Categories
мэдээ нийгэм цаг-үе

Иргэний шилжилт хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс хаана DNN.mn

Сонгуулийн тухай хуулийн дагуу санал авах өдрөөс 60 хоногийн өмнө иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоодог билээ.

Энэ жилийн сонгуулиар иргэний шилжилт хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 29-ний өдөр хааж, зургаадугаар сарын 29-ний өдөр нээх талаар Сонгуулийн Ерөнхий Хороо(СЕХ)-ноосноос мэдээллээ.

Хуулийн заалт: 

25.1.Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.

25.2.Энэ хуулийн 25.1-д заасан иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сэргээх тухай шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга гаргана.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн бүртгэлд хамрагдахдаа бүрдүүлэх бичиг, баримт DNN.mn

2024 оны цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 4-19-ний өдөр хүртэл Хорооны байранд үргэлжилнэ.

Бүртгэлд 18-50 насны цэргийн бэлтгэл үүрэгтэн эрэгтэйчүүд, 55 хүртэл насны бэлтгэл офицер, ахлагч, 60 хүртэл насны бэлтгэл ахлах офицер, 65 хүртэл насны бэлтгэл дээд офицерууд хамрагдана.

Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой. Цахим үйлчилгээний нэгдсэн “E-Mongolia” системээр цэргийн бүртгэл хийлгэсэн тохиолдолд цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэх шаардлагагүй юм.

Цэргийн бүртгэлд хамрагдахаар ирэхдээ дараах бичиг, баримттай ирнэ. Үүнд:
1. Иргэний үнэмлэх,
2. Цэргийн үүрэгтний үнэмлэх (Бэлтгэл офицер, ахлагчийн үнэмлэх)-тэй ирж тэмдэглэл хийлгэнэ.
Цэргийн үүрэгтний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн болон шинээр 18 нас хүрсэн иргэд:
1. 3х4 хэмжээний цээж зураг 2 хувь,
2. Иргэний цахим үнэмлэх
3. Ажлын газрын болон оюутны үнэмлэхтэй ирнэ.

Цэргийн бүртгэлийг ажлын өдрүүдэд 08:00-18:00, амралтын өдөр 09:00-16:00 цагийн хооронд хийж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна DNN.mn

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.

Мөн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулъя. Энэ сарын 05-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 07-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 08-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгууудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 05, 06-нд говь, тал, хээрийн нутгаар, 07-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 08-нд Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 05-нд ихэнх нутгаар, 06-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33…-38 градус, өдөртөө -23…-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -17…-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө -10…-15 градус, өдөртөө 0…-5 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -5…-10 градус, бусад нутгаар шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -12…-17 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Өнөрцэцэгийн дүү Н.Амгаланбаяр: Эгчийг маань өмгөөлөгчгүй шүүх хуралд оруулж зохиомлоор яллах вий гэхээс айж байна DNN.mn

Зариг.мн мэдээллийн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хориод 30 хоногийн хугацаа өнгөрлөө. Түүний цагдан хориог үргэлжлүүлэх эсэх шүүх хурал өчигдөр буюу нэгдүгээр сарын 4-нд болох байв. Гэвч өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-нд өмгөөлөгчгүйгээр шүүх хурал болж, цагдан хорих хугацааг дахин 30 хоногоор сунгасан юм. Энэ талаар Н.Өнөрцэцэгийн дүү Н.Амгаланбаяртай ярилцлаа.


-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хорих хугацаа өнөөдөр (өчигдөр) дуусах байв. Шүүх хурал өнөөдөр болж, үргэлжлүүлж хорих эсэхийг шийдэх байлаа. Гэтэл урьдчилж хэлэлцээд хорих хугацааг сунгачихсан. Хамгийн ноцтой нь өмгөөлөгчгүй шүүх хурал болсон гэгдэж байгаа. Энэ талаар ар гэрийн хүмүүс та бүхэнд ямар мэдээлэл байна вэ?

-Бид ч яг л энэ асуудал дээр маш их эргэлзэж байна. Мэдээж хуулийн чиглэлийн хүмүүс биш учраас нарийн ширийн зүйлийг тодорхой мэдэхгүй юм. Эгчийг маань цагдан хориог цуцлах эсэх шүүх хурал өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27, 28-нд болсон. Нэг ёсондоо цаашид дахин хорих эсэхийг шийдэх шүүх хурал хугацаанаасаа өмнө болсон гэсэн үг. 27-нд хоёр өмгөөлөгчтэйгөө ороод, 28-нд өмгөөлөгчдөөсөө татгалзаад цааш нь нэг сар хорих шийдвэр гаргачихсан байгаа юм.

Ингээд 2024 оны нэгдүгээр сарын 3-нд 14:30 цагт да хин шүүх хурал товлогдсон. Шүүхээс Н.Өнөрцэцэгийг хоёр өмгөөлөгчөөс татгалзсан гээд шүүх рүү оруулахгүйгээр дахиад хойшлуулчихсан. Өнөөдөр /өчигдөр/ дахиад шүүх хурал болно гэсэн. Цагаа товлоогүй байна. Өмгөөлөгчгүй шүүх хурал дахин зохион байгуулах гээд байх шиг байна. Үүн дээр маш их хардаж байна. Аливаа хэрэг өмгөөлөгчтэй байж мэдүүлэг өгч, үнэн зөвөө тогтоодог ёс дүрэмтэй биз дээ. Монгол Улсын ямар ч иргэн хүн ийм эрхтэй. Өмгөөлөгчөөс татгалзаж байгаа үйл явдлыг би их гайхаж байна. Бидний хардаж байгаа гол зүйл бол эгчийг маань хорих хугацааг цааш нь сунгаж, ял өгч гүтгэгдчих вий гэж ар гэрийн зүгээс их айж байна. Анх баривчлагдах үед нь бид нэг сар болоод гараад ирнэ дээ, энэ хугацаанд шалгагдаад түүний дараа суллагдах байх гэж бодож байсан. Одоо бол манай эгчийг яллах гээд улайраад байна. Манай гэр бүлийн зүгээс ямар нэгэн хэрэг тохчих ч юм уу гэсэн эргэлзээтэй байна.

-Тэгвэл одоо Н.Өнөрцэцэг өмгөөлөгчөөсөө татгалзсан уу, өмгөөлөгчтэй байна уу. Түүнд хэн хууль зүйн зөвлөгөө өгч байна вэ?

-Би эгчийг өмгөөлөгчөөсөө татгалзсан гэж сонсоогүй. Өмгөөлөгчдөөс нь ч сонсоогүй. Өмгөөлөгч нь ч тийм зүйл яриагүй. Шүүгчид л тэгж яриад байгаа. Өмгөөлөгч П.Эрхэмбаяр эгчид маань хууль зүйн туслалцаа үзүүлээд хэвийн явж байгаа. Биднээс болсон процессыг тогтмол асууж байгаа. Шүүх болохоор хоёр өмгөөлөгчөөс нь татгалзаад шүүх хуралд оруулахгүй байгаа гэж ойлгосон.

Сүүлд та хэзээ эгчтэйгээ уулзав. Юу ярьж байх юм?

-Долоо хоногийн мягмар, лхагва гариг бүр ар гэрийхэн уулзах эрхтэй байдаг. Гэвч зөвшөөрлийн бичиг авахад нэлээд хүндрэл гарч байна. Дарга нь тамгаа дарж өгөхгүй байна гээд байцаагч нь даргадаа бурууг өгдөг. Тэгсээр байгаад өдрийн тал өнгөрч байж зөвшөөрдөг. Хотын түгжрэл дундаас гарсаар байтал ажлын цаг дуусчих гээд байдаг.

Ингээд уулзахаар эмэгтэй хүн болсон хойно уйлсаар л байх юм. Ээж аав ямар байна, хүүхдүүд яаж байна гэхээс өөр зүйл ярьж чаддаггүй.

Н.Нарванчин

Categories
мэдээ улс-төр

Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.01.04) нэгдсэн хуралдаан 10 цаг 22 минутад гишүүдийн 51.4 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр товлолоо.

Эхлээд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулав.

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос нэр дэвшүүлсэн Дагвадоржийн Дэлгэрсайхан, Төмөрбаатарын Сүхболд нар нь Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 15 дугаар тогтоолоор баталсан “Нэр дэвших тухай хүсэлт”-ийн загварын дагуу материалаа бүрдүүлж Байнгын хороонд ирүүлснийг Ж.Сүхбаатар гишүүн танилцуулав.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчидтэй хийсэн нэр дэвшигчийн сонсголыг Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн “4.2.Хорооны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно.”, “4.5.Хорооны гишүүний бүрэн эрх нь түүнийг томилсон тухай Улсын Их Хурлын шийдвэр гарснаар эхэлж, дараагийн гишүүн томилогдсоноор дуусгавар болно.” гэж заасны дагуу Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу нэр дэвшигчийн сонсгол явуулах үе шатыг баримталжээ.

2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасны дагуу “Нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай” Байнгын хорооны тогтоолыг баталж, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулахаар тов тогтоож, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатарыг томилсон юм.

2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 14.00 цагт Нийтийн сонсголын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэгт “Улсын Их Хурлаас зохион байгуулах … нэр дэвшигчийн, … сонсголд тухайн асуудал эрхэлсэн Байнгын, … хорооны гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь оролцох …” гэж заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь буюу Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Г.Занданшатар, Ц.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, Ж.Сүхбаатар, Д.Тогтохсүрэн, Н.Энхболд нар Байнгын хорооны сонсголд хүрэлцэн ирж, ирц бүрдэж, нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулсан.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 127 дугаар зүйлд “Сонсголд оролцсон гишүүд сонсгол явуулснаас хойш ажлын 2 өдрийн дотор хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайлан гаргана. Тайланд сонсголын дүнд үндэслэн тухайн нэр дэвшигч албан тушаалд шаардлага хангасан эсэх дүгнэлт, түүний үндэслэлийг тусгана. Тухайн тайланг ажлын 5 өдрийн дотор нэр дэвшигч, түүний санал болгосон этгээдэд хүргүүлж, Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулна.” гэж заасны дагуу 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр сонсголын тайланг дэмжсэнийг Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан байна.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос нэр дэвшүүлсэн Дагвадоржийн Дэлгэрсайхан, Төмөрбаатарын Сүхболд нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Ж.Сүхбаатар гишүүний танилцуулсан дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ц.Даваасүрэн, Г.Дамдинням, Д.Ганбат, Б.Пүрэвдорж, Ц.Туваан нар асуулт асууж, нэр дэвшигчид болон Сонгуулийн ерөнхий хорооны даргаас хариулт, мэдээлэл авав.

Сонгуулийн ерөнхий хороо нь есөн гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн хоёр нь орон тооны, долоо нь орон тооны бус байдаг. Тус хорооны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилох зохицуулалттай. Гэхдээ албан тушаалаараа Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилогдож байгаа тохиолдолд нэр дэвшигчийн сонсгол хийх шаардлагагүй гэдэг байр суурийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нар илэрхийлж, цаашид холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэг санал хэлэв. Түүнчлэн гишүүд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн явцад нийгмийн сүлжээний зүй бус нөлөөллөөс сэргийлэх шийдэл, төлөвлөгөөний талаар тодруулж байлаа. Манай улс нийгмийн сүлжээний хэрэглээгээрээ Азид тэргүүлдэг гэдгийг нэр дэвшигч Т.Сүхболд хэлээд “Цагдаагийн байгууллагын зүгээс цахим орчин, нийгмийн сүлжээн дэх хуурамч хаягуудыг илрүүлэх ажлыг тогтмол зохион байгуулж байна. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс 40 хүний бүрэлдэхүүнтэй байсныг 80 хүнтэй газар болгон өргөжүүлж, техник хэрэгсэл, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхээр олон ажлыг хийсэн. Гэсэн ч технологи өдөр тутам шинэчлэгдэж байгаа тул зэрэгцэж ажиллахын тулд бид техникээ шинэчлэх, сайжруулах шаардлагатай. Цахим орчин, нийгмийн сүлжээнд хуурамч хаяг нээж бусдад гэм хохирол учруулах, хуурамч мэдээлэл тараах гэх зэрэг гэмт хэргийн илрүүлэлт 2023 онд 50.3 хувиар нэмэгдсэн” гэв. Цаашид энэ чиглэлээр хяналт тавих, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах боломж бий гэдэг мэдээллийг тэрбээр өгөөд “Олон улс болон Монгол Улсын хууль тогтоомжид хүлээн зөвшөөрөгдсөн зориулалтын төхөөрөмжийг интернэтийн сүлжээнд тавих боломжтой. Манай байгууллагаас илрүүлсэн хуурамч хаягуудын жагсаалтыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлснээр тэдгээрийн Монгол Улс дахь үйл ажиллагааг бүрэн хаах боломжтой” гэв. Одоогийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд цагдаагийн байгууллагаас хуурамч хаягийг илрүүлж байгаа ч хаах, үйл ажиллагааг нь хязгаарлах ямар ч бололцоо байхгүй гэдгийг тэрбээр хэлж байлаа. Илрүүлсэн хуурамч хаягуудын жагсаалтаа Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлнэ, тус байгууллагаас тухайн сүлжээний үндсэн байгууллага руу нь хүсэлт илгээхэд 2-3 хоногийн дараа хариу өгнө, эсвэл 3 сар хариу өгөхгүй байх тохиолдол ч байдаг байна. Харин холбогдох шийдлүүдийг хэрэгжүүлснээр хуурамч гэдэг нь тогтоогдсон хаягийг 1-3 цагийн дотор хаах, хязгаарлах боломжтой гэв. Тиймээс үүнийг дотооддоо шийдвэрлэх эрх зүйн орчин, механизм, техникийн шийдлээ бүрдүүлэн ажиллах нь илүү үр дүнтэй хэмээн нэр дэвшигч Т.Сүхболд хуралдааны үеэр танилцуулж байсан.

Улсын Их Хурлын ээлжит сонгууль нь ард түмэн засаглах эрхээ хэрэгжүүлж, төр засгаа сонгон байгуулдаг чухал үйл явц, харин энэ үеэр AI буюу хиймэл оюуны технологид суурилан зорилготойгоор, хуурамчаар бүтээсэн дуу, дүрс, зураг, бичлэг гэх зэрэг хуурамч контентууд нөлөө үзүүлж, тодорхой үр дагавар үүсгэх эрсдэлтэйг гишүүд хэлж, үүнээс сэргийлэх, энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодруулж асууж байлаа. Цагдаагийн байгууллагаас цахим орчин, сошл сүлжээн дэх хуурамч байх магадлалтай дуу, дүрс, зураг, бичлэгтэй холбоотой гомдол, мэдээлэл ирсэн тохиолдолд тухайн контентод 30 секундээс 3 цагийн хугацаанд дүн шинжилгээ хийж, нягтлан шалгаж, шинжээчийн дүгнэлт гарган ажиллах бүрэн боломжтой гэдэг хариултыг нэр дэвшигч Т.Сүхболд өгсөн.

Ирэх сонгуульд нэр дэвшигчдийн тоо мянгаар тоологдох магадлалтай тул Сонгуулийн ерөнхий хороо нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн “Нэр дэвшүүлэх нийтлэг журам”-ыг нэр дэвшигч бүр дээр мөрдүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарахыг Ц.Даваасүрэн гишүүн хэлж байлаа.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль энэ сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлж буйтай холбоотойгоор хуулийг сурталчлах, хэрэгжүүлэх үүргийнхээ хүрээнд Сонгуулийн ерөнхий хорооноос хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлэл, арга зүйн туслалцаа үзүүлэх арга хэмжээ, одоо бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүдэд холбогдолтой мэдээлэл өгөх, арга зүйн туслалцаа үзүүлэх уулзалт зохион байгуулахаар төлөвлөөд байгаа талаар П.Дэлгэрнаран дарга гишүүдийн тодруулсны дагуу мэдээлэл өгсөн. Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хороо нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг шат дараатайгаар хийж, холбогдох талуудад арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэн ажиллах болно гэв.

Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат Улсын Их Хурлын ээлжит сонгууль шударга явагдах ёстой гэдгийг онцлон тэмдэглээд Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн зохион байгуулалтын бэлтгэл ажлын талаар тодруулж, Сонгуулийн ерөнхий хорооны дарга болон нэр дэвшигч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан нараас хариулт, мэдээлэл авсан. Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн зохион байгуулалтын бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байгаа гэх мэдээллийг П.Дэлгэрнаран дарга өгсөн. Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар 79 албан бичгээр 293 өргөдөл, гомдол ирсэн болохыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан хэллээ. Үүний дотор сонгогчийн бүртгэл мэдээлэл давхацсан гэх гомдол, мэдээлэл огт байгаагүй гэдгийг хэлсэн. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль энэ сарын 01-ний өдрөөс хэрэгжиж байгаа бөгөөд энэ хүрээнд сонгогч хаягийн бүртгэл дэх сонгогчийн жагсаалттай танилцах эрхтэй болсон. Улсын бүртгэлийн ерөнхий газрын burtgel.gov.mn хуудсаар шалгах боломж нээлттэй байгаа юм байна. Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хороонд бүртгэгдсэн нам, эвсэлд сонгогчдын нэрсийн жагсаалтыг хоёр удаа хүргүүлэхээр хуульчилсан, тус нэрсийн жагсаалтыг үйлдэх үйл явцыг нээлттэй болгосон гэдэг мэдээллийг тэрбээр гишүүдийн асуултад хариулах үеэрээ хэлж, энэ дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн.

Ийнхүү Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын эрх бүхий албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэх журам” гэсэн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу нууц санал хураалт явуулав. Дагвадоржийн Дэлгэрсайханыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулах саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 40 гишүүний 32 нь буюу 80 хувь нь, Төмөрбаатарын Сүхболдыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулах саналыг гишүүдийн 80 хувь нь дэмжсэн. Иймд Бямбажавын Ганбатыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх санал хураалтыг нууцаар явууллаа. Гишүүдийн 82.5 хувь нь дэмжлээ. Мөн Жамсранжавын Болдыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 82.5 хувь нь дэмжсэн юм. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх томилох, чөлөөлөх саналыг дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцох бөгөөд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг хуралдаанд танилцуулав.

Үргэлжлүүлэн тэрбээр Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн жил эхэлж байгааг дурдаад гишүүд чуулганы хуралдаандаа идэвхтэй оролцохыг санууллаа. Сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн талаарх хууль тогтоомжийн биелэлтийн асуудлыг дагнан хариуцаж санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх Сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг тус Дэд хорооны дарга Ж.Батсуурьт сануулсан юм. Түүнчлэн үеэр AI буюу хиймэл оюуны технологид суурилсан хуурамчаар бичлэг сонгуулийн дүнд нөлөө үзүүлсэн талаарх гадны жишээг дурдан, энэ төрлийн хуурамч контент нь сонгуулийн үр дүн төдийгүй улс төр, нийгэмд нүүрэлж буй хамгийн том эрсдэл, аюул болоод байгааг анхааруулж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгов.

Дараа нь Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа. Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар төслүүдийн анхын хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Байнгын хорооноос бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Ингээд Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

326 дугаар ангид амиа алдсан цэргийг “гадны нөлөөгүй нас барсан” гэж үзжээ DNN.mn

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан цэрэг амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 13-нд гарсан.

ЦЕГ-аас өгсөн мэдээллээр, 326-р ангид амиа алдсан цэргийн шүүх шинжилгээний дүгнэлт оны өмнө гарч, өнгөрсөн долоо хоногт ар гэрийнхэнд нь танилцуулсан.

Тэгвэл амиа алдсан цэргийн шүүх шинжилгээний дүгнэлт гарч, хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна. Задлан шинжилгээний хариу “гадны нөлөөгүй нас барсан” гэж гарчээ.

Хохирогчийн ар гэрийнхний зүгээс дүгнэлттэй танилцаж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр холбогдох байгууллагуудад хүсэлтээ гаргасан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн автомашинтай замын хөдөлгөөнд оролцоно DNN.mn

Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор 2024 оны нэгдүгээр сарын 31-нийг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Дугаарын хязгаарлалт ажлын өдрүүдэд 08.00-20.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд амралтын өдөр үйлчлэхгүй. Харин өнөөдөр сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд газар хөдөлжээ DNN.mn

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт урд шөнө газар хөдөлсөн тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Тус сумын төвөөс хойд зүгт 34 километрийн зайд шөнийн 02:51:19 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Баянхонгор аймаг нь газар хөдлөлтийн 7-8 баллын идэвхтэй бүсэд тооцогддог байна. Сонирхуулахад, Баянхонгор аймгийн Их Богдын нуруунд 1957 оны 12 дугаар сарын 4-нд 8.1 баллын хүчтэй газар хөдлөлт болж байсан түүхтэй. Үүний улмаас 300 км газарт хагарал үүссэн үл мөр нь одоо ч бий. Энэ нь Монгол оронд болсон газар хөдлөлтүүдийн хамгийн хүчтэйд тооцогддог.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тэтгэврийн хуульд орсон өөрчлөлтүүд DNN.mn

Нийгмийн даатгалын багц хуульд оруулсан өөрчлөлт 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлжээ.

Багц хуулийн өөрчлөлтөд тэтгэврийн тухай хууль багтсан байна. Тодруулбал өндөр настны тэтгэврийг жил бүрийн нэгдүгээр сарын 1-нээс нэмж байхаар хуульд тусгасан байна.

Түүнчлэн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн хүн өндөр насны тэтгэвэрт өөрийн сонголтоор гарч болох зохицуулалтыг тусгажээ.

Улсын хэмжээнд 492.4 мянган хүн өндөр насны тэтгэвэр авдаг бөгөөд дундаж тэтгэврийн хэмжээ 685.6 мянган төгрөг байна.

Тэтгэврийн тухай хуульд орсон өөрчлөлтүүд:

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Вакцинжуулалтын үр дүнд Монгол Улс 1.5 жилийн өмнө хилээ нээж байв DNN.mn

“Ковид-19” цар тахал дэлхий нийтийг нөмөрч, хүн төрөлхтөн айдаст автаж байсан хэцүү он жилүүд ард үлджээ. Одоогоос яг гурван жил гаруйн өмнө манай улс дотооддоо халдвар алдаж, дээр дооргүй сандралдан учраа олохгүй хатуу хөл хорионд орж байв. Монгол Улс 2020 оны арваннэгдүгээр сараас эхлэн нийт долоон удаагийн хөл хорионд 79 хоногийг өнгөрөөсөн. Ингэхдээ улаан, улбар шар буюу гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд байлаа. Хил, гааль нь хаалттай, сургууль, цэцэрлэгүүд нь цахимаар хичээллэж, худалдаа үйлчилгээний салбарууд цөм хаалгаа барьж, ард иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт доройтов. Цар тахлын дэгдэлт цаг, минутаар бүртгэгдэж, нас баралтын тоо улам нэмэгдсээр, улаан бүсэд ажиллах эмч мэргэжилтнүүд хүртэл халдвар авсан хар өдрүүд үргэлжилж байсан билээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газраас ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх, эдийн засгаа идэвхжүүлэх олон шат дараатай арга хэмжээ авсны хүчинд цар тахлыг амжилттай даван туулж чадсан.

Цар тахлын ард эрсдэл багатай гарч чадсан хамгийн том хүчин зүйл бол вакцинжуулалтыг онцолно. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ажлаа авснаас хойш нэг сар хүрэхгүйн хугацаанд ард түмнээ вакцинжуулж эхэлсэн санагдаж байна. Тэд тун богино хугацаанд олон улсын шилдэг туршлагад үндэслэсэн, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд тохирсон, шуурхай, шийдэмгий, шинэ бодлого дэвшүүлж амжилттай ажиллаж чадсан нь ард түмэнд итгэл өгч байлаа. Гэвч дайны хажуугаар дажин гэгчээр “вакцин бол хор” гэсэн үзэлтнүүд, ухуулагчид хаа сайгүй гарч ирэв.

Тэд “Вакцин хийлгээд үхээд байна” гэсэн сөрөг мессэжийг нийгэмд тарааж энэ ажлын эрчийг сулруулах гэж нөлөөлж байсан удаатай. Харин Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, төрийн түшээд иргэдийг вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж, өөрсдөө үлгэрлэж байв.

Ямар сайндаа эрдэмтдийн зөвлөлийнхөн өдөр бүр мэдээлэл хийх болгондоо “Ковид-19”-ийн эсрэг вакцин аюулгүй, амьд вирус агуулдаггүй учир ямар нэг өвчин үүсгэхгүй, хүний удмын мэдээлэлд нөлөөлөх ямар ч үндэслэлгүй. Вакцин бол нас баралтаас 92 хувь хамгаална” гэж сануулдаг байх вэ дээ.

Тухайн үед Монгол Улсын Засгийн газраас иргэдээ дархлаажуулах хангалттай вакцины нөөц бүрдүүлж чадсан. Дэлхий дахинд нэвтэрсэн хамгийн эрэлттэй, үр дүнтэй вакцинуудыг манай улс татан авч иргэдээ дөрвөн тун вакцинд хамруулсны үр дүнд бид энгийн амьдралдаа аажмаар шилжсэн билээ. 3.3 сая иргэнээ дөрвөн тун вакцинд хамруулна гэдэг бол амар ажил биш. Ингээд 2022 оны хоёрдугаар сарын 14 гэхэд нийт зорилтот хүн хамын 92 хувь нь вакцинд хамрагдсан дүнтэй байв. Энэ бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын нэг жил хүрэхгүй хугацаанд хийсэн маш том ажил. Энэхүү вакцинжуулалтын үр дүнд Монгол Улс цар тахлын улбар шар түвшнээс шар түвшинд шилжиж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцалж байлаа.

Ингэснээр монголчууд 1.5 жилийг товчилж чадсан юм. Бид гадаад ертөнцөд үүдээ нээж, олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй улс болсон билээ. Монгол Улсын цар тахлын эсрэг авсан арга хэмжээг олон улс өндрөөр үнэлж, харьцангуй хохирол багатай даван туулсан орноор нэрлэдэг нь. Энэ бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын өнгөрсөн гурван жилд хийсэн ажлуудын нэг том амжилт юм.

М.МӨНХ