Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд 2399 дуудлага бүртгэгджээ DNN.mn

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ний өдрөөс 11 дүгээр сарын 26-ний өдрийг хүртэлх дуудлага мэдээллийн тойм мэдээг хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм

Хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг БНХАУ-ыг зорилоо DNN.mn

2024 онд БНСУ-д зохион байгуулагдах Зүүн Азийн Хөлбөмбөгийн Холбооны Эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 07-ны хооронд Макао болон БНХАУ-ын Жухай хотуудад болох юм.

Тус тэмцээнд нийт Зүүн Азийн 7 улсын баг шигшээ шатанд оролцох цор ганц эрхийн төлөө тоглох бол манай шигшээ багийн охид “А” хэсэгт Хонгконг, Хойд Марианы Арлууд, Хойд Солонгосын шигшээ багуудтай орсон билээ.

Хэсгийн эхний тоглолтоо манай шигшээ багийн охид гурав хоногийн дараа Хойд Марианы Аралын шигшээ багтай хийнэ. Өмнө нь 2018 онд эх орондоо Хойд Марианы Арлуудын шигшээ багтай тоглож 3-2 харьцаатай хожиж Эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ баг түүхэн анхны тоглолтдоо хожил байгуулсан билээ.

Тус тэмцээнд оролцохоор Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн өнөөдөр эх орноосоо мордлоо.

Тоглолтын хуваарь:

11-р сарын 30-нд:

Монгол-Хойд Марианы Арлууд 13:00 цагт

12-р сарын 02-нд:

БНАСАУ-Монгол 16:00 цагт

12-р сарын 04-нд:

Хонгконг-Монгол 13:00 цагт

Categories
мэдээ нийгэм

Мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан найман хүний хэргийг шүүхэд шилжүүлэв DNN.mn

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 11 дүгээр сарын 20-оос 24-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 31.846, мөрдөн байцаалтын 3893 хэрэгт хяналт тавьж, нийт 319 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 167, Өмчлөх эрхийн эсрэг 90, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 20, Хүрээлэн байгаа орчны эсрэг 11, Авлига, албан тушаалын 3 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Р.Э нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд бусдаас хахууль авсан, мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн албан тушаалтанд бусдын хэргийг ашигтайгаар шийдвэрлүүлэх зорилгоор хахууль өгөхийг завдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1, 2 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Цайр, төмрийн уурхайн үйл ажиллагаа явуулдаг “Ш” ХХК нь Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад орсон 17 нэр төрлийн бодисыг хууль бусаар хадгалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Иргэн А.Д, Б.Т нар нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт нэр бүхий клуб нээж, мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөнгө угаасан гэх 8 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 /Мөрийтэй тоглоом зохион байгуулах/, 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргий анхан шатны шүүхэд;

Иргэн Б.Б, Э.Н нар нь “Тайландад өндөр цалинтай ажил байна” гэж Монгол Улсын нэр бүхий иргэдийг хууран мэхэлж, биеийг нь үнэлүүлэх зорилгоор Тайланд Улс руу явуулж, хүн худалдаалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.2, 2.3 /Хүн худалдаалах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.

Categories
мэдээ улс-төр

Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих Үндэсний хороо байгуулж Ерөнхий сайд ахална DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчидтэй хийлээ. Уулзалтад газар тариалан, хөдөө аж ахуй, мах, сүүн болон хүнсний бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, мал эмнэлэг, сав, баглаа боодол зэрэг мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, гарц шийдлийн талаар ярилцлаа.
Ерөнхий сайд хүнс, хөдөө аж ахуйн салбар Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх салбарын нэг болохыг онцлоод манай улс хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, улмаар бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох зорилт тавин ажиллаж буйг тэмдэглэв. Хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд   Ургамал хамгаалал, ургамлын эрүүл мэндийн тухай хуулийн  төслийг эцэслэн боловсруулж УИХ-д өргөн барьж, Хөдөө аж ахуйн тухай хууль, Тариалангийн даатгалын тухай хуулийн төслийг холбогдох хуулийн хүрээнд судалгаа хийгээд байна. Үйлдвэрлэгчдийг санхүүгийн эх үүсвэр, татварын бодлогоор мөн дэмжин ажиллаж байна. Засгийн газраас 1851 иргэн, аж ахуйн нэгж, хоршоонд нийт 667,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, эх үүсвэрийн ашиглалт 68 хувьтай байна. Сүүний урамшууллыг нэмэгдүүлж, хамрах хүрээг өргөжүүлснээр шингэн сүүний нийлүүлэлт нэмэгдсэн байна. 2023-2024 онд бүх төрлийн малын махны экспорт, импортод тоо хэмжээний хязгаарлалт тогтоохгүй байхаар шийдвэрлэсэн, энэ оны арваннэгдүгээр сарын 15-ны байдлаар 70.0 мянган тонн мах экспортолж өмнөх оны мөн үеэс экспортын хэмжээ дөрөв дахин өссөн байна.
“Хүнсний хувьсгал” ТББ-ын зүгээс хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдлыг танилцуулж хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, импортыг бууруулахад анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцлов. Дэлхийн хүнсний байгууллагын гурван стандартыг бүрэн нэвтрүүлснээр экспортын шаардлагыг хангах, хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлэх, татварын хөшүүрэг бүрдүүлэх санал гаргав. Мөн хүнсний хувьсгалын хүрээнд сүү, малын мах, гахай, тахианы мах, өндөгний зэрэг томоохон төсөл хэрэгжүүлэх, тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх, шаардлагатай хууль эрх зүйн орчныг бий болгоход ойрын хугацаанд анхаарах хэрэгтэйг уламжлав.

Уулзалтад оролцогчид санал хүсэлт хэллээ. Тухайлбал,
Монголын тариаланчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Ц. Рэнчинсэнгээ: Ургамал хамгаалалд онцгой анхаарах хэрэгтэй байна. Монгол Улсад тариалангийн эдэлбэр газрын 80 хувийг улаан буудай эзэлдэг. Цаашид таримлын нэр төрлийг олшруулбал эдийн засгийн хувьд ч, байгаль орчинд ч ашигтай байна. Энэ мэт асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийн тулд Ургамал хамгааллын агентлаг байгуулах хэрэгтэй.

Сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Болдбаатар: Импортын барааны босго тогтоож өгмөөр байна. Ингэхгүй бол өндийж байгаа үндэсний үйлдвэрлэл буцаад унана. Болж бүтэхгүй хуулиуд байна. Жишээ нь Тендерийн хууль. Дотоодод үйлдвэрлэж байгаа бараа, бүтээгдэхүүнээ яагаад гаднаас аваад байгаа юм бэ?

Монголын мал зүйч, үржүүлэгчдийн холбооны тэргүүн Л.Эрхэмбаяр: Засгийн газрын олгосон нэг их наядын зээл үйлдвэрлэгчдэд бодит дэмжлэг болсон. Цаашид эрх зүйн орчны дэмжлэг мөн хэрэгтэй байна. Түүхий мах экспортод гаргахад бид бэлэн байна. Шаардлагатай стандартыг яаралтай баталж өгнө үү. Зөв зүйл дээр, зөв бодлого дээр улс төрийн намууд улс төржилгүй хамтарч ажилламаар байна.

Тахианы мах үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын УЗ-ийн дарга Д.Ангар: Импортын татварын бодлого чухал байна. Монголын залуу компаниуд олон жилийн түүхтэй гадны компаниудтай үнээрээ өрсөлдөж чадахгүй. Иймээс цаашид ч импортын татварын бодлого маш чухал байна.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мөнхзул: Хүнсний бүтээгдэхүүнд ногдуулж буй НӨАТ-ын хувь хэмжээ манайд боломжийн байгаа. Цаашид зарим бүтээгдэхүүнд тодорхой хугацаанд ялгавартай татвар тогтоож байвал ямар вэ. Дэлхийн зарим улс оронд эрүүл мэндийг дэмжих зорилгоор ялгавартай татварын бодлого явуулдаг гэж ярилаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсвийн орлого бүрдүүлэхэд татварууд чухал үүрэгтэй ч бодлогын зохицуулалтын үүргийг ч давхар гүйцэтгэдэг гэдгийг анхаарах ёстойг онцлов. Дотоодын бараа бүтээгдэхүүнээ бодлогоор дэмжих, тухайлбал, тендерийн шалгаруулалтын зарчимд үе шаттай өөрчлөлт оруулах шаардлага байгааг хэлж, судалж ажиллахыг холбогдох албаныханд даалгалаа. Мөн хүнс, хөдөө аж ахуйн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулах мэргэшсэн институц бий болгох шаардлага байгааг ч сануулж Засгийн газрын түвшинд Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих Үндэсний хороо байгуулж Ерөнхий сайд тодорхой хугацаанд ахалж ажиллахаа мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Уран гимнастикийн олон улсын тэмцээнээс Х.Ундрам хүрэл медаль хүртлээ DNN.mn

Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо Уран сайхны гимнастикийн тэмцээн энэ сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. “DUBAI CUP-2023” тэмцээнд Гимнастикийн үндэсний шигшээ багийн тамирчин Х.Ундрам амжилттай оролцож (All round) нийлбэр дүнгээр 107,15 оноогоор хүрэл медаль хүртлээ.

Энэхүү тэмцээнд 15 орны 350 гаруй тамирчид өрсөлджээ.

Categories
мэдээ нийгэм

НОБГ: 16 иргэний амь нас, 3 тэрбум 588 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав DNN.mn

Өнгөрсөн долоо хоногт алба хаагчид аюулт үзэгдэл, ослын 39 дуудлагаар үүрэг гүйцэтгэж 16 иргэний амь нас, гурван тэрбум 588 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллав.

Иргэдийн байшин, хогийн цэг шатсан дуудлага мэдээлэл зонхилж, ил гал, яндан, пийшин зуухны аюулгүй байдал хангаагүйн улмаас гал гарсан шалтгаан нөхцөлтэй байна.

Гэр байшингийн пийшин зуух, яндангийн аюулгүй байдлаа шалгахыг НОБГ-аас зөвлөж байна.

Categories
мэдээ соёл-урлаг цаг-үе

“Чингис хаан” одонт Морин хуурын чуулга Шанхай хотноо тоглолоо DNN.mn

Монгол Улсын Ардын Их Хурлаас Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхэн ойн өдрийг тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга “Монголын сайхан орон” тоглолтоо 2023 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотын Симфони оркестрын их танхимд толилуулав.

Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Монгол Үндэстний үнэлэмж цогц арга хэмжээний хүрээнд монгол угсаатны соёл, зан заншлын уламжлалыг цогц байдлаар агуулж буй хөгжмийн зэмсэг болох морин хуурын эгшигээр дамжуулан Монгол Улсыг гадаадад сурталчлах үйл ажиллагааг идэвхжүүлж буйг онцлон тэмдэглээд, энэ удаагийн тоглолтыг хамтран зохион байгуулсан Шанхай Шанти соёлын групп болон Ти Би Эф Интернэшнл групп компанид гүн талархал илэрхийлэв.

Тоглолтыг Шанхай хотын төр, засгийн удирдлага, гадаад улсаас тус хотод суугаа Дипломат төлөөлөгчийн газрын Тэргүүн нар зэрэг нийт 1100 гаруй гадаадын үзэгчид үзэж сонирхов. Морин хуурын чуулгын уран бүтээлчид Монгол аялгуу, Мандухай сэцэн хатан, Уужмын зүүд, Их хааны аравт болон Хятадын алдарт Хос эрвээхэй, Үүрдийн нөхөрлөл зэрэг бүтээлийг үзэгч олонд толилуулав. Түүнчлэн Шанхай хотын симфони оркестрийн үзэсгэлэнгийн танхимд “Amazing Mongolia” байгалийн гэрэл зургийн хөдөлгөөнт үзэсгэлэнг зохион байгуулав.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Бүлэглэн зодоон хийсэн хүүхдүүдийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна DNN.mn

Бүлэглэн зодоон хийсэн хүүхдүүдийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 26-ны өдөр бүлэг болон хуваагдан зодоон хийж буй хүүхдүүдийн бичлэг нийгмийн сүлжээнд тархсан билээ. Тэгвэл энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтэсээс шалгаж байгаа аж. Одоогоор хэргийн тухай мэдээлэл гараагүй байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ жилийн хоёр дахь ЭЕШ ирэх сарын 7-нд эхэлнэ DNN.mn

Энэ жилийн хоёр дахь элсэлтийн ерөнхий шалгалт ирэх сарын 7-ноос эхлэх талаар БШУЯ-наас мэдээллээ.

Шалгалтад ирэхдээ бүрдүүлэх материал:

  1. Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
  2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  3. Суудлын хуваарь /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна/
  4. Бүртгэлийн хуудас /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна.

Шалгуулагчид та бүхэн шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө шалгалтын байрандаа ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Шалгалтын цагаас хоцорсон тохиолдолд тухайн шалгуулагчийг шалгалтад оруулахгүйг анхаарна уу.

Categories
мэдээ эдийн-засаг

Нүүрсний нээлттэй сонсголын эхний үе шат ирэх сарын 04-08-ны өдрүүдэд болно DNN.mn

Улсын Их Хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо өнөөдөр (2023.11.27) хуралдаж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хянан шалгах түр хорооны хуралдаан гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр, 11 цаг 32 минутад эхэлж “Хянан шалгах түр хорооны сонсголыг товлон зарлах тухай” Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав.

Төслийн талаар Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр танилцуулав. Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар төсөлд тусгажээ. Эхний үе шат 2023 оны арван хоёрдугаар сарын 04-08-ны өдрүүдэд болох бөгөөд “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаа; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагааны талаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж, нээлттэй сонсгол хийх юм байна. Хоёр дахь үе шатыг энэ сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар төсөлд тусгасан бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа, охин болон хараат компаниудын хөрөнгө оруулалт, тэдгээрийн үйл ажиллагааны талаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж, нээлттэй сонсгол хийхээр Хянан шалгах түр хорооны тогтоолын төсөлд тусгасан байна.

Төслийн талаарх Б.Энхбаяр даргын дээрх танилцуулгатай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Төслийг батлахыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 66.7 хувь нь дэмжин, “Хянан шалгах түр хорооны сонсголыг товлон зарлах тухай” Хянан шалгах түр хорооны тогтоол батлагдав.

Энэ өдрийн хуралдаанаар “Сонсголд гэрчээр дуудах тухай”, “Нотлох баримтыг шинжлэн судлах дараалал тогтоох тухай”, ““Нотлох баримтыг гаргуулах тухай” 2023 оны 11 сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай” Хянан шалгах түр хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд эдгээр нь Хянан шалгах түр хорооны дотоод асуудал учраас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Нээлттэй, хаалттай хуралдаан” гэсэн 12 дугаар зүйлийн 12.2, 12.3, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн “Чуулганы хуралдааны нийтлэг журам” гэсэн 22 дугаар зүйлийн 22.2-т тус тус заасныг үндэслэн хуралдааныг хаалттай үргэлжлүүлэх горимын саналыг Б.Энхбаяр гаргав. Энэхүү горимын саналыг гишүүдийн олонх дэмжсэн тул  Хянан шалгах түр хорооны хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.