Categories
мэдээ нийгэм

Улсын аварга тариаланчдыг тодруулжээ DNN.mn

Монгол Улсын Засгийн газраас газар тариалангийн үйлдвэрлэлд олон жил тогтвортой амжилт гаргаж байгаа хамт олныг “Улсын аварга тариаланч хамт олон”-оор, иргэдийг “Улсын аварга тариаланч”-аар шалгаруулдаг уламжлалтай.

“Улсын аварга тариаланч хамт олон”-оор шалгарсан аж ахуйн нэгжүүдийн  бол, 15 нь үр тарианы аж ахуйн нэгжид механикжуулагчаар ажиллаж байна.

2023 оны ургац хураалтын дүнгээр 326.3 мянган га талбайгаас 456.4 мянган  тонн үр тариа хураан авчээ.

Өнгөрсөн онтой харьцуулахад улаанбуудайн үйлдвэрлэл 8 хувиар буюу 32 мянган тонн,  хүнсний ногооны ургац 23 хувь буюу 35 мянган тонноор тус тус нэмэгдэж, хүн амын хүнсний ногооны хэрэгцээний 85 хувийг дотоодын үйлдвэрлэлээс хангах боломж бүрдсэн байна.

“Улсын аварга тариаланч хамт олон”-оор:

Булган аймгийн Рашаант сумын “Ти Эн Эс Эн Ти” ХХК;
Булган аймгийн Тэшиг сумын “Илэнхэн” ХХК;
Дархан-Уул аймгийн Орхон сумын “Шинэ орчин трейд” ХХК;
Дорнод аймгийн Баян-Уул сумын “Буудайн алтан үүд” ХХК;
Орхон аймгийн Жаргалант сумын “Орхонтариа” ХХК;
Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Далай одод трейд” ХХК;
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Ачит-Оргил” ХХК;
Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Голын өндөр” ХХК;
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Энххос мөрөн” ХХК;
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Баяншинэ зам” ХХК;
Төв аймгийн Эрдэнэсант сумын “Буянт төв” ХХК;
Төв аймгийн Батсүмбэр сумын “Агро-Альфа” ХХК;
Төв аймгийн Угтаалцайдам сумын “Фамили фүүдс трейд” ХХК;
Увс аймгийн Сагил сумын “Арвижих Увс” ХХК;
Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Мөнхнөөлөг” ХХК;

“Улсын аварга тариаланч”-аар дараах нэр бүхий иргэд шалгарчээ.

Баян-Өлгий аймаг:

Сагсай сумын иргэн Бүркитханы Хасымын;
Баяннуур сумын иргэн Шакиланы Салауат
Булган аймаг:

Хутаг-Өндөр сумын “Эг тариа” ХХК-ийн механикжуулагч Санжаагийн Болдбаатар;
Хутаг-Өндөр сумын иргэн Батдорлигийн Мөнх-Од;
Хангал сумын “Молор Эрдэнэ түрүү” ХХК-ийн механикжуулагч Юнгэрэнийн Батцэнгэл;
Сэлэнгэ сумын “Интосэ” ХХК-ийн механикжуулагч Должинсүрэнгийн Эрдэнэцогт;
Говь-Алтай аймаг:

Тайшир сумын иргэн Дагвын Эрдэнэбаатар;
Дархан-Уул аймаг:

Орхон сумын иргэн Баасанжавын Амгаланжаргал;
Хонгор сумын “Бөхөнт” ХХК-ийн механикжуулагч Жавзмаагийн Сандагсүрэн;

Дорнод аймаг:

Хэрлэн сумын иргэн Сүхбаатарын Энхтулга;
Хэрлэн сумын иргэн Жигбаатарын Рэнцэнзаяа;
Дашбалбар сумын иргэн Дамдины Цэнгэлмаа
Завхан аймаг:

Улиастай сумын иргэн Дагвадоржийн Нямсүрэн;
Улиастай сумын иргэн Балжиннямын Жаргалсайхан
Сэлэнгэ аймаг:

Хушаат сумын “Хайрхан оргил уул”ХХК-ийн механикжуулагч  Баянгийн Ганбат;
Цагааннуур сумын “Ургацын хишиг”ХХК-ийн механикжуулагч  Пүрэвнямын Баянмөнх;
Алтанбулаг сумын “Чагтай”ХХК-ийн механикжуулагч Хүрлээгийн Алтанхуяг;
Ерөө сумын “Их шинэстэй”ХХК-ийн механикжуулагч Раднаагийн Баярсайхан;
Түшиг сумын “Бооцын тариа”ХХК-ийн механикжуулагч Болдбаатарын Өнөрцэнгэл;
Ерөө сумын “Бугант Ерөө буудай”ХХК-ийн механикжуулагч  Жигжидийн Батбаяр;
Түшиг сумын “Анхтамир”ХХК-ийн механикжуулагч Батболдын Насанбуян;
Орхон сумын иргэн Уужинбаагийн Эрдэнэсан;
Мандал сумын иргэн Санжаадоржийн Лхагвацэрэн;
Орхон аймаг:

Жаргалант сумын иргэн Норпилын Цэрэнсодном;
Жаргалант сумын “Алтан тошлой”ХХК-ийн механикжуулагч Дуламжавын Батхүү;
Өвөрхангай аймаг:

Баруунбаян-Улаан сумын иргэн Зундуйн Дамшигбазар;
Баянхонгор аймаг:

Эрдэнэцогт сумын иргэн Цэвэлмаагийн Ганбат;
Ховд аймаг:

Буянт сумын иргэн Мухамедийн Милихат;
Мянгад сумын иргэн Адраашийн Баатархан;
Ховд сумын иргэн Хасымын Сабиржан;
Жаргалант сумын иргэн Очирбатын Сүх-Очир;
Хөвсгөл аймаг:

Мөрөн сумын иргэн Жанцангийн Бямбасүрэн;
Тариалан сумын “Алтан хажир”ХХК-ийн механикжуулагч Цэдэн-Ишийн Тэрбиш;
Увс аймаг:

Баруунтуруун сумын иргэн Батнасангийн Оюунцэцэг;
Улаангом сумын иргэн Лосолын Алтай;
Наранбулаг сумын иргэн Мөнхийн Цүлтэм;
Төв аймаг:

Борнуур сумын иргэн Зундуйн Энхтүвшин;
Баянцогт сумын “Түмэн атар”ХХК-ийн механикжуулагч Борын Баясгалан;
Хэнтий аймаг:

Хэрлэн сумын иргэн Чойдоржийн Эрдэнэцэцэг;
Мөрөн сумын иргэн Жамцын Чинзориг.

Categories
мэдээ нийгэм

Дээд шүүх Ц.Хулангийн гаргасан гомдлыг энэ сарын 24-нд хэлэлцэнэ DNN.mn

Улсын дээд шүүх Ц.Хулангийн гаргасан гомдлыг лхагва гарагт хаалттай хянан хэлэлцэхээр болжээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны долдугаар сарын 25-ны өдрийн 736 дугаар шийтгэх тогтоол, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн 1060 дугаар магадлалтай, Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох /маш нууц/ хэргийг гаргасан шүүгдэгч Ц.Хулан, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал, Ж.Батхуяг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн хаалттай хянан хэлэлцэхээр болжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ц.Хулангийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг 8 жил 1 сарын хорих ял болгон хөнгөрүүлж, шүүгдэгч Б.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнийг нэн даруй суллаж шийдвэрлэсэн юм.

Эргэн сануулахад, Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг тусгай албаны ажилтнуудаас 238 сая төгрөг авсан нь тогтоогдсон гэж үзэж, Ц.Хулангаас 159 сая төгрөг, Б.Отгонбаатараас 78 сая төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Categories
мэдээ нийгэм

НОБГ: 14 иргэний амь насыг авран хамгаалав DNN.mn

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 45 дуудлагаар алба хаагчид 12 том хүн, 2 хүүхдийн эрүүл мэнд, амь нас, 1 тэрбум 689 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.

Гал түймэрт өртөж хоёр иргэн нас барж, 1 иргэн угаартан, нэг иргэн түлэгдсэн тохиолдол бүртгэгдлээ.

Гал түймрийн аюулаас эрүүл мэнд, амь насаа хамгаалж, аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: НОБГ

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар дүүрэгт маргааш эзэнгүй, муур нохой барих ажлыг зохион байгуулна DNN.mn

Сүхбаатар дүүрэгт ирэх мягмар гарагт буюу нэгдүгээр сарын 23-ны өдөр эзэнгүй нохой, муур барих ажлыг зохион байгуулна.

Иргэдийн аюулгүй орчинд зорчих нөхцлийг хангах зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, талбайд хараа хяналтгүй, сул явж байгаа эзэнгүй нохой, муурыг барьж, Түр асрамжлах байранд хүргэх тул иргэд та бүхэн гэрийн тэжээвэр нохой, муураа хараа хяналттай байлгахыг анхааруулж байна гэж Сүхбаатар дүүргээс мэдээллээ. Нийтийн эдэлбэр газарт хараа хяналтгүй явж байгаад баригдсан нохой, муурыг 48 цагийн дотор эзний хүсэлтээр буцаан өгөх бөгөөд зардлыг төлүүлнэ.

Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль 2024 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Энэ хууль нь нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гэрийн тэжээвэр амьтныг бүртгэх, асран хамгаалах, түр харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулахтай холбоотой харилцааг зохицуулна. Иймд иргэд хуулийг судалж үүргээ биелүүлэх, нохойгоо уяж бүртгүүлэх, үзлэгт хамруулж байхыг сануулж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Бат-Отгон: Эх нутгаасаа гараад ер, зуун жил ууланд бүгсэн 400 гаруй цэвэр халх монголчууд маань одоо Хятадын Ганьсу мужид амьдарч байна DNN.mn

Монгол суу ухааны академийн ерөнхийлөгч З.Бат-Отгонтой ярилцлаа.


– БНХАУ-ын Ганьсу мужийн Жаняа хотод суурьшсан халх монголчуудтайгаа та очиж уулзаад сайхан нэвтрүүлэг бэлтгэжээ. Та тийшээ хэзээ зорьж очсон бэ?

– Би Хятад улсын Ганьсу мужийн Жаняа хот руу 2023 оны долдугаар сард зорьж хүрсэн. Тэнд манай Монголоос дүрвэж очсон 420 гаруй халх монгол амьдарч байна.

– Эдгээр халх монголчуудын хамгийн ахмад нь хэд орчим насны улс байна. Тэд хэзээ, ямар шалтгаанаар нутгаасаа гарсан тухайгаа танд ярьж хуучлав уу?

– Миний уулзсан хүмүүсийн хамгийн ахмад нь 80 орчим насны буурлууд байлаа. Хууччуулын ярьж байгаагаар Жаняад гурван хэсэг халх монголчууд дүрвэж очсон юм билээ. Эхлээд 1910-аад оны эхээр нэг хэсэг хүн Монголоос дүрвэж гарсан байна. Дараа нь 1920-оод оны эхээр бас хэсэг халх дүрвэж очжээ. Сүүлийнх нь 1932 оны эсэргүү бослого, 1937 оны хэлмэгдүүлэлтийн үеэр нутгаа орхин цагаачилж очсон юм билээ.

Одоо тэнд амьдарч байгаа халх монголчууд 5-6 үе болж байгаа гэсэн. Анх нутгаасаа гарч очсон улсууд нь мэдээж одоо амьд сэрүүн байхгүй. Бүгдээрээ хорвоогийн жамыг үзүүлсэн. Тэдний үр хойч нь ийнхүү энх тунх аж төрж байна. Монголоос 1910-аад оны эхээр гарсан хүмүүс нь Даашинхүүгийн пүүсийн дарамт шахалтаас зугтаасан гэж үр хүүхдүүд нь ярьж байна лээ. Би түүхч хүн биш ч Даашинхүү гэдэг бол тухайн цагтаа Монголын ард түмнийг өрийн дарамтад оруулж байсан хятад пүүс гэж уншиж, сонсож байсан. Манжийн үед овоорсон тэр их өрийн бичгийг монголчууд шатааж байсан тухай түүхэнд тэмдэглэсэн байдаг даа.

Манжийн төр оршин тогтнож байхдаа Монголын ард түмнийг алба гувчуураар дарамталж, шулж байсан үе шүү дээ. Тэр цаг хугацаанд Жаняад байгаа халх монголчууд нутгаа орхин гарсан гэхээр өрийн дарамтаас болсон байх магадлалтай.

Үүний дараа 1920-иод онд Монголоос дүрвэсэн шалтгаан нь юу юм бол гэж асуухад настнууд нарийн зүйл хэлээгүй. Ер нь үймээн дүрвээнээс болж эх орноосоо гарсан гэж эцэг эх нь ярьсан тухай цухуйлгасан. Жаняад уулзсан халх монголчуудын маань эцэг дээдэс 1923 оны хавьцаа Монголоос гарсан гэхээр 1921 онд Ардын хувьсгал ялаад цагаан, улаан оросууд ороод ирсэн үе таарч байгаа юм. Бас Хятадын гоминдан ч ороод ирсэн байсан үе.

Түүхийн хуудас эргүүлээд харахаар энэ үед манж, хятад, цагаан, улаан орос гээд нэлээд ороо бусгаа нийгмийн амьдрал ажиглагддаг. Яг тэр үеийн эмх замбараагүй байдлаас болж дүрвэсэн бололтой. Харин 1930-аад онд нутгаасаа зугтсан хүмүүс бол ойлгомжтой. Эсэргүү хувьсгал, бас хар, шар феодалуудыг устгах гээд жинхэнэ коммунист дарангуйллын үзэл суртал хүчтэй дэлгэрч байсан үе. Хар. шар феодалууд бол ихэвчлэн алтан ургийн гаралтай байснаас гадна бас тухайн цагтаа жаахан хөрөнгө чинээтэй хүмүүс байсан байдаг. Тэгэхээр хөрөнгө бэлтэй эсвэл эрдэм номтой, удам судартай, чадвар чадалтай хүмүүсийг бөөнөөр нь хоморголон устгаж байсан харгис цаг үед Жаняад байгаа халх монголчуудын өвөг дээдэс амьдарч байжээ.

Тэгэхээр тэнд голдуу тайж гаралтай эсхүл лам гэгээнтэн хүмүүс дүрвэж очсон юм билээ. Аргагүй л хөрөнгөтэй мөнгөтэй, удам судартай, мэдлэгтэй, оюунтай, ухаантайг нь хавчиж байсан хуучин цагийн толь тэнд харагдаж байгаа юм. Жаняад суурьшсан монголчууд ийм гурван маягаар Монголоос гарч очжээ. 1900-гаад оны эхэн үе бол Монголын түүхэн эгзэгтэй үе. Олон зуун жил дарлагдсан Манжийн эрхшээлээс мултарч, тусгаар тогтнолоо олж авах гэж хичээх явцад цагаан, улаан Орос, бас Хятадын гамин гээд гаднынхан ороод ирчихсэн нэлээн ороо бусгаа байсан үе. Тэр үед аюулгүй байдлыг хайж гарцгаасан улсууд юм болов уу гэж бодсон.

– Тухайн цаг үед ямар замыг туулж тэнд очиж суурьшсан талаарх тэдний эцэг өвгөдөөсөө сонссон үүх түүх их сонин байгаа даа?

– Тэгэлгүй яах вэ. Зугтахдаа гэр нь бариатайгаа, мал нь тэр чигтээ үлдэж байсан гэсэн. Гэр орноо, мал сүргээ, хамаг босгосон амьдралаа, нутаг усаа орхиод эргэж харан харан, уйлан гашуудан, салж ядан явж байсан гэдэг.

Нэгэн настны ярьсан түүх санаанд бууж байна. Айлын хоёр охин байж. Эгч нь 18 настай. Дүү нь 16 орчим насных. Эгч нь дүрвэж, дүү нь нутагтаа үлдэх болж. Эгч нь хүмүүс дагаад дүрвэхээр дүү нь хормойноос нь зууралдаад явуулахгүй байсан гэнэ. Тэгэхэд хуруундаа байсан ганц бөгжөө тайлаад дүүдээ өгчээ. Тэр нь алт мөнгөөр хийсэн үнэ цэнтэй ч эд биш. Хүүхэд юм болохоор хуруунд нь бэлзэг зүүнгүүт хууртсан юм уу, яасан юм үлдэж байсан тухай ярьж байлаа.

Тэр үед төрсөн ах дүүс, эгч дүүс, аав ээж, үр хүүхэд гээд хайртай бүхнээсээ салж хагацаж байжээ. Бүр гэр орон, мал хуй, хэрэгтэй зүйлсээ ачаалж ч амжилгүй хөдөлсөн хүмүүс байдаг юм билээ. Учир нь До яамныхан хажуугийн сум, багт нь ирчихсэн түйвээж байгаа сураг дуулаад л амьд гарахын тулд өмссөн хувцастайгаа зам зуурт идэх жаахан юм аваад шууд хөдөлж байсан гэдэг. Ачиж бэлтгэж байх цаг байгаагүй гэсэн үг. Тэгээд л гэрээ, нутгаа, мал сүргээ нулимстай нүдээр эргэн харан харан, хоргодон хоргодон, салж ядан явсан гэсэн.

Зарим нь шөнө дөлөөр унтаж байхад нь л орж ирээд бариад явдагт эсвэл буудаж хөнөөдөг байж. Ийм цөвүүн цагт амьд гарахын тулд л зугтсан байж таарна. Ингэж ярихдаа хөөрхий минь хүн л юм чинь сэтгэл зүрх нь өвдөлгүй яах вэ. Нүд дүүрэн нулимстай, хоолой нь зангиран ярих тэдний туулсан зовлон гуниг харууслыг сонсоход үнэхээр хүнд байсан.

Шөнө дөлөөр нутаг орноо орхин амь гарахын тулд хүний нутагт өмссөн хувцаснаасаа өөр зүйлгүй ирсэн хүмүүс байхад арай яаруу сандруугүй хөдөлсөн нь гэр бүлээрээ малаа туугаад очиж байж. Энэ мэтчилэн айл хотлоороо, ганц нэгээрээ гэр бүлээсээ хагацсан гээд хүн болгон янз бүрийн учир шалтгаантай дүрвэсэн байгаа юм.

Тухайлбал нэгэн өрхийн тэргүүн том гэгээнтэн байлаа гэхэд эхнэр нь хүүхдүүдтэйгээ нутагтаа үлдчихэж. Яагаад гэвэл аавыг нь барьж аваад буудчих учраас бушуухан хил давуулж зугтаалгасан байх жишээтэй. Хэн л амьд гарах шаардлагатай байна, тэр бүхэн нутгаа орхиод гараад явчихжээ. Харин намайг ч арай бариад явчихгүй байх гэсэн нь үлдсэн байна. Айл гэр, сум орон, хошуу захиргаа ч хуваагдсан байгаа юм.

– Монголдоо аль аймгаар нутаглаж байсан гэж ярьж байна вэ?

– Говь-Алтай, Баянхонгор аймгаас гаралтай халх монголчууд юм билээ. Өндөр настан П.Янжмаа гуай ярихдаа “Миний аав Дайчин вангийн хошууны тайж хүн байсан. Ээж минь Жамбий хошуунаас гаралтай” гэв. Мөн одоогийн Баянхонгор аймгийн Шинэжинст, Баянцагаан сумын нутаг болох Жонон вангийн хошуунаас зугтаж очсон улс ч байна.

Д.Бодьцэцэг гэдэг эмэгтэйн өвөг эцэг нь Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумаар нутаглаж байж. Аавынх нь хамгийн том ах Жонон вангийн хошууны Ламын гэгээн гэсэн. Ээж нь энэ хошууны Галсан ноёны хойчис гэж ярьсан. Түүний эмээ нь Галсан ноёны хүүхэд юм билээ. Тэрбээр “Миний аав 1932 юм уу, 1933 онд нутгаасаа гарч ирсэн юм билээ. Тэр үед аав маань ах, дүү наймуулаа байж. Мөн тэр үед миний эмээ ээжтэйгээ, эгч дүүтэйгээ гараад ирсэн байна. Ээж маань энэ нутагт ирээд мэндэлсэн” гэж хуучилсан.

– Нутгаасаа дүрвэсэн монголчууд маань шууд Жаняад ирээд суурьшчихсан хэрэг үү?

– Дээр дурдсан өндөр настан П.Янжмаа гуайн яриагаар бол 1930-аад онд тэдний ээж долоон настай байсан бөгөөд тэр үед тэдний хошууныхан ламтайгаа. ноёнтойгоо, ардтайгаа цугаараа дүрвээд Маазан гэдэг газар очиж. Тэнд хэсэг байж байтал 20-иод жилийн өмнө Өвөрмонголын Альшаа аймгаар дүрвэж гарсан түүний авга ах Цог гэдэг хүн ирээд “Алаг уул, Алтан тэвш гээд хүн амьтангүй, аюулгүй газар байна. Тэнд очиж амьдар. Энд удаан байвал тун тусгүй” гэж хэлж. Тэгээд тэнд шинээр дүрвэж очсон хүмүүс бүгдээрээ цааш нүүж одоо амьдарч байгаа нутагтаа очиж суусан юм билээ.

Тэгэхээр 1910-аад онд Монголоос түрүүлж дүрвэсэн хүмүүс Жаняа хотын дэргэдэх Алаг уул, Алтан тэвш гэдэг газрыг мал маллахад тохиромжтой, бас аюулгүй болохыг нь мэдсэн байж. Тэгээд сүүлд дүрвэж очсон хүмүүстээ хэлээд тэднийг тэнд суурьшуулсан болж таараад байгаа юм.

– Тэднийг нутгаасаа зугтсаны дараа араас нь нэхэж ирж, авч явах гэж оролддог байсан гэнэ үү?

-Улаан хувьсгал их ширүүн явсан. Биднийг маазанд ирсний дараа араас ирж буцаж оч гэж ухуулдаг байсан. Бүр Маазанд ирээд 10 жил өнгөрчхөөд байхад ч араас ирээд буцаад оч гэдэг байсан. Тэгээд очихгүй болохоор сүүлдээ нэлээн ширүүсээд, жаахан жуухан үлдсэн юмыг маань, мал сүргийг маань хураадаг байсан. Ингээд аргагүйн эрхэд л одоо амьдарч байгаа энэ Алаг ууландаа ирж суусан даа гэж ярьж байсан.

Харин Алаг ууланд ирснээс хойш араас ирэхээ байж, нэг юм сураг тасарсан гэж ярьцгааж байсан. Маазан гэдэг газар бол Ганьсугийн хойд талын үзүүр нутаг юм билээ. Тэнд дүрвэж очсон монголчууд төвлөрч байсан юм билээ.

– Одоо нутаглаж байгаа газар нь үнэхээр сайхан юм уу?

– Алаг уул, Алтан тэвш гээд ууланд мал ахуй идээшихэд тохиромжтой сайхан нутаг гэж сонгон ирсэн гэж ярьж байсан. Хамгийн сонирхолтой нь тэр хүмүүсийг 1990-ээд оны эхэн үе хүртэл хэн ч мэддэггүй байж. Хятад, Өмнөд Монголд хүртэл хэн ч мэдэхгүй. Ар Монголд бүр ч сураггүй байсан нь их сонин шүү.

– Энэ бүх цаг хугацаанд, тэр том улсын нутаг дэвсгэрт дүрвэж очсон 400 гаруй халх монголчууд саяхныг хүртэл хэнд ч мэдэгдэхгүй амьдарч байсан гэхээр үнэхээр сонин юм шүү. Тэд яаж ил болсон юм бэ?

– Хамгийн анх тэднийг олж мэдсэн хүн бол БНХАУ-ын Ганьсу мужийн төв, Ланжоу хот дахь Хятадын баруун хойдын үндэсний их сургуулийн Монгол судлалын сургуулийн багш, захирал агсан Ц.Чойдандар профессор. Тэрбээр насаараа энэ сургуульд монгол хэл, соёл заасан багш.

Нэг удаа Жаняа хотод машинтай явж байтал ууланд бөмбөгөр цагаан гэрүүд харагдсан гэж байгаа юм. “Энд юун монгол гэр бариатай байдаг билээ” гээд гайхаад очсон гэсэн. Яваад очтол монголоор барах уу халх айлууд байсан гэдэг. Одоогийн ар монголчуудын барьдаг шиг дөрөв, таван ханатай гэрүүдээ бариад суучихсан, мал ахуйгаа хариулаад өчнөөн арван жилээр төвхнөсөн байсныг олж мэдэж. 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үе юм шиг байна лээ. Ц.Чойдандар багш энэ халх монголчуудыг 20, 30 жил сурвалжилж судлаад, тэдний тухай босоо үсэг дээр ном бичээд гаргасан байгаа.

– Энэ номд их зүйл өгүүлсэн байх даа?

– Жаняа дахь халх монголчуудын тухай бүрэн судалсан ном. Би одоохондоо уншиж танилцаагүй байна. Анх 2018 онд Ц.Чойдандар профессороос энэ халхчуудын тухай сонссон. Тэр хүн Ганьсу мужид байгаа халх монголчуудын дунд манай академийн түгээдэг Монгол суу ухааныг хүргэх ажлыг өөрийнхөө санаачилгаар их эрчимтэй хийсэн хүн.

Зөвхөн Жаняа дахь халх монголчууд төдийгүй Г аньсу мужийн Баруун хойдын үндэсний их сургууль болон салбар сургууль, эрдэмтэн судлаачид, оюутнууд. магистрант, докторантууд болон тэр мужид суугаа монголчуудын дунд Монгол суу ухааныг түгээх ажлыг маш идэвхтэй хийсэн хүн л дээ. Бид энэ хүрээнд уулзаж танилцаж байв. Би тэнд очиж лекц уншиж, хичээл орж явсаар харилцаа маань өргөжсөн.

Тэгж явахдаа Ц.Чойдандар профессороос энэ хүмүүсийн тухай сонсож байлаа. Тэр халх монголчууд ч намайг зочлон ирэхийг хэд хэдэн удаа урьсан байсан. Тэдэнтэй очиж золгож. уулзъя гэж байтал Ковид гарчихав. Түүнээс хойш гурван жил Хятадад тогтоосон цар тахлын хорио 2023 оны эхээр тавигдлаа шүү дээ. Тав, зургаан сарын үед хорио цээр бүрэн цуцлагдсан. Үүний дараа долдугаар сард миний бие Жаняа хотод амьдарч байгаа халх монголчуудаа зорьж очсон.

–  Тэднийг 1990 оны эхэн үе хүртэл хэн ч мэддэггүй байсан гэлээ. Хэрхэн аж төрж ирсэн юм бол?

-Монголоосоо дүрвэж очингуутаа уулан дотор ороод суучихжээ. Алаг уул гэдэг чинь нэлээд өндөр уул. Манай Богд уултай төстэй олон амтай. Хятадууд тариалан эрхэлдэг болохоор уул руу огт ордоггүй юм байна. Ууланд ямар тариа будаа тарих биш. Тал газар тариалангаа эрхлээд явчихдаг улс. Харин манай монголчууд эндээс малтайгаа очсон болохоор ууланд амьдрахад таатай байж. Малын хамаг бэлчээр ууланд байгаа учраас тэндээ бүгчихсэн юм билээ. Тийм болохоор тэднийг хэн ч олж хардаггүй, мэддэггүй байж. Хятад улс хөгжиж дэвшээд ирэнгүүт энд тэндгүй зам харгуй тавигдаж, машин тэрэг хөлхөлдөөд, хөл хөдөлгөөн ихсээд ирэхтэй зэрэгцээд тэднийг олж мэдсэн байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд хэрхэн амьдарч ирсэн талаар нарийн ширийн зүйлээ илэн далангүй ярихыг хүсээгүй. Хүний улсын, хүний төрийн дарамт шахалт дор олон арван жил амьдарсан элэг нэгтнүүд маань шүү дээ. Одоо хүртэл оршин суугаа улсынх нь хяналт чанга хатуу байдаг. Амьдралаа бидэнд илэн далангүй дэлгэлээ гэхэд эргээд янз бүрийн асуудалд орчих эрсдэлтэй. Тийм учраас аюулгүй байдлаа бодоод хамаагүй ярьж болдоггүй байх. Миний мэдэрсэн зүйл гэвэл энэ.

Одоо ар, өмнөд Монгол гэлтгүй хүний чанар их дордчихсон. Аливаад зөв өнцгөөр хандахаас илүү буруутгах, мууг нь үзэх тийм хандлага дэлхий даяар хавтгай болчихсон. Түүнээс сэрэмжилдэг бололтой. Сэтгэлийг нь уудалбал дотоод оршихуйд нь маш том ертөнц байгаа нь ойлгомжтой. Хэрэв хүний чанар гэгээн сайн байгаад өшөө нарийн ширийнийг яривал ярих бололтой юм билээ. Тэр бүгдийгээ гаргаж өгөхгүй байна лээ.

Би өөрийнхөө хэмжээнд уудалсан. Ц.Чойдандар гуай тэдэнтэй ахан дүүс, ээж аав шиг нь болоод ээнэгшээд дасацгаасан учраас бие биедээ итгэдэг байв. Хэрэв энэ хүн өнөөдөр амьд сэрүүн байсан бол илүү олон мэдээлэл авч болохоор байжээ гэж бодсон. Ц.Чойдандар багш Өмнөд Монголын Альшаа аймгийн хүн байсан. Тэрбээр өнгөрсөн жилийн хоёрдугаар сард насан эцэслэсэн юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төв замын 21 байршлын жижиг зогсоолыг хааж, явган хүний зам болгохоор болжээ DNN.mn

Зүүн 4 замаас Баруун 4 зам хүртэлх төв замын 21 байршлын жижиг зогсоолыг хааж, явган хүний зам болгохоор болжээ.

Өмнө нь энэ зогсоолуудад өдөрт 300 жолооч автомашинаа байрлуулдаг байсан байна. Харин зогсоол дүүрсэн үед нэгдүгээр эгнээнд давхардуулж тавьснаар түгжрэлийн 25-30 хувийг эзэлдэг байв.

Тэгвэл энэ талаар Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Ширэндэв “Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны зөвлөмжийн дагуу өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сарын 28-наас  эхлэн төв зам дагуух зогсоолуудыг хаасан. Өдөрт багадаа энэ зогсоолуудад  300  жолооч  автомашинаа байрлуулдаг. Зогсоол дүүрсэн  үед автомашинаа нэгдүгээр эгнээнд давхардуулж тавьснаар түгжрэлийн 25-30 хувийг эзэлдэг” хэмээжээ.

 

Categories
мэдээ нийгэм

Өндөр настны тэтгэвэр тогтоолгох иргэд 21 жил есөн сар НДШ төлсөн байх шаардлагатай DNN.mn

Энэ онд 55 настай эмэгтэй, 60 настай эрэгтэйчүүд өндөр настны тэтгэвэр тогтоолгох эрхтэй болно.

Гэхдээ нийгмийн даатгал шимтгэл төлсөн хугацаа нь 21 жил есөн сар байх ёстой юм. Хэрэв хөдөлмөр эрхэлж, шимтгэл төлсөн хугацаа нь үүнд хүрэхгүй бол нас хойшлогдох юм байна. Жишээлбэл 1969 онд төрсөн энэ жил 55 нас хүрч буй эмэгтэйн шимтгэл төлсөн хугацаа нь 21 жил есөн сар хүрэхгүй бол 56 нас есөн сартай өндөр настны тэтгэвэр тогтоолгоно. Мөн эмэгтэйчүүдийн тухайд төрүүлсэн хүүхдийнхээ тоогоор хөдөлмөр эрхэлсэн хугацаа нь нэг жил зургаан сараар нэмэгдэн тооцогдоно.

Энэ онд өндөр насны тэтгэвэр тогтоолгох иргэнд харьяа дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтсээс дэлгэрэнгүй мэдээлэл болон зөвлөгөө авах боломжтой.

Categories
мэдээ спорт цаг-үе

Б.Мөнхбаатар мөсөнд авиралтын дэлхийн аварга болжээ DNN.mn

Франц улсад мөсөнд авиралтын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 18-20-нд болов.

Тэмцээнд Монголын долоон тамирчин өрсөлдөхөд 20 хүртэлх насныхны эрэгтэйчүүдийн хурдны төрөлд Б.Мөнхбаатар алтан медаль хүртлээ. Харин 20 хүртэлх насныхны эмэгтэйчүүдийн ангилалд Ц.Анар хүрэл, эрэгтэйчүүдийн 18 хүртэлх насныхны ангилалд А.Зоригтбаатар хүрэл медаль хүртсэн байна.

Дэлхийн аварга болоод буй Б.Мөнхбаатар нь өнгөрсөн жил Финлянд улсад болсон тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байв.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэ: Үзэл бодлоо илэрхийлэх бүрд хариуцлага хүлээлгээд байвал нийгэмд ноцтой сөрөг хандлага үүсгэнэ DNN.mn

Өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэтэй ярилцлаа.


“Олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлэх, хууль бус зүйлийг шүүмжлэх, ялангуяа эрх баригч нам, хууль хүчний байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн иргэдэд хууль сануулдаг явдал хэвийн үзэгдэл боллоо. Ойрын жишээ гэхэд Ерөнхийлөгчтэй холбоотой нэг бус кейс байна. Үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө торгуулдаг, цагдуулдаг явдал өнөөдрийн нийгэмд, ардчилсан засаглалтай улс оронд байж болох юм уу?

-Үзэл бодлоо илэрхийлсний төлөө хууль сануулах нь зөв эсэхийг ярихаас урьтаж, хүний эрхийн талаар тэр дундаа үзэл бодлоо илэрхийлэх эрхийн талаар танилцуулсан нь зөв байх. Хүн төрөлхтний ам бүлийн гишүүн бүхэнд угаас заяасан нэр төр болон тэдний адил тэгш, салшгүй эрхийг хүлээн зөвшөөрөх нь эрх чөлөө, шударга ёс, бүх нийтийн энх тайвны үндэс. Хүний эрхийг үл тоомсорлох, басамжлах нь зон олны ариун сэтгэлийг сэвтээн жигшээсэн балмад үйлдэлд хүргэж байсан бөгөөд хүмүүс үгээ хэлэх, итгэл үнэмшилтэй байх эрх чөлөөтэй, түүнчлэн айх аюулгүй, гачигдах зовлонгүй дэлхий ертөнцийг бий болгох нь хүн ардын эрхэм дээд эрмэлзэл мөн гэж НҮБ-ын 1948 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-аар зарлан тунхагласан байдаг.

Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь хүний угаас заяагдсан эрхүүдийг баталгаажуулж, гишүүн орон бүрд дагаж мөрдөхийг даалгасан байдаг. Хүний эрх нь эрх зүйт орнуудын Үндсэн хуулийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг байдаг юм. Энэ ч утгаараа Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэг бүхэлдээ “Хүний эрх, эрх чөлөө” гэсэн агуулгын хүрээнд байдаг. Иймд Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаатай эдлэх Монгол Улсын иргэний хамгийн том баялаг бол эрх, эрх чөлөө. Эрх чөлөөний ойлголт нь хэнээс ч айх айдасгүйгээр үйлдэл, үйл ажиллагаа, үг хэлээ хуулийн хүрээнд явуулахын нэр байдаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, өмчлөх, хөдөлмөрлөх, сурч боловсрох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон бусад эрхүүдийг тодорхойлон заасан. Эдгээр эрхүүдийн чухал нэгэн хэсэг бол итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөө юм. Гэвч сүүлийн жилүүдэд үзэл бодлоо илэрхийлэхдээ олон нийтийн цахим хэрэгсэл, техник технологийн дэвшлийг ашиглах мэтийн олон төрлийн арга хэрэгслээр иргэд үзэл бодол, дургүйцлээ илэрхийлсээр байна. Аливаа зүйлд хэмжээ хязгаар байх нь зайлшгүй. Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Гэвч хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон.

Гэтэл иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг төрөөс хязгаарлаж, хуулийн хариуцлага оногдуулж болохгүй. Нөгөө талаасаа иргэд хууль, нийтээр дагаж мөрдөх зан суртахууны хэм хэмжээ зөрчиж, үзэл бодлоо илэрхийлж болохгүй гэдгийг бас санах учиртай.

-Таны сая хэлснээр Үндсэн хуулиар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болно гээд заачихсан. Гэвч иргэд энэ эрхээ эдлэхээс эмээдэг болж байна. Жишээ нь, хэвлэл мэдээллийн салбарт эх сурвалж болж, болсон бодит нөхцөл байдлыг ил болгох, зөрчигдсөн эрхээ хамгаалж ярьдаг иргэд “Нэрээ нууцлах”-ыг хүсдэг боллоо. Энэ нь иргэд хууль хүчний байгууллагаас айдаг болж байна гэж харж болох уу?

-Уулын модод урттай богинотой гэдэг шиг олон хүний асуудал өөр өөр байдаг. Чухам ямар асуудлыг олон нийтэд дэлгэж, мэдээлэл өгч байгаа вэ гэдгээс шалтгаалж, үзэл бодлоо илэрхийлэхдээ хууль зөрчсөн эсэхийг тогтоодог. Мэдээллийн хэрэгслээр дамжуулж, өөрт тулгамдсан асуудлаа илэрхийлж байгаа бол эрүүгийн хэрэг, зөрчлийн хэрэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой эсэхээс шалтгаалж, аливаа төрлийн ажиллагааг нууцлах үүргийг оролцогч хүлээдэг.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөө гэдэг бол хуулиар хамгаалагдсан тусдаа зохицуулалттай харилцаа байдаг ч үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн илрэн гарах гадаад хэлбэрийн нэг ч байж болдог. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар хориглодог.

Гэвч хэвлэл мэдээллийн чөлөөт байдлыг хязгаарлахыг хориглосон ч мэдээлэл өгөх зориггүй иргэд олширвол олон нийт үнэнийг мэдэх аргагүйд хүрнэ. Энэ нь шууд бус утгаараа тэмцэх чадамжгүй иргэдийг бүтээдэг. Нэг ёсондоо үзэл бодлоо илэрхийлэх бүрд хуулийн хязгаарлалт хариуцлага хүлээлгээд байвал нийгэмд ноцтой сөрөг хандлага үүсгэнэ. Иймд аливаа үйлдлийг хязгаарлахдаа үр дагаврыг давхар тооцоолох хэрэгтэй. Хууль зөрчсөн иргэдэд хуулийн хариуцлага хүлээлгэх нь зайлшгүй боловч хариуцлага хүлээлгэж буй хууль зүйн үндэслэл нь зарчмын хувьд Үндсэн хуультай харш эсэхийг тогтоож, эрх зүйн зохицуулалтад өөрчлөлт оруулах замаар үүнээс сэргийлж болох юм.

Харин шууд өөрийн үзэл бодлоо илэрхийлэхэд илэрхийлж буй үзэл санаа бусдын хууль ёсны эрх, эрх чөлөөнд халдаж болохгүй, аливаа төрлийн хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж болдоггүй. Эрх зүйн хийдэл, зөрчил бүхий хууль байж болзошгүй. Тухайлбал, Үндсэн хуулийг зөрчсөн хууль байж болохгүй. Хууль тогтоогчдын зүгээс ч мөн Үндсэн хуулийн үзэл санааг зөрчсөн хуулийг өөрчлөх, зайлшгүй шаардлагатай.

-Уг нь хуулийн байгууллага хууль сахиулах үйл ажиллагаа явуулах ёстой. Хууль сахиулна гэдэг иргэдийг айлгана, сүрдүүлнэ гэсэн агуулга биш болов уу?

-2023-2024 он солигдох мөчид Монгол улсын Ерөнхийлөгчийн үг хэлэх үеэр иргэд өөрсдийн дургүйцлээ илэрхийлж, ёс бус үйлдэл гаргасан байдаг. Үүнтэй холбоотойгоор гурван иргэнийг цагдаагийн байгууллагаас торгосон мэдээлэл гарсан.

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө нь нийгэм дэх өөрийн алдаатай сэтгэлгээг засч өөрчлөх боломжийг хувь хүнд олгодог жам ёсны эрхүүдийн нэг. Энэхүү эрхээ эдлэхдээ аливаа төрлийн нийгмийн хэмжээ хязгаарыг зөрчих ёсгүй боловч ёс зүйн хариуцлага хүлээлгэх шинж чанартай үйлдэлд төрийн албадлага хэрэглэх нь энэ эрхийг шууд бусаар зөрчиж буй илрэл юм.

Иргэд өөрсдийн үзэл бодол, дургүйцлээ илэрхийлсний төлөө төр нь дарамтлаад байж болохгүй. Мөн үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэхдээ, нийгмийн хэм хэмжээг зөрчиж болохгүй. Хуулийн дагуу үзэл бодлоо илэрхийлсээр байгаарай, энэ бидний хамгийн чухал үнэт зүйл юм шүү.

Б.ЭНХЗАЯА

 

Categories
мэдээ нийгэм

Байнгын асаргаатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ажилгүй эх эсхүл эцгийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг төр хариуцна DNN.mn

Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай 18 нас хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа, ажил хөдөлмөр эрхлээгүй эх эсхүл эцгийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг улсын төсвөөс бүрэн хариуцахаар болжээ.

Бүрдүүлэх баримтад:

  • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тодорхойлолт