Categories
гадаад мэдээ

ОХУ-ын уран гулгагч Камила Валиеваг допинг хэрэглэсэн гэж үзжээ DNN.mn

Спортын Арбитрын Шүүх (CAS) -ээс ОХУ-ын уран гулгагч Камила Валиеваг допинг хэрэглэсэн гэж үзлээ.

Энэ жил 17 настай К.Валиевагаас Бээжингийн олимпийн өмнөхөн авсан шинжилгээгээр зүрхний үйл ажиллагааг дэмжигч допингийн хориотой бэлдмэлийн жагсаалтад багтдаг триметазидин гэгч бодис илэрсэн билээ.

Шүүхээс тамирчны тэмцээнд оролцох эрхийг дөрвөн жилээр хассан. Үүгээр ч зогсохгүй 2021 оны арванхоёрдугаар сарын 25-наас хойш үзүүлсэн амжилтыг нь хүчингүйд тооцлоо. Дээрх хугацаанд тэр Европын тивийн аварга болж олимпын багийн төрөлд алтан медаль хүртэж байв.

 

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган ирэх сарын 5-нд ээлжит бусаар хуралдахаар болжээ DNN.mn

УИХ-ын ээлжит бус чуулганыг хоёрдугаар сарын 5 буюу ирэх даваа гаригт хуралдуулахаар болжээ.

Эл хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэх бөгөөд уг хуулийн төсөлтэй уялдуудан“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах асуудлыг хэлэлцэх юм.

Categories
мэдээ нийгэм

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хэргийн шүүхийн шийдвэрийг өнөөдөр танилцуулна DNN.mn

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал 14 хоног үргэлжилж, өчигдөр завсарласан.

Шүүх бүрэлдэхүүн өчигдрөөс зөвлөлдөж эхэлсэн бөгөөд өнөөдөр шүүх хурлын шийдвэрээ танилцуулах юм байна.  Шүүх хурал энэ сарын 15-наас хойш Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай хуралдсан юм.

Categories
мэдээ нийгэм

3804 аж ахуйн нэгж, байгууллага орчныхоо 50 метр талбайн цас мөсийг цэвэрлэжээ DNN.mn

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 29-нд зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний 25 байгууллагын 501 албан хаагч тусгай зориулалтын 94 машин техниктэйгээр халтиргаа гулгааг арилган ажиллалаа.

Энэ хүрээнд авто замын цасыг хусаж, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй зам, гэр хорооллын дундах сүүдэр хэсгүүдэд 7.5 тонн бодис, 4 тонн давс цацан, цэвэрлэгээнээс гарсан 414.2 тонн хар цас ачиж тээвэрлэв.

Дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй 3804 аж ахуйн нэгж, байгууллага орчныхоо 50 метр талбайн цас мөсийг цэвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 2023 оны ХАСХОМ гаргах явц 61 хувьтай байна DNN.mn

Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn цахим системд улсын хэмжээнд нийт албан тушаалтнуудын 61 хувь нь 2023 оны ХАСХОМ-ийг мэдүүлээд байна.

2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар Шүүх шинжилгээний ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Тагнуулын ерөнхий газар зэрэг байгууллагууд 2023 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргасан явц 95-аас дээш хувьтай байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Амар байна уу” үзэсгэлэн худалдаа ирэх сарын 9-нийг хүртэл үргэлжилнэ DNN.mn

“Амар байна уу” үзэсгэлэн худалдаа хоёр дахь жилдээ “Шинэ зуун айл” худалдааны төвд зохион байгуулагдаж байна

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа арга хэмжээнд 2000 орчим жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцон 15-20 мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн борлуулж байна.

Үзэсгэлэн худалдаа ирэх сарын 9 хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тэгш, сондгой хязгаарлалтыг үргэлжлүүлэхийг саналыг одоогоо иргэдийн 60 хувь дэмжээгүй байна DNN.mn

Автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт маргааш буюу хэрэгжээд дуусна. Тиймээс Цагаан сарын баяртай холбогдуулан НЗДТГ-аас уг зохицуулалтыг үргэлжлүүлэх эсэх талаар иргэдээс санал авч эхэлсэн юм.

Өчигдөр эхлүүлсэн уг санал асуулгад өнөөдрийн 11:00 цагийн байдлаар 2808 иргэн оролцжээ.

Тэдний 40 хувь буюу 1048 нь автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг үргэлжлүүлэхийг дэмжсэн байна. Харин 60 хувь буюу 1660 нь дэмжихгүй гэжээ.

Иргэдийн саналыг нэгдүгээр сарын 31-нийг дуустал https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар авч, олонхын саналыг үндэслэн шийдвэр гаргах юм байна.

ЗХУТ, ТЦА-наас сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан сүүлийн өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн, цаашид улам нэмэгдэх болно гэж үзжээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

И.Энхболд: Геополитикийн нөхцөл байдлаас үүдэн дэлхий нийт манай улсыг урд өмнөхөөс илүү анхаарах боллоо DNN.mn

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн судлаач И.Энхболдтой ярилцлаа.


-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сая Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулганд оролцоод ирлээ. Манай улсын хувьд Ерөнхий сайдын түвшинд 20 жилийн дараа оролцож байгаа гэдгээрээ нэлээд ач холбогдол өглөө. Энэ удаагийн Давосын чуулган бидэнд ямар үр өгөөжтэй болов?

Энэ удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулган “Итгэлцлийг дахин төрүүлэх” хэмээх уриан дор зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Өнөөгийн геополитикийн хурцадмал нөхцөл байдалд зөвхөн урилгаар оролцдог. Тэгвэл бид энэ удаа урилга хүлээн авч оролцож байгаагаараа чухал ач холбогдолтой гэж үзэж байна. зөвхөн уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах бус эрчим хүч, аялал жуулчлал зэрэг салбарыг онцгойлон авч үзэв. Ерөнхий сайдын хувьд олон уулзалт хийж, олон асуудлын шийдлийг богцондоо авч ирсэн гэж найдаж байна.

-Энэ жилийн Давосын чуулганы онцлог юу байв?

-Чуулганыг олон улсын хэмжээнд дөрвөн гол асуудал дээр төвлөрлөө гэж үзэж байна. Нэгдүгээрт, удирдагчид “хамт татах” буюу хамтарч ажиллах шаардлагатай гэдгийг онцолсон. Тухайлбал, мягмар гаригийн өглөө Дэлхийн эдийн засгийн форумын тэргүүн Борге Бренде геополитик, гео эдийн засгийн нөхцөл байдал ээдрээтэй байгааг дахин санууллаа.

Лхагва гаригт НҮБ-ын ЕНБД Антонио Гутерриш дэлхийн засаглалын тогтолцоонд шинэчлэл хийхийг уриалсны дагуу уур амьсгалын өөрчлөлт, хиймэл оюун ухаан зэрэг дэлхийн геополитикийн хуваагдлыг бид зөвшөөрөх ёсгүй гэж анхааруулав. Өөрөөр хэлбэл, дэлхийн удирдагчид геополитикийн асуудлыг шийдэх боломжтой гэдгийг уриалж, анхааруулж, энх тайванд хүрэх арга замыг хайж байна. Түүнчлэн хиймэл оюун ухаан, квант компьютер, цаг агаарын өөрчлөлт, эрчим хүч, соёл болон бусад олон тулгамдаж буй салбарын талаар хуралдлаа. Хоёрдугаарт, Энэ үеэр дэлхийн удирдагч нарын нэг онцлох сэдэв бол бодлогын хүү, инфляци байлаа. Европын төв банкны ерөнхийлөгч дэлхийн эдийн засгийг хэвийн бус байдал руу шилжиж байгааг анхааруулсан бол Дэлхийн эдийн засгийн форумын зүгээс тогтвортой, тэнцвэртэй үйлдвэрлэл дэх өсөлтийн шинэ загварыг танилцуулсан. Дэлхий дахин баялгийг тэгш хуваарилахын зэрэгцээ хиймэл оюун ухаан, дижитал технологийг дэлхий нийтээр тэгш хэрэглэх тал дээр анхаарал хандуулж байна. Ирээдүйн дэлхийн эдийн засагт шинэ ажлын байр, ажиллах хүчний шинэ ур чадвар зайлшгүй шаардлагатай тул одоогоос бэлтгэх нь чухал болоод байгаа талаар ярилцлаа. Гуравдугаарт, хиймэл оюун ухаан нэг талаар боломж олгож байгаа ч нөгөө талаар хяналтаас гарах, эсвэл муу хүмүүсийн гарт орох аюул тулгарч болзошгүй.

Хүн төрөлхтөн юу хүсч байгааг өөрсдөө мэднэ. “OpenAI” компанийн гүйцэтгэх захирал Сэм Алтман чуулганы үеэр хэлсэн үгэндээ “Хүн төрөлхтөн цаашид илүү өндөр технологийг эзэмших шинэ эрин үеийн босгон дээр ирээд байна. Харин бид өөрсдөдөө анхаарал хандуулсан хэвээр байна” гэжээ.

Дөрөвдүгээрт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эрчим хүчний шинэ системийг бий болгох дэлхий нийтийн яаравчлан шийдэх ёстой асуудал юм. Ихэнх оролцогсдын хэлж байгаагаар “бидэнд технологи байгаа ч үүнийгээ ашиглаж чадахгүй байна, шуурхай зохион байгуулалтад орж, хурдан хэрэгжүүлэх ёстой” хэмээжээ.

-Ерөнхий сайдын хувьд чуулганы үеэр нэлээд олон орны төр, засгийн тэргүүнүүдтэй уулзаж байгаа харагдсан. Ер нь 50 гаруй уулзалт товлогдсон тухай мэдээлж байна. Манай улс тэдний сонирхлыг юугаараа татаж чадав?

-Өмнө нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах талаар ихэнхдээ ярилцдаг байсан бол энэ удаа аялал жуулчлал, худалдаа, эдийн засаг зэрэг олон салбарыг хамарсан илүү өргөн хүрээний айлчлал боллоо гэж харж байна. Геополитикийн нөхцөл байдлаас үүдэн дэлхий нийтийн анхаарал манай улс дээр урьд өмнөхөөс илүү анхаарал хандуулах боллоо. Энэ бол бидний алтан боломж байх болно. Бид энэ боломжийг ойрын жилүүдэд хамгийн дээд зэргээр ашиглах ёстой. Энэ удаагийн Давосын чуулган бидэнд боломж олгоод зогсохгүй олон үүд хаалга нээж өгсөн гэдэгт итгэж байна. 2024 онд олон улсын чуулга, уулзалтууд олон болох төлөв ажиглагдаж байна. Манай улсын зүгээс боломж бүрийг бүү алдаасай гэж хүсч байна.

-Дайнаас үүдэлтэй дэлхийн эдийн засаг ямар байх бол?

-Сан Францискод болсон АНУ, Хятадын төрийн тэргүүн нарын уулзалтын дараа дэлхий хоёр туйлтай болох нөхцөл бүрдсэн. Дэлхийн геополитик болон гео эзийн засгийн хямралыг энэ хоёр их гүрнээс өөр шийдвэрлэж чадах хүчин үгүй боллоо. Энэ онд болох АНУ-ын сонгуулиар Д.Трамп сонгогдвол дэлхийн өнөөгийн нөхцөл байдал орвонгоороо өөрчлөгдөх дүр зураг ажиглагдаж байна. Нөгөө талаар Хятад улс батлан хамгаалах зардлаа нэмж байна, Өвөр Монголоос цэрэг татах ажиллагааг эхэлсэн сурагтай. Тайваньтай дайн хийхээр бэлтгээд байна уу гэх хардлага төрсөн. Хэрэв Тайваньтай дайн хийвэл Украины хямралаас илүү хямрал үүснэ. Миний бодлоор Украиныг бодвол Тайвань бол аварга загас юм. Өндөр технологи дээр суурилсан дэлхийн эдийн засаг энэ арлаас ихээхэн хамааралтай болсон. Дээр нь саяхан болж өнгөрсөн Тайванийн ерөнхийлөгчийн сонгуулиар тайваньчууд ардчилалд итгэж байгааг харууллаа. Энэ жил 60 гаруй улс ерөнхийлөгчийн болон парламентын сонгуультай. Цаашид ардчилсан дэглэм ноёлох уу авторитар дэглэм ноёлох уу гэдгийг эдгээр сонгуулиас ажиглаж болно.

-Манай улсад хэрхэн нөлөөлөх бол?

-Ер нь дэлхийн эдийн засаг хямрах тусам алт, зэс, төмөр болон бусад ашигт малтмалын үнэ өсдөг. Энэ утгаараа манай эдийн засагт эерэг нөлөөтэй байж болох ч хөрөнгө оруулалт, мөнгөний шилжилт хөдөлгөөн багасдаг тул сөрөг талтай байж болно. Гэхдээ манай улсад эерэг тал илүү давамгайлна гэдэгт итгэлтэй байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хуурамч улсын дугаар зүүж замын хөдөлгөөнд оролцсон ААН-ийг 500 мянган төгрөгөөр торгожээ DNN.mn

Нийслэлийн Засаг даргын 2023 оны арванхоёрдугаар сарын 17-ны А/1433 дүгээр захирамжийн дагуу тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах хяналт шалгалтыг хийж байна.

Энэ хугацаанд хуурамч улсын дугаар зүүж замын хөдөлгөөнд оролцсон 1 аж ахуйн нэгж байгууллагыг 500 нэгж, 19 иргэний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 сараар хасаж, 50 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн арга хэмжээ авсан.

Мөн дугаарын хязгаарлалт зөрчсөн 3394 зөрчил илрүүлж, хариуцлага тооцож ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сүхбаатар боомтоор 71.580 тонн АИ92 автобензин импортолжээ DNN.mn

Манай улс 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 29-ний өдрийн хооронд зөвхөн Сүхбаатар боомтоор ОХУ-аас 1193 вагонцистерн буюу 71,580 тонн АИ-92 автобензин импортлоод байна.

Энэ нь өнгөрсөн оны сарын дундаж хэрэглээтэй харьцуулахад 30 орчим хувиар өссөн үзүүлэлт юм.

Өнгөрсөн 2023 онд нийт 604 мянган тонн АИ-92 автобензин импортолж, хэрэглэсэн ба сарын дундаж хэрэглээ 50 орчим мянган тонн байсан болно.

Эх сурвалж: АМГТГ