Categories
мэдээ нийгэм

Сүрьеэгийн өвчлөл нэмэгджээ DNN.mn

2023 оны байдлаар салхин цэцгээр өвчлөгчид 11 878 хүрч өмнөх оноос 3.4 дахин гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 4217 хүрч 2.3 дахин нэмэгджээ. Харин цусан суулгаар өвчлөгчид 2413 хүрч өмнөх оноос 39.9 хувиар, сүрьеэгээр өвчлөгчид 2357 хүрч 0.1 хувиар нэмэгдсэн байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨМЖ: ЭМД-ын шимтгэлээ давхардуулж төлсөн бол хэрхэн буцаан авах вэ DNN.mn

ЭМД-ын шимтгэлээ давхардуулж төлсөн бол хэрхэн буцаан авах талаар мэдээллийг хүргэж байна.

Энэ тохиолдолд Эрүүл Мэндийн Ерөнхий Газар (ЭМДЕГ)-т өргөдөл гаргаж өргөдлийг info@emd.gov.mn цахим хаягаар илгээх аж.

Өргөдөлд: 

  • Овог нэр, регистрийн дугаар,
  • Илүү, давхар төлсөн шилжүүлгийн баримт
  • Буцаан олголт авах дансны мэдээлэл, холбоо барих утасны дугаараа бичнэ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд малын тоо 64.7 сая болжээ DNN.mn

2023 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр, улсын хэмжээнд нийт 64.7 сая толгой мал, үүнээс 4.8 сая адуу, 5.4 сая үхэр, 473.9 мянган тэмээ, 29.4 сая хонь, 24.6 сая ямаа тоологдов.

Малын тоо өмнөх оныхоос 6.4 сая (9.1%)- аар буурсан бөгөөд төрлөөр авч үзэхэд, хонь 3.3 сая (10.2%), ямаа 3.0 сая (10.7%), үхэр 162.1 мянга (2.9%)-аар тус тус буурч, адуу 8.6 мянга (0.2%), тэмээ 3.4 мянга (0.7%)- аар тус тус өссөн байна

Categories
мэдээ нийгэм

43 сая төгрөгийн хахууль авсан албан тушаалтанд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэв DNN.mn

Прокурорын байгууллага 2024 оны 1 дүгээр сарын 15-аас 19-ний өдрүүдэд 225 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 90, Өмчлөх эрхийн эсрэг 65, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 32, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 12, Хүрээлэн байгаа орчны эсрэг 10, Хүний амьд явах эрхийн эсрэг 7, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, Хууль сахиулагчийн биед халдах тус бүр 3, Авлига, албан тушаалын болон Мөнгө угаах, Улсын хилийг хууль бусаар нэвтрэх тус бүр 1 хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан  Б.Л нь өөрийн эхнэр Н.А-тай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн,  нэр бүхий 12 иргэнд газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавих албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 43 сая 200 мянган төгрөгийн хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Дорноговь аймгийн прокурорын газраас тус аймгийн Иххэт сумын 2 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлын даргаар ажиллаж байсан Б.Э нь “Т” ХХК-ийн менежер, уурхайн дарга нараас “тусгай хамгаалалттай газрыг хашаалуулах төсвийг шийдвэрлэж өгвөл нэр бүхий компаниар байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээ хийлгэх асуудлыг Иргэдийн нийтийн хурлаар дэмжүүлж өгнө” гэж хуурч 9 сая төгрөгийг бэлнээр авч залилсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар 2.1 /Залилах/ -т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас иргэн Х.Б нь бусдын гадаад паспортыг ашиглан тус аймгийн Булган авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 /Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймгийн Булган сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Батбаатар: Улс төрийн нам төрөөс санхүүжих шаардлагагүй DNN.mn

Иргэний зориг ногоон нам /ИЗНН/-ын дарга, УИХ-ын гишүүн асан Батын Батбаатартай ярилцлаа.


-ИЗНН өнгөрсөн жил Их хурлаа хийсэн. Түүнээс хойш ямар ажлууд дээр төвлөрч ажиллаж байна вэ?

-ИЗНН-ын удирдлага ноднин жил өөрчлөгдсөн. Намын их хурлаа 2023 оны есдүгээр сарын 9-ний өдөр 21 аймаг, есөн дүүргийн төлөөллийг оролцуулан хийсэн. Улмаар намын Их хурлаас өгөгдсөн чиг үүргийн дагуу шинээр зохион байгуулагдсан Үндэсний хороо хуралдаж, намын дүрэмд өөрчлөлт оруулсан. Ингэснээр бид ИЗНН-ыг олон түмний нам, ард түмний тайз нь байх боломжийг олгож өгч чадсан. Энэ хүрээнд намынхаа дотоод зохион байгуулалтын ажлыг хийгээд, дэд дарга болон Улс төрийн зөвлөлөө шинэчлэн зохион байгууллаа. Мөн Үндэсний хорооны хурлаас тодорхой шийдвэрүүдийг гаргасан. ИЗНН Монголын ард түмэнд ус, агаар мэт дутагдаж байгаа улс төрийн сөрөг хүчний үүргийг биелүүлэх, гүйцэтгэх ажил чухал ач холбогдолтойгоор тавигдаж байна гэж үзсэн. Манайх бол хулгайгүй, хулгайчгүй нам. Сүүлийн үед маш их хулгайн хэрэг ил боллоо. Үүнийг нийтээрээ мэдэж байгаа. Ил болсон нь л энэ болохоос цаана нь илрээгүй хэчнээн ч хулгай байгааг мэдэхгүй. Тиймээс авлига, албан тушаалын хэрэг, хулгайд холбогдсон хүмүүсийг эгнээндээ элсүүлэхгүй гэдгийг ил тод, нээлттэй илэрхийлсэн. Өнгөрсөн хугацаанд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон Сонгуулийн хууль өөрчлөгдөж, улмаар энэ удаагийн сонгуулийг бүсчилсэн томсгосон тойргоор, холимог системээр явуулахаар боллоо.Тийм болохоор бид одоо энэ сонгуульд хэрхэн оролцох вэ гэсэн ажлаа ид хийгээд явж байна. Миний бие шинэ оны өмнөхөн олон нийтэд  хандаж дэвшүүлсэн мэндчилгээндээ Монгол Улсын төлөө зүтгэе гэсэн иргэн бүрийг төрийн сонгуульд ИЗНН-аас нэр дэвшээч гэсэн уриалга гаргасан. Манай намын дүрэмд өнөөдрийн улс төрийн намуудад огт байхгүй нэг өөрчлөлт мөн орсон. Тэр нь нам дэргэдээ мэргэжлийн холбоо, клубүүд, хөдөлгөөнүүд, олон нийтийн байгууллагуудтай байх боломжийг нээж өгсөн. Бусад намуудад ийм дүрмийн заалт байхгүй учраас зөвхөн нас, хүйсээр нь ангилдаг.

-Танай нам түүхэндээ Монголын ногоон намтай нэг хэсэг нийлээд буцаад салсан. Энэ салж, нийлсэн асуудал намын үйл ажиллагаа, гишүүдэд нөлөө үзүүлсэн үү?

-Энэ яах вэ, 10 гаруй жилийн өмнө болсон явдал. Дангаасүрэнгийн Энхбат Монголын ногоон намын дарга байх үед Иргэний зориг нам нэгдсэн. Ингэхдээ ногоон үзэл баримтлалаа авч Иргэний зориг ногоон нам болж өөрчлөгдсөн. Тэр цагаас хойш Монголд ногоон үзэл, амьдралыг төрийн болон Засгийн газрын бодлогын түвшинд аваачих хэмжээнд ажиллаж чадсан цорын ганц нам бол ИЗНН. Хуучин Байгаль орчны яам гэж байсныг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам буюу үндсэн чиглэлийн яам болгож, ИЗНН-ын дарга асан С.Оюун сайдаар нь ажиллаж байлаа. Гэтэл харамсалтай нь одоо Байгаль орчин, аялал жуулчлалын яам болгож өөрчилсөн. Аялал жуулчлал, байгаль орчин хоёр хоорондоо хэр нийцтэй байх юм. Сайд нь аялал жуулчлалаа хөөгөөд байгаль орчноо хаячихаад л, яг үндсэн ажлаа хийгүй байна шүү дээ.

-Энэ оны сонгууль их онцлогтой болно. УИХ 126 гишүүнтэй болно. Дээрээс нь холимог системээр, бүсчилсэн томсгосон тойрогт өрсөлдөнө. Энэ байдлыг та хэрхэн харж байгаа вэ?

-Тойрог томсгосон, олон мандаттай болгосонд буруу зүйл огт байхгүй. Жалга довны гэж ярьдаг бичил буюу бага орчинд хамжлагат ёс тогтоогоод түүгээрээ олон дахин сонгогддог байдлыг эвдэж байгаагаараа зөв. Монгол Улс өнөөдөр үнэхээр хөгжлийн зөв баримжаагаа гаргаад, зөв зам дээрээ гарч ирье гэвэл асуудлаа улс орны хэмжээнд боддог, хардаг. Шийдвэр нь түүнтэйгээ тулж очиж гардаг байх ёстой. Мөн геополитик, дэлхийн улс төрийн нөхцөл байдал өнөөдөр их өөрчлөгдчихлөө. Дэлхийн дэг журам өөрчлөгдөж байгаа энэ цаг үед монголчууд өөрөө өөртөө эзэн байх, өөрсдөө засагладаг байдал руу түлхсэн тогтолцоог нэвтрүүлж, бэхжүүлэх зайлшгүй шаардлага бий.

-Гэтэл нөгөө талдаа нэг бүс нь 10 мандаттай, олон намын төлөөлөл сонгогдоно. Улс орны хөгжилд чиглэсэн зүйлээ нэг баг болж хийж чадах уу гэдэг асуудал байна. Улс дотроо намаар талцдаг байсан нь бүс болоод бүр жижгэрчих юм биш үү гэсэн эргэлзээ байна л даа?

-Ер нь том олонлог руугаа очиж л байвал сайн шүү дээ. Хамгийн том олонлог чинь ард түмэн. УИХ-ын 76-хан гишүүн байсан нь 126 болж байна. Цаашдаа хоёр танхимтай парламенттай болъё гэсэн санал санаачилга гарч байна. Зарим нам, улс төр судлаачид өнөөдрийн томсгосон тойргийг эрх баригчдад, үндэсний хэмжээний намуудад нь ашигтай гэх зэргээр ярьж байгаа. Ингэж тооцоолсон байхыг ч үгүйсгэхгүй. Гэсэн хэдий боловч Санжаасүрэнгийн Зориг агсны хэлснээр нэгдүгээрт, улсын эрх ашиг, хоёрдугаарт нам, бүлэглэлийн, гуравдугаарт хувийн эрх ашгаа тавих ёстой. Тэгэхээр эрх ашгийн эрэмбийн хувьд энэ зөв. Монгол гэсэн зургаахан үсгэнд багтсан эх орныхоо эрх ашгийн төлөө л гэж байгаа бол урьд нь сум, аймгаараа хуваагдаж байсныг бүс нутгаараа болгон томруулсанд эмзэглэх хэрэггүй.

-УИХ-д суудалгүй, жижиг намуудад нэлээд халгаатай сонгууль болно гэж байна. Учир нь сурталчилгааны хоног багасч, тараах хэвлэмэл материалын хэмжээг бууруулсан гээд олон асуудлыг хэлж байгаа?

-Угаасаа хүн, хөрөнгө санхүүгийн хүчин зүйл, хэвлэл мэдээллийн орон зай гээд бүгд дутуу байгаа нь үнэн. Арга хэлбэр, хэрэгслийг нь зөв болгох тухайд нэлээд сайн ажиллах ёстой байсан юм. Харин энэ удаад хийж чадсангүй. ГовьАлтай, Завхан, Увс, Ховд гэсэн 10 гишүүн сонгогдох тойрогт нэр дэвшигчид 16 хоногт бүрэн хүрч ажиллах ямар ч боломж байхгүй. Тэгэхээр хэн нь доороо хөл, гар бүтэцтэй байна. Тэр нь зохион байгуулалтаа хийгээд аваад гарна гэсэн санаа ярьж байгаа. Үүнийг өөрчлөхийн тулд намуудаас нэр дэвшсэн хүмүүсийн дунд бодлогын халз мэтгэлцээн хийлгэх хэрэгтэй. Харин энэ мэтгэлцээнд ирээгүй хүмүүст нь цаашдаа улс төрийн хариуцлага хүлээлгэж болно. Ийм маягаар ард түмэн төрийн эрхээ барих, төлөөллөө зөв сонгох эрхийг нь хангаж өгөх боломжийг аятайхан хийгээд өгчих боломж хангалттай байсан. Гэхдээ цаашдаа хийгдэнэ л гэж харж байгаа.

-Улс төрийн намын тухай хуулийг өөрчилсөн. Танай намын зүгээс тус хуульд ямар саналууд өгсөн бэ. Ер нь хэр хууль болсон гэж хэлэх вэ?

-Ерөнхий утга нь айхтар өөрчлөгдөж чадаагүй. Улс төрийн намын тухай хууль дахиад ч өөрчлөгдөх ёстой. Яах вэ, нэг хүний маягтай байдаг намуудыг төлөөллийн төв байгууллагаа хуралдуулдаг болох, санхүүгийн тайлан нь ил тод, шилэн байх гэсэн шинэ заалтууд бас бий, бий.

-Сонгогчдын нэг хувийн санал авбал төрөөс санхүүжүүлдэг болох тухай заалт ч орсон. Энэ хэр зөв бэ?

-Хувь хүнийхээ хувьд хэлэхэд хууль тогтоогчдын хүсэл эрмэлзэл өөр байна. Нэг талаасаа олон улсын жишээг ярьж байгаа. Нөгөө талдаа өнөөдөр Монгол Улсад улс төрийн намууд бэхжиж, төлөвшиж чадахгүй байна. Буруу хэлбэр, санхүүжилттэй, эрх мэдэл, хулгайн төлөөх бүлэглэлүүдэд намууд нь эзлэгдсэн гэдгийг бүгд ойлгоод байгаа юм. Гэтэл засч, өөрчилсөн хуулиар үүнийг сайжруулж, засч чадахааргүй байгаа. Төрөөс санхүүжих тухай би арай өөр бодолтой явдаг. Ер нь улс төрийн нам төрөөс санхүүжээд байх шаардлага байхгүй. Гишүүдийнхээ татвараар санхүүждэг байх ёстой. Хэрвээ Монгол Улс ардчилсан улс мөн юм бол улс төрийн намын гишүүнчлэлийг нээлттэй болгох хэрэгтэй. Хэрэв тэр хүн намын гишүүн мөн бол Хүн амын орлогын албан татвар дээрээ нэг хувийг нэмж төлдөг. Түүнийг нь татварын байгууллагаараа дамжаад төрийн сангаас намуудад ордог байж болно. Тухайлбал, жилд тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг хүн намдаа 10 сая төгрөгийн татвар төлдөг хэлбэр рүү орчихвол намын гишүүн байж ажилтай байдаг, хамгаалагддаг, хөшигний цаана эрх ашгаа гүйцэлдүүлдэг байдлаас сална. Харамсалтай нь хууль тогтоогчдын дунд ИЗНН-аас төлөөлөл алга. Харин төлөөлөлтэй болсон цагтаа энэ мэт өөрчлөлтийг хийгээд явна.

-ИЗНН энэ удаагийн сонгуульд юун дээр илүү анхаарал хандуулж оролцох вэ?

-Сонгуулийн тухай хуулиар юу ярьж болох, болохгүй гээд заалтууд бий. Тийм болохоор зарим зүйлийг дэлгэрэнгүй хэлж болохгүй байх. Гэхдээ ИЗНН хууль тогтоох байгууллагад улстөрчид юу хийх ёстой вэ гэдэг дээр ажиллаж байгаа. Бидний үзэл баримтлал бол үндэсний үзэл, эх ногоон дэлхий, газар шороо, нутаг усаа гэсэн үзэл бий. Мөн шударга ёсны төлөө явж байгаа. Ерөөсөө энэ намын үүсэж гарсан түүх нь тийм юм. Манай намаас Эрх чөлөөний тухай хуулийн төслийг санаачилж, ажиллаж байна. Эрх чөлөө гэж юу юм. Бид өнөөдөр Үндсэн хуульд заасан нийтлэг заалтыг авч үзээд байгаа. Тэгэхээр хамгийн чухал нь санхүүгийн эрх чөлөөтэй хүн бол эрх чөлөөтэй байж чадна. Засгийн газар нэг мөнгө, нэг төгрөгийн ашгийн төлөө бизнес хийж болохгүй. Иргэдтэйгээ өрсөлддөггүй, иргэдээсээ булаадаггүй байх ёстой. Боломжийг нь олгож өгдөг байх хэрэгтэй. Түүнээс биш Засгийн газар компани байгуулаад тэр нь олон их наяд төгрөгийн алдагдалтай ажиллаж, түүнээс нь бүх хулгай гардаг байж болохгүй. Мөн өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын бараг 10 хувь, хөдөлмөр эрхлэх насны 15 хувь болсон 300-400 мянган хүн гадаадад байна.

Гэтэл дахиад энэ тооны хүмүүс хэзээ ч эх орноосоо гарахад бэлэн визний дараалалд байгаа. Энэ бол аюулын харанга. Тэд хүссэндээ гадагшаа гарах гээгүй. Монголдоо амьдрах эрх чөлөөг нь олгохгүй, дарамт их байгаа учраас л ийм шийдвэрт хүрч байгаа. Энэ чиглэлд манай намын мөрийн хөтөлбөр бичигдэж байна.

-Тантай уулзсан дээрээ асуухад Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн эзнийг олох тал дээр хэр анхаарал хандуулж байна вэ. Өнгөрсөн хугацаанд янз бүрийн л юм болоод өнгөрлөө?

-ИЗНН аль ч улс, нийгэмд аллага, хүчирхийлэл, дээрэм байх ёсгүй гэж үздэг. Санжаасүрэнгийн Зориг бол Монголын улс төрд өөрчлөлт хийсэн, нийгмийг өөрчлөх ард түмний хүчийг өөр дээрээ авсан хүн байсан. Энэ хүн харамсалтайгаар бусдад алагдсан. Бидний хувьд гашуун ч гэсэн шударга, бодит, нүүр тулсан үнэн нь гарч ирэх ёстой гэж хардаг. Өнгөрсөн хугацаанд учир нь олдохгүй, төөрөгдсөн байдалтай л байлаа. Тиймээс энэ хугацаанд эрх баригчид байсан хүмүүс төрд байгаа цагт мөнхийн энэ чигээрээ үлдэх юм байна гэсэн ойлголттой болсон. Бид төдийгүй Монголын ард түмэн энэ хэргийн гашуун ч гэсэн үнэнийг мэдэх эрхтэй.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Булгамаа: Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг халамжлах “Асралт гэр бүл”-ийг бий болгоно DNN.mn

Хүний эрхийн хуульч, өмгөөлөгч Р.Булгамаатай ярилцлаа.


-Хүүхдийн эрх хамгааллын хууль өнгөрсөн долоо хоногт батлагдлаа. Хүүхдийн эрхийн хамгааллын хуулийн өөрчлөлтүүд юу байв гэдгийг тодруулж ярилцъя?

-Монгол Улсын хүн амын 36.3 хувийг 18 нас хүртэлх хүүхэд эзэлдэг. Эдгээрээс 36363 хүүхэд хагас өнчин, 2911 хүүхэд бүтэн өнчин, га даадад болон дотоодод үрчлэгдсэн 1478 хүүхэд бий. Мөн хүнсний эрхийн бичигт хамрагддаг 76063, нийгмийн халамж дэмжлэг зайлшгүй шаардлагатай гэр бүлд өсч байгаа 460344 хүүхэд байна.

Дээр нь эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 14207, жилдээ дунджаар түр хамгаалах байр буюу нэг цэгийн үйлчилгээний төвөөр байнгын үйлчлүүлдэг 3000 гаруй хүүхэд байдаг. Монгол Улсад байгаа 30 гаруй асрамжийн төвд 1000 гаруй хүүхэд өсөн торниж байна. Энэ бүх тоон мэдээллийг нэгтгээд харахад нийт хүүхдийн 50 хувь нь тодорхой хэмжээгээр асуу дал дунд өсөн торниж байна гэж харагдаж байгаа юм. Хүүхдийн эрх хамгааллын шинэчилсэн найруулга буюу хуулийн төсөлд дээр дурдсан хүүхдүүдээс гадна бүтэн гэр бүлд өсч байгаа хүүхдүүдэд ч хараа хяналт, хайр халамж, хууль зүйн хамгаалалт хэрэгтэй учраас эрх зүйн тодорхой дэвшилттэй зохицуулалтыг нийгэм даяараа хүлээж байгаа юм. Ер нь хүүхдийн эрх хамгааллын халуун цэг хаана өрнөдөг вэ гэхээр гэр бүлийн орчинд. Гэвч гэр бүл дэх хүүхдийн эрх хамгааллын асуудал өнөөдөр маш эмзэг түвшинд очсон. Жишээ нь, ЦЕГаас гаргасан оны төгсгөлийн тоон мэдээллээс 2023 оны байдлаар гэмт хэрэгт өртсөн хүүхэд 1540, гэмт хэргийн хохирогч болсон хүүхдийн тоо 2014, гэмт хэргийн улмаас нас барсан 92, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 177, бэлгийн хүчирхийлэлд өртсөн 358 хүүхэд байна гэж мэдээлж байна.

Энэ төрлийн гэмт хэрэгтнүүдийг химийн тариагаар хөнгөвчлөх шийтгэл оногдуулдаг хуультай болтол тэмцэнэ

Ингээд харахаар хүүхдүүд мянга мянгаар гэмт хэргийн хохирогч, холбогдогч болоход аав ээжийн анхаарал халамж, хараа хяналт хаана орхигдов гэдэг асуудал үүснэ.

-Суурь нөхцөл байдал үнэхээр хүнд сонсогдож байна. Бидний асуулт Хүүхдийн эрх хамгааллын хуулийн талаар байсан ч түүнийг тодруулахаас өмнө онцолж асуух нэг асуулт байна. Хүүхдүүд ямар төрлийн гэмт хэргийн хохирогч болох явдал их байна вэ?

-Энэ талаар хүүхдийн эрхийн судлаачийн хувьд анализ хийж үзсэн. Эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч болж байгаа тохиолдол нийт гэмт хэргийн 30 гурй хувийг эзэлж байна. Үүний тодорхой жишээ, сая хэд хоногийн өмнө сошиал орчинд бага насны хүүхдийг “Нохойтой гарлаа” гээд нас биед хүрсэн, тохьтой томоотой байрын насны хүн өшиглөсөн бичлэг түглээ. Томчууд хүүхдийг яаж дорд үзэж дээрэнгүй хандаж байгаагийн тод жишээ бол тэр.

Үүний дараа жин дарж орж ирсэн хэрэг бол хүүхэд авто тээвэр ашиглалтын журам зорчих гэмт хэргийн хохирогч болдог байдал 20 орчим хувийг эзэлсэн. Өөрөөр хэлбэл, зам тээврийн ослын улмаас жилд дунджаар 50 гаруй хүүхэд амь насаа алдаж, 700 гаруй хүүхэд мөргүүлж, шүргүүлж бэртэж гэмтдэг. Гуравт, бэлгийн халдашгүй дархан байдлын эсрэг хохирогч болж байгаа хохирогчид 19 хувь байна. Дээр нь эрүүл мэндийн шалтгаанаар осол гэмтлээр нас барж байгаа хүүхдийн тоог нэмбэл хязгаараа алдана. Ингээд харахаар бид ямар нөхцөл байдалд хүүхдүүдээ амьдруулж байна вэ. Украин Орос хоёрын дайнд ийм олон хүүхэд өртөж байгаа болов уу. Энэ аюулыг л шийдэх гэж хүүхэд хамгааллын хууль тодорхой эрх зүйн дэвшлийг авчирч, нийгэмд хүлээгдэж байгаа олон асуудлыг шийдэх учиртай.

-Өнгөрсөн намар хуулийн төслийн хэлэлцүүлэг дээр хүүхэд хамгааллын төсөв гишүүдийн хурал цуглаанаар уудаг кофеноос ч хямдхан байна гэсэн шүүмжлэл өрнөж байсан. Үүнийг хуулиар хэрхэн хамгаалж өгөв?

-Миний бие Хүүхэд хамгааллын хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажилласан. Энэ нь өнгөрсөн хугацаанд хүүхдийн эрхийн хамгааллын чиглэлээр тууштай ажилласан хөдөлмөр зүтгэлийг минь үнэлсэн, нийгмийн дунд ямар асуудал байгааг хууль тогтоогчид, ажлын хэсгийнхэн сонсъё гэсэн эрмэлзэл байсан болов уу гэж талархсан. Ажлын хэсэгт нэлээд санал санаачилгатай ажилласан. Амьдрал дунд байсан маш тодорхой зарчмын асуудлыг дэвшүүлсэн нь хуульд тусгалаа олсон гэдгийг онцолмоор байна.

Хүүхэд хамгааллын төсөв бол олон жил ярьж ирсэн эмзэг сэдэв. Хүүхэд хамгааллын төсөв 2017 онд 900 орчим сая төгрөг байсан бол 2018 онд 6.4 тэрбум төгрөг болж нэмэгдэж байсан түүхтэй. Тухайн үед миний бие УИХын гишүүн З.Нарантуяа болон Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гишүүдийн хамт Төрийн ордонд энэ талаар акц хэлэлцүүлэг зохион байгуулж байлаа. Ингэж өсөхөд тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга том үүрэг гүйцэтгэсэн. Ирэх жил хүүхэд хамгааллын төсөвд 14.3 тэрбум төгрөг тавьж байгаа гэж дуулсан.

Зөвхөн улсын төсвөөс гадна орон нутаг, байгууллага бүр хүүхэд хамгааллын тодорхой төсөвтэй байна гэж хуульд тодорхой тусгасан. “Дээрээс мөнгө ирвэл хүүхэд хамгаална” гэдэг хандлага үгүй болно гэсэн үг. Манай улсад сум хороонд хүүхдийн асуудал хариуцсан нэг ч ажилтан байгаагүй. Одоо шинээр гэр бүл хүүхдийн асуудал хариуцсан ажилтантай болно. Хүүхдийн асуудал хариуцсан бие даасан төрийн албан хаагчтай болж байна гэдэг том дэвшил.

Нөгөө талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн эрх хамгаалал маш их тулгамддаг. Хэрэгт холбогдсон хүүхдийг яаж шалгах вэ. Хүүхдийг чи гэмт хэрэг үйлдсэн байна, үеийнхнийгээ дээрэлхсэн байна, хулгай хийсэн байна гэж чичлээд байж болохгүй. Тэр хүүхдийг дахиж гэмт хэрэгт холбогдохгүй байх, нийгэмшүүлэх, алдаагаа ойлгох, нийгмийн эрүүл хариуцлагатай иргэн болгохын тулд ямар бодлого хэрэгтэй вэ гэдэг маш нарийн зүйл. Бас хохирогч болсон хүүхдийг яах вэ. Нэр төр алдар хүндийг нь гутааж, нийгэм даяар зарладаг. Ялангуяа эмэгтэй хүүхдийг “Яах гэж ийм хувцас өмссөн юм, яах гэж баар савны үүдэнд явав, яах гэж гудамж талбайд алхаж явав, яах гэж такси барьсан юм” гэх мэтээр бөөрөлхөнө. Хохирогчийн талаарх мэдээллийг нь нууцлах тухай ойлголт маш хүнд. Ингээд хүүхэд сургууль руугаа алхах жим хаалттай болчихдог. Амьд явахын аргагүй хүнд дарамттай учирдаг. Тиймээс аль болох хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр ажилладаг субъектүүд шуурхай ажилладаг байх хэрэгтэй. Тухайлбал, хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр ажилладаг хүүхдийн сэтгэлзүйчтэй холбогдож сэтгэл заслын болон учирсан нөхцөл байдлыг даван туулах сургалтад хамруулах ёстой. Сүүлийн тав зургаан жил Сэтгэлзүйч багш нарын холбоо, түүний дэргэдэх “Мөрөөдлийн кактус” сэтгэл судлалын урлантай хамтран ажиллаж ирлээ. Миний гараар  дамжсан 120 гаруй хүүхдийг эмнэж өгсөн шүү. Энэ хүрээнд хуульд хохирогч хүүхдийн эрхийг хамгаалахаас гадна сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлэх “Кейс менежмент”-ийг хуульчилж өглөө. Анх ямар цэг дээрээс эхэлсэн, ямар үе шаттайгаар үйлчилгээг үзүүлэх вэ, төрийн байгууллагаас аль нь яаж оролцох вэ гэдэг тодорхой болсон.

-Үе тэнгийнхний дээрэлхэлт, цахим гадуурхалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх тухай хуульд тусгасан гэв үү?

-Монгол Улс сонгууль болохоор сонгогчдынхоо тоог захын УИХ-ын гишүүн мэддэг. Бүр өнгө зүсээр нь нэрлэдэг. Тэгвэл хүүхдийн тоо төрийн захиргааны байгууллагад өөр байдаг. Үүнээс үүдэж төрийн ямар нэгэн хараа хяналтад, мэдээллийн санд бүртгэгдээгүй хүүхдүүд олон байдаг. Гэмт хэрэгт өртсөн болон хохирсон хүүхдийг төр хүүхэд хамгааллын байранд авчихвал болчихдог гэж үздэг. Тэнд байгаа 30 хүүхдийг өглөө бүхэн 30 машин 30 сургууль руу зөөх үү гэхээс асуудал эхэлдэг. Хохирогч хүүхэд дараагийн сургуульд хамрагдах, гэртээ ойр сургуульд шилжин суралцах давуу эрх боломжийг хуулиар зохицуулж өгөх ёстой. Гэтэл хамран сургах тойргийн хүүхэд биш байна, авахгүй гэдэг. Би бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон есхөн настай хүүхдийг шилжүүлэн сургах асуудлаар Улсын тэргүүний 84 дүгээр сургуулийн захирал гэх эрэгтэйтэй уулзахад “Манай хамран суралцах тойргийн хүүхэд биш, та хүүхдээ аваад гар” гэсэн үг сонсож байсан. Үүнийг нэг өмгөөлөгч биш төрийн байгууллагынхан хийх ёстой. Тийм учраас хүүхдийн мэдээллийн сан хэрэгтэй. Энэ асуудлыг хуульд тусгаж өгснөөрөө сайшаалтай зүйл болсон.

Хүүхдүүдийн дунд үе тэнгийнхний дээрэлхэлт газар авсан. Манай улсын насанд хүрсэн иргэдийн цахим хэрэглээний соёлгүй хандлагын үр дагавар хүүхэд дээр бууж байгаагийн илрэл үе тэнгийнхний дээрэлхэлт, цахим гадуурхалт шүү дээ. Бид хүүхдийн өмнө толь болон амьдарч байгаагаа ухамсарлахгүй байна. Энэ тухай шинэ хуульд үе тэнгийн дээрэлхэлтийг үүсгэсэн болон хохирсон хүүхдүүдтэй уулзаж энэ асуудлыг таслан зогсоож, гаргахгүй байх ямар алхамуудыг хийх ёстой вэ гэдгийг нарийн тусгаж өгсөн. Шууд хүүхдийг буруутгахаас илүү урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд чиглэсэн зохицуулалтуудын талаар хуульд тусгасан. Мөн дээр нь интернет үйлдвэрлэл, эрхлэгчдийн үүрэг хариуцлага хуулиар тодорхой болж байна.

-Гэмт хэрэг зөрчилд өртсөн, хохирогч болсон хүүхдийг яаж хамгаалах талаар тодруулж ярихгүй юу?

-Хуульд орсон дэвшилттэй зүйлүүдээс хүүхэд хамгааллын үйлчилгээний хэлбэр юм. Өмнө нь манайд энэ асуудал ойлгомжгүй явж ирсэн. Шуурхай тусламж, хүүхэд хамгаалах нөхөн сэргээх үйлчилгээ гэж юу вэ, хүүхдийн эрх хамгааллын урьдчилан сэргийлэх үйлчилгээ гэж юу вэ гэх зэргийг тодорхой болгосон. Тодруулбал, хүүхдийг гэр бүлээс нь тусдаа орчинд яаж хамгаалах явдал их ярвигтай явж ирсэн. Бодит амьдрал дээр хүүхдүүд гэр бүлээс тусгаарлагдсан тэр орон зайд орхигддог. Аав ээж нь Солонгост ажил хийх гээд явахад хүүхдүүд нь айлд үлддэг. Гэр бүл цуцаллаа, хүүхэд хэн нэгний асрамжид үлдэнэ.  Орхиод явсан эцэг, эх нь ямар асрамж халамжийн үйлчилгээ үзүүлэх вэ. Одоогийн Гэр бүлийн тухай хуулиар хүүхдийн тэтгэмж төлчихөд болчих юм шиг байдлаар зохицуулагдаж байгаа нь нийгмийн харилцаанд хамгийн их шүүмжлэл дагуулж байгаа. Эцэг эх нь нас барсан хүүхэд яах вэ, эцэг эх байх эрхээ хасуулсан, шүүхийн шийдвэрээр сураггүй алга болсон, хорих ял авсан, эсвэл эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон бол хүүхдийг хэн яаж асран хамгаалж, хүмүүжүүлэх вэ. Аав ээжийн хэн нэг нь урт хугацаагаар эмчлүүлж байгаа үед, цагдан хоригдож байгаа, ял эдэлж байгаа гэдэг шалтгаанаар хүүхдээ тэжээж тэтгэх үүргээ биелүүлэхгүй байгаа бол яах вэ. Эцэг эх нь хоёулаа хүүхдээ зодож хүчирхийлдэг, архидан согтуурдаг зэрэг тохиолдлуудад хүүхэд хохирогч болж үлддэг. Жишээ нь, сүүлийн жишээ гэхэд Зариг.мн цахим хуудасны захирал Н.Өнөрцэцэг цагдан хоригдоод явахдаа өөрөө ч хэлж байсан. “Ард байгаа бага насны хоёр хүүхдэдээ сэтгэл зовниж байна. Хоёр хүүхдийг асран халамжлах хүн байхгүй” гэсэн. Яг л энэ. Тэр хүүхдүүдийг хэн асарч хамгаалах вэ. Ээж нь, аав нь байхгүй орон зайд хүүхэд эрсдэлд өртвөл яах вэ. Хэнийг буруутгах вэ гэдгийг тодорхой зааж өгөх ёстой юм. Хуулийн хүрээнд үүнийг зааж өгснөөрөө ач холбогдолтой.

-Ямар байдлаар хуульчлав?

-Асралт гэр бүлийн зохицуулалт гэж орж ирж байна. Гэр бүлийн хайр халамжаас хол, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг тодорхой хугацаанд гэр бүлдээ авч асран халамжилж байгаа гэр бүлийг бий болгоно. Үр хүүхэд цөөтэй, үр хүүхэд авч хажуудаа байлгах сонирхолтой бүтэн гэр бүлүүд хороо дүүрэгтээ бүртгүүлнэ. Ингээд тодорхой шаардлага хангасан тохиолдолд тодорхой хугацаанд тухайн хүүхдийг асрамжилна гэсэн үг. Асралт гэр бүлүүд ингэж бий болбол дээрх хайр халамж хэрэгтэй хүүхдүүдийн асуудлыг шийдэхэд үр дүнтэй гэж ажлын хэсэг үзсэн.  Мөн гамшиг онцгой байдлын үед хүүхдийг хэрхэн хамгаалах вэ гэдгийг Монгол Улсын хуулиар зохицуулаагүй явж ирсэн байсан. Ковид цар тахлын үед хүүхдийн эрх яаж зөрчигдсөнийг бид харсан шүү дээ. Энэ үед салбар дундын бодлого хэрэгжүүлэх субъектүүдийг хуульчилж өгч байна. Энэ мэтчилэн дэвшлүүдтэй хууль батлагдлаа.

Гэхдээ үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлагыг ямар байдлаар оногдуулах вэ гэдгийг орхигдуулсан нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл, хүүхэд хамгааллын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй субъектүүдийг хэрхэх талаар Зөрчлийн болон Эрүүгийн хуульд зайлшгүй тусгах ёстой. Гэтэл энэ зохицуулалт орхигдсон. Үүнийг дараагийн УИХ-ын чуулганаар засч залруулна гэж найдаж байна.

-Сүүлд таныг Дорнод аймагт бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон эмэгтэйд өмгөөллийн үйлчилгээ үзүүлж, шүүх хурал дээр ялсан тухай сонслоо. Энэ тухай тодруулж болох уу?

-Миний хувьд сүүлийн зургаан жилийн хугацаанд хуульч хүний нийгмийн хариуцлагын хүрээнд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд хууль зүйн үнэ төлбөргүй туслалцаа үзүүлнэ гэдэг байр сууриа илэрхийлж, энэ чиглэлээр бодитой ажил хийж ирсэн. Өнгөрсөн жилийн хувьд 6-16 нас хүртэлх 20 гаруй охидод, мөн энэ төрлийн хохирогч болсон дөрвөн хүүг үнэ төлбөргүй өмгөөллөө.

Нэг зүйл онцолж хэлэхэд, бэлгийн хүчирхийллийн хохирогч болж амиа алдсан 12 настай охины хэргээс үүдэж нийгэм даяараа хуулийн хариуцлагыг чангатгая гэж шуугьсан. Түүнийг ч хийсэн. Ингэснээр энэ гэмт хэргийн тоо багасч байна уу гэвэл үгүй. Би ганц жишээ хэлье. Сүхбаатар дүүрэгт өнгөрсөн ес, аравдугаар сард гэхэд нэг хороон дээр бэлгийн хүчирхийллийн долоо, найман хэрэг гарлаа гэж хүүхэд хариуцсан мэргэжилтэн халаглаад сууж байна. Саяхан төрсөн охиноо, дээр нь дүүгийнхээ охин хүүхдийг бүтэн жилийн турш хүчирхийлж байсан эцгийн шүүх хуралд орлоо. Би төрсөн охиноо хүчирхийлсэн аав болон өвөөгийн 10 орчим хэрэг дээр ажилласан байна. Ойр тойрны таньдаг мэддэг хүмүүс битгий хэл төрсөн эцэг нь, өвөө нь үр хүүхдэдээ халдаж байгаа явдлыг ухамсарт хүний хийх үйлдэл биш гэж би үздэг. Эдгээр этгээдүүд болон хүчингийн гэмт хэргийг давтан үйлдээд байгаа хэрэгтнүүдэд эрүүгийн хариуцлагын ялын хэмжээг нэмэгдүүлэх нь чихний хажуугаар нь өнгөрчихөж байна. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэгтнүүдийг химийн тарианы аргаар хөнгөвчлөх замаар ял шийтгэл оногдуулъя гэж сүүлийн таван жил ярьж байна. Үүнийг УИХ-д хууль болтол нь тэмцэнэ. Намайг юу гэж хэлж доромжлох нь хамаагүй. Энэ тухай миний хувьд цоо шинээр яриад дэвшүүлж байгаа шийдэл зүйл биш, дэлхийн улс орнууд хэрэгжүүлж байна. Сүүлд БНСУ энэ төрлийн гэмт хэрэгт ялаа нэмээд үр дүнд хүрэхгүй юм байна гээд химийн тариагаар хөнгөлөх аргыг сүүлийн дөрвөн жил туршиж гэмт хэрэг 40 хувиар буурлаа хэмээн хуулийн байгууллага нь танилцуулж байна. Европын орнуудад ч хэрэгжүүлж байна.

Бага насны хүүхдээс гадна өсвөр насны, нас биед хүрсэн эмэгтэйчүүдийн бэлгийн эрх чөлөөнд халдах, тэднийг доромжлох, үл хүндэтгэлтэй хандах явдал манай улсад байсаар байгаа. Ялангуяа бэлгийн дарамт учруулах асуудлыг Эрүүгийн хуулиас хассан нь ял завших нөхцөлийг бүрдүүлсэн. Тэр бүү хэл хүчиндэх гэмт хэргийг үйлдчихээд “Би гэмт хэрэг үйлдээгүй” гэж мэлзэж, мөрдөн шалгах ажиллагааны явцад янз бүрийн арга саамаар нөлөөлөхийг оролддог явдал байсаар байдаг.

Үүний нэг жишээ нь Дорнод аймгийн жишээ. Сэтгүүлч таныг асуусан болохоор товч хариулъя. Энэ хэрэг гараад хоёр жил болсон. Эрүүгийн хэрэг үүсгэхгүй нэлээд хугацаа өнгөрч, дараа нь хохирогчийн харьяаллын дагуу Налайх дүүрэг рүү шилжүүлж, буцаад гэмт хэрэг гарсан газар Дорнод аймаг руу шилжүүлсэн, хэд хэдэн удаа хаах саналыг цагдаагаас прокурорт хүргүүлж, хэргийн өнгө зүсийг өөрчилсөн гэж хохирогчийн хувьд “Хэлмэгдэж доромжлолын туйлыг амсаж байна” гэж хэвлэл мэдээллийн байгууллагад хандсан юм билээ. Цахиур.мн мэдээллийн сайтаас над руу холбогдож “Энэ хэрэг дээр ажиллаж өгөөч” гэж хандсан. Бүтэн жил жим гартлаа явлаа. Явсаар ямартаа ч “Би гэм буруугүй, хэрэгсэхгүй болгуулна” гэж бардам байсан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт буруутайг шүүх тогтоож шийдсэн. Хариуцлагын хурал дээр “Уучлаарай би согтуу байжээ, согтуудаа ийм зүйл үйлджээ” гэдгээ илэрхийлсэн. Хохирогч охин “Уучлаарай гэдэг үгийг хоёр жилийн турш хүлээж байсан. Энэ үг надад амьдрах итгэл өглөө” хэмээн сэтгэлийн үгээ хэлж байсан.

Ер нь хохирогчид сэтгэл зүйн болон өмгөөлөл хууль зүйн үйлчилгээ үзүүлнэ гэдэг цогц ажил байдаг. Ер нь хүнд гомдолтой сэтгэл дундуур байна гэдэг хэцүү. Түүнийг даван туулж байж амьдрах итгэлийг олж авдаг.

Тиймээс хохирогчийг хамгаалах сэтгэл зүйг нь илааршуулах бодлого зайлшгүй хэрэгтэй. Тийм ч учраас миний олон жил ярьсан зүйл хуульд тусгалаа олсон. Гэмт хэргийн хохирогчид сэтгэл санааны хохирлыг тооцож олгодог олон улсын жишгийг бий болгооч гэж удаан ярьж ирсэн. Шүүх шинжилгээний хуульд энэ асуудал тусгалаа орж, бодитой дэвшилт бий болж байгаа.

Categories
мэдээ нийгэм

БОАЖЯ: Зэрлэг амьдад зориулан 100 боодол өвс байршуулав DNN.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК, Зүүн цанхийн уурхайн гэрээт олборлогч “Ти Эн” Түншлэл компанитай хамтран Байгаль орчны мэргэжилтнүүд, инженер техникийн ажилтнууд, операторууд энэ оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Хангинах-ын хаданд зэрлэг амьтдад зориулан 100 боодол өвс тараан байршууллаа.

Тус компани Биотехникийн арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг ба он гарснаар нийт 9 удаагийн арга хэмжээ авч, Монгол Улсын амьтны тухай хууль, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд гэрээт байгууллагуудыг хамруулан ажиллав.

Эх сурвалж: БОАЖЯ

галт уулын тогоо ба хойд туйл нарын зураг байж магад

Categories
мэдээ нийгэм

UB SMART BUS аппликейшн хэвийн ажиллаж байна DNN.mn

Нэгдүгээр сарын 22-ны өдрийн өглөөнөөс нийтийн тээврийн үйлчилгээний 71 чиглэлийг хуучнаар нь сэргээж, иргэдэд үйлчилж эхлээд байна. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн өмнө нь үйлчилж байсан 71 чиглэл, шинэ төлөвлөлтийн 40 чиглэлийг хэвээр үлдээж байгаа юм.

Хуучин чиглэлүүдийг сэргээсэнтэй холбогдуулан UB Smart Bus аппликейшнд мэдээллийг тухай бүр шинэчилж оруулж байгаа тул та бүхэн цаг алдалгүй нийтийн тээврийн чиглэлийн мэдээлэл, автобус хэзээ зогсоол дээр ирэхийг UB smart bus аппликейшнаас хараарай.

Цаг агаар огцом хүйтэрч байгаа тул дулаан хувцаслаж, гарахаасаа өмнө автобус хэзээ ирэхийг UB Smart Bus аппликейшнаас хараад гараарай.

Улаанбаатар Смарт Карт

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цэвэрлэгээнээс гарсан 634.9 тонн хар цасыг ачиж тээвэрлэв DNN.mn

Өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцсан байгууллагууд авто замын цасыг хусаж, халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллалаа.

Тодруулбал, 25 байгууллагын 854 ажилтан албан хаагч тусгай зориулалтын 157 машин техниктэйгээр ажиллаж, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй авто зам, гэр хорооллын дундах сүүдэр хэсгүүдэд нийт 82.5 тонн бодис, 137.5 тонн давс цацаж, цэвэрлэгээнээс гарсан 634.9 тонн хар цасыг ачиж тээвэрлэв. Түүнчлэн дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй 8331 аж ахуйн нэгж, байгууллага орчныхоо 50 метр талбайн цас мөсийг цэвэрлэсэн байна.

Одоогоор авто зам болон явган хүний зам, замын нуухны цэвэрлэгээ, хар цас ачих ажил хуваарийн дагуу үргэлжилж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Долоон аймгийн 27 суманд төмөр буюу шилэн зудын нөхцөл бүрдээд байна DNN.mn

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 7 аймгийн 27 суманд төмөр буюу шилэн зудын, 18 аймгийн 118 суманд цагаан зудын, 16 аймгийн 87 сум цагаанаар зудархуу нөхцөл бүрдсэн байна.

Тодруулбал, Увсын Өндөрхангай, Наранбулаг, Говь-Алтайн Тайшир, Архангайн Цахир, Тариат, Хайрхан, Эрдэнэмандал, Өвөрхангайн Баян-Өндөр, Өлзийт, Бат-Өлзийт, Бүрд, Баруунбаян-Улаан, Булганы Рашаант, Дундговийн Өлзийт, Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Адаацаг, Сүхбаатарын Асгат, Баруун-Урт, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түмэнцогтод цасны нягт 0,35-0,63 г/см3 хүрч төмөр буюу шилэн зудын .

Баян-Өлгийн Сагсай, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Тэс, Давст, Цагаанхайрхан, Ховдын Алтай, Говь-Алтайн Шарга, Жаргалант, Завханы Тэс, Алдархаан, Баянтэс, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Их-Уул, Яруу, Завханмандал, Идэр, Нөмрөг, Түдэвтэй, Тосонцэнгэл, Тэлмэн, Шилүүстэй, Баянхайрхан, Цагаанхайрхан, Баянхонгорын Баянговь, Богд, Хүрээмарал, Эрдэнэцогт, Архангайн Цэцэрлэг, Батцэнгэл, Төвшрүүлэх, Хангай, Чулуут, Өвөрхангайн Богд, Зүүнбаян-Улаан, Төгрөг, Нарийнтээл, Хужирт, Есөнзүйл, Хөвсгөлийн Жаргалант, Шинэ-Идэр, Цэцэрлэг, Булганы Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн, Төвийн Эрдэнэсант, Өндөрширээт, Бүрэн, Лүн, Алтанбулаг, Сэлэнгийн Ерөө (Бугант), Хүдэр, Сүхбаатар, Дорноговийн Иххэт, Дэлгэрэх, Айраг, Сайхандулаан, Өргөн, Хөвсгөл, Алтанширээ, Дундговийн Өлзийт, Баянжаргалан, Дэрэн, Говь-Угтаал, Мандалговь, Хулд, Өмнөговийн Булган, Хэнтийн Дархан, Галшар, Баян-Овоо, Батноров, Өмнөдэлгэр, Баянмөнх, Сүхбаатарын Түвшинширээ, Баяндэлгэр, Дарьганга, Дорнодын Булган, Гурванзагал, Матад, Дашбалбар, Баянтүмэн, Цагаан-Овоо, Сэргэлэн, Халхголд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн байна.

Мөн Ховдын Үенч, Дарви, Эрдэнэбүрэн, Говь-Алтайн Хөхморьт, Алтай, Дэлгэр, Баян-Уул, Завханы, Отгон, Ургамал, Сантмаргац, Сонгино, Баянхонгорын Баянбулаг, Жаргалант, Гурванбулаг, Галуут, Бөмбөгөр, Жинст, Бууцагаан, Эрдэнэцогт, Баянхонгор, Архангайн Өлзийт, Жаргалант, Хашаат, Хотонт, Өгийнуур, Өвөрхангайн Хархорин, Гучин-Ус, Сант, Хайрхандулаан, Уянга, Баянгол, Хөвсгөлийн Улаан-Уул, Ренчинлхүмбэ, Цагааннуур, Галт, Мөрөн, Цагаан-Үүр, Булганы Хангал, Хишиг-Өндөр, Баян-Агт, Орхоны Жаргалант, Баян-Өндөр, Сэлэнгийн Баруунбүрэн, Зүүнбүрэн, Хушаат, Орхонтуул, Түшиг, Цагааннуур, Баянгол, Төвийн Баян-Өнжүүл, Баянжаргалан, Баянчандмань, Цээл, Баян, Заамар, Зуунмод, Эрдэнэ, Баянцагаан, Жаргалант, Аргалант, Батсүмбэр, Борнуур, Угтаалцайдам, Улаанбаатарын Багануур, Дундговийн Өндөршил, Гурвансайхан, Сайхан-Овоо, Луус, Өмнөговийн Мандал-Овоо, Манлай, Дорноговийн Хатанбулаг, Эрдэнэ, Сайншанд, Хэнтийн Өмнөдэлгэр (Гурванбаян), Биндэр, Батширээт, Жаргалтхаан, Өлзийт, Өндөрхаан, Дэлгэрхаан, Цэнхэрмандал, Норовлин, Дорнодын Хөлөнбуйр, Чойбалсан, Баян-Уул, Чулуунхороот, Баяндунд цагаанаар зудархуу байна.