Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч Б.Агар-Эрдэнэ: Хуулинд асуудал байхаас гадна, түүнийг хэрэгжүүлж буй албан тушаалтнуудад ч алдаа байна DNN.mn

 

Хуульч, өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэтэй ярилцлаа.

-“Жам ёсны эрх” гэдэг энгийн, товч тодорхойлолтоос асуултаа эхлэх гэсэн юм?

-“Аливаа хууль нь нэгэн төрлийн эрхэд үндэслэж байдаг” гэж Аристотелийн тэмдэглэлд байдаг. Жам ёсны эрх нь хүмүүсийн бий болгосон (позитив) эрхээс давуу гэсэн үзэл бий. Хүний эрхийг ангилан хуваах түгээмэл ойлголтуудад хүний жам ёсны эрх, зүй ёсны эрх гэж хувааж байна. Хүний жам ёсны эрх гэдэг нь төрөөс тогтоож болохгүй эрхүүд буюу байгалиас заяасан хүний амьд явах, амьдрах, эрүүл аюулгүй орчинд аж төрөх, халдашгүй чөлөөтэй байх, гэр бүл, үр хүүхэдтэй байх зэрэг эрх хамаарна. Хүний зүй ёсны эрх гэдэг нь нийгмийн хэрэгцээнээс үүдэлтэй бөгөөд зайлшгүй хуульчлан зохицуулах шаардлагатай эрх юм. Өөрөөр хэлбэл түүний хүрээ, хязгаарыг төрөөс тогтоож, баталсан байдаг. Ийм эрхэд сурч боловсрох эрх, сонгох сонгогдох эрх, төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах, эвлэлдэн нэгдэх, бүтээл туурвих, эд мөнгөний тусламж авах зэрэг эрх хамаарна. Монгол Улсын Үндсэн хуулинд ч мөн эдгээр эрхүүдийг нэгтгэн баталгаажуулсан. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 19.2т “… Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө…” гэж тодорхойлсноор жам ёсны эрхийг ямар хүчтэй болохыг харуулсан.

-Дэлхийн улс орнууд эрх зүйн эх сурвалжаас нь шалтгаалж бүлд хуваадаг. Жам ёсны эрхийг эрх зүйн бүлүүдэд хэрхэн тодорхойлдог вэ. Энэ талаар тодорхойлж өгөөч?

-Эрх зүйн бүл гэдэг нь Улс үндэстний эрх зүйн тогтолцоог бүрдүүлэгч эрх зүйн эх сурвалжийн ялгаатай байдлаас бий болдог. Эрх зүйн бүл бүр өөрийн гэсэн онцлог шинжтэй. Эрх зүйн бүлийг эрх зүйн эх сурвалж хоорондын харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, эрх зүйн тогтолцоо, түүний хэмжүүрийг удирдлага болгон ялган тайлбарладаг. Үзэл суртлын болон хууль, эрх зүйн гэсэн хоёр шалгуурыг үндэслэн, эрх зүйн бүлийг дараах байдлаар ангилж болдог. Үүнд, Роман-Германы эрх зүйн бүл, Англо-саксоны эрх зүйн бүл, Шашны эрх зүйн бүл /Ислам гэх мэт/, Социалист эрх зүйн бүл, Уламжлалт. Бусад гэж ангилна.

-Эрх зүйн бүл хоорондын ялгаа болон Монгол Улс аль эрх зүйн ямар бүлд хамаардаг юм бол?

-Эрх зүйн бүл болгон эрх зүйн эх сурвалж, шүүн таслах ажиллагааны журам, эрх зүйг танин мэдэх хандлагаас шалтгаалан өөр өөрсдийн гэсэн онцлогтой байдаг. Монгол Улс РомГерманы эрх зүйн бүлд хамаардаг. РомГерманы эрх зүйн бүл нь бичмэл хуулийг эх сурвалжаа болгодог. АнглоСаксоны эрх зүйн бүл нь шүүхийн прецедент байдлаар шүүн таслах ажиллагааг явуулдаг онцлогтой. Энгийнээр тайлбарлавал, Монгол Улсын нэг хууль дээр жишээ авч үзье. Монгол Улсад авлига, хээл хахуулийн гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулиар ял шийтгэл оногдуулдаг. Тухайлбал, нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг 28 жил хүртэл хугацаагаар хасаж, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Тэгвэл нэгэнт хуулинд дээд тал нь найман жил гэж заасан бол 10 жилийн ял оноож болохгүй гэсэн утгатай. Гэвч олон нийтийн дунд хөнгөн ял оногдуулчихлаа гээд Шүүхийн байгууллагыг буруутгаад байдаг. Гэвч шүүгч бол хууль тогтоогчоос баталсан хуулийн дагуу л ял шийтгэл оногдуулах ёстой, түүнийгээ ч дагаж байгаа. Аливаа нэг албан тушаалтан хахууль авахдаа маш ноцтой үйлдэл гаргасан байсан ч найман жил хорих ял, маш энгийн үйлдэл гаргасан, тэр нь энэ төрлийн гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдсон бол хоёр жилийн хорих ял оногдуулах л хуультай гэсэн үг. Харин шүүхийн прецедент буюу шүүхийн жишиг нь тодорхой хэргийн талаар шүүхээс гаргасан шийдвэр нь нийт шүүх буюу доод шатны шүүхээс төсөөтэй хэргийг шийдвэрлэхэд заавал дагаж мөрдөх үндэслэлээ болохыг ойлгодог. Энэ дунд шүүхээс гарах шийдвэр шударга ёсонд нийцсэн эсэхийг харж, түүнийг дагаж мөрдөх шинжтэй болдог. Иргэн хуулийг эрх мэдэл гэж харах уу, шүүгчийг эрх мэдэл гэж харах уу гэдгээс шалтгаалж энэ төрлийн бүлийн онцлог ч тодорхойлогддог.

-Манай хуулийг муу хууль биш гэж хуульчид хэлдэг. Ардчилсан хүний эрхийг хангасан шийдвэр гаргахын тулд бидэнд юу дутагдаад байна вэ?

-Аливаа нийгэм нь тухайн нийгэмд амьдарч байгаа хүмүүс, хөгжил, нөхцөл байдлаас шалтгаалж үргэлж өөрчлөгдөж, шинэчлэгдэж, сайжирч байдаг. Манай улсын эрх зүйн тогтолцоо ч мөн адил нийгмийн амьдралаа дагаж өөрчлөгдөж байгаа. Эрх зүйн хөгжлийнхөө тодорхой үе шат дээр явж байгаа гэсэн үг. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжинд хийдэл, алдаа, зөрчилдөөн багагүй байдаг ч дийлэнх байдлаараа эрх зүйт төрийн шинжийг агуулсан. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, түүнд шаардлагатай салбар хуулиуд нь ч Олон улсын гэрээнд тохирч байдаг. Энэ утгаараа Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжууд тийм ч муу биш. Олон эрдэмтэн, хуульч, судлаачид, багш нарын ачаар нарийн төвөгтэй эрх зүйн хэм хэмжээ бий болдог. Гэвч өнөөдрийн Монгол Улсад хуульгүй мэт авирлах, хэт анархист үзэл олшрох, хуулийг үнэгүйдүүлэх ч тохиолдол гарах боллоо. Гэвч энэ нь хууль муу гэсэн үг биш бөгөөд хуулийг хамгаалж байдаг байгууллагуудын ёс зүй, хандлага, хууль зөрчиж буй этгээдүүдийн хууль бус, хэнэггүй үйлдлээс болж, хууль болохгүй мэт харагддаг. Гэвч хуулинд асуудал байхаас гадна, түүнийг хэрэгжүүлж буй хүмүүс, албан тушаалтнуудад ч алдаа байгаа юм.

-Шүүхийн жишгийг бид одоо хэрэглэх, хэрэгжүүлэх боломжтой юу?

-Монгол Улс Үндсэн хуулиараа тодорхой төрийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бий болгож, түүнд шаардлагатай нөөц, тогтолцоог бий болгосон. 1992 оноос өнөөдрийг хүртэл бий болсон эрх зүйн тогтолцоог нэг өдөрт, нэг парламентын хугацаанд өөрчлөх боломж нь маш бага байдаг. Харин нутагшуулах, давхар хэрэглэх, эрх зүйн орчинг нэмэгдүүлэх замаар өөрчлөлтийг бий болгож болох юм.

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

МАН-ын генсекийн төлөөх “алалцаан” эхэллээ DNN.mn

Эрх баригч намын доторх үл ойлголцол нийгэмд ил цагаан боллоо. Сонгуулийн жил ойртсоныг ч хэлэх үү, эрх мэдлийн төлөөх тэмцэл улам хурцдах нь ойлгомжтой. Сая гэхэд ногоон автобусны асуудлаар хэд хэдэн хүнийг “золигт” гаргачихлаа. Улс төрийн оролцоотой хэрэг болохоор цаашид олон хүн чирэгдэх нь тодорхой байна. Ерөнхий сайдын зүгээс авлигад идэгдсэн хотыг цэвэрлэж, булан тохойг нь юу ч үгүй шүүрдэж цэвэрлэнэ гэдгээ дориухан мэдэгдэнэ лээ. Тиймдээ ч Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нарыг огцруулсан нь нийгэмд гэрэл асаасан үйл явдал болов. Хэдийгээр тэд ногоон автобусны хэрэгт өөрсдийгөө хамааралгүй гэж байгаа ч ёс зүйн хариуцлага хүлээсэн нь улс төрд сайн жишиг тогтоолоо.

МАНдоторх энэ бужигнаан одоо генсекийн суудал руу чиглэлээ. Д.Амарбаясгалангийн байр суурь нэгэнт ганхаад эхэлсэн байна. Улс төрийн хүрээнийхний ярьж буйгаар намын лидерүүд нь түүнийг генсекээс буулгахаар нэлээд шахаж байгаа гэх. МАН-ын генсек гэдэг бол намын гал тогоог барихаас гадна нөлөө бүхий том эрх мэдлийг атгадаг албан тушаал. Хүссэн бүхэн нь очоод заларчихдаг суудал ч биш. Тийм болохоор генсекийн төлөөх марафон үнэхээр “алаан” болдог. Д.Амарбаясгалангийн хувьд ногоон автобусны хэрэгт өөрийгөө “гэрэл цохиулчихсан”. Бас нүүрсний хулгайтай холбоотой хэмээн бичигдэж байна. Иймэрхүү хэргээр нь түүнийг барьцаалан гарцгүй болгож байгаад генсекийн суудлаас нь мултлах нөхцөл нэгэнт бүрджээ. Шахаанд орсон Д.Амарбаясгалан генсекээ өгөхөөс ч өөр замгүй. Зарим эх сурвалжуудын хэлж байгаагаар нам дотроо хэдийнэ тохироогоо хийчихсэн бололтой.

Х.Нямбаатар хотын дарга болсноор УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөнө. Уг нь тэрбээр УИХ-аас байгуулагдсан нүүрсний сонсгол явуулах ажлын хэсгийг ахалж байсан. Харин Х.Нямбаатарын статус өөрчлөгдчихөөр нүүрсний сонсгол явах уу, үгүй юу гэдэг асуултын тэмдэг болж байна. Эндээс харахад, МАНнүүрсний хулгайг намжааж байгаад сонгуульдаа орох хувилбар уншигдахаар. Гэхдээ Д.Амарбаясгаланг генсекээс холдуулж байгаад нүүрсний хулгайг нь ярихгүй гэж тохиролцсоныг ч үгүйсгэхгүй. Яагаад гэвэл нүүрсний сонсголоор Д.Амарбаясгаланг барьцаалж, урдах хойдохыг нь ухаж л таарна. Мань эр генсекээ өгч л байгаа бол нүүрсний сонсгол явахгүй гэж судлаачид харж байна билээ.

Тэгвэл МАН-ын дараагийн генсек хэн байх вэ. Энэ бол Ардын намын зодооныг улам ширүүсгэх сэдэв. Д.Амарбаясгалангаас өмнө Я.Содбаатарын нэр нэлээд хүчтэй яригдаж байсан удаатай. Бараг л генсекээр томилоод буцаасан гэдэг. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга намын генсекийг давхар эрхэлж болох эсэх нь тухайн үед маргаан дагуулж байсан удаатай. Тэгвэл энэ удаад хэд хэдэн хүний нэрс хөшигний ард яригдаж байгаа гэнэ. Тэр дунд хамгийн түрүүнд мөн л Я.Содбаатарын нэр цохогдсон бололтой.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Доктор Т.Цэнд-Аюуш: Төр өмчдөө эзэн шиг хандаж чадахгүй. Тиймээс төрийн өмч аль болох бага байх ёстой DNN.mn

 СЭЗИС-ийн ахисан түвшний профессор, Компанийн засаглалын хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал, доктор Т.Цэнд-Аюуштай төрийн өмчит компаниудын хувьчлалын талаар ярилцлаа.

-Нэг жишээ ярья л даа. Эрчим хүчний салбар жил бүр алдагдалтай ажилладаг. Нэг хэсэг хүмүүс энэ салбарыг аваръя гэдэг. Харин бизнес талаас өмчлөх эрх нь төрд байгаа салбарыг аваръя гэдэг бол төрийн нэр барьж авлига хийж байгаа хүмүүст тусалъя гэсэн үг гэж тайлбарлаж байгаа. Эндээс улбаалаад төрийн өмчит компаниуд яагаад алдагдалтай ажилладаг, тэдгээрийг яагаад хувьчлах ёстойг та тайлбарлаж өгөхгүй юу?

-Компаниудыг яагаад төрд авч байна вэ гэдгээс эхэлж харах ёстой. Төр стратегийн ач холбогдолтой компаниудыг өмчилдөг, эсвэл үнэ барих, инфляцыг барих гэх мэт төрийн аль нэгэн үүргийг гүйцэтгэж байгаа компанийг төрд авч болно. Эсвэл нийтийн бараа үйлчилгээ буюу хэн ч орж ажиллахгүй, ашиггүй хэрнээ нийгэмд байх ёстой салбарын компанийг авдаг. Мөн төрөлхийн монополууд төрд байна. Ийм зорилгоор төр өмчтэй байх нь дэлхийн жишиг л дээ. Таны ярьснаар эрчим хүчний салбар гэхэд аль ангилалд орох юм. Магадгүй энэ бүх үүргийг гүйцэтгэдэг үү. Жишээ нь, төрөлхийн монопол уу, үнийг барьж байгаа юу, стратегийн ач холбогдолтой юу гэдгээ харах хэрэгтэй. Үүнийг манай улс яаж тодорхойлсон бэ гэдэг чухал. Ингээд тэр тодорхойлолтдоо нийцэж байна уу гэдгийг эргээд харах хэрэгтэй. Стратегийн ач холбогдолтой гэдгийг юугаар хэмжээд байгаа юм бэ гэдгийг тодорхой болгочих юм бол түүнд эрчим хүч орох уу гэдэг нь гараад ирнэ. Эндээс төр ерөөсөө өөртөө өмчтэй байя гэвэл шалтгаан нь тодорхой байх ёстой гэсэн үг. Яагаад МИАТ-ыг төр өөртөө байлгадаг юм бэ. Яагаад өөр компани нэмж аваад байна, эдгээр нь бүгд үндсэн шалтгаанууддаа орчихсон байх ёстой. Тэдгээрийг хэмждэг хэмжүүрүүдтэй байх хэрэгтэй. Гэтэл “чухал юм аа” гэсэн агуулга байж болохгүй. Тодорхой хэмжүүрүүдээ гаргаж ирээд хуульчилсан байх ёстой.

Зүгээр тогтоолуудаар өөрчлөөд байж болохгүй. Тогтоол гаргаж байгаа хүний эрх мэдлийн түвшин дор байдаг. Төрийн өмчийн талаарх бодлого аль нэг яам, Засгийн газрын тогтоолоор ойр ойрхон өөрчлөгдөөд байж таарахгүй.

-Тэгвэл манайх энэ шалгууруудыг хангаж чаддаг уу?

-Манайд төрийн өмчийн хэмжээ маш данхар байгаа. Үнэхээр хувьчлах нэгийг яаралтай хувьчилмаар байгаа юм. Яагаад төрийг муу менежер гэдэг юм бэ гэхээр угаасаа л тийм. Цаанаасаа төр тийм л байх тогтолцоотой. Төр сайн менежер байх хэцүү. Зарим хүмүүс боломжтой гэдэг, үгүй боломжгүй. Эдийн засгийн хуулиараа боломжгүй зүйл. Төр хувь хүн шиг, эзэн шиг байж чадахгүй. Тийм учраас төрийн өмч аль болох бага байх ёстой. Нөгөө талаар төрд өмч байдаг бол тэр нь маш тодорхой шалтгаантай, шалгууртай. Тэр шалтгаан, шалгуураараа жил бүр үнэлгээ хийж, энэ компани энэ шалгуурт өмнө нь нийцээд төрийн өмч болсон. Одоо энэ шалгуурын хэрэгцээ байхгүй болсон, тиймээс үүнийг хувьчилъя гэх мэт тодорхой байх шаардлагатай. Харин манайх сонирхлоороо, улс төрийн шалтгаанаар нэг мэдэхэд л 17 компани хувьчилна, эсвэл 11-ийг хувьчилна гээд зарладаг. Түүнийг хэн гаргаад ирсэн юм, тэр жагсаалтад тухайн компани яагаад орчихов гэдэг тодорхой үндэслэл байдаггүй.

-Төрийн өмчит 98 компани, аж ахуйн нэгж өнөөдөр байна. Эдгээрээс бараг тал хувь нь алдагдалтай ажилладаг тооцоолол байдаг. Үнэхээр алдагдалтай ажиллах нөхцөл шаардлага нь байгаад байна уу, улсаас заавал татаас өгөх ёстой хэрэг үү?

-Төр яагаад муу менежер юм бэ гэхээр удирдлагад, ТУЗ-д мэргэжлийн хүмүүс байдаггүйтэй холбоотой. ТУЗ-д төрийн аль нэгэн албаны мэргэжилтнүүд очдог. Тэр утгаараа тэр хүн бизнесийн туршлага, мэдлэг байдаггүй. Одоо манайд төр зохицуулагчийн үүрэг болон хувьцаа эзэмшигчийн үүргээ ялгадаггүй. Бүгдийг сайхан хольж хутгаад тавьчихдаг. Сангийн яамнаас төлөөлж байгаа ТУЗ-ийн гишүүн яамаа төлөөлж байгаа гэдэг сэтгэлгээтэй, тийм ажлын чадвар туршлагатай л хүн байдаг. Тэр хүн төрийн өмчит компанийн үйл ажиллагаанд компанийн эрх ашгийг төлөөлж оролцож байгаа гэдгээ ойлгодоггүй. Тиймээс компанийн эрх ашгийг хөндсөн асуудалд яамны эрх ашгаар ханддаг. Компани гэдэг ангилал бизнес гэсэн үг шүү дээ. Нэгэнт л тэр төрийн аж ахуй нэгж компани ангилалд байгаа л бол тэнд үр ашигтай үйл ажиллагаа явуулж байх ёстой. Түүнийг хэмждэг хэмжүүр нь тодорхой байх ёстой. Гүйцэтгэл нь ч тэр. Түүнийх нь дагуу ТУЗ нь чиглүүлдэг, удирддаг, хөдөлдөг байх ёстой. Манайд удирдлагууд нь мэргэжлийн бус. Мэргэжлийн хараат бусуудаа оруулах сонирхол байхгүй. Орсон ч ажиллах нөхцөл байхгүй.

Түүнээс гадна төрийн өмчийн томоохон компаниуд дээр гарч байгаа нэг асуудал бол их хэмжээний хэлцэл гэдгийг тодорхой тавьдаггүй. Үүний дор маш том авлига, хулгай үүсэх нөхцөл бүрдчихсэн. Хуулийн цоорхой шиг л болчихсон. Хэрэв эзэн хүн хувийнхаа компанийг удирдаж байсан бол их хэмжээний хэлцлийг бушуухан хязгаарлаж өгнө. Тэдээс дээш мөнгөн дүнтэй гэрээ хэлцлийг гүйцэтгэх захирал мэднэ, түүнээс дээш ТУЗ мэднэ, тэдээс дээш бол хувьцаа эзэмшигчид мэдэж, шийдвэр гаргана гэнэ. Түүнийг хянадаг аудитын хороо, хараат бус мэргэжлийн гишүүд нь байх ёстой. Гэтэл төрд тийм зүйл байхгүй. Гэрээ хэлцлийн хэмжээг тавих сонирхолгүй. Хуулиараа явж байгаа л гэдэг. Хууль ёсны хулгай хийх нөхцөл нь ингээд бүрдчихсэн байдаг. Энэ бол маш том асуудал болж байгаа юм.

-Төрийн өмчийн ТУЗ үүрэг хариуцлагатай, хараат, бус, мэргэжлийн ажиллах ёстой гэлээ. Яагаад тэд мэргэжлийн байж чадахгүй байна вэ?

-Үндсэн суурь хуулийн гаргалгаа нь байдаггүй. Зохицуулж байгаа хуулийнхаа хүрээнд сэтгэл байвал хийж болно л доо. Гэхдээ түүнийг хийх мэргэжлийн хүсэл сонирхол, улс төрийн сонирхол байдаггүй. Ингэхээр тэнд яг нөгөө л эзний бус сэтгэлгээгээр ханддаг. За хэл амны нэмэр гээд орхичихдог. Хэрэв тэнд эзэн нь байсан бол зүтгэж байгаад ТУЗ-өө мэргэжлийн байгуулна. Үнэхээр мэргэжлийн байгуулах нөхцөл бий. Хэрэв хүсвэл тухайн компаниас шаардаж байгаад олон нийтэд мэдээлж байгаад явж болно. Гэхдээ л намуудын цавчаанд ороод, намуудаас томилогдсон захирлууд байгаа учраас олон юм ярихгүй шүү дээ. Хэрэв гүйцэтгэх удирдлага нь ч тэр, ТУЗ нь ч мэргэжлийн байчих юм бол нам халдаад байж чадахгүй. Сайд нар солигдлоо гэхэд шинэ хүмүүс хэмжээ хязгааргүй эрх мэдлээ хэтрүүлэхгүй. Даанч тэнд мэргэжлийн хүмүүсийг тавихгүй байгаад л асуудал байгаа юм.

-Төрийн өмчийн компаниуд яагаад алдагдалтай ажилладаг талаар лавшруулж асуумаар байна?

-Үүнийг ялгах хэрэгтэй. Манайх төрийн өмчийн компани, төрийн өмчийн аж ахуйн нэгж гэж юу вэ, төсөвт байгууллага гэж юуг хэлэх вэ гэдгийг ялга. Жишээ нь, төрийн өмчийн компани гэдэг ангилал руу орсон л бол ашиг алдагдлаа тэнцүүлж явах ёстой. Бүр ашигтай ажиллах ёстой. Эсвэл төсөвт байгууллага юм бол сургууль, цэцэрлэг шиг төсвөөс татаас аваад явна. Манайх энэ ангиллаа бас л хольж хутгачихсан. Зуун хувийн төрийн өмчтэй мөртлөө хувьцаат компани ч байх шиг. Жишээ нь, МИАТ. Ийм л замбараагүй ангилалтай. Энэ хэрээр шаардлага тавигддаггүй л гэсэн үг.

Олон улсад компаниудад төрөөс санхүүжилт өгч болно. Гэхдээ компани төсөвт байгууллага биш учраас яг ямар үйл ажиллагаан дээр санхүүжилт авч байгаа нь маш тодорхой байх болно. Жишээ нь, нийтийн тээврийн хувийн компани үнэ өсгөхгүй байх төрийн үүргийг гүйцэтгэж байна гэж бодъё. Төр тэр ажлаа хийлгэхийн тулд тухайн компанид яг эдийн засгийн үндэслэлтэй татаас олгох ёстой. Татаасаас бусад хэсэг дээр компани ашигт ажиллагаагаа хангаж байх ёстой.

Гадны улс орнуудад аливаа компанийн үйл ажиллагааг төрийн татаастай холихгүйн тулд хоёр төрлийн данс ашигладаг. Наймааны данс, наймааны бус данс гэж. Найманы данс гэдэг нь илүү өрсөлдөөнөөр өөрсдөө олдог орлого. Наймааны бус гэдэг төрийн үүргийг гүйцэтгэж байгаагийн төлөө авсан татаасаа хийгээд түүнээсээ тодорхой зориулалтаар ашигладаг. Тэр нь хувьцаа эзэмшигчид, бусад бүх хүмүүст ойлгомжтой, нээлттэй байх ёстой. Харин манайд бол хольж хутгаад тэр мөнгө нь өөр зориулалтаар зарцуулагдаад явдаг. Түүнийг ТУЗ нь хэмжихэд ч хэцүү, тайлангаа гаргаж байгаа хүмүүст ч ойлгоход түвэгтэй. Үүнийг зохицуулах ёстой.

-Тэгвэл төрийн өмчит компаниуд алдагдалгүй ажиллах боломжтой юм биш үү?

-Төрийн өмчит компанийн ангилалд зөв ороод ирчихсэн бол алдагдалгүй л ажиллах ёстой. Хоёрт, элдэв татаас хөнгөлөлт авч байгаа бол компани түүнийгээ арилжааны үйл ажиллагаанаас салгах хэрэгтэй. Ингэснээр хяналт тавих бололцоо үүснэ. Төр ч өөрийнхөө өгсөн хөрөнгийг хянана, компани ч юмаа хянах бололцоотой. Ингэж татаас авсан компани зах зээл дээрх өрсөлдөөнийг эвдэхгүй байх ёстой. Хувийн компаниуд үйл ажиллагаа явуулж байхад баахан татаас хөнгөлөлттэй зээлтэй төрийн нэг компани орж ирээд нөгөө хэдийнхээ үнийг будаа болгож болохгүй. Олон улсад, Европын орнуудад хувийн компаниудын өөрийн хөрөнгө өр зээлийнх нь харьцаатай балансалж үздэг. Энэ нь тэнцүү байх ёстой. Илүү их өр зээл, илүү их тэтгэлэг авчихсан бол зах зээлийг эвддэг. Үүнээс хамгаалсан арга барил хэрэглэдэг байх хэрэгтэй. Манайд юун тэр арга барил хэрэглэх манатай.

-Нэгэнт төр данхар байна. Хувьчлах хэрэгтэй гэдэгтэй бүх нийтээрээ санал нийлдэг. Тэгвэл яаж хувьчлах ёстой вэ?

-Олон улсын туршлагаар улс орон болгон өөр өөрийн онцлогтой. Жишээ нь, Англид нэг хэсэг төр компаниудаа төрдөө аваад сүүлдээ буруу юм байна гээд тултал нь хувьчилсан. Манайд угаасаа данхар байгаа нь ойлгомжтой.

Манай төр аж ахуйн ажил руу орох маш их сонирхолтой. Тиймээс манайд хариуцлагын тогтолцоог сайжруулчихвал төр олон компани авах сонирхолгүй болно. Манайд энэ систем тодорхойгүй учраас болж л өгвөл төрд аваад, явж очоод мөнгө хөрөнгөө угаагаад байдаг. Үүн дээр компанийг төрд авбал ямар хариуцлага хүлээх вэ гэсэн хариуцлагыг тодорхой болгочих. Хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлж байгаа яамдуудтай хариуцлага ярина. Тэнд байгаа мэргэжилтэн, яг тэр ажлыг хашиж байгаа хүнтэй хариуцлага тооцдог болчих юм бол аяндаа хэрэггүй юмнаасаа салж эхэлнэ.

Төрийн өмчит компанийн хувьчлалыг мэргэжлийн хараат бус зөвлөл байгуулах хэрэгтэй. Жишээ нь, төрийн өмчийн тухайн компанийн үнэлгээн дээр маш сайн хяналт тавиад өгөх ёстой. Одоо манайд төрийн битгий хэл хувийн компаниуд хувьцаа гаргадаг. Гэтэл үнэлгээ нь маш асуудалтай. Хөрөнгө, бизнесийн үнэлгээ нь маш үндэслэлгүй. Тэгээд 10 хувиа гаргах нэрээр хувьцаа авч байгаа хүмүүсээ шулдаг. Орж ирсэн мөнгөө өөр зүйлд зарцуулаад л явж байна. Эцэст нь хувьцаа авсан хүмүүс л хохирч байгаа. Хэзээ ч хувьцааных нь үнэ нь өсдөггүй.

Тэгэхээр үнэлгээг хэн хийж байна, ямар үнэлгээ гаргаж байнга, үнэн юм уу гэж харах ёстой. Түүн дээр мэргэжлийн хүмүүс байх ёстой юм. Манайд бизнесийн үнэлгээ хийж байна гэхээр зүгээр л хөрөнгө үнэлдэг хүмүүс хийчихдэг. Тэд бизнес үнэлж чадахгүй. Бизнесийн үнэлгээг олон улсын хэмжээнд гаргаж ирж үнэлээд түүнийхээ хэчнээн хувийг хувьчлах вэ, ямар үе шаттай явагдах вэ. Шилжилтийн үед төр өөрийнхөө хяналтыг яаж тавих вэ гэдгийг тодорхой зааж төр өөрийнхөө үүргээс бага багаар холдох ёстой. Анхны цэнхэр ягаан тасалбар шиг болгож болохгүй.

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр бич өдөр DNN.mn

Аргын тооллын аравдугаар сарын 5, Бархасвадь гараг. Билгийн тооллын 21, Гөрөөсөн толгой одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 6:56 цагт мандан, 18:25 цагт жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна DNN.mn

 10-р сарын 05-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -4…-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +5…+10 градус дулаан, бусад нутгаар +2…-3 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +5…+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18…+23 градус, бусад нутгаар +12…+17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -4…-6 градус, бусад хэсгээр 0…-2 градус хүйтэн, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө +14…+16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө +13…+15 градус дулаан байна.

2023 оны 10 дугаар сарын 06-наас 10 дугаар сарын 10-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 7-нд нутгийн зарим газраар, 8-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бага зэрэг хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +13…+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4…+1 градус, өдөртөө +7…+12 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр өдөртөө бага зэрэг дулаарна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Жолооны сургууль ба согтуу жолооч” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт НИТХ-ын төлөөлөгч, ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн П.Наранбаяр “Хотын даргад УИХ-аас шүхрээр бууж ирээд л байвал хулгайн схем арилахгүй” хэмээн ярьсныг VII нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

Ардчилсан намын гишүүн, хуульч, улс төр судлаач ьч Б.Содхуяг “Хууль тогтоох байгууллагуудын хоорондох хамтарсан комиссын тухай ойлголт Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуульд огт байхгүй” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт   нийтлэлч Б.Цэнддоогийн “Жолооны сургууль ба согтуу жолооч” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

МАН-ын генсекийн төлөөх “алалцаан” эхэллээ.

Хотын даргад Х.Нямбаатарыг, Хот хариуцсан сайдад Б.Дэлгэрсайханыг, Хууль зүйн сайдад Б.Энхбаярыг томилохыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжлээ.

ЦЕГ: 12 настай охиныг авч явсан этгээдийг Өмнөговийн Манлай сумаас саатуулсан

Сэтгэлзүйч Ж.Үйлст “Байгалийн нөлөөгөөр монголчууд тууштай биш нь их ажиглагддаг” хэмээн ярилаа.


 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
story-news

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Жолооны сургууль ба согтуу жолооч” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Жолооны сургууль ба согтуу жолооч” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Categories
мэдээ спорт

Таэквондогийн “Соёмбо цом-2023” тэмцээн болно DNN.mn

Өмнөд Солонгосоос үүсэлтэй WTF-ын Дэлхийн таэквондогийн холбооны Монголын олимпын таэквондогийн II дахь удаагийн “SOYOMBO CUP 2023” тэмцээн болно.

Тус тэмцээнд  Монголын таэквондогийн холбооны 36 салбар сургалтын төвийн 650 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлээд байна.

Categories
мэдээ улс-төр

Чуулганы болон хуралдааны танхимыг 126 гишүүнд зориулан засаж, тохижуулахад 22.08 тэрбум төгрөг тусгажээ DNN.mn

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд бүрдэх парламент 126 гишүүнтэй байхаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Тиймээс 76 гишүүнд зориулсан УИХ-ын чуулганы болон хуралдааны танхимуудыг өргөжүүлэх шаардлага тулгарсан.

Улмаар өнгөрсөн хавар эрх зүйн хувьд 126 гишүүнтэй болоход Монгол Улсын Их хурлын тухай хууль, Монгол Улсын Их хурлын дэгийн тухай хууль, холбогдох бусад хууль, журамд өөрчлөлт оруулах, чуулганы болон төрийн ордны хуралдааны танхимуудыг тохижуулах, тоног төхөөрөмж худалдан авах ажлыг зохион байгуулах УИХ-ын хоёр ажлын хэсэг байгуулагдсан.

Тэгвэл ирэх оны төсвийн төсөлд төрийн төрийн ордны хуралдааны танхимуудын их засварын ажилд 3.089 тэрбум төгрөг, тоног төхөөрөмж худалдан авахад 19 тэрбум төгрөг тусгажээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын чуулганы болон хуралдааны танхимыг 126 гишүүнд зориулан засаж, тохижуулахад 22.08 тэрбум төгрөг төсөвлөөд байна.

Categories
мэдээ нийгэм

Төв аймагт жоншны баяжмалын үйлдвэр ашиглалтад оржээ DNN.mn

Төв аймгийн Баянцагаан суманд жоншны баяжмалын үйлдвэр ашиглалтад оржээ.

Тодруулбал, “Монгол Чех металл” компанийн жоншны баяжмалын үйлдвэр есдүгээр сарын 30-нд ашиглалтад орсон байна. Улмаар 200 ажлын байр бий болгожээ. Уг үйлдвэр ашиглалтад орсноор тус аймгийн ДНБ-д боловсруулах салбарын эзлэх хувийн жинг нэмэгдүүлнэ хэмээн тооцоолж буй.

Үйлдвэрийг барихдаа баяжмал болон хаягдлыг усгүйжүүлэх дэвшилтэт техник технологи нэвтрүүлсэн байна. Улмаар усны эргэлтийг түргэсгэх ажээ. Ингэж эргүүлэн ашиглах усны хэмжээг нэмэгдүүлж, цэвэр усны хэрэглээг багасгах юм байна.

Түүнчлэн баяжуулах үйлдвэрт түгээмэл хэрэглэж ирсэн хаягдлын далангийн системийг өөрчилжээ. Ингэхдээ байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулахыг зорьсон бөгөөд үйлдвэрт хэрэглэсэн усныхаа 86 хувийг эргүүлэн ашиглахаараа онцлогтой аж.