Categories
мэдээ нийгэм

Өвөлжилтийн бэлтгэл 95 хувьтай байна DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Зөвлөгөөнөөр Хотын дарга найман чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ойг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах үүрэг өгсөн юм. Энэ хүрээнд 68 байгууллага 120 ажил, арга хэмжээ зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн өвөлжилтийн бэлтгэл 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Түүнчлэн хот, нийтийн аж ахуйн тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмж нийлүүлэх ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Энэ дагуу УБЗАА-наас БНХАУ-ын хөрөнгө оруулалт, “Хас” банктай хамтран тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Categories
мэдээ улс-төр

АН: Эрх баригчид ерөнхий тоон мэдээллээр хязгаарлаж, иргэн, ААН-ийн нэр, мэдээллийг хүсэхэд өгөхгүй байж болохгүй DNN.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс бүлгээс мэдээлэл хийлээ.

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Цар тахлын үеэр олон шууд худалдан авалтыг төрийн нэрээр хийсэн. Байнгын хорооны хуралдаанаар шинжээч томилох асуудлыг хэлэлцэх байсан ч ирц хүрэлцээгүй гэдэг шалтгаанаар шинжээч томилсонгүй. Эрх баригчид ерөнхий тоон мэдээллээр хязгаарлаж, иргэн, аж ахуйн нэгжийн нэр, мэдээллийг хүсэхэд өгөхгүй байж болохгүй. Мөн сэтгүүлчид өнөөдөр мөрдөн байцаалтын нууцыг задруулах гэдэг нэрийн дор хэвлэл мэдээлэл, олон нийтийн мэдэх эрхэд халдах гэж байгаа зүйл заалтыг ярьж байна. Ардчилсан намын зүгээс хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чиглэлд нээлттэй байхад өөрийн байр сууриа илэрхийлнэ. Иргэний мэдэх эрхийн талд зогсоно. Цар тахлын сонсголд таван гишүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Ульхан боомт чиглэлийн 50 км хатуу хучилттай замыг ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ DNN.mn

Дорнод аймаг Баян-Уул сумаас Ульхан боомт чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажил үргэлжилж байна.

Тодруулбал замын чиг сэргээх, ухмал, далан, түр зам барих, карьерын хайгуул хийх зэрэг зам, барилгын ажил хийж, нийт 13.8 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Уг замыг 2024 оны арваннэгдүгээр сард улсын ашиглалтад өгөхөөр төлөвлөж ажиллаж байгааг Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас мэдээлэв.

Замын хяналтын зөвлөхөөр “Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ”, гүйцэтгэгчээр “Билэгт зам” ХХК, “Да Шин” ХХК ажиллаж байна.

Ульхан нь 1971 онд нээгдсэн Монгол-Оросын зорчигч, ачаа тээврийн авто замын боомт бөгөөд улсын хилээс 0.8км, Чойбалсан хотоос 270км зайд оршдог.

Categories
мэдээ улс-төр

МАН: Эрүүгийн хуулийн 21.9 дэх заалтыг хасна DNN.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн  танилцуулав.

Өнөөдрийн бүлгийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцжээ:

  • 2024 оны улсын төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүүсэн хуулийн төслүүд
  • Намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах тухай
  • Эрүүгийн уульд нээлт өөрчлөлт оруулах тухай.

Засгийн газар газрын 5 хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөн барьжээ. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс намын бүлэгт Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор шаардлага хүргүүлжээ. Энэ төслийн 21.9 дэх заалтад мөрдөн байцаалтын мэдээллийг ил болгосон, задруулсан хүнд Эрүүгийн хуулиар хариуцлага тооцдог болох тухай заажээ.

Энэ заалт иргэдийн мэдэх эрхийг хаасан, сэтгүүлчдийн мэдээлэх ажлын хүрээг хумьж байна хэмээн Төрийн ордонд ажилладаг сэтгүүлчид эсэргүүцсэн юм. Энэ дагуу намын бүлэг ХЗДХ-ийн сайд Н.Энхбаярын мэдээллийг сонссоны дараа дээрх заалтыг хуулийн төслөөс хасжээ.

Эрүүгийн хуулийн төслийн богино хугацаанд боловсруулсан тул нийтээр хэлэлцүүлээгүй гэдгийг Д.Тогтохсүрэн дарга онцлов.

Categories
мэдээ нийгэм

Залилах гэмт хэргээс сэрэмжлээрэй DNN.mn

Нийслэлийн хэмжээнд он гарснаас хойш 154 мянган гомдол, мэдээлэл хүлээн авчээ.

Үүнээс 64 хувь нь зөрчлийн шинжтэй бол 36 хувь нь гэмт хэргийн шинжтэй байна. Мөн гурван төрлийн гэмт хэрэг зонхилон бүртгэгдэж буй. Тодруулбал, залилах гэмт хэрэг 42.7, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 20.4, хулгайлах гэмт хэрэг 17.4 хувийг эзэлж байгаа юм гэлээ. Тэрбээр мөн залилангийн гэмт хэрэг ихэвчлэн цахимаар үйлдэгдэж байгаа тул иргэдийг анхаарал болгоомжтой байх хэрэгтэйг дурдлаа.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Шаарийбуу: Мартаж болохгүй зүйл гэж байдаг юм аа DNN.mn

Одоогоос 18 жилийн өмнө Малайз улсад Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан хар өдөр энэ сарын 19-н юм. Талийгаачийн аав С.Шаарийбуу охиндоо зориулан мод тарьж байхад нь уулзлаа. Тэрбээр “Маргааш галав юүлэхийг мэдэж байсан ч өнөөдөр алимны мод тарь” гэсэн ухаант үг байдаг юм аа гэснээр бидний яриа эхэллээ.

– Малайзын шүүх 16 жилийн дараа улс төрийн захиалгат хэргийнхээ бурууг хүлээж, таны нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээ жил орчмын өмнө мэдэгдсэн. Өнөөдөр хүртэл юу болж өнгөрөв?

– Малайзын шүүх 15 жилийн дараа иргэний нэхэмжлэлийн асуудлыг шийдэж, 2020 онд шийдвэрээ танилцуулсан юм. Олон ч хүн надад “Болж дээ, үр дүнд хүрлээ дээ” гэх зэргээр санаа бодлоо илэрхийлсэн. Би ч хүмүүст талархалтай байдаг.

Гэсэн ч тэр өдрөөс хойш юу ч шийдэгдээгүй өнөөдрийг хүрч байна. Харин ч Малайзын Засгийн газар иргэн надтай давж заалдсан. Давж заалдах хурлаа хийдэггүй, товлодоггүй явсаар хоёр жил өнгөрч байна.

Охиныг минь аймшигтайгаар энэ хорвоогоос холдуулсан өдөр энэ сарын 19-н. Би энэ өдрийг мартаж болохгүй асуудал гэж байдаг юм аа гэж өөртөө болон олон хүнд дахин нэг хэлэхийн тулд чамтай уулзаж байгаа юм.

– Малайз улс давж заалдсан үндэслэлээ юу гэж тайлбарлах юм бэ?

– Тодорхойгүй. Манай Засгийн газар ийм шалтгаанаар давж заалдаж байна, өмнөх шүүхийн шийдвэр ингэж гарлаа гэж албан ёсоор ямар ч тайлбар, мэдээлэл ирүүлдэггүй. Таг болсон. Надаас өөр хөөцөлдөх, хэлэх хүн байхгүй.

– Манай талаас Хууль зүй, дотоод хэргийн яам зэргээр дамжуулаад хөөцөлдөж болдоггүй хэрэг үү?

– Монгол, Малайз хоёр орны хооронд эрх зүйн гэрээгүй болохоор боломжгүй гэж Хууль зүйн яамнаас албан бичиг ирүүллээ. Гадаад харилцааны сайд саяхан намайг хүлээж авсан. Гадаад яам дипломат үйл ажиллагаа явуулдаг. Хуулийн үйл ажиллагаа явуулж, хэн нэгэн хүний хэрэгт орооцолдоод байх боломжгүй. Юуг бичих, ярих нь тусдаа. Тодорхой цензуртэй байдаг болохоор яах вэ, хүлээж авсан нь сайн хэрэг.

Малайзад манайхаас ямар ч төлөөлөл байхгүй. Сүүлийн 13 жил Малайз улсын тал Монгол Улсад итгэмжлэх жуух бичгээ бариагүй. Малайзыг хариуцсан Монголын Элчин сайдад ч итгэмжлэх жуух бичгийг нь бариулаагүй. Ингэхээр хоёр талаасаа ямар ч үйл ажиллагаа явуулах эрх нээгддэггүй. Монгол, Малайз хоёр визгүй зорчдог. Ер нь Малайз хамгийн хариуцлагагүй орон. Би ганцхан өөрийнхөө хүүхдийн тухай яриагүй. Олон монголчууд тэнд амь насаа алдсан. Бүр дайн болж байгаа юм шиг буудуулсан, захын үүдэн дээр дүүжлүүлсэн, сураггүй алга болсон нь ч цөөнгүй бий.

Хүний наймаанд маш олон монгол эмэгтэй очиж хэлмэгдсэн. Би хэдэн арав гэж яриагүй шүү, түүнээс олон тоогоор хэлж байна. Тэр хүмүүс надад ханддаг юм. Манай хүүхэд ингэчихлээ, би ингэж зүдэрч зовж явна гээд. Хүний эрхийн төрийн бус байгууллагуудтай хамтарч эх оронд нь авчирч байсан удаатай.

– Хүний наймаа одоо ч бий гэгддэг…?

– Өчнөөн жил, одоо ч үргэлжилж байгаа. Хүний наймаанд орсон хүн юунд хэрэглэгдээд, эцэст нь яаж хаягддагийг мэднэ. Ингэж баригдсан монголчууд Малайзын шоронд өдөрт өвдгөөрөө сөхөрч суугаад тэдний шүтдэг шашны мөргөлийн үг, төрийн дуулал хоёрыг малайз хэл дээр өдөрт гурван удаа өвдөглөж байгаад дууддаг. Тэгээд өвдөг нь цус нөж болж, ялаа шумуулд баригдаад сүүлдээ хатуурчихсан байдаг.

Би энэ хэргийн төлөө 18 жил явж байна. Чамгүй хугацаа. Өнөөдөр хүртэл үр дүнд хүрээгүй байна. Малайз Монголын харилцааны тухай хамгийн сайн мэдэх хүн нь би. Өөр хүн төдийлөн мэдэхгүй. Тэгэхээр ийм хариуцлагагүй юм бол энэ оронтой ядаж визгүй зорчдогоо болиоч. Бүрмөсөн биш юм гэхэд тодорхой хугацаагаар түдгэлзүүлээд үз гэж төр засаг. Гадаад яаманд санал хүргүүлж байна.

– Болох юм уу?

– Тийм улсыг ямар нэгэн байдлаар доргиох хэрэгтэй. Улс төрийн болон дипломат ямар нэгэн уулзалт өнгөрсөн 18 жилийн хугацаанд нэг ч болоогүй. Төрийн айлчлал гэж хоёр талаас хийж байгаагүй. Ийм харилцаа гэж байх уу. Ийм хөлдүү царцуу харилцаа байхгүй байсан нь дээр. Ямар ч гэсэн бид тоншоод үзэх хэрэгтэй. Ингээд хүлцэнгүй гөлийгөөд, бид хэрэг хийчихсэн биш, хоёр гараа өргөөд сууж байх ямар албатай юм бэ.

– Гадаад харилцааны сайдтай уулзсан гэлээ. Энэ хэргийн талаар нааштай зүйл яригдав уу?

– Нэг ч гэсэн улс оронтой бид эв зүйтэй байх зорилго байдаг гэж хариулна лээ. Гэхдээ бид хэнтэй хэрхэн нөхөрлөх, ямар байдлаар түүнтэй найзлах вэ гэдэг нь асуудал шүү дээ. Монгол хүнд төрөхөд нь төрсний гэрчилгээ өгөөд, 16 нас хүрэхэд нь иргэний үнэмлэх олгодог. Энэ бол таныг төрснөөс энэ хорвоогоос явах хүртэл чинь энэ улсын иргэн бөгөөд хамгийн үнэт зүйл гэдгийг баталгаажуулж буй хэрэг.

Бид таны боловсрол, эрүүл мэнд, амьд явах эрхийн бүхий л зүйлийг хариуцна гэж өгч байгаа баталгаа. Би хүн. Монгол төр давхар иргэнээ алдсан хохирогч мөн. Энэ утгаараа надтай адил байдлаар Малайзад хандах ёстой. Үүрэгтэй бас эрхтэй. Тэгэхгүй байгаа нь харамсалтай. Яах вэ захидал явуулдаг юм. Малайзын тал хэзээ ч хариуг нь өгддөггүй. Тийм муухай аргатай. Аль юм болгон бид Малайзад өртэй юм шиг, найрсаг найзын сэтгэлээр хандах вэ дээ. Үнэхээр хангалтгүй байна гэж би харамсаж байгаа юм. Түүнээс биш би төрөө шүүмжлээд яах вэ дээ.

– Бараг хорь орчим жил гэдэг маш урт хугацаа. Ийм урт хугацаанд явсан таны зам ямар байсныг төсөөлөх хүн үгүй биз. Үгчлээд яривал ямар дүр зураг буух бол?

– Малайзын Засгийн газар 2006 онд миний охиныг цааш нь харуулахдаа Монгол Улсыг төрийнхөө түвшинд “дайсан” гэж үзсэн байдаг. Манай орны аюулгүй байдалд онц ноцтой аюул учруулахаар Монгол Улсын иргэн тэр хүнийг маш хурдан ул мөргүйгээр устгах ёстой гээд тэр үүргийг Ерөнхий сайд нь цагдаа нараа дуудаад өгсөн байдаг. Бүр тодруулбал Ерөнхий сайдын зөвлөх Багиндагийн захиалгаар Батлан хамгаалах яамандаа даалгавар өгч зэвсэг гаргуулан үйлдсэн. Тэгэхээр бид дайсан нь байж таарсан бололтой.

Хүн ер нь бүх хүнтэй сайн байх албагүй. Тийм бололцоо ч байдаггүй. Хүнд таалах таалагдахгүй, болох болохгүй юм зөндөө л байдаг. Бүх хүнийг надад өрөвч сэтгэлээр хандаасай гэж би хүсдэггүй. Намайг, охиныг минь ч элдвээр бичиж, хүүг нь ч зүгээр байлгаагүй. Өчнөөн жил сошиал ертөнцөөр хайр найргүй балбууллаа. Бичиж л байг л дээ. Гэхдээ хэн хүнд ямар нэгэн асуудал хэзээ нэгэн цагт заавал таарна. Эрт үү орой юу гэдэг цаг хугацааны асуудал болохоос биш хүн амьдралын өмнө асуудалтай тулах, шууд хэлэх юм бол зовлон жаргал хоёрыг эдлэх гэдэг хэмжээтэй юм шүү дээ. Хэн бүхэнд таарна. Надад л эрт тааралдаж, олон жил зүдэрч яваа ч хүмүүст сургамж болдог байх аа гэж боддог юм. Сэтгэл зүйн хувьд маш дарамттай. Сүхээр цохисноос дор эд шүү дээ. Явж явж хэвлэл мэдээлэл л тус болж ирлээ.

– Шүүх хурлууд ч олон улсын анхаарлын төвд болж ирсэн байх аа?

– Би юунд эмзэглэдэг вэ гэхээр 2008 онд анх шүүх хуралд очсон юм. Азийн жижигхэн хөгжил муутай орон социализмыг хэчнээн ч жил дагаж навсганасан. Одоо ардчиллыг юу нь ч мэдэхгүй байж гүйж ирцгээсэн ийм улстай яаж ч хандсан яадаг юм гэсэн байдлаар хандаж байгаа нь харагдаж байсан.

Кинон дээр гардаг шиг том биетэй хар арьстай нөхдийг шүүхийн гадна жагсаагаад зогсоочихсон. Тэдгээр нь цаанаа биеэ тоочихсон. Би тамхи татдаггүй л дээ. Гэхдээ би зориуд тамхи асаагаад хөлнийх нь завсраар нясалж билээ. Би монгол хүн гэж хэн байдгийг харуулъя гэж бодсон юм. Удалгүй шүүх хурлын үеэр зодоон болж байж тэдний хүмүүс тусдаа, манай тал тусдаа суудаг болгосон юм.

АНУ-аас “Манай иргэн та эх орноосоо яваад таван cap боллоо. Танд ямар нэгэн юм тохиолдсон уу, асуудал гарсан бол хэлээрэй, эх орондоо эргэж ирээрэй” гэсэн агуулгатай мессэж байна лээ. Иргэн гэдэг ийм үнэтэй байдаг юм байна шүүдээ

Тэнд хийсэн хэвлэлийн хурал дээр би “Монголчуудыг дэлхий мэднэ. Монгол хүнээр оролдож болдоггүй юм шүү гэдгийг би мэдрүүлнэ. Битгий доромжлоорой” гэж ярилцлага өгч байсан юм. Дараа нь нэг очиход сэтгүүлч надаас “Та амьдралдаа инээж үзсэн үү” гэж байна. Би хариуд нь “Би танай нутагт онгоцны буудал дээр буугаад л миний инээд алга болчихдог юм. Гэхдээ байнга уурлаж явдаг хүн биш шүү. Би хорвоод инээдэг, уурладаг, баярладаг цусан зүрхтэй, усан нүдтэй хүн. Гэхдээ танай энд надад инээх шалтгаан алга” гэдгээ хэлсэн.

– Эцэст нь энэ бүхэн явж явж хүний эрхийн асуудал болж хөндөгдөж байгаа юм биш үү?

– Би саяхан Америкийн иргэн болчихсон монгол найзтайгаа тааралдаж жаахан хамт суусан. Биднийг ярьж суух зуурт гар утсанд нь мессэж ирж байна. Тэр нөхөр маань Монголд ирээд таван cap болж байгаа юм байна. Гэтэл АНУ-аас “Манай иргэн та эх орноосоо яваад таван cap боллоо. Танд ямар нэгэн юм тохиолдсон уу, асуудал гарсан бол хэлээрэй, эх орондоо эргэж ирээрэй” гэсэн агуулгатай мессэж байна лээ. Иргэн гэдэг ийм үнэтэй байдаг юм байна шүүдээ.

Гэтэл манай хэдэн зуун мянгаар тоологдох иргэн гадагшаа гараад 20, 30 жил бор зүрхээрээ ажиллаж амьдраад явж байна. Тэдэнд анхаарал тавьж байна уу. Тийм эзэнгүй байж болох уу. Монгол хүн өдөрт ямартаа ч нэг удаа уулан дээр гарч бодоо дурандаад, богоо хариулаад орой хотонд нь авчирч хэвтүүлдэг билээ. Гэтэл хүнээ ингээд мартчихаж болох уу.

Ийм нөхцөлд хүний эрх гэж ярихад ч хэцүү санагдана… Дөрвөн жил болоход “Та минь биднийг сонгоод өг” гээд өнгө өнгийн туг барьж, харайж ирээд хошхируулж гуйгаад л сонгогдож аваад алга болдог. Тэр үед таны эрхийг хангана, гайхалтай болгоно, бүхнийг шийднэ гэсэн уриа лоозон нь тэр л байдаг биз дээ.

Ер нь гадаадад амьдарч байгаа иргэдэд ямар нэгэн асуудал болоход надтай холбогдох нь олон. Гадаадад амьдарч байгаа монголчуудын эрх зүйг хамгаалах албан ёсны бичиг баримт байдаггүй. Тиймээс гадаадад амьдрагсдын эрхийг хамгаалах хуультай болох юм сан гэж боддог юм бэ. Амьдрал, эрүүл мэнд, иргэншил, үр хүүхэд нь үүх түүх, хэл соёлоо сурахад нь хэрэгтэй. Яг амьдрал дээр очоод өмгөөлөгч аваад ажиллах гэхээр “Танайх иргэнээ хамгаалах тухай ямар нэгэн эрх зүйн акт байна уу” гэж асуудаг гэсэн.

Ингэж бид гадаадад хэлмэгдэж явах харамсалтай. Тиймээс болдогсон бол гадаадад амьдарч байгаа хүмүүсийн нэрийн өмнөөс босдог, ноёны бөх гэдэг шиг УИХ-ын гишүүн та болооч гэсэн санал ирж л байдаг юм. Дөрвөн жилийн хугацаанд хэрэгтэй, хэрэггүй олон хуульд оролцож яах юм. Гадаадад амьдарч байгаа монголчуудын эрхийг хамгаалах ганц чухал хууль батлуулчихад болно оо гэцгээдэг.

– Малайзын талтай та хувиараа холбогдож байна уу. Таны өмгөөлөгч байдаг байх аа?

– Саяхан Малайзад байгаа миний өмгөөлөгчөөс Сангитаас захидал ирсэн. Тэрбээр “Би ганцаардаж хүчин мөхөстөж байна. Монголын төр засгаас жаахан ч гэсэн нөлөөлөл маш чухал байна” гэсэн агуулгатай захидал байсан. Түүний аав дэлхийд нэртэй шударга хуульч Карпалл Синх анх миний хэргийг өмгөөлж байсан ч 2012 онд “машины осол” гэдгээр амиа алдсан.

Гэмт хэргийг үйлдсэн хоёр этгээдийн нэг нь Австрали руу зугтаачихсан. Үүнд хамгийн гол буруутан нь монгол хүн байдаг. Олон улсын хурал дээр Малайз хүн монгол хүний амь насыг егүүтгэсэн байвал түүнд цаазын ял оноож болохгүй, тэр ч битгий хэл хүнд ял оноохгүй байхыг хүссэн илтгэл тавьсан нь олон улсын хэвлэлүүдээр гарсан шүү дээ. Бөөн асуудал болсон. Тэгээд л цаазын ял авчихсан байсан хэрэгтнүүдийг чөлөөлчихсөн.

Малайзын өнөөгийн ерөнхий сайд Анвар Ибрахим шударга үнэний төлөө тэмцэгч бөгөөд шоронгоос гарч ирээд 2012 онд надтай уулзаж, “Шантарвал тэмцэх хэрэггүй, үнэн хэзээ нэгэн цагт ялдаг. Тэмцэнэ ээ, хоёулаа” гэж байсан юм. Би түүнд захидал бичсэн. Хүлээж авсан тухайгаа хариу ирүүлсэн. Гэхдээ аливаа асуудалд цаг хугацаа, хэмжээ, тэсвэр гэж байх ёстой. Би цөхөртлөө явлаа. Заримдаа “Хариуг хариугаар л авахаас өөр гарцгүй юм байна” гэж бодогддог үе бий. Зэрлэг асуудал л даа…

“Та ер нь яажшуухан амьдрав даа” гэхэд “Би бригадын бага сургуулиас МУИС хүртэл 50 жил багшилсан хүн. Сүүлийн 20 жилд Монголын бүх алдарт академичдын 100 жилд зориулсан баримтат кинонууд бүтээж амжлаа. Түүнээс гадна төрийн есөн хөлт цагаан сүлдийг шинэчлэн бүтээхэд голлон оролцсон болохоор хэн бүхэнд тохиохгүй хувь шүү гэж бэлгэшээж явдаг” хэмээн дурсав. Төр таныг ивээх болтугай.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

2759 тонн бодис, 4145 тонн давс нөөцлөөд байна DNN.mn

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг танилцууллаа.

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Холбогдох байгууллагуудад 26 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Нийт 658 төсөл, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлсэн бөгөөд 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин Нийслэлийн Нийтийн тээврийн газрын өвөлжилтийн бэлтгэл 80, Геодези, усны барилга, байгууламжийн газрынх 84 хувийн биелэлттэй байгаа. Энэ онд 5504 тонн давс, 7258 тонн буюу өнгөрсөн жилийнхээс хоёр дахин их бодис нөөцлөхөөр төлөвлөж байна. Одоогийн байдлаар 2759 тонн бодис, 4145 тонн давс нөөцлөөд буй. Ойрын хугацаанд 1300 тонн бодис орж ирнэ. Зам талбайн цэвэрлэгээний 24 байгууллага 846 үйлчлэгч, тусгай зориулалтын 312 машинтай ажиллаж байна” гэлээ.

Өнгөрсөн жил машин, тоног төхөөрөмж 256 байсныг энэ жил 312 болгож нэмэгдүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

ИЛ ЗАХИДАЛ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Танаа

Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Танаа

Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Танаа

Эрхэм Таны энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Баттулга овогтой Нарантуяа миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 10 гаруй сарын хугацаанд хоригдож байгаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захираласан, Баттулгын Ганхуягийн төрсөн эгчийн хувьд дүүгийнхээ амь бие, эрүүл мэндийн эрсдэлтэй байдал,  аргагүй нөхцөл байдлын улмаас энэхүү ил захидлыг Танд хандан бичиж байна.

Эрх зүйт төртэй, ардчилсан Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т “…Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно…” гэж заасан. 2022 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Б.Ганхуягийг гэр бүл, хамаатан садан, найз нөхдийнх нь хамт хоморголон  баривчилж  “Жагсаал цуглаанз охион байгуулсан, санхүүжүүлсэн” хэмээн саатуулж, дараа нь  нүүрсний гэх тодотголтой 44 их наяд төгрөгийн гэмт хэргийн “гол эзэн” мэтээр нийгэмд буруутгаж зарласан. Гэтэл ямарч жагсаал цуглаан зохион байгуулсан санхүүжүүлсэн  болон нүүрсний гэх хэрэг үүсгээгүй бөгөөд зөвхөн түүний  гэр бүл, хамаатан садан, найз нөхдийг хоморголон  мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналт, шүүн таслах ажиллагааны явцад хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа нь манай гэр бүлд тэсвэрлэхэд хүнд цохилт болсоор ирлээ.

2023 оны 09 сарын 20-ны өдөр дүү маань  шүүх хуралд ноцтой тайлбар мэдэгдэл хийснээс хэдхэн  хоногийн дараа биеийн байдал нь гэнэт  муудсан  нь эрхгүй айдас түгшүүр төрүүлж байна.  Тодруулбал, Б.Ганхуяг ямар ч шалтгаангүйгээр хордлогод орж  бөөлжиж, гүйлгэж, даралт нь огцом унаж, Цагдан хорих 461-р ангийн эмнэлэгт яаралтай хүргэгдсэн.

Шүүх хурлын үеэр Б.Ганхуягийн хэлсэнчлэн нүүрсний гэх хэргийн жинхэнэ эзэд нь тодорхой болоогүй, энэ хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад ийм үйл явдал болж байгаа нь дүүгийн маань эрүүл мэнд амь насанд нь аюул заналхийлэл учруулах вий гэсэн эмзэглэл, айдас,  хардлага төрүүлэхэд хүргэв.

. Уг хэргийн мөрдөн байцаалт дуусч, шүүхийн шатанд шилжсэн байхад Б.Ганхуягийг ганцааранг нь үргэлжлүүлэн хорьсоор байгаа нь хэт нэг талыг барьсан, зориудаар хэрэг хүлээлгэх гэсэн залхаан цээрлүүлэлт, Монгол Улсад эрүүдэн шүүлт амь бөхтэй оршсоор байгаа юм биш байгаа гэж хардах сэтгэлийг төрүүлж байна. Учир нь прокурорын үзсэнчлэн хэргийн ээдрээ төвөгтэй байдал нэгэнт арилсан. Энэ нь хэрэг шүүх рүү шилжсэнээр батлагдана. Тиймээс Б.Ганхуягийг батлан даалтад гаргах хүсэлтийг удаа дараа тавьж ирсэн. Гэвч прокурор, шүүхийн зүгээс холбогдох хуульд заасан эрхийг хязгаарлаж, батлан даалтад гаргахаас татгалзсаар байгаа нь хэлмэгдүүлэн шалгаж байгаа хилс хэргийг далдлах улс төрийн томоохон захиалгатай байж болзошгүй гэж үзэж байна.

Хуулийн байгууллагынхан “Дээрээс дарамттай байна” гэх шалтгаан хэлдэг талаар би удаа дараа олон хүнээс олж сонссон. Хэрвээ энэ үнэн бол хуулийн засаглалтай Монгол Улсад иргэний эрх, эрх чөлөөг хамгаалагч, шударга ёсны баталгаа болсон хараат бус шүүх байгаа юу гэдэг асуултыг эрхэм Танд тавьж байна.

Б.Ганхуяг анх говьд хэдхэн гэртэй, олон зуун сая ам.долларын өртэй байсан компанийг богино хугацаанд уурхайчидтайгаа хамтран босгож, жилд 1 тэрбум гаруй ам.долларын борлуулалттай үндэсний тэргүүлэх аж ахуйн нэгж болгож чадсан  менежер, анх удаа Эрдэнэс тавантолгой” ХК-ийг ашигтай ажиллуулж иргэдэд 1072 хувьцааны ногдол ашиг тарааж байсныг төр засаг өндрөөр үнэлж байсан. Тэрбээр өөрийн хийсэн бүтээснээ нураах ёс зүйгүй үйлдэл хэзээ ч гаргахгүй. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад Б.Ганхуяг  “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотойгоор хэрэгжсэн бүхий л төсөл, гэрээ, оффтейк гэрээ, тендер, үйл ажиллагаанууд нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын их хурал, Засгийн газрын тогтоол, зөвлөмж,  шийдвэрийг чиглэл болгон хэрэгжүүлж ирсэн“  талаар тодорхой ярьсан.

Мөн Б.Ганхуягийн гэх хэрэгт  холбогдуулан намайг нөхрийн хамт  түүний  найз нөхөд, хамаатан садан, хамт ажиллаж байсан олон хүнийг 2022 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс бөөнөөр нь хоморголон баривчилж Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар болон Тагнуулын ерөнхий газраас нэгд нэгэнгүй шалгаж эхлэхтэй зэрэгцэн нэр бүхий улстөрчдийн захиалгат   хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сошиал сүлжээгээр зураг хөрөгтэй нь  нүүрсний хулгайч хэмээн илт гүтгэн гутаан зарлаж, олон тооны эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч 2023 оны 7 дугаар сараас гэмт хэрэгт холбогдолгүй, гэмт хэргийн шинжгүй, гэмт хэрэгт хамааралгүй болох нь тогтоогдсон  гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Гэвч өнөөдрийг хүртэл иргэн хэнээс нь  ч ямар ч уучлалт хүсээгүй, нэр төрийг нь сэргээх мэдэгдэл ч хийгээгүй байгаа нь Монгол улсад хүний эрх ямар түвшинд байгааг харуулж байна.

Иймд цаашид дүүгийн маань амь бие, эрүүл мэндэд гэнэтийн болзошгүй эрсдэл, аюул учрах нөхцөл байдал,  нийгмийн дунд “улс төрийн хэрэг”  хэмээн нэрлэгдэх болсон нам бүлэглэлийн эрх ашигтай холбоотой байж болзошгүй тус хэргийн мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд Монгол Улсын хуулийн хэрэгжилтийг хангаж, шударга шүүхээр шүүлгэх, хуульд заасан иргэний эрхээ эдлэхэд анхаарал хандуулж өгөхийг Танаас хичээнгүйлэн хүсч байна.

Мөн Монгол Улсын Их хурлаас байгуулагдсан ажлын хэсгээс “Нүүрсний” гэх хэргийн  нээлттэй сонсголыг нэн даруй яаралтай хийлгэж миний дүү Б.Ганхуягийг оролцуулан  түүнийг хилсдүүлж хэлмэгдүүлж байгаа талаар, жинхэнэ нүүрсний хулгайн эздийг тогтоох, олон нийтэд зарлаж хуулийн байгууллагаар шалгуулах,  хилс хэргээр хэлмэгдсэн хүмүүсийн нэр хүндийг сэргээх  ажлыг зохион байгуулж өгөхийг хүсье.

 

 

 

Хүндэтгэсэн,  Монгол Улсын иргэн Баттулгын Нарантуяа

 

 

2023 оны 10 дугаар сарын 16-ний өдөр

Categories
мэдээ нийгэм

Эмнэлгүүдийн хүүхдийн орны хүчин чадлыг үе шаттай нэмэгдүүлнэ DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа.

Хурлын үеэр томуугийн өвчлөл ихсэх үед эмнэлгүүдийн орыг нэмэгдүүлэх талаар мэдээлэл хэлэлцэв.

Тодруулбал “Томуугаас сэргийлье” аяныг төрийн өмчийн цэцэрлэгүүдэд эхлүүлжээ.

Эмнэлгүүдийн хувьд нийслэлийн хэмжээнд хүүхдийн үндсэн 815 ор байгааг гурван үе шаттайгаар нэмэгдүүлэн, 1,450-д хүргэх юм байна.

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд бэлтгэл ажлаа сайтар хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлж ажиллах нь чухал болохыг өмнө нь дурдаж байсан юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Татварын орлого өмнөх оныхоос таван их наяд төгрөгөөр өсчээ DNN.mn

Татварын нийт орлого энэ оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 16 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 5.2 их наяд төгрөгөөр өсжээ.

  • Орлогын албан татварын орлого 1.9 (80%) их наяд төгрөг,
  • Нийгмийн даатгалын орлого 629.3 (30%) тэрбум төгрөг,
  • Нэмэгдсэн өртгийн албан татвар 562.9 (20%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин онцгой албан татвар 77 тэрбум төгрөгөөр буурчээ.

Татварын нийт орлогод энэ оны эхний есөн сарын байдлаар

  • Орлогын албан татварын эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 4.9 нэгж хувиар,
  • Бусад татвар, төлбөр, хураамжийн орлогынх 7.4 нэгж  хувиар тус тус өсөж,

Харин

  • Нэмэгдсэн өртгийн албан татварынх 5.1 нэгж хувиар,
  • Онцгой албан  татварын орлогынх 2.6 нэгж хувиар,
  • Нийгмийн даатгалын орлогынх 2.5 нэгж хувиар,
  • Гадаад үйл ажиллагааны орлогынх 2.1 нэгж хувиар тус тус буурсан байна.