Баянзүрх дүүрэгт хий газан маягийн хурц үнэр гарч, олон нийтийг сандаргасан. Энэ талаар мэргэжлийн байгууллагад хариу тайлбар хийгээгүй. Харин Эрүүл ахуй, хор судлалын лабораторийн эрхлэгч, анагаах ухааны доктор Д.Нарансүх “Миний таамаглал бол автомашины утаанаас үүдсэн бохирдолтой холбоотой. Улаанбаатар хотын авто зам өглөө оройны оргил ачааллын үеэр түгжрээд зогсчихдог. Тэнд хэдэн мянган машины хөдөлгүүрээс шатсан, дутуу шатсан бензиний хаягдал агаарт гарч байгаа. Тэр нь салхиар дамжаад орон сууц, ойр хавийн барилга байгууламжид байгаа хүмүүст үнэртсэн байж болно. Бензин шатахад автомашины хөдөлгүүр дотор өндөр температурын шаталт үүсдэг. Ингэхэд азот агаар дахь хүчилтөрөгчтэй нэгдээд азотын исэл үүсгэнэ. Энэ нь хүний амьсгалын замыг цочроодог хурц үнэртэй бодис. Улаанбаатар хотод өвлийн улиралд агаар дахь азотын исэл зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их байдаг шүү дээ. Хүмүүс хоолой хорсоод байна гэдэг бол азот болон хүхрийн давхар ислийн хийтэй холбоотой. Энэ бол боломжит таамаглал” гэж мэдэгдэж байлаа.

Автомашины шатахуун дутуу шаталт үүсэх, а гаарт хорт бодис ялгарах нэг үндэслэл бол катализаторгүй автомашин хөдөлгөөнд оролцдогтой холбоотой. Өөрөөр хэлбэл, нүүрсэн яндангүй приус машинууд Улаанбаатарт хэдэн мянгаараа байгаа тухай Өдрийн сонин хөндөж ирсэн.

Сүүлийн жилүүдэд приус машины нүүрсэн янданг ашгийн зорилгоор санаатай болон санамсаргүй байдлаар худалдаалах явдал гаарсан. Оношилгооны төвүүд дээр нүүрсэн яндангүй приус машин ямар ч хяналтгүй байдаг. Зарим жолооч нар нэгнээсээ гуйж тавиад оношилгоонд ордог бол зарим нь хятад яндан тавьж ордог. Өөр нэг хэсэг нь оношилгооны ажилтнууд мөнгө атгуулаад машинаа тэнцүүлдэг явдал хавтгай болчихсон тухай ч яриа бий. Тиймээс Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд нүүрсэн яндангүй приус машинаас гарч байгаа хорт утаа хурц үнэрийг бий болгож байх магадлалтай гэж үзэж болохоор байгаа юм.

Б.Баттүвшин: Ямар үнэр гарч байгааг нарийвчлан судлах багаж төхөөрөмж дутагдалтай

Энэ хүрээнд НЭМҮТ-ийн Хор судлал, шуурхай удирдлагын албаны дарга Б.Баттүвшинтэй ярилцлаа. 


-Улаанбаатарт үе үе эвгүй, эхүүн үнэр үнэртдэг боллоо. өнгөрсөн оны аравдугаар сард нэлээд асуудал болж, танай алба шалгаж байсан. Ямар учраас үе, үе ийм үнэр дэгддэг болоод байна вэ?

-Үнэр гэдэг хуримтлалаар нь гадаад орчин болон дотоод орчны гэж ялгадаг. Тамхи татахад тухайн орчинд битүү утаа болчихдог. Агаар сэлгэлттэй үед удахгүй алга болчихдог доо. Энэ бол дотоод орчны бохирдол.

Гадаад орчинд бол үнэр тухайн агшиндаа дэгдээд тодорхой хугацааны дараа алга болчихдог. Гадаад орчин гэдэг эзлэхүүн том байгаа учраас ингэдэг. Үүнийг нарийвчилж шинжилье гэвэл дээж авахаас эхлээд лабораторийн нарийн шинжилгээ шаардлагатай. Үнэр өөр, өөр химийн бодис агуулдаг. Дэлхий дээр нийтдээ 100 мянга орчим химийн бодис хэрэглээнд байна гэсэн судалгаа бий. Үүнээс Монголд 50 орчим байдаг гэж үздэг. Угтаа тэр бүрийг нэг бүрчлэн шинжлэх ёстой. Манайд энэ төрлийн судалгаа шинжилгээ аажмаар сайжирч л байгаа. Мэдээж химийн бодис өөр өөрийн үнэртэй, онцлогтой. Түүгээр нь ерөнхийд нь ялгаж тодорхойлж л байна. Бүр нарийвчилж судлахын тулд дээж авахаас эхлээд нарийн технологи шаардагдана.

-Шинжлэх тоног төхөөрөмж манайд байдаггүй гэсэн үг үү. Хэр үнэ ханштай эд вэ?

-Жишээ нь, хийн хоро маграфи буюу GC, масс спектроскопи буюу MS, индуктив хосолсон плазм-оптик цацралтын спектрометр буюу ICPOES гэх зэрэг химийн нэгдлүүдийг тодорхойлдог суурь багажууд бий. Хийн хоромаграфи буюу GC гэхэд дангаараа нэг тэрбум орчим төгрөгийн үнэтэй. Мөн ICP-OES нь 200-300 сая төгрөг байх жишээтэй. Үүнээс гадна эдгээр багаж төхөөрөмж дээр ажиллах мэргэжилтэн бэлтгэх гэдэг том асуудал байдаг. Багажиндаа гаршихын тулд хоёр жил зарцуулдаг. Гэтэл өнөөдөр төрийн албан хаагчдын хомсдол, хүний нөөц ямар түвшинд байгаа билээ. Шинжлэх ухааны бодитой судалгаа шинжилгээ хийе гэвэл хүний нөөц, сайн багаж, хөрөнгө мөнгө шаардагдана. Ганц химийн бодисыг тодорхойлно гэхэд 4-5 суурь судалгаа хийх болдог. Тухайн бодис хүнд хэрхэн нөлөөлж байна, тухайн орчноос шалтгаалж хүний бие организмд, хүрээлэн буй орчинд ямар нөлөөлөл үзүүлж байна гэх зэргээр та бүхний асууж тодруулахыг хүсдэг судалгааг хийх боломжтой.

-НЭМҮТ энэ тал дээр судалгаа шинжилгээ хийж байгаа юу?

-Манай алба 2009 онд байгуулагдсан. Тухайн үед бичил уурхай ихээр ажиллаж, мөнгөн усны асуудал дэгдэж байлаа шүү дээ. Энэ асуудлаас үүдэж мөнгөн усны судалгааг манай үе үеийн удирдлагууд, мэргэжлийн багийнхан маш сайн хийж ирсэн. Үүний үндсэн дээр мөнгөн усны хэрэглээг, ялангуяа халууны шилийг зохисгүй хэрэглэхийг хориглосон, хилээр оруулж ирэхийг хориглосон зэрэг зохицуулалтууд хийгдэж чадсан. Мөн 2015 онд Минаматагийн конвенцэд Монгол Улс нэгдсэн. Манайх энэ төрлийн 6-7 олон улсын конвенцэд нэгдэн орсон байдаг. Тухай бүрт 4-5 жилийн суурь судалгаа хийгдэх болдог.

Одоо бид хар тугалгыг судалж байна. Хар тугалга будагны найрлагад ордог. Гялалзуулах, бэхжүүлэх үйлчилгээтэй. Хилээр орж ирж байгаа хяналтгүй будагны эргэлттэй тэмцэхэд бас нэг төрлийн томоохон түлхэц болох байх гэсэн хүлээлттэй байгаа.

-Таны ярьснаас харахад манайд химийн олон төрлийн бодисыг нарийвчлан тогтоох, судлах хүчин чадал тааруу гэж ойлголоо. үнэр гараад байгаа шалтгааныг сайжруулсан түлш, шатахуунтай холбож тайлбарлаж байгаа мэргэжлийн хүмүүс бий. Ялангуяа чанаргүй шатахуун хэрэглэдэг. дээр нь манай хотынхны дийлэнх хэрэглээ болсон приус машинууд нүүрсэн яндангүй хөдөлгөөнд оролцдог. ингэснээр түлшээ бүрэн шатааж хорт хийг нь ялгаж чадахгүй байгаатай холбоотойгоор агаарт янз бүрийн үнэр гарч байгаа гэж үзэж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Агаарт дэгдэж байгаа бодисууд органик дэгдэмхий бодис. Дизель түлш шатаахад янз бүрийн бодис гарна. Үүнийг заавал шүүх шүүлтүүр байх ёстой. Шүүлтүүр гэдэг приус автомашинд байгаа катализатор. Катализатор дахь цагаан алт бол хорт нэгдлийг шүүж өөртөө татах зориулалттай шүү дээ. Тэгэхээр шүүлтүүрийн асуудлыг ярихаас өөр аргагүй. Уг нь Барилга хот байгуулалтын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2018 оны хамтарсан тушаал бий. Энэ нь Барилгын материалын эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг баталсан тушаал. Үүнд 98 төрлийн бодисыг оруулсан байдаг. Манайд уг нь хууль тогтоомж нь байдаг. Гол нь хэрэгжүүлэлт чухал байна. Үүн дээр сайжруулсан түлшний асуудал ч хөндөгдөнө. Сайжруулсан түлш үнэхээр технологийн зөв үйл ажиллагаагаар орж байгаа тохиолдолд өнгөгүй, үнэргүй, амтгүй байх ёстой. Энэ тухай Английн эмч нар, мэргэжил нэгт хүмүүстэй санал солилцож байхад яригддаг. Англид кокс нүүрс хэрэглэгддэг. Үнэхээр цэвэр, кокс нүүрс бол өнгөгүй, үнэргүй, амтгүй байх ёстой гэдэг. Харин манайд сайжруулсан түлш гэгдэж байгаа түлш бол өнгөтэй, үнэртэй байгаа юм. Дээр нь манай иргэдийн сайжруулсан түлш хэрэглэх зөв дадал хэвшил маш чухал. Ядаж галлагааны дэс дарааллыг сайн эзэмшиж чадвал эрсдэлээс сэргийлэх боломжтой гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

171086 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагджээ DNN.mn

Монгол Улсын хэмжээнд нийт 171086 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна. Үүнээс гуравдугаар сарын 17-ны байдлаар 7012 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт тэнцээгүй байна. Эдгээрээс 26 хувь нь гэрэл, 25 хувь нь утаа, 18 хувь нь өнгө үзэмж гэсэн шалтгаанаар тэнцээгүй аж. Түүнчлэн 16 хувь тоормосны ажиллагаа муу, 12 хувь нь жолооны механизм шаардлага хангаагүй, гурван хувь нь дуу чимээтэй гэсэн үзүүлэлт гарчээ. Энэ нь хангалтгүй үзүүлэлт тул иргэн, тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуй нэгж байгууллагыг техникийн хяналтын үзлэгтээ идэвхтэй хамрагдахыг Автотээврийн үндэсний төвөөс уриаллаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн шигшээ тэмцээн эхэллээ DNN.mn

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулдаг, Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тоглолтууд эхэллээ.

Шигшээ үе шат гуравдугаар сарын 22 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ шатанд есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 96 багийн 1152 сурагч шалгаран өрсөлдөж байна.

Багийн спортын төрлөөр дамжуулан өсвөр үеийнхний бие бялдрыг хөгжүүлэх, хамтач үзэл санаа, спортоор хичээллэх хүсэл сонирхлыг бий болгох, олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцох өндөр ур чадвартай тамирчдыг нээн илрүүлэх зорилгоор “Улаанбаатар лиг” тэмцээнийг 2009 оноос хойш зохион байгуулж буй.

Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын Спорт, нийтийн биеийн тамирын хэлтсийн дарга С.Саранцэцэг:

-“Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээн нь таван үе шаттай зохиогддог. Тэмцээнд түрүүлсэн ахлах насны эрэгтэй, эмэгтэй баг тамирчид ОХУ-д зохион байгуулагддаг “Супер шигшээ” тэмцээнд оролцох эрхтэй болдог гэдгээрээ онцлогтой. Нийт 192 сургуулийн охид, хөвгүүдийн 8208 багийн 90,550 сурагч өрсөлдөөд байна.

119-р сургуулийн сурагч Г.Ернар:

-Тэмцээнд орсон сэтгэгдэл маш өндөр байна. Уг тэмцээний ач холбогдол нь тэвчээр суулгах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлдэг. Би сагсан бөмбөгөөр хичээллээд дөрвөн жил хагас болж байна. Спортоор хичээллэснээр миний биед асар их өөрчлөлт орсон. Жишээ нь, биеийн хөгжлийн хувьд өндөр болохоос гадна тууштай хичээх, тэвчээртэй байхыг сурсан. Монголын сагсан бөмбөгийн тамирчдаас Билгүүн, Санчир, Сэргэлэн нарыг дэмждэг.

“Хөгжил” цогцолбор сургуулийн сурагч Э.Ариун-Үйлс:

-“Улаанбаатар лиг”-д хоёр дахь жилдээ оролцож байна. Тэмцээн хүүхдүүдэд чөлөөт цаг заваа зөв боловсон өнгөрүүлэх боломж бий болгодог. Тавдугаар ангиасаа хойш долоон жил сагсан бөмбөгөөр хичээллэж байна. Том тэмцээнд орох сэтгэгдэл үнэхээр гоё байдаг төдийгүй хамт олонтойгоо тэмцээнд ороод хожих мэдрэмж нь хамгийн сайхан.

“Гүн галуутай” цогцолбор сургуулийн сурагч Э.Маргад:

-“Улаанбаатар лиг”-т  хоёр дахь жилдээ тоглож байна. Медаль авахаас илүү бэлтгэлийн үеэр сурсан мэдсэн зүйлсээ үеийнхэндээ үзүүлж, туршлага солилцох нь чухал гэж боддог. Улс, дүүргийнхээ хүүхдүүдтэй өрсөлдөхийн зэрэгцээ ирээдүйн зорилготой ирдэг учраас энэ тэмцээн ур чадварыг маань хөгжүүлэхэд тусалдаг.

“Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээнийг энэ жил өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас гуравдугаар сарын 22-ны хооронд спортын гурван төрлийг гурван насны ангилал, таван үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

А.Отгонбаатар: Миний ойлгосноор Н.Номтойбаярыг МАН дэмжээд байгаа DNN.mn

Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатартай ярилцлаа.


-Энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацааны сүүлчийн чуулган өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийлээ. Та энэ парламентын ажилд ямар дүн тавих вэ?

-Ямар нэгэн ажил хийсэн байж, түүнд нь дүн тавих ёстой болно. Гэтэл юу ч хийгээгүй болохоор дүн тавихад үнэхээр хэцүү. Харин хийсэн зүйл нь гэвэл өөрсдийнхөө өнгөрсөн сонгуульд зарцуулсан мөнгөө олж авах хууль баталж, үйл ажиллагаа явуулсан. Мөн түүхэнд байгаагүй олон гишүүн эргүүлэн татагдсан. Шүүхээр ял оноочихсон ч гишүүнээсээ буудаггүй, ёс зүйгүй парламент байна. Энэ чинь нөгөө л нэг бидний бий болгосон тогтолцооны алдаа л даа. Асар их мөнгөөр сонгууль хийж, жалга довноос сонгогддог. Харин үүнийгээ засахын тулд тогтолцооны өөрчлөлтийг эхлүүлсэнд нь сайн үнэлгээ өгч болох ганц зүйл нь боллоо.

-Сонгуульд зарцуулсан мөнгөө олж авахын тулд хууль баталсан гэж та хэллээ. Тэгвэл ямар хуулийг онцолж хэлэх вэ?

-Гишүүнээр сонгогдсон нэг хүний сонгуульд зарцуулсан мөнгөн дүн ойролцоогоор 4-5 тэрбум төгрөг гэсэн судалгаа бий. Өөрсдөө ч хэлдэг. Энэ мөнгөө олж авахын тулд баталсан гол хууль гэвэл 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлт байна. Уг нь Засгийн газрын таван гишүүнээс илүүгүй нь сайд байна гэсэн заалт байсныг Үндсэн хуулийн Цэц дээр унагасан. Тэгээд түүнийгээ буцааж оруулж ирэхдээ Засгийн газрын бүх гишүүд давхар дээл өмсөх нөхцөлийг бий болгосон. Ингээд сайд нарыг анх томилсон чуулганы хуралдаан дээр Чингэлтэй дүүргээс сонгогдсон М.Оюунчимэг гишүүн “Бид тойрог дээр зүтгээд суудал олж ирсэн. Та нар одоо сайд болж байна. биднийг бодоорой” гэсэн утгатай үгийг хэлсэн. Энэ чинь өөрсдийнх нь гаргасан мөнгийг олж өгөөрэй гэсэн захиас гэж боддог.

-Тогтолцооны өөрчлөлт эхлүүлсэн нь ганц сайн ажил гэсэн. Гэтэл 126 гишүүнтэй болж, бүсчилсэн тойрогтой болгосон зэрэг нь жижиг намуудад халгаатай гэсэн зүйлийг улс төр судлаачид хэлж байна?

-Тэр бол судлаачдын л үг. Ер нь улс төрийн намын эрхэм зорилго чинь улс орноо хөгжүүлэх шүү дээ. Түүнээс биш улс төрийн зорилго жижиг намуудыг парламентад оруулах албагүй. Улс хөгжил, язгуур эрх ашиг л чухал болохоос жижиг намуудыг хэрчих хэнд хамаатай юм бэ. Би бол ийм итгэл үнэмшилтэй байгаа. Архангай, Баянхонгор, Өвөрхангай гурвыг бүсчлээд тэндээс гарсан есөн хүн нийлээд тэндээ үйлдвэр барих тухай, ажлын байр бий болгоод явах нь зөв зүйл. Тийм болохоос жижиг намууд гарч ирнэ үү, байна уу огт хамаагүй. Дээрээс нь манай жижиг гэгддэг намуудын дийлэнх нь сонгуулийн бусад үед ажилладаг юм уу. Сонгууль болохоор л шаагилдаад гараад ирдэг. Ийм байж бидэнд ашигтай байгаач гэж гуйж болохгүй. Монголд л ашигтай байх ёстой гэж би харж байгаа. Энэ тогтолцооны өөрчлөлт үр өгөөжөө өгнө гэж бодож байна.

-Нөгөө талаасаа огт ажил хийгээгүй гэгддэг сүүлийн 20, 30 жил сонгогдсон нөгөө нөхдүүд чинь гараад ирэх юм биш үү. Хэрэв тэгвэл үр ашгаа өгнө, ажил хийнэ гэж итгэж болох юм уу?

-Энэ хүмүүс гарч ирэх гээд байгаа нь гол биш. Яагаад тэднээсээ илүү бусад нь ажиллаж чадахгүй байгаа вэ гэдэгтээ анхаармаар байгаа юм. Нэр хүнд нь уначихсан. Авлигын хэрэгт холбогдсон, ард түмнээ хуурч мэхэлсэн гээд өчнөөн муу нэр хүндтэй. Гэтэл ийм байгаа хүмүүсийг ялаад гараад ирэх хэмжээний ажиллаж чадахгүй байгаа нь бидний л буруу биз дээ. Эдгээр хүмүүсээс илүү ажиллаж чадна гэдгээ харуулаад, улс төрийн нам ажлаа өдөр бүр хийгээд явах ёстой.

-Ерөнхий сайд парламентад суудалгүй намуудын төлөөлөлтэй уулзсан. Таны бие ч байсан. Харин энэ уулзалтаар улс төрийн юуг тохирсон юм. Тэр тохирсон зүйл нь одоо биелсэн үү?

-Тэр үед Ерөнхий сайд биш МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга буюу ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан уулзсан юм. Ингэхдээ улс төрийн намуудтай санамж бичиг зурсан. Тэр санамж бичигт Монгол Улс нэг тойрог болоод гишүүдийн тоог 152 байна гэж тохирсон. Харамсалтай нь парламентад орохдоо МАН, АН, ХҮН гэсэн гурван намын зөвшилцөл болоод 48 нь нэг тойргоос үлдсэн нь жижиг тойргоос сонгогдсон 126 гишүүнтэй байхаар гаргаад ирсэн. Ер нь манай улсад улс төрөө огт дийлдэггүй юм байна. Нэг нь сайн зүйл хийх гэж байсан ч хийлгэдэггүй. Зөвхөн намаа ялуулахын тулд л улс төр хийдгээс болоод улс орон ялагдсан. Уг нь бид Монгол Улс яаж сайхан болох юм. Монгол хүн хэрхэн жаргалтай амьдрах вэ гэдэг агуулгаар дүр зургаа хараад улс төр хийгээд сурчихмаар байна. Ийм улс төрийг харамсалтай нь дээд үеийн ах нар хийхгүй.

-Тэр уулзалтаас хойш таныг улс төрийн хүрээнийхэн дотор “Ерөнхий сайдын хүн болчихсон” гэсэн яриа гарсан. Тогтолцооны өөрчлөлтийг дэмжээд байгаа болохоор тэгээд байна уу. Чухам яагаад ийм яриа гарсан юм бэ?

-Тогтолцооны өөрчлөлтийг би дэмжиж байгаа. Үүнийг дэмжсэний төлөө Ерөнхий сайдынх, эсвэл хэнийх болсон гэж хэлэх нь надад огт хамаагүй. Учир нь би зөв зүйлийг дэмжиж байгаа. Өнгөрсөн хугацаанд эрх баригчдыг шүүмжилсээр ирсэн хүн Ерөнхий сайдынх болчихдог юм байна. Тэгвэл шүүмжлээгүй, сөрөг хүчин байж огт хөдлөөгүй АН, ХҮН юу нь болох вэ. Ер нь ийм яриаг АН-ынхан гаргадаг. Өөрсдөө МАН-тай тохироод учраа олоод амьдраад байдаг юм.

-Саяхан 35 нам эвсэж сонгуульд орох тухай яриа гарч, уулзалтууд хийсэн. Энэ асуудал юу болсон бэ?

-ИЗНН-ынхан бидний хүсч явдаг сайхан санаачилга гаргаад уулзсан. Гэтэл яг үнэндээ ажилладаг нь цөөхөн. Ингээд шүүмжлэхээр шүүмж даадаггүй. Сонгууль болохоор л цүнх, цүнхнээсээ намаа гаргаж ирдэг нь үнэн шүү дээ. Дээрээс нь тус, тусын үзэл санаатай болохоор түүндээ хөтлөгдөөд нийлж чаддаггүй. Бид өнөөдөр нэг хэсэг хулгайчаас салмаар байна л гээд яриад байгаа шүү дээ. Гэтэл тэднийг нөгөө хулгайчаар нь сольж болохгүй. Жишээлбэл, зарим нь Н.Номтойбаяртай нийлчихсэн явж байна. Тэгэхээр би ард түмэнд очоод эдний хулгай маш муухай, манай хулгайч арай гайгүй гэж хэлэх юм уу. Стратегийн ач холбогдолтой Нарийн сухайт, Цагаан суварга гэсэн хоёр ордыг өнөөдөр Н.Нямтайширын гэр бүл эзэмшдэг. Н.Номтойбаяр өнөөдөр яагаад улс төрд эргэж орох гээд байгаа юм. Учир нь хулгайч нартаа хөөгдсөн хулгайч шүү дээ. Цагаан суваргын ордын 51 хувь нь төрд байх ёстой. Нэг цагт төр энэ хувиа авъя гэхээр нь өөрийгөө хамгаалахын тулд л улс төрд эргэж орох гэж байгаа юм. Энэ мэтчилэн олон асуудлаас болоод намууд нийлэх асуудал бүтээгүй. Тиймээс энэ сонгуулиар унасан ч хамаагүй, дангаараа орно. Сонгуульд унаж, ялагдаж болно. Гэхдээ хүн үзэл санаа, үнэт зүйлээсээ урваж болохгүй. Сонгуульд ялалт байгуулахын тулд хулгайчтай нэгдэж чадахгүй. Дээрээс нь бид энэ удаагийн сонгуульд мөнгөнд биш ард түмнийхээ ухаарал, итгэл үнэмшилд найдаж байгаа.

-Үнэн ба зөв нам энэ удаагийн сонгуульд дангаар орох юм байна. Бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ. Нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө Сонгуулийн ерөнхий хороонд өгөх хуулийн хугацаа дуусах дөхөж байгаа шүү дээ?

-Энэ долоо хоногийн амралтын өдрөөр хуулийн хугацаа дуусна. Бидэнд ард түмэн, албан байгууллагууд саналаа ирүүлээд явж байна. Пүрэв гаригаас өмнө мөрийн хөтөлбөрөө нэгтгээд дуусна. Бид мөнгөгүй сонгууль гэж юу байдгийг үзүүлнэ. Мөнгө хэдий хэр цацна, тэр чинээгээрээ төрөөс хулгай ч хийнэ. Тиймээс бид хулгай болох, УИХ-ын гишүүн болж үзэх мөрөөдөлгүй. Парламентын гишүүн болох мөрөөдөлтэй байсан бол хулайчуудтай нэгдэж болох байх. Миний ойлгосноор тэр Н.Номтойбаярыг чинь МАН дэмжээд байгаа шиг байна лээ.

-Тэгвэл энэ удаагийн сонгуулиар танай нам өөрийн төлөөлөлтэй болж, парламентад үзэл бодол, үйл хэргээ хүргэдэг боломж хэр байна вэ?

-Бид хичээж байна. Энэ төрд хяналт хэрэгтэй байгаа. Тиймээс бид хүчтэй сөрөг хүчин болно л гэсэн байр сууртай. Парламентын засаглалын хамгийн том мөн чанар бол сөрөг хүчин. Бид энэ сонгуульд ямар нэгэн барьцаагүй орж байгаа учраас хүчтэй сөрөг хүчин байж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа юм.

 

Categories
мэдээ цаг-үе

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 зөрчил бүртгэгдлээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нийт 1843 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1464, гэмт хэргийн шинжтэй 109 дуудлага, мэдээлэл байна.

Мөн гэмт хэргийн шинжтэй 62 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 11 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Гантулга: Засгийн газарт малчдын зээлийг нэг удаа тэглэх боломж бий юү гэвэл бий DNN.mn

ШИНЭ намын дарга, доктор Ц.Гантулгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Та хөдөө орон нутагт ажиллаад иржээ. Малчид маань энэ өвөл ихэд зутарч, мал сүргээ хорогдуулсан. Хавар улам л хүнд байдаг. Тэгэхээр цаашид хөдөө аж ахуйн салбар, малгүй болсон иргэдээ яах вэ гэдэг асуудал нэгэнт тулгарсан. Та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Хөдөө орон нутагт цагийн байдал хүндхэн, малчид маань зутруухан хаваржиж байна. Өвөл дууссан ч одоо хахир хаврыг туулж байгаа малчдын хувьд ахиад хэцүү урт замыг туулна. Хавар ч амаргүй шүү дээ. Монгол Улс бол мал аж ахуйн орон, эдийн засаг нь энэ салбарт суурилдаг. Түүнээс бус уул уурхайгаас орж ирж байгаа эдийн засаг богино настай, түр зуурын үзэгдэл гэдгийг ойлгож, аж ахуйн нэгж, иргэд малаа, малчдаа аврах хэрэгтэй. Яахав, Засгийн газраас малжуулах төсөл хэрэгжүүлэх тухай ярьж байна.

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар гэхэд мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн т огтвортой сүлжээ бий болгож, малчдын орлого нэмэгдүүлэх, амьжиргааны түвшинг дээшлүүлэх тухай ярьсан. Энэ бүхнээ сонгууль гэж марталгүй, яаралтай ажил хэрэг болгох шаардлагатай. Мал аж ахуй бол манай улсын стратегийн гол салбар. Үүний цаана Монгол Улсын ирээдүй байгааг мартаж болохгүй. Гэхдээ бид хууль эрх зүйн хүрээнд томоохон бодлогоор дэмжихгүй бол нэг, хоёр удаагийн тусламж дэмжлэгээр эрсдэлээс гарч чадахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр УИХ, Засгийн газар дорвитой бодлого, шийдвэр яаравчлан гаргахгүй бол зудын дараах эрсдэлийг зөвхөн малчид биш, нийтээрээ чанга хүртэнэ.

-Зудын нөхцөл байдал хаа хаанаа чанга туссан. Яг одоо малчдын хувьд өвлөөс авч үлдсэн хэдэн малаа хаврыг давуулах хүндхэн асуудалтай тулгарсан?

-Монгол орон даяар зуд болж, хаврын хүнд өдрүүдийг туулж байгаа ч миний явсан тал хээрийн бүсэд хүчтэй нөлөөлсөн байна лээ. Цас зудын нөхцөл байдлыг урьдчилан таамаглах аргагүй. Гэхдээ бид цаг зудын байдлыг урьдчилан төлөвлөж, бэлдэх хэрэгтэй юү гэвэл хэрэгтэй. Төрөөс малчдад тусламжийн гараа сунгаж байгааг үгүйсгэхгүй. Өвс тэжээл ачсан тусламжийн цуваа орон нутагт гарсаар байна. Одоо тусламжийн гэх хүрэлцэхгүй өвс тарааж байхаар өөр арга бодох цаг нь аль эрт болсон. ОХУ-аас манай улсад 8500 тонн хүчит тэжээлийн тусламж өгөхөөр болсон. Эхний ээлжийн 250 тонн тэжээлийг өгсөн. Уг нь үүнийг эрт хийх байсан байх. ОХУ-д нэг тонн хивэг Монголд зарагдаж байгаа үнээс гурав дахин хямд, овъёос, хар, ногоон будаа зах зээлийн үнээс хоёр дахин хямдхан. Учир нь дайны нөхцөл байдлаас болоод дэлхийн зах зээл дээр борлуулалтгүй болчихсон. Өвс бол өл залгуулах төдий зүйл болохоос төдийлөн хэрэг болохгүй. Тэгэхээр овъёос, хивэг, хар, ногоон будаа зэрэг халуун чанарын бүтээгдэхүүн хэрэгтэй. Нэгэнт голдоо хүйтэн оруулсан малд ийм халуун чанарын бүтээгдэхүүн өгч байж хаврыг давуулна. Тэгж гэмээнэ амьжиргаанд үлдсэн цөөн малаа авч үлдэнэ. Хаврын хүйтэн салхи, хавсаргыг давах амаргүй. Одоо хунгарласан цас өдөртөө хайлмаар болж, бусад цагт мөстөж хатуурсан, мал сүрэг цемент дээр бэлчээрлэж байгаа гэхэд болно.

-Малчдын маань чамгүй хэсэг малаа барьцаалсан банкны зээлтэй байгаа. Малаа хорогдуулсан малчид маань зээлээ хэрхэн төлөх вэ гээд хүндхэн асуудалтай нүүр тулна. Нэгэнт авсан зээлээ төлж таарна. Үүнд ямар нэг шийдэл хэрэгтэй болно?

-Монгол Улсын хэмжээнд 2024 оны эхээр 247.9 мянган малчин өрх тооллогод хамрагдсан дүн мэдээ байна лээ. Үүний 39.4 хувь нь зээлтэй байна. Энэ бүхний цаана Туслах малчнаас эхлээд олон хүний амьдрал ахуйг тэтгэж явдаг зүйл бол мал аж ахуйн салбар. Одоо амьжиргааны хэдэн малаа хорогдуулж, банкны барьцаагүй болсон малчдаа яах вэ. Засгийн газраас Төв банк болон арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзаж, малчдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахад хүрсэн нь сайн хэрэг. Гэхдээ ирэх зургадугаар сарын 1 хүртэл хойшлуулсан. Цаашид яах юм гэдэг асуудал ч байна. УИХ-ын гишүүд цагийн хатууд малчны хотонд очиж сонгуульдах биш газар дээр нь ажиллаж, нөхцөл байдалтай танилцсан юм бол яаралтай бодлого гаргах хэрэгтэй. Орон нутагт малчдын бэлчээр талхалж, уул уурхай эрхэлж байгаа компаниуд дорвитойхон дэмжлэг үзүүлмээр байна. Уг нь бол Засгийн газарт малчдын зээлийг нэг удаа тэглэх боломж бий юү гэвэл бий. Тэртэй тэргүй алдагдалтай төсөв баталдаг биз дээ. Үйлдвэр, уул уурхайгаас юм уу, Засгийн газрын тогтвортой хөрөнгө оруулалтаас, нөөцөөс ч юм уу, ямар нэгэн байдлаар тэглэх боломж бий.

-Төр хүсвэл зээлийн тал дээр ямар нэгэн байдлаар арга хэмжээ авах, тэглэх боломж байгаа байх. Гагцхүү малгүй болсон иргэдийнхээ амьдрал ахуйг цаашид яаж залгуулах вэ?

-Төр засгаас ямар нэгэн цогц бодлого гаргана гэж найдаж байна. Тэр бүрд Төрийн бодлого, Төрийн тусламж дэмжлэг харахгүйгээр зохицуулж болох асуудал бий. Жишээ нь, аймаг бүрд “Аймаг хөгжүүлэх сан” гэж бий. Тус санд уул уурхайн компаниуд хэдэн тэрбумаар нь мөнгө хийж, түүгээр нь байшин барилга барьсан тухай тайлан элбэг байдаг. Эрх мэдэлтнүүд нь тууз хайчилж байгаа ч харагддаг. Энэ мөнгөө мал аж ахуйн салбартаа зарцуулъя. Банкны салбарын удирдлагууд, уул уурхайн компаниудтай уулзаж, малчдын тасарсан орлогыг бий болгох, үйлдвэр технологийн тодорхой бүсүүдийг гаргаж өгье. Дээр нь олон мянган өрхийг орлоготой болгох цогц шийдлийг одооноос төлөвлөн, ажлын хэсгүүд гаргаж, санал санаачилга гаргая гэх мэт олон шийдэл байгаа. Жижиг дунд үйлдвэрийг тогтвортой хөгжүүлэх, хэтийн болон богино зайн хөтөлбөр боловсруулах, уул уурхайн компаниудын гэрээт ажилтнуудыг нэмэгдүүлэх, гадаадын ажилчдыг гаргаж, оронд нь ажилгүй болсон иргэдийг оруулах, малчдыг дахин малжуулахаас эхлээд тал талд ажилламаар байна. Үнэнийг хэлэхэд, уул уурхай, барилгын салбарт ажиллаж чадахгүй малчид ч байгаа. Эдгээр малчдад өөр аймгаас мал авч өгөх, тодорхой хугацааны дараа эргэн төлүүлэх зэрэг хөтөлбөр боловсруулъя. Хийе гэсэн хүнд боломж бүхэн бий, хийхгүй гэсэн хүнд шалтгаан мундахгүй гэдэг шиг л байх юм. Ер нь бол зөвхөн малчид гэхгүй иргэд маань өрөөс өрийн хооронд, зээлээс зээлийн дунд амьдарч байна. Нийт иргэдийн амьдрал хүндэрсэн. Энэ мэт асуудалд цогц арга хэмжээ авах цаг нь болж өнгөрөөд ард үлдсэн.

-Бас нэг асуудал байна. Малаа гэсээр байгаад цас зуданд нойр хоолгүй ажилласан малчдын эрүүл мэндийг орхигдуулчихав уу?

-Үүнийг орхигдуулж болохгүй, нэн тэргүүнд анхаарах ёстой асуудал. Малчид цас зудтай тэмцэж, эрүүл мэндээрээ хохирч байгаа энэ үед явуулын эмнэлгийн үйлчилгээг хүргэх, зам харгуй боогдсон үед харилцаа холбооны цогц системийг яаралтай бүрдүүлэх зэрэг олон ажил зохион байгуулах ёстой. Өнгөрөгч өвлийн их хүйтэнд харилцаа холбооны дамжуулах станцын зай хураагуур хөлдөж огт холбоо барилгүй амьдарч байгаа газар олон байлаа. Өмнөх цас зудтай жилүүдийн нөхцөл байдлыг ажиглаж байхад харилцаа х олбоогүйн улмаас малчид эрсдэлд өртсөн жишээ бий. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж заасан байдаг бол мөн Үндсэн хуульд “Мал сүрэг нь үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Зөвхөн УИХ, Засгийн газар гэлтгүй аймаг, орон нутгийн удирдлагууд ч боломж нөөцөө шавхан, иргэдээ хамгаалах, мал сүргээ аврах хэрэгтэй гэдгийг хаа хаанаа сануулж байна.

-Цаг хатуурсан үед малчид маань мөнгөгүй, өвс тэжээл худалдаж авч чадахгүйд хүрсэн. Энэ нь банкнаас зээл авах нөхцөл ч болсон байх. Малчид орлоготой байхыг зуд сайтар сануулж өглөө?

-Малчид маань хавар ноолуурын үе, намрын сүүл сард идэшний үеэр нэг мөнгөнд залгаж зээл хуйгаа төлж, сая нэг нуруу тэнийдэг. Үүнээс өөрөөр орлого олох боломж байхгүй гэхэд болно. Манай улс малын мах, дайвар бүтээгдэхүүнээс эхлээд олон зүйлээр орлого олох боломжтой. Төр хүсэхгүй байгаа юм уу, эсвэл нэгдсэн бодлого гаргаж чадахгүй байна уу. Засгийн газар 15 улстай мах экспортлох гэрээтэй байдаг. Гэтэл ганцхан БНХАУ-ын 8-9 компани, Араб руу хоёр компани л гаргадаг. Хятадууд энэ зах зээлийг баздаг гэхэд болно. Энэ нь ХХААХҮЯ бодлого гарган ажиллаж чадахгүй байгааг харуулж байна. Засгийн газар ард түмний орлого, тэр тусмаа малчин түмний орлогын асуудалд анхаарч байсангүй. Цаашид шинээр Засгийн газар байгуулагдахад нэн тэргүүнд ард түмний орлогыг дээшлүүлэх тал дээр цогц бодлого хэрэгжүүлэх шаардлага байгааг зуд хатуухан санууллаа. Мөн цаашид эрчим хүчний асуудлыг шийдэхгүй бол болохгүйг ч харууллаа. Улсаараа цахилгаангүй болоход бэлэн байна. Б.Чойжилсүрэн гэж нөхөр Эрчим хүчний сайдаар томилогдож очоод өөрийнхөө нүүрсийг зарах тухай яриад байх юм. Уг нь улсаа, хотоо хангаж дийлэхээ больсон эрчим хүчний асуудлыг яах вэ, шинээр эх үүсвэр яаж байгуулах вэ гэсэн бодлогын асуудал ярьж байх ёстой ч өөрсдийнхөө нүүрсийг зарах тухай ярьж сууна. Цахилгаан, эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд нөөцийг нэмэгдүүлэх тухай төлөвлөж байх ёстой сайд маань ийм гамшгийн асуудал ярьж байгаа нь өнөөгийн төр засгийн бодит дүр төрх шүү дээ.

-Таны ярьж байгаа ард түмний мөнгөн орлогыг нэмэгдүүлэх тал дээр нэгдсэн бодлого байхгүй нь ард түмнээ ядуу байлгах сонирхол байна уу гэх хардлага ч төрүүлдэг. Та хувь хүний зүгээс бус ШИНЭ намын зүгээс ямар нэг байр суурь илэрхийлэх үү?

-Хүмүүс ч ярьж байна. Би ч харж байна. Сүүлийн 30 гаруй жил МАН, АН гэх хоёр нам ээлжлэхдээ ээлжилж, хамтрахдаа хамтран төрийн эрх барьж ирэхдээ ард түмнээ сонгуулиас сонгуулийн хооронд ядуу байлгах тактик барьж ирсэн гэхэд болно. Ард түмнийг ядуу байлгах бодлого нь өнөөдөр хүртэл байж байгааг зудын нөхцөл байдал илчилж өглөө. Олон зүйл дээр харагдаж байгааг нуухгүй. Манай ШИНЭ намын хувьд аль болох эрдэмтэн судлаачид, мэргэжлийн холбоодуудыг нэгтгэн бодлого боловсруулж, ард түмнээ өмчтэй болгох, орлоготой байлгах тал дээр анхаарч байна. Манай намын бодлого бол тооцоо судалгаанд тулгуурласан, иргэнлэг эх оронч байх үүднээс үндэсний ардчилсан үзэл санааг нээж өгч чадсан. Жижиг үндэстний хувьд үндэсний үзэл санаанд нэгдсэн байх ёстой. Олон ургальч үзэл санаанд хуваагдах биш, ганцхан үндэсний гэсэн үзэл санаанд тулгуурлах үүднээс бид үндэсний үзэл санааг нээж, түүнд тулгуурлан, эх орончдоо нэгтгэж чадсан. Үүнд олон эх орончдыг уриалан дуудаж, хамтран ажиллаж байгаа. Үүгээрээ бид улс эх орноо аварч чадах үндэсний үзэлтэй анхны нам болж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Цаг үеийн байдал хэдийгээр амаргүй байгаа ч улс эх орноо, ард түмнээ гэсэн хүмүүсийг нэгтгэн, тодорхой амжилтад хүрнэ гэдэгтээ итгэлтэй салбар салбарт бодлого боловсруулан ажиллаж байна. Үүнийхээ үр дүнг иргэд олон нийтэд хүргэнэ гэдэгтээ ч итгэлтэй байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улс дэлхийн 44 улсын 155 цэг рүү шууд нислэг үйлдэх боломжтой боллоо DNN.mn

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайт нар 2024.01.23-ны өдөр “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Их Британи, Умард ирландын нэгдсэн хаант улсын засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсан.
Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар дээрх хэлэлцээрийг албажуулан баталлаа.
Үүний үр дүнд хоёр орны хооронд шууд нислэг гүйцэтгэхээс гадна Европ болон Төв Азийн орнуудаар дамжин нисэх боломж бүрдэж байна.
Ингэснээр Монгол Улс дэлхийн 44 улсын 155 цэг рүү шууд нислэг үйлдэх боломжтой боллоо.
2024 онд шинээр Узбекистан, Кувейт, Испани, Латви, Азербайжан улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулна.
Австрали, Иран, Индонез улстай агаарын харилцааны хэлэлцээрийг үзэглэхээр төлөвлөж байна.
Мөн тун удахгүй БНСВУ-ын Хошимин, ОХУ-ын Новосибирск, БНХАУ-ын Эрээн хот чиглэлд шууд нислэг эхлүүлнэ.
Одоогийн байдлаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн хаант Улсын Лондон хотын чиглэлд Монголын талаас зорчигч тээврийн нислэг үйлдэхээр “МИАТ” ТӨХК, дан ачаа тээврийн нислэг үйлдэхээр “Изинис Эйрвэйз” ХХК-иуд томилогдоод байна.