Categories
мэдээ нийгэм

Цахим үйлчилгээний 24/7 төв иргэдэд үйлчилгээ үзүүлж эхэллээ DNN.mn

Цахим үйлчилгээний 24/7 төв иргэдэд үйлчилгээ үзүүлж эхэллээ.

Дараах төрлийн үйлчилгээг авах боломж бүрдлээ.

May be an image of text

Categories
мэдээ нийгэм

С.Батдөлийн ялаа хасуулах хүсэлтийг маргааш хэлэлцэнэ DNN.mn

“Улаанбаатар төмөр зам”-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөлийн гомдлыг Улсын дээд шүүхээр хянан хэлэлцэх хурал маргааш буюу нэгдүгээр сарын 31-нд болно.

Түүний гомдлыг хэлэлцэх эсэх хурлыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-нд хийсэн. Түүний гэрээс нь олдсон долоон тэрбум төгрөгт үндэслэн яллаж, нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг долоон жилийн хугацаагаар, 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн билээ.

Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаснаар /2023.10.10/ түүний гомдлыг хэлэлцэж, 12 жилийн хорих ялаас нь хоёр жилийг хасч, 10 жил болж шийдвэрлэсэн байдаг.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Сургагч багш нарын сургалтыг зохион байгуулж байна DNN.mn

Онцгой байдлын ерөнхий газраас Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа “Хот дотор эрэн хайх, аврах ажиллагаа”-ны чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд сургагч багш нарын сургалтыг энэ сарын 22-31-ний өдрүүдэд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад зохион байгуулж байна.

Сургалтыг Швейцарийн сургагч багш Даниел Штуки удирдан явуулж, ОБЕГ-ын Үндэсний аврах бригад,  09 дүгээр анги болон нийслэлийн Аврах ангийн 13 сургагч багш хамрагдаж байгаа юм.

Давчуу орон зайнаас аврах, давхар барилга байгууламжид аврах ажиллагаа, багаж хэрэгслийн ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр дадлага сургалтыг зохион байгуулж, алба хаагчдыг мэргэшүүлж байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Magnolian “The Bride & The Bachelor” дуугаа 3000 ам.доллараар худалджээ DNN.mn

“Outer Banks” хэмээх Netflix-ийн цувралын хоёрдугаар улирлын тавдугаар ангид Magnolian-ийн “The Bride & The Bachelor” хэмээх дуу сонгогджээ.

Энэхүү дууг цувралдаа 30 секунд оруулахын тулд “Netflix” компаниас Magnolian буюу Б.Дөлгөөнд 3000 ам.доллар төлсөн байна.

Уг цуврал нь Netflix дээр нийт 160 сая цаг тоглогдсон бөгөөд гуравдугаар улирлын үзэлт нь хоёр долоо хоногийн турш Netflix-ийн топ арвыг тэргүүлж байсан байна.

Categories
мэдээ нийгэм

“Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын барилга угсралтын ажлыг дөрөвдүгээр сард эхлүүлнэ DNN.mn

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн дотор эхлүүлэхийг Ерөнхий сайд даалгасан аж.

May be an image of 7 people and text

Тус ажлын хүрээнд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяр, “Чайна Энержи групп” ХХК-ийн Дэд захирал Кан Фэнвэй, Хятадын Үндэсний төмөр замын газрын Дэд дарга Ан Лушень болон холбогдох албаны хүмүүс БНХАУ-ын Бээжин хотноо хуралдаж, “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг энэ оны дөрөвдүгээр сард багтаан эхлүүлэх ажлын явцын талаар санал солилцсон байна.

Мөн хоёр улсын хилээр нэвтрэх хяналт, шалгалтыг хурдасгах, шинэ технологи шийдлийг нэвтрүүлэх ажлыг зураг төсөлд тусгаж ажиллах талаар ярилцжээ.

May be an image of 9 people, people studying and text

Categories
мэдээ

Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлын 11.7 их наяд төгрөгийг нөхөн төлжээ DNN.mn

Гэмт хэргийн улмаас бусдад учирсан эд хөрөнгийн хохирол 2023 онд хоёр дахин өсөж, 14.8 их наяд төгрөгт хүрснээс 11.7 их наяд төгрөг буюу 79 хувь нь нөхөн төлөгдсөн байна.

Прокурор хохирлыг нөхөн төлүүлэх, хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 306,5 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн бүртгэл, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, 530.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжлэх зөвшөөрөл олгож, хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан бөгөөд хохирол нөхөн төлүүлэлт 2022 онтой харьцуулахад 28.8 хувиар өсчээ.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 1072 хувьцааны данс нээж өгнө гэх залилан ихэсчээ DNN.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны өнгөрсөн хугацааны ногдол ашгийг цагаан сарын тараах асуудал УИХ-ын түвшинд яригдаж байгаа. Ирэх сарын 05-нд ногдол ашиг тараах эсэх асуудал ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэх юм.

Тэгвэл уг мэдээллийг гарсантай холбогдуулан “Хувьцааны данс нээж” өгнө гэх утгатай залилангийн хэрэг үйлдэх болжээ.

Тодруулбал, уг залилан “хувьцааны данс нээж өгнө” гэж төлбөр авах, хувь мэдээллийг нь ашиглах гэх мэтээр үйлдэгдэж байгаа юм байна. Тиймээс иргэд 1072 хувьцааны данстай эсэх, хэрхэн данс нээлгэх зэрэг мэдээллийг холбогдох байгууллагуудаас авахыг зөвлөж байна.

Хувьцааны ноогдол ашгийг үнэт цаасны брокерийн байгууллага дээр данстай бол тухайн газраас шууд данс руу шилжинэ. Дансгүй болвол нээх шаардлагатай бөгөөд санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаар дамжуулан хувьцааны ногдол ашигийг тараана. Мөн 158989 дугаарт регистрийн дугаараа илгээж, хувьцааны данс болон хэдэн ширхэг хувьцаатайгаа мэдэх боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Замын хөдөлгөөнд саад учруулсан ачааны машины жолоочийг 160 мянгаар торгожээ DNN.mn

Олон нийтийн цахим орчинд 2024 оны 01 дүгээр сарын 28- ны өдөр тавигдсан СХД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 22-ийн товчоо явах замд “Зам хашаад байна” гэсэн дуудлагыг Цагдаагийн байгууллад өгчээ. Мэдээллийн дагуу шалгахад “Shaanxi-x3000” маркийн том оврын ачааны автомашин зөрчил гаргасан байжээ.

Тодруулбал,

  • Нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд оролцох маршрутын зөвшөөрөлгүй;
  • Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан
  • Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. гэсэн заалтыг зөрчиж бусдын хөдөлгөөнийг саатуулсан;
  • Ачааны автомашин, автобусны ар талд түүний овор хэмжээг тодотгох, үзэгдэлтийг сайжруулах зорилгоор гэрэл ойлгох шинж чанар бүхий туузан наалт, эсхүл улаан өнгийн гэрэл ойлгуурыг нэмж байрлуулсан байвал зохино зэрэг заалтыг тус тус зөрчсөн үндэслэл тогтоогдсон.

Дээрх зөрчилд Зөрчлийн хуулийн 14.7.33 дэх хэсэгт зааснаар 10.000, 14.5.17 дах хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр зөрчил тус бүрд шийтгэл оногдуулж хариуцлага тооцжээ.

Хөдөлгөөнд оролцогч та бүхэн бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино уу.

Categories
мэдээ улс-төр

М.Баярсайхан: Нэр цэвэр, шинэ залуу байх нь эрх мэдэлд очоод яг тиймээрээ байна гэсэн баталгаа биш шүү DNN.mn

Социологич, улс төр судлаач М.Баярсайхантай ирэх сонгуулиар иргэд ямар улстөрчийг сонгож гаргах нь зөв эсэх талаар ярилцлаа.


-Сонгууль болоход ердөө таван сар гаруй хугацаа үлдлээ. Мэдээж Цагаан сарын дараа сонгуулийн уур амьсгал ид орох байх. Таны хувьд ирэх сонгуулийг хэрхэн явагдах бол гэж харж байна вэ?

Монголын ард түмэн түүхэндээ байгаагүй шинэ сонголт хийх цаг дөхөж байна. Та сонгуулийн уур амьсгал цагаан сарын дараа ид орох байх гэлээ.

Үгүй ээ, улс төрийн хүрээнд бол сонгуулийн гал хэдийнэ дүрэлзэж эхэлсэн. Улс төрийн нам, улстөрчдийн дунд байрлалаа эзлэх хөдөлгөөн эхэлчихсэн явж байна. Тэр нь тойрогт дэвших үү, тойрогт дэвшлээ гэхэд хаана очих вэ, эсвэл намын жагсаалтаар яаж орох вэ гэдэг байрлалаа эзлэхээр бужигналдаж байна. Мэдээж ирэх сонгуулиар бид 126 хүнийг гаргаж ирнэ. Ингэхдээ 78 хүнийг сонгож, үлдсэнийг нь намд нь даатгана. Тэгэхээр тойргоос гарч ирэх хүмүүст бус намаас орж ирэх улстөрчдийг бид анхааралтай харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нам ямар хүмүүсийг жагсаалтдаа багтаасныг сайн үзэх хэрэгтэй гэсэн үг. Хэрэв тухайн улс төрийн хүчин намын жагсаалтаар орж ирэх 48 хүнийхээ дунд нэг, хоёр хулгайчийг оруулж ирсэн л бол тэр намд саналаа битгий өгөөрэй гэж хүсье.

-Нэг, хоёр муу нэртэй улстөрчид орлоо гээд үлдсэн 40 гаруй улстөрчийг үгүйсгэх хэрэг байна уу?

-Улс төрийн нам гэдэг бол ганцхан зорилготой. Тэр нь олонх болж Засгийн эрхийг барих. Дангаараа төр барих гэсэн үг. Нөгөөтэйгүүр 48 хүн гэдэг бол нэг баг гэсэн үг. Тэр утгаараа багт хулгайч байж л байвал тухайн намын бодлого зөв явахгүй. Тиймээс намын жагсаалтад орсон гишүүдээ танилцуулах явцад нь иргэд сонгогчид маш сайн судлах шаардлагатай. Томсгосон тойрог учир зүс таних хүмүүсээ дэмж гэсэн зүйл байхгүй. Таны таньдаг, таньдаггүй хүн гэхээс илүү улс төрийн манлайлал нь юу вэ, ямар бодлого, мөрийн хөтөлбөр дэвшүүлж байна вэ гэдгээр нь дүгнэлтээ хийх хэрэгтэй.

-Ирэх сонгуулийг бид шинэ тогтолцоо, шинэ хуулиар явуулахаар болсон. Үүнд сонгогчид хэр идэвхтэй оролцох бол. Учир нь сонгууль өгөөд яах ч юм билээ, адилхан л хулгайч гарч ирнэ гэсэн бодолтой иргэд цөөнгүй байна л даа?

-Мэдээж төрд итгэх иргэдийн итгэл суларсан нь үнэн. Хамгийн сүүлийн судалгаагаар улс төрийн томоохон гэгдэх хоёр нам нийлээд ч цагаан сонголтод хүрэхгүй байна. Өөрөөр хэлбэл МАН, АН хоёрын санал авах рейтинг цагаан сонголтоо давж чадахгүй байна гэсэн үг. Тэгэхээр үлдсэн таван сарын хугацаанд улс төрийн намууд хэнийг хаана дэвшүүлэх вэ, хэнийг жагсаалтаар гаргаж ирэх вэ гэдгээ сонгогчдодоо эртхэн зарласан нь зөв байх. Учир нь энэ багаараа энэ имиджээрээ сонгуульд оролцвол судалгааны дүн худлаа хэлэхгүй болов уу. Тэр утгаараа улс төрийн ууган хүчнүүд тойргийн хуваарилалтыг маш нарийн бодож төлөвлөж байна. Нөгөөтэйгүүр иргэд сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй. Хэн, ямар нам өрсөлдөж байгаагаас үл хамаараад Монгол төрийн сонгуульдаа оролцох ёстой. Ингэж байж бид эрх зүйт төрөө үргэлжлүүлэн авч явна. Ингэж байж бидэнд ардчилсан тогтолцоогоо засах, сайжруулах боломж гарч ирнэ. Бүх нийтээрээ төрийн хулгайтай тэмцэж байна. Тэр утгаараа иргэдийн хамгийн үр дүнтэй тэмцэл бол сонгуульдаа оролцох. Саналаа өгөх. Хэрэв санал өгөхгүй, сонгууль надад хамаагүй гэсэн хандлагатай байвал төрийн хулгай улам л гаарна.

-Ер нь судлаач хүний хувьд бид энэ сонгуулиар яг ямар хүнийг сонгох ёстой вэ. Сонголтоо хийхийн тулд ямар шалгуур тавих нь чухал бол?

-Түрүүний асуултад нэмээд нэг судалгааны дүн хэлье. SICA судалгааны байгууллагаас залуучуудын дунд явуулсан судалгаагаар 70 хүртэлх хувь нь 25-40 насны нэр дэвшигчийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна. Тэгэхээр ирэх сонгуулийн үр дүнд бүрдэх парламентын ихэнх хувь нь энэ насны залуучууд байх болов уу гэсэн таамаг байна. Юуны өмнө ямар ч хулгай, тендер, аливаа сангийн зээлд нэр холбогдоогүй улстөрчийг сонгох хэрэгтэй. Энэ шалгуурыг олон хүн сонголтдоо тавих байх. Улстөрчийн хамгийн үнэт зүйл бол нэр төр. Тиймээс энэхүү сонгуулиар тэрхүү нэр төр ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг ард түмэн улстөрчдөд ойлгуулсан сонгууль болоосой гэж хүсч байна. Учир нь аливаа хулгай, луйварт нэр холбогдсон улстөрчдөд дараагийн сонгуулиар ямар ч боломж байхгүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Одоо манай улстөрчдөд нэг зүйл их тодорхой харагдаж байна. Тэр нь би бусад улстөрч шиг дөрөв, таван хэрэгт нэр холбогдоогүй. Ганц хоёр хэрэгт холбогдсон гэх мэт хэргийнхээ тоогоор өөрсдийгөө өршөөх хандлагатай болж ирлээ. Ийм зүйл байж болохгүй. Хэрэг хийсэн л бол их, бага нь хамаагүй шүү дээ. Нөгөөтэйгүүр хэн илүү хөрөнгө зарж сонгуульд оролцож байна, түүнийг анхааралтай ажигла. УИХ бол ард түмний төлөөллийн байгууллага учраас нас, хүйс, боловсрол, ажил амьдралын туршлагын хувьд аль болох өөр, олон янз байж чадвал ард түмнийг төлөөлж чадна. Өөрөөр хэлбэл, бүрэлдэхүүн аль болох алаг, өөр өөр байх ёстой.

-Үе үеийн парламентын бүрэлдэхүүнийг харахад голцуу хуульч, эдийн засагчид их орсон байдаг. Та бол парламент аль болох алаг байх хэрэгтэй гэж байна шүү дээ…?

-Тухайн нэр дэвшигч ямар мэргэжилтэй вэ гэдгээс илүү юу хийх вэ гэдэг нь л чухал. Өөрөөр хэлбэл бид хуульч, эдийн засагч учраас заавал сонгоно гэсэн үг биш. Хуульч гээд ярихад Үндсэн хуулийн үнэт зүйлийн эсрэг ажиллаж байсан хуульчид ч нэр дэвшиж байх жишээтэй. Тиймээс Үндсэн хуульт ардчилалд үнэнч эсэх нь тухайн нэр дэвшигчийн суурь шаардлага байх хэрэгтэйг хэлэх хэрэгтэй.

-Сонгогдоод гараад ирсэн улстөрчдөөс бид юуг хамгийн түрүүнд шахаж, шаардах ёстой вэ?

-Өнгөрсөн хоёр ч сонгуулиар нэр цэ вэр, шинэ залуу байх шаардлагыг тавьж байсан. Энэ жил ч гэсэн энэхүү шаардлага дээрээ нэмээд боловсролтой, тухайн улстөрчийн хувийн хандлагыг илүү харах бололтой. Гэхдээ нэг зүйл хэлье. Нэр цэвэр, шинэ залуу байх нь эрх мэдэлд очоод яг тиймээрээ байна гэсэн баталгаа биш шүү. Нөгөөтэйгүүр өндөр боловсролтой гэж өөрийгөө сурталчилж байгаа ч яг тэр өндөр боловсролоо нийтийн эрх ашгийн төлөө зориулна гэх баталгаа ч байхгүй. Тиймээс явж явж сэтгэлтэй хүнийг л сонгох хэрэгтэй болж байгаа юм. Нөгөөтэйгүүр  иргэд, сонгогчид өөрсдөө байнгын хяналттай л байх хэрэгтэй. Нэр дэвших явцад нь тухайн нэр дэвшигчийн амлалтыг авч, хэрэв сонгогдоод гараад ирлээ гэхэд тухайн гишүүнээс амлалтыг нь байнга нэхэж, хянаж байх шаардлагатай гэсэн үг. Иргэд, сонгогчдын ийм идэвхтэй бүлгүүд л үүсч байж бид хүсч буй өөрчлөлтөө авчирна.

-Сонгууль дөхсөнтэй холбоотой гишүүд ажлын тайлан сэтгүүлээ гаргасаар байна. Тус тайланг нь харахад гишүүд хөгшчүүдийн эмчилгээ, хүүхдүүдэд англи хэлний курс хичээллүүлсэн, зам талбай зассан гээд олон ажлыг бичсэн байна. Тэгвэл энэ нь УИХ-ын гишүүний үндсэн ажил мөн үү?

-Уг нь тухайн гишүүн хүүхдүүдэд англи хэл зааж явахын оронд үндсэн үүрэг болох боловсролын холбогдолтой хуулиудыг нь сайжруулахыг санаачилж, боловсруулж, батлах ёстой. Мэдээж УИХ-ын гишүүн гэдэг нийт ард түмний төлөөлөл байна. Тэр утгаараа улс орны хэмжээний асуудлыг бодлого, эрх зүйн хувьд өөрчлөх, шинэчлэх, засах, сайжруулах ажлыг л хийх ёстой. Тиймээс одоо улиг болсон зам талбай, сургууль цэцэрлэг барих гэх мэт зүйл ярьсан улстөрчдийг сонгохгүй, дэмжихгүй байхад л болно. Үүнийг харин бид Засгийн газрын салбар салбарын сайд нараас илүүтэй шаардах хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хоёрдугаар сарын 2-нд баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 30-нд Халх голын сав нутгаар, хоёрдугаар сарын 2-нд баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 3-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 5-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 6-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 30, 31-нд тал, хээрийн нутгаар, хоёрдугаар сарын 3, 4-нд Алтайн уулархаг нутгаар, 5-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -37…-42 градус, өдөртөө -22…-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -18…-23 градус хүйтэн байна.

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11…-16 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -10…-15 градус хүйтэн.

Хоёрдугаар сарын эхээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

 

Эх сурвалж: ЦУОШГ