Categories
мэдээ нийгэм

Сэжигтнээр баривчлагдсан, цагдан хоригдсон хүний тоо 2023 онд 10 хувиар буурчээ DNN.mn

Прокурорын байгууллага 2023 онд хэрэг бүртгэлтийн 63.495, мөрдөн байцаалтын  27.600 хэрэгт хяналт тавьж, 15.045 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон 896 хүнийг сэжигтнээр баривчилж, яллагдагчаар татагдсан 1397 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Энэ нь 2022 онтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна.

Тодруулбал, хүний эрхийг хамгаалах, ялангуяа гэмт хэрэгт холбогдсон хүнийг үндэслэлгүйгээр баривчилж, хорьж мөрдөхгүй байхад анхаарч ажилласантай холбоотойгоор сэжигтнээр баривчлагдсан хүн 13.3 хувиар, цагдан хоригдсон хүн 10.5 хувиар тус тус буурсан.

Мөн сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах талаар мөрдөгчөөс гаргасан саналыг прокурор хянаад, 154 хүнийг баривчлахаас татгалзаж эрх нь зөрчигдөхөөс хамгаалсан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цэвэрлэгээнээс гарсан 509 тонн хар цасыг ачиж тээвэрлэлээ DNN.mn

Нэгдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 25 байгууллагын 591 албан хаагч тусгай зориулалтын 100 машин техниктэйгээр зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг гүйцэтгэж, халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллалаа. Энэ хүрээнд авто замын цасыг хусаж, халтиргаа үүсэх эрсдэлтэй авто зам болон гэр хорооллын дундах сүүдэр хэсгүүдэд 63 тонн бодис, 46 тонн давс цацан, цэвэрлэгээнээс гарсан 509 тонн хар цасыг ачиж тээвэрлэв.

Мөн дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй 4267 аж ахуйн нэгж, байгууллага орчныхоо 50 метр талбайн цас мөсийг цэвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн алба хаагчид өвөлжилт хүндэрсэн зургаан аймагт ажиллаж байна DNN.mn

Ихэнх нутгаар өвөлжилт хүндэрч, зарим хэсэгт нь цагаан зуд нүүрлээд байна.

Зам, даваа, гүвээ хаагдаж, мал, малчин цасанд боогдож, тээвэрчид төөрөх эрсдэлүүд үүсэж буй энэ үед Зэвсэгт хүчний алба хаагчид тухайн орон нутгийн хэсгүүдэд хүн хүчний дэмжлэг үзүүлж эхэлсээр 3 сар өнгөрч байна.

Зэвсэгт хүчний алба хаагчид Булган, Төв, Өвөрхангай, Увс, Хөвсгөл, Хэнтий, Баянхонгор, Дорноговь, Архангай, Сүхбаатар аймагт 2023 оны 11 дүгээр сараас хойш орон нутгийн зам давааг техникийн тусламжаар нээх, малчин өрхийг нүүлгэх, өвс тэжээл хүргэх ажлыг тодорхой бүлгүүдээр тасралтгүй гүйцэтгэж байна.

Төв аймгийн Лүн, Эрдэнэсант, Баян-Өнжүүл, Бүрэн сумдад Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл болон 014, 120 дугаар анги, Дорноговь аймгийн Иххэт суманд Зэвсэгт хүчний 336 дугаар анги, Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд Зэвсэгт хүчний 339 дүгээр анги, Хэнтий аймгийн Галшир суманд Зэвсэгт хүчний 350 дугаар анги, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Мөнххаан суманд Зэвсэгт хүчний 338 дугаар анги, Архангай аймгийн Тариат, Цахир зэрэг 11 суманд Зэвсэгт хүчний 342 дугаар ангийн бүлгүүд буюу нийт 70 орчим цэргийн алба хаагч 30 гаруй нэгж техниктэйгээр зам харгуйг нээх, өвс тэжээл хүргэх, цасанд боогдсон малчин өрхүүдийг нүүлгэх ажлыг тасралтгүй гүйцэтгэж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх сард олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна DNN.mn

Агаарын дундаж температур нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх боловч төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Хур тунадас баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджийн орчим байх бол нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас ахиу орно.

Нэгдүгээр арав хоногийн эхэн үеэр нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас 2-5°С-аар хүйтэн байх төлөвтэй байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас 2-4°С-аар дулаан байх төлөвтэй байгаа юм. Харин гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, агаарын дундаж температур олон жилийн дунджаас 1-4°С-аар хүйтэрнэ.

Баруун аймгуудын нутгаар агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орно.

Агаарын температур нэгдүгээр арав хонгийн эхэн, хоёрдугаар арав хонгийн дунд үе, гуравдугаар арав хоногт олон жилийн дунджаас 2-3°С-аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав эхэн болон сүүл үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2-3°С-аар дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногт цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурах магадлалтай.

Төвийн аймгуудын нутгаар агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногт үед олон жилийн дунджаас 2-3°С-аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоног ихэн болон сүүл үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх төлөвтэй. Хоёрдугаар арав хонгийн сүүл, гуравдугаар арав хоногт цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурах магадлалтай.

Зүүн аймгуудын нутгаар агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хонгийн эхэн, гуравдугаар арав хоногт олон жилийн дунджаас 1-2°С-аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хонгийн дунд үеэр бага зэрэг цас орох бол гуравдугаар арав хоногт цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурах магадлалтай байна.

Говийн аймгуудын нутгаар агаарын дундаж температур Дундговь, Говьсүмбэрийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол хур тунадас Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хонгийн эхэн, гуравдугаар арав хоногт олон жилийн дунджаас 2-3°С-аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногт олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх төлөвтэй байна. Гуравдугаар арав хоногт цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурах магадлалтай байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ-ын 2023 оны IV улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ DNN.mn

2023 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлснийг Татварын Ерөнхий Газар(ТЕГ)-аас мэдээллээ.

Тодруулбал энэ удаагийн буцаан олголтоор 1,203,803 татвар төлөгч иргэнд 90.1 тэрбум төгрөг олгож байгаа аж.

Дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтоосоо 17,697 татвар төлөгч иргэн 454.6 сая төгрөгийн хөрөнгийн татвараа шимтгэлгүй, хялбархан төлжээ.

Categories
мэдээ нийгэм

Гадаадын иргэний визийн зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлнэ DNN.mn

Гадаадын иргэний бүртгэл, хяналтыг сайжруулах, төрийн үйлчилгээг цахимжуулах, шуурхай хүргэх зорилгоор Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсын визийн зөвшөөрлийн загварыг шинэчлэн баталж, 2024 оны нэгдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн визийн зөвшөөрлийг цахим хэлбэрээр олгохоор боллоо.

Өмнө нь визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч, зөвшөөрөгдсөн тохиолдолд визийн зөвшөөрлийг цаасан хэлбэрээр хэвлэж, кодыг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын бүртгэлтэй и-мэйл хаягаар илгээж байсан бол цахим хэлбэрт шилжсэнээр и-мэйл хүлээх шаардлагагүйгээр цахим үйлчилгээний нэгдсэн системд өөрийн бүртгэлтэй хаягаар нэвтэрч цахим визийн зөвшөөрлөө шалгах боломжтой болох юм. Тодруулбал, Уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын илгээсэн хүсэлт зөвшөөрөгдсөн тохиолдолд хүсэлт гаргагчийн бүртгэлтэй цахим хаягаар мэдэгдэл очих ба мэдэгдэл очсоны дараагаар isf.mn цахим үйлчилгээний нэгдсэн системээс уригдагч гадаадын иргэний болон уригчийн мэдээлэл, визийн ангилал, төрөл, визийн хүчинтэй хугацаа, Монгол Улсад байх хугацаа, виз олгох газар зэрэг бүх төрлийн мэдээллийг багтаасан QR бүхий цахим визийн зөвшөөрлийг татаж авах боломж бүрдэж байна.

Визийн зөвшөөрөл гэдэг нь виз олгох эрх бүхий байгууллагаас Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, хилийн боомтод гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичиг бөгөөд Гадаадын иргэн, харьяатын газраас олгосон визийн зөвшөөрлийг хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд isf.mn нэгдсэн системээс хянаж, виз олгох юм.

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрсөн онд гадаадын 44831 иргэнд визийн зөвшөөрөл олгосон тоон үзүүлэлт бий. Харин визийн зөвшөөрлийг ийнхүү цахимд шилжүүлснээр дээрх тооны визийн зөвшөөрлийг хэвлэх бичиг хэргийг зардлыг бууруулаад зогсохгүй хэвлэх, гарын үсэг зурж баталгаажуулах, скайнердаж хүсэлт гаргагчид илгээх зэрэг олон шат дамжлагууд багасахад чухал ач холбогдолтой гэж ГИХГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

АТГ: Улс төрд нөлөө бүхий Х-г үндэслэлгүй хөрөнгөжсөн шалтгаанаар шалгаж байна DNN.mn

Улс төрд нөлөө бүхий этгээд Х-ийн  орлогын дүн 10 дахин өсчээ.

Мал аж ахуйн үнийн  дүнг хэт өсгөж мэдүүлсэн, 177 ба 155 мкв амины  сууцууд, орон сууц 1, газар 7, өндөр өртөгтэй  байгууламж хууль ёсны орлогоор  бий болсон нь нотлогдоогүй.

Их хэмжээний зээл төлж барагдуулсан ч хууль ёсны  орлогоор төлөх үндэслэлгүй, хэрэглээний  зардал, өндөр дүнтэй худалдан авалтын эх үүсвэр  нь цалин аж ахуйн үйл ажиллагааны орлогоос даюсан байгааг  Хөрнөнгө орлогын  мэдүүлгийн хяналт  шалглатаар тогтоосон.

Одоогоор албан тушаалтан Х –г үндэслэлгүй  хөрөнгөжих гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дотуур байрны нэг хүүхдэд ногдох хувьсах зардал 2 сая төгрөгт хүрлээ DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 1 дүгээр сарын 25-ны ээлжит хуралдаанаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хувьсах зардлын дундаж хэмжээ, аргачлалыг шинэчлэн батлав.

• Монгол Улсын Засгийн газраас цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан. Хувьсах зардлын шинэчлэлийн хүрээнд хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн хувьсах зардал 45.5 хувиар /810.0 мянгаас 1,485.0 мянга/ өсөж байна.

• Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нийт багш, ажиллагсдын цалин, бусад холбогдох зардлыг хувьсах зардалд багтаасан нь өмнөх тогтоолоос онцлог болж байна.

• Сургуулийн хувьсах зардлыг анги тус бүрээр төлөвлөж байгаа нь төсвийн төлөвлөлтийг бодит өртөгт суурилан тооцоолох чанарыг сайжруулж байна.

• Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалт, үйл ажиллагааны зардал 3 дахин нэмэгдэнэ. Үйл ажиллагааны зардал буюу бараа үйлчилгээний бусад зардал нэмэгдэж байгаа тул сургууль, цэцэрлэг тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэх боломжийг олгож байна.

• Сургуулийн өмнөх боловсролын явуулын, нүүдлийн бүлэгт хүүхдийн тооноос хамаарсан итгэлцүүрийг орууллаа.

• Хувьсах зардлын бүрэлдэхүүнд сургуулийн орчин дахь хүүхдийн эрх, хамгааллын зардлыг тусгалаа. Нарийвчилсан аргачлал гарна.

• Суралцагчийн тооноос болон байршлаас хамаарсан итгэлцүүрийг шинэчиллээ. Аймгийн төвийн сум болон аймгаас алслагдсан байдлыг харгалзан судалгаанд суурилан итгэлцүүрийг тооцлоо.

• Ерөнхий боловсролын сургуульд хэрэгжих нэмэлт хөтөлбөрүүд, төрөлжсөн хөтөлбөрүүдэд хамаарах итгэлцүүрийг нэмэлтээр болон шинэчлэн тооцож тусган, хот хөдөөгийн боловсролын ялгааг арилгах нөхцөл бүрдлээ.

• Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг шинэчилж, захиргаа, аж ахуйн ажилтнуудын болон үйл ажиллагааны зардлыг тусгалаа. Дотуур байрын нэг хүүхдэд ногдох хувьсах зардал 350.0 мянга байсан бол 2,029.8 мянган төгрөгт хүрлээ.

• Ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын 3.2-14.0 хүртэлх хувь нь нөхөн хангалтад зарцуулагдаж, сургуулийн удирдлага хуулиар олгогдсон эрхийн хүрээнд сургалтын орчинг сайжруулах, сургуулийн хагас бие даасан тогтолцоог бэхжүүлэхэд ихээхэн дэмжлэг болно.

Categories
мэдээ нийгэм

ЗТХЯ: 2024 онд бүх төрлийн тээврээр 120 сая.тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөжээ DNN.mn

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, 13 зорилтын хүрээнд 162 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Ингэхдээ 2024 онд бүх төрлийн тээврээр нийт 120 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөж байгаа аж.

Тодруулбал, агаарын тээврээр 2.2 сая зорчигч тээвэрлэж, Америкийн Нэгдсэн Улс руу шууд нислэг үйлдэж эхэлнэ. Мөн БНСВУ-ын Хошимин, ОХУ-ын Новосибирск, БНХАУ-ын Эрээн хот чиглэлд шууд нислэгийг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Түүнчлэн агаарын хөлгийн тоог 4-өөр нэмэгдүүлж, ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилтыг үргэлжлүүлж, орон нутгийн нисэх буудлуудыг хүчин чадал, үйлчилгээг сайжруулна.

Төмөр замаар 2.5 сая зорчигч, 45.5 сая.тонн ачаа тээвэрлэж, Зүүнбаян-Ханги чиглэлийн 227 км төмөр зам, Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн хил холболтын төмөр замыг байнгын ашиглалтад оруулж, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч хил холболтын төмөр зам болон нийт 1826 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлнэ.

Автотээврийн салбарт, 144 сая зорчигч, 75 сая.тонн ачаа тээвэрлэж, шинээр таван улстай автотээврийн хэлэлцээр байгуулна. БНХАУ-аар дамжин өнгөрөх тээвэр болон далайн боомтуудаас ачаа тээвэрлэлтийг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Хавирга, Булган боомтын ачаа тээврийн терминалын барилгын ажлын гүйцэтгэлийг 30 хувьд хүргэж, зорчигч тээврийн авто буудлыг ашиглалтад оруулна.

Авто замын салбарт, долоон аймаг 44 сум, хоёр хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбох ажлыг эхлүүлж, нийт 1100 км авто зам, үүнээс 802 км хатуу хучилттай авто зам, 284 у/метр гүүрийг байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.

Эх сурвалж: ЗТХЯ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ричард Л.Буанган: Бидэнтэй хамт бай. Монголын ард түмнийг бахархалтай, хүчирхэг болгодог зүйлийн төлөө зогс DNN.mn

АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ричард Л.Буангантай ярилцлаа.


-Та Монгол Улсад Элчин сайдаар ирээд жил орчим болж байна. Таны ирээд хийсэн хамгийн анхны ажил юу байв?

-Аливаа Элчин сайдын хувьд томилогдон ирснийхээ дараа нэн түрүүнд хийх ажил нь тухайн улстайгаа танилцах явдал гэж би боддог. Хэрэв ард түмнийг нь, түүх соёлыг нь ойлгохгүй бол сайн элчин сайд байж чадахгүй. Тиймээс миний хамгийн эхний ажил бол гадагшаа гарч, хүмүүстэй уулзан, өгүүлэх түүхийг нь сонсож, энэ орны баялаг бөгөөд олон талт соёлыг мэдрэх байсан. Надад дипломатчийн төдийгүй хувь хүнийхээ хувьд өсөн дэвжихэд дөхөм болсон гайхалтай цаг хугацаа байлаа. Намайг найрсаг дотноор хүлээн авч, цаг заваа гарган нутаг орноо танилцуулсан нийт монголчуудад гүнээ талархаж байна. Элчин сайдаар ажиллах хугацааны амжилт ололт бүхэн Монгол Улс намайг өөриймсгөөр угтсанд талархсан сэтгэлээс минь үүдэлтэй.

-Монгол орон таны төсөөлснөөс өөр байв уу?

-Монгол Улс яг л миний төсөөлж байсан шиг өргөн уудам, гайхам үзэсгэлэнтэй, бахархам түүхтэй, мөн эрх чөлөөг эрхэмлэдэг ард түмэнтэй улс юм.

-Ялтад 1945 оны хоёрду гаар сарын эхээр болсон холбоотон гүрнүүдийн тэргүүн Франклин Рузвельт, Иосиф Сталин, Уинстон Черчилль нарын оролцсон бага хурлын шийдвэрийн дагуу Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, НҮБ-ын бүрэн эрхэт гишүүн болгоход АНУ ил, далдаар ихээхэн тусалсан гэдгийг монголчууд өнөөдөр ч мартаагүй. Тэгвэл өнөөдөр хоёулаа ардчилсан улс болоод байгаа манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны онцлог юу вэ?

-Манай хоёр агуу үндэстэн одоогоос яг 37 жилийн өмнө албан ёсны дипломат харилцаа тогтоосноос хойш бид ардчиллын төлөө хамтдаа тууштай зүтгэсээр ирсэн бөгөөд бидний харилцаа хамтын үнэт зүйлс дээр суурилсан байдаг.

Бид Монгол Улсын стратегийн түнш болон “гуравдагч хөрш” гэдгээрээ бахархаж, ардчилсан институцүүд, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бэхжүүлэх, Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхийн төлөөх хүчин чармайлтыг дэмжиж байна. Ардчилал хэдий чинээ бат бэх байна, эдийн засаг төдий чинээ хүчирхэг байдаг тул хууль дээдлэх, засаглалыг дэмжих, авлигатай тэмцэх, суурь эрх чөлөөг хангахад хэрхэн хамтран ажиллах талаар бид нэлээд ярилцаж хэлэлцдэг.

-Монгол Улс социализмаас ардчилалд шилжиж байсан 1990 оны үед АНУ “Хандивлагч улсуудын бүлэг” байгуулах зэргээр монголчуудыг хүнд хэцүү үеийг даван туулахад үнэлж баршгүй том тус хүргэсэн. Тэгвэл цагаачдын асуудал хаа сайгүй хүнд болоод байгаа энэ үед авторитар дэглэмтэй хоёр том улсын дунд байгаа ардчилсан Монгол Улсын АНУ-д байгаа цагаач иргэдэд давхар иргэншил болон ажлын байр олгох асуудлаар Цагаан ордон тусалж чадах болов уу?

-Америкийн нэгдсэн улс үргэлж цагаачдын орон байсаар ирсэн, олон соёлын жинхэнэ сүлэлдээн юм. Монгол гаралтай америкчууд манай улсын бүх иргэнд нээлттэй байдаг боломжуудыг ашиглан, үр шимийг нь хүртэхийн зэрэгцээ манай үндэстний онцлог шинж, хүчирхэг байхын гол цөм болох олон талт байдалд хувь нэмрээ оруулж байгааг харахад бахархалтай байна. Гэхдээ миний бодлоор бидний ярилцах ёстой сэдэв бол Америк дахь монголчуудын ажлын байр биш, харин энд, Монголд байгаа монголчуудын ажлын байрны асуудал гэж би бодож байна.

-Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэхэд ардчилсан улсуудаас орж ирэх хөрөнгө оруулалт маш чухал үүрэгтэй. Иймээс АНУ-аас манай улсад оруулж буй хөрөнгө оруулалтын өнөөгийн түвшин, ирээдүйг та юу гэж харж байна вэ?

-АНУ-ын Монгол дахь шууд хөрөнгө оруулалт 2022 онд 700 сая ам.долларт хүрсэн байдаг ч бид илүү шаргуу ажиллахыг хүсч байна. Мэдээж уул уурхайн салбар хөрөнгө оруулагчдын сонирхлыг маш их татдаг, үүн дээр цэвэр эрчим хүч, хагас дамжуулагчийн технологид шаардлагатай байдаг чухал ашигт малтмалын судлагдаагүй нөөц Монгол Улсад байх магадлалтайг дурдах хэрэгтэй байх. Мөн манай хөрөнгө оруулагчид, компаниуд бөөний болон жижиглэнгийн худалдаа, санхүү, үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээ, хүнс, ундааны үйлдвэрлэл зэрэг олон салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж байна.

Бид сэргээгдэх эрчим хүч, ногоон технологи, хөдөө аж ахуйн салбарт илүү ихийг хийж байгаадаа баяртай байна. Энэ нь зөвхөн бизнесийн боломж ихтэй учраас биш юм. Эрчим хүчний болон хүнсний аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдалтай адилтгаж үзэх учиртай. Манай Засгийн газрын зүгээс Олон улсын хөгжлийн санхүүгийн корпорациараа дамжуулан Монголын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад 100 гаруй сая ам.долларын дэмжлэг үзүүлсэн бөгөөд цаашид илүү их ажил хийхээр зорьж байна. Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, ялангуяа дүрэм журам мөрдөх болон маргаан шийдвэрлэх тал дээр ил тод, тууштай, шуурхай байх нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой.

-Монголчуудын хэлдгээр, дэлхийн ардчиллыг АНУ өнөөдөр “цээжээрээ хамгаалж” байна. Та АНУын элчин сайдын хувьд дэлхийн маргаашийг яаж харж байна вэ?

-Америкт ч гэсэн “Юу тарина, түүнийгээ хураана” гэж үг бий. Тийм ч учраас ардчилал, хүний эрх, чөлөөт зах зээлийн эдийн засагт итгэдэг Америк, Монгол гэх мэт улс орнууд эдгээр нийтлэг үнэт зүйлсээ дэлхий дахинд хадгалж хамгаалахын тулд хамтран ажиллах нь маш чухал гэж би бодож байна. Бусдын эрхэнд заналхийлж буйг нь эсэргүүцэж, өөрийгөө хамгаалах чадамжгүйг нь өмгөөлж, хаана төрснөөсөө үл хамааран бүх хүн амар амгалан, аюулгүй орчинд амьдрах боломжийг бий болгон, тэдний нийтлэг эрх ашгийг хүндэтгэж, цэцэглэн хөгжих тэгш боломжоор хангахын төлөө бид ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгтэй нягт хамтран ажиллах ёстой.

-Монголчууд “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэдэг. Монгол Улс  жижиг улс. Монголчууд бид яавал америкчуудад тус болж АНУ-ын ач, тусыг бага ч болов хариулж чадах бол?

-Өмнөх асуултад хариулсантай ижил хариулт өгъе. Бидэнтэй хамт бай. Монголын ард түмнийг бахархалтай, хүчирхэг болгодог зүйлийн төлөө зогс. Амаргүй байсан ч энх тайван, хөгжил цэцэглэлт, хүний эрхийн төлөө зогс. Ялангуяа амаргүй үед. Ганц сум амархан хугардаг ч багласан сум юунд ч хялбар дийлдэхгүй гэж Алунгуа эх сургадаг. Монголчууд эх орноо жижиг гэж бодож болохгүй. Монгол Улс газар зүйн хувьд маш өргөн уудам, мөн чухал бүс нутгийн яг төвд нь байдаг. Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаа зэрэг олон улсын харилцааны олон салбарт хавьгүй том үүрэг гүйцэтгэж байгаа гэдэгт би итгэж байна.

-Сүүлийн жилүүдэд Монголд хэвлэлийн эрх чөлөөг маш ихээр хааж, чөлөөт хэвлэлийн орон зайг хумьсаар байна. Хууль хүртэл гаргаж эдийн засгийн шахалт чөлөөт хэвлэлд шууд утгаар нь үзүүлж байна. Ийм нөхцөл байдлыг олон улсад яаж даван туулдаг юм бол?

-Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө нь бусад бүх эрхийг баталгаажуулахад тусалдаг үндсэн эрх. Иргэд эрхээ эдлэх боломжийг шууд хаах, эсвэл хүсэл зоригийг нь мохоох хууль гаргахгүй байх нь маш чухал.

-“NO WAR” хөдөлгөөнөөс гаргасан зургийн үзэсгэлэнг үзээд явж байсан тэр агшин тань ардчилалд хайртай маш олон хүнд итгэл найдвар төрүүлсэн. Ингэхэд үзэсгэлэн танд таалагдсан уу?

-Мэдээж хэрэг Украин дахь Оросын түрэмгийллийг АНУ эсэргүүцэж, дайныг хурдан дуусна гэдэгт найдаж байна. Дэлхий даяар, тэр дундаа монголчууд ч мөн ийм бодолтой, энэ мэдрэмжийг хуваалцаж байгаад баяртай байна.

-Өнгөрөгч 12 дугаар сард Монгол-Америкийн зөвлөлдөх уулзалт боллоо. Энэ уулзалтаар ямар асуудлууд ярьж шийдэв?

-Бид эдийн засгийн хамтын ажиллагаа, олон талт байгууллагууд дахь хамтын ажиллагаа, АНУ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүд, Улаанбаатар хотын усан хангамжийг 80 хувиар нэмэгдүүлэх 400 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалттай АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн төсөл гэх мэт хамтран ажиллаж буй бүхий л асуудлуудаар ярилцлаа. Та бүхэн хоёр орны зөвлөлдөх уулзалтын үеэр гаргасан хамтарсан мэдэгдлээс энэ талаар дэлгэрэнгүй унших боломжтой.

-Саяхан болсон “АмЧам Монгол”-ын тайлангийн хурлын үеэр Та хэлсэн үгэндээ “нэн чухал ашигт малтмал, цахим эдийн засаг, сэргээгдэх эрчим хүч зэрэг Монгол Улсын эдийн засгийн гол салбаруудыг хөгжүүлэх санаачилгыг дэмжих нэмэлт хүчин чармайлт гаргана” гэж онцолсон. Энэ хүрээнд онцлох ажлуудаасаа дурдахгүй юу?

-Монгол Улсын ашиглагдаагүй асар их нөөц бололцоо гэвэл сэргээгдэх эрчим хүчийг хэлнэ. Эдийн засгийн өсөлт, төрөлжилт, үндэсний аюулгүй байдал, агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт гээд энэ бүх асуудал нүүрс буюу чулуужсан түлшнээс татгалзаж чадах эсэхээс хамаарна. Дэлхий дахин үүнийг НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн 28 дугаар бага хурал дээр тунхагласан байдаг. Монгол Улсад уг шилжилтийг хийх нар, салхины нөөц бий, одоо зөвхөн улс төрийн хүсэл зориг л хэрэгтэй.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй Монголын эрчим хүчний засаглал хөтөлбөр өнгөрөгч онд дулааны үр ашиг, зохицуулалт, цэвэр эрчим хүчний хэрэглээг сайжруулах чиглэлээр эрчим хүчний салбарт ажиллалаа. Хөтөлбөрийн зүгээс АНУ-ын зохицуулах хороодтой хамтран ажиллаж, эрчим хүчний зах зээлийг сайжруулах талаар илтгэл тавьж, сүлжээний шинэчлэлийн талаар семинар зохион байгуулсан. Эрчим хүчний салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо нь эрчим хүчний шударга шилжилтийг баталгаажуулдаг гэдгийг мэдэх учраас бид Монголд анхлан “Цэвэр эрчим хүч ба эмэгтэйчүүд” уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж байв.

Бид Засгийн газартай гар нийлэн ажиллах болно. Монголын сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг санхүүжүүлэх гол хөшүүрэг нь гадаадын хөрөнгө оруулалт юм гэдгийг дурдах хэрэгтэй. Зохицуулалт, хууль эрх зүйн орчин нь зөв байвал гадны сэргээгдэх эрчим хүчний компаниуд Монголд буй боломжийг миний адил олж харах болно гэдэгт би эргэлзэхгүй байна.

-Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 37 жилийн ой нэгдүгээр сарын 27-нд тохиож байна. Элчин сайд та хоёр орны харилцаан дахь өнгөрөгч оны ололт амжилтуудыг дурдаад энэ онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнөөсөө уншигчидтай хуваалцана уу.

-Яг энэ талаар бид Монголын засгийн газрын түншүүдтэйгээ өнгөрсөн сард Вашингтон хотноо болсон зөвлөлдөх уулзалтаар хэлэлцлээ. Өнгөрөгч онд урьд хожид байгаагүй олон тооны, өргөн хүрээг хамарсан, өндөр түвшний айлчлалууд Вашингтоноос Монголд хийгдсэнээс хоёр орны харилцаа хэр зэрэг далайцтай байгааг ойлгож болох байх. Өнгөрсөн зун Дэд ерөнхийлөгч Камала Харрис Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Цагаан ордонд хүлээн авч нэн өндөр хүндэтгэл үзүүлсэн нь манай хоёр агуу үндэстний аль алиных нь тусын тулд энэхүү стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг бэхжүүлэхийн төлөөх хамтын хүчин чармайлтыг тодотгож өгсөнөөрөө онцлог юм.

Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн оны онцлох үйл явдал бол “Агаарын харилцааны тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурж, манай хоёр улсын хооронд шууд нислэгтэй болох замыг зассан явдал байлаа. Үүнээс гадна дурдахуйц олон зүйл бий. Бид чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах боломжийг судалж эхлэхээр гэрээ байгуулсан бөгөөд үүнийг энэ онд үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Наймдугаар сард баталсан “Эдийн засгийн хамтын ажиллагааны замын зураглал”-д дурдсан сансрын технологи, дижитал хөгжил, цэвэр эрчим хүчний салбарт хамтрах арга замуудыг судлах хүсэлтэй байна. Улаанбаатар хотын усны дэд бүтцийг хөгжүүлж, хойч үеийнхээ усны хэрэгцээг хангах зорилго бүхий Мянганы сорилтын корпорацийн компакт гэрээ ч мөн томоохон ахиц дэвшил гаргасныг тэмдэглэхэд таатай байна. 462 сая ам.долларын өртөгтэй уг төсөл хэрэгжиж дуусахад нийслэлийн цэвэр усны хангамж 80 хувиар нэмэгдэх юм.

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд гүйцэтгэсэн гарамгай бөгөөд эерэг үүргээ Монгол Улс зохих ёсоор үнэлүүлж байгаад би баяртай байна. Манай хоёр улсын зэвсэгт хүчин олон жилийн турш туршлага, мэдлэгээ солилцож ирсний жишээ нь Хаан Куэст, Номхон далайн элч, Говийн чоно зэрэг хамтарсан сургуулилалтууд бөгөөд тэдгээр нь энэ онд ч мөн үргэлжилнэ. Энхийг сахиулах үйлсэд оруулсан үнэлж баршгүй хувь нэмрээрээ Зэвсэгт хүчний Бригадын генерал Г.Болор “Олон улсын эмэгтэйчүүдийн эр зоригийн шагнал”-ыг өнгөрөгч онд хүртсэн нь бидэнд их урам зориг өглөө. Мөн Бригадын генерал Б.Эрдэнэбатыг Кипр дэх НҮБ-ын энхийг сахиулах хүчний командлагчаар сонгосныг өнгөрсөн долоо хоногт сонслоо. Монгол Улсын Зэвсэгт хүчний хувьд бахархам жил болж, дэлхий дахинд энх тайвны төлөөх түншүүдийн тоонд бид хамт багтаж байгаад баяртай байна.

Өнгөрсөн онд бид иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх тал дээр ихээхэн амжилт гаргалаа. Хамтран хэрэгжүүлж буй Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөрт оруулах хувь нэмрээ Монголын Засгийн газар хоёр дахин нэмэгдүүлснээр илүү олон монгол залуус АНУ-д боловсрол эзэмших боломж бүрдлээ. Монголын соёлын өвийг хууль бус наймаанаас хамгаалах зориулалттай гэрээ байгуулах ажлыг бид хамтдаа эхлүүлсэн бөгөөд энэ онд уг ажил үргэлжлэх болно. Энхтайвны корпус Монголд эргэн ирж, сайн дурын ажилтнууд орон даяар ахлах сургуулиудад англи хэл зааж байна. Мөн Америкийн Гүүгл компани Монголын Засгийн газартай хамтран хамгийн сүүлийн үеийн инноваци, технологийг Монгол Улсын сум суурин бүрийн багш, сурагчдад хүргэхээр ажиллаж байна. Энэ бол төр, хувийн хэвшил хамтран ажиллавал ямар үр дүнд хүрдгийн том жишээ юм. Хамтын ажиллагааны уг жишээг Монголын эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй гээд бүхий л салбарт хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.