Categories
мэдээ нийгэм

НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Нээлттэй тендер шалгаруулалтын урилга 

2024 оны 1-дүгээр сарын 8-ны өдөр 

Тендерийн ерөнхий мэдээлэл.

Тендерийн нэр: “Шунхлай Холдинг Төв Оффис” төсөл “Шунхлай плаза” барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгааны шугам, цэвэр бохир ус, халаалт, холбоо дохиоллын ажил.

Тендерийн дугаар: Багц 1: ШП-50/2024, Багц 2: ШП-51/2024, Багц 3: ШП-52/2024

Тендер хүлээж авах хугацаа: 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр, 11:00 цаг.

Тендер шалгаруулалтын тухай товч мэдээлэл: 

ХУД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй  “Шунхлай Холдинг компанийн төв оффис”- төслийн хүрээнд Шунхлай плаза барилгын дотор цахилгаан, цэвэр бохир ус, дулаан, холбоо дохиоллын шугамын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зохион байгуулж байна.

Энэ тендерт дараах ажлуудад тендер ирүүлнэ. Үүнд:

БАГЦ 1 – ШП-50/2024 – Плаза барилгын  дотор гэрэлтүүлэг, цахилгааны ажил. 

Тусгай зөвшөөрөл БА-6.3

  1. Дотор цахилгааны монтаж, сувагчлал.
  2. Цахилгааны тоноглол, угсралт суурьлуулалт.
  3. Дотор кабель татаж угсрах.
  4. Самбар, түүний тоноглол.
  5. Бусад ажлын тоо хэмжээнд заасан ажил.

БАГЦ 2 – ШП-51/2024 – Плаза барилгын  цэвэр бохир ус, дотор халаалтын ажил. 

Тусгай зөвшөөрөл БА-6.1, БА-6.2

  1. Ус хангамж ариутгах татуурга.
  2. Дотор халаатын систем.

БАГЦ 3 – ШП-52/2024 – Плаза барилгын  холбоо дохиолол. 

Тусгай зөвшөөрөл БА-6.4

  1. Холбоо дохиолол монтаж сувагчлал хийх.
  2. Самбар, бусад тоноглол угсрах.

Тендерт оролцогч 1, 2, 3 дугаар багцуудад бүгдэд болон сонгосон аль нэг багцад тендер ирүүлж болно.

  1. Оролцогчдод тавигдах шаардлага.
  2. Оролцогч байгууллага нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, ААН байна.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг доорх хаягт хандаж 2024 оны 01 сарын 16-ны 17.00 цагийн дотор бүртгүүлэн хүлээн авна.

Тендерийг 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 11:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлнэ. Тендерийн нээлтийг 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 16.00 цагт багтаан Захиалагч дотооддоо зохион байгуулах ба зөвхөн сонгогдсон ААН-тэй эргэн холбогдоно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг авах болон энэхүү тендертэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар авч болно.

ХУД-ийн 19-р хороо, Ээрмэлийн гудамж 28-1 барилгын талбайд 

Төслийн менежер Э.Баттөр, утас: 90104191 и-мэйл: battur.e@sdec.mn

 

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Энхпүрэв: Боловсролын салбарынхны санал, санаачилгыг намынхаа бодлогод хүргэх гүүр болно DNN.mn

Ардчилсан намын Боловсролын асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдсон Э.Энхпүрэвтэй ярилцлаа. Түүнийг монголчууд Электрон жаал гэдгээр илүүт мэддэг бөгөөд 12 настайдаа их сургуульд элсэж, 24 насандаа Боловсрол судлалын докторын зэрэг хамгаалж байжээ. Мөн БСШУ-ны сайдын зөвлөх, Боловсролын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан юм.

-Таны хувьд намынхаа Боловсролын салбар хариуцсан нарийн бичгийн даргаар сонгогдсон. Ажлаа хэзээ хүлээж авав?

-Ардчилсан намын Боловсрол хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдсон. Тушаал нь өнгөрсөн жилийн 12 дугаар сарын 29-ний өдөр гарсан. Харин он гараад ажлаа хүлээж авлаа. Надтай нийлээд залуучуудын хөгжил, бизнес, гадаад харилцаа, инноваци хариуцсан гээд таван нарийн бичгийн дарга томилогдсон. Дандаа 1990-ээд оны залуучууд байгаа.

-Та бүхнийг хэт залуу, туршлагагүй гэсэн шүүмжлэл давхар явж байна. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Хүмүүс янз бүрээр л хэлж байна. Харин эдгээр залуус маань бүгд л салбар, салбартаа ажиллаж байсан, нэлээд хэдэн жилийн туршлагатай. Миний хувьд эрт төгсөөд, сургуулиа байгуулаад явсан учраас боловсролын салбарт 20 гаруй жил ажилласан. Төрд ч, хувийн салбарт ч, гадаад, дотоодын олон төсөл хөтөлбөр дээр ч ажиллаж байлаа. Хэдийгээр намын боловсрол хариуцсан нарийн бичиг болсон ч гэлээ боловсролын салбарыг улстөржүүлж болохгүй гэж миний хувьд үздэг. Харин өөрийн туршлага, мэдлэгээр олон нийтийн санаа бодол, хүсэлтийг намынхаа мөрийн хөтөлбөрт тусгах байдлаар ажиллана. Нам бус маш олон эрдэмтэн судлаач, багш нар байдаг. Тэднийхээ ч гэсэн санал, санаачилгыг намынхаа бодлогод хүргэх гүүр болно гэж бодож байгаа.

-Танай намын дарга өмнө нь энэ салбарын сайд байсан. Тэгэхээр ойлголцож ажиллахад дөхөм байх уу. Намын нарийн бичгийн даргаар ажиллах саналыг хэн тавьсан бэ?

-Л.Гантөмөр даргыг БСШУ-ны сайд байхад нь би зөвлөхөөр нь ажиллаж байсан. Хамт ажиллаж байсан учраас бүрэн ойлголцоод явна. Саналыг бол намын ерөнхий нарийн бичгийн дарга Одбаяр тавьсан. АН-ын даргын дэргэд өнгөрсөн хавар Боловсролын зөвлөл гэж байгуулагдсан. Энэ зөвлөлд одоо салбартаа ажиллаж байгаа маш олон залуу бий.

-Намынхаа мөрийн хөтөлбөрт салбарынхаа ямар асуудлуудыг түлхүү оруулж өгөх хэрэгтэй гэж харж байгаа вэ?

-Миний хувийн хүслийн жагсаалт бол нэлээд бий. Салбартаа олон жил ажилласан болохоор асуудал нь юундаа байгааг би мэднэ. Гэхдээ бид өнөөдөр байгаа нөхцөл байдалдаа дүн шинжилгээ хийсэн. Эхнээсээ шийдлүүдээ гаргаж, туршаад явж байна. боловсролын салбарыг ер нь илүү том зургаар нь харах хэрэгтэй. Манай салбар сүүлийн 30-аад жилийн хугацаанд боловсролын үзэл баримтлалаа тодорхой болгож чадаагүй.

-Гаднын маш олон хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан шүү дээ?

-Уг нь салбараа сайжруулахын төлөө л тэдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Гэхдээ сайн, сайхан хэрэгжихэд цаг хугацаа, орон зай гээд олон зүйлээс шалтгаална. Ер нь монгол хүүхдийг ирээдүйд хэн болгох вэ гэсэн баримтлах ерөнхий чиг шугамаа гаргаж ирж чадахгүй л яваад байна. Харин бид монгол хүүхдүүдийг амьдрахуйн ухаанд сургасан байх хэрэгтэй. Энэ нь аливаа зүйлс асар хурдтайгаар хувьсан өөрчлөгдөж байгаа цаг үед суралцахуйд суралцсан, юунд ч бэлэн байх чиг шугамыг бий болгох шаардлагатай гэж үзэж байгаа. Үүнийг дан ганц бид хэлээд байгаа юм биш. Өнгөрсөн 2022 онд ЮНЕСКО-гоос том хурал хийсэн. Энэ хурал дээр суралцахуйд суралцсан байх нь маш чухал гэдгийг хэлсэн. Харин манай монголчууд эрт дээр үеэсээ л бие даасан, асуудалд прагматик шинжтэй ханддаг ард түмэн. Энэ өв уламжлалдаа суурилсан, шинэ зууны технологийн дэшлийг нэмсэн буюу уламжлал, шинэчлэлийг хослуулсан арга барилаар явбал монгол хүний ирээдүйн дүр төрхийг гаргаж болно. Ингэх юм бол заавал гаднаас хайгаад байх биш үндэсний өв уламжлал, соёл, амьдрахуйн ухаанаасаа гаргаад ирэх боломж байгаа. Би өөрөө ч энэ сэдвээр докторын зэргээ хамгаалсан учраас ийм итгэл үнэмшил бий. Монгол хүний онцлогт суурилсан сургалтын арга барилыг нэвтрүүлж, суралцагч бүр маань амжилттай сурч байж бид дэлхийтэй өрсөлдөнө. “Хүүхдийг бүрэн хөгжүүлье” гээд бид 2012 онд гаргаж ирж л байсан. Үүнийгээ дараагийн шатанд гаргаж ирээд ажиллахад ямар ч асуудалгүй гэж ойлгож байгаа.

-Япон хүн, хятад хүн гэсэн өөр, өөрсдийн онцлог нь харагдаад байдаг. Түүн шиг Монгол хүн-ийг бий болгох хөтөлбөр, арга барилыг түлхүү оруулж өгнө гэж ойлгох уу?

-Бидний хайгаад байгаа арга зам нь монгол хүндээ өөрт нь байгаа юм. Дээр үеэсээ уламжилж ирсэн амьдралын хэв соёл, философи дотор нь бидний чанартай боловсрол олгох гэсэн чиг шугам нь байна. Тэгэхээр шинэ арга зүй, технологиор дамжуулаад хүүхэд нэг бүрийг шинэ зууны монгол иргэн, хаана ч амьдрах, суралцах чадвартай иргэн болгохыг зорино.

-УИХ-аас ноднин Боловсролын багц хуулийг баталсан. Та харсан байх, хэр хууль болсон гэж бодож байгаа вэ?

-Үнэхээр ач холбогдолтой хууль. Яагаад гэхээр бид салбараа багцаар шийдээд, УИХ-аас баталсан нь төр засгаас боловсролын салбарт ач холбогдол өгч байгааг харуулж байна. Тэгэхгүй бид чинь боловсролын салбар гэхээр л байшин барилга, хүртээмжийн асуудал ярьдаг. Хоёр, гурван ээлжээр хичээллэх л тухай өнгөрсөн жилүүдэд яриад байсан болохоос биш боловсролын асуудлыг багцаар нь ярьж байсангүй. Тиймээс л зөв зүйтэй хууль гэж яриад байгаа юм. Гэхдээ дотор нь эргэж харах, засаж сайжруулах зүйл, заалтууд байгаа. Түүнийгээ цаашид шинэчлээд явж болох байх. Харин ерөнхий том зургаараа бол дажгүй хууль. Нэг л зүйл байна, тэр нь нөгөө л яриад байгаа боловсролын үзэл баримтлалаа тусгаж, гаргаж ирж чадаагүй. Хэтэрхий өнөөдөр байгаа асуудлуудаа яаж шийдэх вэ гэдэг дээр анхаарсан. Энэ салбарт асуудлууд байгаа, үнэн. Түүнийгээ шийдэх ч ёстой. Харин урт хугацааны бодлого, үзэл баримтлал, чиг баримжаагаа багтаасангүй. Түүнээс биш цахим технологи, багшийн хөгжил гээд олон зүйлийг багтааж өгсөн.

-Багшийн нэр хүнд нэлээд унасан. Дээрээс нь багшийн ёс зүйн асуудал, хүүхэд зоддог, ялгаварладаг гэдэг. Тэгэхээр нэр хүнд, ёс зүйг дээшлүүлэх тал дээр юу хийвэл дээр вэ?

-Ерөнхий боловсролын сургуулийн дунд, түүнээс доош сурлагатай хүүхдүүд багш мэргэжлийг сонгож байна гэдгээс эхлээд янз бүрийн л юм ярьдаг. Гэхдээ бид багшгүй бол яах юм. Харин ч багш гэсэн энэ мэргэжлийг сонгоод, түмний хүүхдүүдийг сургаад явж байгаа хүмүүстээ бид жаахан хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Багш гэдэг чинь маш хүнд хөдөлмөр. Хөдөлмөрийн зах зээлтэй нь уялдуулж, хийж байгаа ажлыг нь цалинтай нь харьцуулбал тэнгэр, газар шиг зөрүүтэй. Ийм байхад нь хэн дуртай нь элдэвлээд л байх юм бол ирээдүйд хүчээр ч ажиллах хүн олдохгүй болно. Тиймээс бид багш нартайгаа хамтраад багшийнхаа үйл ажиллагааг зөв арга зам руу нь чиглүүлэх ёстой. Ингэж байж багш нарын ур чадвар, нэр хүндийг дээшлүүлнэ. Мөн багш нарт үнэхээр том дарамт болдог бичиг цаасны ажил нь өнөөдрийг хүртэл байсаар л байна. Хүүхдэд хичээл заана, бие даах чадварыг нь хөгжүүлнэ гэхээсээ илүү нөгөө цаастайгаа зууралдсаар ажлын цаг нь дуусдаг. Тэр бүү хэл гэртээ хариад ч түүнийгээ үргэлжлүүлэхээс өөр аргагүй байдалд хүрдэг. Энэ бүхэн нь багш нарын хүсэл эрмэлзлэлийг мохоодог, стресстүүлдэг гол хүчин зүйл болж байна. Багшийн хөгжил гэхээр л бид ширээ сандал, зөөврийн компьютер ярьдаг.

-Багшаар ажиллах хүн олдохгүй, хүний нөөцийн хомсдолд орсон гэдэг дээр юу хэлэх вэ?

-Тийм зүйл бараг байхгүй. Алс хязгаарын сумдад бол байгаа. Хомсдолд орохуйц нөхцөл байдал байна шүү гэсэн судалгааны үр дүнгүүд бол бий л дээ. Гэхдээ л нийт массаар нь аваад үзвэл харьцангуй гайгүй. Мэдээж үүнд нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйл нь цалин. Харамсалтай нь өнөөдөр шууд май гээд өгөх 1000 ам.долларын эдийн засгийн чадвар бидэнд алга. Нэгэнт цалинг нь нэмж чадахгүй юм чинь багшийн хөдөлмөрийг хөнгөвчлөх хэрэгтэй. Бичиг цаасыг нь болиулаад, үнэлгээг нь шударга болгох ёстой. Багшийн гүйцэтгэлийн үнэлгээг хүний оролцоогүй болгомоор байгаа юм. Хүн оролцоод ирэхээр л болохоо байчихаад байна. Удирдлагуудтайгаа сайхан харьцаатай ч чадваргүй нь гайгүй үнэлгээ авдаг. Үнэхээр хүүхдийн төлөө ажилладаг, сурагчдаа чадавхжуулж чаддаг ч удирдлагатайгаа муу харилцаатай нь муу үнэлгээ авдаг байж болохгүй. Ийм төрлийн гомдол, бодит жишээ олон бий. Бид үнэхээр цахим үндэстэн болно л гэж байгаа бол энэ мэт ажлаас эхлэх хэрэгтэй.

-Улстөржүүлж болохгүй салбар гэж та түрүүн хэлсэн. Гэтэл босоо удирдлагатай, нийслэл, дүүрэг, аймгийн Боловсролын газрын дарга нараас элдэв шийдвэр, албан бичгээр багш нарыг дарж байдаг байдал одоо ч хэвээрээ байх шиг. Үүнийг өөрчилж, улс төр, даргаас ангид байлгаж болох уу?

-Ардчилсан нам өөрөө үнэт зүйл, эрх чөлөө хувь хүний хэрэгцээ шаардлагыг хүндэтгэдэг улс төрийн хүчин. Тийм ч болохоор манай намын бодлого, монголчуудын үзэл санаа, уламжлалт соёл, философитой нийцдэг юм шиг санагддаг. Бид ардчилалд их нийцтэй, асуудалд прагматик ханддаг, их хэрсүү ард түмэн гэж ойлгодог. Гэвч энэ салбарыг улстөржүүлж, дарга нарын тушаал шийдвэрээр явуулаад байгаа тохиолдол байгаатай санал нэг байна. Улсын хөгжлийн хамгийн чухал зүйл нь хувь хүний хөгжил. Харин хүнээ хөгжүүлэхийн тулд нам гэж талцаж, улстөржих огт шаардлагагүй. Зарим улс орнууд мэргэжлийн зөвлөлүүд байгуулсан байдаг. Тэдгээр нь тулгамдаад байгаа асуудлууд, сургуулийн захирал нь хэн байхыг шийддэг. Минийхээр бол төр гол бодлогоо гаргадаг. Түүнийг нь хэрэгжүүлэх илүү нээлттэй байвал улстөржихгүй болно. Төрийн зарим чиг үүргийг ч хувьд шилжүүлэх ёстой. Хувийн сургуулиуд чинь зах зээлийн зарчмаар явдаг учраас хэрэглэгчээ татах шаардлагатай. Ингэхийн тулд чанартай үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй. Чанартай байхын тулд гадна, дотнын маш олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг, туршлагууд нэвтрүүлж байдаг. Тиймээс тэдгээрийн туршлага, инновацийг төрийн өмчит сургуулиудад нэвтрүүлж болно.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ

Өнөөдөр бич өдөр DNN.mn

Аргын тооллын нэгдүгээр сарын 9, Ангараг гариг. Билгийн тооллын 28 , Эрхтний тэнгэрт одтой, хар бич өдөр. Өдрийн наран 08:40 цагт мандан, 17:18 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн байна DNN.mn

Цаг агаарын урьдчилсан мэдээ:

Өнөөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -25…-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Ерөө, Эг, Үүр, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -14…-19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3…-8 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -12…-14 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -14…-16 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -13…-15 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -20 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Categories
story-news

ТОЙМ: Жуулчдад хонь бэлэглэх нь найран дээр “Халзан цагаан хонь аваарай” гэдгээс огт өөр үр дагавартай даа…

ТОЙМ: Жуулчдад хонь бэлэглэх нь найран дээр “Халзан цагаан хонь аваарай” гэдгээс огт өөр үр дагавартай даа…

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Жуулчдад хонь бэлэглэх нь найран дээр “Халзан цагаан хонь аваарай” гэдгээс огт өөр үр дагавартай даа…” гэв DNN.mn

Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монгол Улсын зөвлөх инженер, техникийн ухааны доктор Г.Ёндонгомбо “Сэргээгдэх эх үүсвэрийн гэрээнүүдийн үнэ өндөр байсан болохоор нөлөө нь одоо ч дуусаагүй л байна” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

“Финанс холдинг” ХХК-ийн захирал Б.Энхцэцэг “Мах экспортлох эрхгүй компаниуд эрх авсан компанидаа махны кг тутамд гурван юань, чингэлэг тутамдаа 100, 150 сая төгрөгийн хөлс төлдөг” хэмээн ярилаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Жуулчдад хонь бэлэглэх нь найран дээр “Халзан цагаан хонь аваарай” гэдгээс огт өөр үр дагавартай даа…” гэв. 

АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Арванхоёрдугаар сарын жаврыг түлшний хомсдолтой давсан хөдөөнийхөн

Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар “Цасыг хуссаны дараа давсаа цац” хэмээв.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт Хуульч, өмгөөлөгч Ш.Алтангадас “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохтой холбоотой шинэчлэлийн журам батлагдаагүй учраас үл ойлголцол гарсан байх” гэлээ.


 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Шатахуун өгөөгүй” гэх шалтгаанаар түгээгч эмэгтэйг түлхэж унагасан Н-ийг 100 мянган төгрөгөөр торгожээ DNN.mn

“Шатахуун өгөөгүй” гэх шалтгаанаар түгээгч эмэгтэйг түлхэж унагасан этгээдийг 100 мянган төгрөгөөр торгожээ.

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 10-нд Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт тус дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх станцын гадна жолооч нар маргалдаж, зодолдсон гэх дуудлага бүртгэгджээ.

Шатахуун түгээгчийг зодсон  иргэн Н-ийг Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Халтиргаа гулгаанаас үүдэлтэй 4945 хүн яаралтай тусламж авчээ DNN.mn

2024 оны нэгдүгээр сарын 5-наас 7-ны хооронд буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд Гэмтэл, Согог Судлалын Үндэсний Төв(ГССҮТ) болон Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 1,225 хүн тусламж үйлчилгээ авчээ.

Осол, гэмтлийн дийлэнх шалтгааныг уналтын шалтгаант бэртэл гэмтэл эзэлж байгаа бөгөөд сүүлийн өдрүүдэд халтиргаа гулгаа болон цана чаргатай холбоотой тохиолдол эрс нэмэгдэж байна.

Эдгээр өдөр

  • халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэл гэмтэл авсан 267,
  • цана чарганаас унаж гэмтсэн 47 хүн яаралтай тусламж үйлчилгээ авчээ.

Өнгөрсөн 2023 оны нэгдүгээр сарын 5-наас 7-ны хооронд халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэл гэмтэл авсан 219, цана чарганаас унаж гэмтсэн 61 тохиолдол бүртгэгдэж байжээ.

Зөвхөн халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр:

  • 2022 оны арваннэгдүгээр сараас 2023 оны нэгдүгээр сар хүртэл 3,749,
  • 2023 оны арваннэгдүгээр сараас 2024 оны нэгдүгээр сар хүртэл 4,945 хүн яаралтай тусламж үйлчилгээ авсан байна.
Халтирч унах бэртэл гэмтлийн дийлэнх хувь нь гавал тархи, гар сарвуу, тохой, шуу, хөлийн шилбэ, өвдөг, хүзүү нуруу, аарцаг ясны гэмтэл авч буй юм.

Гэмтлийн хувьд зөөлөн эдийн бэртэл, доргилт, хөхрөлт, няцралтаас илүү мөчдийн хугарал зонхилон тохиолдож байгаа. Хүнд хэлбэрийн гэмтэлд гавал ясны хугарал, тархины эдийн гэмтэл, аарцаг нуруу, хөлийн шилбэ болон дунд чөмгийн хугарал багтаж байна.

Эх сурвалж: ГССҮТ

Categories
мэдээ нийгэм

Ц.Төрхүү: Иргэд өөрсдийн амьдарч буй хотхон, хорооллын СӨХ-нд шаардлага тавих хэрэгтэй DNN.mn

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү хот тохижилт, нийтийн аж ахуйн ажлын шинэ зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө.

Тодруулбал, хот, нийтийн аж ахуйн ажил болох  цэвэрлэгээ үйлчилгээ, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн арчилгааны ажлууд 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс дүүргүүдэд шилжсэн. Энэ хүрээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын цэвэрлэгээ, үйлчилгээ, ногоон байгууламж хариуцсан 379 албан хаагч, 68 машин механизмыг дүүргүүдэд хуваарилан, шилжүүлээд байна.

Энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Өмнө нь хот нийтийн аж ахуйн ажлыг УБЗАА-наас удирдан зохион байгуулдаг байсан. Одоо уг ажлыг дүүргүүдэд шилжүүлснээр хариуцсан ажлаа илүү шуурхай зохион байгуулах, хяналт тавих, хариуцларгыг сайжруулах боломж нэмэгдэж байгаа юм. Ингэснээр УБЗАА зөвхөн бодлогын асуудалд төвлөрч, хяналт тавин ажиллана. Мөн иргэд, аж ахуйн нэгжүүд болон СӨХ-д өөрсдийн эзэмшлийн болон орчны 50 метр зам, талбайгаа цэвэрлэж хэвших хэрэгтэй. УБЗАА-наас СӨХ-д шаардлага тавих хууль, эрх зүйн орчин байдаггүй. Тиймээс иргэд өөрсдийн амьдарч буй хотхон, хорооллын СӨХ-нд шаардлага тавьж, зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулах хэрэгтэй байна. Өнөөдрийн Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга “Цас ормогц нэн түрүүнд цасыг хусаж, давс, бодисоо цацан, хайлмагц нь дахин түрж, цэвэрлэх байдлаар ажиллах” үүрэг даалгаврыг өгсөн. Өмнө нь хусалт хийгээд, давсаа цацаад үлдэгдлийг нь цэвэрлэхгүй орхидог байсан. Энэ байдлыг халж, шинэ зарчмаар ажиллана. Одоогоор өдөрт нэг удаа бодис цацаж, өндөрлөг, өгсүүр замд давс цацан ажиллаж байна” гэв.

2024 оны нэгдүгээр сарын эхний долоо хоногт 24 байгууллагын 584 зам, талбайн үйлчлэгч, 98 машин техниктэйгээр зам талбайн цэвэрлэгээнд ажиллажээ. Өнөөдрийн байдлаар халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй өгсүүр замууд, алслагдсан болон зуслангийн замуудад цэвэрлэгээний 24 байгууллагын 650 зам, талбайн үйлчлэгч 105 машин техниктэйгээр ажиллаж байна. 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Хот тохижилтын газар, дүүргүүд, хувийн хэвшлийн тохижилт үйлчилгээний компаниуд нийт 4659 тонн бодис, 5603 тонн давс нөөцөлсөн. 2024 оны нэгдүгээр сарын 7-ны байдлаар 1014.2 тонн бодис, 1213 тонн давсны үлдэгдэлтэй байгаа юм. Энэ нь ойрын хоёр сарын хугацаанд хангалттай хүрэлцэхүйц хэмжээ гэдгийг албаныхан онцолж байлаа.

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:

-Дүүргүүдэд хот нийтийн аж ахуйн ажлын төсөв, хүн хүч, техник, тоног төхөөрөмжийг шилжүүлснээр илүү шуурхай зохион байгуулалтаар ажиллах боломж бүрдэж байгаа. Өмнө нь дүүргүүд, Хот тохижилтын газар, УБЗАА тус бүр хэсэгчилсэн зам, талбайг хариуцан ажилладаг байсан нь ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэдэг байсан. Харин одоо тухайн дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам, талбай халтиргаа гулгаа, цас мөстэй байвал тус дүүргийн ажил хариуцсан этгээдүүд ажлаа хариуцлагагүй хийж байна гэж ойлгож болно. Бидний зүгээс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дүүргүүдийн тохижилт, үйлчилгээг хариуцаж буй албан хаагчдын холбогдох мэдээллийг нээлттэй мэдээлнэ. Ингэснээр олон нийтийн хяналт сайжрах юм. УБЗАА бодлогын болон стандартын шаардлага, хяналтыг тавьж ажиллана.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 67 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны нэгдүгээр сарын 2-7-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 67 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, долоон гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг  гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 43 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 822 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт хоёр хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, нэг хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 807 хэрэг шалгагдаж байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан Э нь гүйцэтгэх ёстой үйлдлийг гүйцэтгэсний хариуд бусдаас хахууль авсан гэх;
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Налайх түгээх төвийн Н нар эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.