Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Зудын эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн зардлыг Засгийн газрын нөөцөөс гаргана DNN.mn

Зудын эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зэрэг зардлыг Засгийн газрын нөөцөөс гаргана

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Засгийн газрын 2024 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаас Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Үүнтэй холбогдуулан өчигдөр буюу хоёрдугаар сарын 15-нд Улсын онцгой комисс хуралдаж, яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа нэгтгэсэн. Үүнийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулсан юм.

Тус хуралдаанаас зудын эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зарим арга хэмжээний хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл, шатахуун, авто машин зэрэг бараа материал гаргаж, нөхөн бүрдүүлэх Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.

Малчдад эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг тасралтгүй хүргэх, эрэн хайх аврах ажиллагааг шуурхай зохион байгуулахад шаардлагатай автомашин, шатахуун болон бусад бараа материалын зардал, аймгуудад улсын нөөцөөс өвс, тэжээл хямдруулан олгох, хаагдсан зам, давааг нээх, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, отор нүүдэл хийж байгаа малчдад эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг тасралтгүй түргэн шуурхай хүргэх, түргэн тусламжийн автомашин нь эвдэрсэн, засварлах боломжгүй, ашиглаж буй автомашиныг шинээр олгох зэрэгт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа.

Мөн зудын эрсдэлд байгаа иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор Эрүүл мэндийн сайд С.Чинзоригоор ахлуулсан Ажлын хэсэг байгуулав.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр Дорноговийн зүүн, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна DNN.mn

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дорноговийн зүүн, Дорнодын өмнөд, Сүхбаатарын өмнөд болон зүүн хэсгээр цасан шуурга шуурна.

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.

2024 оны 02-р сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн аймгуудын нутгийн зүүн болон зүүн аймгуудын ихэнх нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 29-34 хэм, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 23-28 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 17-22 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 23-25 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 24-26 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 24-26 хэм хүйтэн байна.


2024 оны 02 дугаар сарын 19-нөөс 2024 оны 02 дугаар сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

19-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 20-нд Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 21-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 22-нд нутгийн баруун хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20, 21-нд Алтайн уулархаг нутгаар, 22-нд нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 43-48 хэм, өдөртөө 30-35 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 24-29 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

1072 хувьцааны ногдол ашиг 256 мянган төгрөгийг дөрөвдүгээр сард олгоно DNN.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөг буюу 1072 хувьцаа эзэмшигч иргэн бүрдээ 285 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэв.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газраас тус компанид онцгой дэглэм тогтоон, нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулж, үйл ажиллагаа нь эрс сайжран, 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай байна. Үүний үр дүнд 1,072 хувьцаатай Монгол Улсын иргэн та татварын дараах дүнгээр 256 000 төгрөгийн ногдол ашиг хүртэнэ.Санхүүгийн тайлан аудитаар орсны дараа 2024 оны 03/25-04/8-ны хооронд багтаан ноогдол ашиг олгоно.

Эх орныхоо эрдэнэс баялгаас иргэн бүр хүртдэг шинэ сайн жишиг тогтож байна. Ийнхүү сайн жишиг хэвшин батжиж, компанийн ашиг нэмэгдэхийн хэрээр иргэдийн хүртэх үр өгөөж жилээс жилд өссөөр байх болно.

2022 оны ноогдол ашиг 104 000 төгрөг

2023 оны ноогдол ашиг 256 000 төгрөг” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Авто зам, замын байгууламжуудыг нээлээ DNN.mn

Хүчтэй цасан шуурганы аюулт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ЗТХС-ын тушаалаар 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 18:00 цагаас өнөөдөр буюу 02 дугаар сарын 18-ны өдрийн 11:00 цаг хүртэл дараах газруудад автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоосон байсныг нээлээ.

  • А0301 дугаартай Улаанбаатар-Арвайхээр
  • А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь
  • А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад
  • А0501 дугаартай Улаанбаатар-Өндөрхаан
  • А0502 дугаартай Өндөрхаан-Чойбалсан
  • А2001 дугаартай Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн авто зам, замын байгууламж хэвийн үргэлжилж байна.

Хэдийгээр замын хөдөлгөөнийг нээсэн ч ихэнх нутгаар хүйтэн, авто зам хальтиргаа гулгаатай байгаа тул аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Хөх сувд-2024” мөсний баярын хөтөлбөр DNN.mn

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Хөх сувд-2024” мөсний баяр гуравдугаар сарын 2, 3-нд Хатгал тосгонд болно.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Төөрсөн, сураггүй болсон 39 иргэнийг эсэн мэнд олжээ DNN.mn

Онцгой байдлын байгууллагад өнгөрсөн хоногт буюу 17-нд  Ховд аймгийн Алтай, Үенч, Булган, Мөст Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Түмэнцогт, Сүхбаатар, Дундговь аймгийн Дэлгэрцогт,  Өлзийт, Цагаандэлгэр, Сайнцагаан, Адаацаг, Баян-Өлгий аймгийн Булган, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Дорнод аймгийн Чойбалсан,  Өмнөговь аймгийн Ханхонгор, Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Төв аймгийн Сэргэлэн зэрэг 9 аймгийн 18 суманд  42 иргэн цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу  төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 39 иргэнийг эсэн мэнд олж,  Ховд аймгийн Алтай, Дорнод аймгийн Чойбалсан суманд нийт 3  иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Мөн нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан, Завхан аймгийн Отгон, Архангай аймгийн Ихтамир, Хангай, Булган аймгийн Бүрэгхангай, Говь-Алтай аймгийн Цогт, Есөнбулаг, Дундговь аймгийн Сайнцагаан, Төв аймгийн Баяндэлгэр, Эрдэнэ, Лүн, Мөнгөнморьт, Батсүмбэр, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Сүхбаатар аймгийн Халзан, Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Баян-Өлгий аймгийн ЦэнгэлӨмнөговь аймгийн Ханхонгор, Дундговь аймгийн Дэрэн, Сайнцагаан, Гурванзагал, Дорнод аймгийн Хэрлэн суманд нийт 27 удаагийн автомашинтайгаа цасанд суусан дуудлагаар ажиллаж, 230 иргэний аюулгүй байдлыг хангаж, 81 тээврийн хэрэгслийг татан гаргалаа.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.ТӨРМАНДАХ: Аав шигээ нутаг усандаа хүндлэгдсэн сайхан дуучин болохыг хүсдэг DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…

Соёлын тэргүүний ажил­­тан дуучин Э.Төрман­дахтай ярилцлаа.


-“Аархал”, “Тайжийн хурд”, “Хурмастын хүлэг” зэрэг таны морины тухай сайхан дуунууд бий. Бүгд одоо ч хит. Ер нь морины тухай уран бүтээл танд илүү ойр санагддаг юм шиг?

-Миний хоолойтой холбоотой байх гэж боддог. Морины болон эр хүний гал цог, хийморьтой дуунууд надад илүү зохидог, тэр нь сонсогчдод хүрдэг санагддаг. Хүмүүс ч хэлдэг юм. Хоолойны онцлогоос шалтгаалдаг байх л даа. Эх орон, нутаг усны хурц өнгө аястай дуу бас их зохидог шүү. Хөдөөгийн байгалийн сайхан, монгол ахуйтай бага нас минь ойр өссөн болохоор морины тухай дуунд их дурладаг.

-Хүүхэд байхдаа морь унадаг байв уу?

-Манайх Дундговь аймгийн Дэлгэрхаан сумынх. Би зуны амралт эхлэнгүүт л хөдөө явж морь унана. Дөрөв, таван жил хурдан морь унасан. Гэхдээ ах нар намайг хурдны моринд хүнддэнэ гээд тэр болгон унуулж байгаагүй.

-Хэр их айраг, түрүү хүртэж байв?

-Айрагдаж үзээгүй ээ (инээв). Зүгээр л дундуур сайхан давхичихдаг байсан. Харин айргийн тавд орж ирж байгаа хүүхдүүдийг хараад битүүхэн атаархдаг байлаа. Миний наадам мориор дуусахгүй ээ. Бас барилдана. Сургуулийнхаа 80 жилийн ойгоор өсвөрийн барилдаанд түрүүлж даага, дугуй бас нэг хөгжмөөр шагнуулж байлаа. Ёстой магнайгаа тэнийтэл баярласандаа. Ахлах ангид байхдаа наадмаар сумын зааныг давж бүр их урам орж бөх болно гэж нэг хэсэг шийдчихсэн явлаа.

-Танай эцэг, эхийн удамд барилддаг хүн байсан уу?

-Ээжийн удамд Монгол Улсын заан хүн байсан гэж ярьдаг.

-Тэгээд бөх болох мө­рөөд­лөө яагаад орхичихсон юм бэ. Дуучин болоход хэн нэгэн их нөлөөлжээ?

-Тийм ээ. Манай аав ардын болон уртын дууг сайхан дуулдаг хүн байсан. Аймгийн аварга дуучин Шархүү гэвэл Дундговийнхон андахгүй. Миний дуучин болох замыг аав минь хөтөлсөн гэхэд болно. Аав шигээ нутаг усандаа хүндлэгдсэн сайхан дуучин болохоор шийдсэн. Сурагч байхдаа урлагийн үзлэгээс эхлээд олон тэмцээн уралдаанд оролцож чамгүй олон шагнал авсан. Хүүхэд болохоор тэрнээсээ их урам авна. Тэгээд ч ээж маань намайг хүүхэд байхад ах, эгч нарт “Дүүгээрээ хар бор ажил битгий хийлгэ. Манайхаас урлагийн хүн болох ганц хүү. Хуруу, гар нь эвдэрчихнэ” гэдэг байсныг би одоо ч санадаг. Тэгэхээр ээж маань намайг дуучин болно гэдгийг эртнээс зөгнөж байсан санагддаг. Ээжийг хүнд өвчтэй хэвтэрт байхад ээждээ зориулж дуу дуулж өгдөг байсан. Тухайн үед би сурагч байсан. Харин ээжийнхээ хүслийг биелүүлж СУИС-д ороход ээж минь аль хэдийнэ бурхан болсон. Би ээжийнхээ амьд сэрүүн үед “Хүү нь дуучин боллоо” гээд дуугаа сонсгож чадаагүйдээ битүүхэн гунигтай явдаг. Би гурван ах, нэг эгчтэй. Манайхан бүгд л уран бүтээлийг минь дэмжиж, санаа бодлоо хуваалцаж явна.

-Аавыг тань таксины жолооч байсан гэж ярьдаг. Одоо нутагтаа амьдарч байна уу?

-Миний аав насаараа эмнэлгийн жолооч хийсэн хүн. Одоо харин надтай хамт хотод манайд амьдарч байна. Би байсхийгээд тоглолт гээд хөдөө, гадаа явна. Энэ хойгуур эхнэр хүүхдүүдэд маань хань болдог ганц хүн шүү дээ.

-Таны гэргий бас дуучин байх аа?

-Тийм ээ. Гансувд гээд дуучин бүсгүй байгаа. Эхнэр маань манай дээд ангийн оюутан байсан. Бид хоёр оюутан ахуй цагаасаа л үерхэж, одоо урлагийн гэр бүл гэж ард түмэндээ хүндлэгдэж, уран бүтээл хамт хийгээд сайхан л амьдарч байна.

-Та саяхан хөдөөгүүр тоглолттой яваад ирсэн гэсэн. Хаагуур явав?

-Зөвхөн Хэнтий аймгийн сумдаар тоглолт хийгээд ирлээ. 18 сумын иргэдэд ая дуугаа өргөнгөө хөдөө агаар салхинд яваад ирсэн. Би Монголынхоо бүх сумаар орж ард түмэндээ ая дуугаа хүргэнэ гэсэн зорилготой байгаа. Одоогийн байдлаар 160 орчим суманд очсон байна. Он гаргаад нэгдүгээр сараас баруун аймгуудаар явах төлөвлөгөөтэй байгаа. Хэнтий, Сүхбаатар, Булган гээд зүүн болон төвийн аймгуудаар тоглолтоор очоод үзчихсэн шүү.

-Таныг бас дөрвөн улирал зүгээр суудаггүй дуучин гэж найз нөхөд тань үнэлдэг юм билээ?

-Би СУИС-ийг дуурийн дуулаачаар төгссөн. Миний мэргэжил дуучин. Тиймээс би сонсогчдодоо үргэлж шинэ, сэргэг уран бүтээл хүргэж байх ёстой гэж боддог. Ерөнхийдөө миний онцлог бол улирал болгонд нь тааруулаад шинэ уран бүтээл гаргахыг хичээдэг. Өнгөрсөн есдүгээр сард “Дүүрэн жаргалтай хорвоо” тоглолтоо Монгол бөхийн өргөөнд хийсэн. “Намайгаа дурсаарай” гээд шинэ уран бүтээл гаргасан. Зун урин дулаан цагийг харуулсан “Жаргалтай явна хоёулаа” гээд монгол ахуйг тусгасан дууг бас гаргалаа. Одоо харин шинэ жилийн уран бүтээл гээд завгүй болно доо.

-“Аархал” дууг таны брэнд дуу гэхэд болно. Эрчүүд ёстой цөс хөөр­гөсөн дуу болсон гэж ярьдаг. Энэ дуу өөрийг тань анх олонд таниулсан дуу байх шүү?

-Би 2005 онд СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид орсон. Хамгийн анх хөгжмийн зохиолч Бямбабаяр багшийн ая, яруу найрагч Жамбалсүрэн ахын шүлэг “Нарны орон” дууг дуулсан. Мөн яруу найрагч Н.Баянмөнхийн үг, Цэцэрлэгийн ая “Аав л нутаг хоёр” дууг дуулж байлаа. Харин “Аархал” дууг яруу найрагч Н.Баянмөнх бичсэн. Аяыг А.Анхбаяр найз маань бичсэн. Анхбаяр найзтайгаа олонд хүрсэн сайхан уран бүтээл хийх юмсан, олны танил болчихоод тэгж дуулж байна гээд л мөрөөддөг байлаа. Тэгж ярьж байгаад

Ембүү мөнгөн сарнаар нь

Ажнайн салхинд исгэрээд

Есөн булгийн усыг ээ

Цалгиулж явсан хийморь байна аа

Тэсийн гол Галшарын

Тэнгэрлэг хүлгүүд уяан дээр минь байна

Алтан Дарьганга, Говьшанхын

Арагмагийн тоос дээлэнд минь байна гэсэн үгтэй “Аархал” дуу төрсөн. Баянмөнх ах омогшмоор, ёстой л цөс хөөрмөөр сайхан үгтэй шүлэг бичиж өгсөн дөө. Үнэндээ мөрөөдөл минь биелэлээ олж “Аархал” дуу ард түмний сонсох дуртай дуу болсонд баяртай явдаг. “Сайхан”, “Зүүдний шувуу шиг бүсгүй” зэрэг миний дуунууд байдаг л даа. Гэхдээ би “Аархал”, “Тайжийн хурд” зэрэг морины дуундаа илүү хайртай.

-Дуулсан дуу бүхэн хит болно гэдэг дуучин хүн болгонд олдоод байх хувь биш биз?

-Тэгэлгүй яахав. Дуу хит болоход надад заяасан хувь тавилан гэж би хүлээж авдаг. Мэдээж хэрэг нэг дуулахдаа хит болгоно, хүн бүхэнд хүргэнэ гээд мөнгө цацах гол биш. Хэрвээ хоолойндоо тохирохгүй дуу дуулбал хүн хүлээж авахгүй. Ер нь уран бүтээлийг хамгийн шударгаар үнэлдэг хүмүүс бол ард түмэн, сонсогч байдаг. Миний хувьд дуу хуурын өлгий Дундговийн хүү болж төрсөндөө их баярладаг. Ялангуяа манай Дэлгэрхаан сумаас 29 гавьяат төрсөн байдаг. Ард олны хайр хүндлэлийг хүлээж өдий зэрэгтэй яваа маань нутгийн буян, урлагийн буян гэж боддог. Тиймээс би нутагтаа очих бүртээ Дэлгэрхаан ууландаа мөргөдөг.

-Та чинь сургуулиа төгсөөд л СТА цол авсан билүү?

-Сургуулиа төгсөөд хоёр сар болж байтал “Монгол үндэстний дууны их наадам” улсын анхдугаар уралдаан болж би түрүүлж гран при хүртсэн. Тэгж анх Соёлын тэргүүний ажилтан цол авсан. Тэмцээнд 800 гаруй дуучин оролцож байсан. Тухайн үед БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр СТА цолыг, автомашины хамт гардуулж өгч байлаа. Тухайн жилдээ би “Сайхан” цомгоо гаргаж, анхныхаа бие даасан тоглолтоо хийж байсан юм. Тиймээс энэ цолоо хүндэлж явдаг. Тэрнээс биш ганц, хоёр тоглолт хийгээд СТА болоогүй. Сүүлийн үед энэ цолны нэр хүнд их унасан болохоор би жаахан эмзэглэж явдаг, уран бүтээлч хүнийхээ хувьд.

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Ч.Бат-Эрдэнэ: Би “Хонхны нулимс” дууг зохиогчоос нь “Ауди” машинаар авч байлаа DNN.mn

Өдрийн сонины архиваас……………

Гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр СУИС-ийн Соёлын боловсролын сургуулийн захирлын алба хашиж байгаа юм байна.


-Таныг гадаадад сурч байгаад ирсэн гэж сонссон. Ямар чиглэлээр сураад ирэв?

-Ирландад манлайлал, стратегийн чиглэлээр гурван жил сураад ирсэн. Тэнд би суралцахаасаа гадна дэлхийн соёл урлагийг судалж үзлээ. Түүнчлэн Монголын соёл урлагийн салбарыг хэрхэн дэлхийн тавцанд гаргаж ирэх талаар багагүй  судалгаа хийлээ.

-Таны бодлоор Монголын урлагийг хэрхэн дэлхийд таниулах боломж байна вэ?

-Өнөөгийн нийгэмд ганцхан нийтийн дуучид гэлтгүй соёл, урлагийн салбарт мэргэжлийн менежмент зайлшгүй хэрэгтэй болчихож. Уран бүтээлчид өмнөө зорилго тавиад түүндээ хүрэхийн тулд хөдөлмөрлөх цаг үе ирсэн гэсэн үг. Манай соёл, урлагийн салбарынхан өнгөрсөн хугацаанд урд хормойгоороо хойд хормойгоо нөхөх маягаар явж ирсэн. Одоо тийм арга барилаар хол явахгүй. Амжилтад хүрэхийн гол нууц бол сайн төлөвлөгөө. Тэрнээс биш ямар ч өмнөө тавьсан зорилгогүй өглөө босоод ээжийн тухай нэг дуу дуулчихаад өдөр болохоор эгчийн тухай дуу дуулаад амжилтад хүрнэ гэж байхгүй. Тиймээс мэргэжлийн менежменттэй ажиллаж байж жинхэнэ амжилтыг бий болгож чадна.

-Таныг “Хонхны нулимс”, “Онцгой төрсөн бүсгүй” зэрэг дуугаараа олонд танигдах үед нийтийн буюу зохиолын дуу ид моод болж байсан. Харин өнөөдөр нийтийн дуу бараг л ад үзэгдэх хандлагатай байгаа. Ийм цаг үед шинэ залуу уран бүтээлчид юунд анхаарах ёстой вэ?

-Шинэ залуу дуучдыг алдаа гаргахгүйгээр хурдан хугацаанд амжилтад хүрээсэй гэж би боддог. Заавал бидний, бидний өмнөх шиг зовлон туулах ёсгүй шүү дээ. Тийм учраас л сайн төлөвлө гээд байгаа юм. Ямар уран бүтээлийг хэнд зориулж хийх гэж байна вэ гэдгээ мэдрэх хэрэгтэй. Чиний хийсэн уран бүтээл хэнд хүрэх ёстойг бодолцож сайн судалгаа хийх ёстой. Ямар ч шалтгаангүйгээр уран бүтээл хийх хэрэггүй. Сонсогчдоо мэдэрч төлөвлөж байж сумаа тавь гэж хэлмээр байна.

-Та амжилтад хүрэх арга замыг харж байгаа хэрнээ өөрөө яагаад уран бүтээл хийхээ больчихов оо?

-Дуу дуулахаас илүү уран бүтээл хийх тал дээр түлхүү анхаарч ажиллаж байгаа. Мөн он гараад 50 жилийн түүхтэй СУИС-ийн Соёлын боловсролын сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байна. Тэр болгон уран бүтээл туурвиад байх зав зай муухан л явна.

-Таныг гавьяат болчихоод таг болчихлоо гэж зарим хүмүүс шүүмжлэх болж?

-Яахав, зарим хүмүүс тэгж харж болно л доо. Гэхдээ эх орноосоо хол явж байж дуугаа дуулмаар байна гээд яваад байлтай биш. Харин нутагтаа ирснээсээ хойш ганц нэг албан байгууллагын урилгаар дуулсан. Ер нь надад өмнөө тавьсан нэг зорилго бий. Нэг ёсондоо зохиогчийн эрх, түүнд хамаарагдах хуулийн хүрээнд голлон анхаарч ажиллаж байна. Би зохиогчийн эрх эзэмшигч баймаар байна. Уран бүтээл туурвих тал руугаа миний бүх оюун санаа төвлөрч байна гэхэд болно. Яг үнэндээ гавьяат хүн соёл, урлагийн салбарыг хөгжүүлэхийн төлөө хийх хэрэгтэй юу байна түүнд манлайлан оролцох үүрэг хүлээдэг гэж бодож байгаа.  Дуулахгүй байгаа ч гэсэн уран бүтээлч найз нөхөд, дүү нар маань дуулж ард түмэнд хүргэсэн 17, 18 дууны ая тэрлээд байна.

-Тэгэхээр зохиолын дуучдад чиг өгч ерөнхийд нь арын ажлыг нь гүйцэтгэж байгаа гэсэн үг үү?

-Нэг их чиг өгөөд хөтлөөд байх юу байхав. Магадгүй би өнөөдөр дуулах нь хүмүүст сонин уу, эсвэл шинэ залуу уран бүтээлч дуулах нь сонин уу гэдэг талаас нь харах юм бол өөр ойлголт. Залуу уран бүтээлчид ирж зөвлөгөө авдаг. Ер нь продюсерийн үүрэг гүйцэтгэж байгаа гэх үү дээ. Би Ирланд явахаасаа өмнө Удирдлагын академд магистрын зэрэг хамгаалсан. Тухайн үед Намсрайноров, Идэржавхлан, Түмэн-Өлзий зэрэг залуучууд зөвлөгөө авдаг байсан. Одоо тэр хэд маань нийтийн дууны салбарт өөрийн гэсэн байр суурьтай, ард түмэнд хүндлэгдсэн дуучид болсон байна.

-Удахгүй Дэлхийн оюуны өмчийн өдөр тохиох гэж байна. Та өмнө нь оюуны өмчийн асуудлыг нэг бус удаа хөндөж байсан хүн. Тэр үеэс өнөөдөр хэр өөр болсон байна вэ? 

-Анх 2005 онд зохиолын дуучид хамтран Нийтийн дуучдын нэгдсэн холбоо байгуулж байлаа. Тухайн үед холбооны тэргүүнээр МУГЖ С.Жавхлан ажиллаж байгаад 2007 оноос би энэхүү албан тушаалд томилогдсон юм. Холбоо уран бүтээлчдийг зөв чигт залах үндсэн үүрэгтэйгээр байгуулагдсан. Учир нь монголын соёл урлагийн салбар тодорхой хэмжээгээр хөгжиж, нийгмийг соёлоор түүчээлэн гэрэлтүүлэхэд нийтийн дуучид өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсаар ирсэн шүү дээ. Бид зүгээр нэг дуулаад ирсэн юм биш. Тэгээд ч тэр үед урлагийнханд тулгарч байсан асуудал бол оюуны өмчийн хулгай. Шинэ цомог, CD-гээ борлуулах гэхээр л өнөөх оюуны өмчийн асуудал яригддаг байсан. Би өөрийн дуулж олны хүртээл болгосон бүтээлүүдээсээ 100 гаруй бүтээлийнхээ хөгжмийн зохиолч яруу найрагчтай гэрээ хийж албан ёсоор дуулах эрхээ аван, бүтээлүүдээ оюуны өмчийнг газарт бүртгүүлэн зохиогчийн эрхийн гэрчилгээг хамтран эзэмшихээр авч байсан. Анх “Хонхны нулимс”, “Хайрын хишиг”, “Онцгой төрсөн бүсгүй” зэрэг дууныхаа эзэмших эрхийн гэрчилгээг авахаар орох үед тухайн үед Оюуны өмчийн газрын зохиогчийн эрхийн хэлтсийн дарга байсан Шинэбаяр, мөн тэдний хэлтсийн ажилтнууд маш сайхан хүлээж аваад уран бүтээлчид та бүхэн оюуны өмчийн асуудалд анхаарал хандуулаад эхэлж байгаа нь үнэхээр сайн хэрэг гэж байсан. Тухайн үед би энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүхий л төрийн болон төрийн бус байгуулагатай уулзаж, санал бодлоо хуваалцдаг байсан юм. Тэр үед МУГЖ Т.Ариунаа эгч бас уран бүтээлээ оюуны өмчид бүртгүүлчихсэн байсан. Тэр үед зохиогчийн эрхийн тухай хууль гэж байлаа. Сайн санаж байна. 2006 онд дэлхийн оюуны өмчийн байгууллагаас манай улсад зохион байгуулсан нэлээн томоохон хэмжээний форум дээр Ариунаа эгч бид хоёрт  “Оюуны өмчийг дээдлэгч уран бүтээлч” гэсэн гэрчилгээ гардуулсан. Тэр үед хамтын удирдлагын байгууллагууд болон мөн шинээр зохиогчийн эрх түүнд хамаарагдах эрхийн тухай хууль батлагдаж байлаа.

Бид ингэсний хүчинд өнөөдөр  зохиогчийн эрх түүнд хамаарагдах хууль гээд их тодорхой болчихлоо. Өнөөдөр оюуны өмчтэй холбоотой бүх асуудал гэрээгээр зохицуулагдаад явж байна.

-Нэг дууг яруу найрагч, ая зохиогч, дуучин хоорондоо булаацалддаг байсан үе өнгөрчээ. Гэрээгээр хэн хэдэн төгрөгийн ашиг хүртэх зэрэг нь өөрсдийн хоорондын зохицлын асуудал биз дээ?

-Тэгэлгүй яахав. Би анх “Хонхны нулимс” дууг эзэмших эрхийг авахдаа Хэнтий аймгийн Цэнхэр мандал сум орж шүлгийг нь бичсэн зохиолчтой нь хүртэл уулзаад “Ауди”  машин өгч байсан. Бүтээлээ учиргүй худалдаж борлуулаад байхдаа гол биш. Нэг нэгнийгээ хүндэтгэхэд учир байгаа юм. Хэн хэндээ амар шүү дээ. Гэхдээ гэрээгээ хэрхэн байгуулах вэ гэдэг нь чухал. Анхнаасаа л гэрээгээ байгуулаад явчих нь зүйтэй. Тэрнээс биш нэг дуу төрөөд, олонд таалагдаад хит болоод ирэхээр энэ миний бүтээл гээд хоорондоо булаацалдаад уран бүтээлчид дотроо хагаралдаад байвал хөндлөнгөөс харахад ч муухай ш дээ. Үүнийг л зөв гольдролд нь оруулах гэж зорьсон хэрэг.

-Гэхдээ залуу дуучид бусдын уран бүтээлээр гарч ирэхэд хүмүүс ихэнхдээ таатай хүлээж авдаггүй шүү дээ? 

-Заавал тэгж болохгүй гэсэн зүйл байхгүй шүү дээ. Гол нь залуучууд маань тухайн дууны уран бүтээлийн зохиолч болон понаграмм бүтээгч, дуучдаас зохих ёсны зөвшөөрөл авч байх хэрэгтэй . Заавал хүний дуу дуулахгүй гэсэн юм байхгүй ш дээ. Харин ч тухайн дууг дараагийн үед дуулж авч явна гэдэг тэр дуу гайхамшигтай бүтээл болсоны илрэл. Тэр дууг дуулбал олонд хүрнэ гэдгийг харж чадаж байгаа уран бүтээлч бол үнэхээр менежмент сайтайн шинж шүү дээ. Чи өмнөх үеэ, өөрийгөө хүндэтгээд сурчихвал чиний дараах үе чамайг хүндэтгэнэ нь шүү дээ. Би ийм зарчмаар явж ирсэн. Хууль бол нэг хэрэг. Хуулийг өөртөө хэрхэн тусгаж авах нь бас нэг хэрэг. Би 10 жилийн өмнө зохиогчоо хүндлэн дуугаа зөвшөөрөлтэйгөө дуулж байсан бол өнөөдөр бидний дараагийн үе биднийг хүндэлж гхамтран эзэмшигчээр ажиллаж байгаад бахархалтай байна.

-Тантай адилхан ихэнх уран бүтээлээ оюуны өмчид бүртгүүлсэн уран бүтээлч хэр олон байдаг бол?

-Би сайн мэдэхгүй. Надтай арай ойр уран бүтээл хийж яваа гэдгээр нь Д.Намсрайноровыг мэдэх юм байна. Саяхан  “Дуулан дуулан хайрламаар” дууныхаа эзэмших эрхийн гэрчилгээг авсан. Яагаав, нөгөө “Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байна аа” гэдэг үгтэй дуу. Энэ дууны үгийг яруу найрагч Алтантүлхүүр тэрлэж, би аяыг нь бичсэн юм. Бид гэрээ байгуулаад Намсрайноров дуулаад болж л байна.

-Энэ дууг хүмүүс сайн, муугаар нэлээд шүүмжилж байгаа санагдсан?

-Хүмүүс янз бүр л хүлээж авч байна. Миний бодлоор үг нь их этгээд, хэрнээ сайхан болсон санагддаг. Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байна гэдэг үгийг сонсоод хүн болгон буруугаар ойлгохгүй байх. Хүн аливаа юмыг сэрж мэдэрч байна гэдэг амьд байгаагийн илрэл шүү дээ. Танай сониноор дамжуулан Дэлхийн оюуны өмчийн өдрийн мэндийг хүргээд бүх уран бүтээлч нартаа оюуны өмчөө дээдэлж зохиогчдоо хүндэлж ажиллахыг уриалж байна.

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр хулгана өдөр DNN.mn

2024.02.18 / НЯМ ГАРИГ

ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН
ДОЛООН УЛААН ХАР ХУЛГАНА ӨДӨР

Үс засуулвал: Өвчин өчүүхэн ирнэ.
Наран ургах, шингэх: 07.55-18.18
Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Сансар

Суудал: Гал

Аргын тооллын 2 сарын 18, Адъяа гараг. Билгийн тооллын 9, Гөрөөсөн толгой одтой, хар хулгана өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:55-18:18. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 25 хэм хүйтэн байна DNN.mn

2024 оны 02 дугаар сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

      17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 20-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд ихэнх нутгаар, 18-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 17-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -40…-45 градус, өдөртөө -25…-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -21…-26 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -8…-13 градус, бусад нутгаар шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -16…-21 градус хүйтэн байна.