Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Уянга: Манайд түрээсийн үнэ ямар ч үндэслэлгүй, зүгээр л эзний амнаас дур зоргоор гарсан тоо байдаг DNN.mn

Түрээсийн үнэ өндөр байгаагаас бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Мөн түрээслүүлэгч түрээсийн үнийг огцом нэмэх, гэрээгээ гэнэт цуцлах зэргээс түрээслэгч гудамжинд хөөгдөх тохиолдол их гарч байна. Тиймээс түрээслэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн асан Г.Уянгатай ярилцлаа.


-Өнөөдөр түрээслэгчийн эрх ашгийг хамгаалах хуульгүй учраас түрээслэгч гэнэтхэн гудманд хөөгдөх тохиолдол их байна. Та УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үедээ Түрээслэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн барьж байсан. Таны өргөн барьсан хуулийн төслийн гол концепц, ач холбогдол нь юу байсан бэ?

-УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа миний санаачилж бараг бэлэн болгосон Түрээсийн харилцааны тухай хуулийн төсөл хэн нэгний эрх ашгийг хамгаалах гэхээсээ илүү эдийн засгийн болон зах зээлийн харилцааны өргөн утгаараа ач холбогдолтой байсан.

Ялангуяа Монголд эдийн засгийн чамгүй хувийг түрээсийн харилцаа эзэлж байхад хууль эрх зүйн зохицуулалт дэндүү хангалтгүй байгаа юм. Дэлгүүр, лангуу, талбай, орон сууц, ажлын байр, такси, ажлын багаж зэвсэг, машин техник… түрээсгүй юм Монголд бараг алга. Манайд Санхүүгийн түрээс буюу лизингийн хуулиас гадна Иргэний хуулийн цөөн хэдэн заалт үйлчилж байна. Гэтэл түрээсийн харилцаа маш өргөн байгаа шүү дээ. Дээр нь энэ бүх зохицуулалт зөвхөн түрээслүүлэгч талын эрх ашгийг барьсан, түрээслэгчийн эрх ашгийг бараг тусгаагүй, товчоор хэлбэл хамжлагын шинжийг агуулсан гэж болохоор. Энэ хуулийг баталсан бол хэн нэгний эрх ашгийг хангахаас илүү эдийн засагт бодитой оршиж байгаа түрээсийн харилцаа зүй зохистой болох суурь тавигдах байсан.

-Эдийн засагт ямар нөлөө үзүүлдэг юм бол?

-Юуны өмнө бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд түрээсийн нөлөөлөл ямар байгааг судалж байсан. Цочирдом өндөр биш боловч харгалзаж үзэхүйц нөлөөлөл байсан. Судалгаагаар тухайн үед 600 гаруй мянган хүн ямар нэг хэмжээгээр түрээсээс хамааралтай ажил хөдөлмөр эрхэлдэг гэсэн тооцоо гарсан. Энэ хуулиар үнийг хязгаарлаж, эсвэл үнэ тогтоох зорилгогүй байсан. Гагцхүү аливаа үнэ маш тодорхой үндэслэлтэй тайлбартай байх ёстой. Гэтэл манайд түрээсийн үнэ ямар ч үндэслэлгүй, зүгээр л эзний амнаас дур зоргоор гарсан тоо байдаг. Гэхдээ түрээсийн үнэнд ямар ч татвар байхгүй. Хотын төвийн “А” зэрэглэлийн газар байшин бариад түүнийгээ түрээслэхэд маш богино хугацаанд байшингийн өртгөө нөхнө. Хэрэв тэр байшинг 100 жилийн настай гэж үзвэл нэг хоёр жилд нь өртгөө нөхөөд үлдсэн бүх хугацаанд ашиг хийнэ. Үүнээсээ татвар төлөхгүй. Түрээсийн хуулийг Газрын тухай болон Татварын хуультай уялдуулахаар хийж байсан.

-Өнөөдөр түрээслэгч түрээсийн үнэ дураараа огцом нэмж байгаа нь эдийн засагт мөн нөлөөлж байна шүү дээ. Таны өргөн барьсан хуульд түрээслэгч үнийг огцом нэмэхгүй байх ямар зохицуулалт туссан бэ?

-Үнэ тогтоох тодорхой аргачлалыг тусгасан. Түрээслэгч болон түрээслүүлэгчийн “гүүдвилл” буюу үл хөдлөх хөрөнгөд талуудын оруулсан үнэ цэнийг гэрээнд тусгахаар заасан. Хоёр тал шууд нүүр тулахгүй дундын зуучлагч буюу түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалдаг холбоогоор дамжуулж түрээслэгчийн эрх ашгийг түрээслүүлэгчийн өмнө хамгаалдаг байх, түрээсийн даатгал болон барьцааны тухай мөн тусгасан. Бүх түрээслэгчээс барьцаа мөнгө авдаг боловч түүний хүү түрээслэгчид очдоггүй, ямар ч гэрээ хэлэлцээргүйгээр түрээслүүлэгчийн ашиг болдог шударга биш байдлыг цэгцлэхээр тусгасан байсан.

-Та судалгааны үндсэн дээр өргөн барьсан байх. Ер нь бусад орнууд энэ харилцааг илүү боловсронгуй яаж зохицуулсан байдаг бол?

-Бид судалгааныхаа хүрээнд 10 гаруй орны энэ төрлийн харилцааг зохицуулсан хуулиудыг судалсан. Үнэ бүрдэлтийн хууль гэсэн ерөнхий хууль тэнд үйлчилж байна. Аливаа үнэд түрээс заавал нөлөөлдөг учраас ийм зохицуулалт хийдэг юм байна. Тухайлбал, нийтийг орон сууцаар хангахын тулд орон сууцны түрээсийг хориглох, нэг хүн нэгээс илүү орон сууц эзэмшихгүй байх хуулийн зохицуулалтын жишээ ч байна. Гэтэл манайд шинэ орон сууцны 60 хүртэл хувийг түрээслэхээр авдаг байсан. Энэ нь орон сууцны үнийг өсөлтөд ч нөлөөллөө үзүүлж байгаа нь тухайн үед судалгаагаар гарч байлаа.

-Түрээслэгч, түрээслүүлэгчийн эрх үүргийг тодорхой болгосноор нийгэмд ямар үр нөлөө гарах бол?

-Бидний хоёр үе шаттай томоохон судалгаа хийж бэлэн болгосон байсан хуулийн төсөл түрээсийн бүх харилцааг яг таг зохицуулчихна гэж хэлэхэд учир дутагдалтай байх. Гэхдээ ямар ч байсан өнөөдрийг хүртэл түрээсийн харилцаа болон түүнээс үүдэлтэй эдийн засгийн асуудлуудыг зохицуулах эхлэл, суурь хууль нь болох учиртай байлаа. Эдийн засаг зөв голдиролоор явах, түрээсийн шударга бус харилцааг зохицуулах, түрээсийн татвар бий болгож энэ харилцаанд шударга хандлага бий болгосноор хамжлагын мэт шударга бус харилцаа үгүй болж баян ядуугийн ялгааг багасгахад нөлөөлөх байсан байх. Түрээсийг газрын харилцаатай уялдуулснаар үнийн хөөрөгдөлт биш үнийн зүй зохист харилцаа тогтох эхлэл болох байсан.

-Таны хууль яагаад батлагдаагүй юм бэ?

-Цаг хугацааны  хувьд нэг бүрэн эрхийн хугацаанд амжаагүй. Багаа бүрдүүлсэн, Засгийн газартай хамтрах, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамны баг гарсан. Олон үе шаттай судалгаа хийсэн. Хуулийн төслөө боловсруулахад цаг хугацаа шаардагдсан. Нөгөө талаар энэ хуулийг батлах сонирхол үнэндээ УИХ-д байгаагүй. Яагаад гэвэл үл хөдлөх хөрөнгө түрээсэлдэг, түрээсээс татваргүй сул орлого олдог хөрөнгөтнүүд хууль тогтоох байгууллагад маш олон байдгийг би бас анзаараагүй байсан юм билээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гал түймрийг бүрэн унтраалаа DNN.mn

БЗД-ийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт 60тн газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрч шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 2024.01.24-ний шөнийн 01:07 цагт ирсэн.

Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10 анги, Аврах ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, гал түймрийн тархалтыг 02:15 цагт зогсоож, 04:30 цагт бүрэн унтраалаа.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр гахай өдөр DNN.mn

Аргын тооллын нэгдүгээр сарын 24, Буд гариг. Билгийн тооллын 14, Өглөгт охин одтой, улаагчин гахай өдөр. Өдрийн наран 08:30 цагт мандан, 17:38 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн байна DNN.mn

Цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно.

Салхи: Ихэнх нутгаар хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Тэс голын хөндийгөөр 44-49 хэм, Увс нуурын хотгор, Идэр голын хөндийгөөр 38-43 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 33-38 хэм, Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Дорнод-Дарьгангын тал нутгаар 29-34 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 26-31 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 29-34 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 22-27 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 17-22 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 36-38 хэм, бусад хэсгээр 29-31 хэм, өдөртөө 19-21 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 34-36 хэм, өдөртөө 23-25 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 35-37 хэм, өдөртөө 22-24 хэм хүйтэн байна.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабар “Ардын бослого монголчуудыг нийтээр өлбөрч үхэх тамаас аварсан” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа “Гадаадын хөрөнгө оруулагчдад хэр таатай орон бэ гэдэг нь дотоодын хөрөнгө оруулагчдадаа төр яаж хандаж байгаагаар тодорхойлогдоно” гэснийг  II нүүрнээс уншаарай.

ТОМИЛОЛТ: Өнгөлөг, тунгалаг, элгэмсэг “Мөнгөлөг шагшуурга”

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт Нэрт нийтлэлч Баабар “Ардын бослого монголчуудыг нийтээр өлбөрч үхэх тамаас аварсан” хэмээн өгүүллээ

“Баянзам” тээвэрчдийн холбооны тэргүүн Б.Баярхүү “Ковидын үеэр 50 машин нүүрс гардаг байхад байгуулсан терминал дээр бүх нүүрсийг шилжүүлэх гэж үйлээ үзэж байна” гэв.

МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Х.Цэвэлмаа “Өмнө гаргасан хууль, хөтөлбөрөө хэрэгжсэн эсэх дээр дүн шинжилгээ огт хийдэггүй нь бидний том алдаа” хэмээв.


 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Ц.Хулан нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхээр хэлэлцэх эсэхийг маргааш шийднэ DNN.mn

Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэх хэрэгт холбогдсон яруу найрагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 01-ний өдөр болж, анхан шатны шүүхээс Ц.Хуланд оноосон 9.6 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, 8.1 жил болгосон бол Б.Отгонбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн билээ.

Тэгвэл Ц.Хулан нь Улсын дээд шүүхэд хандсан бөгөөд уг гомдлыг хэлэлцэх эсэхийг Улсын дээд шүүх хэлэлцэхээр товлосон байна.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны долдугаар сарын 25-ны өдрийн 736 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдрийн 1060 дугаар магадлалтай, Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох /маш нууц/ хэргийг гаргасан шүүгдэгч Ц.Хулан, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал, Ж.Батхуяг нарын хамтран гаргасан гомдлыг Улсын дээд шүүх нэгдүгээр сарын 24-ний өдөр хаалттай хянан хэлэлцэхээр товлосон байна.

Categories
мэдээ нийгэм

Бүлэглэн бусдын цүнхтэй эд зүйлийг дээрэмдэж, зугтаажээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 19 цагийн үед “ 4 залуу намайг зодоод миний цүнхийг аваад явчихлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийг шалгахад 29 настай эрэгтэй Р-н цүнхтэй эд зүйлсийг 30 настай, эрэгтэй Д нь бусадтай бүлэглэн хүч хэрэглэн дээрэмдэж, зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Энэ төрлийн хэргийн эрх зүйн зохицуулалт:
Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/
“Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хэрэв хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн бол 5-12 жилийн хорих ял шийтгэхээр заажээ.

Иргэд Та бүхэн гудамж талбай, олон нийтийн газраар явахдаа аюулгүй байдалдаа анхаарч, өөрийн өмчийн гар утас, эд зүйлсээ сонор сэрэмжтэй авч явахыг, энэ төрлийн гэмт хэргийн санаа бодол өөртөө агуулж буй иргэн та хуулийн дээрх зохицуулалтаар хорих ял бүхий шийтгэлтэй болохыг анхаарч гэмт үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн тээврийн чиглэлийн мэдээллийг imap.mn сайт болон аппликэйшнээр авах боломжтой DNN.mn

Иргэд нийтийн тээврийн чиглэлийн мэдээллийг imap.mn сайт болон аппликэйшнээр авах боломжтой.

Нийтийн тээврийн өмнө нь үйлчилж байсан 110 чиглэлээс 71 чиглэлийг, шинэ төлөвлөлтийн 74 чиглэлээс 34 чиглэлийг хэвээр үлдээсэн.

Categories
мэдээ нийгэм

238 нохой, 15 муур барьж, түр асрах байранд хүргэж өгчээ DNN.mn

Эзэнгүй нохой, муур барих, түр асрах байранд хүргэх ажлыг зохион дүүргүүд зохион байгуулж эхэллээ.

Тухайлбал, Баянзүрх дүүрэг иргэдийн аюулгүй орчинд зорчих нөхцөлийг хангах зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж талбайд хараа хяналтгүй сул явж байгаа эзэнгүй нохой муурыг барьж тур асрамжлах байранд хүргэх ажлыг дүүргийн 2, 9, 19, 21, 24, 27, 29, 30, 31, 32, 34 дүгээр хороодын нутаг дэвсгэрт зохион байгуулж 238 нохой, 15 муур барьж хүргэжээ.

Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль 2024 оны 1 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Энэ хууль нь нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гэрийн тэжээвэр амьтныг бүртгэх, асран хамгаалах, тур харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах, эзэнгүй амьтнытоо толгойг бууруулахтай холбоотой харилцааг зохицуулна. Иймд иргэд хуулийг судалж. үүргээ биелүүлэх, нохойгоо уяж бүртгүүлэх, үзлэгт хамруулах, үржлийг хязгаарлаж байхыг анхаарна уу.

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Categories
мэдээ нийгэм

“Амар байна уу 2024” үзэсгэлэн худалдааны нээлт боллоо DNN.mn

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар хоёр дахь жилдээ Сар шинийн баярыг угтан зохион байгуулж байгаа “Амар байна уу 2024” үзэсгэлэн худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны нээлт өнөөдөр боллоо.

Тус үзэсгэлэн худалдаанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 2000 орчим ЖДҮҮ эрхлэгч 15-20 мянган нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулан оролцож байгаа юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Нийслэлийн хэмжээнд 45 мянга гаруй ЖДҮҮ эрхлэгч үйл ажиллагаа явуулж, 600 мянга гаруй ажлын байр бий болгож байна. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувь, экспортын орлогын 2.8 хувийг бүрдүүлж буй. Энэ тоог өсгөх боломж бид бүхэнд бий. “Амар байна уу 2024” үзэсгэлэн худалдаа нь зөвхөн нийслэл Улаанбаатар хотоор хязгаарлагдахгүй 21 аймгийн ЖДҮҮ эрхлэгчдийг дэмжиж байдгаараа онцлогтой. Өнгөрсөн жил аж ахуйн нэгжүүд 48.9 тэрбум төгрөгийн орлого олсон. Энэ жил үүнээс илүү орлого олох болов уу гэсэн хүлээлттэй байна. Иргэдийгээ Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээрээ бэлэг барьж, идээ хүнсээрээ тавгаа засахыг уриалъя. Мөн эндээс олон аж ахуйн нэгж хамтын ажиллагаа эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.

Тус үзэсгэлэн худалдаа “Шинэ 100 айл” худалдааны төвд хоёрдугаар сарын 9 хүртэл өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд үргэлжилнэ. Нийслэлийн зүгээс ЖДҮҮ эрхлэгчдээс түрээсийн төлбөр авалгүй, урсгал зардлыг хариуцаж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Ирэх жилээс “Амар байна уу” үзэсгэлэн худалдааг өргөн хүрээнд, олон улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж байна. ЖДҮҮ эрхлэгчид бол улсын хэмжээний аж ахуйн нэгжийн 85 хувийг бүрдүүлдэг бөгөөд ажлын байрыг олноор бий болгодог стратегийн чухал салбар” гэлээ.

Хан-Уул дүүргийн “Нүдэн Арт хаус” ХХК-ийн хувьд л гэхэд 2018 оноос үндэсний, өдөр тутмын болон загварын хувцас урлаж, үйл ажиллагаа явуулж байгаа. Үндэсний хувцсаа өдөр тутам өмсөхөд зориулан урладгаараа онцлогтой бөгөөд тус үзэсгэлэн худалдаанд оролцож байв.

Хэнтий аймгийн “Сүүн биндэр” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Энх-Амгалан “Би хоёр жилийн өмнө ах, дүүгийнхээ тусламжтайгаар сүүний цех байгуулж байсан. Энэ жил хоёр дахь удаагаа тус үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Манайх 150 гаруй өрхөөс сүү авч, бүтээгдэхүүнээ хийж борлуулдаг. Цаашид нэр төрлөө олшруулж, тогтмол үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна. Өнгөрсөн жилийн тухайд манай цех “Е-март”, “Номин сүлжээ дэлгүүр зэрэг таван салбарт бараа, бүтээгдэхүүнээ борлуулж байсан бол энэ жил зөвхөн тус үзэсгэлэн худалдаагаар бүтээгдэхүүнээ борлуулж байна. Бүтээгдэхүүнийхээ 50 хувийг борлуулаад байгаа” гэв.