Categories
мэдээ нийгэм

Архангай аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөв DNN.mn

Архангай аймгийн Ихтамир сумын нутагт шөнийн 1.39 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөв.

Газар хөдлөлт тус аймгийн Чулуут сумын төвөөс зүүн урд зүгт 42 км, Булган сумын төвөөс баруун зүгт 51 км, Баянхонгор аймгийн Галуут сумын төвөөс зүүн хойд зүгт 59 км зайд болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.

Газар хөдлөлтийн хүчийг хоёр төрлийн хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдлөлт болж байгаа төв хэсгийг хэмжиж буй үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр буюу хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг.

Дэлхийн гадаргын хуваагдсан хавтангуудын харилцан үйлчлэлийн дүнд ямар нэгэн цэгт хуримтлагдсан энерги сейсмик долгионд шилжин чөлөөлөгдөж, газрын гадаргуугаар тархах үзэгдлийг газар хөдлөлт гэдэг. Дэлхийн гадаргуу 20 салангид хавтангаас тогтдог бөгөөд эдгээр нь нэгэндээ түлхэлт үзүүлж байдаг аж.

Categories
мэдээ нийгэм

ТҮК-ийн ажилтнуудын шүүрийг чирч явдаг, том хэмжээтэй тоос сорогчоор солино DNN.mn

ТҮК-ийн ажилтнуудын цалинг нэмж, хүрз, шүүр хоёроос нь салгана хэмээн өнгөрсөн арваннэгдүгээр сард мэдээлж байв.

Тэрбээр цэвэрлэгээний ямар техник хэрэгсэл авах гэж байгаагаа өчигдөр танилцуулсан юм.

Тодруулбал ТҮК-ийн ажилтнуудад чирч явдаг, том хэмжээтэй тоос сорогч авч өгөхөөр судалж байгаа гэнэ. Үүнээс гадна 2006 оны тогтоолоор тэдний цэвэрлэсэн талбайн нэг м.кв-ыг 50 төгрөгөөр үнэлснийг өсгөхөөр төсвөө баталсан. Ирэх долоо хоногт шинэчилсэн журам НИТХ-аар батлагдахаар хот, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилчдын цалин хоёр дахин нэмэгдэнэ.

Манай улс гаднын хотуудтай харьцуулбал нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар цөөн хүчээр их ажил хийж байгааг хэлсэн юм. Жишээлбэл Москва хотод 600,000 гаруй хүн хот, нийтийн аж ахуйн салбарт ажилладаг судалгаа гарчээ.

Харин цас цэвэрлэгээний тухайд өвлийн улиралд явган хүний зам дээр дагтаршсан цасыг цэвэрлэдэг тросон сойтогтой эргэлддэг тоног төхөөрөмж авахаар судалж байгаа бол авто зам дээр давс цацахгүйг мэдэгдсэн юм. Учир нь сүүлийн үед дотоодын давсны өртөг гадаадаас авч буй бодисын өртөгтэй бараг адил байгаа юм байна.

Гэхдээ гаднын улсаас мэргэжилтнүүд авчирч, давс, бодисыг ямар хэмжээгээр цацах талаар сургалт авч байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсад хоёрдугаар сарын 29-нд төрсөн 2302 иргэн байна DNN.mn

Дөрвөн жилд нэг удаа тохиодог өндөр жил буюу хоёрдугаар сарын 29-н энэ жил тохиож байна.

Манай улсын хэмжээнд хоёрдугаар сарын 29-нд төрсөн 2,302 иргэн байна гэдгийг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас мэдээллээ.

Тус өдөр мэндэлсэн иргэдийн 1,143 нь Улаанбаатар хотод байгаа бол орон нутгаас Хөвсгөл аймагт хамгийн олон буюу 93 хүн амьдарч байна.

Эндээс хамгийн ахмад нь 95 настай нэг иргэн байна.

Уг өдөр мэндэлсэн иргэн төрсөн өдрөө хэзээ тэмдэглэх нь маргаантай байдаг. Тиймээс зарим улс орнууд хуулиар энэ маргааныг шийдвэрлэсэн байна.

Тухайлбал, Шинэ Зеланд улс энэ өдөр төрсөн хүмүүсийг хоёрдугаар сарын 28-ны өдөр төрснөөр тооцох тухай хуультай бол Их Британи, Хонг Конгт уг өдөр төрсөн хүмүүсийг гуравдугаар сарын 1-ний өдөр төрсөн гэж үзэн бүртгэдэг хуультай ажээ.

Харин манай улсын хувьд ямар нэгэн зохицуулалт байдаггүйг албаны хүн тодотгов.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Т.Цамбалхүндэв: Дуучин Н.Төмөрхуягт шоглуулснаа мэдэхгүй нутаг буцаж билээ DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…………………

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Төмөр-Очирын Цамбалхүндэвтэй ярилцлаа.

-Таныг хуучны дуу­нуудаараа цомог гаргана гэж дуулсан. Цомогт хичнээн дуу багтах вэ?

-Би 1975 оноос Хэнтийн соёлын ордон гэж байхаас л дуулсан. Одоо бодоход урлагт 40 гаруй жил тасралтгүй үнэнч зүтгэж дуу хоолойгоороо ард түмэнтэйгээ хамт байна. Энэ хугацаанд “Ээж минь дээ”, “Ганцаар жаргадаггүй хорвоо”, “Чулуутын гол” зэрэг 100 гаруй дуу дуулснаас 80 орчим нь Монголын радиогийн фондод байдаг. Харин үлдсэн нь радиод бичүүлж амжаагүй, кассет хэл­бэрээр олонд хүрч жолооч нарын кабинд цангинаж явсан байх юм. Амьдралынхаа туршид дуулсан дуу бүхнээ багтаасан таван ч CD гаргасан байна. Харин энэ жил бүтээлээ сорчлоод цомог гар­гахаар ажиллаж байна. “Их засаг” их сургуулийн захирал Н.Ням-Осор миний бүх дуунуудыг клипжүүлж өгнө гэсэн. Мөн зохиолч Р.Чойномын 1963 онд зохиогдсон “Гоо бүсгүйн дуулах дуу” дуу хоолойнд орчихсон, клипний зураг авалтад орохоор төлөвлөөд  байна.

-Одоо студид дуу би­чүүлэхэд хоолой хэр байна. Анх дуулдаг байсан үеэсээ суларсан байх юм уу?

-Урлагийн хүн бол урлагийн л хүн. Хоолой харина гэж байдаггүй. Яахав нас бол мэдээж нөлөөлнө. Залуу байхад цангинасан хоолой өөрөө урсаад л сайхан шүү дээ. Ямар ч байсан хоолойны бичлэг хийлгэхэд унаагүй л байна лээ.

-Таны үед Монголын радиод дуугаа бичүүлнэ гэдэг дуучдын хувьд том боломж байсан биз?

-Тэгэлгүй яахав. Би анх 1978 онд “Буурал аав” дууг Монголын радиод бичүүлж байлаа. “Ээж минь дээ”, “Ганцаар жаргадаггүй хорвоо” зэрэг дуунуудаа шил дараалан бичүүлсэн. 1980-1990 оны хооронд уран бүтээлийн ид оргил үе байлаа. Монголын радиод 9000 захидал ирэхэд 5000 орчим нь миний нэр дээр хаягласан, урмын захидлууд байдаг. Одоо ч фондод хадгалагдаж байна. Тухайн үед ямар цахим хуудсаар ороод миний дуулсан дууг сонсчихно гэх биш Монголын радиод л дуугаа бичүүлэх нь хамгийн том шанс байлаа ш дээ. Ямар сайндаа Н.Төмөрхуягийн дуулдаг “Амьдрал хайр дээр тогтдог” дууг анх би радиод бичүүлэх гэж байсан чинь өнөөх маань намайг хуураад өөрийн болгоод дуулчихсан.

-Яаж тэр вэ?

-Би хотод биш аймгийнхаа “Хан-Хэнтий” чуулгад ажилладаг байсан. Хотод дуу бичүүлэх, эсвэл уралдаан тэмцээний үеэр л онгоцоор хот орж ирнэ. 1990 онд “Цагаан лавай” хөгжмийн наадмын уралдаан болоод би “Будантай юу буурал хорвоодоо…” гэсэн үгтэй “Ээж минь дээ” дууг дуулаад түрүүлчихдэг юм байна. Тэгээд радиод нэг дуу бичүүлэх эрхтэй боллоо. С.Цэрэнчимэд ч надад “Амьдрал хайр дээр тогтдог” дуугаа дуул гэдэг байгаа. Би ч бөөн баяр. Цэрэнчимэд тэр дуугаа нэг их олон дуулаагүй, хүмүүст ч хүрээгүй байсан үе. Ингээд бүх ажил яг таг болоод байж байсан чинь одоогийн Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын өмнө дуучин Н.Төмөрхуягтай таарлаа. Тэгсэн Н.Төмөрхуяг “Миний найз хөдөө гэртээ очоод байж бай. Дууг чинь бичих үед чам руу хэл хүргэе. Тэгээд ч шинэ машинаа чуулгын үүдэнд удаан тавьж болохгүй” гэдэг байгаа.

Би тэр үед тээвэрчдийн хол­боонд жолооч байсан боло­хоор дөнгөж шинэ машинтай явж байсан хэрэг. Нээрээ ингэж хүлээж суухаар харьчихаад ирье гэж бодоод яваад өгөхгүй юу. Тэгсэн мань хүн миний явсан хойгуур “Наад дууг чинь намайг дуул гээд Цам­балхүндэв явчихсан” гээд өөрийнх бол­гочихсон. Найзууд нэгнийгээ шоглочихож л байгаа байхгүй юу. Тэр явдлын өмнөхөн Н.Төмөрхуяг “Ханийн нутаг” гээд дуугаа дуулсан ч хараахан олонд хүрээгүй байсан юм. Бид хэд чинь үй зайгүй найзууд байлаа. Одоо бодоход их сайхан дурсамж санагддаг. Тэгээд ч урлагт олон жил зүтгэхдээ зөндөө л сайхан зүйл тууллаа. Зохиолч Р.Чойномыг аав таньдаг байсан болохоор хааяа архийг нь хүртэл зөөгөөд л гүйж байлаа.  Би өөрөө тэр болгон уугаад байдаггүй л дээ.

-“Ээж минь дээ” дууг нэг болохоор таных гээд, эсвэл Цэрэнчимэдийнх гээд бай­даг. Яг хэнийх нь дуу юм бэ?

-Монголын радиод “Ээж минь дээ” дуу эх хувиараа дуучин Т.Цамбалхүндэв” гээд хадгалаас­тай бий. Энэ чинь ийм учиртай юм. С.Цэрэнчимэд надад зориулж хөгжмийг нь найруулж, Ч.Даг­вадорж гээд утга зохиол судлаач шүлгийг нь бичсэн. С.Цэ­рэнчимэд маань уран бүтээлийн хувьд намайг их сайхан дэмждэг байсан. 1989 онд ээж нь өөд болж намайг дуудсан.

“Надад ийм дуу байна. Би нэг, хоёрхон удаа дуулсан. Чи л ард түмэнд хүргэж чадна” гэсэн. Тэр жилдээ “Ээж минь дээ” дуугаараа “Алтан намар” наадмын шилдэг гэсэн шагнал хүртэж, дараа жил нь “Цагаан лавай”-д дуулж бас л тэргүүн байр эзэлсэн. Тухайн үеийн “Алтан намар” наадамд Зангад гуай “Ай даа алтан намраа” гэж ирээд л ид  дуулж байсан үе л дээ. Ер нь 1996-1997 оны хооронд болсон бүх концертыг Дүгэрмаа гэж хүүхэн хөтөлдөг байлаа. Бид хаана л концерт болно оролцоно. Кон­цертын үеэр залуу дуучид “Намайг Цамбалхүндэв ахын өмнө зар­лаарай” гэдэг байсан гэж ярьдаг.

-Яагаад?

-Намайг дуулаад ороход үзэгчдийн алга ташилт, эмоци дарагдахгүй байдаг гэнэ л дээ. Үзэгчид байнга дахиулдаг байсан болохоор тэгж байхгүй юу. Тэр жилүүдэд миний дуунууд ра­диогийн хит парадын тэргүүнд л явна.  Ардын жүжигчин Д.Самбуу болон С.Цэрэнчимэд, Н.Төмөрхуяг, П.Адарсүрэн зэрэг олон сайхан дуучидтай мөр зэрэгцэн урлагийн тайзнаа ана мана л үзэж байсан гээд бодохоор өтөл насны ганц сайхан дурсамж юм даа. Миний үеийн дуучид ер нь төрийн шагнал хүртэж. Энэ жил Монголын ард­чилсан холбоо миний нэрийг гавьяатад тодорхойлсон сурагтай.

-Өмнө нь таныг гавьяатад хоёр ч удаа тодорхойлж байсан гэж сонссон. Харин энэ жил яах бол?

-Тийм. Тулгар төр байгуу­лагдсаны 800 жилийн ойгоор, мөн 2009 онд гээд хоёр ч удаа Монгол Улсын гавьяатад тодор­хойлуулсан. Гэтэл өгөөгүй. Гэхдээ би чинь Алтан гадастай л хүн. Хуучны уран бүтээлчид өнөөдөр хоцрогдсон байж магадгүй. Гэхдээ цагтаа хийх зүйлээ хийж бүтээсэн хүмүүс. Тэртэй тэргүй ард түмэн мэдэж байгаа. Өгвөл төрийн хишиг, хайр хүндэтгэл гэж дээдэлнэ. Өгөх­гүй бол одоо яахав. Төрийнхөө хишгийг хүртэж амжаагүй хорвоог орхисон олон сайхан уран бүтээлчид байгаа шүү дээ. Өөр би яах ёстой юм. Эсвэл би нугарах ёстой юм уу, илбэ үзүүлэх ёстой юм уу.

-Таныг “Цэлмэг тэнгэр” хамтлагт дуулдаг байсан гэдэг. Энэ тухайгаа хууч­лахгүй юу?

-Дорноговийн Зүүнбаянгийн цэргийн ангид 1972-1975 онд алба хаасан. Бас болоогүй ээ “Цэлмэг тэнгэр” нэртэй хамтлагтай. Цэргийн ангийнхныгаа жинхэнэ доргиож, хөглөнө шүү дээ. Залуу байхад сайхан байжээ. Хайр сэтгэлийн тухай, хайрын тухай дуу дуулаад л гитар нүднэ. Лимбэ, үлээвэр тоглоно.

-Одоо танд тэр үеийн тоглож байсан хөгжим бий юу?

Тухайн үед 12 утастай гитар барьж байсан. Одоо надад байхгүй. Чулуун-Овоонд нэг айлд байгаа сурагтай. Гитарын дотор талд “1971 онд үйлдвэрлэв. Ленинградын хөгжмийн үйлдвэр. Чапаевын XV гудамж” гэсэн бичигтэй байх ёстой. 1978 онд Москвад явж байхдаа авч байсан юм. Үзэмж нь муудсан ч гэсэн аваад гэртээ өлгөчихье гэж бодож байгаа.

-Сүүлийн үед Өвөр­монгол дуучидтай хамтарч ажиллаж байгаа гэсэн…

-Хүн хөгшрөхөөр шүлэг бичдэг юм гэнэ лээ. Дуу дуулахаас гадна шүлгийн ном бичиж байгаа. Саяхан л гэхэд би шүлгийг нь бичсэн “Ганцаар жаргадаггүй хорвоо” дууг Өвөр Монголын алдарт дуучин Тэнгэр дуулсан байсан.

-Одоогийн залуу дуучид­тай хэр дотно байна?

-Залуу дуучдын хувьд таны дууг дуулъя гэж ирэх нь бий. Үнэндээ тэдний өмнөөс ичдэг. Бурхан хүнийг нэг л хувь заяадаг. Гэтэл манай залуучууд өөр хүнийг дуурайж уран бүтээл хийх гээд байгааг би ойлгодоггүй. Адар­сүрэнгийн “Энх улирал” дууг Төрмандах гээд залуу дуулсан харагдсан. Яаж ч дуулаад Адарсүрэнг гүйцэхэв. Адарсүрэн хорвоод амьд сэрүүн байхгүй болохоор чимээгүй байна. Гэсэн хэдий ч нэгэнт дуулаад ард түмэнд хүрчихсэн юм чинь яаж ч сайхан дуулаад тэр хүний хэмжээнд хүрэхгүй ш дээ. Миний “Чулуутын гол” дууг нэг дуучин бас дуулъя гэсэн. Өөрсдөө шинийг эрэлхийлж, шинэ уран бүтээлээр үзэгчдэд танигдах ёстой. Тэрнээс биш хүний нэр дээр “од” болно гэдэг ёс жудаггүй явдал.

-“Чулуутын гол” таны бараг брэнд дуу шүү дээ. Ард түмэн ч андахгүй. Энэ дуу хэрхэн төрөв?

-1994 онд санагдаж байна. Одоогийн хөгжмийн зохиолчдын холбооны  дарга, “Морин хуур” наадмын гурван удаагийн шагналт Б.Бямбабаяр нэг өдөр намайг дуудаад “Чиний хоолойд энэ дуу их зохино” гээд “Чулуутын гол” дууг өгсөн. Шүлгийг нь Минжүүр бичсэн юм. Үнэхээр дуулсан цагаасаа л ард түмэнд хүрсэн. Одоо 40 жил “Чулуутын гол”-оо дуулсан байна шүү дээ.

-Таны эхнэр Монгол Улсын начин Ц.Дамдингийн дүү байх аа. Одоо гэр бүлээрээ хотод амьдарч байна уу?

-Би л хотод байна. “Гоц жаалууд” цэцэрлэгт манаач хийж байна. Цомгийнхоо мөнгөнд хэд гурван төгрөг нэмэрлэх санаатай. Эхнэр хүүхдүүд харин аймагтаа л амьдарч байгаа. Цомгийнхоо ажлыг зохицуулчихвал нутаг буцна даа. Манай эхнэрийг Оюунчимэг гэдэг. МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, самбо бөхийн дэлхийн аварга, улсын начин Ц.Дамдингийн төрсөн дүү.

-Танай удамд урлагийн хүн бий юу. Ээжийг тань сайхан дуулдаг гэж нут­гийнхан тань ярьдаг юм билээ?

-Манай аав, ээж Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул. Аав багийн эмч хийж байгаад сүүлд барилгачин болсон. Аймгийн бү­тээн байгуулалтад гар бие оролцож байсан хүн. Газраас хөндийрч тэнгэр өөд сүндэрлэсэн барилга болгоныг аав бараг барилцаж байсан гэхэд хэлсдэхгүй. Ээж харин их сайхан дуулдаг. Эмээ ч гэсэн дуулна. Ийм сайхан гэр бүлд өсч, өндийж, одоо өөрөө өтөл болж амьдралыг элээж явна даа.

-Таныг Бурхан Халдун уулыг ЮНЕСКО-д бүрт­гүүлэх гээд завгүй байгаа гэж ярих юм. Үнэн үү?

-Их эзэн Чингис хаан хаан ширээнд суухдаа мөнх тэнгэрээс хүч авсан уул бол Бурхан Халдун гэж Монголын нууц товчоонд удаа дараа тэмдэглэгдэн ирсэн байдаг. Тэр ч үүднээсээ 2008 оноос эхлэн Бурхан Халдун уулыг ЮНЕСКО-д бүртгүүлэх санаа гаргасан. Гэвч хэн ч дэмжээгүй. Уг нь Үндсэн хуулинд газар дээрх өвс ургамал, ан амьтан ард түмний өмч гээд заачихсан байдаг.

-Ямар учраас Бурхан Халдуныг бүртгүүлэх гээд байна вэ?

-ЮНЕСКО-д дэлхийн байга­лийн гоц сонин цогцолборыг орон нутгийн иргэдийн хүсэлтээр бүртгэнэ гэсэн заавар байдаг юм байна. Бурхан Халдун уул маань Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт байдаг шүү дээ. ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлтэй утсаар холбогдоод Бурхан Халдун уулыг ЮНЕСКО-д бүртгүүлэх иргэдийн гарын үсэг цуглуулъя гэж тохирсон. Тэгээд өнгөрсөн зун Өмнөдэлгэр сумын бүх айл өрхүүдээр нь яваад санал бодлыг нь сонсоод, 260 хүний гарын үсэг цуглуулаад ирсэн. Түүнийгээ Ц.Оюунгэрэл сайдад зөвлөхөөр нь дамжуулан өгсөн.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Бурхан Халдун уул нь эрт дээр үеэс Монгол Улсын түүхэнд онцгой тэмдэг­лэгдэн ирсэн уул юм. Их эзэн Чингис хаан 10 настайдаа Татаруудаас зугтан амь гарсан түүхтэй уул гээд түүхийн хуудаснаа мөнхөрсөн олон сонин түүх бий. Энэ уулын ач буянаар бусад улсын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Тийм учраас Бурхан Хал­дун уулаа онцгой хамгаалалтанд авч, ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлэх орон нутгийн иргэдийн хүсэлтийг бүрдүүлээд ЮНЕСКО руу явуулсан. Журмандаа хүмүүсийн гарын үсгийг тулгаж үзэх комисс ЮНЕСКО-гоос ирдэг юм билээ. Бүртгэлийнхээ шатанд явж байгаа гэсэн хариуг ЮНЕСКО-гоос Ц.Оюун­гэрэл сайдад ирүүлсэн байгаа.

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

ГРАФИК: 2023 онд Монгол улсад бүртгэгдсэн гэмт хэргүүдийг тоогоор илэрхийлбэл DNN.mn

Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2023 онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн дүн мэдээг 01/09-ний өдөр Цагдаагийн ерөнхий газраас (ЦЕГ) танилцууллаа. Бид энэ мэдээллээс зарим хэсгийг нь тоймлон графикаар дүрслэн үзүүлж байна.

Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2023 онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн дүн мэдээг 01/09-ний өдөр Цагдаагийн ерөнхий газраас (ЦЕГ) танилцууллаа. Бид энэ мэдээллээс зарим хэсгийг нь тоймлон графикаар дүрслэн үзүүлж байна.

 

2023 онд улсын хэмжээнд нийт 35,574 гэмт хэрэг бүртгэгдэж өмнөх оныхоос (35,340) 0.7%-аар өссөн байна. 2022-2023 онд хөнгөн гэмт хэрэг 3.1% (30,628 – 31,589)-аар өссөн бол, хүнд гэмт хэрэг 15% (4,712 – 3,985)-аар буурчээ.

 

 

Categories
мэдээ цаг-үе

Энэ сард нийслэлчүүдийн цасны баяр болно DNN.mn

“Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг нэгдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд “Скай резорт” цанын бааз болон Цонжин болдогт байрлах Уухайн дуу жуулчны баазад зохион байгуулахаар товлогджээ.Наадамд Улаанбаатар хот болон 21 аймгийн 1,000 гаруй баг тамирчнаас гадна БНХАУ-ын Өвөр Монгол, Шинжаан Уйгур, ОХУ-ын Буриад зэрэг монгол туургатны 80 гаруй гадаад оролцох юм байна.

Үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, шинэ тутам хөгжиж буй өвлийн улирлын экстрим спорт, аяллын төрлүүдийг нийслэлчүүддээ таниулах, амралтын өдрүүдийг гэр бүлээрээ аз жаргалтай өнгөрүүлэхэд тус наадмын зорилго оршиж байгааг нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас мэдээллээ.

Өвлийн наадмын хөтөлбөр:

Мөсөн сурын харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн

Мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн

Снөүбоардын тэмцээн

Параглайдингийн /уулын шүхэр/ хотын аварга шалгаруулах тэмцээн

Цасны Регбигийн хотын аварга шалгаруулах тэмцээн

Снөүбоардын тэмцээн

Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн

Гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн зохион байгуулагдана.

Шүхрийн үзүүлбэр

Шувуулахуйн үзүүлбэр

Снөүбоардын үзүүлэх тоглолт

Нохой чарганы үйлчилгээ

Наадмын үеэр хоол унд, цана, чарганы үйлчилгээ үзүүлэх юм байна.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг томиллоо DNN.mn

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэн баталлаа. Тодруулбал, тус зөвлөлийн орон тооны бус гишүүн Д.Даваасамбуу, Э.Бямбажав, Б.Баярдаваа, А.Энхжин, Л.Отгонтуяа, Д.Сувдаа, Г.Алтанзаяа нарыг чөлөөлөв.

Улмаар зөвлөлийн гишүүнээр Н.Энхбаяр, Ж.Дэлгэрсайхан, Н.Ууганбаатар, А.Энхбат, Р.Рэнцэнбазар, Л.Гангэрэл, Л.Отгонтуяа нарыг томиллоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүд зөвлөлийн гишүүдэд хандан төсвийн реформын ажилд шинжлэх ухаанч судалгаа шинжилгээ хийж, дэмжлэг үзүүлж ажиллах үүрэгтэйг хэлж байлаа.

Categories
мэдээ цаг-үе

“Амар байна уу 2024” үзэсгэлэн худалдааг энэ сарын 15-нд эхлүүлнэ DNN.mn

 НЗДТГ-ын санаачилгаар “Амар байна уу 2024” жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг энэ сарын 15-наас хоёрдугаар сарын 9 хүртэл “Шинэ зуун айл” худалдааны төвд болно.

Тус үзэсгэлэн худалдаанд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 1000 гаруй үйлдвэрлэгчид нэг сарын хугацаанд түрээсийн төлбөргүйгээр бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулна. Үндэсний уламжлалт сар шинийн баярыг угтаж, дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээг орон даяар сурталчлах, орон нутаг, нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, кластер хөгжлийг дэмжих, шууд борлуулалтыг нэмж эдийн засгийн эргэлтийг өсгөх зорилготой тус арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

Монголчууд Сар шинийн баярын бэлтгэлд 1.3 их наяд төгрөгийг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Үүний 70 хувийг нь гадаадаас гарын бэлэг худалдан авахад зориулдаг аж. Өнгөрсөн жилийн үзэсгэлэнд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн үндэсний хувцас урлаач, бэлэг дурсгал, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 1000 гаруй ЖДҮ эрхлэгч оролцон, түрээсийн төлбөргүйгээр бүтээгдэхүүнээ борлуулсан билээ. Тодруулбал, 45 мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дэлгэж, 230 мянга гаруй иргэнд үйлчлэн, нийт 48.9 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Доржханд: Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүнийг улс төрийн аливаа үйл ажиллагаанд оролцохыг хориглох хэрэгтэй DNN.mn

УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржхандтай Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Ерөнхийлөгчийн тухай хуулийн талаар ярилцлаа.

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж байна. Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд болон Засгийн газрын гишүүдийн байр суурь адилгүй байна. Таны хувьд уг хуулийн төслийг дэмжиж байгаа юу?

-Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг маш яаралтай батлах шаардлагатай. Нэг удаа хойшилсон. Дахиж хойшлуулж болохгүй хууль бол энэ. Учир нь УИХ уг хуулийг дахин дахин хойшлуулаад байвал гадаадын хөрөнгө оруулагчдад буруу мэдээлэл очих болно. Энэ бол Монголын эдийн засгийн хамгийн том аюул. Эдийн засаг талаасаа уг хуулийг яагаад нэн даруй батлах ёстой юм бэ гэхээр маш ойлгомжтой хэдэн зүйл хэлье. Монгол Улсын эдийн засаг бол хөгжиж байгаа эдийн засаг.

Гэхдээ сүүлийн арван жил гаднын хөрөнгө оруулалт гэдэг зүйл зогссон. Хөгжиж байгаа манайх шиг улсад нэг чухал онцлог байгаа. Тэр нь асар их дэд бүтцийн санхүүжилтийн хэрэгцээ байдаг. Үүнийг хийхийн тулд гурван хүчин зүйл бий. Нэгдүгээрт, улсын төсөв. Хоёрдугаарт, зээл, тусламж. Гуравдугаарт, гадна дотнын хөрөнгө оруулагчид. Үүнээс тодорхойлж хэлбэл гадна дотнын хөрөнгө оруулалтаар дээрх санхүүжилтийг шийдэх нь олон давуу талыг бий болгодог. Хөрөнгө оруулалтын эрсдэлээ хөрөнгө оруулагч тал өөрсдөө үүрдэг. Давуу тал нь гэвэл ажлын байр бий болно. Эдийн засаг тэлнэ. Шинээр зах зээл бий болдог. Дагаад шинэ технологи, менежментийн ноу хау орж ирдэг. Хөрөнгө оруулалтын энэхүү давуу талын хүчээр дэлхийн 200 гаруй улс орны 40 орчим нь хөгжингүй улс болсон.

-Тухайлбал гаднын хөрөнгө оруулалтаар хөгжсөн ямар орон байна вэ?

-Хамгийн их хөгжсөн орон бол мэдээж АНУ. Өөрөөр хэлбэл хамгийн их хөрөнгө оруулалт буюу таван их наяд ам.долларыг энэ улс дангаараа татаж байна гэсэн үг. Түүнээс гадна хамгийн их хөрөнгө оруулалт татсан 10 улс гээд харвал бүгд л хөгжсөн орнууд байдаг. Тэр утгаараа хөрөнгө оруулалт гэдэг бол хаана хамгийн таатай орчин байна тэнд очиж цуглардаг. Харин манайх шиг татварын өндөр орчинтой, байгалийн саад бэрхшээл ихтэй улс руу ирэх нь ховор. Миний хувьд Африкийн олон улсаар явж үзсэн. Тэнд ч гэсэн хөрөнгө оруулалт очдоггүй. Учир нь байгаль цаг уурын хувьд маш халуун. Нэмээд засаглал нь сул. Засгийн газар нь тогтворгүй байдаг. Үүнээсээ болоод хөрөнгө оруулагчдыг зүгээр л мөнгө гэж хардаг. Үр дүнд нь Африкийн улс орнууд огт хөгжихгүй байна шүү дээ. Тэгэхээр бид энэ саад, бэрхшээлийг аль болох багасгах зорилгоор хөрөнгө оруулалтыг татах ёстой.

-Тийм учраас энэхүү Хөрөнгө оруулалтын тухай хуулийг яаралтай батлах нь зөв гэж үү?

-Бүр нэн яаралтай батлах ёстой. Хөрөнгө оруулагчдыг татахын тулд татварын болон татварын бус аргаар татдаг. Энэ хууль бол татварын бус аргаар хөрөнгө оруулагчдыг татъя гэдэг зохицуулалтаар орж ирж байгаа гэж ойлгосон. Тэгэхээр манайхан нэг зүйлийг сайн мэдэх хэрэгтэй. Монгол Улсын хаалганы гадна хөрөнгө оруулагчид бол байхгүй шүү. Тэр утгаараа уг хууль батлагдлаа ч хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж байхгүй. Гэхдээ бидний хувьд ийм эрх зүйн орчин бүрдүүлж чадаж байна гэдэг маань өөрөө хөрөнгө оруулагчдад эерэг зөв сигнал болж очих ёстой юм аа. Өөрөөр хэлбэл энэ хууль бол гаднын хөрөнгө оруулагчдыг эх орондоо дуудсан нэг ёсны урилга гэж хэлж болно.

-Та бол гуравдагч хүчний төлөөлөл. УИХ-ын гишүүн хүн. Тэр утгаараа уг хуулийг эсэргүүцэж байгаа улс төрийн нам, гишүүдийн байр суурийг ямар байдлаар дүгнэн харж байгаа вэ?

-Юуны өмнө сонгууль дөхчихлөө. Тэр утгаараа улс төржих гэсэн санаархал их байна. Нөгөөтэйгүүр уг хуулийн зүйл заалтад огт дурдаагүй асуудлыг зарим улстөрчид гарган ирж, олон нийтэд ор үндэсгүй зүйлийг сэвж байна. Өөрөөр хэлбэл огт байхгүй зүйл заалтыг энэ хуулийн хүрээнд байгаа мэтээр дурдаж улстөржиж байна гэсэн үг. Урд хөршөөр дамжин танктай цэргүүд орж ирнэ. Тиймээс төмөр зам барьж болохгүй гээд элс цоолж олон нийтийн тархийг угаасан нэг хүн бий. Энэ үлгэрт итгэж Монголын хөгжил хэдэн арван жилээр хойшоо ухарсан. Харин өнөөдөр энэ хуулийг эсэргүүцэж байгаа хүмүүс уг үлгэрийнхээ хоёрдугаар ангийг эхлүүллээ гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл “танктай цэргүүд” хэмээх киноны хоёр дахь анги гарч эхэллээ гэсэн үг.

Уг хуулиар гаднын хөрөнгө оруулагчид хөрөнгийн ямар ч босгогүйгээр орж ирэхээр байгаа нь аюул гэж хараад байгаа хүмүүс байна шүү дээ?

-Энэ хууль батлагдвал гадаадын иргэд маш олноороо орж ирээд Монгол Улсыг эзэлчихнэ гэсэн үлгэрийг зохиож байна. Энэ бол сонгуульд зориулагдсан үлгэр зохиодог бүлэг хүмүүсийн хийдэг л ажил. Яг энэ үлгэрийн ард Монголын топ гэгдэх улстөрчид бүгд бий. Топуудад энэ бол маш том боломж. Учир нь тэдний зохиосон үлгэрт иргэд үнэмшвэл дахин сонгуульд ялах боломжтой гэж харж байгаа. 1930-аад онд Гитлер яаж гарч ирсэн юм бэ гэхээр яг ийм үлгэр зохиож бүх эрх мэдлийг авч байсан. Эцэст нь улс орондоо дэлхий нийтэд асар их хүний цусыг урсгасан их дайныг үүсгэсэн биз дээ. Энэ бол том түүхэн сургамж. Түүнтэй адил Монгол ялна гэж гарч ирсэн хүн Монголыг ялагдуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаал бол Монголын ард түмний эв нэгдлийн манаанд зогсох хүндэт харуул. Ийм хүн албан тушаалаа өгсөн ч гэсэн Ерөнхийлөгч хэмээх нэр сүртэйгээ явж байна. Үүнийгээ улс төрийн зорилгоор ашиглаж байгаа нь бүр харамсалтай. Бүр улс төрийн намын дарга шиг Төрийн ордонд орж ирээд акц өрнүүлж байгаа нь өөрөө улс төрийн зорилготойгоос гадна гаднын улсын нөлөөллөөр явж байгаа юм болов уу гэж хардсан. Хүн бол хардах эрхтэй.

-Засгийн газрын гишүүд хоорондоо зөрчилтэй байгааг та юу гэж ойлгож байна. Энэ кабинет нэгдсэн бодлогоор явах боломжгүй болсны шинж үү?

-Тэгж харж болно. 2023 оны зургадугаар сард Засгийн газар энэхүү хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан байдаг. Долдугаар сард нь Эдийн засгийн байнгын хорооны гишүүний хувьд уг хуулийн төсөлд саналаа өгөөд ажиллаж байсан. Тэр үед уг хуулийн төслийн агуулга бол Засгийн газрын нэгдмэл байр суурь шүү гэж хэлж байсныг санаж байна. Гэтэл өнөөдөр энэхүү хуулийн төслийг Засгийн газрын хоёр ч гишүүн нь эсэргүүцсэн байр суурьтай байна. Тэгэхээр тухайн үед нэгдмэл байр суурь илэрхийлж байсан Засгийн газрын кабинетийн зарчим өнөөдөр алдагдсан байгаа нь тодорхой харагдаж байна л даа. Кабинет гэдэг бол Ерөнхий сайдаа дэмжиж ажилладаг бүтэц. Нэг баг гэж Үндсэн хуулиар эрхийг нь Ерөнхий сайдад бүрэн олгосон. Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд кабинетийн зарчмыг алдагдуулж байгаа сайд нартаа хариуцлага тооцох эрхтэй. Эл хариуцлага нь мэдээж чөлөөлөх, томилох шүү дээ.

-Тэгэхээр өнөөгийн Засгийн газар кабинетийнхаа зарчмыг алдсан учраас Ерөнхий сайд зарим сайд нараа чөлөөлнө гэж үзээд байна уу?

-Чөлөөлөх л ёстой шүү дээ. Тэр эрх нь Л.Оюун-Эрдэнэд бий. Миний хувьд бол кабинетийн зарчмаас ухарч байгаа сайд нарт хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.

-Та чуулганы хурал дээр Ерөнхийлөгчийн тухай хуулийг УИХ дахин харах шаардлагатай талаар ярьсан. Энэ хуульд яг ямар өөрчлөлт оруулах саналтай байгаа юм бэ. Уг хуулийг УИХ хэлэлцэх үү?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулиар зохицуулалт нь дэндүү ерөнхий байдаг. Ерөнхийлөгч юу хийх вэ, ямар эрх, үүрэгтэй вэ гэдэг нь тодорхой байдаг ч ерөнхийлөгчөөс буусан хүний эрх, үүргийг огт тусгаж өгөөгүй байгаа. Тиймээс ерөнхийлөгчөөс буусан хүн эрх зүйн хувьд ямар зохицуулалтад багтан явах вэ гэдгийг тусгайлан зааж өгөх цаг болж. Ийм заалт байхгүйгээс болоод өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн Төрийн ордонд улс төрийн намын гишүүдийг дагуулан УИХ-ын даргатай уулзаж, олон нийтэд буруу мэдээллийг хүргэж байна. Хүргэж байгаа мэдээлэл бол улс орон, ард түмний хувьд асар их сөрөг нөлөө үзүүлж байна. Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн улс төрийн акц өрнүүлж, УИХ-ын даргад шаардлага хүргүүлж байгаа нь хэр зохистой үйлдэл вэ. Дараа дараагийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс үүнээс илүү улс төрийн акц өрнүүлбэл энэ улс орны хөгжил хаашаа эргэх вэ.

-Ерөнхийлөгчөөс буусан хүн юу хийх нь өөрөө ардчилсан зарчмаараа явах ёстой юм биш үү?

-Тийм биш шүү дээ. Мэдээж хүний эрх талаас нь нэг ч зүйл хорихгүй нь тодорхой. Харин улстөрчийнх нь хувьд хориглох, хүлээх үүргийг нь зааж өгөх ёстой юм. Улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүнийг нэг хэсэгтээ гадагшаа зорчихыг нь хориглодог. Учир нь тэр хүн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тэргүүн гэдэг утгаараа улсын нууцтай холбоотой бүх мэдээллийг авсан гэж үздэг. Тиймээс үүнийг гадагшаа задруулахгүй нь тулд тухайн хүнийг хил гаргах, улс төрийн аливаа уулзалт, арга хэмжээнд оролцохыг хориглодог. Гэтэл энэ хүн өнөөдөр улс төрийн маш том акц өрнүүлэн УИХ-ын даргад шаардлага хүргүүлж байгаа нь өөрөө ёс зүйгүй үйлдэл. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн тангараг өргөдөг. Тэрхүү тангарагтаа үндэсний эв нэгдлийг хангана, хамгаална, улс төрийн намаас татгалзана гэдэг. Өөрөөр хэлбэл, ерөнхийлөгч болсоноороо дахин улс төрд оролцохгүй гэдэг. Гэтэл тэр хүн сонгууль дөхсөн биш гэнэт гарч ирээд улс төр хийж байна. Яах гээд байгаа юм. Дахиад УИХ-д орж ирэх гээд байгаа юм уу. Дахиад Засгийн газрын гишүүн, сайд дарга болох гээд байгаа юм уу. Тиймээс энэ бүгдийг Ерөнхийлөгчийн тухай хуульд тодорхой зааж өгөх шаардлага үүслээ гэж үзэж байна. Ард түмний эв нэгдлийн бэлгэдэл төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүнийг улс төрийн аливаа үйл ажиллагаанд оролцохыг хориглох хэрэгтэй. Бусад орны төрийн тэргүүн байсан хүмүүс хэзээ ч улс төрийн үйл явцад оролцдоггүй. Энэ нь нэг талдаа ёс зүйн өндөр үүрэг хариуцлага. Зарим улс орны Ерөнхийлөгчийн тухай хуульд ч үүнийг хориглосон заалтууд байдаг. Монгол Улс бол хөгжиж байгаа орон. Тиймээс бид цаашид парламент нь парламент шиг, ерөнхийлөгч нь ерөнхийлөгч шиг л байх хэрэгтэй.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ цаг-үе

“Тавантолгой” өртөөнд аммонийн нитратын анхны тээврийг хүлээн авч буулгав DNN.mn

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын Тавантолгой өртөөнд энэ сарын 9-ний өдөр 12 вагон буюу 807.34 тн аммонийн нитратын анхны тээврийг хүлээн авч буулгалаа.

Өмнө нь тус уул, уурхайн тэсэлгээний материал болох аммонийн нитратыг “МЕРА” ХХК нь ОХУ-аас импортлон Хонхор өртөө хүртэл тээвэрлэж, вагоноос автомашинд шилжүүлэн ачиж Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орших Тавантолгойн ордын дэргэд байрлах үйлдвэр, агуулахын цогцолбор руу 617 км авто замаар 2-3 хоног тээвэрлэдэг байсан.

Харин Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын “Тавантолгой” өртөөнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Хонхор өртөөнөөс Зүүнбаян өртөө, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Цогтцэций өртөө хүртэл төмөр замаар түргэн шуурхай, найдвартайгаар тээвэрлэж, буулгалтыг амжилттай гүйцэтгэлээ гэж Тавантолгой төмөр зам ХХК-иас мэдээллээ.