Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сүхбаатарын талбай руу нэвтэрсэн жолооч 4.91 хувийн согтолттой байжээ DNN.mn

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Сүхбаатарын талбайд өнөөдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 24-ний 18:06 цагийн үед “приус-30” маркийн автомашинтайгаа нэвтэрч, зөрчил гаргалаа.

Тодруулбал, Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э гэгч нь алба хаагчийн хууль ёсны шаардлага биелүүлэхгүй шалгуулахаас зайлсхийх оролдлого хийж бусдад аюултай нөхцөл үүсгэн хөдөлгөөнд оролцсон үйлдлийг тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна.

Жолоочийн согтолтын зэргийг шалгахад 4.91 хувийн согтолттой байжээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Зөвшөөрөлгүй жолооч хотын төвөөр 60 тн газ тээвэрлэснээс дэлбэрэлт үүсч, гурван аврагч эрсэдлээ DNN.mn

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар дээр өчигдөр (2024.01.24) 01:05 цагийн үед их хэмжээний газ буюу шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэж явсан автомашинтай “Ниссан патрол” маркийн автомашин шүргэлцсэнээс хүчтэй дэлбэрэлт боллоо. Энэ үеэр онцгой байдлын гурван албан хаагч амь насаа алдаж, 14 иргэн эмнэлэгт хүргэгдсэнээс тав нь 80-90 хувийн түлэгдэлтэй, ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Дэлбэрэлтийн улмаас Дүнжингарав худалдааны төвийн чанх урд байрлах “Эдү апартмент” хотхон руу гал тархаж, 11 айлын 43 иргэнийг аюулгүй нүүлгэн шилжүүлсэн, галд иргэдийн 28 машин өртсөнийг онцгой байдлын байгууллагаас мэдээлэв.

01:00 цагийн орчимд газ тээвэрлэгч машин зам дээр баруун эргэх үйлдэл хийхэд суудлын авто машин давхар эргэж шүргэлцэж байгаа хяналтын камерт дүрс бичигджээ. Ингээд газ тээвэрлэгч машин хөдөлгөөнөө зогсоож, “Ниссан патрол” машин чигээрээ явсан харагдана. Үүнээс тав орчим минутын дараа дэлбэрэлт болжээ. Онцгой байдлын байгууллагад 01:07 цагийн үед дуудлага ирж, гал сөнөөх ангиуд хөдөлж эхэлсэн байна. Нийслэлийн гал унтраах ангийн нийт бүрэлдэхүүн ажиллаж, гал түймрийг гурван цаг орчмын дараа бүрэн унтраасан байв.

Хий тээвэрлэж явсан машин дэлбэрсэн энэ нөхцөл байдал улс орон даяар түгшүүртэй нөхцөл байдлыг бий болгов. Онцгой байдлын албан хаагчид амиа алдсан, олон арван хүн гэр орон, машин тэрэггүй болсон, хамгийн гол нь тэсэрч дэлбэрэх аюултай бодис тээвэрлэж явсан машин дэлбэрэх нөхцөл байдал яагаад бий болов, замын хөдөлгөөний дүрэм зөрчигдсөн үү, хотын төв хэсэгт зорчиж явсан нь хууль журам стандартаар зөвшөөрөгдөх үү гэх зэрэг олон асуулт бий болоод байна.

Хамгийн ноцтой нь үүрэг гүйцэтгэж явсан гурван албан хаагч амь эрсэдсэн нь хамгийн том гарз хохирол байв. Тэд бол гал унтраах 63 дугаар ангийн албан хаагчид болох 36 настай А, 28 настай Б, 27 настай Т нар байлаа. Аврагчид амиа алдсан ослын тухай ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян тайлбарлахдаа “Гал унтраахдаа тактикийн болон ажиллагааны алдаа гаргаагүй. Монгол Улсад үйлчилж байгаа гал унтраах дүрмийн дагуу гал унтраах удирдагч тухайн нөхцөл байдлын үнэлгээг хийх зорилгоор ажиллаж байх явцад 40 метрийн алслалтай ёмькост хүчтэй дэлбэрэлт бий болж шидэгдсэнээр манай гурван алба хаагч харамсалтайгаар амь насаа алдлаа. Галаас 40-100 метрт байна гэсэн хэмжээ дүрэмд байхгүй” гэлээ. Нэг ёсондоо манай улсад шатдаг хийтэй ажиллах, ялангуяа гэнэтийн ослын үед аврагчид ямар зайнаас ажиллах, энгийн иргэд ямар зайтай байх зэрэг стандарт дүрэм байдаггүй гэсэн үг аж.

Нас барсан аврагчдын ар гэрийнхний зүгээс энэ харамсалт үйл явдалд гомдолтой байгаагаа илэрхийлж байлаа. Осол шөнийн 01:30 цагийн үед болж, аврагчид амиа алдсан байхад өдөр 12:00 цаг гэхэд ар гэрийнхэнд нь албан ёсоор мэдэгдээгүй гэж байв. Энэ тухай талийгаач Б-гийн эхнэр “Нөхөр маань амь эрсэдсэн талаар өглөө босоод мэдлээ. Өглөө ажилдаа явах гэж байтал аврагчдын ар гэрийнхний нэг нь чат бичсэн. Үнэмшээгүй. Удалгүй нөхрийн маань найз эмгэнэл илэрхийлсэн чат бичсэн байлаа. Ингээд хадам ээжийгээ аваад 06:00 цагийн үед 63 дугаар ангид ирлээ. Хэн ч байгаагүй, хоёр гурван цаг уйлж сууцгаалаа. Бидэнд хүн ёсоор хандаад анги хамт олны зүгээс албан ёсоор хэлж болно оо доо. Албаны хүмүүс аврагчдыг галаас хол зайд зогсоосон гэж тайлбарлаж байна. Бичлэгийг үзсэн. Маш ойрхон зогссон байна шүү дээ. Маш харамсалтай байна. Бид хоёр жаахан хүүхэдтэй залуу гэр бүл. Хан-Уул дүүрэгт саяхан аврагч нас барсан. Ер нь тэр хэргээс хойш хоёулаа ярилцаж байгаад ажлаас гаръя гэж байсан. Гэтэл ийм явдал болчихлоо, хэлэх үг алга” гэж байв. ГССҮТ-ийн Түлэнхийн төвд 80-90 хувийн түлэгдэлтэй таван иргэн эрчимт эмчилгээнй тасагт эмчлүүлж байгаа юм. Эмч нарын хэлж буйгаар гурван иргэний биеийн байдал маш хүнд байгааг онцолсон. Тэд осол гарах үед ойролцоо байсан иргэд аж. Тэдний дунд ойролцоох байранд сантехникийн дуудлагаар очсон нэг иргэн болон гэртээ харихаар алхаж явсан өөр нэг иргэн байжээ. Түлэгдэлтийн зэрэг гурав болон дөрөв буюу маш хүнд зэрэгт орж байгаа аж. Эрчимт эмчилгээнд байгаа хоёр иргэн бүрэн хараагүй болсон гэдгийг ар гэрийнхэн нь мэдээлж байна.

Ослын үед алдагдсан хий ойролцоох “Эдү апартмент” хотхон руу тархаж, гал гарсан. Онцгой байдлын аврагчид болон иргэд шуурхай арга хэмжээ авч, богино хугацаанд байрнаас гарсан байдаг. Гэвч галыг унтраахаар ирсэн гал унтраах машин байранд ойртох боломжгүй, орц гарцыг нь хааж барилга барьсан байв. Ингэснээр галыг унтраах хугацаа улам хойшилсон болохыг иргэд болон онцгой байдлын байгууллага мэдэгдэж байсан юм. Тухайн үед юу болсон талаар тус хотхоны иргэн “Хүчтэй дэлбэрэлтийн дуунаар манайхан сэрцгээсэн. Юу болж байгааг огт ойлгоогүй. Газар хөдөлж байгаа юм шиг л яг цонхон доор хүчтэй дэлбэрсэн. Удалгүй байрныхан шуугилдаад орилж эхэлсэн. Ингээд ухасхийгээд цонхоороо харахад тэр чигээрээ гал болж байсан. Тэрхэн зуурт юу хийхээ мэддэггүй юм билээ. Гарах ёстойгоо, аюулгүй газарт очих ёстойгоо ухаардаггүй юм байна. Хүүхдүүд маань орилоод, нэлээд сандарсан. Хаалганы гадна хүмүүс гүйж байгаа нь сонсогдсон учраас гарах ёстой юм байна гэж бодсон. Ингээд л бараг нүцгэн шахам гарт таарсан хувцсаа шүүрээд гэрийнхнийгээ аваад гарцгаасан. Цахилгаан шатаар, явган хүний шатаар аль алинаар нь хүмүүс явж таарсан. Манайх дөрөвдүгээр давхрын айл. Дээд давхрын хүмүүс бөөн шуугиан болсон айсан сандарсан байдалтай бууж ирсэн. Тэрхэн зуурт шахцалдаад, бас л амь тэмцдэг юм билээ. Гэхдээ аюулгүй бууж, аюулгүй газарт хүрч чадсан” гэсэн юм.

Осолтой холбоотойгоор Монгол Улсад суугаа гадаад улсын Элчин сайдууд эмгэнэл илэрхийлсэн байв. Мөн Тэнгэр даатгал, Мандал даатгал ХХК-иуд эд хөрөнгө нь галд өртсөн иргэдэд нөхөн төлбөр олгохоо мэдэгдлээ. Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүд хий тээвэрлэсэн жолооч болон бусад иргэдэд хууль зүйн тусламж үзүүлэхээ амлав.

Хийтэй холбоотой ослын үед аврах ажиллагааг хэрхэн явуулах талаар инженер Д.Жаргалсайхан “Мэргэжлийн маш том алдаа гаргаж, газаас үүдэлтэй галын аюултай бүс рүү гал сөнөөгчдийг оруулсан байна! Учир нь газаас үүдэлтэй галыг унтраах боломжгүй. Шатаж дуустал нь эргэн тойрны аюулгүй байдлыг ханган, аюулгүй бүсэд байж ажиллах ёстой. Монголчуудын хувьд газтай харьцах, аюулгүй ашиглах мэдлэг, туршлага дутмаг байна” гэж байв.

Ослын нөхцөл байдлын талаар УОК хуралдаж, өчигдөр 15:00 цагийн үед Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийв. Тэрбээр “Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан албан хаагчдын ар гэрт дэмжлэг туслалцаа үзүүлж, шаардлагатай асуудлуудыг нь шийдвэрлэнэ. Орон сууц нь шатсан 60 айлыг цаг алдахгүйгээр ажлын хэсэг байгуулж нөхцөл байдлыг нь дордуулахгүйгээр шаардлага хангасан түрээсийн байранд оруулж, төлбөрийг нь төр хариуцна. Үүний хажуугаар бусад шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж, хэвийн амьдралыг үргэлжлүүлэхийн тулд түрээсийн байрыг тухайн орчинд нь зохион байгуулна. Мөн барилгыг цаашид ашиглах боломжтой гэвэл шаардлагатай бүх засвар үйлчилгээг хийж ашиглалтад оруулна” гэв.

Мөн үргэлжлүүлэн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Стандарт, норм төр, хувийн хэвшил, иргэдийн түвшинд хэр зэрэг баталгаатай байна вэ гэдэг асуудлаас үүдэж яригдаж байна. Тэсэрч дэлбэрэх аюултай бодисыг Улаанбаатарын нутаг дэвсгэрт тээвэрлэх, зарж борлуулахтай холбоотой төрөөс тавьсан стандартыг хангаж байна уу гэдгийг шалгана. Дэлхийн хамгийн хөгжилтэй улсад 60,000 гаруй стандартыг тогтоосон. Иргэд түүндээ нийцэж амьдардаг. Харамсалтай нь манай улсад өнөөдөр 6.500 орчим төрлийн стандарт бий. Яг бодитоор 3.000 гаруй төрлийн стандарт хэрэгждэг. Буруутай этгээдийг тогтоож, учирсан хохирлын хэмжээг гаргана. Учирсан хохирлыг урьдчилсан байдлаар тогтоогоод маргааш өглөөний Засгийн газрын хуралдаанд оруулж, асуудлыг шийдвэрлэнэ” гэв.

Түүнчлэн УОК-ын хурлын үеэр гурван аврагчийн дунд тусгай хэрэглэлийн ганц хувцас байдаг. Олон давхар барилгад гал гарахад есөөс дээш давхрын галыг унтраах шат байхгүй гэдгийг онцгой байдлын байгууллага дуулгаж байв.

Ослын шалтгаан нөхцөлийн талаар иргэд олон нийт, мэргэжлийн хүмүүс олон талын байр суурийг илэрхийлж байв. Осол гарах үед газ тээвэрлэж явсан машины жолооч бууж амжсан байдаг. Тэрбээр ослын талаар тайлбарлахдаа “Замын-Үүд рүү газ тээвэрлэж явсан. Уулзвар гарахад хажуунаас машин ороод ирсэн. Хажуунаас машин ирж мөргөнгүүт газны хошууг сэтэлчихсэн. Тиймээс “Энэ аюултай юм болж мэднэ” гээд машинаасаа гараад гүйсэн” гэж тайлбарлаж байгаа юм.

Ослын талаар Дашваанжил ХХК-ийн захирал Н.Баатаржав

“Газ тээвэрлэж явсан автомашин тухайн замаар явах зөвшөөрөлтэй байсан. Уулын замаар явж болдоггүй юм. Мөн үе үеийн хотын дарга нарын зөвшөөрлийн дагуу замын хөдөлгөөн сийрсэн үед газ тээвэрлэх боломжтой байдаг” гэсэн тайлбарыг өгсөн бол цагдаагийн байгууллагаас өөр мэдэгдэл хийсэн юм.

Тодруулбал, ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, хурандаа Н.Лхагвасайхан “2167УЕ улсын дугаартай “Дашваанжил” ХХК-ийн автомашин НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 102 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд цагийн хязгаарлалттайгаар оролцох түр зөвшөөрөл олгох журам”-ын 2.2 дахь заалтын дагуу С, Е ангиллын зөвшөөрлийг нийтийн тээврийн газраас авсан эсэхийг шалгаж үзсэн. Ингэхэд зөвшөөрөл авсан эсэх мэдээлэл байхгүй байна. Осол гардаг тухайн уулзварт шөнийн 01.00 цагийн үед хөдөлгөөн сийрэгжсэн байсан тул биет зохицуулалт хийгдээгүй. Гэрлэн дохиогоор зохицуулагдах боломжтой байсан” гэв.

Цагдаагийн байгууллагаас осолтой холбоотойгоор “Дашваанжил” ХХК-ийн жолооч болон “Ниссан патрол” машины жолоочийг олж тогтоон мэдүүлэг авч эхэлсэн байв. “Ниссан патрол” машиныг Батлан хамгаалах яамны харьяа Барилга захиалагчийн албаны газрын дарга Э.Мөнхнаран жолоодож явжээ.

Б.Баттүвшин: 03:00 цагийн үед хэмжихэд агаар тпропан илэрч байсан

Энэ осолтой холбоотойгоор газ буюу шингэрүүлсэн хийг тээвэрлэх, энэ төрлийн ослын үед хэрхэн ажиллах асуудал хөндөгдөж байлаа. ОБЕГ-ын дарга Г.Ариунбуянгийн тайлбарласнаар энэ төрлийн ослын үед ажиллах тусгайлсан дүрэм заавар байхгүй гэсэн. Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хор судлал, шуурхай удирдлагын албаны дарга Б.Баттүвшингээс тодруулав.


-Шингэрүүлсэн хий алдагдсан ослын үед иргэд, онцгой байдлын аврагчид яаж ажиллах талаар норм стандарт байдаг уу?

-Хийг бүрдүүлдэг гол элемент бол пропан. Дэгдэмхий бодис учраас агшин зуурт л гал авалцдаг. Ийм ослын үед тийм зайд ажиллана гэсэн тусгай норм стандарт байхгүй. Ослын газарт ажиллаж байгаа хүмүүс тухайн нөхцөл байдлаа үнэлэх ёстой.

-Агаарт их хэмжээний хий алдагдсан. Иргэдийн эрүүл мэндэд ямар эрсдэл үүсэх вэ. Та бүхэн хяналт шинжилгээ хийж байна уу?

-Шөнө 03:00 цагийн үед хэмжилт хийхэд пропан илэрч байсан. Харин 08:00 цагийн үед дахин хэмжихэд агаарт бүрэн дэгдчихсэн, нэг ёсондоо иргэдийн эрүүл мэндэд аюул үүсгэхгүй хэмжээнд хүрчихсэн байсан. Харин дотоод орчинд ямар байгаа талаар бид шинжлэх боломжгүй. Барилгын пасад болон бусад эд материал шатсан учраас хуулийн байгууллага шалгаж байгаа.

Иргэдэд толгой эргэх, салгалах, бөөлжих шинж тэмдэг илэрч байгаа бол эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Органик хийнд хордсон тохиолдолд хордлогыг тайлж цус шингэрүүлэх үүднээс халуун бүлээн ус уухыг зөвлөдөг гэв.

Шингэрүүлсэн хийг хадгалах, зөөвөрлөх талаар Газрын тосны салбарын зөвлөх инженер Л.Орхон тайлбарлахдаа “Барилга хот байгуулалтын сайдын 2014 онд баталсан БНбД 21-07-14 “Шатахуун түгээх станц. Галын аюулгүй норм”-д зааснаар автомашинд хий түгээх станц нь шингэрүүлсэн хий хадгалах нөөцийн сав нь газар доор далд байрлалтай бол орон сууц, олон нийтийн барилга байгууламжаас 100 метр, ерөнхий сүлжээний автозамын хөвөө, захаас 50 метр, нөөцийн сав нь ил буюу газар дээр байрлалтай бол орон сууц, олон нийтийн барилга байгууламжаас 300 метр, ерөнхий сүлжээний автозамын хөвөө, захаас 100 метр зайд галын аюулгүйн зай хэмжээг тооцно гэж нормчилсон байдаг. Замын цагдаагийн алба, Онцгой байдлын ерөнхий газар, Автотээврийн үндэсний төв, мэргэжлийн хяналтын байгууллагууд болон хийн аж ахуй эрхлэгч байгууллагын дотоод хяналт шалгалтын алба нь байнга шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах ёстой. Саяны ослын нөхцөл байдлыг бичлэгээс харахад авто замын төлөвлөлт нь том оврын тээврийн хэрэгсэл эргэлт хийхэд эргэлтийн радиус нь стандарт хэмжээнд хийгдсэн үү гэдэг асуудал гарна. Том оврын ачааны тээврийн хэрэгсэл эргэхэд толгой, чирэгдэгч торх хоёр нэг эгнээнд биш, мөн том машины сохор бүс буюу толинд харагдахгүй хэсэгт суудлын машин давхар эргэж орсон, шүргэлцсэн байдал харагдаж байна. Мөн тэсэрч дэлбэрэх бодис тээвэрлэх зөвшөөрөл олгох шаардлагад автомашины жолооч нь тээвэрлэлтийн батлагдсан замнал буюу маршрутыг зөрчих, батлагдаагүй замаар явах, зориулалтын бус газар зогсох, хурд хэтрүүлэх, гэнэт хурдан хөдөлгөөн хийх огцом, тоормозлох, тусгай тоноглолгүй тээврийн хэрэгслээр аюултай ачаа тээвэрлэх зэргийг хориглосон байдаг” гэж байлаа.

З.Ганбат: Галын аюулгүй байдал хангаагүй орц гарц хааж төлөвлөсөн орон сууцыг ОБЕГ-ын төлөөлөл зөвшөөрч болохгүй

Ослын улмаас орон сууцны барилга галд автаж иргэдэд их хэмжээний хохирол учирсан явдал нь барилга хоорондын зай талбайн норм стандарт алдагдсантай холбоотой. Үүнээс үүдэж онцгой байдлын машин ойртож очих боломжгүй байсныг иргэд онцолж байсан юм. Үүнтэй холбоотой норм стандартын талаар Хотын стандарт хяналтын газрын Барилгын техникийн хяналтын Улсын ахлах байцаагч З.Ганбатаас тодруулав.


-Барилга хоорондын зай талбайд ямар стандарт тавьдаг талаар?

-Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлтийн нормыг мөрддөг. Барилгын өндрөөс хамаарч барилга хоорондын зайг тооцоолдог. 2-4 давхар бол 10 метр хүртэлх, 5-10 давхар бол 12 метр, 11-16 давхар бол 45 метр байх ёстой. Гэхдээ энэ зай талбай нь барилгуудынхаа байрлалаас шалтгаална. Яг дээрх тохиолдол нь хоёр барилга параллель байгаа тохиолдолд мөрдөх жишээтэй.

-Цагдаа, эмнэлэг, онцгой байдлын тусламж үйлчилгээг үзүүлэх зам талбайг барилгын зураг төсөлд яаж гаргах ёстой вэ?

-Энэ бол Галын аюулгүй байдлын нормоор зохицуулагддаг. Бас л барилгын зай талбай, өндрөөс хамаарч 6-20 метрийн зайтай зам талбай гаргах ёстой. Мөн дээр нь галд тэсвэрлэлтийн зэрэг маш чухал. Барилгыг галд тэсвэртэй эсэхээр 1-4 зэрэгт ангилдаг. Дөрөвдүгээр зэрэгт амины сууц, ахуйн аргаар барьсан галд тэсвэрлэх чадвар муутай барилга ордог. Харин цутгамал, тоосгон хийцлэлтэй бол хоёрдугаар зэрэг, нэлээд чанартай бүрэн цутгамал барилга нэгдүгээр зэрэг гэж тооцдог. Ингээд 1-2 дугаар зэрэгтэй барилга хооронд зургаан метр, 3-4 дүгээр зэрэгтэй барилга 15 метрийн зайтай байх ёстой.

Түүнээс гадна цонхгүй, дүлий ханатай барилгууд хоорондын зай хамгийн багадаа 4.8 метр байх ёстой. Энэ нь галын машин чөлөөтэй орж гарах тооцоолол. Түүгээр зогсохгүй галын машин бүрэн орж гарч, барилгыг бүрэн тойрох, аль нэг талдаа мухар байх ёсгүй гэж үздэг.

-Тэгвэл өнөөдөр ийм стандартгүй барилгууд ашиглалтад орчихлоо. Танай байгууллагын удирддаг Улсын комисс ажиллаад хүлээгээд авчихсан байна шүү дээ?

-Процедурыг зөв ойлгох хэрэгтэй. Барилга барьж дууссаны дараа 16 байгууллагын төлөөлөл орсон Улсын комисс ажилладаг. Хүмүүс буруу ойлгодог. Улсын комисс хүлээгээд авчихлаа, буруу гэж. Манайх тэр 16 байгууллагын төлөөлөл оролцсон Улсын комиссын хурлыг зохион байгуулах чиг үүрэгтэй байгууллага. Дээрх 16 байгууллага чиглэл бүрээрээ хяналт шалгалтаа тавьж оролцдог. Жишээ нь өнөөдрийн тохиолдолд галын аюулгүй байдал дээр гэхэд ОБЕГ-ын төлөөлөл орж ажилладаг байх жишээтэй. Хэрэв дүрэм норм зөрчигдсөн байвал саналаа хэлж засч залруулах үүрэгтэй.

-Галын аюулгүй байдал хангагдаагүй, барилга хоорондын зай талбайн норм алдагдсан байвал ОБЕГ зогсоох эрхтэй гэж үү?

-Тийм. Ерөөсөө барилга байгууламж анх барих зөвшөөрөл олгохоос эхлээд л энэ норм стандарт яригдах ёстой шүү дээ. Анх газар олгох, барилгын зөвшөөрөл олгохдоо л хангуулах ёстой. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлаад хэрэгжүүлж байгаа. Холбогдох хуулиуд ч бий. Тэр хууль, төлөвлөгөөгөөр бол эхлээд зам талбай, инженерийн шугам сүлжээ, харилцаа холбоог шийдсэний дараа барилго байгууламжийг төлөвлөнө гэдэг. Харин манайд эсрэгээрээ явж байгаа. Барилгаа барьчихаад үлдсэн зайд нь төлөвлөлтөө хийдэг.

-Одоо тэгвэл нэгэнт ингээд баригдчихсан барилга орон сууцыг засч сайжруулах, иргэдэд аюулгүй болгох боломжтой юу?

-Ихэнх барилга орон сууцууд Улсын комисс хүлээгээд авчихсан, барьсан компани хариуцах хугацаа дуусчихсан. Тэгэхээр өмчлөгч, эзэмшигчдийн асуудал болоод хувирчихаж байгаа юм. Хэрэв иргэд, эзэмшигчид тухайн барилга орон сууцанд эрсдэл үүсэх нөхцөл байдал бий болсон гэж үзэж байгаа бол холбогдох үнэлгээ дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаар гаргуулаад явах боломжтой. Иргэний өмчлөлөөс бусад нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарц зэргийг төрөөс нэг удаа засч тохижуулах хуультай. Тэгэхээр иргэд өөрсдөө хэрсүү, хянамгай байж, эрхээ хамгаалж энэ талаар судлах, ажил хэрэг болгох хэрэгтэй. Өмнөх болж өнгөрсөн алдаа дутагдал ярихаас илүү ирээдүйд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх ёстой болов уу.

Б.ЭНХЗАЯА

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Тэнгэр даатгал” амиа алдсан алба хаагчдын ар гэрт 150 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгоно DNN.mn

2024 оны 1 сарын 24-ний шөнө Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт газ тээвэрлэж байсан автомашин осолдон том хэмжээний дэлбэрэлт болж их хэмжээний гал гарсан. Үүний улмаас иргэд, ААН-үүдэд их хэмжээний хохирол учирч, албан үүргээ гүйцэтгэж байсан Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 3 албан хаагчийн амь эрстэж нөхөж баршгүй гарз тохиолоо.

Эдгээр эрсдэлийн баатрууд нь өөр даатгалын компанид даатгалтай байж магадгүй. Үүнийг үл харгалзан Тэнгэр Даатгал ХХК-ийн хамт олны зүгээс Монгол улсын эрсдэлийг бууруулахын төлөө мөр зэрэгцэн зүтгэдэг зорилго нэгт гурван анд нөхдийнхөө гэгээн дурсгалд зориулан 150 сая төгрөгийн мөнгөн тусламжийг олгохоор шийдвэрлэсэн юм.

Эрсэдсэн амийг бид эргээд авчирч чадахгүй ч ирээдүйд учрах эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй орчныг бүрдүүлэхийн тулд хамтран зүтгэх хэрэгтэй гэдгийг уг үйл явдал бидэнд батлан харууллаа.

Иймд Тэнгэр Даатгалын хамт олноос нийт иргэд, компаниуд, төрийн байгууллагуудыг эрсдэлгүй ирээдүйг хамтдаа бүтээхийн тулд хамтран зүтгэхийг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Цэвэлмаа: Өмнө гаргасан хууль, хөтөлбөрөө хэрэгжсэн эсэх дээр дүн шинжилгээ огт хийдэггүй нь бидний том алдаа DNN.mn

МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Х.Цэвэлмаатай Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, эдийн засгийн ач холбогдлын талаар ярилцлаа.

-“Бүсчилсэн хөгжил” гэж их ярьж байна. Тэгвэл бид бүсчилсэн хөгжил гэж юуг ойлгох вэ?

-Аливаа улсын хөгжлийг орон нутаг, бүс нутаг, үндэсний хэмжээнд гэсэн гурван түвшинд авч үзэж болдог. Харин энэ нутаг дэвсгэрээс гараад явахаар эдийн засгийн бүс, хөрш орон, дэлхийн эдийн засаг гээд явна. Нутаг дэвсгэрээр нь авч үзэхэд эдийн засгийн нөөц хязгаарлагдмал болохоор аль ч улс бүх нутгаа бүрэн хамарч хөгжүүлсэн туршлага түүхэнд байхгүй.

-Тэгэхээр тухайн улсын аль нэг хэсэг нь хөгжлөөрөө тааруу л байх нь байна, тийм үү?

-Тийм, мөн нөөц газар, газар өөр байдаг. Нэг газар байгаа нөөц нь нөгөө газарт байхгүй. Тиймээс эдийн засгийн утгаараа энэ нөөцийг солилцож, худалдаж ашиглана. Дэлхий нийтэд анх газар зүйн их нээлтийн үеэс эхлэн түүнийг дагасан худалдаа дэлхийн өнцөг булан бүрд хүрсээр даруй 700 гаруй жил өнгөрчээ. Мөн нөөцийг холбох хамгийн том систем нь логистик. Тээврийн болон худалдааны, эсхүл үйлдвэрлэлийн сүлжээ юу гэдгээс хамаарна. Нөөцийг боловсруулаад, үйлдвэрлээд тээвэрлэдэг. Ийм тээврийн сүлжээг ч бүх улс нутаг дэвсгэрээ бүгдийг нь хамарсан байдлаар хийж чадаагүй л байгаа. Харин одоогоос 130-140 жилийн өмнө АНУ нөөцөө үйлдвэрлэл болгохын тулд төмөр замыг хөгжүүлсэн. Нөөц хаана төвлөрч байна, тэнд зардал бага гарахаар үйлдвэрлэлийг хөгжүүлсэн. Ихэнхдээ ган, төмөр, уул уурхайн үйлдвэрийн нөөц нь байршсан газарт салбарууд хөгжиж, тэр бүс нутгийн, үндэсний эдийн засаг сэргэсэн түүх бэлхэнээ байна. Харин нэг газар үүссэн энэ бүс өөр газарт байх уу үгүй юу гэдгийг судалж байж л тогтооно. Улс орнууд эхлээд газар тариалан хөгжүүлсэн. Манай улсын хувьд Төв, Сэлэнгэ аймгийн нутгуудад газар тариалнгийн бүс болгож хөгжүүлсэн. Нэг хэсэг нөөцийг ашиглаад эхлэхээр өөр бусад нөөц ч ашиглагдаж эхэлдэг. Хайгуул хийж илрүүлээд олборлохоос эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэл явсан сүлжээний систем чинь автомашины, барилгын гээд үйлдвэрийн том төвүүдийг үүсгэсэн. Үйлдвэрийн бөөгнөрөл үүсэхээр хүн амьдрах орон байр, өөр бусад хөрөнгө оруулалт, санхүүжилт, худалдаа гээд аж үйлдвэрийн бодлого төлөвлөлт явагдахын зэрэгцээ барилга дэд бүтэц, худалдаа үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд, олон нийтийн салбар хөгжөөд хот гэсэн нэг бүс үүсч байдаг.

-Таны ярьснаас бодохоор манай улсад байгаа жишээ нь Эрдэнэт, Дархан юм биш үү?

-Тэгэлгүй яах вэ, манай улс 1990-ээд оноос өмнө 20 жилийн хугацаанд аймгийн төвүүдийг том үйлдвэртэй болгоно гэдэг хөгжлийн төлөвлөлт хийж байсан. Үүнийгээ дагаад аймгийн төвүүд бүгд хот гэдэг нэртэй, тэр нутаг дэвсгэрт эдийн засгийн үйл ажиллагааг төвлөрүүлэх гэж үзсэн. Гэхдээ дээрээс хэт удирдлагатай явсан болохоор үр ашигтай ажиллаж чадаагүй. Тийм болохоор энэ систем ганхсан. Мөн дандаа зээл, шилжүүлгээр хийгдсэн нь өмнөх төлөвлөлтөөс гарсан том сургамж. Одоо бид сүүлийн 30 жилийн хугацаанд хөдөө орон нутаг руу чиглүүлж, нийгэм, эдийн засгийн үйлчилгээний төвлөрөл багассанаас болоод хүн амьдрах боломж нь хязгаарлагдмал болсон. Үүний улмаас Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Уг нь шилжилт муу зүйл биш. Харин түүнийг яаж удирдах вэ гэдэг нь л асуудал.

-Анх 2001 онд “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” гээчийг баталсан юм билээ?

-Тэртээ 1990-2000 он хүртэлх 10 жилийн хугацаанд Монгол Улс тогтолцооны шилжилт хийсэн. Харин 1990-ээд оны дундаас улс орнуудын нэгэн адил бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, судалгаа шинэчлэн хийгдсэн. Энэ үеийн судалгааг хийж байхад манайх бэлчээрээ дагаж буюу урдаасаа хойшоо босоо хөгжих юм байна, байгалийн бүслүүрээрээ ч гэсэн босоо хөгжих юм байна гэдгийг олж харсан. Гэсэн хэдий боловч хүн амын нутагшил, байгалийн бүслүүр, үйлдвэрлэл эрхлэх туршлага, ажиллах хүч бүрэлдсэн эсэх гээд олон зүйлийг аваад үзэх хэрэгтэй болсон. Энэ үед хийгдсэн судалгаанаас харахад, хүн амын нутагшил, суурьшлаар нь аваад үзэхэд 96 төвлөрсөн бүс үүссэн байжээ. Мөн манай улсад хотжилт гэсэн төлөвлөгөө огт гараагүй. Тэр үед хувьчлал явагдаад үйлдвэрүүд нь хаалгаа хаачихсан учраас хотжилтын төлөвлөгөө яваагүй учраас газар зохион байгуулалт “эзэнгүйдсэн” гэж болно. Гэтэл бүсчилсэн хөгжлийн хамгийн гол суурь нь газар зохион байгуулалт. Гэтэл энэ нь байхгүй болохоор хаана, хаана хот үүсэх нь мэдэгдэхгүй. Дээрээс нь Монгол Улс түхий эд бэлтгэдэг орон байх уу, үйлдвэрийн орон болох уу. Эсвэл үйлчилгээний, худалдаа эрхэлдэг улс болох юм уу гэсэн чиглэл нь тодорхойлогдоогүй. 2001 оны бүсчилсэн хөгжлөөр авч үзэхэд эхлээд таван бүсийн дэд бүтцийг босоо байдлаар нь уялдуулъя гэж гаргаж ирсэн. Баруун, хангайн, төвийн, зүүн бүс, нэмээд Улаанбаатар гэсэн бүсүүдэд хөгжүүлэх чиглэлтэй болсон. Харамсалтай нь, тухайн үед үйлдвэр хөгжүүлэхэд шаардлагатай цахилгаан, дулаан, санхүү, мэдээллийн сүлжээ гээд олон чухал зүйл зах зээлийн тогтолцоонд нийцсэн хэлбэрээр хөгжих боломж байгаагүй. Эрчим хүчийг авч үзэхэд одоо ч тасалдаад байгаа нь үүнтэй холбоотой. Эрчим хүч битүү хэлхээнд ажиллаж байж үр ашигтай байдаг гэж тухайн салбарын экспертүүд ярьдаг. Харин манайд Дархан-Эрдэнэт-Улаанбаатар гурвыг холбосон битүү хэлхээ л байгаа. Бусад нь дандаа агаараар цахилгаан дамжуулах сүлжээ явдаг. Очиж байгаа шугам нь үйлдвэрлэлийг дааж чадахгүй учраас бүс нутагт үйлдвэрлэл хөгждөггүй. Одоо ч гэсэн тийм шүү дээ. Харин бүс нутгаар холбочих юм бол суманд хүртэл Засгийн газар очиж ажиллах биш, орон зайнаас удирдах боломжтой. Эдгээр бүсдээ дулаан, эрчим хүч, усны хөрөнгө оруулалт хийгдвэл олон салбар ажлын байраар хангагдах боломж гарна. Мөн бүсдээ боловсрол, эрүүл мэндийг шийдэх нь ч зардал багатай. Тийм болохоор л бүс нутаг гэдэг ойлголт гарч ирдэг. Гэвч 2001 оны хуулийг хэрэгжүүлэх Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохион байгуулалтын тухай хууль нь хоёр жилийн дараа буюу 2003 онд гарсан. Харамсалтай нь одоо хүртэл хэрэгжихгүй явж байна.

-Засгийн газраас энэ оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Тэгэхээр 20 гаруй жилийн өмнө эхлүүлсэн ажлаа хийхээр, дуусгахаар зорьж байна гэж болох уу. Ер нь одоо бүсчилсэн хөгжлийг хөгжүүлэх боломж нь бүрдэж чадсан уу?

-Эргэлзээтэй, яагаад гэхээр бүсчилсэн хөгжлийн суурь болсон хүн амын нутагшил, засаг захиргааны төлөвлөлт “бүдэг” байна. Нутагшил суурьшлын 96 бүс маань одоо 88 болоод буурчихсан. Харамсалтай нь, үүнийг ярьж байгаа институц огт алга. Эхлээд бид хүн амаа яаж суурьшуулах юм бэ, ямар хөрөнгө оруулалт хэрэгтэй вэ гэдгээ шийдэх ёстой. Гэтэл саявтархан Хөрөнгө оруулалтын тухай хуулиа баталж чадсангүй, хойшлуулчихлаа. Нөөц нь хэдий байгаа ч түүнийг яаж ашиглах вэ гэдэг хөрөнгө оруулалтын суваг нь орж өгөхгүй байна. Ийм нөхцөлд үйлдвэрлэл, санхүүжилт, худалдаа, хөрөнгө оруулалтын удирдлага нь тодорхойгүй болчихоод байгаа юм. Монгол Улс өнөөдөр 70 орчим сая толгой малтай л гээд байдаг. Гэтэл түүнийгээ төрөлжүүлээд хөгжүүлэх хөрөнгө оруулалтын бодлого байна уу. Уг нь хуулиасаа өмнө хөрөнгө оруулалтын бодлого нь гарвал хуулиа яаж хэрэгжүүлэх вэ гэдэг нь тодорхой болно. Угаасаа бүс нутгийн хөгжлийн хамгийн гол зүйл нь хөрөнгө оруулалтын бодлого шүү дээ. Бид эх орныхоо хаана нь аялал жуулчлал, хөдөө аж ахуй, соёл, уул уурхайгаа төрөлжүүлэх юм бэ гэсэн бодлогоо нэн даруй тодорхойлж гаргах хэрэгтэй. Хөрөнгө оруулагчид төдийгүй дотоодын ажиллах хүч ч угаасаа биднээс ийм л зүйлийг хүлээж байгаа. Харин үүнийг хэн төрөлжүүлж хийх вэ гэдэг чинь л асуудал. Засгийн газар өнөөдөр өөрөө хөгжүүлэх гээд зүтгээд байгаа нь зардал өндөртэй болгоод байгаа юм. Тиймээс доороосоо буюу хувийн хэвшлийнхээ санаа, бодлыг асуумаар байна. Нөөцийг хэрхэн ашиглах технологи, инноваци нь тэдэнд байгаа.

Бүс нутаг бүрийнхээ онцлогийг гаргасан маркетинг хэрэгтэй. Үйлдвэрлэл хөгжих чигийг нь заахгүй, хөрөнгө оруулалтын бодлого байхгүй хэрнээ хуулиасаа эхлэх гээд байна. Хөгжлийн бодлогын чиглэл, төрөлжилт дээрээ зөвшилцөөгүй хүмүүс чинь юунд ингэтлээ маргаад байгаа юм бол оо. Өнөөдөр манай улсын газар нутгийг 40 жил ашигласан гаднынхан байна уу, байхгүй шүү дээ. Гэтэл ийм байхад 100 жилээр өгөх (уг нь бол ашиглуулах) гэлээ гээд буруутгаад байж болохгүй.

-Гадаадын хөрөнгө оруулалт гэхээр л “хадны мангаа” гэдэг хэсэг бүлэг байх юм байна шүү дээ?

-Нөөцийг ашиглаж байж илүү орлого олж, хүн амын амьжиргааны түвшнийг дээшлүүлнэ. Өмнөговь аймгийн Ханбогд сум 20 жилийн өмнө ямар байсан билээ. Гэтэл 2009 оноос гадаадын хөрөнгө оруулалт ороод эхлэхэд үйлдвэрлэлд “хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал” хамгийн чухал гэдгийг ойлгуулж, ил тод, хариуцлагатай уул уурхайн стандартыг нутагшуулж өглөө. Үүний зэрэгцээ орон нутгийн ханган нийлүүлэгчидтэй гэрээ хийж, одоо 900-гаад аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж байна. Эдгээр байгууллагын ард хэчнээн хүний амьдрал байгаа вэ. Дэлхийн том үндэстэн дамнасан корпорацийг дагаад хөгжих боломж Монгол Улсад гарсан туршлага биз дээ. Тиймээс одоо бидэнд байгаа үйлдвэрүүдээ яаж ийм өрсөлдөх чадвартай болгох вэ гэсэн бодлого хэрэгтэй байна.

-Та түрүү нь яриандаа энэ асуудал дээр хэн манлайлал үзүүлэх вэ гэж ярьсан. Тэгвэл Засгийн газраас бүсчилсэн хөгжлөө ярьж, зарим бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр зорьж байгаа нь манлайлал биш үү?

-Орон нутгийн иргэдийнхээ санаа, бодлыг, ямар

үйлдвэрлэл хөгжүүлмээр байгааг нь Иргэдийн хурал нь сонсдог, түүнийгээ нэгтгэдэг, түүнийгээ Засгийн газарт санал болгодог болмоор байна. Төрөлжилтийн чиглэлийг Засгийн газар тодорхойлж болно. Өнөөдөр Засгийн газар 21 аймаг, 360 суманд нэг бүрчлэн хүрч ажиллах нь өндөр зардалтай байгаа учраас 5-6 бүс болгочихвол бодлогын зардал буурна. Бүс нутгаараа аймгууд хамтарч шийдвэрээ Засгийн газарт өгдөг байвал бүсийн засаглал ажиллана.

-Бүсчилсэн тойргоос УИХ-ын гишүүдээ сонгодог болох нь бүсчилсэн хөгжлийг хөгжүүлэхэд хэр тус, нэмэртэй вэ?

-Улс төрийн тойргууд нь эдийн засгийн нөөцийг ашиглах тойрог мөн үү гэдэг дээр эдийн засгийн нарийн судалгаа хийгээгүй байна. Ер нь практикт улс төрийн тойрог, эдийн засгийн тойрогтойгоо давхацдаггүй байх аа. Эдийн засгийн утгаараа авч үзвэл замыг үр ашигтай хөгжүүлэх хоёр чиглэл бий. Нэгдүгээрт, ашиглах гэж байгаа нөөцдөө нийцүүлж замаа барьдаг. Нөгөө нь, замаа дагаж хөрөнгө оруулалтууд хийдэг. Харин бид хоёр дахийг нь сонгосон. Жишээлбэл, Мянганы зам нь анхныхаа бүсчилсэн хөгжлийн төлөвлөлтөөсөө өөрөөр явчихсан юм. Анхны бүсчилсэн хөгжлийн төлөвлөлтийн дагуу гарч байсан “Мянган зам” бол одоогийн зам биш. Үүнийг судалсан судалгаа байгаа ч олон нийтэд хүрээгүй байна. Ингээд харахаар бид өмнө нь гаргасан хууль, хөтөлбөрөө хэрэгжсэн эсэх дээр дүн шинжилгээ огт хийдэггүй. Үүнээсээ болоод бид их алддаг. Дандаа л ийм зүйл хийе, болгоё гэж асуудалд ханддаг. Гэтэл хийсэн зүйлээ зөв буруу, үргэлжлүүлэх үү үгүй юу гэдэг эцсийн үр дүнгээ үнэлэх нь хэрэгтэй. Хүмүүсийн хандлага ч ийм л болчихоод байна.

-Хот, хөдөөгийн тэнцвэрийг хангана гээд “Хөдөөгийн сэргэлт” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь таны ярьсан хүн амын нутагшил, суурьшлыг нэмэгдүүлэх зүйл мөн үү?

-Шилжилт, хөдөлгөөний талаарх олон орны зохицуулалтаас харахад, нэн тэргүүнд, амьдрах байр, ажиллах байр гэсэн хоёр зүйлийг шаарддаг. Энэ хоёр байгаа бол тухайн газарт шилжихийг хүн амдаа зөвшөөрдөг. Гэтэл бид энэ хоёрыг алийг нь ч хэрэгжүүлээгүй. Үр дүн нь өнөөгийн Улаанбаатар. Үүний хамгийн том сургамжийг Засгийн газар авах ёстой. Яагаад гэхээр Засгийн газар нь бодлогоо хэрэгжүүлж чадахгүй буюу ердөө 1.3-1.8 жилийн настай явж ирлээ. Бодлогоо хэрэгжүүлж чадаагүй учраас л хүмүүсийн сонголт, шийдвэр ийм алаг цоог болчихоод байгаа юм. Хэрвээ бид боловсруулсан бодлогоо шинжлээд үнэхээр болохгүй байна гэсэн дүгнэлтэд хүрвэл дараагийн зүйлийг нь сорьж үздэг байдал руу явах ёстой. Одоо бол нэгэнт хийснээ буруу, эсвэл зөв байсан тухай ярих нь ховор болсон. Тиймээс улстөрчдөөс бүс нутгийн хөгжлийг дэмжсэн хэдэн хууль санаачилсан, тэдгээр нь хэдэн хувийн хэрэгжилттэй байсныг нь асуудаг болох хэрэгтэй. Бодлого нь ил тод, зөв тодорхойлогдоогүй учраас хүмүүс сонголтоо цахим ертөнц, бусад орны хөгжлөөс авч байна. Тэгээд алдаа мадаг гараад буруудахаар “Мөнгө алга” гэсэн тайлбар хэлдэг. Мөнгө байгаад ажил хийдэг гэсэн логик эдийн засагт байдаггүй юм. Монголчууд чинь огт мөнгөгүй эхэлсэн юм биш үү? Оюу толгойн төслийг аваад үзье. Тухайн үед Засгийн газар нь ч мөнгөгүй байсан. Харин хүмүүсийн хүсэл эрмэлзэл байсан учраас хийж чадсан юм. Гэтэл одоо дараагийн гарч ирэх залуус, үйлдвэртээ тодорхой чиглэл хэрэгтэй байна. Үүнд нь бүс хэрэгтэй болчихоод байгаа юм.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр хулгана өдөр DNN.mn

Аргын тооллын нэгдүгээр сарын 25, Бархасбадь гариг. Билгийн тооллын тэргэл, Найралт эх одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 08:29 цагт мандан, 1:40 цагт жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн байна DNN.mn

 2024 оны 01 дүгээр сарын 28-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Ихэнх нутгаар хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -36…-41 градус, өдөртөө -23…-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -16…-21 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -5…-10 градус, бусад нутгаар шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -11…-16 градус хүйтэн байна.
Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Нэг жуулчин-нэг ямаа (зургаан жуулчин нэг үнээ)” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өдрийн сонин”-ы  пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, Улс төрийн бодлогын зөвлөх Ж.Энхбаяр “Бид аюулыг тойрч гарах, зайлшгүй нүүр тулбал даван туулж, тэсч үлдэх цаг ирсэн байна” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн “Энэ удаагийн сонгуулийг 32 орчим тэрбум төгрөгөөр зохион байгуулна” хэмээн ярилаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Нэг жуулчин-нэг ямаа
(зургаан жуулчин нэг үнээ)” нийтлэл хэвлэгдлээ. 

Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат Эргетхааны Романа “Монгол
Улсын иргэний харьяаллыг маань сэргээгээд өгөх л юм бол өөр хүсэх зүйл алга” хэмээснийг I болон VII нүүрээс уншаарай.

Зөвшөөрөлгүй жолооч хотын төвөөр 60 тонн газ тээвэрлэснээс
дэлбэрэлт үүсч, гурван аврагч эрсэдлээ.

МАН-ын Бага хурал болон Ардын хүч холбооны гишүүн Б.Цогтгэрэл “Ногоон автобус, сангуудын хулгайд нэр холбогдсон гишүүдэд болон кабинетын зарчмыг нурааж буй сайд нартаа хариуцлага тооц эсвэл ялагд” гэв.


 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын агаарын чанарын хэмжилтийн дүн мэдээ DNN.mn

Өнгөрсөн шөнө газ тээвэрлэж явсан авто машины осолтой холбоотойгоор ЦУОШГ-ын харьяа Улаанбаатар хотын хэмжээнд байрлаж байгаа агаарын чанарын хяналт шинжилгээний 19 харуулын түгээмэл бохирдуулагч болох хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг 01-07 цагийн хоорондох хэмжилтийн дүн мэдээг хүргэж байна.

Хэмжилтийн дүнгээр:

  • Хүхэрлэг хийн (SO2)-н хамгийн их агууламж шөнийн 02 цагт 1-р хороолол орчимд 906 мкг/м3 ,
  • Азотын давхар исэл (NO2)-н хамгийн их агууламж шөнийн 02 цагт 100-н айл орчимд 211 мкг/м3 ,
  • РМ10 тоосонцрын хамгийн их агууламж шөнийн 02 цагт Хайлааст орчимд 725 мкг/м3 ,
  • РМ2.5 тоосонцрын хамгийн их агууламж шөнийн 03 цагт Хайлааст орчимд 622 мкг/м3 тус тус хүрсэн байна.

No photo description available.

No photo description available.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн 13 сургуулиас 200 метр дотогш зайд 16 шатахуун түгээх болон авто газ түгээх цэг байрлаж байна DNN.mn

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн 13 сургуулиас 200 метр дотогш зайд 16 шатахуун түгээх болон авто газ түгээх цэг байрлаж байна.

Тодруулбал, Баянгол дүүрэгт 2, Баянзүрх дүүрэгт 5, Сүхбаатар дүүрэгт 1, Багануур дүүрэгт 2, Хан-Уул дүүрэгт 3, Чингэлтэй дүүрэгт 2, Сонгинохайрхан дүүрэгт 1 байна.

Мөн төрийн өмчийн бус 9 сургуулиас 200 метрээс дотогш зайд 9 шатахуун түгээх цэг байрлаж байгааг Онцгой комиссын хуралд танилцууллаа.

“Газ болон шатахуун түгээх цэгт газар олголт хийдэг төрийн байгууллага нь ч тэр, энэ чиглэлийн бизнес эрхэлдэг байгууллагууд ч тэр хүүхдэд ээлтэй шийдвэр гаргадаг, хаана юу барихаа төлөвлөдөг, эрсдэлээ хардаг баймаар байна шүү. Холбогдох яамдад өнгөрсөн хавар албан бичгээр хандсан. Энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлүүлж, сургууль, цэцэрлэгийн бүсэд хэт ойртсон газ болон шатахуун түгээх станцуудыг буулгах тал дээр тууштай шахаж, асуудлыг байнга тавьж ажиллана” гэж УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийн 1800-2000 утасны үйлчилгээ ажиллаж байна DNN.mn

Сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийн 1800-2000 утасны үйлчилгээ 24/7 ажиллаж байна.

Гамшгийн үед олон хүн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирдог.

Гамшигт өртсөн болон гамшиг болсон газрын ойр орчимд байсан хүмүүс сэтгэл зүйн болон бие махбодийн хямралд өртдөг.

Хэрвээ танд мэргэжлийн эмчийн зөвлөгөө, туслалцаа хэрэгтэй байвал 1800-2000 дугаарын 24 цагийн турш ажилладаг утсанд хандаарай.