Categories
мэдээ нийгэм

Эцэг эхчүүдээс уучлал гуйв DNN.mn

АНУ-ын Сенатын Хууль зүйн байнгын хороо онлайн орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулав.

Нэлээд ширүүн уур амьсгалтай болж өнгөрсөн уг сонсголд “Meta”, “Snap”, “Discord”, “X”, “TikTok” гэсэн таван компанийн гүйцэтгэх захирлууд оролцжээ. Мөн уг сонсголд сошиал платформын нөлөөгөөр амиа алдсан болон эрүүл мэндээрээ хохирсон хүүхдүүдийн эцэг эхчүүдийн төлөөлөл оролцож байжээ. Тэд гартаа хүүхдүүдийнхээ гэрэл зургийг барьсан байв. Сонсголын үеэр Бүгд найрамдах намын сенатор Жош Хаули хохирогч хүүхдүүдийн эцэг эхчүүдийн нүүр рүү харж байгаад уучлал гуйхыг Зукербергээс шаардсан байна. Хаули “Таны бүтээгдэхүүн хүүхдүүдийг алж байна” гэж хэлээд яг одоо тэдний эцэг, эхээс уучлал гуйх боломжтой эсэхийг залуу тэрбумтнаас асуужээ.

Зукерберг суудлаасаа босч, эцэг эхчүүдийн төлөөлөл рүү харж зогсоод “Та бүгдийн амссан зовлон зүдгүүрийг өөр хэн ч дахин туулах ёсгүй. Бид энэ ажилд их мөнгө зарцуулж байгаа ч би та бүхнээс уучлал гуйж байна” гэж хэлжээ.

Энэхүү сонсголд оролцсон Сенатын гишүүдийн олонх нь сошиал медиа компаниудын хуулийн зохицуулалтын орчныг чангатгаж, хүүхдийн садар самуун, хүчирхийллийг сурталчилсан агуулгатай материалыг платформоороо тараасан тохиолдолд хатуу хариуцлага хүлээдэг болгох хууль батална гэж амласан байна.

Categories
гадаад мэдээ

Оросын эдийн засгийн бодит төрх DNN.mn

Венийн Олон улсын эдийн засгийн судалгааны хүрээлэн /WIIW/-ийн шинжээчид “Кремль өнгөрсөн онд Оросын эдийн засаг 3.5 хувиар өссөн гэж бичиж байгаа ч энэ онд Оросын холбооны улсын эдийн засгийн өсөлт ердөө 1.5 хувь байх болно” гэж таамаглажээ. Шинжээчид үүний гол шалтгааныг өндөр инфляци буюу ОХУ-ын Төв банк бодлогын хүүгээ 16 хувьд хүргэсэн явдал гэж үзжээ.

WIIW-ийн шинжээчид “Орос улс дайнаас улам бүр хамааралтай болж байна. Үүний асар их зардал нь эдийн засагт хар тамхи мэт нөлөөлж байна” гэж дүгнэжээ. Тус хүрээлэнгийн тайланд 2024 онд ОХУ-ын холбооны төсвийн 29 орчим хувийг цэргийн зардалд зориулж буйг онцолсон байна. Үүнээс гадна Австрийн судалгааны хүрээлэн өнгөрсөн 12 дугаар сарын дундуур ОХУ-ын Төв банк үндсэн хүүгээ 100 суурь нэгжээр нэмэгдүүлж, жилийн 16.00 хувь болгосон нь энэ улсад инфляцийн дарамт өндөр хэвээр байгааг нотолж байна. Энэ оны эцэс гэхэд жилийн инфляцийн таамаглал дээд хязгаар буюу 7.0-7.5 хувь хүрээд байна. Үүний зэрэгцээ ОХУ-ын Төв банкны таамаглалаар “жилийн инфляци 2024 онд 4.0-4.5хувь хүрч бууран, цаашид дөрвөн хувь руу ойртоно” гэж зарлав.

Өнгөрсөн зургаан сарын хугацаанд ОХУ-ын Банк инфляцийг бууруулахын тулд үндсэн хүүгээ аажмаар өсгөсөн. ОХУ-ын Төв банк хүүгээ долоодугаар сард 8.5, наймдугаар сард 12, есдүгээр сарын дундуур 13, 10 дугаар сарын сүүлчээр 15 хувиар өсгөсөн нь Орос улсад “Эдийн засгийн халуурал явагдаж байгааг харуулж байна” гэж дүгнэжээ. Энэ нь рублийн ам.доллартай харьцах ханш суларч эдийн засаг нь сульдан суларч үүнээс цааш “алхах” аваас шууд дампуурах аюултай болсон байна.

Өөрөөр хэлбэл, олон улсын хоригоос болж бага үнээр байгалийн хий, нефтийг бусад улсад худалдаж буй Оросын албан тушаалтнууд өөртөө их ашиг унагаж, улс нь валютын хомсдолд орж байна гэсэн үг юм. Үүнээс гадна байлдааны хэрэгсэл үйлдвэрлэж буй Оросын эдийн засаг цаасан дээр өсөлттэй мэт харагдаж байгаа ч үйлдвэрлэсэн болгон нь дайнд устгагдаж буй учир энэ нь үнэндээ бол эдийн засгийн бодит өсөлт биш юм. Бас нэг маш муу буюу шууд уналтад ордог зүйл бол Оросын байлдааны үйлдвэрүүдийн нэг онцгой чанар нь энхийн цаг ирэхэд ямар ч хөрвөх чадваргүй болдог явдал. ЗХУ-ын үед яг ийм явдал болж эдийн засаг нь “амаараа шороо үмхэж” байсан.

Учир нь бидний өнөөдөр хэрэглэж буй богино долгионы цахилгаан зуух, гар утас болон гар утаснаасаа хаана түгжрэлтэй байгааг харж байгаа зэрэг нь үнэндээ бол байлдааны зэвсгийн гологдсон технологи юм. Харин Оросын байлдааны хэрэгслийн үйлдвэрүүд өөрсдөө зохиогоогүй, бусдаас хулгайлсан технологи хэрэглэж байдаг учир энхийн цаг ирэхэд иргэний бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон улсын зах зээлд өрсөлдөх ямар ч чадваргүй болдог. Энэ бүхэн бол өнөөгийн Оросын эдийн засгийн бодит төрх юм.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Агаар бохирдуулагч суурин эх үүсвэрт шалгалт хийж байна DNN.mn

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчийн баталсан “Агаар бохирдуулагч суурин эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийж, магадлан итгэмжлэх” ажлын удирдамжийн дагуу 100 кВт-аас дээш хүчин чадалтай уурын болон усан халаалтын зуух ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийж байна.

Энэ хүрээнд нийт 46 аж ахуйн нэгж, байгууллагын Байгаль орчны тухай хууль, Агаарын тухай хууль, Хог хаягдлын тухай хуульд холбогдох дүрэм, журам, стандартыг хангаж байгаа эсэхэд урьдчилан сэргийлэх шалгалтыг хийгээд байгаа юм.

Тус ажил 2024 оны дөрөвдүгээр сарын 15 хүртэл үргэлжлэх бөгөөд Ажлын хэсэг дүүргүүдийн Засаг даргын тамгын газар, Экологийн Цагдаагийн алба, Хэсэгчилсэн инженер хангамжийн удирдах газар бүхий гэсэн байгууллагуудаас бүрдэж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Бэхбат: Нүдээр, гараар үнэт эдлэл жинхэнэ эсэхийг тогтоох боломжгүй  DNN.mn

Өчигдөр “Мөнгөн завьяа” худалдааны төвд СЗХ болон Стандарт, хэмжил зүйл газрын сорьцын хяналтын газраас тухайн төвд худалдан борлуулж буй эрдэнийн чулуу, үнэт эдлэлүүдэд сорьцын баталгааны тэмдэг дарагдсан эсэхийг хяналаа. Мөн мөнгөн аягыг стандартын дагуу үйлдвэрлэсэн эсэхийг нягтлах, иргэдэд хуурамч бараа, бүтээгдэхүүн авахаас сэргийлэх заавар зөвлөмж өгөв.


Ямар төрлийн хяналт хийгдэж байна вэ?

-Бүх хэмжих хэрэгсэл заавал баталгаажуулалтад хамрагдсан байх ёстой. Иргэд, худалдаа эрхлэгчид дунд хамгийн түгээмэл асуудал бол жингийн асуудал байдаг. Үнэт эдлэлийн худалдаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд нарийвчлал өндөртэй жин ашиглах ёстой. Худалдаа эрхлэгчид стандартад нийцсэн жин ашиглаж байгаа эсэхэд хяналт шалгалт өнөөдөр хийгдэж байна. Өнөөдөр нийт “Мөнгөн завьяа” худалдааны төвд 80 гаруй худалдаа эрхлэгчид үйл ажиллагаа явуулж байна. Бид “Мөнгөн завьяа” худалдааны төвийн зохион байгуулагчид болон удирдлагуудтай уулзалт хийж байна. Бид хэд хэдэн асуудлын хүрээнд ярилцаж байна. Нэн тэргүүн худалдааны жин баталгаажсан байх ёстой. Жин баталгаажуулах ажил дээр Стандарт хэмжил зүйн газрын улсын шалгагч нар ажиллаж байна.

Худалдаа эрхэлж байгаа түрээслэгчид хууль эрх зүйн талаарх мэдлэг боловсрол дутмаг байгаа бол бидний зүгээс мэдлэг мэдээллийн сайжруулах чиглэлээр хамтарч ажиллаж болох тухай хэлэлцэж байна. Нийтлэг зөрчлийг арилгах зорилгоор албан шаардлага хүргүүлэх юм.

Иргэд гараар бариад, нүдээр хараад хуурамч барааг таних боломжтой юу?

-Өргөн хэрэглээний үнэт эдлэлүүд жинхэнэ, хуурамч эсэхийг олж тогтоох уламжлалт аргууд байдаг. Тухайлбал мэдрэхүйн эрхтнээ ашиглаж, шүлсээрээ норгож, гараараа имэрч гэх мэт. Гэхдээ өнөө үед үнэт металлын чанарыг хүн нүдээр хараад мэдэхгүй, гараараа бариад мэдрэхгүй. Хуурамч, жинхэнэ бүтээгдэхүүнүүдийг ялгах боломжгүй учраас баталгаажсан бүтээгдэхүүн авах хэрэгтэй. Бүрмэл мөнгөн аяганд цул мөнгөн аяганы өртөг төлөх ёсгүй.

Хуурамч бараа авсан иргэд хаана хандах ёстой вэ?

-Нэн тэргүүнд сорьцын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Стандарт хэмжил зүйн газарт хандах ёстой. 1800-2525 гэсэн утсаар санал гомдол тогтмол хүлээн авч байна. Хяналт шалгалт хийж байгаа гол зорилго бол хэрэглэгчийг хохирогч болохоос өмнө урьдчилан сэргийлэх зорилготой юм. Энэхүү үйл ажиллагаагаар бид иргэд худалдан авалт хийхдээ анхаарах ёстой зүйлсийг мэдээлж байна. Нэгдүгээрт, сорьцын баталгаатай бараа бүтээгдэхүүн ав. Хоёрдугаарт, эрдэнийн чулууны ангилалд багтаж байгаа бүтээгдэхүүн авахдаа “Эрдэнийн чулууны гэрчилгээ”-тэй бараа сонгож авах хэрэгтэй. Сорьцын баталгааны тэмдэг дарагдсан эсэхийг буюу сорьц тогтоох шинжилгээний бичгийг худалдан авагч шаардах эрхтэй.

Дутуу сорьцтой бол яах вэ?

-Сорьц гэдэг зүйл маань үнэт металлын агуулга дээр яригддаг хэмжигдэхүүн юм. Үнэт металлаар хийсэн эдлэлийн чанар байдлыг илэрхийлж байгаа гол үзүүлэлт. 999 гэдэг бол тухайн үнэт металлын хальсийг 1000 нэгж гэж үзэх юм бол 999 нэгж нь алт байх ёстой. 999 сорьцтой гэж зарчиад 999-ээс доош сорьцтой байх юм бол худалдан авч байгаа хүндээ хохиролтой юм. Үүнээс сэргийлэх зорилгоор бид энэхүү хяналт, шалгалтыг хийж байна. Сорьц баталгаагүй байна гэдэг сорьцдоо хүрээгүй байна гэсэн үг. Үнэт эдлэл худалдан борлуулах үйл ажиллагаа нь тусгай зөвшөөрөл шаарддаг. Тиймээс иргэд худалдан авалт хийж байгаа бол үйлдвэрлэгчийн барааны тэмдэг, сорьцын баталгааны тэмдэгтэй бүтээгдэхүүн авах хэрэгтэй.

Сорьцыг ямар байгууллага баталгаа жуулдаг вэ?

-Засгийн газрын тохируулагч агентлаг, стандарт хэмжил зүйн газрын харьяа Сорьцын хяналтын газар баталгаажуулдаг. Үнэт металлын сорьц тогтоох лаборатори болон эрдэнийн чулууны лаборатори баталгаажуулдаг.

-Хуурамч үнэт эдлэл зарсан тохиолдол 2023 онд хэд бүртгэгдсэн бэ?

-Иргэдийн санал гомдолын дагуу 69 иргэн, 34 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийсэн. Зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжид нийт 55 зөвлөмж, албан шаардлагыг зохих журмаар өгсөн. Иргэдээс ирсэн гомдлыг бид барагдуулах, нягтлах шалгах чиглэлээр ажиллаж байна. Хэрэглэгч худалдаж авсан бараа бүтээгдэхүүнийхээ тухай санал гомдол гаргаж байгаа бол авсан газар тодорхой байх ёстой. Буцах хаягтай, буух эзэнтэй газраас худалдан авалт хийсэн тохиолдолд бид иргэний санал, гомдлыг шийдвэрлэхээр ажиллах боломжтой. Харин гудамжнаас, гар дээрээс буюу үнэт эдлэл худалдаалах зөвшөөрөлгүй газраас хуурамч үнэт эдлэл авсан тохиолдолд бидний зүгээс шийдвэрлэх боломжгүй.

-Импортын бүтээгдэхүүн ямар стандарт мөрдөх вэ. Тухай импортолсон улсын сорьцын гэрчилгээ монголд хүчинтэй юу?

-Импортын үнэт эдлэлд Монгол Улсын сорьцын хяналтын дүрэм журам хэрэгжинэ. Заавал баталгаажуулах ёстой. Өнөөдрийн байдлаар бид “Мөнгөн завьяа” худалдааны төвд худалдаа хийж байгаа хүмүүүст импортын 380 орчим ээмэг, зүүлтээ сорьцын баталгаанд хамруулах шаардлага тавилаа. Тиймээс сорьцын баталгаанд хамрагдах хүртэл эдгээр барааг худалдан борлуулах эрхгүй болж байгаа юм.

-Нэг үнэт эдлэлд хэдэн баталгаажуулсан баримт шаардаж байна?

-Мөнгөн эдлэл дээр зургаан талтай тэмдэглэгээ дарагдсан байх ёстой. Жишээлбэл энэхүү мөнгөн аяга дээр сорьцын баталгааны тэмдэг дарагдсан байна. Энэхүү хоёр тэмдэглэгээний нэг нь үйлдвэрлэгчийн барааны тэмдэг. Үйлдвэрлэгчийн барааны тэмдэг гэдэг бол оюуны өмчийн газраас олгогддог тэмдэг. Хэн нэгэнтэй давхцах боломжгүй. Хэн үйлдвэрлэсэн гэдэг нь тодорхой болж байна гэсэн үг. Дараа нь Стандарт хэмжил зүйн газраас химийн шинжилгээ хийгээд сорьц нь 999 гэдгийг баталгаажуулж байгаа юм. Энэхүү хоёр тэмдэглэгээ дарагдсан бүтээгдэхүүнийг сорьцын баталгаатай гэсэн үг. Өөрөөр хэлбэл мөнгөн эдлэл биш эдлэл дээр бид баталгааны тэмдэг тэмдэглэгээ дарах боломжгүй юм. Мөнгөн эдлэл биш бол химийн шинжилгээ хийх боломжгүй байдаг. Сорьцын баталгааны тэмдэгийг зөвхөн зохих шаардлага хангагдсан бүтээгдэхүүн дээр дардаг.

-Мөнгөн аяга ямар стандарттай вэ?

-2015 онд мөнгөн аяганы стандарт батлагдсан. Тагшны хэмжээ, мөнгөн металл орох орцны хэмжээ аяганы хэмжээнээс хамаараад бүгд өөр. Бүрмэл мөнгөн аяганы дотрыг MNS 3477 стандартад заасан 999.0 сорьцтой мөнгөөр, суурийг М3 925, 875, 835, 800 сорьцтой мөнгөний хайлшаар үйлдвэрлэх ёстой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Галд өртөж, бичиг баримтгүй болсон иргэдэд шинээр бичиг баримт олгожээ DNN.mn

Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-аас 2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 26-р хороонд гарсан галд өртөж, бичиг баримтгүй болсон иргэдэд шинээр бичиг баримт олгожээ.

Тодруулбал, Улсын бүртгэлийн үйлчилгээний төв, цэгүүдэд биечлэн очих боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай зорилтот бүлгийн иргэд, алслагдсан байршилд оршин суугч, хил хязгаарын шинэ суурьшлын бүсэд ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан төрийн үйлчилгээ авч чадахгүй байгаа иргэдэд улсын бүртгэлийн “хөдөлгөөнт үйлчилгээ”-г нэвтрүүлсэн.

May be an image of 1 person and text

Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 26-р хороонд болсон дэлбэрэлтийн үеэр галд өртөж, бичиг баримтгүй болсон иргэдэд тус дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс хөдөлгөөнт үйлчилгээ үзүүлж, үнэ төлбөргүй бичиг баримтжуулсан байна.

Эх сурвалж: УБЕГ

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд өнөөдөр газар хөдөлжээ. Тодруулбал, сумын төвөөс баруун зүгт 18 километрийн зайд хоёрдугаар сарын 2-ны өдрийн 05:10:07 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.

Дашрамд дурдахад, өнгөрсөн онд улсын хэмжээнд нийт 80 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ГССҮТ: Халтиргаа, гулгаанаас өдөрт 100 гаруй хүн бэртэж байна DNN.mn

ГССҮТ-өөс өгч байгаа мэдээллээр, халтирч унаснаас болж өдөрт 100 гаруй хүн гэмтлийн яаралтай тусламж авч байна.

Халтирч унах бэртэл гэмтлийн дийлэнх хувь нь гавал тархи, гар сарвуу, тохой, шуу, хөлийн шилбэ, өвдөг, хүзүү нуруу, аарцаг ясны гэмтэл байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Одоогийн байдлаар Монголд 34 мянган жуулчин иржээ DNN.mn

Нэгдүгээр сарын 29-ний байдлаар Монгол Улсад 34 мянга гаруй жуулчин ирснийг БОАЖ-ын сайд мэдээллээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1.7 дахин өссөн үзүүлэлт болж байна. 2023 оны нэгдүгээр сард Монгол Улс 19.3 мянган жуулчин хүлээн авч байжээ.

“Нэг жуулчин-Нэг хонь” хөтөлбөр  хэрэгжсэнээр нэг суманд дунджаар 15 тэрбум төгрөгийн орлого төвлөрөх боломжтойг салбарын сайд  онцолж байгаа юм. Өнгөрсөн оны байдлаар Монгол Улсад хамгийн ихээр зорчсон солонгос жуулчдад эм хонь бэлэглэж, бодлогын хүрээнд олон улсын аялагчдын тоог нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна. “Нэг жуулчин-Нэг хонь” хөтөлбөрийг Булган аймагт хэрэгжүүлэх бол  “Нэг жуулчин-Нэг ямаа” хөтөлбөрийг Архангай аймгаас эхлүүлэхээр болоод байгаа юм.

Өвлийн аялал жуулчлалыг дэмжих, малчин, нутгийн иргэдийг тогтмол орлогожуулах зорилготой “Нэг жуулчин-Нэг ямаа” хөтөлбөрийг “Монголд зочлох жил” болон “Өвлийн аялал жуулчлалыг дэмжих” тогтоолын хүрээнд санаачлан, хэрэгжүүлж байна.

Мөн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд 2024 оны дөрөвдүгээр сар дуустал олон улсын болон үндэсний 26 арга хэмжээ хийхээр төлөвлөжээ.

2024 онд Монгол Улс нэг сая жуулчин хүлээн авч салбарын орлогыг хоёр тэрбум ам.доллар хүргэх зорилт тавиад байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

Парисын Их дуулгад Монголын 18 жүдоч өрсөлдөнө DNN.mn

Жүдо бөхийн нэр хүндтэй томоохон тэмцээний нэг бол Парисын Их Дуулга билээ.

Энэ сарын 2-4-нд болох тус тэмцээн анх 1971 онд Парисын тэмцээн нэрийн дор зохион байгуулагдсан. Үүнээс хойш энэ жилийн тэмцээн нь 50 дахь удаагийнх гэдгээрээ ач холбогдолтой.

Хамгийн анхны тэмцээнд таван жингээр болж байсан бол 1979 оноос хойш эрэгтэй долоон жингээр болж эхэлсэн. Харин эмэгтэйчүүд 1988 оноос хойш тус тэмцээнд нэмэгджээ.

Энэ удаагийн тэмцээнд 107 орны 621 жүдоч (эрэгтэй 365, эмэгтэй 256) өрсөлдөхөөр бүртгүүлжээ.

Монголоос эрэгтэй найм, эмэгтэй 10 жүдоч хүч үзнэ.

Тодруулбал эмэгтэй 48 кг-д Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 52 кг-д Л.Сосорбарам, Б.Уранзаяа, 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Ганхайч, Ц.Энх-Оргил, -70 кг-д Б.Ням-Эрдэнэ_ С.Лхагвадулам, -78 кг-д О.Хүслэн, эрэгтэй 60 кг-д Э.Ариунболд, Э.Сумъяабазар, 66 кг-д Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, 81 кг-д Г.Болор-Очир, 90 кг-д Г.Алтанабагана, -100 кг-д Б.Гончигсүрэн нар зодоглоно.

Парисын Их Дуулгын сугалааг энд дарж үзээрэй.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Улс төр судлаач Б.Болдбаатар: “Үндэсний эвсэл” сонгуулийн дараа нам болж, жинхэнэ утгаараа Монголын улс төрийн гуравдагч хүчин болох магадлалтай DNN.mn

Улс төр судлаач Б.Болдбаатартай УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын тэргүүлсэн “Үндэсний эвсэл”-ийн цаашдын улс төрийн үйл ажиллагааны талаар ярилцлаа.


-Юуны өмнө УИХ-ын ээлжит сонгууль хэдхэн сарын дараа болох гэж байгаатай холбогдуулан өнөөгийн улс төрийн намуудын рейтинг ямар байгааг сонирхон асууя. Судлаач хүнийхээ хувьд энэ чигийн судалгаа, тооцооллыг байнга харж байгаа байх?

-Миний хувьд улс төр хэмээх салбарыг 10 гаруй жил судалж, тодорхой саналуудаар ганц, нэг ном гаргаж байсан. Сүүлийн гурван жилийн турш улс төрийн нам, улстөрчдийн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг анхааралтай ажиглаж байна. Тэр утгаараа нам, улстөрчдийн рейтинг ямар байгаа цаашид унах уу өсөх үү гэдгийг өөрийнхөө түвшинд судлахаас гадна зарим улстөрч, намуудад саналуудаа хүргэдэг.

Монголд улстөрчдийн рейтинг тогтоох судалгаа хийдэг олон байгууллага, хувь хүмүүс, судлаачдын нэгдэл бий. Гэхдээ ихэнх нь цаанаа улс төрийн намуудын захиалгатайгаар судалгааны дүнгээ танилцуулдаг нь нууц биш. Миний хувьд энэ төрлийн судалгааг хамгийн бодитой гаргадаг байгууллагыг Монгол-Германы хамтарсан “Про капитал” судалгааны төв юм болов уу гэж харж байгаа. Тэр утгаараа тус төвөөс сүүлийн үеийн судалгааг саяхан танилцуулсан байна лээ. Би буруу хараагүй бол 100 жилийн түүхтэй өнөөгийн эрх баригч МАН-ын рейтинг түүхэнд байгаагүйгээрээ унасан байсан. Харин сөрөг хүчин болох АН-ын рейтинг бага зэрэг өссөн ч цагаан сонголтын хувьд хүрэхгүй байна. Харин бусад намуудын рейтинг мэдэгдэхүйц өссөн зүйл ажиглагдаагүй.

-Гуравдагч хүчин гэгддэг ХҮН намын хувьд рейтинг нь өсөөгүй байна уу?

-ХҮН нам Монголын улс төрийн гуравдагч хүчин гэж ярих нь өрөөсгөл. Учир нь МАН, АН-тай харьцуулахад аймаг, орон нутгийн үүрийн хэмжээнд ч гишүүдийнхээ тоогоор болон рейтингээрээ хүрэхгүй байгаа. Гэхдээ яваандаа ХҮН намын рейтинг өсөх хандлагатай гэдгийг хэлье. Одоохондоо Монгол Улсад АН болон МАН гэсэн улс төрийн хоёр голлох хүчин байна. Тиймээс гуравдагч хүчин албан ёсоор гарч ирэх цаг арай болоогүй болов уу.

-Гуравдагч хүчин гэснээс саяхан УИХ-д суудалгүй хоёр нам нэгдэн эвсэл байгууллаа. Уг эвслийг улс төрийн шуугианы эзэн УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр тэргүүлэхээ мэдэгдлээ. Энэ эвслийн цаашдын чиг баримжаа ямар байхаар байна вэ?

-Аливаа улс төрийн намын бие даасан хүчирхэг байдлыг хангадаг гурван хүчин зүйлс гэж бий. Нэгдүгээрт, гишүүнчлэл буюу тухайн нам, эвслийн цар хүрээ гэсэн үг. Хоёрдугаарт, санхүүгийн чадамж, хөрөнгө мөнгө буюу цар хүрээнээсээ хамаараад ямар хэмжээний хөрөнгө босгож чадахаар байна вэ гэдэг асуудал. Гуравдугаарт, бодлого буюу үзэл санаа. Ийм гурван хүчин зүйлээс шалтгаалж тухайн улс төрийн намын нэр хүнд, нөлөөлөл, дэмжлэг нэмэгддэг. Тэр утгаараа Монголын ногоон нам болон Монголын үндэсний ардчилсан нам гэдэг ямар түүхтэй, ямар үзэл баримтлалтай нам бэ гэдгийг эхлээд мэдэх хэрэгтэй. Ногоон намын үүссэн түүх бол ардчилсан хувьсгалтай зэрэгцэн яригдана. Мэдээж үзэл баримтлалын хувьд ногоон улс төр буюу төвийг сахисан, зүүний бодлоготой нам. Харин Монголын үндэсний ардчилсан намын хувьд консерватизм буюу үндсэрхэг үзэлтэй нам. Чөлөөт эдийн засгийг дэмждэг гэхээрээ зарим талаараа баруун үзэлтэй ч адилхан гэмээр. Харьцангуй шинэ улс төрийн хүчин гэж хэлж болно. Хоёулаа УИХ-д суудал авч үзээгүй. Тэгэхээр энэ хоёр нам нэгдэж эвсэл болж байгаа нь тийм ч сонин үзэгдэл биш. Харин эвслийг нь хэн тэргүүлж байгаа нь сонин байлаа.

-Н.Номтойбаярын хувьд тус эвслийг тэргүүлэх болсон нь улс төрийн хүрээнийхний анхаарлыг татсан гэж ойлгох уу?

-Тийм. Жишээ нь Н.Номтойбаяр биш өөр улстөрч тухайлбал, хоёр намын даргын аль нэг нь уг эвслийг тэргүүлсэн бол олны анхаарлыг тийм ч их татахгүй. Харин Н.Номтойбаяр тэргүүлж байгаа учраас л олны анхаарлыг татаад байгаа юм. Олны анхаарлыг татаж чадаж байна гэдэг нь тухайн улстөрчид өөрийн гэсэн улс төрийн хүрээлэл, имиж байна гэсэн үг шүү дээ. Түүний хувьд УИХ-ын гишүүн, сайдын албан тушаал хашиж байсан туршлагатай. Магадгүй олны хэл аманд их өртдөг боловч тэр нь улс төрийн зоригтой шийдвэр, том улстөрчдийн болон намынхаа буруу бодлогын эсрэг тэмцдэгтэй нь холбоотой гэж ойлгодог. Тиймээс л энэ хүн өөрийн гэсэн улс төрийн өнцгийг бүрдүүлж чадсан гэж хэлж болно.

-Үндэсний эвслийн цаашдын замнал юу байна вэ?

-Ирэх оны сонгууль том тойргоор явагдах учир эвсэл байгуулагдах явдал үүгээр ч зогсохгүй болов уу. Ерөнхийдөө жижиг намуудын хувьд эвсэлд нэгдсэн нь илүү үр дүнтэй байх болно. Тиймээс Үндэсний эвсэлд нэгдэх сонирхолтой бусад улс төрийн хүчнүүд цөөнгүй гарч ирэх байх. Магадгүй МАН, АН-ын угшилтай улстөрчид ч энэхүү эвсэлд нэгдэн орохыг үгүйсгэхгүй. Улс төр судлаач хүнийхээ хувьд нэг зүйлийг тодорхой хэлье. Сонгуулиас өмнө Н.Номтойбаярын тэргүүлсэн “Үндэсний эвсэл”-ийг гүйцэх улс төрийн нэгдэл гарч ирэхгүй болов уу. ХҮН намын хувьд ч энэхүү эвсэлд орж магадгүй гэсэн шум улс төрийн хүрээнд дуулдаж байгаа. Тэр утгаараа уг эвслийг бусад улстөрчид болон улс төрийн намууд боломж гэж харж байгаа. Тэр ч утгаараа уг эвсэл цаашид илүү томорно. Магадгүй МАН, АН-ын түвшинд өрсөлдөх хүчтэй нэгдэл болж гарч ирэхийг үгүйсгэхгүй.

-Н.Номтойбаярын хувьд цагтаа МАН-ын залуу лидер явсан түүхтэй. Тэр утгаараа түүний ард МАН-ын зарим нэг ах нар бий гэж ярьдаг. Тэр хүмүүс уг эвсэлд нэгдэх болов уу?

-Зөвхөн МАН-ын гэлтгүй АН-аас салсан ах улс төрчид уг эвсэлд нэгдэхээс өөр сонголт байхгүй л болов уу. Би зүгээр судлаач хүнийхээ хувьд энэхүү эвсэлд нэгдэх сонирхолтой байж мэдэх хэдэн улстөрчийн нэрийг хэлье л дээ. Тухайлбал, УИХ-ын даргын суудлаа шахалтаар өгсөн М.Энхболд байна. Энэ хүний ард тухайн цаг үедээ МАН-ын удирдах албан тушаал хашиж байсан цөөнгүй улстөрчид бий. Мөн МАН-аас хасагдсан улстөрчид олон бий. Ё.Баатарбилэг, Д.Хаянхярваа, Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат гэх мэт. АН-аас М.Энхсайхан, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, О.Баасанхүү, Л.Эрдэнэчимэг, Н.Батбаяр нарын хүмүүсийг нэрлэж болно. Өөр содон олон улс төрчид уг эвсэлд нэгдэх магадлалтай. Нөгөөтэйгүүр тус эвслийн тэргүүн Н.Номтойбаяр “Үндэсний эвсэл нь Монгол Улс, Монгол хүний төлөө хийж бүтээе гэсэн чөтгөртэй ч анд болно” гэж тодорхой хэлсэн. Энэ үгний цаад утга учир маш нарийн. Өөрөөр хэлбэл манай эвсэлд МАН, АН-аас хөөгдсөн, зарим талаараа олны итгэлийг алдсан гэж шүүмжлэгдэх улс төрчид ч орж ирж магадгүй шүү гэсэн анхааруулга гэсэн үг. Нөгөөтэйгүүр үндэсний эвслийн хувьд одоогоор нэгдье, нийлье гэсэн хүн болгонд үүд хаалгаа нээнэ. Цаг үе, улс төрийн нөхцөл байдлаасаа шалтгаалж ирсэн хүн болгоныг хүлээж авахаас өөр аргагүй. Тиймээс миний харж байгаагаар уг эвслээс ирэх сонгуулиар УИХ-д суудал авах магадлал өндөр харагдаж байна. Нөгөөтэйгүүр уг эвслийн зарчим нь үндэсний ардчилсан үзэл санаа бөгөөд цаашид нэг нам болох зорилготой. Тэр утгаараа сонгуулийн дараа улс төрийн шинэ хүчин байгуулагдахыг үгүйсгэхгүй. Хэрэв энэ замналаар явбал ирэх 2028 оны сонгуулиар энэхүү эвсэл жинхэнэ утгаараа Монголын улс төрийн гуравдагч хүчин болох магадлал өндөр байна.

-Н.Номтойбаяр уг эвслийг тэргүүлж байгаа учраас уу. Яагаад гуравдагч хүчин болох магадлалтай гэж?

-Би ярианыхаа эхэнд хэлсэн. Аливаа улс төрийн нам, улстөрчийн чансааг тодорхойлох гурван хүчин зүйл байдаг гэж. Тэр утгаараа Н.Номтойбаярын хувьд хөрөнгө босгох боломж байна. Хүрээллээ тэлэх улс төрийн тодорхой бааз суурь нь байна. Мөн өөрийн гэсэн баруун төвийн болоод либерал үзэл баримтлал байна. Энэ гурван хүчин зүйлс түүнд төвлөрч байгаа учраас Үндэсний эвсэл цаашид нэг нам болж, Монголын гуравдагч улс төрийн хүчин албан ёсоор болох боломж үүслээ гэж харж байгаа. Миний хувьд Н.Номтойбаяртай ямар нэгэн байдлаар харилцаж үзээгүй. Улстөрч хүнийх нь хувьд хэн бэ гэдгийг маш сайн мэднэ. Тэр утгаараа хувь улстөрчтэй нь холбож ийм дүгнэлт гаргаагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Ерөөсөө л улс төрийн үйл явц, цар хүрээ, зураглалаараа ингэж тодорхойлогдож байгаа юм