Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хөлийн голын орчимд суваг, шуудуу татаж, урсцыг нэмэгдүүллээ DNN.mn

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хөлийн голын дагуу суурьшсан айл өрхийн гэр, байшин, аж ахуйн нэгж, байгууллагуудын хашааг шар усны үерт өртөх эрсдэлээс сэргийлэх, хариу арга хэмжээг мэргэжлийн байгууллагууд зохион байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Геодези, усны барилга, байгууламжийн газрын нийт 32 албан хаагч 13 техниктэйтэйгээр Хөлийн голын орчимд 2 метр өргөн, 600 метр суваг, шуудуу татаж, урсцыг нэмэгдүүллээ.

Тухайн байршилд 30 гаруй айл өрхийн шар усны үерт өртөх эрсдэлийг бууруулж, шар усны үерээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэн, найман айлыг нүүлгэн шилжүүлж, хоёр өрхийн найман иргэнийг “Шижир” амралтын газарт шилжүүлэн байрлуулаад байна. Мөн тус дүүргийн ерөнхий боловсролын 126 дугаар сургуулийн орчимд тогтсон усыг хоёр автомашинаар соруулж, 40 гаруй тонн усыг зөөвөрлөв.

Хонхор өртөөний төмөр замын нүхэн гарцаар шар усны үерийн ус урсаж иргэд, оршин суугчид явган болон суудлын автомашинтай зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Багануур, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн эрсдэл бүхий 21 хорооны нийт 3780 айл өрхөд шар усны үерээс урьдчилан сэргийлэх, цас мөсөө цэвэрлэх, шуудуу татах, далан босгох зөвлөмж, сэрэмжлүүлгийг өдөр бүр хүргэн ажиллаж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Үнэт цаасны гүйлгээ өмнөх оноос 76 хувиар өсчээ DNN.mn

Үнэт цаасны арилжаа 2024 оны эхний хоёр сард 97.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 218 сая ширхэг үнэт цаас арилжжээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс гүйлгээ 42.1 тэрбум төгрөгөөр буюу 76.4 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин арилжсан үнэт цаасны хувьд 28.4 сая ширхгээр буюу 15 хувийн өсөлт юм.

Үнэт цаасны гүйлгээ 2024 оны хоёрдугаар сард 26.4 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 44.4 (62.7%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 9.8 (58.7%) тэрбум төгрөгөөр өсжээ. Арилжсан үнэт цаас 176.1 сая ширхэг болж, өмнөх сараас 134.1 (4.2 дахин) сая ширхгээр, өмнөх оны мөн үеэс 148.0 (6.3 дахин) сая ширхгээр өссөн байна.

Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс 2024 оны хоёрдугаар сард 43535.3 нэгж болж, өмнөх сараас 2283.2 нэгжээр, өмнөх оны мөн үеэс 5194.4 нэгжээр өссөн байна. Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 2024 оны хоёрдугаар сард 11.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 607.1 (5.5хувь) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 4.7 (67.5 хувь) их наяд төгрөгөөр өсчээ.

Categories
мэдээ нийгэм

Гадаад харилцааны яамнаас ОХУ-д болсон халдлагатай холбогдуулан мэдэгдэл гаргажээ DNN.mn

Монгол Улсын Гадаад харилцааны яам мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд

“Москва хотын “Крокус Сити Холл” цогцолборт террорист халдлага гарч, олон хүний амь нас эрсдэж, бэртсэн явдалд цочирдож гүнээ харамсаж байна.

Энэхүү халдлагад өртсөн иргэдийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлж, гэмтэж бэртсэн хүмүүс түргэн эдгэхийг хүсэж байна.

Монгол Улс хүн төрөлхтөн, энгийн ард иргэдэд аюул, заналхийлэл учруулж буй аливаа террорист үйл ажиллагааг эрс буруушаадаг болно” хэмээсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана DNN.mn

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2024.03.25/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН
1 Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 10.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2 Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 “Их засаг”
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
1 Нийгмийн бодлогын байнгын хороо Хувийн нэмэлт тэтгэврийн тухай болон Хувийн тэтгэврийн тухай хуулиудын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын  дэд хэсгийн хуралдаан 10.00 334 тоот
2 Эдийн засгийн байнгын хороо Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 “Үндсэн хууль”
3 Эдийн засгийн байнгын хороо Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 “Их засаг”
4 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 Соёлын яамны хурлын танхим
ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН
1 Хянан шалгах түр хороо /Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх/ · Түр хорооны тогтоолын төсөл /Хянан шалгагч томилох/

· Түр хорооны тогтоолын төсөл /Хянан шалгагчийн ажлын даалгавар батлах, нотлох баримт гаргуулах тухай/

14.00 “Үндсэн хууль”
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргаашнаас шороон шуурга шуурахыг анхааруулж байна DNN.mn

Маргааш буюу гуравдугаар сарын 26-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно.

Харин 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 5-10 хэм,  уулархаг нутгуудаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм байна.

 

 

Эх сурвалж: ОБЕГ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд DNN.mn

Өнөөдөр /2024.03.25/ цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх байршлуудыг танилцуулж байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

27 нам, хоёр эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ DNN.mn

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 27 нам, хоёр эвсэл мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргуулахаар Үндэсний Аудитын Газарт ирүүлжээ.

Мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн нам, эвслийн нэрс:

  1. Иргэдийн оролцооны нэгдэл нам /ИОНН/
  2. Ард түмний Олонхын Засаглал нам /АТОЗ/
  3. Зүй ёс нам
  4. Монгол Шинэчлэлт нам
  5. Эх орон нам
  6. Ард түмний хүч нам
  7. ХҮН нам
  8. Монголын либериал ардчилсан нам
  9. Иргэний хөдөлгөөний нам
  10. Эх орончдын нэгдсэн нам
  11. Үнэн ба зөв нам
  12. Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам
  13. Социал демократ нам
  14. Ардчилсан нам
  15. Үндэсний эвсэл
  16. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
  17. Шинэ нэгдсэн эвсэл /Шинэ нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам эвсэл/
  18. Монгол Консерватив нам
  19. Дэлхийн монголчууд нам
  20. Ардчилал шинэчлэлийн нам
  21. Гэр хороолол хөгжлийн нам
  22. Бүгд найрамдах нам
  23. Их Эв нам
  24. Монголын хүний төлөө нам
  25. Монголын либериал нам
  26. Иргэний зориг ногоон нам
  27. Хөгжлийн хөтөлбөр нам
  28. Монгол Ардын нам
  29. Эрх чөлөөний эвсэл нам /Зон олны нам/

Хүлээн авсан мөрийн хөтөлбөр нь холбогдох хуулийн шаардлага хангаагүй тохиолдолд дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн дотор тухайн нам, эвсэлд мэдэгдэж, дөрөвдүгээр сарын 12-17-ны өдрүүдэд зөвлөмж өгч, алдаа зөрчлийг засуулах юм байна.

Үндэсний Аудитын Газраас дөрөвдүгээр сарын 26-ны өдөр нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт гаргасан дүгнэлтийг нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх хуулийн хугацаатай.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Гуйсан гурилыг хуй дайрдаг гэдэгсэн DNN.mn

Гуйж авсан гурилыг хуй салхи дайрч хийсгэдэг юм гэнэлээ. Өөртөө гурилгүй учир хүнээс жаахан гурил гуйж аваад явж байхад нь ингэж дайсагнадаг гэх эртний үг. Их учир шалтгаантай үг ч гэгддэг. Энэ үгийг сануулмаар үйл явц өнөөдөр Монгол Улсад болж байна. Монголын төр засгаас дотооддоо үйлдвэрлэдэг гурилыг хэт үнэтэй байна гээд Оросоос хямд гурил оруулж ирэхээр хэлэлцэж эхлэв. Үндэсний үйлдвэрлэл гэвэл Монголд гурил… за тэгсхийгээд гарын таван хуруунд багтах бусад хэдэн салбарыг хэлнэ. Тэгсэн үндэсний жаахан үйлдвэрлэлийнхээ оргилд нь яваа гурилд ийнхүү халдах нь бололтой. Монгол Улс нь ерөөсөө юу ч үйлдвэрлэхгүйгээр Орос-Хятад хоёроос зөөгөөд амьдарцгаая гэсэн үзэл санааны тод илрэл гэх үү.

ОХУ-аас хямд гурил оруулж ирлээ гэж бодъё. Оросын нефть, эрчим хүч хоёрт монголчууд мөнхөд дөнгөлүүлж, энэ хоёр салбараар дамжуулан хойд хөрш биднийг дарамталж, данайж байдгийн тоог нэгээр нэмсэн үйл хэрэг болох нь. Оросоос Нефть-Цахилгаан-Гурилаар хараат болох нь. Эхний хоёрыг нь бид дотооддоо зуун хувь үйлдвэрлэдэг болох гэж 100 жил зүтгээд барсангүй. Горыг нь бид алхам тутамдаа амсан амьдарцгааж байгаа. Дээр нь одоо гурилыг нэмэхээр эрх баригчид шийджээ. Энэ бол байж боломгүй гутамшиг. Эх орноосоо урван тэрсэлсэн үйлдэл мөн.

Үнэндээ гурилын үйлдвэрлэл эхний хоёр шиг яавч биш. Бид дотооддоо хэдэн том үйлдвэртэй болж чадсан. Үр тариагаа дотооддоо тарьж ургуулж үйлдвэрүүддээ нийлүүлж байна. Ийм амжилтад хүрэхийн тулд басчиг монголчууд хөдөлмөрлөсөн. Бодлого гаргаж амжилттай хэрэгжүүлсэн. Атрын-1, 2, 3, 4 дүгээр аянууд амжилттай хэрэгжсэн. Нөр их хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө орсон. Одоо бол Атрын-5 дугаар аянаа хэрэгжүүлж дотооддоо боломжит үнийн дүнг тогтоох бодлого л гаргах ёстой. Гэтэл шууд Оросоос хямд гурил оруулж ирж дотоодын хэдэн үйлдвэрээ сөнөөнө гэх. Наад захын, хэнд ч харагдаж буй ийм зөв гарц гаргалгаа байсаар атал шүү. Үндэсний үйлдвэрлэгчид, салбарын том мэргэжилтнүүд, эрдэмтэн мэргэд, бодлого боловсруулагчид үүнээс ч илүү сайн бодлогыг дотооддоо хэрэгжүүлж чадна. Ийм тодорхой

асуудал, бэлэн шахуу шийдэл дээр ажиллахыг хүсэхгүй шууд Оросуудаас авна гэдэг нь ямар учиртай юм бэ. Жишээ нь, Оросууд гурил бидэнд өгч байгаад гэнэт хилээ хаавал яах вэ. Тэр үед хэдэн үйлдвэр нь

хэдийнэ дампуурчихсан байх биз. Хариуцлагыг хэн хүлээх юм. Монголчууд гурилгүй амьдрах уу. Чадахгүй шүү дээ. Гурилгүй болчихсон ард түмэн босно, тэмцэнэ. Байгаа жаахан гурилан дээр нийгмийн дайн явагдана. Үндэсний аюулгүй байдлын асуудал шууд яригдана. Тийм л учраас гурилыг стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүнд оруулдаг юм.

Ийм л аюулын эхлэл өнөөдөр төрийн хэмжээнд яригдаж, шийдвэр болж гарах тухай хэлэлцэгдэж байна. Ийм байдалд орж байгаагийн зорилго өнөөдөр тодорхой шүү дээ. МАН сонгуульд ялах гэж гурил, махны үнэд оролцож эхэллээ. Нэмээд юуны үнэд оролцохыг хэлж мэдэхгүй. Энэ бүгдийн эцэст Монгол Улс л дампуурна.

Гурил, махны үнийг ард түмэн дийлэхгүй байгаа юм бол, тэгтлээ ядарсан ард түмэн та нарт саналаа өгөх үү. Эрх баригч МАН ингэтэл нь ард түмний амьдралыг дордуулсан байна шүү дээ. Америкт анх бол зөвхөн татвар төлөгчид сонгуульд саналаа өгдөг тогтолцоотой байлаа. Яагаад гэвэл тэр давхаргынхан нь жинхэнэ хөдөлмөрлөж, баялаг бүтээж, ажлын байрыг олноор бий болгож, татвар төлж, улсын төсвөө бүрдүүлж байсан учраас тэр юм. Тэр хэрээрээ хариуцлагатайгаар санал өгдөг. Нэг талаас тэр нь бараг зөв байсан юм шиг санагдах. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн энэ цаг үед бол бүдүүлэг байх. Гэхдээ шударга ёс үнэртээд байдаг юм.

Үүний яг эсрэгээр өнөөдөр Монголын эрх баригчид ард түмнээ мах, гурил хоёрынхоо үнийг дийлж авч чадахгүй болтол нь ядууруулчихаад, тэдний саналыг авч дахин сонгогдохын тулд “Хямд мах, гурилаар та нарыгаа хангана” хэмээн шийдвэр гаргах гэж байгаа нь доромжлол. Ард түмэн тэнэг биш шүү дээ. Харж дүгнэж л байгаа. Тийм болохоор мах, гурилаа дийлэхгүй байгаа ард түмэн МАН-д саналаа өгнө гэж байх уу. Хаа хаанаа бодох асуудал энэ шүү. Эцсийн үр дагавар нь эх орноо сүйрүүлэх алхмыг нэмсэн хэрэг болсоор дуусна. Ердөө ийм л хар зураг харагдаж байна. Үүнийг эртний сургаал үгсийн нэг болох “Гуйсан гурилыг хуй дайрдаг гэдэгсэн” хэмээх зүйрлэлээр товчлон хүргэлээ. Ердөө л энэ шүү…

Б.Нямаа

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу DNN.mn

Томоохон намууд өнгөрсөн амралтын өдрүүдээр хурлаа хийлээ. МАН-ын Бага хурал, АН-ын ҮБХ-ны хурал болсон. Түүгээр сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж баталцгаасан байна. Учир нь сонгуулийн хуанлийн дагуу энэ сарын 25-наас өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т өгөх ёстой юм.

Мөрийн хөтөлбөр яахав, илүү бодитой хөтөлбөр дэвшүүлэх тал дээр аль аль нь анхаарсан биз. Тэгэхээс ч өөр аргагүй. Одоо олон нийт мөрөөдөлд итгэхээ больчихсон юм.

Мөрийн хөтөлбөрөөс гадна 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх шаардлагаа намууд ярилцсан байна. Энэ талаар МАН албан мэдээлэлдээ “Бага хурлын III хуралдаанд МАН-ын Хяналтын хорооны дарга Б.Баярбаатар сонгуульд нэр дэвшүүлэх журмын талаар танилцуулж, Бага хурлын гишүүдийн асуултад хариулав. Сонгуульд нэр дэвших хүсэлтэй МАН-ын гишүүдэд хэд хэдэн зарчмын шаардлага тавьж байгаагаа Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар онцоллоо. Тухайлбал, “Нэр дэвшихийг горилж буй гишүүн нь аливаа ажил албанд хариуцлагатай ханддаг, ёс зүйтэй, сахилга баттай, зохион байгуулалттай, багаар ажиллаж чаддаг, эв нэгдэлтэй байх гэсэн чухал зарчмын шаардлагуудыг тавьж байна. Хяналтын ерөнхий хороо нэр дэвших хүсэлтийг авч эхэлсэн бөгөөд намын Удирдах зөвлөлд нэр дэвших хүсэлтүүдийг өгч улмаар МАН-ын Бага хурлын IV хуралдаанд танилцуулна хэмээлээ” гэсэн байна. Тус намынхан энэхүү нэр дэвшүүлэх журмаа тойроод нэлээд нухацтай ярьжээ. Нухацтай ч гэж, намын даргынх нь энэхүү журамд оруулсан санал нэлээдийг нь цочоосон байна. Бараг л сюрприз маягийн зүйл болсон бололтой.

МАН-ын нэр дэвшүүлэх журамд анхаарал татсан хоёр зүйл шинээр орж иржээ. Эхнийх нь жендерийн асуудалтай холбоотой юм байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 30.2-т “Нам, эвслээс нэр дэвшүүлэхэд 2024 оны ээлжит сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь, 2028 оны ээлжит сонгуулиар 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна” гэж заасан. Энэ нь 2024 оны УИХ-ын сонгуулийн нийт нэр дэвшигчдийн 30 хувиас доошгүй нь эмэгтэйчүүд байх тухай л заалт юм. Энэ дагуу МАН-аас нэр дэвшигчдийн 30-аас дээш хувь нь эмэгтэйчүүд байх нь тодорхой. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2023 оны тавдугаар сарын 5-нд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг танилцуулж УИХ-ын чуулганд үг хэлэхдээ “Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл батлагдсанаар жендерийн тэгш байдлын төлөөлөл, нийгмийн сонирхлын бүлгүүд, багш, эмч, инженер, техникийн ажилтнууд, сэхээтнүүд, малчин, тариаланчид, оюутан залуучууд, ахмад, дунд үеийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үйлдвэрчний эвлэл болон ажилчдын төлөөлөл, нийгмийн цөөнхийн төлөөлөл төрийн бодлого тодорхойлоход оролцох чадамж хоёр дахин нэмэгдэнэ” гэж байсан. Улмаар хууль батлагдсаны дараа жагсаалтыг хүйсээр ээлжилж бичих талаар ярьж эхэлсэн. Ийм ойлголт намынханд нь ч, олон нийтэд ч суучихсан.

Харин саяын Бага хурал дээр тойрогт нэр дэвшигчдийг ч хүйсээр нь ээлжилж жагсаах талаар дуулгасан гэнэ. Тухайн тойргийн 10 нэр дэвшигчийн гурав нь эмэгтэй байлаа гэхэд нэг, эсвэл хоёр дээр нь эмэгтэй нэр дэвшигч бичигдэнэ. Мөн залгуулаад гурав, эсвэл дөрөв дээр нь гэсэн дарааллаар бичигдэх юм байна.

Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн намар аймгуудад ажиллаж байхдаа намынхаа жагсаалтад нийгмийн төлөөллийг оруулна гэснээ саяхан Удирдах зөвлөл, Бодлогын зөвлөлөөрөө оруулаад, сая Бага хурлаараа баталгаажуулаад авсан. Үүн дээр нэмэгдээд жагсаалт ч, тойрог ч эрэгтэй эмэгтэй гэж ээлжилж бичигдэх зарчим үйлчлэхээр болж журамлагдаж байх шиг байна. Энэ нь МАН-ын зарим гишүүнд таалагдахгүй л байгаа бололтой.

Энэ дээр нэмээд авлига, албан тушаалын асуудалтай гишүүдэд ч хатуурхахаар зарчим журамдаа хийснээ мөн дуулгажээ. Бага хурлаас өмнө МАН-аас нэр дэвших гишүүн нь ийм асуудалд холбогдсон байвал хасагдах уу, шүүхээр шийтгэгдсэн тохиолдолд хасах уу гэдэг эргэлзээтэй асуулт яригдаад байсан. Бага хурлын дараах мэдээллээр авлига албан тушаалын асуудалд холбогдсон МАН-ын гишүүн УИХ-ын энэ сонгуульд нэр дэвшихэд хэцүү болж буй ажээ. МАН-аас нэр дэвшигчдийг Хяналтын хорооны дүгнэлтээр тодруулахаар болсон нь дээрх асуудалд холбогдсон гишүүдэд халгаатай гэдгийг дам байдлаар ойлгуулсан явдал болжээ.

Ийм хоёр зарчим нэр дэвшүүлэх журмаар гарч ирсний эцэст МАН-ын зарим гишүүдийн зүгээс “Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу” гэх асуудлыг ярьж эхэлцгээгээд байна.

Тэрбээр эмэгтэйчүүдийг үнэхээр дэмжээд байх магадлал бас бий. МАН-ын дарга болсноосоо хойш гадны том сургууль төгсөж, мэргэшсэн олон эмэгтэйг улс төрд оруулж ирсэн. Тэдэндээ орон зай гаргах гэсэн оролдлого байж болох юм. Бас олон удаа хэлсэн “Авлига, албан тушаалын асуудалд холбогдсон гишүүдээ нэр дэвшүүлэхгүй” гэх үгэндээ хүрэх гэсэн ч байж болно. Гэхдээ эдгээрийн аль нь ч байсан, аль ч тохиолдолд МАН-ын зарим гишүүний хардаад байгаачлан энэ бүхэн Л.Оюун-Эрдэнийн “үе солих” тактик байх бүрэн боломжтой харагдаад байна.

Ө.Бааст

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна DNN.mn

Токиогийн гудамжинд нүдэнд хамгийн түрүүнд туссан нь зам, зам дээр явж буй машинууд байсан. Ингэхдээ суудлын автомашин гэхээс илүү хүнд даацын ачааны машин, тэр дундаа хог тээвэрлэдэг машинууд дөнгөж үйлдвэрээсээ гарсан юм уу гэмээр өнгөлөг. Бүр хүүхдийн тоглоомон машин шиг өнгө бүр байхыг яана. Цэл цэнхэр, гал улаан, гялтганасан, манайхаар бол будаг нь ханхалсан гэмээр машинууд давхилдах нь содон харагдаж байв. Дараагийнх нь замын тэмдэг, тэмдэглэгээ. Өчигдөрхөн замаа тавиад, тэмдэг тэмдэглэгээ зурж гэмээр бас л шинэ. Эсвэл жилд хэдэн ч удаа хамаагүй замаа сэргээж, буддаг байх гэмээр. Зам дээр нь цэвэрлэгээний ажилчид ер явж харагдаагүй. Тэгсэн хэрнээ ямар нэгэн хог хаягдал харагдахгүй. Хог хаягдлын менежмэнт төгс болчихсон газарт арга ч үгүй биз. Сонин нь зам талбай нь ямар ч тоос шороогүй, өнгөлөг. Замын хайс хашлага нь бүрэн бүтэн, цэвэр цэмцгэр. Хөдөлгөөнд оролцож байгаа машинууд ямар ч хир толбогүй, гялгараараа. Ийм нэгэн хавар Токиод болж буйг саяхан тольдоод ирсэн билээ.

Харин монголчуудын хувьд энэ өвөл хүнд өвөл байлаа. Хөдөө орон нутагт зуд болж, малчид маш өндөр гарз хохиролтой өвлийг өнгөрөөв.

Засгийн газраас энэ үйл явцыг гамшиг хэмээн албан ёсоор зарлаж, хандив тусламжийн үйл ажиллагааг өрнүүлсэн. Малын хорогдол 10 сая давах тооцоолол ч урьдчилсан байдлаар гарчээ. Цаг агаар наашилж, одоо л малчид сөхөө авахтайгаа болж буй.

Өнгөрсөн өвөл зөвхөн малчдад хүнд байсангүй бололтой. Улсын нийслэл Улаанбаатарт ч хахир өвөл болжээ, янз нь. Учир нь гэрээсээ гарахад, гудамжаар алхахад, машиндаа суухад малчид шиг цас, шуургатай байлдаагүй ч шороо тортог, нүүрсний угаар, машины утаатай байлдсан юмуу гэмээр дүр зураг өглөө бүр угтаж байна. Ийм дүр зураг хаа сайгүй байна.

Өчигдөр хэд, хэдэн газраар явж үзлээ. Гандан, Тасганы-Овоо орчим бол Улаанбаатар хотын агаарын бохирдол өндөртэй цэгт тооцогддог. Зурагтын арын гэр хороолол орчимд гуу жалга, сүүдэр тал руугаа харсан хэсгийн цас арай ч хайлж дуусаагүй байна. Гэхдээ цас гэж хэлэхэд тун хэцүү. Хав хар, тортог тогтчихсон, хуруугаараа тэмтэрч байж цас гэж мэдэхээр юм.

Сүүлд орсон их цасыг цэвэрлэхдээ замын хажуу руу овоолсон. ТасганыОвоогоор уруудахад тэр цас одоо арай хайлж дуусаагүй байна. Цасан дээр нүүрсний утаа, машины утааны тортог суугаад удахаар сааралтсан овоолго л болчихдог юм байна. Тэр саарал цас хайлаад явган хүний зам руу урсаж орж иржээ. Хүн явахад бэрхшээлтэй. Хэд алхаад өлмий дээрээ нэг, өсгийн дээрээ нэг хоёр харайх энүүхэнд. “Уран гулгалтаас уртын харайлт руу” гэсэн шог хэллэг энэ байх.

Манай нийслэлийн явган хүний зам нь тийм ч стандартных биш. Хавтангууд нь эв хавгүй шахагдчихсан, зарим хэсгээрээ эвдрээд шороотой газар нь ил болчихсон замууд захаас аваад бий. Тийм хэсэгт саарал цас хайлаад ороод ирэхэд тортогтой зуурсан шалбааг болж харагдана. Ийм зам дээр тамхины иш, элдэв янзын цаас, хог хаягдал үргэлж таарахыг яана. Тэгээд зогсохгүй тав алхаад л нус цэр явган хүний замаар нэг нялайж байх тохиолдол олонтаа юм.

12.PNG

Автомашины зам бас л ярилтгүй. Тэмдэг, тэмдэглэгээ хаана байгаа нь харагдахгүй бас л нэг сааралтсан үргэлжилсэн эгнээ. Эрхбиш зарим г азраараа хашлага тавьчихдаг учраас сөрөг урсгалаа ялгаад байна уу гэмээр. Зам дээрх шороо тоос нь хуруу зузаан.

Замын хөдөлгөөнд оролцож байгаа машинуудыг харлаа. Бохир, шороо тортогтой, угаагаагүй машин тоолсноос цэвэрхэнийг нь тоолбол амар юм байна. 10 машин өнгөрөхөд нэг л цэвэрхэн машин зөрж байх жишээтэй. Уг нь жолооч нар угааж цэвэрлээд л хөдөлгөөнд оролцож байгаа бололтой. Гэвч хуруу зузаан тоос шороотой зам дээр хагас өдөр явахад л машин халтардах нь ойлгомжтой. Тиймдээ ч машины орой хэсэг нь цэвэрхэн, дандаа хажуу бөөрөн хэсгээрээ шороонд дарагдчихсан нь дийлэнх байна. Уншигч та ч бас хараарай. Хөдөлгөөнд оролцож байгаа, зогсоолд тавьсан бүх машин өнгө нь ялгарахааргүй сааралтжээ. Нийтийн тээврийн автобус ч ялгаагүй. Шороо тоосонд дарагдсан автобус буудал бүрт ирж зогсож байна лээ. Хүмүүс суухдаа автобуснаас холуур тойрч хаалган дээр нь очиж харагдсан.

Замын голоор, хажуугаар тарьсан модод л хамгийн өрөвдөлтэй харагдаж байна. Уг нь тэд амьд биетүүд. Хэдийгээр нахиалж, цэцэглэх болоогүй ч өдийд бол моддын өнгө сэргээд шаргалтаад ирэх цаг. Гэвч улсын нийслэл Улаанбаатарын төвөөр тарьсан модод танигдахгүй шинжтэй. Хэлбэрийг нь харж ялгахаас биш нийтээрээ хар сааралтсан бөөнийсөн юм болжээ. Зөвхөн модод ч биш. Тагтаа, болжморууд нисч байна. Тагтаа цэнхэр, болжмор бор биш бил үү. Бас л нэг сааралтсан шувууд нисч байна.

Замын хажуу дахь хайс хашлага эвдэрхий. Зам дагуух үйлчилгээний газар, барилга байгууламжуудын өнгө хэдийнэ гандчихсан, дээр нь шороо тоос тогтчихоороо нэлэнхүйдээ саарал л харагддаг юм байна. Хотын гудамжаар яваа хүмүүсийг ажиглалаа. Хар бараан голдуу хувцастай хүмүүс их байдаг ажээ. Ийм өнгө төрхтэй орчинд яваа хүмүүс яаж ч хичээсэн инээмсэглэхгүй. Баргар, ууртайдуу царайтай ихэнх нь угтана.

Гэр хороолол бүр ч хүнд дүр зурагтай байна. Чингэлтэй, Дэнжийн мянга орчмын гудамжаар явж үзлээ. Нэг үе угаадсаа ил асгадаг байсныг бодвол дээрджээ. Гэсэн ч гудамж талбай, хашаа, гэрүүд дээр нийтээр нь хар шороо асгачихсан гэмээр хар саарал болжээ.

Ийм дүр зураг нийс лэлийн аль ч өнцөгт байна. 1.6 сая хүн амьдарч, амьсгалж байгаа Улаанбаатар хотын хаврын дүр төрх энэ. Өвөлжин шороо тортогтой дайтсан юм уу гэмээр, эсвэл шороон шуурганаас гарч ирсэн юм шиг хүнд хавар нийслэлд болж байна. Машин дээр, зам дээр хуруу зузаан шороо тогтож байгаа шиг нийслэлчүүд ч ийм хэмжээний бохирдолтой агаарыг амьсгалж байгаа гэж бодохоор гомдол төрөх аж.