Categories
мэдээ нийгэм

Нийтийн байрны орчин, нөхцөлд шалгалт хийхэд 8046 зөрчил илрэв DNN.mn

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-20-ны хооронд хяналт шалгалт явуулжээ.

Уг шалгалтын дүнг өчигдөр танилцуулав.

Нийтийн байрны барилга байгууламжийн стандарт, эрүүл ахуйн халдвар хамгаалал, төлөв байдал, байгаль орчны хяналт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулах, галын аюулгүй байдлын стандарт болон харьяа дүүрэгтээ бүртгүүлж, гэрээ байгуулсан эсэхийг шалгажээ.

Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, гарсан дүгнэлтэд үндэслэн нийслэлийн хэмжээнд нийтийн байрны үйлчилгээ эрхлэх шаардлага, стандарт болон зохицуулалтын талаар зөвлөмж гаргах аж.

Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 768 байр байдгаас 749 нь хувь хүнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Баянзүрх дүүрэгт хамгийн их буюу нийтийн 204 байр байгаа бол Багануур дүүрэгт хамгийн бага буюу нийтийн хоёр байр бүртгүүлжээ.

Хяналт шалгалтаар нийтийн байрны үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн орчин сул, төрийн захиргааны байгууллагад бүртгэлгүй, төрийн зохицуулалт, хараа хяналтаас орхигдсон тул байр, үйлчилгээнд тавигдах стандарт шаардлага байхгүй, нэг хүний амьдрах орчны стандарт зөрчигдсөн, байгууламж шатах эрсдэлтэй болон орчны аюулгүй байдал алдагдсан зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.

Энэ хүрээнд нийт 8,046 зөрчил илрүүлж, 1,031 мэдэгдэл, 964 зөвлөмж, 124 шаардлагыг тус тус хүргүүлэн, 14 иргэнд торгуулийн арга хэмжээ авсан бол 306 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Юун түрүүнд нийтийн байрны тодорхойлолтыг тогтоох, нийтийн байранд амьдарч буй иргэдийг бүртгэлжүүлэх, стандарт боловсруулах, түрээслэгч, түрээслүүлэгч хоёр талд хариуцлага тооцдог системийг нэвтрүүлэх зэрэг зохицуулалтыг нарийн тусгах шаардлага бий болж байна.

Эдгээрийг боловсруулсны дараа Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүрээнд Нийслэл хотын дүрэмд “нийтийн байрны ашиглалт, зохицуулалт” гэсэн заалтыг тусган батлуулах боломжтой болох юм. Ингэснээр Нийслэл хотын иргэдийн амар тайван, аюулгүй орчинд ажиллаж амьдрах, аюулгүй, чанартай үйлчилгээ авах нөхцөл нэмэгдэх бөгөөд объектуудад үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурах, оргодол болон сэрдэгдсэн этгээдүүдийг олж тогтоох, галын аюулгүй байдлыг хангах, эрүүл ахуйн шаардлага хангасан орчныг бүрдүүлэх ач холбогдолтой” гэв.

Шалгалтын бүрэлдэхүүнд 161 албан хаагч ажиллажээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Арванхоёрдугаар сарын жаврыг түлшний хомсдолтой давсан хөдөөнийхөн DNN.mn

АЙМАГ РУУ БЕНЗИН ХАЙЖ ЯВАХДАА ЗАМАА ДӨТЛӨХ ГЭЭД НУУРЫН МӨСӨНД ЦӨМРӨН ОРЖЭЭ

Өвөрхангайн замд үхчихсэн үхэр, адуу хэд хэдэн удаа таарсан. Өвсөө дарсан цастай, дээр нь жавартай учраас бог мал эхнээсээ үхэж байгаа нь тэр аж. Баянхонгор, Говь-Алтай аймгуудад харин цас багатай ч хүйтэн, мөн шуургатай байв. Харин Ховдод мал зулгаах өвстэйн дээр амны цангаа тайлчих цастай байна. Бид аймгийн төвөөс хойшоо Чандмань сум руу хөдөллөө. Идэр хүйтэн дундаа орж байгаа ч цаг агаар хасах 12 хэм байгаа нь дулаахан гэсэн үг. Өвлийн улиралд аймаг сум хооронд гэдэг нь болох шиг боллоо. Ийм төр засагтай байгаадаа гутарч явах юм. Заримдаа ч би өөрөө буруутай юм шиг санагддаг. Гэхдээ одоо нэгэнт Монголд монгол хүн болоод төрчихсөн юм чинь амьдрахгүй гээд яах билээ. Бид ч яах вэ, тэтгэвэртээ суучихсан хүмүүс. Харин үр хүүхдүүд минь ийм эх оронд үлдэнэ гэхээр өөрийн эрхгүй сэтгэл харанхуйлах юм” хэмээн цөхрөнгөө баран сэтгэгдлээ хуваалцлаа. Бид аймгийн Онцгой байдлын газар руу утсаар ярьж, тусламж дуудчихаад сум руу явахдаа гурван хүүхдийг нь суулгаад хөдөллөө. Сүүлд утсаар холбогдоход “Онцгойгийнхон түргэн ирсэн. Эхнэр бид хоёр автомашинаа татуулж гаргаад чирүүлээд аймаг орсон. Хабрид автомашин болохоор батарей, мотор гээд хамаг юмыг нь солихоос нааш асахгүй гэж байна лээ. Тэр сэлбэгийг нь авах гэж бараг нэг автомашины үнэ зарлагадах юм билээ. Тэгэхээр нь шууд сэлбэгт хямдаар өгчихлөө. Гарах ёстой юм нь гарч байгаа юм байлгүй. Угтаа бензин, түлш сум орон нутагт чөлөөтэй өгч байсан бол хаанаас ийм юм болох билээ. Одоо тэгээд эд хөрөнгөөрөө хохирсон хүмүүс бид хэнээсээ ч энийгээ төл гэж шаардах юм билээ” гэлээ. Бензин түлшний асуудал зөвхөн нэг айлд л ийм том асуудал болж байхад нийт иргэдийн хувьд ямар байдалтай байх нь тодорхой биз.

“ХОТ ОРОХ УНАА БАЙНА УУ”

Бид Ховд аймгийн Чандмань суманд зорьсон ажлаа амжуулчихаад буцаад аймаг орж, тэндээсээ Улаанбаатар хот руу хөдлөхөөр боллоо. Арванхоёрдугаар сарын эхний долоо хоног дулаахан байсан ч биднийг буцах үед буюу 10-12-ны өдрүүдэд дахин хүйтэрч эхэллээ. Цасан шуургатай өглөө сумын төвөөс нэг унаа олоод аймаг руу хөдөллөө. Аймагт ирээд хот руу явах санаатай фэйсбүүкээс зар хайтал ихэнх нь бензин, түлшгүй гээд зогссон байв. Дахиад л түлш, шатахууны асуудал яригдлаа. Үнэндээ Монгол Улс бензин, түлшгүй, эрчим хүчгүй бол хаана ч амьдрал таг зогсох юм билээ. Ховдоос хот руу явах санаатай хүмүүс олон. Энд тэнд л хот явах унаа байна уу гэцгээгээд л. Ингээд үдээс хойшихно нэг танил маань залгаж байна. Тэрээр “Нэг автобус хот руу өглөө хөдөлнө гэнэ. Гэхдээ замаасаа түлш олдвол орох байх гэсэн. Олдохгүй бол Говь-Алтайд бас түлш хүлээж зогсоно гэдгээ анхааруулан хэлж байна шүү. Тэр унаанд суугаад явах уу” гэлээ. Бид ч өөр аргагүй учир тэр автобусанд суугаад явахаа хэллээ. Ингээд маргааш өглөө Ховдын захаас улаан, том оврын автобусанд суугаад хотын зүг хөдөллөө. Жолооч нь Н.Баяр гэх хүн юм байна. Жолоочоос яаж түлш олсныг нь асуулаа. Тэрбээр “Манай нэг танил Хөшөөтийн уурхайд ажилладаг юм. Тэр хүнээр дамжуулаад 100 литр түлш авахууллаа. Одоо хэдүүлээ энэ түлшээрээ ямартай ч Говь-Алтай орчихно. Цаашлаад Баянхонгор бараг дөхчих байх” гэж байна. Бас л эрсдэлтэй юм ярилаа. Хот руу явах хүн их байсан ч бидний явсан автобус дүрмээ баримтлаад хүн хэтрүүлж авч явсангүй. Хол газар, дээр нь түлш ховор үед тэр нь ч зөв байх. Аймгаас биднийг хөдлөхөд нэг настай эмэгтэй “Эмээгээ аваад явчихаач ээ. Эмээ нь хотод очиж ач нараа харахгүй бол сургууль амарчихсан хэцүү байна, хүү минь” гээд жолоочоос гуйсан. Тэр эмээг л авсаныг эс тооцвол хүн бүр суудалдаа яг тоогоороо суугаад явлаа. Ховдоос Дарви ортол замын мөс, цас гайгүй байсан. Гэтэл Дарвиас цааш Говь-Алтай хүртэл ёстой нүдгүй цасан шуурга тавилаа даа. Жолооч ч болгоомжтой гэлдэрлээ. Шаргын говь, Ээвийн тал хэзээний л цас ордоггүй газар. Гэвч энэ өдөр чамгүй их цас орж байна. Автобусанд явсан хүмүүс дор бүрнээ чимээгүйхэн түгшин явлаа. Түлш хомс, дээр нь цасан шуурганаар засмалаас гарах боломжгүй том оврын автобустай явж байгаа хүмүүс шүү дээ. Бүгд л ямар нэгэн муу зүйл битгий болоосой хэмээн залбирч явах шиг. Ээвээс цаашаа хэсэг явсаар Баарангийн даваа өөд өгслөө. Бидний урдаас ирж явсан ачааны том тэрэг ёстой хөдөлж байгаа нь мэдэгдэхгүй шахам л даваа уруудаж явна. Ёстой нөгөө элгээрээ мөлхөх шахам л явж байв. Бид өгсөж байгаа ч замын гулгаа их, зарим газартаа автобус нааш цааш шарвах нь айдас хүрмээр. Юутай ч бид Говь-Алтай аймгийн төв орж ирлээ. Цасаар шуурсаар л. Колонк болгон дээр зогслоо. Түлш өгч байгаа нэг ч газар байсангүй. Ингээд цаашаа Баянхонгор хүртэл бараг 400 км. Замаасаа бага зэрэг түлш нэмэхгүй л бол аймаг орох эсэх нь эргэлзээтэй байв. Автобусанд явсан зарим зорчигчид таньдаг хүмүүс рүүгээ утсаар ярьж зам зуур түлш байгаа эсэхийг лавлав. Нэг идэрхэн насны залуу Бацагаан дээр түлш өгч байгаа юм байна гэдгийг хэллээ. Жолооч “Ахын дүү наад хүнээ түлшээ хадгалж байгаарай гээд захьчихгүй юу” гэж байна. Ингээд аймгаас цаашаа Баянхонгор руу бид хөдөллөө. Түлш, цасан шуурга гээд хоол унд идэхээ ч мартсан гэлтэй. Хүн бүр явдал дундаа өөр өөрсдийн бэлдсэн хүнсээ хэрэглэн явав. Говь-Алтайгаас цааш Дэлгэрийн тал өнгөрөөд Үнээ ус дээр уг нь хоол идэх гэж зогссон. Гэвч тэндхийн гуанзууд ажиллахгүй байв. Учир нь түлшгүй болоод аймгаас хүнсээ татаж чадаагүй байгаа гэнэ. Бас л нөгөө түлшний асуудал замын хоолны газруудыг ч зүгээр өнгөрөөсөнгүй бололтой. Түүнийг сонссон зарим зорчигчид уурлаж, үглээд автобусандаа суулаа. Монгол Улс нээрээ яаж хөгжинө дөө гэцгээх хүмүүс их байв. Зарим нь “Түлш шатахуунаа шийдэж чадахгүй байгаа хүмүүсээс том зүйл хүлээх хэрэг байна уу. Ардчилал, эрх чөлөө гээд ярьдаг. Олон гадаад хүмүүстэй уулзлаа л гэдэг. Тэгээд бидэнд наалдацтай ямар шийдвэр гаргасан бэ. Хойшоо оросуудынхаа уурыг хүргэж байгаад л түлш, шатахуунаа тасдуулаа биз дээ” гэж ярих хүн ч байна. Тэр яриаг нь дэмжээд “Оросууд биднийг боож байхгүй юу даа. Наадах чинь цаагуураа улс төр явж байгаа юм” хэмээн айхавтар геополитикийн асуудлыг хөндөх улсууд ч байх юм. Автобусан доторх хэсэг хүмүүсийн ярианаас харж байхад асуудал бидэнд биш Оросуудад байгаа юм шиг ойлгогдоно. Эрх баригч намыг дахин гаргахгүй ёсгүй шүү л гэнэ. Зарим нь МАН-аас өөр олигтой улс төрийн нам байхгүй шүү дээ. Хүссэн хүсээгүй бид МАН-ыг дахин сонгоно ч гэж мэр сэр ярьж байгаа нь дуулдлаа. Цасан шуурга үргэлжилсээр.

ХОВДООС УЛААНБААТАР ХҮРТЭЛ 1000 ГАРУЙ КМ ҮРГЭЛЖИЛСЭН ЦАСАН ШУУРГА

Угтаа Говь-Алтайгаас гараад бараг 200 гаруй км явсан ч шуурга намдсангүй. Бүр ширүүсэх маягтай. Автобусны цонхоор харж явахад нийт нутгаар цас их дарах шинжтэй. Зарим малчид малынхаа хойноос нааш цааш гүйлдээд тууж байгаа нь хүндхэн харагдав. Энэ цасан шуурган дунд яагаад явган малаа тууж, хөөгөөд байгаа нь сонин. Мотоцикльтойгоо явахаар бензингүй. Автомашинтайгаа явахаар түлшгүй. Морьтойгоо явахаар тэжээлгүй. Тиймээс явган малаа хариулж байгаа нь энэ аж. Хөдөөнийхнийг яг энэ үед л их өрөвдлөө. Үнэхээр тэдний амьдралд түлш, шатахуун ямар их хэрэгтэй байдгийг мэдрэх шиг. Чандмань, Дарви суманд ажиллаж байхад түлш, шатахуунаас болоод өвөлжөөндөө буугаагүй айлууд ч их байсан. Идэр есийн хүйтнээр өвөлжөөндөө буугаагүй гэхээр ямар хүндхэн өвлийг туулж байгаа нь ойлгомжтой биз ээ. Бид явсаар Бацагаан сум орж ирлээ. Нөгөө залуугийн түлш ашгүй байж байна. Гэхдээ гучин литрийг л өгнө гэнэ. Чамлахаар чанга атга гэгчээр нэмүүлж аваад цааш явлаа. Шөнө дөлөөр Баянхонгорт ирлээ. Энд ч түлш алга. Шөнөжин бүх колонкоор түлш хайж яваад олдсонгүй. Яах ч аргагүй эндээ бид хонохоор боллоо. Автобусны жолооч тэр хугацаанд ийш тийшээ ярьж түлш сураглаж байна. Хүн болгоны ад үзээд байдаг “хувийн” гэх тодотголтой колонк байдаг даа. Угтаа бүх колонк л хувийнх. Гэхдээ “Хөрс” гээд колонкийн түгээгчтэй жолооч ярьж байна. Тэдний хэлж байгаагаар өглөө түлш ачсан машин орж ирнэ гэлээ. Бид хүлээж байгаад авахаас өөр аргаггүй. Харин ч өглөө ирж байгаа нь бидний хувьд баярт мэдээ юм. Ингээд аймагт зарим нь автобусанд зарим нь таньдаг айлдаа, зарим нь гуанз, буудалд орж хонолоо. Өглөө 10 цагийн үед мөнөөх түлш ачсан автомашин орж ирэв. Ингээд түлшээ аваад бид хот руу хөдөллөө. Бас Өвөрхангайгаас жаахан нэмэхгүй бол яг таг Улаанбаатар хот хүрэхгүй гэдгийг жолооч хэллээ. Явсаар Өвөрхангай орсон ч бас л түлш байсангүй. Цааш явлаа. Элсэн тасархай, Эрдэнэсант бас л түлшгүй явсаар Лүн орлоо. Харин аз болж Лүнгийн “Сод” түлш өгч байна гэнэ. Бушуухан яваад очтол бас л гучин литрийг өгнө гэлээ. Түүнийг нь аваад хот арай ядан орж ирлээ дээ. Ховдоос гарахад цасан шуурга нүдсэн. Хотод орж иртлээ шуурга намдсангүй. Баянхонгорт бол айхавтар цасан шуурга болж, зарим газар зам ч тасарч байсныг бодохоор айдас хүрэх шиг. Арванхоёрдугаар сарын жаврыг түлш шатахууны хомсдолтойгоор арай ядан Ховдоос хотод ирсэн бидний зам ийн хүнд, эрсдэлтэй нөхцөлд байлаа. Гэхдээ бид ч төв замаас холдолгүй явж ирцгээсэн хүмүүс. Харин төв зам битгий хэл төв суурин газраасаа хол, уулын мухарт, талын голд хэдэн малынхаа төлөө амиа өгөхөөс наагуур яваа хөдөөнийхөнд энэ сарын жавар, бензин, шатахууны хомсдол амьдралд нь ямар том бэрхшээл дагуулсаныг хэн ч мэдэхгүй биз ээ…
Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм цаг-үе

20 аймгийн 166 суманд өвөлжилт хүндэрчээ DNN.mn

Улсын хэмжээнд долоон аймгийн 15 суманд төмөр зудын, 17 аймгийн 81 суманд цагаан зудын, 16 аймгийн 66 суманд цагаанаар зудархуу, хоёр аймгийн дөрвөн суманд харын зудын буюу нийт 20 аймгийн 166 суманд өвөлжилт хүндэрсэн байна.

Үүнээс онцлоход төмөр буюу шилэн зуд гэдэг нь намар орой орсон цас дутуу хайлж мөстөж хөлдсөнөөс мал бэлчээхэд бэрхшээлтэй болж, малын хөлийн арьс зулгарч өвөлжөө бууц хөлдөх гамшигийг хэлнэ.

Тиймээс ОБГ-аас мал сүргээ холын бэлчээрт гаргахгүй байх, малын хашаа саравчаа дулаалах, малд явахдаа ердийн унаа хөсөг ашиглах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, байгалийн аюулт үзэгдлийн үед гадагшаа гарахгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

АТГ: “Ногоон автобус“-ыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийснийг тогтоосон DNN.mn

Авлигатай тэмцэх газраас ногоон автобусны гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ.

Одоогоор 27 хүнийг яллагдагчаар татан шалгаж буй бөгөөд автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийсэн гэдгийг тогтоожээ.

Тодруулбал, АТГ автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарсныг тогтоон, хохирол 134.5 тэрбум төгрөг хэмээн үнэлжээ.

Үүнээс мөрдөгчид 11.9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Ёндонгомбо: Сэргээгдэх эх үүсвэрийн гэрээнүүдийн үнэ өндөр байсан болохоор нөлөө нь одоо ч дуусаагүй л байна DNN.mn

Монгол Улсын зөвлөх инженер, техникийн ухааны доктор Г.Ёндонгомботой ярилцлаа.


-Энэ өвөл монголчуудын хувьд чанга байна. Оны өмнө шатахууны хомсдол, эрчим хүчний хязгаарлалтад орлоо. Стратегийн бүтээгдэхүүн нэг улсаас хараат байх нь ийм аюултайг харж байна. Харин та бодит нөхцөл байдлыг хэлж өгөхгүй юу?

-Аюулын зах зух нь мэдрэгдсэн. Мэргэжлийн биднээр зогсохгүй бүх монгол чууд л анзаарах шиг болсон. Өвлийн их ачаалалтай зэрэгцээд л бага багаар хязгаарлалт хийж эхэлсэн. Манай суурилагдсан хүчин чадал дээр ОХУ-ын импорт нэмээд хэрэглээний өсөлтийг дийлэхгүй байна. Сүүлийн жилүүдэд шөнийн хөнгөлөлт хэрэгжүүлснээс болж цахилгаан халаагуур их нэмэгдсэн байдал харагдаж байна. Халаалтаа цахилгаанаар шийдчихсэн хэрэглэгчид ийм хүйтэн өвөл 17-22 цагт халаагуураа таслахгүй л дээ.

-Манай улсын эрчим хүчний хэрэглээ жилд хэдэн хувиар өсч байна вэ. Нөгөө талд эрчим хүчний үйлдвэрлэл маань өсөн нэмэгдэж байгаа хэрэглээгээ гүйцэж чадах нь уу?

-Жилд ойролцоогоор долоо орчим хувь өсч байгаа. 2023 оны албан ёсны тоог энэ хавар Эрчим хүчний зохицуулах хороо зарлах байх. Түрүүлж хөгжих ёстой салбар гүйцэх байтугай одоо моодонд орсон хэллэгээр “улных” болсон юм биш үү.

-Сэргээгдэх эрчим хүч нийт чадлын хэдэн хувийг эзэлдэг юм бэ?

-Эх үүсвэрийн бүтцийг авч үзвэл импорт 21 хувь, сэргээгдэх эрчим хүч долоон хувь. Үлдсэн 72 хувь нь нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станц байна гэдгийг судлаачид 2022 оны түвшинд гаргасан.

-Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй хэрнээ энэ салбар ерөөсөө дорвитой хөгжихгүй юм. Сэргээгдэх эрчим хүчний үнэ өндөр байна гэдэг. Энэ нь ямар шалтгаантай юм бэ?

-Сэргээгдэхийн үнэ өн дөр гэхээсээ дулааны цахилгаан станцуудын үнэ тариф хэт доогуур байгааг анхаарах ёстой. Эрчим хүчний салбарыг өнөөгийн хүнд байдалд оруулсан гол шалтгаан бол уламжлалт эх үүсвэрүүдийн үнэ тариф бага байгаагаас болж байна шүү дээ.

Үүнийгээ засч залруулж чадвал сэргээгдэх эрчим хүчний үнийн нөлөө тийм ч их биш. Яваандаа алга болох асуудал.

-Ингэхэд сэргээгдэх эрчим хүчний үнийг бодлогоор өндөр байлгаад байна уу. Оросын цахилгааныг авахаас өөр сонголтгүй болгох гээд байдаг юм уу?

-Сэргээгдэх эрчим хүчний хууль батлагдаж нар, салхины станц олноор баригдах үеийн сэргээгдэх эх үүсвэрийн тоног төхөөрөмжийн үнэ өндөр байсан нь үнэн. Тэр үед сэргээгдэх эх үүсвэрээс цахилгаан худалдах, худалдан авах гэрээнүүдийн үнэ ч дагаад өндөр хийгдсэн. Нөлөө нь одоо хэр дуусаагүй л байна. Харин шинээр гэрээ хийгдвэл нэгд, тоног төхөөрөмжийн үнэ хямдарсан хоёрт, хуримтлууртай байх ёс той гэх мэтээр илүү сайн болох ёстой.  Ер нь суурь болон оргил чадлын дутагдлыг нар, салхины эрчим хүчээр нөхдөггүй юм. Суурь ачааллыг төрөл бүрийн ДЦС, АЦС, оргил ачааллыг УЦС, хийн турбинт станц, за ирээдүй яривал устөрөгчөөр л хангана даа. Ногоон устөрөгч үйлдвэрлэж эхэлбэл нар, салхины эх үүсвэрүүд хязгааргүй хөгжих боломжтой.

-Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг Хятадын хөрөнгө оруулалтаар барихаар хоёр улсын Засгийн газрын түвшинд ярьж байгаа. Энэ төсөл хэр хурдтай явж чадах бол?

-Саяхан Б.Чойжилсүрэн сайдад гэрээнд гарын үсэг зурах эрх өгсөн байна лээ. Ач холбогдол нь манайд нүүрлэсэн суурь болон оргил хэрэглээг хөнгөлөх боломж гарах учир хаана хаанаа хичээх биз. Баруун бүсээр тогтохгүй нийт эрчим хүчний салбарт хуримтлагдсан асуудлууд нэг хэсэгтээ хөнгөрнө шүү. Гэхдээ Монгол Улс сайн ч, муу ч хөгжсөөр байгаа тул эх үүсвэр нэмэх асуудал байнга байсаар байх болов уу.

-Эгийн голын УЦС-ын хувьд Оросын тал хамтарсан ажлын хэсэг байгуулж хамтран ажиллана гэж мэдэгдсэн. Өмнөх хамтарсан ажлын хэсэгт та нэлээд олон жил ажилласан байх аа. Энэ ажлын хэсгийн үр дүн нь юу болсон юм бэ. Эгийн голын УЦС-ыг оросууд явуулах нь үнэн болов уу?

-Өмнөх ажлын хэсгийн ажлыг дахиад л эхлүүлнэ биз. Өмнө нь би Шүрэнгийн УЦС-ын төслийн удирдагч, Сэлэнгэ мөрний сав газар баригдах УЦС-уудын асуудлаар байгуулагдсан Эрдэмтдийн хамтарсан ажлын хэсэг, Хилийн усны комиссын гишүүн гээд олон чиглэлээр ажилласан.

Хамтран судалъя л гэдэг юм. Судлаад тайланг ЮНЕСКО-д явуулсан шүү дээ. Тэндээс хариу өгсөн эсэх талаар мэдээлэл алга. Өөрөөр хэлбэл ЮНЕСКО ямар хариу өгөхийг харж байж оросуудтай ярих хэрэгтэй байх. Гэтэл Оросын мэр гэжлийн байгууллагууд нэлээд дээд түвшинд барих талаар хөөцөлдөөд л байдаг юм билээ. Бүтэх эсэхийг мэдэхгүй. Тэдэнд яаж хандах нь ОХУ-ын төр, засгийн л асуудал. Миний хувьд оросууд УЦС барихад татгалзах зүйлгүй. Манай Засгийн газар ч дургүйцэхгүй байх.

-Байдрагийн УЦС-ын ТЭЗҮ боловсруулагдаж дууссан гэл үү?

-Байдраг гэлтгүй ТЭЗҮ гэх цаас маш олон байдаг. Нэг их хөөрөөд байх асуудал биш. ТЭЗҮ дуусахаар ажил эхэлчихдэг ч юм биш л дээ. Санхүүжилтийн загвар, төсөл хэрэгжүүлэх механизм гээд л ярвигтай асуудлууд бий.

-Гайгүй хурдтай явж байгаа нь Бөөрөлжүүтийн УЦС-ын бүтээн байгуулалт байх шив. Энэ станц ашиглалтад орвол манай эрчим хүчний чадал яаж өсөн нэмэгдэх билээ?

-Суурь ачааллыг хангах суурь чадал 300 МВт-аар нэмэгдэнэ. Эхний 150 МВт нь 2024 оны сүүлээр ашиглалтад орно гэж байсан. Одоогийн байдлаар 2025 он гаргах байх гэж сонссон. Гэхдээ явц нь тун гайгүй санагддаг. Зарим төслүүд 20-30 жил зөвхөн яригддаг биз дээ.

-Манай улс Францын цөмийн эрчим хүчний компанитай хамтран ажиллахаар боллоо. Манай улс атомын цахилгаан станцтай болох тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Зөв зүйтэй асуудал. Шар нунтагийн асуудлыг тэнгэрт хадаасан монголчууд бид станц барина гэвэл яах л бол доо. Гэхдээ одооноос анхаарах хэрэгтэй. Бас техник технологийн хөгжлийг тооцох ёстой.

-ОХУ манайд бага оврын атомын цахилгаан станц барьж өгөх санал тавьсан шүү дээ. Энэ саналыг бид хүлээж авах нь зөв үү?

-Сайтар тунгааж тооцох ёстой. Гадаадын өндөр мэргэжлийн хүмүүс, эрдэмтэд 60 МВт-ын таван блоктой станц яг тохирно гэж үздэг. Бага оврын гэж 2030 Мвт-ын АЦС-ыг л хэлдэг. Яг албан ёсоор санал тавьсныг бол дуулаагүй. Росатомын хүмүүс яваад байгааг мэднэ ээ.

-Дэлхий дахинд халуун цөмийн технологиор эрчим хүчээ шийдэх боломжуудыг ярьж эхэллээ. Энэ тухай та дэлгэрүүлэхгүй юу?

-Одоохондоо яг нэвтрүүлсэн туршлага байхгүй. Гэхдээ судалгаа, шинжилгээний ажлууд эрчимжиж байгаа нь үнэн. Халуун цөмийн синтез гэдэг чинь цөмийн урвалаас өөр зүйл. Монголчууд энэ талаар дэлхийг харна уу гэхээс өөр юу ч хийж чадахгүй.Цөмийн том гүрнүүд асар үнэтэй, аварга төхөөрөмжүүд дээр туршилт хийдэг.  Үе үе ахиц гарч байгаа мэдээ гардаг л юм.

-Тавдугаар цахилгаан станцын төсөл ямар шатандаа яваа бол?

-Бидний ойлгож байсан Улаанбаатарын тавдугаар цахилгаан станц бол зогсчихсон. “ДЦС-3”-ыг өргөтгөнө гэдэг нь оросуудтай хэлэлцээрийн шатанд байгаа болов уу. Багануурын станцын ажил үргэлжлэх бололтой сонсогдсон.

ДЦС-4 дээр нэг зуух нэмэх дэмжүүштэй санаа яагаад ч юм зогсонги байгаа бололтой.

-Юунаас болсон юм бол?

-Өмнө нь хэрэгжсэн зарим төсөл Хөгжлийн банктай холбоотой юм билээ. Түүнтэй л холбоотой болов уу. Гэхдээ төсөл амжилттай хэрэгжээд цахилгааны үйлдвэрлэл нэмэгдээд 700 гаруй МВт чадлаар ажиллаж байна шүү дээ, “ДЦС-4”. Үнэ тарифыг нэмээд өгчихвөл бүр богино хугацаанд ч зээлээ төлөх боломжтой. Нэг зуух нэмчихвэл 800 МВт дөхүүлчих гээд бас бэлтгэл тоноглолтой болох гээд байгаа юм.

-Тавантолгойн ДЦС-ын талаар та ямар мэдээлэлтэй байна вэ?

-Шүүхийн маргаантай байгаа л гэсэн. Харж л суухаас.

Categories
мэдээ нийгэм

Гадаадын 395 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ DNN.mn

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, зөрчсөн үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор өнгөрсөн онд төлөвлөгөөт 37, төлөвлөгөөт бус 482, нийт 519 удаагийн шалгалт зохион байгуулжээ.

Тухайн шалгалтаар 1013 аж ахуйн нэгж байгууллага, 6640 гадаадын иргэний баримт бичгийг шалгаж, 218 зөрчил илрүүлэн 1.4 тэрбум төгрөгийн торгууль оногдуулжээ.

Мөн хууль, тогтоомж зөрчсөн, оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөл хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, шүүхээр ял шийтгүүлэн ялаа эдэлж дууссан, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр 24 улсын 395 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байхаар тогтож, албадан гаргасан байна. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн автомашинтай замын хөдөлгөөнд оролцоно DNN.mn

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас энэ сарын 31 хүртэл улсын дугаарын тэгш, сондгой тоогоор хязгаарлаж замын хөдөлгөөнд оролцохоор болсон. Үүний дагуу өнөөдөр буюу 9-нд сондгой дугаартай автомашин хөдөлгөөнд оролцох юм.

Дугаарын хязгаарлалтын цаг 08:00-20:00 хэвээр үргэлжлэх бөгөөд амралтын өдрүүдэд үйлчлэхгүй. Энэ сарыг дуустал таны машин аль өдөр хөдөлгөөнд оролцохыг доорх хуваариас харна уу.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хөвсгөлд 4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

Хагас цагийн өмнө буюу 07:48:22 цагт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвөөс баруун хойд зүгт 82 км зайд 4.0 магнитуд хүчтэй газар хөдлөлт боллоо.

Энэ нь зарим хүнд мэдрэгдэх хэмжээний хөдлөлт бөгөөд дэлхий дээр жилд 3-4 баллын газар хөдлөлт 49000 орчим болдог байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ховд аймагт “Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр болно DNN.mn

Ховд аймгийн нутагт Хар-Ус нуур дээр “Мөнгөлөг шагшуурга-2024” мөсний баяр нэгдүгээр сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулагдахаар товлогджээ.

Энэ талаар тус аймгийн ЗДТГ-аас “Мөсний баяр нь аялал жуулчлалыг хөгжүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой.

Олон угсаатан ястны өвөрмөц дүр төрх, амьдралын хэв маяг, ахуйн соёлыг хадгалж ирсэн хувцас хэрэглэл гэдэг соёлын өвийн чухал нэг хэсэг. Арга хэмжээний үеэр олон угсаатны өвлийн загварын наадам, Жангар тууль хайлах ёслол, адуучин тэмцээн, мөсөн сур харваа зохион байгуулагдах хөтөлбөртэй.

Мөсний баярт хүссэн хүн бүхэн хүрэлцэн ирж, оролцох боломжтой” хэмээн мэдээллээ.

Өнгөрсөн жилийн мөсний баяраар Жаргалант, Мянгад, Буянт, Үенч сумдын хоол хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулсан 60 гаруй аж ахуйн нэгж, иргэд 240 сая төгрөгийн борлуулалт хийжээ.

Хөтөлбөр:

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

“Орос ах, орос ах” гэж солиороод байхаар чинь бидний төлөө тэд ирж байлдах нь гэж бодох нь зөв DNN.mn

ОХУ-ын Россия-1 сувгаар энэ сарын 4-нд тус улсын үзэл сурталч В.Соловьев “Бид 150 сая хүнтэй. Гэсэн ч яагаад заавал бид байлдана гэж. Сайн дураараа байлдах Хойд Солонгос, Монгол гээд улсууд байна” гэж ярьсан бичлэг олон нийтийн сүлжээнд тархав. Ерөнхий сайд, ОХУ-д Элчин сайд асан С.Баяр энэ нөхрийн талаар “Оросын одоогийн гол суртал ухуулагч Соловьев. Том дарга нарынхаа хэлж зүрхлээгүйг шууд хэлдэг байсан талийгаач Жириновскийн ор. Санаандгүй юм шиг ийм үг унагаад, гадна дотноос хэн юу гэх нь вэ гэж ажиглана, дүгнэлт хийнэ, акц зохионо. Бүхэл бүтэн институц” гэж тодорхойлсон байв. Энэ бичлэгийг тойрсон байр суурь одоо ч цахим сүлжээнд үргэлжилж байна.

Харин тодорхой нэг зүйл нь оросууд биднийг ингэж дүгнэхээр хэмжээнд цуст дайныг монголчууд дэмжсэнд байгаа юм шүү дээ. Орос байтугай бид дотооддоо нэгнээ гайхахаар үйл явдал энэ хоёр жилийн хугацаанд өрнөсөн. Украинчууд муугаа мэдэхгүй өрвөлзлөө, хошин шогийн жүжигчин улсаа самарч байна, энэ улс сүйрлээ гэх зэргээр шүүмж битүү өрнөсөн. Дайныг эсэргүүцэж жагссан “No war”-ын залуусыг “Босоо хөх Монгол” тэргүүтэй нөхөд дарамталсан. Өөр нэг хэсэг нь Жуковын хөшөөнд цэцэг өргөж дуу дуулалдан клип хийлгэн олны нүдийг орой дээр нь гаргасан. Хэн нь ч албан ёсоор дайныг буруутгаагүй нь бүүр гайхаш тасармаар байна. Яг ийм явдал бидэнд тулгарвал яах юм бэ, үгүй гэх арга байхгүй байна шүү дээ гэж хэлээд байгаа нэгнээ уралдан үзэн ядацгаасан. Яагаад ингээд байгаа, хэн ингээд байгаа нь ойлгогдохгүй хоёр жил болж байна. Сошиал сүлжээн дэхь сэтгэгдэл л лав тэр чигтээ Оросын дайныг дэмжиж байдаг. Тэр нэр ус нь дан хуурамч л юм шиг байдаг. Энэ бүхэн Украинд түрэмгийлэл үйлдсэнээ зөвтгөж ядаж буй Орос, ОХУ-ын Элчин сайдад маш сайхан далим болж, өөрийн хийсэн ажил мэтээр цааш уламжилж байсан нь лавтай.

Монголчууд бид гучхан жилийн өмнө социалист нийгэмтэй байв шүү дээ. Төр засаг, дарга даамлын ажил яаж явагддагийг мартаагүй. Өөрсдийнх нь үзэл сурталд таалагдсан бүхэн манайх, биднийх болдог, өөрсдөө хийсэн мэтээр сурталддаг зан коммунистуудын унаган төрх. Бидний дээрх тэнэглэл орос Элчинд ялгуусан ялалт мэт л байсан нь гарцаагүй. Тийм ч учраас дайныг эсэргүүцсэн монгол залуус, АН-ын эсрэг гаднын улсын Элчин сайд мэдэгдэл гаргаж, тусгаар улсын дотоод хэрэгт оролцож байлаа шүү дээ. Гэвч үүний эсрэг Монгол Улсын төр засаг дорвитой хөдөлж, байр сууриа хамгаалж чадаагүй.

ОХУ Украин руу дайн өдөөж хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн энэ явдалд Монголоос бусад бүхий л улс орон байр сууриа тодорхой илэрхийлж, хариу арга хэмжээ авч ирсэн. Харин ганц Монгол Улс ганхийх ганц үггүй өнөөдрийг хүрлээ. Ноцтой нь дотоодод болж буй бүхий л үйл явдал нь дайныг дэмжсэн агуулгатай болж хувирч буй нь ерөөсөө хилийн чанадад Монгол Улс түрэмгий дайныг дэмжиж байна гэсэн пайз болоод л хувирчихлаа. Дайныг эсэргүүцсэн бүх улс оронд Оросын хөшөө дурсгалаас эхлээд иргэдтэй нь харьцахаас зайлсхийж байхад манайд Жуковын хөшөөн дээр сүр жавхлантайгаар явж очоод баярын хундага өргөж байгаа нь орос Элчин нутагтаа уламжлах арвин их гавьяатай болсон байж таарна. Нэг ёсондоо Монгол даяар ОХУ-ын хийж байгаа дайныг дэмжиж байна гэдэг буруу ойлголтыг дээр доргүй төрүүлчихлээ шүү дээ.

Түүх сөхвөл ийм эндүүрэл манайд анхных биш ээ. Олон нийтийн дунд анзаарагдаагүй өнгөрсөн ч хэвлэлийнхэн дунд одоо ч яригддаг нэг зүйл бий. В.Путин манай улсад хийсэн сүүлчийн айлчлалынхаа үед хийсэн хэвлэлийн бага хурал дээрээ “Манай УАЗ 469 машинд очерлож байгаад авдаг монголчуудад баярлалаа” гэсэн агуулгатай зүйл ярьж байв. Хэвлэлийнхэн бие биенээ гайхаж хараад л өнгөрсөн. Аль эрт хэрэглээнээс гарсан, хөдөө баг сумдад л ганц нэг үлдсэн “69”-д дугаарлаж зогсоод авдаг түүх өнгөрөөд арваад жил болчихсон үед шүү дээ. Ерөөсөө ийм түүхийг Монголд суусан Элчин сайдууд нь л зохиодог юм шиг байна лээ.

Өнөөдөр яг л энэ түүх давтагдаж байна. Энэ бол шинэ зүйл биш. “Оросын төлөө сайн дураараа байлдах монголчууд байна” гэх ойлголтод монголчууд өөрсдөө л хүргэж байна. Монгол дахь Оросын талын нөлөөлөл ч өргөн байна. Энэ бүхнийг харсан хүмүүс цааш нь хэд өсгөөд л мэдээлдэг байлгүй яав гэж.

Хамгийн ноцтой нь ийм зүйлд Монгол Улс хариу өгдөггүй, байр суурь илэрхийлдэггүй. Хоёр жилийн өмнө Оросын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга Константин Иосифович Косачев гэгч “АНУ Монгол Улсад биологийн зэвсэглэлийн лаборатори байгуулж байна” гэж мэдэгдэж байв. Мэдээж тийм юм байгаагүй, юу байдгийг нь ч бид ойлгоогүй өнгөрсөн. Одоо харж байхад амин чухал эд байсан байна лээ. Эм тань хүнс бодис барилгын материал ч болтугай шинжилж чаддаг лаборатори хэчнээн хэрэгтэйг бид сүүлд л ойлгоцгоосон. Гэвч үүний эсрэг хэн ч, ямар ч өндөр албан тушаалтан эсэргүүцэж мэдэгдэж чадаагүй дуугүй өнгөрсөн. Дуугүй байна гэдэг зөвшөөрсөн гэсэн үг. Хүн төрөлхтний харилцаанд байдаг хэлбэр энэ.

ОХУ-аас Монгол Улс руу өдөөн хатгасан агуулгатай мэдээллүүдийг үе үе ингээд цацдаг болоод удлаа. Төрийн өндөр албан тушаалтнаас эхлээд суртал ухуулагч хүртэл аманд орсноо ярьж байна. Одоо бүр цуст дайндаа татан оролцуулах, тэр битгий хэл сайн дураараа очих монголчууд байна гэж хүртэл эндүүрч байна. Ийм буруу ойлголт төрүүлсэн манай суртал ухуулга сошиал сүлжээн дэх хэсэг бусаг хүмүүс буруутай. Үүнд бид арай ч тийм дээ тулж сайн дурынхан очих хэмжээнд хүрээгүй гэж хариулт өгөх Монгол Улсын төр засаг гэж байна уу.

Манайд өнөөдөр ч ёс юм шиг нийгмийн дунд байдаг хандлага бий. Тэр бол хятадууд муу, орос сайн гэсэн буруу үзэл суртал. Ямар сайндаа манай төрийн сайд түшмэдүүд хүртэл хятад цустай гэдэг үгнээс айж мэгдэж, үй олон баримт дэлгэж сандрах вэ дээ. Харин оросууд бол мужик гэдэг ойлголт хаа сайгүй л байна. Гэхдээ туураг тусгаар улсад ах дүүсэг харилцаа байдаггүй гэдгийг одоо л нэг зах зухаас нь ойлгож байна. Харилцан ашигтай харилцаа л байна уу гэхээс бидний хуучин суртлаар боддог шиг тийм харилцаа хүн төрөлхтний түүхэнд байгаагүй, байх ч боломжгүй юм билээ л дээ. Ийм тэнэг хандлага даарин дээр давс болж, дайнч оросуудад далим болж байгаа юм шүү дээ.

Бидний тухай буруу ойлголт дэлхий дахинд төрүүлэх элдэв худал мэдэгдэл үзэл сурталд Монгол Улсад төрийн эрх барьж байгаа МАН юу ч болоогүй мэт дуугүй байсаар л байна. Зарим юман дээр албан ёсоор хариу өгч буруу зөрүү ойлголтыг дэлхий дахинд залруулж баймаар болжээ. Ер нь ч ийм өөх ч биш, булчирхай ч биш дүлэгнэсэн МАН-ыг төрийн эрхээс зайлуулахгүй бол мөдхөн захын гэр хорооллын ажилгүй хүмүүсийг “Мөнгө өгнө” гээд дайнд ачиж ч мэдэх нь. Дээр, дооргүй л орос ах, орос ах гэж солиороод байхаар чинь хэн ч гэсэн “Эд нар бидний төлөө ирж байлдах нь” гэж бодох нь зөв л дөө.

Б.ЭНХЗАЯА