Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дүүжин тээврийн барилгын ажил гуравдугаар сард эхэлнэ DNN.mn

Улаанбаатар хотын нийтийн тээвэрт ашиглах дүүжин тээврийн дэд бүтэц, барилган угсралын ажлыг эхлүүлэх болсон талаар Францын “Пома” группээс мэдээлэл хийлээ.

Улаанбаатарын хамгийн том хоёр өргөн чөлөөг шууд холбосон дүүжин тээврийн нийт урт 4250 м, нэг чиглэлд цагт 650 хүн тээвэрлэх хүчин чадалтай ба 28 кабины буудалтай байх аж. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс 100 хувь ашиглаж болох юм.

Бүхээг нь цаг агаарын бүх нөхцөлд ажиллах зориулалттай бөгөөд нэг бүхээгт 10 хүн зорчих боломжтой.  2025 оны арванхоёрдугаар сард нээлтээ хийх дүүжин тээвэр нэг секундэд зургаан метр зай туулна. Нийт 19 цамхагтай, нэг талдаа бүрэн хүчин чадлаар ажиллабал 2300 зорчигч тээвэрлэх юм байна. Дүүжин тээвэр барих замд Туул гол, төмөр зам, аж үйлдвэрийн томоохон үйлдвэрүүд байгаа хэдий ч эдгээр саад бэрхшээлийг агаарт хамгийн бат бөх кабель тавьж, дэлхийн стандартаар зорчигчийг тээвэрлэн зорьсон газарт нь хүргэхийг онцоллоо.

Categories
мэдээ эдийн-засаг

“Хувьцааг арилжаанд оруулах, өвлүүлэх зэрэгтэй холбоотой эцсийн шийдвэр гараагүй” гэв DNN.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, ногдол ашиг тараах үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо (МҮЦАЭХ), Үнэт цаасны компаниудын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Ц.Наран-Учрал “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг өнөөдрийн байдлаар 3.1 сая хүнд олгоод байна. Үүний 2.5 сая иргэний ногдол ашиг нь брокерын компанид нээлгэх үед өгсөн дансаар тараагдсан.

Зарим иргэн “Ногдол ашгийг Хүүхдийн мөнгөний данс,  и баримтаар олгочих байсан юм биш үү. Брокерын компанид нээлгэсэн дансаар дамжуулах шаардлага байсан юм уу” гэдэг асуудлыг хөндөж байгаа.  Үнэт цаасны компани  дээр данс нээлгэснээр Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв гэдэг байгууллага дээр бүх мэдээлэл цуглардаг. Тэгэхээр брокерын компаниар дамжуулан, тухайн байгууллага дээр цугларсан мэдээлэлд үндэслэж ногдол ашиг тараагдсан байна. Түүнчлэн яг одоогоор ЭТТ компанийн хувьцааг ямар нэгэн байдлаар шилжүүлэх боломж аль ч хүнд нээгдээгүй.

Тэр утгаараа нас барсан иргэдийн хувьцаатай холбоотой асуудал дээр хөдөлгөөн ордоггүй. Зохих шийдвэр гарах хүртэл энэ байдал хэвээрээ байна. Хувьцааг арилжаанд оруулах, өвлүүлэх зэрэгтэй холбоотой эцсийн шийдвэр гараагүй” гэв.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр гэргий Элке Бюденбендэрийн хамт Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэв.

Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулитц болон албаны бусад хүн угтан авав.

Энэ удаагийн төрийн айлчлал нь ХБНГУ-аас Ерөнхийлөгчийн түвшинд хийж буй дөрөвдэх айлчлал бөгөөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болж байна.

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд 1974 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2008 оноос “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд харилцаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Их хэмжээний хур тунадас, цаг агаарын хэлбэлзэл нь шар усны үерийн эрсдэлийг нэмэгдүүлж байна DNN.mn

Нийслэлийн онцгой комисс /НОК/ халиа тошингийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хуралдлаа. Өнөөдрийн байдлаар Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хөрсний ус гарч, халиа тошин үүсэн, айл өрх, хашаа байшин, гудамж, авто замд мөс тогтож, халтиргаа гулгаа үүсээд байна.

Өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байгаа нь халиа тошин үүсэх, цаашлаад шар усны үер болох эрсдэлийг бий болгож байгааг албаныхан хэлж байлаа.

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн ерөнхий инженер Б.Жаргалан:

-Өнгөрсөн долоо, наймдугаар сард олон жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон. Олон жилийн дундаж гэдэг бол сүүлийн 30 жилийн харьцуулсан үзүүлэлт. Өнгөрсөн зун болон энэ өвлийн хур тунадас орох ёстой хэмжээнээс 100-120 хувиар илүү байгаа гэх мэдээлэл бий. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байсан. Тухайлбал, дулаарахдаа олон жилийн дунджаас 15-20 хэмээр дулаарч, хүйтрэхдээ 10-15 хэм хүйтэрдэг онцлог жил байлаа. Арванхоёрдугаар сард хэт хүйтрэл олон хоног үргэлжилж, олон жилийн дунджаас хүйтэн байсан. Энэ өвөл Улаанбаатар хотод хасах 42 хэм хүрч хүйтэрсэн. Хоёрдугаар сард нийслэл орчмоор олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас их орох төлөвтэй байна. Улаанбаатар хот орчмоор томоохон гол мөрний мөсний зузааны хэмжээ 40-120 см байна” гэлээ.

Цаг агаарын хэт хүйтрэл нь зам дээр цацсан давс, бодисын нөлөөг бууруулж байсныг мөн албаныхан онцолж байв.

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Гадаргын ус судлалын хэлтсийн ерөнхий инженер Э.Батбаяр “Шар усны үер болоход орсон цасны хэмжээ, цаг агаарын огцом дулаарал нөлөөлдөг. Олон жилийн дунджаар өдийд Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 50 хувь нь цасан бүрхүүлтэй байдаг байсан бол энэ жил 80 орчим хувьтай байна. Энэ нь эрсдэлийг нэмэгдүүлж байгаа. Хур тунадас их орсонтой холбоотойгоор гадаргын усны хэмжээ нэмэгдсэн” гэв.

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа:

-Улаанбаатар хотын хэмжээнд үерийн хамгаалалтын 161 км далан, авто замын борооны ус зайлуулах 209 км шугам сүлжээ бий. Мөн 45 мониторингийн цооног, нэг насост станц, 12 насост худаг байдаг бөгөөд эдгээр нь хөрсний усны түвшнийг хэмждэг. Өнгөрсөн онд орсон борооны улмаас хөрсний ус 2-3 дахин нэмэгдсэн. Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн насжилт хэтэрсэн. 60 хувь  буюу 100 км орчим нь 1966-1990 онд, 31 хувь  буюу 50 км нь 1987-2018 онд, үлдсэн барилга байгууламжууд нь 2019 оноос хойш баригдсан бөгөөд есөн хувийг эзэлж байна. 2020-2023 онд тогтмол 19 байршилд халиа тошин гарч байна. Бид тухай бүр шаардлагатай арга хэмжээг авч ажилладаг.

Манайх 35 техник, тоног төхөөрөмжтэйгөөс 70 орчим хувь нь эвдрэлтэй байна. 50 хүн ажилладаг бөгөөд хүн хүч, машин техник маш дутагдалтай байгаа. Цаашид үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хяналт шинжилгээний төв, ул хөрсний усны түвшин бууруулах байгууламж байгуулах, мөн шаардлагатай санхүүжилтийг шийдэх хэрэгтэй байна хэмээн ярилаа.

Холбогдох байгууллагуудын мэдээллийг сонссоны дараа НОК-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүн хүч, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах шаардлагатай байна. Цаашлаад өнгөрсөн зуных шиг үер болохыг үгүйсгэх аргагүй юм. Иймд үерийн эрсдэлийг бууруулах, Сэлбэ голын лаг хагшаасыг цэвэрлэх, хэрэгцээтэй газруудад бетонон далан хийх хэрэгтэй” гэв.

Мөн цаашид авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, усны барилга, байгууламжийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, гүний ус зайлуулах томоохон суурин насосыг гурван байршилд байгуулахаар судалж, танилцуулах, шаардлагатай арга хэмжээг авахыг холбогдох алба тушаалтнуудад үүрэг болголоо. Түүнчлэн дүүргийн онцгой комиссууд хуралдсаны дараа НОК дахин хуралдахаар болов.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сар шинийн баярын өдрүүдэд өрх, дүүргийн эмнэлгүүдийн ажиллах цагийн хуваарь DNN.mn

Сар шинийн өдрүүдэд Улаанбаатар хотын эмнэлгийн байгууллагуудын ажиллах хуваарь, бэлэн байдлыг хэрхэн хангаж буй талаар холбогдох байгууллагаас мэдээлэл хийв.

Сар шинийн баярын өдрүүдэд өрх, дүүргийн эмнэлгүүдийн ажиллах цагийн хуваарь: 

Өрхийн эрүүл мэндийн төв хоёрдугаар сарын 10-ны өдөр буюу шинийн нэгний өдөр 13:00-16:00 цагийн хооронд, хоёрдугаар сарын 11, 12-нд 12:00-17:00 цагийн хооронд ажиллана.

Дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, хүүхэд, шүдний кабинет хоёрдугаар сарын 10-ны өдөр 11:00-14:00 цагийн хооронд хоёрдугаар сарын 11, 12-нд 11:00-16:00 цагийн хооронд ажиллана.

Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв хоёрдугаар сарын 10-12-ны өдрүүдэд 09:00-15:00 цагийн хооронд ажиллана.

Түргэн тусламж, амаржих газар, дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасаг үндсэн цагийн хувиараар буюу 24 цагаар ажиллах талаар Эрүүл Мэндийн Яамнаас мэдээллээ.

Зөвлөгөө:

  • Баярын өдрүүдэд бууз жигнэхээр халуун тогоог их ашигладаг. Улмаар энэ үеэр хүүхдийн түлэгдэлт ихээр нэмэгддэг. Иймд халуун тогоонд хүүхэд түлэгдэхээс сэргийлж зөв газар байрлуулаарай
  • Мөн азын буузнаас болж хахах тохиолдол гардаг. Хэрвээ азын бууз хийсэн бол зочдодоо анхааруулж хэлээрэй.
  • Өвөлжилтийн байдал хүнд байгаа учраас хөдөө орон нутгийн иргэд цаг агаарын нөхцөл байдлаа харж замдаа гарах мөн оройтож биш аль болох нартай гэгээтэй золголтоо хийгээрэй.
  • Халтиргаа гулгааны эрсдэлээс онцгой анхаарахыг эрүүл мэндийн байгууллагынхны зүгээс зөвлөлөө.
Categories
гадаад мэдээ

Илон Маскын “телепат” чип DNN.mn

Дэлхийн тэргүүн баячуудын нэг Илон Маск технологийн салбарт тэргүүнд алхаж байгаа хэд хэдэн компанийг эзэмшдэг.

Тэгвэл түүний үүсгэн байгуулсан “Neuralink” компани аливаа гэмтлийн улмаас мөчдийн үйлдэл нь саажсан хүний мэдрэлийг сэргээх, үүргийг нь нөхөх үүрэгтэй бүтээгдсэн чипийг хүний тархинд анх удаа суулгаснаа зарлав.

Энэ компани өнгөрсөн жил АНУ-ын Хүнс, эмийн зохицуулах хорооноос хүний тархинд суулгадаг чипний зөвшөөрлөө авсан аж. Анх удаа хүний тархинд суулгасан уг чип амжилттай ажиллаж, нуруу нугасны мэдрэлтэй холбогдож байна гэж Илон Маск өөрийн Х цахим хуудастаа нийтэлжээ. Илон Маск энэ тархины чипээ “телепат” буюу бодол уншигч гэж нэрлэнэ гэж цахим хуудсаараа жиргэсэн байна. Neuralink компани дөрвөн мөч нь саажсан хүмүүс тархины чипээ бодлоороо удирдаж, дөрвөн мөчөө хөдөлгөдөг, цаашлаад босч явж чаддаг болгохыг зорьж байгаа ажээ.

Иймээс энэхүү чипийг суулгах хүмүүс нь 22 нас хүрсэн дөрвөн мөч нь саажсан, эсвэл нуруу нугасны мэдрэл гэмтсэнээс босч чадахгүй болсон хүн байх юм байна. Саажсан хүний биед суулгах энэхүү чип нь утасгүй сүлжээгээр холбогдон биеийн мэдрэлийн тогтолцооны үүргийг гүйцэтгэх гэнэ. Энэхүү чип нь мөн утасгүй холбоогоор цэнэглэгдэх аж. Цаашид энэхүү тархины чипний технологи нь гар утас, таблет зэрэг төхөөрөмжтэй утасгүй сүлжээгээр холбогдож, хэрэглэгч өөрөө бодлоороо энэ төхөөрөмжүүдээ удирдаж болдог болгохоор зорьж байгаа юм байна.

 

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг өөрийн өмгөөлөгч П.Эрхэмбаяраар дамжуулан захидал илгээжээ DNN.mn

Хоригдоод 64 хонож буй сэтгүүлч Н.Өнөрцэцэг өөрийн өмгөөлөгч П.Эрхэмбаяраар дамжуулж ард иргэдээс чин сэтэлийн дэм хүсэж, захидал илгээжээ.

Тэрбээр захидалдаа, “Сэтгүүлч Н.Өнөрцэцэг миний сэтгэл зүй өдрөөс өдөрт дордож байгаа учраас сэтгүүлчийг, Зариг.мн сайтыг дэмждэг Монголын ард түмэн та бүхнийг ил захидал илгээж чин сэтгэлийн дэм үзүүлэхийг хүсэж байна. Сэтгүүлч хүн олон нийтийн төлөө дуугардаг шигээ олон нийтээс урам, дэмжлэг авч ажилладаг билээ. Ялангуяа сэтгүүлч Н.Өнөрцэцэг миний бие олон нийтийнхээ дэмжлэгтэйгээр нийгмийн цөөнгүй асуудлыг хөндөж үр дүнд хүргэж байсныг уншигч үзэгч та бүхэн андахгүй сайн мэднэ.

Чин сэтгэлийн үгээ Зариг.мн сайтын редакц, фэйсбүүх хуудас болон миний албан ёсны сошиал хаяг руу дамжуулан хүргэх боломжтой. Торны цаана үр хүүхдэдээ санаа зовнин суугаа миний бие та бүхний чин сэтгэлийн үгийн хариу болгож ил захидал мөн илгээх болно” гэжээ.

Categories
мэдээ утга-зоxиол

Т.Пялзай: Л.Ванган маань бусдыг өөртөө уусгаж, өөрөө ч уусдаг хүн байсан DNN.mn

Түрүүч нь..

Хүрэн диван дээр биднийг суулгалаа. Ихэд айцгаав. Биднийг сүртэй загнасангүй. “Улсын ажлыг ингэж болохгүй. Цаг нартай уралдаж, сахилга баттай бай” гэлээ. Бид гарцгаахад хөлийн булчингаа шүргэсэн нэг их гоё урт хар салаа гэзэг хараанд нь өртсөн гэдгийг Ванган маань сүүлд ярьж билээ.

Тэр нь би байхгүй юу. “Ямар гуалиг бие, тэгш хөлтэй охин шатаар дээш гүйсэн гээч” гэж алдарт зураач, гуравдугаар арван жилийн дунд сургуулиас үерхсэн Л.Гаваа найздаа ярьж байжээ.

-Ч.Чимид гуай бас шадар найз нь биз дээ?

-Амгалангийн Чойжилын хүү гээд л хар багаасаа л нөхөрлөсөн. Хамтарч жүжиг ч бичсэн. Л.Гаваа нь өнчин, Л.Ванган маань даргын хүүхэд болохоор арай хангалуун, найзыгаа гэртээ байнга аваачдаг байж. “Бүжигчин л болов уу” гэхэд Л.Гаваа намайг “хайсан” байгаа юм. Тэгсэн нөгөө урт гэзэгт чинь бүжгийн танхимаас дэгдчихсэн “тууж” явна гэнэ. Тэгээд Вангандаа хэлсэн байдаг юм. Нэг өдөр Уран сайхны удирдагч дуудаж байна гэхэд өмнө нь орж загнуулж байснаа мартчихсан “Тийм ямар хүн байдаг юм бэ” гэж асууж байсан гээч (инээв). Үүнээс хойш намайг байнга гэрт хүргэж өгдөг болсон доо. Танилцаад хоёр сар хэртэй болсны дараа шинэ жилийн өмнөхөн цирк рүү намайг дагуулж оров. Хичээнгүй даргын өрөө рүү орлоо. Олон циркчин цуглачихсан байсан. Он солигдох мөчид шампанскаа буудуулахын өмнө Ванган маань “Өнөөдөр би гэрлэхээр боллоо. Хань маань энэ байна” гэж намайг танилцуулдаг юм байна.

-Үүнээс өмнө тантай амьдралаа холбоно гэж ярьсан биз дээ?

-Чи бид хоёр цугтаа их зам, хугацааг туулна даа л гэж байсан. Аавтайгаа хамт амьдарч байсан байшинд нь гал голомтоо бадраав. Манай хүний гал тогоог барьж байсан ааваас нь шанага, тогоо, галын хайчийг нь хүлээн авч билээ. Мухрын өрөө нь Ванганых. Өндөр, том гэрэл зургийн хэрэгсэл, хальсаа угаадаг сав суулга нь дийлэнх юм. Манай хүн чинь сүрхий зураг авдаг, “Зорький” гэдэг аппараттай. Москвад байсан оюутнууд дотор зураг авдаггүй хүн гэж байгаагүй гэдэг шүү. Ванган маань хүний дээд гэвээс зохих гайхамшигтай хүн. Давтагдахгүй авьяасаас гадна хүмүүжил, ёс зүйн дээд үлгэрлэл юм даа. Л.Цогзолмаа, Л.Жамсранжав, Д.Пүрэвдорж, Ц.Гантөмөр нар түүнд өчүүхэн ч хир халдаадаггүй юм. Дэндүү хүнд ойрхон, дэндүү ихээр хүнд уусдаг, өөртөө уусгадаг хүн. Маш хурдан сэтгэдэг. Өөрт нь хандсан зохиолч нөхдөд ямар элгэмсгээр зөвлөнө гээч. Зууралдаад л байна. Нөгөөдүүл нь төвөггүй ойлгож мэдэрдэг нь Ванганы маань хурц, түргэн ухааны ач. Хүнээс ер залхахгүй, өөрийгөө огт харамладаггүй. Өөрөөсөө илүү хүн гаргах гэж урдуураа л гишгүүлэх гэж зүтгэнэ. Олон зохиолч, жүжигчин Монголд гараасай билээ гээд л байна. Болд сайд, Л.Ванган хоёрын үед найруулагч, жүжигчин бэлтгэх анги байгуулагдсан юм шүү дээ. Гар нийлж гайхамшгийг бүтээсэн, бие биенээ жолоодон түлхүүрдэж олон уран бүтээлч төрүүлж бойжуулсан хоёр доо.

-Л.Ванган гуай бол нэртэй найруулагч, том зохиолчоос гадна Монголын хөдөө орон нутаг дахь театр урлаг, соёлын байгууллагуудыг үүсч хөгжихөд, театрын үндсийг тавихад голлох үүрэг гүйцэтгэсэн гэдгийг үүх түүхээс нэлээд уншиж байлаа. Ховд аймагт театр урлагийн үйл ажиллагаа явуулсны дараа тухайн аймгаас Л.Ванган гуайд талархсан сэтгэлийн илэрхийлэл болгож бэлэг дурсгал гардуулж л дээ. Түүн дотор ирсэн үйтэн хуараар танд дээл хийлгэсэн, та түүнийгээ 40 жил тасралтгүй өмссөн гэж сонссон юм байна?

-Тийм, тийм. Тэр дээл чинь Л.Ванганы маань хөдөлмөр хөлс, их ухааны шим шингэсэн сэтгэлийн бэлэг байхгүй юу даа. Олон ястны өлгий, Их нууруудын хотгор бол ховдчуудын бахархал. Тэдний сэтгэл бас шингэсэн. 1959 онд хятад оронд хоёр сар 20 хоногийн хугацаагаар аялан тоглолт хийлээ. Бээжин, Шанхай, Кантон, Гуаньжоу гээд л хорь гаруй хотод зуугаад хүний бүрэлдэхүүнтэйгээр тоглолтоо хүргэсэн юм. Мао Зэдунтэй гар барьсан хүн дээ. Хамгийн сүүлд Хөх хотод хаалтаа хийж билээ. Үүний дараах жил Соёлын сайд Л.Ванганд “Ховдод, олон ястны нутагт театр соёлын ажил явуул. Багаа өөрөө бүрдүүл” гэсэн юм. Ийнхүү 18 аймаг нийслэл хотод урлаг соёлын арав хоногийн үйл ажиллагаа явуулах үйлсээ Ховд аймгаас эхэлсэн юм даа. Хоёр, хоёр жилийн хугацаатай явуулсан энэ үйл ажиллагааны долоон аймгийнхыг нь миний хань удирдсан даа.

-Багийн бүрэлдэхүүнд нь хэн, хэн ажиллаж байв?

-Маш хүчирхэг бүрэлдэхүүн энэ том ажлыг нугалсан. Туслах найруулагчаар С.Галсанжав, дууны багш нь дэнхэр Д.Лувсаншарав, хөгжмийн багш нь “мөнгөн шүд” Чимиддорж, зураачаар найз Л.Гаваа нь гээд бод доо. Оёдлын мастераар нь Б.Балжмаа гуай ажиллаж байсан.

-Ямар аймгуудад ажилласан юм бэ?

-1954 онд Ховдод, 1955 онд Баян-Өлгийд, 1957 онд Булганд, 1959 онд Хөвсгөлд, 1961 онд Өвөрхангайд, 1963 онд Архангайд, 1965 онд Сүхбаатарт. Харин 1967 онд Москвад болсон олон улсын кино фестивальд шүүгчээр ажилласан юм. Зөвлөлтийн аугаа их найруулагч Бондарчук “Хүндэт жюригээр Монголын алдарт найруулагч Л.Ванганг гэргийн хамт урьж байна” гэсэн урилга ирүүлсэн юм. Тэр фестиваль 14 хоног үргэлжилж, Итали, Франц, Герман гээд олон орны кино үзэж нүд алдан биширч билээ. “Россия” зочид буудлын 26 дахь давхарт байрлаад л. Монголоос “Тус биш ус” кино оролцсон доо. Энэ кинонд Лхасүрэн маань тоглосон юм.

-Ямар орны кино таалагдаж байв?

-Орос киног бол сайн ойлгочихно. Бусад нь хэл мэдэхгүй ч их сонирхолтой. Италийн нэг киноны жүжигчин хүүхнийг үнэхээр биширсэн, Монголын маань Ө.Эрэнцэнноров, Л.Цогзолмаа юм даа гэж бодоод л.

-Нэрийг нь санаж байна уу?

-“Монте Кристо” киноны гэргийн дүрд нь тоглодог юм л даа. Сайхан ч бүсгүй дээ. Модиляни.. хэн билээ дээ. Италийн гайхамшигт жүжигчин хүн. Бас Францын Марилени гээд гайхамшиг байна. Нөгөө Чингиз Айтматов тэнд байсан. Ванганы найз юм билээ. Тэд зайгүй ярилцаж хөхрөлдөөд л. Тэр үед ханийнхаа өгсөн том шар, цэнхэр хээтэй үйтэн хуар дээлээрээ гоёчихсон алхаж явлаа шүү дээ. Дөчин жил өөрийгөө чимж явлаа. Монгол кино үйлдвэр зэрэг байгууллагуудын хүндэт самбарт энэ дээлтэй зургаа л тавина шүү дээ.

-Тэр дээл одоо байгаа юу?

-Швейцарьт байгаа охиндоо өгсөн юм. Тэр маань өмссөөр байгаад хамаг хаваас, оёдол нь сэмрээд өмсөх аргагүй болсон байна лээ.

No description available.

Завхан аймгийн Л.Ванганы нэрэмжит ХЖТ-т тавьсан “Асарын өндөр” түүхэн аялгуут жүжгийн нээлтийн үеэр. (Зүүнээс: Зохиолч Б.Цогнэмэх, Т.Пялзай, найруулагч Н.Наранбаатар)

-Л.Ванган гуайн “Сэрэлт”, “Түмний нэг”, “Хүний мөр”, “Тэмцэл”, “Талын цуурай” гээд олон киног бид мэднэ. Жүжиг гэхэд л “Тожоо жолооч”, “Эмч нар”, “Арвай хээрийн талд” гээд л цуврана шүү дээ?

-“Арвай хээрийн талд” жүжиг бичсэн түүх гэхэд л сонирхолтой шүү. Л.Ванганыг Өвөрхангайд ажиллаж байхад хэдэн зохиолч гэртээ урьж л дээ. Очсон айлын гэрийн эзэн нь Жанчив гэдэг хүн байж. Манай хүн Жанчиваас “Танай Арвайхээрийнхэн чинь ямар сонин хувцасладаг юм бэ. Өмссөн дээлийн хормой нь өвдөгнөөсөө нэлээн дээгүүр, шуугаад өмсчихсөн болохоор бүсээ дарчихсан, дээлийн хоёр ханцуй нь гутлын түрийдээ хүрсэн нударгатай байх юм. Дэгжин ч юм уу, нэг л сонин юм. Нэг нь мориныхоо дэлэн дээр хөлөө ачих шахам, нөгөө нь эмээл дээрээ хөндлөн “тухалчихсан”, ханцуйн дотроо гараа барилцчихсан нь Юндэн, Нансалмаа ч юм шиг” гэж ярьсныг Жанчив хүүдээ өгүүлсэн юм билээ. Халзан Тавхайн дүр эндээс л ургасан хэрэг. “Арвайхээрийн тал” жүжгийг газар бүрд тоглож чадаагүй нь Г.Гомбосүрэнтэй холбоотой шүү дээ.

-Яагаад?

-Түүн шиг Халзан Тавхайн дүрийг давтал нь тоглох жүжигчин ахиж гараагүй юм.

-Жүжиг, киноны зохиол бичих үедээ тантай санал хуваалцдаг байсан уу?

-Надаас зөвлөгөө авна гэж юу байх вэ. Харин “ингэнэ, тэгнэ” гэдгээ хэлж сонирхуулна. “Сэрэлт” киног бичиж байхдаа надад “Бумаа гэдэг эмэгтэйн дүрд Т.Цэвээнжав гуайг тоглуулна даа. Яг мөөн. Ламын дүрд З.Цэндээхүү гуай яг тохирно. Тэр “лавлаа” Даш чинь Ц.Цэгмид шүү дээ” гээд найруулагчийн хувьд урьдчилан оноочихсоноо сонирхуулна шүү. Түүний бичих хурд, сэтгэх чадвар асар өндөр.

-Би Монгол түмний хайртай, хүлээлттэй жүжиг болсон, одоо удахгүй шинэ тавилттайгаар үзэгчдэд хүрэх гэж буй “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийн Модуны дүрд Н.Наранбаатарыг тоглоно гэж бодож бичсэн юм. Гэтэл найруулах болчихдог юм даа.

-Ээ дээ, монголчуудыг бадраасан ийм түүхэн том жүжгийг Н.Наранбаатараас өөр хэн найруулах вэ. Байхгүй. Та хоёрын өнгөрсөн жилийн зун манай Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрт тавьсан “Асарын өндөр” түүхэн жүжгийг үзээд үнэхээр буурай нь огшлоо шүү дээ. Хүннүгийн тухай ийм лут жүжгүүд ахиад гарахад бэрх дээ. Харин нэг зүйлийг х элэхэд эдүгээ үед жүжгийн зохиолч тун ховор байна. Та нар маань олон болоосой.СУИС гэхэд л зүтгүүлээд байхад л зохиолч төрөхгүй юм. Л.Ванган, Э.Оюуны үед ч ийм байсан. Ямар сайндаа л манай хүн жүжгийн зохиолч төрүүлэх гэж гэрээ дугуйлангийн байр болгох вэ дээ. Сэтгэл нь тэр юм. Хань минь арай урт насалсан бол Монголын театр урлагт олон уран бүтээл, өв үлдээх байсан даа гэж харамсдаг.

-Нэгэн үед ид туурвиж байсан жүжгийн зохиолч Д.Намдаг гуайтай Л.Ванган гуай хэр харилцаатай байсан бэ. Нийлж зохиол бичиж байсан уу?

-Манай хүн Намдагийг их хүндэлнэ. Жүжгийн хувьд үгүй. Харин киноны хувьд байсан байх. Д.Намдаг гуайн жүжгүүдийг манай хүн найруулж тавина. Зарим тавигдахгүй, болохгүй шүүмжлэлд өртсөн жүжгүүдийг нь Л.Ванган засаад л тайзнаа амьдруулчихна. Ийм учраас л манай хүнийг “Гацаа гаргагч” гэж театрынхан хэлдэг л дээ.

-Тухайлбал?

-Д.Намдаг гуайн “Ээдрээ” жүжиг найман удаа хянагдаад батлагдаагүй юм. Л.Ванганыг Ч.Лодойдамба гуай дуудахад нь очоод л зохиолын ялихгүй хэсгийг нь хөдөлгөөд л батлуулчихаж байгаа юм.

-Ч.Чимид гуайтай хамтарч жүжиг бичиж байсан байх аа?

-Жүжиг ч бий. Гэхдээ кино нь олон байх. “Тэмцэл” кино байна. Бусад бүтээлдээ санал солилцох нь олонтаа шүү.

-Зохиолч, найрагчидтай их дотно байсан юм байна лээ?

-Бурхан бөөнөөр нь Монголд заяаж төрүүлсэн гайхамшгууд байна. Ц.Гайтав, Б.Явуухулан, “Хүрэн морь”-ны Ч.Лхамсүрэн, Д.Пүрэвдорж, П.Хорлоо, Д.Сэнгээ, Ш.Гаадамба гээд л… Алийг нь нэрлэж барах вэ. Манай хүн Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нартай их нөхөрлөсөн дөө. Тэднийд байнга очно.

 

Ярилцсан

Битогтохын ЦОГНЭМЭХ

 

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн аварга фермерүүд шалгарлаа DNN.mn

Хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмрийг үнэлж, жил бүр уламжлан болгон шагнаж урамшуулдаг.

Энэ хүрээнд нийслэлд сүү, махны чиглэлээр ферм эрхэлж буй

  1. Багануур дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Цэвэлмаагийн Доржцэдэнгийн гэр бүл
  2. Налайх дүүргийн 3 дугаар хорооны иргэн Сарваасын Муратбекийн гэр бүл
  3. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Рагчаагийн Мөнхжаргалын гэр бүл
  4. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Бадамын Ням-Очирын гэр бүл
  5. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Баатарын Батсүхийн гэр бүл
  6. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Сүхбаатарын Баттогоогийн гэр бүл
  7. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Тавхайн Баяраагийн гэр бүл
  8. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны иргэн Чойдоржийн Мандахнарангийн гэр бүл
  9. Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэн Сонгуулийн Эрхэмжаргалын гэр бүл
  10. Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэн Загдхорлоогийн Зоригтын гэр бүлд өнөөдөр “Нийслэлийн аварга фермер” шагнал гардууллаа.

Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүсэд нийт 360 гаруй иргэн, аж ахуйн нэгж 420 орчим тоо толгой малтайгаар фермерийн үйл ажиллагаа эрхэлж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхдийн тоглоомын талбайг авто замтай ойрхон байгуулсан зөрчлүүд илэрчээ DNN.mn

Хотын удирдлагууд хүүхдийн зарим тоглоомын талбайн байдалтай танилцжээ.

Нийслэлд хүүхдийн тоглоомын 1,200 гаруй талбайтай бөгөөд 976 нь нийтийн эзэмшлийн талбайд байдгаас 803 талбайд стандарт хангуулах шаардлагатай бөгөөд 173 нь стандартын шаардлагыг 70 хувиас дээш хангажээ.

Сүүлийн жилүүдэд тоглоомын талбайд гэмтэж, эмнэлгийн тусламж авсан хүүхдийн тоо өссөн байна. Тухайлбал 2022 онд энэ тоо 2,453 болж нэмэгджээ.

Монгол Улсад мөрдөж буй хүүхдийн тоглоомын талбайд тавигдах ерөнхий шаардлагын дагуу ашиглалт, хамгаалалтыг тухайн тоглоомын талбайн газар эзэмшигч хариуцах ёстой ч үүнийгээ биелүүлдэггүй. Хүүхдийн тоглоомын талбайг ихэвчлэн нэг удаагийн хөрөнгө оруулалтаар бариад орхидог. Иймд тоглоомын талбайд эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд хариуцах эзэн олддоггүй. Үүнээс болж хүүхдүүд эрсдэлд ордог. Иймээс хүүхдийн тоглоомын талбайн эзэмшигчийг хариуцлагажуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгох аж.

Урьдчилсан байдлаар хяналт, шалгалт хийхэд төвийн зургаан дүүргийн хүүхдийн тоглоомын 474  талбайд зөрчил илэрчээ. Тодруулбал насны ангиллаар төрөлжүүлээгүй, авто замаас зургаан метрээс бага зайд байгуулсан, эвдэрсэн тоглоомд анхааруулах санамж, тэмдэг байрлуулаагүй, тоног төхөөрөмж эвдэрч хуучирсан, бэхэлгээгүй, засвар арчлалт тогтмол хийдэггүй зэрэг зөрчил түгээмэл илэрч байна.

Тоглоомын талбайн гадаргуу нь уналтын хүчийг саармагжуулахаар байх, боолтын толгой, эрэг шураг зэрэг холбох эд ангийн ил харагдах хэсэг нь далдлагдсан, эсвэл хамгаалагдсан байх ёстой байна.