Categories
мэдээ цаг-үе

Улс тунхагласны 99 жилийн ой тохиож байна DNN.mn

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 99 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Тэртээ 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдсэн.

Анхдугаар Үндсэн хууль батлагдсан нь нийгэм эдийн засгийн олон ололтыг Монголд бий болгон батжуулсан төдийгүй Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч гэж зарлаж байжээ. Түүнчлэн иргэдийн сонгох сонгогдох эрхийн асуудлыг хуульчлан, Азид анх удаа Монгол Улс эмэгтэйчүүд эрчүүдтэй адил тэгш эрхтэй байх явдлыг хангаж өгсөн юм.
Түүхэн хууль батлагдсанаар жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ныг “Улс тунхагласны баяр” болгон зарлаж, бүх нийтийн амралтын өдөр болгон, тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ
Categories
мэдээ цаг-үе

Төрийн албаны шалгалтад 1160 хүнээс 529 нь тэнцжээ DNN.mn

Нийслэлд энэ сарын 22-24-нд зохион байгуулсан Төрийн албаны ерөнхий шалгалтад 1594 иргэн бүртгүүлжээ. Тэднээс шалгалтад 1160 иргэн оролцож, ерөнхий мэдлэгийн шалгалтад 662, монгол хэлний шалгалтад 561, дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад 529 иргэн тэнцсэн байна.

Ийнхүү шалгалтад орсон 1160 иргэний 45.6 хувь нь төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдэх болзлыг хангажээ.

Categories
мэдээ цаг-үе

“Өвлийн идэш-2023” өргөтгөсөн худалдаа маргааш эхэлнэ DNN.mn

Арваннэгдүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 3-ны өдрүүдэд “Өвлийн идэш-2023” өргөтгөсөн худалдааг Улаанбаатар хотод зохион байгуулна.

Өргөтгөсөн худалдаагаар малын махыг дундын зуучлалгүйгээр малчдын гараас нийслэлийн иргэдэд шууд худалдаалах юм.

Categories
мэдээ цаг-үе

“Цэрэг эх орон-Бидний бахархал” арга хэмжээнд 800 гаруй алба хаагч оролцжээ DNN.mn

Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл, Засаг даргын тамгын газар, Монгол цэргийн нэгдсэн холбоо хамтран “Цэрэг эх орон-бидний бахархал” арга хэмжээг энэ сарын 23-24-нд зохион байгуулжээ.

Эх орноо хайрлан хамгаалах, “цэрэг эх-оронч үзэл”, хүмүүжил олгох, ахмад буурлууд, бэлтгэл дайчдыг хүндэтгэх, Зэвсэгт хүчний дайчин замналыг нийт ард иргэдэд сурталчлах зорилгоор зохион байгуулагдсан тус арга хэмжээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 800 гаруй алба хаагч хамрагдсан байна.

Мөн энэ үеэр оюутан сурагчдад чиглэсэн “Цэрэг-Эх орон” сэдэвт уулзалт, Монгол цэргийн музейн үзмэр, жагсаалын үзүүлэх тоглолт, зэвсэг техникийн үзэсгэлэн, хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдсан аж.

Тус арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр оролцож, “Үндэсний сөрөн тэсвэрлэх, даван туулах чадавх” сэдвээр илтгэл танилцуулсан байна.

 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хоолзүйч А.Уянга: Насанд хүрсэн хүн өдөрт 90 грамм л мах хэрэглэх нь тохиромжтой DNN.mn

Нийгмийн эрүүл мэндийн ШУ-ны магистр, хоолзүйч А.Уянгатай ярилцлаа.


-40-өөс дээш насны эрэгтэй хүмүүсийн хоол боловсруулах эрхтэн нь доголдсон байх юм. Үүний тодорхой хувь нь буруу хооллолттой холбоотой байгааг эмч нар хэлж байна. Манай нөхцөлд эрэгтэй хүн ямар төрлийн хүнс хэрэглэх нь тохиромжтой байдаг юм бэ?

-2022 оны байдлаар монгол эрчүүдийн дундаж наслалт 67.3 байхад эмэгтэйчүүдийнх 76.7 буюу хоорондоо 9.3 жилийн зөрүүтэй байгаа юм. Эрчүүдийн хувьд дундаж наслалт бага байгаа шалтгаан нь сэргийлж болох өвчлөл буюу зүрх судас, хоол боловсруулах замын өвчин, хавдар, чихрийн шижин, осол гэмтэл байна. Халдварын бус өвчлөлд хүргээд байгаа гол шалтгаан нь зохисгүй хооллолт, хорт зуршил, хөдөлгөөний идэвхгүй байдал зэрэг амьдралын буруу хэв маяг юм. Монгол эрчүүдийн хувьд өглөөний цай уудаггүй, удаан өлсгөлөн явж байгаад гэнэт хэтрүүлэн иддэг хандлага түгээмэл байдаг. Энэ буруу дадал нь урт хугацаандаа цөс, нойр булчирхайг өвчлөлд хүргэж, улмаар таргалалт, хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин гэх мэт өвчлөлд хүргэх шалтгаан болж байна.

Мөн зүрх судасны өвчлөлд хүргэх гол шалтгаанууд нь тамхи татдаг, ханасан өөх тос буюу амьтны гаралтай өөх тосны хэрэглээ өндөр болон давсны хэрэглээ өндөр хэрнээ жимс хүнсний ногооны хэрэглээ болон эслэгийн хэрэглээ хангалтгүй байгаатай холбоотой.

-Махан хоолыг өдөрт ямар хэмжээгээр хэдэн удаа хэрэглэх нь зохимжтой байдаг вэ. Хэтрүүлж хэрэглэх нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлээд байна уу?

-Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас насанд хүрсэн хүн өдөрт 90грамм улаан мах идэх нь тохиромжтой гэж зөвлөдөг. Монголчуудын хувьд мал аж ахуй хөгжсөн, дээр нь эрс тэс уур амьсгалтай учир өдөрт хэрэглэх махны хэрэглээ харьцангуй өндөр байдаг. Хэдийгээр монголчууд шим тэжээлийн агууламж өндөртэй бэлчээрийн малын мах иддэг боловч улаан махны хэрэглээ ихэдвэл бүдүүн гэдэсний хорт хавдар зэрэг олон өвчний шалтгаан болдог. Тиймээс махны хэрэглээ өндөр манай улсын хувьд махан хоолтойгоо хамт хүнсний ногоо, жимс жимсгэнэ идэх, хальстай үр тариа буюу эслэг агуулсан үр тариаг заавал хооллолтдоо оруулж өгөх нь зохимжтой байдаг.

Хүнсний ногоо, жимс жимсгэнэ гэхээр заавал үнэтэй гаднын хүнс байх албагүй. Байцаа, лууван, өргөст хэмх зэрэг өргөн хэрэглээний ногоо, аньс, чацаргана зэрэг Монголд элбэг ургадаг биологийн үнэт чанар өндөртэй жимсгэнийг зөв боловсруулж идэх нь чухал. Түүнчлэн өвлийн улиралд улаан идээ буюу мах их хэрэглэсэн учир зундаа цагаан идээгээ түлхүү хэрэглэж гэдсээ цайлгадаг уламжлал нь эрүүл мэндийн хувьд өндөр ач холбогдолтой.

-Хоолзүйчдийн зүгээс өглөө, өдөр, орой өөр өөр төрлийн зүйлсийг хүнсэндээ хэрэглэхийг зөвлөдөг. Энэ тухайд та юу зөвлөх вэ?

– Бид өдөр тутамдаа мах махан бүтээгдэхүүн, сүү цагаан идээ, жимс, хүнсний ногоо, өөх тос болон үр тариа зэрэг зургаан бүлэг хүнснээс зөвлөмж хэмжээнд заасны дагуу зохистой хэмжээгээр хэрэглэж байх нь тэнцвэртэй хооллолтын үндэс болдог. Гэхдээ монголчууд тэр тусмаа эрчүүдийн хувьд мах, үр тариа буюу гурил будаа, өөх тосны бүлгээс голчлон хэрэглэж, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ хангалтгүй байдаг. Тиймээс өглөө, өдөр, оройн хоолондоо нэг төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дагнаж хэрэглэхээс зайлсхийж өдөр тутамдаа дээрх зургаан бүлэг хүнснээс зохимжит хэмжээгээр хэрэглэж тэнцвэртэй хооллох нь зөв.

-Тогтмол цагт хооллох нь зөв үү?

-Тогтмол цагуудад хооллох нь эрүүл тэнцвэртэй хооллохын суурь гэж хэлж болно. Монголчуудын хувьд өглөөний цайг тогтмол цагт уудаггүй, өдрийн хоолоо тогтмол, цагт иддэггүй, оройн цагаар шингэц удаан бидний хэлдгээр хүнд хоолыг хэтрүүлэн идэх зэрэг тогтмол цагт зохистой хооллодоггүйгээс олон өвчний үндэс тавигдаж байна.

-Насжилтаас шалтгаалаад хэрэглэх хүнс нь өөрчлөгддөг үү?

-Нас нэмэгдэх тусам хүний биед өөрчлөлтүүд явагддаг. Тухайлбал илч зарцуулалт багасч, бодисын солилцоо удааширснаар өдөрт авах илчлэгийн хэмжээ буурна. Амны хөндий, шүдний асуудлаас болоод хоол боловсруулалт удааширна, мөн хоолны дуршил буурдаг. Иймээс нас ахих тусам зажлахад хялбар, шингэц сайтай боловч амин дэмтэй шим тэжээллэг хоол хүнсийг зөв сонгож хэрэглэх нь чухал. Мөн насжилттай холбоотойгоор гэдэсний бичил биетийн тоо, толгой буурдаг. Иймээс гэдэсний бичил биетийн хэвийн орчныг дэмжих хүнс хэрэглэх нь тохиромжтой байдаг. Жишээлбэл пробиотикоор баялаг тараг, эслэгээр баялаг шар будаа гэх мэт.

-Залуус хоолондоо ямар хүнс хэрэглэх нь тохиромжтой вэ. Ахимаг насны эрэгтэйчүүд хүнсэндээ ямар бүтээгдэхүүн хэрэглэж хэвших нь зохимжтой байдаг юм бэ?

-Аль ч насны бүлгийн хувьд хамгийн чухал нь өглөөний цайг тогтмол ууж хэвших нь чухал байна. Залуусын хувьд дэлгүүрийн болгосон хоол, амтлагч ихтэй түргэн хоол, хэт боловсруулсан хоол хүнсийг хэтрүүлэн идэх хандлага түгээмэл байх юм. Мөн гадуур хооллох хандлага их байгаагаас хелико бактерийн халдвар авах, улмаар ходоодны өвчлөл, ходоодны хорт хавдраар өвчлөх эрсдэл нэмэгдэж байна. Иймээс хэт боловсруулсан хоол хүнснээс аль болох татгалзаж хооллолтдоо хүнсний ногоо, жимс, хальстай үр тариаг түлхүү оруулж өгөх, мөн чихрийн агууламж өндөртэй уух шингэнээс татгалзаж бүлээн ус, цай, хярам уух нь зохимжтой.

Ахмадуудын хувьд юуны түрүүнд давс болон өөх тосны хэрэглээндээ анхаарах нь даралт ихсэх, зүрх судасны өвчлөлөөс сэргийлэх ач холбогдолтой. Жишээлбэл настай хүмүүс ихэвчлэн давстай цай уух мөн дэлгүүрийн боов боорцог идэх нь түгээмэл байдаг. Дэлгүүрийн гурилан бүтээгдэхүүн сонгож хэрэглэхдээ давс болон тосны хэмжээг сайтар анхаарах нь чухал. Учир нь өдөрт авах натри буюу давсны хэмжээ ихэдсэнээр даралт нэмэгдэх шалтгаан болдог. Мөн өргөн хэрэглэдэг хоол хүнсээ аль болох баяжуулж хэрэглэхийг зөвлөж байна. Жишээлбэл бантанг луувангаар баяжуулах, буузыг байцаагаар баяжуулах, гурилдаа эслэг буюу бүхэл үрийн гурилыг хольж хэрэглэх гэх мэт хэрэглэж дадсан хоол хүнсээ илүү эрүүл аргаар боловсруулж хэрэглэх нь ахмадуудын хувьд тохиромжтой байдаг.

О.ДАШНЯМ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Д.Батсайхан: Гаднын орнуудад Монголд театр байдаг гэдгийг үзүүлж чадаж байгаа нь сайн хэрэг DNN.mn

СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн доктор (Ph.d), дэд профессор, МУУГЗ Д.Батсайхантай ярилцлаа.


-“Тамгагүй төр” жүжиг “Монгол хан” нэртэйгээр Лондон хотын “Колизеум” театрт тавигдаж байна. Энэ нь олны дунд хэлэлцүүлэг үүсгэлээ. Сайн, муу олон талаас л ярьж, бичиж байна. “Тамгагүй төр” жүжгийг анх найруулагч Ч.Найдандоржийн найруулгаар театрт тавьж байсан юм билээ. Анхны найруулгын талаар ярилцлагаа эхлүүлэх үү?

-1998 онд анх Ч.Найдандорж найруулагч тухайн зохиолыг найруулж байлаа. Тэр үедээ маш шинэлэг тавилттай байсан. Яагаад гэвэл Найдандорж өөрөө шинийг эрэлхийлдэг хүн. Тайзны зураачтайгаа нийлээд модернист маягтай ч гэх юм уу, минималист ч гэх юм уу том нүсэр тайзгүй, хөнгөн маягаар тавьсан. Гол дүрд нь Л.Жамсранжав гуай тоглосон. Цэрэндагва гуай тоглосон. Гол үзэл санаа нь төрийн асуудлыг гаргаж ирсэн. Улсаа удирдана гэдэг амаргүй ажил. Бүх зүйлээ золиосолж байж төр улсыг удирддаг гэсэн санаатай байсан. Хоёрдугаарт, төр нийгмийн асуудлыг товойлгож гаргаж ирснээрээ их онцлог. Дотроо хайр дурлал, хүний мөн чанарыг агуулсан. Хар санаатныг, хайрыг аль алийг нь илэрхийлдэг. Тэгээд их философилог, гүн ухааны шинж чанартай. Хүнд юм бодогдуулахаар, үзэгчдийн анхаарлыг татсан жүжиг болсон юм.

-Б.Баатар найруулагчийнх юугаараа онцлог вэ?

-Өнөөдрийн тавьж байгаа жүжигтэй анхныхыг харьцуулбал арай л өөр. Жүжгийг тайзан дээр тавихаас өмнө Уран сайхны зөвлөлөөр оруулдаг. Зөвлөлөөр тухайн жүжгийг хүлээж авах үгүйг шийддэг. Уран сайхны зөвлөлийн том уран бүтээлчид, найруулагчид, зураач, зохиолчид олон талаас нь хардаг.

Тухайн уран бүтээлчид бүгд өөр өөрийнхөө зүгээс ярьцгаасан. Ерөнхийдөө магтсан тал нь давамгай байсан. Би ч бас магтсан. Яагаад магтсан гэхээр “Тамгагүй төр” жүжиг шинэ тавилттай жүжиг болжээ. Үзүүлэн тоглох тал нь давамгайлчихсан. Үзэмж сайтай, олон хүнийг хамруулсан байна. Орчин үеийн постмодерн чиглэл рүүгээ тайзны тавилт явсан. Акробаттай, циркийн үзүүлбэртэй, бүжигтэй. Тэгсэн мөртлөө драмын. Уран сайхны зөвлөлд Э.Ёндоншарав найруулагч орсон. Тэд жүжгээ физикл драм гэж илэрхийлсэн.

-Физикл гэдэг нь юуг хэлээд байна вэ?

-Хөдөлгөөнөөр илэрхийлсэн жүжиг. Эхэндээ тэгж хэлж байсан. Дараа нь хартал Монгол драм гэчихсэн байна лээ. Би юун дээр шүүмжлэлтэй хандаж байна вэ гэхээр энэ жүжгийн жанр төрлийг зөв олоогүй. Цэвэр физикл жүжиг биш юм. Яагаад гэвэл жүжиг дотор маш олон драмын хэсгүүд явагдаж байгаа. Харин орчин үеийн үзэгчид, залуучуудад тохируулсан хувилбар байна гэж би харсан. Найруулгын хувьд бүжиг нь давамгайлсан. Нэгдүгээр планд нь бүжиг, гоё ганган зүйлүүд нь, улаан гэрэл, тэр олон хүнтэй тоглолт нь эхэлж гарч ирчихээд гол хааны дүр, хоёр хатны дүр нь хоёрдугаарт тавигдчихаж байгаа юм. Тиймээс би уран сайхны зөвлөл дээр энэ тухай ярьсан.

-Монголын үзэгчид хэр хүлээж авч байв?

-Өнөөдөр үзэгчид их өөр болсон. Дандаа драмын үзүүлбэрүүдийг тэгж шимтэхээ больж. Орчин цаг нь тийм болчихож. Залуучууд хөдөлгөөнтэй, үзэмжтэй гоё зүйлүүдийг сонирхож байна. Түүний дагуу Б.Баатар найруулагч ажилласан байна. Өөрөө зураач байсан учраас тэрхүү хувцсыг хийсэн. Сайхан тайз хийжээ. Гэхдээ яг “Тамгагүй төр”-ийн үзэл тэнд гараагүй байна гэдэг зүйлийг би хэлсэн. Зохиол нь хоёрдугаарт тавигдаад, бүрдүүлж байгаа зүйл нь нэгдүгээрт тавигдчихсан. Гэхдээ үүнийг хүмүүс үзнэ. Залуучууд ялангуяа үзнэ. Би тухайн үед аль алийг нь тааруулмаар байна гэдэг санал тавьсан. “Тамгагүй төр” гэдэг Бавуугийн Лхагвасүрэн гуайн гол санааг хөндөх нь чухал байна. Тэр санаа хоёрдугаарт тавигдаад, гоё зүйлүүд нь урдаа гарчихсан.

-Сүүлийн хэдэн өдөр олон нийтийн хэлэлцүүлэг боллоо. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Нэгнийхээ хийсэн зүйлийг үнэлэх үнэлэмж орчин цагт бага болжээ. Аль болох л муулдаг болж. Хийж чадаж байна, мөнгө гаргаж чадсан байна. Хэний мөнгө нь тийм ч чухал биш. Гаднын орнуудад Монголд театр байдаг гэдгийг үзүүлж чадаж байгаа нь сайн хэрэг.

-Гаднын шүүмжлэгчид эхнээсээ шүүмжээ бичээд эхэлж. Та харсан уу?

-Гаднын шүүмжлэгчдийн бичсэн нэг талаасаа зөв. Тэр дотор зохиол нь байхгүй гэдэг нь миний ярьсантай таарч байгаа юм. Хөгжим муу гээд байгаа. Би хөгжмийг муу гэж бодохгүй байна. Харин ч аятайхан хөгжим бичигдсэн гэж боддог. Яагаад гэвэл манай театрт шүүмжлэх зүйл маш их байгаа. Тэр дотор театрт хөгжмийг яаж тусгайлан зориулж бичих вэ, хөгжмийг яаж жүжигт нь тохируулах вэ гэдэг асуудал манайд бүрэн шийдэгдэх ёстой. Тэр болгон зохиолчдод санхүү мөнгийг нь шийдээд хөгжим бичүүлж чадахгүй. Тиймээс энд тэндээс авах гэх мэт зүйлүүд их яригдаж байна. Гаднынханы шүүмжлэл зөв юмнуудыг нь олж харсан байна гэж би харсан.

-Нөгөө талаас бас нэг өнцөг байсан нь 2000 гаруй жилийн өмнөх төрийг энэ зохиолд шингээсэн. Гэтэл өнөөдрийн нүдээр харж энэ жүжгийг шүүмжлээд байна гэсэн байсан?

-Монгол сэтгэлгээ, монголчуудын юу бодож сэтгэж байдгийг тэр болгон гаднынхан мэдэхгүй. Өнөөдөр өнгөцхөн нэг удаа харснаа л шүүжлээд байгаа юм. Жинхэнэ судлаачдаар шүүмжлүүлбэл бас өөр хэрэг. Яагаад гэвэл тэд жүжгийн зохиолыг задлах асуудлаас эхлүүлээд нарийн шүүмжилнэ. Шүүмжилнэ гэдэг чинь судална гэсэн үг. Тэгэхээр нэг орой үзээд, хоёр орой үзээд шүүмжилчихдэг зүйл биш л гэж боддог. Монгол төр ямар байсан юм бэ, монголчууд гэж хэн юм бэ гэдгийг эхлээд гаргаж ирэх хэрэгтэй байх. Гэхдээ энэ жүжиг түүнийг гаргаж ирсэн үү гэвэл үгүй.

-Найруулга талаасаа хэр болсон гэж үзэж байна вэ?

-Зарим хүмүүс хэлж байна л даа. Херо Баатар найруулагч биш. “Тамгагүй төр” ийм найруулгатай байхгүй. Гол амин зүйлсийг олж хараагүй байна гэх мэтээр. Тэр дотор үнэн бас байна. Би өөрийн зүгээс харахдаа урьд нь хэд хэдэн удаа наадмын найруулгыг хийсэн, наадмын шоуг найруулсан тэр маневр нь байгаад байна. Жаахан хөнгөн ажилласан хандлага байгаа. Зохиолтойгоо нарийн ажилласан юм уу гэхээр тийм биш. Яг юу хэлэх гэсэн нь бүрхэг. Доторх юмыг нь сайн задалж өгөөгүй. Зөвхөн гадна талын үзэмжийг баримталж хийсэн юм болов уу гэж ажиглагдсан. Тэр нь ч найруулагчийн буруу биш. Өнөөдрийн үзэгчдийн хандлага тийм болчихож. Гаднын ч бай, дотрын ч бай. Ер нь дэлхийн үзэгчид тийм болчихож. Түүнийг нарийн ажигласан байгаа юм. Тэгэхээр мэдрэмжтэй найруулагч гэж би ойлгосон. Цаашдаа Б.Баатар найруулагч драмын театрт жүжиг тавибал яаж тавих вэ гэдэг хүлээлт үүсч байгаа юм. Гэхдээ нэгэнт “Тамгагүй төр” гэдэг зохиолыг авсан бол зохиол нь дотроо баймаар байгаа юм. Одоо бол зохиол нь хоёрдугаарт тавигдаад, гол үзэл санаа нь өнгөцхөн гараад байна. Хоёрдугаарт, орчуулга нь ямар байгаа бол. Ялангуяа Бавуугийн Лхагвасүрэнгийн хэллэг, яруу найргийг яаж орчуулсан бол гэж бодогдож байгаа юм. Тэр орчуулгаас их юм шалтгаална. Шүүмжлэгчид түүнийг мэдэхгүй. Монголыг сайн мэдэхгүй учраас өнгөцхөн хандаад байгаа болов уу гэж бодоод байгаа. Орчуулгад нь асуудал байгаа юм болов уу гэж бодогдсон. Түүнээс жүжиглэлт, акробат, бүжиг сайн. Д.Баярбаатар бүжгийг сайн найруулж чадсан. Манай жүжигчдийн чадвар хаана ч очсон гологдохгүй. Гаднын улсууд театргүй улс ирээд жүжиг тавьчихлаа гэж гайхаад байгаа. Үгүй шүү дээ. Манай театр 90 жилийн түүхтэй. Кино ерөнхийдөө олон улсын тавцанд гарчихсан шүү дээ. Түүнтэй адил театрын урлаг олон улсад гарах үүд хаалгыг “Тамгагүй төр” нээчихлээ. Цаашдаа үнийг төр засгаас бодлоготойгоор хөгжүүлэх хэрэгтэй. Жүжигчдээ, зохиолчдоо, монгол шүүмжлэгчдээ, бүжигчдээ хэлтэй болгоод олон улсад гаргамаар байна. Бидний гадаад харилцаа явцуу байна. Гадаад харилцаагаа өргөжүүлэх эхний алхмыг тавьчихлаа шүү дээ. Муу ч, сайн ч. Үүнийгээ улам сайжруулаад, дэлхийн том тайзан дээр гарах боломж гарч ирж байгаа юм. Бид чанартай сайн бүтээлээ гадагшаа гаргаж, гаднын уран бүтээлчдийг тайзан дээрээ авчирч тоглуулах хэрэгтэй. Найруулагчдыг нь авчирч найруулга хийлгэх ч хэрэгтэй. Яагаад гэвэл нэг найруулагч ирээд ажиллахад жүжигчид их юм сурдаг. Тэр байтугай өөр аймгаас найруулагч авчраад ажиллуулахад ч суралцаж л байдаг.

-Сурталчилгаа нь арай ихдээд байгаа юм уу гэж анзаарагдсан уу?

-Манайхны өөрсдийнх нь онгироодуу байдал нь давамгайлаад байна. Миний ойлголтоор. Олон бичлэг явлаа. Жаахан биеэ тоосон бид, эсвэл биднээс өөр хэн ч байхгүй, бүр үгүй бол зэрлэг монголчууд гэдэг юм уу, тийм тал нь давамгайлаад байна. Хүн ёсны нийгэмд жаахан соёлтой баймаар байгаа юм. Ялангуяа Үндэсний урлагийн их театрын бүжигчид дэлхийн ихэнх орноор үндэсний урлагаа сурталчлаад явдаг. Гэтэл тэнд оччихоод юм үзээгүй юм шиг. Бид соёлтой гэдгээ харуулах хэрэгтэй. Биеэ олны дунд авч явж сурах хэрэгтэй санагдсан.

С.ОТГОНБАЯР

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Үйлст: Хүн өөрийн гэсэн сонирхолтой байж, өөрийгөө хайрлаж сураагүйгээс ганцаардалд орох эрсдэлтэй DNN.mn

Сэтгэл зүйч Ж.Үйлсттэй ганцаардлын талаар ярилцлаа.

-Ганцаардлыг яаж таньж мэдэх вэ. Энэ нь хүний сэтгэл зүйд ямар үр дагавартай вэ?

-Ганцаардал гэж үүнийг хэлнэ гэдэг товч тодорхойлолт байхгүй. Ерөнхийдөө сэтгэл хөдлөлийн хувьд ямар шинж тэмдэг илэрч байна, зан үйлийн хувьд ямар өөрчлөлт гарч байгаагаас тодорхойлж болдог. Сэтгэл хөдлөлийн хувьд жишээ нь, гуниглах, гутрах, өөрийгөө бусдаас тусгаарлах, ганцаараа байхыг илүүд үзэж, харилцаагаа хумиж эхэлдэг. Нийгмийн үйл ажиллагаанаас цааргалдаг. Утсаар ярихгүй байх, мессэж бичихэд хариу өгөхгүй байх үйлдэл ч үүнд орно. Өөрийгөө үнэлэх үнэлэмжийн хувьд буурдаг. Өөрийгөө бусадтай харьцуулах, бусдаас ялгаатай гэж мэдрэх гэх мэтээр өөрийнх нь үнэлэмжид нөлөөлж байдаг. Үүнээс гадна олны дунд сэтгэл түгших, тавгүйтэх байдал илүү мэдэрдэг. Тайзан дээр гараагүй мөртлөө хүмүүс хараад, ажиглаад байгаа юм шиг түгшсэн мэдрэмжийг мэдэрдэг. Хүмүүсийн дунд орохоор сандрах, тавгүйтэх сэтгэл хөдлөлийг мэдэрнэ.

Зан үйлийн хувьд найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ биечлэн болон ямар ч хэлбэрээр харилцахаас татгалздаг. Ихэвчлэн хорт зуршилд татагдах хандлагатай. Аливаа зүйлийг ганцаараа хийх байдал нь давуу болдог. Архи уулаа гэхэд олуулаа уудаг байсан бол ганцаараа уухыг илүү үзнэ. Энэ бол ганцаардаж байгаагийн шинж. Тоглоом тоглолоо гэхэд багаараа тоглох биш ганцаараа тоглох тоглоомжийг сонгох жишээтэй. Нэг зүйл бий. Ганцаардлыг танихад хэцүү. Ганцаардаж байгаагаа нууж чаддаг хүмүүс ч бий. Олны дунд хамгийн нээлттэй, олонтойгоо байдаг хүмүүс мэдрэмжийн хувьд хүмүүстэй холбогдож чадаж байна уу гэдэг л чухал. Нийгэм дэх байр суурь өндөртэй, хүмүүсийг хөгжөөгөөд, тэднийг сонсож, эв найрамдалтай харилцаад яваад байдаг боловч дотоод сэтгэлээ илэрхийлэхгүй байна гэдэг том шинж тэмдэг. Хүмүүстэй гүн гүнзгий яриа өрнүүлж чаддаг уу гэхэд эргэлзээтэй, хариулж чадахгүй бол ганцаардсан гэсэн үг.

-Ганцаардлыг таньчихаад нуугаад байна уу, эсвэл таньж чадахгүй байна уу гэдэг асуулт урган гарч байна?

-Ихэнхдээ хэн ч надад тусалж чадахгүй, би өөрөө ч энэ байдлаас гарч чадахгүй гэх найдваргүй мэдрэмж ганцаардлын үед төрдөг. Гэхдээ үүнийгээ мэдэж байгаа тохиолдол ч байна, мэдэхгүй ч байгаа тохиолдол байна. Мэдэж байх тусмаа илүү тусгаарлах байдал руу ордог хүмүүс олон. Мэдэхгүй мөртлөө харилцаанаас ядраад байна, хүмүүс надад таалагдахгүй байна гэдэг байдалтай хүмүүс ч байдаг.

-Хэдхэн хоногийн өмнө ДЭМБ ганцаардлыг өвчин хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрлөө гэж олон улсын хэвлэлүүд мэдээлсэн. Монголчуудын амьдралын хэв маяг, уламжлалт харилцаанд ганцаардлыг өвчин гэж хүлээж авах битгий хэл буруутгах хандлага дийлэнх. Харин сэтгэл судлалын шинжлэх ухаанд өвчин талаас нь хэрхэн харж болох вэ?

-Ганцаардлыг өвчин гэж оношилж ярихаас илүү амьдралын хэв маяг болон тухайн хүний зан төлөвийн байдал нь ганцаардалд өртөх эрсдэлийг нэмэгдүүлэх бай болдог. Энэ байдал өсвөр насны хүүхдүүдийн дунд их тохиолддог. Насанд хүрсэн хойноо нийгмийн харилцаанд ороход үр дагавар нь гарах нь олонтаа. Хүүхэд байх үед нь эцэг эх нь гэрээс гаргадаггүй, олон нийтийн харилцаанд оруулдаггүй, эсвэл амьдралын онцгой хэв маяг, соёл уламжлалаас үүдэлтэйгээр хүүхэд том болоход харилцаан дээр асуудал үүсдэг. Товчхондоо, амьдралынхаа аль нэг үед тусгаарлагдмал байдалд байсан нь ирээдүйд нийгмийн харилцаанд орж чадахгүй, ганцаардал руу хөтлөх нөхцөлийг бүрдүүлдэг.

Бас нэг зүйл хэлбэл, ганцаардалд темпераментийн хэв маяг нөлөөлж байна. Темпераментийн дөрвөн төрөл бий. Холериек, сангвиник, флегматик, меланхолик хэв шинж гэж бий. Меланхолик хүмүүсийн хувьд илүү хөөрөл саатлын процессоор тодорхойлдог. Тархины үйл ажиллагаанд саатал давамгайлсан үйл ажиллагаа байдаг. Гэхдээ энэ нь дорой гэсэн үг биш.

 

Үйл хөдлөл нь удаан, зан үйлийн хувьд илүү мэдрэмтгий, эмзэг, аливаа зүйлийн гүнийг ухаж боддог, утга учрыг хайдаг зан төлөв. Энэ нь өөрөө хүнд сонгомлоор ганцаараа байх нөхцөлд тухтай байдаг. Олон хүний харилцаанд орохоор ядарна. Тиймээс хүчээ нөөхийн тулд харилцаанаас татгалзах шинж чанартай. Энэ тохиолдолд нийгмийн харилцааны ур чадвар дутагдах байдал хавсарвал ганцаардал болдог.

Яг таны хэлснээр ганцаардал өвчин юм аа гээд шууд оношилж, нэрлэх нь өнөөдрийн манай нийгэмд тийм ч таатай зүйл биш болов уу гэж үзэж байна. Өнөөдрийн нийгэмд хүний сэтгэцийн байдлаар нэр хоч өгөх, шүүмжлэх, доромжлох хандлага түлхүү байна. Тэгэхээр өвчин гэж оношлох нь чухал биш. Харин ганцаардал юунаас болоод яагаад үүсэв гэдгийг нийгэмд түгээж өгвөл илүү сайн үр дагавартай. Жишээ нь, ангид таагүй ааштай хүүхэд байлаа гэхэд түүнд нэр хоч өгөн, гадуурхах хандлага бий. Хүүхэд ийм байдлаар нийгмийн харилцаанд орж чадахгүй удаан үргэлжилбэл ганцаардмал нэгэн болж өснө. Тиймээс хүмүүст сэтгэл зүйн мэдлэг мэдээлэл хангалттай сайн түгээгүй, хэрэглээнд сайн ороогүй байгаа учраас бид шалтгаан нөхцөл, түүнээс хамгаалах талаар түлхүү ярих нь зөв болов уу.

-Ганцаардал ямар үр дагаварт хүргэдэг вэ?

-Мэдээж хүн өөрийгөө нийгмээс тусгаарлаад байвал дасан зохицох чадвар буурч эхэлнэ. Хүн гурван байдлаар дасан зохицдог. Амьдралын хэв маягт, орчин нөхцөлд, хүнд дасан зохицох үзэгдэл явагддаг. Ганцаардлын үед үүний аль нэг нь эсвэл гурвуулаа хөгжлийн хувьд зогсох эрсдэлтэй. Дасан зохицох чадвар гэдэг сэтгэл зүйн дархлаатай байх, аливаа зүйлд уян хатан байж асуудлыг давах туулах явдал шүү дээ. Энэ чадварыг л зогсонги байдалд оруулчихдаг.

Нөгөө талаар харилцаанд орохоо багасгаад өөрийгөө ганцаардмал байдлаар таагүй мэдрэмж удаан мэдэрснээр анхаарал төвлөрөх, ой тогтоолт, цаашлаад шийдвэр гаргах чадваруудад нөлөөлж эхэлнэ. Жишээ нь, юм болгоныг хойшлуулдаг, шийдвэр гаргах гэж эргэлздэг, зайлсхийдэг, шийдвэр гаргаж чаддаггүй, өмнөөс нь хэн нэгэн шийдвэрийг нь гаргах байдал руу очно. Бүтээлч байдал гэдэг хүнийг урам зоригтой, сэдэлтэй, идэвхтэй амьдралын үйл ажиллагаанд хөтөлдөг. Гэтэл энэ байдал хаагдаж эхэлдэг.

Зарим тохиолдолд ганцаардлыг сайнаар ашиглах нь бий. Өөрөөр хэлбэл, стрессээ ашигтай хэлбэр рүү шилжүүлдэг. Урлаг руу, спорт руу шилжүүлнэ. Нэг төрлийн сонирхол хоббигоо хөгжүүлэх байдлаар нэг зүйлдээ орж түүнийгээ хөгжүүлж ашигтайгаар ашигласан тохиолдол байна. Гэхдээ хэт туйлшрах хандлагатай. Бусад зүйлээ орхиод нэг зүйл рүүгээ гүн ордог. Энэ үед амьдарлын баланс алдагддаг. Үүнийгээ давуу тал болгоод амжилт гаргасан хүмүүс байдаг. Гэхдээ ямар баланстай байх вэ гэдэг чухал. Амжилтын цаана амьдрал тэнцвэртэй байсан уу гэдэг анхаарах зүйл. Шинэ гайхалтай нээлт хийсэн хүмүүсийн ар гэрийн амьдрал, харилцааны асуудал, гэрлэлт нөхөрлөл маш тодорхойгүй, бүтэлгүй байдаг. Нэг ёсондоо өвдөлтөө даван туулж байгаа нэг хэлбэр. Ганцаардана, гуниглана, таагүй мэдрэмжийг нэг дор мэдэрнэ гэдэг маш хүнд. Бие физиологиор бол маш хүчтэй даралтаар даруулж, өвдөж байгаа хэлбэр гэсэн үг. Тэр өвдөлтийг мэдрэхгүйн тулд мэдээгүйжүүлж байгаа арга хэрэгсэл гэж үзэж болно.

-Өнөөдөр манай нийгэмд ганцаардал ямар байна вэ. Өндөр байна уу, эсвэл бага байдаг юм болов уу?

-Нарийвчилж судалсан зүйл хараахан мэдэхгүй юм. Гэхдээ ажиглагдаж байгаа нэг зүйл бол би Европод амьдарч байгаад Монголд ирсэн. Европын хөгжил өндөр оронд бүх юм ном журмын дагуу байдаг. Харилцаа хүртэл загвар дотор байх ёстой. Тэр загвараас зөрчвөл нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөхгүй болчихдог. Өндөр хөгжилтэй оронд санхүү амьдралын хэв маяг өндөр, нийгмээс авч байгаа стресс бага, бүх зүйл гоё сайхан, хоол хүнснээс, байгалиас авч байгаа мэдрэмж сайхан байгаа хэрнээ яагаад ч юм гуниглах ганцаардах мэдрэмж маш их төрдөг.

Эсрэгээрээ Монголд асуудал ихтэй, өдөр тутмын амьдралын буцалсан байдалд ганцаардах мэдрэмжээ мэдэрч амжихгүй өнгөрөх явдал байдаг юм уу гэмээр. Хүн чинь өөрөө нийгмийн бүтээгдэхүүн учраас нийгэмтэйгээ ямар харилцаатай байгаа вэ гэдэг чухал. Нийгэмд тодорхой хэмжээний байр сурь эзэлж байгаа мэдрэмж маш чухал. Гэр бүл, анги хамт олон, ажил дээрээ, найз нөхдийн хүрээлэл дунд ямар нэгэн сонирхлын бүлэгт байгаа юу гэдэг чухал. Олон бүлэгт харьяалагдаж чухал гэдэг мэдрэмж авч байх тусам ганцаардах эрсдэл буурна. Харин эдгээр харилцаанд асуудал үүсч, өөрийгөө тусгаарлаад эхэлбэл ганцаардал нөхцөлийг нэмэгдүүлж байдаг.

-Хөгшчүүд амьдралын хэв маягаас шалтгаалж ганцаардаж байна, намайг сонсох хүн алга гэж гомдоллох явдал ажиглагддаг. Ер нь ганцаардлаас яаж сэргийлэх вэ, ганцаардсан нэгнээ яаж дэмжиж туслах ёстой вэ?

-Бид заримдаа өдөр тутмын амьдралдаа мэдээлэл солилцохдоо харилцаа үүсгэчихлээ болчихлоо гэж боддог. Хүнд идэвхтэй сонсож өгөх гэдэг маш чухал байдаг. Асуултаа зорилготойгоор сонирхон асуух, хариултыг анхааралтайгаар сонсож өгөх харилцаа дутагдаад байгаагаас би хэн нэгэнтэйгээ холбогдож чадахгүй байна гэдэг мэдрэмжийг авдаг. Эсвэл гэр бүлийн соёл, таагүй харилцаанаас үүдэж нэгнийгээ байнга шүүмжилдэг хүмүүс бий. Хүүхдүүд нь аль хэдийнээ нас биед хүрчихсэн байхад ээж аав нь шүүмжилж, харьцуулж, буруутгах өнгө аястай харьцаад байхаар нөгөө талд хамгаалах өөрийгөө шууд механизм ажиллаж эхэлдэг. Юун нөгөө хүнээ сонсох, анхаарах. Тиймээс энэ тал дээр анхаарах ёстой гэсэн үг.

Өнөөдөр манай нийгэм маш чөлөөтэй болчихсон. Олон жилийн өмнө биднийг анх ажиллаж эхэлж байхад 60, 70 настай үйлчлүүлэгч хоёр жилдээ нэг байсан бол одоо харьцангуй олон болсон нь сайшаалтай. Тэд өөрсдийгөө хөгширсөн гэж бодохгүй, би өөр баймаар байна гэж ирж байгаа хүмүүс нэмэгдсэн. Тэгэхээр дотоодод байгаа асуудлаа өөрсдөө таньж мэдэхгүй байгаа тохиолдолд мэргэжлийн хүнд, мэргэжлийн газарт хандах боломжтой. Үр хүүхэд, эцэг эхчүүд нь зав чөлөө байхгүй, боломжгүй тохиолдолд мэргэжлийн хүнтэй холбож өгөх нь үр дүнтэй.

Өөр нэг чухал зүйлийг онцлоход хүн өөрийн гэсэн сонирхолтой, өөрийгөө хайрлаж сурсан байх хэрэгтэй. Бусдаас хайр анхаарлыг хүсэх биш өөрийгөө анхаардаг, өөртөө цаг гаргадаг болох ёстой. Өөрийгөө бүрэн дүүрэн хайрлаж чадаагүй, өөртөө цаг зориулж сураагүй учраас өөр хэн нэгэн нь дүүргэж өгөх ёстой юм шиг бусдаас маш их хүлээлттэй байдаг. Гэтэл бусад нь ч бас өөр өөрсдийн амьдралтай. Дор хаяж энэ зүйлд суралцсан байх ёстой. Түүнээс гадна хил хязгаарын зааг гэдгийг мэдэх нь чухал. Хүн болгонд тэр хүн нийгэмд хэр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа үгүйгээс өөрийн гэсэн орон зай цаг хугацаа хэрэгтэй байдаг. Жишээ нь, гэртээ хүүхдээ хардаг эмэгтэйг гэртээ л байгаа юм чинь гэдэг байдлаар бүх ажлыг тохох хандлага бий. Ээж аав тэтгэвэртээ гарчихсан юм чинь гээд хүүхэд харах ёстой гэдэг. Хөгшин настай хүн үеийнхээ хүмүүстэй уулзмаар байгаа, ямар нэгэн сонирхлоор холбогдмоор байгаа. Гэтэл тэр зааг хязгаарыг нь эвдчихдэг учраас ааштай ууртай хүмүүс болцгоодог. Хүн бүр өөр өөрийнхөө хил хязгаарыг бариад, надад амьдрах эрх байгаа. Тиймээс өөр өөрсдийн асуудлыг зохицуулъя. Ядаж би долоо хоногийн нэг хоёр өдөр нь, эсвэл өдөртөө хоёр цагийг гаргамаар байна гэдэг хатуу байр суурьтай зогсож байх хэрэгтэй юм. Ингэж чадаагүйгээс болоод хохирогчийн дүрд орсон хүмүүс олон болсон.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр хулгана өдөр DNN.mn

2023.11.26 / НЯМ ГАРИГ
ӨВЛИЙН ТЭРГҮҮН ХАРАГЧИН ГАХАЙ САРЫН
НЭГ ЦАГААН ШАР ХУЛГАНА ӨДӨР
Үс засуулвал: Эд мал арвидна.
Наран ургах, шингэх: 08.13-17.05
Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Суудал: Ус
Аргын тооллын 11 сарын 26, Адьяа гараг. Билгийн тооллын 14, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хулгана өдөр. Өдрийн наран 8 цаг 13 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн. Төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна DNN.mn

2023 оны 11 дүгээр сарын 26-наас 11 дүгээр сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

     26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 27-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 28-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 29-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 26-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг сулрах боловч, 27-нд нутгийн зүүн хагаст, 28-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -19…-24 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -15…-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -4…-9 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -10…-15 градус хүйтэн байна.

Categories
мэдээ спорт

Э.Цэндбаатарын мэргэжлийн боксын тулааны тов гарчээ DNN.mn

Мэргэжлийн боксын рингэнд Монгол Улсаа төлөөлөн амжилттай тулалдаж байгаа МУГТ, дэлхийн аваргын хүрэл медальт Эрдэнэбатын Цэндбаатарын тулааны тов гарлаа. Манай тамирчны дараагийн тулаан ирэх сарын 16-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотын “Sony Hal”l ордонд болоx юм байна. Түүний энэ удаагийн өрсөлдөгч нь Доминикан боксчин Йохан Васкез байх юм.