Categories
мэдээ цаг-үе

Сар шинийн өдрүүдэд хилийн авто боомтууд 3 хоног амарна DNN.mn

Монгол түмний уламжлалт Цагаан сарын шинийн 1-3-ний өдөр буюу хоёрдугаар сарын 10-12-нд Монгол Улс, БНХАУ-ын дараах хилийн боомтууд 3 хоног амрах талаар гааль, хилийн байууллагаас мэдээллээ. Үүнд:

Даян-Хуншаньзюй, Байтаг-Улиастай, Булган-Такашикэн, Бургастай-Лаоемяо, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Замын-Үүд, Бичигт-Зүүн хатавч, Сүмбэр-Рашаан, Баянхошуу-Өвдөг, Хавтирга-Архашаат зэрэг боомт орж байна.

Мөн Монгол Улс, ОХУ-ын хилийн боомтууд:

  • Цагааннуур-Ташанта, Боршоо-Хандгайт, Тэс-Шарсуурь, Арцсуурь- Цагаан толгой, Ханх-Монд, Улвхан-Дээд Ульхан шинийн 1-3-нд амарна.
  • Алтанбулаг-Хиагт, Эрээнцав-Соловьевскын авто замын хилийн боомт, Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьевскын төмөр замын боомтууд баярын өдрүүдэд цагийн хуваарийн дагуу ажиллана.

Агаарын боомтууд олон улсын нислэгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших хилийн Цагааннуур авто замын боомт сар шинийн баяраар мөн 3 хоног амарна. Тодруулбал, Монгол Улсын Баян-Өлгий, Оросын Холбооны Улсын Алтайн хэсгийн хилийн бүрэн эрхт төлөөлөгч нар харилцан тохиролцож хилийн “Цагааннуур-Ташанта” боомтуудын 2024 оны нэгдүгээр улирлын амралтын өдрүүдийн хуваарийг тогтоожээ.

Тус хуваарийн дагуу боомтууд сар шинийн баярыг тохиолдуулан хоёрдугаар  сарын 10-12-ны өдөр амарна. Харин энэ сарын 13-ны өдрөөс хуваарийн дагуу хэвийн ажиллах юм.

Categories
мэдээ цаг-үе

Говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна DNN.mn

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар, 05-нд Дорноговь, Сүхбаатарын нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа ихсэхийг анхааруулж байна.

Хур тунадас: Нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -26…-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -15…-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -7…-12 градус, бусад нутгаар -11…-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. -11…-13 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. -15…-17 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. -14…-16 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -20 градус хүйтэн, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Categories
мэдээ цаг-үе

100 айлын гүүрний хойд талд Сэлбэ гол дагуу суваг татаж, 32 метр урт далан өндөрлөсөн байна DNN.mn

Халиа тошин үүсээд буй Сэлбэ голын зарим байршилд Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас суваг татах, далан босгох арга хэмжээг өнгөрсөн Баасан гаригт авсан байна.

Тухайлбал Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо 100 айлын гүүрний хойд талын Сэлбэ гол дагуу 1.20×1.30×35 метр урт суваг татжээ. Мөн гүүрний зүүн талын далангийн нам хэсэгт дөрвөн рэйсээр 120 тонн шороо буулган, механизм болон гар ажиллагаагаар 32 метр урт далан өндөрлөсөн аж.

Сэлбэ голын усны түвшин 14 хоногт 20 сантиметр орчим дээшилж байгаа талаар албаны эх сурвалж өнгөрсөн сард мэдээлж байсан юм.

Categories
мэдээ эдийн-засаг

318 сая төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр болжээ

Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон хүний эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлыг хууль хяналтын байгууллага буруутай этгээдээр нөхөн төлүүлэх арга хэмжээг авна гэж Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан.

Энэ хүрээнд Тээврийн прокурорын газраас 2023 онд 318 сая төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр болсон байна.

Тодруулбал, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 195 хэрэгт иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл бичиж, зам тээврийн ослын улмаас хохирсон хүний эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлын төлбөрийг тухайн гэмт хэрэг үйлдсэн хүнээс гаргуулахаар шийдвэрлүүлжээ.

Categories
мэдээ цаг-үе

ЦЕГ: Ломбард дээрэмдсэн бүлэг этгээдийг саатуулжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад хоёрдугаар сарын 1-ний шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Үйлчилгээний төвийн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газрыг дээрэмдсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу дүүргийн цагдаагийн газраас Эрүүгийн цагдаагийн албатай хамтран хойшлуулшгүй ажиллагаа шуурхай явуулж, нэр бүхий гурван этгээд барьцаалан зээлдүүлэх газраас 60 гаруй сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, гар утас зэргийг хулгайлсныг илрүүлжээ.

Эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Баяр дөхөж байгаатай холбоотойгоор халаасны хулгай ихэсч байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Categories
мэдээ цаг-үе

Энэ сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь DNN.mn

Монголын үндэсний бөхийн холбоо 2024 оны хоёрдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарийг гаргасан байна. Ирэх сард Монгол бөхийн өргөөнд болох бөхийн барилдааны хуваарийг хүргэж байна.

  • Хоёрдугаар сарын 03-нд 13:00 цагаас Сар шинийн баярт зориулсан цолгүй залуу бөхчүүдийн “Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит” барилдаан,
  • 04-нд 11:00 цагаас Сар шинийн баярт зориулсан “Тарвалин” хийдийн нэрэмжит Сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан,
  • 05-нд 15:00 цагаас Сар шинийн баярт зориулсан Өсвөрийн бөхийн барилдаан /2008.01.01-с хойш төрсөн 16 хүртэлх нас/
  • 06-нь 11:00 цагаас Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэргийн начин цолтнуудын барилдаан,
  • 07-нд 11:00 цагаас Сар шинийн баярт зориулсан “Дашчойлин” хийдийн нэрэмжит, АЦЦБЗалуу 256 бөхийн уламжлалт барилдаан,
  • 08-нд 13:00 цагаас Сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан /нэг, хоёрын даваа/,
  • 09-нд 13:00 цагаас Сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан /Гурваас наймын даваа/,
  • 17-нд 11:00 цагаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан,
  • 18-нд 11:00 цагаас Дорнод аймгийн Булган сумын нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан,
  • 23-нд 11:00 цагаас Ховд аймгийн Зэрэг сумын харьяат аймгийн хурц, бадрангуй арслан Баянзулын Лодойн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
  • 25-нд 13:00 цагаас Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,

Үндэсний алтан цомын төлөөх барилдааны хагас шигшээ барилдаанууд:

  • 26-нд 15:45 цагаас Орхон, Өмнөговь
  • 26-нд 19:45 цагаас Увс, Завхан
  • 27-нд 15:45 цагаас Сүхбаатар, Архангай
  • 27-нд 19:45 цагаас Булган, Баян-Өлгий
  • 28-нд 15:45 цагаас Төв, Дорноговь
  • 28-нд 19:45 цагаас Ховд, Баянхонгор
  • 29-нд 15:45 цагаас Говьсүмбэр, Өвөрхангай
  • 29-д 19:45 цагаас Хөвсгөл, Сэлэнгэ
Categories
мэдээ цаг-үе

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхаарууллаа DNN.mn

Нэгдүгээр сарын гуравдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Мөсний даац хүн, мал, машин, тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Сар шинийн баярт зориулсан цолгүй бөхчүүдийн барилдаанд Д.Нарантулга түрүүллээ DNN.mn

Сар шинийн цуврал барилдааны эхнийх болох “Хавдрын эсрэг үндэсний зөвлөл”-ийн нэрэмжит цолгүй залуу бөхчүүдийн барилдаанд 384 бөх зодоглолоо. Тус барилдаанд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, улсын харцага М.Дармаабазарын хүү Нарантулга ес даван түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, залуу бөх А.Баттүшиг үзүүрлэв.

Шөвгийн гуравт Увс аймгийн Зүүнговь сумын харьяат, залуу бөх Г.Хангарьд, шөвгийн тавд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат, залуу бөх Б.Цэнд, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, залуу бөх Э.Доржпүрэв нар шалгарлаа.

Уран барилдааны шагналыг Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, залуу бөх Л.Мягмартүрүүд, уран гараа дэвээтэй бөхийн шагналыг Увс аймгийн Зүүнговь сумын харьяат, залуу бөх Г.Хангарьд нарт гардуулав.

Энэхүү барилдааныг Хавдрын үндэсний зөвлөл ТББ-ын ТУЗ-ын дарга Г.Сумхүү, гүйцэтгэх захирал Б.Цэцэгсайхан, “Аварга” дээд сургуулийн багш, гарвьяат тамирчин, улсын начин Б.Адъяахүү, “Аварга” дээд сургуулийн төгсөгч, улсын харцага Н.Батзаяа нар МҮБХ-той хамтран зохион байгууллаа.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хошууч генерал Б.Эрдэнэбат: “НҮБ-ын хүчний командлагчид монгол генерал тэнцэх үү” гэж Аюулгүйн зөвлөлийн таван гишүүн орноос эхлээд бүх алба, газруудаас санал авч зөвшөөрүүлдэг юм билээ DNN.mn

Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга, хошууч генерал Б.Эрдэнэбаттай ярилцлаа. Генерал Б.Эрдэнэбат НҮБ-ын энхийг сахиулах хүчний командлагчаар томилогдсон анхны монгол генерал болоод буй. Тэрбээр Бүгд найрамдах Кипр улс дахь НҮБ-ын энхийг сахиулах хүчний командлагчаар томилогдон, багийнхаа хамт маргааш эх орноосоо мордож байгаа билээ.


-НҮБ-ын энхийг сахиулах хүчний командлагчаар томилогдсон анхны монгол генерал болсон танд баяр хүргэе?

-Баярлалаа. Монголын өдөр тутмын, хамгийн олон уншигчтай Өдрийн сонины хамт олон та бүхэн намайг урьж ярилцлага хийж байгаад баярлалаа.

-Монгол цэргүүд энхийг сахиулах ажиллагаанд нэр төртэй оролцож ирсэн түүх үргэлжилсээр хүчний командлагч болтлоо өсч дэвжинэ гэдэг Монгол Улсын хувьд нэр төрийн хэрэг юм?

-Генерал Б.Эрдэнэбат ажиллагаанд оролцсон өөрийнхөө туршлагаар явж байна гэхээс илүү Монгол Улсын төр засгийн оролцоо үүнд маш өндөр байсан. Та мэдэж байгаа байх, 2022 онд Монгол Улс НҮБ-ын зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой болсон. Энэ хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулсан. Энэ үеэр НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагааны газрын дарга айлчилж байлаа. Дараа нь НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад айлчилсан. Энэ нь Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцдог үндэстэн гэдгийг хангалттай илэрхийлж чадсан хүчин чармайлт. Түүнээс гадна өнгөрсөн 20 жил 20 мянга гаруй цэргийн албан хаагч энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн. Энэ олон хүчин зүйлийн үр дүнд анх удаа хүчний командлагчаар монгол генерал сонгогдсонд баяртай байна.

-Хүчний командлагчаар сонгогдох зам ямар байв. Ямар шалгуур шаардлага тавьдаг юм бэ?

-Урт удаан хугацаанд үргэлжилдэг, нарийн шалгуур шаардлагатай шалгаруулалт юм билээ. Эхлээд НҮБ цэрэг илгээгч орнууд руу урилга явуулдаг.

“Энэ ажиллагаанд танайх хүчний командлагч явуулах уу” гэнэ. Урилга хүлээж авсан улс орон тухайн шаардлагад нийцсэн хүнээ санал болгож материалыг нь илгээдэг. Миний материал өнгөрсөн оны есдүгээр сард НҮБ руу илгээгдсэн. Надтай хамт 12 орны генералын нэрс очсон байсан.

Эхний шалгаруулалтаар таван улсын генерал үлдээд цахим ярилцлагад оролцсон. Удирдах манлайлах, мэргэжлийн ур чадвар, шийдвэр гаргах чадвар, аливаа ажлыг төлөвлөх, зохион байгуулах зэрэг асуудлаар цахимаар ярилцсан. 11 дүгээр сарын сарын 1-нд өгсөн ярилцлагын хариу 23-нд гарч, тэнцсэн тухай мэдээ сонссон. Ингээд монгол генерал тэнцлээ гэдэг мэдээ материалыг НҮБ-ын холбогдох алба, газруудад танилцуулж санал авдаг юм байна. НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн таван гишүүн орноос ч санал хэлдэг. Энэ санал хураалт 12 дугаар сарын дунд хүртэл үргэлжилсэн.

Хамгийн сүүлийн баталгаажуулах шийдвэрийг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга гаргаж, НҮБ-ын цахим хуудаст “Монгол генерал Кипр дэх ажиллагаанд хүчний командлагчаар томилогдлоо” гэдэг мэдээллийг өнгөрсөн сарын 2-нд тавигдсан.

-Энх тайван улс үндэстний хувьд энхийг сахиулах тухай тийм ч наалдацтай сонсогддоггүй. Нэг ёсондоо нарийн сайн мэдээлэлгүй гэсэн үг. Харин та бол маш олон ажиллагаанд оролцсон түүхтэй хүн. Энэ талаар товч ойлголт эхлээд өгөөч?

-Дэлхийн II дайны үеэр маш олон хүн амь үрэгдсэн. Үүнээс улбаалж “Хүн төрөлхтөнд дайн хэрэггүй. Энхийг эрхэмлэх ёстой” гэдэг зорилгоор НҮБ байгуулагдсан. Ингээд 1948 оноос хойш дэлхий даяар 70 гаруй энхийг сахиулах ажиллагааг явуулсан байдаг. Өнөөдрийн байдлаар дэлхий нийтээр НҮБ-ын 12 ажиллагаа явагдаж байна. Ихэнх нь Африк тивд байна. Монгол Улсын хамгийн анхны хоёр ажиглагч Бүгд найрамдах Конго улс руу 2002 онд явж байсан түүхтэй. Монгол Улсын анхны энхийг сахиулах цэргийн баг 2005 онд Сьерра-Леон улсад 250 хүний бүрэлдэхүүнтэйгээр зорьж байсан. Үүний дараа Төв Африкийн бүгд найрамдах Чад улсад хоёр ээлж үүрэг гүйцэтгэсэн. Дараа нь Суданы Дарфурт эмнэлгийн II шатны баг явсан. Хамгийн олон цэргийн хүчин буюу мото буудлагын батальон бол 850 хүнтэй баг Бүгд найрамдах Өмнөд Судан улсад 2012 онд үүрэг гүйцэтгэж эхэлснээр одоогоор 13 дахь ээлж үүрэг гүйцэтгэж байна. Энхийг сахиулах ажиллагаа бол цэргийн ажиглагч, штабын офицер, цэргийн баг гэсэн гурван ангилалд үүрэг гүйцэтгэдэг.

-Энэ удаагийн томилолт таны ес дэх ажиллагаа гэв үү?

-Миний хувьд анх 2004 онд Иракийн эрх чөлөө ажиллагааны II ээлжид үүрэг гүйцэтгэж байлаа. АНУ Ирак руу терроризмын эсрэг ажиллагаа явуулж байсан. Та бүхэн санадаг бол, манай ээлж халдлагад өртөж, Г.Аззаяа, Ш.Самбуу-Ёндон нарын залуучууд тухайн халдлагыг зогсоож байсан түүхтэй. Дараа нь 2005 онд Сьерра-Леоны I ээлжид явсан. Мөн НАТО-гийн тэргүүлсэн Косово дахь ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байлаа. Өмнөд Судан тусгаар улс болоогүй, нэг Судан байх үед цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгэж явсан. 2013 онд Бүгд найрамдах Өмнөд Судан улсад III ээлжийн батальоны захирагчаар, дараа нь мөн тус улсад секторын штабын даргаар ажилласан. Хамгийн сүүлд 2021 онд Өмнөд Судан дахь энхийг сахиулах ажиллагааны секторын командлагчийн үүрэг гүйцэтгэсэн. Энэ удаагийн ажиллагаа бол миний ес дэх ажиллагаа. Энэ 20 жилийн хугацаанд олон сайхан мөрдэс нэгт офицер, ахлагч нартай НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны түүхийг бичилцээд явж байна.

-Мөргөлдөөнтэй, үймээн самуунтай бүс нутаг руу энхийг сахиулна гэдэг хүнд алба. Нэг ёсондоо эрүүл мэнд, амь нас баталгаагүй томилолт. Олон удаагийн ажиллагаанд оролцоод ирэхээр сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй, хэвийн зүйл болчихдог уу. Эсвэл сандарч байна уу?

-Миний анхны ажиллагаа Иракийн II ээлж гэсэн дээ. Бид I ээлжээсээ үүрэг хүлээж авахад баазад нэг л тайван амгалан юм шиг байсан. Хоёр долоо хоногийн дараа халдлага болсон. Өглөө үүрээр биднийг унтаж байхад эхний дэлбэрэлт болсон. Хувцсаа өмсөөд гүйсэн. Хоёр дахь дэлбэрэлт болсон. Түүнээс хойш дугуй хагарах, хаалга хүчтэй савах гэх мэт тохиолдолд цочих рефлекс тогтчихсон. Дэлбэрэлтийн чимээ гарахад байнга дэвхийсэн байдалтай болчихдог юм байна. Энэ байдал манай багийнхнаас арилаагүй гэж боддог. Надад одоо ч бий.

Өмнөд Суданд 850 хүнтэй батальон удирдаж байхад иргэний дайн эхэлсэн. 2013 оны 12 дугаар сар байх. Тухайн үед хамгийн хүнд үүрэг энгийн иргэдийг хамгаалах явдал байсан. Анх баазад хамгаалалт зохион байгуулж байхад эхний өдөр 1000 хүн, дараагийн өдөр 2000 гэж нэмэгдсээр биднийг буцахад 47 мянган хүн баазын дэргэд байрласан байсан. Одоо бол тэр тоо 100 мянга гарсан. Тэр олон мянган иргэний аюулгүй байдлыг хамгаалахаас гадна өөрийн 850 хүнийг ажиллагааны газар орноос эсэн мэнд авчрах гэдэг багийн захирагчийн хувьд маш том толгойны өвчин. Айлын хүүхдийг эрүүл саруул авчрах ёстой. Багийн захирагчаар явсан хүн бүрийн л үүрэг. Ажиллагааны газар орноос хөдлөөд хамгийн сүүлийн цэрэгтэй онгоц Буянт-Ухаад газардахад бүрэн амьсгаа авдаг. “За залуусаа эсэн мэнд авчирлаа даа” гэж уужирдаг юм. Ер нь аливаа ажиллагааны үндэс бол сахилга бат байдаг. Дээр нь сэтгэл зүйн бэлтгэлтэй цэрэг ямар ч үед үүрэг гүйцэтгэнэ.

-Сүүлийн томилолт секторын командлагч байсан гэлээ. Олон орны цэрэг удирдана. Хүндрэл бэрхшээл байв уу?

-Тухайн үед миний удирдлагад 15 орны 4000 цэрэг үүрэг гүйцэтгэсэн. Цэргийн томхон багууд гэвэл Хятад, Энэтхэг гээд том батальонууд байлаа. Тэр олон үндэстний цэргийг удирдлагаар хангана гэдэг төвөгтэй л дөө. Мэдээж НҮБ-ын тогтсон дүрэм журам байна. Цэргийн ажиллагаа гэдэг хамтын, харилцан ажиллагаа байдаг. Бие биеэ ойлгож сайхан баг болж хамтрах ёстой. Сектор командлагчаар үүрэг гүйцэтгэхэд надад нэлээд том туршлага болсон.

-НҮБ-ын тогтсон дүрэм журамд та ч удирдагдана, цэргүүд ч тэр. Гэхдээ тэр дунд хүн ёсны харилцаа үүснэ, тийм үү. Та ямар арга барил барьж байв?

-Сектор командлагчаар ажиллах үед хүчний командлагч Энэтхэгийн генерал байлаа. Энэ хоёр албан тушаалтан маш ойрхон ажилладаг. Аливаа тулгамдсан асуудлыг шууд харилцаад шийднэ. Би ч мөн адил өөрийнхөө удирдлагад байгаа бусад орны удирдлага дарга нартай харилцана. Мэдээж НҮБ-ын дүрэм журам тодорхой. Гэхдээ таны асуусанчлан хүн ёсны харилцаа үүсэлгүй яах вэ. Цэргийн багууд нэгнийгээ хоолонд урина. Жишээ нь, Хятадын батальон дээр очно. Яг л нөгөө хятад заншлаараа ширээгээ засаад л угтана. Сайхан цагаар дайлна. Тэр үед л хүн хоорондын харилцаа, нөхөрлөл үүсч байдаг. Энэтхэгийн батальон дээр очлоо гэхэд карригаа хийгээд л угтана. Непал гэхэд үндсэн хоол ирэхээс өмнө амны зугаа гээд бөөн юм ирнэ. Удалгүй үндсэн хоол гээд нүсэр хоол ирэх жишээтэй. Тэр улсынх нь ёс заншил, уламжлалыг хүндэтгэж харилцах ёстой. Ингэж л нөхөрлөл, харилцаа үүсдэг. НҮБ-ын нэг чухал үнэт зүйл бий. Тэр бол олон үндэстнийг хүндлэх явдал.

-Манайх бас монгол хоолоороо дайлна биз?

-Манай 850-тай батальон дээр гадны хэн ч ирсэн монгол хуушуур, буузаараа дайлна. Гаднын цэргүүд Монголын цэргийн баг дээр ирж хоол идэх дуртай. Баазад медаль парад болоход орон орны цэргүүд бие биеэ урина. Хүлээн авалт болно. Тэр үеэр цэргийн захирагчид сууж байгаад “юм”-аа ярина даа.

-Хүнд хэцүү дурсамжтай томилолт ч бий байх?

-Монгол Улсын зэвсэгт хүчин Ирак, Афганистан, Сьерра-Леон гээд нэлээд олон оронд үүрэг гүйцэтгэсэн. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд амар байгаагүй. Эрүүл мэндийн шалтгаанаар хэд хэдэн цэргийн албан хаагч амь насаа алдсан. Багийн захирагч хүртэл амьсгал хурааж байсан тохиолдол бий. Сүүлд сектор командлагчаар ажиллаж байх үед манай секторын цэрэг шууд зүрх нь хаагдаад нас барсан тохиолдол гарсан. Мэдээж ийм тохиолдолд НҮБ маш хүндэтгэлтэй ханддаг. Мөн тэр ажиллагааны үеэр монгол эмэгтэй ажиглагч манай байршлаас урагшаа холын эргүүлд явах болсон юм. Тухайн үед өөр ажлын шаардлага гарч цэргийн баг руу татаад оронд нь Бангладешийн офицерыг эргүүлд явуулсан юм. Гэтэл тухайн цэргийг эргүүлд гарах үеэр буудуулж амь үрэгдсэн. Дараа нь сонсоход хоёр хүүхэдтэй, ажиллагаанд ирээд удаагүй байсан цэрэг байдаг. Харамсалтай санагдсан. Ер нь монгол цэргүүдийн хувьд НҮБ-ын ажиллагаанд явахдаа ар гэрийн баталгаа гаргаж, эрсдэлээ өөрөө хариуцна гэж л явж байгаа шүү дээ. Цэргийн алба тийм л байдаг. Амар ажил биш.

-Монгол цэргүүдийн алдар суу, гавьяат үйлс үе үе хилийн чанадаас дуулддаг. Таны томилолтын үеэр ч бишгүй олон гарч байв уу?

-Өмнөд Суданд манай батальон үүрэг гүйцэтгэж байх үед 2014 оны дөрөвдүгээр сарын нэг өдөр хүчний командлагч Ганын генерал над руу утас цохисон. Манай баазаас хойш 20 км-т байдаг Оросын нефтийн үйлдвэрийн 10 орчим ажилчин халдлагад өртлөө. Тэднийг татан гаргаж ирж чадах уу гэж байна. “Та үүрэг өгвөл цэргүүдээ явуулахад бэлэн” гэлээ. Ингээд манай цэргүүд явсан. Тухайн үед Засгийн газрын эсрэг хүчин нефтийн үйлдвэрийн орчим хориглолтод суучихсан байсан. Цэргүүд маань тэр хүнд нөхцөл байдал дундуур халдлагад өртсөн энгийн ажилчдыг гаргаж ирж байлаа. Тэр мэдээг сонссон хүчний командлагч, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгчид маш их баярлаж байсан. Уганда Улсад байдаг ОХУ-ын Элчин сайдын яамнаас манай багийнханд талархал илэрхийлж байсан удаатай.

Энхбаатар хурандаагийн ээлж байдаг юм. Долдугаар ээлж байх. Бааз дотор орой харанхуйд зэвсэгтэй нөхөд энгийн хүмүүс рүү халдсан. Манай монгол цэргүүд тэр нөхдийг аюулгүй болгож байсан удаатай. Тэр бол НҮБ-аас асар том өндөр үнэлгээ авсан ажиллагаа. Ер нь монгол цэргүүд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх бүрэн чадвартай. Хүндрэл юу байдаг вэ гэлээ. Хэлний л асуудал байдаг даа. Гэхдээ бусад улсын цэргүүдэд ч бий.

-Монгол Улс бол амгалан, энх тайван орон. Бид дайны тухай мэдэхгүй. Харин та, таны цэргүүд энх тайван, дайн хоёрын ялгааг нүдээрээ харсан, биеэрээ мэдэрсэн хүмүүс. Энх тайван, амар амгалан байхын учир шалтгааныг та юу гэж хардаг вэ?

-Монголоос энхийг сахиулах ажиллагаанд явсан бүх цэрэг эх орны үнэ цэнэ, тусгаар тогтнол, Монгол Улсын бүрэн бүтэн байдлын тухай мэдрэмжийг тухайн улсад онгоцны буудал дээр буухад л авдаг. Хэдий өнөөдөр бид утаатай ч гэсэн Буянт-Ухаа дээр буухад сэрүүн сайхан агаар амьсгалах агуу сайхан.

Ажиллагаа явагдаж байгаа газар нүд халтирам зүйл их байдаг. Жишээ нь, Өмнөд Суданы захын нэг тосгонд очвол тэнд дүүрэн овоохой л байна. Гэр орон, тог цахилгаан гэж байхгүй. Хоол ундаа гадаа чулуун дээр гал асаагаад хийж иднэ. Хүүхдүүд хувцасгүй нүцгэн гүйлдэнэ. Том хүмүүс ч тэр. Хувцас байхгүй. Түүнтэй бид харьцуулшгүй. Эх орны үнэ цэнэ, тусгаар тогтнол гэдгийг энхийг сахиулах ажиллагаанд явсан хүн бүр сэтгэл зүрхнээсээ мэдрээд ирдэг дээ.

-Одоо таны зорих Бүгд найрамдах Кипр улсын нөхцөл байдал ямар байгаа вэ. Тэнд та бүхэн ямар ажиллагаа гүйцэтгэх вэ?

-Аливаа ажиллагаа бол НҮБ-ын мандатаар заагдсан үүрэгтэй. Өмнөд Суданд гэхэд энгийн иргэдийг хамгаалах, хүмүүнлэгийн байгууллагад дэмжлэг үзүүлэх, хүний эрх зөрчигдсөн тохиолдолд мэдээлэл цуглуулах үүрэгтэй бол Бүгд найрамдах Кипр улсад бид өмнө хийж байгаагүй онцгой ажиллагааг гүйцэтгэнэ.

Киприйн арал дээр хойд хэсэг нь Туркийн Кипр, өмнөд нь Грекийн Кипр гэж явдаг. Энэ хоёрын голоор тусгаарлах бүс буюу Buffer zone татчихсан. Заагдсан мандатаар энэ хоёр газрын хооронд зөрчилдөөн үүсгэхгүй байх, хэвийн байдалд нь оруулах үүрэгтэй. Цэргийн зөрчилдөөн байхгүй ч гэсэн улс төрийнх нь хувьд зөрчилдөөнтэй бүс нутаг. Үүнийг л мэдэрч ажиллах үүрэгтэй. Бидний хувьд тусгаарлах зааг дээр үүрэг гүйцэтгэж байсан туршлага байхгүй. Тиймээс бас нэг туршлага, сургамж болох ажиллагаа гэж харж байна.

Тэнд Англи, Словак, Аргентины цэргүүд, НҮБ-ын цагдаа, 25 орны ажиглагч гээд 850 гаруй хүн бий. 180 км үргэлжилсэн зааг дээр гурван сектор болж аюулгүй байдлыг хангаж ажиллах юм.

-Хүчний командлагч баг бүрэлдэхүүнтэйгээ очих эрхтэй гэв үү?

-НҮБ-ын шаардлагын дагуу цэргийн зөвлөх хэмээн нэг дэд хурандаа, туслах гэж нэг хошуучийн хамт явна. Залуучууд маань өмнө нь олон ажиллагаанд явсан туршлагатай. Нэг нь АНУ-ын команд штабын коллеж, нөгөө нь АНУ-д магистр хийгээд ирсэн залуус бий. Жолооч цуг явна. Дөрвүүлээ Монголоос баг болоод очно доо.

-Та цэргийн албанд хэзээнээс зүтгэв?

-Би 1992 онд хуучин Найрамдал төв буюу Сансарын 48 дугаар сургуулийг төгссөн. 1992-1996 онд Цэргийн их сургуулийн ерөнхий цэргийн ангийг төгсөж, Зүүнбаянд хоёр жил алба хаасан. Офицерын амьдралын гараа Зүүнбаянгаас эхэлсэн гэх үү дээ. Дараа нь Зэвсэгт хүчний 032, 150, 026 330, 350 дугаар ангиудад штабын дарга хүртэл албан тушаал хашиж байлаа. Үргэлжлээд Зэвсэгт хүчний жанжин штабт Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн даргаар хоёр удаа ажилласан. 2020 оноос Зэвсэгт хүчний агаарын цэргийн штабын даргаар саяхныг хүртэл ажиллаад томилолтоор явах болсон тул албаа хүлээлгэж өгөөд байна.

Монгол Улсын тусгаар тогтнол аюулгүй байдлыг улс төр дипломатын аргаар хангана гэдэг том гадаад бодлого бий. Үүнийг хэрэгжүүлдэг нэг хэсэг нь энхийг сахиулах ажиллагаа. Монгол Улс 1961 онд НҮБ-ын гишүүн болсон. Гишүүн орныхоо хувьд дэлхий нийтийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж улс орнуудад энхийг сахиулаад явж байгаа нь Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулж байгаа үйл явдал гэж хардаг. Үе үеийн энхийг сахиулах ажиллагаанд өөрсдийнхөө зам мөрийг гаргасан энхийг сахиулагчдадаа талархаж явдаг аа.

-Таны багийн энхийг сахиулах ажиллагаанд амжилт хүсье.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Говь нутагт ойрд үзэгдээгүй зуд нүүрлэж, зузаан цасан бүрхүүл тогтжээ-II DNN.mn

Нар битүүгээр айлын эзэд боссон бололтой. Хот газарт сүүлийн хэдэн жил амьдарч, суудлын голдуу ажил хийсэн би өчигдөр жаахан хөдөлсөндөө нэлээд буларчээ. Гэлээ гээд лаглайтал хэвтээд байлтай биш. Мал дагаж, тэднийхээ буян заяанд сүсэлж явдаг улс энэ мэт ажлыг жилийн 365 хоног хийнэ. Гэтэл үеийн нөхдөдөө хөдөө өссөнөө гайхуулж явснаа бодохоор санаа ч зовмоор шиг. Бушуухан босч, дээл хувцсаа өмсөөд гарвал зүүн урдаас илч муутайхан нар дөнгөж цухуйж байна. Ц.Мөнхдорж ах эхнэрийн хамт утаа майгаа сэргээж, хотоо эргэж явна. Нэг муу хурга бусдадаа дарагдаад шил нь татчихаж, түүнийг гаргаж байна. Хурдхан очиж хашааны гаднаас авч, май дагуулан тавилаа. Хэдийгээр шил нь татчихсан ч бүр нүд аньчихаагүй, хивж байна, хөөрхий.

-Ингээд хэсэг халуун утаанд хэвтвэл босоод ирэх байгаа?

-Гайгүй байлгүй дээ.

-Нүдэн дээр мал үхээд байх хэцүү шүү?

-Хэцүү байлгүй яах вэ. Гэхдээ мал гэдэг өсөхөө ирэхээр үхэхээсээ хурдан шүү дээ. Үнэхээр заан ахын хэлснээр мал гэдэг ганцхан жилд л мянга дөхчихдөг амьтан. Ахтай ийн ярилцсаар өчигдөр орой л хашаандаа халтирч унаад өеөдчихөөд байсан охин халзан даага дээр очлоо. Уг нь түүнийг ганцаар тусад нь хашаалж, өвс тэжээл тавьж өгсөн ч дахиад л талаараа хараад унасан байна. Уяагаар оосорлож байгаад хүзүү, сүүлнээс нь өргөн босголоо. Босоод ирэхээрээ хаа очиж цовоо юм. Шуурганд уруудсан адуунаасаа цөөн хэдийг бараг хил дээрээс олж ирэхэд л хамгийн бага нь энэ амьтан гэрийнхээ барааг харжээ. Дээрээс нь охин юм болохоор уринтай золгуулчихвал хурд залгах болов уу гэж санана. Хүүхэд байхад ордог байсан зүс бороо одоо үзэгдэхээ байжээ. Газар дэлхий дэвтээж, ган тайлахгүйгээр асгаад л өнгөрнө. Ноднин зун гэрийн гадаа бараг л усан хуй дайраад өнгөрчээ.

Малдаа явсан эхнэртээ санаа зовж байтал саахалтын газраас хонио туусаар хуурай ирсэн байна. Энэ мэт үзэгдэл, байгаль цаг уурын хатуу ширүүн ихэссэн нь зориудаар цаг агаарт нөлөөлж, үүл бууддаг болсонтой холбоотой ч байж мэднэ гэж боддогоо ах нуусангүй. Гэнэтийн аюул хэзээ ч дайрч мэдэхээр болсон цагт эрчимжсэн мал аж ахуйг зөв зүйл л гэж санана. Гэхдээ өдий болтол малын тоо толгойны араас хөөцөлдөлгүй маллаж өдий хүрсэн болохоор уламжлалт ахуйгаа ч буруутгадаггүй. Буруутгаад ч яах билээ, малгүй Монгол гэж юу байх вэ. Ямартаа ч өнөө, маргаашдаа энэ хэвээрээ л малынхаа буян заяанд сүсэлж явах биз ээ хэмээн ярина.

Биднийг ийн ярилцах хооронд Р.Сарантуяа эгч “гэрлийн хурд”-аар л ажиллаж байна. Хэдийнэ нойтон хомоол шуудай дүүрэн түүгээд гэр рүүгээ чирч явна. Түүнийг нь гэрт оруулж өгвөл эгч сурмаг гэгч нь хэдэн төмөр түмпэнд хувааж хийгээд галаа тойруулан тавилаа. Ингээд маргааш өглөө хатахаар нь нунтаглаад тэжээлтэй холиод муудсан бог малдаа өгнө. Энэ бүгдээ ярингаа надад халуун цай аягалж, ширээн доороос өчигдөр хайрсан хуушуур гаргав. Гэрийн эзэн ч ороод ирлээ. Хамт суун цайлж байх хооронд эгч гэрийн зүүн орны дээрээс оосорлон өлгөсөн гар утсаар залгаж байна. Ярихыг нь сонсвол машин авахаар явсан дүү нь бололтой. Нэг машин үзсэн, хэр таарсан үнээр нь авахаар боллоо гэв. Харин эгч зөрүүлээд дүүгээсээ ажлын өдөр эхэлж, сумын банк онгойтол мөнгө сурлаа. Ахын нөгөө өчигдөр орой учрыг нь олоогүй тоон гарын үсгийнхээ учрыг өөрөө олоод тэтгэврийнхээ зээлийг авна гэнэ. Шалтгаан нь ах хүү өчигдөр орой 100 боодол өвс авахдаа банкаас мөнгөө авч чадалгүй байсаар өвснийхөө “барьцаанд” байж байгаад оройхон ирсэн нь тэр байжээ. Өвс зарсан хүн замын хүн учраас аль болох эртхэн төлбөр мөнгөө аваад буцахаа бодсон байлгүй. Ц.Мөнхдорж ах ирмэж байна. Эхнэр нь дүүгээсээ гадна хоёр охин, эгч рүүгээ залгаж байж өвсний өлтөг болох 1.7 сая төгрөгийг бүрэн цуглуулж, дараа нь өвсний эзэн рүү охиноороо шилжүүлүүлэхээр боллоо. Сумын төв дээр тээвэрлээд аваад ирсэн өвснөөс авч чадахгүй үлдвэл нэг бол төр засгийн гар харах, үгүй бол өөрсдөө аймаг, хот явахаас өөр замгүй. Гэтэл тэр хүртэлх машин тэрэгний түлш, жолоочийн хөлс гээд бүр илүү зардал гарна. Тиймээс ойрхон ирсэн дээр нь тэтгэврээ зээлээд ч болов ахиу өвс авахыг хичээнэ. Энэ хоёр малчин учраас эрт тэтгэвэрт гарсан аж. Гэхдээ цаг агаар, амьдрал хоёр дандаа ийм байх биш дээ хэмээн гэрийн эзэгтэй ихэд өөдрөг. Та бол үнэхээр шаргуу, гараас тань ажил их хурдан гардаг хүн байна. Нөхөр тань Сумын заан тулдаа л олон жил “тэсч” байгаа байх. Түүнгүй над шиг амьтан хоёр хоногт л чирэгдэж үхэх юм байна гэвэл эгч таатайхан цай оочилж, ах хань руугаа харан инээмсэглэв.

Заан гэснээс Ц.Мөнхдорж ах хар багаасаа нэгдлийн адуу маллаж, сүүлд 1980-аад оны сүүлээр хоёр жилийн цэргийн алба хааж ирээд ханьтайгаа гэр бүл болжээ. Хоёр биенээ багаасаа л таньж мэддэг, айл саахалт нутагладаг байв. Ардчилал гарч, зах зээл эхлэхээс өмнө нэг хэсэг сумын төвийн айл болж, эхнэр нь дэлгүүрийн худалдагч хийж, эмнэлэгт хүртэл ажиллаж явжээ. Нэгдэл тарж, мал хувьчлагдсанаар хөдөө гарсан ч нэг хэсэгтээ дэлгүүрийн худалдагчаа хийсээр л байж. Хөдөө гэрээсээ өглөө эрт очиж онгойгоод цайны цагаараа буцан ирж гэрийнхээ ажлыг амжуулаад яг л цагтаа онгойно. Тэгж байгаад нэг мөсөн хөдөөний айл болж, Дорж ах Алтанширээ сумынхаа наадамд 1991 онд үзүүрлэсэн байна. Харин бүр хойно буюу 2003 онд түрүүлж, Сумын заан болсон гэхээр олон жил тогтмол барилдсан бол шаггүй нэгэн байсан нь ойлгомжтой. Энэ хоорондоо угаас моринд дуртай учраас хусуур зүүж, хурднаа сойж аймаг, сумын олон наадамд айраг, түрүү хүртсэнээр сумын Алдарт уяач болжээ. Гэтэл 2000-аад оны зуд нүүрлэж, хоёр том нь сургуульд сурах болсноор мөн л хэсэгтээ сумын төвд амьдрав. Сургуулийн нэг сурагчтай байхдаа айлд суулгаад, зав зайгаараа эргэж очоод байж болдог байсан бол хоёрын хоёр охин хүүхдийг айлд суулгах аргагүй. Тиймээс л хэдэн малаа ах дүүгийндээ тавиад суманд амьдарчээ. Үүнээс өмнө хоёр тусдаа амьдрах гэж бас үзсэн байна. Залуу ч байж, хоёр талд байхаар амьдрал нэг л болж өгөхгүй болохоор ийм шийдвэр гаргасан хэрэг. Одоо ч гэсэн залуусын дунд ийм амьдрал элбэг. Эхнэр нь хүүхдээ аваад сум, аймагт амьдарч, нөхөр нь хэдэн малтайгаа хөдөө үлдэнэ. Ингээд л сүүлдээ хоёр тийшээ болох нь их гэв. Харин Дорж ах, Сараа эгч хоёр тухайн үед зөв шийдвэр гаргасан учраас амьдралаа үрэн таран хийсэнгүй явсаар хань бараандаа өдийг хүрч яваа. Одоо бол охид нь тус, тусын амьдрал зохиож, товхийтэл амьдарч байгаа. Аав, ээж ч, охид нь ч хэн хэнийхээ санааг зовоохгүй сэн хэмээн бодно.

Ц.Мөнхдорж ахыг ид морь уяж, мордуулсан болгоноо шахам үзүүрт хардаг байсан үед унаач хүүхдэд тэр бүр санаа зовдоггүй байж. Харин одоо бол хүүхэд нь аав, ээж мэднэ гэх. Эцэг, эх дээр нь очихоор хүүхэд мэднэ гэдэг үгээр ам тагладаг болжээ. Тэгэхээр хүүхэдгүй хүн морь уяна гэдэг бас л хэцүү болсон цаг. Тэрбээр 2007 оноос эхэлж сумандаа анх уях адуугаа тэжээсэн байна. Улмаар тэжээж онд оруулж байсан бор даага “даахин доор хүлэг” гэдгийг харуулж, азарга болтлоо сумын наадмуудад 10-аад орчим айрагдаж, асрын өмнө цоллуулжээ. Нэг жил бор азаргаа Зүүн бүсийн наадамд аваачиж уралдуулжээ. Азарга нь айргийн хойхно дараатай яваад байдаг. Хүүхдэдээ ч ингэж хэлжээ. Эзэн нь харин тархинд яваа азарганы уяач, олон сайхан хурдтай нэг нутгийн н.Шаравдорж гэж настай хүний машинд явах. Машины цонхоор унаачдаа ганц нэгэн зүйл хэлмээр санагдавч түрүүлж яваа азарганы эзнийг хойшоо суугаад миний морийг дагаадхаач гэж хэлэх нь увайгүй хэрэг гэж бодно. Тэгж байтал нөгөө тархилаад байсан азарга барианы газар гурван километр ойртоод байхад зүүн хойшоо даялаад хадуурчээ. Замаас гарсан азаргыг нэлээд хөөж, худаг дээрээс барьж аваад очиход Ц.Мөнхдоржийн бор азарга аман хүзүүдчихээд байхад эзэн нь байдаггүй гэсээр наадамчин олон бараг л эрэл сурал болон хүлээж байжээ. Энэ бол бид гурав цайлах зуур ярьсан ганцхан түүх. Түүнээс биш энэ мэт наадмын сонин сайхан, уясан морь нь айраг, түрүүнд хурдлахын жаргал алийг хэлж барах билээ. Алдарт уяач, Сумын заан ахын амттай яриаг тасалдуулж, сумаас Засаг дарга Н.Бүрэнтэгш тэднийх рүү гарсан мэдээ ирэв. Ирсэн гийчин буцах дөхсөн нь энэ. Хамт гарч үлдсэн хэддээ тэжээл өгч, зарим нэгийг нь услав. Ах хүү нэг адууны тэжээлд тусгайлан тос нэмж байна. Учрыг асуувал тамир тэнхээ оруулдаг нэмэлт тэжээл гэнэ. Түүнийгээ их дэлтэй цагаан үрээний хошуунд өлгөлөө. Өнөөх нь ч сурмаг юм. Ирэх жил уях бололтой. Тэгэхээр хөр цас ухаж, хэдэн малаа өргөж байгаа хатуу цагийн дурсамжийг арчиж энэ жилийн дэлхий дэлэгнэсэн наадмаар цагаан үрээ эзэндээ айраг амсуулах биз ээ.

Нэг үеийг бодоход эднийх рүү зам хагарчихсан учраас сумаас гарсан машин төд удалгүй ирлээ. Амар мэндээ мэдэлцэн, амны билгээ ярилцсаар гэрт оров. Засаг дарга сэтгэл сэргээсэн сайхан мэдээтэй иржээ. Ц.Мөнхдорж гэж энэ хүнийг “Сумын аварга малчин” цолд тодорхойлсон нь ёсоор болсон гэнэ. Гавьяа шагнал ихэдсэн үү гэхээс багадаагүй тухай амтай болгон л одоо ярьдаг. Гэвч эзнээ олоод цагтаа ирвэл сэтгэл сэргээж, урмаар тэтгэдэг зүйл. “Алдар нь над дээр ч ажил нь манай хүн дээр дээ” гэж алдарт хэлнэ лээ. Гэхдээ хамтын хөдөлмөрөө төр засагтаа үнэлүүлж байгаа нь энэ. Түүнээс биш нэг нь хийгээд нөгөө нь хөдөлдөггүй бол яах билээ. Аян замаа ерөөлгөөд гэрээс нь гарахад “Илгээлтийн эзэн”-ээ явчихаар хүн бүлгүй хэсэгтээ хэцүүднэ дээ гээд инээж байна. Үнэхээр “Нийслэл хүү” аятай очсон би хоёр хоног нэр хичээж, ажил анхиатай, малчин ах, эгчийнхээ ажилд чадлаараа л туслахыг хичээв. Гэвч хөдөөний амьдралаас хол хөндий болсон миний тус гэж юу базаах вэ. “Мал дээр гарвал таарна” гэж нэгнээ элэглэж, малчдын ажил хөдөлмөрийг энэ хэрээр үнэлдэг болсон болохоор хамгийн хүнд хэцүү, өдөр тутам, цаг наргүй хийдэг хэрнээ ямар ч нэргүй болсон хөдөлмөр малчдынх болох вий гэсэн бодол дотор эмзэглүүлнэ. Говийн нар илч гэрлээрээ ээж, гадаа хэдий дулаахан боловч ах, эгч хоёр маань дуусашгүй ч гэлээ халгаж үзээгүй ажилдаа ханцуй шамлан ороо доо.

“Говь нутаг өвөлдөө хүндэрвэл хавартаа сайхан байдаг юм гэнэ билээ” гэсэн амны бэлгээр нь болж тогтуун хавар, дэлгэр зун, налгар намар, өнтэй өвөл болоосой.

Т.Дарханхөвсгөл