Монголын Криминологичдын холбооны Удирдах зөвлөлийн дарга, доктор профессор Б.Батзоригтой ярилцлаа.
– Бага насны хүүхэд бусдын гарт амиа алдсан харамсалтай явдал боллоо. Нийгэмд онц ноцтой гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх асуудал нийгэмд ихээр яригдаж байна. Үүнийг авч үздэг нэг том салбар криминологи. Монголд байгаа энэ салбарын томчууд танай холбоонд бий. Тэгэхээр нийгмийн энэ аюулт үзэгдлийг хэрхэн багасгах талаар та бүхэн ямар байр суурьтай байна вэ?
– . Гэмт хэргийн шалтгааныг судалж, урьдчилан сэргийлэх арга замыг судалдаг. Энгийнээр гэмт хэрэг зөрчил, авлига, хүний наймаа. компаниудын хууль зөрчсөн үйлдэл, архидалт гэх мэт үзэгдлийг өвчин гэж үзвэл өвчин гарахаас сэргийлдэгтэй адилхан оношлоод, судалдаг гэсэн үг.
Уучлаарай, гэмтлийн эмнэлгийн эмч гэмтсэн хүмүүсийг хараад байдаг л юм гэж байгаа шиг ярьж магадгүй. Судлаачийн хувьд энэ бол гэмт хэрэг. Үүнээс ч ноцтой хэргүүд гардаг. Цаашдаа ч гарна. Бүр аюултай хэргүүд ч гарна.
Манайх 30 жилийн турш нэг бүтэн үе бүтээчихсэн. Энэ 30 жилийн дотор ямар үнэт зүйлтэй, эмгэгтэй, гаж донтой, хэний ч төсөөлшгүй араатан шиг хүн болох бүрэн боломжтой. Тийм орчин Монгол Улсад 30 жил бүрдчихсэн. Тиймээс судлаачид бидний хувьд хуулийн байгууллагуудад нэг хүсэлт тавьж ирсэн. “Энэ ноцтой хэргүүдийг судалъя. Дахиад ийм хэрэг гаргуулахгүйн тулд судалж, арга зам эрэлхийлье” гэдэг. Судлуулдаггүй.
– Яагаад?
– Яг ямар орчинд өсөж торнисон, ямар орчинд байсан хүмүүс ийм төрлийн хэрэг хийгээд байна вэ. Энэ хүмүүсийг хэрэг хийлгэхгүйн тулд яах ёстой юм бэ гэдэг л бидний ажил.
Үндсэндээ манай хуулийн байгууллага, монгол төр хүнээ зүгээр шоронд л явуулдаг. Хүүхдээ сайн хүн болгож хүмүүжүүлэхийн тулд аав, ээж нь ажилладаг байтал зүгээр л зодоод байгаатай адилхан. Эсвэл хүйтэнд гадна гаргаад зогсоочихдогтой ижилхэн хатуу төр байна. Тийм ч учраас олон улсад олон мянган жилийн турш тухайн төр засаг ард түмэндээ яаж хандаж байгааг мэдэхийн тулд шоронд нь очиж үз гэдэг. Манай Монголд хүүхэд, эмэгтэйчүүд шоронгоор дүүрэх нь. .
Манайх 30 жилийн турш нэг бүтэн үе бүтээчихсэн. Энэ 30 жилийн дотор ямар үнэт зүйлтэй, эмгэгтэй, гаж донтой, хэний ч төсөөлшгүй араатан шиг хүн болох бүрэн боломжтой
Уг нь эмэгтэй хүн, хүүхдүүд жигшүүрт гэмт хэрэг үйлдэх нь маш ховор. Ихэвчлэн амьдрахын тулд, зүгээр хоол идэхийн тулд, эсвэл өөрийгөө хамгаалахын тулд гэмт хэрэг үйлддэг. Мэдээж ноцтой, санаатай айхавтар хэргүүд бий л дээ.
Өнөөдрийнх шиг ийм хэргүүд зөндөө гарч байсан. Бүр хүүхдийг үе мөчөөр таслаад цүнхлээд явж байсан шүү дээ. Өөр ч жишээ дурдаж болох боловч хэрэг гарсан хойно нэг хүн хохироод, амиа алдах, нэг хүнийг шоронд явуулахаас илүү урьдчилан сэргийлэх бодлогыг зөв хийчих юм бол хүн хохирохгүй, хүн шоронд явахгүй.
– Сая болж өнгөрсөн явдал нийгэмд олон зүйлийг харуулж байна л даа. Эрэн сурвалжлах ажиллагаа гэхэд маш олон төөрөгдөл, таамаглалыг бий болголоо. Мэдээж мөрдөн байцаалтын нууц байх?
– Манайх хүүхэд, сэтгэцийн эмгэг өөрчлөлтэй хүн алга болоход шуурхай эрэн сурвалжлаад байх шиг байна. Гэхдээ олон янзын аргаар тэмцдэг байх л даа. Жишээ нь та бүхэн нийтийн сүлжээ рүү ороод авран хайх ажиллагаа гээд хайгаад үзвэл онцгой байдлын журам л гарч ирнэ. Цагдаагийн сураггүй алга болох, эрэн сурвалжлах журмыг хайвал олдохгүй. Байхгүй болохоор л хүмүүс хардаад байна.
Ялангуяа том хүмүүс сураггүй болсон тохиолдолд мөрдөхгүй байсаар цогцсыг олж байгаа тохиолдол байгаа. Уг нь энэ журмыг нуугаад байх шаардлагагүй. Яах вэ, нарийн ажиллагаанууд хаалттай байх боловч иргэн хүн хуулийн байгууллагад шаардлага тавихын тулд журам нь ил тод байх ёстой юм.
Нөгөө талаар манайх бүх юмаа цагдаад даатгадаг болчихсон. Жишээ нь хүүхдийн аюулгүй байдал гэдэг бол тоглоомын талбайн стандартыг хангах. Барилга стандарт дүрэм журмаараа баригдвал бас л хүүхдийн аюулгүй байдлыг хангана. Камержуулалт, гэрэлтүүлэг, такси үйлчилгээ зэрэг бүх юм цаанаа стандарттай. Үүнийгээ барихгүй байгаа учраас асуудлууд үүсээд байгаа юм. Уг нь цагдаагийн ажил өөр. Хүүхэд алга болохоос урьдчилан сэргийлэх чиг үүргийг цагдаа хийхгүй.
Хүүхдийн олон байгууллага байна. Тэдгээр нь цогцоороо болж байж хүүхэд бусдын халдлагад өртөхөөс сэргийлдэг. Аргаа бараад цагдаад хүүхдийн байцаагч бий болгож байна шүү дээ. Тэгээд ч үр дүнгээ өгөхгүй байгаа.
Тиймээс манайд Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль гэж бий. Тэр хуулиа л мөрдчихмөөр байгаа юм. Хуулиа бариад байгууллага бүр ажиллачих ёстой. Урьдчилан сэргийлэх буюу криминологи өөрөө бодлогын түвшинд тодорхой болгож байдаг. Даанч манайд бодлогын баримт бичиг байхгүй. Монгол Улсад хүнээ алуулахгүйн тулд ямар бодлого байдаг вэ, байхгүй.
Хүүхдээ бусдын гарт хүчирхийлүүлж, алуулахгүйн тулд юу хийдэг вэ, байхгүй. Ерөөсөө Монгол Улсад сүүлийн жилүүдэд зам тээвэр, хүүхэд, согтуугаар үйлдсэн гэмт хэрэг замбараагаа алдсан. Ийм байдлаараа бидний урд дуулж байгаагүй гэмт хэргүүд гарч эхэлнэ. Дуулиан болоод байгаа нь л энэ болохоос биш.
– Тэгвэл ямар бодлого байх ёстой вэ?
– Энэ үед нь бид социализмын үеийн аян, зурагт хуудас, ухуулгын аргаар тэмцмээргүй байгаа юм. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга замыг дэлхий нийт аль эрт бодож олоод шийдчихсэн. Одоо бүр нарны идэвхжилээс болж хүн ямар хэрэг хийдэг вэ гэдгийг судалж эхэлж байна. Өөрөөр хэлбэл, энгийн зүйлээ судлаад, шийдэл гарцуудыг нь тодорхой болгочихсон. Жишээ нь, хашаа нурааж байна. Энэ бол гэмт хэргээс урьдчилан сэргийлэх том арга хэмжээ мөн.
Манайх үүнийг мэдэхгүйгээр л хийж байгаа болохоос. Гэтэл зарим хүмүүсийн айдсын түвшинг нэмдэг. Хамгаалалтгүй юм шиг сэтгэгдэл төрдөг. Тиймээс харанхуй гудамж талбай олон болдог учраас хэрэг гарах магадлал нэмэгддэг.
Гэмт хэрэгтэн амьтан. Яг л олзоо хайж байгаа араатан шиг байдаг. Тэдэнд өгөөш болсон нуугдаж болох газар манайд үй түмээрээ байна. Гэтэл үүний шийдэл бүгд бэлэн. Барилгын архитектур хөгжөөд, төгсөрчхөөд байхад манайх аанай л хуучин аргаа ашиглаад байна
Одоо 80-90 см-ийн түвшинд ургамлан далан бий болгож эхэлж байна. Нэгд, тэр хүнд хашаатай гэдэг мэдрэмж төрж байна. Хоёрт, удаан хугацаанд хашаатай мэдрэмжтэй байсаар тэр хүн ганцаарддаг, түүнээс улбаалж буруу зүйл хийдэг гэдэг. Тиймээс цэлгэр болгоод ирэхээр уужирдаг. Ийм түвшинд хүрч байна.
Нэг улсад хүчингийн гэмт хэрэг гараад дийлдэхээ болиод бослогын түвшинд хүрч ирсэн. Тиймээс хотын дарга нь баар дэлгүүрийнхээ эздийг дуудаад “Та нар ойр орчмынхоо эргэн тойронд рекламны самбаруудаа гэрэлтүүлээд гоё болгочих” гэсэн. Тэгээд хот тэр чигээрээ гэрэлтэй болсон. Тэнэг л биш бол гэрэлтэй үед гэмт хэрэг хийгээд явдаг хүн байхгүй. Тэгэхээр орчин гэдэг зүйл маш чухал. Гучин жил бэлдсэн сэтгэлгээг бид өөрчлөх гээд оролдоод байна. Түүний оронд орчныг л өөрчлөх ёстой.
– Стандарт журмаа бариад эхлэхэд үр дүн гарна гэж харлаа, тийм үү?
– Гэмт хэрэгтэн амьтан. Яг л олзоо хайж байгаа араатан шиг байдаг. Тэдэнд өгөөш болсон нуугдаж болох газар манайд үй түмээрээ байна. Гэтэл үүний шийдэл бүгд бэлэн. Барилгын архитектур хөгжөөд, төгсөрчхөөд байхад манайх аанай л хуучин аргаа ашиглаад байна. Тиймээс чаддаг хүнээр нь чаддаг юмаа л хийлгэ. Цагдаагаар чадахгүй юм битгий хийлгэ. Өөрөөр хэлбэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэдэг бол гэрэлтүүлэг нэмэх, тоглоомын талбайн стандартыг барих, барилгын стандартыг мөрдөх ажлаас л эхэлнэ. Барилгын шинжлэх ухаан бүх зүйлээ шийдчихсэн. Стандарт журмаа мөрдөхгүй мөртлөө цагдаагаар бүх орон сууцны хаалтуудыг шалгуулах юм уу.
Цагдаа бол хойноос нь хөөж явдаг улс. Урьдчилан сэргийлэх бодлого бол гэмт хэрэг үйлдэгдэх бүх замыг хааж сэргийлдэг. Нэг ёсондоо, яагаад хүүхдүүд маш олноор гэмт хэрэгт өртөөд байна вэ гэвэл УИХ-ын буруу бодлоготой холбоотой. Тэд хэдэн хүүхдийн аминд хүрч дуугарах вэ. Зам тээврийн ослоор цөөн хүн үхээд байгаа учраас дуугарахгүй байгаа юм уу. Согтуу хүн олон хүнийг нэг дор алсан тохиолдолд согтуурлыг ярих ёстой юм уу. Хэдэн хүний амь хэрэгтэй юм бэ. Одоо бол зүгээр л тоо болчхоод байна.
Украины дайнд амиа алдсан хүүхдүүдээс олон хүүхэд бусдын гарт амиа алдчихаад байна. Тэгээд аргаа бараад иргэний хөдөлгөөнүүд нэгдэж эхэлж байна. Тэднийг тоохгүй шүү дээ. Манай үйл ажиллагаанд саад болж байна, зогс, боль гэнэ. Манайх социализмын маш олон хуультай. Хаана, хорино, цагдана гэдэг.
Гэхдээ яах вэ, монгол хүний хувьд ямагт хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалдаг инстиктийг хэн ч хорьж дийлэхгүй. Гэхдээ хуулийн байгууллагын гэмт хэрэг илрүүлэх ажиллагаа арай л өөр байх ёстой.
– Хүүхдийн эсрэг гэмт хэрэгт түгээмэл ажиглагддаг зүйл гачигдалтай байдал. Хагас өнчин, аав ээж нь архины хамааралтай, эсвэл үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд хохирогч болдог. Энэ асуудалд хамгийн түрүүнд ямар гарц байна вэ?
– Тэр бол нийгмийн ажилтнуудын ажил. Тэд сонгуулийн ажилд биш үүн дээр анхаарах хэрэгтэй. Баг, хорооныхон үүнийг маш сайн мэддэг. Сонгуульд хэрэг болдог учраас тэдэнд бүх мэдээлэл бий. Тиймээс сонгуульдаа зориулж биш иргэнээ хамгаалах чиглэлээр ажиллах ёстой. .
Нийгмийн ажилтан сайн ажиллаад эхэлбэл нийгэм их өөр болно. Уг нь энгийн дуудлага дээр цагдаа биш нийгмийн ажилтан очих ёстой. Тэд чинь сэтгэл зүйч, иргэнээ мэднэ. Цагдаа хувцастай хүн очих өөр, нийгмийн ажилтан очих бүр өөр. Буруу замд орохоос сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах боломжтой. Тэдэнд гурил өгөх үү, цай өгчих үү гэхийн оронд энэ хүнийг нэг ажилд оруулчих юм сан, архины эмчилгээнд явуулчих юм сан, хүүхэд нь сургуулиа завсардах вий, энэ хүүхэд өнөөдөр хичээлдээ яваагүй модоо хагалж байна, яасан юм бол гэж хийдэг ажил. Дээрээс нь мэргэжлийн удирдлагаар хүүхдийн байгууллагууд хангаад, цагдаа нь туслаад явах ёстой. Гэтэл манайд хамтарсан баг гэж завхарсан юм бий. Хүчирхийлэлд өртсөн нь хойно нь олдог.
Бид аливаа зүйлийг тогтолцоогоор нь харж хөдлөхгүй байна. Ерөөсөө дэлхийн аль ч улс ард иргэдэд хоёрхон зүйлийг бий болгохын төлөө байдаг. Эрүүл байлгахын тулд, тайван амгалан байлгахын тулд. Энэ хоёрыг л бүрдүүлдэг. Эрүүл байлгах чиглэлээр манайх чадлаараа ажиллаад байна. Харин тайван амгалан байлгах асуудал байхгүй. Үүний төлөө юу хийх вэ гэхээр бодлого байхгүй. Дур дураараа л явж байна. Ийм байдлаар явсаар хүүхдүүдээ алуулж, хүчирхийлүүлээд байх юм уу. Ямар бодлогоор тэмцэх юм, түүнийгээ гаргах ёстой.
Монгол Улсын хуулийн тогтолцоо хуулийн дагуу биш, хүний арга барилаар ажилладаг болсон. Загнахаар ажилладаг, эсвэл тушаал өгөхөөр сайн ажилладаг. Хууль өөрөө систем. Машиныг түлхүүрдэж асаачхаад унтар гэж хэлэхээр унтрахгүй. Гэтэл манайд унтарчихдаг. Үнэндээ олон жил бугшсан систем. Даргад суурилсан ийм системийг өөрчлөхгүй бол үүн дээр гэмт хэрэгтнүүд тоглож эхэллээ.
Хэзээ ч гэмт хэрэгтэн баригдана гэж хэрэг хийдэггүй. Баригдахгүйн тулд боддог. “Тэнэгүүд ийм юм уу, за за тэгвэл ингэж хөдлөх юм байна” гэж. Үүнийг 1968 онд Эдийн засгийн нобелийн шагнал хүртсэн хүн эдийн засгийн ухаанаар тооцоод гаргачихсан юм шүү дээ.