Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

“Монгол хаан”-төсөөллөөс хэтийдсэн жүжиг DNN.mn

 Урлаг соёлын сүүлийн үеийн мэдээллийн индэр “London review”-д нийтлэлч Вартика “Монгол Хаан” жүжгийн талаар шүүмж бичсэнийг хүргэж байна.


МОНГОЛ ХААН” – ТӨСӨӨЛЛӨӨС ХЭТИЙДСЭН ЖҮЖИГ

Урьд нь миний бие ийм жавхлан төгөлдөр бүтээл тайзнаа амилахыг харж байсан удаагүй. “Монгол Хаан” жүжиг бүхий л талаараа төсөөллөөс хэтийдсэн, нягт дэглэсэн, нүд баясгам үзүүштэй тоглолт байлаа. Лондонгийн хамгийн том театр Лондон Колизум л эл ер бусын жүжгийг толилуулах хамгийн тохиромжтой тайз мөн аж. Туульслаг жүжгүүдээрээ алдартай тус театрын цог жавхааг “Монгол Хаан” жүжиг улам чинагш асаан бадраажээ.

1998 онд тайзнаа анх тавигдсан “Тамгагүй төр” жүжгээс сэдэвлэн шинэчлэн найруулсан эл бүтээлийн сэтгэл догдлуулам үйл явдал нь үзэгчдийг өнө эртний Хүннү гүрэнд аваачиж, төр улсынхаа тусын тулд үнэн худлын ээдрээнд үхэл амьдралыг дэнсэлгэн шийтгэх хааны үйл хэргийг үзэж, нүдээр гэрчлэх үлгэрийн аянд зорчуулна.

Жүжигчин, дууч, бүжээч, уран нугараач, хүүхэлдэйн жүжигчид, нийт 70 гаруй уран бүтээлчдийн баг бүрэлдэхүүн ийнхүү үзэгчдийн мэлмийг баясгаж, ухааныг цэнгүүлсэн гарамгай тоглолтыг бүтээж чаджээ. Ур төгөлдөр дэглэсэн бүжиг, уянга найрсал яруу хөгжим, донж төгс дэгжин өмсгөл цугаар бүрдэх нь хараа булаам үзэсгэлэн юм. Монголын үндэсний бүжиг, угсаатны өвөрмөц бүрдвэрүүд нь жүжгийг сэргэлэн өрнүүн соёлын баялаг агуулгаар баяжуулсан байна.

“Монгол Хаан” жүжиг: түүхэн дэвшил

“Монгол Хаан” нь Монголын театр урлагийг Уэст-Эндийн тайзнаа анх удаа таниулан сурталчилж, түүхнээ шинэ хуудас нээн сийлсэн тэмдэглэлт явдал боллоо. Энэ чухал алхам нь үндэстний соёлын олон улс дахь сурталчилгаа болох төдийгүй Монголын театр урлагийн шинэ эринийг тунхаглаж, дэлхийн тавцанд гарч ирснээ зарлаж буй нь манай өрнөдийнхөнд Монгол соёлтой зурвас танилцах завшаан болов.

No description available.

Эл бүтээлийн хөгжим нь өрнийн хийгээд Монголын үндэсний найрал хөгжим, найрал дуу болон хүүхдийн найрал дууг багтаасан өргөн цар хүрээ, олон янз төрлийг агуулсан хөгжмийн томоохон бүтээл байна. Монгол хөгжмийн баялаг урын санг дэлхий даяарт хүргэхийг зорихдоо өрнийн сонгодог хөгжимтэй зохируулсан нь олон улсын үзэгч, сонсогчдын ая таацыг бодолцсон нь зүй.

“Херо” Баатарын машид няхуур найруулга бүхий энэ тайзны сод туурвил нь тайзан дээрх жүжгийн тоглолт төдийгөөс хальж, Монгол түүх цадигийг соёлтой нь сүлэн урлаж, урлагаар нь шигтгэн чимсэн гоц уран, гойд нандин сор бүтээлийг гийгүүлэн заах гэрэлт цамхаг мэт аж. Хувцас өмсгөл, хэрэгсэл заслын загвар хийцийг түүхэн нарийвчлал, бодит судалгаанд тулгуурлан бүтээсэн нягт онч, нямбай гүйцэтгэл нь “Монгол Хаан” жүжгийг Лондонгийн Колизумын алдарт тайзнаа Монгол өв соёлыг дуурьсган мөнхөлж, сонор мэлмийг мялааж, соёлоор гайхашруулсан тод томруун гарамгай тоглолт болгон мандуулж чаджээ.

Хүмүүний мөн чанарын тухай эргэцүүлэлд хөтлөх эрэлхийлэл

Эл жүжиг Монголын түүхнээ цолгорсон бодит дүрүүд бүхий түүхэн үйл явдлыг үзүүлнэ гэж олон хүмүүс хүлээж байсан байж болох ч, эсрэгээрээ зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн энэ зохиол нь уран сайхны зохиол юм. Сайн муу, сайхан муухай, хайр хорсол, хонзогнол ба эвлэрэл, аминч атгаг санаархал, аху төрийн зоригдол гээд хүмүүний оршихуйн түгээмэл учрал тохиолыг хамруулан өгүүлсэн энэ жүжиг суут Чингис хаан тодрохоос мянган оны тэртээ, эртний Хүннү гүрний үед өрнөн хүүрнэх нь түүхэн сурвалжийн дүрслэлээс ч үнэмшилтэй ажээ.

Хүмүүний мөн чанарын тухай эргэцүүлэлд хөтлөх энэ эрэлхийлэл нь эрин зуун, үндэс соёл эс хамааран эгнэгт тохиож байдаг эцэс төгсгөлгүй тэмцэл, ялалтын тухай уудлан өгүүлнэ. Хожим мандсан залгамж Монголын эзэнт гүрний алдар цууд ихэнхдээ дарагдан орхигддог Хүннү гүрэн нь эл жүжгээр язгуур өнгө төрх, яргам гүн утга агуулгаараа сэргэн тодорч, тайз төдийгөөс хэтийдэн нүднээ амилан өндийх нь ухаж бодоогүй өвөрмөц сэдлийг оюунд ургуулна.

“Монгол Хаан” жүжиг төр улсын түүх хийгээд хүмүүний сэтгэлийн нандин учгийг нийтгэн сүлжилдүүлсэн уран цэцэн, утга гүн хүүрнэл мөний учир үзэгчдийг улс гүрний сүр хүч, эр хүний жудаг зангараг, залгамж ёсны самуурал, ээдрээн тухай эрхгүй бодлогшрон эргэцүүлэхэд хүргэнэ.

“Херо” Баатарын найруулсан “Монгол Хаан” жүжиг үзэгч таныг нийслэл Лондон хотын хамгийн том театр Лондон Колизумд Монгол увидаст автуулах ховсдом аянд залж байна. 12 дугаар сарын 2-ныг хүртэл үзэгчдийн хүртээл болох тус театрын гоц бүтээл таныг алгаа дэлгэн угтан авч, соёлын хязгаарыг гэтлэн цаг хугацаагаар аялах туульсд аваачина. Үлэмж тансаг, үзэмж төгөлдөр дорнын эл жүжгээс Монголын эртний түүх, урлаг соёлын сүр жавхланг нүдээр үзэх боломжоо бүү алдагтун.

 

Эх сурвалж: “London review”

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал яруу-найраг

Б.Ичинхорлоо: Дэлхийн боловсролтой хөл нийлсэн, монгол хэлээ маш сайн мэддэг зохиолчдыг манай утга зохиол хүлээж байна DNN.mn

Үндэсний төв номын сангийн захирал, Монголын зохиолчдын эвлэл/МЗЭ/-ийн Удирдах зөвлөлийн дарга, “Болор цом” наадмын хошой тэргүүн шагналт, яруу найрагч Б.Ичинхорлоотой ярилцлаа.

-МЗЭ-ийн 95 жилийн ой боллоо. Танд баярын мэнд хүргэе.

-Баярлалаа, нийт уншигчид, сэтгэн туурвигч зохиолч, бүтээлчдэдээ 95 жилийн ойн баярын мэнд хүргэе.

-Таны хувьд баярын хурал дээрээ тавьсан илтгэлдээ “Монголын оюун санааны их нүүдэл дэлхий рүү нүүх цаг нь болсон” гэж хэлсэн. Аль ч нийгмийг зохиолчид хөтөлж явдаг гэдэг. Тэгвэл өнөөдөр энэ үүргээ гүйцэтгэж чадаж байна уу?

-Хамгийн гол нь бид өөрсөд рүүгээ харах цаг нь болсон. Миний илтгэлдээ хэлсэн зүйл маань энэ л дээ. Зохиолчид хөгжих ёстой болсон. Зогсонги байна, үүнийгээ бид өөрсдөө ерөөсөө харахгүй байна. Яг нэг газартаа очоод гацчихсан. Ер нь Сүхбаатарын хөшөө шиг болчихсон. Тэмүүлэлтэй, ургах наран зүгт гараа өргөсөн, унаа морь нь цоройсон ч гэсэн урагшилдаггүй. Тиймээс бид ямар ч байсан хөдөлгөөнд орох ёстой гэж үзэж байгаа юм. Гэвч жаахан боловч ололт, амжилт бидэнд байгаа.

Дэлхий дахинд Монголын утга зохиолын уншигчид нэмэгдэж байна. Хэрвээ 95 жил насласан мэргэжлийн төрийн бус байгууллага юм бол гишүүдийнхээ хандах зүгийг тодорхойлох ёстой гэж бодсон. Тийм болохоор “Дэлхий рүү нүүцгээе” гэдэг уриалга гаргасан юм. Яагаад гэвэл манай зохиолчдын чадал чансаа шавхагдаагүй. Хамгийн гол нь энэ зүйл дээр сайн орчуулагч, сайн уншигч, оюун санааны хамгийн үнэтэй зүйл болох нүүдэлчдийн ухамсар чухал. Бидний дэлхийд сонин харагдах гол өнцөг бол ахуй, оршихуй, сэтгэлгээний онцлог байгаа юм. Талын нүүдэлчдийн сэтгэлгээ гэдэг бол тавиун цараатай сэтгэлгээ. Гэтэл энэ сэтгэлгээнийхээ онцлогийг хэлний бэрхшээлээс ч юм уу, цөөхөн хүн ярьдаг монгол хэлээр бичдэгээсээ болоод дэлхий дахинд гаргаж чадахгүй байгаа юм. Хэрвээ Монголын утга зохиолын амин сүнс рүү орсон судалгаа байх юм бол манай зохиолчдын бүтээл дурын хүн бичээд байдаг зүйл бас биш. Үүн дээр бид үнэндээ бардам байж болно. Гагцхүү дэлхий нийтийн анхаарлыг татаж чадах онцлогоо олон хүнд хүргэх хэлний бэрхшээл болоод өөрсдийн маань мөч хүрэхгүй байна даа.

-Соён гэгээрэл гэдгийг юу гэж ойлгох вэ. Түүн рүү хөтөлдөг зохиолчдыг яаж бэлтгэх вэ?

-Үүнийг хоёр талтай авч үзэх ёстой. Ер нь бид нийгмийг соён гэгээрүүлнэ гээд л социализмын үеийнх шиг уриалаад явах биш. Харин хүмүүсийн зүрх сэтгэл дотор байгаа гайхалтай сайхан нинж хайр, биесээ хүлээн зөвшөөрч чаддаг монгол хүний уужуу ухааныг л тарих ёстой юм. Монгол хүний уужуу ухаан, талын нүүдэлчний өгөөмөр, өршөөнгүй зан чанар, аливааг талынхаа энгээр харж, боддог, миний зовлон минийх, миний жаргал бусдынх юм шиг ханддаг тэр хандлага л сүүлийн үед алга болоод байна. Тэгэхээр зохиолчдоо тэр сэдвээр бич, ийм байх ёстой гэхээсээ илүүгээр хайр, нинжийг монгол хэлээр түгээх ёстой л гэж бодож байгаа юм.

-Улс төрийн сэдэвт, ард түмнийг уриалан дуудсан шүлэг, бүтээлүүд сүүлийн үед бичигдэхгүй байна. Зохиолчид маань уншигчдынхаа өмнө бус цугтаа алхаж байдаг болсон гэх шүүмжлэл байдаг?

-Утга зохиолд шүүмж судлал гэдэг маш чухал гэдгийг л энэ харуулж байгаа юм. Шүүмж судлал нь үнэн байх ёстой. Тухайн зохиолчийг гаргаж ирэх, нийгэмд таниулахын тулд утга зохиолын шүүмж захиалгат маягаар явж ирсний хамгийн хортой нь энэ. Үүнийг бид бүхэн бүгдээрээ л тууллаа шүү дээ. Ямар ч байсан яг өөрөөрөө оршоод, хүн төрөлхтний сайн сайхны тулд гэрэл гэгээг түгээж чаддаг хүнийг нэртэй зохиолч, нийгмийг соён гэгээрүүлэгч гэж хэлнэ. Хэрвээ тэр хүн зөвхөн ахуй амьжиргааныхаа төлөө бичиж байгаа бол тэр нийгмийг соён гэгээрүүлэгч биш. Тэгэхээр зохиолч гэдэг ард түмний амьдрал, улс гүрнийхээ хувь заяан дотор хүнээрээ оршиж, хүн байж чадах хэрэгтэй. Эхлээд хүн байгаад, дараа нь зохиолч болдог. Хүний мөс чанар, зохиолчийн мөн чанар маш ойрхон.

-Монгол хэлийг гадагшаа яг байгаагаар нь орчуулж чаддаггүй. Уг нь бол үнэхээр сайн, даанч дэлхий ойлгодоггүй гэсэн яриа хэзээнээсээ л байсан. Тэгвэл зохиолчдынхоо бүтээлийг гадагш нь гаргахын тулд юу хийх ёстой вэ. Үүн дээр МЗЭ цаашдаа яаж ажиллах хэрэгтэй вэ?

-Бидэнд нэг дутагдал байна. Хувь хүн авьяастай төрөөд зохиол бүтээл бичиж байгаа бол тэр нь өөрт ч, ард түмэндээ ч хэзээд нөмөр нөөлөг болж байдаг. Тэр хүн ямар нэг байгууллагаас хараат бусаар өөрөө нөмөр, уул байдаг юм. Том уран бүтээлч уулын нөмөр барааддаггүй, ямар нэг урсгал чиглэлд дагаж урсдаггүй. Ямар ч уулын ширүүн үер урсаад ирсэн бат зогсож чадах аварга үндэстэй мод байж чаддаг. Ганцхан уран бүтээлчээс дэлхийг өөрчлөх санаархал гарч, өөрчилж ч чадна. Монголын утга зохиолын үе, үеийн гайхалтай уран бүтээлчид дэлхийд яагаад гарч чадахгүй байна гэхээр бид боловсролын тухай асуудлыг ярихаас өөр аргагүй. Манай зохиолчид өөрийн онгод хийморь, байгалиас заяасан өгөгдлөөрөө явж байгаа болохоос биш яг үнэндээ өөрийгөө боловсруулъя гэж бодохгүй байна. Энэ бол бидний дутагдал. Дэлхийн боловсролтой хөл нийлсэн, олон хэлтэй, тэр дундаа монгол хэлээ маш сайн мэддэг зохиолчдыг манай утга зохиол өнөөдөр хүлээж байна. Монголчуудын оюун санааны үнэт зүйлийг дэлхийн олон хэл рүү хөрвүүлж чадах тийм менежментийг зохиолчдын байгууллагаас уншигчид, дэлхий нийт хүлээж байна. Гэтэл зохиолчдын байгууллага маань 95 настай өвгөн байгууллага боловч яг үнэндээ ард түмэнтэйгээ цуг унаж, босож ядраад хөгжлийн ардаас гундуухан, толгой гудгар алхаж л явна. Хөгжлийг түүчээлэх ёстой гэхээр оюуны бяр хүрэхгүй байна шүү дээ. Нийгмийг оюун сэтгэлгээний хүчээр авч явахаа больчихсон. Нүүрсний мөнгөөр авч явдаг болсон байна. Үүндээ Монголын ард түмэн бүр итгэчихсэн. Тиймээс энэ саарал үеийг туулахад бидэнд дахиад л тэвчээр, утга зохиолдоо үнэнч байх сэтгэл хэрэгтэй. Монголын утга зохиолын хөх үндэсний галыг манаж явах хувь заяа ногдсон. Энэ гайхалтай хувь заяандаа бид эзэн байх ёстой. Бултах ямар ч арга байхгүй.

-Утга зохиолын алтан үеийнхэн, таныг “Болор цом” наадамд түрүүлж байх үед зохиолч, яруу найрагчийг нийгэм арай өөрөөр хүлээж авдаг байж. Одоо гэтэл өдөр ирэх тусам бага багаар нэр хүнд нь унаж байна гэдэгтэй та санал нийлэх үү?

-Монгол үндэстний, оюун санааны гэх бүх зүйлийг үнэ цэнэгүй болгох нөхцөлийг бүрдүүлж байна гэж би боддог. Дурын хүн нь шүлсээ хаядаг болсон. Үүнийг нь ч олон нийт дэврээж, дэвжээж байгаа. Монгол хүн нэг нэгэндээ нөхөр, нөмөр биш болсон ийм цаг үед бид оюун санаа, монгол хэлээ л тойрч нэгдэнэ. Хэрвээ хэл байхгүй бол бидэнд хил байхгүй. Тийм учраас оюун санааны тусгаар тогтнол, Монгол гэдэг мөнх оршихуйг дархалж үлдэхийн тулд бидэнд өвөг дээдсээс өгсөн монгол яруу хэл маань байгаа. Энэ хэлээр бичдэг хэдхэн цөөхөн зохиолчид маань байна. Тэднийгээ хоцрогдсон, боловсролгүй, үнэ цэнэгүй гэж үзэх болсон нь гаднын дохиотой юм шиг надад санагддаг. Ингээд хэлэхээр өөрсдийгөө өмөөрлөө гээд муулдаг. Гэтэл бидэнд хайрлаж явах ёстой үнэт зүйлс байна шүү дээ. Тусгаар тогтносон улсынхаа оршин байхуйн үнэт хил хязгаарыг хэл гэдэг эрхэм дархлаагаар зохиолчид минь манаж яваа. Зохиолч хүний онцлог нь сэтгэгч байдаг. Монгол хүнийг сэтгэх чадваргүй болгочихоор сэтгэж байгаа нэгнээ үнэ цэнэгүй харагдуулах гэсэн нийгмийн акц болгонд бид итгэсээр ирсэн. Энэ бол бид өөрсдийгөө өөрийн гараар оршуулж байгаа зүйл. Монгол гэдэг оршихуйг хэлээр дамжуулан хилгүй болгох гэсэн зүйл шүү. Үүнийг хүн бүр дотроо нэгийг бодож, ухаарч хараасай гэж бодож байгаа юм. Тийм ч болохоор МЗЭ-ийнхээ 95 жилийн ойгоор монгол хэл, соёлын дархлааг дэмжихийн тулд төр засаг, ард түмэн, ирээдүй хойч үед хандаж уриалга гаргасан. Монгол хэл, соёл гэдэг та бидний мөнхийн оршихуй. Эх орон тусгаар байхын, эх хэл маань дагшин оршихын, түүгээр дамжин дэлхийн монгол хүн бүрэлдэн бий болохын амин үндэс юм шүү. Дэлхийн монгол хүн гэхээр олон гадаад хэлтэй хүн гэж ойлгоод байгаа. Гэтэл тийм биш юм. Одоо бид жалга довны шүүмжлэлээсээ болоод хол харж, том нүүдэл хийж чадахгүй. Өнөөдөр, маргаашийн тухай л ярьдаг байдлаа бид хол хаях цаг болсон. Бидэнд боломж бол бий. Оюуны суутнууд маань бүтээн туурвисан бүхнээрээ ирээдүйд нар үзүүлэхийг л зорьж байгаа юм.

-Ерөнхий сайдын зөвлөх баярын хурал дээр тань зохиолчидтой уулзах боломжтой гэж хэлснийг нь дамжуулсан. Хэрэв ийм уулзалт болбол төр засгийг юун дээр түлхүү анхаарч өгөөч гэж хэлэх вэ?

-МЗЭ-ийн 95 жилийн ойн баярын хурал дээр төрийн гурван өндөрлөг маань баярын мэндчилгээ ирүүлсэн. Төр засаг маань хар нүднээс хөмсөг гадуур гэж МЗЭ-ийг тоохгүй өнгөрсөнгүйд нь баяртай байна. Ерөнхий сайдтай уулзах тэр цагт бид утга зохиолын ирээдүй болоод монгол хэлнийхээ ирээдүйн тухай л ярина. Монгол хэл соёл байснаараа Монгол Улсын оюун санааны тусгаар тогтнолыг дэлхий дахинд зарлан тунхаглаж чадна. Дэлхий даяар тархан суурьшсан монголчуудын оюун санааны нэгдсэн төв нь тусгаар тогтносон Монгол Улс, монгол хэл байх ёстой.

-Нийт зохиолчоо дэлхий рүү гарахыг уриалсан. Бас сайн талыг нь харъя гэвэл нэг үеэ бодвол эхнээсээ гадагшаа орчуулагдаж л байна даа?

-Үнэхээр бидэнд сайн сайхан зүйл бас байлгүй яах вэ. Олон сайхан зохиолчийн маань ном, бүтээл гаднын олон орны хэлээр хэвлэгдэж байна. Цаашдаа ч энэ тоо улам өсөх учиртай. Бидэнд дэлхийд гарч чадна гэсэн амбиц байгаа. Хэрвээ бид том хүсэл зорилго, тэмүүлэлгүй бол дахиад л эндээ 95 жил сууна шүү дээ.

-Монголын утга зохиолын өнөөгийн ачааг 1990-ээд оныхон буюу танай үеийнхэн үүрч яваа. Харин та ирээдүйдээ хэр итгэлтэй байдаг вэ?

-Ирээдүйдээ итгэхгүй бол өөр юунд итгэх юм бэ. Би өөрөө яруу найрагч хүн. “Хамаг бүхэн сайхан болно. Итгэсээр явахыг амьдрал гэнэ” гэж тунхагласан. Энэ итгэл гэдэг хамгийн үнэтэй зүйл. Тэр тусмаа зохиолч, туурвилч хүнд. Итгэлгүй байх юм бол чи маргаашийн нарны өнгө, гэрлийн тухай төсөөлөлгүй болно. Маргаашийн Монгол орны тухай мөрөөдөл, зохиол бүтээлээ үлдээх хийморьгүй болно. Тийм болохоор итгэл гэдэг бүх зүйл. Би Монголын утга зохиолын ирээдүйг маш гайхалтай өөдрөгөөр төсөөлдөг. Тийм ч учраас бид дэлхий рүү нүүе гэж хэлээд байгаа юм. Нүүдэлчний утга зохиол, талын язгууртнуудын өв соёл, монгол ахуй хийгээд дэлхийд үзүүлсэн амар амгалан бол дэлхий судлах ёстой нарийн нандин ухаан юм шүү. Гагцхүү бид энэ бүхнээ дэлхий нийт, хүн төрөлхтөнд зарлан тунхаглаж амжихгүй явна. Харин амжих ёстой үе маань ард зогсож байгаа. Хойч үе маань илүү их хүчтэй, цэвэр, нарийн мэдрэмжтэй, гайхалтайгаар ирж байна. Энэ бүхэн Монголын ирээдүй. Гэрэл гэгээтэй, сайн сайхан ирээдүй байлгахын тулд зохиолч бид өөрсдийгөө дэвсэж өгөх ёстой. Бидний үзэж туулсан, бичиж байгаа бүхэн Монголын ирээдүйн өлмий доор гишгэгдэж, өндөрт гарах шат нь байх ёстой юм. Тийм болохоор нуруугаа хотойлгож, өвдгөө сөгдөж өгнө.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Ононхангай: Оюу толгойн уурхайд хэд, хэдэн хүн нас барахад бүгдийг дарж нуусан DNN.mn

Оюу толгойн гүний уурхайд таван уурхайчин нас барсан. Энэ мэдээллийг тус компани нуун дарагдуулж ирсэн гэх мэдээлэл түгээд буй. Энэ талаар Геологи, уул уурхайн хөгжлийн “Тэмүүлэл холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Б.Ононхангайтай ярилцлаа.

-“Оюу толгой” ХХК уурхайчдын эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа гэж та саяхан мэдээлэл хийсэн. Чухам ямар зөрчил гарсан болж таарав аа?

-Оюу толгой компани буюу Оюу толгой төсөл дээр үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий гэрээлэгч компаниудын ажилтнуудын эрх ашиг зөрчигдөж байгаа талаар олон нийтэд хандаж мэдээлэл өгсөн. Бидний мэдэж буйгаар гүний уурхайд олборлолт хийж байгаа “Даян контракт майнинг” ХХК, “Рэдпаф Монголиа” ХХК, “ХасуМегавтт” ХХК, мөн баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн ажил гүйцэтгэж байгаа Туркийн хөрөнгө оруулалттай “ЭНКА” ХХК, Оюу толгойн үндсэн компаниуд ажилчдынхаа эрх ашгийг ноцтой зөрчсөн. Тодорхой тооны ажилчид надад итгэмжлэл олгоод хөдөлмөрлөх эрх болон хүний эрхийн асуудал дээр өөрсдийг нь төлөөлж ажиллаач гэсэн юм.

Эдгээр компаниуд ажилчдынхаа хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг тогтоодоггүй. Тогтоосон ч буруу тогтоож, гүний уурхайд хүнд хортой нөхцөлөөр тогтоож цалин хөлс олгодоггүй. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нэмэгдэл цалинг буруу боддог. Илүү цагийн хөлсийг хуулийн дагуу олгодоггүй. Түүнээс гадна “ЭНКА” ХХК нь хэдийгээр газрын гадарга дээр ажиллаж байгаа ч баяжуулах үйлдвэр гэдэг хортой нөхцөл байхад хэвийн нөхцөлөөр ажиллуулдаг. Үндсэн “Оюу толгой” ХХК гүний уурхайчид угаартах болон Ковидын жилүүдэд хэд хэдэн хүн амь насаа алдсан тохиолдол гарсан. Гэвч энэ ноцтой мэдээллийг олон нийтэд битгий хэл хууль, цагдаагийн байгууллагад ч бүртгүүлдэггүй дарж нуудаг байдал нь ил болсон.

-Хэд, хэдэн хүн амь насаа алдсан гэдгийг баримттай хэлэхгүй юу. Дэлхийн хэмжээний уурхайд нас барах тохиолдол нэг бус байна гэдэг ноцтой сонсогдож байна?

-2021 онд манай байгууллагаас ХЭҮК, тухайн үеийн Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нарт албан бичиг явуулж байсан. Тэдгээрээс хариу тайлбар ирүүлж байсан. Оюу толгойгоос өөрсдөөс нь албан тайлбар өгсөн байдаг. Нэг ёсондоо “Манай дээр ийм осол гарсан” гэдгийг баталсан. Хамгийн гол нь нас барсан ажилтнуудын ар гэрийнхэн “Оюу толгой” ХХК-тай тохиролцчихдог учраас энэ хэргийг сөхөж ярихаар тэдний зүгээс дургүйцээд байдаг. Мэдээж тэдний буруу биш шүү дээ.

-Тодорхой цаг хугацаатай, шалтгаан нөхцөлийг нь сонсъё?

-Эхнийх нь, 2020 оны наймдугаар сарын 17-нд 45 настай ажилтан гэнэт зүрх нь зогсож нас барсан байдаг. Хоёр дахь нь, 2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр уурхайн талбай дээр 41 настай эрэгтэй, гурав дахь нь энэ сарынхаа 31-ний өдөр 46 настай эрэгтэй ажилтан нас барсан. Дөрөв дэх нь, 2021 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр 50 настай эрэгтэй гүний уурхайд нас барсан. Мөн Оюу толгойн СОС эмнэлгийн ажилтан эмэгтэй 2021 оны хоёрдугаар сард хэвийн бус байдалд орж, дэмийрч, самуурах үйлдэл гаргасан байдаг. Тухайн үед тэр хүнийг СЭМҮТ-д шилжүүлсэн юм билээ. “Оюу толгой” ХХК энэ талаар албан ёсоор мэдэгдээд цагдаагийн байгууллагад шилжүүлсэн учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж байна гэдэг. Энэ талаарх баримт надад хангалттай байгаа.

Өнгөрсөн зун экспат ажилтан Германы иргэн өрөөндөө нас барсан. Хавар бас монгол ажилтан өрөөндөө нас барсан. Тухайн хүнтэй хамт ажиллаж байсан ажилтан дөнгөж сая надтай ирж уулзаад, тухайн үед юу болсон талаар мэдээлэл өгөөд явлаа. Өрөөндөө нас бараад хоёр хоносны дараа нүд халтирмаар болчихсон байхад мэдсэн гэж байна. Ингээд уурхай дээр нас барсан хүний тоо нэмэгдээд байдаг юм. Бүр өмнө нь ч баяжуулах үйлдэврийг барьж байсан хятадууд нэг ажилтан охиныг хүчирхийлж, амийг нь хөнөөгөөд хогийн саванд хийчихсэн байсан. Энэ тухай ахмад ажилтнууд мэддэг, ярьдаг. Мөн хоёр ажилтан бохирын цооног дотор гагнуур хийж байгаад хоёулаа нас барсан гээд яриад байвал гараад л байна.

-Энэ тухай нийгэм тэр бүр мэддэггүй?

-Эдгээр нас барсан ноцтой тохиолдлыг Оюу толгой компани олон нийтээс нуудаг, чив чимээгүй өнгөрөөдөг. Сүүлд гадаад ажилтан нас барсан хэргийг нэгэн сайтын сэтгүүлч олж мэдээд ЦЕГ-аас тодруулахад “Манайд ийм мэдээлэл ирээгүй” гэсэн байдаг. Нэг ёсондоо ЦЕГ-т “Оюу толгой” ХХК ямар нэгэн осол, амиа алдсан хэргийн талаар мэдээлдэггүй гэсэн үг. Энэ бол ноцтой зүйл. Гол нь тус компани иймэрхүү алдаа дутагдалтай байгаа асуудлыг нийгмээс нуудаг. Олон нийтэд гаргаад тавьсан ч газар авахгүй, чимээ аниргүй болчихдог нь хачирхалтай.

Манай төрийн хяналтууд “Оюу толгой” ХХК дээр ажилладаггүй л гэсэн үг. Хяналтаа тавьж чаддаггүй, ажиллаж чаддаггүй. Ямар нэгэн осол аваарын дараа хэн ч хариуцлага хүлээлгүй өнгөрдөг. Энэ л хамгийн ноцтой зүйл. Шүүхээр орж шийдэгдэхгүй, тус компани нэрээ хамгаалаад хохирогчийн ар гэрийнхэнтэй тохиролцдог юм уу, эсвэл мөрдөн шалгах ажиллагаа нэрээр хөөн хэлэлцэх хугацаа дуусгаж байна уу, дарагдаад алга болчихдог. Үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хөөж ил болгох хэрэгтэй. Ийм хэргийг хав дараад байдаг, болчихдог учраас дараа дараагийн ослууд гараад эрдэнэт хүний амь эрсдээд байна.

-Хяналт шалгалт хангалтгүй гэсэн үг үү?

-“Оюу толгой” ХХК-ийг ХЭҮК юм уу холбогдох байгууллагууд шалгахдаа хөрсөн дээр нь, бодит байдал дээр очиж шалгадаггүй. Зөвхөн бичиг цаасан дээр л шалгалт хийдэг. Тийм зүйлд Оюу толгой ямар ч өө гаргахгүй. Хүний эрхийг ингэж хамгаалж байна, ийм үлгэр жишээ үзүүлж байна гээд сурталчлаад байдаг шүү дээ. Ялгаварлан гадуурхалт байхгүй, бэлгийн болон ажлын байрны дарамт байхгүй гэх мэтээр бичиг баримтыг ямар ч өө гаргахгүйгээр хийдэг. Гэтэл бодит байдал дээр дүрэм журмууд нь ажилтанд халтайгаар, сүрдүүлсэн байдлаар хэрэгждэг.

Төр иргэнээ өмөөрч хяналт тавьж хөрсөн дээр нь ажилламаар байгаа юм. Сүүлд гүний уурхайд 100 гаруй уурхайчин арванхоёрдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд хоёр шөнө, нэг өдрийн ээлж угаартсан. Дараа нь 27, 28-нд бас хэсэг уурхайчин угаартсан. Энэ хэргийг нийгэм бас л мэдээгүй. “Оюу толгой” ХХК албаныханд мэдээлэл өгөөгүй байсан юм билээ. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Үйлдвэрчний эвлэл, ХААБ-ын шугамаар хаашаа ч мэдээлэл өгөөгүй дотроо дарчихсан байсныг ажилчдаас бидэнд баримт нотолгоо, дүрс бичлэг, дуу, зураг хөргөөр баталгаажуулж ирүүлсэн.

Энэ бүгдийг олон нийтийн сүлжээнд ил болгосны дараа Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Үйлдвэрчний эвлэл Оюу толгойд шахалт үзүүлж байж дуртай, дургүй хариу өгсөн. 100 орчим ажилтан өртсөн, 63 нь хөнгөн угаарталд өртсөн. 15 нь амьсгалын аппарат зүүж, эмчилгээ авсан гэх агуулгатай мэдээлэл ирүүлсэн юм билээ.

-Цөөн тооны уурхайчин угаартсан гэдэг мэдээлэл гарсан. Гэтэл таныхаар бол 100 гаруй ажилтан гэнэ үү?

-“Оюу толгой” ХХК дотоод сүлжээгээрээ манайд тийм олон хүн угаартаагүй. Энэ нөхөр худлаа мэдээлэл түгээж байна. 27, 28-нд 17 ажилтан угаартсан гэдэг л дутуу мэдээлэл тавьсан байсан. Өмнө нь 100-гаараа угаартсан талаар дурдаагүй. Дотооддоо хүртэл худлаа мэдээлэл тарааж байна шүү дээ.

Эдгээр мэдээлэл ил болсонтой холбоотойгоор байх, “Олон нийтийн мэдээллийн сувагт ямар байдлаар хандах вэ” гэсэн удирдамж гаргаж ажилтнууддаа танилцуулсан гэдэг мэдээлэл сүүлд авлаа. Тэр удирдамждаа “Та бүхний цахим сүлжээнд тавьж байгаа мэдээллүүдийг бид харж байгаа. Дүн шинжилгээ хийж, хянаж байгаа. Тиймээс та бүхэн анхааралтай хандана уу” гэсэн байна лээ. Энэ бол шууд сүрдүүлэг, дарамт. Монгол Улсын иргэнд Үндсэн хуулиар олгогдсон хэвлэн нийтлэх, мэдээлэл авах, мэдээлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг энэ компани шууд боогдуулж байна.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр хулгана өдөр DNN.mn

Аргын тооллын нэгдүгээр сарын 13, Санчир гариг. Билгийн тооллын 2, Тооно одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 08:38 цагт мандан, 17:23 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гаригийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн байна DNN.mn

01-р сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар  цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Шөнөдөө нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, өдөртөө нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хүйтний эрч чангарч, шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 37-42 хэм, Увс нуурын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр голын хөндийгөөр 28-33 хэм, Их нууруудын хотгор, Орхон, Туул, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 15-20 хэм хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 22-24 хэм, бусад хэсгээр 16-18 хэм, өдөртөө хүйтний эрч чангарч 16-18 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж , өдөртөө баруун хойноос секундэд 7-12 метр . Шөнөдөө 20-22 хэм, өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж , өдөртөө баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 22-24 хэм, өдөртөө 19-21 хэм хүйтэн байна.

2024 оны 01 дүгээр сарын 14-нөөс 2024 оны 01 дүгээр сарын 18-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

14-нд Халх гол орчмоор, 15-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 15-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 21-26 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль зэрэг 115 хуулийн төслийг эцэслэн баталлаа DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт 115 хууль, тогтоолын төслийг эцэслэн баталж, Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон товыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хуралдааны эхэнд танилцуулаад, үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж “Монгол Улсын гадаад өрийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид баримтлах бодлогын талаар” тавьсан асуулгын хариуг сонсохоор байсан ч асуулга тавьсан гишүүн мэдээллийг дахин нягтлах шаардлагатай гэсэн хүсэлт ирүүлсэн тул товыг хойшлуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэлэх үед Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Засгийн газраас 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хасахыг шаардав. Тэрбээр, намрын ээлжит чуулган завсарлах тун дөхсөн энэ үед чухал, гол асуудалд анхаарал хандуулцгаая. Халзан бүргэдэйн орд газрын асуудлаар Засгийн газарт асуулга тавиад нэг жил гаруйн хугацаа өнгөрсөн ч сураггүй болсон. Цаг үеийн чухал асуудлыг авч хэлэлцэхгүй байгаадаа дүгнэлт хий, чуулган завсарлах хугацаа тулчихлаа гэв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, үнийн өсөлт хэрээс хэтэрч, иргэдийн аж амьдрал ядууралд өртөж байхад Засгийн газраас арга хэмжээ авахгүй байна. Банкны салбараас гарсан зээлийн дийлэнх хувь нь хэрэглээний зээл эзэлжээ. Энэ нь иргэдийн цалин, тэтгэвэр хүрэлцэхгүй, зээлээс зээлийн хооронд амьдарч, хуримтлалгүй болсныг илтгэж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгийг цагаан сараас өмнө олгох хэрэгтэй, шаардаж байна гэсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг Төсвийн тогтвортой байдлын санг түүхий эдийн үнэ унасан үед хэрэглэдэг бол төсвийн цоорхойг нөхдөг хэрэгсэл болгосон. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар асуулга тавьсны хариуд ирүүлсэн мэдээлэл хангалттай бус, метиллинг түлшинд хэрэглэснээс хойш нөхцөл байдал хэр байгаа тухай мэдээллийг иргэдэд хүргэе. Олон нийтийг мэдээлэлжүүлэх нь чухал. Урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Улсын Их Хурлаар хэлж, ярьж байх ёстой гээд асуулгыг хэлэлцүүлж өгөхийг хүсэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, “Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх асуудлаас хасъя гэсэн саналаар санал хураалт явуулна гээд нүүрсний сонсгол зохион байгуулагдаж, нүүрсний хулгайг шалгах үүрэг бүхий Түр хороо үнэлэлт, дүгнэлт, тайлангаа гаргаж, тогтоолын төслөө боловсруулсан. Холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгсөн УИХ-ын тогтоолын төслийг ирүүлсэн. Ирэх 7 хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Түр хорооны санал, дүгнэлтийг сонсоно. Нүүрсний сонсголыг мартаж, хаясан зүйл байхгүй. Үнэн зөвийг тогтоохын төлөө, ард түмэнд мэдэх эрхийг хангаж, сонсогдсон, яригдсан зүйл үнэн, бодит эсэхийг шалгахын төлөө Улсын Их Хурал санаа тавьж ажиллах болно гэсэн юм. Түүнчлэн аливаа хууль тогтоомжийг Засгийн газраас өргөн барьж мэдүүлэхдээ иргэдийн саналыг сонсож, тухайн асуудлаар нэгдмэл байр суурьтай, нэгдсэн зарчимтайгаар хэлэлцүүлэхээр орж ирэх шаардлагатай байгааг онцлоод Улсын Их Хурал бол ард түмний төлөөллийн байгууллага учраас ард түмэн, иргэний нийгмийн саналд үндэслэн шийдвэр гаргана. Үнэн, худал нь нотлогдоогүй мэдээллээр иргэдийг төөрөгдүүлж, хагаралдуулдаг, зөрчил үүсгэдэг байдлыг таслан зогсоохыг сануулав.

Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Далай ашиглах тухай хуулийн төсөл, Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Жагсаал, цугаан хийх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Жижиг дунд үйлчилгээг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зохиогчийн эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэвлэл мэдээллийн тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг нийт 115 хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Үүний дараа Монгол Улсаас гадаадын зарим улсад суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгчдийг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд заасныг үндэслэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар С.Сүхболдыг; Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Доржийг эгүүлэн татаж, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Байгалмааг; Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Жанабазарыг эгүүлэн татаж, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Мөнх-Өлзийг; Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболдыг эгүүлэн татаж, Байнгын төлөөлөгчөөр Н.Анхбаярыг шинээр томилох саналыг зөвшилцөхөөр ирүүлснийг хэлэлцэв.

Уг томилгоотой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ш.Адьшаа, Ц.Мөнх-Оргил, Д.Өнөрболор, Б.Пүрэвдорж, Д.Ганбат нар нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлэв. Хуралдаанд үг хэлсэн гишүүдийн олонх нь дипломат албанд бэлтгэгдэж мэргэшсэн, туршлагатай хүмүүсийг нэр дэвшүүлжээ хэмээн үнэлж, нэр дэвшигчдийг дэмжихээ илэрхийлэхийн сацуу улс орныхоо гадаад харилцааг ахисан түвшинд хүргэхийн төлөө ажиллахыг захиж, сануулж байв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Элчин сайдын яам болон олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй уулзалт хийлээ DNN.mn

УОК-ын Шуурхай штабаас Монголд Улсад суугаа Элчин сайдууд болон олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад НҮБ-ын суурин төлөөлөгч Тапами Мишра, Хятад, Австрали, АНУ, Герман улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын газрын төлөөлөгч, АНУ-ын Энхийг сахиулах корпус, Хүүхдийг ивээх сан, Чех Улсын Каритас, НҮБ-ын Хүнс хөдөө, аж ахуйн байгууллага, ДЭМБ, Мерси Кор, МУЗН, “Дэлхийн Зөн Монгол”, АДРА Монгол зэрэг олон улсын байгууллагын 30 орчим төлөөлөл оролцсон юм.

Уулзалтын эхэнд ОБЕГ-ын дэд дарга, Шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл танилцууллаа.

Нийт нутгийн 90 хувьд их, 10 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй гэж гарч, их эрсдэлтэй нутаг 20 хувиар өссөн. Аймгаар авч үзвэл Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Дорноговийн ихэнх, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Төв, Дундговь, Дорнодын зарим нутгаар нэн их эрсдэлтэй байна.

Цаашид малчдын бэлтгэсэн өвс, тэжээл дууссан тохиолдолд сумын аюулгүйн нөөцөөс гаргах, цаашлаад аймаг, улсын нөөцөөс гаргах төлөвлөлтийг боловсруулан ажиллаж байна.

ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан зэрэг олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас эрүүл мэндийн яаралтай тусламжийн болон эрүүл ахуй, ариун цэврийн нийт 2162 багцыг бэлдсэн бөгөөд УОК-ийн Шуурхай штабаас зорилтот бүлгийн судалгаанд үндэслэн түгээхэд бэлэн болсон гэдгийг онцоллоо.

Уулзалтын үеэр өвөлжилт хүндэрч байгаа аймаг, сумдын иргэд, малчдад, шаардлагатай байгаа тусламж үйлчилгээг хүргэхэд дэмжлэг үзүүлэх, олон улсын тусламжийг зөв зохион байгуулалттайгаар хуваарилахад анхаарч, хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн онд 3054 гал түймрийн тохиолдол бүртгэгджээ DNN.mn

Өнгөрсөн онд аюулт үзэгдэл, ослын тохиолдол 4,484 бүртгэгдэж, өмнөх оноос 185 (4.3 хувь)-аар өссөн болохыг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Эдгээрээс 3,054 нь объектын түймэр юм. Ослын улмаас 320 хүн нас барж нийт 52.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан аж.

Гэнэтийн осол, аюулт үзэгдлийн гол шалтгаан нь хүний буруутай үйл ажиллагаанаас хамааралтай байна.

Энэ төрлийн ослын тоо 4,031, ус цаг уурын аюулт үзэгдэл 209 удаа тохиолдсон бол геологийн гаралтай аюулт үзэгдэл 94, биологийн гаралтай аюулт үзэгдэл 150 бүртгэгджээ.

Categories
мэдээ цаг-үе

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Өвөрхангайн нутаг, Дундговийн баруун хэсгээр, маргааш өдөр Өмнөговийн зүүн, Дорнод, Сүхбаатарын өмнөд хэсгээр цас орж цасан шуурга шуурна.

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө нутгийн төв хэсгээр, маргааш өдөр нутгийн зүүн хагаст салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

 

2024 оны 01-р сарын 12-ны 20 цагаас 01-р сарын 13-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар  цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Шөнөдөө нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, өдөртөө нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хүйтний эрч чангарч, шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 37-42 хэм, Увс нуурын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр голын хөндийгөөр 28-33 хэм, Их нууруудын хотгор, Орхон, Туул, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 15-20 хэм хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 22-24 хэм, бусад хэсгээр 16-18 хэм, өдөртөө хүйтний эрч чангарч 16-18 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж , өдөртөө баруун хойноос секундэд 7-12 метр . Шөнөдөө 20-22 хэм, өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж , өдөртөө баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 22-24 хэм, өдөртөө 19-21 хэм хүйтэн байна.

2024 оны 01 дүгээр сарын 14-нөөс 2024 оны 01 дүгээр сарын 18-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

14-нд Халх гол орчмоор, 15-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 15-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 21-26 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Найман аймгийн 18 суманд төмөр буюу шилэн зудын нөхцөл бүрдсэн байна DNN.mn

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд найман аймгийн 18 суманд төмөр буюу шилэн зудын, 16 аймгийн 85 суманд цагаан зудын, 16 аймгийн 75 сум цагаанаар зудархуу нөхцөл үүссэн байна.

Цасны зузаан, нягт харьцангуй бага боловч зундаа гантай байсан Говь-Алтай аймгийн Чандмань, Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён, Сэврэй зэрэг сумдын нутгаар харын зуд нүүрлэж, өвөлжилт хүндэрч байна.