Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨМЖ: Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлье DNN.mn

Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

-Хүйтэн, сэрүүний улиралд тохируулан дулаан хувцаслах, даарч хөрөхгүй байх

-Гэр сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөө тасалгаанд цаг тутамд 10-15 минут цэвэр агаар оруулж, өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх

-Илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс, жимс, жимсгэний шүүс хэрэглэх

-Гараа савандаж угааж хэвших

-Хүүхдийг цэвэр агаарт салхилуулах, хамрын хөндийг байнга цэвэрлэж байх

-Томуу томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийж хэвших

-Үзвэр, үйлчилгээ, олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх

-Ханиах найтаах үедээ ам, хамраа нусны алчуур, салфеткаар таглах, цэр нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх, амны хаалт зүүх

-Томуугийн эсрэг вакциныг ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтад хамрагдах, өрх, аймгийн эрүүл мэндийн газрын дархлаажуулалтын кабинетэд хандан тариулах зэргээр урьдчилан сэргийлээрэй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сарын 20-ноос үйлчлэх нийтийн тээврийн шинэ чиглэл DNN.mn

Нийтийн тээврийн чиглэлийн давхацлыг арилгаж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулна гэдгийг хотын дарга Х.Нямбаатар мэдээлж, автобуснуудын чиглэлийг өөрчилнө гэдгээ мэдэгдсэн. Хот дундуур сүлжэн явдаг байсан уртын чиглэлүүдийг өөрчилж, үндсэн уртын зургаан чиглэл, богино эргэлтийн 40 чиглэлийг үйлчилгээнд гаргахаар төлөвлөжээ. Улмаар энэ сарын 20-ноос зорчигчид шинэ чиглэлээр явж эхлэх юм.

Магистраль 6 чиглэл

  • Таван шар-Офицер

Нийт 75 автобус явна. Автобус хүлээх минут 2-3 минут байна.

  • Зунжин-Сүхбаатарын талбай /Талбайн урд талын машины зогсоол/

Зунжингаас Сүхбаатарын талбайн зүүн тал буюу Соёлын төв талдаа эцсийн зогсоол байна. Буцахдаа Сүхбаатарын талбайн баруун талаас хөдөлнө.

  • Нисэх-Сүхбаатарын талбай

Төв шуудангийн уулзвараар дайрах бөгөөд эцсийн зогсоол нь Сүхбаатарын талбай байна. Буцахдаа Сүхбаатарын талбайгаас Нисэх, Яармаг чиглэлд явна.

  • Шархад-Хорооллын эцэс
  • Ботаник-Хермес худалдааны төв

Ботаникаас гараад Дотоод хэргийн их сургуулиар зөрөөд Чулуун овоогоор тойрч Нарны замаар явж, Нарантуулаар зөрөөд Хермес хүрнэ. Буцаад энэ чиглэлээрээ явна.

  • Шинэ 100 айл-Монгол тэмүүлэл сургууль

Баянмонголын гудамж, Энхтайваны гүүр, ТЭЦ-3 гэсэн маршруттай байна.

Тойрог 8 чиглэл

Тойрог чиглэл нь нэг зогсоолоос нөгөө зогсоол ирэхдээ тойргоор явж ирэхийг хэлж байна. Гэхдээ зөвхөн нэг талаар нь тойрох бус хоёр талаар нь тойрох аж.

  • Гэмтлийн эмнэлэг-ТЭЦ 3 болон ТЭЦ 3-Бичил хороолол

Гэмтлийн эмнэлэг, Бичил хороолол, Баруун 4 зам, Цагаан хаалга, ТЭЦ 3 гэсэн маршруттай байна. ТЭЦ 3, Гурвалжингийн гүүр, Саппоро, Гэмтлийн эмнэлэг, Бичил хороолол гэсэн маршруттай байна.

  • Баруун 4 зам-Төмөр замын дээд сургууль болон Төмөр замын дээд сургууль-Баруун 4 зам

Баруун 4 зам, Гэсэр сүм, Баянбүрд, 100 айл, Сансрын тойрог, Зүүн 4 зам, Нарантуул, Нарны замаар яваад Вокзал, Төмөр замын дээд сургууль.

  • Дарь-Эх-Цагаандаваа болон Цагаандаваа-Дарь-Эх

Цагаандаваа, Цайз 16, Офицер, Зүүн 4 зам, Сансрын тойрог, 32-ын уулзвар, 17-ын уулзвар, Дарь эх.

  • Баянбүрд-Гэсэр сүм болон Гэсэр сүм-Баянбүрд

Баянбүрд, 32-ын тойрог, 100 айл, Сансрын тойрог, Туннел, Хөгжим бүжиг, ШУТИС, Хүнсний 1-Гэсэр сүм.

Гол чиглэлүүд нь дээрх 14 чиглэл байх бөгөөд эдгээр чиглэлээс бусад чиглэлүүд салбарлаад явах аж.

Categories
мэдээ улс-төр

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх талаарх санал хураалтыг хойшлууллаа DNN.mn

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2024.01.05) нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2023 оны зургадугаар сард өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд төсөл санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, уг хуулийн төслийг боловсуулсан Үндсэн хуулийн болон Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, бусад хууль, эрх зүйн үндэслэлийг дурдаад, гадаадын хөрөнгө оруулалтын өнөөгийн тулгамдсан асуудлын талаарх Засгийн газрын судалгааг танилцуулсан юм. Манай улсад 1990 оноос 2023 оны нэгдүгээр улирал хүртэлх хугацаанд гадаадын нийт 41,1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсний 73 хувь нь уул уурхайн олборлох салбарт, 11 хувь нь худалдаа үйлчилгээний, 16 хувь нь бусад салбарт оржээ. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалт төрөлжихгүй зөвхөн нэг салбарт харьцангуй ихээр төвлөрч, бусад салбарт орж ажиллах боломж нөхцөл хязгаарлагдмал байгааг харуулж байна хэмээн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулгадаа дурдав.

Хуулийн төслийг иргэд, олон нийт, хөрөнгө оруулагчдын дунд нээлттэй хэлэлцүүлж, олон улсын байгууллага, гадаад улсын Элчин сайдын яамд, мэргэжлийн холбоод, бизнесийн зөвлөл, танхимууд, төрийн байгууллага, гадаад, дотоодын 120 гаруй байгууллагын 250 орчим төлөөллөөс нийтдээ 700 орчим саналыг хүлээж авчээ.

Хуулийн төсөлд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад шаарддаг 100 000 ам.доллар, зарим салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтад тавьсан хязгаарлалтыг байхгүй болгож, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах зөвлөлийг байгуулж ажиллуулах, хөрөнгө оруулагчийн хөрөнгийг хууль бусаар дайчлан хураахгүй байх баталгааг төрөөс олгох зэрэг зохицуулалтыг тусгасан байна. Мөн хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын тоог тогтоох, эрх бүхий байгууллагын шийдвэрээр хөрөнгө оруулагчдад төрөөс нөхөн төлбөр олгох бол хохирлыг тухайн шийдвэрийг гаргаж хохироосон албан тушаалтнаар буцаан төлүүлэх, төрийн үйлчилгээг хялбаршуулж, нэг цонхны зарчмаар үзүүлэх, татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг зөвхөн Татварын хуулиар зохицуулах, шаардлага хангасан аж ахуйн нэгжийн хүсэлтэд үндэслэн татварын тогтворжуулалтын гэрчилгээг цахимаар шийдвэрлэдэг байх зэрэг зарчмын асуудлуудыг тусгажээ.

Хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх талаар Эдийн засгийн байнгын хорооны 2023 оны долдугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд танилцуулав. Байнгын хорооны хуралдааны үед Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам гадаадын хөрөнгө оруулагчдад олгох татварын болон татварын бус урамшуулал, газар ашиглах эрх, түүний хугацаа, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хохироосон үйлдлийг хянан шалгах ажиллагааны талаар, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, хөрөнгө оруулалттай холбоотой хэрэг, маргааны дагнасан шүүх байгуулах боломжийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг нар хөрөнгө оруулагчдын бүртгэл, зөвшөөрлийг хялбаршуулах, ноу хау бүхий гадаадын боловсон хүчинд хөнгөлөлт үзүүлэх, эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцод хуулийн төсөл нийцсэн эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл гадаадын хөрөнгө оруулалт буурсан шалтгааныг хэрхэн тодорхойлсон, хууль батлагдсанаар хэрхэн сайжрах талаар, Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд хөрөнгө оруулалтыг эдийн засагт үзүүлэх ач холбогдол, зах зээлд ойр байдлаар нь эрэмбэлэх, эсэх, мөн хөрөнгө оруулалт татахад сөргөөр нөлөөлдөг ханшийн эрсдэлийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг хөрөнгө оруулагчийн өмчийг хамгаалах, гомдол маргааныг шийдвэрлэх, шүүх болон данс битүүмжлэх эрх бүхий төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, хууль батлагдсанаар Монгол Улсын бизнесийн орчны эрэмбэ хэрхэн дээшилнэ гэж үзэж байгаа талаар тус тус асуулт асууж хариулт авчээ. Түүнчлэн, хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут олон улсын гэрээ конвенциор хүлээсэн үүрэг хариуцлагатай нийцүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдад газар ашиглуулах асуудлыг анхаарах, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл Монгол Улсын газар зүйн байршлын онцлог нь татварын хувь хэмжээнд сөргөөр нөлөөлдөг асуудлыг сайтар судалж хуулийн төсөлд тусгах, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг гадаад улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчийн газрын албан хаагчдыг хөрөнгө оруулалт татах чиглэлээр үүрэгжүүлэх, Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд хөрөнгө оруулалтыг эдийн засагт үзүүлэх ач холбогдол, зах зээлийн боломжоор, уул уурхайгаас бусад салбарт чиглэсэн байдлаар эрэмбэлэх, ханш тогтворжуулах арга хэмжээгээ тодорхойлж, гадаадын хөрөнгө оруулалтыг тэлэх замаар эдийн засгийг дэмжих нь зүйтэй гэсэн саналыг тус тус гаргасан байна.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад тавьсан 50 000 ам.долларын босгыг байхгүй болгосныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд, энэ нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэж үзэж байна гэлээ. Тэрбээр, хэн нэг нь хямдхан байшин худалдаж аваад Монголд байнга оршин суух эрхтэй болж болохгүй, хоёр том гүрний дунд оршин тогтнож буй Монгол Улс үндэсний дархлаагаа хэрхэвч алдах учиргүй гээд, ийм босгогүй нөхцөл тавьснаар хоёр хөршийн ядуучууд, дүрвэгчид орж ирнэ гэв. Түүнтэй ижил байр суурийг Улсын Их Хурлын гишүүн Б.Болорчулуун, Д.Сарангэрэл нар илэрхийлсэн. Үүнд Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хариулахдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин хаалттай байх нь хөгжлийг удаашруулна гээд, хөрөнгө оруулалтын босго бол зөвхөн том компаниудад үйлчилнэ, монголчуудын дийлэнх олонх нь өнөөдөр ядуу хэвээрээ байна, ард иргэдийнхээ амьдралыг бодож, тэдэнд бизнесээ хийх боломжийг олгох ёстой гэсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, аж үйлдвэржилтийн болон худалдааны бодлогоо тодорхой болгож, салбар тус бүрт хөрөнгө оруулалтын хамгаалалтын болон либералчла бодлогын алийг баримтлахаа шийдээд явах нь зөв гэсэн байр суурь илэрхийлэв. Тэрбээр, хөрөнгө оруулалтын бодлого бүхэлдээ уян хатан байж, тухайлбал, геополитикийн хүндрэл бэрхшээл тохиолдлоо гэхэд уян хатан маневрладаг байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлж, хөрөнгө оруулалтын гэрээ, түүний эрх зүйн чадамж, ач холбогдлыг дээшлүүлэхэд анхаарахыг зөвлөлөө. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар гадаадын хөрөнгө оруулагчдын илэрхийлээд байгаа сонирхол хэр байгаа, манай улсын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин цаашид хэр тогтвортой байх, эксдортыг дэмжихэд хөрөнгө оруулалтыг чиглүүлэх талаар хуулийн төсөлд ямар зохицуулалт орж байгааг асууж, дижитал бизнесийн чөлөөт бүс байгуулах, Монголын хамгийн том аж ахуйнууд Төрийн өмчийн компаниуд байгаа тохиолдолд гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх эсэх асуудлыг хөндөн, Дэлхийн худалдааны байгууллагын бодлогын талаар санууллаа. Хаана хөрөнгө оруулалтын таатай нөхцөл байна, тийшээ хөрөнгө урсаж, тэнд хөгжил явагдана хэмээн Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өгүүлээд, худалдааны асуудлыг олон янзын хууль дотор 1100 гаруй заалт, үг үсэг зохицуулж байгааг цэгцлэх шаардлагатай гэв.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Монгол Улс уул уурхайн нөөц баялаг ихтэй, хөгжиж байгаа зах зээл гэдгээрээ олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татдаг боловч дотоодын улс төржсөн, үндсэрхэг үзэлд тулгуурласан саад бэрхшээл их байна гээд, эдийн засгийг төрөлжүүлж, хөрөнгө оруулалтыг бүсчлэн, тодорхой салбараар дэмжих нь зүйтэй гэсэн юм. Олон нийтэд хөрөнгө оруулалтын талаар тодорхой, цэгцтэй мэдээлэл өгч, тэдний эрх ашгийг хамгаалах шаардлагатайг тэрбээр онцлоод, уул уурхайн бус салбаруудад хөрөнгө оруулалтыг дэмжих ямар зохицуулалт хуулийн төсөлд тусаж байгааг асуув. Шадар сайд Ч.Хүрэлбаатар энэ талаар санал нэг байгаагаа илэрхийлээд, хөрөнгө оруулагчдыг улс орноор нь ялгах боломжгүй, эрсдэлээ тооцоод хөрөнгө оруулалт хийх нь хаанахын хэнд ч нээлттэй байх ёстой гэсэн юм. Олон нийтийг соён гэгээрүүлэх талаар зөвхөн төр засаг гэлтгүй хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид ил тод ярих ёстой талаар тэрбээр хэллээ. Эдийн засаг хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Анар хуулийн төсөлд тусгагдсан Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах зөвлөлийн чиг үүрэг Захиргааны ерөнхий хуультай зөрчилдөхгүй талаар тайлбар өгч, хөрөнгө оруулалтын баталгаатай холбоотой олон улсын шаардлагад нийцүүлсэн заалтуудыг хуулийн төсөлд тусгасан гэв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, хууль батлагдсанаар ямар эрсдэл үүсэж болох талаар асууж, хөрөнгө оруулалтын эрх зүйн тогтворгүй байдлыг эцэс болгох шаардлагтайг хөндөж ярив. Мөн холбогдох бусад хуулиуд, тухайлбал Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай зэрэг хуультай хэрхэн нийцэж байгааг болон салбар хоорондын уялдааг хэрхэн зохицуулж байгаа талаар асууж хариулт авсан юм. Тэрбээр, хөрөнгө оруулалтыг хориглох салбарын талаар ямар нэгэн зүйл заалт төсөлд тусаагүй байгааг онцолж, гадаадын банк ороод ирлээ гэхэд ямар ч нөхцөл шаардлага тавигдахааргүй байгаа талаар болон хувьцаа, хөрөнгө, саналын эрхийн 25 буюу түүнээс хувийг худалдан авснаараа хөрөнгө оруулагч болно,  санхүүгийн нээлттэй зах зээлээс хувьцаа, бонд болон бусад санхүүгийн өгөөжийг хүртэж байх юм бол тодорхой хугацаанд хөрөнгө оруулагч болно, оюуны өмчийн эрхийг холбогдох хуульд заасны дагуу эдийн засгийн эргэлтэд оруулахад хөрөнгө оруулалт хийх боломжтой, хөрөнгө оруулалт хийх хэлбэр, хэмжээ, хөрөнгө оруулалт хийх газар, бүс нутаг зэргийг хараат бусаар сонгох, холбогдох шийдвэрийг бие даан гаргах эрх нь хөрөнгө оруулагчид байна гэсэн заалтуудын талаар тайлбар авав.

Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хэрэгжих боломж бүрдэнэ гэсэн хариултыг Эдийн засаг хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Анар өгч, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагч нарт ялгаатай байдлаар ханддаг зохицуулалтуудыг багасгасан болон хориглож, хязгаарлах нөхцөл, шаардлагуудыг салбарын хуулиудаар зохицуулсан тул энэ хуульд нэмж оруулах шаардлагагүй гэж Засгийн газар үзсэн талаар ярив. Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, банкны салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг оруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлээд, одоо хүчин төгөлдөр байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуульд газрын гадаадын хөрөнгө оруулагчид эзэмшүүлэх болон ашиглуулах боломжтой байгааг шинэчилсэн найруулгын төсөлд эзэмшүүлэхийг нь хасаж, зөвхөн ашиглуулахаар тусгасан гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр хуулийн төсөлд засах юм багагүй байгааг анхааруулж, гадаадын хөрөнгө оруулагчдад газар эзэмшүүлэхийг хорино гэсэн үг, өгүүлбэр төсөлд байхгүй байна гэв. Тэрбээр, Монгол Улс хаалттай улс биш гэдгийг онцлоод, бид цаашдаа гадаадын хөрөнгө оруулалтыг хийхдээ Монгол Улсын, Монголын ард түмний эрх ашгийг нэгдүгээрт тавьж, үр ашигтай хийх ёстой гэсэн байх сууриа Оюутолгой төслөөр жишээлэн ярив. Гадаадын хөрөнгө оруулалт дайжсаны шалтгааныг тэрбээр хуулийн төсөл санаачлагчдаас асууж, Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах асуудалд Засгийн газар ямар байр суурьтай байгааг тодруулав. Шадар сайд Ч.Хүрэлбаатар, хөрөнгө оруулагчид дайжсаны гол шалтгаан нь тэднийг луйварддаг, хөрөнгийг нь булаадаг явдал хэмээн танилцуулаад, тэдний гомдлыг шийддэг, энэ нь ил тод, нээлттэй явагддаг, маргаан таслах зөвлөлөөр хэлэлцдэг байхаар хуулийн төсөлд тусгаад байгааг ярьсан юм. Арилжааны банкнуудын хувьцааг олон нийтэд гаргах тухай асуудлаарх хуулийн хэрэгжилтийг үргэлжлүүлэх талаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг дээр ярилцаж шийдвэрлэх шаардлагатай гэж Засгийн газар үзэж байгааг тэрбээр хэлэхэд Улсын Их Хурлын гишүүний санаачилсан хуулийг бүлгээр ярьж байж оруулж ирдэг дэг байхгүйг Б.Баттөмөр гишүүн сануулав.

Махны экспортын нөхцөл байдлын талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж ярьж, гадаад худалдааны асуудалд тээг болж байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг цаг болсныг дурдав. Өнөөдрийн байдлаар, Монгол Улс, ОХУ хоорондын худалдааны 97 хувь нь ОХУ-ын экспорт, 3.0 хувь нь манай экспорт байгааг Шадар сайд Ч.Хүрэлбаатар танилцуулаад, худалдааны энэ тэнцвэргүй байдлыг засах нь зүйтэй гэсэн асуудлыг ОХУ-ын талд тавьснаар ажлууд эрчимтэй явагдаж байна гэлээ. БНХАУ-тай бас энэ төрлийн гэрээ, хэлцлүүдийг хийх ёстой гэж тэрбээр дурдаад, БНСУ, Япон Улстай явуулж байгаа яриа, хэлцлүүдийн талаар товч танилцуулав.

Засгийн газар удаан ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат шүүмжлээд, хөрөнгө оруулалтын босгыг байхгүй болгож байгааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд зогсонги болсон, бензин шатахууны үнэ нэмэгдсэн, шүүх байгууллагуудын үйл ажиллагаа удаашралтай, шударга бус байгаа, иргэд ядуурч, өвчилж байгааг дурдаад, ОХУ, БНХАУ-аас гадаадын хөрөнгө оруулалтууд дайжиж байгаа хэр нь Монгол Улсад орж ирж байгаа нь алга гээд, энэ талаар эрчимтэй ажиллах шаардлагатай байгааг Засгийн газарт сануулав.

Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, эдийн засгийнхаа тусгаар тогтнолд санаа зовж байгаа бол жинхэнэ утгаар нь нээлттэй болгох хэрэгтэй гээд, гадаадын хөрөнгө оруулагчид манай улсын эрсдэлтэй байдлаар шалтаглан манай компаниудаас илүү өндөр хувь авч манай аж ахуйн нэгжүүдийг хохироодгийг ярьж, энэ нь поп улс төрчид, үндсэрхэг үзэлтнүүдээс болдгийг тайлбарласан юм. Үүнийг Хөрөнгө оруулалтын хуулиар нэг тийш болгох ёстой гэж үзэж байгаагаа тэрбээр хэлээд, дахин дахин авдаг олон удаагийн зөвшөөрлүүд, тэр бүрд нэхдэг анхдагч бичиг баримтууд, төрийн үйлчилгээний хүнд суртал, аж ахуйн нэгжүүдэд учруулж байгаа хүндрэлүүдийг цэгцлэх шаардлагатай гэв.

Бизнесийн болон хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдал, хөрөнгө оруулагчийг хамгаалах талаар Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням мөн хөндөж, Канад, Австрали зэрэг том эдийн засагтай улс орнууд хүртэл хөрөнгө оруулалтын хойноос үхэн хатан гүйцгээж байна, учир нь гадаадын хөрөнгө оруулалт ажлын байрыг хямд эх үүсвэрээр бий болгодог, эрсдэлийг хуваадаг, бууруулдаг гээд, эдийн засагтаа 4-5 баганатай болж байж бид хүссэн гэрээгээ хийж чадна, түүнээс наана ийм боломж алга байна гэсэн юм. Мөн тэрбээр, гадаад ажиллах хүчний төлбөр хураамжийг чөлөөлөх тухай зохицуулалт хуулийн төсөлд туссаныг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир үндэсний үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчдыг хамгаалах асуудал хуулийн төсөлд хэрхэн туссаныг асууж, хариулт авав. Гадаадын том хөрөнгө оруулагч нартай үндэсний үйлдвэрлэгчид өрсөлдөх боломжгүй талаар тэрбээр дурдаад, бизнесийн түгшүүдийн харилцан итгэлцэл, ойлголцол, найдвартай байдлыг дээшлүүлэх чухал болохыг онцолсон юм. Хөрөнгө оруулагч нарын гомдлыг Засгийн газар улирал болгон авч хэлэлцдэг болсныг Шадар сайд Ч.Хүрэлбаатар дурдаж, анх найман гомдол ирж байсан бол одоо 69 болоод байгаа талаар танилцуулав. Иймд хөрөнгө оруулагдчын гомдлыг шийдвэрлэдэг механизмыг болох Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах зөвлөлийг хуулийн төсөлд оруулж, уг зөвлөл дээр гомдлыг хэлэлцээд, шийдэж чадахгүй болбол дараагийн шат руу буюу шүүх, арбитрт ханддаг байхаар заасан хэмээн Шадар сайд тайлбарлалаа. Монгол Улсад шүүхээр гомдлоо шийдвэрлүүлэх хугацаа дунджаар 3-4 жил байна хэмээн тэрбээр танилцуулж, 13 жил шүүхээр явсан тохиолдол гарсныг ярив.

Гадаадын хөрөнгө оруулалтад төрийн зохицуулалт залшгүй хэрэгтэй талаар Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар яриад, газрыг гадаадын хөрөнгө оруулагчдад 100 хүртэл жилээр ашиглуулах асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцүүлсэн эсэх талаар асууж, хариулт авав. Мөн тэрбээр, аль ч улс орны эдийн засгийн бодлого нь гадаадын хөрөнгө оруулалтаас шууд хамаарах биш, үндэсний үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанаас хамаардаг байх бодлого байдгийг дурдаад, хуулийн төсөлд тусгагдсан хөрөнгө оруулалтын татварын болон татварын бус урамшууллын талаарх заалтууд үндэсний бизнесүүдийн тэгш, шударга өрсөлдөх боломжийг хязгаарлахаар байна гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Газрыг 100 хүртэл жилээр ашиглуулах тухай заалт энэ хуульд 1993 онд орсныг шинэчилсэн найруулгын төсөлд хэвээр үлээсэн гэж Шадар сайд Ч.Хүрэлбаатар хариулж, хөрөнгө оруулагчдад олгох урамшууллууд чөлөөт өрсөлдөөн болон гадаад, дотоодын ажиллах хүчний харьцааны асуудлуудад харин ч эерэг нөлөөтэй дурдсан юм. Тэрбээр, эдгээр зохицуулалтыг бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн өөрсдийнх нь саналд тулгуурлан тусгасан хэмээлээ.

Ямар салбарт тэргүүн ээлжинд хөрөнгө оруулалт татах, ямар салбарт хязгаарлах вэ гэдгээ тодорхой болгож шийдвэрлэх шаардлагатай гэсэн байр суурийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал илэрхийлсэн юм. Үндэсний эрх ашиг гэдэг асуудлаас болж төслүүд үр ашиггүй болж байгаа нь эргээд хөрөнгө оруулалтуудад эргэлзэх эргэлзээ, болгоомжлолыг үүсгэж байна хэмээн тэрбээр дүгнээд, аливаа төсөл, хөрөнгө оруулалтууд бодитой хэрэгждэг, үр өгөөж өгдөг, эдийн засгийг тэлдэг байх ёстой, үүнтэй нь уялдуулж тогтворжуулалтын гэрчилгээ өгдөг байх ёстой гэлээ. Өөрөөр хэлбэл, урамшуулах, дэмжих механизмуудыг хавтгайруулах ёсгүй, үр өгөөжгүй, цаг хугацаа алдуулсан хөрөнгө оруулалтын төслүүдэд өгөх шаардлагагүй гэж үзэж байгаагаа тэрбээр хэлсэн юм. Мөн төрийн бодлого нэгдмэл цогц байх ёстойг онцлоод, бүсчилсэн хөгжлийн бодлоготой хөрөнгө оруулалтын бодлого уялдах нь зүйтэй гэсэн юм. Энэ талаар Эдийн засгийн хөгжлийн яам тодорхой ажлуудыг хийгээд байгаа талаар Шадар сайд Ч.Хүрэлбаатар хариулав.

Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, хуулийн хэрэгжилтэд анхаарах шаардлагатайг онцлоод, хөрш улсууд төдийгүй дэлхий нийтэд цар тахал, дайн, үнийн өсөлт зэрэг сөрөг хүчин зүйлсийн нөлөөгөөр манай улсад орж ирэх хөрөнгө оруулалтын гурван урсгалын хоёр нь хаалттай байгааг сануулж, бодит байдлыг харж, боломж бололцоогоо зөв тооцох шаардлагатайг тэмдэглэв. Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, гэмт хэргийн эрсдэлд өртөхөөс хамгаалсан орчинг бүрдүүлэх нь чухал болохыг онцолсон бол Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен гадаадын хөрөнгө оруулагч гэж хэнийг хэлэх талаар тодорхой болгох, холбогдох заалтууд үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх эсэх, энэ талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй зөвшилцсөн эсэхийг тодруулж, газрын тос, мал аж ахуйн түүхий эд боловсруулах болон эмнэлэг, эрүүл мэнд, хүнс үйлдвэрлэх, аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтыг талаар тухайн салбарын яамд, сайд нараас ямар санал өгсөн тухай асууж, хариулт авлаа.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж үг хэлэв. Тэрбээр, Монгол Улсаас гадаад орнуудад суугаа Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газруудын дипломатчдын ажлыг тухайн сууж буй улсаасаа хэр хэмжээний хөрөнгө оруулалт татсанаар үнэлж дүгнэдэг байх тухай санал дэвшүүлж, хуулийн хэрэгжилтэд онцгой анхаарах, үүний тулд хуулийг хэрэгжүүлэх хүний нөөцийг бэлдэх шаардлагатай гэлээ. Уул уурхайгаас бусад салбарт бодит хөрөнгө оруулалт бараг байхгүй, уул уурхайн компаниудын ихэнх нь төрийн өмчийнх тул төр өөрөө дүрмээ тогтоогоод, бизнесээ хийгээд явж байгаа өнөөдрийн нөхцөлд гадаадын хөрөнгө оруулагч орж ирнэ гэдэг ихээхэн эргэлзээтэй хэмээн тэрбээр өгүүлээд, дүрэм тогтоогч нь өөрөө өрсөлдөөнд оролцохгүй байх нь хөрөнгө оруулалтын оринд ихээхэн чухал гэдгийг онцлон хэлэв.

Хуралдаан даргалагч тухайн асуудлаар санал хураалт явуулах цагийг тухай бүрд нь урьдчилан зарлаж болно гэсэн хуулийн зохицуулалтыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар сануулаад, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл бол улс орны эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдолтой тул нухацтай хандаж, хэлэлцүүлгийн шатанд сайжруулах, давхардал хийдлийг арилгах шаардлагатай гэлээ. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүд өөрсдөө санал зөрөлдөж, улмаар унагах, гацаах явдал гарах болсон нь асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл учруулж байгааг Улсын Их Хурлын дарга анхааруулаад, хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаарх санал хураалтыг хойшлуулав. Төслийг иргэд, олон нийт болон бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдаар хэлэлцүүлж, тал бүрийн саналыг тусгаж ажиллахыг холбогдох байнгын хороонд үүрэг болголоо.

Дараа нь Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар батлагдсан хууль тогтоомжийн эцсийн найруулгыг уншиж сонсголоо. Гэрийн тэжээвэр амьтны тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонссоноор Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нэг өдөрт хоёр айлын нийт 11 хүн угаартжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад энэ сарын 4-ний 05:00 цагийн орчимд “Баянзүрх дүүргийн гуравдугаар хороо Дарь-Эхэд байрлах гэртээ долоон хүн угаартсан байна” гэх мэдээлэл иржээ.
Энэ дагуу шалгахад 19-44 насны таван хүн, нэг болон найман настай хоёр охин угаартсан байсныг урьдчилсан байдлаар тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Мөн өдрийн 06:00 цагийн үед “Баянзүрх дүүргийн есдүгээр хороо Шар хадны дугаар тоотод байрлах гэртээ угаартсан” гэх мэдээлэл ирүүлснийг шалгахад 20-28 насны гурван хүн, дөрвөн настай охин хүүхэд угаартсан байв.

Одоогоор хохирогчдын биеийн байдал хэвийн, эмнэлгийн байгууллагад эмчилгээ хийлгэжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Оюутнууд 2024 он дуустал нийтийн тээврээр үнэгүй зорчино DNN.mn

Оюутнуудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулах боломжгүй болсныг мэдээлж байв. Уг асуудлаар Нийтийн Тээврийн Газраас мэдээлэл өглөө.

Нийслэлийн Нийтийн Тээврийн Газрын дарга Д.Отгонжаргал “Оюутнуудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй үнээр зорчуулах зохицуулалтыг 2024 оныг дуустал хэвээр үргэлжлүүлэхээр болж байна. Энэ оны төсөвт оюутнуудын нийтийн тээврийн унааны нөхөн олгох зардлыг хоёр дахин нэмэгдүүлж, 12.3 тэрбум төгрөг болгон баталсан тогтоолыг үндэслэлээ. Ажлын өдөр оюутнууд нийтийн тээврээр нэг удаа үнэгүй зорчиж байгааг хоёр удаа болгож байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

2023 оны IV улирлын НӨАТ-ын баримтыг энэ сарын 8-ны дотор бүртгүүлээрэй DNN.mn

НӨАТ-ын 2023 оны IV улирлын төлбөрийн баримтыг 2024 оны нэгдүгээр сарын 8-ны 23:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий Газраас зөвлөж байна.

Тухайн оны дөрөвдүгээр улирлын буцаалтыг дараа оны нэгдүгээр сард багтаан олгох журамтай байдаг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг буулгаж эхэллээ DNN.mn

Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг нураахаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 2023 оны арваннэгдүгээр сарын 3-нд мэдэгдсэн.

Улмаар барилгыг нурааж цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар иргэдээс санал авахад 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн юм. Тэгвэл тус барилгыг нураах ажил өчигдрөөс эхэллээ.

Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү холбогдох албаныхны хамт газар дээр нь ажилласан юм.

Энэ үеэр тэрбээр “Иргэд, аж ахуйн нэгжтэй ярилцсанаар барилгыг бүрэн чөлөөлж байна. Чөлөөлж дуусангуут нурааж эхэлнэ. Өнөөдөр А корпусыг буулгана. Урт цагаанд олон аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг ч гэрээ хийсэн 24 аж ахуйн нэгж, зургаан иргэн байдаг. Эдгээр нь хамгийн бага үнээр нийслэлтэй гэрээлж, цааш нь түрээслэдэг байсан. 2020 онд Нийслэлийн Засаг даргын “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай захирамж гарснаас хойш эдгээр иргэн, аж ахуйн нэгжтэй түрээсийн гэрээ байгуулаагүй ч үйл ажиллагаагаа явуулсаар байсан. Нийт зургаан удаа албан мэдэгдэл өгсөн.

Хүйтний улиралд барилгыг буулгаж, дулааны улирал эхлэнгүүт цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Зураг төсөл боловсруулж байгаа. Ямар нэгэн байдлаар барилга барихгүй” гэлээ.

Мэргэжлийн байгууллагуудын зүгээс Урт цагааны барилгыг болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол гарсан үед иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд ихээхэн хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй гэж үзэн, 2011-2019 оны хооронд найман удаагийн дүгнэлт гаргасан байдаг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар амьтны хүрээлэн өнөөдрөөс ажиллаж эхэллээ DNN.mn

Улаанбаатар амьтны хүрээлэн өнөөдрөөс үйл ажиллагаагаа дахин явуулж эхлэхээр болжээ.

Тус хүрээлэнгээс мэдээлснээр Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн буюу хүүхдийн парк дээр жилийн дөрвөн улирал ажиллахаар болсон байна.

Тодруулбал 2024 оны нэгдүгээр сарын 6-наас өдөр бүр 11:00-20:00 цагийн хооронд ажиллана.

Тасалбарын үнийн хувьд 8,000 төгрөг байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Д.Өлзий-Орших: Цаг нь болохоор гитараа орхиод тайзнаас чимээгүй холдоно DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…

Гитарчин, ая зо­хиогч Д.Өлзий-Орших буюу Өөжгийтэй ярилц­­лаа. Тэрээр ирэх сарын 1, 2-нд “Best of Өөжгий”  тоглолтоо хийх гэж байгаа юм. Ингээд түүний ярицла­гыг хүргэе.


-Тоглолт болоход хэд­хэн хоног үлдлээ. Бэлтгэл хангагдчихсан уу?

-Хамтлаг, дуучидтай­гаа бэлтгэл хийгээд зав­гүй л байна. Хамаг сэтгэл санаа зөвхөн тоглолт руу явчихсан. Долоо хоно­гийн даваа гаригаас эх­лээд хамтлаг, дуучидтай­гаа хуваарь гаргачихсан үзээд л байна. Мэдээж энэ тоглолт маань миний мөрөөдлийн нэг хэсэг учраас их ач холбогдол өгч, багагүй сандарч байна.

-Таны тоглолтод хич­нээн уран бүтээл­чид оролцох вэ. Зөвхөн  тоглолтод зориулж нэ­лээд хэдэн шинэ уран бүтээл хийж байгаа гэж сонссон?

-Өөрийг тань ирэхээс өмнө поп дива, МУГЖ Ж.Алтанцэцэгийн шинэ дуун дээр ажиллаж бай­лаа. Поп дивагийн маань шинэ цомогт багтах, мөн миний тоглолт дээр дуу­лагдах дуу юм. Хэд хэдэн хуучны сайхан дууг гитар дээр хөрвүүлж тоглоно. Ер нь “Best of Өөжгий” тоглолт манай рок, попын сор болсон олон сайхан уран бүтээлчид оролцо­но.

-Таныг номер нэг ги­тар­­чин гэдэг. Тэгэхээр рок попын “акул”-даа орох байх. Ер нь “акул” гэгддэг уран бүтээлч­дийн тоглолт хэр зард­лаар босдог юм бэ. Таныг тоглолтоо хий­хийн тулд байраа барь­цаалсан гэсэн яриа бай­на лээ?

-Ёстой тийм юм байх­гүй шүү. Би тэгж барьцаа­лаад байх хөрөнгөтэй ч хүн биш. Яахав Монгол­доо нэр хүндтэй гэгддэг  хамтлаг, дуучдын тоглолт хамгийн ихдээ 50 сая төг­рөгт босдог гэдэг л юм. Миний хувьд 1990 оноос хойш Монголын рок попын ихэнх уран бүтээл­чидтэй хамтарч ажилла­сан. Тиймээс энэ урла­гийн олон сайхан нөх­дийнхөө буянаар болчих байх.

Миний хувьд өөртөө тийм үнэлгээ өгөх утгагүй. Харин би хамгийн шил­дэг гитарчин гэвэл  гитар­чин Дэмчигдоржийн Гал­сан­бат гэж хэлж чадна. Харамсалтай өнөөдөр энэ эрхэм бидний дунд амьд сэрүүн байхгүй хэдий ч ард түмэн надтай санал нийлэх байх. Да­раа нь “Харанга” хамт­лагийн гитарчин Ц.Энхман­лай байна.

-“Соёмбо” хамтла­гаас анх гараагаа эхэлж байсан байх аа. Та чинь “Никитон”, “Харанга” гээд жинхэнэ амьд хөгж­мийн анхдагчууд­тай нэг тайзан дээр гарч явсан хүн шүү дээ?

-Үнэхээр л өнгөрсөн 20 жилийн хугацаанд Мон­голын рок попын амьд домгуудтай хамт нэгэн тайз­наа тоглож, рок попын ертөнцөд амьдра­лаа холбосон. Учрах ёс­той хүмүүс учирч, уулзах ёстой хүмүүс уулзана гэдэг шиг Өөжгий гитар­тай учрах ёстой болоод л өнөөг хүртэл гитараас салаагүй байх. Уг нь би гитарчин болно гэж бод­дог­гүй байсан. Арван жилээ 24 дүгээр сур­гуульд дүүргэсэн юм. Зур­га­­ду­гаар анги төгстөлөө хичээлдээ бусдаасаа та­сар­хай онц сурдаг бай­лаа. Гэхдээ тооны хи­чээлд тийм ч дуртай бай­гаагүй. Геометрийн хи­чээлд нөхцөлгүй дуртай. Бас уран зохиол түүхийн хичээлд сонир­холтой. Ямар сайндаа ээж на­майг МУИС-ийн түүх юм уу,  хуулийн ангид ор гээд конкурстсан чинь үсэр­чих­сэн. Тэр үед чинь хэр­вээ элсэлтийн шалгалтад уна­сан л бол дараа жи­лийн шалгал­тыг хүлээ­хээс өөр аргагүй. Тэгээд л энэ хугацаанд хийх юм олдохгүй “Соёмбо” хамт­лагт гитарчинаар ороод л юун сурах манатай, өн­гөр­­сөн. “Соёл-Эрдэнэ” хамтлагийн гитарчин Д.Гал­­санбат надад гита­рыг мэргэжлийн түвшинд яаж сура­х­ыг зааж өгсөн. Гитараа бариад л “Ха­ранга”, “Соёл-Эрдэнэ”, “Өргөө”, “Никитон”, “Хурд” зэрэг хамтлагууд хаана л явна би тэнд л явна. Тийм л хоббитой байлаа ш дээ. -Эцэг, эхээ танилцуулахгүй юу. Гитарчин Өөжгий л гэхээс аав, ээжийг тань тэр болгон мэдэхгүй юм байна?

-Миний аав насаараа цэргийн байгууллагад ажилласан. Аав маань бурхан болоод нэлээд хэдэн жил болж байна. Харин ээж худал­дааны байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Одоо миний хүүг өсгөж байгаа буянтай хүн бий. Би хүү, охин хоёртой. Эхнэр маань бүжигчин бүсгүй.

-Тэр үед гитар моодонд ороод яалт ч үгүй гитарчин болов уу. Өөр хүчин үйл нөлөөлсөн үү?

-Угаасаа ганц тоглодог нь гитар. Намайг арван жилийн сурагч бай­хад гитаргүй, хамтлаггүй орц гэж байхгүй. Манайх 40 мянгатын байранд амьдардаг байсан юм. Болсон болоогүй бүгд л банзан гитар балбана. Би тэдний л нэг. Гитар бол хамгийн амархан хөг­жим. Гитар тоглолоо гээд хажуу айл хана нүдэхгүй, хаана ч аваад явахад авсаархан.

-Яагаад заавал орцонд гитар тоглодог байсан юм?

-Орцонд орон зай ихтэй. Гитар тоглоод дуулахад цуурайтаад  их гоё сонсогддог байсан байхгүй юу.  Галсанбат, Энхманлай, Батчулуун ах нарыг чинь жинхэнэ  шүтнэ. Тэдний дууг дуулна. Дуурайж хувцаслана шүү дээ.

-Хаянхярваа гуайд зэмлүү­лээд тайзнаас хөөгдөж байсан гэдэг юм билээ. Тэр хэдэн онд юм бэ. Тухайн юу болсон юм?

-1984 онд “Солонго” хамтлагт байхад Батболд багш бидэнд хамтлаг чухам ямар байх ёстойг их зааж, зөвлөгөө өгдөг байсан. 1987 онд байх аа нийслэлийн аварга хамт­лаг шалгаруудах тэмцээн болсон юм.  Тэмцээн болохыг сонсоод хөгжим сонирхдог гэсэн баахан хүүхдүүд нийлээд хамтлаг бай­гуул­лаад авлаа. “Номин” хамтлагийн дуучин Раваа агсан бөмбөрчнөөр, дуучин нь “Элькондор”-ын Цогоо, манай Томоо гээд найз, би басс гитарчин гээд бараг долоо, наймуу­лаа хөлбөмбөгийн баг аятай  хамт­лаг байгуулаад өнөөх тэмцээнд орчихсон. Тухайн үед  тайзан дээр “The Beatles” хамтлагийн “Let it be” гээд дуулсан. Дараа нь “Сэтгэмж” гэж дуугаа дууллаа. Тэгсэн шүүг­чээр сууж байсан Хаянхярваа гуай “Одоо болно. Та нар ор” гээд хөөгдөөд тайзнаас бууж байсан.

-Юунаас болоод загнуулсан юм бэ?

-Яахав тэр үеийн хамтлагууд нэгэн жигд ёслолын хувцастай тайзан дээр гардаг байсан юм. Гэтэл бид нар  ноосон цамц, жин­сэн өмдтэй тайзан дээр гарчихгүй юу. Уг нь ижилсээд их дэгжин, ганган харагдаж байгаа нь тэр. Тэгсэн хөрөнгөтний хоригдлуудын хувцас өмссөн нөхдүүд гээд загнуулдаг байгаа.

-МУГЖ Сарантуяагийн “Хай­рын бурхан” дууны ая таных. Одоо ч хүмүүс амандаа аялсан хэвээрээ. Энэ дуу хэрхэн төрсөн юм бэ?

-1996 онд. Нэг өдөр Ү.Хүрэл­баа­тар найрагч надад нэг шүлэг өгөөд энэнд сайхан ая хийчих гээд. Тэгээд нөгөө шүлэг миний халаас, гэрт нэлээд олон хонолоо. Тэгсэн дуу­чин МУГЖ Сарантуяа Сингапур явж шинэ цомгоо бичүүлэх гэж байгаа гэдгээ хүнээр хэлүүлсэн байсан. Нэг хэсэг манайхан чинь CD-гээ Сингапурт бичүүлдэг мод дэлгэр­чих­сэн байлаа ш дээ. Тэгээд би шөнөжин суугаад ая бичлээ. Бич­сэн аяа өөрийнхөө муу жижиг магнитфондоо бичээд сонссон чинь тийм ч муугүй шүү. Тэгэхээр нь гитараа үүрээд Сараагийнх руу гараад шидчихлээ. Ирээд Сараад сонсгосон чинь таалагдсан. “Хай­рын бурхан” ингэж л төрсөн. Клип­ний эхэнд бид хоёр “За гоё болж” гээд гарцгаадаг хэсэг байдаг ш дээ. Тэр чинь Сараагийн гэрт байхгүй юу. Гэхдээ клип нь дуунаасаа жилийн дараа цацагдсан санагдаж байна.

-Тэр жил “Пентатоник” наад­маас шагнал авсан  байх аа?

-Олонд хүрсэн их сайхан уран бүтээл болсон. “Хайрын бурхан” дуугаараа Сараа шилдэг дуучин, би шилдэг ая зохиогч шагнал авч байсан.

-Ер нь таны дуунууд тухайн дуучиндаа их тохирсон санагд­даг. МУГЖ Ариунаа дуулдаг “Чи минь”, “Номин талст” хамтла­гийн “Дурлаж бичсэн шүлэг” зэрэг сайхан дуунууд бий. Гэх­дээ таныг ийм ая байна гээд бариад явдаггүй, уран бүтээл­чид таныг зорьдог гэдэг?

-Ер нь бол уран бүтээлийг цаг, минут тутамд үйлдвэрлэнэ гэж байхгүй. Би үүнийг анхаарч ажил­ла­даг. Миний энэ дууг дуулаад өгөөч гэж гуйж байсан тохиолдол ховор. Манай урлагийн хамт олон ихэнхдээ найзад нь ийм шүлэг байна, тийм санаа байна гээд ирдэг. Тухайн хамтлаг, дуучинд ямар байвал тохирох бол гэж их бодож байгаад уран бүтээл төрдөг. Уран бүтээлчид нь зориулж, сэтгэл гаргаж хийсэн бүтээл л олонд их хүрдэг юм шиг санагддаг. Гэхдээ зарим дуу үнэндээ зовж төрөх тохиолдол бий.

-Жишээлбэл?

-МУГЖ Т.Ариунаагийн дуулдаг “Харуусал харамсал” дуунд ая хийх гэж зовсон. Би өөрөө тийм өөдрөг, гуниг гутрах ер нь дургүй хүн. Гэтэл тэр дуу их гунигтай дуу. Би бүр хүчээр янз бүрийн юм бодож гуниж байж ая хийсэн. Тухайн үед юу бодсон юм бүү мэд, шөнөжин л гунигтай байдалтай байхыг хичээж билээ (инээв). Миний дуунууд гэгээлэг, хайр дурлалын сэдэвтэй байдаг шүү. Тэгэхгүй бол хар бараан нийгэмд  уран бүтээлчид нь хүртэл болохгүй, бүтэхгүй байна гээд байвал ард түмэнд уйтгартай байх болно ш дээ. Анх дуу зохиоход хамгийн их түлхэц болсон нь манай “Хөх тэнгэр” хамтлаг байлаа. Хөгж­мийн зохиолч “Хоовон” Энхбаяр, “Сахал” Пүүжээ ах, “Никитон”-ы Баачка. Мөн “Титэм” хамтлагийн Оогий, Тайвнаа хоёр. Энэ удаа­гийн тоглолтод “Титэм”, “Хөх тэнгэр” хамтлаг тоглоно.

-Таны үед дуунд хориг тавь­даг байв уу. Тухайн үед улс төрийн сэдэвтэй дуу дуулахгүй гэдэг ч юм уу?

-1989 оноос хойш дуунд айхтар хориг тавихаа больсон. Уран бүтээ­лийн хориг тавих нь нэг бодлын зөв, нөгөө талаасаа буруу байсан гэж боддог. Хориг тавьснаар ая ерөө­сөө давхцаж байгаагүй. Харин өнөөдөр нэг нэгнээсээ хуулж хуул­даг болж. Тухайн үед дууны үгт хувьсгал хийсэн хамтлаг бол “Хонх” хамтлаг.  “Би ажилгүй хүн”, “Хонхны дуу биднийг сэрээнэ”, “Рашаантын 18” гээд тухайн нийгэмд хэзээ ч дуулагдаж байгаагүй тэр нийгмийн эмзэг сэдвийг хөндөн өөрөөр хэл­бэл “Хонхны дуу”-гаараа хувьсгал хийж чадсан. Тэдний гаргасан замаар бүх хамтлагууд явж эхэл­сэн. Харин өнөөдөр монголын рок попд жаахан ч гэсэн цензур бай­маар санагддаг. Тэгж байж л 1990 оных шиг дахин давтагдашгүй, чанартай уран бүтээл төрнө. Харин чадалтай уран бүтээлчдийг урлаг, цаг хугацаа өөрөө шалгуур болж өгдөг. “Харанга”, “Никитон”, “Хурд”, Т.Ариунаа, Сарантуяа, Наран гээд монголын рок попын ертөнцөд хаад, хатад шиг явж ирсэн хүмүүс байна ш дээ. Гэтэл адилхан урлагт хөл тавьчихаад замаасаа сураггүй алга болсон нөхдүүд ч байна.

-Та 2003 оноос урла­гаас хөндийрсөн. Тайзаа орхихоор шийдэж байсан юм уу?

-Миний үндсэн ажил гитар тоглох. Гитараа ямар үед би орхих вэ гэхээр магадгүй цаг үе надад тэртэй тэргүй одоо чиний үе дуусч гээд хэлээд өгнө. Тэр үед л би гитараа орхиод, тайзнаас чимээгүй холдоно. Тэрнээс би ямар бөх биш одоо Өөжгий зодог тайллаа гэлтэй биш. 2003 онд хэсэгтээ уран бүтээл хийгээгүй нь үнэн. Уран бүтээл хийх ямар ч урамгүй болсон.

-Яагаад?

-Нэг хэсэг рок поп уруудаж, нийтийн дуу гээч том төрөл хүч түрж орж ирсэн. Хүмүүс рок поп, амьд хөгжмийг сонсохоо больсон. Одоо харин огт өөр. Сая гаруй хүнтэй нийслэлийн хөгжилд рок, поп хөгжим заавал байх ёстой юм болов уу. Манай рок попынхон ч уран бүтээл эрчимтэй хийж байна. Би ч гэсэн энэ давалгаанаас хоц­рох­гүйг хичээж хэд хэдэн дуу бич­лээ. Ерөнхийдөө шинэ залуу хамт­лаг дуучид надад маш их санал тавьдаг. Тэр бүр зав чөлөө олддог­гүй. Одоо харин энэ тал дээр ан­хаарч ажиллана гэж бодож байгаа. Саяхан би “Номин талст”-ын “15 жил” гээд том төсөл дээр ажилла­лаа. Шинэ СD үнэхээр гоё болсон гэж бодож байна. Удахгүй цомгийн нээлт хийх байх. Хэд хэдэн шинэ дуу багтсан. МУГЖ Ж.Алтанцэцэ­гийн шинэ цомог дээр ажиллаж байна. Бас “Гурван охин” хамтлаг­тай хамтарч ажиллаж байна. Тайз­ны арын эгнээний ажил бол маш чухал. Продюсер гэдэг бол өнөө­дөр маш эрэлттэй болоод байна. Тэгэхээр 20 жилийнхээ үр дүнг одоо л гаргах хэрэгтэй биз дээ.

-Уран бүтээлээс хэсэг хөн­дий­рөхдөө юу хийж байсан юм?

-Бааранд тоглож байсан. “Ники­тон”, “Шар айраг”-тайгаа хамт бааранд л тоглож байлаа. Угаасаа найз нөхөддөө туслаад бизнес хөөе гэвч надад тийм авьяас байх­гүй юм байх биш.

-Бааранд тоглоод хэдэн төг­рөг авах уу?

-Ямар ч байсан бинзен, там­хины мөнгөө болгоод л байдаг байсан.

-Таныг сүүлд 36 мянган ам.дол­лароор гэдэсгүй их үнэтэй гитар авсан гэж дуулсан. Энэ үнэн үү?

-Худлаа. Надад тийм үнэтэй гитар авдаг хөрөнгө ч байхгүй. Яахав арваад гитар бол бий. Хамгийн үнэтэй гитар дунджаар 3200 ам.доллар л байдаг ш дээ.

-Танд нэг алдартай ногоон гитар байдаг байх аа. Ногоон өнгөтэй?

-Тэр ногоон гитар надад гом­дож, уур нь хүрдэг байх. Энэ олон жил барилаа гэж. Дээрээс нь хачин ногоон өнгөөр будаад гээд. Тэрийг анх гоё санагдаад фосфортдог ногоон өнгөөр будчихсан юм. Тай­зан дээр цагаан гэрэл тусахаар ногоон будаг нь гэрэлтээд янзтай харагдана.

-Дуучин Сэрчмааг Өвөрмон­гол нөхөртэй нь таныг танил­цуул­сан гэдэг. Үнэн юм уу?

-Уг нь Сэрчмаа намайг 2009 онд Өвөрмонголд болсон тоглол­тынхоо гитарчнаар аваачсан юм. Тэгэхэд нөхөртэйгөө намайг танил­цуул­сан. Тэгсэн харин би айл гэр болгоод эргээд салгасан буруутан болчихсон л байна лээ.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Суудал хайрхны өвөрт чонын гүйдэл тосон суусан нь DNN.mn

Шаргын говь, Хүйсийн говь, Дөргөний хүрэн тал гэхээр зүүн эсвэл урагшаа говь руу гэж бодож магадгүй. Эдгээр алдарт говиуд таширлаад Говь-Алтай, Ховдын нутаг буюу Монгол Алтайн нурууны төв хэсэгт бий. Мөн Дөргөний хүрэн тал хэмээх өвс, ургамал, ан амьтан, нуур далайгаар баян нутаг гагцхүү Ховд аймгийн Чандмань, Дөргөн сумд оршино. Мөнөөх Дөргөний талаас баруун дээшээ явахаар Алтайн нурууны салбар уулс болох Бумбат, Жаргалант хайрхан тусгаарлан сүндэрлэнэ. Чандманьчууд эл хоёр хайрхнаа “Хос Алтай” хэмээн нэрийдэж, үе удмаараа шүтэн дээдэлдэг. Хотоос Ховд руу аялж, зугаалж үзсэн олон хүн бий байх. Тэгвэл Зэрэг сумын нутагт орших алдарт Алтан Тээлийн хөндийгөөр нэвт баруун тийшээ чиглэх засмал зам Дарви, Зэрэг, Манхан сумыг дайрч өнгөрөөд Ховд хот ордог доо. Энэхүү замд буюу Дарви, Зэрэг сумын хооронд явахаар зүүн талдаа Алтайн нуруу тасралтгүй үргэлжилнэ. Ингэхдээ мөнх цаст Сутай хайрхан ханагар нурууны цаанаас дүнхэлзэн харагдах нь сүртэй. Ёстой уулсын цаана оргил сүндэрлэнэ гэдэг шиг. Харин баруун талаараа Дөргөний хүрэн тал залгаад Бумбат, Жаргалант хайрхан хөхрөн харагдана. Дээр хэлсэнчлэн Бумбат, Жаргалант хайрхныг Алтайн нуруунаас салангид оршоож байгаа нь Алтан Тээлийн хөндий ажээ.

Бидний очсон цэг болбоос Ховд аймгийн Чандмань сумаас урагшаа 60 орчим км-т орших Бумбат хайрхны зүүн үзүүр Суудал хэмээх уул билээ. Эл газар бол Ховдын Чандмань, Дарви сумын нутгийн хил зааг. Харин Бумбат хайрхны баруун үзүүр нь Чандмань, Зэрэг, Манхан сумын хил заагт ордог сунайсан урт хайрхан юм. Бумбат хайрхны баруун үзүүрээс хойшоо Хөтөл-Ус хэмээх хөндийгөөр Жаргалант хайрхны зүүн үзүүр эхэлнэ дээ. Жаргалант хайрхны өвөр бэлд Хар-Ус хэмээх үзэсгэлэнт нуур мэлтэлзэн оршино. Тус хайрхны баруун хойд үзүүрт Үүдэн далай, түүнээс хойшоо буюу Завхан чигтээ Хар нуур, залгаад урагшлахаар Дөргөн нуур бий. Нэг тийм уулс, нуурууд, говь, талын тойрог мэт сонсогдож буй. Үнэндээ тийм. Хос Алтай, холбоо гурван нуурын дунд Чандмань хэмээх сум оршин байдаг. Ийм байгалийн өвөрмөц нутагт идэр есийн үеэр очиж, чонын авд мордох шиг эр хүний жаргал хаана ч үгүй биз.

 МАЛЫГ НЬ ТОЙРЧ ЧОНО УЛИАД, ШӨНӨ БҮР ХОТ РУУ ДАЙРААД БАЙХАД МАЛЧИН АМАР ТАЙВАН СУУЖ ЧАДАХ УУ

Өнгөрсөн өвөл Ховдын ихэнх сум зудтай байснаас болж хавар мал хүндэрсэн. Онд орж чадаагүй, орсон ч зулгаах өвсгүйгээс болоод олон ч мал үхсэн. Харин энэ өвөл өнтэй сайхан байгаа ч байгалийн бас нэгэн бэрхшээл Ховдын ихэнх сумдаар тохиож, малчдын аж амьдралд сөргөөр нөлөөлж байгаа гэнэ. Тэр нь мэдээж “Уулын эзэн”, “Хангайн өвгөн”, “Боохой”. Малчдын ганц хөрөнгө болсон мал сүрэг нь аюулд учраад байгаа талаар аймгийн малчдын зөвлөгөөнөөр ярилцсан байна. Үүнд анхаарч өгөөч, сүүлийн 20 жил чонын ав, бэлтрэг суйлах ажил хаягдлаа. “Хот руу довтлох чоныг бид дийлэхээ болилоо” хэмээх гомдол малчдаас их ирэх болж. Малын хотыг нь тойроод 10 гаруй чоно улиад, шөнө бүр хот руу дайраад байхад малчин амар тайван сууж чадахгүй. Яг ийм байдал Ховдын ихэнх сумын малчдад адилхан зовлон болж буй. Тиймээс Ховд аймгийн ИТХ-ын шийдвэрээр нэг хугацаанд нийт нутгаар чоно авлах тухай тогтоолыг баталжээ. Зохион байгуулалттайгаар чонын бэлтрэг суйлах ажил сүүлийн 20-иод жил хийгдээгүй. Үүнээс болж чонын тоо толгой эрс өссөн. Малчдын гол амин зуулга болсон мал чонын хоол болсноор онд орохоо больсон. Малчид өвлийн хүйтэн, хаврын хавсарга, зуныг халууныг туулан төл авч мал сүргээ өсгөдөг. Гэтэл гарсан төлийг нь хээрийн амьтан зооглочихоор яаж мал сүргээ өсгөх билээ дээ. Зэрэг, Чандмань сумынхан бол өдөрт л арав гаруй хонио хотноосоо идүүлж байна гэх. Ийм аймшигтай нөхцөлд ганц, хоёроороо малаа маллаад аж төрж байна гэхээр монголчуудын зориг тэвчээр үнэхээр тулчихсан байгаа юм шүү. Чөдрийн морь, саалийн үнээ, хоттой хонио чононд сийчүүлсэн малчдад хэн туслах вэ. Угтаа малчид хот эргээд буй боохойг зайлуулахын тулд ганц нэг буу дуугаргадаг. Гэтэл төр, засгийн шийдвэрээр зөвшөөрөлгүй гэх нэрийдлээр хамаг бууг нь хурааж авсан байна. Үүнээс болоод орой шөнө хоттой хонийг нь эргэх чонын тоо толгой эрс өсчээ. Нэг үгээр чоно хүнээс айхаа больсон гэсэн үг. Тиймээс энэ нутгаар чонын тоо толгой байх ёстой хэмжээнээсээ хэд дахин өсчээ. Нөгөөтэйгүүр хөдөө орон нутагт анчид цөөрсөн, ганц нэг ан авд морддог хүмүүсээ хардаж сэрдээд үйл хөдлөл бүрийг нь хянахаас наагуур болдог гэнэ. Ийм дарамт дунд хэн буу үүрээд явах билээ. Хааяа нэг залуучууд нийлж чонын авд морддог байна. Гэвч залуу хүмүүс хаана, ямар чоно агнах вэ гэдгээ мэддэггүй. Түүнээс болоод хангайн амьтныг улам догшруулдаг. Улмаар малчид бидэнд л тус болохоосоо илүү гай болдог гэдгийг нутгийн иргэд ярилаа. Үнэхээр хурдан машин, хүчтэй буугаар хаа таарснаа усгадаг нөхдийг анчид гэхгүй, алуурчид л гэнэ. Тиймээс аймгийн ИТХ-ын ан ав хийх тухай тогтоолыг сум орон нутгийн албаныхан хэрэгжүүлэхдээ баг болгоноос хашир туршлагатай хоёр хүнийг сонгон авч чонын авд мордуулсан юм.

ЧОНО БИДНЭЭС ИЛҮҮ ТЭВЧЭЭРТЭЙ БАЙЛАА…

Чандмань сум зургаан багтай. Баг бүрээс хоёр хүн гэхээр нийт 12-15 хүн хоёр хэсэгт хуваагдан чонын авд мордлоо. Ингэхдээ бид урагшаа буюу Бумбат хайрхнаас чоно авлах багт нэгдэн явсан юм. Сумын төвөөс ойр зуур бэлтгэлээ базаагаад Засаг даргын албаны унаанд тавуулаа суугаад урагшаа хөдөллөө. Чоно авлана гээд байсан газарт нь очоод шууд буудаад унагаачихгүй нь тодорхой. Эхний өдрөө Бумбат хайрхны Талынбулаг багт өвөлжиж буй нутгийн айлд очиж хаагуур чоно гүйж байна, хэд орчим байгаа болон бусад зүйлийг судлан ярилцлах шаардлагатай болов. Бид сумын төвөөс урагшаа 50 орчим км яваад Суудал хайрхны ар бэлд өвөлжих нутгийн малчин Б.Баянмөнхийнд ирлээ. Түүнийг нутгийхан Бааяа хэмээн дуудна. Бааяа өдгөө 40 гаруй настай өндөр биетэй, улаан шар хүн. Хар багаасаа аав, ах нарыгаа дагаж ан гөрөөнд явж өссөн учир ангийн байр байдлыг хэнээс ч дутуугүй мэдэх нэгэн. Хэдхэн хоногийн өмнө Бааяагийн хотноос арав гаруй хонь чононд бариулжээ. Тэгэхээр нь мань хүн маргааш үүрээр Суудал хайрхан дээр гарч дурандахад Дөргөний талд таван чоно олж харсан байна. Тэр таван чоно доошилчихоод буцаад дээшээ уул руугаа орох гэж яваа байж. Доод тал руу тэгэж олуулаа явж байгааг харвал дандаа эр чоно байсан гэв. Учир нь энэ жил дулаахан, төдийлэн хүйтрээгүй тул чоно Дөргөн нуурын мөсөн дээр очиж суугаад буцдаг байна. Нөгөөтэйгүүр талд бэлчих адуун сүрэг болон бөхөн, хар сүүлтээр амаа цусдаж, ходоодоо баярлуулж буцаад уул руугаа явж байгаа нь энэ аж. Дараа өдөр нь Бааяа дахин Суудал хайрхан дээр гарч дуран тавихдаа нөгөө таван чоныг олж харжээ. Ингээд буцах замыг нь тосон хүлээж байтал оройхон талаас өгссөн чонын бараа харагдсан байна. Ингээд мань хүн рүү тавуулаа чиглэн ирж, дөрвийг нь өнгөрөөгөөд хамгийн сүүлд явааг нь буудсан боловч алдсан гэнэ. Буудлагын газар нь дэндүү хол, бас овоо хараатай дундын буугаар буудснаас болж алдсан гэдгээ хашир анчин Бааяа бидэнтэй хуучлан ярилаа. Ямартай ч Бааяагийн өвөлжөөтэй ойрхон таван чоно байгаа нь түүний ярианаас тодорхой болов. Тиймээс түүний сууж дурандсан Суудал хайрхан руу маргааш үүрээр гарч дуран тавихаар тохиролцлоо. Өвлийн богино өдөр яах ийх зуургүй шувтарч Суудал хайрхны ар бэлд харанхуй нөмрөв. Шөнө гадаа саргүй байлаа. Харин тоолж баршгүй олон оддын гэгээ шөнийн харанхуйг үргээх шиг. Ингээд бид үүрийн таван цагт Бааяаг нэмж суулгаад Суудал хайрхан руу хөдөллөө. Биднийг дагаж нутгийн хоёр залуу мотоцикльтой давхилаа. Дуран тавих газар эдний өвөлжөөнөөс холгүй оршино. Гэхдээ автомашинаар явах зам нэлээд бартаатай, хад чулуу ихтэй юм. Цаг гаруй хугацаанд гэлдэрч явсаар Суудал хайрхны өвөр бэлд очоод автомашинаа зогсоолоо. Дээшээ бид явган алхаж хайрхны орой дээр гарч ирлээ. Суудал хайрхнаас урагшаа Мөнгөн Аяга хэмээх уул харагдана. Харин зүүн хойд зүгт Дөргөний хүрэн тал нүдэнд торох бараагүй цав цагаанаар цавцайна. Талын доод хэсгээр Дөргөн нуураас савсан уур будан татуулан хөшиглөнө. Тэр будангийн үзүүр бидний сууж байгаа Суудал хайрхны энгэрт жавартай хамт нүүж ирээд хацар хайруулах шиг. Үүрийн жавар ёстой тачигнаж байна. Заримдаа Бааяагийн өвөлжөөнөөс дээшээ Бумбат хайрхны дунд хэсэг хүртэл битүү будан татдаг гэнэ. Энэ нь нуурын мөс цөмөрснөөс болдог бололтой. Мөнгөн Аяга уулын наад захаар хэд хэдэн адуун сүрэг амар тайван идэж харагдана. Дурангаа бага зэрэг зүүн тийш явуулахад Дөргөний талд ч энд тэндгүй адуун сүрэг харагдав. Гэгээ бага багаар нэмсээр ойр орчим бүхэлдээ нүдээр харагдах хэмжээнд хүрлээ. Энд чонын хоёр ч гүйдэл байдаг гэв. Нэг гүйдэл нь Суудал хайрхнаас Мөнгөн Аяга уул руу явдаг байна. Харин нөгөөх нь Дөргөний талаас Суудал хайрхан руу аж. Үүрийн таван цагаас хойш өглөө нар мандтал дурандаж суухад хоорондоо элдэв янзын зүйл л ярьдаг нь анчдын нэгэн жаргал. Манай багийн хамгийн туршлагатай хэмээх анчин нь Бааяа болон Т.Ганхуяг нар юм. Т.Ганхуягийн өвөлжөө Ханантад. Бааяагийн өвөлжөөнөөс холгүйхэн гэсэн үг. Т.Ганхуяг ахын аав, өвөө, ах дүүс нь бүгд анчин хүмүүс аж. Бумбат хайрханд жилийн дөрвөн улирал буйр сэлгэн нүүж, олон зуун жилийн турш нутаглан амьдарч байгаа нэгэн. Одоо ч үр хүүхдүүд нь өвөг дээдсийнхээ нутагт, өвлөгдөн ирсэн ёс заншлаа даган аж төрж л байна. Алтайн хишгийг олон хүртсэн гэнэ. Чоно хот руу нь орох бол энүүхэн асуудал. Түүнээс ч том, сүрдэм амьтан манай ууланд бий шүү дээ. Ёстой жинхэнэ уулын эзэн гээд яриагаа түр дуусгаад тамхиа сорж, доод талаа үргэлжлүүлэн дурандлаа. Би наанаас нь тэр уулын эзэн гэдэг нь ямар амьтан бэ гэж асуув. Т.Ганхуяг ах “Ирвэс, ирвэс” гэлээ. Та ирвэстэй тулж таарч байв уу гэтэл “Тааралгүй хаачих вэ. Хэдэн жилийн өмнө уулаар ганц нэг тарвагачилж явлаа. Гэтэл Богдын наад талаар аргалийн сүрэнг ус уугаад гарч байна шүү. Наанаас нь дурандаад Алтайн сайхан амьтныг тоолмооршүү аятай сууж байтал нөгөөдүүл чинь гэнэт дээрээсээ үргээд урууддаг байна шүү. Барагцаагаар 100 гаруй аргаль өндөр уулын зайвраар тайван өгсөж явснаа гэнэт бөөнөөрөө сүр сар гээд үргэхээр айхтар чимээ гардаг юм билээ. Хаа холоос дурандаж суусан надад хөлнийх нь гишгэгдлээр нурж байгаа чулууных нь чимээ хажууд юм шиг сонсогдсон шүү. Золигнууд чинь юунаас ингэтлээ их үргээд нисчихэв ээ гээд дурангаа жаахан дээшлүүлтэл өндөр хаднаас доош хийсчихэв үү гэлтэй нэг цоохор юм зурс гээд өнгөрдөг юм байна. Сандраад дурангаа доошлуулаад хартал айхтар сунасан амьтан газрын уруу гулгаж байгаа юм шиг л давхиж байсан нь ирвэс байж л дээ.

Ёстой уулын эзэн нь юм болохоор хаана яаж гишгэж, ямар хурд авахаа мэддэг бололтой. Тэр их өндөр эгц хадтай уруу ирвэсээс өөр амьтан тэгж хурдан харайлгахгүй дээ. Ирвэс ямаа барьж идэх санаатай довтолгож байгаа нь тэр. Хэд хэдэн тэхийн сүрэг нийлчихсэн байсан болохоор арай багахан шиг тамир муутайгийнх нь нэг дээр үсрээд л наалдсан даа. Ээ… ёстой сүртэй харагдсан гэж. Саяхан Мөнгөн Аягын хойд хэсгээр адуугаа хайж яваад Гансүхийн хаваржаанд очлоо. Тэднийх хүн бүл цөөтэй болохоор хаваржаанаасаа гэрээ нүүлгээгүй юм билээ. Гэтэл гэрийнх нь хойд орой нурчихсан байхаар нь морьтойгоо өнгийгөөд хартал зээрийн хуучирсан зэг үзэгдсэн. Бодвол ирвэс барьчихаад тэдний гэр дээр гарч нөгөө зээрээ тухтай зооглосон байх л даа. Үүгээр чоно их сүрэглэж явдаг, баахан чонотой таарч ангаа тухтай зооглохоор гэр дээр үсрээд гарсан гэж бодож байгаа юм. Ер нь их сонин зантай амьтан. Заримдаа хүний дуу, адуу малын чимээг хаа холоос сонсчихоод тэр чигтээ үзэгдэхгүйгээр алга болно. Заримдаа олон морьтой хүмүүс өөрийг нь харчихаад өөдөөс нь яваад байхад үргэхгүй таг хярчихдаг. Хүнээс айдаг юм болов уу гэхээр үгүй ч юм шиг” гэлээ. Суудал хайрхан дээр бид сонирхолтой яриа өрнүүлж, тал тал тийшээ дурандаж суусаар өглөөний наран мандлаа. Чонын бараа харагдахгүй л байв. Угтаа хэдхэн хоногийн өмнө тав, арваараа явж байсан чоно өнөө өглөө бараа сураггүй. Байгаль дэлхий өөрийн гэсэн зөн совинтой мэт. Чоно элбэг, бараг айлын гэр рүү орох нь холгүй байна гэсэн атлаа яг зориод харъя гэхээр бараагүй болчих нь сонин. Үнэндээ ан ав гэдэг бол тэвчээр. Хэн илүү ухаан гаргаж, хэн илүү тэвчээртэй байсан нь ялна. Энэ удаа бид чонын бараа олж харсангүй. Өнөөдөртөө чоно биднээс илүү тэвчээртэй байв уу гэлтэй…

Үргэлжлэл бий…