Categories
гадаад мэдээ

Йенс Столтенберг: Энэ дайнд Украины давуу байдлыг баталгаажуулах ёстой DNN.mn

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный нас барж, Украины Зэвсэгт хүчин Авдеевкаас ухарсан нь Умард Атлантын холбоо болон түүний холбоотнуудад Украинд анхаарлаа хандуулж, тус улсад цэргийн тусламжаа нэмэгдүүлэх шаардлагатай болсныг нотолсон” гэж “Чөлөөт Европ/Эрх чөлөө” радиод ярилцлага өгөхдөө мэдэгдэв. Тэрээр “Навальныйгийн дурсгалыг хүндэтгэх хамгийн сайн арга бол Путиныг тулааны талбарт ялахаас урьдчилан сэргийлж, энэ дайнд Украины давуу байдлыг баталгаажуулах ёстой гэдэгт би итгэлтэй байна” гэжээ. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын хэлснээр, олон сар үргэлжилсэн ширүүн тулалдааны дараа Украины цэрэг Авдеевкаг орхин гарсан нь Украинд улам их хэмжээний цэргийн тусламж хэрэгтэй байгааг нотолсон явдал бөгөөд Навальный Оросын шоронд гэнэт нас барж, түүний үхлийн нөхцөл байдлыг шалгах ажил удааширч байна. Энэ бүхэн Кремлийн дэглэмийн авторитар шинжид бид илүү их анхаарал хандуулах ёстой болсон гэсэн үг.

Хэдийгээр АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим Украинд үзүүлэх 61 тэрбум ам.долларын цэргийн тусламжийн шинэ багцыг батлах асуудал хойшлогдож байгаа ч Швед, Канад, Япон зэрэг бусад улсууд

мэдээ

Киевт үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлж байна” гэж Столтенберг мэдэгджээ. Гэхдээ Украинчуудын бараг хоёр жил нийлүүлээч хэмээн хүсч буй F-16 сөнөөгч онгоцыг Украины Зэвсэгт хүчин яг хэзээ хүлээж авах боломжтой вэ гэсэн асуултад НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга тодорхой хариулсангүй.

Йенс Столтенберг “Украины бүх холбоотнууд F-16 онгоцуудыг аль болох хурдан Украинд нийлүүлэхийг хүсч байна. Энэ ажилд нисгэгч, механикчдыг бэлтгэх ажилд онцгой анхаарал хандуулах ёстой байна” гээд “Харин яг хэдийд нийүүлэгдэх вэ гэсэн цаг хугацааны талаар цэргийн мэргэжилтнүүдээс асуух нь зүйтэй” гэж хэлжээ.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Дулаан, уур үйлдвэрлэгчдийн нүүрсний хэрэглээг халж, технологийн шилжилт хийнэ DNN.mn

НИТХ-ын ээлжит бус XVII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанд Улаанбаатар хотын Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг танилцууллаа. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад PM10 тоосонцор 5, хүхэрлэг хий 10 хувиар буурсан, PM2.5 тоосонцор 4, азотын давхар исэл 11 хувиар тус тус өссөн байна. Азотын давхар исэл нь автомашины яндангаас гарч буй утаанд агуулагддаг аж.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо /ОББҮХ/-ны чиг үүрэг, үйл ажиллагааг нийслэлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн зүгээс 2024 онд агаар орчны бохирдлыг бууруулах  төсөл, арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулаад байгаа юм. Энэ хүрээнд

  • ОББҮХ-ны 2021-2023 онд он дамжсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх
  • Алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгчийг айл өрхүүдэд суурилуулах
  • Усан халаалтын зууханд техникийн шинэчлэл хийх
  • Сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлэх
  • Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дотоод орчны бохирдлыг бууруулах
  • Орчны агаарын чанарын хяналт шинжилгээний тоног төхөөрөмжийг шинэчлэх
  • Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр иргэд, олон нийтэд сургалт сурталчилгаа зохион байгуулах гэсэн ажлуудыг төлөвлөөд байна. Чиг үүрэг шилжсэн ч төсөв хөрөнгө БОАЖЯ-нд төвлөрч буй тул нийслэлийн зүгээс тус яаманд үйл ажиллагааны төлөвлөгөөний саналаа хүргүүлэн, хамтарч ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг онцлов.

Улаанбаатар хотод 297 халаалтын зуух ажиллаж байгаагаас 174 нь тусгай зөвшөөрөлтэй буюу шигшсэн нүүрс хэрэглэдэг. Энэ нь агаарын бохирдлыг үүсгэгч хүчин зүйлсийн нэг болж буй тул дулаан, уур үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн шигшсэн нүүрсний хэрэглээг халж, технологийн шилжилт, шинэчлэл хийхээр ажиллаж байгаа юм. Ингэснээр жилд тоосонцор 749.5 тонн, хүхэрлэг хий 610 тонн, азотын исэл 199 тонн, нүүрстөрөгчийн дутуу исэл 2153.8 тонноор тус тус буурах тооцоо гарчээ. Түүнчлэн агаарын чанарыг сайжруулах бүсийг энэ онд шинэчлэн тогтоох, бүсэд мөрдөх журмыг батлуулахаар бэлтгэж байгаа юм.

Нийслэлийн иргэдийн эрчим хүчний найдвартай хэрэглээг хангах шаардлагатай байгаа тул НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх төслийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр тухайн өрхийн эрчим хүчний хэрэглээ 70 хувиар буурсан дүн гарсан байна. Уг төслийг 75-100 айлд хэрэгжүүлэхээр төлөвлөж, гэр хорооллын айл өрхүүдийн янданг буулгаж, цэвэр эрчим хүчний хэрэглээнд шилжүүлж байгаа юм. Улмаар айл өрхийн агаарт ялгаруулах бохирдол буюу хүлэмжийн хийг бууруулсан хэмжээг тооцуулан, олон улсад арилжиж, тухайн өрхөд нэмэлт орлого болгох боломжийг судалж байна.

Агаар, орчны бохирдлыг бууруулах шийдлүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд гэр, байшин сууцны дулаан алдагдлыг бууруулах шаардлагатай байдаг аж. Иймд өнгөрсөн оноос эхлэн Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас төрийн бус байгууллагуудтай хамтран дулаан алдагдлыг бууруулах хямд, хялбар шийдэл, боломжуудыг иргэд, олон нийтэд таниулан сурталчлах ажлыг зохион байгуулж байна. Гэр, байшин сууцыг дулаалснаар эрчим хүчийг 40-50 хувь хүртэл хэмнэх боломжтой юм. Мөн угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын гэр хорооллын 100 мянга гаруй айл өрхөд зөв галлах, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг шалгах, угаарын хийн хордлогын шинж тэмдэг, авах арга хэмжээний талаар зөвлөмж, мэдээллийг хүргээд байна.

Сэлбэ, Баянхошуу дэд төвд түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулахаар төлөвлөсөн. Уг ажлын хүрээнд зураг төсөл, газар чөлөөлөлтийн үнэлгээ хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар ажиллаж байна. Ингэхдээ нийслэлээс олон улсын бонд гаргаж санхүүжүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдээд байна. Мөн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дотоод орчны бохирдлыг бууруулах зорилгоор цонхонд нь шүүлтүүр хийх ажлыг энэ онд үргэлжлүүлэх юм. Тодруулбал, агаарын чанарыг сайжруулах бүсэд байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн цонхонд нийт 23 мянга гаруй шүүлтүүр суурилуулахаар төлөвлөөд буй.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Өнгөрсөн шөнө 1674 дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ DNN.mn

Өнгөрсөн шөнө цагдаагийн байгууллагын тусгай дугаарт 1674 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тодруулбал, хоёрдугаар сарын 22-23-нд нийслэлийн хэмжээд 1674 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1330, гэмт хэргийн шинжтэй 94 дуудлага байажээ.  Өмнөх өдрийн гомдол, дуудлагатай  харьцуулахад зөрчлийн шинжтэй дуудлага 56 нэгж, хулгайлах шинжтэй гомдол 11 нэгж, эрүүлжүүлэх шинжтэй мэдээлэл 13 нэгж болон нэмэгдсэн үзүүлэлт байгаа аж.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Г.Жавхлантөгс: Гадаадын хөрөнгө оруулагчдад газар ашиглуулахгүй гэдэг нь Монгол Улс хөрөнгө оруулалт болон бизнест хаалгаа бүрмөсөн хааж байна гэсэн үг DNN.mn

Монгол дахь Америкийн худалдааны танхимын Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгстэй ярилцлаа.


-УИХ-ын дарга Г.Занданшатар Хөрөнгө оруулалтын хууль дахь газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлж, ашиглуулахгүй байх хуулийн төсөл санаачилна гэж мэдэгдлээ. Энэ мэдэгдлийг хөрөнгө оруулагчид хэрхэн харж байна вэ?

-Хөрөнгө оруулагчдын зүгээс үл итгэсэн, хүлээж харзнасан байдалтай байна. УИХ-ын дарга мэдэгдэхдээ төрийн гурван өндөрлөг гадаадын хөрөнгө оруулагчдад газар эзэмшүүлж, ашиглуулахгүй гэдэг дээр нэгдсэн байр суурьтай байгаа гэсэн.

Хэрэв энэ үнэн бол Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалт болон бизнест хаалгаа хааж байна гэсэн үг. Энэ бол гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад маш том сөрөг дохио болно.

-Хэрэв энэ хууль батлагдвал хөрөнгө оруулагчдын эрх ашиг хэрхэн зөрчигдөх вэ?

-Энэ хуулийг санаачилж, баталсан нөхцөлд Монгол Улс дахин гадаадын хөрөнгө оруулалт гэж ярих шаардлагагүй болно. Монголд ямар ч гадаадын хөрөнгө оруулагч дахин хөрөнгө оруулахгүй. Уг нь Засгийн газар сүүлийн жилүүдэд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтыг татахаар нэлээд ярьж, зарим нааштай алхмуудыг хийж байгаа. Энэ бүхэн ямар ч үр дүнгүй болно гэсэн үг. Одоогоор 2013 оны хуулийн дагуу газар эзэмшиж, ашиглаж буй олон мянган хөрөнгө оруулагчдын эрх ашиг хөндөгдөнө.

-Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хүрээнд газар ашиглаж, эзэмшиж байгаа хөрөнгө оруулагчдад бас хамаатай гэсэн үг үү. Газар ашиглах, эзэмших эрхтэй гадаадын хөрөнгө оруулагчдын талаар ямар тоо баримт байдаг вэ?

-Тэгэлгүй яахав. Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээгээр 2024 оны нэгдүгээр сарын 3-ны байдлаар Гадаадын хөрөнгө оруулалттай ХХК болон тэдгээрийн охин 953 компанийн эзэмшдэг нийт газрын хэмжээ 757.5 мянган га байгаа. Нийт 439 гадаадын хөрөнгө оруулалттай ХХК газар ашиглах эрхтэй байгаа.

Эдгээр компаниудын эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж, шүүх дээр олон зуун өргөдөл, гомдол ирж, Монгол Улсын нэр хүнд шалан дээр унаж, олон улсын арбитрын шүүхэд дуудагдана.

-Газраа эзэмшүүлэхгүй, ашиглуулахгүй гэхээр яаж хөрөнгө оруулалт татах гээд байгаа юм бол?

-Дижитал бизнес л биш бол газар ашиглахгүйгээр хэн Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх вэ. Ямар ч хөрөнгө оруулагч газар ашиглаж, оффис, үйлдвэрийн барилгуудаа барих шаардлагатай болно. Энэ бол бизнес, хөрөнгө оруулалт хийхэд шаардлагатай үндсэн эрх.

Гэхдээ бидний зүгээс Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдаас газар ашиглах эрхийг булаахгүй байх гэж итгэж байна. Саяхан манай худалдааны танхим “Бизнес эрхлэхгүй” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан. Үүнд ЭЗХЯ-ны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Анар оролцох үедээ Засгийн газар Хөрөнгө оруулалтын хуулийн шинэчилсэн найруулгад хөрөнгө оруулагчдад газар ашиглах эрхийг эдлүүлэхээр тусгасан, үүнийхээ ард тууштай зогсоно гэдгийг мэдэгдсэн. Тиймээс бидний зүгээс бодлого тодорхойлогчид маань ийм бодлогогүй алхам хийхгүй байх гэж итгэж байна.

-Ингэхэд хөрөнгө оруулагчид юу хүсдэг вэ. Хөрөнгө оруулалтын хуулийн шинэчилсэн найруулгад зайлшгүй тусгах асуудлууд гэвэл юу, юу байна вэ?

-Хөрөнгө оруулалтын шинэчилсэн найруулгад манай танхимаас нийт 80 орчим зарчмын бодлогын болон нарийвчилсан саналуудыг тусгуулахаар өгсөн. Тухайлбал, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн үйл ажиллагааг хуулинд тусгах, хөрөнгө оруулалтын эсвэл татварын маргаан гарсан нөхцөлд заавал арбитраар оролгүйгээр энэхүү зөвлөлөөр хэлэлцэж, шийдвэрлэх гэх мэт асуудлуудыг хөндсөнийг ЭЗХЯ-ны хуулийн ажлын хэсэг хүлээн авч, хуулийн төсөлд тусгасан байгаа. Мэдээж бидний хувьд одоогийн мөрдөгдөж буй хуулийн дагуу тодорхой салбаруудад хөрөнгө оруулсан нөхцөлд олгож буй татварын урамшууллуудыг, тухайлбал гаалийн болон НӨАТ-ын албан татвараас хөнгөлөх заалтуудыг хэвээр үлдээх шаардлагатай гэсэн зарчмын өөр байр суурьтай байгаа.

Монгол Улс хөрөнгө оруулалт татах талаар бусад улс орнуудтай өрсөлдөж буй тул тэднээс илүү таатай, өрсөлдөхүйц хөрөнгө оруулалтын орчин бүрдүүлж, тодорхой урамшууллуудыг санал болгох шаардлагатай гэж хөрөнгө оруулагчид хүсдэг.

-Ямар ч бизнес үйл ажиллагаа явуулахад хамгийн түрүүнд газрын асуудал хөндөгдөнө биз дээ. Гэтэл гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлж, ашиглуулна гэхээр баахан хятадууд орж ирнэ гэсэн нийгмийн эсэргүүцэл бий. Гадаадын хөрөнгө оруулагчид гэнгүүт байгалийн баялгийг ухаж сэндийчих нь гэсэн монголчуудын газартаа харам муухай зан байна. Өөрсдөө ашиглаж чадахгүй хэрнээ бусдад ашиглуулахгүй. Энэ асуудалд хөрөнгө оруулагчдыг төлөөлж та байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Тэгэлгүй яахав. Өнөөдрийн өндөр хөгжилтэй бүх улс орнууд, тухайлбал, АНУ, Япон, БНСУ, БНХАУ, Европын холбоо Гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) -ыг татаж байж, хөгжсөн байдаг. Монгол Улс энэ жишгээр явахаас өөр аргагүй. ГШХО орж ирснээр тухайн улс шууд болон шууд бус олон ашиг тусыг хүртдэг. Тухайлбал, шинэ ажлын байрууд нэмэгдэж, шинэ технологи, нөү хау нэвтэрч, мэргэжилтэй ажиллах хүчинтэй болдог. Түүнчлэн эдийн засагт өр үүсгэдэггүй, харин татварын орлого нэмэгдэхээс гадна тухайн бизнесүүдийг даган ханган нийлүүлэгчид, үйлчилгээний салбарын бизнесүүд цэцэглэн хөгжиж, тэр хэрээрээ эдийн засагт шууд бус үр ашгаа өгдөг. Тухайлбал, 2022 онд Гадаадын хөрөнгө оруулалт (ГХО)-тай аж ахуйн нэгжүүд нийт 2.4 их наяд төгрөгийн татвар төлсөн байна. Цаашлаад өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад чухал нөлөөтэй. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээс харахад Монгол Улсад 1990-2023 оны I улирал хүртэлх хугацаанд нийт 41.7 тэрбум ам.долларын ГШХО орж ирсэн байдаг. 2012 онд гадаадын шууд хөрөнгө оруулалтын ДНБ-д эзлэх хувь 43 хувь байсан бол 2022 оны дүнгээр 15 хувь болж, гурав дахин буурсан байна. Тиймээс ард нийтээрээ аливаа улстөржсөн байдлаар энэ чухал асуудалд хандалгүй, харин хэрсүү ухаанаар хандаж, ГШХО-ыг дэмжих хэрэгтэй. Хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагааг дэмжиж, байгаль орчноо хамгаалах нь зүйн хэрэг.

-Хөрөнгө оруулагчдын зүгээс манай улсын татварын орчны талаар ямар асуудлуудыг дэвшүүлдэг вэ?

-Улс орны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор эдийн засгийг тэлэх, экспортыг дэмжих, мега төслүүдийг хэрэгжүүлэх орчин бүрдүүлэх, бизнес эрхлэх орчныг таатай болгох, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад ээлтэй, тогтвортой, тодорхой орчин бий болгох шаардлага үүсээд байна. Энэ хүрээнд хөрөнгө оруулагчдад итгэл өгсөн татварын ойлгомжтой, тогтвортой орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Тиймээс татварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хөрөнгө оруулагчдад таатай бизнес, татварын орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Тухайлбал, хувьцаа борлуулсан орлогод ногдох 20 хувийг суутган татварыг бууруулах, Нэмэгдсэн Өртгийн урвуу албан татварыг цуцлах, татварын маргаан шүүхээр эцэслэн шийдэгдэх эсэхээс үл хамааран Нөхөн ногдуулалтын актын торгууль, алданги, хүү зэргийг шууд төлүүлэх практикыг зогсоох хэрэгтэй. Үүний улмаас компанийн дансуудыг хаадаг, үйл ажиллагааг нь зогсоодог. Энэхүү зохицуулалт нь татварын хэт дарамтыг татвар төлөгчдөд учруулаад зогсохгүй, Олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартад нийцэхгүй байна. Тиймээс татварын маргаантай байгаа дүнгийн тодорхой хувиар торгууль, алданги, хүү зэргийг тооцох шаардлагатай. Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч оршин суугч этгээдийн хувьцаа (болон бусад санхүүгийн хэрэгсэл)-г борлуулсан тохиолдолд, Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлогын нийт дүнгээр 20 хувийн татварыг суутгуулан төлдөг. Анх худалдан авсан үнэ болон бусад худалдан авахад төлсөн баримтаар нотлогдох зардлуудыг хасах боломжгүй байх нь хөрөнгө оруулагчид болон оршин суугч татвар төлөгчдөд татварын хэт дарамт болж байна. Түүнчлэн гадаадаас авч буй ажил үйлчилгээнд НӨАТ-ыг ногдуулснаар дотоодын ААН-ийн үйлчилгээний өртөг зардал өсөж, орлого ашиг нь багасаж цаашдын хөрөнгө оруулалтын хэмжээг бууруулж байна. НӨАТ-ын татварыг дотоод ААН-үүд өөрсдөө хариуцан төлөхөөр татварын дарамтыг өөр рүүгээ шилжүүлэн авдаг. Гаднаас авч буй ажил үйлчилгээнүүд нь голдуу манай оронд эдгээрийг гүйцэтгэх хүн хүч, ажлын мэдлэг, туршлага чадвар байхгүйгээс авч буй мэргэжлийн экспертүүдийн үйлчилгээ байдаг ба энэ нь шууд бус замаараа үндэсний боловсон хүчинд бэлтгэх оюуны хөрөнгө оруулалт, хүний хөгжлийг мөн чөдөрлөж байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

М.Бадарчийн шаардсан нотлох баримт дутуу ирснээс хурал хойшилжээ DNN.mn

Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитраас улсын арслан М.Бадарчийн допингийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

“Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр” байгууллагын ерөнхийлөгч нь Г.Батзаяа “М.Бадарчид холбогдох арбитрын шүүх хурал гурван шалтгааны улмаас хойшилсон. М.Бадарчийн шаардсан 14 төрлийн нотлох баримтаас тал нь ирээгүй. Мөн Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гадаадад ажилтай учраас шүүх хуралд оролцож чадаагүй. Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь өмгөөлөгч авч байгаа. Өмгөөлөгч нарын ажил давхацсан учраас хэргийн материалтай танилцах хугацаа олгож өгнө үү гэх хүсэлт ирүүлсэн учраас шүүх хурал хойшилсон” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сүхбаатар дүүргийн хэмжээнд 30 орчим дэлгүүр, цэгээр нөөцийн мах борлуулна DNN.mn

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран 2024 оны хаврын улиралд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан нөөцийн мах борлуулах бэлтгэл ажлын хүрээнд аж ахуйн нэгжүүдэд зориулан сургалт зохион байгууллаа.

Сургалтаар нөөцийн мах худалдаалахад тавигдах шаардлага, худалдааны цахим баримт олголт, мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний хяналт, баталгаажилт зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгөв.

Энэ хавар Сүхбаатар дүүргийн хэмжээнд 30 орчим дэлгүүр, цэгээр нөөцийн мах борлуулах бөгөөд хаяг байршил, үнэ ханшийн мэдээллийг иргэддээ тухай бүр нь хүргэнэ

Categories
мэдээ нийгэм

Отроор яваа 10 сумын 32.4 мянган малд хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийнэ DNN.mn

Өмнөговь аймгийн засаг даргын захирамжаар Өвөрхангай, Дундговь аймгаас отроор яваа 10 сумын 32.4 мянган малд хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлуужуулалтын ажлыг эхлүүлээд байна.

Дархлаажуулалтанд шаардлагатай шатахуун, халдвар хамгаалалын хувцас, зүү тариур зэрэгт 20 харуй сая төгрөгийн зардлыг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлэлээ.

Манлай болон Цөгтцэций сумын зорилтот бүлгийн 3 өрхийн 7 хүнд эмнэлгийн анхан шатны болон урьдчилсан сэргийлэх үзлэгийг үзүүллээ.

Эх сурвалж: Мал Эмнэлгийн Ерөнхий Газар

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Орон нутагт суралцдаг оюутнууд “Оюутан цэрэг”-т цахимаар бүртгүүлэх боломжтой DNN.mn

Орон нутгийн их, дээд сургуулийн бакалаврын түвшний оюутнуудыг “Оюутан цэрэг” хөтөлбөрт цахимаар бүртгүүлэх боломжтой болжээ.

Энэ талаарБатлан Хамгаалах Яамны СБТГ-ын Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа С.Рагчаадоржтой ярилцлаа.


– Энэ удаагийн “Оюутан цэрэг” сургалтын бүртгэл хэзээнээс хэрхэн явагдах вэ?

-“Оюутан цэрэг” сургалтад хамрагдах хүсэлтэй залуусыг эхний ээлжид цахимаар бүртгэнэ. Сүүлийн хоёр жилд төрийн үйлчилгээний “E-Mongolia”-аар дамжуулж цахимаар бүртгэсэн.

Энэ жилийн бүртгэл гуравдугаар сарын 1-11-ний 09:00-17:00 цагийн хооронд явагдана. Өмнөх жилүүдэд зөвхөн нийслэл дэх, дээд сургуулийн оюутнуудыг цахимаар бүртгэдэг байсан.

Энэ удаад орон нутагт үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулиудын бакалаврын түвшний оюутнуудыг цахимаар бүртгэхээр болсон.

– Оюутнуудад тавигдах шаардлагад өөрчлөлт орсон эсэх талаар мэдээлэл өгөхгүй юу?

– Шаардлагын тухайд өнгөрсөн жилүүдийнхтэй адил гэж хэлж болно. Сурлагын голч дүн 2.8-аас дээш, 18 нас хүрсэн, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан байх ёстой.

Харин коллеж болон МСҮТ-үүдэд суралцагсад заавал аймаг, дүүргийнхээ ЗДТГ-ын Цэргийн штабт очиж, бүртгүүлэх юм. Оюутнуудын дүн бусад шалгуурын талаарх мэдээлэл БШУЯ-ны Боловсрол, мэдээллийн төвөөс “E-Mongolia”-д өгөгдсөн байгаа.

БХЯ-наас тогтоосон хяналтын тоондоо тулгуурлаж бүртгэл явагдана. Шаардлага хангаж, бүртгэгдсэн оюутнуудыг эрүүл мэнд, биеийн тамирын шалгаруулалтад оруулна. Шалгаруулалтад тэнцсэн оюутнууд онолын бэлтгэл сургалтад хамрагдаж, нийтдээ 98 цагийн буюу дөрвөн кредит бүхий хууль эрх зүй, цэргийн тактик, тусгай бэлтгэл гэсэн хичээлүүдийг судална.

Хичээл бүрийн шүүлэгт 60-аас дээш оноо авсан оюутнууд эрүүл мэндийн хяналтын үзлэгт хамрагдсанаар зургаадугаар сарын 15-наас хээрийн сургалтын бэлтгэлд гарах боломж бүрдэнэ.

– “Оюутан цэрэг” сургалтад хамрагдах хүсэлтэй залуусын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Энэ жил хэдэн оюутан хамрагдах боломжтой вэ?

– Анх 2014 оноос хэрэгжиж эхэлсэн энэхүү сургалтад өнгөрсөн хугацаанд хот, хөдөөгийн их, дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн 7,000 гаруй оюутан, суралцагчийг хамруулж, цэргийн мэргэжил олгон I зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгээд байна.

Өнгөрсөн жил Засгийн газрын тогтоолоор “Оюутан цэрэг” сургалтад 1,500 оюутан хамруулсан. Энэ жилийн тухай нийслэл Улаанбаатар хот болон 18 аймагт суралцаж байгаа оюутнуудыг хамруулахаар болсон.

Нийт дүнгээрээ 1,000 гаруй оюутан хамрагдах боломжтой. Сургалтыг ҮБХИС, Зэвсэгт хүчний 119 болон хөдөөгийн цэргийн ангиудын материаллаг баазыг түшиглэн зохион байгуулна.

 

Эх сурвалж: Батлан Хамгаалах Яам

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ОБЕГ: Цас нэмж орсноор зудын нөхцөл байдал улам хүндрэх эрсдэлтэй байна DNN.mn

Зудын нөхцөл байдлыг энэ сарын 20-ны байдлаар шинэчлэн гаргасан байна. Энэ мэдээгээр 13 аймгийн 58 суманд төмөр болон мөсөн зудын нөхцөл үүсчээ. Хэдхэн хоногийн өмнө зургаан аймгийн 23 суманд төмөр зудтай байсан ч богино хугацаанд эрчимтэйгээр нэмэгджээ.

Мөн 17 аймгийн 137 сум цагаан зудтай, 18 аймгийн 69 сум, нийслэлийн хоёр дүүрэг зудархуу төлөвд шилжжээ.

Цаг агаарын хувьд, өнөөдөртөө тогтуун байх бол маргааш буюу хоёрдугаар сарын 24-нд нутгийн зүүн хэсэгт хүйтний эрч бага зэрэг чангарна.

Хоёрдугаар сарын 25-наас баруун аймгуудаар цас орж эхэлж, 27-ны өдрөөс зүүн болон говийн аймгуудаар цас орж, салхины хүч илүү их нэмэгдэх төлөвтэй байна.

Тиймээс энэ үеэр хол замд, тэр дундаа зүүн аймгуудад зорчих төлөвлөгөөтэй байгаа бол мэргэжлийн байгууллагын зөвлөгөө мэдээллийг сайтар сонсож шаардлагагүй тохиолдолд замд гарахаа түр азнахыг зөвлөж байна.

Ер нь энэ сарыг дуустал цас орж, хүйтрэх бөгөөд хоёрдугаар сарын 28-29-нд баруун аймгуудаар дахин цас орно.

Иймээс зудын нөхцөл байдал улам хүндэрч болзошгүй гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төмөр замаар 45.5 сая тонн ачаа тээвэрлэнэ DNN.mn

Монгол Улсын төмөр замын сүлжээгээр энэ онд 45.5 сая тонн ачаа тээвэрлэх зорилт дэвшүүлээд байна.

Үүнээс Монголын төмөр зам ТӨХК 3.5 сая.тонн ачааг тээвэрлэхээр төлөвлөжээ. ”Монголын төмөр зам” ТӨХК Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар сайжруулсан түлшний түүхий эд буюу мидлинг, экспортын нүүрс, нефтийн бүтээгдэхүүн, төмрийн хүдэр зэрэг ачаа тээвэрлэж байгааг ЗТХЯ мэдээллээ.