Categories
мэдээ цаг-үе

Умайн хүзүүний хорт хавдрыг эмчлэх боломжтой DNN.mn

Умайн хүзүүний хорт хавдар нь дэлхийд эмэгтэйчүүдэд хамгийн түгээмэл тохиолддог хорт хавдрын 4-т ордог.

Дэлхийд жил бүр 300.000 гаруй эмэгтэй умайн хүзүүний хорт хавдрын улмаас нас барж байна.

Умайн хүзүүний хавдрын үед дараах шинж тэмдэг илэрч болохоос гадна шинж тэмдэггүй далд хэлбэрээр явагдаж болно.

Categories
мэдээ цаг-үе

Сэлбэ голд үүссэн халиа, тошингийн түвшин 14 хоног тутамд нэмэгдэж байна DNN.mn

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Сэлбэ голын ус хайлж, халиа тошин үүсэн, орчны тохижилт нь дарагдсан.

Үүнтэй холбоотойгоор ГУББГ-ын холбогдох инженер, техникийн ажилчид Дамбын шинэ гүүрнээс доош Туул гол руу нийлэх хэсэг хүртэл халин тошин үүсээд буй байршилд тогтмол үзлэг, шалгалт хийж байгаа юм.

Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан “Халиа тошин үүссэн байршилд усны түвшин 14 хоногт ойролцоогоор 10-20 см-ээр нэмэгдэж байна. Энэ байдлаараа үргэлжилбэл сувагчлах, хоёр талаар нь далан босгох арга хэмжээ авна. Одоогоор аюултай нөхцөл байдал үүсээгүй учраас тогтмол ажиглаж байна. Хөлдсөн хэсгийг яаравчлан задалж, усыг нь огцом халиулбал доод хэсгээр нь машин механизм ороход болно” гэв.

Харин Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Өнгөрсөн жилийн үерийн хохирол нэлээн их байсан. Үүнтэй холбоотойгоор олон арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Бүтээн байгуулалтын улирал эхлэхээр юун түрүүнд Сэлбэ голын далангуудыг хүчитгэнэ. Мөн үерийн даланг хүчитгэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах нээлттэй тендерийг зарлаж, 21 аж ахуйн нэгж саналаа ирүүлсэн. Үнэлгээний хороо хууль журмын дагуу сонгон шалгаруулалтыг хийж, тоног төхөөрөмжүүдийг шинэчлэхээр ажиллаж байна” гэлээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Д.Отгонбаяр: Анх биднийг урт үс, уранхай жинстэй тайзан дээр гарахад үзэгчид хөөж байлаа DNN.mn

Өдрийн сонины архиваас……..

“Хурд” хамтлагийн гитар­чин, ая зохиогч Д.Отгонбаяртай ярилц­лаа. Тус хамтлагийнхан ирэх сарын 29, 30-нд 20 жилийн ойн тоглолтоо “UB Palace”-д  тавих гэж байгаа юм.


-Юуны өмнө 20 жилийн ойн баярын мэнд хүргэе. Энэ жил ойгоо тохиол­дуулж олон ч тоглолт хий­лээ шүү?

Баярлалаа. Монголын урла­гийн 20 жилийн түүхийг “Хурд” хамтлаг тасралтгүй бүтээлцэж, өөрсдийн түүхийг мөн бичиж иржээ. Тиймээс энэ 20 жилийн ойг нэг өдөр тэмдэглээд өнгөрөөх бус 2013 оныг дуустал төсөл боловс­руулж, үүнийхээ дагуу ажиллалаа. Өнгөрсөн гурав­дугаар сард эмэгтэй­чүүддээ зориулж “Март-8”, цэргийн баяраар эрчүүддээ зориулж “Цэргийн бодол” зэрэг олон тоглолт хийлээ. Энэхүү тог­лол­туудаа биднийг сонсдог, сонс­соор ирсэн үнэнч фенүүд­дээ зориулж үнэ төлбөр­гүйгээр тогло­сон. Мөн саяхан Өвөр Монгол, Эрдэ­­нэт, Дархан зэрэг хотуудад аялан тоглолтоо хийж орон нутгийн фенүүдтэйгээ уулзаад ирлээ. Харин энэ удаагийн тоглолт бол жинхэнэ тэсрэлт байх болно.

-Яг ямар тэсрэлт байх бол. Уншигчдад сонир­хуу­лаач?

-Монголын ард түмэн мэдэх байх. Манай хамтла­гийнхан их даруухан. Хийх ёстой уран бүтээ­лээ л хийхээс биш тэглээ, ингэлээ гээд шуу­гиан тариад, гайхуулаад бай­сан юмгүй. 10, 15 жилийн ойн тоглолтоо ч тэр даруухан хийж байсан. Харин 20 жил гэдэг бол багагүй хугацаа. 20 жилийн өмнө дөнгөж 18, 19 настай байсан хөвгүүд өнөө­дөр нас биед хүрц­гээж, том боллоо шүү дээ. Үүнтэй адил уран бүтээлийн сан ч мөн арвижсан байна. Тиймээс энэ удаа тоглолтдоо яахын арга­гүй хүч өгч, их хариуц­лагатай хандаж байгаа.

-“Хурд” гэдэг хамтлаг 20 жилийн өмнө хэрхэн урлагт хөл тавьж байснаа дурсах­гүй юу. Одоогийн өндөр­лөгөөс эргээд харахад бас л сонин байдаг болов уу?

-Тэгэлгүй яахав. Эргээд бодо­ход их сайхан мэдрэмж төрдөг. Урлагийн тайзаа орхил­гүй, банзан гитараа гараасаа салгалгүй явсаар нэг л мэдэхэд 20 жилийг ардаа орхисон байна.  “Хурд” хамтлаг тэртээх 1993 оноос эхлэн өнөөг хүртэл тасралт­гүй, ухралтгүйгээр уран бүтээ­лээ туурвиж ирсэн бай­на. Анх манай хамтлагийнхныг уран­хай жинстэй, урт үстэй, бөөн гинж, төмөр зүүчихсэн тайзан дээр гитар бариад гарахад үзэгчид мэл гайхаж бүр “Тайз­наас зайл” гэж хөөж байлаа. Аргагүй ш дээ хүзүү, хоолойн­доо бөөн төмөр зүүгээд өөрс­дийгөө рокууд гээд нэрлэ­чихсэн хүмүүсийг тухайн үеийн нийгэм хүлээж авахад хүнд байлгүй яахав. Бид нар тайзан дээр гараад өөдөөс янз бүрийн хог шидэж байхад л “Дөрвөн хөлтэй болж төр­сөн хөх чоно миний буруу юу…” гээд л дуугаа дуулж байсан. Залуу хүмүүс их зориг­той байж. “Хурд” гэдэг хамтлагийг нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, хэдэн мянган фентэй болгох болно гэж өдөр шөнөгүй зүтгэдэг бай­сан. Үнэхээр тэр хүсэл мөрөө­дөлдөө бид хүрч чадсандаа баяртай  байна. Одоо “Хурд” хамтлаг өөрийн гэсэн орон зай, үнэнч фентэй болсон байгааг харах, мэдрэх сайхан санагддаг шүү.

-Мэдээж өнгөрсөн хуга­цаанд хүлээн зөвшөөрөгд­сөн хамтлаг болохын тулд амаргүй байсан байх. Нийг­мийн өөрчлөлтөөс авахуу­лаад л?

-Тухайн үед “Хөх чоно” дууг дуулаад гарч  ирэхэд жаахан урлаг ойлгодог, урла­гийн мэдрэмжтэй нэг хэсэг нь үнэхээр энэ хамтлаг өөрч­лөлт, шинэчлэл авчирч байна гэж хардаг байсан. Харин үлдсэн хэсэг нь хийх юм аа олж ядсан орцны хэдэн гитар­чид гэдэг нүдээр хардаг байлаа. Яагаад гэхээр 1990-өөд онд хөлтэй болгон Эрээ­нээс бараа зөөж, Орос руу гаргаж, тарваганы арьс хил давуулж бай­сан цаг. Урла­гийн томчууд хүртэл амьд­ралын эрхээр ганзагын най­маанд орж байсан байх­гүй юу. Яг энэ үед манай хамтлагийнхан хэн нь ч ганза­гын наймаа хийж, компа­нийн захирал болно гэж явалгүй банзан гитартаа үнэнч үлдэж чад­сан юм. Бид өнөөгийн ирээдүйгээ үнэхээр харж чадсан хэрэг. Шант­рах үе байсан хэдий ч хэзээ ч тайзаа орхиж, гитараа зарж иднэ гэсэн бодол төрж байгаагүй юм шүү.

-Одоо ч гэсэн үү?

-Тэгэлгүй яахав. Магадгүй “Хурд” хамтлаг цаашдаа 20 жил, 30 жил байхыг үгүйс­гэхгүй. УИХ-ын гишүүн болж, компанийн босс болъё гэж хэзээ ч бодож явсангүй. Зөв­хөн ийм уран бүтээл хийж, ингэж үзэгчдээ баярлуулъя гэж амьдарч ирсэн.

-Танай хамтлагийг гэр бүлийн хамтлаг гэдэг. Ямар учраас ах дүүст хамтлаг байгуулах  санаа төрөв өө?

-Энэ их сонин түүхтэй. Би 1991 онд анх “Харанга” хамт­лагт соль гитарчин байлаа. Нуулгүй хэлэхэд тэр үед надаас өөр мундаг гитар тоглодог хүн байгаагүй. Ингээд 1992 онд басс гитар­чин Б.Наран­баатар, Д.Ган­баяр ах бид гурав хамтлагаа байгуулж бэлтгэлээ эхэлж байсан. Манай бөмбөрчин Нааяа маань бас хамгийн шилдэг гитарчин, манай дүү Отгонбаатар болохоор “Нисванис” хамтлагт бөмбөр­чин хийдэг байсан. Тэгээд үнэхээр бид нар нийлж хамт­лаг байгуулах хэрэгтэй юм байна гэж бодоод дүүгээ хамт­лагтаа авч гар нийлж байлаа. Бид нарыг гэр бүлээс гадна заяагдсан урлагийг мэдрэмж  холбож байсан. Ингээд бид гоцлол дуучны эрэлд гарсан. Цогоогоос өмнө эрэгтэй, эмэгтэй нийтдээ 87 дуучинг бид хамтлагтаа авах гэж шалгаж үзсэн байдаг юм билээ.

-Тийм үү. Тэгээд Цогоог яаж олж авав?

-Тухайн үед орон нутгаас хүр­тэл олон дуучин ирж шал­гуулж байсан. Өвөрхангай аймгаас шал­га­­руулалтад оро­хоор тухайн үед ая зохиогч Ишхүү ирж байсан юм. Ишхүү “Зураг шиг бүсгүй” дуугаа дуулж шалгууллаа. Тэгсэн “Соёл-Эрдэнэ”, “Харан­га” зэрэг ах нар буюу жинхэнэ алтан үеийнхэн маань “Наадах чинь ёстой сайн дуучин болно” гэдэг байгаа. Ингээд бид шалга­руулаад авах юм болж бай­тал яалт ч үгүй Зүүнбаянгаас Цогоо маань цэргээс халаг­даж ирээд “Чоно-2” дууг дуулж шалгуу­лаад үнэхээр гайхамшигтай дуулж, чадал­тай гэдгээ харуулсан. Ингэж л бид бүрэн бүрэлдэхүү­нээ­рээ болсон юм даа.

-Тэгээд удалгүй “Цэр­гийн бодол” дуу гарсан байх нь ээ?

-Тийм. “Цэргийн бодол” дууг манай Цогоо үнэхээр ард түмэнд хүргэж чадсан. Одоо хүмүүсийн хайртай дуу хэвээ­рээ байна гэдэг бол гайхал­тай авьяас. Цэргийн бодол дууны клип тухайн үед МҮОНРТ-ээр өдөрт 12 удаа цацагд­даг байлаа ш дээ. Энэ үеэс л манай хамтлагийн мандан бадрах үе эхэлсэн. Тэгээд “Үнэгүй юм”, “Чи минь байгаа болохоор”, “Арван гурван ааш”,  “Цоглог оюу­тан”, “Хайрын сарнай” “Эх орон” дуунуудаа дуулж, метал рок чиглэ­лийн аязуу­дыг бөмбөрийн нүргээн­тэй хослуулж, анх хурдан рок гэсэн төрлийг Монголын урлагт сэвэл­зүүлж чадсан юм.

-Сүүлийн үед амьд хөгж­мийн хамтлаг таны үеийг бодвол их болж. Бараг ихэвч­лэн та нарын шавь биз?

-Би 1997 оноос эхлэн гита­рын сургалт явуулсан. Энэ хугацаанд хөгжмийн мэдрэмж­тэй олон хүүх­дэд гарах гарцыг нээж өгсөн байх гэж бодож байна. “Play time”, “Coken beat” хөгжмийн наад­муудад оролцож буй хамтлаг, дуучдын бараг 90 хувь нь миний шавь байх шүү. Шинэ залуу уран бүтээлчид мэдээж заавар, зөвлөгөө авах гээд байнга шахуу л ирнэ. Тэр болгонд нь би зөвлөгөө харамгүй өгдөг.

-Тоглолтодоо зориулж алтан пянз, гитар хийлгэж байгаа гэж сонссон?

-Ер нь тоглолтдоо зориулж “Хурд”-ыг илтгэх цамц, ном, барим­тат кино гээд олон зүйл хийж байна. Үүнээс хамгийн онцлогтой нь “Алтан пянз”. 1970, 1980-аад оны уран бүтээлчид пянз гаргадаг байлаа. “Баян Монгол”, “Соёл-Эрдэнэ”, уртын дуучин Н.Норов­банзад гуайн пянз гаргаж байсан. Түүнээс хойш Монголд пянз хийсэн удаагүй. Бид анхнаа­саа л алтан пянзаа гаргаж түүхэнд нэрээ үлдээ­хийг мөрөөд­дөг байсан.Бидний мөрөөдөл одоо л биеллээ олж байна.

-Хэчнээн төгрөөр бүтэж байгаа бол?

-Одоохондоо нууц. Мэдээж өндөр гарч байгаа. Харин “Хурд” нэртэй гитар 100 ширхэг захиал­гаар хийг­дэж байна. Хонконгт хийж байгаа.

-Энэ гитараа зарах юм уу?

-Бас л тодорхойгүй байна. Тоглолтын өмнө зарлах бол­но. 20 жилийн турш бидэнтэй хамт бай­сан уран бүтээлчид, дэмжиж тусал­даг найз нөхөд, үнэнч фенүүддээ бэлэглэх байх. Гэхдээ бид өмнө нь нийтэд зарлах болно. Мөн энэхүү тоглолтдоо зориулж шинэ цомог, CD гаргаж байна. Мөн бүх 12 CD-нээс  орсон “Алтан-12” гэсэн нэртэй CD-гээ хэвлүүж байна. Тоглолтын өмнө бэлэн болно.

-Тоглолтод хэдэн дуу дуулах бол?

-200 гаруй дуунаас шилэг­дэж 36 дуу дуулна. Дандаа оргил гэсэн дуугаа дуулах болно.  Маш олон хүний хүсэл мөрөөдөл энэ 20 жилд байгаа шүү гэдгийг харуулах болно.

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Суудал хайрхны өвөрт чонын гүйдэл тосон суусан нь DNN.mn

Нар орой дээр гарлаа. Ихэвчлэн үүрийн гэгээ, өглөөний нартай уралдаад чоно гүйдэгсэн. Заримдаа нар гарсны дараа нэлээд оройхон чоно гүйдэг гэлцдэг. Ямартай ч энэ өдөр нар голлотол дурандсан бидэнд чонын бараа сураг харагдсангүй. Харин хоёр, гурваараа шогших хар сүүлт л олж харлаа. Дөргөний тал, Суудал, Мөнгөн Аяга уул орчим том том жалга, сайр ихтэй учир хар сүүлт элбэг юм. Тээр доор бөхөнгийн сүрэг ч амар амгалан идээшилж байсан. Харин зорьсон ан маань бараагаа харуулсангүй. Биднийг ирэхээс хэдхэн хоногийн өмнө яг энэ л газарт таван чоно явж харагдсан гэж байгаа. Бид уулнаас буугаад буцаад өвөлжөө рүүгээ хөдлөх зууртаа мөнөөх таван чонын чиг, баримжааг өөр хоорондоо хэлэлцэн явлаа. Бааяа “Биднийг дурандаж суухад шувуу огт үзэгдсэнгүй. Уг нь шувуу үзэгдвэл бас ч гэж бараа харахад ойрхон байдагсан. Одоо тэгвэл хэдүүлээ жаахан дээгүүр үзье дээ” гэлээ. Дээгүүр гэдэг нь уул руугаа гүн орж үзье гэсэн үг. Ингэж ойр зуур ярьж явсаар Бааяагийн өвөлжөөнд ирээд гэрт нь орж цай, хоол болцгоолоо. Нутгийн зарим залуучууд биднийг чоно авлах сургаар ихэнх нь ирчихсэн байв. Хэдэн малаа боохойд авахуулсан малчдын хувьд бидний үйл хэрэг буян мэт л санагдсан байх. Дээр нь ан авд сонирхолтой залуучууд хонио өөд бэлчээчихээд хэрэгт дурлан ирсэн нь энэ байх. Бааяагийн өвөлжөөнөөс дээшлээд Ханант хэмээх газар бий. Тэнд бидэнтэй явсан Т.Ганхуягийнх өвөлжиж байгаа. Тэднийхээс дээшлээд айлгүй зэлүүд уулаар явна. Үхэр, адууны бэлчээр л дээ. Тиймээс доогуур айлууд ихтэй байгаа учир боохойнууд дээшилсэн гэж бид үзлээ. Гэрийн эзэгтэй мах чанаж, бууз жигнэлээ. Тэр хооронд Бааяа хоймор дахь жаазны араас нэг шил хатуу эд гарган ирж, сэржим өргөлөө. Хотоос хүмүүс ирчихсэн дээр нь Засаг дарга явж байгаа. Бүр хотыг нь эргээд малыг нь тогтоохгүй байгаа боохойг цөөлөх гэж байгаа болохоор нутгийнхан бидэнд их л хүндэтгэлтэй хандаж байв. Бидэнд ч гэлтгүй дээ. Манай малчид, хөдөөнийхөн маань ямар ч хүн ирсэн аль байдгаараа л дайлж цайлдаг зан соёлтой ард түмэн дээ. Энэ соёл алс хязгаар нутгийнханд л жинхэнэ утгаараа оршин байна.

ЧОНЫН СУРАГ ДУУЛГАСАН ХҮРГЭН ЗАЛУУ

Үдээс хойших нь доо. Биднийг элдэв юм ярьж суутал Т.Ганхуягийн үхэрт явсан хүргэн нь орж ирлээ. Т.Ганхуяг “Миний хүү үхрийнхээ сургийг гаргав уу” гэв. Хүргэн залуу “Сураг ч дуулсангүй. Хэд хоногийн өмнө арын худаг дээр ус уух гэж ирсэн байхыг Дархаа жаажаа харсан байна” гэлээ. Т.Ганхуяг “Тэгвэл цасаа бараадаад доошилж дээ. Гэхдээ биднийг өглөө Суудал хайрхнаас дурандахад үхэр огт харагдаагүй юмсан” гэв. Хүргэн нь залгаад “Та хэдийн ажил бүтэмжтэй юу. Нөгөөхөө олж харж чадав уу” гэж байна.

Бид ч барааг нь олж харсангүй гэдгээ хэллээ. Тэгтэл мань хүн “Түрүү нь Дархаа жаажаатай уулзахад чоно харагдсан талаар ярьж байна” гэв. Хажуу бөөрөө наалдаж суусан бид чонын сураг сонсоод бүгд суудлаа засаад яриаг нь анхааралтай сонслоо. Хүргэний хэлснээр бол хэдэн чоно өнөө өглөө арын шилээр даваад цаашаа Сонгинотын даваа өгссөн сурагтай. Түрүү нь Бааяагийн хэлсэнчлэн дээшээ уул руугаа нөгөө хэд маань орсон нь үнэн боллоо. Нэгэнт сураг сонссон учир Бааяа униндаа хавчуулсан утсаа шүүрээд “сүлжээнд гарчихаад ирье” гээд мордлоо. Удсан ч үгүй эргээд ирлээ. Бааяа “За би сая Дархаа жаажаа руу ярилаа. Тэдний арын даваагаар өглөө явж байсан гэж байна. Хэдүүлээ тэдний өвөлжөө рүү машинтайгаа хөдлөөд цаашаа мориор яваад даваан дээр гарч дурандъя” гэлээ. Бид ч ухасхийгээд хувцаслаад Засгийн машинд сууж хөдөллөө. Эднийхээс Дархаа жаажаагийнх 15 орчим км зайтай аж. Уул хадан дундах зам учир хоёр цаг гаруй гэлдэрсээр очлоо. Дархаа жаажаа хониндоо явж. Бид цай балгачихаад шууд л даваан дээр гарахаар мордлоо. Зарим нь “мотоцикльтой эвийг нь олоод гаръя” гэв. Ингээд нар жаргах алдад Сонгинотын даваа дээр гарч дурандлаа. Бүүр дээгүүр Их давааны энгэрт хэдэн янгир идэж байна. Доогуурхан шиг адуу, үхэр ч харагдлаа. Бидний дурандаж суусан газрын баруун доогуур юмдаг уу даа. Хуучин Дархаа жаажаагийн өвөлжөөний яг хажууд нөгөө тав чинь хэвтэж байна шүү. Түүнийг нь анх Т.Ганхуяг олж хараад бидэнд хэллээ. Бид ч бүгд дурандаад таван чоно байгааг олж харав. Яагаад ингээд тавуулаа нэг дор хэвтиж байгаа нь сонин. Өдийд нар жаргах гэж байгаа үе. Тэдний хувьд гэгээ тасрахыг хүлээж ийн хэвтэж байна гэсэн үг. Учир нь дээхэн талд нь бэлчээрлэх янгирын сүрэг болон хэдэн үхрийн байр байдлыг хэдийнээ мэдчихээд гэгээ тасрахыг хүлээж байгаа нь энэ аж. Чоно бол байгаль дээрх хамгийн шилдэг анчид юм. Сүргийн зохион байгуулалт, ан хийхэд чоно тус бүр өөр өөрийн гэсэн үүрэгтэй гэлцдэг. Нүүдэлчин монголчууд чонон сүргийн ан барих арга барил, ов мэхийг дайн байлдаанд ашиглаж, дайснаа ялан дийлж ирсэн түүхтэй. Биднийг дурандаж суутал ойр орчим хэрээ, тас шувууд эргэлдэх нь ихэслээ. Тэд бол чонын хамгийн сайн туслахууд. Хэрээ чоныг ан байгаа газарт хүргэж өгдөг бол тэд хариуд нь хоолныхоо үлдэгдлийг өгөхийг зөвшөөрдөг. Нэг ёсондоо харилцан ашигтай хамтарч ажилладаг гэсэн үг.

ХАЙГААД БАЙСАН ҮХРҮҮД НЬ ТАВАН ЧОНЫН ЯГ ДЭЭР НЬ БЭЛЧИЖ ЯВНА

Таван чонын байр байдлыг хэсэг дурандан суулаа. Тэдний ан ав нь ойрхон байгаа учир огт хөдлөхгүй оршино. Угтаа бусад үед чонон сүрэг ингэж хэвтэхдээ нэгэнтэйгээ тоглож, ноцолддог. Харин одоо анд гарах гэж байгаа учир тэд дор бүрнээ биеэ хяран чимээгүйхэн гэгээ тасрахыг хүлээнэ. Чоно их гэр бүлсэг амьтан гэж сонсож байсан. Тэгвэл бидний харсан таван чоно нэг гэр бүл байх магадлалтай гэдгийг Бааяа хэллээ. Гэхдээ энэ тавд нэг ч өлөгчин чоно харагдахгүй байгаа нь сонин. Угтаа азарган чоно өлөгчин чоно хоёр нийлсэн л бол нэгэнтэйгээ үхтэл хамт байдаг онцлогтой. Харин энд өлөгчин чоно байхгүй нь тэднийг ямар нэгэн байдлаар салгасан байх магадлалтай юм. Магадгүй ангийн учир мэдэхгүй хүмүүсийн тэнэсэн суманд өртөж үхсэн байхыг үгүйсгэхгүй юм. Түүнээс биш ороо хөөцөлдөө нь эхлэх гэж байгаа энэ үед харин ч хамт явах учиртай. Хэрэв бидний таамаглаж байгаа шиг өлөгчин чоно нь үхсэн бол эдгээр таван эр чоно айлын малыг сүйд хийх сүрэг мөн юм. Сүүлийн хоёр сарын турш эл нутгийнхны хоттой хониноос өдөрт л тав, арваар нь барьж идсэн сүрэг эднээс өөр байхгүй гэдгийг Бааяа хэллээ. Тиймээс хамгийн том, хөгшин азарган чоныг нь эхлээд унагая. Дараа нь хамгийн бага биетэйг нь гэх мэт авлая. Тэгээд хамгийн голд нь хэвтэж байгаа залуу азарган чоныг үлдээе гэж ярилцлаа. Учир нь удахгүй ороо хөөцөлдөөний цаг болно. Энэ өвөл дулаахан байгаа учир оны сүүлээр ороо нь эхлэх болов уу. Учир нь азарган чонын эр бэлгийн эс боловсорч ороо нь жигдрэхэд хасах 25 хэмийн хүйтэн орчин бүрдэх шаардлагатай. Тиймээс залуу азарган чоныг нь үлдээвэл удахгүй өлөгчин чонотой нийлж нэгэн гэр бүл болох учиртай. Чоно гэдэг нэг талдаа мал амьтны дайсан ч гэсэн нөгөө талдаа байгаль дэлхийд хамгийн хэрэгтэй махчин амьтан. Чонын тоо толгой хэт цөөрөвөл малын гаралтай өвчин ихэснэ. Тэр утгаараа малчдад ч гэсэн хэцүү болно. Тиймээс нутгийн иргэд чонотой жил мал өвддөггүй гэж ярьцгаадаг. Харин байгаа нутагтаа тоо нь хэтрээд ирэхээрээ эсрэгээрээ малчдад дайсан болж үзэгддэг. Тиймээс үүнийг зохицуулахын тулд зөв зохион байгуулалттай анг зөвшөөрөх нь аль аль талдаа ашигтай билээ.

ТАВААС НЭГИЙГ НЬ…

Сонгинотын даваанаас шууд буудчихъя гэхээр арай дэндүү хол байв. Тиймээс энэ таван чононд сэжиг авахуулахгүйгээр болгоомжтой жаахан дөхье гэв. “Зарим нь эндээ үлдээд дурандаж суу. Хоёр буутай нь доошоо бууя” гэлээ.

Ингээд Бааяа, Т.Ганхуяг хоёр буугаа аваад уруудлаа. Үлдсэн гурав нь байсан газраасаа дурандаж ажиглахаар болов. Манай хоёр яах ийхийн зуурт сэжиг авахуулахгүйгээр наад талын хамар дээр очлоо. Буудахад бас л хол харагдана. Нүдэн баримжаагаар 800 орчим метр байх гэж ойлгосон. Бааяагийн барьсан буу нь “7х64”. Гэхдээ дуран хараагүй. Харин Т.Ганхуягийн барьсан буу бол дурантай “Remington 700”. Хоёулаа л туссан байгаа нам авах л хүчтэй буу. Ашигтай тусгал нь 400 метр гэж байгаа. Харин ан маань 800 түүнээс ч хол байх магадлалтай байдаг. Гэлээ гэхдээ тэр хоёр цааш явах ямар ч боломж байхгүй. Тэр хамраа даваад хөдлөх л юм бол нөгөө тав шууд л үнэр, чимээгээр нь мэдчихнэ л дээ. Тэгэхээр яг энэ хамраасаа л хол байсан ч буудах л болж байгаа юм. Манай хоёр туршлагатай хүмүүс учир түүнийгээ мэдсэн бололтой буудах байрлалаа эзэллээ. Бид ч наана нь сэтгэл түгшин дурандаж суув. Удалгүй манай хоёрын нэг нь амаараа зурам шиг дуугарлаа. Гэтэл нөгөө тавын нэг нь сэрт гээд л босоод ирлээ шүү. Байр байдлыг нь харвал нөгөө хөгшин азарган чоно бололтой. Бидний зүг анхааралтай харж зогстол буун дуу тас хийлээ. Өндөр Алтайн уулс дунд буун дуу ч ёстой сүртэй. Тээр дээр идэж явсан янгирын сүрэг чимээ аваад Их давааг давж одлоо. Наана нь байсан үхэр, адуу тоосон шинжгүй л иднэ. Харин нөгөө тав аль хэдийнээ босон дөрвөн зүгт таран харайлаа шүү. Бидэн рүү харж зогссон хөгшин чоно газар дээрээ нам унажээ. Уул толгод дунд дөрвөн зүгт зугтсан чоныг дахин буудна гэдэг бараг боломжгүй. Ингээд зугтсан дөрвийг хаяад бид унагасан ан дээрээ очлоо. Бууны сум дал хавсраад орж. Ингэж оногдсон ямар ч ан газар дээрээ нам л даа. Нэг талдаа амьтан зовоолгүй, маш сайн буудлаа. Уг нь хоёулаа буудсан. Т.Ганхуяг дуран хараатай буутай байсан болохоор яг л барьсандаа авч. Харин Бааяагийн буу овоо хараатай ч дурангүй учир тэр хол угаасаа яаж ч онох билээ. Ингээд ангаа ганзагалаад буцаад Бааяагийн өвөлжөөнд иртэл аль хэдийнээ одод түглээ. Бид ч саяны хийсэн ангаа өөр хоорондоо ярилцаж, маргаашийн мандах нарнаар үлдсэн дөрвөн чонын барааг харах төлөвлөгөөгөө давхар хэлэлцэн хонолоо.

Зорьсон хэргээ бүтээсэн бид маргааш өглөө хотын зүг жолоо заллаа. Буурлын буян заяа оршоосон Бумбат хайрхны өвөр бэлээс алтайн хишгийг хүртсэндээ талархан буцав. Суудал хайрхны өвөрт чонын гүйдэл тосон суусан хэдхэн хоног нүд ирмэх төдийд өнгөрч одлоо.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр морь өдөр DNN.mn

2024.01.07 / НЯМ ГАРИГ

ӨВЛИЙН ДУНД ХӨХ ХУЛГАНА САРЫН
ДӨРВӨН НОГООН ЦАГААН МОРЬ ӨДӨР

Үс засуулвал: Жаргал үргэлжид ирнэ
Наран ургах, шингэх: 08.41-17.15
Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Суудал: Мод

Аргын тооллын 1 сарын 7, Адьяа гариг. Билгийн тооллын 26, Онгоц одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн байна DNN.mn

01-р сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, зүүн хагаст солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Шөнөдөө -22, өдөртөө -14 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Дорноговь аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт өнөөдөр буюу нэгдүгээр сарын 06-ны 11:24:01 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 43.15 109.01 гэдгийг ОБЕГ-аас мэдээллээ.

Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн ч учирсан хохиролгүй аж.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд 08:00-19:00 цагийн хооронд зам тээврийн нийт ослын 71 хувь нь гарч байна DNN.mn

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын даатгалын холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулахад даатгалын салбарын оролцоо, шийдлийн талаар санал солилцов.

Нийслэлийн хэмжээнд 08:00-19:00 цагийн хооронд нийт ослын 71 хувь нь гардаг бөгөөд зам тээврийн нэг ослоос үүдэн замын хөдөлгөөн дунджаар 38 минут саатдаг гэсэн тооцоолол бий. Өөрөөр хэлбэл, осолд орсон автомашин зам дээр зогсох тусам хотын замын хөдөлгөөний дундаж хурд удааширч буй.

Монголын даатгалын холбооны гүйцэтгэх захирал Ж.Батжаргал “Нийслэлийн хамгийн тулгамдсан асуудлуудыг нэг болох авто замын түгжрэлийг бууруулахад даатгалын салбараас тодорхой шийдлүүдийг боловсруулж байгаа. Тодруулбал,

Зам тээврийн осол гарахад даатгалын компани дуудах цагийг бууруулах зорилгоор хиймэл оюун ухааны тусламжтайгаар газар дээр нь үнэлгээг нь хийх боломжтой “Zuragu system” гэх технологийн шийдлийг боловсруулсан. Мөн даатгалын салбарт хэрэгжиж байгаа нэгдсэн мэдээллийн систем болох эрсдэлийн мэдээллийн зураглалаар дамжуулан Улаанбаатар хотын хаана, ямар эрсдэл гараад байгааг тодорхойлдог блокчейн технологийг шийдсэн.

Түүнчлэн эдгээр мэдээллийг нэгтгэн дүгнэлт гаргадаг даатгалын мэдээллийн санг нэвтрүүлэх шийдлийг боловсруулаад байна. Эдгээрийг нэвтрүүлснээр зам тээврийн ослыг тодорхой хэмжээнд бууруулах, хурдан хугацаанд зам тээврийн ослын шалтгааныг шийдвэрлэх, эрсдэл бүхий замыг харах боломж бүрдэж буй юм” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол эрэгтэй хүн дунджаар 67 насалж байна DNN.mn

Хүний амьдрах хугацааг тодорхойлох гол хэмжүүр нь дундаж наслалт билээ.

Монгол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт 9.4 жилийн зөрүүтэй байна. Тодруулбал 2022 оны байдлаар

  • эрэгтэйчүүд дунджаар 67.3 нас
  • эмэгтэйчүүд дунджаар 76.7 насалж байгаа талаар Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ.
зураг

“Эрчүүдийн нас баралтад 35-64 насныхан зонхилж байна. Энэ нь эрчүүдийн дунд халдварт бус өвчний эрсдэл их байгаатай холбоотой.

 

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйчдийг дэмжих менторууд ажиллаж эхэлжээ DNN.mn

Ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйчдэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх менторууд өнөөдрөөс үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу ажиллаж эхлэв.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хоёр үе шаттай сонгон шалгаруулалтаар боловсролын сэтгэл зүйчдэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх менторуудыг сонгосон. Уг шалгаруулалтад нийт 56 хүн оролцож, баримт бичиг болон ярилцлагадаа тэнцсэн 31 сэтгэл зүйч ментороор ажиллах эрхтэй болжээ.

Сургуулийн сэтгэл зүйчдийг дэмжин хамтран ажиллаж эхэлснээр 21 аймаг, есөн дүүргийн багш, ажилтан сурагчид, тэдний ар гэр, асран хамгаалагч нийт хүн амын 25 хувийн амьдралын чанарт шууд болон шууд бус эерэг нөлөөлөл үзүүлнэ гэж үзэж байна. Тухайлбал сурлагын амжилт чанар сайжрах, сэтгэцийн эрүүл мэндийн тохиолдол багасах, бие махбодын өвчлөл багасах зэрэг сайн үр дүнтэй гэж тооцоолжээ.