Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

П.Галиндэв: Монгол Улсын иргэнд ч 100 жилээр газар эзэмших эрх байхгүй атал гаднынханд яагаад энэ эрхийг нээж өгөх ёстой юм DNN.mn

Ардчилсан намын дэд дарга, тус намын Улс төрийн зөвлөлийн гишүүн П.Галиндэвтэй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн асуудлаар ярилцлаа.


-Танай намын хувьд УИХ-д өргөн баригдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг яагаад эсэргүүцээд байгаа вэ. Энэ талаараа та тодорхой тайлбар хэлэх үү?

-Манай намын хувьд аливаа шуурхай шийдвэрүүд Улс төрийн зөвлөлөөр хэлэлцэгдэж гардаг. Тэр утгаараа уг хуулийн төсөл батлагдсанаараа Монгол Улсын газар нутгийг гаднынханд 100 жилийн хугацаанд найр тавьж өгөх агуулгаар Ч.Хүрэлбаатар санаачлан батлуулахаар зүтгэж байна гэж үзсэн. Тиймээс Монголын ард түмэн энэхүү хуулийн төслийн зүйл заалт бүрийг маш анхааралтай ажиглах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр уг хуулийн төсөлтэй холбоотой Ардчилсан намын байр суурийг тодорхой болгох үүднээс энэхүү шийдвэрийг Улс төрийн зөвлөл гаргасан гэж ойлгож болно.

-Асуудал Ч.Хүрэлбаатар хууль өргөн барьсанд байна уу. Эсвэл уг хууль нь үнэхээр хөрөнгө оруулагчдыг татах эрх зүйн акт биш гэж үзээд байна уу?

-Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах гэхээс илүү Монгол Улсын газар нутгийг гаднынханд давуу байдал бий болгож өгөх эрх зүйн орчин бүрдэх гэж байна гэдэгтээ асуудал байгаа юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын иргэнд ч олгогдоогүй эрх зүйн давуу байдлыг гадныханд өгөх гэж байгааг эсэргүүцсэн гэсэн үг. Тиймээс Ардчилсан намын хувьд энэхүү хуулийг нэгдүгээрт, батлуулахгүй байх ёстой. Хоёрдугаарт, сонгуулийн өмнө буюу энэ богино хугацаанд хэлэлцэх ёсгүй. Харин сонгуулийн дараа буюу дараагийн парламентын бүрэн эрхийн хугацаанд уг асуудлыг нухацтай авч хэлэлцэх шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлж байна

Нөгөөтэйгүүр МАН-ын хувьд парламентын хоёр ч бүрэн эрхийн хугацаанд ажиллалаа. Тэгвэл энэ хугацаандаа гадаадын хөрөнгө оруулагчдыг жинхэнэ утгаараа татаж чадсан уу. Эдийн засагт бодитой хувь нэмэр оруулсан уу. Үгүй. Эсрэгээрээ Монгол Улсын нийт гадаад өр 33 тэрбум ам.доллар болж өслөө. Монгол Улсын нэг иргэнд ноогдох гадаад өр 35 сая төгрөг болж нэмэгдлээ. Өөрөөр хэлбэл эрх баригчид бүрэн эрхийнхээ хугацаанд Монгол Улсын гадаад өрийг хоёр дахин нэмэгдүүллээ гэж хэлж болно.

-Та гадаад өр ярьж байна. Гадаад өр энэхүү Хөрөнгө оруулалтын хуультай ямар холбоотой гэж…?

-Бидний хувьд энэхүү Хөрөнгө оруулалтын хуулийг эсэргүүцэж байгаа нэг том шалтгаан бол гадаад өртэй холбогдоно. Тухайлбал Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан энэхүү хууль хэрэв батлагдвал Монгол Улс гадаад өрөндөө гадаадын иргэнд газраа өгөх эрх зүйн орчин бүрдэж байна гэсэн үг. УИХ-ын отгон чуулган өндөрлөх гэж байна. Хэдхэн сарын хугацаа үлдлээ. Тиймээс энэ богино хугацаанд энэ чухал хуулийг яаран сандран хэлэлцээд батлах ёсгүй л гэж үзэж байгаа юм. Тиймээс уг хуулийг зайлшгүй хойшлуулах хэрэгтэй.

-Ардчилсан намын тухайд гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, чөлөөт эдийн засгийг дээдлэх үзэл баримтлалтай нам. Тэр утгаараа энэхүү хуулийн төслийг эсэргүүцэж байгаа нь танай намын үзэл баримтлалд харшлахгүй юу?

-Ардчилсан намын хувьд гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжих талд байнга зогсдог. Таны хэлдэгээр бидний үзэл баримтлал ч гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжихэд чиглэгдсэн. Тэр утгаараа бид гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжих, эрх зүйн орчныг нь сайжруулах хуулийн төсөл, бодлогоо тун удахгүй гаргах болно. Мэдээж намын бодлого бий. Тэрхүү бодлогоо бид илүү сайжруулах, илүү боловсруулах чиглэлд ажиллаж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Харин гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжих нэрийн дор гаднынханд газар нутгаа өгөх хуулийн төслийг бид эсэргүүцнэ. Энэ хуулийн төслийг эсэргүүцэх нь манай намын үзэл баримтлалд харшлахгүй.

-Ч.Хүрэлбаатар сайдын өргөн барьчихсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн яг ямар заалтыг та бүхэн эсэргүүцэж байгаа юм бэ?

-Юуны өмнө Ч.Хүрэлбаатар гэх нөхөр бол аливаа асуудлыг өмнөх рүүгээ чихсэн, өөрийнхөө эрх ашигт нийцүүлэхийн тулд байнга худал үгээр олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлж ирсэн хүн. Хөрөнгө оруулалтын тухай хууль 1993 онд батлагдаж, 2013 онд шинэчлэгдсэн эрх зүйн баримт. Харин одоо 2023 онд дахиад уг хуульд шинэчилсэн найруулга хийх гэж байна. Ч.Хүрэлбаатарын санаачилсан “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн төсөл нь батлагдсанаар гадаад улсын иргэд Монгол Улсад нэг ширхэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийхгүйгээр хөрөнгө оруулагч статустай болон Монгол Улсад хаа дуртай өөрийн сонгосон газартаа 100 жилээр гэр бүлээрээ оршин суух эрхтэй болж улмаар татварын болон татварын бус олон урамшууллыг авах эрх зүйн орчин бүрдүүлж байгаа нь дараах хуулийн төслийн зүйл заалтаар нотлогдоно. Мөн тэдгээр хөрөнгө оруулагчид нь хөрөнгө оруулалт хийх газар, бүс нутгаа хараат бусаар сонгож холбогдох шийдвэрийг бие даан гаргах, газар, байгалийн баялаг ашиглах хүсэлт гаргах эрхтэй хэмээн зааж өгсөн нь Үндсэн хууль, ард түмний язгуур эрх ашгийг хөндөж байгаа юм.

-Одоо мөрдөгдөж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулиас хасагдаж байгаа ямар зүйл заалт байна вэ?

-Тус хуулийн 3.1.5-д Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг гэж заасан байгаа. Энэхүү заалтыг хассан. Өөрөөр хэлбэл 100 мянган ам.доллар гэх заалтыг Ч.Хүрэлбаатар тэг болгосон. Өөрөөр хэлбэл нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийхгүйгээр гаднын хөрөнгө оруулагч болох боломжийг бий болгож байна гэсэн үг. Хуулийн хулгай гэдэг ийм аюултай. Ганц нэг үгийг хасах, нэмэх тохиолдолд л тухайн хуулийн агуулга бүхэлдээ өөрчлөгддөг.

-1993 онд батлагдсан хуулиараа газрын асуудал 60 дээр нэмэх нь 40 хэлбэрээр явж байсан. Одоо ч тэр хэвээрээ байгаа шүү дээ…?

-Мэдээж өмнөх хуульд ийм заалт бий. Гэхдээ ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулалт хийгдсэн байж л энэ эрхээ эдэлдэг эрх зүйн зохицуулалт байсан. Харин үүнийг Ч.Хүрэлбаатар болиулах гэж байна. Өөрөөр хэлбэл нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийхгүйгээр гаднынханд Монгол Улсын газар нутгийг 100 жил эзэмшин ашиглах эрх өгчихөж байгаа юм. 100 жил газар эзэмшинэ гэдэг бол тухайн хүн гурван үеэрээ тухайн нутагт эзэн сууна гэсэн үг шүү дээ.

-Тэгвэл та бүхний харж байгаагаар тус хуульд орж байгаа ноцтой заалтууд нь яг юу юм бэ. Та үүнийг хуулийн зүйл заалттай нь тайлбарлаад өгөхгүй юу?

-Уг хуульд орсон ноцтой 10 гаруй заалт бий. Үүнээс би таван зүйл заалтыг нь хэлье. Тус хуулийн төслийн 5.1.1-д хөрөнгө оруулагч дангаараа, эсхүл хамтран аж ахуйн нэгж байгуулна гэж заасан байгаа. Компани байгуулахад сайндаа л нэг сая төгрөг шаардлагатай. Тэгэхээр сая төгрөгөөр л гадаадын хөрөнгө оруулагч гэдэг статустай болох боломж нээгдэж байгаа юм. Тэгвэл 5.1.4-т компанийг нэгтгэх, нийлүүлэх замаар хөрөнгө оруулалт хийж болно гэж. Гадаадын компани дотоодын компанитай нийлсэнээрээ шууд хөрөнгө оруулагч болж хувирч байна. Хамгийн их анхаарал татаж байгаа заалт бол 5.1.5. Үүнд төр, хувийн хэвшлийн түншлэл, бүтээгдэхүүн хуваах гэрээ, маркетинг, менежментийн болон бусад гэрээ байгуулах гэж байгаа. Жишээ нь таны компанийн менежментийг би хийе гээд л хөрөнгө оруулагч болчихож байна. Бүр танай компанийн марктенгийн гэрээг би хийе гээд л хөрөнгө оруулагч статустай болчихно. Энэ мэт ямар ч хөрөнгө оруулалт хийхгүйгээр гадаадын хөрөнгө оруулагч болох боломжийг уг хуулиар нээгээд өгчихөж байна.

-Хөрөнгө оруулагч болсоноороо ямар давуу тал эдлэх гээд байна вэ?

-Тус хуулийн төслийн 5.2-т Монгол Улсын хууль тогтоомжоор хориглосноос бусад салбар, нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалт хийж болно гэж байгаа. Хуулиар хориглоогүй л бол аль ч нутагт, ямар ч салбарт хөрөнгө оруулж болохоор байна гэсэн үг. Цаашаа 7.1.1-т хөрөнгө оруулалт хийх хэлбэр, хэмжээ, хөрөнгө оруулалт хийх газар, бүс нутаг зэргийг хараат бусаар сонгох, холбогдох шийдвэрийг бие даан гаргах гэж байгаа. Тэгэхээр Монгол Улсын аль ч цэгт хөрөнгө оруулалт хийгээд бие даасан хараат бус шийдвэр гаргах боломжтой болчихож байна. Ийм хуулийн томьёололтой эрх зүйн акт гэж байх уу. Харин 7.1.5-д санхүүжилт, зээл, тусламж, газар, байгалийн баялаг ашиглах хүсэлт гаргах, хүсэлтээ шийдвэрлүүлэх гэж. Нөгөө хөрөнгө оруулагч нь Монгол Улсын хаана ч очоод ямар ч салбарт нь хөрөнгө оруулалт хийчихээд нэмээд байгалийн баялгийг ашиглах хүсэлт гаргаж болох нь л дээ. Бүр түүнийгээ шийдвэрлүүлэх эрхтэй болгон өгч байна. Монгол Улсын иргэнд ч ийм эрх бараг байхгүй шүү. Тэгэхээр Монгол Улсын газар нутгийг эзэмших, ашиглахыг иргэдээсээ илүү эрхтэйгээр гаднынханд олгох гэж байгаа нь өөрөө Үндсэн хуульд харшилж байгаа зүйл. Энэ бол хөрөнгө оруулагчдыг татах хуулийн төсөл огт биш. Харин эсрэгээрээ гаднынханд газар нутгаа өгөх эрх зүйн орчныг нээж өгсөн хуулийн төсөл.

-Улс төрийн хүчний хувьд энэхүү асуудлыг эсэргүүцэх, мэтгэлзэх, бодлогын түвшинд өрсөлдөх зэрэг асуудал байх нь энгийн үзэгдэл л дээ. Харин уг хуулийн төслийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн гэнэт гарч ирээд эсэргүүцэж байгаа нь ямар учиртай вэ. Мэдээж танай намын лидерүүдийн нэг. Ардчилсан нам Х.Баттулга хэмээх улстөрчөөр уг асуудлыг гарган ирж эсэргүүцэж байгаагийн цаад учир нь юу юм бэ?

-Монгол Улсаа, эх орноо боддог хүн бүр л энэхүү асуудалд дуугарах ёстой л доо. Гэвч тодорхой шалтгаан, мэдээлэлгүйгээс болоод зарим иргэд маань дуу хоолойгоо хүргэж чадахгүй байх шиг байна. Харин энэхүү хуулийн төслийг уншсан, судалсан, улс төрийн өнгө аясыг нь ойлгож байгаа хүн болгон л эсэргүүцлээ илэрхийлж байгаа болов уу. Уг асуудалд манай намын дарга ч байр сууриа тодорхой илэрхийлсэн. Тэр утгаараа Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд ч тодорхой байр сууриа илэрхийллээ. Намын дарга, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эсэх нь тийм ч чухал биш. Монгол Улсын иргэн хүн гэдэг утгаараа уг асуудлыг анхаарахгүй байх арга үгүй шүү дээ. Цаашид иргэн бүр уг асуудалд анхаарлаа хандуулж, уг хуулийн төслийг эсэргүүцээсэй гэж хүсч байна. Монгол Улсын газар нутаг гэдэг бол ард түмний өмч. Газар нутаггүйгээр улс орон оршин тогтонох ямар ч боломжгүй. Тиймээс бид аливаа хуулийг баталж болно. Гэхдээ үндэсний язгуур эрх ашигт нийцээгүй хууль тэр дундаа гаднынханд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг маш нарийн авч үзэх хэрэгтэй.

 

Categories
мэдээ спорт

Мөсөнд авиралтын дэлхийн цомд Монголын зургаан тамирчин өрсөлдөнө DNN.mn

БНСУ-д Мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-14-нд болох бөгөөд 16 орны 88 тамирчин оролцохоо мэдүүлжээ.

Тус тэмцээнд манай улсаас Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Ч.Мандахбаяр, Н.Сэлэнгэ, Б.Баярмаа, Д.Отгонхүү нар өрсөлдөнө.

Монголын мөсөнд авирагчид Дэлхийн цомын тэмцээнд 2012 оноос анхлан оролцоход хоёр хүрэл медаль хүртсэн нь Н.Хэрлэн, Ч.Мандахбаяр нар юм. Дэлхийн цомын манай улсын энэ удаагийн бүрэлдэхүүнээс Н.Хэрлэн дэлхийн чансааны дөрөвдүгээрт эрэмбэтэй бол Н.Сэлэнгэ тус тэмцээнд хоёронтоо оролцжээ.

Монголын баг тамирчид энэ тэмцээний араас Канадын Эдмонтон хотод хоёрдугаар сарын 16-18-нд болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөнө гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг эсэргүүцэн УИХ-ын дарга Г. Занданшатарт шаардлага өглөө DNN.mn

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хөрөнгө оруулалтын хуулийг эсэргүүцсэн шаардлагаа УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр/2024.01.10/ өрөөнд нь орж, хүлээлгэн өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Гаднын хөрөнгө оруулалт маш их багасаад байна гэж байна?

-Гаднын хөрөнгө юунаас болсон бэ гэхээр та бүхэн санаж байгаа байх. Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг ажиллаж байхад Япон улсын тухайн үеийн Ерөнхий сайд Абэ Шинзо Монголд ирээд Өмнөговийн Тавантолгойд хөрөнгө оруулна гээд санамж бичиг зурсан.

Ингээд санамж бичиг зураад япончууд хөрөнгө оруулах юм байна гэсний дараахан асар том довтолгоо болсон. Намайг УИХ-ын гишүүн байхад Баянгол зочид буудал дээр над руу дайрч, баривчилна гэсэн төрийн том дайралт болсон. Тухайн үед ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан. Ингээд Японы хөрөнгө оруулалт гэдэг юмыг зогсоож байв.

Та бүхэн санаж байгаа бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг байх үед Тавантолгойд Бразил, Энэтхэг, ОХУ, Японы консерциум гээд гаднын хөрөнгө оруулалт орох үеийн шийдвэрээ болиод Хятадын Шинхуа компанид өгөх болсон. Гадаадын хөрөнгө оруулалтыг манай хууль тогтоох байгууллагууд өөрсдөө үгүйсгээд байдаг учраас энэ тал дээр эргэн хараачээ гэдэг саналууд байна.

-Гадаадын хөрөнгө оруулалтын энэхүү хуулийг баталчихвал эрсдэл нь юу байна гэж та харж байна вэ?

-Өрөөсгөл хууль. Намын, намын бүлэг шийдвэр гаргалаа гээд шийдээд яваад байвал намын бүлэг гурван сая гаруй монголчуудын эрх ашгийг хамгаалж чадахгүй.

-Хөрөнгө оруулалтын төслийг орж ирэнгүүт төмөр замаар танк ороод ирнэ гэдэг шиг тактик яваад байна гэдэг байр суурьтай УИХ-ын гишүүд байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах асуудалд ямар бодлого шаардлагатай гэж та харж байна вэ?

-Манай хууль тогтоомж тогтвортой байх ёстой. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг үг орчин үед дэлхий даяар гадаадын хөрөнгө оруулалтын орчин гэдэг хуулиар өөрчлөгдсөн байгаа.

-Та Ерөнхийлөгч байхдаа Ч.Хүрэлбаатар сайдын төслүүдэд хориг тавьж байсан. Хувь хүн талаас нь хандаад байгаа юм уу?

-Ч.Хүрэлбаатартай хувь хүн талаасаа асуудал байхгүй.

-Нүүрсний сонсголд ямар шалтгаанаар ирээгүй вэ?

-Ирсэн. Ирээд тайлбараа өгсөн. Ерөнхийлөгч нар оффтэйк гэрээ хийдэггүй юмаа.

-Тог, цахилгаан таслахад таныг нөлөөлж байгаа гэж хардаад байх шиг байна.

-Одоо ер нь нөлөөлөөгүй юм байгаа юмуу. Нэг хүн халтираад унахад хүртэл намайг л бичсэн байх шиг.

-Та оросуудтай хуйвалдаад үнэхээр нөлөөлөөд байдаг юм биш үү?

-Юу гэж тийм юм байхав.

-Төмөр замын асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Төмөр замын асуудал бол монголчуудын бахархал. Мухар төмөр зам биш. Бид гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр монголчууд өөрсдөө эдийн засгийг, говийг эзэнжүүлсэн асар том төрийн бодлого хэрэгжсэн юм. Үүнд хорсоод байгаа хүмүүс байх шиг байна.

-Маш өндөр дүнгээр барьсан гээд байгаа?

– Үгүй, үгүй.

-Та УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?

-Мэдэхгүй. Би дэвшихгүй байх.

Categories
мэдээ эдийн-засаг

Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх сараас 0.3 хувиар өсчээ DNN.mn

Улаанбаатар хотод орон сууцны үнэ 2023 оны 12 дугаар сард өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар, өмнөх сараас 0.3 хувиар өссөн байна.

May be a graphic of text

Categories
мэдээ нийгэм

Онгоцонд явсан хүмүүсийн гар тээшнээс эд зүйлс хулгайлсан БНХАУ-ын иргэнд тэнсэн харгалзах ял оноожээ DNN.mn

Онгоцонд зорчиж явсан хүмүүсийн эд зүйлсийг хулгайлсан БНХАУ-ын иргэнд холбогдох хэрэгт Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Тодруулбал БНХАУ-ын иргэн Ш.Ж Улаанбаатар-Хонконг чиглэлийн агаарын хөлгөөр зорчиж явсан Монгол Улсын иргэдийн гар тээшнээс бугуйн цаг, бэлэн мөнгө зэрэг эд зүйлсийг хулгайлж 45 сая орчим төгрөгийн хохирол учруулжээ. 

Түүний хэргийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 /Хулгайлах/-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жил найман сарын хугацаагаар тэнссэн байна.

Иймээс иргэд агаарын хөлгөөр зорчихдоо эд хөрөнгөө алдахаас сэрэмжилж, анхаарал болгоомжтой байхыг Улсын Ерөнхий Прокурорын Газраас анхаарууллаа.

Categories
мэдээ улс-төр

Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны нэгдүгээр сарын 10-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Улсын Их Хурлаас 2022 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталж, төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихаар хуульчилсан.
Хуулийг бүх шатны төсвийн захирагчид, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлж, хэмнэгдэж байгаа зардал, орон тоо, цалингийн санг бууруулснаар, мөн хуульд заасан автомашин хэрэглэхийг хязгаарлах, төсвийн байгууллагуудад дүрэмт хувцас худалдаж авахгүй байх, албан томилолтоор онгоцоор явах бол зөвхөн энгийн ангиллаар зорчих болон төсвийн хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл бэлдэхгүй байх, албан хэрэг хөтлөлтийг цахимжуулах, цахилгаан, дулаан, эрчим хүчний хэрэглээг хэмнэх зэрэг төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанаас хэмнэх боломжтой зардлуудыг бууруулсан байна. Өөрөөр хэлбэл, Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж тодорхой үр дүнгээ өгч улсын төсөвт хэмнэлт гарган эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлсөн гэж дүгнэсэн байна.
Орон нутаг дахь төсвийн байгууллага хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжийг бүрдүүлж, хуулиар хүлээсэн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хууль батлагдсанаар байгаль, цагийн уурын өөрчлөлт, өвөлжилт, хаваржилт хүндэрсэн үед орон нутаг дахь төсвийн байгууллагын үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж бүрдэж, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх боломж бүрдэх бөгөөд төсвийн сахилга бат, зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх хэмнэлтийн горим үргэлжлэхийн зэрэгцээ төрийн үйлчилгээний хүртээмж сайжрах ач холбогдолтой гэж үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

Согтуу жолооч осол гаргаж, долоон настай хүүхэд амиа алджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 04:00 цагийн үед “Сэлэнгэ аймгийн Баянгол сумд зам тээврийн осол гарч, хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл ирсэн байна. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 46 настай, эрэгтэй М нь Porter маркийн автомашиныг жолоодож яваад онхолдсоны улмаас тус машинд зорчиж байсан долоон настай эмэгтэй хүүхэд нас барсан харамсалтай хэрэг бүртгэгджээ.

Урьдчилсан байдлаар жолооч М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байна. Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын чанартай “Замын-Үүд хуурай боомт” байгуулна DNN.mn

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэр дэх “Бүс нутгийн логистикийн төв”-ийг ашиглан олон улсын чанартай “Замын-Үүд хуурай боомт” байгуулахаар шийдвэрлэлээ.

Хуурай боомтын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулахад шаардагдах хөрөнгийн тооцоог гаргаж, шийдвэрлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нарт, техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан боловсруулж дуусгахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод даалгалаа.

Боомт байгуулахад хөрөнгө оруулах, хамтран ашиглах чиглэлээр гадаад, дотоодын түншүүдтэй хэлэлцээ хийхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгав.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сургууль, цэцэрлэг орчмын бүсэд лед гэрлэн гарц хийж байна DNN.mn

Өнгөрсөн онд зам тээврийн ослын улмаас 694 хүүхэд гэмтсэний 379 буюу талаас илүү хувь нь нийслэлийн нутаг дэвсгэрт осол гэмтэлд өртжээ.

Судалгаанаас үзэхэд хүүхдүүд зам тээврийн осолд өртөж буй цаг хугацааг нь өглөө 07:00-08:00, орой 17:00-20:00 цаг буюу үзэгдэх орчих хязгаарлагдмал, гэрэлтүүлэг хангалтгүй үе таарч байгаа юм.

Иймд явган хүний гарцын тэмдэглэгээг тодруулах, явган зорчигч харагдах байдлыг сайжруулах, жолоочид анхааруулах зорилгоор нийслэлийн сургууль, цэцэрлэг орчмын бүсийн явган хүний гарцанд лед гэрэл хийж байна.

“Сургууль орчимд лед гэрлэн гарц хийснээр үзэгдэх орчин сайжирч эерэг үр дүн гарч эхэлсэн. Тиймээс уг ажлыг үргэлжлүүлж нийслэл дэх сургууль орчмын бүсийн 102 гаруй байршилд явган хүний гарцанд лед гэрэл хийхээр төлөвлөсөн” хэмээн нийслэлийн захиргаанаас мэдэгдлээ.

Нийслэлийн сургууль, цэцэрлэг орчмын бүсийн явган хүний гарцанд лед гэрэл хийсэн ажлын гүйцэтгэлээс дурдвал:

Хийгдсэн:

– 2, 11, 22, 24, 50, 107-р сургууль, Баянгол дүүргийн “Оюуны эрин” цогцолбор сургууль , “Боловсрол” цогцолбор сургууль , Баянзүрх дүүргийн 44-р цэцэрлэг, “Хангай” цогцолбор сургууль

Хэрэгжих шатанд байгаа:

– 75, 15, 18, 130, 32, 34, 135, 10, 26, 62, 122, 105, 107, 74, 121, 65, 162, 12, 42, 123, 31, 25, 4, 26, 29, 131, 35, 58, 71-р сургуулиуд

Хийхээр төлөвлөгдсөн:

– “Хөгжил” цогцолбор сургууль, “Ирээдүй” цогцолбор сургууль, “Өнөр” цогцолбор сургууль, 143, 153, 60, 118, 114, 130-р сургууль

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Орон нутгийн зарим нислэгийг тодорхой хугацаанд “Буянт-Ухаа”-д шилжүүлэх талаар Япон Улсын эрх бүхий байгууллагатай яриа хэлэлцээ хийнэ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны нэгдүгээр сарын 10-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Орон нутгийн зарим нислэгийг тодорхой хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд шилжүүлэх талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Энэ асуудлаар Япон Улсын эрх бүхий байгууллагатай яриа хэлэлцээ хийхийг хуралдаанаас дэмжлээ.
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал, зорчигч үйлчилгээний барилгын ашиглалт, 2024 оны олон улсын нислэгийн төлөвлөлт, зуны нислэгийн оргил ачааллыг харгалзан орон нутгийн зарим нислэгийг тодорхой хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд шилжүүлэх нь олон улс, орон нутгийн зорчигч, ачаа урсгалыг саадгүй зохион байгуулах, иргэд, олон нийтэд ая тухтай түргэн шуурхай үйлчлүүлэх боломж бүрдүүлэх, агаарын тээвэрлэгч компаниудад тодорхой дэмжлэг үзүүлэх зэрэг ач холбогдолтой гэж үзжээ.