Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зам, талбайд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж 41 тонн бодис, 34 тонн давс цацаад байна DNN.mn

Нийслэл Улаанбаатар хотод нэгдүгээр сарын 19-ний 05:00 цагийн орчмоос цас орж эхэлсэн.

Нийтийн эзэмшлийн авто зам, гудамж, талбайн цас цэвэрлэгээний ажилд Хот тохижилтын газар болон дүүргүүдийн ТҮК, гэрээт аж ахуй нэгж, байгууллагуудаас нийт 671 ажилтан, албан хаагч, тусгай зориулалтын 53 машин техниктэй ажиллаж байна.

May be an image of 3 people and text

Мөн авто зам, талбайд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж 41 тонн бодис, 34 тонн давс цацаад байна.

Мөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг ойр орчмынхоо 50 метр хүртэлх зам, талбайг цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэхийг уриалж байна.

Categories
гадаад мэдээ

Дэлхийн тэргүүн баян Бернард Арно DNN.mn

“Forbes” сэтгүүл энэ оны дэлхийн хамгийн баян 10 хүний чансааг гаргажээ. Энэ жил дэлхийн хамгийн баян тэрбумтнуудын жагсаалтын эхэнд нэгэн шинэ хүн орсон нь “Louis Vuitton Moet Hen­nessy” группийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Бернард Арно байв. Түүний араас Илон Маск, Жефф Безос нар оржээ.

“Forbes” сэтгүүл “Өнгөрсөн он манай гаригийн 2640 тэрбумтнуудын ихэнхийн, тэр дундаа тэргүүлэгчдийн хувьд уналтын жил байлаа” гэж онцолжээ. Тус сэтгүүлээс өнгөрсөн мягмар гаригт гаргасан Дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад дэлхийн хамгийн баян 25 хүний нийт хөрөнгө 2022 оны 2.3 их наяд доллараас 200 тэрбум доллароор буурч, 2.1 их наяд ам.доллар болсон гэдгийг онцолж “Шилдэг 25-ын гуравны хоёр нь өмнөх жилийнхээс ядуу болсон бол нийт баячуудын тал орчим хувь нь урд оноос ядуурсан” гэж бичжээ. Тухайлбал, “Амазон”-ы хувьцаа 38 хувиар унаснаар Жефф Безос хамгийн их мөнгөө алдсан хүн болж, Безосын хөрөнгийг 57 тэрбум доллароор бууруулан 2022 онд дэлхийн хоёрдугаар байрнаас энэ жил гуравдугаарт оруулсан байна. Энэ жилийн хоёр дахь том “ялагдагч” Илон Маск, “Тесла”-гийн хувьцаагаа зарж Твиттерийг өндөр үнээр худалдан авсныхаа дараа дэлхийн хамгийн баян хүн гэсэн цолоо алдаж, хөрөнгө нь 39 тэрбум доллароор буурч чансааны хоёрдугаарт бичигдэх болсон байна. Иймээс энэ жилийн тэргүүлэгчээр тансаг зэрэглэлийн барааны аварга “LVMH” компанийн тэргүүн Бернард Арно тодорчээ.

Тэрбээр өнгөрсөн онд 53 тэрбум долларын орлого олсон нь ямар ч тэрбумтнуудаас илүү үзүүлэлт бөгөөд анх удаа баячуудыг чансааг тэргүүлсэн байна.

Испанийн жижиглэнгийн худалдаачин Амансио Ортега (+17.7 тэрбум доллар), “Bloomberg LP”-ийг үүсгэн байгуулагч, Нью-Йорк хотын дарга асан Майкл Блүүмберг (+12.5 тэрбум ам.доллар), Мексикийн харилцаа холбооны магнат Карлос Слим Хэлу(+11.8 тэрбум доллар)гэх мэт “Шилдэг 25”-ын найман гишүүн л 2022 оны зэрэглэлээс хойш илүү баяжиж чадсан юм байна.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

ЗТХЯ: 560 км авто зам ашиглалтад хүлээн авчээ DNN.mn

2023 онд нийт 560 км авто зам ашиглалтад хүлээн авлаа.

Олон жил удааширсан Улаанбаатар-Дархан чиглэлийн хоёр урсгал, дөрвөн эгнээ авто замын хөдөлгөөнийг бүрэн нээсэн.

Шинэ сэргэлтийн “Таван цагариг” зорилт дэвшүүлж Монгол Улс урд, хойд хөрш Ази Европыг холбосон авто замын босоо 5, хэвтээ 2 коридортой болохоор ажиллаж байна.

Ингэснээр Монгол Улс бүх аймгийн төвүүдээ өөр хооронд нь хатуу хучилттай авто замаар холбох Мянганы замын хоёр дахь довтолгоог эхлүүлж байна.

Тухайлбал, Хэнтийн Дадалаас Ховдын Булган, Дорнодын Халхголоос Баян-Өлгийн Цагааннуур хүртэл, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Хэнтий, Дорнодоос БНХАУ руу, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатараас ОХУ руу холбогдох авто замын 7 коридортой болох юм гэж ЗТХЯ-наас мэдээллээ.  

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Халтирч бэртсэн иргэдийн тоо 2023 онд 8547 болж, өмнөх жилээсээ 43 хувиар өсчээ DNN.mn

Хүйтний улиралд халтиргаа, гулгаа үүссэнээс улбаалж, унаж, бэртэж, гэмтсэн гэх шалтгаанаар ГССҮТ-д

  • 2021 онд 111,940
  • 2022 онд 153,365
  • 2023 онд 168,280 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.

Үүнээс цас, мөсөн дээр халтирч унасан гэх өгүүлэмжтэй иргэн 2021 онд 3,849, 2022 онд 5,964, 2023 онд 8,547 ханджээ.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд орчны аюулгүй байдлыг хангуулах чиг үүргийг Нийслэл хариуцахаар хуульчилсан” гэлээ.

Эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.3 дахь хэсэгт зааснаар “иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн өмч, эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх газрын хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах, ногоон байгууламжийн арчилгааг хийх”, 13.1.6-д энэ хуулийн 4.4.3-т заасан нийтийн эзэмшлийн зам, талбайг хог хаягдал, тогтоол ус, цас, мөсгүй байлгах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, шат, хашлага, хайсыг бүрэн бүтэн байлгах, Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.10-т зааснаар “заасан нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас, мөсийг цэвэрлэх” үүрэгтэй.

Мөн Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.12-т зааснаар “нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хилийн заагийг тогтоох” асуудлыг сум, дүүргийн Засаг дарга хариуцна гэж заасан.

Төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй бүх байгууллага харьяалах чиглэл, эрх үүргийн хүрээнд хүний эрхийг сахин хамгаалах үүрэгтэй.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11-д зааснаар төрийн байгууллага, албан тушаалтан хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх үүргийн хэрэгжилтэд энэ хууль болон бусад хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавих үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл төрийн байгууллагууд хүний эрхийг хамгаалах үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаад ХЭҮК хөндлөнгийн хяналт тавьдаг хараат бус бие даасан байгууллага юм.

Дээрх бэртэж, гэмтсэн иргэдийн тоон мэдээллээс үзэхэд тоон үзүүлэлт жил ирэх тусам өссөн дүнтэй байгаа нь иргэдийн эрх хөндөгдөж байгааг харуулж байна. Иймд орчны аюулгүй байдалд хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллагууд хяналтаа сайжруулж, ажлаа зөв зохион байгуулах, аж ахуйн нэгж байгууллагууд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэх нь зүйтэйг ХЭҮК-оос зөвлөж байна.

Categories
мэдээ спорт

Ичиножёогийн А.Ичинноровын зодог тайлах ёслол ирэх сард болно DNN.mn

Японы мэргэжлийн сумод үлэмж биеэрээ танил болсон сэкивакэ асан Ичиножёо А.Ичинноров өнгөрсөн оны тавдугаар сард зодог тайлахаа зарласан билээ.

Нийт 55 башёд барилдахдаа 408 давж, 328 унасан юм. А.Ичинноров дээд зиндаанд нэг, жюүрёод хоёр удаа түрүүлж, зургаан тусгай шагнал хүртсэнээс гадна өдгөө барилдаж буй сумочдоос хамгийн их буюу есөн кинбоши шагнал гардсан байдаг. Тэгвэл түүний зодог тайлах ёслол ирэх сарын 11-нд Токио хотод болох тов гарсан.

Categories
мэдээ нийгэм

Баабарыг “Ардын бослого” гэж хэлснийх нь төлөө цагдаа шалгаж эхэлжээ DNN.mn

Нийтлэлч Баабар буюу Б.Батбаярыг хуулийн байгууллагаас дууджээ. Тодруулбал, түүний эсрэг иргэн Б.Зинамидар прокурорын байгууллагад гомдол гаргасан байна. Гомдлын агуулга нь нийтлэлч Баабарын 1990 оны гуравдугаар сард Социал демократ намын хурал дээр илтгэл тавихдаа 1932 оны лам нарын бослогыг ардын бослого гэж нэрлэсэн нь буруу, үүнд арга хэмжээ авч өгнө үү гэж Улсын ерөнхий прокурорт ханджээ.

Гэтэл УЕПГ-аас Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт хандаж “Сүхбаатар дүүргийн XX хорооны иргэн Б.Зинамидараас тус прокурорын газарт хандаж гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авч хянаад, мөрдөн шалгах ажиллагаа явуулах харьяаллыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт, прокурорын хяналтын харьяаллыг танай дүүргийн прокурорын газарт тус тус тогтоож, шалгуулахаар хүргүүлэв” гэжээ

Үүний дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс нийтлэлч Баабарыг мэдүүлэг өгөхийг хүсчээ. Энэ талаар цахим сүлжээнд хүмүүс “35 жилийн өмнө хурлын илтгэлд хэлсэн үгийн хэргээр энэ олон жилийн дараа гомдол босч ирдэг нь сонин байна. Ийм хэрэг өөрийнх нь институтад хамаардаггүй гэж Улсын ерөнхий прокурор гомдол гаргагчид буцаадаг болохоос цагдаад хандан шалгуулах ёсгүй баймаар юм. Орост бохир, заль мэхний сэдэлтэй зохиомол хэрэг боохдоо өндөр настан, ахмад дайчдаар гомдол өгүүлдэг арга дэлгэрсэн. Тэндээс санаа авсан байж болох. Навальныйг ахмад дайчныг нийгмийн сүлжээнд харлуулсан гэж шоронд хийж. Зөнөөд юу ярьж буйгаа мэдэхгүй өвгөний ач хүү нь гэх ажилгүй нөхөр гомдолд өвгөнөөр гарын үсэг зуруулсан байсан” гэх зэргээр үзэл бодлоо илэрхийлсэн байв.

Харин хууль зүйн талаас энэ үйл явдлыг хуульчид “Прокурорын байгууллагын албан бичгээс харахад хэрэг бүртгэлт биш бүр мөрдөн байцаалт явуулах буюу аль дээр хэрэг үүсгэчихсэн байгаа дүр зураг харагдаж байна. Хамгийн ноцтой нь цагдаа шалгаад прокурор хянаад Түүх ийм байж. Түүнийг Баабар буруу бичсэн байна” гэж дүгнэх боломжгүй.

Түүхийг прокурорын байгууллага дэнсэлж болохгүй. Хууль зүйн систем арай ч ингээд тэнэг болчихно эсвэл захиалгаар байсан ч гүйцэтгэгчид нь ийм тэнэг зүйл хийхгүй байх. Нөгөө талаар 1990 оны үйл явдлыг шалгахад одоогийн хүчин төгөлдөр хууль үйлчлэхгүй. Өөр хэрэгт холбогдогчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэхгүй буюу өмнө үйлчилж байсан бага ялтай хуулиар зохицуулдаг. 1990 оны гуравдугаар сард болсон үйл явдлыг одоо гомдол гаргаад шалгуулдаг ойлголт байх боломжгүй. Хөөн хэлэлцэх хугацаа зэрэг олон асуудал бий. Энэ бол хэрэг гэж үзэх боломжгүй. Тиймээс хэрэгсэхгүй болгох ёстой” гэдгийг хуульчид онцолж байна.

Дашрамд дурдахад, Б.Зинамидар нь 1933 онд төрсөн тагнуулын хурандаа хүн ажээ.

Categories
мэдээ нийгэм

ҮББХ: Тогтоолуудын хэрэгжилттэй танилцаж, хяналт шалгалтын тайлангуудыг хэлэлцжээ DNN.mn

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд найман удаа хуралдаж, хуулийн нэг, Байнгын хорооны тогтоолын таван төсөл дээр ажиллан, хяналт шалгалтын зургаан тайлан, яам, агентлагийн дөрвөн мэдээллийг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тодруулбал, Улсын Их Хурлын хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэх чиглэлээр түлхүү ажилласан талаараа Байнгын хорооны дарга Г.Ганболд өнөөдөр (2024.01.18) гишүүдийн хамт сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө нэг бүрчлэн дурдав.

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж, гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Ж.Батжаргал, Г.Тэмүүлэн, С.Чинзориг нар ажиллаж байгаа юм.

Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ хэвлэлийн бага хурлын үеэр хийсэн мэдээлэлдээ, Хөдөө аж ахуйн бирж одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд бүрэн утгаараа ажиллаж чадахгүй байгаа, зөвхөн ченжүүдийн цуглуулсан түүхий эдэд хил, гаалиар гаргах зөвшөөрлийн бичиг олгож, хураамж авах ажил хийж байна гэсэн юм. Тэрбээр, хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тус бирж дээр хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн арилжаа бодитойгоор ил тод, нээлттэй явагдаж байх, мөн улсын хэмжээнд бүх сумдад биржийн салбар ажиллаж байх зохицуулалтуудыг төлөвлөж байна хэмээн ярив.

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнгөрөгч онд байгуулж ажиллуулсан “Улаанбаатар хот, орон нутагт хялгас ялгахаас дээш боловсруулалт хийх үйлдвэрүүдийн хүчин чадал, суурилагдсан тоног төхөөрөмжийн талаар хяналт, шалгалт хийх” үүрэг бүхий Ажлын хэсгийнхээ тайланг хэлэлцээд “Засгийн газарт чиглэл” өгөх тухай Байнгын хорооны 2023 оны 07 дугаар тогтоолыг баталсан байна. Уг тогтоолоор дэлхийн зах зээл дээр ноос, ноолуурын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ноос, ноолуурын боловсруулах салбарын технологи хөгжүүлэлт, хүний нөөцийг бэлтгэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт чиглэл болгожээ.

Мөн, Тавантолгой–Гашуунсухайт, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгий талаарх Үндэсний аудитын газрын тайланг хэлэлцэж, “Засгийн газарт чиглэл” өгөх тухай Байнгын хорооны 2023 оны 08 дугаар тогтоолыг баталжээ. Тогтоолд, төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг шинэчлэн боловсруулах Ажлын хэсэг байгуулж ажиллуулах, хил холболтын ажлыг эрчимжүүлэх, төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцсон аж ахуйн нэгжүүдийн өр, төлбөрийг барагдуулах асуудлуудыг тусгасан байна.

Улсын Их Хурлын Байнгын хороод эрхлэх асуудлын хүрээний салбар, байгууллагууд, холбогдох асуудлын талаар мэдээлэл, тайлан сонсож, шаардлагатай тохиолдолд Засгийн газарт чиглэл өгч ажилладаг. Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хэрэгжилт, биржээр арилжаалах уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төрийн санхүүгийн бүтцийг оновчтой болгох, зах зээлийг тэлэх, борлуулалтыг нэмэгдүүлэх, дотоодын сүү, сүүний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, борлуулалтын тогтолцоог төлөвшүүлэх, урамшуулал олгох хугацааг сунгах, газрын тос боловсруулах үйлдвэр, Дархан арьс ширний цогцолбор, Эмээлт эко аж үйлдвэрийн болон Шинэ Ховд үйлдвэрлэл, технологийн паркын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр Засгийн газарт чиглэл өгсөн 2022 оны 05, 07, 08 дугаар, 2023 оны 01, 03, 04 дүгээр тогтоолуудынхаа хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонссон байна. Эдгээр асуудлуудаар тулгамдаж байгаа бэрхшээлийг шийдвэрлэж, гацааг арилгах, зохион байгуулалтыг сайжруулах, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, шаардлагатай тохиолдолд эрх зүйн орчныг сайжруулах талаар санал болосруулах чиглэлээр тодорхой үүрэг, чиглэлийг Засгийн газар болон холбогдох байгууллагад өгчээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Амаржаргал: Бусдыг гутаан доромжилж байгаа иргэн Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж байна гэсэн үг DNN.mn

Хууль зүйн ухааны доктор, дэд профессор П.Амаржаргалтай ярилцлаа


-Үндсэн хуулиар иргэн ямар хариуцлага хүлээдэг юм бэ. Яагаад үндсэн хуульд иргэний үүргийг заадаг талаар ярихгүй юу?

 

-Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1-т иргэний үндсэн дөрвөн үүргийг заасан байдаг. Үүнд Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараахь үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ гэж заасан байгаа. Харин 17.1.1-т Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 17.1.2-т хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, 17.1.3-т хуулиар ногдуулсан албан татвар төлөх, 17.1.4-т эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үүрэгтэй.

 

Харин 17.2-т журамт үүргийг заасан байдаг. Тодруулбал, Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн гэж заасан байгаа.

Үндсэн хуулиар иргэний үндсэн үүргийг яагаад заадаг вэ гэхээр хуулиар заавал зайлшгүй гүйцэтгэх ёстой үүргийг зааж өгдөг. Хэрвээ үүнийг биелүүлээгүй тохиолдолд хууль зүйн хариуцлага хүлээдэг. Ингэхдээ хууль зүйн зөрчлөөсөө шалтгаалж эрүүгийн, иргэний хариуцлага хүлээдэг. Үндсэн хуульд заасан заалт учраас ихэвчлэн эрүүгийн хариуцлага хүлээх магадлал өндөртэй байдаг. Ингэж үндсэн үүргийг заадаг. Хоёрдугаарт нь, Монгол Улсын бүх иргэн, Монгол Улсад оршин сууж байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн тэгш үндсэн үүргийг биелүүлэх үүрэгтэй байдаг. Тэгш гэдэг нь алагчлалгүйгээр нийтээрээ дагаж мөрдөнө гэсэн үг.

-Журамт үүрэг нь үндсэн үүргээс юугаараа ялгаатай вэ?

-Журамт үүргийг заавал биелүүлэх албагүй. Биелүүлж ч болно. Биелүүлэхгүй байж ч болно гэсэн үг. Хуулийн хариуцлага хүлээхгүй. Та ийм үүрэгтэй гэдгийг л сануулж байгаа хэлбэр. Манай улс 1924, 1940, 1960, 1992 оны бүх Үндсэн хуульд ерөнхий агуулгаараа байсан.

Жишээлбэл, 1924 оны Үндсэн хуулийн 34 дугаар зүйлд цэргийн алба хаана, 1940 оных дээр цэргийн алба хаах, татвар төлөх үүргүүдийг тусгасан. 1992 оны Үндсэн хуулиар үүнийгээ өргөжүүлсэн. Энэ жил Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ой тохиож байна. Үндсэн хуульд ийн дөрвөн үндсэн үүрэг, дөрвөн журамт үүргийг заасан байдаг.

-Иргэд нэгнээ гадаад үзэмж ч юм уу, янз бүрийн байдлаар гутааж доромжлох тохиолдол байна. Ялангуяа сошиал сүлжээнд. Хэдийгээр Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх санкцтай ч давхар Үндсэн хууль зөрчсөн хэрэг болох нь, тийм үү?

-Тийм. Энэ бол Үндсэн хуулийн 17.1.2-р заалтыг зөрчиж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хүний нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг гутаан доромжилж байна гэдэг нь Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж байна гэсэн үг.

Үндсэн хуулийн үүргийг салбар хуулиар баталгаажуулж явуулдаг. Үндсэн хууль бусад хуулийг дээдлэн сахих Үндсэн хуулийн энэ үүргийг хууль уншаагүйгээс ч юм уу зөрчсөн бол хууль зүйн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж хуульд заасан байгаа. Жишээлбэл, нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон бол хүлээх хариуцлага нь Иргэн, Эрүүгийн хуулиар зохицуулагдаж байгаа.

Үндсэн хуулийн дараагийн зүйлд заасан хуулиар ногдуулсан албан татвар төлөх заалт Татварын хуульд байгаа. Иргэн та хэдэн хувийн татвар төлөх зэрэг нарийвчлан зохицуулсан байгаа.

Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үүрэг Батлан хамгаалах, цэргийн хуулиудаар нарийвчлан зохицуулагдсан байдаг.

-Хуулиар хүний нэр төр, алдар хүндийг юу гэж тодорхойлдог вэ?

-Хүний хувийн болон ёс зүйн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшиний талаар бусдаас өгч байгаа үнэлэмж гэж тодорхойлж байгаа. Харин алдар хүнд гэдэг нь өөрийнх нь талаар бусад хүний өгч байгаа үнэлэмжийг тодорхойлж байгаа юм. Үүнийг хуулиудад заачихсан байгаа. Түүнчлэн Улсын дээд шүүхийн тогтоолоор нарийвчлан зааж өгдөг.

Та хуульч хүний хувьд өнөөдөр иргэд Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ хэр сайн биелүүлж байна гэж дүгнэж байна вэ?

-Иргэдийн Үндсэн хуулийн мэдлэг тааруу байна. “Мэдэгтүн, сахигтун!” гэсэн өгүүлбэрээр Үндсэн хууль төгсөж байгаа шүү дээ. Үүнийг зүгээр ч нэг тавиагүй. Ард түмэн Үндсэн хуулиа мэдэж, сахих агуулгыг оруулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, иргэн хүн Үндсэн хуулиа уншаагүйгээс ямар нэгэн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэдгийг зааж өгч байгаа юм. Хуулийг, Үндсэн хуулийг заавал биелүүлэх үүрэгтэй. Үндсэн хууль олон улсын гэрээтэй зөрчилдвөл Монгол Улсын Үндсэн хуулийг дагаж мөрдөнө гэсэн агуулгатай заалт ч бий.

Ер нь Үндсэн хууль бол энэ нийгэм хаашаа явах, ямар дүрмээр тоглох гэдгийг тогтоож байгаа улс төр, эрх зүйн баримт бичиг. Үндсэн хуульд хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулна. 20 дугаар зүйлд УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална гэж заасан байгаа. Үүнээс парламентын засаглалтай юм байна гэдэг нь ойлгогдоно. Тиймээс бид ямар чиглэлд, ямар дүрмээр явж байгаагаа ойлгох хэрэгтэй. Иргэдэд энгийн үгээр хуулийг ойлгуулах хэрэгтэй байгаа юм.

-Та Үндсэн хууль бол нийгэм хаашаа явахыг тодорхойлж байдаг гэлээ. Тэгвэл нийгмээрээ хуулийг хэрэгжүүлэх соёл сул байгаа нь нийгмийг хаашаа чиглүүлэх ч гэдэг юм уу, урхаг нь юу бол?

-Зарим тохиолдолд хууль нь сайн байж болно. Хэрэгжилт нь муу байж болно. Хууль дээрээ үүргийг заачихаад байхад хэрэгжүүлэхгүй байгаа нь өөр асуудал болчихож байгаа юм. Үүнийг хэрэгжүүлэх байгууллага байна. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд иргэдийн улс төр, эрх зүйн соёлыг дээшлүүлэх ёстой. Иргэн нь Үндсэн хуулиар ийм үүрэг хүлээж байна. Монголын нийт 3.500 мянган иргэн энэ үүргийг биелүүлэх үүрэгтэй. Энэ үндсэн үүргийг биелүүлснээр нийгэмд эмх замбараатай байдал бий болно ч гэдэг юм уу. Татвараа төлснөөр улсад төвлөрөх татвар бүрдэж ингэнэ. Эх орноо хамгаалснаар залууст эх орон ч үзэл бий болно ч гэдэг юм уу. Ийм зүйлийг иргэдэд таниулах хэрэгтэй болчихоод байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн эрх зүй, улс төрийн соёлыг дээшлүүлэх хэрэгтэй болчихоод байна. Иргэдийн эрх зүйн боловсрол дээшлэхгүй бол Үндсэн хууль дээд түвшинд байгаад ямар ч үр дүнгүй. Хэрэгжилт байхгүй болно л гэсэн үг. Иргэдийн боловсрол өндөр байгаад Үндсэн хууль тааруу байвал Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулдаг.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 109 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр /2024.01.18/ нийт 1647 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1301, гэмт хэргийн шинжтэй 102 дуудлага, мэдээлэл байна. Мөн 109 хүн эрүүлжүүлэх байранд хоносон бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчлийг илрүүлжээ.

Мөн гэмт хэргийн шинжтэй 62 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 3 хэргийг нөхөн илрүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын буцаан олголтоор татвар төлөх иргэдийг хүсэлтийг авч эхэллээ DNN.mn

2023 оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөр долоон төрлийн татвараа төлөх хүсэлтийг ebarimt системээр авч эхэлснийг Татварын байгууллагаас мэдэгдлээ. Энэ сарын 23-ныг хүртэл хүсэлтээ илгээх боломжтой байна. Өөрөөр хэлбэл НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөрөө дараах татваруудыг төлж болох нь.

  • Авто тээврийн хэрэгслийн албан татвар
  • Галт зэвсгийн албан татвар
  • Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
  • Газрын төлбөр /газар эзэмшигч/
  • Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/
  • Малын тоо, толгойн албан татвар
  • Авто зам, замын байгууламж ашигласны төлбөр

Харин IV улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгөө авах иргэдэд Цагаан сарын баяраас өмнө олгоно гэдгийг мэдээлээд байгаа юм. Сангийн сайдын мэдээлснээр энэ онд НӨАТ-ын буцаалтаар 1.3 сая иргэнд 410 тэрбум төгрөг олгохоор улсын төсвийг баталжээ.