Categories
мэдээ спорт

Парисын олимпод оролцох эрхээ авсан Монгол тамирчид DNN.mn

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпийн наадам Парис хотноо нээлтээ хийхэд 192 өдөр үлдлээ. Зуны 33 дахь удаагийн наадамд 32 спортын 10500 тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилалтаа хангаж, эрхийн тэмцээнүүддээ оролцож буй. Монголын баг тамирчид ч эхнээсээ олимпод оролцох эрхээ авч, ард түмнээ баярлуулж байна.

Монгол Улсаа төлөөлөн Токиогийн олимпод 10 спортын 43 тамирчин оролцож, жүдогийн Саид Моллаей мөнгө, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, чөлөөт бөхийн Б.Болортуяа нар хүрэл медаль хүртсэн түүхтэй. Тэгвэл өнөөдрийн байдлаар хэн гэдэг тамирчин, ямар спортын төрлөөр эрхээ аваад байна вэ?

2024 оны нэгдүгээр сарын 16-ны байдлаар найман монгол тамирчин Парисыг зорих онгоцондоо суухад бэлэн болжээ.

Тухайлбал,

  • О.Есүгэн /буудлага/
  • Э.Даваахүү /буудлага/
  • Н.Баяраа /буудлага/
  • Б.Отгонболд /байт харваа/
  • О.Есүгэн /бокс/
  • С.Жамбалжамц /дугуй/
  • Д.Отгонжаргал /чөлөөт бөх/
  • Э.Дэлгэрмаа /чөлөөт бөх/
Categories
мэдээ нийгэм

Эрээний хилээр 30 кг-аас дээш ачаатай нэвтрүүлэхгүй DNN.mn

Эрээн хотод суугаа Консулын газар дараах анхааруулга, зөвлөмжийг хүргүүллээ. Эрээн хотын гаалийн газар нэгдүгээр сарын 15-наас эхлэн авто замын боомтоор орох, гарах зорчигчдын биедээ авч явах эд зүйлийн хэмжээг зөвхөн өөрийн хэрэгцээнд зориулан зохистой хэмжээнээс хэтрүүлэхгүй байхыг анхааруулжээ.

БНХАУ-ын Гаалийн хуулийн 4.46-д “Хувь хүн хилээр орох болон гарахдаа биедээ авч явах ачаа тээшний хэмжээ нь зохистой хэмжээнд байх ёстой бөгөөд зөвхөн өөрийн хэрэгцээний тоо хэмжээгээр хязгаарлагдана. Биедээ авч явах ачааг гаалийн хяналтаар оруулна” гэж заасныг үндэслэн энэхүү анхааруулгыг гаргасныг Эрээн хотод суугаа Консулын газраас мэдээлэв. Гэхдээ биедээ авч явах ачааны зохистой хэмжээг тодорхой заагаагүй байна.

Харин Эрээний хилээр 30 кг-аас дээш ачаатай нэвтрүүлэхгүй гэх мэдээллийн тухайд Монгол Улсын Гаалийн байгууллагаас тодруулахад “БНХАУ, ОХУ-ын гаалийн байгууллагаас гаргасан шийдвэр. Хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрээ ирүүлэх ёстой. Одоогоор ирээгүй байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Тоон гарын үсгээ Хаан банкны киоск машинаар дамжуулан авах боломжтой боллоо DNN.mn

Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тоон гарын үсгийн хэрэглээг дэмжих, идэвхжүүлэх, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах үүднээс Хаан банкны 431 киоск машинаар дамжуулан тоон гарын үсгийг олгож эхэллээ.

Тоон гарын үсэг нь энгийн гарын үсэгтэй адил ашиглагдах ба гарын үсэг, тамга тэмдгийг орлох цахим баримт бичиг юм.

Иргэн Та тоон гарын үсгийг ашигласнаар банк санхүүгийн үйлчилгээ, гэрээ хэлцэл мөн Улсын бүртгэлийн байгууллагын үйлчилгээг авах гэх мэт олон боломж нээгдэж байна.

Та цахим гарын үсгээ Улсын бүртгэлийн нэгж, цахим машин болон хаан банкны киоск машинаар дамжуулан тус тус авах боломж бүрдлээ” гэж УБЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

П.Сайнзориг: Жуулчдад зориулсан гудамж, талбайг нэмэгдүүлэх, үзвэр үйлчилгээг шинэчлэх шаардлагатай DNN.mn

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй зочид буудлууд болон Монголын зочид буудлын холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх, үйлчилгээг сайжруулах, тулгарч буй асуудал, шийдлийн талаар санал солилцов.

Нийслэлийн хэмжээнд 237 зочид буудал үйл ажиллагаа явуулдаг. Тус салбарын эрүүл ахуй, аюулгүй байдал, тохижилт, хоол хүнсний үйлчилгээнд шинэчлэл хийх шаардлагатай байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Монгол Улсыг зорин ирж буй жуулчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын идэвх, оролцоо чухал байна. Дэлхийн олон хотод нэвтэрсэн буухиа буюу шуурхай автобусны үйлчилгээг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нэвтрүүлэх, тогоочдын ур чадварыг сайжруулах зорилгоор олон улсын сургалтад хамруулах, тохижилт, бүтээн байгуулалтыг сайжруулахад хамтран ажиллахад бэлэн байна. Улаанбаатар хотын өнгө үзэмж хийгээд түүх, ёс заншлыг харуулсан “City Tour” буюу хотын нэг өдрийн аяллыг зохион байгуулахад хүндрэл бэрхшээл их гардаг. Иймд жуулчдад зориулсан гудамж, талбайг нэмэгдүүлэх, үзвэр үйлчилгээг шинэчлэх шаардлагатай байна. Мөн нийтийн эзэмшлийн зам, талбайн гэрэлтүүлгийг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллах болно” гэсэн юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Солонгосын алдарт дуучин, “F4” киноны жүжигчин Ким Хён Жун Монголд тоглолт хийнэ DNN.mn

Солонгосын алдарт дуучин, “F4” киноны жүжигчин Ким Хён Жун, MC Sniper, Bloo нар Монголд тоглолтоо хийхээр болжээ. 

Тодруулбал, тэд Чойжоо, Vandebo хамтлагтай хамтран Гэгээн валентины өдөрт зориулсан тоглолтоо хийх аж.

Солонгосын оддын тоглолт Монголд болно

Хоёрдугаар сарын 17-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болох энэхүү тоглолт нь энэ жилийн Валентиний баярын хамгийн том фестиваль гэдгээрээ онцлог. Уг тоглолтыг Монгол, Солонгосын соёлын харилцааны хүрээнд  зохион байгуулж байгаа аж. “Your Valentine” нэртэй уг тоглолтын тасалбар худалдаалагдаж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Нохойтойгоо явж байсан охиныг өшиглөсөн иргэнийг 300,000 төгрөгөөр торгожээ DNN.mn

Олон нийтийн цахим сүлжээнд “хошуувчтай нохойгоо хөтлөөд, лифтэнд суух гэсэн охиныг загнаж, өшиглөжээ” гэх мэдээлэл нийтлэгдсэн. Энэ талаар тодруулахад Цагдаагийн байгууллагад Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо …. байрны …… орцонд “Зээ охиныг байрны оршин суугч өшиглөсөн байна” гэх гомдол, мэдээлэл энэ оны нэгдүгээр сарын 16-ны өдөр бүртгэгдсэн.

Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж, С гэгч нь нохой хуцаж хүүхэд айлгалаа гэх шалтгаанаар насанд хүрээгүй хүүхдийн бие махбодод халдсан үйлдэл тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн (Хүүхдийн эрх зөрчих) 7 дахь хэсэгт зааснаар 300 нэгжээр торгож, арга хэмжээ тооцсон хэмээн Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

ТАЗ-ийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулав DNN.mn

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2024.01.16/ Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулав.

Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 02 дугаар тогтоолоор Нэр дэвшигчийн сонсголыг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулахаар, Сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Цэрэнжамцын Мөнхцэцэгийг томилсон юм.

Сонсгол даргалагч сонсголын дэгийг танилцуулсны дараа УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга М.Үнэнбат Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнд нэр дэвшигч Б.Пүрэвдагвын талаар танилцуулав.

Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2. дахь хэсэгт “Зөвлөлийн гишүүнд Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тус бүр нэг хүний, төрийн албан хаагчийн төлөөлөл хоёр хүний нэр дэвшүүлэх бөгөөд нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн дээд боловсролтой, ял шийтгүүлж байгаагүй, 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна” гэж заасны дагуу Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас нэр дэвшүүлж томилсон Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул дээр дурдсан хуулийн шаардлага хангасан Улсын Их Хурлын Тамгын газрын  Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Баярын Пүрэвдагвыг нэрийг дэвшүүлсэн хэмээн танилцуулав.

Нэр дэвшигч Б.Пүрэвдагва нь 1974 онд Улаанбаатар хотод төрсөн, 49 настай. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Боловсролын докторант, эрх зүйч мэргэжилтэй, улсад 25 жил, түүнээс Төрийн албаны төрийн жинхэнэ албан тушаалд 21 жил ажилласан. 1996-2000 онд Түшээ хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр баклавр, 2006-2008 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академид удирдахуйн ухааны магистр зэрэг хамгаалсан. 2001-2005 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан зохион байгуулагч, хороо хариуцсан зохион байгуулагч, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, 2005 онд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт хуулийн зөвлөх, 2005-2013 онд Нийслэлийн боловсролын газар, хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, 2013-2016 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба, хүний нөөц хариуцсан референт, ахлах референт, Төрийн албаны зөвлөлийн салбарын зөвлөлийн нарийн бичгийн дарга, 2017–2019 онд Улсын Их Хурлын Тамгын газарт ахлах зөвлөх, ахлах референт, 2019-2023 онд Төрийн албаны зөвлөлийн ажлын албанд ахлах референт, Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын дарга, 2023 оноос одоог хүртэл Улсын Их Хурлын Тамгын газар, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байгаа аж.

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнд нэр дэвшигч Л.Цэдэвсүрэнгийн талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулсан юм.

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр ажиллаж байсан С.Цэдэндамбын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас тус зөвлөлийн гишүүний сул орон тоонд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр олон нийтийн сүлжээгээр нээлттэй зарлаж, сонгон шалгаруулалтын зарыг өөрийн албан ёсны цахим хуудсанд байршуулсан. Нийт есөн нэр дэвшигчийн материалыг хүлээн авснаас нэг нэр дэвшигч өөрийн хүсэлтээр нэрээ татан авсан байна. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргын 2022 оны хоёрдугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг холбогдох хуулийн хүрээнд найман нэр дэвшигчийн материалыг хянан үзэхэд бүгд хуульд заасан шаардлагыг хангасан тул нэр дэвшигчийн ажлын туршлагад үндэслэн Л.Цэдэвсүрэнг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнд нэр дэвшүүлсэн байна.

Нэр дэвшигч Л.Цэдэвсүрэн нь 1967 онд Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн, 56 настай.1985 онд нийслэлийн 13 дугаар дунд сургууль, 1994 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг төгссөн, эрх зүйч мэргэжилтэй. 1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд ажилтан,1994-1996 онд Соёлын яамны Тамгын газарт сайдын туслах, хуулийн зөвлөх,1996-2000 онд Гэгээрлийн яамны Төрийн захиргааны газарт хуулийн зөвлөх, сайдын туслах, 2000-2009 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны  газарт хуулийн зөвлөх, мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, 2009-2014 онд Боловсрол шинжлэх ухааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2014-2020 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Хуулийн хэлтсийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга, 2020-2021онд Боловсрол, шинжлэх ухааны сайд, 2021 оны 02-10 дугаар сар хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2021 оны 10 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна гэв.

Танилцуулгын дараа нэр дэвшигч Б.Пүрэвдагва Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр нэр дэвшсэн үндэслэл, боловсрол, ажлын туршлагын талаар мэдээлээд, томилогдсон тохиолдолд хийх ажлын талаар танилцуулсан.

Тэрбээр, төрийн албаны хүний нөөцийн бодлого, стратегийг өөрчилж, албан хаагчдын тоог нэмэгдүүлэх биш, ур чадвартай иргэнийг сонгож төрийн албыг бүрдүүлэх шаардлагатай байгааг онцолсон.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болон Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төрийн албаны дунд хугацааны буюу 2024-2030 оны бодлогын баримт бичгийг боловсруулан гаргах шаардлагатайг тодотгоод, энэ нь албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, төрийн албаны бүтэц тогтолцоог оновчтой болгох, цомхон төрийн албыг бий болгох бодлогын бичиг баримтын эрх зүйн үндэс болно хэмээсэн.

Түүнчлэн Хууль тогтоомжийн тухай хуулийн 51.3-т заасны дагуу Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, түүний үр дагаварт үнэлгээ хийж, хуулийн хэрэгжилтийн явцад бий болсон сөрөг үр дагавар болон эерэг нөлөөллийг илрүүлж, зохистой үр дүнтэй арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх шаардлага бий болсон гээд, Төрийн албаны тухай хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болон хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 23 удаа нэмэлт, өөрчлөлтийг оруулсныг дурдсан.

Нэр дэвшигч Б.Пүрэвдагва, “Төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд чиг үүргийн шинжилгээ хийж, дахин хуваарилах ажлыг парламентын хяналтын дор төрийн албаны шинэтгэлийн бодлого, стратегийн түвшинд уялдуулан хянах шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай байгаа.

Монгол Улсын олон улсын гэрээ, конвенц, олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцод зааснаар ижил үнэлэмжтэй ажил, албан тушаалд адил цалин хөлс олгох асуудлыг шийдвэрлэн хэрэгжүүлэх нь зүйтэй. Зарим албан тушаалын суурь цалингийн хэт ялгавартай байдлыг арилгаснаар төрийн албан хаагчид тогтвор суурьшилтай, идэвх санаачилгатай ажиллах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

2023 онд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдан, хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд Төрийн албан хаагчдыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж УИХ-аар батлуулах, төрийн байгууллагуудын дэргэдэх ёс зүйн дэд хороодын ажиллах журмыг нэн даруй батлан хүргүүлж энэхүү хуулийг амилуулах ажлыг зохион байгуулах шаардлагатай байгаа.

Цаашид төрөө дээдлэхээс гадна иргэнээ дээдэлсэн чиг хандлага руу явах, тоонд анхаарч байсан бол чанарт илүү анхаарах, салангид хэлбэрээр бус нэгдмэл хэлбэрээр зохион байгуулах,  төвлөрөлийг сааруулах ажлыг төрийн албаны шинэтгэлийн хүрээнд зохион байгуулж ажиллахад анхаарна” гэлээ.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, төрийн албыг нэр төртэй, цэвэр байлгахын тулд хэрхэн ажиллах талаар тодруулж, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг,  Төрийн албан хаагчдын зүгээс хууль зөрчсөн, нийтийн эрх ашгийг хөсөрдүүлсэн асуудлаарх иргэдийн мэдээлэл гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэж олон нийтэд танилцуулах талаар ямар арга хэмжээ авч ажиллах вэ хэмээн асуусан.

Нэр дэвшигч Б.Пүрэвдагва, Төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг хангаж, сахилга хариуцлагыг дээшлүүлж, төрд чин үнэнчээр зүтгэх зөв хүнийг ажиллуулснаар төрийн албаны нэр хүнд өсөх боломжтой. Өнгөрсөн хугацаанд төрийн албанд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй атлаа томилогдсон зарим хүмүүсийн зохисгүй үйлдлээс болж төрийн албан хаагчдын нэр хүнд тодорхой хэмжээнд буурч ирсэн. Төрийн албан зөвлөлийн гишүүнээр томилогдвол Төрийн албаны зөвлөлийн Ёс зүйн хороонд ирсэн гомдлыг Өргөдөл, гомдлын тухай хуульд заасан хугацаанд шуурхай шийдвэрлэн хариуг хүргүүлж ажиллана гэсэн хариултыг өгсөн.

Дараа нь Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнд нэр дэвшигч Л.Цэдэвсүрэн Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр нэр дэвшсэн үндэслэл, боловсрол, ажлын туршлага, томилогдсон тохиолдолд хийх ажлын талаар танилцуулсан юм.

Тэрбээр, Төрийн албаны зөвлөл хуульд заасан тодорхой чиг үүргүүдийг хэрэгжүүлдэг. Мерит зарчмын хэрэгжилт, төрийн албаны хүний нөөцийн нөхцөл байдалд анхаарал хандуулж ажиллана хэмээсэн. Мөн төрийн албаны үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход оролцох, тус албаны нэр хүнд, үнэлэмжийг сайжруулах, чанаржуулах, сонгон шалгаруулалтын нөхцөлийг өөрчлөхөд анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.

Түүнчлэн төрийн албан хаагчын ажлын хандлага, сэтгэлгээг шинэчлэх, өөрчлөх, чадварыг тасралтгүй сайжруулах, тогтвортой ажиллуулах, үнэлгээг шудрага, бодитой болгох, төрийн албаны дунд түвшний удирдах албан хаагчийн мэдлэг, туршлага, мэргэшсэн байдал, чадвар, манлайллыг ажлын гүйцэтгэлтэй нь уялдуулан хараат бус байдлаар үнэлэх үнэлэмжийг өөрчлөхөд анхаарч, төрийн албан хаагчийг дэмжих, өөрийгөө хөгжүүлэх, тасралтгүй суралцах боломжууд олгох, урам өгөх, ажлын хэт ачааллыг бууруулах санал гаргаж, холбогдох байгууллагатай хамтран ажиллахаар төлөвлөөд буйгаа онцолсон.

Төрийн албан хаагчийн цалин хөлс, нэмэгдлийг гүйцэтгэлд суурилсан хэлбэрт шилжүүлэх, нийгмийн баталгааг нь бодитоор хангах, ажиллах уян хатан нөхцөл зохицуулалтыг бий болгох, ажлын арга барилд шинэ технологи, цахим хэлбэр нэвтрүүлэх талаар санал санаачилгатай ажиллахаа мэдэгдсэн.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, удирдах албан тушаалтан нь өөрийнхөө үгэнд ороогүй, аясаар нь байгаагүй, эсвэл шударгаар ажиллаж байгаа хүмүүсийг шахаж, ажлаас нь гаргах явдал их болсон. Үүнээс болоод төрийн алба тогтворгүй, салаа сэлгээ их байна гэсэн гомдол ихээр гарах болсон. Ийм асуудлаар Төрийн албаны зөвлөлд гомдол ирвэл ямар зарчим барьж ажиллах вэ хэмээн асуусан юм.

Нэр дэвшигч Л.Цэдэвсүрэн, Төрийн албаны зөвлөлд очиж ажилласнаар ажилдаа ханддаг хандлага, ёс зүй, зарчим өөрчлөгдөхгүй. Хууль бус зүйлтэй эвлэрэхгүй, асуудлыг хамтын зарчмаар шийдээд явна.

Төрийн албанд ажиллаж буй 225 мянган хүмүүс дотор төрийн захиргааны албан хаагчдын тоо харьцангуй цөөн. Гэвч Дэлхийн банк, манай улсад хийгдсэн олон байгууллагын судалгааг харахад хамгийн их халаа сэлгээ, дарамт хавчлагад өртдөг хэсэг бол төрийн захиргааны албан хаагчид байдаг. Нийслэл, хороо, дүүрэг аймаг, яам, агентлагт ажиллаж байгаа хүмүүсийн эрх хэт ихээр зөрчигдөн үндэслэлгүйгээр ажлаас халагдаад байдаг шалгаан нь улс төрийн нөлөөлөл. Тухайн байгууллагыг толгойлж очиж байгаа хүмүүсийн ёс зүйгүй, хариуцлагагүй байдал нөлөөлдөг гэсэн судалгаа бий. Миний бие Төрийн албаны зөвлөлд очсоноор ямар нэг хууль зөрчсөн, хэтэрхий улс төржсөн төрийн албан хаагчийн хууль ёсны эрх ашгийг дордуулсан аливаа ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудалд зарчмаа барьж, хуулийн хүрээнд ажиллана гэсэн хариултыг өгсөн.

Нэр дэвшигчийн сонсголын дараа сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, нэр дэвшигчдийн ирүүлсэн материал болон сонсголын үр дүнд үндэслэн шийдвэрээ гаргаж Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.0 их наяд төгрөг болжээ DNN.mn

Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2023 оны 12 дугаар сарын эцэст 2.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 140.9 (6.5%) тэрбум төгрөгөөр буурч ,өмнөх оноос 12.3 (0.6%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.4 хувийг эзэлж байна.

Арилжааны банкууд болон Монголын Ипотекийн корпорацаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл 2023 оны 11 дүгээр сарын эцэст 7.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 163. 6(2.2%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.1 (16.6%) их наядтөгрөгөөр тус тус өсчээ .

Categories
мэдээ нийгэм

Таван шарын автобусны буудлыг шинэчилжээ DNN.mn

 Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Таван шарын автобусны зогсоол дээр тохилог, дулаан автобусны буудал шинээр байршуулжээ. Ийм жишиг автобусны буудлыг тус дүүргийн 10 байршилд байршуулах юм байна.

Жишиг автобусны буудал нь дулаан өрөө, саравч болон зам талбайн үйлчлэгч нарт зориулсан хэсэгтэй. Мөн гадаа талбай, дотор орчныг хамгийн сүүлийн үеийн камераар хянах боломжтой бөгөөд тус хорооны Засаг дарга, хорооны цагдаагийн албан хаагчид хариуцан ажиллах аж.

Жишиг автобусны буудлыг 22 ширхэг түргэн үйлчилгээний цэг чөлөөлсөн талбайд байршуулсан бөгөөд таван шарын автобусны энэхүү буудал нь замын хөдөлгөөний оргил ачааллын үед хамгийн олон хүн дамжин өнгөрдөг, олон чиглэлт уулзваруудын нэг юм.

Дүүргийн орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж буй жишиг автобусны буудлуудын байршлыг сонгохдоо зорчигчид ихээр төвлөрдөг, сургууль, цэцэрлэгтэй ойр хэсгүүд болон алслагдсан хороодын нутаг дэвсгэрийг харгалзан баталсан байна. Дараагийн жишиг есөн автобусны буудлыг ирэх дөрөвдүгээр сарын 1-нд хүлээн авч ашиглалтад оруулна.

Categories
мэдээ нийгэм

Ашиг сонирхлын зөрчил бүхий 74 гомдлыг шалгажээ DNN.mn

Авлигатай тэмцэх газар өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 74 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 16 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 24 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

Хяналт шалгалтаар хууль зөрчсөн нь тогтоогдсон “Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Худалдан авах ажиллагаа, хангамжийн хэлтсийн дарга “Н”, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг дарга “А”, Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын дарга “О”  нарт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т заасан хариуцлага тус тус тооцуулсан байна.

29.2.2.энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн 8.1, 8.2, 8.3, 9.1, 19.1, 21.3, 21.4, 23.5-д заасан үүргээ биелүүлээгүй, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг энэ хуулийн 23.3-т заасан хугацаанаас удаа дараа хожимдуулж гаргасан бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах;

Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны нэгдүгээр сарын 8-12-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 620 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 253 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 367 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянаж байгаа аж.

Эх сурвалж: АТГ