Categories
мэдээ нийгэм

THE TELEGRAPH: Лондоны Колизум театрыг зорьж буй “Монгол Хаан” жүжиг дараагийн The Lion King үү? DNN.mn

1855 онд байгуулагдсан, Британийн нөлөө бүхий хэвлэл “The Telegraph”-т сэтгүүлч Сюзи Межюр 2023 оны 10 дугаар сард Монгол Улсын талаар төдийгүй “Монгол Хаан” жүжгийн талаар өгүүлсэн нийтлэлээ хэвлүүлсэн билээ. Тэрбээр өнгөрсөн онд Монгол Улсад зочилж, Үндэсний их баяр наадам, “Монгол Хаан” жүжгийг ч үзэж сонирхсон юм.

 Улаанбаатар хот дахь Үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа нэгэн гэр бүл борооноос хоргодох зуур зургаа авахуулж харагдана. Нийслэл хотноо бөхийн барилдаан, нум сум харваа, хурдан морины уралдааныг уламжлал болгон зохион байгуулж, Үндэсний их баяр наадмаа ёсчлон тэмдэглэж буй хэн бүхний адил тэд мөн хээнцэр, дэгжин үндэсний хувцсаар гоёжээ.

Өрхийн тэргүүн улаан хүрэн дээл, саарал малгай, эхнэр нь гүн хөх торгон дээл өмссөн нь жил бүрийн 7-р сард 1921 оны Ардын хувьсгалын ойг хамсран тэмдэглэдэг үндэсний их баяр наадмын уламжлалт нийтлэг гоёлын хувцас юм.

Харин тэдний ард үзэгдэх Чингис хааны аварга том хөрөг харц булаах агаад эл их хааны хөшөө Улаанбаатар хотын төв талбайд сүр нэмж байдаг билээ. Харь хүмүүсийн хувьд XII зууны догшин түрэмгий булаан эзлэгчийг ийнхүү тахисан нь хачирхалтай санагдаж магад ч, Монгол түмний хувьд Чингис хаан нь үндэстэн даяарын эцэг, их баатар мөн ажгуу.

Харин хэдэн мянган бээрийн алсад, Лондон хотноо өөр нэгэн Монгол эр автобусны зогсоол, такси, төмөр замын буудлын дагуу өлгөсөн том том зурагт хуудаснаас цоо ширтэх нь Арчуг хаан бөгөөд 11-р сард Уэст Эндэд толилуулах “Монгол Хаан” хэмээх тансаг нүсэр жүжгийн гол дүр болой.

Монголын цуутай од, нэрт жүжигчин Г.Эрдэнэбилэгийн гол дүрийг нь бүтээж буй энэ жүжгийн сурталчилгаа нь Монгол улсаа Орос, Хятад хэмээх ихээхэн асуудалтай хоёр хөрш улсынх нь геополитикийн сүүдрээс гаргаж дэлхий дахинд таниулахад чухал хувь нэмэр оруулж байгаа юм.

Тус жүжиг Хятадад аль хэдий­нээ дуулиан шуугиан дэг­дээж амжсан бөгөөд Хятадын бүрэлдэхүүн дэх Өвөрмонголын Хөх хотын захиргаанаас уг жүж­гийг толилуулах албан ёсны зөв­шөөрлийг өгсөн атлаа 9-р сарын 19-ний өдөр цуврал тоглолтыг нээх эцсийн мөчид цуцалсан байна.

Жүжгийн найруулагч энэхүү гэнэтийн шийдвэр нь “маш том ухралт” байсан хэмээв. Эл жүжиг тус улс дахь уугуул монголчуудад салан тусгаарлах үзлийг дэвэргэж болзошгүй гэсэн айдас энэ явдлын цаад шалтгаан байсан бололтой. Гэхдээ “Монгол Хаан” жүжиг нь зөөлөн хүчийг хэрэгжүүлж, хүн ам нь Уэльсийнхээс ихгүй боловч нутаг дэвсгэр нь баруун Европын дайны асар уудам Монгол нутаг руугаа жуулчдыг татан дуудах нь дамжиггүй. Үзэгчид харин жүжигт Чингис хаан гарч, Лондон Колизей театрын тайзнаа морьтой давхина гэж  хүлээж байгаа бол том эндүүрэл болох нь.

Тархай бутархай монгол овог аймгуудыг нэгтгэн улмаар хүн төрөлхтний түүхнээ дорно зүгт Номхон далай, өрнө зүгт Дунай мөрөн, Персийн булан хүрсэн асар уудам нутагтай хамгийн том эзэнт гүрнийг байгуулсан энэ агуу удирдагчийн алдар нэр дэлхийд Монголын нүүдэлчид, тал нутаг, түүнчлэн эдүгээ газрын ховор эрдэс баялагтай нь дүйцэхүйц эн тэнцүү алдаршсан боловч, жүжигт энэ их хааны тухай өгүүлэхгүй.

Учир нь эл жүжгийн үйл явдал Чингис хаан эснэхээс нэгэн мянганы өмнө оршин тогтнож, их тал, говийг эзэгнэн, уудам газар нутгийг захирч байсан Хүннү буюу Хүн гүрний үед өрнөх агаад Хүн гүрэн нь дэлхийд анхны нүүдэлчдийн эзэнт гүрэн байж, их Чингис хаанд хожим эзэнт улсаа байгуулах үндэс суурийг бүрэлдүүлэн тавьж өгчээ.

Монгол улсын нийслэл Улаан­баатар хотноо би вээр шинэ тутам бай­гуулагдсан “Чингис Хаан” музейд зочлов. Үүдээр орох даруйд НТӨ 209 онд Хүн гүрнийг байгуулсан Модун Шаньюй хааны сүрлэг том хөшөө угтана.

Хүн гүрэн нь монголчуудын төрт ёсны түүх уламжлалыг үндэслэн, даруй гурван зууны турш төв азийн цээжнээ ноёлж байжээ. Тиймээс, Хүн гүрний үед өрнөх эл жүжгийг тайзнаа дэглэх нь зүй ёсны хэрэг мөн ажгуу. Монголчууд эзэн Чингис хааныхаа эзэнт гүрнээ байгуулсан язгуурыг Хүннү нараас үүдэлтэй хэмээн үзэх төдийгүй Хүннү нарыг зөвхөн эрт цагийн нүүдэлчид бус харин удамшилзүйн хувьд ч, соёлын хувьд залгамж холбоо бүхий өөрсдийн өвөг дээдэс мөн хэмээн үздэг ажээ.

“Монгол Хаан” жүжгийг англи хэлнээ хөрвүүлсэн, Монгол судлалаар дагнасан Британийн түүхч зохиолч Жон Мэн “Энэ үндэстний тухай мэд­дэг улс Өрнөдөд маш цөөн, харин тэднийг бүгд таньж мэдэх хэрэг­тэй” хэмээсэн билээ. Лондонд тоглогдох энэ театрын бүтээлийг Монголын улсын алдарт зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн 1998 онд туурвисан жүжгээс дэглэжээ. Жон Мэн жүжгийг ганцхан сарын хугацаанд орчуулах ёстой болсон бөгөөд “Би монголчуудын өөрсдийн нь оролцоотойгоор өдөр бүр 10 цаг сууж ажилласан” гэлээ.

Уг жүжгийг Лондоны театрт энэ жилд багтаан толилуулах сонирхол байгаа эсэхийг мэдэхийн тулд, шоуны продюсерт жүжгийн орчуулгыг хоёр дахин богино хугацаанд бэлэн болгох шаардлага гарсан юмсанж.

Заавал энэ жил  хэмээн шахахын учир нь нэгэн жарны тэртээ Их Британи улс бараг 70 жи­лийн турш Зөвлөлтийн социалист дэглэмийн Бүгд найрамдах улс байсан Монгол улстай дипломат харилцаа тогтоосон анхны өр­нөдийн улс болсон аж. (ЗХУ хөндлөнгөөс оролцоогүй бол XVII зуунаас 1911 оныг хүртэл Манж Чин улсын харьяат байсан энэ улс Хятадын муж болох байсан ч байж магадгүй юм)

Харин Франц улс Британийн дараа 1965 онд дипломат харилцаа тогтоосон бол, АНУ Монгол улсыг 1987 он хүртэл албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй юм. Дэлхий дахинд танигдах хэмээсэн энэ анхны алхам болон тус улсын олон улс дахь нэр хүндээ өсгөх, Орос, Хятад хэмээх хоёр том хөршөөс хамаарлаа бууруулахыг эрмэлзэж буй өнөөгийн Монгол Улсын нөхцөл байдал нь давхцах мэт.

ОХУ-ын Украинд хийж буй дайн улам даамжирч, харин Монгол улс НҮБ-аас ОХУ-ыг Украинаас гарахыг шаардсан санал асуулгыг өнгөрөгч 2-р сард явуулахад түдгэлзсэн санал өгсөн юм.

Монгол Улсын Ерөнхий сайд, 43 настай, Харвардын төгсөгч Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ уул уурхайд түшиглэн улсынхаа эдийн засгийг эрс сайжруулахаар найдаж, дэлхийн удирдагчдыг найр тавин угтаж байгаа билээ.

Өнгөрсөн  8-р сард тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Дэд ерөнхийлөгч Камала Харрис нартай уулзсан бол, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Франц улсын цөмийн эрчим хүчид нэн шаардлагатай уран зэрэг газрын ховор элемент зэргийн асуудлаар 5-р сард Монголд айл­чилсан юм. Дэлхийн удирдагчид, улс орнууд байгальд ээлтэй, ногоон технологид шаардлагатай түүхий эдээ нөөцлөхөөр уралдаж байна.

Мөн 1990 онд олон намын тогтолцоот ардчилалд шилжсэн Монгол Улсын хувьд улстөрч, засаг баригчдын дотор олон жил ужгирч, улс орноо завшсан нүүрсний хэрэг, авлига, хээл хахуулийг хяналтдаа авсан гэдгийг харуулахаар цагтай уралдаж буй үе тохиож байна. Ээлжит сонгууль ирэх жил болох учраас Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын ордон байдаг төв талбайд 12-р сард болсон эсэргүүцлийг давтагдуулахгүйн тулд шахамдуу, шамдуу ажиллаж байна.

Тэрчлэн Ромын пап энэ сард Монгол Улсад анхны айлчлалаа хийж, олонхи нь бурхны шажинт энэ хүн амын хувьд маш цөөхөн буюу 1500 католик итгэлтнүүдэд номлол айлдав. Бусад шашин номын зүтгэлтнүүдийн адилаар Ромын пап Орос, Хятадад нөлөөгөө нэмэгдүүлэхийг эрмэлзэж байгаа ба Монгол Улс үүнд дөтлөх хамгийн ойрын зогсоол гэж хэлж болох юм. Тэр байтугай, Элон Маск зэсийн их баялагтай энэ улсад “Тесла” үйлдвэрээ байгуулж магадгүй хэмээн өнгөрсөн зун мэдэгдэв.

Монгол Улсын өөр нэгэн зөөлөн хүч нь дэлхийд алдаршиж буй “The Hu” хамтлаг бөгөөд Монгол уламжлалт хөөмэйн дуулал, ардын уламжлалыг хэви метал хөгжимтэй зохируулсан эл хамтлагийг өнгөрсөн жил ЮНЕСКО үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж буй үйлсийнх нь төлөө ЮНЕСКО-ийн Энх тайвны төлөөх уран бүтээлчээр тодруулж тунхагласан нь энэ алдрыг хүртсэн анхны рок хамтлаг болсон юм. Хамтлагийнхан Гластонбюрид тоглосныхоо дараа эдүгээ АНУ-д аялан тоглолтоор яваа. Тэдний дууны дүрсжүүлэг нь Харли-Дэвидсон мотоцикль буюу агт морьд унасан булчинлаг эрс тал нутгаар давхилдаж “Тамгат Чингисийн ухаанаар даръя” гэхчлэн дуулалдаж байдаг билээ.

Чингис хааны тухайд өгүүлэхэд (Монголчууд их хааныхаа тухай үргэлжид дурсах ба хааны дүр мөнгөн тэмдэгт, тэр байтугай миний өөртөө дурсгал болгон авсан алтадмал “Чингис” архины шилэн дээр ч дүрслээстэй буй), энэ 10-р сард түүний байгуулсан Монголын эзэнт гүрний тухай томоохон үзэсгэлэн Францын Нант хотод зохион байгуулагдах гэж буй. Харин Лондонд Хатан хааны урлагийн академиас 2026 онд “Монгол ертөнцийн урлаг” хэмээх шоуг дэглэхээр ажиллаж байна. Монгол Улс эдүгээ өөрөө соёлын экспорттой болжээ.

“Херо” Баатар хэмээх баавгай шиг бахим хүдэр ч, баргил зөөлөн дуутай 44 настай эрхэм бол “Монгол хаан” жүжгийн найруулагч. Бид Зөвлөлтийн үед баригдсан Монгол Улсын Драмын эрдмийн театрт түүнтэй уулзах үед уг жүжиг театрт тасралтгүй 151 удаа тоглогдоод байв.

“Монгол Хаан” бол “өрнө дахин руу хийж буй анхны соёлын довтолгоо” бөгөөд үндэсний мөн чанарын тухайтад алдагдаад буй үзэл сэтгэлгээг дахин сэргээх оролдлого аж. Тэрбээр “Монгол Улс Хятад, Оросын нөлөөнд удаан байснаас үндэснийхээ мөн чанарыг алдсан байна. Энэ жүжиг бол үүнийгээ сэргээн тунхаглах анхны оролдлого” хэмээв. Хэдийвээр  эзэнт гүрний мөхөл уналтын ирмэг дээр хаан ширээ залгамжлах амь дүйсэн тэмцлийг үзүүлсэн энэ жүжиг түүхэн бодит бус уран сайхны зохиол боловч, харин тайз урлал, хувцас загвар, бүжиг дэглэлт, хөгжим аялгуу нь цөм эртний судлалын биет олдвор, соёлын өв уламжлалд тулгуурлан бүтжээ.

Кембрижийн их сургуулийн Монгол судлаач, хүн судлалч доктор Элизабет Фокс ийм соёлын чиглэлийн улс хоорондын харилцаа, бодлого маш чухлыг онцлоод “Хоёр том гүрний дундах жижиг үндэстэн учраас Монголын хувьд сурталчлан таниулах нь тун хэрэгтэй” гэв. Мөн нэмж “Хэрэв Монголыг эзлэн түрэмгийлэхэд тулбал, бусад ард түмнүүд энэ үндэстний тухай, тэр тусмаа тусгаар бие даасан улс гэдгийг нь мэдэж байх, ялангуяа энэ өвөрмөц соёл уламжлал, ард түмэнтэй нь ямарваа нэгэн сэжмээр холбогдож сэтгэлд дотно мэдэрдэг байх нь тун чухал” хэмээсэн юм. Ийнхүү өгүүлэхдээ тэрбээр “Монгол Хаан” жүжиг, “The Hu” хамтлаг болон Катарын Дэлхийн хөлбөмбөгийн аваргын цомын тэмцээнийг зохион байгуулсан зэргийг харьцуулан соёлын экспортын жишээ татаж, “Эдгээр арга хэмжээ, үйл явдал нь [хоёр орны хувьд] улсынхаа нэрийг мандуулах, таниулах стратеги гэж хэлж болно. Монгол Улс хаана байдгийг мэдэхгүй улс маш олон бий. Аль нэг хөрш нь эзлэн түрэмгийлэхээр завдвал Монгол Улс цэрэг зэвсгийн хүчээр хэзээ ч няцааж барахгүй. Тий­мээс [Монголчууд] өөрсдийгөө хамгаалах, болзошгүй эзлэн түрэм­гийлэгчдийг мохоох өөр стратеги бодож хэрэгжүүлэхээс өөр сонголтгүй” хэмээв.

Энэ бүгдээс үзвэл, “Монгол Хаан” жүжиг нь өрнийн театрын ертөнцөд толилуулсан даруйд онцгой амжилтад хүрэх нь зайл­­баргүй. Энэ жүжиг уугуул Улаан­баатар хотдоо хэдийнэ үзэгчдийг байлдан дагуулсан бөгөөд харин Лондон Колизей бол “аймшигтай” олон суудал дүүргэх учиртай Уэст Энд дэх хамгийн том театр билээ. Уг театр эл жүжгийг тайзнаа толилуулах зай багтаамж сайтай давуу талтай, учир нь жүжгийн бүрэлдэхүүнд бүжигчид, хөгжимчид, уран нугараачид, орлон тоглогчид, болон 7 гол дүрийн жүжигчид тэр­гүүтэн нийт 70 гаруй уран бүтээлчдийн баг бий.

Тэр байтугай жүжгийн бүрдэлд галаар тургигч луун хүүхэлдэй бий бөгөөд үүнийг Уэст Энд болон Бродвейд тавигдсан “Пи-гийн амьдрал” театрчилсан бүтээлийн хүүхэлдэйнүүдийг урлан шагнал хүртсэн Английн нэрт хүүхэлдэй урлаач Ник Барнс урласан байна.

Колизей театрт хэмжээс маш чухал. Бодит хэмжээтэй зүйлс живсэн мэт жижгэрч харагддаг бол энэ жүжиг огтоос тийм харагдахгүй” хэмээн уг тоглолтыг үзвэрийн хөтөлбөрт оруулах үед Колизейн ерөнхий захирал байсан Стюарт Мөрфи өгүүлэв. “Монгол Хаан” жүжиг үзэгчдийг татаж танхим дүүргэнэ гэдэгт итгэлтэй суугаа тэрбээр “Уэст Эндэд “Фрөүзен”, “Гриз” гэх мэт  сэдэвлэсэн бүтээлүүд буюу тайзнаа удаан хугацаагаар тоглогдож буй ижил төстэй олон бүтээлүүд бий. Гэхдээ энэ жүжиг бол үнэхээр онцгой, өвөрмөц” гэлээ. Мөн энэ жүжиг өрнөдийнхний хувьд үнэнхүү этгээд чамин, сэтгэл урвуулах увидастай. “Хүмүүс Зүүн өмнөд ази дахины тухай бүр арван жилийн өмнөхөөсөө ч илүү сонирхож байна. Монголд зочлохыг хүсдэг үй олон хүнийг би мэднэ. Харин энэ жүжиг хялбархаан ойлгочих түүхийг толилуулж байгаа юм” хэмээн тэрбээр өгүүлсэн билээ.

Театрын шилдэг, Оливерийн шагналт жүжгийн зохиолч Тимбер­лэйк Уэртэнбэйкер уг жүжгийн англи хувилбарыг хянан тохиолдуулсан бөгөөд орчуулагч Жон Мэний эхнэр тэрбээр нөхрийгөө гол ажлыг нугалсан хэмээж буй ч, зохиолын англи хэл дээрх бичвэрийг шүүн тунгааж, сийрүүлэн найруулахад гар бие оролцжээ. Лондонд компьютер дээрээ эл жүжгийн Монгол хэл дээр тайзнаа тоглож буй бичлэгийг үзэж “Уран бүтээлчдийн хүүрнэж буйг хөдөлгөөнтэй нь нийцүүлэх нь хамгийн чухал байлаа” хэмээгээд уг жүжгийн театрын бүтээлийн сэдэв нь маш гүн тухайд “Шекспирийн туурвил мэт. Хууран мэхлэлт, харалган өрнөл нь “Лир ван”, “Отелло” хоёрын мөн чанарыг агуулж байлаа” гэсэн юм.

“Монгол Хаан” жүжигт нэг л зүйл дутуу нь Монголын тал нутагт нисэн очиж, өглөө үүрийн наран мандахдаа дов толгодоос хөрөөний ир мэт сэрэвгэр уулсын сүүдэр үүтгэн байхуйд оюу ногоон далай мэт үзэгдэх талын дээрээс онгоцоор даялуулан газардах тэр бодит мэдрэмж болой.

Монгол Улс маш хурдацтай хотжиж буй ч, нийт 3.4 сая хүн амын дөрөвний нэг нь хөдөө нутагт нүүдэллэн аж төрсөөр буй. Тэдний нүүдлийн эсгий сууц болох гэр нь онгоцноос тараан цацалсан хөвөн бөмбөлөг мэт энд тэнд оор тоор үзэгдэнэ. Улаанбаатар хотоос холгүй байх “Чингис Хаан” олон улсын нисэх буудлаас гарсан даруйд нэгэн агшнаа хуучин, шинэ харгалдан үзэгдэх нь хотын хүн амын бөөгнөрөл, замын түгжрэлийг үүсгэхэд гол нэмэр оруулагч машины худалдааны зарлалын өмнө зогсох хоёр морьтон залуу байлаа.

Ийш ирэхийн учир нь Үндэсний баяр наадмын  угтан  зуны амралтаа авч тоглолтоо завсарлахын өмнөх “Монгол Хаан” жүжгийн сүүлчийн тоглолт байсан юм. Хөшиг нээхийн өмнө жүжгийн найруулагч “Херо” Баатартай уулзаж суухад, “түүний эрхэм нөхөр, жүжгийн их зохиолч бээр “Хаан” хүний эрхэм чанарыг энэ бүтээлээрээ нээн харуулахыг хүссэн. Хаан хүн ард түмэн, эзэнт гүрнийхээ  эрх ашгийг өөрийн хувийн жаргал, хүсэл шуналаас дээгүүрт тавьж чадах зориг, ухаантай байх учиртай. Одоо ч хүн төрөлхтөнд маш чухаг энэ гүн ухааныг л нээн харуулах үүднээс энэ жүжгийг дахин дэглэсэн” гэдгээ тайлж өгсөн билээ.

Энэ жүжгийг Турк, Франц, бүр АНУ-д ч  толилуулахаар  найдаж  буй тэрбээр гэхдээ жүжгээ эн тэргүүнд Их Британид тавих учиртай, учир нь “Театрын голомт, Шекспирийн төрөлх нутаг Их Британид Монгол өв соёлоо таниулах нь нэр хүндийн хэрэг” гэсэн юм.

“Монгол Хаан” жүжгийн тасал­бар бол Монголын баялаг өв соёлоос нүд хужирлаж, сэтгэлээ баясгах найр хуримд очно гэсэн үг. Хоёр бүжээч үнэгээр эхлэх эл жүжиг улмаар Хүннү булшнаас олдсон биет олдворт үндэслэн сэргээсэн эртний нүүдэлчдийн амьтны  загварт дүр дүрслэлээр нэн баялаг, Хааны хатны хэвнэг дээр хатгасан алтан буга, Хааны алтан шонхор оройт титэм хүртэлх бүхий л хувцас өмсгөл, эдлэл хэрэгсэл цөм түүхэн олдвор, уламжлалт үндэсний хувцас загвараар хийгджээ.

Жүжиг хааны их бага хатан хоёул хэдхэн хоногийн зайтай нуган ханхүүд төрүүлснээр эхлэх хийгээд хаантан их хатны өргөөнд очилгүй олон жил болсон тул их хатны хүү яавч Хааны үр баймгүй. Үнэхээр тэр хүү нь Хааны удам бус, харин хатантан хааны итгэлт шадар зөвлөхтэй нөхцөж төрүүлсэн байдаг. Улмаар жүжиг хоёр хан­хүүг сольсноор цааш өрнөх нь чухам хорлонтой. Эдгээр бүх үзэгдэлд олон бүжигчдийн нэн шидрүүн бүжиг, хөгжим, үйл явдлыг цуурайлан дүрслэх мэт хамсраа үйлдлүүдээр сүр хүч нэмсэн нь “Араатны хаан арслан” бүтээлтэй өрсөлдөхүйц.

Ганц өөлөх зүйл маань Монгол жүжигчид болон жүжгийн арын албаныхантай хэл нэвтрэлцэхгүй байх гэсэн шалихгүй бодол байлаа. Гэтэл… би вээр жүжигчдийг англи хэл дээр  жүжгээ  тоглоно чинээ огоот санаа­гүй юм. Тэр байтугай Монгол зохиолынх нь төгс орчуулгаар жүжгийг үзлээ гэж хэлэхэд жүжгийг орчуулсан Ж.Мэн, Т.Уэртэнбэйкер нар ч тийн бодоогүйгээ гайхашран хэлсэн билээ.

Орчуулгыг хийхдээ зохиолч гэр бүл Колизейд жүжгийг толи­луулахдаа үзэгчдэд зориулан титр маягаар урсгаж гаргах нь гэж бодсон юмсанж. Жүжигчид англи хэл дээр гарамгай сайн тоглосон ч, яг үзэгч миний хувьд жүжигчдийн англиар ярьж өгүүлж байгаа нь нүдээр үзэж харж байгааг маань сарниулаад байлаа.

Мэдээж хүн бүрд адилгүй туссан биз. Найруулагч Баатар ч үүнтэй санал нийлэлгүй, харин жүжгийг монголоор ч, англиар ч тоглуулна, “Монгол хаан хүннү аялгатай англиар ярих нь их өвөрмөц байна гэж шийдсэн. Ингэснээр, орчуулгыг титрээр уншуулж утгыг нь ойлгуулах гэж оролдохын оронд, үзэгчид өөрсдөө жүжиг дотроо уусаж үзэх болно” гэлээ.

Жүжгийн продюсерын баг англи үзэгчдийг Монголын төрт ёс үүсэн  ахуй хоёр мянганы тэртээх эрт цаг руу аваачих нь ширээнд уягдмал сууриншсан  ертөнцөд  шууд  ойлгож хүлээн авахад бэрх тэр нүүдэлчин соёлыг  нээн таниул­на хэмээн найдаж байгаа аж.

Миний наадмын хөтөч Т.Баянжаргалан наадмын нээлт дээр Чингис хааны дүрээр хувцас­ласан жүжигчний сүүлийн үгийг инээмсэглэн орчуулсан нь “Би дахин мэндэлнэ” байв. Чухам үүнийг л, “Чингис хаан дахин мэнд­лээсэй, Монгол Улсаа сэргээн мандуулж, дэвжээн хөгжүүлэх удирдагч төрөөсэй” хэмээн Монгол хүн бүр хүсдэг ажээ.

 

Эх сурвалж: “The Telegraph”

 

 

 

 

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн орон зайн төлөвлөлт-шийдлийн зураглал, суурь концепци DNN.mn

Шинжлэх ухаан,  судалгаанд суурилсан бүсчилсэн хөгжүүлэх, хөгжлийн орон зайн төлөв­лөлт, шийдлийн тухай нийтлэл.

Монгол Улсын Засгийн газраас  2024  оны “Бүсчилсэн хөгж­­лийг дэмжих жил” бол­гон  зарлаж, УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганаар шинэчилсэн  Бүсчилсэн  хөгжлийн үзэл баримтлалын төслийг боловсруулж, хэлэлцэж эхлэх төлөвтэй байна.

Энэхүү нийтлэлээр дэв­шүүлж буй “Монгол Улсын нийгэм, эдийн зас­гийн хөгж­лийн орон зайн төлөв­лөлт-шийд­лийн зураглал, суурь кон­цепци”-ийг Боловсрол Шинж­лэх Ухааны Яам, Шинжлэх Ухаан Технологийн Сан­гийн захиалга, сан­хүү­жилтээр Шинжлэх Ухааны Академийн Газар­зүй, геоэкологийн хүрээ­лэнд өнгөрсөн таван  жилийн хуга­цаанд хэрэгжүүлсэн суурь судалгаа, гадаадтай хамтарсан, улсын захиалгат төслүүдийн үр дүнд тулгуур­лан дэвшүүлсэн болно. Дэвшүүлж буй хөгжлийн орон зайн төлөвлөлт нь “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бод­лого, Шинэ сэргэлтийн бод­логод туссан зорилтуудыг хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны үндэслэлийг тодор­хойлж, оновчтой гарц шийд­лийг санал болгох замаар эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын зүгээс дэмжлэг үзүүлэхэд оршино.

Үндэслэл: Яагаад хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа нэмэгдэв?

Хүний хөгжлийн үндсэн үзэл санаа нь хүмүүсийн боловсрол, эрүүл мэнд, инноваци, технологи, эдийн засаг, дэд бүтэц, хөдөлмөр эрхлэлт, нийгэм, соёл, улс төрийн гэх мэт сонголтуудыг өргөжүүлэх үйл явц бөгөөд төр засаг ард иргэдэд өөрийн хүсэл эрмэлзэл, чадамждаа тохирсон сонголт хийх өргөн боломжуудаар хангах явдал юм. Хэн ч гэсэн өргөн сонголт-боломж бүхий таатай нутаг дэвсгэр, орон зайд амьдрахыг хүснэ. Энэ агуулгыг Монгол орны нутаг дэвсгэр, орон зайн хувьд авч үзвэл иргэдийг өргөн боломжоор хангаж чадах ганцхан сонголт байна, тэр нь Улаанбаатар хот. Нөгөө талд хөдөө, орон нутгийн хөгжил орхигдож, хот, хөдөөгийн ялгаатай байдал нэмэгдсэн. Үүнийг судлагдахуун талаас нь Үндэсний хэмжээнд нутаг дэвсгэрийн хөгжлийн орон зайн зохион байгуулалтын оновчтой бүтэц алдагдаж, улмаар нутаг дэвсгэрийн “нийгмийн хөгжил”-ийн ялгаа эрс, тэс болсон гэж тодорхойлж байна.

Нийгэм цаг үеэ дагаад хөгжсөн орон зайг хүсэмжилж байдаг. Нийгмийн хөгжлийн “нутаг дэвсгэр”-ийн ялгааг багасгах төлөвлөлтийн нэг арга хэрэгсэл бол бүсчлэн хөгжүүлэх буюу эдийн засгийн газарзүйн дотоод ялгарлыг бий болгох замаар орон зайн нийтлэг бус буюу ялгаатай бодлого явуулахад оршдог.  Нөгөө талаас хязгаарлагдмал эдийн засгийн нөөцөөр бүх аймаг, сумыг ижил, нийтлэг бодлогоор хөгжүүлэх боломжгүйг өнгөрсөн 30 жил харууллаа. Өөрөөр хэлбэл, орон зайн ялгаатай бодлогын үр  нөлөөгөөр эдийн засгийн газарзүйн дотоод ялгарлыг нөхцөл­дүүлж, улмаар нутаг дэвсгэрийн нийгмийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг бий болгодог.

Аливаа тулгамдсан асуудал нь шалтгаан-үр дагаврын холбоосоор нөхцөлддөг. Улаанбаатар хотын түгжрэл нь үр дагавар бол түүний шалтгаан нь “төвлөрөл”, төвлөрөл нь үр дагавар гэвэл түүний шалтгаан нь “хөдөөгийн хөгжил”-ийн асуудал юм. Орон нутгийн хот болон хөдөө нутаг хөгжихгүй байгаагийн шалтгаан нь өнгөрсөн хугацаанд Монгол Улс хөгжлийн орон зайн төлөвлөлт, бодлогогүй явж ирсний үр дагавар юм.

Өнөөгийн нөхцөл. Улаанбаатар хот нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзэлдэг ч хүн амын 47 орчим хувь, худалдаа үйлчилгээний 84 хувь, нийт их сургуулийн 90 хувь, аж ахуй нэгж, байгууллагуудын 76 хувь, нийт авто машины 84 хувь нь төвлөрч, ДНБ-ний 65 хувийг дангаараа үйлдвэрлэж байна. Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл, түгжрэлийн шалтгаан нь өнгөрсөн 30 жилд өнөөгийн Улаанбаатар хотын хүн амын 45% (728.3 мян.хүн) нь хөдөө, орон нутгаас шилжин ирсэн бөгөөд энэ нь найман аймгийн хүн амтай тэнцэнэ. Улаанбаатар хот хүн амын шилжилт хөдөлгөөний нэг том “татах хүч” бөгөөд үүнд Улаанбаатар хотын үзүүлж буй дээд боловсрол, эрүүл мэнд, соёл, инноваци, технологи, дэд бүтэц, ажлын байр, зах зээл, эдийн засгийн таатай орчин, нөхцөл багтана. Харин хөдөө орон нутгаас шилжилт хөдөлгөөний нэг том “түлхэх хүч” бол ган, зуд, уур амьсгалын өөрчлөлт болон дээр дурдсан боломж, сонголтын хомс байдал юм. Өөрөөр хэлбэл, “хот” бол нийгэм, соёлын үйлчилгээ, эдийн засгийн хувьд нэг том “оролцон тоглогч” юм. Жишээлбэл, хөдөө орон нутгийн хаа нэгтэйгээс ЕБС төгсөж буй сурагч дотооддоо өрсөлдөхүйц боловсрол эзэмшье, эзэмшсэн мэргэжлээрээ ажил хөдөлмөр, бизнес эрхэлье, эрүүл мэндийн төрөлжсөн, чанартай, хүртээмжтэй үйлчилгээ авъя гэвэл энэ үйлчилгээг Улаанбаатархот л өгч чадаж байна. Улаанбаатар хотод амьдарч буй 10 хүн тутмын нэг нь оюутан. Харин бүс, орон нутгийн түвшинд бусад аль ч хот өнөөгийн Улаанбаатар хоттой өрсөлдөхүйц үйлчилгээг иргэдэд өгч чадахгүй байна. Хувь иргэний хувьд тухайн хот миний хүсэж буй ямар үйлчилгээг өгч чадах вэ гэдэг нь л чухал юм.

Бид (Монгол Улс) бодлогын сонголт дээр байна. Тэр нь юу вэ?

Өнөөгийн Улаанбаатар хотын төвлөрлийг хүн амын төвлөрөл гэхээс илүүтэй нийгэм, соёл, үйлчилгээ, эдийн засаг, дэд бүтцийн төвлөрөл болсон гэж тодорхойлж байна. Иймд, УБ хотын хүн амын төвлөрлийг задалъя гэвэл хүн амыг хөдөө, орон нутаг руу шилжин суурьших үйл явцыг дэмжих бус, харин тэргүүн ээлжид газарзүйн байршлын хувьд хаана, аль бүс нутаг, хотод ямар нийгэм, соёл, эдийн засаг, дэд бүтцийг оновчтой байршуулах явдал нэн чухал болоод байна. Бүс, орон нут­гийн түвшинд Улаанбаатар хотын ачааллыг хуваал­цах хот хэрэгтэй байна.

2045 он  хүртэлх хүн амын хэтийн тооцоо­гоор Монгол Улсын хүн ам өөдрөг хувилбараар 5.01 сая болж өсөх хандлагатай. Энэхүү хүн амын хэтийн тооцоог Улаанбаатар хот, 21 аймгийн төв хот, тосгон болон хөдөө нутаг гэсэн суурьшлын гурван хэлбэрээр авч үзвэл, Улаанбаатар хотын хүн ам 2025 онд 53.6 хувь, 2045 онд 57.3 хувь болж өсөх хандлагатай байна. Энэ нь хүсэж боломгүй ирээдүй юм. Монгол Улс 2045 он хүртэл гра­фик дээр харуулсан улаан шугамыг дага­сан төлөвлөлт хийх үү? эсвэл бүс, орон нутгийн түвшинд хүн амыг тогтвортой хадгалж, орон зайн хувьд тэнцвэртэй хөгжлийг хангах зохицуулсан, удирдсан төлөвлөлт хийх үү? гэсэн бодлогын сонголт дээр байна. Хэрэв улаан шугамыг дагасан төлөвлөлт хийе гэвэл Улаанбаатар хотын цэцэрлэг, сургууль, эрүүл мэндийн хүртээмж, үйлчилгээг нэмэгдүүлж болно. Энэ нь буруу явж буй процессыг дагасан амар шийдэл болно. Мөн Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг тэгш, сондгойгоор зохицуулалт хийсэн ч түгжрэх магадлалтай. Нөгөө та­лаас том зураглалаар Үндэсний хэмжээнд асуудлуудыг шийдэхгүй юм. Харин, нийгмийн хөгжлийн нутаг дэвсгэрийн ялгааг багасгах эдийн засгийн газарзүйн ялгаатай бодлого хэрэгжүүлэх замаар зохицуулсан, удирдсан төлөвлөлт хийсний үндсэн дээр Улаанбаатар хотын хүн амын тоог ядаж өнөөгийн түвшинд тогтвортой хадгалах, улмаар бүс, орон нутгийн түвшинд хүн ам шилжин суурьших нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй.

Төлөвлөлтийн ямар гарц, шийдэл байна вэ?

Асуудлын шийдлийг зөвхөн УБ хотын төвлөрөл, түгжрэлийг шийдэх хүрээгээр бус Үндэсний хөгжлийн болон Үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс том зураглалаар авч үзэх нь чухал байна. Монгол Улсын Үндэс­ний аюулгүй байдлын үзэл баримтлалд эдийн засгийн аюулгүй байдал гэдэг нь “Эдийн засгийн бие даасан байдлаа хангаж хөгжих” тухай ойлголт юм. Бид өнөөдөр нутаг дэвсгэрийн орон зайн төлөвлөлтийн хувьд эдийн засгийн бие даасан байдлаа хангаж байна уу?  хэмээн асуувал судлаачийн хувьд “үгүй” гэж хариулна.

Нөгөө талаас, бид (Монгол Улс) 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн 17 зорилго, 169 зорилтыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Монгол дахь НҮБ-ын суурин зохицуулагчийн газ­рын дэмжлэгтэйгээр ЭЗХЯ-аас зохион бай­гуу­лан “Монгол Улсын Үндэсний сайн дурын хоёр­дугаар илтгэл 2023: Тогтвортой хөгж­лийн зорилгын хэрэгжилт” илтгэлийг боловс­руулж, АНУ-ын Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын дээд хэмжээний чуулга уулзалтад танилцуулсан. Уг илтгэлээр “Бүс, орон нутгийн хөгжил”-ийн асуудал нь ТХЗ-н хэрэгжилтийг хангахад “хязгаарлагч хүчин зүйл” болж байгааг онцлон авч үзэж, бүс, орон нутгийн хөгжлийн төлөвлөлтийн зарим гарц, шийдлийг тодорхойлж, дүгнэлт өгсөн.

Ингээд, өнгөрсөн таван жилийн хугацаанд манай хү­рээлэнд хийсэн судалгаанд тулгуур­лан дараах хөгжлийн орон зайн төлөвлөлтийн шийд­лийг дэвшүүлж байна (газрын зургаас харна уу). Үүнд;

1.Хотын зэрэглэл, статус, хөгжилд гүйцэтгэх чиг үүргийг нэн тэргүүнд шийдвэрлэх. Өнөөгийн 21 аймгийн төвийг “хот” гэж ярьж, ойлгодог хэдий ч, үнэндээ “сум” гэсэн эрхзүйн статустай. Тодруулбал, Дархан-Уул аймгийн төв Дархан хот нь “Дархан сум”, Баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн Ховд хот нь “Жаргалант сум” гэсэн эрхзүйн статустай. Эрхзүйн зохицуулалтын хувьд эдгээр хотууд нь сум гэсэн эрхзүйн статустай байгаа нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар сум гэсэн агуулгаар төлөвлөж, Төсвийн тухай хуулиар хөдөөгийн сумдтай ижил агуулгаар төсөвлөж байна. Ийм эрхзүйн орчинд орон нутгийн хотууд нийгмийн хэрэгцээг хангаж, хөгжих боломжгүй юм. Манай улсын нийт хүн амын 69% нь аль хэдийнээ хот, суурин газарт суурьшсан байна. Хотууд нь Үндэсний болоод бүс, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд голлох үүрэг бүхий орол­цогч бөгөөд энэ агуулгаар төлөв­лөж, тө­сөв­лөх шаардлагатай байна. Гэтэл өнгөрсөн хуга­цаанд хөгжлийн бодлого, төлөв­лөлт, төсөвлөлт хийхэд хотуудын гүй­цэтгэх үүргийг орхигдуулж ирсэн. Иймд, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бо­лон 2020 оны Нэгжийн хуулийг хэрэгжүүлж, Монгол орны хотуудад Улсын болон орон нутгийн зэрэглэл, статусыг олгож, тэдгээрийн бүс, орон нутгийн хөгжилд гүйцэтгэх эдийн засаг, нийгмийн үүргийг эрхзүй, эдийн засаг, удирдлагын бүтэц зохион байгуулалтын хувьд нийгмийн эрэлт, хэрэгцээг хангах чиглэлд тодорхой болгох шаардлагатай.

Санал болгож буй Монгол Улсын “Хотын зэрэглэл, статус, чиг үүрэг”-ийн тогтолцоо

 

Хотын зэрэглэл Хотын эрэмбэ, статус Бүс, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд гүйцэтгэх чиг үүрэг, чиглэл
Улсын зэрэглэлтэй хот I Хөгжлийн стратегийн төв хот Бүсийн эдийн засаг, аж үйлдвэр, аялал жуулчлалын кластер төв, соёл, дээд боловсрол, шинжлэх ухаан, технологи, инновац, эрүүл мэндийн  төрөлжсөн үйлчилгээ, тээвэр-логистик, үйлчилгээний олон үүрэгтэй хот (бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжилд үүрэг бүхий зангилаа хот)
II Хөгжлийн төв хот Засаг захиргаа, аж үйлдвэр, үйлчилгээний үүрэгтэй хот
Орон нутгийн  зэрэглэлтэй хот III Орон нутгийн хөгжлийн төв хот Засаг захиргаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн үүрэгтэй хот
IV Орон нутгийн хот Засаг захиргаа, үйлчилгээний үүрэгтэй хот

Хөгжилд хотын гүйцэтгэх үүрэг, нийгмийн эрэлт, хэрэгцээг хангаж, дээрх “Хотын зэрэг­лэл, статус, чиг үүрэг”-ийн тогтолцоог Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн төсөлд тусгах шаардлагатай байна. Бид таван бүлгийн 18 шалгуур үзүүлэлтээр 26 хотыг судлаад газарзүйн байршлын хувьд аль хотод ямар түвшний зэрэглэл, статус, чиг үүргийг олгох саналыг дээрх газрын зурагт харууллаа. Тодруулбал, Дархан, Чойбалсан, Ховд, Улиастай, Даланзадгад гэсэн таван хотод Улсын зэрэглэлтэй Хөгжлийн стратегийн төв хотын статусыг олгох саналыг дэвшүүлж байна. Эдгээр таван хот нь бүсийн түвшинд эдийн засаг-дэд бүтцийн газарзүйн кластер хол­болтыг нөхцөлдүүлж, улмаар уг хотууд дээр бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжил зангидагдана.

2.Тээврийн дэд бүтцийн босоо, хэвтээ тэнхлэгийг нэн тэргүүнд шийдвэрлэх. Дэлхийн улс орнууд нь өөрийн газарзүйн байршил, түүний  хэлбэр, нийгэм, эдийн засгийн онцлогоос хамаарч тээврийн сүл­жээний ямар онолын хандлага загвараар хөгжихөө тодорхойлдог. Монгол орны хувьд Төв-Азиас Зүүнхойд Ази хүртэл сунаж тогт­сон, ОХУ, БНХАУ-тай бүхэлдээ хиллэдэг. Энэ агуулгаар бид тэнхлэгт суурилсан үзэл баримт­лалаар хөгжлийн орон зайн төлөв­лөлтөө хийх зүйн хэрэг юм. Гэтэл, өнөөдөр бид Улаанбаатар хотыг нарны цацраг мэт 21 аймгийн төвтэй авто замаар холбосон нь аяндаа процессын дүнд төвлөрүүлэх хандлагыг нөхцөлдүүлж байна. Тэнхлэг гэдэг нь хотын хоорондын зам, эсвэл уул уурхай нүүрс тээвэр зэрэг тусгай зориулалтын авто замын тухай ойлголт биш бөгөөд харин бүс, орон нутгийн түвшинд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бүсийн түвшинд импортыг орлож, экспортын баримжаатай бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ГШХО болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах дэд бүтцийн таатай нөхцөлийг бүрдүүлэх, тухайн тэнхлэг дээр оршиж буй хот, суурин газрын хүн амын тогт­вортой суурьшлыг дэмжих, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах үндсэн агуулга, ач холбогдолтой юм.

Бид, Үндэсний хэмжээнд тээврийн дэд бүт­цийн тэнхлэг болгон хөгжүүлж болохуйц босоо 11, хэвтээ зургаан хувилбаруудыг сонгон авч, есөн бүлгийн 19 шалгуур үзүүлэлтийг ашиг­­лан үнэлгээ хийсний үндсэн дээр ОХУ-ын Сибирийн бүс нутаг болон БНХАУ-ын гол тээврийн коридор, хотуудын газарзүйн байр­шилтай уялдуулан босоо 4 тэнхлэг, түүний дэд гурван тэнхлэг, хэвтээ нэг, түүний дэд нэг тэнхлэгийг тодорхойлон дэвшүүлж байна.

  1. Эдийн засгийн газарзүйн хол­болтуудыг нөхцөлдүүлэх. Дэвшүүлж буй Улсын зэрэглэлтэй Хөгжлийн стратегийн төв хотууд, тээврийн дэд бүтцийн босоо, хэвтээ тэнхлэг нь бүсийн түвшинд аж үйлдвэр, аялал жуулчлал, зам, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээ, хилийн боомт, чөлөөт бүс, ОУ-ын чанартай агаарын боомт, нислэгийн чиг­лэл, 4С онгоцны буудал зэрэг хүчин зүйлсийн газарзүйн оновчтой байрлалуудыг тодорхойлох суурь нөхцөл бөгөөд эдгээрийн төлөвлөлтийн шийдлийг газрын зурагт харууллаа. Бүсийн хөгжилд үүрэг бүхий эдгээр хүчин зүйлс нь өөр хоорондоо харилцан бие биеэ тэтгэн холбогдож, улмаар бүс, орон нутгийн түвшинд эдийн засаг-дэд бүтцийн газарзүйн кластер холболтуудыг нөх­цөлдүүлнэ. Энэ нь бүс, орон нутгийн ний­гэм, эдийн засаг, дэд бүтцийн “татах хүч” болно.
  2. Газарзүйн бүртгэлд суурилсан хөрөн­гө оруулалт, татвар, хөнгөлөлт зэрэг эдийн засгийн механизмыг бүрдүүлэх. Төр засаг иргэдэд таатай сонголт-боломжийг өгөх ёстой. Татвар, өртөг өндөр хотууд байж болно. Гэхдээ, төвлөрөл, түгжрэлийг шийдвэрлэх зорил­гоор Улаанбаатар хотод татвар нэмэх, захир­гааны арга хэрэгслийг хуулиар зохицуулж бай­гаа бол нөгөө тал эрхзүй, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх хэрэгтэй байна. Иргэд, хөрөнгө оруулагчид хаана ямар хө­рөнгө оруулалт хийвэл үр ашигтай, мөн аль хотод шилжин суурьшвал давуу талтай байх нь хөгжлийн орон зайн төлөвлөлтийн хувьд тодорхой байх ёстой. Газрын зурагт харуулсан төлөвлөлтийн шийдлүүдийг хэрэгжүүлэхэд эрхзүй, эдийн засаг, хөрөнгө оруулалт, татвар, урамшууллын арга хэрэгсэл, зөөлөн бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна. Иймд, Хөгжлийн орон зайн төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд чиглэсэн газарзүйн бүртгэлд суурилан татвар бага, хөрөнгө оруулалтын урамшуулал, хөнгөлөлттэй хот, бүс нутгийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад нээлттэй зарлах, улмаар бүсийн түвшинд бизнесийн таатай орчныг бүрдүүлэхийг зөвлөж байна.

Энэхүү санал болгож буй арга хэрэгслийг нь хөгжлийн орон зайн төлөвлөлтийн суурь үзэл санаа бүхий “үр ашигтай, өндөр бүтээмж” бүхий зангилаа Улсын зэрэглэлтэй хөгжлийн стратегийн төв таван хот, түүний нийгэм, эдийн засгийн нөлөөлөл-таталцлын кластер бүсэд нэн тэргүүнд хэрэгжүүлэхийг зөвлөж байна (газрын зургаас харна уу). Өөрөөр хэлбэл, шилжин суурьшигч, хөрөнгө оруулагч нь тухайн хотод компани, татварын бүртгэлээ хийлгэж, ажлын байраа нээж, тэндээ тогтвор­той суурьшиж, тухайн хот болон түүний нөлөөл­лийн бүсэд бизнесээ эрхэлбэл татвар, хөнгөлөлт, урамшуулал авдаг байх эрхзүйн таатай орчин, эдийн засгийн механизмыг бүрдүүлэх нь чухал юм.

Эцэст нь, Улс орнууд нутаг дэвсгэрийн орон зайн зохион байгуулалтын ямар суурь бүтэц, зураглал дээр хөгжлийн төлөвлөлт хийх бэ? гэдгийг нэн тэргүүнд тодорхойлдог. Шинжлэх ухаан суурилсан төлөвлөлтийн ший­дэл нэн чухал болохыг онцлон тэмдэглэж бай­на. Эдийн засаг, дэд бүтцийн таатай орчин бүрдсэн орон зайд хүн ам, нийгмийн хөгжил явагддаг…

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбар М.Алтанбагана (Ph.D),

дэд профессор, Ц.Отгонхүү, Г.Урантамир, П.Цэенханд, А.Нандин-Эрдэнэ

 

 

 

Categories
мэдээ цаг-үе

Албан тушаалтны 2023 оны ХАСХОМ-ийг шинэчлэн гаргуулах ажлыг зохион байгуулж байна DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 1 дүгээр сарын 2-5-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 482 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 186 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 296 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 61 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 7 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Албан тушаалтны 2023 оны ХАСХОМ-ийг шинэчлэн гаргуулах ажлыг улсын хэмжээнд цахим системээр дамжуулан зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Адъяа: Хөрөнгө оруулагчид хүлээсэн байдалтай байна DNN.mn

Монгол дахь Америкийн худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Адъяатай Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан ярилцлаа.

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ид хэлэлцэж байна. Сөрөг хүчний зүгээс тус хуулийг эсэргүүцэж, улмаар гурав хоногийн завсарлага авлаа. Тэгвэл таны хувьд энэ хуулийг ямар болсон гэж дүгнэж байгаа вэ?

-Эдийн засгийн хөгжлийн яамнаас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд энэ хуулийн төслийг боловсруулах ажил явагдаж, эхэндээ нэлээд удаан байсан. Гэсэн хэдий боловч яамны зүгээс анхаарал хандуулж, Их хуралд өргөн барьсан. Шинэчилсэн найруулгын төсөл бол одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуультай харьцуулахад хөрөнгө оруулагчдын зүгээс хүсч байгаа олон заалт орсон. Тухайлбал, Гаднын хөрөнгө оруулагчдад 100 мянган ам.долларын босго тавьсан. Асуудал, маргаан гарсан тохиолдолд түүнийг шийдвэрлэх зохицуулалт, төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо ямар байх ёстой зэргийг тодорхой, цэгцтэйгээр оруулж өгсөн. Эдийн засгийн хөгжлийн яамнаас өнгөрсөн хугацаанд хэлэлцүүлгүүдийг маш сайн зохион байгуулж, олон талын оролцоог хангаж өгсөн. Бизнесийн холбоод болон манай танхимын зүгээс өгсөн саналуудыг авч, тодорхой хэмжээнд тусгаад явсан.

-Тэгвэл энэ хуульд дутагдалтай, буруу зүйл заалт байна уу?

-Татварын хөнгөлөлттэй холбоотой асуудлууд байна. Одоо мөрдөгдөж байгаа хуулийн 11.2-т өндөр технологи, стратегийн ач холбогдолтой салбарт хөрөнгө оруулалт хийж, төнөг төхөөрөмж оруулж ирсэн бол гаалийн татвар, НӨАТ-аас чөлөөлнө гэсэн заалт уг нь бий. Харамсалтай нь энэ заалт хэрэгжихгүй явсаар өдийг хүрлээ.

Яагаад гэхээр Сангийн яамны зүгээс Татварын хуулиа бариад явчихдаг.

Тэгэхээр Хөрөнгө оруулалтын тухай болон Татварын тухай хууль нь хоорондоо авцалдахгүй явж ирсэн. Үүнийг Сангийн яам болон Эдийн засгийн хөгжлийн яамныхан бүгд л мэдэж байгаа. Харин шинэчилсэн найруулгын төслөөс татвартай холбоотой асуудлуудыг нь бүрмөсөн авчихсан. Тиймээс бид татвартай холбоотой асуудлыг цэгцэлж өгөөч гээд Сангийн яаманд асуудал тавихаар Татварын багц хууль өөрөө том хууль учраас тэр бүр гарахгүй гээд дунд нь хийдчихээд байна. Үүн дээр бид зарчмын хувьд санал нийлэхгүй байгаа юм. Гэвч сөрөг хүчнээс нь эсэргүүцээд, нийгэмд элдэв асуудал гаргаад Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхгүй болох хэмжээнд аваачмааргүй байна. Болж өгвөл одоогийн энэ ерөнхий агуулгаар нь дэмжээд баталчих хэрэгтэй. Ингээд баталж чадвал бид олон улсын хамтын нийгэмлэгт сайхан эерэг мессэж өгөх гээд байгаа юм. Сонгуулийн өмнө Хөрөнгө оруулалтын тухай хуулиа батлаад, ээлтэй байна шүү гэсэн дохиог өгнө. Тэгж байж жижиг эдийн засагтай манайх шиг улс эрх зүйн орчноо тодорхой болгож байж бусад орнуудтай өрсөлдөхгүй бол хөрөнгө оруулалт татах үнэхээр хэцүү байна. Тийм ч болохоор энэ хуулийг хэлэлцээд батлаад яваасай гэдэг дээр манай танхим болон бусад танхимууд нэг байр суурьтай байгаа.

-Хөрөнгө оруулагчдын гол хүсдэг зүйл нь татварын хөнгөлөлт, таатай орчин. Гэтэл шинэчилсэн найруулгаасаа татвартай холбоотой бүх заалтыг нь авчихсан. Эргээд татварын хуульдаа гар хүрэх дургүй байгаа юм бол энэ хуулийг батлаад ер нь нэмэр байна уу. Хөрөнгө оруулагчдыг урин дуудах хууль болж чадах юм уу?

-Энэ бол үнэхээр чухал асуудал. Яагаад гэхээр илүүтэй тунхаглалын шинж чанартай хууль болчих гээд байна. Гэхдээ л аль 2013 онд баталсан хуулиа Монгол Улс шинэчилж баталлаа гэдэг нь л чухал болчихоод байгаа юм. Мэдээж дан ганц энэ хуулийг батлаад ач холбогдол багатай. Хөдөлмөрийн, Ашигт малтмалын, татварын гээд олон хууль нийлж байж цогц орчин бүрдэнэ.

-Татварын асуудал дээр танай танхимын зүгээс цаашид ямар арга хэмжээ авах вэ. Шаардлага, Татварын багц хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн санал зэргийг холбогдох газарт өгөх үү?

-Ер нь бол манай танхимын зүгээс 2024 онд анхаарч ажиллах гол асуудал бол татвартай холбоотой маргааны асуудлууд байх болно. Татварын байгууллага, байцаагч гэдэг нэлээд эрх мэдэлтэй, гадаад дотоодын аж ахуйн нэгжүүдийг хааж, үйл ажиллагааг нь зогсоох чадалтай байгаа. Хэдийгээр хуулиа барих нь зүйн хэрэг боловч магадгүй мэдлэг боловсрол, чадавхын асуудлууд ч бий. Тиймээс энэ асуудал дээр анхаарч ажиллана. Өнөөдрийн хүртэл гарсан асуудлуудын гол учир нь юу вэ, шийдэл нь юу байх вэ гэдэг дээр тулж ажиллах ёстой.

-Гадаадын хөрөнгө оруулагчдыг луйварддаг, маргаан гарсан тохиолдолд шүүхийн байгууллагад итгэх итгэл сул байдал нь тэднийг үргээдэг гол зүйл. Тийм ч болохоор хөрөнгө оруулагчид маргаан гарвал арбитрын шүүхэд ханддаг. Тэгвэл маргаан шийдвэрлэх тал дээр энэ хуулийн төсөлд хэрхэн тусгасан бэ?

-Одоо өргөн барьсан хуулийн төсөлд маргаан гарвал олон улсын арбитрын шүүхээр маргааныг шийдвэрлэнэ гэсэн дэвшилттэй заалт орсон. Харин арбитр гэдэг маань маш их хугацаа, хөрөнгө мөнгө ордог учраас бид арбитрт очихоос өмнө Маргаан шийдвэрлэх зөвлөл байгуулах санал тавьж, түүнийгээ тусгуулсан. Ямар нэгэн маргаан гарсан тохиолдолд Маргаан шийдвэрлэх зөвлөлөө хуралдуулаад арбитрын шатанд очуулахгүйгээр шийдвэрлэх боломжтой. Энэ бол үнэхээр олзуурхууштай заалт.

-Маргаан шийдвэрлэх зөвлөлд ямар хүмүүс орох вэ. Энэ зөвлөл нь ямар нэгэн талд нь орохгүй гэсэн итгэл үнэмшлийг хэрхэн төрүүлэх вэ?

-Олон талын оролцоог хангасан зөвлөл байна л даа. Төр, хувийн хэвшил, олон нийт, хөрөнгө оруулагчдын төлөөллийг оруулах боломжтой. Тийм болохоор хараат бусаар шийдвэр гаргаад яваад байж болно гэж найдаж байгаа юм. Харин одоо бол энэ хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлаад, асуудлуудаа шийдээд яваасай л гэж хүсч байна.

-Манай улсад хийгдэж байгаа хөрөнгө оруулалт бараг тэр чигээрээ уул уурхай руу чиглэдэг. Гэтэл бид эдийн засгаа солонгоруулна л гээд байдаг. Тиймээс уул уурхайгаас бусад салбарт хөрөнгө оруулалт татах боломж бололцоо нь хэр байдаг вэ. Ингэхийн тулд ямар ажлуудыг нэн түрүүнд хийх ёстой вэ?

-Манай эдийн засаг чинь уул уурхайг түшиглэж байгаа. Харин эдийн засгийг солонгоруулах, төрөлжүүлэх дээр 2-3 салбар нь арай бодитой байх болов уу гэж хардаг. Нэгдүгээрт, хөдөө аж ахуйн салбар байна. Америкийн худалдааны яамтай бид бүхэн энэ тал дээр хамтарч ажиллаад эхэлсэн. Энэ оны намар АНУ-ын хөдөө аж ахуйн салбарын бизнесменүүдийг эх орондоо авч ирэх ажлыг зохион байгуулна. Тэгээд ийм боломж, сорилт байгаа гэдгээ тайлбарлаж, ойлгуулна. Тэд ч нэлээд сонирхож байгаа. Мөн сэргээгдэх эрчим хүчний салбарыг сайтар судлах шаардлагатай. Бид үнэхээр тийм өрсөлдөх чадвартай байна уу. Дээрээс нь технологийн салбарт ч хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүс их бий. Нөгөө талаасаа манайхан гадагшаа хөрөнгө оруулалт хийх боломж бололцоог судалж байна. Ингэж хоёр талын урсгалаа нэмэгдүүлэх шаардлагатай.

-Гадаадын хөрөнгө оруулагчид маань биднийг ер нь хэр сонирхож байна вэ?

-Өнөөдрийн байдлаар яг үнэнийг хэлэхэд тэгж их сонирхохгүй л байна шүү дээ. Өнгөрсөн жилийг харвал Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтаас өөр хөрөнгө оруулалт хийгдсэнгүй. Хэдийгээр нүүрсний гарц нэмэгдэж, валютын нөөц дээшилсэн ч хөрөнгө оруулагчид орж ирсэнгүй. Тэгвэл энэ оны эхний хагас жил бол хөрөнгө оруулагчид харзнасан, хүлээсэн байдалтай байх нь тодорхой. Учир нь зургадугаар сард сонгууль болно, шинээр Засгийн газар бүрдэнэ. Харин ингэхэд нь хуулиа баталчихсан байгаад хөрөнгө оруулагчдыг дэмжинэ гэсэн бодлогоо шинэ Засгийн газар нь гаргавал гаднын хөрөнгө оруулагчид орж ирэх болов уу гэж харж байна.

Т.ДАРХАНХӨВСГӨ

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр гахай өдөр DNN.mn

Аргын тооллын нэгдүгээр сарын 12, Сугар гариг. Билгийн тооллын шинийн 1, Элдэв тэнгэртэн одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 08:39 цагт мандан, 17:21 цагт жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн баруун хагаст, өдөртөө нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 29-34 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 24-29 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгороор 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр 9-14 хэм, бусад нутгаар 16-21 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр 15-20 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 хэм дулаанаас 1 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.

 

Categories
мэдээ нийгэм

ТОЙМ: “Ажилчдын тэтгэвэрт гарах эсэх нь ажил олгогчдод огт падгүй, харин төр энэ талаар санаа зовоох үүрэгтэй байх” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монгол дахь Америкийн худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Адъяа “Хөрөнгө оруулагчид хүлээсэн байдалтай байна”  хэмээснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд “Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүнийг улс төрийн аливаа үйл ажиллагаанд оролцохыг хориглох хэрэгтэй” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Ажилчдын тэтгэвэрт гарах эсэх нь ажил олгогчдод огт падгүй, харин төр энэ талаар санаа зовоох үүрэгтэй байх” хэмээн өгүүллээ

Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал
“Нүүрснээс түлш, шатахуун, нийлэг материал, бүх төрлийн хуванцар материалууд гарган авч үйлдвэрлэж болно” гэв.

Программ хангамжийн инженер Д”Хувь хүний цахим хаягийг хөндлөнгөөс хаах ямар ч боломжгүй” хэмээв

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Орон тооны бус зөвлөл хуралдав DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 357 дугаар тогтоолоор баталсан “НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2023-2025 онд хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах, хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий Орон тооны бус зөвлөлийн хуралдаан 2024 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Гадаад харилцааны яаманд боллоо.

Зөвлөлийн анхдугаар хуралдааныг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр даргалж, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийн хэрэгжилтийн тайлангийн төслийг хэлэлцэж, гишүүд санал, мэдээллээ солилцлоо.

Монгол Улс хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний 3 дугаар илтгэлээ 2020 онд Хүний эрхийн төлөв байдлын нэгдсэн хэлэлцүүлгийн Ажлын хэсгийн 36 дугаар чуулганаар хэлэлцүүлж, хамгаалсан. Түүний мөрөөр дунд хугацааны тайланг ирэх 2 дугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүргүүлнэ.

Categories
мэдээ

Улсын хэмжээнд 1061 цахилгаан тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна DNN.mn

Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өчигдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулсан.
Манай улсад 2023 оны есдүгээр сарын байдлаар нийт 709 цахилгаан тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан бол арванхоёрдугаар сарын байдлаар 1061 болж өссөн үзүүлэлттэй байна.
Энэ тоог 2026 он гэхэд 20 мянга, 2030 он гэхэд 30 мянгад хүргэж, цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлэх дээрх арга хэмжээний төлөвлөгөөг хуралдаанаар дэмжиж, баталлаа. Мөн төр болон хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд цахилгаан автомашин цэнэглэх станцуудыг олшруулж, Улаанбаатар хотын хэмжээнд 25 байршилд цэнэглэх станц байгуулахаар боллоо.
Цаашид Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой байгууллага, аж ахуйн нэгжийн үйлчилгээндээ ашигладаг суудлын машины 60 хувь, хот суурин газрын нийтийн тээвэр, шуудан хүргэлт, хүнс, бараа түгээх зэрэг үйлчилгээний тээврийн хэрэгслүүдийн 70 хувь, иргэдийн 5 хувь нь цахилгаан машинтай болж, улмаар 2026 он гэхэд 20.000 цахилгаан тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ гэсэн холбогдох тооцоо, судалгааг гаргаад байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. 
Categories
мэдээ нийгэм

“Монголын сайхан бичигтэн-2023” уралдааны шилдгүүд тодорлоо DNN.mn

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, “Хүмүүн бичиг” сониноос уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уралдааны найман ангилалд тэргүүн байр эзэлсэн оролцогсдод шагналыг нь гардуулан баяр хүргэж, амжилт хүсэв.

Тэрбээр цаашид үндэсний бичгийг төрийн харилцаанд хэрэглэхэд шаардагдах бэлтгэлээ бүрэн хангах, төрийн албан хаагчдыг монгол бичигт сургах, монгол бичгийн олон улсын стандарт кодчилол боловсруулж батлуулах, “Үндэсний бичгийн журамласан толь” бүтээж хэвлүүлэхийг Засгийн газар, холбогдох яамд эрчимжүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ.

“Монголын сайхан бичигтэн-2023” уралдаанд 1600 орчим хүн, түүний дотор БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах Орон, Япон Улс, БНЧУ-ын монгол бичигтнүүд бүтээлээ ирүүлжээ.

Уралдааны хамгийн бяцхан оролцогч нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын хоёрдугаар ангийн сурагч Э.Алтантүлхүүр, хамгийн ахмад нь нийслэлийн Баянгол дүүргийн иргэн, 101 настай Жигмэдсүрэн, нийслэлийн Хан -Уул дүүргийн иргэн,  79 настай С.Цэнд-Аюуш нар байлаа.

“1-7 дугаар ангийн сурагчид” ангилал:

  1.  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 7 “в” ангийн сурагч О.Мандахнаран,
  2. Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн 7 “б” ангийн сурагч Э.Пүрэвжаргал,
  3. Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ерөнхий боловсролын сургуулийн 7 “а” ангийн сурагч У.Мөнгөншатар,

“8-11 дүгээр ангийн сурагчид” ангилал:

  1. Дундговь аймгийн лаборатори “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 10 “б” ангийн сурагч Н.Анхмаа,
  2. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” сургуулийн 9 “г” ангийн сурагч Д.Цолмон,
  3. Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11 “а” ангийн сурагч Н.Алдармаа,

“12 дугаар ангийн сурагчид” ангилал:

  1. Завхан аймгийн Их-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн 12 “г” ангийн сурагч Т.Хонгорзул,
  2. Увс аймгийн Улаангом сумын лаборатори нэгдүгээр сургуулийн 12 “б” ангийн сурагч Ш.Сүнжээ
  3. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” ерөнхий боловсролын сургуулийн 12 “а” ангийн сурагч Т.Цэрэнням нар шалгарч, МУИС-д 100 хувийн тэтгэлгээр суралцах эрхээр шагнууллаа.

“Мэргэжлийн багш” ангилал:

  1. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Оюуны чимэг” сургалтын төвийн монгол хэл, бичгийн багш Х.Амаржаргал,
  2. Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Гурван тамир” сургуулийн монгол хэл, бичгийн багш Э.Батжаргал,
  3. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн монгол хэл, бичгийн багш Б.Уранбилиг,

“Насанд хүрэгчид” ангилал:

  1. МУБИС-ийн МХББ-ийн 3 дугаар ангийн оюутан Д.Нямдэлгэр,
  2. МУБИС-ийн МХББ-ийн 1 дүгээр ангийн оюутан Б.Билгүүнсаран,
  3. МУБИС-ийн МХББ-ийн 3 дугаар ангийн оюутан О.Ганжигүүр,

“Уран бичлэг” ангилал:

  1. “Оюут” урлангийн үүсгэн байгуулагч Р.Эрдэнэболор,
  2. МУБИС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн 3 дугаар ангийн оюутан Ц.Даваадулам,
  3. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн 11 “ё” ангийн сурагч Ү.Намуунзаяа

“Сайхан бичигтэн анги” ангилал:

  1. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Сод-Эрдэм” сургууль. Б.Долгор багшийн бэлтгэсэн 8 “а” анги,
  2. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эх хэлний түшиц, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ЕБ-ын “Титэм” сургууль. Г.Энхсайхан багшийн бэлтгэсэн 10 “а” анги,
  3. Хөвсгөл аймгийн Тариалан сумын С.Болормаа багшийн бэлтгэсэн 11 “а” анги,

“Бичвэрийн бус бүтээл” ангилал:

  1. Завхан аймгийн Улиастай сумын “Чандмань эрдэнэ” сургуулийн 7 “б” ангийн сурагч З.Монголжингоо,
  2. Хорих 407 дугаар ангийн хүмүүжигч Ч.Баттуул,
  3. Өвөрхангай аймгийн политехникийн коллежийн оёдлын багш Т.Самбуужовдоо,

 “Монгол туургатны болон гадаад улсын иргэд” ангилал:

  • Япон Улсын иргэн Имазеки Тошико /“Чингис хааны энхтайвны бодлого” эсээ/
  • БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Баяннуур хотын иргэн А.Мэргэнбат,
  • БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Бугат хотын уран бичээч Хичээлт шалгарчээ.