Categories
мэдээ нийгэм

Орон нутагт бөөрний 9 мэс заслыг амжилттай хийжээ DNN.mn

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нар Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран энэ сарын 5-6-нд урьд нь орон нутагт хийж байгаагүй урологийн есөн мэс заслыг амжилттай хийлээ.

Мэс заслын багт УНТЭ-ийн Урологи, андрологийн төвийн тэргүүлэх зэргийн эмч П.Мягмарсүрэн, урологийн эмч У.Түвшинтөгөлдөр, Б.Батхүү, болон Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн урологи, андрологийн эмч Б.Мөнхжаргал, Мэдээгүйжүүлгийн эмч Э.Лхагважаргал, мэдээгүйжүүлэг, мэс заслын сувилагч нар ажилласан.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэг газарт төвлөрүүлэх нь иргэдэд чирэгдэл учруулж, дараалал үүсгэдэг бөгөөд энэ хугацаанд өвчлөл хүндрэх эрсдэл цөөнгүй тохиолддог. Иймд 2020 оноос эхлэн ЭМЯ-ны дэргэдэх “Урологи-андрологийн салбар зөвлөл”-өөс тусламж, үйлчилгээг сайжруулж, төвлөрлийг бууруулах зорилгоор 15 аймагт бөөрний дуранг суурилуулан, найман төрлийн мэс засал, дөрвөн төрлийн оношилгоог хийх бүрэн боломжийг бүрдүүлсэн юм.

Эмч нарын баг яаралтай тусламжийн хоёр мэс заслыг амжилттай хийж тус эмнэлгийн урологийн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн бөөр, шээс дамжуулах замын мэс заслын болон эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтний өвчин эмгэгийг оношилж, мэс заслын аргаар эмчлэн, орон нутагт урологи андрологийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: ЭМЯ

Categories
мэдээ нийгэм

МСНЭ-ээс Хэвлэл мэдээллийн салбарт “Ёс зүйг эрхэмлэх жил” болгон зарлахаар тогтов DNN.mn

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан 2024 оны 01 дүгээр сарын 25 өдөр боллоо.

Тус хуралдаанаар 2023 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, 2024 оны үйл ажиллагааны Ерөнхий төлөвлөгөө, санхүүгийн орлого, зарлага болон бусад асуудлыг  хэлэлцэн шийдвэр гаргав.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл нь Хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн бүхий л эрх ашгийг хамгаалах, сэтгүүл зүйн сургалт, судалгаанд гишүүдээ хамруулах, гишүүдийн бүх төрлийн мэргэжлийн эрх ашгийг хамгаалж хуулийн болон бусад тусалцаа, дэмжлэгийг үзүүлэх, хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлэхийн төлөө ажиллах үндсэн зарчимд тулгуурлан 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулж, баталлаа.

Хэвлэл мэдээллийн салбарт “ЁС ЗҮЙГ ЭРХЭМЛЭХ ЖИЛ” болгон зарлахаар тогтлоо. Ёс зүйг эрхэмлэх жилийн хүрээнд Олон улсын сэтгүүлчдийн ёс зүйн зарчмыг таниулах, Уриалга, зөвлөмж гаргах, цуврал уулзалт, сургалт зохион байгуулна. Хэвлэл мэдээллийн салбарын ёс зүйн хэм хэмжээний судалгааг боловсролын салбарт ажиллаж буй сэтгүүл зүйн багш нартай хамтран хийнэ. Судалгаанд суурилж хэлэлцүүлгийг зохион байгуулах зэргээр олон ажлыг төлөвлөв.

МСНЭ-ийн гишүүдэд эрх зүйн тусалцаа үзүүлэх чиглэлд дараах ажлыг хийхээр тогтов. Үүнд хууль эрх зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, эрх зүйн баримт бичгүүдийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх хүрээнд Хуульчдын холбоо, зарим их дээд сургуультай хамтран сургалт явуулна.Эхний сургалт ирэх 7 хоногт төлөвлөгдөөд байна. Өмгөөллийн “Эл Пи Си” фирмтэй хамтран ажиллах үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Энэ хүрээнд гишүүд хууль эрх зүйн зөвлөгөө, анхан шатны тусламж хэрэгтэй болоход МСНЭ-ээр дамжуулан үйлчилгээ авах боломжтой юм.

Гишүүдийг чадавхжуулах хүрээнд 2024 онд Ёс зүйн хүрээний сургалтаас гадна төрөлжсөн 6 хүртэл сургалтыг мэргэжлийн байгууллагууд, багш нартай хамтран хэрэгжүүлнэ. Их дээд сургуулиудтай хамтран давтан сургалт зохион байгуулна. Сэтгүүл зүйн бүх төрлийн мэргэжлээр давтан сургалтыг хийхээр тогтов.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарын гишүүдийг чадавхжуулах, оролцоог нэмэгдүүлэх үүднээс бүсийн уулзалт, орон нутгийн форум зэргийг зохион байгуулна. Мөн зарим бүсийн урлаг, спортын наадмыг хийхээр төлөвлөөд байна.

Гадаад харилцааны хүрээнд Олон Улсын Сэтгүүлчдийн холбоотой харилцах харилцаагаа улам гүнзгийрүүлэх, бусад улсын сэтгүүлчдийн байгууллагатай харилцах харилцаанд дэвшил гаргана. Мөн зарим улс оронд хамтарсан сурвалжилга зохион байгуулна. Уг ажилд хамруулахдаа гишүүдийн татвар төлөлт, МСНЭ-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй редакц зэрэг олон шалгуурыг харгалзан хамруулах шийдвэрийг гаргав.

Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй гишүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, найзалж нөхөрлөх боломжийг олгох үүднээс 2024 оны 3 сарын дундуур Спорт өдөрлөгийг Төв аймагт зохион байгуулна.

МСНЭ нь гишүүдээ чадавхжуулах, мэргэжлийн эрх ашгийг хамгаалах, хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлэх хүрээнд 2024 оны ажлаа төлөвлөж, Удирдах зөвлөлийн шийдвэрээ ийнхүү гаргалаа.2024 оны үйл ажиллагаанд гишүүдийг хамруулахдаа татвар төлөлтийн гол шалгуур болгон ажиллахаар тогтов.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эмээлт захын түүхий эдийн үнэ ханш DNN.mn

Эмээлт захын түүхий эдийн үнэ ханшийн /2024.01.26/ мэдээллийг хүргэж байна.

Ямааны арьс- 38.000-45.000 төгрөг

Ямааны өлөн- 500 төгрөг

Хонины нэхий, өлөн хамт – 2500 төгрөг

Үхрийн шир- 7000 төгрөг

Үхрийн том шир- 12.000 төгрөг

Адууны шир сүүлтэй-15.000 төгрөг

Адууны сүүл ширхэг нь- 13.000 төгрөг

Адууны дэл 1 кг – 3000 төгрөг

Адууны сүүл 1 кг нь-18.000 төгрөг

Адууны цагаан шир- 55.000 төгрөг

Сарлагийн шир сүүлтэй -27.000 төгрөг

Сарлагийн сүүл-23.000 төгрөг

Бухын шир-35.000 төгрөг

Тэмээний шир- 50.000 төгрөг

Эх сурвалж: ХХААХҮЯ-ны харьяа Малчин лавлах 109 мэдээллийн төв

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөхөөр Р.Батрагчааг томилов DNN.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Хууль зүйн бодлогын зөвлөхөөрөө Р.Батрагчааг томилжээ.

Уг томилгоотой холбогдуулан Р.Батрагчааг Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн/ШЕЗ/ Гүйцэтгэх нарийн бичгийн даргын ажлаас чөлөөлсөн байна.

Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөхөөр томилогдсон Р.Батрагчаагийн эзэмшсэн боловсрол:

  • 1995-1999 онд “Отгонтэнгэр” Их Сургууль, Олон улсын эрх зүйч /бакалавр/
  • 2000-2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн магистр
  • 2004-2005 онд Их Британийн Нью Коллеж Ноттингам, Өмгөөллийн 6-р шатны дээд курс
  • 2008-2009 онд Удирдлагын академи, Төрийн удирдлагын менежмент /диплом/.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Автобусны зарим чиглэлийг өөрчилж магадгүй” гэв DNN.mn

Нийтийн тээврийг богино эргэлтээр явуулж эхэлсэн 71 чиглэлийг сэргээхээр болсон.

Харин ирэх даваа гаригт сурагчдын гуравдугаар улирлын хичээл эхэлж байгаа тул зарим чиглэлд өөрчлөлт оруулж магадгүй талаар Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал “Хүүхдүүдийн хичээл, цагаан сар эхэлж байгаатай холбоотойгоор зарим чиглэлийг өөрчилж магадгүй. Үүнийг тухайн үеийн нөхцөлөөс шалтгаална шийдвэрлэнэ” хэмээн ярив.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“S’Outlet” дэлгүүрийн агуулахын барилгыг буулгаж байна DNN.mn

Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирлыг өөрчлөн барьсан барилга байгууламжийг чөлөөлөх ажлын хүрээнд “S’Outlet” дэлгүүрийн агуулахын барилгыг буулгаж байна. Агуулахыг нэгдүгээр сарын 17-22-нд чөлөөлсөн бөгөөд 24-ний өдрөөс барилгыг нь буулгаж эхэлсэн юм.

Буулгалтыг тус дэлгүүрийн арав орчим ажилтан болон нийслэлийн харьяа байгууллагын хоёр оператор хоёр машин техниктэйгээр гүйцэтгэж буй. Харин дэлгүүрийн үндсэн барилгыг хоёрдугаар сард буулгахаар төлөвлөөд байна.

Голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг буулгах Нийслэлийн Засаг даргын захирамж 2023 оны наймдугаар сарын 31-нд гарсан. Энэ хүрээнд өнгөрсөн оны аравдугаар сард нийслэлийн удирдлагууд “S’Outlet” дэлгүүрийн газар болон үл хөдлөх хөрөнгийг эзэмшигч компанийн төлөөлөлтэй уулзаж, газрыг чөлөөлөхөөр тохиролцсон билээ.

Categories
гадаад мэдээ

Украиныг буруутгах арга DNN.mn

Оросын Белгород мужид Ил-76 онгоц сүйрсэнтэй холбогдуулан Украиныг буруутгаж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг энэ сарын 24-ний лхагва гаригт яаралтай хуралдуулахыг Орос улс шаардсан юм. Харин Аюулгүйн зөвлөлийг тэргүүлж буй Францын шийдвэрээр уг хурлыг нэгдүгээр сарын 25-нд хийхээр товлосон байна. Иймээс Оросын тал Францыг яаралтай хурал хийхээс татгалзсан гэж буруутган НҮБ-д суугаа ОХУ-ын Байнгын төлөөлөгчийн орлогч Дмитрий Полянский “Telegram”сувагтаа “цаг хугацаа хожих” зорилгоор Украины талд “юу болсон талаар үнэмшилтэй тайлбар гаргах” боломжийг олгосон гэж бичсэн байна.

Энэ өдрийн үдээс өмнө болсон Аюулгүйн Зөвлөлийн хуралдаан дээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Украины тал Ил-76 онгоцны сүйрлийн талаар тайлбар өгөх ёстой гээд “Оросын онгоц Украины хоригдлуудыг солилцохоор тээвэрлэж явсан бөгөөд энэ нь Украины санаатай гэмт үйлдэл” гэж мэдэгдсэн юм.

Хариуд нь Украины Зэвсэгт хүчний жанжин штаб Ил-76 онгоцны ослын дараа мэдэгдэл гаргаж “Украины арми Белгород-Харьковын чиглэлийг оролцуулаад террористуудын аюулыг зайлуулахын тулд агаарын орон зайд хяналт тавьж дайсны нисэх бүрэлдэхүүнийг үргэлжлүүлэн устгана” гэж мэдэгдсэн. Харин үүний өмнө Украины Зэвсэгт хүчний жанжин штабын Тагнуулын ерөнхий газар өөрийн “Tele­gram” сувгаар яаралтай мэдэгдэл нийтэлж, Энэ сарын 24-нд хоригдлуудыг солилцохоор төлөвлөж буйг батлан “Украин улс солилцооны бэлтгэлийг зохих ёсоор хангахын тулд бүх нөхцөлөө биелүүлж Оросын олзлогдсон цэргийн албан хаагчдыг цаг тухайд нь солилцохоор тохиролцсон газарт аюулгүй хүргэсэн. Гэрээний дагуу Оросын тал манай эх орноо хамгаалагчдын аюулгүй байдлыг хангах ёстой. Гэтэл фронтын шугамаас 30 км зайтай байлдааны бүсэд тээврийн нисэх онгоц буух нь ямар ч тохиолдолд аюулгүй байдлыг хангаж чадахгүй учир хоёр тал хэлэлцэх ёстой байсан. Эс тэгвээс энэ нь солилцооны бүх үйл явцад аюул учруулна. Үүн дээр үндэслэн бид үүнийг Оросын талаас урьдаас төлөвлөсөн, зориудаар хийсэн үйл ажиллагаа гэж үзэх болно. Учир нь энэ үйлдэл бол Украины нэр хүндийг унагаж, манай улсад үзүүлэх олон улсын дэмжлэгийг сулруулах зорилготой Оросын холбооны улсын санаатай үйл ажиллагаа” гэж мэдэгдсэн байна.

Оросын Ил-76 цэргийн тээврийн онгоц энэ сарын 24-нд Белгород мужийн Корочанский дүүргийн нутаг дэвсгэрт Яблоново тосгоны ойролцоо “Х” талбайд осолдож онгоцонд байсан бүх хүн нас барсан гэж тус мужийн захирагч Вячеслав Гладков мэдэгдсэн. Харин Оросын Батлан хамгаалах яамИл-76 онгоцонд солилцох зорилгоор тээвэрлэгдэж байсан Украины олзлогдсон 65 цэргийн албан хаагч, нисэх багийн зургаан гишүүн, бас дагалдан яваа гурван хүн байсан гэж тодруулаад уг ослыг “террорист халдлага” гэж нэрлэн, Киевийг үүнийг үйлдсэн хэмээн буруутгасан юм.

Харин НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 15 гишүүн улсын дийлэнх олонх “ОХУ НҮБ ялангуяа Аюулгүйн Зөвлөлийн гишүүнээс “террорист улс” гэгдэн хасагдаж, ерөнхийлөгч В.Путин төдийгүй төр, засгийнхан нь бүгд дайны гэмт хэрэгтэн болж, гадаадад айлчилсан албан тушаалтнууд нь олон улсын хууль, журмын дагуу баривчлагдах болоод байгаа учир Кремль худалдааны захыг өөрсдөө буудаж 27 хүний аминд хүрч, хоригдол бүхий онгоцыг хэргээр устгуулан үүндээ Украиныг буруутгах арга ядсан арга хэрэглэж байна” гэж үзэж байгаа юм.

Иймээс Украины ерөнхийлөгч Владимир Зеленский “Оросын Белгород мужид осолдсон Ил-76 цэргийн тээврийн нисэх онгоцны ослын нөхцөл байдлын талаар олон улсын мөрдөн байцаалт явуулахыг Украин улс шаардаж байна” гэж мэдэгдсэн бол АНУ-ын Үндэсний стратегийн харилцааны зохицуулагч Жон Кирби “АНУ-ын засаг захиргаа энэ асуудлын талаар илүү тодорхой, илүү мэдээлэл авахын тулд боломжтой бүхнийг хийж байна” гэж Цагаан ордонд хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна. Харин олон нийтийн сүлжээгээр “Оросын сөнөсөн Ил-76 онгоцны зургаас харахад Украины олзны цэргүүдийн шарил огт харагдахгүй байгаа учир Оросын ээлжит худал мэдээлэл” гэсэн мэдээ явж байна.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна DNN.mn

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

2024 оны нэгдүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 30-35 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 18-23 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 13-15 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 14-16 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 14-16 хэм хүйтэн байна.


2024 оны нэгдүгээр сарын 27-ноос 2024 оны нэгдүгээр сарын 31-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

28, 29-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 28, 29-нд тал, хээрийн нутгаар, 30-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 24-29 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 16-21 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. 29, 30-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч бага зэрэг чангарна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Орон сууцны хогийн цэг шатаж, 56 иргэнийг аюулгүй газарт гаргажээ DNN.mn

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо, 90 дүгээр байрны С орц хог шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 17:04 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны С орцны хогийн сувагт хог шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Утаажилтын бүсээс тус орцны 56 иргэн / том хүн 34, хүүхэд 22/-ийг аюулгүй газарт гаргасан байна.

Categories
мэдээ нийгэм

Архангай аймагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

Архангай аймгийн Ихтамир сумаас баруун урд зүгт 71 километрийн зайд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 26-ны 08:12:06 цагт газар хөдөллөө.

Газар хөдлөлт 4.4 магнитудын хүчтэй байжээ.