Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Минжигдорж: Зуд улс орны эдийн засаг, малчдын ахуй амьдралд асар их хохиролтой DNN.mn

Шинжлэх ухааны доктор, профессор Б.Минжигдоржтой ярилцлаа.


Орон даяар зудын эрсдэл нүүрлээд байна. Энэ нь Монголын эдийн засагт ямар хохирол учруулах вэ?

-Mал аж ахуйг хүмүүс буруу ойлгож яриад байх юм. Зөвхөн малчдын хувийн өмч, хувиа хичээсэн асуудлыг нь л хөндөөд байдаг. том зургаар нь харвал, монголын мал сүрэг бол ард түмнийг тэжээж байгаа. Mалын мах, сүү амсдаггүй хүн гэж байхгүй. Xотынхон цөм малын мах, махан бүтээгдэхүүн, цагаа идээгээр хооллож байна.

Гэтэл зуданд нэрвэгдсэн малчдад зориулж улсаас авч буй арга хэмжээг буруу тийш нь гуйвуулах нь их болж. Үндсэн хуульд “Мал сүрэг төрийн хамгаалалтад байна. Үндэсний баялаг” гээд заачихсан байгаа. Малаа хамгаалахгүй юм бол Монгол Улс юугаар тэжээгдэх юм бэ. Гадаадаас мах, сүүгээ авах юм болж байна уу. Эдийн засгийн агуулгаас нь яривал мал сүрэг олон мянгаараа хорогдохоор дотоодын үйлдвэрлэлийн түүхий эдийн нөөц хомсдоно. Түүнээс гадна экспортод гаргах үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээ буурна. Хөдөө аж ахуйн экспортод гаргах мах, ноос, ноолуурын хэмжээ багасана. Ингэснээр Монгол Улсад орох орлогын хэмжээ дагаад буурна. Тэгэхээр зуд Монголын эдийн засагт асар их хохиролтой.

Өнөө жил орсон энэ их цас 1975 оноос хойш 49 жилийн дараа тохиож байгааг цаг уурчид онцолж байна. Хөдөө аж ахуйн салбарт үзүүлэх хор уршгийг та хэрхэн ажиж байна вэ?

-Зуд турхан бол асар их хор хохирол учруулдаг. Тухайлбал, 2009-2010 оны зуднаар нийт малын 23.4 хувь буюу 10.3 сая мал хорогдож 570 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Өнөөдрийн байдлаар 600 мянган мал хорогдсон мэдээтэй байна. Малын хорогдлыг бууруулах эрсдэл багатай даван туулахад төр засаг, ард иргэд, аж ахуйн нэгж ихээхэн анхаарч дэмжлэг туслалцаа үзүүлж байна. Мал их хэмжээгээр хорогдож болох талаар янз бүрийн таамаглал их ярьж байгаа. Мал их хэмжээгээр хорогдвол олон малчин өрх айл амьжиргааны эх үүсвэрээс салж, ядуурал ихэснэ.

Таны хувьд зуд турхан болсон үед хөдөөгүүр их л явж байсан байх. Хуучин цагт ийм эрсдэлийг хэрхэн даван туулдаг байв?

-Энэ жилийн хувьд цаг уурын өөрчлөлтөд хүмүүс нэлээд гэнэдсэн тал бий байх. Цагаан сар гарангуут цас хайлаад, уул тал цоохортоод дулаараад явчихдаг. Гэтэл өнөө жил эрс өөр боллоо. Гурван есөд бараг тэг градус руу орсон. Харин таван есөд талын жавар арилах байтугай гурван есийн үеийн идэр хүйтэн тохиосон. Ерөнхийдөө 1975 оноос хойш хамгийн их орсон цас болж байна. Тэр үеийн зуднаар зүүн бүсэд ялангуяа Хэнтий аймагт маш их цас орж, адуунууд шонгийн мод дагаад зогсоогоороо үхчихэж байсан юм. Тэгвэл энэ удаа тэрнээс ч айхавтар цас орлоо гэж үзэж болно. Одоо үүнээс сургамж авах хэрэгтэй. Манай улсад тэжээлийн аж ахуй, тэжээлийн үйлдвэр, өвс хадлан бэлтгэдэг механикжсан баригад олон байсан. Харамсалтай нь бүгдийг нь устгачихсан болохоор одоо өвс тэжээлийн нөөцгүй байна. Ер нь бол тэжээлийн аж ахуйгаа сэргээх хэрэгтэй байгаа юм. Яагаад гэвэл өнөөдөр Улаанбаатараас баруун, зүүн аймгууд руу өвс, тэжээл зөөнө гэдэг үнэхээр хүнд байна шүү дээ. Хуучин шиг баруун, зүүн, төвийн бүсүүдэд тэжээлийн аж ахуй байгуулах хэрэгтэй. Ингэснээр бүс бүсдээ тэжээлийн нөөцтэй болно. Тайван цагт аливаа ажлыг санаачлахаар дэмждэггүй. Тэгсэн хэрнээ асуудал хүндрэхээр баахан хөрөнгө хаядаг. Энэ чинь эдийн засгийн ашиггүй байна. Тайван цагт гаргаж байгаа санаачилгуудыг дэмжиж хөгжүүлж баймаар байна. Хуучин баруун аймагт өвөлжилт хүндэрсэн үед өвс тэжээлийг зүүн бүсээс галт тэргээр ачаад Оросын нутгаар дамжуулаад баруун аймгуудад хүргэж байлаа шүү дээ. Яваандаа үүнийгээ болиод баруун бүсэд тэжээлийн үйлдвэр байгуулахаар шийдвэрлэсэн. Ингээд Тэс, Улаангом, Эрдэнэбүрэнд бүсчилсэн тэжээлийн аж ахуй байгуулж байсан. Ер нь ашиггүй зардал гаргаж байхын оронд орон нутагт нь тэжээлийн үйлдвэр байгуулах ёстой. Бид алдаагаа анхаарч засвал хөгжлийг авчирна. Тэгэхээр өвс, тэжээл бэлтгэдэг хувийн болон төрийн агентлаг байгуулах хэрэгтэй.

Энэ цаг үед малчид хамгийн их шүүмжлэл хүртэж байгаа улс. Өвс тэжээлээ бэлдэх нь өөрсдийнх нь үүрэг гэх зэргээр бишгүй л зүхүүлж байгаа харагдах юм…

-Малаа хамгаалах нь малчны үүрэг мөн. Гэхдээ төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Ер нь малчид мал аж ахуйдаа хөрөнгө оруулж сурах хэрэгтэй. Аливаа эрсдэлийг тооцохдоо цаг сайханд анхаарч авах арга хэмжээг төлөвлөх ёстой. Дээхнэ үед зудын үеэр бид хөдөөгүүр явж байхад отор нэрээр эзгүй тал газар гэрээ барьчихсан, хашаа байхгүй, өвс тэжээл ч үгүй хэцүү айл олон таарч байв. Тэр үед нэг айл 300-гаад хонь, ямаагаа үхүүлээд жалганд овоолчихсон байсан. “Ядаж та нар хонь, ямааныхаа 50-ийг нь худалдаад өвс, тэжээл авчихад яасан юм” гээд асуухад “Би мотоциколь авдаг л буруу болж” гэж байсан. Нөгөө айл нь 100гаад үхрээ үхүүлчихсэн байгаа юм. “Та нар 20, 30ийг нь зараад өвс тэжээл авсан бол өнөөдөр бүгд онд мэнд орчих байсан даа” гэхэд “Малаа хайрлаад” гэж ярьж байгаа юм. Яахав, малчин хүний сэтгэл тийм байдаг юм билээ. Гэхдээ малаасаа нарийлаад ийм эрсдэлтэй учирч байна гэдэг бол үнэхээр эмгэнэлтэй. Малаасаа харамлаад байгаа хэрнээ бусдаас юм авах гээд гараа тосоод сууж байгаа нь буруу. Тиймээс малдаа хөрөнгө оруулж сурах хэрэгтэй. Дээрээс нь хөдөө хүн бүл муутай байдаг. Нөхөр нь адуугаа хайгаад явчихсан. Гэртээ нялх хүүхдээ тэвэрч үлдсэн эхнэр нь үхэр, хониндоо явъя гээд ч чаддаггүй. Ийм л хэцүү юм билээ. Ер нь олон төрлийн мал маллах буруу юм байна. Зудын үеэр ам бүл цөөтэй айл үнэхээр хэцүү. Түлш байхгүй. Малчдад туслахдаа түлшний асуудлыг анхаармаар юм байна лээ. Тал хээрийн айлуудад аргал, хомоол ч олддоггүй. Малчид өөрсдөө санаачилгатай ажиллах хэрэгтэй. Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг хангах стандарт гэж баймаар байна. “Нэг өрх хичнээн хэмжээний малтай байх юм. Хэдий хэмжээний өвс тэжээл зориулж бэлдсэн байх юм. Хашаа байр нь ямар байх юм” зэрэг бүс, бүсийн онцлогт тохирсон стандартыг баталж өгмөөр байна.

Өнөө жилийн цас зуданд хорогдсон малын тоо 10 саяд хүрч болзошгүй гэж байна. Цаашид энэ тоо улам өсөх байх даа?

-Одоо урин цаг ирж цас ханзартал малаа ногоолуулах асуудал зайлшгүй хэрэгтэй. Тэр хүртэл улсаас дэмжлэг үзүүлж, ард олон ч хандив өгч байгаа юм байна. Одоо малч ажиллагаа хэрэгтэй. Залуу малчид олон болсон. Хашир туршлагатай ахмадууд цөөрсөн. Өнөөдөр манайд малчдын сургалт гэж алга. Сум болгонд малчны түр сургуультай болох хэрэгтэй. Улиралдаа нэг удаа баг, баг дээрээ сургалт явуулчихдаг. Номоо заахаас гадна малчдын арга ажиллагааг залуу малчдад эзэмшүүлэх нь чухал. Мөн мал аж ахуйн түүхий эдийн бэлтгэлийг боловсронгуй болгох шаардлагатай. Өнөөдөр ямааныхаа ноолуурыг авчихаад аймгийн төв дээр авчирч дуудлага худалдаанд орж байх нь зөв үү. Эсвэл суман дээрээ худалдах нь зөв үү гэдэг асуудал бий. Хуучин сум болгонд худалдаа бэлтгэлийн анги гээд агентууд байсан. Одоо байхгүй. Бодит үнэн гэвэл малчид хонио төхөөрчихөөд махыг нь аймаг оруулж худалддаг, ноосоо хаана өгөхөө мэдэхгүй ийм болчихоод байна. Иймд мал аж ахуйн түүхий эд бэлтгэлийн асуудлыг сумын түвшинд зохион байгуулах ёстой. Тэгж байж малчид чирэгдэлгүй болно. Одоо цаг дулаарна. Ямаагаа самнаж эхэлнэ. Малчид ноолуураа худалдах зорилготой, мал аж ахуйгаасаа хөндийрөөд байна шүү дээ.

-Монгол Улс 2022 онд түүхэндээ хамгийн олон мал тоолуулсан. Албан бус тоогоор 100 сая давсан гэж яригдаж байлаа. Гэтэл өнгөрсөн жилийн дүнгээр 60 сая гаруй мал тоолуулсан. Бүхэл бүтэн ийм их хэмжээний мал гэв гэнэт алга болчихсон. Тэр зөрүүг яагаад хэн нь ч ярихгүй байна вэ?

-Ер нь малын хорогдол, малын тооллого чинь үнэн гарахгүй байгаа юм шүү. Хөдөөгүүр айлуудаар яваад “Малаа тоолуулсан уу, мал чинь хээл хаясан уу” гэхээр тийм юм ер явдаггүй шүү дээ гэдэг байв. Мал тооллогын асуудлыг цэгцэлмээр байгаа юм. Малын хорогдол бодитой биш харагдаад байдаг юм билээ.Цаашид малын чанар бүтээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өргөн хэрэглээний барааны үнэ 0.9 хувиар өсчээ DNN.mn

Өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн сард хэрхэн өссөн тухай статистик мэдээллийг хүргэж байна. Үндэсний Статистикийн Хорооноос нийслэл болон орон нутагт зарагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн судалгааг танилцууллаа.

Улаанбаатар хотод 2024 оны 2-р сарын 19-ний байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 2.5 хувиар өссөн бол өмнөх 7 хоногоос 0.1 хувиар буурсан байна.

Энэ оны буюу 2024 оны 2-р сарын 19-ний байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Улс төрийн 35 намын дугуй ширээний уулзалт содон үзэгдэл болох нь DNN.mn

Өнөөдөр Монголын улс төрийн 35 намын удирдлагын дугуй ширээний анхдугаар уулзалт болно. Улс төрийн хүрээн дэх содон үзэгдэл, том үйл явц. Энэхүү дугуй ширээний уулзалтыг энэ улс орны хувь заяанд санаа зовдог хүн бүхэн сонирхоно. Үр дүнг нь чагнана. Бас оролцохыг хүсч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Яагаад гэвэл өнөөдөр Монголын ард түмний дийлэнх хэсэг нь МАН, АН хоёртой ярих “юм” дууссан гэж үзэж байгаа. Тэгэхээр дугуй ширээний уулзалтад энэ хоёр намаас бусад нь оролцох ёстой. Мэдээж энэ уулзалт анхных учраас ажигласан, түр хүлээсэн, эхлээд юу ярих нь уу гэсэн хэсэг бий. Харин эцсийн дүндээ бол “Бид бүгд нэгдэж Монголын улс төрийг авч явах ёстой” гэсэн байр сууринд хүрнэ. Цаг хугацааны асуудал болов уу. Учир нь улс төрийн намууд дор бүрдээ судалгааны байгууллагуудтай. Тодорхой түвшинд бүгдээрээ “Улс төрийн гурав дахь ч нэгдлийн оройн зай хуулиараа ч, нийгмийн сэтгэл зүй талаасаа ч бүрдсэн” гэдэг дүгнэлтэд хүрсэн. Гагцхүү нийгэмд энэхүү судалгааны дүнг албан ёсоор зарлаж, улс төрийн үйл ажиллаагаа эхлэх дээр үйл явц өрнөж байгаа юм.

Туршлагатай улс төрчийн хувьд ИЗНН-ын дарга Батын Батбаатар салхийг хагалж “Одоо МАН, АН-аас бусад бүх нам нэгдэж сонгуульд орох цаг нэгэнт болжээ” гэж зоригтой зарласан. Тэр эхлээд гуйсан, тэгээд урьсан, харин энэ удаагийн 35 намын удирдлагуудын дугуй ширээний уулзалтаар цаг ирж нөхцөл бүрдсэнийг албан ёсоор танилцуулах байх. Ийм л улс төрийн том акц, нийгмийн хүлээлт, сонгуулийн халалт өнөөдрөөс эхэлж байна. 2024 оны УИХ-ын сонгуулийг ийнхүү албан ёсоор улс төрийн 35 нам албан бусаар эхлүүллээ гэж судлаачид харж байна.

Энэхүү улс төрийн акцын эцсийн үр дүн тодорхой харагдаж байгааг зарим судлаачид, туршлагатай улстөрчид хэлж байгаа. Яагаад гэвэл Монголын ард түмэн засаглалд шинэ уур амьсгал хүсч эхэлсэн. Үүнийг нийгмийн захиалга гэж өмнө нь бид бичдэг байлаа. Одоо бол тэгж улиг болсон үгээр бичих хэрэггүй. Зүгээр л өнгөрсөн 30 жил төр барьсан улстөрчид, Монгол улсаар айл гэр болж тоглосон улс төрийн хоёр том намтай “үзэлцэх” сөрөг хүчнийг нийгэм хүсч байна гэж хэлэх ёстой. Энэ орон зай руу хамгийн даруухнаар, бас эелдгээр, за тэгээд нэлээн түрэмгийн байдалтай орж ирж байгаа нь ИЗНН юм. Энэ намын дарга Батын Батбаатар нь иргэний хувьд ч, ИЗНН-ын даргын хувьд ч ард түмнээс “Бид та нарын хүсэл зоригт нийцүүлэн, сонгогчдын хүчийг өөртөө төвлөрүүлж, улс орны хөгжлийн төлөө шударгаар зүтгэе” хэмээн хэлсэн. Улс төрийн хүчний тэнцвэрийг зөв хадгалж сонгуульд орохын тулд улс төрийн 35 нам нэгдэхийг эрхэмлэж байгаагаа хэлэх нүүр тэдэнд бий. Тэд өнөөдрийн улс төрд цоо шинэ дүр төрх. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт хамаагүй кадрууд. Улс төрийн замнал нь цав цагаан улс төрийн зүтгэлтнүүд. Үнэхээр сонин, анхаарал татахаар үйл явц биш гэж үү.

Цагтаа Ерөнхийлөгчид нэр дэвшиж явсан Л.Дашнямаас эхлээд улс төр нийгмийн томоохон зүтгэлтнүүд энэ талаар дуугараад эхэлж. Улс төр дэхэнэ цочир сонин үзэгдлийн үргэлжлэлийг би ч бас зүгээр өнгөрөөж чадахгүй үсэг товшиж, үг холбож сууна. 35 намын нэгдэл нийгэмд томоохон хүлээлт үүсгэчихлээ. Юу болдог бол….

Эдгээр улс төрийн 35 нам нэгдэж сонгуульд орвол гарцаагүй парламентад суудал авна. Тэднийг яаж ч зүхсэн, мөнгөөр цохиж алах гэж оролдсон Сонгуулийн шинэ хуулиараа гарцаагүй парламентад суудалтай улс төрийн хүчин болох юм. Тэдний сонгуулийн мөрийн хөтөлбөр нь урьд жилүүдэд улс орныг удирдсан улстөрчид, улс төрийн намуудын алдаа, дутагдал бүрийг кэйс болгосон байх нь тодорхой. Энэ нь хамгийн сайн мөрийн хөтөлбөр гэсэн үг. Улмаар цөхөрсөн ард түмэнд авлигын эсрэг тэмцэх итгэлийг тэд л төрүүлнэ. Эцэст нь эдийн засгийн үр өгөөжийг айл өрх бүрийн хаалгаар оруулах загварыг ард түмэнд танилцуулах, ард түмний хүсэлд нийцүүлсэн онцгой ганц уриалга хэрэгтэй. Ийм л дүр зураг Монголын улс төрийн 35 намын нэгдлээс харагдаж байна. Ард түмэн хүсч байна.

Туршлагатай сэтгүүлчид, олон сонгууль үзсэн нийтлэлчид энэхүү дугуй ширээний уулзалтыг онцгой анхаарч байна. Улс төрийн 35 нам нэгдэж орлоо гэхэд сонгуулийн үр дүнгийн дараах улс төрийн үйл хэрэг чинь тодорхой баймаар байна гэдгийг ИЗНН-ын дарга Батын Батбаатар, түүнийг хамтран зүтгэгчид хэлмээр байна.

Үйл явц цааш хэрхэн өрнөх бол. Улстөр дэх луугарууд, ажиглагчид, улс төрийг ам хуурайгүй ярьж, дүгнэж, олонд түгээж байдаг таксины жолооч нар ч 35 намын нэгдлийн үйл явцыг нүд цавчилгүй ажиглаж байна. Батын Батбаатарын дараагийн алхам юу байх бол. Энэ нөхөр чинь тэртээ 2004 онд тухайн үеийн лут амьтан УИХ-ын дэд дарга Ж.Бямбадоржийг ялж, 30 настай УИХ-ын гишүүн болж байсан. Тиймээс санаанд оромгүй юу ч санаачилж мэдэх юм.

Цагтаа Ерөнхийлөгчид нэр дэвшиж явсан Л.Дашнямаас эхлээд улс төр нийгмийн томоохон зүтгэлтнүүд энэ талаар дуугараад эхэлж. Улс төр дэх энэ цочир сонин үзэгдлийн үргэлжлэлийг би ч бас зүгээр өнгөрөөж чадахгүй үсэг товшиж, үг холбож сууна. 35 намын нэгдэл нийгэмд томоохон хүлээлт үүсгэчихлээ. Юу болдог бол….

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Согтуугаар жолоо барьж сургуулийн автобус мөргөжээ DNN.mn

Согтуу жолооч жолоодож явсан тээврийн хэрэгсэл сургуулийн хүүхэд тээвэрлэж явсан автобусыг мөргөжээ.

Өчигдөр  /02.20/ 19:10 цагт Дотоодын цэргийн 05 дугаар ангийн гадна замын урд автобусны буудал орчимд T.rumion маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барьж сургуулийн хүүхэд тээвэрлэж явсан автобустай мөргөлдсөн зам тээврийн осол гаргасныг тус ангийн жижүүрийн алба хаагч  зөрчил гаргагчийг түр саатуулж, тухайн хэсгийн замын хөдөлгөөнийг зохицуулж, шуурхай бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.

Ослын улмаас бэртэж гэмтсэн хүнгүй, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

1960 оноос хойших хамгийн хүйтэн шөнө боллоо DNN.mn

Өнгөрсөн шөнө төвийн аймгуудын ихэнх нутгаар агаарын хамгийн бага температурын үнэмлэхүй бага утга эвдэгдэн хүйтэрсэн шөнө боллоо.

Энэ нь 1960 оноос хойших хоёрдугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнийн хамгийн хүйтэн утга ажиглагдсан гэсэн үг юм.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг зэрэг томоохон голын хөндийгөөр шөнөдөө -43-48, өдөртөө -29-34 градус хүйтэн байна. Харин Улаанбаатар хот орчмоор салхи өмнөөс секундэд 3-8 метр, шөнө Яармаг-Сонгины орчмоор -40…-42 градус, бусад хэсгээр -32…-34 градус хүйтэн хоносон байна.

 

Эх сурвалж: Ус цаг агаар, орчны мэдээ мэдээлэл

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Малчдын зээлийн эргэн төлөлтийг зургадугаар сар хүртэл хойшлуулахаар зөвшилцөлд хүрлээ DNN.mn

Өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газраас орон даяар Өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, сайд нараар ахлуулсан 6 баг орон нутагт ажиллаж буй.

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханыг  орон нутагт ажиллах үеэр малчдын хамгийн их хөндөж байсан санал, хүсэлт бол малчны зээлийн асуудал байв. Иймд Шадар сайд өнөөдөр Төв банк болон арилжааны банкуудын удирдлагуудтай уулзаж, зудын гамшгийн эрсдэлийг бууруулахад банк санхүүгийн салбарынхны дэмжлэг, оролцоо чухал байгааг онцолж, хүнд цаг үед малчдаа дэмжин банкны зээл төлөлтийг нь хойшлуулах тал дээр хамтарч ажиллах талаар ярилцлаа.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Хөдөө аж ахуйн салбар 2023 онд уналттай гарсан учраас малчдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахтай холбоотой хүсэлт ирсээр байгаа. Энэ асуудалд Төв банкны зүгээс бодлогын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа бөгөөд ямар зохицуулалт, дэмжлэгийг  хэрхэн шийдэх вэ гэдэг асуудлаар Төв банк хамтран ажиллахад бэлэн байна” хэмээв.

Монгол банкны мэдээллийн санд 140 мянга гаруй малчдын 1.2 их наяд төгрөгийн зээл бүртгэлтэй байдгаас 51.2 хувь буюу 618 тэрбум төгрөгийн зээлийг Төрийн банкнаас, 48.5 хувь буюу 585 тэрбум төгрөгийн зээлийг Хаан банкнаас тус тус олгосон байна.

Хаан банкны хувьд өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-нээс хойш хүсэлт өгсөн малчдын зээлийн эргэн төлөлтийг сунгаж эхэлсэн бөгөөд нэг жил хүртэл хугацаагаар хойшлуулах боломжтой гэв. Төрийн банкны хувьд эхний ээлжинд энэ оны 6 дугаар сарын 1 хүртэл зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах боломжтойгоо хэлсэн юм. Малчид харьяа орон нутгийнхаа Хаан банк болон Төрийн банкны салбарт хүсэлтээ цахимаар гаргаж, шийдүүлэх боломжтой юм байна.
Мөн энэ үеэр “Үндэсний давхар даатгал” ХК-ийн зүгээс “Энэ оны 9-10 дугаар сарын хооронд малчдын даатгуулсан малын индексжүүлсэн даатгалын нөхөн төлбөрийг олгоно. Энэ оны 3-р улирал хүртэл малчдын зээл төлөлт хойшлогдвол тэр үеэр бид даатгалын нөхөн төлбөр олгож таарах учраас  эргээд малчид банкны зээл төлөлтөө хийхээр илүү дөхөм болно” гэлээ.

Уулзалтын төгсгөлд Шадар сайд С.Амарсайхан Монголын нийгэм, эдийн засагт голлох үүрэгтэй мал аж ахуйн салбарыг дэмжиж, монгол түмний дангааршил, ондоошлын эх үндэс болсон уламжлалт өв соёл, зан заншлыг тээгч малчин түмнээ ойлгож, малчдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах талаар нэгдмэл байр суурьтай байж, зөвшилцөлд хүрсэн банк санхүүгийн салбарынханд талархлаа илэрхийллээ.

 

 

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын ажлын алба

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Тендерийн зар “Өдрийн сонин” дээр л хэвлэгдэнэ DNN.mn

Ажил хэрэгч хүмүүс өдөр тутмын сонинг сонгосон хэвээрээ байгаагийн нэг баталгаа нь тогтмол захиалагчийн тоо билээ. Хоногийн 24 цаг багаддаг бизнесийнхэнд сошиал ухаж, хэрэгтэй хэрэггүй мэдээлэл унших цаг байдаггүй. Тэдний унших хэвлэл нь бизнестэй нь шууд холбоотой байдаг. Өдөр тутмын сонин захиалж байгаа хүмүүс сониноос тулхтай анализ тойм уншин, бизнесийн санаагаа бататгахын зэрэгцээ бүхий л тендерийн заруудыг хүлээж байдаг. Төрөөс л гэхэд нэг жилд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын ордон, зам, тээвэр гээд өдий төдий төрлийн ажлын тендер зарлаж, шалгаруулж, ажил эхлүүлдэг.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлдэг газар бол Төрийн худалдан авах ажиллагааны газар. Төрөөс санхүү, мөнгийг нь гаргадаг бүхий л ажил энэ газраар дамждаг болохоор жилийн жилд хэдэн зуун тэрбумаар хэмжигдэх маш их мөнгөн урсгал тэнд эргэлдэж байдаг.

Төрөөс зарласан ажлын тендерийг нэг хэсэг зөвхөн цахимаар түгээх гэж үзсэн байдаг юм. Гэхдээ тендерийн мэдээлэл нээлттэй, хүртээмжтэй, ил тод байх үүднээс хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулах ёстой гэдгийг олон нийт шаарддаг. Энэхүү шаардлагаас үүдээд төрөөс зарласан тендерүүдийг хэвлэн нийтлэх сонгон шалгаруулалтыг жилийн жилд хэвлэлийнхний дунд ч зарладаг. Уншигч, захиалагчдын тоо төдийгүй нийтлэлийн бодлого, нийгэмд үзүүлэх оюун санааны нөлөөллөөрөө жин дардаг “Өдрийн сонин” энэхүү сонгон шалгаруулалтад шалгарсаар ирсэн бөгөөд өнөө жил ч мөн төрөөс зарласан бүхий л тендерийн зарыг хэвлэн нийтлэх эрхээ авсан юм.

“Тендерийн зарыг зарлахдаа яагаад заавал хэвлэн нийтлэх шаардлагатай байдаг вэ. Цахимаар явуулчихаж болдоггүй юм уу” гэж асуух хүн гардаг. Яагаад гэвэл тендерийн зар хэвлэгдэн гарч ирснээр бодит баримт болж үлддэг. Хэн ч тэр зарлалыг устгаж алга болгож чадахгүй. Өөрчлөх боломжгүй. Тендерийн зар гэдэг өөрөө их мөнгөн дүнгээр хийх ажлын эхлэл учраас хариуцлагатай хэвлэлд нийтлэгдсэн, үлдэх бодит баримттай байх ёстой юм. Эргээд харахад өөрчлөгдөхгүй, хөдөлшгүй баримт бол сонинд хэвлэгдсэн тендер байдаг. Дээрээс нь найдвартай эх сурвалж болж чадхуйц нэр хүндтэй хэвлэл өөрөө үнэн худлын баталгаа болдог. Та анзаардаг байх, ямар нэгэн мэдээ мэдээлэл энэ үнэн шүү гэдгийг харуулахын тулд заавал эх сурвалжаа дурддаг.

“ …гэж вашингтон таймс сонинд дурджээ” хэмээн нийтэлдэг нь хар үгээр хэлэх юм бол “худлаа хэлэхээргүй өндөр нэр хүндтэй сонин дээр гарсан нь энэ мэдээ үнэн гэсэн үг” гэж л хэлж байгаа хэрэг юм. Ийм учраас тендер зар мэдээг сонин дээр тэгээд бүүр нэр хүндтэй он удсан хэвлэлд нийтлэх гэж эрмэлздэг нь нийгмийн тогтсон зан заншил байдаг.

Тендерийн сурталчилгааг цахимаар явуулж болно, одоо ч явуулсаар байгаа. Цахимаар зарласаар байж яагаад сонинд давхар хэвлэдэг вэ гэвэл өнөөх л дээрх баталгаа нотолгоо болгох зорилготой билээ. Цахим гэдэг баримжаагүй эд. Нэг өдөр гацаж мэднэ. Нөгөө өдөр бүр алга болчих ч эрсдэлтэй. Муугаар бодоход цахим дээр үг үсэг, тоо толгойг өөрчлөөд засчихаж болдог. Эргээд зарга үүсгэх гэхээр баримт үлддэггүй гачлантай. Дашрамд хэлэхэд сошиал, цахим

гээд нийтээрээ хуйларч байна. Үнэндээ ирийтэл цувардаг цахим хаягнуудын тал нь хуурамч гээд бод доо. Таны дагагч, фэнүүд өсөөд байгаа мэт боловч цаана нь хоосон орой зай цэлийж

байдаг. Сая дагагчтай гээд даналзаж байвч хэд нь хий орон зай байгааг таашгүй. Тийм учраас цахим орчинг бодит гэж үздэггүй, тендерийн зарыг олон нийтэд зарлахдаа цаасан сонинд хэвлэж бататгаж байдаг нь ийм учиртай.

Төрийн худалдан авах ажиллагаанаас зарладаг тендерүүд маш олон янз байдаг. Чиглэл чиглэлийнх нь үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд тендерийн зар гарахыг хүлээж байгаад ажлаа товлодог. Ажил хэрэгч хүмүүс ихэвчлэн сонин захиалдаг нь үйл явдлын тойм мэдээлэл, анализ дүгнэлт уншихаас гадна бүхий л тендерийн зарлалыг унших зорилготой байдаг. Тэгж ажлаа төлөвлөж, мэдээллээ баталгаажуулдаг. Үүнээс гадна төр засгийн бодлого хаашаа чиглэж байна, аль салбарт түлхүү дэмжлэг үзүүлж байгаа, цаашид өсөн дэвжихэд төрөөс ядаж хааж боохгүй салбар нь аль вэ гэдэг баримжаагаа авдаг. Энэ чиглэлийн бүхий л бодлого, үргэлжлэх үр дүнгийн талаарх тойм, ярилцлагуудыг сониноос уншдаг юм.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлого нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөний төлөө чиглэгддэг. Хаана шударга ёс алдагдаж байна, хаана тэгш бус зарчим үйлчилж байна, хэний бизнесийн боломжийг хулгайлж байна, тэр цэг дээр бат зогсож, хохирсон нэгнийг өмөөрч, бурууг нь шүүмжилж, цаашид санамж сэрэмж болгон бичсээр байдаг. Хэний ч санаагүй санаа сэдлийг нийтэд гарган тавьж, түүнийхээ төлөө элдвээр хэлүүлж л байдаг. Хэдэн жилийн дараа өнөө шоолуулж байсан санаа амьдрал дээр хэрэгжин, өөр өөрсдийн автортой болж тодорч байхад “Өдрийн сонин” дахиад өөр нэг “үл бүтэх” санаа дэвшүүлээд шуугиулж байдаг нь хэвийн л үзэгдэл. Ингэж л үзэл санааны бамбар болон гэрэлтэж, үнэн зөв мэдээллийн баталгаа болон дүнхийж байдаг юм, “Өдрийн сонин”.

Сонин яаж захиалах вэ гэж утсаар маш их асуудаг болохоор захиалгын мэдээллийг товч оруулъя. Цаасан сонин захиалах бол ойролцоох шуудангийн салбар, эсвэл сонины редакц дээр ирээд захиалга өгч болно. Сонины хүргэлт хийх боломжгүй хэт хол эсвэл гадаадад амьдардаг бол цахимаар захиалж болдог. Энэ талаарх мэдээллийг 99112954, 88111375 дугаараас лавлахад таныг бүрэн мэдээллээр хангаж өгнө.

О.ТУЯА

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

“Хэн дараагийн Ерөнхий сайд вэ” гэдэг нь энэ сонгуулийн фокус болно DNN.mn

“УИХ-д нэр дэвшинэ” гэсэн хүн тойм алга. “Ямар ч байсан нэр дэвшинэ” гээд шийдчихсэн хүмүүс хаа сайгүй. Зарим нь бүр аль намаас яаж нэр дэвшихээ ч мэдэхгүй тууж явна. Тэднээс “Хуулиа сайн уншсан уу” гэж асуумаар байгаа юм. Үндсэн хууль, холбогдох бусад хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын сонгууль том тойрогт явагдаж, 126 гишүүн сонгохоор болсон. Нэр дэвших хүсэлтэй хүмүүст энэ “олон тоо” л итгэл найдвар өгөөд байх шиг байна. Тойруулалгүй хэлэхэд ирэх сонгуульд нэр дэвшээд гишүүн болоод ашиггүй л болчихоод байгаа шүү. Өмнөх УИХ-ын гишүүд шиг даргын дархан эрх эдлэхгүй. Зөвхөн хууль тогтоох үндсэн үүргээ л үг дуугүй биелүүлдэг гишүүн болно. Хуулийн өөрчлөлтийн зорилго нь ч тийм юм байна билээ. Мөн Ашиг сонирхлын хуульд “аймаар” заалтууд орж өөрчлөгдсөн. Хавь ойрынхон нь хяналтад орно. Байдгаа ухуулна. Бүх гар хөлөө тушуулна. Товчхондоо ийм. Тэгээд ч УИХ-ын сонгуулийн дүнгээр байгуулагдах Засгийн газар дээр л бүх зүйл төвлөрнө. Үндсэн хуулийн 2019, 2023 оны өөрчлөлтүүдийн үндсэн агуулга нь тэр. Тэгэхээр Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайд хэн байх вэ гэдэг л гол ирэх сонгуулийн фокус болно. Нэг үгээр хэлбэл “Хэн Ерөнхий сайд болж ямар бодлого хэрэгжүүлэх вэ” гэдэг дээр илүү анхаарал тавигдахаар байна.

Парламентын засаглалтай улс орнуудад ч ийм туршлага дээр явдаг. Ерөнхийдөө Английн парламентаас эхтэй вестминстер, Герман маягийн Боннын загварын дагуу сонгуулийн дараахь төрийн хэлбэр бүрддэг. Эрх мэдлийн хуваарилалт ч гэж болно. Вестминстерийн загвар нь “Төрийн үйл ажиллагааны мөн чанар нь улс төрийн бодлого бөгөөд сонгуульд ялсан нам төрийн хууль тогтоох, гүйцэтгэх бүх эрхийг эдэлнэ” гэдэг агуулгатай. Харин Боннын загвар нь “Эрх мэдлийг тэнцүү хуваарилдаг. Дүнд нь парламент дахь улс төрийн тэмцэл хязгаарлагдаж, Засгийн газар тогтвортой байдаг” гэсэн бодлоготой. Манай улсын намуудын төлөвшил, сонгуулиудын дараахь төрийн бүтцүүдээс харахад Вестминстерийн загвар хэрэгждэг. Гэхдээ зарим тохиолдолд, тухайлбал 2012 оны сонгуулийн дараа Боннын загвараар хуваарилалтыг хийснээр Засгийн газар улам хэврэг болж байсан түүх бий. Ерөнхийдөө аль ч загварын амьдралд буусан хэлбэр, улс орнуудын парламентын сонгуулийн дүнд “Засгийн газар яаж бүрдэх вэ, хэн тэргүүлэх вэ” гэдэг л хамгаас чухал нь болж ирсэн байдаг.

Сүүлийн үед жишээ болж буй 80-аад жилийн тэртээх Английн сонгуулийг дурдаж болох юм. Тухайн үед Англичууд Ерөнхий сайд Черчилльдээ сайн, маш их дэмждэг байв. Тэгсэн атал 1945 оны сонгуулиар намыг нь унагачихсан. Нам нь унасан учраас Черчилль буусан. Гэтэл англичууд сонгуулийн дараа “Черчилль хаачив” гэж гайхсан гэдэг. Ингээд таван жилийн дараах 1951 оны сонгуулиар “Черчиллийн нам мөн үү” гэж байгаад намыг нь дэмжиж гаргаж ирсэн. Тэгж түүнийг дахин Ерөнхий сайдаар томилуулах замыг гаргасан байдаг. Энэ нь парламентын засаглалтай орнуудад гүйцэтгэх засаглал ямар их үүрэг, нөлөөтэйг харуулж буй юм. Манайх одоо ялгаагүй. Ирэх зуны сонгуулиар төрийн эрх барих дээд байгууллага ес дэх удаагийн УИХ-ыг сонгоно. Гэхдээ тэндээс тус сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх Засгийн газар байгуулагдана. Дахин хэлэхэд, Үндсэн хуулийн өөрчлөлтүүдээр Засгийн газрын ажиллах чадамжийг нэмсэн. Түүнийг Ерөнхий сайд хэрэгжүүлнэ. Тиймээс Ерөнхий сайд хэн байх нь чухал болчихоод байгаа хэрэг.

Өнөөдөр УИХ-д суудалтай гурван нам бий. МАН, АН, ХҮН-ынхан өнөөгийн УИХ-ыг бүрдүүлдэг. Тэд намын дүрэмдээ сонгуульд ялбал хэн Ерөнхий сайд болохыг заасан байна. АН-ын Үндсэн дүрмийн 5.17.6.5-д “Нам нь УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал авсан тохиолдолд Намын дарга нь Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшинэ” гэсэн байдал. МАН-ын Үндсэн дүрмийн 24.3-т “УИХ-ын сонгуульд Нам олонх болсон бол Намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэж заасан. ХҮН намын дүрмийн 6.2.4-т “УИХ-ын сонгуульд нам олонх болсон тохиолдолд тухайн сонгуульд намыг удирдаж ялуулсан Намын дарга Ерөнхий сайдад нэр дэвшинэ. Намын дарга Ерөнхий сайдын албан тушаалаас өөрөө татгалзсан тохиолдолд намын дарга санал оруулж Төлөөлөх зөвлөлөөс Ерөнхий сайдад нэр дэвшигчийг сонгож тодруулна” гэж заажээ. Дүрмээрээ бол АН ялбал Лу.Гантөмөр, МАН бол Л.Оюун-Эрдэнэ, ХҮН нам ялах юм бол Т.Доржханд Ерөнхий сайд болохоор байна. Гэхдээ энэ нь хууль биш дүрэм. Заавал хэрэгжих ёстой хуулийн заалт биш гэсэн үг. Тэгээд ч манайд УИХ-ын сонгуулийн намын даргаас өөр хүнийг Ерөнхий сайдаар зарлаж байсан явдал бий. 2020 онд АН-ын дарга С.Эрдэнэ байсан ч сонгуулийн өмнөхөн “Хэрвээ АН сонгуульд ялбал Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар томилно” гээд зарлачихаж байв. Тиймээс яг иймэрхүү байдлаар намууд сонгуулийн дараахь Ерөнхий сайдаа зарлах магадлал өндөр байна. Яагаад гэвэл “Хэн, хэн УИХ-ын гишүүн болох вэ” гэхээс илүүтэйгээр “Хэн дараагийн Ерөнхий сайд вэ” гэдэг нь энэ сонгуулийн фокус болж мэдэхээр байгаа юм.

Ө.Бааст

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Энхжаргал: Зудтай аймгуудад хилийн цэргийн ангиудаас 14 бүлгийн 58 хүн, 17 нэгж техниктэй ажиллаж байна DNN.mn

Нийт нутгаар цас зудтай байгаа энэ хүнд цаг үед мал, малчдад тусламж хүргэхэд нэн шаардлагатай зүйл нь туулах чадвартай машин, техник гэдгийг орон нутгийн удирдлагууд онцолж байгаа юм. Гэвч ийм техник хэрэгсэл орон нутагт хүртээмжтэй биш. Тиймээс Онцгой байдлын байгууллага болон Хил хамгаалах байгууллагын тусламжтайгаар хөдөөд зам гаргаж, малчдад өвс тэжээл хүргэх ажлыг нугалж байгаа аж. Энэ хүрээнд ХХЕГ- ын Хилийн алба, хилийн төлөөлөгчийн газрын Хилийн хэлтсийн дарга, хурандаа Б.Энхжаргалтай ярилцлаа.


-Орон даяар цас зудтай, малчид маш хүнд нөхцөл байдалд байна. Малчдад туслах боломж нь туулах чадвартай машин техник хэрэгтэй. Энэ цаг үед тус дэм болж байгаа нь Хил хамгаалах байгууллага гэдгийг орон нутгийнхан хэлж байна?

-Өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд нийт нутгаар цасан шуурга шуурч, цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Хил хамгаалах байгууллагаас хилийн анги, салбаруудын онцгой нөхцөл байдал үүссэн үед үүрэг гүйцэтгэх томилгоот бүлгүүдийг томилгоожуулан бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Улсын онцгой комисс болон аймгийн Онцгой штабаас ирүүлсэн чиглэлийн дагуу өвөлжилт хүндэрсэн хил орчмын нутаг дэвсгэрт ард иргэд, малчдад өвс тэжээл хүргэх, цасан шуурганд төөрсөн болон цасанд суусан иргэдэд тусламж үзүүлэх, арга хэмжээг зохион байгуулж байна.

-Орон нутгийн аль чиглэлд нөхцөл байдал хүнд байна. Хилчид аль чиглэлд голлон үүрэг гүйцэтгэж байна вэ?

-Баян-Өлгий, Ховд, Увс, Сүхбаатар, Төв, Говьсүмбэр, Дорноговь аймгийн 10 сумын орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хилийн цэргийн 9 ангиас нийт 14 бүлэг, 58 хүн, 17 нэгж техниктэй үүрэг гүйцэтгэж байна. Олон хоног цас орж, шуурсан, замын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан хилийн цэргийн анги, салбаруудаас туулах чадвар сайтай Камаз, Зил-131, Уаз фургон, Ниссан патроль, Ниссан навара зэрэг автомашинуудыг томилон үүрэг гүйцэтгүүлж байна.

-Хилчид төөрсөн, цасанд боогдсон иргэдийн амь насыг аварсан сайн мэдээ дуулдсаар байгаа. Хамгийн сүүлд ямар дуудлага дээр ажиллав?

-Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт цасан нурангид дарагдсан нэг иргэнийг эрэн хайх ажиллагаанд хилийн цэргийн 0165 дугаар ангийн таван цэргийн алба хаагч, нэг нэгж техниктэйгээр үүрэг гүйцэтгэж, орон нутагт байрлах Онцгой байдлын газар, хууль сахиулах байгууллагын алба хаагч нартай хамтран, эрэн хайх, аврах ажиллагааг хоёр хоногийн хугацаатай зохион байгуулсан.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорнод аймгийн Халх гол сумаас айлын ажил явдалд оролцоод Дорнод аймгийн чиглэлд хөдөлгөөн үйлдсэн гурван том хүн (хоёр хүүхэдтэй) сураггүй болсон гэх мэдээллийн дагуу хилийн цэргийн 0306 дугаар ангиас бүлэг томилон эрэх хайх, ажиллагааг зохион байгуулж, автомашин нь цасанд суусан байсныг олж, төв суурин газар хүргэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.

Ховд аймгийн Үенч суманд байрлах хилийн цэргийн 0130 дугаар ангиас дөрвөн автомашинтай 11 цэргийн алба хаагч зам гаргах, малчдад өвс тэжээл хүргэх зорилгоор үүрэг гүйцэтгэж байгаа бүлэг “Ямаат” ууланд төөрсөн нэг иргэнийг эрэн хайх ажиллагааг явуулж байна.

-Цасан шуурганд мал олноор уруудаж байгаа. Хилд тулсан мал олон байна уу?

-Байгалийн давагдашгүй хүчин зүйл, цасан шуурганд уруудан улсын хилд тулсан 219 тооны малыг хилчид хил давуулалгүй тогтоож, ард иргэдэд учирч болох 215 сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж ажилласан.

-Мал олноор хорогдож малчдын хувьд маш хүнд байгаа. Ийм нөхцөлд ажиллаж байгаа хилчид юу ажигласан бол. Иргэд, олон нийт, малчдад юу анхааруулах бол оо?

-Ойрын хугацаанд ихэнх нутгаар цас орж шуурах талаар мэдээлэл авагдаж байгаа тул иргэд аймаг, орон нутгийн чиглэлд хөдөлгөөн үйлдэхгүй байж, цаг агаарын нөхцөл байдал сайжирсны дараа замд гарах хэрэгтэй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээгээр хэлж анхааруулсаар байтал иргэд холын замд их гарч байна. Хичнээн туулах чадвартай жийп унаад явсан ч байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө хүчин мөхөстдөг гэдгийг ухамсарлаж онц шаардлагагүй бол холын замд гарахгүй байхыг захимаар байна.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр туулай өдөр DNN.mn

Аргын тооллын хоёрдугаар сарын 21, Буд гариг. Билгийн тооллын 12, Өглөгт охин одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 07:49 цагт мандаж 18:22 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.