Categories
мэдээ улс-төр

Хаврын ээлжит чуулганаар 44 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ DNN.mn

УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганаар нийт 44 хууль тогтоолын төслийг хэлэлцэхээр тогтжээ. 

Ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр байнгын хороодоос 39, Засгийн газраас 50, УИХ дахь МАН-ын бүлгээс 24, АН-ын бүлгээс 37, давхардсан тоогоор нийт 150 хууль тогтоолын төслийн санал ирүүлжээ. Тогтоолын төсөлд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын 2020 оны 02 дугаар тогтоол, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын 2021 оны 12 дугаар тогтоол, “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” УИХ-ын 2021 оны 106 дугаар тогтоол, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын 2023 оны 44 дүгээр тогтоол, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоол, мөн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр тусгасан хууль тогтоомжийн төслийг тусгажээ.

“Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолын төслийг гишүүдийн 65.4 хувийн саналаар баталжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Олон улсын мөсөн урлаачдын тэмцээнд Францын баг тэргүүн байр, Монгол Улсын баг хоёрдугаар байр эзлэв DNN.mn

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд “МАЗААЛАЙ” мөсөн хотхоныг бүтээн байгуулж, Монгол Улсад анх удаа “Save MAZAALAI” олон улсын мөсөн урлаачдын тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд ОХУ, БНХАУ, Тайван, Франц, Америк болон Монголын уран бүтээлчид оролцож, 12 мөсөн сийлбэрийг өөрсдийн уран сэтгэмжийн хүрээнд хийсэн ба өнөөдөр дүнгээ гаргалаа.

УРАЛДААНД ДАРААХ ОРНЫ БАГУУД ШАЛГАРАВ.
Нэгдүгээр байрт:- Франц Улсын баг
Хоёрдугаар байрт:- Монгол Улсын баг
Гуравдугаар байрт:- Бүгд найрамдах Саха Улс /Якут/-ын баг
Тусгай байрт:- ОХУ-ын уран сийлбэрчид орлоо.

Энэхүү арга хэмжээ нь Монголын өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхэц болохоос гадна олон Улсад өөрийн орныг сурталчлахаас гадна жил бүр уламжлал зохион байгуулагдах эвент арга хэмжээний нэг болж байгаа юм

Categories
мэдээ улс-төр

АН: Төрийн мөнгөнөөс хулгай хийсэн хүн бүрийг хариуцлага хүлээтэл нь сануулах болно DNN.mn

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар УИХ-ын намрын чуулганаар хэлэлцсэн хуулийн төслүүд болон Ногоон автобусны хянан шалгах түр хороо байгуулагдсан талаар, ЖДҮ, Хөгжлийн банк, Нүүрсний хулгай, Ковидын төсөв, Ногоон автобусны хулгайд хариуцлага тооцохыг шаардаж, албан ёсны байр сууриа илэрхийллээ.

Ардчилсан намын дэд дарга Ишжамцын Мөнхжаргал: Нэг иргэнд ногдох ДНБ-ны хэмжээ 5800 доллар болсон, инфляц нэг оронтой тоонд хүрсэн, эдийн засгийн өсөлт 6,9 %, гадаад худалдааны тэнцэл ашигтай мэдээллээ. Хэрэв эдийн засгийн өсөлт бодитоор байгаа бол 10 иргэн тутмын 8 иргэний амьдрал яагаад доройтож байна вэ, нэг хүнд ногдох өрийн хэмжээ 6900 ам доллар орчим байна. Эдгээр нь хоорондоо уялдаж байна уу?

Азаар олон улсын зах зээлд нүүрсний экспортоос олж байгаа орлого өсөн нэмэгдэж байгаа ч бодитоор өрхөд ирж байгаа үр ашиг байхгүй байна. Харин нийт хүн амын 5 % дээр тус үр ашиг ирж байна.

Ажлын байр, бизнес эрхлэгчдийн орчин үгүй болж байна. Бизнес эрхлэгчдээ дэмжих шаардлага бодитоор үүсэж байна.

Эрдэнэс таван толгой гэдэг компани, Зам тээврийн хөгжлийн үндэсний төв Монгол Улсын төрийн өмч, Засгийн газрын эрх мэдэлд байдаг компани гэтэл хэдэн мянгаараа гаалиар бүртгэлгүй, татвараас зайлсхийсэн тээврийн хэрэгсэл гадагш гарсан тухай яригдаж байна. Гааль, татвар бүхэлдээ Монгол Улсын Засгийн газрын эрх мэдэлд байгаа. Тиймээс нүүрсний хулгай бүхэлдээ Засгийн газрын цэвэр хариуцлага юм.

Бизнес эрхлэгчдийнхээ тухай та нар юу хэлэлцэв ээ, НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгох хуулийн төслийг мөн унагаалаа. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг Засгийн газар өргөн мэдүүлж улс төрийн намууд байр сууриа илэрхийлж байна. Ардчилсан намын байр суурь маш тодорхой байгаа. Засгийн газар гэдэг кабинетын зарчмаар ажилладаг. Иргэдийн татварын мөнгөөр санхүүждэг МҮОНТ эрх баригчдын сонгуулийн сурталчилгааг хийх биш иргэдийнхээ мэдэх эрхийн төлөө тэнцвэртэй мэдээлэл өгөө ч ээ гэж шаардмаар байна.

Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Ням-Очирын Лхагвадорж: Эрх баригчдын дунд хээл хахууль, авлигын асуудал газар авлаа. 2019 онд “ЖДҮ” хөгжлийн сангийн хэрэгт 49 хүнийг хулгайтай холбон зарласан бөгөөд нийт 96.2 тэрбум төгрөг, Нүүрсний 40 их наядын хулгай, хөгжлийн банкны 22.3 их наядын хулгайд 30 гаруй хүнийг зарласан, ковидын үеийн 20.3 их наядын хулгайг тус тус зарлаад байна. Хамгийн сүүлийнх нь ногоон автобусны хулгай 328 тэрбум төгрөгийг хамруулаад байна. Эдгээр нь нэг нам удаа дараалан олонх болсон тохиолдолд улс орныг яаж дампууруулдгийг харуулсан тод жишээ юм. 328 тэрбум төгрөгөөр хуучин автобус авчирч шахсан нь үйлдэл дээрээ баригдлаа. Нээлттэй сонсголыг хиймээр байна. Өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод 2 үндсэн асуудал тулгамдаж байна. Эрх баригчид аз жаргалтай Улаанбаатар гэж өөрсдийгөө цоллож байгаа ч үнэхээр олон улсын тавцанд утаа, түгжрэлээр 1-рт эрэмбэлэгдэж байна.

May be an image of 3 people and text that says "на дчил дчил"

Бид энэ их хулгайгаар ямар боломжийг алдсан бэ?

• Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын нийт гэр хорооллыг орон сууцжуулах,

• Улаанбаатар хотын баруун, зүүн, хойд, өмнөд хэсгийг метрогоор холбох,

• Бизнес эрхлэгчдээ дэмжих боломжуудыг алдсан байна.

Хар толбо үлдээсэн 8 жилийг бид өнгөрөөлөө. Төрийн мөнгөнөөс хулгай хийсэн хүн бүрийг хариуцлага хүлээтэл нь сануулах болно гэдгийг хэлмээр байна.

May be an image of 3 people and text

Ардчилсан намын Бизнес хөгжил, инновац, технологи хариуцсан Нарийн бичгийн дарга Н.Гансүх: Ардчилсан намыг Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмждэггүй мэтээр баригч нам гүтгэлээ. Яагаад гадаадын хөрөнгө оруулалт гарч явах болов, яагаад хөрөнгө оруулагчдаа хамгаалахгүй байгаа талаараа ярих хэрэгтэй. Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд тууштайгаар дэмжиж, хамгаалсаар ирлээ.

Үүнээс илүүтэй дотоодын 234 мянган үйл ажиллагаа явуулах эрх бүхий аж ахуй нэгж бүртгэлтэй байгаа ч тал хувь нь үүд хаалгаа барьсан байна. Тусгай зөвшөөрөл, даргын нарын гарын үсэг, лиценз, татварын орчин дотоодын бизнес эрхлэгчдээ шахан хавчсаар байна. Эрх баригчид чуулганы индэр, телевизээр эдийн засаг өсөөд байгаа юм шиг, иргэдийн амьдрал сайжраад байгаа юм шиг ярьдаг ч бодит байдал дээр хаацайлсан, төөрөгдүүлсэн мэдээлэл хийж байна.

Categories
мэдээ нийгэм

“СЭТГЭЛИЙН ДЭМ” сэтгэлд гэрэл  асаалаа DNN.mn

Төслийн хугацаа дуусаж, дахиад хичээлд суухгүй гэхээр гунигтай байна. Өөр газар ийм сургалт зарлагдвал  хайж очоод сууна даа. Энэ сургалтад суугаагүй бол би өнөө л бахь байдгаараа, нэг л их ууртай, загнаж зандачсан хүн, үр хүүхдийнхээ нуруунд ямар их ачаа үүрүүлж байснаа ч мэдэхгүй, усаа авсан уу, түлээгээ бэлд гээд л тачигнаад явж байх байсан даа. Намайг энд дагуулж ирсэн Б…..найздаа маш их баярлаж байна.

Хичээлд сууж эхэлснийхээ дараахан өглөө сэрээд “Сайхан амарсан уу?”  гэж гэр бүлийнхэнтэйгээ мэндэлсэн чинь нөхөр маань “Манай энэ галзуурчхаж”  гэж билээ. Харин одоо бол манайхан унтахдаа “Сайхан амраарай, гоё зүүд зүүдлээрэй”, өглөө сэрээд “Сайхан амарсан уу, сайхан зүүд зүүдлэв үү?” гээд  хоорондоо  мэндэлдэг, ярилцдаг болсон.

10 настай хүүтэйгээ анх удаа хэрэг болгож ярилцаж үзсэн чинь хүү минь бөмбөлзтөл чичрээд уйлж билээ. Тэгэхэд л би тэр жаахан амьтны нуруунд дааж давшгүй хүнд  ачаа үүрүүлчхээд, тэгэх л ёстой юм шиг анзаарах ч сөхөөгүй явж байснаа ойлгож толгой руугаа цохиулах шиг болсон. Хүү минь “Та надтай хэзээ ч ярилцдаггүй, хэлдэг үг нь усаа авсан уу, түлээгээ бэлдсэн үү, хоолоо хийсэн үү л гэдэг. Намайг  ус түрээд явж байхад нэг хүн бээлий өгөөд “Яасан өрөвдмөөр юм бэ” гэж хэлсэн гээд уйлахад  нь би хүүгээ өвлийн хүйтнээр усанд явахад нь малгайгаа өмс, бээлийгээ ав гэж хэлж байгаагүйгээ санаж, бид хоёр бие биеэ тэврээд зөндөө уйлалдсан. Дэмий л “Уучлаарай, ээжийгээ уучлаарай…” гэж уйлахаас өөрийг тэгэхэд би хэлж чадаагүй. Тэр шөнө хүүгээ тэврээд унтахад турьхан  жаахан нуруунаасаа хүнд ачаа аваад хаячихсан шиг зүүд нойрондоо эхэр татан татан унтаж билээ. Хүү минь  хичээл дээрээ сууж байснаа “Ингэхэд би галаа түлсэн бил үү…” гээд босоод ирсэнийг багшаас нь сонсоод өр минь өмөрч, өөдсийн чинээ хүүгээ өрөвдөн өрөвдөн өөрийгөө зэмлэсэн. Түүнээс хойш би “Миний хүү усанд явмаар бол яваад, явмааргүй санагдсан үедээ хэрэггүй, ээж нь өөрөө авчихна” гэдэг болсон. Хэд хоногийн өмнө хүүгээ хоёр найзтай нь анх удаа амралтад явууллаа. Хүү минь ямар их баярласан гэж санана. “Ээжээ, тандаа хайртай шүү” гээд л нүд нь гэрэлтээд гүйгээд явсан.

Хүүхдүүд минь хагас сайн өдрийг тэсэн ядан хүлээж “Ээж ээ, маргааш хагас сайн шүү. Та хичээлдээ явна тээ” гээд өөрсдөө нэг их гоё юманд явах гэж байгаа юм шиг хөөрцгөөдөг. Ээж нь хагас сайнаар нэг хичээлд яваад  маш сайн ээж болж өөрчлөгдөөд байгаад баярлаж байгаа нь тэр. Нөхөр маань ч бас “ Чи ямар гоё юманд яваад байна аа. Ааш араншин чинь сайхан болж, царай зүс чинь ч өнгө ороод нэг л өөр…” гээд их дуртай байгаа. Ээж минь  “Дөрвийн дөрвөн хүүхэдтэй ядарсан муу авгайд юу байдаг юм” гэж ирээд  л үг хэлүүлэхгүй уурлаад байдаг хүн төрөл арилжсан юм шиг аятайхан болоод байх чинь юу болов гээд  гайхаад байгаа.

“Сэтгэлийн дэм” дэмжих бүлгийн сургалт бидэнд маш сайнаар нөлөөллөө. Өмнө нь стресс бухимдлаа тайлна гэхээр найз нөхдөөрөө нийлж баар цэнгээний газар орж, ууж, дуулж л мэддэг байсан бид одоо тайвшрахын тулд сайхан хөгжим сонсож, ярилцаж, бясалгал хийдэг болоод байна. Тайвшралын энэ аргууд үнэхээр үр дүнтэй, бас их сайхан гэдгийг өдөр ирэх бүр улам сайн мэддэг болж байна. Эмэгтэйчүүд бид дотроосоо гэрэлтдэг болоод байна

Энэ бол “Сэтгэлийн дэм” төсөлд хамрагдсан 34 настай Б.Э……гийн яриа. Тэр 4-10 насны дөрвөн хүүхдийн ээж. Түүний эргэн тойрны найз нөхдийн дунд ч дөрвөөс дээш хүүхэдтэй, олон жил гэртээ суусан, амьдралд түүртсэн, стресс бухимдлаа хэрхэн гаргахаа мэдэхгүйгээс уурлаж, уйлах нь их, бас ганц нэг шил шар айраг уухыг стрессээ тайлж байна гэж ойлгодог эмэгтэйчүүд олон. Одоо харин өөр шиг нь амьдралыг туулж яваа  эмэгтэйчүүдийг энэ сургалтад дагуулаад ирэх юмсан, эмэгтэйчүүд бид өөрийгөө хайрлаж, өөртөө цаг гаргаж, үр хүүхэд, хань нөхрөө, хорвоог  хайрлаж харснаар, хайртай хүмүүстэйгээ сэтгэлээ нээж ярилцсанаар амьдралыг гэрэл гэгээтэйгээр харж, өөрчилж болдог юм байна гэдгийг ойлгуулахсан гэж хүсдэг болсон гэнэ.

Орон Нутгийн Санаачилгыг дэмжих Канад сан  хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Монголын Буддын Соёлын Төв” ТББ-аас Баянзүрх дүүргийн 11-р хороонд “Сэтгэлийн дэм” төсөл хэрэгжүүлж байна. Төсөлд Баянзүрх дүүргийн 11-р хорооны 20 гаруй эмэгтэй хамрагдаж байгаа юм. Тэд эмэгтэйчүүдийн дэмжих бүлэгт хамрагдсанаар амьдралыг өмнөхөөсөө өөрөөр хардаг болж, ирээдүйдээ итгэх болсноо, харилцааны ур чадвараа нэмэгдүүлснээ ам уралдан ярьж байна.

                                                                                                                              2024.1.15

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Д.Отгонжаргал: Өдөрт 1000 төгрөгөөр дөрвөн удаа зорчих нь иргэдэд хүндрэлтэй тусахгүй DNN.mn

Нийтийн тээврийн автобусны чиглэлийг өөрчлөх шийдвэр гарсан. Уг асуудлаар нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргалаас тодруулга авлаа.


-Нийтийн тээврийн чиглэлийг өөрчилсөн. Чухам яагаад ийм шийдвэр гаргасан юм бэ?

-Өнөөдрийн байдлаар 110 чиглэлд 1075 автобус үйлчилгээнд гарах хуваарьтай ажиллаж байна. Харин энэ төлөвлөлтийн дагуу үйлчилгээнд явж байгаа их багтаамжийн автобусыг харвал баруунаас зүүн, зүүнээс баруун, урдаа хойшоо, хойноос урагшаа гээд бүх тээврийн хэрэгсэл Энхтайваны өргөн чөлөөгөөр ороод гардаг. Олон улсын хэмжээнд нэг чиглэлийн автобусанд суугаад очих газартаа хүрдэг төлөвлөлтийг хийдэг.

Нэг хүн А цэгээс Б цэгт хүрэхдээ нэг автобусаар л зорчино гэсэн үг. Гэхдээ өнөөдрийн байдлаар Энхтайваны өргөн чөлөөнд нийтдээ 22 чиглэл давхцаж байгаа нь замын түгжрэлд нөлөөлж байна гэж харж байна. Тиймээс дахин төлөвлөлтөөр энэ 22 чиглэлийг давхцуулахгүйгээр хийж байгаа. Тодруулбал, Таваншараас Офицеруудын ордон хүртэл нэг чиглэл болгоод 35 автобус үйлчилгээнд явна.

Ингэснээр зарим тохиолдолд иргэд хоёр автобус дамжин зорьсон газартаа хүрэхэд өнөөдрийн туулж байгаа хугацаа нь багасна гэсэн тооцоо гарсан. Мөн Зунжингаас Сүхбаатарын талбай ороод буцаад Зунжин явдаг. Хан-Уул дүүргээс Сүхбаатарын талбай ороод буцаад Хан-Уул дүүрэг явахыг бид босоо чиглэл 1, 2 гэж хуваасан. Үүнээс гадна баруун талаас ирсэн автобус шууд хотын төв хүртэл явдаг байсныг болиулж Таваншараас буцах, зүүн талынх нь Офицеруудын ордноос буцаад явдаг байдлаар зохицуулж байгаа. УИХ-ЫН ЧУУЛГАН Ингэж дамжин суугаад явбал замын түгжрэл бууруулахаас гадна иргэдийн цаг хугацааг хэмнэнэ.

-Нэг өдөрт хэдий хэмжээний зорчигч нийтийн тээврээр үйлчлүүлдэг вэ?

-Цахим картын тоогоор өдөртөө 520 мянга орчим гэж гардаг. Үүн дээр бэлэн мөнгөөр зорчдог иргэд 15-20 хувь байна гэсэн судалгаа бий.

-Богино маршрут гэж юуг хэлж байна вэ?

-Үндсэн зургаан чиглэлээ тойроод хотын найман тойрогт 92 автобус явна. Бусад замуудаар 40 богино эргэлтийн чиглэлд 490, хот орчмын 15 чиглэлд 89 автобус иргэдэд үйлчилнэ. Мөн их багтаамжийн автобус явах боломжгүй хотын захын хорооллууд буюу нэгдүгээр хорооллын ар, Чингэлтэй хойд, Баянзүрхийн хойд тал гэх мэт чиглэлийн гэр хорооллуудад таван чиглэлд 25 дунд багтаамжийн автобус явуулахаар болсон. Тэгэхээр иргэд энэхүү дунд оврын автобусанд сууж ирээд төв замын автобусандаа дамжин суух боломжтой. Ингэж богино маршрутыг зохион байгуулснаар нийтийн тээврийн автобусны ашиглалтын хурд 11-13 км/ц байгааг 18-20 км/ц болгон нэмэгдүүлэх боломжтой. Харин чиглэлийн эргэлтийн хугацаа одоо 100 минут байгаа бол үүний дараа 70 минут болж багасна. Энэ бүх өөрчлөгдсөн чиглэлийнхээ мэдээллийг бид видео, аппликейшн, хэвлэмэл материал зэргээр иргэддээ танилцуулахаар төлөвлөж байна. Мөн автобус, автобусны буудлууд дээр QR код тавина. Түүнийг иргэд маань гар утсаараа уншуулаад тодорхой мэдээллүүдийг авч болно.

-Чиглэлийг өөрчилж, богино маршрут зэргийг нэмж гаргаснаар жолооч нарын ачаалал буурах уу?

-Манай жолооч нарын цай уух, бие засах боломж зэргийг бүрдүүлэхээр Нийтийн тээврийн газар захын буудлууд дээр үйл ажиллагаа явуулдаг зургаан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажилладаг. Богино эргэлт бол цаг хугацааг хэмнэхээс гадна жолоочийн ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ. Урт чиглэл буюу хойноос гараад Энхтайвны өргөн чөлөөгөөр нэвт гарч урагшаа 18, 22, 25 километр явдаг байсан. Мөн нийтийн тээврийн жолооч нарын гар дээр авдаг цалинг 3.5 сая төгрөг болгох зорилтыг нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар дэвшүүлээд НИТХ-аар батлуулахаар ажиллаж байна.

Энэ батлагдчихвал жолооч нарт маань бодитой нэмэр болно гэж үзэж байгаа. Үүнээс гадна жолооч нараа тогтвортой ажиллуулахын тулд орон сууцны хөнгөлөлттэй нөхцөлд хамруулахаар ажиллаж байна. Ноднин жилийн хувьд манай салбарт 221 жолооч дутагдалтай байна гэсэн тооцоо гарсан. Ер нь 1000 автобус үйлчилгээнд явахад хоёр ээлжийн 2000 жолооч хэрэгтэй. Тиймээс цалин нэмэгдэж, нийгмийн баталгаа нь хангагдаад ирэхээр жолоочоор ажиллах хүмүүсийн хүсэл сонирхол нэмэгдэнэ.

-Оюутнуудын хөнгөлөл тийн картыг хүчингүй болгох тухай яриа гарсан. Энэ юу болсон бэ?

-Засгийн газрын тогтоол ноднин жилийн гуравдугаар сард гарсан. Уг тогтоолоор хотын даргад оюутны зорчилтыг хоёр дахин нэмэгдүүлж, үүнд шаардлагатай нөхөн олговорыг НИТХ-аар төсвийг батлуулах үүрэг, чиглэл өгсөн. Үүний дагуу НИТХ-ын 2023 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн төсөв батлах тогтоол дээрээ оюутнуудын зорчилтод олгох нөхөн олговрын хэмжээг 12.3 тэрбум төгрөг байхаар тусгасан. Энэ нь өнгөрсөн 2022 оныхоос хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт. Тиймээс энэ онд оюутнууд нөхөн олговроор зорчих нь хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй.

-Нийтийн тээврийн картыг өдөрт 1000 төгрөг, дөрвөн удаа зорчдог байхаар бас ярьж байсан?

-Энэ асуудал НИТХ-аар орж хэлэлцэгдэнэ. Ер нь нэг өдөрт 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчих нь иргэдэд хүндрэлтэй тусахгүй. Өнөөдөр нэг иргэн өглөө гэрээсээ гараад орой харихдаа 1000 төгрөгөөр л зорчиж байгаа шүү дээ. Харин ч дөрвөн удаагийн зорчилтыг 1000 төгрөг болгох асуудлыг бид судлаад оруулж байгаа юм. Гэхдээ үүний дүн хэрхэн гарах вэ гэсэн судалгааг энэ сарын 20-ноос тодорхой хугацаагаар хийнэ.

-Парк шинэчлэлийн хүрээнд шинэ автобусууд орж ирж байгаа. Эдгээрийг улсын болоод хувийн компаниудад хэрхэн хувиарлах вэ?

-Ноднин жил байгуулагдсан гэрээ ёсоор БНХАУ-аас их багтаамжийн 600 автобусыг 2023 оны 12 дугаар сарын 28-наас энэ оны хоёрдугаар сарын 2-ны хооронд ирүүлнэ гэсэн графиктайгаар ажиллаж байгаа. Үүнээс одоогийн байдлаар дөрвөн удаагийн тээвэрлэлтээр нийт 185 автобус ирчихээд үйлчилгээнд гарахаар бэлтгэл ажлыг нь хангаж байна. Төлөвлөгөөний дагуу бид энэ сардаа үлдсэн автобусуудаа аваад хамгийн сүүлд ирэх сарын нэгэнд 65 автобус очиж авснаар дуусна. Үйлдвэрлэгч компаниас заасан хугацаандаа амжиж нийлүүлнэ гэсэн мэдээлэл өгсөн. Бид 50, 50-иар нь авч байгаа шалтгаан нь нийтийн тээврийн автобусны жолооч нарын хүрэлцээ дутмаг байгаатай холбоотой. Дээрээс нь хэт олноор замд явуулах юм бол замын хөдөлгөөнд оролцож байгаа бусад хүмүүст хүндрэл учруулна гэж тооцсон.

Хуваарилалтын хувьд гэвэл Зорчигч тээврийн нэгтгэлд эхний 35 автобус хуваарилагдаад үйлчилгээнд гарсан. Нэмээд төрийн болон орон нутгийн өмчит хоёр, хувийн хэвшлийн 16 компани байгаа. Хувийн хэвшлийн эдгээр компаниуддаа нийслэлийн нэгж болох Улаанбаатар хөгжлийн корпорациар дамжуулан таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх нөхцөлөөр өгөхөөр ярилцаж байна. Гэхдээ энэ автобус маань 275.980.200 төгрөгийн үнэтэй учраас хувийн компаниуд маань хугацааг нь 8-9 жил болгож өгөөч гэсэн хүсэлтүүд ирсэн. Тиймээс энэ асуудал хэлцлийн түвшинд явж байгаа.

-“Ногоон автобус”-ны хэрэгтэй холбогдуулан тухайн хувийн компанийн дөрвөн ч объектыг төр мэдэлдээ авсан гэдэг мэдээлэл байгаа. Ер нь энэ асуудал юу болж байна вэ?

-Их багтаамж болон дунд багтаамжийн, цахилгаан автобус нийлүүлэх гэрээ ноднин байгуулагдсан. Энэ гэрээний нэг, хоёр дахь заалт хэрэгжсэн. Цахилгаан автобус 160 ирэхээс 55 нь үйлчилгээнд явж байна. Мөн дунд багтаамжийн дизель хөдөлгүүртэй 50 автобус хүлээж аваад үйлчилгээнд гаргахад бэлдсэн байгаа. Харин энэ гэрээгээр их багтаамжийн 100 автобусыг “Тэнүүн-Огоо” оруулж ирсэн ч олон нийтийн шүүмжлэлд өртсөн. Улмаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Энэ хэргийн иргэний нэхэмжлэгчээр намайг нийслэлийн Засаг даргаас томилж оролцуулсан. Харин эрүүгийн хэргийн яллагдагч иргэн Г-гээс учирсан хохирол дотор өөрийн нийтийн тээврийн салбарт хийж хэрэгжүүлсэн автобааз, үл хөдлөх хөрөнгө, газар, шатахуун түгээх станц, угаалга болон засварын цехийг үнэлүүлж, өр төлбөртөө тооцуулъя гэдэг хүсэлт гаргасан. Эдгээр нь одоогийн байдлаар 66 орчим тэрбум төгрөгийн объект байгаа юм. Бид үнэлгээ, байршил, газруудын талаар нийслэлийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр танилцуулсан.

Энэ зөвлөгөөнөөс эдгээрийг дахин үнэлүүлэх, гуравдагч этгээдэд барьцаанд байна уу гэдгийг нягтлах, нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглах боломжтой, үнэ нь зах зээлийн ханшид нийцэж байна гэсэн шийдвэр гарвал авах эсэх асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Харин их багтаамжийн ногоон өнгөтэй 100 автобус тухайн аж ахуйн нэгжийн мэдэлд байгаа. Эдгээрээс нийтийн тээвэрт нэг нь ч гараагүй, одоо явж байгаа ногоон өнгөтэй нь цахилгаан автобус байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн замд халтиргаа, гулгаа үүсэж байна DNN.mn

Өнөөдөр буюу 2024 оны нэгдүгээр сарын 18-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 19-нд нутгийн өмнөд хэсгээр, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

Цас орсон нутгуудаар халтиргаа, гулгаа үүсэж байгааг анхааран шаардлагагүй тохиолдолд холын чиглэлд зорчихгүй байх, зайлшгүй зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн эзэмшигчид хол, ойрын замд гарахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж зорчихыг Автотээврийн үндэсний төвөөс анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Иргэд цагаан сараас өмнө ногдол ашиг авахыг шаардаж, нүцгэлэв DNN.mn

Цагаан сараас өмнө 1072 хувьцааны ногдол ашиг авахыг шаардаж иргэд нүцгэлэв.


Иргэн Г.Хажидмаа “Бидний зүгээс төр засгийн удирдлагуудаас хоёр жил шаардсаны эцэст иргэддээ ногдол ашиг өгөхөөр тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцлээ. Гэсэн ч тус тогтоолын төсөлд бидний хүсэж байсан үр дүнг тусгаж өгөөгүй байна.

2018 онд нийт хүн амын 50 хувь нэн ядуу гэж байсан бол өнөөдөр УИХ-ын индэр дээрээс 75 хувь нэн ядуу болсон байна гэх зүйлийг гишүүд ярьж байна. Энэ бол төр засаг барьж байгаа хүмүүс улсыг удирдаж чадахгүй байгаагийн илрэл юм. Амьжиргаа доройтсон энэ үед ногдол ашиг олгохоо яагаад хойшлуулаад байна вэ? Иргэдээ баялагтаа эзэн байхад УИХ-ын гишүүд саад болж байна. Бидний зүгээс Монгол Улсын ерөнхийлөгчид шаардлага хүргүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуульд улсын эд баялгийг иргэн бүрд илүү хувийг олгоно гэж заасан заалт хэрэгжихгүй байна” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнгөрсөн онд нийт 64.3 мянган хүүхэд мэндэлжээ DNN.mn

Өнгөрсөн онд нийт 64.3 мянган хүүхэд мэндэлсэн нь өмнөх оноос 1.3 мянгаар буурсан үзүүлэлт юм.

Нийт төрсөн хүүхдийг сараар нь авч үзвэл  гуравдугаар сард хамгийн их буюу 5.9 мянган хүүхэд төрсөн бол арванхоёрдугаар сард хамгийн бага буюу 4.9 мянган хүүхэд мэндэлжээ.

Нийт амьд төрсөн хүүхдийн 62.2 мянга нь төрсний дараа нэг цагийн дотор хөхөө амласан бол 456 нь төрөлхийн гажигтай, 2804 нь 2500 граммаас бага жинтэй төржээ. Амьгүй төрөлтийн түвшин мянган нийт төрөлтөд тав ногдож байна.

Улсын хэмжээнд 2023 онд нас баралтын 17.5 мянган тохиолдол бүртгэгдсэн нь 2021оноос 2.4 мянга, 2022 оноос 0.4 мянгаар буурсан үзүүлэлт юм. Нийт нас баралтын 5537 нь эмнэлэгт, 11996 нь гэрийн (бусад газарт) нас баралт байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Увсын Малчин суманд хамгийн их буюу 37 см цасан бүрхүүл тогтжээ DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн өмнөд хэсгээр цасгүй, бусад нутгаар 0.0-37.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Үүнээс хамгийн их нь Увсын Малчинд 37.0 см, Сагилд 32.0 см, Баруунтуруун, Давст, Хяргаст 30.0 см, Увсын Улаангом, Сэлэнгийн Бугантад 29.0 см, Зүүнговь, Завханы Баянтэс, Төв аймгийн Эрдэнэсантад 26.0-28.0 см, бусад хэсгээр 0.0-25.0 см цасан бүрхүүл тогтжээ.

Ихэнх нутгаар салхи секундэд 3-8 метр, говь, талын нутгаар секундэд 10-12 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор өчигдөр 0.3-0.6 мм, өнгөрсөн шөнө 2.0 мм цас орсон. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө 11-13 хэм, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21 хэм, бусад хэсгээр 15-16 хэм хүйтэн хоносон байна.

Categories
мэдээ нийгэм

“Говийн чоно-2024” олон улсын сургалт ирэх тавдугаар сард болно DNN.mn

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг Номхон далайн командлалтай хамтран “Говийн чоно-2024” олон улсын сургалт, дадлагыг ирэх тавдугаар сард зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Энэ хүрээнд төлөвлөлтийн баг Дорнод аймагт ажиллаж, сургуульд оролцох бүрэлдэхүүн, сургалтын хэрэгцээ шаардлага, орон нутагт тохиолддог болон өндөр эрсдэлтэй гамшгийн талаар судалж, сургуулийн үеэр заах хичээлийн сэдвийг боловсруулахаар ажиллаж байгаа юм.

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Дасгал сургуулийн удирдагч, АНУ-ын Номхон далайн хуурай замын цэргийн командлагч, Хошууч Марл Пасибэгээр ахлуулсан ажлын хэсгүүд хоёр талын уулзалтыг зохион байгуулж, сургалт, дадлагын хөтөлбөр, зохион байгуулалтын талаарх ажлыг хэлэлцэн, тодорхой шийдвэрүүдийг гаргана.

Дунд шатны төлөвлөлтийн уулзалт энэ сарын 19-нийг дуустал үргэлжилнэ.