Categories
мэдээ нийгэм цаг-үе

“MONGOLIAN GRAND PRIX II” балетын тэмцээний шилдгүүд тодорлоо DNN.mn

УДБЭТ-аас санаачлан 2 дахь удаагаа амжилттай зохион байгуулж буй “MONGOLIAN GRAND PRIX II” балетын тэмцээний шилдгүүд тодорч шагналаа гардан авлаа. Тэмцээнд 6-19 насны 300 гаруй бүжигчид 2 төрөл, 4-н насны ангилалд амжилттай оролцлоо.

May be an image of dancing and text

“MONGOLIAN GRAND PRIX II” балетын тэмцээний шүүгчээр ажилласан Ерөнхий шүүгч УДБЭТ-ын Ерөнхий балетмейстер МУСТА Д.Дашлхагва, шүүгч МУГЖ Б.Туул, МУК-ийн Сонгодог бүжгийн багш МУГЖ Х.Мөнгөнхөлөг, АНУ-ын Стерлинг академийн захирал Т.Туяа, Япон улсын NS балетын академийн захирал Мако Накасаки, УДБЭТ-ын Гоцлол бүжигчин МУГЖ О.Анужин, МУСТА Б.Жаргал нартаа баярлалаа.

May be an image of 7 people, people dancing and text

“MONGOLIAN GRAND PRIX” балетын тэмцээний ГОЦЛОЛ ТӨРӨЛД:

6-8 нас

Г.Энэрэл “Нэгдүгээр байр” – /Сильфида балетын сургууль/

Б.Танан “Хоёрдугаар байр” – /Сильфида балетын сургууль/

А.Анужин “Гуравдугаар байр” -/Gladness studio/

9-11 нас
М.Номин “Тэргүүн байр” – /Сильфида балетын сургууль/
С.Оюухан “Хоёрдугаар байр” – /Сильфида балетын сургууль/
С.Дөлгөөн “Гуравдугаар байр” – /Сильфида балетын сургууль/
May be an image of 11 people, child, people dancing and text
12-15 нас
Д.Бөртэ-Үжин “Тэргүүн байр” – МУК
Ц.Цэлмүүн “Хоёрдугаар байр” – “ИЭХ дэргэдэх балетын сургууль”
Г.София “Гуравдугаар байр” – /МБҮС/
16-19 нас
Э.Хүслэн “Тэргүүн бар” – /МУК/
Э.Эгшиглэн “Хоёрдугаар байр” – /МУК/
Б.Болорчулуун “Гуравдугаар байр” – /МУК/
May be an image of 10 people, people dancing and text
БАГИЙН ТӨРӨЛД:
6-8 нас
“Хатад” баг “Тэргүүн байр” – /Сэлэнгэ аймгийн Хатад студи/
“Flowers” баг “Хоёрдугаар байр” – /Баллерина балетын сургууль/
“Цөмөөхэй” баг “Гуравдугаар байр”- /Монголын Балетын Үндэсний сургууль/
9-11 нас
“Силфида – II” баг “Тэргүүн байр” – /Сильфида балетын сургууль/
“Dance Garden 2” баг “Хоёрдугаар байр” – /Dance Garden studio/
“Эсмералдагийн найзууд” баг “Гуравдугаар байр” – /Сильфида балетын сургууль/
May be an image of 13 people, people dancing and text

12-15 нас

“Feeling” баг “Тэргүүн байр” – МУК

“Neapoli” баг “Хоёрдугаар байр” – МУК

“Сильфида” баг “Гуравдугаар байр” – /Сильфида балетын сургууль/ тус тус эзэллээ.

May be an image of 9 people, people dancing and text

May be an image of 16 people, people dancing and textMay be an image of 14 people, people dancing and textMay be an image of 15 people, people dancing and text

May be an image of 8 people, people dancing and text

May be an image of dancing and text

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Говийн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-37.0 см зузаан цасан бүрхүүл тогтжээ DNN.mn

Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-37.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Үүнээс хамгийн их нь Увсын Хяргас 37см, Малчин 33 см, Баруунтуруун, Төв аймгийн Эрдэнэсант 27 см, Увсын Зүүнговь, Сагил 26 см, Төв аймгийн Өндөрширээт 24 см, бусад хэсгээр 0-21 см цасан бүрхүүл тогтсон байна.

May be a graphic of map, arctic and text that says '2023-11-25 2023- 50°N uacHbl 3y3aaH, CM 48°N Max 37 46°N- 44°N- 42°N 90°E 95°E 100°E 105°E 110°E 2 115°E 8 10 24 36 50'

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

О.Балжинням: Есдүгээр ангидаа аймгийн начин, аравдугаар ангидаа аймгийн заан болж байлаа DNN.mn

Үндэсний бөхийн 16 дахь аварга, Хөдөлмөрийн баатар, МҮБХ-ны дэд тэргүүн О.Балжиннямтай хөөрөлдсөнөө уншигчдадаа хүргэе. Аваргатай Энэтхэгийн Бодгаяад уулзаж, Бодгаяа дахь монгол хийдэд ярилцсан юм.

-Бурханы оронд буян номын ажлаар явна уу, аварга аа?

-Бодгаяад гэр бүлийн хүнтэйгээ явна. Бараг гурван сар шахам байх төлөвлөгөөтэй. Бодгаяа чинь бурханы ариун дагшин газар. Бурхан багшийн гэгээрсэн энэ сайхан газарт эргэл мөргөл хийж явна даа.

– Таны тухай анхны тод дурсамж гэхээр Б.Бат-Эрдэнэ аваргатай нар хэвийтэл барилдсан наадам…

-Тэр чинь 1994 оны Улсын наадам. Арвын даваанд барилдаж байсан нь тэр л дээ. Би давбал аварга болчих санаатай. Бат-Эрдэнэ болохоор Х.Баянмөнх аваргын амжилтыг эвдэх зорилготой. Хоёр цаг гаруй барилдаад арай жаахан “рам”-дуулаад унасан. Б.Бат- Эрдэнэ их бяртай байсан цаг.

-Бат-Эрдэнэ аваргын юу нь онцгой байв, танд?

-Бат-Эрдэнэ бид хоёул жүдо, самбо бөхөөр цуг хичээллэдэг байлаа. Самбогоор би хасах 100 кг-ын жинд, Бат-Эрдэнэ нэмэх 100 кг-ын жинд хүч үзнэ. Жүдогоор би хасах 95, Бат-Эрдэнэ нэмэх 95-д үзнэ. Үргэлж хамт бэлтгэл хийнэ. Гадаад дотоод явахдаа нэг өрөөнд орно, гэр бүлээрээ сайхан найзална. Цагийг эзэлсэн агуу аварга л даа, яалт ч үгүй. Тэр үед мань хүнийг тогтооно гэдэг асар бэрх шүү дээ. Тийм ч учраас төрийнхөө их наадамд 11 удаа түрүүлсэн их аварга гэж түмнээрээ хүндлүүлж яваа. Бат-Эрдэнэ залуудаа их олон мэх хийдэг байсан. Хонгодож хаяхдаа янзын. Анх түрүүлдэг жилээ Цэрэнтогтох аваргыг хонгодож хаясныг нь тод санадаг. Халз хутгана. Гол хоёр мэх нь хонгодох, халз хутгах байсан. Шуудагнаас бас сайн барилдана.

-Бат-Эрдэнэ аварга та хоёрыг ид үед бахдаж шагшдаг байсан залуус өдгөө монгол бөхийн дэвжээг эзэгнэж байна. Таны үеийн залуусын шүтээн, шагшаа нь Баянмөнх, Мөнхбат гэж хоёр том аварга байсан байж таарна…?

-Намайг хүүхэд ахуйд Баянаа аварга, Мөнхбат аварга хоёр ид барилддаг, алдар цуу нь цуурайтсан эрхэм хүмүүс байлаа.

Аавтайгаа хамт Цагаан сар, наадмын барилдааныг радиогоор чих тавин дурлаж сонсоно. Радиогоор сонсож бахархаж өссөн их аваргууд л даа. Баянаа аварга хоёр талдаа сэгсрээд хонгодчихдог, үнэхээр бяртай бөх байсан. Шуудагнаас их сайхан барилдана. Халз хутгаа хийнэ. Олон гоё мэхтэй. Монгол бөхийн судалгаа хийж 700 гаруй мэх бийг судлаад гаргаад ирсэн хүн. Агуу хөдөлмөрч хүн дээ.

-Би тэр жил л их сайн барилдаж билээ гэж сэтгэл дүүрэн бодож суух наадам гэвэл хэдэн оныхыг нэрлэх вэ?

-Үндэсний бөхийн хувьд 70 жилийн ой байна даа. Тэр үеийн барилдаануудаа эргээд бодохоор дурсамжтай сайхан санагддаг.

-Бөхчүүд мэх гаргаж барилдахаа болилоо гэсэн шүүмжлэл дуулдах юм. Шалтгаан нь юундаа байна вэ?

-Монгол бөх олон сайхан мэхтэйг судлаад гаргачихсан гэж би түрүү нь танд хэлсэн дээ. Гэтэл сүүлийн үед дүрмээсээ болоод, тойруулж барьдаг барьцтай болсноос хойш бөхчүүд жингээ нэмж эхэлсэн юм.

-Албаар жингээ нэмж эхэлсэн байх нь?

-Тэгэхгүй бол тэр барьцан дээрээ тогтох хэцүү. Тэгээд монгол бөхчүүдийн мэх багассан. Мэх хийдэггүй гэж шүүмжлээд байсан нь тийм учиртай. 2021 оноос энэ дүрмийг болиулсан. Түүнээс хойш бөхчүүд маань олон сайхан мэх хийдэг болж байна.

-Мэхний их дэлгүүр гэж хэлэхээр бөхчүүд гэвэл та хэн хэнийг онцлох вэ?

-Дүвчин заанаас эхлээд олон сайхан мэх хийдэг бөх маш олон байсан шүү. Энэ цаг үед гэвэл Булганы Амарсайхан начин байна. Жижиг биетэй мөртлөө олон сайхан мэх хийн барилдаж яваа.

-Бөх гэдэг монголчуудын хувьд өв соёл тээгч гэдгээрээ эрхэм. Тэр утгаараа жудаггүй, ёс зүйгүй байх эрхгүй хүмүүс шиг санагддаг. Гэтэл сүүлийн үед байдал эсрэгээрээ эргээд байх шиг…?

-Монголчуудын ахуй амьдрал тэр чигтээ бөхөд шингэсэн. Том цолтой, ах захтай хүмүүсээ хүндлэхээс эхлээд соёлын олон улбаа бөхөөрөө дамжаад өнөө цагт ирчихсэн. Монголын ахуй, соёл үндэсний бөхдөө шингээд үлдчихсэн. Тэр утгаараа монгол бөхчүүдийн ард түмнийхээ, улс үндэстнийхээ өмнө хүлээсэн үүрэг нь асар өндөр. Тэр үүргээ биелүүлж чадахгүй яваа харагдах л юм.

-Монгол бөхийн жудаг хаачив гэмээр үйлдэл зөндөө байна. Засуулаа үл тоосон хандлага, уначихаад элдэв аяг гаргаж байгаа энэ тэрийг нь харахаар монгол өв, соёл яана даа гэсэн гутранги бодол төрдөг шүү?

-Үгүйсгэхгүй. Засуул, гарын даа энэ тэртэйгээ харилцаж байгаа нь, өөр зуураа харилцаж яваа нь нэг хэсэг муудаж ирсэн. Одоо харин дажгүй болоод ирлээ. Үүнийг засахын тулд Монголын Үндэсний бөхийн холбоо Ёс зүйн зөвлөл хүртэл ажиллуулж байна. Жудаггүй бөхчүүд гэсэн шүүмжлэлийг засахын төлөө л яваад байгаа хэрэг.

-Бөхчүүд улс төрд ордог үзэгдэл манай улсад гойд тод ажиглагдах юм. Танд улстөрд орох санал ирж байв уу?

-Ирж байгаагүй ээ (инээв). Би бөхийн тэр дундаа жүдогийн спортдоо дуртай учраас 1992 он хүртэл барилдаад дэлхийн аваргын анхны мөнгөн медалийг авчирч байлаа, улсдаа. Дараа нь дасгалжуулагч болсон. 1997 онд хүртэл дасгалжуулагчаар ажиллахдаа олимпын ганц медалийг эх орондоо авчрахад хувь нэмрээ оруулсандаа баяртай явдаг. Миний шавь Нармандах тэр медалийг эх орондоо авчирсан юм. Тэгээд Алдар спорт хорооны даргаар ажиллаад, ахиад шигшээ багтаа дасгалжуулагчаар ирж 2020 он хүртэл ажиллалаа даа.

-Одоо Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүний ажилдаа л төвлөрч байна уу?

-Яг төвлөрч байгаа ганц ажил маань.

-Та түрүү нь багадаа радиогоор бөх сонсдог байсан гэсэн дээ. Багаасаа л бөх болъё гэж хүсдэг байв уу?

-Өө тэгэлгүй яах вэ. Багын л мөрөөдөл, хүсэл. Ер нь манай монголчууд чинь хүүгээ бөх болгоно л гэж ярьдаг улс. Би айлын ганц хүү. Аав маань аймгийн начин цолтой. Надаас ч өндөр, сайхан бие хаатай хүн байлаа. Бөх сонирхоно гэж жигтэйхэн. Бөхөд дуртай аав минь радиогоор бөхийн барилдаан их сонсоно. Оноолтуудыг нь хуучин монгол бичгээр хөтөлнө гэж янзтай. Тэрийг нь их харна. Аавынхаа шүтдэг, шагшдаг сайхан аваргуудын барилдааныг аавтайгаа хамт сууж байгаад радиогоор сонсох ай мөн сайхан дурсамж. Тэр гоё агшин намайг бөх болгосон доо. Сумандаа наймдугаар анги төгсөөд аймгийнхаа арван жилийн сургуульд сурахаар очсон юм. Есдүгээр ангидаа аймгийн начин, аравдугаар ангидаа аймгийн заан болж байлаа. Жүдогоор залуучуудын барилдаанд түрүүлээд 1979 онд улсын шигшээ багийн гишүүн болсноор тамирчны амьдрал маань эхэлсэн дээ.

-Багш гэж хүндэлж явдаг эрхмүүд гэвэл…?

-Үндэсний бөхөөр бол Баянаа аварга, Мөнгөн арслан байна. Бөхийн спортод анх авчирсан хүн гэвэл Чанрав багш. Самбо бөхийн дэлхийн анхны аваргыг авчирсан эрхэм гэдгээр нь түмэн андахгүй. Бөхийн тайлбарыг радиогоор хачин сайхан хийнэ. Улсын начин Эрхэмбаяр бид хоёрыг хөдөөнөөс “олж ирсэн” хүн шүү дээ.

-Анх яаж яваад Чанрав багштайгаа таарсанаа сонирхуулаач?

-1978 онд би арван жилийн сургуульд байсан юм. Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд ирэхэд минь “Бөх болох хүүхэд байна” гээд сонгосон юм билээ. Би тэр жил Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд ирэхдээ жүдогоор 86 кг-ын жинд түрүүлсэн юм. Уг тэмцээнээс сарын дараа “Нөхөрлөл тэмцээн” гэж Улаанбаатарт болох байсан. Тэрний бэлтгэлд намайг гаргасан л даа. Өнөө тэмцээнд нь бас түрүүлчихсэн. Тэр жил самбо бөхийн Улсын аваргаас мөнгөн медаль аваад улсын шигшээ багт орж байлаа.

-Та түрүү нь үндэсний бөхөд Баянаа аваргыг багш гэж боддог гэлээ. Өнгөц харсан хүнд жаахан ааш аягтай болов уу гэмээр анзаарагддаг. Хатуу багш байв уу?

-Өө, тийм хатуу хахир хүн биш. Ямар ч хүнтэй сайхан яриа хөөрөөтэй. Агуу лектор хүн шүү дээ, базарваань. Социализмын үед л залууст лекц уншдаг хүн байсан. Багшийн дээдийн түүхийн анги төгссөн хүн шүү дээ. Тэр утгаараа маш өргөн мэдлэгтэй. Олон удаа бэлтгэлд хамт гарч байлаа. Барилдааны арга техникээ их сайхан заана. Өөрөө ч ид барилдаж байсан үе.

-Анх нүдэнд нь өртөөд шавь нь болчихсон уу, өөр учрал тохиол байв уу?

-Нутгийн хүн гээд анх өөриймсөж явсан л даа. Гэхдээ тухайн үед харцанд нь тороогүй (инээв). Баянаа аварга тэр үед чөлөөтөөр барилддаг байсан юм. Тухайн үед Чанрав багшийнхаа хараанд өртөөд жүдо, самбо руу орчихсон. Тэгээд яах вэ, үндэсний бөхөөрөө бэлтгэлд гарахдаа Баянаа аваргын гал дээр гарна. Тэгж л ойртсон түүхтэй.

-Сүүлийн үед улс үндэстнээрээ шүүмжлэмтгэй болж. Бөхчүүд маань ч талцаж, эвдрэлцээд, нэг л их шүүмжилж, маргаж, мэтгэсэн улс болчихсон ч юм шиг. Үнэхээр ийм байна уу, эсвэл хэт өнгөц дүгнэлт хийчихэв үү би?

-Тэгтлээ талцаад байгаа юм бөхчүүд дунд үгүй л дээ. Сошиалын шуугиан дагаж л олноороо ханараад байгаа анзаарагдах юм. Булхайтай барилдаан гэж шүүмжилдэг. Үнэн хэрэгтээ сүүлийн үед техник хөгжөөд бөхийн барилдааныг олон талаас нь харуулдаг болчихсон. Булхайтай барилдаан гэсэн ойлголт байхгүй болсон шүү дээ.

-Үндэсний бөхийн холбоо ёс зүйн хувьд хараат биш хүмүүсийг гаднаас ажиллуулж байгаа гэж та түрүү нь ярьсан. Нямсамбуу гавж, япон судлаач Төмөрбаатар гээд нийгэмд үлгэр дуурайл болсон эрхмүүдийн нэр сонсогдож байгаад олзуурхаж л сууна?

-Өргөн мэдлэгтэй, хараат бус хүмүүсийг сонгосонд, өнөө ч сонгож ажиллуулж яваад би ч хувьдаа олзуурхаж суугаа. Бөхчүүдийг тавьчихвал нутгийнхнаа наана уу, цаана уу гэх магадлалтай. Ийм эрсдэл гаргахгүйн тулд Ёс зүйн зөвлөлдөө хараат бус хүмүүсийг тавьсан.

-Бөхийн ёс зүй гээд ярихаар найраа гэсэн том асуудал босоод ирдэг. Таны үед начны найраа хэр байв?

-Миний үед найраа гэж байгаагүй. Нэг, хоёр удаа Улсын наадамд дөрөв давсан нэгэндээ тавын даваанд унаж өгөөд начин болгодог тохиолдол байсан. Тэр чинь жудгийн асуудал. Хоёр удаа дөрөв давна гэдэг чинь өөр хэрэг шүү дээ. Сүүлийн үед хавтгайрсан сураг дуулддаг. Өөр нарийн ширийнийг мэдэхгүй юм.

-Үндэсний бөхийн холбооноос энэ зүгт анхаарах боломж бий юу?

-Хоёр хүний яриа хөөрөөг зохицуулах арга байхгүй л дээ (инээв).

-Үндэсний бөх дээр допинг байх ёсгүй гэх хүмүүс байх л юм. Жил бүр допингоос болж үндэсний бөхийн нэр хүндэд халтай мэдээлэл хөвөрдөг боллоо.

-Допинг аюултай шүү дээ. Хүний генд нөлөөлнө. Шударга өрсөлдөөн гэж үгүй болно. Тийм учраас Монголын Үндэсний бөхийн холбоо допинг дээр хатуу байр суурьтай байна. Допинг илэрсэн л бол ялтай. Хүн оролцох ямар ч боломжгүй зүйл. Тусгай кодтой. Хэрэглэчихээд хэрэглээгүй гэж мянга мэтгээд дэмий л дээ.

-Өвчин намдаах эм уучихсан чинь л ингэлээ гэх мэт элдэв тайлбар хөвөрдөг. Үнэхээр тийм шалтгаанууд байж болох уу?

-Ямар зүйл хэрэглэж болох, болохгүй талаар нарийн заасан байгаа. Хэрэглэчихээд хэрэглээгүй гэж тайлбарлах л юм. Өвчин намдаах эм хэрэглэсэн чинь илэрчихлээ гэсэн зүйл байхгүй. Хааяа нэг гэнэ сэр илэрч болно. Гэхдээ маш ховор. Тийм байлаа ч өнөөхийг нь ууж болохгүй гэсэн заалт байж л байгаа. Хожим элдэв зүйл илэрлээ гэхэд бүх юм баримттай, төддүгээр сарын төдөнд тийм эмч ийм эм бичиж өгсөн гээд бүх баримт нь дурайж байх учиртай. Эмчийн буруу тохиолдолд тухайн эмч хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Яг тэрийгээ гаргаад ир гэхээр гаргаж ирэх баримт байдаггүй.

-Хоолонд маань юм хийгээд хорлочихлоо, шээсийг минь сольчихлоо гэсэн агуулгатай мэдээлэл сонсож л байсан. Тийм зүйл байх боломжтой юу?

-Ямар ч боломжгүй. Хэзээ яаж хэрэглэснийг нь тодорхой хугацаатай гаргаад ирдэг зүйл л дээ. Ард түмэн тэр нарийн ширийнийг нь мэдэхгүй учраас шуугиулсан өнгөн мэдээллийг дагаж ханарах гээд байдаг тал бий.

Ярилцсан

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхэд онийж, буландаж харах, нүдээ нухах, нулимс гоожих зэрэг шинж тэмдэг илэрвэл нүдний эмчид заавал хандах ёстой гэв DNN.mn

Нийслэлийн 45 дугаар сургуулийн баруун талд байрлах “Орбита” нүдний эмнэлэг үйлчлүүлэгчдийн хөлд дарагджээ. Сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж ашиглаж нүдний зураг дардаг цөөхөн эмнэлгийн нэг нь “Орбита”. Тийм ч учраас энд дараалал их. Бусад эмнэлгийн эмч нар нарийн шинжилгээ шаардлагатай үйлчлүүлэгчдээ “Орбита” эмнэлэг рүү явуулдаг юм байна. Үйлчлүүлэгчдийн цөм нь бага ангийн хүүхдүүд. Цэцэрлэгийн насны хүүхдүүд ч байна. Шинжилгээ өгөхийн өмнө нүдэндээ шингэн дусаалгасан тэд час хийтэл уйлах аж. Зовиурласан хүүхдүүдийн заримынх нь нүд бүлцийж хавджээ. Эмч нарын онцолж байгаагаар энд ирсэн хүүхдүүд дэлгэцийн хамаарлаас шалтгаалж хараа нь доголдсон гэнэ. Цаг алдалгүй эмчлэхгүй бол солир болох, цаашлаад хараагаа алдах ч эрсдэлтэй юм байна.

Бид ХУД-ийн иргэн О.Цэгмид хүүхдээ үзүүлэхээр дугаарлаж байхад нь цөөн хором ярилцлаа.


-Таны хүүхдийн хараанд ямар өөрчлөлт гарав?

-Нүдний хараанд нь өөрчлөлт ороод энд ирлээ. “Солонго” эмнэлэгт хандсан ч энд нарийн шинжилгээ хийлгэхийг зөвлөсөн.

-Хараанд нь өөрчлөлт гараад хэр удаж байна вэ?

-Миний хүү зургаан настай. Өнгөрсөн намар нэгдүгээр ангид орсон. Сүүлийн жил орчмын хугацаанд л хараа нь муудсан. Хичээл дээр суухдаа самбарт бичсэн юмыг тод харахгүй байсан тул эмнэлгийн байгууллагад хандсан. Эхний ээлжид нарийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй гэж зөвлөсөн юм. Ингээд л энд ирлээ.

-Эмч нар юу зөвлөж байна вэ?

-Дэлгэцийн хамаарлаас хүүхдийн нүд муудаж байгааг хэлж байна. Удаан хугацаагаар зурагт үзэх, утас оролдох зэрэг нь хүүхдийн харааг амархан муутгадаг юм байна. Эцэг эхчүүд ажилдаа яваад хүүхдэдээ тэр бүр анхаарахгүй байх нь бий. Эзгүй үеэр л дэлгэцийн хамааралтай болж, нүд нь муудсан бололтой. Эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон үед нь л мэдлээ. Хүүхдийн хараа эмзэг, амархан мууддаг юм байна. Хүүхэд самбар дээрх юм аа тод харахгүй болохоор хичээлдээ ч явах дургүй болдог юм байна” гэв.

Энэ эмнэлгийн үйлчлүүлэгчид дунд төрөлхийн хараа муутай хүүхдүүд ч байна. Тэд зузаан шил зүүгээд явж байв. Түүнчлэн охид төрөл бүрийн өнгийн линз зүүх нь хараанд сөргөөр нөлөөлдөг гэнэ. Үүнтэй холбоотойгоор хараа нь муудаж эмчийн үүд сахих хүүхдүүд ч олон байна.

Б.Батцэцэг: Шил зүүхзайлшгүй шаардлагатай хүүдүүд тоохгүй явсаар харааны гажигтай болж байна

Хүүхдийн хараанд гол төлөв ямар эмгэг тохиолдож байгаа талаар нүдний эмч Б.Батцэцэгтэй ярилцлаа.


-Хүүхдийн нүдэнд тохиолдож байгаа гол эмгэг нь юу байна вэ?

-Миний ажиглалтаар хүүхдийн нүдэнд тохиолдож буй гол эмгэг нь хараа муудалт буюу харааны гажиг. Ийм хүүхдүүд шил зүүдэг. Үүнээс гадна хялар харах, болрын цайралт, мөн дутуу төрсөн, хэт бага жинтэй төрсөн хүүхдүүдэд дутуу нярайн торлогийн эмгэгүүд тохиолдож байна. Өндөр хөгжилтэй, хүний нөөц сайтай улс оронд хүүхдийг мэндэлснээс нь хойш эхний 3-6 сар дотор анхдагч үзлэгүүдийг хийдэг. Манай нөхцөлд тийм боломж хомс байна.

-Хүүхдийн хараа муудаж байгаа үндсэн шалтгаан нь юу вэ?

-Хүүхдийн хараа муудах үндсэн шалтгаан нь хугарлын гажиг буюу харааны шил зүүх зайлшгүй шаардлагатай байхад шилээ зүүдэггүйгээс үүссэн байдаг. Сүүлд хийсэн судалгаагаар харааны шил зүүх шаардлагатай нийт хүүхдийн 70 орчим хувь нь шилээ зүүдэггүй. Энэ нь нөлөөлж байгаа нь ажиглагдсан. Мөн компьютер, ухаалаг утас нөлөөлдөг. Түүнчлэн гадаа тоглохоо болиод тоглохдоо ч гэрт байдаг болсон нь хүүхдийн хараанд сөргөөр нөлөөлж байна.

-Хүүхдийн хараанд ямар эмгэг илэрвэл эмчид хандах хэрэгтэй вэ?

-Сургуулийн өмнөх насны хүүхдүүд зурагтыг хэт ойроос үзэх, утас оролдох, онийж, буландаж харах, нүдээ нухах, нулимс гоожих зэрэг наад захын шинж тэмдэг илэрвэл нүдний эмчид хандах хэрэгтэй. Сургуулийн насны хүүхэд “Би хичээлээ харахгүй байна” гэж хэлдэг.Харин сургуулийн өмнөх насны цэцэрлэгийн хүүхэд хэлж чадахгүй. Иймээс багш болон эцэг эхчүүд өөрсдөө хүүхдэдээ хяналт тавьж, ажиглах хэрэгтэй. Сургууль, цэцэрлэгт хүүхдийн харааг шалгадаг тогтолцоо руу шилжих цаг нь болсон. Тухайн хүүхдийн хараа оношилгоонд тэнцэхгүй бол эмнэлэг рүү явуулах хэрэгтэй. Ийм тогтолцоо руу шилжсэнээр хүүхдийн харааны эмгэгийг эрт үед нь илрүүлж эмчлэх боломжтой. Өнөөдөр хараа нь бүр муудсан хүүхдүүд эмнэлэгт ирж байна.

-Хүүхдийн харааг хамгаалах энгийн арга нь юу вэ?

-Хүүхдийн харааг хамгаалах нь зөвхөн нүдний эмч нарын ажил биш л дээ. Нийгмийн асуудал. Хамгийн чухал нь эцэг, эхийн оролцоо. Нүдний өвчин хараа муудах байдлаар илэрдэг. Дахин онцлоход бага насны хүүхэд хараагаа муудаж байгааг мэддэггүй. Иймээс сургуульд орохоос нь өмнө хүүхдээ нүдний эмчид үзүүлэх хэрэгтэй. Харааны асуудалтай бол тэр дор нь эмнэлгийн байгууллагад хандах нь зөв. Цаг алдвал хараа сулрах, улмаар сохролд хүргэх эрсдэлтэй. Эмчлэхэд хүндрэл гардаг.

-Хүүхдүүдийн дунд харааны бэрхшээл хэр түгээмэл байна вэ. Эмнэлгийн дарааллаас харахад ноцтой хэмжээнд хүрсэн юм шиг?

-Сүүлд Эх хүүхдийн эрүүл мэндийн төвөөс хийсэн судалгаагаар манай оронд сохролын тархалт 1000 хүүхэд тутамд 0.9 хувьтай гарсан байна лээ. Мөн 100 мянган хүүхэд тутамд 5-6 болрын эмгэг тохиолдож байна. Түүнчлэн сургуулийн насны хүүхдийн 15-20 хувийнх нь хараа муудсан байсан. Энд зургаан жилийн өмнөх судалгааг онцоллоо. Одоо нөхцөл байдал илүү хүндэрсэн. Хүүхдүүд дэлгэцийн хамааралтай болсон.

Ирж байгаа хүүхдүүдийг анзаарахад дэлгэцийн хамаарлын улмаас хараа нь солир болсон байна. Үүнд онцгой анхаарах цаг болсон. Эцэг эхчүүд хүүхдийнхээ дэргэд утас шагайгаад хэвтээд байж болохгүй. Таны хүүхэд яг л дуурайна. Ингээд харааны согогтой болох суурь нь тавигддаг” гэв.

Олон улсын стандартаар хүүхэд 0-2 настай бол зурагт, утас харуулж болдоггүй юм байна. Харин 3-4 насанд нь өдөрт ердөө 15 минут, 5-7 настай бол 35-40 минут, түүнээс дээш бол нэг цагаас илүүгүй хугацаанд дэлгэц хэрэглэх нь тохиромжтой гэж үздэг байна. Үүнээс олон цагаар утасны өмнө уях нь бие, физиологид ч сөрөг нөлөө үзүүлдэг гэнэ. Бага насны хүүхэд удаан хугацаанд дэлгэц ширтсэний улмаас хамгийн түрүүнд нүдний хараа мууддаг. Учир нь зурагт улаан, ногоон, цэнхэр гэсэн гурван өнгөний давтамжтай дүрс ялгаруулдаг. Үүнээс хамгийн хортой өнгө нь цэнхэр бөгөөд энэ нь нүдний эсийг гэмтээдэг аж.

Өрх бүрд тулгардаг асуудал нь хүүхэд нь утас нэхдэг. Уйлуулахгүйн тулд утас, нөүтбүүк асаагаад өгчихдөг. Ингээд тухайн хүүхдийн хараа нь муудах суурь нь тавигддаг талаар эмч нар онцолж байна. Энэ явдал цаашид даажирвал 10 жилийн дараа хотын гудамжинд харааны шил зүүсэн улс түгээмэл болохыг сэрэмжлүүлж байгаа юм.

Сэтгэлзүйч Н.Дэлгэрмэнд: Хүүхдийнхээ дэлгэцийн хэрэгцээг хязгаарлахдаа утсыг нь булааж аваад байж болохгүй. Ойлголцох хэрэгтэй

Тэгвэл дэлгэцийн хамааралтай хүүхэдтэй харилцах талаар сэтгэлзүйч Н.Дэлгэрмэндээс тодруулга авлаа.


-Айл бүрд тулгардаг асуудал нь хүүхдийн дэлгэцийн хэтэрсэн хэрэглээ болоод байна. Ийм хүүхдийн дэлгэцийн хэрэглээг хэрхэн хязгаарлах вэ?

-Эхлээд эцэг, эх хүүхдэдээ тавьж буй шаардлагаа өөрсдөө биелүүлэх хэрэгтэй. Гаднаас орж ирээд л утсаа оролдоод суувал хүүхэд чинь таныг л дуурайна. Орой унтахаасаа өмнө утас оролдохгүй байх талаар хүүхдэдээ зөвлөдөг бол өөрөө ч оролдохгүй байх хэрэгтэй. Үүний тулд гэртээ дүрэм тогтоож болно. Хичээлийн цагаар хол байлгах, хоолны цагаар утас үзэхгүй байх, тодорхой цагт унтах гэх мэт дүрэм зохиогоод мөрдөөд явж болно.

-Хүүхдийнхээ утсыг хурааж авах ч юм уу, шийтгэл маягаар хэрэглээг нь хязгаарлах гэж оролддог. Энэ нь гэр бүлийн харилцаанд асуудал үүсгэдэг шүү дээ.

-Утсыг нь хурааж авах ч юм уу, ийм байдлаар хорьж болохгүй. Өсвөр насныхан буюу 10-аас дээш насныханд найз нөхдийн харилцаа холбоо хамгийн чухал. Ийм үед нь утсыг нь хурааж авах нь хүүхдэд хүндээр тусдаг. Харилцааны гол хэрэгслийг нь хурааснаар хүүхэд гэрээсээ дайжих ч нөхцөл байдал үүсч болно.

-Тэгвэл дэлгэцээс хол байлгах гол арга нь юу вэ?

-Гэртээ дүрэм тогтоох нь зөв. Оройн хоолоо гэр бүлээрээ идэхдээ утсаа хол байлгах хэрэгтэй. Хоол идэх зуураа утсаа шагайгаад байж болохгүй. Хүүхдийнхээ утас хэрэглэх хэрэгцээг сайтар сонсож, аль гарагт илүү цаг хэрэглэх, аль гарагт цөөн цагаар хэрэглэж болох талаар ярилцаж, тохиролцох ёстой. Хүүхдийнхээ утсыг хурааж аваад загнаад байвал харилцаа улам л хөндийрнө.

О.Дашням

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр гахай өдөр DNN.mn

Аргын тооллы н арваннэгдүгээр сарын 25, Санчир гариг. Билгийн тооллын 13, Гоё хүүхэн одтой, улаагчин гахай өдөр. Өдрийн наран 08:12 цагт мандан, 17:06 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн байна DNN.mn

11-р сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Улз, Халх голын хөндийгөөр -26…-31 градус, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -20…-25 градус, Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр -8…-13 градус, бусад нутгаар -15…-20 градус, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -13…-18 градус, Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр -9…-14 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1…+4 градус дулаан, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн хойд болон зүүн  хэсгээр 0…-5 градус, бусад нутгаар -5…-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас  орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -21…-23 градус, бусад хэсгээр -18…-20 градус, өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -23…-25 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -22…-24 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2024 оны УАШТ-ий тов гарлаа DNN.mn

Монгголын чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2024 оны УАШТ-ий тов гарлаа.

Чөлөөт бөхийн УАШТ 2024 оны нэгдүгээр сарын 10-14-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болно.  Тус УАШТ эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92. 97, 125 кг-ын жингийн ангиллаар явагдана. Харин эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 57, 59, 62, 65, 68, 72, 76 кг-ын жингийн ангиллаар аваргуудаа шалгаруулна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн ногоон бүсийн ашиглалт, хамгаалалтын журмыг шинэчлэн боловсруулж байна DNN.mn

Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Нийслэлийн ногоон бүсийн ашиглалт, хамгаалалтын журмыг шинэчлэн боловсруулах Ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Тус ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг ахалж, дэд даргаар Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван ажиллаж, бүрэлдэхүүнд нийслэл, дүүргийн холбогдох 17 газар, хэлтэс багтаж байна.

Нийслэлийн ногоон бүсийн нутаг дэвсгэрт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас байгалийн нөөц баялаг болон газрыг ашиглах, эзэмших, хамгаалах үйл ажиллагааг зохицуулах зорилгоор НИТХ-ын тэргүүлэгчдийн 1999 оны 57 дугаар тогтоолоор Нийслэлийн ногоон бүсийн ашиглалтын журмыг баталж, 2005 онд нэмэлт өөрчлөлт оруулан, 2010 онд шинэчлэн баталжээ. Гэсэн ч уг журмын зарим зүйл, заалт шинэ үеийн нийгмийн харилцаа, бодит хэрэгцээ шаардлагыг зохицуулах боломжгүй байгаа учраас сайжруулах, шинэчлэх шаардлага бий болсон байна. Иймд Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдааны тэмдэглэлээр Нийслэлийн ногоон бүсийн ашиглалт, хамгаалалтын журмыг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгосон юм.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу арванхоёрдугаар сарын 15-н гэхэд Ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс ирсэн саналыг тусган, журмыг шинэчлэн боловсруулж, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ. Улмаар НИТХ-аар батлуулж, захиргааны хэм хэмжээний акт болон Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэгдэх юм. Одоогоор хоёр байгууллагаас журамд тусгах санал ирүүлжээ.

Газар, хэлтсүүд санал өгөхдөө журмын зүйл, заалт хоорондын уялдаа холбоог хангаж, бусад хууль тогтоомжид нийцүүлэхэд анхаарахыг Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг онцлов. Уг журмыг шинэчлэн боловсруулснаар хуулиар зохицуулагдаагүй зарим харилцааг зохицуулах боломжтой бөгөөд дүүргүүдийн оролцоо нэмэгдэнэ гэдгийг Ажлын хэсгийн гишүүд хэлж байлаа.

Categories
мэдээ нийгэм

“Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний хэлэлцүүлгийн үр дүнгийн талаар мэдээлэл хийв DNN.mn

Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоотой хамтран зохион байгуулсан “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний хэлэлцүүлгийн үр дүнгийн талаарх хэвлэлийн бага хурал  өнөөдөр /2023.11.24/ Төрийн ордны “Их засаг” танхимд боллоо. Энэ үеэр олон улсын зөвлөх Мэг Мунн, Мариана Дуарте, Ботанья Ламхарзи, үндэсний зөвлөх Б.Болорсайхан, М.Батбаатар, Б.Долгор, Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа нар мэдээлэл хийсэн юм.

Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа хэвлэлийн бага хурлын эхэнд хэлсэн үгэндээ, Монгол Улсын байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаас хойших 30 гаруй жилийн хугацаанд хүний эрхийг хамгаалах, жендерийн тэгш байдлыг хангах асуудлаар анх удаа өөрийн үнэлгээ хийх хэлэлцүүлгийг хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулсныг дурдаад Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Олон Улсын Парламентын Холбоотой харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар энэхүү үйл ажиллагааны эхлэл тавигдсаныг онцолсон.

Мөн тэрбээр, хүний эрхийг дээдэлсэн, жендерийн мэдрэмжтэй байх дэлхийн улс орнуудын парламентын баримталж буй үндсэн чиглэлийг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа хууль тогтоомжуудад баримтлан ажиллах чиглэлээр Монгол Улс анхны санаачилгыг гарган ажиллаж байгааг тодотгоод дээрх чиглэлд Монголын парламент алдаа оноогоо дэнслэхэд ач холбогдол өгч, цаашид  жендерийн мэдрэмжтэй, хүний эрхийг дээдэлсэн парламент болохын тулд энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулсны үр дүн чиглэж буйг цохон тэмдэглэв.

ОУПХ-ны олон улсын зөвлөх  Мэг Мунн:-Энэ удаагийн парламент өөрийн үнэлгээгээ хийж байгаа нь маш чухал. Миний хувьд Монгол Улс үндэснийхээ зөвлөхүүд болон бусад байгууллагуудын оролцоотойгоор өөрийн үнэлгээг явуулж байгаад талархаж байна. Бидний хувьд дэлхийн бусад орнуудад хэрэгжиж байгаа, авч хэрэгжүүлж байсан сайн туршлагуудыг хуваалцан, олон улсын түвшинд хэрэгжиж буй жишгүүдийг танилцуулж дэмжлэг үзүүлэн холбогдох зөвлөмжийг өгч ажиллласан. Олон улсын зөвлөхүүд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцуудын хэрэгжилт, тэдгээрийн хэрэгжилтэд мөрдөгддөг шаардлага, үйл явцад тусламж, дэмжлэг үзүүлэх үүрэгтэйгээр оролцсон.

ОУПХ-ны Жендерийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн мэргэжилтэн Олон улсын зөвлөх  Мариана Дуарте: -Монгол Улсын Их Хурлаас санаачилга гаргаж өөрийн үнэлгээг хийж байгаад бид маш их талархаж байна.  Энэ нь парламент өөрөө хийж хэрэгжүүлж сайжруулах, гүнзгийрүүлэх асуудал байна гэдгээ хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, дараагийн шатанд буюу шинэ парламент бүрдэхэд бэлэн байдлыг хангаж, цаашдаа батлагдан гарах хууль тогтоомжуудаа хэрхэн сайжруулах, мөн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хэрхэн, яаж хяналт тавих вэ гэдэгт гарц гаргалгаануудаа тодорхойлох хүсэл  эрмэлзэл байгаад талархаж байна.

ОУПХ-ны Хүний эрхийн хөтөлбөрийн мэргэжилтэн Ботанья Ламхарзи:– Энэ нь Монгол Улсын парламент анх удаагаа хүний эрх, жендерийн мэдрэмжийн талаар үнэлгээ хийж байгаа нь  онцгой үйл ажиллагаа юм.  Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурал тулгарч буй бэрхшээл, сорилт болон өөрийн ололт, амжилтуудаа мэдэж авсан гэж, бид үзэж байна. Ялангуяа хүний эрхийг хамгаалах, жендерийн мэдрэмжтэй хууль тогтоомжийг хэрхэн, яаж боловсруулах, батлах вэ гэдэгт урагш нэг алхам хийсэн дэвшил болсон. Энэхүү хэлэлцүүлгийн дараа  бид зөвлөмж гаргана. Тэрхүү зөвлөмж нь зөвхөн Монгол Улсад төдийгүй дэлхийн бусад орнуудад ч  шаардлагатай байгаа тул томоохон чиглүүлэг болж буйд талархаж байна.

Хүний эрхийн үндэсний зөвлөх Б.Болорсайхан:-Энэхүү хэлэлцүүлэгт парламентын хяналтыг сайжруулах, цаашлаад Засгийн газар хууль хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй тул илүүтэй анхаарах нь зүйтэй гэдэг асуудлыг хөндсөн. УИХ-аас баталсан хууль нь эрх зүйн баталгаа болохын зэрэгцээ иргэдийн амьдралд бодитой хэрэгжиж, үр нөлөө үзүүлэхэд олон талын хамтын ажиллагаа чухал  байгааг асуудалдаа хөндөж тавьсан. Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүний эрхийн зөрчил эсвэл нийгмийн бүлэгт тулгамдаж байгаа асуудлыг тодорхой саад, бэрхшээлийг даван туулан байж, лавлаж судлаад зөвлөмж, шаардлага хүргүүлэхэд, төрийн байгууллагууд харилцан адилгүй хандаж, ялангуяа зарим тохиолдолд хэрэгжүүлэхгүй байгаа асуудлыг анхаарах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, бид парламентын хяналтыг улам сайжруулах, Засгийн газар хууль хэрэгжүүлэх үүргээ хариуцлагатайгаар биелүүлэх, ХЭҮК-ын шаардлага, зөвлөмжийг чанд хөдөлбөргүй нэг мөр хэрэгжүүлдэг байх нь чухал гэсэн санаануудыг хөндөж тавьсан.

Жендэрийн үндэсний зөвлөх Б.Долгор:-Монгол Улс жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль батлаад 12 жил болж байна. Хуулийн хэрэгжилтийн үнэлгээгээр хэрэгжилтэд анхаарлаа хандуулах шаардлагатай гэсэн дүн гарсан. Иймд энэ удаагийн парламентын жендерийн өөрийн үнэлгээ нь хуулийн хэрэгжилтэд томоохон өөрчлөлтийг авчирна гэж найдаж байна. Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж, бодлого нь жендерийн мэдрэмжтэй эсэхэд өөрийн үнэлгээг хийж, цаашид асуудлыг зохих ёсоор нь шийдвэрлэвэл илүү сайхан хөгжих боломж бүрдэх юм гэж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Ханх суманд газар дахин хөдөлжээ DNN.mn

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Оёг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 324 км, сумын төвөөс баруун зүгт 24 км/-т 11.24-ний өдрийн 00:18 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 00:26 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, Байгаль хамгаалагч нараас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн, учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.