Categories
мэдээ улс-төр

УИХ-ын намрын чуулганыг лхагва гаригт хаана DNN.mn

УИХ-ын ээлжит чуулган 75-аас доошгүй ажлын өдөр чуулах хуультай билээ. Тэгвэл хуулийн дагуу аравдугаар сарын 1-нд нээсэн намрын ээлжит чуулганыг ирэх долоо хоногийн лхагва гараг буюу энэ сарын 17-нд хаах гэж байна. Ээлжит чуулганыг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлнэ.

Намрын чуулганаар 2024 оны төсөв, Түгжрэл бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах анхдагч хууль, Хүүхэд хамгааллын хуулийн шинэчлэл зэрэг онцлох хуулиудыг баталжээ.

Түүнчлэн УИХ-ын хаврын чуулганыг гуравдугаар сарын 15-нд нээх юм.

Categories
мэдээ цаг-үе

НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 20-ноос хойш олгоно DNN.mn

Нэмэгдсэн өртгийн албан татвар / НӨАТ/-ын 2023 оны дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтын бүртгэлийн хугацаа энэ сарын 8-нд хаагдсан. Тус өдөрт багтаж системд бүртгүүлсэн баримтуудын буцаан олголтын урамшууллыг энэ сард багтаан олгох билээ.

Хуулийн дагуу тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын хоёр хувийг буцаан олгодог. Буцаан олголтыг энэ сарын 20-ноос хойш олгох юм.

Categories
гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

NASA дуунаас хурдан X-59 нисэх онгоцоо нийтэд үзүүллээ DNN.mn

Баасан гаригт АНУ-ын сансар судлалын төв байгууллага NASA дууны хурднаас хурдан нисдэг X-59 шинэ онгоцоо анх удаа олон нийтэд үзүүлжээ.

30 метр урт эх бие, 10 метр урт далавчтай энэ онгоцыг АНУ-ын батлан хамгаалах салбарын гэрээт үйлдвэрлэгч Lockheed Martin компанийн Калифорни дахь эзэмшлээс үзүүлж, NASA өөрийн сувгаар шууд дамжуулсан байна.

Онгоцны анхны нислэгийг энэ оны сүүлээр АНУ-ын дотоодын аль нэг чиглэлд турших гэнэ.

X-59 онгоцны гол онцлог нь нисэхдээ ямар нэг чанга дуу чимээ гаргахгүй юм. Аливаа биет дууны хурднаас хурдан нисэх үед “sonic boom” гэгддэг асар чанга чимээ гардаг.

Ийм шалтгаанаар АНУ-ын Холбооны Агаарын Тээврийн Захиргаа (FAA) одоогоор тус улсын нутаг дэвсгэр дээгүүр дууны хурднаас хурдан онгоцоор зорчигч тээвэрлэхийг хориглоод байгаа.

X-59 онгоцны хувьд 16,000 метрийн өндөрт цагт 1,500 км хурдтай нисэх юм байна.

Энэ үедээ зөвхөн автомашины хаалгыг хаахад гардаг шиг чимээ гаргах гэнэ.

Уг онгоцыг зохион бүтээхэд зориулан Lockheed Martin компани NASA-гаас $250 саяын санхүүжилт авсан байна.

Хамгийн сүүлд 20 орчим жилийн өмнө домогт Concorde агаарын хөлөг Парис, Лондон, Нью-Йоркийн хооронд зорчигчдыг дууны хурднаас өндөр хурдаар тээвэрлэж байв.

Гэвч 2000 онд Парист гарсан 100 гаруй хохирогчтой ослын дараа нислэгийг нь 2003 оноос эхлэн зогсоосон юм. NASA-гаас гадна өөр компаниуд ч бас дуунаас хурдан зорчигч тээврийн нислэгийг дахин сэргээхээр ажиллаж байна.

 

Эх сурвалж: DPA

Categories
мэдээ цаг-үе

“Амар байна уу 2024” үзэсгэлэн худалдаа маргааш эхэлнэ DNN.mn

Сар шинийн баярыг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу 2024” жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа энэ сарын 15-наас эхэлнэ.

Үндэсний уламжлалт сар шинийн баярыг угтаж, дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээг орон даяар сурталчлан таниулах, орон нутаг болон нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эдийн засгийн эргэлтийг өсгөх зорилготой тус арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж буй. “Амар байна уу-2024” жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 1000 гаруй дотоодын үйлдвэрлэгчид нэг сарын хугацаанд түрээсийн төлбөргүйгээр оролцон, бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулах юм.

Үзэсгэлэн худалдаа нэгдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын 9 хүртэл өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд “Шинэ зуун айл” худалдааны төвд болно.

Categories
мэдээ соёл-урлаг цаг-үе

Лондон Колизум дахь “Монгол хаан” -Өө нь анзаарагдамгүй өвөрмөц дуурьлиг жүжиг DNN.mn

“Art Desk”бол Британийн урлагийн сэтгүүлзүйн гол сайтуудын нэг юм. 2009 онд байгуулагдсан энэхүү сайт нь хөгжим, театр, кино зэрэг урлагийн шүүмж, нийтлэл, ярилцлагуудыг гаргадаг бөгөөд Гэри Нэйлор “Монгол Хаан” жүжгийн талаар шүүмж бичсэнийг хүргэж байна.

Итгээд үз, энэ Mонгол тууль болманай хот дахь хамгийн гоё үнэлэмж

Эрдэнэбилэгийн Ганболд болон “Монгол Хаан” киноны жүжигчид.“Тийм ээ, тэд чадаж байна!”


Гурван цагийн турш үзсэн жүжигтээ багахан балмагдсан хүү бидэн хоёр Трафальгарын талбайг хөвөөлөн гэртээ харихаар алхах зуур хүү маань “Үүний төлөө л мөнгө төлдөг биш үү?!” хэмээн хэллээ. Хэдий би тайзнаа агуу жүжиг бүтээх гайхамшигт жор найрлагын тухайд л тээнэгэлзэж байсан ч, Вегаст ганц суудал нь “галзуурсан” үнэ хүрдэг алдарт “Нарны цирк”-ийн гайхамшигт тоглолтоос ч хавь илүү хэмээн дараа нь санаа нийлсэн эл жүжгийн тухайд ийн бодсонгүй явав.

“Монгол Хаан” жүжиг бол таван одтой үзвэр мөнөөс мөн. Миний бие өөрийн найз нөхдөд энэ жүжгийг үзээч хэмээн хэдийнээ уриалсан. Гэхдээ мэдээж ганц нэг сануулга бий. Их театрын тайзнаа гарч буй шинэ тулгар тоглолт учир үйл явдлын хурдац, давтагдалт, хоёрдугаар үзэгдлийн сунжирсан өрнөл болон өчүүхэн зуур амсхийхгүй бол үзэгчдийн нүд, чихийг цуцааж мэдэхээрүзэхүй, сонсохуйн хэт ачаалал зэргийг урьдчилан хэлэх нь зүй. Тэгсэн хэдий ч, юутай адал явдал гээч нь энэ билээ!

Бавуугийн Лхагвасүрэнгийн 1998 онд туурвисан жүжгээс сэдэвлэн, Оливьерын шагналт Тимберлейк Уэртенбэйкерийн англи хэлнээ буулгасан “Монгол Хаан” жүжиг Монголын баялаг түүх, бардам соёл, өвөрмөц төрт ёсоо ахиулан таниулахыг зорино. Жүжгийн танилцуулга дээрх морь унасан эрхмийн сүрлэг зураг бол найруулагч Херо Баатар.Тэрбээр өөрийн үгэнд Чингис хааныг дурдсан нь дэлхийн түүхэнд хамгийн том эх газрын эзэнт гүрнийг байгуулж, даяарт суу нь тодорсон, хамгийн алдартай Монгол хүмүүн, мөн орчин цагийн сая сая хүний өвөг эцэг хэмээгддэг болой.

No description available.

Манай үзэгчдэд дөхүүгээр жишвээс энэ жүжгээс нэлээд их Шекспир, багаахан Авраам, Исаак хоёрын домог, мөн үлэмж “Хаадын тоглоом”-ын үзэгдлүүдийг хүртэнэ гэсэн үг!Аливаа дуурьт цомнолыг чухалчилдаггүйн адил, зохиол энэ жүжигт хэвшмэл жүжгийнх лугаа адил тийм голлохүүрэгтэй бус. Жүжгийн зохиол Арчуг хэмээх хааныг тойрон өрнөх ба хаантны сэтгэл хөрсөн их хатан, халуун хайрт бага хатан хоёр нь хэдхэн хоногийн зайтай нуган үрс төрүүлснээр жүжиг эхэлнэ. Их хатны нууц амраг мөн Арчуг хааны шадар ЭгэрэгтЯгогийн атаа жөтөө, Макиавеллийн ов заль бугшсан гэлтэй.Чухам тэрбээр өөрийн удмыг хаан ор суулгахын тулд нялх үрсийг өлгийнд нь сольж, харин мэхлэгдсэн хаантан өөрийн яс махны тасархайгшадар зөвлөх төдий болгоно.

 

Хуурамч хунтайж өсөх тусмаа сэтгэц эмгэгтэй хийрхэгч болохыгАрчуг хаан ухаж, улмаар төр улсынхаа төлөө Хамлет хүртэл харуусал дэндэж, харгис нь хэтэрлээ гэмээр хэд хэдэн амийг золионд гаргаснаар хорон шадрын санаа үл бүтнэ.

 

Жүжиглэлт нь ёсорхуу гэмээр ч үйл явдалдаанийцэн зохицож, бүрнээ илтгэх тул жүжигчдийн хүүрнэлийг орчуулгаар үзүүлэх нь хэрэггүй шахуу. Ганболдын Эрдэнэбилэг өөрийн уран сайхны дүрийг үнэнхүү сүр хүч, ид хав дүүрэн Хаан болгон бүтээхийн сацуу дотор хүн нь ч сэрдэж, сэтгэл хоёрдохын шалтагт гүнээ шаналан энэлж буйг харуулна. Хааны өстөн шадрын дүрд Сугарын Болд-Эрдэнэхувирсан нь хааны өлмийд билбүүрдэн шарвалзах өлөн нүдтэй, өчүүхэн бодолтой, агууд санаархавч атгагтаа бүдэрсэн нэгэн аж.

 

Одхүүгийн Дөлгөөний бүтээсэн энхрий ялдам, ариун явдалт бага хатан жүжиглэлтийн хувьд ажиллагаа багатай дүр мэт боловч, өөрийн хувь тавилангаа хүлцэн буйг нь харахуйяа гайхан бишрэм, мөн элэг эмтрэм ажээ. Харин Уртнасангийн Уранчимэг их хатны дүрийг бүтээхдээ өөрийн үр биш хэмээн мэдсээр атлаа эхийн сэтгэлээр хайрлах дэндүү уяхан сэтгэлийг өр зүрхэндээ мэдэрч, танин барьжээ.

 

Шадавын Доржсүрэн ч өөрийн туслах дүр, хуурамч залгамжлагч Ачирыг онц бүтээснээр, “тавилан төөргөө хүн өөрөө зурах биш дээ, төрт улсаа элгэн бүлээсээ илүүд үзэх энэ эцэг-биш-эцэг нь хөнөөхийн оронд хайрлаж болсонгүй юу” хэмээн ад мөрийн тэр атигар амьтныг өчүүхэн төдий өмгөөлөх бодлыг төрүүлж, сэтгэл сэмэлж байв. Ерөнхийд нь дүгнэвэлтун аятайхан. Энэ тоглолтын өвөрмөц, ухаан балартуулам увидас нь жүжгийн туйлын омог бардам тавилт найруулгад орших бөгөөд энэхүү түүхт хоёр давхар ордон ч ийм жүжгийг маш ховорхон үзсэн буй заа.

 

Очиржанцангийн Болдын урласан ер бусын өмсгөлийг өвч асаасан тавь гаруй бүжигчдийн найрал өнгө солонгорон, утга нэмж, үелзэн хөдлөх нь үзсэн хүний сэтгэлд тал нутгийг ургуулан үзүүлж, уудам орон зайгаар тэлэн дүүргэх шиг болно. Олноор нийлэн хүмүүний дотоод сэтгэлийг бодитоор дүрслэн илэрхийлэх нь Филип Пульманы “Харуй бодос”(His Dark Materials) зохиолын сүг сүнснүүдийг санагдуулах авч, энэлэн нумралдах, эрслэн үймрэлдэх ялгалгүй эрхэмсэг намбаа хэзээд үл алдах нь эх нутгийнхаа энгүй уудам сэрүүн тал нутгийн салхинд хөөрөн хөвөлзөх мэт.Бүжиг дэглээч Даваасүрэнгийн Баярбаатар бүжигчдээ гойд цэгцтэй залж дэглэсний сацуу зохиолын өгүүлэмжээс өчүүхэн хазайлгүй захирагдаж, түүнчлэн өрнөл дэх өнгө аяс бүрийг улам тэтгэн баяжуулсан нь бүр ч чухаг.

 

Нэг ёсондоо Та тасалбарт төлсөн мөнгөнийхөө үнэ цэнийг зоос ширхэг бүрчлэн энэ тоглолтын эгшин тутамд тайзнаа олж харж чадна – Харин ийм чанар чансаа одоо үед ихээхэн ховордсон шүү дээ.

Хөөрөгдөн дэрвэх ноос, хилэн, үен эмжээрт хувцас өмсгөлийг улам тодосгох Эндрю Эллис, Майк Робертсон нарын гэрэлтүүлгийн найруулга театрыг бүхэлд нь хааны ордон, харгис гяндан, тэр ч байтугай тарчилсан сэтгэлийн далд үймрэл болгон хувиргаж байв. Тайзны арын дэвсгэрлэлийг арай хэтрүүлсэн мэт санагдаж болох ч, харах төдийд”Цаг хугацаагаар аялагчийн эхнэр”(The Time Traveller’s Wife), тэр ч байтугай “Ирээдүй рүү буцсан нь” (Back to the Future) кино ч үүний дэргэд арга туршицаар ядмаг гэж бодогдоно.

 

Энэ жүжгийн хамгийн гайхширмаар бүрдвэр нь хөгжим. Мягмарын Бирваа, Баттогтохын Одбаяр нарын зохиосон уг жүжгийн хөгжим эхэндээ хэлбэржээгүй, хөг наалдацгүй мэт санагдах боловч цохивор болон чавхдаст хөгжим сонорт дасмагц, өөрийн эрхгүй морьд давхилдах, дайтан тулаан эхлэх, хүйтэн агаарт тоос босох сэлт элдэв өрнөлийг чихээрээ мэдэрнэ.

 

Тэр байтугай эл жүжигт галаар тургигч, домгийн барс гарах нь ахин дахин нүдээ баясгамаар гойд уран хийц дүрслэлтэй боловчтайзнаа хоёрхон эгшний төдий л гарахсэтгэлд хоногшим хүүхэлдэйн урлал – домгийн араатан ажээ.

Угаас энэ жүжгийг тайзнаа тавих нөөц бололцоотой театр Колизейгээс өөрийг олоход бэрх. Магадгүй Хатан хааны дуурийн театр эсвэл энэ намар дахин “Миний хөрш Тоторо” хэмээх гайхалтай бүтээлийг дахин толилуулж буй Барбикан театр л магад юм. Тиймээс л энэ жүжиг ийм цөөн, 15 удаа тоглогдох болжээ. Мэдээж “Дундад эртний маягийн дуугүй Монгол дуурь” гэдэг ч амаргүй даваа. Хэдийвээр жүжгийн тоймд борлуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэлоруулах нь ховор ч, 30 фунт стерлинг хүрэхгүйхямд тасалбар гэдэг боляг одоо Лондонд буй хамгийн төгс хонжоо мөн.Ялангуяа Лондонгийн “Палладиум” театр дахь хүүхдүүдэд зориулсан зул сарын баярын тоглолтын хамгийн хямд суудал 75 фунт стерлинг хүрч,“гороймоор” үнэтэй байгаа нь одоогийн амьжиргааны өртгийн хямралтай огт авцалдахгүй байгаа энэ үед.

 

Эх сурвалж: “Art Desk”

Categories
мэдээ цаг-үе

Хан-Уул дүүрэгт бүх нийтийн их цэвэрлэгээ хийв DNN.mn

“Хоггүй Хан-Уул аян”-ы хүрээнд “Халтиргаа гулгаанаас хамтдаа сэргийлье” бүх нийтийн их цэвэрлэгээг өнөөдөр буюу 2024 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 10:00-12:00 цагийн хооронд зохион байгуулж байна.

 

Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд, сууц өмчлөгчдийн холбоодыг их цэвэрлэгээнд идэвхтэй оролцож эзэмшил болон нийтийн эдэлбэр газрын 50 метр хүртэлх талбайн цас, мөс, хог хаягдлыг цэвэрлэх орчны аюулгүй байдлыг ханган ажиллахыг уриалж байна.

Categories
мэдээ цаг-үе

Цахилгаан машин зогсоол үнэ төлбөргүй ашиглана DNN.mn

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанд цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэхтэй холбоотой төлөвлөгөөг танилцуулсан. Жишээлбэл, иргэдийн нийтлэг хэрэглээний “Pruis” маркийн автомашин 100 километр замд 17 мянган төгрөг зарцуулж байгаа бол цахилгаан машин 100 километрт 2600 төгрөг зарцуулдаг. Ингэхээр эдийн засгийн хувьд 2.6-3.9 дахин хямд байна гэдгийг албаныхан мэдээлж буй.

Монгол Улсад 2023 оны эхэнд 700 орчим цахилгаан тээврийн хэрэгсэл байсан бол 2023 оны арванхоёрдугаар сарын байдлаар 1000 орчим цахилгаан тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. 2030 он гэхэд цахилгаан авто машины хэрэглээг 30 мянгад хүргэх зорилт тавьжээ.

Улсын хэмжээнд 100 орчим цахилгаан цэнэглэгч төхөөрөмжийг бий болгоно. Томоохон хотхон, хороолол, худалдааны төвүүд, төлбөртэй зогсоолуудад цахилгаан цэнэглэгчтэй болгох үйл ажиллагааг төлөвлөсөн. Одоогоор манай улсад 70 орчим цахилгаан цэнэглэх төв байгаа. Үүний 15 нь орон нутагт байна. Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Үүний хүрээнд баруун, зүүн, төвийн бүсдээ цахилгаан машин цэнэглэх цэг байгуулахаар ажиллаж байгаа талаар салбар яамнаас мэдээлэв.

Мөн авто зам дагуух үйлчилгээний цогцолборуудтай хамтран 150-200 километр тутамд байгуулна. Аймаг бүрт жил бүр 2-3 цахилгаан авто машин цэнэглэх цэг байгуулахаар орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллаж байна.

Сангийн яамтай хамтран Гаалийн албан татвараас чөлөөлөх ажлыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалтад оруулахгүй, татвараас чөлөөлөх, төлбөртэй авто зогсоолоор төлбөргүй үйлчлүүлэх зэрэг төр засгийн байгууллагуудаас дэмжлэг үзүүлэх хөнгөлөлтийн хэлбэрүүдийг үе шаттайгаар бий болгох аж.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Золжаргал: Нүүрснээс түлш, шатахуун, нийлэг материал, бүх төрлийн хуванцар материалууд гарган авч үйлдвэрлэж болно DNN.mn

Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай ярилцлаа.

-НҮБ дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг бүрэн зогсоох амлалтыг улс орнуудаас авсан. Хэрэв урд хөрш цаашлаад дэлхий нийтээрээ нүүрс ашиглахаа больчихвол Монгол Улсын эдийн засаг яах вэ. Бид өнөөдөр Хятад руу нүүрсээ экспортолж амьдарч байна шүү дээ. Тэгэхээр нүүрсээ яаж ашиглавал бид эдийн засгийн хувьд айх аюулгүй болох вэ?

-Одоогоор манай улс үндсэндээ коксжих нүүрс экспортолж байгаа. Нэмээд эрчим хүчний нүүрс бага хэмжээгээр гаргаж байна. Коксжих нүүрс бол ган хайлуулахад ашигладаг, байгаль дээр харьцангуй ховор байдаг л даа. Тийм болохоор илүү үнэтэй, эрэлт ихтэй. Эрчим хүчний нүүрс харьцангуй тархалт ихтэй гэсэн үг. Тэгэхээр бид яагаад эрчим хүчний нүүрсээ олигтой гаргаж чадахгүй байна вэ гэвэл дэд бүтцийн хувьд асуудалтай. Хэдийгээр зах зээл дээр эрэлт байвч манай авто зам, төмөр зам, хил гаалийн нэвтрүүлэх дэд бүтэц нь хязгаарлагдмал. Ер нь нүүрсний хэрэглээний хувьд дэлхий нийт хэзээ ч татгалзахгүй. Нүүрсний хэрэглээний өсөлт л багасна. АНУ, Хятад болон олон улсын эрчим хүчний агентлаг ч байгууллагуудын прогнозыг харахад урт хугацаандаа эрчим хүчний анхдагч эх үүсвэрийн холимогт эзлэх эх үүсвэрийн хувь хэмжээ нь багасаад сэргээгдэх эрчим хүч нэмэгдэнэ. Гэхдээ дэлхийн нийт эрчим хүчний хэрэглээ өснө.

Ингээд эцсийн дүндээ нүүрсний хэрэглээ нь өнөөдрийн түвшнээс өсөхөөргүй байх зорилтыг тавьж байгаа болохоор нүүрснээс татгалзахгүй. Ирээдүйд бусад хэрэглээ өсөөд нүүрсний эзлэх хувь хэмжээ нь багасч байгаа гэсэн үг. Тэгэхээр Хятад улс одоо дэлхийн нүүрсний тал хувийг хэрэглэдэг. Цаашдаа ч хэрэглэсээр байна. Тус улс жилд 4.3 тэрбум тонн нүүрс хэрэглэж байгаагийн ганцхан хувийн хэлбэлзэл нь 45 сая тонн буюу манай улсын бараг нэг жилийн үйлдвэрлэлтэй тэнцэнэ. Тэгэхээр энэ зэргийн хэлбэлзэл бол зах зээл дээр цаашдаа ч байна. Өөрөөр хэлбэл, Монголын нүүрсний зах зээл тэнд байна. Иймд нүүрсний зах зээл байхгүй болчихгүй. Үүнийг ашиглаад дотоодынхоо дэд бүтцийг сайжруулах хэрэгтэй. Бид экспортын орлогоо нэмэгдүүлэх үүднээс эхлүүлсэн төмөр замын ажлуудаа яаравчлах нь зөв. Шинээр Шивээхүрэн дээр зүүн талын Бичигт, баруун талын төмөр замын сувгуудаа барьж байгуулж авах хэрэгтэй. Холбосон хөндлөн төмөр замуудаа бас барих ёстой. Нүүрс хамгийн их овор хэмжээтэй бараа учраас үүнийг далимдуулж дэд бүтцээ хөгжүүлэх боломжтой. Ингэснээр урт хугацааны турш орлогын эх үүсвэрээ тогтворжуулж тэр өрсөлдөөн дээр өөрийнхөө бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжтой болно. Дээр хэлсэнчлэн эрчим хүчний нүүрс бол экспортлоход хэцүү. Дэд бүтэц хязгаарлагдмал. Асар их овор хэмжээтэй, үнэ нь коксжих нүүрснээс бага. Тийм болохоор эрчим хүчний нүүрсээ бид эдийн засгийн эргэлтэд оруулан ашиглаж үр шимийг нь хүртэж чадахгүй байна. Газрын хэвлийд далай мэт хүрэн нүүрс байгаа. Дээрээс нь коксжих чулуун нүүрс байна. Одоо Таван толгойн коксжих нүүрснийхээ хамгийн сайныг нь шилж зараад тааруухныг нь овоолоод хаяхаас өөр аргагүй байдалд орсон. Үнс ихтэй, чулуутай холилдсон хэсэг болон исэлдсэн газрын гадаргад ойрхон байдаг нүүрсээ тэр чигт нь хаяж байна. Өнөөдрийн нөхцөлд эдгээрийг мөлжөөд явах боломж байхгүй. Удахгүй эрчим хүчний нүүрсний том давхаргууд руу орно. Дэд бүтэц нь шийдэгдээгүй, борлуулж чадахгүй юм бол боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн гаргах ёстой. Өөрт байгаа өгөгдлөө ашиглаж, аж үйлдвэрлэлээ хөгжүүлж, эдийн засгаа тэлэхэд эрчим хүчний нүүрсийг хэрэглэж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгцээ шаардлага нь бий болж байна.

-Хүрэн нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэлээ. Тэгэхээр нүүрснээс хэчнээн төрлийн ямар, ямар бүтээгдэхүүн гаргах боломжтой вэ?

-Ер нь аливаа улсын эдийн засгийн аюулгүй байдлын тулгуур салбарууд гэж бий. Эрчим хүч, нийлэг материалууд, түлш шатахуун, ган гээд. Эдгээрийг бүгдийг нь нүүрснээс гаргаж авч болно. Нүүрснээс нэн түрүүнд кокс гаргаж авдаг. Коксыг төмрийн хүдэртэй холиод ган үйлдвэрлэдэг. Монгол Улс өнөөдөр ган үйлдвэрлэх хэрэгтэй. Дотоодод 500 мянгаас нэг сая тоннын хэрэглээ байгаа. Цаашдаа энэ том уудам нутагтай, байгалиасаа өгөгдөлтэй улсаа хөгжүүлэхийн тулд зайлшгүй төмөр зам, авто замын зуун жилийн бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ. Зайлшгүй арматур, метал, ган хийц хэрэгтэй. Тиймээс гангийн үйлдвэр, коксын үйлдвэр, арматурын үйлдвэр Монголд байх ёстой. Энэ бол коксожсон нүүрсэн дээр тулгуурлаж бий болох үйлдвэрлэл. Хоёрдугаарт, нүүрснээс бензин, дизелийн түлш, шатахуун гаргаж авч болно. Нүүрснээс савлагаатай хийн түлш эсвэл турбагаар түгээдэг нийлэг байгалийн хийн түлш гаргаж болно. Нүүрснээс нийлэг материал, бат бөх чанартай олс, мяндас, бүх төрлийн хуванцар материалууд үйлдвэрлэж болно. Бид хуванцрыг сав суулгаар төсөөлөөд байдаг. Тэгвэл нэг тонн хуванцар зах зээлд 1000 гаруй ам.долларын үнэтэй байна. Өнөөдөр Япон, Герман, Хятадад том, том оёдлын болон автомашины үйлдвэрүүд хуванцрыг асар их хэрэглэдэг. Одоо Монголд явж байгаа япон автомашинуудын хувьд мэдээж үндсэн араам нь өндөр чанартай ган, метал хийц. Бусад доторлогооны жижиг, сажиг эд ангиуд бүгд олон төрлийн хуванцар материалууд байдаг. Тиймээс олон төрлийн хуванцар материалууд маш их эрэлттэй байна. Үүнийг бас нүүрснээс гаргаж авч болно. Мэдээж эрчим хүч, цахилгаан станц гэдэг бол энэ бүхнээс өөр. Тиймээс эрчим хүчний нүүрсийг ашиглах тал дээр манай улсын хувьд хүйтэн, сэрүүн цаг агаартай. Өвөлдөө дулаан их хэрэгтэй. Дулаан, цахилгаан хосолмол дунд хэмжээний нүүрсний эх үүсвэрүүдийг улсын хэмжээнд бүсчилсэн хэлбэрээр тархсан байдлаар хөгжүүлэх шаардлагатай. Одоо үндсэндээ төвийн бүс дээрээ л төвлөрчихсөн байгаа шүү дээ.

-Нүүрсний гүн боловсруулах үйлдвэр барих юм бол дайвар бүтээгдэхүүн гэж гардаг. Тэр нь хэчнээн төрөл байдаг юм бэ?

-Хамгийн эхэнд барих үйлдвэр бол коксын үйлдвэр. Энэ үйлдвэрийг барьснаар дайвар бүтээгдэхүүн эсвэл цахилгаан эрчим хүч гарна. Коксжуулах явцад ялгарч байгаа дулаанаар цахилгаан үйлдвэрлэнэ. Эсвэл коксжуулах явцаж ялгарч байгаа шатдаг хийг нь ялгаж аваад нүүрсний давирхай гээд нефтьтэй төстэй өтгөн бүтээгдэхүүнийг тусад нь салгаж авдаг. Тэр давирхайгаа нэрж боловсруулаад нийлэг дизелийн түлш гаргаж авч болно. Хятадад ийм үйлдвэр нэлээд олон бий. Түлш үйллвэрлээд үлдсэн хүнд үлдэгдлээр нь замын битум хийдэг. Шатдаг хийг химийн нийлэгжүүлэлтэд ашиглаад бензин гаргаж авч байна. Коксождоггүй нүүрс буюу хүрэн нүүрс, эрчим хүчний нүүрсийг гүн боловсруулдаг. Үүнийг хийжүүлээд хийн төлөвт оруулсны дараа гаргаж авсан хийгээ химийн урвалд оруулаад түлш шатахуун эсвэл материалын чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг. Шатахуунаас гадна замын хар битум тос, савлагаатай хүнд хийнүүд байна. Цаашлаад химийн боловсруулалт үргэлжлүүлэх юм бол будаг, цавуу, лак гэх мэтчилэн бүх төрлийн бүтээгдэхүүнүүд гарч ирнэ. Оны өмнөхөн арванхоёрдугаар сард Хятадад жилд 600 мянган тонн этонолийг нүүрснээс гаргаж авах үйлдвэр байгуулагдаад ашиглалтад орлоо. Энэ бол этилийн спиртийн үйлдвэр. Этилийн спиртийг устай холиод цагаан архи болгодог. Хятадад 600 мянган тонн цэвэр этонолыг нүүрснээс гаргаж авчихаад юунд хэрэглэх гэж байна вэ гэхээр химийн үйлдвэрлэлд ашиглана гэж байгаа. Ер нь бол этонол спирт гэдэг бол хүнсний ундаа биш химийн бодис л доо. Бүх төрлийн амьд организмыг устгадаг цэвэрлэгээний бодис гэсэн үг. Хятадад нүүрс химийн үйлдвэрлэлүүд маш өндөр түвшинд хөгжсөн. Жилдээ бараг 900 сая тонн нүүрсийг химийн гүн боловсруулалтад оруулж байгаа. Энэ бол асар том тоо. Дээрээс нь Өмнөд Африк 1960-аад онд нүүрснээс шатахуун гаргаж авдаг үйлдвэрээ барьсан. Тэр нь одоо хүртэл ажилладаг. Тухайн үед улс төрийн гадаад худалдааны хориг арга хэмжээнд гаднаас нефть импортолж чадахаа больсон. Тиймээс өөрсдөө нефть үйлдвэрлэж эхэлсэн түүхтэй. Одоо Өмнөд Африкийн хөрш Ботсван, Мозамбик улсууд нүүрснээс шингэн түлш гаргаж авахаар төслөө хэрэгжүүлээд явж байгаа. АНУ-д нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэдэг төсөл 1986 оноос хойш ажиллаж байгаа. Технологийг нь анх II дайны үеэс германчууд хүчтэй хөгжүүлж байсан. Дараа нь Япон, Герман гээд химийн хүнд технологи өндөр хөгжсөн орнууд боловсруулж гаргасан байдаг л даа. Нүүрс боловсруулна гэдэг бол буцаад хүлэмжийн хийн ялгарлыг нэмэгдүүлнэ. Тэр утгаараа эдгээр улсууд нүүрс химийн үйлдвэрлэлээс гарчихсан. Хамгийн сүүлийн үеийн хөгжил бол Хятадад байна. Яг ажиллаж байгаа нь АНУ, Африк, Хятад улс байна.

-Манайд нүүрсийг гүн боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг хэчнээн компани ямар ямар төсөл хэрэгжүүлж байгаад гарсан байдаг юм бэ?

-Арав орчим жилийн өмнө МАК, “Бодь” групп, “Эм-Си-Эс” зэрэг компаниуд томоохон төслүүд хэрэгжүүлж байсан. МАК-ийнх Адуун чулууны хүрэн нүүрснээс бензин гаргах, “Эм-Си-Эс” Багануурын хүрэн нүүрснээс дизелийн түлш гаргах, “Бодь” групп Бөөрөлжүүтийн хүрэн нүүрснээс шатахуун үйлдвэрлэх төслүүд хийж байсан. Тус бүрдээ нэлээд том төслийн баг үүсгэчихсэн, барууны инженерийн компаниудтай хамтарч хөрөнгө гаргаад явж байсан. Гэвч эдгээр төсөл үргэлжилж чадалгүй зогссон л доо. Олон шалтгаантай. Хамгийн гол нь хөрөнгө оруулалтын хувьд асар том. Ижил төрлийн бүтээгдэхүүн болон нефть, байгалийн хий боловсруулах үйлдвэртэй харьцуулах юм бол ойролцоогоор дөрөв дахин өндөр өртөгтэй. Гэтэл бүтээгдэхүүний өөрийн өртгийн түүхий эд нь хямдхан учраас нефть боловсруулах үйлдвэрээс хоёр дахин хямд. Тийм болохоор нэгэнт зориод барьчихсаны дараа хямд үнэтэй бүтээгдэхүүн гарч ирнэ гэсэн үг. Даанч олон дахин хөрөнгө оруулалттай учраас санхүүгийн зардал, зээлийн хүү гэх мэтчилэн нөхөн төлөхөд хэцүү. Яагаад гэвэл нефтьтэй харьцуулахад өрсөлдөх чадвар сул. Тэгэхээр мэдээж хөрөнгө оруулалт өрсөлдөх чадвар сайтай руу нь явах хандлагатай байдаг. Монголын хувьд тэр их хэрэглэхгүй байгаа эрчим хүчний нүүрсээ эцсийн бүтээгдэхүүн болгох ёстой. Энэ бол манай улсын эрчим хүч, эдийн засгийн аюулгүй байдлын суурь түүхий эд юм. Тийм болохоор бид ашиглах нь зөв гэж үзэх юм бол бодлогын шийдвэр гаргах шаардлагатай юм байна лээ.

-Төрийн зүгээс бодлогоор яаж дэмжих ёстой гэж?

-Татварын хөнгөлөлт үзүүлээд газрын тос, байгалийн хий боловсруулж байгаа үйлдвэртэй өрсөлдөх чадвартай болгох хэрэгтэй. Тухайлбал, тоног төхөөрөмж, барилгын материалыг гааль, НӨАТ-аас чөлөөлдөг. Энэ нэг хэрэг. Дээрээс нь орлогын албан татвараас 50-100 хувийн хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай. Энэ тохиолдолд нүүрс химийн үйлдвэрлэл нефть байгалийн хийтэй өрсөлдөхөд ямар ч асуудалгүй. Хөрөнгө оруулалт татаж чадна. Дээрээс нь баригдсаныхаа дараа хамаагүй бага өртгөөр дээд түвшний түлш шатахуун, нийлэг материал, хуванцар зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой.

-Та өмнө энэ чиглэлд ямар төслүүд дээр ажиллаж байв?

-Хувийн компаниудаас гадна төрийн өмчийн компаниудад хэд хэдэн чухал төслүүд дээр ажиллаж байсан л даа. Багануурын нүүрснээс нийлэг байгалийн хий, зундаа шатахуун үйлдвэрлэх үйлдвэрлэлийн зураг төсөл батлагдаж байсан. Уул уурхайн яаман дээр төслийн нэгж байгуулагдаад ажиллаж байгаад бас л хөрөнгө оруулалтгүй болоод зогссон. МАК-ийн Адуун чулууны хүрэн нүүрснээс 400 мянган тонн бензин үйлдвэрлээд дэргэдээ 300 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцтай байх төсөл дээр ажиллаж байлаа. Энэ эрчим хүчнийхээ талыг нь үйлдвэртээ, талыг нь сүлжээнд хэрэглэнэ гэсэн мега төсөл байсан юм. Зураг төслийг нь АНУ-ын инженерингийн “FLOUR” гээд алдартай компани хийж байсан. Герман, Японы хийжүүлэх технологитой, АНУ-ын бензин гаргах “EXXON MOBIL” компанийн лицензийн гэрээ тохироотой төсөл хийж байсан. Харамсалтай нь хэрэгжсэнгүй. Тэр төслийн хүрээнд талбайгаа аваад, салаа төмөр замын зураг төсөл хийлгэж байсан. Талбайн хөрсний геотехникийн судалгаа, үндсэн зураг төсөл ТЭЗҮ бүгдийг нь хийсэн. Одоо энэ компани нүүрсийг хийжүүлээд устөрөгч гаргах чиглэлээр судалгаа явуулж байгаа гэж сонссон. Энэ бол бас их ирээдүйтэй ажил. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд коксжих нүүрсээ олборлож зарахаас гадна хажуугаар нь эрчим хүчний нүүрс зайлшгүй олборлоно. Цаашдаа хэмжээ нь улам нэмэгдэнэ. Тэрийг ялгаад хаяад байх боломж байхгүй. Заръя гэхээр дэд бүтэц нь дийлэхгүй. Тийм болохоор зайлшгүй нэг юм хийх хэрэгтэй. Юу хийх вэ гэдэг чиглэлээр тус компани дээр нэлээд хэдэн жил зөвлөхөөр нь ажиллалаа. Үндсэн чиглэл нь бол хийжүүлэх тохиолдолд хуванцар гаргах, эсвэл хуванцар гаргах шатанд дундаас нь гаргадаг савлагаатай хий бий. Тэр савлагаатай хий бол Оросоор орж ирдэг пропантай төстэй шинж чанартай, цэвэрхэн шаталттай, бага даралтад шингэрдэг. Тэр хийг үйлдвэрлэх юм бол түлшний утааны асуудал бүрэн шийдэгдэх боломжтой. Бас нэг ажилласан сонирхолтой төсөл бол Дундговь аймгийн Хөөтийн шатдаг занар. Маш их судалгаа, геологийн хайгуул хийгдээд нөөц нь батлагдчихсан. Занарын нөөц батлагдсан цорын ганц орд шүү дээ. Одоо тэнд нүүрсний олборлолт явагдаж байгаа. Нүүрсээ Даланжаргалангийн цементийн үйлдвэрт ашигладаг. Тэр шатдаг занарын хувьд халаагаад нийлэг нефть гаргаж авдаг. Гол асуудал нь тосны гарц. Монголын занар ер нь Хөөт гэлтгүй харьцангуй бага байдаг. Эдийн засгийн хувьд яг ашиг, алдагдлын цэг дээрээ шахуу байгаад байдаг. Тэгэхээр нүүрсний гүн боловсруулалттай адилхан. Хувийн компаниуд цэвэр нефть, байгалийн хий олборлодог компаниудтай өрсөлдөхөд ашиг багатай байдаг. төрийн бодлогоор татварын хөнгөлөлт үзүүлэх юм бол эдгээр төсөл хэрэгжих боломжтой. Бэлэн болчихсон төслүүд. Сүүл Нарийнсухайт дээр цахилгаан станцын төсөл ТЭЗҮ, зураг төсөл, барилга угсралтын гэрээ хэлэлцээрийн ажлуудыг удирдаж явуулсан. Тэр төсөл бол хүчин чадлыг нь арай бууруулаад бэлтгэл шат нь эхэлсэн байгаа. Станц дангаараа ажиллахгүй сүлжээтэй холбогдсон байх шаардлагатай учраас 110 КВт-ын шугам баригдаж байгаа юм билээ. Энэ хэрэгжвэл Өмнөговийн баруун хэсэг найдвартай эрчим хүчтэй болж, аж үйлдвэрлэл хөгжих боломжтой. Хамгийн сүүлд ажилласан төсөл гэвэл Нарийнсухайтын нүүрс баяжуулах үйлдвэр. Одоо ажиллаад таван жил болж байгаа.

-Нүүрснээс гүн боловсруулах үйлдвэр байгуулах өртөг нь хэр байдаг юм бэ?

-Ер нь хэд хэдэн төслүүдийн дунджийг харахад хоёр тэрбум гаруй ам.доллар байдаг. Хоёр тэрбум ам.долларын төслийг хэрэгжүүлчих хэмжээний дотоодын нөөц боломж Монголд хараахан байхгүй. Иймд олон улсаас санхүүжилт босгох шаардлага үүсдэг. Санхүүжилт нийлүүлэхээр тэр нь одоогийн татварын хууль эрх зүйн орчны хувьд хэрэгжих боломжгүй гээд гацчихдаг. Үнэхээр мега төслүүд Монголд хэрэгтэй гэж үзэх юм бол төрийн бодлогоор татварын нөхцөлийг нь өөрчлөх шаардлагатай. Өөрөөр бол энэ эрчим хүчний нүүрсийг ашиглах боломжгүй. Цахилгаан станцаа барих хэрэгтэй. Тэгсэн ч цаана нь эргэлтгүй маш их хэмжээний нүүрс үлдэнэ.

-Энэ чиглэлийн санхүүжилт дэлхийгээс босгоход хэр хүндрэлтэй байдаг вэ?

-НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн шийдвэрээс болоод барууны томоохон санхүүгийн байгууллагууд нь нүүрсний төслүүдийг дэмжихгүй гэсэн шийдэлд хүрсэн. Хувийн янз бүрийн хөрөнгө оруулалтын сангууд байдаг. Одоо нэг талаасаа оройтсон ч нөгөө талдаа боломж байгаа. Тэр ялгарсан хүлэмжийн хийг газрын гүнд булшлах технологи гэж бий. Тэр нь их газрын гүний давсархаг усны давхарга руу хийх арга. Хүлэмжийн хий CO2 гэдэг бол ундаа, пивоны газ. Ямар ч хор байдаггүй. Удаан хэмжээнд дулааныг өөртөө хадгалдаг учраас агаар мандлыг дулааруулаад байна гэж үздэг. Нүүрсийг хийжүүлэх явцад гарсан CO2-ыг гүний давхарга руу хийгээд булшлах, далайтай газар далайн гүн рүү хийх технологиуд дэлхийд нэвтэрч байна. Монголын хувьд хэрэв нүүрсээ хийжүүлэх юм бол ялгарсан СО2-ын хийх геологийн тогтцоо олоод байрлалыг нь тодорхойлчихсон байх шаардлагатай. Европын цахилгаан станцууд гэхэд ирээдүйд хүчилтөрөгчийн шаталтад шилжинэ. Цэвэр СО2-ыг ялгана, газрын гүнд булна гээд геологийн судалгаануудаа хийгээд төлөвлөчихсөн талбайтай болчихсон байх жишээтэй.

-CO2-ыг эдийн засгийн хувьд ашигтай байдлаар газрын гүнд хэрхэн булах вэ?

-Нефтийг доороос нь хөөж гаргахын тулд их хэмжээгээр гаргаж ирсэн усаа буцаад шахна. Тэгэхээр усны оронд СО2-ыг шахах юм бол усны хэрэглээ багасна. Хүлэмжийн хийгээ бууруулна. СО2 нь газрын гүнд үлдэнэ. Нефтийн ундаргыг 20 хүртэлх хувиар нэмдэг дундаж тоо байдаг. Энэ бол нүүрсээ хийжүүлээд ялгарсан хүлэмжийн хийг нь газрын тосны олборлолтод ашиглахад харилцан уялдаатай, эдийн засгийн үр ашигтай хувилбар болох юм. Үүнийг хийж чадвал санхүүжилт босгож болно.

-Дотооддоо нүүрс боловсруулах жижиг оврын үйлдвэр байгуулна гэвэл ямар боломж байна вэ?

-Нэгдүгээрт, дээр хэлсэнчлэн нүүрс химийн үйлдвэр маш том хөрөнгө шаарддаг. Хоёрдугаарт, технологи нь өндөр нарийн түвшнийх. Манайд бол цоо шинэ зүйл. Гэхдээ Монголд зайлшгүй хэрэгтэй. Дахиад л хэлье. Бид эрчим хүчний нүүрсээ мөлжөөд хаяад байж болохгүй. Цаана нь маш их хэмжээний эргэлтгүй нүүрс байгаа. Нэгэнт нүүрс боловсруулах үйлдвэр Монголд хэрэгтэй гэж үзвэл бодлогын дэмжлэг, татварын хөнгөлөлт, байгуулах зориг, шийдвэр хэрэгтэй. Энэ бүх эргэлзээтэй байдалд яадаг вэ гэхээр олон улсад жижиг хэмжээний туршилтын үйлдвэрлэлийг эхлээд явуулдаг. Манайд яг ийм жишгээр ноолуурын салбарт амжилттай хэрэгжсэн төсөл байна шүү дээ. Анх Говийн ноолуурыг нарийн боловсруулж мэдэхгүй учраас эхлээд НҮБ-аас дэмжлэг үзүүлээд жижиг хэмжээний контейнер зохион байгуулалттай үйлдвэр барьж туршсан. Ингээд технологийг нь эзэмшээд түүхий эд нь болох юм байна гэсэн итгэл төрсний дараа Засгийн газар хоорондын гэрээ байгуулаад анх ноолуурын үйлдвэрийг барьж байсан. Иймэрхүү жишгээр нүүрс химийн жижиг оврын үйлдвэрийг ажиллуулбал нэгдүгээрт, технологио эзэмшчихнэ. Хоёрдугаарт, ажиллах хүчин, боловсон хүчин бэлэн болно. Гуравдугаарт, тэрийг харсан олон нийт, шийдвэр гаргах түвшний хүмүүс итгэл үнэмшилтэй болно. Тэгээд СО2-ыг яах вэ гэдэг шийдлээ гаргаж чадна. Ийм зорилгоор жижиг хэмжээний туршилтын үйлдвэр хэрэгтэй. Төрийн өмчийн хамгийн их нүүрс борлуулдаг “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд жижиг хэмжээний туршилтын үйлдвэр байгуулах санаачилгыг өөртөө аваад дунд хугацааны бизнес төлөвлөгөөндөө тусгачихсан байдаг. Тэр нь 2018 онд УИХ-аас гаргасан Таван толгойн ордыг иж бүрнээр нь ашиглах тогтоолын дагуу хийгдсэн. Энэ төлөвлөгөөгөөр “Эрдэнэс Тавантолгой” компани бага оврын туршилтын үйлдвэр барина. Хоногт арван тонн нүүрснээс савлагаатай хийн түлш үйлдвэрлэнэ. Болж өгвөл цааш нь үргэлжлүүлээд зөвхөн дотоодоос гадна гуравдагч зах зээлд нийлүүлэх хуванцар гаргана гэсэн ТЭЗҮ хийгээд батлуулчихсан байдаг. Энэ төсөл хэрэгжих юм бол цааш цаашдаа нүүрс химийн үйлдвэрлэлийн гарааны суурь бэлтгэл болох ёстой. Дараа нь том хэмжээний үйлдвэр баригдсан ч гэсэн технологийн горимд жижиг өөрчлөлт оруулахад олон сая ам.долларын үр ашгийн зөрүү гардаг. Үүнийг том үйлдвэрлэл дээр туршаад байж болдоггүй учраас зайлшгүй жижиг үйлдвэр байх хэрэгтэй. Тэр утгаараа ийм том үйлдвэрлэлийн бэлтгэл ч болно. Дараа нь тэр үйлдвэрлэлийн технологийн горимыг тохируулах судалгааны том бааз болох ёстой. Уг төслийг ойрын жилүүдэд хэрэгжүүлэх болов уу гэж найдаж байна. Хамгийн гол нь энэ бизнес юм чинь ашигтай байх ёстой. Иймд жижиг үйлдвэрээ туршилтаар ажиллуулаад УИХ нь бодлогын зохицуулалтуудыг гаргах ёстой. Монголын хувьд нүүрс ашиглах нь 100 жилийн асуудал учраас сууриа заавал тавих нь зөв. Туршилтын үйлдвэрийн хувьд автобус аваад байгаа төсвөөс арав дахин бага мөнгөөр босох юм. Том хүндрэл байхгүй. Ирээдүйд өгөх өгөөж нь асар их.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Программ хангамжийн инженер Д: Хувь хүний цахим хаягийг хөндлөнгөөс хаах ямар ч боломжгүй DNN.mn

СЕХ-ны гишүүн, ЦЕГ-ын дарга Т.Сүхболд “Хуурамч хаягийг нэг цагийн дотор илрүүлж, шаардлагатай тоног төхөөрөмж нь байвал тухайн хаягийг нэгээс гурван цагийн дотор хаах бүрэн боломжтой” гэсэн мэдэгдэл хийсэн билээ. Энэ тухай бид Программ хангамжийн инженер Д-тэй цөөн хором ярилцлаа.

-Харилцаа холбооны зохицуулах хорооноос хуурамч хаягийг хаах боломжтой юу?

-Нэгдүгээрт Фэйсбүүк Монгол, Америк болоод аль ч Засгийн газрын мэдэлд байдаггүй Meta Platforms-ийн эзэмшдэг олон нийтийн сүлжээ үйлчилгээ юм. Ямар ч Засгийн газар хуурамч, худал мэдээлэл тараасан ч бай цахим хаягийг фэйсбүүкийн зөвшөөрөл, тусламжгүйгээр хаах боломжгүй. Хувь хүний цахим хаягийг хөндлөнгөөс хаах ямар ч боломжгүй. Харин Фэйсбүүк өөрсдийнх нь “COMMUNITY STANDART” зөрчөөгүй л бол хувь хүний хаягийг хаадаггүй. Зөвхөн хувь хүн өөрөө мөн Фэйсбүүк компани тухайн хаягийг хаах эрхтэй. Тухайлбал нүцгэн зураг дүрс бичлэг нийтлэх, оюуны өмчид халдах, их хэмжээний report авсан гэх мэт шалтгаанаар таны хаяг хаагдах боломжтой.

-Хуурамч хаягийг хэрхэн таньдаг вэ?

-Фэйсбүүк өөрөө ч хуурамч хаягтай тэмцэж чадахгүй байна шүү дээ. Та google-ээс how many fake accounts on facebook? гэж хайвал, 1.3 тэрбум гэсэн тоо байгаа. Монголд 400 мянган хуурамч хаяг байгаа нь их тоо биш юм.

-Ямар төрлийн тоног төхөөрөмж байвал цахим хаягийг хаах боломжтой вэ?

-Тийм боломж байхгүй. Жишээ нь манай оронд “Mon­gol Chat” гэж байдаг шүү дээ. Монголд ирсэн Америк иргэд түүнийг ашиглаж, хаяг нээлээ гэхэд түүнийг нь Америкаас хаах боломжгүй шүү дээ. Магадгүй бид Хятад улс шиг Фэйсбүүк огт ашиглах боломжгүй байх л арга байна.

-Фэйсбүүк хаягийг нэгээс гурван цагийн дотор хаах боломжтой юу?

-Та өөрийнхөө фэйсбүүкийг хаах гэж оролдож байсан бол мэдэх байх. 14 хоног хүлээгддэг шүү дээ. Тэр хугацаандаа тухайн хүн мэдээж өөрийнхөө хаягийг ашиглах ёсгүй байдаг. Мөн хуурамч цахим хаягийг хаасан ч нээж байгаа хүнийг нь олж тогтоохгүй бол ямар ч үр дүнд хүрэхгүй. Жишээ нь шинээр цахим хаяг нээхэд тав хүрэхгүй минут зарцуулагдана.

Н.Нарванчин

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр үхэр өдөр DNN.mn

2024.01.14 / НЯМ ГАРИГ

ӨВЛИЙН АДАГ ХӨХӨГЧИН ҮХЭР САРЫН
ЗУРГААН ЦАГААН УЛААГЧИН ҮХЭР ӨДӨР

Үс засуулвал: Эд мал баялаг төгөлдөр болно.
Наран ургах, шингэх: 08.38-17.24
Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Суудал: Уул

Аргын тооллын 1 сарын 14, Адьяа гариг. Билгийн тооллын 3, Чөдөр одтой , улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 38 минутад мандан, 17 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.