Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

УЕПГ: 318 сая төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр болжээ DNN.mn

Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон хүний эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлыг хууль хяналтын байгууллага буруутай этгээдээр нөхөн төлүүлэх арга хэмжээг авна гэж Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан.

Энэ хүрээнд Тээврийн прокурорын газраас 2023 онд 318 сая төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр болсон байна.

Тодруулбал, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 195 хэрэгт иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл бичиж, зам тээврийн ослын улмаас хохирсон хүний эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлын төлбөрийг тухайн гэмт хэрэг үйлдсэн хүнээс гаргуулахаар шийдвэрлүүлжээ.

 

 

Эх сурвалж: УЕПГ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

985 ААН-үүд орчныхоо 50 метр талбайн цас, мөсийг цэвэрлэжээ DNN.mn

Хоёрдугаар сарын 1, 2-нд зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний 24 байгууллагын 516 албан хаагч тусгай зориулалтын 94 машин техниктэйгээр авто замд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж ажиллалаа.

May be an image of 7 people, snowplough, street and text

Энэ хүрээнд авто замын цас мөсийг хусаж, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй авто зам, гэр хорооллын дундах сүүдэр хэсгүүдэд 56.4 тонн бодис, 36.3 тонн давс цацаж, цэвэрлэгээнээс гарсан 470.8 тонн хар цасыг ачиж тээвэрлэв.

Дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй 985 аж ахуйн нэгж, байгууллага орчныхоо 50 метр талбайн цас, мөсийг цэвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчдад 12 сая төгрөгийн мөнгөн хандив өгчээ DNN.mn

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор 12.3 сая төгрөгийн мөнгөн хандив өглөө.

Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, 7 аймгийн 27 суманд төмөр зудын нөхцөл үүсэж, өвөлжилт хүндэрсэн. Он гарсаар нэгдүгээр сарын 23-ны байдлаар 176 мянга гаруй мал хорогдсон гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

2011 онд 1 сая төгрөгийн хишиг хувь авсан иргэд ногдол ашиг авахгүй DNN.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 2022 оны ногдол ашиг нь зарим иргэдэд хувьцааны тодорхой хувиа Засгийн газарт зарсан, сургалтын төлбөртөө суутгуулсан зэрэг шалтгаанаар тоо ширхэг нь харилцан адилгүй байгаа юм.

Нэгж хувьцааны ногдол ашгийг 108 төгрөгөөр тооцон, татвар суутгасан дүнгээр 1,072 хувьцаатай иргэн 104,000 төгрөг авах юм.

Иймд та бүхэн энд дарж өөртөө хэдэн хувьцаа байгааг болон аль үнэт цаасны компанид данс нээлгэсэн тухай мэдээллээ харах боломжтой.

2011 онд нэг сая төгрөгийн хишиг хувь авсан ахмад настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьцаа 0 буюу үлдэгдэлгүй учир ногдол ашиг авахгүй юм байна. Тэр үед хүсэлтээ гаргаад нэг сая төгрөг авахгүй хувьцаатайгаа үлдэнэ гэсэн цөөн хүмүүс бий. Тэдгээр хүний хувьцаа бүтэн байгаа аж.

Мөн 18 нас хүрээд хүүхдийн мөнгөнөөсөө саяхан хасагдсан хүмүүсийн хувьд хүүхдийн мөнгөний данс нь хаагдчихсан бол и-баримтых нь дансаар ногдол ашиг нь орж ирнэ гэдгийг Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвөөс мэдээлэв.

Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвөөс дараах мэдээллийг гаргажээ.

ЭТТ ХК 1072 ХУВЬЦААНЫ БОДОЛТЫГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?

Иргэн Дорж 2011 онд эрүүл мэндийн даатгалын 8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн. 8,040 төгрөгт ногдох хувьцаа:

  • (1072*8,040) / 1000000 = 8.61888 ≈ 9
  • Доржийн эзэмших хувьцаа: 1072 – 9 = 1063

Оюутан Бат 2011 онд сургалтын төлбөр хэлбэрээр 500,000, эрүүл мэндийн даатгал хэлбэрээр 8,040 төгрөг нийт 508,040 төгрөгийн хишиг хувь хүртсэн байна. 508,040 төгрөгт ногдох хувьцаа:

  • (1072*508,040) / 1000000 = 544.618 ≈ 545
  • Оюутан Батын эзэмших хувьцаа: 1072 – 545 = 527

Оюутан Сүрэн 2012 онд сургалтын төлбөр хэлбэрээр 491960 төгрөгийн хишиг хувь хүртсэн байна. 491,960 төгрөгт ногдох хувьцаа:

  • (1072*491,960) / 1000000 = 527.3811 ≈ 528
  • Оюутан Сүрэн эзэмших хувьцаа: 1072 – 528 = 544

Иргэн Д 2012/03/18 өдөр нас барсан /Монгол улсын харьяатаас гарсан/ бол:

  • Иргэн Д –ийн эзэмших хувьцаа: 536

Засгийн Газарт хувьцаагаа худалдсан бол: 

  • Иргэн Бат Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 300,426 төгрөг авсан бол 322 ширхэг хувьцаа хасагдаж 750 ширхэг хувьцаа эзэмшинэ.
  • Иргэн Бат Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 200,284 төгрөг авсан бол 215 ширхэг хувьцаа хасагдаж 857 ширхэг хувьцаа эзэмшинэ.
  • Иргэн Бат Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 100,142 төгрөг авсан бол 108 ширхэг хувьцаа хасагдаж 964 ширхэг хувьцаа эзэмшинэ.
Categories
мэдээ нийгэм

Утаажилтын бүсээс 20 иргэнийг гаргажээ DNN.mn

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд утаа гарч байна гэсэн дуудлага мэдээлэл ОБГ-т өчигдөр буюу хоёрдугаар сарын 01-ний өдрийн 20:37 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 10 м.кв өрөөнд барилгын материал шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 20 иргэн /үүнээс 5 хүүхэд/-ийг гаргасан байна.

Categories
мэдээ нийгэм

Т.Бадамжунай нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар болжээ DNN.mn

Т.Бадамжунай нарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэмэлт мөрдөн байцаалт хийхээр боллоо.

Тодруулбал, УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунай нарын гурван хүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Харин Нийслэлийн прокуророос шүүгчийн захирамжид заасан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой тул буцаах шаардлагагүй гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичиж, Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байдаг.

Тэгвэл тус эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх өчигдөр хэлэлцжээ. Ингэхдээ эл хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн аж.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

М.Энхбадрал: Залуу удирдлагуудад нам доторх тойргоо өмчилсөн “хөгшин” улстөрчдийг эвтэйхэн зайлуулах сонирхол бий DNN.mn

“Цогц Хөгжлийн Үндэсний Төв”-ийн гүйцэтгэх захирал, социологич М.Энхбадралтай ярилцлаа.


-Сонгууль болоход ердөө таван сарын хугацаа үлдлээ. Тэр утгаараа улс төрийн хүрээнд сонгуулийн уур амьсгал ямар хэмжээнд өрнөж байна вэ?

-Сонгуулийн тойрог өмнө нь байгаагүй том хэмжээтэй болж өөрчлөгдлөө. Бүсчилсэн хөгжил гэж ярьж байгаа ч тойргийг томсгосон гол шалтгаан нь биш болов уу. 2023 оны арванхоёрдугаар сарын 21-нд ”УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” тогтоолыг баталсан. Ерөнхийдөө сонгуулийн тухай хуульд орсон дэвшил, амжилтыг хойш татсан өөрчлөлт боллоо. Энэ нь сонгуулийн тойрог, мандатыг тогтоолоор баталдаг биш, сонгуулийн тухай хуультай цуг баталдаг байх шаардлагатайг харуулж байна.

Учир нь хуулиар тогтоосон ололт амжилтаа тогтоолоор үгүйсгэсэн бодит жишээ боллоо. Сонгууль бол зөвхөн эрх баригчдын, эсвэл улс төрийн намуудын шийдэх ёстой, зөвхөн тэдэнд хамааралтай зүйл биш. Шударга ардчилсан сонгууль бол иргэдийн сонгох эрхийг баталгаажуулж, баттай эдлүүлэх ардчиллыг хэрэгжүүлэгч гол хэрэгсэл.

-Сонгуулийг шударга, өрсөлдөөнтэй байлгахын тулд сонгуулийн зардлыг бууруулах, сонгуулийн зардалд хяналт тавих боломжтой байх ёстой. Ингэж байж улс төрд шинэ хүмүүс орж ирэх бололцоо бүрдэнэ гэж улс төр судлаачид ярьж байна. Та үүнтэй санал нэг байна уу?

-Тантай санал нэг байна. Зардал буурсанаар улс төр цэвэр, өрсөлдөөнтэй болох суурь болно. Гэвч аймгуудыг нэгтгэсэн, бүсчилсэн тойрогтой болсноор сонгуулийн зардал асар ихээр өснө. Үүнийг дагаад мөнгөтэй, эрх мэдэлтэй нь л ялах сонгууль болно. Урьд өмнө нь болж байгаагүй хувилбар учраас хэн ч эцсийн үр дүнг баттай хэлэх боломжгүй. Бүх л талууд эргэлзсэн, барьц алдсан шинжтэй байна. Гэвч хуучин, эрх мэдэл, мөнгөтэй хүмүүст ашигтай буюу товчхондоо өөрчлөгдөхгүй, шинэчлэгдэхгүй хэмээх сонгуулийн хувилбар болсон нь тодорхой. Энэ өөрчлөлтөд нам хоорондын гэхээс гадна эрх баригч намын дотоод зөрчил, үе хоорондын тэмцэл ч нөлөөлж байгаа нь тодорхой. Намын залуу удирдлагуудад нам доторх тойргоо өмчилсөн, хөгшин улстөрчдийг эвтэйхэн зайлуулах сонирхол байна. Гэвч хамгийн сонирхолтой нь хэнийх нь ч хүссэн үр дүн гарахгүй байж магадгүй.

-Ирэх сонгуулийг бид шинэ тогтолцоо, шинэ хуулиар явуулахаар болсон. Үүнд сонгогчид хэр идэвхтэй оролцох бол. Учир нь сонгууль өгөөд яах ч юм билээ, адилхан л хулгайч гарч ирнэ гэсэн бодолтой иргэд цөөнгүй байна л даа?

-Болохгүй бол засгийн эрх баригчдыг солиод өөрчилдөг нь ардчилсан сонгуулийн хамгийн гол ид шид нь. Энэ эрх, боломжоо үнэгүйдүүлж орхилоо гээд өөрсдийгөө л хохироох нь ойлгомжтой. Тиймээс саналын эрхтэй хүн бүр чухалчилж, зорьж, чанартайгаар саналаа өгөх хэрэгтэй. Ирэх сонгууль бидний нэрлэж сурснаар холимог буюу параллель хувилбараар явна. Мажоритар бүсчилсэн 13 том тойрогт 78 мандат, пропорциональ намын жагсаалтаар 48 мандаттай. Тиймээс сонгогч тойрогт нэр дэвшигч болон намын нэрийг тус бүр дугуйлна. Сонгуулийн саналын хуудас өмнөх сонгуулиудаас нүсэр, төвөгтэй болохоор байна. Магадгүй хүчингүй саналын тоо ч өсөх төлөвтэй байна. Өнөөгийн нөхцөл байдлаас ерөнхийд нь дүгнэвэл сонгуулийн ирц өснө. Тэр дундаа залуучуудын ирц оролцоо буурахгүй, илүү нэмэгдэнэ. Хамгийн чухал нь сонгуулийн систем, санал өгөх процесс, саналын хуудасны мэдээллийг эрт, олон нийтэд сайтар сурталчлах нь чухал.

-Ер нь судлаач хүний хувьд бид энэ сонгуулиар яг ямар хүнийг сонгох ёстой вэ гэдгийг хэлэхгүй юу. Нөгөөтэйгүүр сонголтоо хийхийн тулд ямар шалгуур тавих нь чухал бол?

-Нэгдүгээрт төлөөлөх чадвар. Сүүлийн үед олон нийт болоод улстөрчдөд их буруу хандлага тогтсон нь ажиглагдаж байгаа. “Эмэгтэйчүүдийн асуудлыг эмэгтэйчүүд, залуучуудын асуудлыг залуучууд л ярих ёстой. Эдийн засаг, улс төр, уул уурхайн асуудлыг бол том дарга, гишүүн ярьж болно” гэх. Тэр дундаа УИХ-ын гишүүн нь ард түмний төлөөлөл, элч болохын хувьд ийм үзэлтэй байж хэрхэвч болохгүй. Ямар ч УИХ-ын гишүүн сонгогдсон тойргийнхоо залуучууд, хүүхэд, эмэгтэйчүүд, ахмадууд гэх мэт нийгмийн бүх бүлгийн асуудлыг мэдэрч, тэднийг төлөөлөх чадвартай байх ёстой. Тэр тусмаа өөрийг нь дэмжээгүй, эсэргүүцсэн сонгогчийг ч төлөөлөх үүргийг хүлээж байгаа. Үүнийг ойлгоогүй хүн ард түмний төлөөлөгч болж ажиллах боломжгүй.

-Мэдээж нийт ард түмнийг төлөөлөх ёстой л доо. Гэхдээ манайд энэ зарчим үйлчилдэггүй байх аа…?

-УИХ-ын гишүүн нэгдүгээрт, иргэдийг төлөөлөх үүрэгтэй. Мөн хууль тогтоох, хуулийн хэрэгжилт болон гүйцэтгэх засаглалд хяналт тавих чиг үүргүүдийг хэрэгжүүлдэг. Хоёр болоод гуравдах чиг үүргийн хэрэгжилт нь парламентын институтийн чадавхтай шууд холбоотой. Жишээ нь, тухайн гишүүн нутгийнхаа дүү, сонгуулийн кампанит ажилд нь голлож оролцсон хүмүүсээр ажлын албаа бүрдүүлдэг. Гэтэл тэдгээр хүмүүс нь сонгууль, улс төрийн “хар цагаан” туршлагатай болохоос хууль тогтоох механизмд ажиллах чадваргүй хүмүүс байх нь нийтлэг. Ирэх сонгуулиар гишүүдийн тоо өсөхөд энэ байдал бага зэрэг өөрчлөгдөнө гэж найдаж байна. Улстөрч хүн бол улс төрийн амьтан учраас таны хүссэн дүрд маш хурдан хувирна. Тиймээс иргэд, сонгогчид тухайн улстөрчийн хөрөнгө чинээ, нийтэд зориулж бүрдүүлсэн түүх, дүр төрх, бэлэг сэлтэд хууртахгүйгээр бодит мэдээлэлд дүн шинжилгээ хийж, чиг үүргийнх нь хүрээнд шаардлага тавивал УИХын гишүүд таны шалгуурт хэтдээ нийцэх л болно. Үүнд нээлттэй мэдээллүүд, болон найдвартай эх сурвалж болдог өдөр тутмын сонин, цахим талбарууд тусална. Харин улстөрчдөөс тоглоомын талбай, цэцэрлэг, сургууль барих, зам засах зэрэг ажлыг нэхээд байвал улстөрчид дахин сонгогдохын тулд танд үүнийг л амлах болно.

-Нэр дэвшигчдэд бид яг ямар шалгуур тавих ёстой вэ?

-Сонголтоо хийхдээ наад зах нь ёс зүйн зөрчил гаргаж байсан эсэх, авлига, албан тушаалын хэрэгт холбогдож байсан үгүйг нь харчих хэрэгтэй. Түүнээс бус танихгүй бурхнаас таньдаг чөтгөр гээд байвал сонгууль хийгээд яах юм, өөрчлөлт гарахгүй. Сонгогчийн хандлага өөрчлөгдөхгүй бол улстөрчид ч өөрчлөгдөхгүй. Энэ цаг үед хүнийг үг яриа, үзэмжээр нь дүгнэхэд хэцүү болсон. Олон нийтийн санаа бодлыг хаашаа ч эргүүлэх боломжтой болсон тул хүнийг урьдчилан таних бараг боломжгүй. Энэ эргүүлгийн хор хөнөөлд эцэстээ бид нийтээрээ л өртөх болно. Тиймээс улстөрчдөд итгэж найдах гэхээсээ илүү хянаж, хариуцлага тооцох хэрэгтэй. Сайн хүн гарч ирээд нийгмийг өөрчилнө гэж биш, сайн сонгогч оролцоотой иргэд сайн нийгмийг авчирна гэвэл үнэнд ойртоно. Хариуцлага тооцно гэдгийг зөвхөн сонгуулиар хязгаарлаж болохгүй. Сонгогч тухайн хүнд санал, мандатаа өгөөд явуулж байгаа л бол саналаа өгсний маргаашаас нь хяналтаа эхлэх хэрэгтэй.

-Шинэ залуу улстөрчдөд ирэх сонгуулиар найдлага бий юу?

-Маш хэцүү. Яагаад гэвэл өмнө хэлсэнчлэн маш өндөр өртөгтэй сонгууль болно. Ер нь танигдсан, хуучин хүмүүст ашигтай сонгууль. Эсвэл асар их хөрөнгө зарцуулах нөөцтэй, намын хатуу дэмжигч бүтцийг өөртөө ажиллуулж чадах хүмүүст давуу талтай. Сонгуулийн бүсчилсэн тойргийн энэ хувилбарыг сөрөг хүчин болох АН, ХҮН дэмжсэнд үнэхээр харамсаж байна. Сөрөг хүчний намын удирдлагууд өөрсдөө жагсаалтаар сонгогдоно гэж тооцоод, залуучуудаа хайрласангүй. Ийм нөхцөлд залуучууд зоригтой байгаасай. Ер нь намын удирдлагууд нь олон зуун залуучуудынхаа идэвх, цаг хугацаа, хүч хөдөлмөр, нэр хүндийг наймаалцчихдаг нь хэвийн зүйл мэт болж. Тиймээс зөвхөн эрх баригчид биш засгийн эрхийн гадна байгаа намууд ч эхнээсээ дотоод ардчиллаа бэхжүүлж, олон түмний нам байх нь чухал. Эцэстээ залуучууд хохироод үлдэж байна. Улс төрийн намууд нийгмийн бүлгүүдийг төлөөллийг хангах үүрэг амлалтаа биелүүлж эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог бодитоор дэмжих цаг нь болсон. Энэ үүргээ умартаж ирснээс болж одоогийн парламент болон бусад төлөөллийн байгууллагууд нийгмийн бүлгүүдийг төлөөлөх чадамж сул, тэнцвэргүй, нэг хүйс хэт давамгайлсан бүтэцтэй байна.

-Бүсчилсэн тойргоор сонгууль явуулахын ач холбогдол юу юм бэ. Монгол Улсын хувьд энэ тогтолцоог ашиглах өөрөөр хэлбэл бүсчилсэн хөгжлөөр явах цаг нь болсон гэж үзэж байна уу?

-Бүсчилсэн хөгжлийг хэрэгжүүлэх бүрэн боломж нь одоогийн Засгийн газарт байгаа. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын эрх мэдлийг хангалттай нэмэгдүүлсэн. Засгийн газар бүсчилсэн хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэх, төсвөө бүсчилсэн хөгжлийн загвараар оруулж батлуулах бүрэн боломжтой болсон. Тиймээс сонгуулийн тойргоос л шалтгаалж бүсчилсэн хөгжил хэрэгжээгүй гэж үзвэл өрөөсгөл болно. Ганцхан тохиолдолд л бүсчилсэн том тойргийг зөвтгөж болж байна. Хэрэв Монгол Улс засаг захиргааны бүтцийн өөрчлөлт хийх гэж байгаа бол түүнийг угтаж сонгуулийн тойргоо бүсчилж, улс төрийн бүтцийг урьдчилан бэлдэх нь зөв. Улс төрийн бүтцээ урьдчилж бэлдээгүй нөхцөлд засаг захиргааны бүтцийг өөрчлөхөд маш хэцүү, бараг боломжгүй.

-Эдийн засаг талаас нь та юу хэлэх үү?

-Бүсчилсэн хөгжлийн эдийн засгийн ач холбогдлыг эдийн засагчид нь судалгаа тооцоотой тодорхойлох нь зөв болов уу. Миний мэдэх сэдэв биш.  Энгийн логикоор бол гурван ядуу аймгийг нийлүүлэхэд нэг том ядуу аймаг болох нь ойлгомжтой. Тооцоо судалгаа муутай, улс төрийн шийдвэрүүдэд тулгуурлавал сайн үр дүн хүлээх аргагүй.

-Намын жагсаалтыг улс төрийн намууд хэрхэн хийх бол. Нөгөө л нэг гарч ирдэг ах гэгдэх улстөрчид намын жагсаалтаар ороод ирвэл яах вэ. Эсвэл хулгай, луйварт нэр холбогдсон улстөрчид орж ирэхийг үгүйсгэхгүй биз дээ?

-Намын жагсаалтаар 48 гишүүн сонгогдоно. Тухайн нам хэнийг нэр дэвшүүлэхээс шалтгаалж сонгогчдын саналыг авах эсэх нь шийдэгдэх тул аль болох нэр хүндтэй, олон нийтэд таалагдах хүмүүсийг дэвшүүлэхийг хичээх нь тодорхой. Хэрэв нэр хүндгүй, гэмт хэрэгт нэр холбогдсон гэх мэт хүмүүсийг жагсаалтад оруулбал тэр чинээгээр авах санал нь буураад л явна. Маш энгийн. Энд онцлоход жагсаалтад мэргэжлийн хүмүүс оруулах нэрээр хэт сул улстөрчдийн тоо нэмэгдвэл парламентын чадавхад сөрөг нөлөө тэй. Жагсаалтаар сонгогдсон гишүүдийн бие даасан байдлыг хангах зохицуулалтыг ч УИХын тухай хуульд оруулах хэрэгцээ байгаа. Үгүй бол жагсаалтаар сонгогдсон гишүүд намын удирдлагуудын кноп, утсан хүүхэлдэй болж, энэ нь Монголын парламентыг хэврэгшүүлж, тогтолцоонд илүү хохирол учруулах эрсдэлтэй.

-Дахиад асуухад яг ямар улстөрчдийг УИХ-д гаргаж ирвэл Монгол Улсын хөгжил бодитой урагшлах вэ. 126 гишүүнтэй парламентын онцлог юу байх бол?

-Дараагийн парламент анх удаа 126 гишүүнтэй болно. Ер нь парламентын гишүүдийн тоог нэмэх хэрэгцээ байсан. Гэхдээ ирээдүйд ямар үр дүн гарахыг бид таах боломжгүй. Мэдээж сонгуулийн системийг өөрчилж, гишүүдийн тоог нэмснээр гарах нэг давуу тал нь сөрөг хүчний тоо, чадавх одоогийнхоос өснө. Сөрөг хүчин сул дорой байгаагийн хор хөнөөл их. Гурван хоногт л хууль баталж байх жишээтэй. Энэ нь хяналтын механизм, сөрөг хүчний хяналт байхгүй гэдгийг харуулах наад захын жишээ болоод байна. Өмнө дурдсанчлан 126 гишүүнтэй парламентын гишүүдийн бие даасан байдлыг хангах нь чухал. Сонгодог парламент гэх нэрээр гишүүд зөвхөн намын бүлгийн шийдвэрийг дагадаг, даргын тушаалыг хэрэгжүүлэгч болж хувирвал парламентын институт аюулд орно.

-Парламентын чадавх сайжирна гэж үзээд байгаа шүү дээ…?

-Парламентын чадавхыг нэмэгдүүлэх чиглэлд УИХ өөрөө хариуцлагатай, манлайлж ажиллах ёстой. Сайн боловсруулаагүй, судалгаа хийгээгүй хэрнээ богино хугацаанд “хууль үйлдвэрлээд” байвал эрсдэл дагуулна. Одоогийн парламент гүйцэтгэх засаглалдаа хяналт тавих чадамжгүй байна. Засгийн газартаа хариуцлага тооцох нь бүү хэл Засгийн газраас өргөн барьсан хууль парламентаар ногоон гэрлээр батлагддаг жишиг тогтсон. Үүгээр зогсохгүй шүүх засаглал дуулгавартай байх ёстой гэсэн хандлагыг бий болгож эхэллээ. Энэ сайны шинж биш. Ардчилсан, эрх чөлөөт нийгмээ хамгаалъя гэвэл парламентаа бэхжүүлж, тордох хэрэгтэй. Парламентын тогтолцоо бол дотооддоо иргэд бидний эрх чөлөөний баталгаа, гадагшаа бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болох институт.

-Сонгуулийн дараа бүрдэх Засгийн газрын бүтэц ямар байх бол. Урьдчилан хэлэх боломж бий юу.

-Таамаглахад эрт байна. Судалгаагаар эрх баригч намын рейтинг ихээр унаж байгаа ч саналын шилжилт тодорхой гарахгүй байна. Өөрөөр хэлбэл эрх баригч МАН-ын эсрэг саналуудыг шилжүүлж авах улс төрийн хүчин тодрохгүй байна. Энэ бол сөрөг хүчнүүд ажлаа муу хийж байгааг харуулсан үзүүлэлт. Сонгуулийн тойрог эрх баригчдад ашигтай хувилбар болсныг бас тооцох хэрэгтэй. Сонгууль хүртэл улс төрийн олон том “бужигнаан” болох нь тодорхой. Ойролцоогоор ирэх дөрөвдүгээр сарын дундуур Засгийн газрыг аль нэг тал дангаар бүрдүүлэх үү эсвэл хамтарсан засгийн газар бүрдэх вэ гэдгийг дүгнэх боломжтой болох байх. Онцлоход, сонгуульд өрсөлдөгч намууд засгийн газрын бүтцээ урьдчилан сонгогчдод танилцуулбал давуу тал болно. Тэр дундаа сөрөг хүчний намууд.

-Сонгуульд оролцох иргэдийн ирц хүрэлцэхгүй байвал яах вэ. Мэдээж дахиад л санал хураалт явуулах байх. Тэгсэн ч ирц хүрэхгүй байвал ямар арга хэмжээ авах эрх зүйн зохицуулалттай байдаг вэ?

-Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалт явуулах хуулийн зохицуулалттай. Нэмэлт санал хураалтын дүнг өмнөх санал хураалтын дүн буюу авсан санал дээр нэмж тооцдог. Ингээд нийт дүнгээр нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцдог. Тиймээс дахин ирцээс шалтгаалсан асуудал гарахгүй.

-Сонгуульд нэр дэвшигчид сурталчилгаагаа хийхдээ хэвлэл мэдээллийн ямар суваг, төрлийг ашиглах нь илүү үр дүнтэй, ач холбогдолтой байх вэ. Энэ талаар та тодорхой зөвлөгөө хэлэх боломж бий юу?

-2022 онд цогц хөгжлийн үндэсний төвийн гүйцэтгэсэн Сонгогчийн зан төлөвийн судалгаагаар сонгогчидтой хийх биечилсэн уулзалт нь хамгийн нөлөөтэй сурталчилгааны суваг гэсэн үр дүн гарсан. Гэвч энэ удаад сонгуулийн тойрог маш том болсон мөн сонгуулийн сурталчилгааны хугацаа 18 хоног буюу хэт богино. Ийм нөхцөлд иргэдтэй биечлэн уулзаж амжихгүй. Томоохон, хүн ам төвлөрсөн хэсгүүдэд л биечилсэн уулзалт хийх боломжтой. Тиймээс энэ сонгуульд хэвлэл мэдээлэл тэр дундаа өдөр тутмын сонин болон сошиал сүлжээний нөлөөлөл гол нөлөө үзүүлэх нь тодорхой болоод байна. Гэхдээ сошиал сүлжээнд хиймэл оюун ухаан, хуурамч дүрслэл ашигласан маш их мэдээлэл гарах нь тодорхой. Үүнийг дагаад цахим орчинд тарах хуурамч мэдээллээс хэрхэн сэргийлэх вэ гэсэн том асуудал байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бүх нийтийн их цэвэрлэгээ хоёрдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ DNN.mn

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд Цагаан сарыг угтсан их цэвэрлэгээний болзолт уралдааныг хоёрдугаар сарын 1-15-ны хооронд зохион байгуулахаар боллоо. Энэ нь нийслэл Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.

Цэвэрлэгээнд нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ, орон сууцны контор, сургууль, цэцэрлэг, хог хаягдал, зам цэвэрлэгээний байгууллага, иргэд хамрагдах боломжтой юм.

Болзолт уралдаан нь

  1. Хог хаягдал, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах чиглэлээр:
  • Аж ахуйн нэгж байгууллага, СӨХ, төрийн байгууллагууд, их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн оролцоог хангуулах, халтиргаа гулгааг арилгах, хог хаягдлыг цэвэрлэх;
  • Гудамж, зам, талбайн ил задгай хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх;
  • Хогийн сав, бункерүүдийн хогийг суллаж цэвэрлэх;
  • Шөнийн тээврийн машины тоог нэмэгдүүлж, зуслангийн бүс, орон сууц, гэр хорооллын айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжийн хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийг сайжруулах;
  • Үерийн далангийн суваг, гуу жалганы хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх;
  • Дүүрэг дотооддоо тодорхой үр дүнд чиглэсэн ажлууд санаачлан зохион байгуулж, өргөжүүлэх;
  1. Гэрэлтүүлгийн засвар арчлалтыг сайжруулах, асалтыг нэмэгдүүлэх чиглэлээр:
  • Гэрэлтүүлгийн асалтын хувийг нэмэгдүүлэх;
  • Шонгийн тагжуулалт, бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах чиглэлээр арга хэмжээнүүдийг авч ажиллаж, үр дүнг дүгнэнэ.

Аяны хугацаанд хийж буй ажилд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төв болон холбогдох байгууллагуудын оролцсон Хяналтын баг хяналт тавьж, явцын үнэлгээг хийнэ.

Categories
мэдээ нийгэм

У.Энхтайван: 1072 хувьцааны дансгүй иргэд брокерын компанид данс нээлгээд ногдол ашгаа нөхөж авах боломжтой DNN.mn

Үнэт цаасны зах зээлд тэргүүлэгчийн нэг “Гүүдсек” компанийн гүйцэтгэх захирал У.Энхтайвантай ярилцлаа.


-Засгийн газраас иргэдэд “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааны ногдол ашгийг олгох шийдвэр гаргалаа.Энэ ногдол ашиг ямар зарчмаар олгогдож байдаг вэ?

-Юуны өмнө шинээр хувь­цаа эзэм­шигч болж буй 900 мянган хүүхдэд баяр хүргэе.Монгол Улсын нийт 3.4 сая иргэн байгалийн баялгаасаа хүртэх боломжтой боллоо.“Эрдэнэс Тавантолгой” ком­панийн ногдол ашгийн хувьд хамгийн анх 2019 оны үйл ажиллагааны цэвэр ашгаас ногдол ашиг хүртээсэн.

Нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 90 төгрөгөөр тооцож олгож байв. Ингэхдээ 1072 хувьцаа нь бүтнээрээ байгаа иргэнд татварын дараах байдлаар 86 мянга орчим төгрөгийн ногдол ашиг тараасан байдаг. Тухайн үед 2.4 сая иргэнд хувьцааны ногдол ашиг тараана гэдэг бол урьд өмнө хийгдэж байгаагүй том ажил байсан.Засгийн газар, дэд бүтцийн байгууллагууд, брокерын компаниуд гээд бүгд дор бүрнээ асар их ачаалал авсан ч ногдол ашгийг иргэдэд амжилттай тарааж дуусгаж байлаа.Тэр цагаас хойш хоёр жилийн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” компани маань цэвэр ашгаа стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалтуудад хөрөнгө оруулсан.Дараагийн  жил болох 2022 онд бас багагүй хэмжээний ашигтай ажилласан. Үүн дээр үндэслээд энэ лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар иргэдэд ногдол ашиг хүртээх шийдвэр гарч, эхнээсээ олгогдоод явж байна.

Ногдол ашиг гэдэг бол товчхондоо компани хувьцаа эзэмшигчдэдээ, эздэдээ цэвэр ашгаасаа хуваарилж байгаа хэлбэр.Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой” компани ашигтай ажил­ласан болохоор 1072 хувьцаа эзэм­шиж буй иргэддээ энэхүү ногдол ашгаа олгож байна гэсэн үг.Харин эсрэгээрээ төрдөө 1072 хувьцаагаа буцаагаад зарчихсан, хувьцаа эзэмшээгүй хүмүүст энэ удаагийн ногдол ашиг олгогдохгүй.Хүн болгон дээр хувьцааны тоо ширхэг өөр, өөр дүнтэй байгаа.Тэр утгаараа ногдол ашгийн хэмжээ өөр, өөр байна. Засгийн газраас ногдол ашиг тараах шийдвэр гарсантай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэхдээ “Монгол Улсын нийт 3.4 сая иргэний 2.5 сая нь өмнө нэг удаа ногдол ашиг олгогдож байсан хувьцааны дансаараа энэ удаагийн ногдол ашгаа авна” гэсэн. Энэ нь 2012 оноос өмнө төрсөн иргэдэд хамаатай.Харин шинээр ногдол ашиг хүртэж байгаа 900 мянган хүүхдийн хувьд УИХ-ын тогтоолын дагуу олгохоор болжээ.Одоо тэдэнд хувьцааны данс нээж, бүртгэх ажил явагдаж байгаа.Гэхдээ энэ ажил тун хангалтгүй. Хүүхдийнхээ нэр дээр хувьцааны данс нээх иргэдийн хамрагдалт муу байна байгаа учраас төрд бэлэн байдаг “Хүүхдүүдийн 100 мянган төгрөг” олгодог дансаар нь энэ удаад ногдол ашгийг тарааж эхэллээ. Ер нь бол Сар шинийн баяр дөхсөн, иргэдэд мөнгөний эрэлт маш их үүссэн үед Засгийн газрын энэ шийдвэр нь түргэн хугацаанд хэрэгжүүлэх боломжтой амьдралд хамгийн ойрхон шийдэл байсан.Харин цөөн тооны хүмүүс буюу хувьцааны данс нээлгэж байгаагүй, хүүхдийн мөнгө авдаггүй хүмүүст бол энэ удаагийн ногдол ашгийг олгох боломжгүй байх.

-Хэрэв хувьцааны болон хүүх­дийн мөнгө авах данс нээл­­гэж байгаагүй иргэд одоо брокерын компанид хандахад оройтоогүй биз дээ.Ногдол  ашиг  нь нөхөг­дөөд олгогдох уу?

-Эдгээр хүмүүсийн хувьд брокерын компанид хандана.Хувь­цааны дансаа нээлгээд, харилцах банкны дансны дугаараа холбуулаад ногдол ашгаа авах ашиг хүртэх боломжтой.Ногдол ашиг гэдэг маань бол нэг удаа олгогдоод дуусчих зүйл биш.Тиймээс брокерын компанид хандаж хувьцааны дансаа нээлгээд 1072-ынхоо ногдол ашгийг нөхөөд авч болно.Урьд нь ч мөн ялгаагүй нөхөж олгож байсан.

-Ер нь 2012 оноос хойш төрсөн 900 мянган хүүхэд ер  хувьцааны данс нээлгэх шаардлагатай биз дээ. Яагаад гэвэл төрөөс хүүхдийн мөнгө олгодог данс 18 нас хүртэл хүчинтэй байдаг.Дээрээс нь “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг нэг удаагийн арга хэмжээ биш гэж та сая хэллээ?

-Төрөөс жил бүр “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувь­цаа эзэмшиж буй иргэн болгонд ногдол ашиг хүртээх чиглэлтэй ажиллаж байгаа гэдгээ хэлсэн.Энэ хүрээнд Засгийн газраас сая мэдэгдэхдээ 2025 онд ногдол ашиг тараахаас өмнө хувьцааны дансгүй хүмүүст заавал хувьцааны данс нээлгэх шаардлагатайг сануулж байна.Тэр дундаа 900 мянган хүүхэд үнэт цаасны данс нээлгэх шаардлагатай.Ер нь арилжааны банкуудад бүртгэлтэй төрөөс хүүхдийн мөнгө олгодог данс бол тухайн хүүхдийг 18 нас хүрэнгүүт автоматаар зориулалт өөрчлөгддөг.Яагаад гэвэл хүүхэд биш болж байгаа.Тэгэхээр таны хүүхэд 18 нас хүрсэн бол брокертоо хандаж мэдээллийг нь шинэчлэх шаардлагатай.

-Хувьцааны данс гэдэг нь яг ямар ач холбогдолтой юм бэ?

-Энэ хувьцааны дансыг бүх брокерын компаниуд нээж байгаа. Тэр хувьцааны данс нь хэдэн ч брокерын компанитай давхардаад байж  болдог  онцлогтой. Банкин дээрх харилцах данстай л адилхан гэсэн үг.Иргэд “Голомт”, “Хаан”, “Төрийн банк” дээр тус бүр нэг данстай байж болдогтой адилхан хувьцааны дансаа төрөлжүүлээд хэрэглэж болдог.Сүүлийн үед хүмүүст 1072 ширхэг хувьцаанд зориулаад үнэт цаасны данс нээлгээд байх шиг байна гэсэн ойлголтын зөрүү их ажиглагдаж байна л даа.Тухайлбал, “Ногдол ашиг авахад энэ үнэт цаасны дансыг хэрэглэх юм байна.Нэг удаа данс нээлгээд 10 мянган төгрөг төлөх юм байна.Тэгээд нэг удаа 110 мянган төгрөгийн ногдол ашиг аваад болчих юм байна” гэдэг ойлголттой хүмүүс маш их байна.Нэн түрүүнд энэ ойлголтыг засах шаардлагатай.Үүн дээр ний­гэмд ойлголт өгдөг мэргэжлийн бай­гууллагууд, мэргэжилтнүүд зөв ойлголтын сайн өгч ажиллах хэрэгтэй.Дээр нь үйл ажиллагаанд оролцож байгаа төрийн болон дэд бүтцийн байгууллагууд ч бас ялгаагүй иргэдийг зөв мэдээллээр хангах ёстой.

No description available.

-Монголчууд хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэг муутай байдгийн л гор байх даа?

-Иргэд  хөрөнгийн зах зээлийн талаар ойлголтгүйгээсээ болоод яг ийм асуудал гарч байгаа юм. Үнэт цаасны данс гэдэг бол төрөл бүрийн үнэт цаас, хувьцаа бонд зэргийг нэгтгээд хадгалж болдог.Тэр бондынх нь хүү, өөр төрлийн хувьцаатай байлаа гэхэд тэрнийхээ ногдол ашгийг энэ дансаараа дам­жуулж авдаг. Өөрөөр хэлбэл, хувьцааны хөдөлгөөнийг бүртгэдэг гэж ойлгож  болно. Энэ хувьцаа тухайн иргэний эзэмшлийн хөрөнгө мөн шүү гэдгийг баталгаажуулж бүртгэдэг данс юм.Зүйрлэвэл, автомашин худалдаж авлаа гэхэд Авто тээврийн үндэсний төв дээр бүртгүүлдэг шүү дээ.Тэр бүртгэлээ үндэслээд авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ олгогдоод явдаг даа.Яг үүнтэй адилхан танд ямар нэг төрлийн хувьцаа байгаа бол дагалдаад хувьцааны данс байх ёстой.Тэр хувьцаатай холбоотой мөнгөний болон ногдол ашгийн гүйлгээнүүд нь энэ дансаараа дамжиж хийгдэж байх ёстой.

Энэ удаад хүмүүс “Эрдэнэс Таван­толгой”-н ногдол ашиг дээр суу­рилаад хувьцааны данс нээлгээд байх шиг байна.Цаашдаа энэ ком­пани маань хувьцааны ногдол ашиг олгоно.Хөрөнгийн биржид бүрт­гэлтэй, нээлттэй хувьцаат ком­пани болно гэж харж байгаа.Бас 1072 хувьцааг эзэмшиж байгаад нас барсан иргэд олон бий.Төрөөс шийдвэр гарсны дараа нас барсан иргэдийн эзэмшиж байсан хувьцааг үр хүүхдүүд нь залгамжилж, өвлөж авах эрхтэй болно.Тийм болохоор талийгаачдынхаа хувьцааг өвлөж авах эрх бүхий хүмүүс ч ялгаагүй хувьцаа хадгалах саваа бэлдэх ёстой.

-Үнэт цаасны данс нээлгэхдээ иргэд ямар алдаа гаргаж байна вэ?

-Хамгийн түгээмэл алдаа гэвэл эцэг, эхчүүд брокерын компанид хүүх­дийнхээ дансыг нээлгэхдээ өөрс­дийнхөө харилцах банкны дансыг бүртгүүлдэг.Энэ нь хүүх­дийнх нь нэр дээр байдаг данс мөн үү, биш үү гэдгийг шалгах бололцоо байдаггүй.Яагаад  гэвэл банк, тухайн иргэн хоёрын хоорондын гэрээгээр баталгаажиж харилцах данс нээгддэг. Харин брокерын компани бол гуравдагч этгээд болохоор тэрийг системд нэвтэрч шалгах, мэдэх боломжгүй.Хүүхдийнхээ дансыг нээлгээд бүртгүүлж байгаа бол эцэг эхийнх нь дансыг бүртгэж аваад илгээхээс өөр арга байхгүй.Сүүлийн үед мэдээлэлд ойр иргэд брокерын компани дээр хүүхэд нь тусдаа данстай байх ёстой гэдгийг ойл­гож байгаа нь сайшаалтай.Манай компанид хандаж байгаа иргэд гэхэд банкан дахь хүүхдийнхээ нэр байгаа дансыг мэдэж ирээд хувьцааны данс нээлгүүлээд холбуулж байх жишээтэй.Энэ бол маш зөв хэлбэр.Дээр хэлсэнчлэн таны хүүхэд 18 нас хүрсэн бол заавал дансыг нь шинэчлэх шаардлагатай.

-Хувьцааны данстай яагаад банкны данс холбогдоод явах ёстой юм бэ?

-Хувьцааны ногдол ашиг үр шим нь мөнгөөр олгогдож ирдэг.Тэгэхээр энэ мөнгийг хувьцааны дансанд байгаа мөнгөөр бид банкны карт уншуулдаг шигээ хүссэн үедээ карт зуруулаад ямар нэгэн байдлаар зарцуулах боломжгүй. Харин харил­цах юм уу хадгаламжийн данс руугаа авч байж захиран зарцуулах боломжтой  болдог. Тийм  болохоор  яг энэ хувьцаа гэдэг зүйлтэй холбоотой гүйлгээ хийлгэх өөрийн нэрийн дансыг заавал давхар бүртгүүлээд явах нь зөв. Дараа дараагийн үйл ажиллагаанд хялбар.

-Ингэхдээ одоо шинээр төрж байгаа хүүхдүүд 1072 хувь­цаа эзэм­ших эрх үүссэн үү. Тэд хувь­цааны  данс  нээлгэх  шаардлагатай юу?

-УИХ-аар энэ асуудал жилийн өмнөөс нэлээд нухацтай яригдаж байсан.түрүү жилийн нэгдүгээр сард “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой чухал тогтоол гарсан байдаг. Тухайн тогтоолд шинээр төрж байгаа Монгол Улсын иргэдэд “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувь­цааг эзэмшүүлээд явъя гэдэг зарчим туссан. Тэгвэл үүнээс нэг жилийн дараа буюу УИХ-ын шийдвэрээр“2023 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл төрсөн хүүхдүүддээ ямар ч байсан 1072 хувьцаа олгоё. Эдгээр хүүхдүүдэд олгосноор “Эрдэнэс Тавантолгой” компанийн иргэдийн эзэмшлийн хувь 27 орчим хувь болно.Төрийн мэдлийн хувьд 73 орчим хувь болж байгаа.Иргэдийн мэдлийн хувийг 34 хувь руу хүрэх боломжтой, шинээр төрсөн хүүхдүүдэд мөн ялгаагүй хувьцаа олгоод явна” гэдэг зарчмыг төр баримталж байгаа.Энэ хүрээнд шинээр төрсөн хүүхдүүдийн хувьд тухайн цаг хугацаанд нь тогтоол шийдвэр нь гараад олгогдоод явах болов уу гэж харж байна.Тэрнээс яг шинээр хүүхэд төрөнгүүт хувьцаа олгоод явах боломжгүй. Яагаад гэвэл Компанийн тухай хуулиараа  хувьцаа гэдэг чинь тухайн компанийн гаргасан үнэт цаас шүү дээ. Тэр хувьцааг төрийн мэдлээс хэн нэгэнд нэрлээд эзэмшүүлээд шилжүүлэх тохиолдолд заавал УИХ, Засгийн газар, “Эрдэнэс Тавантолгой”-н толгой компани болон “Эрдэнэс Монгол” гээд холбогдох байгууллагууд шат, шатандаа тогтоол, шийдвэр гаргаж байж хийгддэг. Монгол Улсын хууль дүрэм журам ийм.Эрх бүхий байгууллагуудаас шийдвэр гарахын тулд зайлшгүй тодорхой ажлууд хийгддэг.Тэр болгонд хугацаа орно.Иймд Монгол Улсын иргэн бүрд 1072 хувьцаа эзэмшүүлэхийн тулд он тоолол, цаг хугацааг нь тогтоогоод тэр дагуу үйл ажиллагаа явагдаж байгаа.

-“Эрдэнэс Тавантолгой” компани түүхэндээ хоёр дахь удаагаа ногдол ашиг тараалаа.Сонгуулийн жилийг угтсан шоу гэж нийгэм харж байх шиг байна.Иргэдэд  300 тэрбумыг  ногдол ашиг  гэж  тарааж байхаар дорвитой бүтээн байгуулалтад зориулах ёстой байсан гэх байр суурь давамгайлж харагдлаа. Харин энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд та ямар байр суурьтай байна вэ?

-Ардчилсан нийгэмд иргэн хүн бүр байр сууриа илэрхийлэх нь чөлөөтэй.Харин энэ хөрөнгийн зах зээлд ажиллаж байгаа мэргэжлийн хүний хувьд хэлэхэд, “Эрдэнэс Тавантолгой”-н нийт хувьцааны 73 хувийг төр, 27 хувийг ард түмэн эзэмшиж байна.Хувьцаанд  хоёр том үндсэн мөн чанар гэж байгаа. Эхнийх нь саналын эрхтэй хувьцаа.Энэ нь өөрийнхөө мөнгөөр хөрөнгө оруулаад тухайн компанийн хувьцаа эзэмшигч болчихсон хэлбэр.Тэр компанийн тодорхой хэсэг нь миний өмч.Би эзэн нь болохоор жилдээ нэг удаа хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцоод саналын эрхээ хэрэгжүүлээд үйл ажиллагаанд нь нөлөөлөөд явна гэсэн үг.Хоёр дахь чухал зүйл нь ингэж хөрөнгө оруулсныхаа төлөө хүртдэг үр шим буюу ногдол ашиг байгаа.Товчхондоо, 1072 хувьцаа эзэмшиж байгаа ард иргэд ногдол ашгаа авах нь зүйтэй гэж би үзэж байна.Ногдол ашиг иргэдийн гар дээр очоод зах зээлд эргэлдэх ёстой.Энэ нь дам байдлаар Монгол Улсын санхүүгийн тогтолцооны доголдолтой байдалд эерэг нөлөөтэй.Үнэндээ манай орны санхүүгийн салбарыг урт, богино хөлтэй ширээтэй зүйрлэдэг.Яагаад гэвэл банкны систем давам­гайлчихсан.Зах зээл нь жижигхэн.Үүнээс болоод янз янзын сөрөг нөлөөллүүд байдаг.Манай улсын хөрөнгийн зах зээл тэлэх хөгжих шаард­лагатай.Гэвч хөрөнгө оруулагч буюу ард иргэдийн зах зээлийн ойлголт, мэдлэг, үр шимийг нь хүртэх ойлголт дутагдалтай байгаа юм.Тэгэхээр 1072 хувьцаагаар дам­жуулаад хүмүүст ногдол ашиг өгч байна.Магадгүй цаашид арил­жаалагддаг болно.Хэн нэгэн нь хувьцаагаа худалдаалаад мөнгө болгож болно.Өөр нэг нь тэрийг худалдаж аваад ханшийн зөрүүнээс ашиг хүртэх боломжтой. “Илүү их ногдол ашиг авдаг болмоор байна уу” гээд хөрөнгийн зах зээлийн болон хөрөнгө оруулагч талаасаа харсан энэ мөн чанарыг иргэдэд  ойлгуулах үүднээс ногдол ашиг тараах нь зөв. Иргэд тэр мөнгийг аж амьдралдаа зарцуулах нь яагаад буруу гэж.Иргэдийн хувьцааны ногдол ашгаар яагаад заавал хөрөнгө оруулалт хийх ёстой гэж.Засгийн газар бол “Эрдэнэс Тавантолгой”-н төрийн эзэмшлийн 73 хувьтай тэнцэх ногдол ашгийг ялгаагүй авч байгаа.Тэгэхээр төрд бүтээн байгуулалтад хөрөнгө оруулаад явах хэмжээний хөрөнгө байгаа.3.4 сая иргэнд 300 тэрбум төгрөгийн ногдол ашиг тарааж байна.Харин Засгийн газарт 700 тэрбум хавьцаа ногдол ашиг хуваарилагдана.Тэр мөнгөөр цаашид хангалттай хөрөнгө оруулалт хийгээд явъя гэдэг чиглэлтэй байх шиг байна.Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” компани иргэддээ ногдол ашиг өгөхгүйгээр өөрөө шууд хөрөнгө оруулаад явчихсан шүү дээ.

-Иргэдийн халаас руу бэлэн мөнгө шууд цутгаж  байхаар хөрөн­гийн зах зээлээр дамжуулах ёс­той гэж энэ салбарын мэргэ­жилт­нүүд хэлж байсан. Таны бодлыг сонсъё?

-Яг бодит байдал дээр 900 мянган хүүхдийн ногдол ашиг хүүхдийн мөнгөний данс руу нь шууд орчихож байна.Үүнийг шууд амьдрал ахуй­даа зарцуулж байгаа иргэж байна.Нөгөө талд хадгалж байгаа хүмүүс ч бий.Иргэдийн харилцах данс руу орохоор нөгөө л зарлагын гүйл­гээндээ гараад явчихдаг.100 мянган төгрөгийн орлогын гүйлгээ заримд нь мэдэгдэж байгаа бол зарим нь мэдэх ч үгүй байхад зарлагадаад дуус­чихдаг. Хэрэв хувьцааных нь дансанд  байршуулах юм бол түүгээ­рээ дамжуулаад  тухайн иргэнд да­хиад нэг сонголт өгч байна гэсэн үг. Энэ ногдол ашгаа өнөөдөр зарцуулчих уу, эсвэл хувьцаанаас орж ирж байгаа үр шим юм чинь өөр хувьцаанд хөрөнгө оруулах уу гэсэн сонголтоо хийх боломжтой.Банкны хадгаламжаас арай өндөр хүүтэй зах зээл дээрх нээлттэй бондууд байна.Тэр бондуудаас 100 мянган төгрөгөөрөө худалдаж авах боломжтой.Тэгэхээр ногдол ашиг тарааж байгаа хэлбэр бол иргэнд нэг боломжийг илүү олгож байна.Сонголт, түүн дотроо боломж байна гэдэг байхгүйгээс хамаагүй илүү.Ер нь хувьцаа гэдэг бол хөрөн­гийн зах зээлийн бүтээгдэхүүн.Хөрөнгийн зах зээл нь дотроо үлдээх нь зах зээлдээ хэрэгтэй гэдэг өнцгөөр зарим мэргэжлийн хүмүүс харж байгаа болов уу.

-“Эрдэнэс Тавантолгой” ком­пани 2020 онд анх ногдол ашиг тараасан.Одоо 2012 оноос хойш төрсөн хүүхдүүд ногдол ашиг авах эрх үүслээ.Тэгэхээр тэд 2020 онд тараасан ногдол ашгийг нөхөж авах боломжтой юу?

-2019 оны ногдол ашгийг 2020 оны намар олгосон байдаг. Энэ ногдол ашгийн  хувьд урьд нь хувь­цаа эзэмшиж байсан 2.5 сая хувьцаа эзэмшигчдэд л олгогдоно. Саяхан хувьцаа эзэмшигч болж байгаа 900 мянган хүүхдэд энэ 2020 онд олгогдсон анхны ногдол ашиг нөхөж олгогдохгүй.

-Ногдол  ашиг олгохтой  холбоо­той брокерын компаниудад ямар хүндрэл гарч байна вэ?

-Монголын Улсын нийт 3.4 сая иргэнтэй хамааралтай бүртгэл, гүйлгээ бол нүсэр ажиллагаа гэдэг утгаараа мэдээж амаргүй.Төр болон оролцож байгаа байгууллагууд, брокер компаниудын асар их ачаалал авдаг.Дээр нь зарим хүний ойлголтын зөрүүгээс улбаатай буруу мэдээлэл явах тохиолдол их байна.Тиймээс хүмүүс маань хүлээцтэй байх хэрэгтэй.Ямартай ч энэ ногдол ашиг бол уусаад алга болчихгүй.Процессынх нь дагуу олгогдоно.Монголчууд аливаа ажлыг дандаа цагийг нь тулгадаг нэг хандлага бий.Энэ нь бүртгэлийн ажиллагаан дээр шууд харагддаг.Ялангуяа 2019 оны ногдол ашгийг 2020 онд олгосноос хойш гурав, дөрвөн жилийн хугацаа өнгөрлөө.Энэ хугацаанд банкны дансаа баталгаажуулаад брокер дээрээ бүртгүүлээд явах боломж бүрэн байсан.Гэтэл одоо ногдол ашиг тараангуут гэв гэнэтхэн бужиг­наад эхэлж байх жишээтэй.Аль ч брокерын компанид ачаалал ихээр үүсч байна.

-Та сая иргэд их буруу мэдээ­лэлтэй байна гэлээ. Тухайлбал…

-Хүмүүсийг хараад байхад “Би дэмийн хувьцааны данс нээл­гэ­сэн байна.Хүүхдийн маань 1072 хувь­цааны ногдол ашиг 100 мянга авдаг дансаар нь ороод ирж байна.Дэмий зүйл хийчихсэн юм биш үү” гэдэг хандлага их байна.Энэ буруу.Яагаад гэвэл хувьцаа гэдэг бол хүний хөрөнгө.Үүнийг тухайн хүний өөрийнх нь нэр дээр баталгаажуулж бүртгүүлэх хэрэгтэй.Дараа жилүүдийн ногдол ашиг авах болгонд энэ хувьцааны дансаараа дамжуулаад хөдөлгөөн хийгдэнэ.Тийм болохоор Засгийн газар 2025 он хүртэл хувьцааны данс нээлгээрэй гэдэг шаардлагыг иргэдэд тавиад байгаа хэрэг.Нэг удаа зориод дансаа нээлгэчихсэн байгаа хүн дахин данс нээлгэх шаардлагагүй.Гол нь үнэн зөвөөр дансны бүртгэл нь хийгдсэн байх ёстой.Хэзээ нэгэн цагт хийлгэх ёстой ажлыг өнөө жил урьдчилаад хийчихлээ гэсэн үг, зарим хүний хувьд хоцроод байгаа ч гэж харж болно.Магадгүй 900 мянган хүүхэд хувьцааны дансаа нээлгэхгүй байж байтал 2025 онд ногдол ашиг тараангуут дахиад бөөн ачаалал үүснэ.Дахиад л ногдол ашиг хүртэхэд хугацаа хоцрох нөх­цөл байдал үүснэ.Тэр утгаараа хувь­цааны дансаа урьдчилаад нээ­сэн байхад ямар ч алдах зүйл байхгүй.

-Ингэхэд танай брокерын компани орон даяар салбартай бил үү.Бас онлайн үйлчилгээ үзүүлж байгаа юу?

-Манай компани нийт 14 аймагт салбартай.Баруун гурав, зүүн гурван аймгаас бусад аймгийн төвд салбар бий.Бид онлайнаар үйлчилгээ авах боломж хомс, алслагдмал хөдөө зэлүүд газар амьдардаг малчид болон иргэддээ аль болох ойртож, орон нутагт салбаруудаа нээж ажилласаар ирсэн. Үүний зэрэгцээ онлайн үйлчилгээ  үзүүлж байна. Нийт харилцагчдын маань 60 орчим хувь нь онлайнаар үйлчилгээ аваад явж  байгаа. Үлдэж  буй 40  орчим хувь дотроо  орон  нутгийнхан дийлэнх нь байдаг. Тэд  голдуу  салбар дээр очиж үйлчилгээ авах сонирхолтой. Гэхдээ энэ хандлагаа жилээс жилд багасч байгаа. Зарим хүмүүс нүүр тулан  ярилцаж мэдээлэл авч, харилцахыг илүүд үздэг. Та бүхэнд манай үүд хаалга нээлттэй шүү.

-Танай харилцагчдын хэдэн хувь нь 1072 хувьцааны эзэд вэ?

-2012 оноос хойш төрсөн хүүх­дүүдэд хувьцаа олгогдох хүртэл нийт 600 гаруй мянган харилцагчтай, түүнээс 500 гаруй мянга нь 1072 хувьцаатай холбоотой харилцагч байлаа. Харин өнөөдрийн байдлаар энэ тоонд томоохон өөрчлөлт гарч харил­цагчдын маань 90 гаруй хувь нь “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаатай болно.

Нэмээд хэлэхэд 1072 хувьцааны ногдол ашиг тараасантай холбоотой манай брокер руу иргэд маш их хандаж байгаа.Дийлэнх нь банкны дансаа бүртгүүлэх, солиулах, шинээр данс нээлгэх зэрэг харил­цагчид байгаа бол багагүй тооны харилцагч ногдол ашиг миний дансанд ороод ирлээ.Эргүүлээд өөр сайн хувьцаа худалдаад авмаар байна, ямар хувьцаанд хөрөнгө оруулж болох вэ гэх мэтчилэн ма­най мэргэжилтнүүдээс асууж зөвлөгөө авч байгаа.Ийм маягаар эргүүлээд ногдол ашгаараа хувьцаа худалдаж авч байгаа иргэд их байх тусам л хөрөнгийн зах зээл маань тэр чинээгээр тэлж байна гэсэн үг шүү дээ.

Цаашлаад дан ганц ногдол ашиг бус хувьцааны арилжаагаар мөнгө олох боломж байгааг бүгдээрээ харж, ирээдүйд үүнийг хэрэгжүүлж чадвал илүү их боломж бидний өмнө байгаа юм.

П.Баяр

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гэр бүлийн хүчирхийллийн 100 дуудлага бүртгэгдэж, 132 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр нийт 2005 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Зөрчлийн шинжтэй 1630, гэмт хэргийн шинжтэй 85 дуудлага, мэдээлэл байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.