Categories
мэдээ нийгэм

Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарт холбогдох шүүх хурал үргэлжилж байна DNN.mn

Нүүрсний гэх тодотголтой 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал  өнөөдөр /2024.01.18/ 4 дахь өдрөө хаалттай үргэлжилж байна. Шүүх хуралдаанаар нотлох баримт шинжлэх судлах процесс үргэлжилж байна гэж Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн шүүхээс мэдээллээ.

“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнийг Авлигатай тэмцэх газраас шалган, хэргийг нь өнгөрсөн наймдугаар сард прокурорт шилжүүлснээр шүүхэд шилжсэн юм.

Categories
мэдээ нийгэм

2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарлав DNN.mn

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн  2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, төвлөрлийг сааруулах, түгжрэл, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, Улаанбаатар хотод мөрдөх стандарт, дүрэм, журмыг шинэчлэх, дэд төвүүдэд хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, дэд бүтэц, тохижилтын төсөл, хөтөлбөрт дэмжлэг үзүүлж, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарлав.

Үүний хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг Хариуцлагын гэрээ, гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө тусгаж, шинэлэг шийдэл, инновац, технологи шингээн, стандартад нийцүүлэн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх юм.

“Тохижилт-Бүтээн байгуулалтын жил”-д хэрэгжүүлэх ажлын нэгдсэн төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын саналыг тусган боловсруулна. Түүнчлэн Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад өөрт хамаарах барилга байгууламжийн орчны тохижилтыг стандартад нийцүүлэн сайжруулах, ногоон байгууламж бий болгохыг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хайлааст, МҮОНРТ орчимд агаар хамгийн их бохирдолтой байна DNN.mn

Өнөө өглөө 10:00 цагийн байдлаар Хайлааст, МҮОНТ орчимд агаар хамгийн их бохирдолтой байна. Агаар.мн цахим хуудсанд нийслэлийн 13 байршлын агаарын чанарыг харуулдаг.

Хайлааст орчимд бүдүүн болон нарийн ширхэгт тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, хүхрийн болон азотын давхар исэл их хэмжээтэй байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

2023 оны намрын чуулган 75 хоног хуралдаж, 224 хууль, 62 тогтоол баталлаа DNN.mn

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2024.01.17/ үдээс хойш 14 цагт 75 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны дэг ёсоор хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш..Адьшаа, Ч.Хүрэлбаатар, А.Адъяасүрэн нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн нар Засгийн газраас 2023 оны хавар өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн, дэмжиж өгөхийг уриаллаа. Гишүүдийг үг хэлсний дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уг хуулийн төслийг хойшлуулах талаар олон мянган иргэдийн гарын үсэг бүхий хүсэлт, 156 албан бичиг Улсын Их Хуралд ирсэн, Улсын Их Хурал ард түмний төлөөллийн байгууллага учраас ард иргэд эсэргүүцэж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хойшлуулж байна. Уг хуулийн төслийг Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Бүсчилсэн хөгжлийн тухай хууль зэрэг бусад хуультай уялдуулж, хамтатган хэлэлцэх зорилгоор хойшлуулах зарчмын саналыг парламентад суудалтай улс төрийн намын дарга нар гаргасан гээд эрхэм гишүүдийг үндэсний язгуур эрх ашиг, Үндсэн хуульд өргөсөн тангаргаа дээдэлж ажиллахыг уриалав.

Үүний дараа Засгийн газраас 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэн хэлэлцсэн талаарх Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн танилцуулан хэлэлцүүлж, улмаар хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Мөн чуулганы нэгдсэн хуралдаанд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг  хэлэлцсэн Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор уншиж танилцуулав. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд Сангийн яаманд ажиллаж байсан, ажлын туршлагадаа тулгуурлан сануулах зүйл байна. Манай бүс нутагт хөрөнгө оруулалт байхгүй, хөрөнгийн зах зээл сайнгүй нөхцөл байдалтай энэ цаг үед бондын зах зээлийг нээх нь эрсдэлтэй, хууль батлах нь зохисгүй. Бонд гаргаад, эргэн төлж чадахгүй бол Засгийн газар дуудагдана, цаашлаад дампуурч мэднэ гээд, урьд өмнө нь зураг, төсөлгүй эхлүүлсэн алдаатай жишээнүүдийг дурдаж, санууллаа.

Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл үр дүнгүй хөтөлбөр батлах вий гэдэгт болгоомжилж байгаагаа илэрхийлж, өмнөх бондууд хэр үр ашигтай байсныг тодруулав. Ажлын хэсгээс Улаанбаатар хотод нийт 60 га газрыг чөлөөлж, орон сууцжуулахаар төлөвлөсөн тухай мэдээлэл өгч, тайлбарлалаа. Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зориулалтаар нийслэлийн гадаад үнэт цааст зориулж 2024 оны төсвийн жилд Засгийн газрын өрийн баталгаа гаргахыг Монгол Улсын Засгийн газарт зөвшөөрөх тухай уг төсөлд тусгажээ.

Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал орон сууц барих нь утааг бууруулахтай холбоотой асуудал байтал түгжрэлийг бууруулна гэжээ, асуудалд ул суурьтай хандмаар байна гэхэд, Улсын Их Хурлын гишүүн, сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний Хорооны дарга Б.Дэлгэрсайхан, бидний төлөвлөж оруулж ирсэн зүйлийг албаар гуйвуулж байна, дэмжлэг авч байж, ажил урагшилна гэсэн юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөл бүрийг Улсын Их Хурал баталж байгаа. Цар тахал, эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй үед яаралтай горимоор шийдээд явуулдаг. Гэтэл сайжирсан зүйл харагдахгүй байна. Үнийн өсөлтийг бууруулах хуулийн хэрэгжилт хаана байна? Хэзээ сайд нар Улсын Их Хурлын гишүүдийг загнадаг болчихсон юм. Орон сууц барьснаар түгжрэл буурахгүй хэмээн хуралдаан даргалагч Г.Занданшатар хэлээд, хэлэлцүүлж буй хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа. Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.8 хувийн саналаар Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг баталлаа.

Харин дараа нь Засгийн газраас 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцэслэн хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед хувьцааны ногдол ашиг тараах эсэх асуудлыг хөнджээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Н.Ганибал, Ц.Анандбазар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Батсуурь, М.Оюунчимэг нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын даргын зүгээс “Эрдэнэс Тавантолгой” компанийг иргэдэд өгөөжтэй байлгахын тулд нээлттэй болгох учиртай гээд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг яаралтай оруулж ирэх чиглэл өгөв. Ийнхүү хэлэлцсэний эцэст санал хураалт явуулж, “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг 69.8 хувийн саналаар баталлаа. Уг тогтоолд 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд мэндэлсэн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1072 ширхэг энгийн хувьцааг эзэмшүүлэхээр тусгажээ. Харин хувьцааны ногдол ашиг тараах эсэх шийдвэрийг Улсын Их Хурал гаргахгүй, тухайн компанийн эрх бүхий албан тушаалтны шийдэх асуудал болохыг Ажлын хэсэг онцолж байлаа.

Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулсан юм. Анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 62.3 хувь нь дэмжиж, мөн 56.6 хувийн саналаар төсөл батлагдлаа.

Энэ өдрийн хуралдаанаар “Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл танилцуулав. Уг асуудалтай холбогдуулж асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй тул санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 57.7 хувь нь дэмжиж, төслийг баталлаа.

Түүнчлэн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2023 онд хийсэн автобус худалдан авах ажиллагааг Төрийн болон албаны нууцад хамааруулан гэрээ шууд байгуулсан үндэслэл, шалтгаан, нөхцөлийг шалгах шаардлагыг харгалзан Монгол Улсын Их Хурлаас “Хянан шалгах түр хороо байгуулах  тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо боловсруулж, хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн уншиж танилцууллаа.

“Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт, шалгалт” хийх Түр хороо нь худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулсан үндэслэл, шалтгаан; төрийн нууцад хамааруулсан шалтгаан, төрийн болон албаны нууцаас гаргах шаардлагатай эсэх; Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан “гэрээ шууд байгуулах арга”-аар хийсэн нь үндэслэлтэй эсэх, нээлттэй сонсгол зохион байгуулж, иргэд олон нийтийг үнэн зөв мэдээллээр хангах гэсэн дөрвөн чиглэлээр ажиллана. Хянан шалгах түр хороог Улсын Их Хурлын 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулах бөгөөд тусгай шалгалтын тайлан, санал, дүгнэлтээ Улсын Их Хуралд танилцуулах үүрэг хүлээх юм. Түр хороо байгуулж буй явдлыг улс төрийн зоримог шийдвэр хэмээн Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь, Ш.Адьшаа нар дэмжиж үг хэлэв. Тогтоолын төслийг дэмжих эсэхээр санал хураахад 66.7 хувийн санал авч, төслийг баталлаа.

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Томилгоотой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Т.Аубакир, Д.Сарангэрэл нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз болон Үндэсний зөвлөлд үүссэн эмх замбараагүй байдал, ажлаа цалгардуулж, талцсан нөхцөлтэй байгааг, мөн өдөр Улсын Их Хурлын төлөөллийг очиж ажиллах үед ажлаа орхин зугатсан, ажилтнуудын цалинг тавьж чадахгүй, уран бүтээлч уур амьсгал эвдэгдсэн, талцсан талаар мэдээлсэн юм. Энэ бүхэн нь цаашид уг Зөвлөлийн гишүүдийн томилгоог эргэн харах, хариуцлага тооцох, эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх шаардлага урган гарч байна гэв. Олон жилийн ажлын туршлагатай уран бүтээлчдийн багт буруу байхгүй. Түүнчлэн үндэсний эв нэгдлийг эрхэмлэх, соён гэгээрүүлэх чиглэлд тэнцвэртэй мэдээллээр олон нийтийг хангахад чиглэж ажиллахыг Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Н.Нанзаддоржид захилаа. Гишүүдийг үг хэлсний дараа Үндэсний зөвлөлийн гишүүн Д.Жавзандоржийг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлье гэсэн саналын томъёоллоор нууц санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 55.8 хувь нь дэмжлээ.

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Н.Нанзаддоржийг томилох саналыг олонх дэмжиж, УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн баталлаа.

Үүний дараа Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг уншиж танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар Б.Баатарзориг, С.Цэдэндамба нарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлж, Улсын Их Хурлын Тамгын газраас нэр дэвшүүлсэн Б.Пүрэвдагва, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас нэр дэвшүүлсэн Л.Цэдэвсүрэн нарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилохыг дэмжжээ. Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа нэр дэвшигчдийг дэмжиж буйгаа илэрхийлэхийн сацуу Төрийн албаны зөвлөлийн сахилга хариуцлагын асуудлыг хөндөж, шинэ гишүүдэд хуулийн дагуу хараат бус ажиллахыг захив. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, төрийн албаны эрх зүйн орчин шинэчлэгдэж, Ёс зүйн хороотой байгуулсан, одоо “Шатны гишгүүрийг дээрээс нь шүүрдэнэ”, сахилга, хариуцлагатай холбоотой асуудалд төрийн өндөр албан тушаалтнууд хойрго ханддаг, та бүхэн өөрсдөө сайнаар үлгэрлэж, манлайлах шаардлагатай хэмээн сануулав.

Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням нэр дэвшигчдийг салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс хэмээн үнэлж буйгаа илэрхийлээд, төрийн албанд мерит зарчим баримтална гэсэн хууль баталж, хэрэгжүүлж эхэлсэн ч гавьяа, шийтгэлгүй, алдаа мадаггүй олон жил төрийн албанд зүтгээд дарга болж, дэвшсэн хойноо дур зоргоороо авирладаг явдал орон нутагт гарсан. Тиймээс төрийн албаны ёс зүйн дүрэм, журмыг сайтар боловсруулах ёстой гэв.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдээс хэрхэн ажиллах төлөвлөгөөтэйг тодруулахад, нэр дэвшигч Л.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдагва нар хараат бус, чин шударга зарчим баримтлахаа илэрхийлж, товч танилцуулга хийв. Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан зарим яам, тамгын газар дахь “Усны шувууд” гэж нэрлэгддэг хэсэг бүлгийг цэвэрлэж, ёс зүйтэй ажиллаарай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нэр дэвшигчдийг дэмжихээ илэрхийлж, Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Пүрэвдагва төрийн албаны туршлагатай, боловсролын салбарт хамтран ажиллаж байсан Л.Цэдэвсүрэн нь хариуцлагатай, шинэлэг арга барилаар ханддаг хэмээн дүгнэж, амжилт хүслээ. Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан улс орны хөгжлийн нууц нь шилдэг залуусаа томилох явдал тул төрийн албанд шилдгүүдийг томилох ёстой. Боловсролын салбарт шинэчлэл хийсэн ч Төрийн албаны тухай хуулин дахь шалгуур хангахгүй, хаалттай, чөдөр тушаа болдог. Ажлаа үүнээс эхлээрэй гэв. Шүүхийн тогтоолд Төрийн албаны зөвлөл тайлбар бичдэг байдлыг арилгаж, манлайлж ажиллаарай гэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан Говь-Алтай аймагт төрийн албатай холбоотой үүссэн жишээг дурдаад алдааг давтахгүй байх, үүрэг гүйцэтгэгч гэсэн томилгоог цөөрүүлэхийг захив. Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр Төрийн албаны зөвлөлийн гишүүн Баатарзориг, Цэдэндамба нар сайн ажилласан хэмээн дүгнээд Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд Ёс зүйн хороог байгуулсан, соён гэгээрүүлэх хөтөлбөр баталсан, зайлшгүй хуульчилсан зүйл тул анхаараарай гэв.

Ийн хэлэлцсэний дараа Байнгын хорооны саналаар Б.Баатарзориг, С.Цэдэндамбыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээс чөлөөлөх, Б.Пүрэвдагва, Л.Цэдэвсүрэн нарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул УИХ-ын тогтоолын төслийг баталсанд тооцож, эцсийн найруулгыг сонсов.

“Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит  чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд илтгэсэн юм. Тус байнгын хороо нь намын бүлэг, Байнгын хороо, хууль санаачлагчийн саналыг үндэслэн дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх тогтоолын төслийг боловсруулжээ. Ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр Байнгын хороодоос 39, Монгол Улсын Засгийн газраас 50, Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгээс 24, Ардчилсан намын бүлгээс 37, давхардсан тоогоор нийт 150 хууль, тогтоолын төслийн санал ирүүлсэн байна. Тогтоолын төсөлд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоол, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоол, “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоол, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2023 оны 44 дүгээр тогтоол, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоол, мөн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр тусгасан хууль тогтоомжийн төслүүд болон батлах хугацааг нь хуульд тусгайлан заасан хууль, тогтоолын төслүүдийг тусгах зарчмыг баримтлан хэлэлцэх асуудлын жагсаалтад 44 хууль, тогтоолын төслийг тусгажээ. “Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Чинбүрэн, Ц.Сандаг-Очир, Пүрэвдорж нар асууж, үг хэллээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн 65.4 хувийн саналаар тогтоолын төслийг баталлаа.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүд; Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; Төмөр замын тээврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Төмөр замын тээврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; Иргэний нисэхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хууль, тогтоолын төсөл; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл; Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталж, зарим хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонслоо.

Намрын чуулганыг хааж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ, энэ удаагийн чуулган Үндсэн хуульд заасны дагуу ажлын 75 хоног хуралдаж, 224 хууль, 62 тогтоол баталлаа. Намрын чуулган бүхэлдээ шинэтгэлийн чуулган байв. Улсын Их Хурал ард түмний засаглах эрхийг хангах, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, “3D” парламент буюу ардчилсан, ард иргэдтэйгээ зөвлөлддөг, цахим парламент болох зорилтоо хэрэгжүүлж ажилласан. Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулиар бүрдсэн парламент нь улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж, Засгийн газрын ажиллах таатай боломж, нөхцлийг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлсэн, таатай үр дүн олон байгаа ч анхаарах ёстой зарим асуудал бий. Улсын төсөв батлахаас эхлээд томоохон төслүүд гацах хүртэлх асуудал бүрийн алдааг Улсын Их Хуралд тохдог арга барилаа өөрчлөх нь шударга ёсны зарчим, засаглалын тэнцвэрт харилцаанд нийцнэ… Парламентын дархлааг сулруулж болохгүй гэдгийг төр, засгийн байгууллагын албан тушаалтан бүр бодолцох ёстой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах, тогтолцооны томоохон өөрчлөлтийг хөрсөнд буулгах маш чухал Сонгуулийн жил эхэлж байна. Нийгэм, цаг үеийн сорилтод тэнцэж, үйлдэл, үйл хэрэг бүрээрээ манлайлагч байгаарай гэж Улсын Их Хурлын гишүүдэд захилаа.

Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Говь-Алтай, Баянхонгорын нутгаар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурна DNN.mn

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгорын нутгаар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, хаагдаж болзошгүйг анхааруулж байна.

2024 оны нэгдүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 17-22 хэм, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -7-12 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 12-14 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 15-17 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 14-16 хэм хүйтэн байна.


2024 оны нэгдүгээр сарын 19-нөөс 2024 оны нэгдүгээр сарын 23-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

19-нд баруун болон  зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 19, 20-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 27-32 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар Парис-2024 паралимпийн наадамд оролцох эрхээ авлаа DNN.mn

Олон улсын таеквондогийн холбооноос “Парис 2024” зуны паралимпийн наадамд оролцох эрхээ авсан тамирчдыг албан ёсоор зарлалаа.

Манай улсаас дэлхийн таван удаагийн аварга МУГТ Г.Болор-Эрдэнэ, ДАШТ-ий хүрэл медальт У.Сүрэнжав нар багтжээ.

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ паралимпын наадамд хоёр дахь удаагаа, У.Сүрэнжав анх удаа оролцохоор болж буй юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

37 гудамж талбайд давс, бодис, хайрга асгажээ DNN.mn

Нийслэлийн зам, талбайн цас цэвэрлэгээний ажлыг дүүргүүд хариуцдаг болсон. Одоогийн байдлаар Баянзүрх Эко тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-аас мэдээлснээр ТҮК-ийн 21 ажилтан, цацагч автомашин, төхөөрөмж 8, том оврын нэг машинтайгаар халтиргаа гулгаанаас сэргийлэн дараах зам, талбайд гурван тонн давс, 25 тонн бодис, 7.5 тонн хайрга асгасан байна

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Энхболд: Сэжигтэн шүүхийн зөвшөөрөлгүй баривчилгааны талаар 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй болно DNN.mn

ХЭҮК-ын гишүүн Б.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Шүүхийн шийдвэргүй баривчилгаа нийт баривчилгааны 99 хувийг эзэлж байна гэсэн судалгааг хоёр жилийн өмнө НҮБ-ын тусгай элч манайд ажиллаад танилцуулсан. Хүний эрхийн энэ том зөрчлийг арилгах гарц шийдэл, бодлогын өөрчлөлт байна уу гэдгээр яриагаа эхэлье?

-ХЭҮК-оос УИХ-д өргөн барьсан Монгол Улс дахь хүний эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь удаагийн илтгэлд хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, тэр дундаа шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, олон улсын хүний эрхийн зарчимд нийцүүлэх чиглэлээр илтгэлийг боловсруулсан байдаг. Энэ илтгэлийг УИХ-ын чуулганаар хэлэлцээд, Засгийн газарт чиглэл өгөх тухай 35 дугаар тогтоол гарсан. Тус тогтоолд нэгд, сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, УИХ-д хуулийн төсөл танилцуулах чиглэл өгсөн. Үүний дагуу Засгийн газраас холбогдох хуулийн төслийг боловсруулж 2023 оны аравдугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн. Энэ хуулий төслийг батлуулах ажлын хэсэг байгуулагдаж, тус ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ажиллаж байна. Хууль энэ долоо хоногт батлагдана гэсэн хүлээлттэй байгаа. ХЭҮК-оос санал болгосон заалтууд бүхэлдээ тусч чадсан гэдгийг онцлох ёстой.

Хуулийн төсөлд өмнөх хуультай харьцуулахад хэд хэдэн онцлог, дэвшилттэй зохицуулалт туссан. Нэгд, хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг, хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт хойшлуулшгүйгээр баривчлах үндэслэлүүдийг маш нарийн хуульчилсан. Өмнө нь хойшлуулшгүй тохиолдолд гэсэн хэт өргөн хүрээтэй үндэслэлээр баривчлах ажиллагаа явуулдаг байсан нь шүүмжлэлд өртдөг байсан.

-Бүр тодруулж хэлж өгөөч. Ямар тохиолдолд баривчлах юм бэ?

-Хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нэгд, гэмт хэрэг үйлдэж байх үед, эсхүл үйлдсэн дор нь, эсхүл гэмт хэрэг үйлдсэн газраас зугтах үед барьсан; хоёрт, гэмт хэрэг үйлдсэн даруй гэрч, хохирогч шууд заасан, гуравт, хэргийн газарт болон тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн зэрэг үндэслэлийг тусгасан.

-Хорих ял оногдуулахаар заагаагүй хэргүүд дээр баривчлахгүй гэсэн үг үү?

-Хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргүүдэд баривчлах ажиллагааг хийж болно. Гэхдээ дээр дурдсан 3 үндэслэлийн аль нэг нь байгаа, дээр нь нэмээд хэн болох нь тодорхойгүй, Монгол Улсад оршин суух газрын хаяг тодорхойгүй, эрхэлсэн ажилгүйн улмаас түүнийг мэдэгдэх хуудсаар дуудах боломжгүй, Монгол Улсад байнга оршин суудаггүй хүнийг баривчилж болохоор тусгасан.

Эдгээр бүх тохиолдол шүүхээр ямар нэгэн байдлаар хянагдах зохицуулалт туссан. Түүнээс гадна шүүхийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахаар хуульчилсан. Өмнө нь ажлын бус цагаар, амралтын өдрүүдээр болсон шүүх ажиллахгүй байна. Үүнээс шалтгаалан баривчлах ажиллагааг шүүх хянахгүй, мэдэхгүй өнгөрч, улмаар хүний эрхийн зөрчил гарч байна гэдэг шүүмжлэл байсан. Тиймээс энэ нэмэлт өөрчлөлтөөр хуулиар шүүх долоо хоногийн бүх өдрүүдэд 06:00-22:00 цаг хүртэл тасралтгүй ажиллахаар тодорхойлсон.

-Баривчилгаа хаана хийгдсэн гэдгээс шалтгаалж зөвшөөрөл авах шүүхийн харьяаны асуудал нэлээд хүндрэл учруулдаг талаар хуулийнхан ярьдаг. Үүн дээр өөрчлөлт орсон уу?

-Өмнө нь тухайн хэргийг мөрдөн шалгаж байгаа газрын шүүхээс зөвшөөрөл авна гэдэг байсан. Тухайлбал, Улаанбаатар хотод гэмт хэрэгт сэжиглэгдээд шалгагдаж байсан хүн аль нэг аймагт баригдлаа гэхэд тэр хүнтэй холбоотой асуудлыг заавал Улаанбаатарын холбогдох шүүхэд нь авчирч шийдвэрлүүлэх ёстой гэдэг. Үүнээс үүдэж 48 цагийн хугацаа хэтрэх, заримдаа тогтоолыг нь танилцуулахгүй удаашруулах зэрэг асуудлууд гардаг байсан. Одоо сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчилсан тухай шийдвэрийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх, хэрэв 24 цагийн дотор уг хэрэг гарсан газрын харьяалах шүүхэд хүргэх боломжгүй бол баривчлах ажиллагаа явагдсан газрын шүүх хянан шийдвэрлэхээр тусгасан.

-Ер нь шүүхийн шийдвэргүй баривчилгаатай холбоотой гомдол гаргаж болдог уу?

-Хойшлуулшгүйгээр баривчлах ажиллагааны талаар суллагдсан сэжигтэн 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхийг нээж өгсөн. Мөн баривчлагдаад суллагдсан сэжигтэн ямар нэгэн гомдол гаргаагүй байсан ч баривчлах ажиллагаатай холбоотой материалыг 30 хоногийн дотор харьяалах шүүхэд хүргүүлэхээр заасан. Ингэснээр хойшлуулшгүйгээр баривчлах ажиллагаа гэдэг ойлголт олон улсын жишгийн дагуу бүрэн шүүхийн хяналтанд орох эрх зүйн орчин бүрдсэн гэж үзэж байгаа.

-Тэгвэл заавал сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй байривчлах шаардлага байдаг юм уу?

-Гэмт хэрэг хэзээ ч, хаана ч гардаг. Тэр тохиолдол бүрт шүүхээр зөвшөөрөл авчихаад дараа нь барина гэвэл цаг хугацаа алдах, гэмт хэргийг халуун мөрөөр нь шуурхай илрүүлэх, хохирогчийн аюулгүй байдлыг хангах, эрх ашгийг нь хамгаалахад сөрөг нөлөө үзүүлдэг. Тэгэхээр тухайн үед л яг тэр үйлдэл дээр нь барихгүй бол өөр эрсдэл учруулж болох тохиолдолд мөрдөгч шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлаад энэ талаар даруй прокурорт мэдэгдэж, прокурор шүүхэд шуурхай мэдэгдэх зохицуулалтыг зайлшгүй олон улсын практик туршлагад тулгуурлан оруулж ирж байгаа. Дашрамд дурдахад, шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах гэдэг нэр томъёог өөрчилж, сэжигтнийг хойшлуулашгүйгээр баривчлах гэдгээр нэмэлт өөрчлөлтөд тусгасан хэ

-Хууль хүчний байгууллагын хүний эрхийн талаарх ойлголт, мэдлэг сүүлийн үед нэлээд хөндөгдөж ирлээ. Шүүхийн шийдвэргүй баривчилгаа ч үүний нэг том илрэл шүү дээ. Тиймээс эдгээр байгууллагын хүний эрхийн мэдрэмжтэй, мэдлэгтэй болоход ХЭҮК голлох үүрэгтэй болов уу. Энэ тал дээр та бүхэн ямар бодлого чиглэл хэрэгжүүлж байна вэ?

-Аливаа хуулийг хүн хэрэгжүүлдэг. Тухайн хүн нь хуулийнхаа үзэл санаа, агуулга, мөн чанар, зарчмыг маш сайн ойлгосон байх ёстой. ХЭҮК-ын нэг чиг үүрэг хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх явдал. Тиймээс өнгөрсөн жил тодорхой сэдэв, чиглэлүүдээр сургалтуудыг хууль сахиулах болон шүүхийн байгууллага, төрийн захиргааны байгууллага, иргэний нийгэм, олон нийтэд нэлээд өргөн хүрээтэй явуулж ирлээ. Тодруулбал, ЦЕГ, хэмжээндШШГЕГ хамтран 70 орчим хүний эрхийн сургагч багш бэлтгэсэн. Эдгээр сурагч багш нар салбартаа хүний эрхийн боловсролыг түгээх үүрэг хүлээж бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Эдгээр багш нарт хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрхийг дээдлэх, хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах явцдаа хүний эрх, хүүхдийг эрхийг хангаж хамгаалах, эрүү шүүлт хүнлэг бус харьцаанаас ангид байх, хоригдолтой харьцах наад захын жишиг дүрэм гэх зэрэг өргөн хүрээний сургалтуудыг явуулсан. Үүнээс гадна жагсаал цуглааны үед цагдаагийн байгууллагаас хэрхэн ажиллах агуулгаар бүх аймгийн цагдаагийн газар, хэлтсийн албан хаагчдад сургалт явууллаа.

-ХЭҮК-ын орон нутгийн ажилтнууд байдаг байх аа. Тэдгээр хүмүүс орон нутагт хүний эрхийг хамгаалах, боловсрол олгоход үүрэг гүйцэтгэж байна уу?

-ХЭҮК-ын гишүүд болон орон нутгийн ажилтнууд орон нутагтаа болон томилолтоор явах бүрд очсон газрынхаа хууль хяналтын байгууллагын холбогдох албан тушаалтнуудтай энэ чиглэлийн сургалтуудыг тасралтгүй явуулж байна. Өнгөрсөн жил гэхэд цагдаа, шүүхийн шийдвэр, зэвсэгт хүчний салбарын 1000 орчим албан хаагч нар сургалтад хамрагдсан. Халдашгүй, чөлөөтэй байх эрхийн чиглэлээр Улсын дээд шүүхийн сургалт судалгааны хүрээлэнтэй хамтран шүүгч нарт зориулсан цахим контент ч бэлтгэж түгээсэн. .

Энэ жил Хуульчдын холбоотой хамтран шүүгч, прокурор, өмгөөлөгч болон бусад хуульч нарт хүний халдашгүй чөлөөтэй байх, шударгаар шүүлгэх эрх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олон улсын гэрээ конвенцийг хэрэглэх практик зэрэг чиглэлээр сургалтууд явуулахаар төлөвлөөд байна.

-Иргэдийн өөрсдийнх нь хүний эрхийн мэдлэг, хандлага яг бодит байдал дээр тааруухан байдгийг бид мэднэ. Цагдаа дуудахад, аливаа нэг хэрэг зөрчилд холбогдоход, эсвэл хохирогч боллоо гэхэд ямар эрхтэй гэдгээ нарийн мэддэггүй. Энэ байдал нь иргэдийн эрх зүйн байдлаа дордуудахад хүргэдэг нэг хүчин зүйл болдог гэж хуульч, өмгөөлөгчид хэлдэг. Энэ талаар та бүхэн анхаарч байна уу?

-ХЭҮК-ын хүний эрхийн боловсрол олгохдоо ямар нэгэн инстүүцээр дамжуулж явагддаг. Тухайлбал, өнгөрсөн жил Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөө, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын ойлголт үзэл санааг сургагч багш нараар дамжуулан ЕБС-уудад болон их дээд сургуулиудын сурагч, оюутнуудад хүргэсэн байна. .

Нөгөө талд аль ч байгууллагад харьяалагддаггүй иргэд олон байдаг. Хувиараа бизнес эрхэлдэг, эсвэл ажилгүй гэх зэрэг нийгмийн энэ хэсэгт хүний эрхийн мэдлэг боловсрол олгох нь маш чухал. ХЭҮК-ийн цахим хуудсаар олон нийтэд чиглэгдсэн контент мэдээлэл сурталчилгааны зөвлөмж, постеруудыг хүргэх замаар эдгээр хүмүүст хүрэхийг хичээж байна. Дээр нь хүний эрхийн боловсролыг түгээх нэг механизм бол ХЭҮК-т өргөдөл гомдол гаргадаг хүмүүс болон тэдгээртэй хамааралтай хүмүүс юм. Тэр үүднээс бид тэдгээр хүмүүсийн асуудлыг шийдвэрлэхээс гадна хүний эрхийн зөвлөгөөг давхар өгдөг.

-Зарим судалгаагаар манай иргэд хүний эрхийн мэдлэгтэй гэж үздэг юм билээ. Гэвч нарийвчилсан судалгаан дээр бүдэрдэг. Тэгэхээр ер нь ямар хүнийг хүний эрхийн мэдлэгтэй, мэдрэмжтэй гэж үзэх юм бэ?

-Хүний эрхийн мэдрэмжтэй хүн гэдэг өргөн хүрээтэй ойлголт. Хамгийн наад захын шалгуур Үндсэн хуульд заасан Монгол Улсын иргэн хууль дээдлэх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, бусдын нэр төр алдар хүндийг хүндэтгэх үүрэгтэй. Энэ үүргээ ягштал биелүүлдэг, эрх чөлөө нь зөрчигдсөн тохиолдолд энэ талаар холбогдох байгууллага албан тушаалтанд гомдол гаргаж шийдвэрлүүлэх наад захын мэдлэг хандлага, чадвартай байхыг хэлнэ. Ингэж байж өөрийнхөө эрхийг хамгаалах, ямар нэгэн байдлаар хүний эрхийн зөрчилд өртөхгүй байх үндсэн шалгууруудыг бий болгож эхэлж байгаа юм. Өөрөө хууль дүрэм зөрчдөг, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй атлаа бусдаас яг тийм зүйлийг шаардах нь хүний эрхийн мэдрэмжгүй бөгөөд хүний эрхийн талаарх мэдлэг хандлага өрөөсгөл байна гэж дүгнэж болно. Ийм иргэд манай цөөнгүй байна. Ардчилсан улсын иргэд ийм үүрэг, эрхтэй гэдгээ сайн мэддэг байх хандлагыг суулгахад анхаарч ажиллах ёстой.

Цаашлаад заавал хуульчаас, мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах шаардлагатай хүний эрхийн асуудлууд бий. Тухайлбал, хүн ямар нэгэн хэрэгт шалгагдаж эхлэх үед, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар эрхтэй, ямар үүрэгтэй байдаг. Мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа төрийн байгууллагууд шалгагдаж байгаа хүний өмнө ямар үүрэг хүлээдэг, ямар харилцааг зөрчсөн тохиолдолд хүний эрхийн зөрчил болох вэ гэдэг нарийвчилсан агуулгуудыг мэргэжлийн хуульчаас зөвлөгөө авч байж эрхээ хамгаалдаг. Сүүлийн үед ХЭҮК-оос болон бусад өмгөөллийн байгууллагууд таныг ямар нэгэн хэрэгт холбогдуулан мөрдөх байгууллага дуудсан тохиолдолд ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдэг зөвлөмжийг олон нийтийн сүлжээгээр түгээж байна. Энэ мэтчилэн бүх нийтийн хүний эрхийн боловсролыг дээшлүүлэхэд жижиг хэрнээ бодит хувь нэмэр оруулж байгаа үйлдлүүд юм.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ж.Ганбаатар: Хэрэглээний үнийн индексийг харахад ганцхан шатахууны үнэ л тогтвортой байгаа DNN.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатартай ярилцлаа.


-Суурь үнэ, стратегийн гол бүтээгдэхүүн болох бензин шатахууны нийлүүлэлтэд саяхан доголдол үүссэн. Мэдээж асуудлыг шийдэж, ард нь гарсан. Тиймээс Монголын амин чухал, эмзэг асуудал болох шатахуунаас ярилцлагаа эхэлье?

-Шатахууны хомсдол үүссэн гол шалтгааныг тухайн үед би их олон удаа тайлбарласан л даа. Гэхдээ тэр үед бодит байдал хүнд байсан учраас иргэдэд миний тайлбар очихгүй байсан. Тиймээс яагаад хомсдов гэдэг бодит тайлбарыг өгөх нь зөв болов уу. Гол шалтгаан нь ОХУ Станы тавхан улсаас бусад орнууд руу гаргадаг шатахууны экспортдоо хориг тавьсан. Үүнд мэдээж Монгол Улс багтсан. Маш гэнэтийн шийдвэр байсан. Хоригийн дараахан ОХУ-ын төрийн Думын дарга манай улсад айлчилсан. Бараг дэлхий нийтэд тавьчихаад байгаа ОХУ-ын энэ хоригоос Монгол Улс өөрийгөө 21 хоногийн дотор гаргаж чадсан. Өөрөөр хэлбэл, 21 хоногийн дараагаас ОХУ-аас манайх руу дизель түлш, АИ-92 ачигдсан. Тээвэрлэлт хамгийн багадаа дөрөв хонож орж ирдэг. Ерөнхийдөө манайд 26 хоног дизель түлш, АИ-92 огт орж ирээгүй. Бид энэ 26 хоногийн хугацаанд нөөцөө хэрэглэсэн гэсэн үг. Бүх нөөцөө шавхсан. 11 дүгээр сарын сүүл, 12 дугаар сарын эхээр Монголд дизель түлш, АИ-92 доголдсон гол шалтгаан нь энэ. Манай улсын агуулахын нөөц ихдээ л нэг сарын хэрэглээ байдаг. Үүнээс илүү хугацаагаар нөөцлөх боломж манайд байхгүй.

Харин ч бид Ангарскийн үйлдвэрийн засвараас урьтаж нөөц бүрдүүлэх зорилгоор 6, 7, 8 дугаар сард татан авалтаа маш сайн хийж, Монгол Улсын хэмжээн дэх шатахууны бүх агуулах савыг бүрэн дүүргэж нөөц бүрдүүлж авсан байсан тулдаа энэ 26 хоногийг тасалдалгүй давсан.

Тухайн үед иргэдийг айдаст автуулах, бухимдуулахуйц буруу зөрүү янз бүрийн л мэдээлэл нийгэмд түгсэн. Цаашид ер нь яах ч юм билээ машиныхаа банкийг дүүргээд авъя гэсэн хандлага нийгэм даяар байсан шүү дээ.

Энгийн үед иргэд ойрын хугацааны хэрэгцээ, мөнгөнийхөө боломжид тааруулаад авдаг байсан бол тухайн үед болж өгвөл бензинээ дүүргээд, байнга дүүрэн бензинтэй явъя гэж хандсан. Дизелийг ч мөн тус бүрдээ аль чадахаараа л нөөцөлсөн байх. Нөөцөө хэрэглэж байгаа манай улсын хувьд энэ нь том шалгуур болсон л доо. Гэхдээ бид даван тууллаа. Бид бодит үнэнтэй тулж, олон ажил яаралтай авч хэрэгжүүлсний үр дүнд асуудлын ард гарч чадлаа. ОХУ-тай өндөр дээд түвшнээс эхлээд аж ахуйн нэгжүүдийн хүрээнд бүх түвшинд ажилласан. Хоёр улсын Засгийн газрын комисс, төмөр замын түвшинд, Эрчим хүчний яам, манай яам агентлагууд, Эдийн засаг, хөгжлийн яам гэхчилэн бүх түвшинд ажлын хэсэг гарч, хүндрэлийг даван туулах олон аргыг хэрэглэсэн. Тухайн үед энэ жилийн хамгийн хүйтэн үе ч таарсан. Энэ нь ч бензиний нийлүүлэлтэд нөлөөлсөн. Зохион байгуулалттай ажилласны хүчинд энэ бүхний ард бид гарсан. Мөн бид урд хөршөөс импортоо нэмэгдүүлэхэд анхаарч, холбогдох хүсэлтээ тавьж нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн.

-Нийлүүлэлтэд дахин ямар нэгэн асуудал үүсэхгүй байхаар яаж зохицуулсан бэ. Баталгаатай асуудлаа шийдсэн үү?

-Хэрвээ ОХУ-ын нийлүүлэлт өнөөдрийнх шиг тогтвортой хэвээр байвал ямар ч асуудал гарахгүй. Нийлүүлэгч талд асуудал үүссэн тохиолдолд манайд асуудал үүснэ. Түүнээс Монголын талаас захиалгаа дутуу өгсөн гэдэг ч юмуу, эсвэл бэлтгэл ажил хангалтгүй, мөнгөө төлж чадахгүй гэдэг юмуу баталгаатай хэлэхэд Монголын талаас шалтгаалсан зүйл байхгүй. Би 30 хоногийн доторх асуудлыг хэлж байгаа шүү. 30 хоногоос илүү нөөцлөхөд импортлогч аж ахуйн нэгжүүдэд их хэмжээний мөнгө шаардлагатай, бүтээгдэхүүний чанараас эхлээд асуудлууд байдаг. Нөөцийн савуудыг нэмэгдүүлэх асуудал дээр Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яамтай хамтарч ажиллана. Дан ганц манай яам шийдвэрлэж чадах асуудал биш юм. Зарим иргэд УУХҮ-ийн яам мэдэх ёстой гэж бодож магадгүй.

Дахин хэлэхэд, цаашид нийлүүлэгч талаас гэнэтийн хориг үүсдэг ч юмуу, эсвэл тухайн үйлдвэр нь засварт ордог ч юм уу, төмөр зам дээр ачаалал нь ихсэх ч гэдэг юм уу асуудал үүсчихгүй бол нийлүүлэлтэд асуудал байхгүй. Монголын тал бүх зүйлд бэлэн байна. Бид дан ганц ОХУ-ын талыг хараад суухгүй байгаа. БНХАУ-аас авч байгаа ойролцоогоор 30-35 мянган тонн дизель авч байна. Гэхдээ тээвэрлэлтийн хувьд ОХУ шиг шууд ороод ирдэггүй. Дамжуулан ачдаг. Төмөр замаас машин руу, агуулах руу ачих процесс маш удаашралтай байдаг. Үүнээс гадна БНХАУ өөрөө дэлхийн топ импортлогч улс. Бид олон талаас нь хандаж байж Хятадын талын экспортыг нэмэгдүүлж ажилласан.

-Монголчуудын шатахуун түлшний хэрэглээ өссөн нь мөн нөлөөлсөн гэх мэдээлэл ч гарсан. Ер нь бидний хэрэглээ ямар хэмжээнд байгаа вэ?

-Сая бид сандраад байсан болохоос АИ-92 хэрэглээ тийм их өсөөгүй. Монголчуудын сарын хэрэглээ 50 мянган тонн байсан бол одоо 60 мянган тонн болсон. 10 мянган тонноор л нэмэгдсэн. Гэхдээ нэгдүгээр сарын хэрэглээ буух прогнозтой байна. Худалдан авалт нь багассан. Буцаад 50 мянган тоннд хүрэх юм шиг байна. Тэгэхээр АИ-92 сарын хэрэглээ 55 мянган тонн байна байх. Харин дизель түлшний манай улсын хэрэглээ 80-90 мянган тонныг хэрэглэдэг байсан бол одоо 110-120 мянган тонныг сардаа хэрэглэдэг болсон.

Нүүрсний экспорт нэмэгдсэн нь дизелийн хэрэглээг өсгөсөн. Бид өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг тогтвортой хангахын тулд БНХАУ-аас евро-5 ангиллын чанартай дизель авч байна. ОХУ-аас ч евро-5 ангиллын дизель ирдэг. Гэхдээ бид ихэвчлэн евро-2 ангиллынхыг авч байгаа. Манай техник технологиудын ихэнх евро-2-т зохицсон ч байдаг. БНХАУ-аас авч байгаа дизель түлшийг бид уул уурхайн салбарт хэрэглэнэ. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны бүтээгдэхүүний үнэ Израиль-Палестины асуудлаас шалтгаалаад нэг хэсэг өссөн байсан бол эргээд буурсан. БНХАУ-аас 1080 ам.доллароор худалдаж авч байсан бол 12, нэгдүгээр сард 1030 ам.доллароор авч байна. ОХУ-аас 930 ам.доллароор авдаг байсан бол 900 ам.доллар болж буурсан.

-Манайх ганцхан ОХУ-аас шатахуун авдаг байсан бол анх удаа Хятадаас дизель авдаг боллоо. Шатахуун хомсдох үеэр өөр бусад улсаас шатахуун авах хэрэгтэй гэсэн байр суурь их гардаг шүү дээ?

-Казахстан, БНСУ-аас авах боломж бий. Гэхдээ маш үнэтэй. Хятадын үнийг дахин нугалсан үнэтэй. Улаанбаатарт евро5 АИ-92 2940, энгийн АИ-92 2390, АИ-95 үнэ 3910 төгрөгийн үнэтэй байна. Үнэ нь хямд учраас АИ-92-ын хэрэглээ их байна. Би бензин түлшийг хариуцаж байгаа хүний хувьд үнийг өсгөхгүй гэдэгт нягт анхаарч ажиллаж байгаа. Зарим хүмүүс үнийг чөлөөлөөч, өөр боломж байхгүй шүү дээ. Үнийг нь барьж байгаа нь нөлөөлж байна гэхчилэнгээр янз бүрийн л байр суурийг илэрхийлсэн. Үнэ өсөх ямар нэгэн шалтгаан байхгүй. Дэлхийн зах зээлийн үнэ өсөөгүй. Тээврийн үнэ өсөөгүй. Ам.долларын ханш өсөөгүй. ОХУ-д үнэ нь буурсан. АИ-92-ийн үнэ 705 ам.долларт тогтвортой байх гэрээг бид хийж чадсан. Компаниуд Аи-92 бүтээгдэхүүн дээр анх удаа ашигтай ажиллах нөхцөл бүрдсэн. Дизель түлшний тухайд тэртээ тэргүй дэлхийн зах зээлийн үнэ буурсан. ОХУ-ын нийлүүлэлт хэвийн байсан. Хамгийн гол нь 26 хоногийн тасалдсан нийлүүлэлтийг гүйцэх хэцүү байсан. Тэр үед аж ахуйн нэгжүүд нөөцлөх боломжгүй байсан. Импортоор нийлүүлэлт ирээд л колонк руу явчихаад байсан. Аж ахуйн нэгжүүд сүүлдээ туйлдсан. Гурав хоног хэрэглэдэг нөөцөө гуравхан цагийн дотор хэрэглэчихээд байсан. Тэдэнд машин, жолооч, түгээгч хэрэгтэй. Түгээгчийн хажуугаар машин зохицуулах хүн хэрэгтэй болсон. Энэ байдал нэг сар үргэлжлэхээр ажиллаж байгаа хүмүүст нь ч дарамт болсон. Тэд 24 цаг ажиллаж байгаа шүү дээ. Тэр үед зарим тохиолдолд зохиомол оочер байсан ч юм билээ. Үүнийг би хэлсэн л дээ. Гэхдээ хүлээж авахааргүй нөхцөл байдал байсан учраас шүүмжлүүлсэн. Энэ ажлыг хариуцаж байгаа хүний хувьд үүнийг давах ёстой. Би иргэдэд хохиролгүй байх ёстой гэдэг талаас л хандсан. Өнөөдөр ямартаа ч дизель болоод Аи-92-ийн хэрэглээ улс орон даяар хэвийн болсон. Хориг гарах болсон гол шалтгаан нь ОХУ-ын дотоод асуудал. ОХУ-ын дотоод асуудал хэзээ тогтворжино тэр үед бид найдвартай эх үүсвэр хангагдана. Мэдээж бид БНХАУ-аас авдаг хэмжээгээ нэмэгдүүлж болно. Гэхдээ сая хэлсэнчлэн үнэтэй. Мөн өөрөө импортлогч улс. БНХАУ-аас манайх авч байна. Гэхдээ ОХУ-тай өрсөлдөхүйц хэмжээний боломж байхгүй.

-Үүнийг чөлөөлөх ёстой гэсэн байр суурь илэрхийлэгдэж байсан л даа. Гэхдээ энэ нь мэдээж нийгмийн байр суурь биш байх?

-Ер нь ямар ч шалтгаангүй үед үнэ өсөхгүй. Сүүлийн үеийн хэрэглээний үнийн индексийг харахад ганцхан бензин шатахуун, дизель түлшний үнэ л тогтвортой байж. Асуудлыг далимдуулж сонгууль дөхчихсөн Ж.Ганбаатарыг муухай харагдуулаад авъя. Засгийн газар руу нэг шахалт үзүүлчихье. Монголын харилцаанд асуудал байна гэж харуулъя ч гэдэг юм уу иймэрхүү байдалтай зүйлүүд явсан. Үүний заримыг нь хууль хяналтын байгууллага шалгаж байгаа юм билээ.

Тухайн үед хэрвээ би олон нийтийн чихэнд сайхан сонсогдох, өөрийгөө галаас хамгаалсан үг хэлсэн бол үүний ард улс орноороо тэг зогсох байсан. Тухайлбал, “Асуудлын ард гарахад хүнд байна. Хэвийн болоход ийм зовлон байна. Үнийг өсгөнө” ч гэдэг юм уу өөрийгөө галаас аврах ямар нэгэн зальжин үг хэлж болох байсан. Асуудлыг би өөрийнхөө нэр хүндээр туулж гарсан. “Хоёр хоногийн дотор гайгүй болно. Та бүхэн тайван байгаач ээ. Дараа нь гурав хоногийн дотор хэвийн болно. Та бүхэн тайван байгаач. Битгий оочерлооч ээ” гэж хэлсэн. Иргэдэд сайн сайхан нь харагдаж байгаа. Над руу утсаар болон цахим хаягаар өчнөөн мянган хэлэх хэлэхгүй хараал зүхэл, заналхийлэл ирсэн, нийгэм нь ч хэцүү болж. Оочерлож байгаа хүмүүс ууртай байгаа нь мэдээж. Би иргэдийг тайвшруулах үүрэгтэй. Тиймээс үнэн бодит байдлыг л хэлсэн.

-Газрын тосны үйлдвэрийн ажил хэр урагштай яваа вэ?

-Энэ асуудал УУХҮ-ийн яамд байдаггүй. Манай яам үйлдвэр барих уу, үгүй юу гэхчилэнгээр бодлого гаргадаг газар. Түүнээс бизнесийн асуудлыг шийдвэрлэдэггүй. Тиймээс тус үйлдвэр Эрдэнэс Монгол руу шилжсэн. Эрдэнэс Монголын доор төрийн өмчит бүх компани байгаа шүү дээ.

-Манай улс энэ жил 60 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан. Гэтэл өнгөрөгч оны гүйцэтгэлээр Монгол Улс түүхэндээ анх удаа 68 сая тонн нүүрс экспортоллоо. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль баталснаар ийм үр өгөөж гарч байна гэж харж болох уу?

-Бид 80 ам.долларын үнэтэй байсан нүүрсийг биржээр арилжсанаар 180 ам.доллар болгосон. Энэ хэмжээгээр Монголын эдийн засагт маш том эерэг нөлөөг үзүүлж байна. Хоёрдугаарт, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хамгийн гол үр нөлөөг Нүүрсний сонсголоор харсан байх. Нүүрсэн дээр үүрлэчихсэн том хулгайг ил болгож гаргаж ирлээ. Дэлхийн зах зээлийн үнэ 400 ам.доллар байхад 80 ам.доллароор зарж байсан байгаа юм. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр нүүрс 220-230 ам.долларын үнэтэй байна. Бид биржээр нүүрсээ 170-180 ам.доллароор зарж байна. Тяньжиний ч гэдэг юм уу, далайн боомтод нүүрсээ бид аваачаад өгвөл 230, 240 хүргэнэ. Бид хүргэж өгч чадахгүй байгаа. Далайд гарцгүй манай улс ямар нэгэн улсын нутаг дэвсгэрээр дамжиж байж далайн боомтод хүрнэ. Тэгж байж Энэтхэг, БНСУ, Япон, Вьетнам ч гэдэг юм уу хамгийн их хэрэглээтэй улсууд руу арилжиж болно. Энэ зах зээл рүү аваачиж өгч чадахгүй байна.

Би олон жил бизнес эрхэлсэн хүн. Бизнесийнхэн босгосныхоо дараа тууз хайчилдаг. Харин улстөрчид бол ажлыг эхлэхдээ туузаа хайчилдаг. Бизнесээр “хүмүүжсэн” хүний хувьд би хийхээсээ өмнө, биш дараа нь ярьдаг. Биржийн тухай хуулийг анх өргөн барьснаас жил гаруйн дараа батлагдсан. Өнөөдөр үр өгөөжийг нь монголчууд бид мэдэрч яваа учраас ярьж байгаа юм.

Биржийн арилжаа эхэлснээр олон хүний “авлигын бизнес” зогссон. Уул уурхайн биржийн тухай хуулийг манай яамнаас оруулахад их зэмлэл хүртэж байсан. Явахгүй хоёрхон сарын дараа унана. Ж.Ганбаатар чи чадахгүй гээд л надад мөн янз бүрийн дарамт ирж байсан л даа. Худалдан авагч талаас ч их олон гомдол ирж байсан. БНХАУ-ын Элчин сайдын яамтай хамтарч бид олон удаагийн уулзалтыг зохион байгуулсан. Монголын талаас ч гэсэн машин тээвэр хийдэг хүмүүс, “Эрдэнэс Тавантолгой”-н уурхайд хамтарч ажилладаг, туслан гүйцэтгэх компаниудаас ч олон гомдол ирсэн.

БНХАУ-аас ӨМӨЗО-ны олон аймгуудад бойкот шиг зүйлүүд болсон. Тухайлбал, Монголоос нүүрс авахаа больё гэдэг ч юм уу. Над руу маш олон албан бичиг, шаардлагууд ирсэн л дээ. Ам нөхцөлөөр авахаар тохирсныг болиуллаа. Тээврийн орлого манайд тэдэн тэрбум ам.доллароор орж ирдэг байсан бол буруу бодлогоос манайх алдагдал хүлээж байна гэхчилэнгээр гомдол их ирсэн. Хилийн цаана үлдчихдэг байсан тэрбум тэрбумаар тоологдох ам.доллар Монголд үлдсэн. Эдгээр олон үр дүн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулиар бий болсон. Үүнийг би ганцхан өөртөө наамааргүй байна.Энэ бол Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын ахалсан Засгийн газрын бодлого, ажлын үр дүн. Тэр дундаа Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд, Ч.Хүрэлбаатар сайд байр суурьдаа хатуу байсны үр дүн. Ер нь нэг хэсэг танхим дотор ч маш эвгүй байсан шүү.

-Тэгэхээр танхим дотроо ч эвгүй байсан гэхээр зарим сайд эсэргүүцлээ ил цагаан хэлж байсан хэрэг үү?

-Олон талаас нь муу, сайнаараа хэлүүлсэн дээ. Үр дүнгээ өгсөн. “Маргааш наад Хятадын компаниуд нь бүгд гараад явах гэж байна. Хил дээр чинь бүх зүйл зогсох гэж байна. Бирж чинь бүтэхгүй байна” гэж маш олон хүн, олон сайд хэлж байсан. Биржийн хуулийг явуулахын тулд би өөрөө ажлын хэсгийг ахалсан. Олон зүйлтэй тулсан. Үр дүн гарсан. Бидний гаргасан үр дүнг ярих хүмүүс их байна л даа. Ажлын хэсгийг ахлаад, үр дүнг нь гаргах гээд, Хөрөнгийн биржээр явуулъя гээд зүтгэсэн. Өөр бирж байгуулах асуудал ч тэр үеэр хөндөгдсөн. Тэгэхээр цаг алдах гээд байсан. Шинэ бирж нь дахиад тендер зарлана. Тендерээр нүүрсний тонн тутмаас шимтгэл авна зэргээр олон асуудал, баахан маргаан үүснэ. Аягүй бол нөгөө маргааныг нь шүүхээр шийдүүлнэ гээд бүр удаашрах юм болно.

Тиймээс Хөрөнгийн биржийг ашиглах нь зөв гэж үзсэн. Процесс яривал маш олон бэрхшээл байсан. Саяхан үүссэн шатахууны хомсдолтой адилхан даа. Ялгаатай нь биржийн асуудал нийгэм биш, хэдэн нөлөө бүхий хүмүүстэй тулгарсан. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль Монголд үр шимээ өгсөн он боллоо. Энэ цааш үргэлжлээсэй гэж хүсч байна. Энэ ажлыг гацаах, үр дүнгүй болгох сонирхолтой хүмүүс их бий. Үүнийг бид байнга л таслан зогсоож байх ёстой. Улс орны эрх ашиг нэг номерт байх ёстой.

Биржээр нүүрсний тодорхой хувийг арилжаалж байгаа шүү дээ. Яагаад бүгдийг нь арилжаалахгүй байгаа юм бол?

-Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд “хувийн хэвшлийг сайн дурын оролцоотой” гэж заасан. Өнөөдөр нийт экспортод гарч байгаа 70 сая орчим тонн нүүрсний ойролцоогоор 45 хувийг нь “Эрдэнэс Тавантолгой” гаргаж байна. Үлдсэн 55 хувийг нь хувийн хэвшил нийлүүлж байгаа. 45 хувийнх нь тодорхой хэсэг нь өмнө нь урт хугацааны гэрээ байгуулагдчихсан. Урт хугацааны гэрээг шинэ хууль гарсан гээд цуцалж болдоггүй. Хэрвээ тэгвэл урт хугацааны гэрээ байгуулсан компаниуд ямар нөхцөл байдалд орох уу. Монгол Улс ч гэсэн нэр хүндийн хувьд хэцүү болно шүү дээ. Тиймээс бид шинээр байгуулагдаж байгаа бүх гэрээг зөвхөн биржээр зарахаар гэрээлж байна. Хоёрдугаарт, урт хугацаанд байгуулагдсан хэрнээ хууль зөрчиж байгуулсан бол шууд цуцалж байгаа. “Эрдэнэс тавантолгой” компанийн тайланг сонссон бол 100 гаруй урт хугацааны гэрээ байснаас 18 болгож, бусдыг нь цуцалсан байна лээ. Нийт 11 сая тонн нүүрсийг “Эрдэнэс тавантолгой” компани биржээр зарсан. Цаашдаа зэс, төмөр, жоншоо биржээр арилжина. Энэ нь хүмүүсийн соёлыг өөрчилнө. Хэсэг хүмүүс бүр схем хийчихсэн байсан шүү дээ. Тээврээс нь ийм ашиг олно. Энэ зөвшөөрлөөс нь ийм ашиг олно гэхчилэнгээр.

Үүнээс гадна Биржийн тухай хууль нүүрс экспортолдог аж ахуйн нэгжүүдэд ямар боломж олгож байна гэхээр биржээр зарвал биржийн үнээс АМНАТ тооцно. Биржээр зараагүй бол Сангийн яамны журмаар гадаад үнээс АМНАТ тооцож байгаа. Энэ аж ахуйн нэгжүүдэд ашигтай. Бодитой борлуулалтаасаа АМНАТ-өө төлнө гэсэн үг. Үүнээс гадна сая сая тонноор нь нүүрс зараад л байдаг мөнгө нь Монголд бус, хилийн цаана үлдчихээд байсан. Оффтейк гэрээ ч гэдэг юм уу. Эсвэл хүмүүс цаанаа аваад наймаалцчихдаг байсан. Тэгвэл биржээр зарвал урьдчилаад мөнгөө өгдөг. Ингэж мөнгө Монголд үлдэх хамгийн гол боломж гарсан. Иймд валютын нөөц ч ихээр нэмэгдэж байна.

-Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт татах, эрдэс баялгийн өөр төрлийг эдийн засгийн эргэлтэд оруулах Монголчуудын хүсэл өнгөрөгч онд нэг алхам урагшилсан. Тэр нь ураны төсөл эхэлсэн явдал. Энэ төслийн явц одоо ямар байгаа вэ?

-Ураны төсөл 100 хувь манай яамаар дамжаагүй. Нөөцөө яаж ашиглах, ямар технологи хэрэглэх, АМНАТ-ийг яаж тооцож авах зэрэг бодлогын шийдлийг манай яам гаргана. Цөмийн энергийн тухай хуулиар энэ асуудал зохицуулагдана. БШУ-ны яамны харьяа Цөмийн энергийн газар энэ төслийг ерөнхийд нь базаж байгаа. Энэ төсөл урагшлах ёстой. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулагчид ураны төсөл цааш яахыг харж байгаа.

-Энэ том төсөл урагшилсны “зовлон танай яам дээр ирлээ гэж харсан. Ил хэлбэл бензин шатахууны нийлүүлэлтээр дамжиж?

-Нийгэмд ийм хардлага байсан. Би сайдын хувьд ийм зүйл байхгүй гэж ойлгож байгаа.

-УУХҮ-ийн сайдаас асуух ёстой дараагийн асуулт бол дараагийн Эрдэнэт, дараагийн Таван толгой, Оюу толгой хаана байна вэ?

-Манай эдийн засаг хоёр, гуравхан уурхайн нуруун дээр байна гэдэг. Эрдэс Тавантолгой, Эрдэнэт, Оюу толгой. Эдгээр уурхайнууд аль социализмын үед нөөц нь тогтоогдсон. Угтаа Монгол Улс геологийн потенциалын хувьд маш сонирхолтой байршилд байдаг. ЕBRD-ийн 2018 оны судалгаагаар Монгол Улс ОХУ-ын дараа орохуйц эрдэс баялгийн потенциалтай, ирээдүйн төлөвтэй улсаар нэрлэгдсэн. Гэвч бидэнд 1990 оноос хойш хийсэн тодорхой судалгааны үр дүн алга. 200 мянганы зураглалаар нийт нутаг дэвсгэрээ 100%, 50 мянганы зураглалаар 43 хувьтай судалгааны ажил хийсэн. Гэсэн хэдий ч үр дүн хангалтгүй байгаа. Гэхдээ орчин үеийн шаардлагуудыг хангасан, хангалттай дата бидэнд алга. Тиймээс манай яамны зүгээс энэ геологийн суурь судалгааны ажлыг олон улсын шинэ, дэвшилтэт технологи, арга зүйгээр хийлгэж, өөрсдийн хийсэн ажлын үр дүнтэй харьцуулах, тэдний туршлагыг улсдаа нутагшуулах зорилго тавин ажиллаж байна. Өөрөөр хэлбэл энэ процессыг түргэвчлэхийн тулд агаарын геофизикийн ажлыг анхаарч үзэж байна. Агаарын геофизикийн ажил гэдэг нь тусгай техник хэрэгслээр тоноглосон онгоц, дрон ашиглаж агаараас богино хугацаанд газар доор юу байна гэдгийг тандан судалдаг.

Энэ чиглэлд УУХҮ-ийн яам маш тодорхой бодлогыг хэрэгжүүлж байна. Би сайдын ажил авснаас хойших гадаад хурал чуулган, албан томилолтуудаараа энэ чиглэлийг онцгой анхаарч судалсан, эрэл хайгуул хийсэн. Судалгааны компаниудтай уулзсан, Монголд урьж ажиллуулсан. Үүний үр дүнд 2023 онд бага хэмжээний санхүүжилт төсөв дээр тавиулж, түүгээрээ тест маягаар олон улсын тендер зарласан. Тендерт маань агаарын геофизикийн чиглэлээр дэлхийн тэргүүлэх компани болох Испани улсын X-Сalibur компани ялсан. Судалгааны ажил нь ондоо багтаж дууссан. Одоо тайлангаа бичиж байгаа. Тайлан бичих гэж уддаг юм байна л даа. Эхний улиралд багтаад дуусах байх. 2024 оны төсөвт бид 40 тэрбум төгрөг тавьсан. Газар тариалангийн болоод ойтой бүсийг манай яам эвдэхгүй байхыг хүсч байгаа. Монгол Улсынхаа говь хээр талын бүсийг хамруулж орчин үеийн дата бүхий судалгаатай болж авбал хаана нь ямар баялгаа яаж ашиглуулах, хаана нь газрын ховор элементийг түлхүү ашиглуулах, хаана нь уул уурхай явуулах, хаанаа явуулахгүй байх гээд бодлогын чиглэл гаргах боломжтой болно. Хаана нь алт, нүүрс ашиглуулах, хаана нь зэс байна гэдгээ тодорхой болгож, түүндээ тохирсон дэд бүтцээ татаад үүнийгээ гаргахын тулд тандан судалгаа зайлшгүй хэрэгтэй. Бид үүнийгээ эхлүүлчихсэн. 40 тэрбум төгрөг төсөв дээр тавиулж чадсан. Үүнийг би бусдын буцалтгүй тусламж, хувийн болон гадаадын хөрөнгө оруулалтаар хиймээргүй байгаа юм. Ямар нэгэн хараат байдлыг үүсгэхгүй гэж зорьж байна. Тиймээс ч зайлшгүй төсөв дээр тавьж өгөөч гэж Засгийн газар болон УИХ-аас хүссэн. Гадаадын юм уу, хувийн компанийн хөрөнгөөр хийчихвэл бид тэр рүү орох үндэслэл хумигдмал болчихно. Үндэсний аюулгүй байдал талаасаа ч тийм. Тиймээс төсвийн хөрөнгөөр хийх нь зөв шийдэл. Үүний үр дүнд дараагийн Эрдэнэт, дараагийн Оюу толгой, Эрдэнэс Тавантолгой олдоно гэдэгт итгэлтэй байгаа. Гэхдээ тандан судалгааг өнөөдөр хийгээд маргааш олдчихгүй.Тандан судалгааны үр дүнд хайгуул явах ёстой. Судалгааны үр дүнд дэлхийн шаардлагыг хангасан датаг авна. Тэр мэдээллийг PDAC, IMARC дээр очиж зарлана. Энэ бол манай яамны гол зорилго.

2023 оны гуравдугаар сард Канадад болсон PDAC дээр X-Сalibur компанийнхантай уулзаж манай тендерт оролцооч гэсэн урилгыг өгсөн. Учир нь X-Сalibur компани сая ам.доллар ч юм уу бага дүнтэй тендерийг сонирхохгүй. 200-300 тэрбум ам.долларын ажлыг хийдэг. Тиймээс уулзалт хийж ирээдүйд хийх олон ажил байгаа гэдгээ хэлж, улсынхаа тогтоц, газар зүйн байршил, онцлогийг сайтар сурталчлан таниулж байж тендерт оролцуулсан.

Манай яамны зүгээс 2024 онд хэрэгжүүлэх агаарын геофизикийн ажилд ихээхэн ач холбогдол өгч, анхнаас нь шаардлага өндөртэй байлгаж чанартай гүйцэтгэл авахын төлөө анхаарч байна. Тиймээс тендерийн баримт бичиг боловсруулалтад Английн /ИБУИНХУ/ төрийн өмчит геологи, геофизикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг IGS-“International geoscience services” компани МУ дахь ИБУИНХУ-ын элчин сайдын яамны дэмжлэгээр үнэ төлбөргүйгээр зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа. Тус компани нь геологийн судалгааны чиглэлээр олон улсад үйл ажиллагаа явуулдаг, арвин туршлагатай, нэр хүндтэй компани бөгөөд бидэнтэй хамтран манай тендерийн баримт бичгийн төслийг нэг дүгээр сардаа багтаан бэлтгэж дуусгахаар ажиллаж байна. Зөвхөн тендерийн баримт бичиг боловсруулахад туслахаас гадна тендер шалгаруулалтад туслах, шалгарсан ажлуудад хөндлөнгийн хяналт хэрэгжүүлэхэд цаашид хамтран ажиллах талаар бид ярилцаж байгаа.

 

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр могой өдөр DNN.mn

Аргын тооллын нэгдүгээр сарын 18, Бархасвадь гариг. Билгийн тооллын 8, Шийдэм одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 08:35 цагт мандан, 17:29 цагт жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.