Categories
мэдээ нийгэм

Хээрийн түймэрт 75 га талбай шатжээ DNN.mn

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Эрээн багийн “Хар-Овоо” гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг  10 сарын 18-ны өдрийн 20:50 цагт аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид иргэдтэй хамтран хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 10 сарын 19-ний өдрийн 02:40 цагт бүрэн унтраасан байна. Уг гал түймэрт 75 га талбай өртөж шатжээ.

Categories
мэдээ улс-төр

Амгалан дулааны станцыг нэг зуухаар өргөтгөнө DNN.mn

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “Улсын төсөв тэлсэн байна. Ирэх оны хөрөнгө оруулалт хамгийн дээд хэмжээндээ батлагдахаар орж ирлээ. Гэхдээ замын түгжрэлийг арилгахаар ямар төсөв байгаа вэ? Яармагт дахин төлөвлөлттэй холбоотой шинэ хороолол ашиглалтад ороход эрчим хүчтэй холбож өгөхгүй байна. Эрчим хүчний чиглэлээр ямар төсөв байгаа вэ?

Ирэх жил үер болбол ямар арга хэмжээ авах вэ?” хэмээн асуулаа.

Түүний асуултад ажлын хэсгийн зүгээс “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 27 хувь нь нийслэлд суусан. Хотын хувьд 251 төсөлд 714.3 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Үүнээс 79 төсөл шинээр хэрэгжинэ” гэсэн хариултыг өглөө.

Харин Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх “Чадлын дутагдалд орсон гэдгийг олон удаа хэлж байгаа. 2023-2024 оны өвлийн их ачааллаас өмнө 230 МВТ.цагийн багтаамжтай батарейн цэнэгт хураагуурыг Сонгино станцад ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Амгалан дулааны станцыг нэг зуухаар өргөтгөнө. Ингэвэл өвлийн их ачааллыг хэвийн давах боломжтой болно. Гэхдээ энэ нь одоо байгаа хэрэглээг найдвартай хангана гэсэн үг биш” гэсэн юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл оны эхний есөн сард 21 их наяд төгрөг болжээ DNN.mn

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2023 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 21.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 7.1 их наяд төгрөгөөр буюу 50% өсжээ.

Ийнхүү өсөхөд уул уурхай олборлолт 5.5 (57.4%) их наяд төгрөг, боловсруулах үйлдвэрлэл 1.3 (36.7%) их наяд төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 15.1 их наяд төгрөг болсон аж.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 5.5 (57.4%) их наяд төгрөгөөр өсөхөд чулуун болон хүрэн нүүрс олборлолт 4.1 (3 дахин) их наяд төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 839.6 (12.2%) тэрбум төгрөгөөр, газрын тос олборлолт 561.8 (2.3 дахин) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

 

Categories
мэдээ улс-төр

2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв DNN.mn

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.10.19) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 08 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, зургаан асуудал хэлэлцэхээр танилцууллаа. Эхлээд Засгийн газраас 2023 оны есдүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир тус тус танилцууллаа.

Сүүлийн гурван жилийн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлын аюул, геополитикийн хүндрэлтэй нөхцөл байдал, түүнээс улбаалсан инфляцын дарамт зэрэг гадаад хүчин зүйлээс шууд шалтгаалсан, урьдчилан тааварлах боломжгүй бэрхшээлийг даван туулахад төсөв, мөнгөний бодлогыг чиглүүлж, багц арга хэмжээнүүдийг дотоод нөөц бололцоондоо тулгуурлан үе шаттай авч хэрэгжүүлсний үр дүнд эдийн засаг цар тахлын өмнөх үед хүрч сэргээд байна. Тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын болон засаглалын оновчтой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний үр дүнд нүүрсний экспортын биет хэмжээ нэмэгдэж улмаар гадаад валютын албан нөөц 2023 оны эхний есөн сарын байдлаар 4.1 тэрбум ам.долларт хүрч чадсан нь өмнөх оны мөн үеэс 1.3 тэрбум ам.доллароор нэмэгдсэн үзүүлэлт аж.

Түүнчлэн дэлхий дахинд үүсээд байсан хүнс, эрчим хүчний үнийн огцом өсөлтийн гадаад шокоос иргэдийн бодит орлого, амьжиргааг хамгаалах зорилгоор үнийг тогтворжуулах арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд инфляцын хурд харьцангуй удааширч 2023 оны наймдугаар сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.4 хувиар буурч 10 хувьд хүрсэн гэв. Дээр дурдсан эерэг хүчин зүйлсийн нөлөөллөөр эдийн засгийн өсөлт, инфляцын болон бусад эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийн түвшин 2023 оны төсвийн жилийн эцэст одоогийн хүчин төгөлдөр төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан 2024 оны суурь түвшнээс давахаар байна.

2024 оны батлагдсан төсвийн хүрээний мэдэгдэлд нүүрсний экспортын биет хэмжээг 50 сая тонн байхаар тооцсон хэдий ч 2023 оны аравдугаар сарын 17-ны өдрийн байдлаар хэдийн 51 сая тонн нүүрс экспортолсон байна. Иймд 2024 онд 60 сая тонн нүүрсийг экспортлох нөхцөл бодитоор бүрдээд байна. Мөн уул уурхайн салбар болон түүнийг дагасан тээвэр, худалдааны салбарын өсөлтийн нөлөөгөөр 2024 оны батлагдсан төсвийн хүрээний мэдэгдэлд 6.5 хувьтай тусгагдсан байсан эдийн засаг өсөлт 7 хувьд хүрч, нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн 74 их наяд төгрөг байхаар төсөөлжээ.

Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах төсвийн бодлогыг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурлаас 2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр баталсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн зарим үзүүлэлтийг эдийн засгийн сэргэлттэй уялдуулан бодитой тооцон өөрчлөх шаардлага үүссэн байна. Төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуульд өөрчлөлт орсноор ирэх 2024 онд төсвийн тэнцвэржүүлсэн орлого 25.3 их наяд төгрөг, төсвийн нийт зарлага 27.4 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.1 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний -2.8 хувьд тус тус хүрэхээр байгаа  нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг хангаж байгааг Б.Жавхлан сайд танилцуулсан.

Төсвийн байнгын хороо энэ сарын 17-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, гишүүдийн олонх буюу 72.6 хувь нь төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.

Сангийн сайдын илтгэл, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Засгийн газрын гишүүд, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авав. Инфляцын талаар Д.Тогтохсүрэн гишүүн онцолж, инфляцад гол нөлөө үзүүлдэг хүчин зүйлсийн нэг болох газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн талаар тодрууллаа. Тэрбээр Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний импортын эх үүсвэрээ нэмэгдүүлэх, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар асуусан. БНХАУ-аас газрын тосны бүтээгдэхүүний импортлоод багагүй хугацаа өнгөрч байгаа ч тээвэрлэлт болон бусад шалтгаанаас болж өртөг өндөр байгаа гэх тайлбарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар хариулсан.

Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин Засгийн газрын өрийн нийт хэмжээний талаар асуухад “Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдлийн ДНБ-тэй харьцуулсан харьцаа 2023 онд 44.3 хувь, 2024 онд 42.7 хувьтай тэнцэх төсөөлөлтэй бую Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан 2024 оны өрийн хязгаар болох 60 хувиас хэтрэхгүй байх шаардлагыг хангахуйцаар төсөлд тусгагдсан” гэдэг хариултыг Сангийн сайд өгөв. Гадаад өрийн тухайд Засгийн газар маш сахилга баттай, сайн ажиллаж байгаа гэдэг мэдээллийг тэрбээр онцлоод, үүний үр дүнд  Засгийн газрын гадаад өрийн зээлжих зэрэглэл энэ хүнд үед ч маш тогтвортой байж ирснийг тэмдэглэсэн. Түүнчлэн Засгийн газрын өрийг амжилттай бууруулж ирсэн болохоо дурдаад өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийтдээ 11.9 их наяд төгрөгийн гадаад өр зээлийн зохицуулалтыг хийсэн болохыг хэлэв. Үүний 4.8 их наяд төгрөг нь дахин санхүүжилт, зээлийн хүү, үндсэн өрийн төлбөрт 6.5 их наяд төгрөг зарцуулжээ. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах боломжийн талаар Г.Амартүвшин гишүүн тодрууллаа. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын аюул, геополитикийн хүндрэлтэй нөхцөл байдал, түүнээс улбаалсан инфляцын дарамт зэрэг амаргүй сорилтуудыг Монгол Улс даван туулсан гэдгийг ажлын хэсэг тэмдэглэлээ. Амаргүй нөхцөлд зээлжих зэрэглэлийг бууруулахгүй, нэг түвшиндээ амжилттай хадгалаад явж байгаа гээд “Цаашид өрсөлдөөнийг нэмэгдүүлэх замаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх замаар эдийн засгийн орчныг сайжруулахах замаар Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах боломжтой хэмээн үзэж, Засгийн газар ажиллаж байна” гэв.

Төсвийн хүрээний мэдэгдэл нь макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт гэдгийг Г.Тэмүүлэн гишүүн онцлоод, төсвийн шинэчлэлийн хүрээнд ирэх жилээс Эдийн засаг, хөгжлийн яам энэ бодлогыг боловсруулна гэдгийг хэлсэн. Эдийн засаг, хөгжлийн яам макро эдийн засгийн гол төлөвлөлтүүдийг гаргадаг байх үндсэн чиг үүрэгтэй болсныг тэрбээр хэлээд энэ чиглэлээр бэлтгэлээ хангаж байгаа эсэхийг лавлаж, ажлын хэсгээс хариулт авсан. Эдийн засагт өсөлт нь нийгмийн бүх хэсэгт нөлөөлөхгүй байгааг М.Оюунчимэг гишүүн тодотгоод төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангаж эдийн засгийн өсөлтийн нөлөөг өрх бүрд хүргэх шаардлагыг онцолж, энэ талаар тодруулахыг Сангийн сайдаас хүслээ. Б.Жавхлан сайд хариулахдаа, урсгал зардал 4.9 их наяд төгрөг буюу өмнөх оныхоос 22 хувиар өссөн байгааг онцолсон. Эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх арга хэмжээний зардал гэдгийг тэрбээр хэлээд “4.9 их наяд төгрөгийн 65 хувь нь цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл буюу иргэдийн гар дээр шууд очно. Боловсролын хууль болон нийгмийн даатгалын багц хуулийн хэрэгжилтийг хангахад 20 хувийг зарцуулах юм. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг, эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төр 100 хувь даах, тэтгэвэр тогтоох 7 жилийг 5 жил болгосонтой холбоотой зардал, малчдын нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой зардлууд гэх мэтээр 485 тэрбум төгрөг төсөвлөгдөж байна. Үүн дээр 2024 онд болох нэг удаагийн үйл явдлууд буюу Улсын Их Хурлын ээлжит сонгууль, олимп, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай холбоотой олгох нэг удаагийн тэтгэмж, уул уурхайн салбар дахь нэг удаагийн томоохон урсгал зардлуудыг дурдаж болно” гэв. Эдийн засаг, хөгжлийн яам 2024 оны жилийн төлөвлөгөөг боловсруулахдаа иргэдийн орлогыг хамгаалах зорилт тавьж, энэ хүрээндээ экспортыг нэмэгдүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг экспортыг эрчимжүүлэх зорилт тавин ажиллаж байгааг тус яамны дэд сайд Г.Түвдэндорж хэллээ. Эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүргэхдээ төсвийн бодлогоороо дамжуулна. Өөрөөр хэлбэл, цалин, тэтгэвэр, тэтгэмж, үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх, хүн амын өсөлт, үнэ тарифын өөрчлөлттэй холбоотой зардлуудыг тусгах буюу төсвийн бодлогоороо дамжуулж хэрэгжүүлнэ гэв.

Ийнхүү Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Үргэлжлүүлэн санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 51 гишүүний 54.9 хувь нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Үүгээр үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд 18.1 сая төл бойжиж байна DNN.mn

ҮСХ-ноос мэдээлснээр оны эхний 9 сард улсын хэмжээнд төллөх нийт 30.9 сая малын 21.2 сая нь буюу 68.6 хувь төллөжээ.

Хонины 73.7 хувь, үнээний 64.9 хувь, ямааны 64.8 хувь, гүүний 57.1 хувь, ингэний 38.4 хувь нь төллөөд байна.

Өнгөрсөн сард 54.0 мянган мал хорогдсон нь эхний есөн сард хорогдсон малын 1.4 хувийг эзэлж байна.

Нийт төлийн 85.5 хувь буюу 18.1 сая нь бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 6.6 саяар буурчээ.

Том малын зүй бус хорогдол энэ оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд 3.9 сая болжээ. Энэ нь өм

Categories
мэдээ нийгэм

А.Гэлэгжамц: Монголын боловсролыг өмөөрөх Монголын төртэй болмоор байна DNN.mn

Монгол Улсын Эрдмийн их сургуулийн Бизнесийн эрдмийн сургуулийн захирал, доктор, профессор А.Гэлэгжамцтай ярилцлаа.


 

– Монгол Улс дээд боловс­ролыг хөгжүүлэх тал дээр ямар бодлого хэрэгжүүлж байна вэ.Сая­хан Боловсролын багц хууль батлагдлаа. Эдгээр хуу­лийг мэргэжлийн  хү­ний хувьд та хэрхэн дүгнэх вэ?

– Хамгийн түрүүнд бид дээд боловсролын дэлхийн хөгжлийн чиг хандлагыг гүнз­гий судалж, тэдний хөгж­лөөс хоцрохгүй байх нь чухал.Өнөөдөр дэлхий даяараа дээд боловсрол, тэр тусмаа их сургуулийг хөгжүүлэхэд онцгой анхаарч байна.Учир нь нийгмийн хөгжлийн тодорхойлох гол хүч, чиг хандлагыг заагчид нь их сургуулиуд болоод байгаа юм.Хүн төрөлхтний оршин тогтнох асуудал, улс орны хөгжлийн гарцыг шийдвэрлэгчид нь шинэ мэдлэгийг бий болгодог их сургуулиуд болоод байгаа.Мэдлэггүйгээр юуг ч шийдэж чадахгүй эрин үе ирчихээд байгаа шүү дээ.Өндөр хөг­жилтэй улсуудын хөгжсөн зам нь ердөө л энэ.

– Дээд боловсролын хуулийн талаар ямар дүгнэлттэй байна вэ.Хэр чамбай хууль болов?

– Багагүй хугацаа зарцуулж, нэлээд шүүн тун­­­­­­гааж баталсан хэмээн хууль санаачлагчдын зүгээс онцолж байсныг санаж байна.Дээд боловсролын үүрэг асар их болсонтой холбоотойгоор улс орнууд Дээд боловсрол, шинжлэх ухааны яамыг тусад нь гар­гаж байна.Өөрөөр хэлбэл, шинжлэх ухааны агуулга хүчтэй тавигдах болсон.Их сургууль төвтэй шинжлэх ухаан хөгжиж нийгмийг урагшлуулж байгаа үе шүү дээ.Тэгэхээр ийм онцлогтой цаг үеийн боловсролын багц хууль бол мэдээж үзэл баримтлал, агуулга, мөн чанарын хувьд тэрхүү нөх­цөлийг оновчтой тоо­цоолж, тусгасан байх шаард­­лагатай.Монгол Улсын боловсролын тогтол­цооны хөгжлийн явцад Дээд боловсролын тухай хуулийг анхлан 2002 онд баталсан байдаг.Түүнээс хойш 11 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулжээ.Харин 2016 онд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн үзэл баримтлал, агуулга, хэл найруулгын хувьд цэгцтэй сайн бичигд­сэн гэж мэргэжлийн хүмүүс, шинжээ­чид үздэг. Ер нь бол их, дээд сургуулийг төрөл­жүүлэн хөгжүүлэх дэлхий нийтийн чиг ханд­ла­гад нийцүүлэн өмнө бат­лагдсан  хуульд нэмэлт өөрч­лөлт оруулах шаардлага бол байсан. Гэхдээ Дээд боловсролын тухай хуулийг шинэчлэн найруулж шинээр батлалгүй, өмнөх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад батлахад л болох байсан.

Энэ хуульд их сургууль нь шинэ мэдлэг үйлдвэрлэх институт гэсэн концепци бүрэн тусгагдаагүй.Судал­гааны их сургуулийг ч тодор­хойлж чадаагүй.Өнөөдөр их сургууль олон төрөл анги­лалтай болж хөгжиж байна.Судалгааны их сур­гууль нь цаашлаад бүр олон төрөл болж байгаа. Их сургуулийн статусыг яам, Магадлангийн бай­гууллагууд сайн  дурын кон­курсийн үндсэн дээр тодор­­­хойлчихдог зүйл. Гэтэл энэ хуульд Засгийн газар өргөн барьж, УИХ хуулиар батална ч гэх шиг эрүүл бус заалт оруулчихсан.Ийм хууль баталж байгаа УИХ, гишүүдээс үнэхээр хариуц­лага шаардах цаг ирсэн.

– Судалгааны их сур­гуулийн хууль тусдаа өр­гөн баригдаад байгаагүй  бил үү?

– Монгол Улсын урт хуга­цааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр болон “Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх” үндэсний хөтөл­бөр гээд л хаа сайгүй л судалгааны их сургуулийг хөг­жүүлэх дэлхийн чиг хандлагад нийцсэн, алсыг харсан зорилгыг тавьсан нь үнэхээр сайшаалтай. Төр засгийн зүгээс ингэж мөрийн хөтөлбөртөө заасан байтал үүний хэрэгжилтийг хангахад яагаад анхаарахгүй байна вэ.Харамсалтай нь үүнийг хэрхэн яаж хэрэгжүүлэх үзэл баримтлал байхгүй, мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтгүй тун­хаг­­­лалын чанартай хэдэн өгүүл­бэр л болж хувирлаа.

Засгийн газраас УИХ-д “Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай” хуулийг уг нь тусад нь өргөн барьсан.Дараа нь ажлын хэсэг нь нийлж салсаар Дээд боловсролын тухай хуультай нэгтгэсэн.Манай сургуулийн эрдэмтэн суд­лаачид энэ хуулинд маш их анхаарал тавьж, идэвх зүтгэлтэй оролцсон.УИХ-ын ажлын хэсэгт ч орж ажил­ласан.Харамсалтай нь мэргэжлийн хүмүүсийн саналыг сонсох битгий хэл, нууцалсан байдалтай байлгаж, гишүүдийг халж солих маягаар муу хуулийг гаргасан нь хэрэгжүүлэх талд асуудал их дагуулах байхаа.

– Та энэ хуулийг өмнөх хуультай харьцуулбал сайжирсан тал байна уу, эсвэл муудсан уу?

–  Аливаа хууль тогтоом­жид засвар оруулахдаа өмнө үйлчилж байсан эрх зүйн зохицуулалтыг улам боловс­ронгуй болгох зорилготой байдаг.Хууль нь өмнө гарсан зөрчлийг дахиулахгүй байх, болж бүтэхгүй байгааг журам­­лах, олон талт харил­цааг зохицуулах, иргэд олон ний­тийн энх амгалан ор­ших үндсийг тогтоож байх учиртай. 2023 онд батлагдсан Дээд боловсролын тухай хуулийг 2002 онд бат­лагд­сан хууль, түүний нэмэлт өөрчлөлтүүдтэй манай сур­гуулийн эрдэмтэд харьцуулж анализ хийж үзэхэд өмнөх хуулиас үзэл баримтлал, агуулга, хэл, найруулгын хувьд дордсон гэж үзэж болохоор дутагдалтай та­лууд нэлээд гарсан. Дүрэм, журмаар зохицуулж болох заалтуудыг ч их хутгасан.

Энэ хууль нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенци, Үндсэн хуулийг зөрчсөн заалт олонтой.Хувийн, төрийн­хөөр үнэхээр ял­га­вар­­­ласан.Энэ улсаас ху­вийнх­ныг хөөх нь л хол­гүй байна.Энэ хуульд алдаа мадаг авах юм алга.Логик, найруулга, хуулийн хэл най­руулгад тавигдах шаард­лагуудыг ихээхэн зөрчсөн.

– Шинэ хууль нь үзэл баримтлал, агуулгын хувьд дордсон гэсэн үг үү.Ямар алдаа байна вэ?

– Дэлхийн улс орнууд их сургууль төвтэй шинжлэх ухааныг хөгжүүлж байна.Иймд, дээд боловсролын хууль бусдаас өвөрмөц онцлогтой байх учиртай.Шинээр батлагдсан хуу­линд дээд боловсролын бай­гууллага бол сургалтын байгууллага гэдэг агуулга голлосон.Их сургууль бол сургалтаас гадна шинэ мэд­­лэгийг бий болгох, дам­жуулах шинжлэх ухаан, судалгаа, шинжилгээний байгууллага гэсэн санаа орхигдсон.Энэ бол энэ хуулийн үзэл баримтлалын томоохон алдаа юм.

Их сургуулийн ангиллын асуудлыг тусгасан байдал нь энэ хуулийн өөр нэг дутагдалтай тал гэж харж байгаа.Энэ хуулийн 7.4-т их сургуулийг судалгааны, сургалтын, мэргэжлийн гэж гурван ангилалтай байхаар заасан.Хэрэв  энэ  ангиллаар их сургуулийг ангилбал маргаан үүснэ. Мэргэжлийн их сургууль гэдэг нь бүр ойлгомжгүй.Түүнийгээ яаж ангилах юм бол доо.Зүй нь их сургуулийн маш олон ангилал бий.Тухайлбал, Дэлхийд их сургуулийг классик их сургууль, сур­галтын их сургууль, интрепренёр их сургууль, вир­таул их сургууль, су­дал­­гааны их сургууль, судал­­гааны интенсив их сургууль, дэлхийн түвшний их сургууль гэх мэт ангилж байна. Сургалтын их сур­гууль (Teaching university), шинжлэх ухааны судалгааг түлхүү хий­­­гээд статусаа ахиулж сургалтын судал­гааны их сургууль (Teaching Research university) болж болно. Энэ олон төрөл, ангилал нь ардаа судалгааны их сургууль гэсэн агуулгыг нэгэн зэрэг хадгалж бас болдог дэлхийн жишиг, турш­­­лага байна.Иймээс энэ хуульд оруулсан ангилал нь шинжлэх ухааны үндэслэл дутмаг, судалгаанд бүрэн үндэслээгүй, ойлгомжгүй байна. Өмнөх хуульд дээд боловсролын сургалтын бай­гуул­лагыг их сургууль, дээд сургууль, коллеж гэсэн дарааллаар ангилж, “их сургууль” гэж эхэлж байсан нь зүгээр нэг дураар ангилсан хэрэг  биш. Гэтэл  энэ  хуулинд “коллеж” гэж  ангиллыг эхэлж байгаа нь үзэл баримтлал, зарчмын хувьд бас нэг ух­ралт бол­­­сон. Монгол хэлэнд өгүүл­бэрийн эх­ний  байр­лалд ач холбогдол өндөр үг тавигддаг даа.

Эдгээрээс гадна энэ хуулийн өөр нэг алдаа нь 11 дүгээр зүйлд заасан Дээд боловсролын сургалтын байгууллагын зохион бай­гуулалтын бүтцэд “Удирдах зөвлөл”-ийг  тусгаагүй  хассан хэрнээ, хойно  хуулийн 26 дугаар зүйлд Дээд боловс­ролын сургалтын бай­гуул­лагын удирдах зөвлөлийг оруулж  ирсэн. Түүнчлэн Дээд боловсролын зөвлөлийн бүрэлдэхүүний тухай 25.3-т Зөвлөл нь төрийн, дээд боловсролын сургалтын бай­гууллага, эрдэм шинжил­гээний байгууллага болон үйлдвэр, аж ахуйн нэгж, оюутны төлөөллөөс бүрдсэн 15 гишүүнтэй байна гэж заасан хэсэгт “…төрийн, …” гээд орхисон нь төрийн сайд уу, төрийн албан тушаалтан, төрийн байгууллага уу гэдэг нь ойлгомжгүй. Энэ мэтээр бүхэл бүтэн үг хаясан, логик алдагдуулсан жишээнүүд энэ хуульд нэлээд бий.Хуульд үг гээх бүү хэл цэг таслал бүхэн утга учиртай байдаг.Ер нь энэ хуулийг мэргэжлийн хүн хүртэл уншиж ойлгоход бэрх хууль болсон.

Ийм хариуцлагагүй хууль гаргаад эхнээсээ  бид тайл­бар шаардлага та­виад эхлэхээр олон хүн саналаа өгсөн, их хэлэлцсэн гэж өөрсдийгөө өмөөрөөд л эхэлж байна. Энэ  нь тайл­бар биш. Ардчилсан, хүмүүнлэг, хууль ёст ний­гэмд  бид ажиллаж амьдарч байгаа билээ.

– Таны ярианд их дур­дагдлаа.Их сур­гуу­лийн шинжлэх ухаан, шинэ мэдлэгийг бүтээх, судал­гааны их сур­гуулийг хөг­жүүлэхэд Дээд боловс­ролын тухай хуу­лийн шинэ­­чилсэн най­руулга дорвитой эерэг нө­лөө үзүүлж чадах болов уу?

– Монгол Улсын дээд боловсролд ололт амжилт олон байдаг ч засч сайж­руулах зүйл ч олон бий.Дэлхийн дээд боловсролын хөгжлийн чиг хандлага болсон дэлхийн түвшний судалгааны их сургуулийг хөгжүүлж шинэ мэдлэгийг бүтээх, шинжлэх ухааны эргэлтэд оруулах, түгээх харилцааг зохицуулах эрх зүйн орчны хувьд шинэ хуульд сэтгэл дундуур байгаа.“Эрдэм шинжилгээ, инноваци” гэсэн бүлэг хуульд шинээр орсон нь сайшаалтай боловч агуулгын хувьд ач холбогдол багатай болсон.Өөрөөр хэлбэл, их сургуулийн шинж­­­­лэх ухаан, шинэ мэдлэг бүтээх, хөгжүүлэх чиг үүргийг орхигдуулсан.Дэлхийн тэргүүлэх их сургуулиуд шинжлэх ухаан хийх­дээ олон улсын түвшинд сэтгэх чадвартай, салбарын тэргүүлэх эрдэмтдийг профес­­сорын багийн зохион байгуулалтаар ажиллуулдаг сайн туршлагыг өмнөх хуулийн 5.1-д Их сургууль нь профессорын багт тул­гуурласан зохион байгуулалтын нэгжтэй байж болно гэж заасан байсныг шинэ хуульд хасч томьёол­сон нь их сургуулийн шинжлэх ухааныг үгүй хийх хор уршигтай юм.

– Одоо тэгээд цаашид яах вэ?

– Хатуухан хэлэхэд боловс­­ролоо ад үзсэн улс мөхнө.Олон чанаргүй их сургууль байна л гэнэ.Энэ жараад байгууллага нь их, дээд сургууль, коллежид хуваагддаг.Суралцагчдын тоо нь нэг л улсын нэг л жижиг сургуулийн дайтай. Муулахаасаа илүү яаж дэм­жих талаар төрийн  бодлого нь хаана байна. Ямар сургуулиа олон улсад өрсөлдүүлэх гэж байгаа юм бэ.Яаж хөгжүүлэх гээд байгаа юм бэ.Өмнөх зас­гийн ололт амжилтыг яагаад самраад байгаа юм бэ.Их сургуулийн амин сүнс болсон академик эрх чөлөө, өрсөлдөх чадварыг яагаад боогоод байгаа юм бэ.

Дэлхийн улс орнууд дээд боловсролыг шинжлэх ухаантай нь нягт холбоод байхад манайх яагаад зорилго, чиглэл огт өөр мэр­гэжлийн боловсролтой нэгтгээд байгаа юм бэ.Ийм ухралт манайхаас өөр газар алга.Хууль дүрэм байнгын зөрчөөстэй, хаашаа ч юм бэ, үнэндээ.

Их сургуулийн шинжлэх ухаан ч хөгжихгүй, бака­лаврын оюутны төлбөр дээр тогтсон коллеж мая­гийн дээд боловсролтой байна.Хэрэгтэй, хэрэггүй статистик тооцоо, цаасанд дарагдсан, шинэ зүйлийг ойлгох чадваргүй, хэтэрхий хоцрогдсон, дарамттай, зөрчилтэй мэргэжлийн бус шийдвэр ажилд саад, амьд­ралд төвөг болж байна.Гадаадад явахыг уриалах, гайхамшиг тэнд байгааг сурталчлах биш, Монголын бо­ловсролыг өмөөрөх Монголын төртэй болмоор байна.

Манай  сургуулийн  эрдэмтэд их сургуулийг хөгжүүлэх талаар олон ч хурал зохиож, санал зөвлөмжөө холбогдох бай­гууллагад хүргүүлэх л юм. Ахиц их муу байна даа.Байдал дээрдэхгүй, өөрчлөгдөхгүй байгаа нь шинэ цаг үеийн агуулгад нийцсэн үзэл баримтлалын дагуу боловсруулсан төрийн бодлого дутагдаж байгаатай холбоотой.

Дээд боловсролын хууль, судалгааны их сургуулийн асуудлаар УИХ-ын дарга, Байнгын хорооны дарга, яамны холбогдох хүмүүст хандаж байгаа.Нэ­гэнт ийм муу хууль гаргасан болохоор дээд боловсролын салбарт өмнө гарсан ололт амжилтаа бууруулахгүй, харин ч түү­­­­­­нийг улам арвижуулж ахиу­лахад онцгой анхаарах шаардлагатай байна.Үүний тулд юуны өмнө Дээд боловс­­­­ролын тухай хуулийн шинэ­­чилсэн найруулгыг дагаж гарах дүрэм, журам, бусад шийдвэрийг мэргэжлийн өндөр түвшинд боловс­руулах, дутуу дулимаг бүх­­нийхээ уршиг дагаврыг багасгах талаас нь хандаж ажиллах ёстой.

Дээд боловсролын сал­бартаа анхаарахгүй бол Монголыг хэн цаашид авч явах вэ гэдэг л асуудалтай л тулна даа.Цөөхөн хүн ам­­тай улс тэр тусмаа маш өндөр мэд­лэг боловсролтой байж л оршин тогтнох бус уу.

– Сая дээд боловс­ролын байгууллагуудыг  эрэмбэллээ. Та үүнийг юу гэж үзэж байна вэ?

– Дээд боловсролын байгууллагын эрэмбэ чансаа тогтоодог олон улсын, бүс нутгийн, үндэсний гээд янз бүрийн байгууллагууд байдаг.GS, THE, ARWU гэх мэт.Шалгуурууд ч янз бүр. Ер нь дэлхийн чансаанд ороход хөрөнгө мөнгөний асуудал гардаг тул хөгжиж буй улсууд  төдийлөн ороод бай­даггүй. Голдуу сайн дураар эрэмбэд оролцдог.

Эрэмбэ, чансаа тогтоох хэрэгтэй, гэхдээ ингэж хийдэггүй юм. Ийм эрээ цээргүй юм хийж болохгүй!

Манайх эхлээд үндэсний эрэмбэ тогтоох шалгуур ил тод нээлттэй  гаргах хэрэг­тэй. Коллеж, их сургууль, бака­лавр­­гүй  их сургуулийг хүртэл адил шалгуураар шүүнэ гэж юу байдаг юм.

Топ нь хэдэн улсын сургууль, эрдэмтэн бэлт­гэдэггүй ганц нэг улстөрчийн сургууль байх шив.

Төрийн хэдэн сургууль­даа олон тэрбумаар төсөл хөтөлбөр өгч л байдаг, тэдний манлайлал нь хаана байна. МУБИС гэхэд л яаж унасан билээ, салбарынхан бүгд л мэдэж байгаа!  Дээд боловсролын салбарт Шудар­га өрсөлдөөн нэн чухал.Манай сургууль зөвхөн магистр, доктор бэлт­гэдэг дэлхийн маш цөөхөн сургуулийн нэг.Эрдэмтэд бэлтгэх олон жилийн турш­лагатай, шинжлэх ухааны шинэ дэг сургууль олныг бий болгосон гавьяатай. Төгсөгч­дийн ажил эрхлэлт, карьер өсөлтөөр бид тэргүүлнэ гэж зоригтой  хэлж  чадна, бидэнд судалгаа байна. Өнөөдөр сургуулийн чансааг  тогтоох  гол  үзүү­лэлт нь энэ болж байгаа. Гэтэл дэлхийн жишгээр бус яам­ны үзэмжээр гаргасан энэ эрэмбэд юу нь чухал болохыг ойл­гоход бэрх.Ганц ч доктор бэлтгэж үзээ­гүй сур­гуулиуд нь топ болж байна гэхээр ярих юм ч алга.

 

 

П.БАЯР

 

Categories
мэдээ нийгэм

Хил зөрчигч байж болзошгүй Тува Улсын иргэн суманд оногдож амиа алджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад энэ  сарын 17-ны өдрийн 05 цаг 20 минутад Увс аймгийн Сагил сум “Хилийн …. дахь тэмдэгтээр хил зөрчигч нэвтэрсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тус аймгийн цагдаагийн газрын “Ажлын хэсэг” шалгахад урьдчилсан байдлаар ОХУ-ын талаас 3 морьтой хүн хууль бусаар нэвтэрсэн байн. Тэд инженерийн торон саадыг тасалж байх үед нь хилийн цэргийн алба хаагчид галт зэвсгээр анхааруулах буудлага үйлдэхэд хил зөрчигч байж болзошгүй Тува Улсын нэг иргэн суманд оногдож амь насаа алджээ.

Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Энэ талаарх эрх зүйн зохицуулалт:

МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ

48.5 дугаар зүйл. “Улсын хил хамгаалах байгууллага, хилийн манаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу галт зэвсэг, тусгай хэрэгсэл, албаны нохой, биеийн хүч хэрэглэснээс үүссэн үр дагаврын төлөө хариуцлага хүлээхгүй.

Categories
мэдээ нийгэм

2024 оны TechGirls хөтөлбөрт өргөдлийн материал хүлээн авч эхэллээ DNN.mn

АНУ-ын Элчин сайдын яамнаас 2024 оны TechGirls хөтөлбөрөө зарлаж онлайн өргөдлийн материал хүлээн авч эхэллээ.

Энэхүү богино хугацааны, бүрэн тэтгэлэгт солилцооны TechGirls хөтөлбөр нь шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн (ШУТИМ) салбарт манлайлах эмэгтэйчүүдийг дэмжин ур чадвараа дээшлүүлэх, хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжоор хангах зорилготой.

Тус хөтөлбөр нь жил болгон гурав хүртэлх тооны Монгол сурагчийг АНУ-д дөрвөн долоо хоногийн динамик сургалт, Монголд эргэн ирээд хөтөлбөртөө виртуалаар хамрагдах нийт есөн сарын менторшип болон манлайллын сургалтад хамрагдах боломжоор хангадаг. АНУ-ын Төрийн департаментын Боловсрол, соёлын асуудал хариуцсан товчооноос санхүүжүүлдэг уг хөтөлбөр нь ирээдүйд шинжлэх ухаан, инженерчлэл, математик, нэн ялангуяа технологийн чиглэлээр дээд боловсрол эзэмших болон ажиллах төлөвлөгөөтэй 15-17 настай эмэгтэй сурагчдад нээлттэй.

Онлайн өргөдлийн материалыг 2023 оны 12-р сарын 9-нд Улаанбаатарын цагаар шөнийн 01:00 цаг хүртэл хүлээн авна.

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, онлайн өргөдлийн материалын линкийг https://mn.usembassy.gov/education-culture/scholarships/techgirls/ болон ЭСЯ-ны https://www.facebook.com/USEmbMongolia/ -аас орж авна уу.

Categories
мэдээ улс-төр

Ирэх оны улсын төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөг байна DNN.mn

Улсын Их Хурлаас 2023 оны тавдугаар сарын 31-нд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг баталсан.

Эдгээр хуулийн зарим үзүүлэлтийг эдийн засгийн сэргэлттэй уялдуулан бодитой тооцон, өөрчлөх шаардлага үүсжээ. Төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуульд өөрчлөлт орсноор ирэх онд

  • Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 25.3 их наяд төгрөг,
  • Төсвийн нийт зарлага 27.4 их наяд төгрөг,
  • Төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.1 их наяд төгрөгт буюу дотоодын нийт бүтээгдэхүүний -2.8 хувьд тус тус хүрнэ.

Энэ  нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг хангаж байна гэв.

“Төсвийн хүрээний мэдэгдлийн тоо өөрчлөгдөж байгаа нь сайжирч байгаа үзүүлэлт юм. Эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн есөн макро тооноос Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлага хангахыг шаарддаг хоёрыг нь ягштал барих ёстой.

Бусад үзүүлэлт нь эдийн засгийн тэлэлт буюу дотоодын нийт бүтээгдэхүүн өссөнтэй холбогдуулж хувь хэмжээнд тооцогдон өөрчлөгддөг. Үүнийг тухайн үеийн эдийн засгийн нөхцөлтэй холбогдуулан өөрчлөх нь зөв.

Тооцооллыг дутуу хийсэн, эсвэл зарлагаа санхүүжүүлж чадахгүй, төрийн үйл ажиллагаа доголдох хэмжээний зөрүү тооцоо хийгээгүй гэдгийг Сангийн сайд тодотгов. Мөн тэрбээр, “Эдийн засгийн өсөлт манай эдийн засгийн бүтэцтэй холбоотой. Ялангуяа гадаад нөхцөлөөс хэт их хамааралтай болсныг бид удирдах боломжгүй.

Харин дотоод асуудлаа зохицуулж чадна. Үүний үр дүнд эдийн засаг тогтворжиж, төсвийн алдагдал буурсан” гэв. Түүнчлэн “Төсөв тэлэх хэрээр төсвийн бодлогыг дэмждэг хамгийн гол суваг нь цалин, тэтгэвэр тэтгэмж, халамж. Ирэх жилийн төсвийн нэмэгдэл нийтдээ 4.9 их наяд төгрөг. Үүний 3.4 их наяд төгрөг нь энэ оны хагас жилээр хийсэн цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл  юм. Үүнийг бүтэн жилээр тооцохоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Төсөв хөөсөрч тэлсэн явдал байхгүй” гэдгийг Сангийн сайд онцолжээ.

Өмнөх оны төсвийн хүрээний мэдэгдэлд эдийн засгийн өсөлтийг 6.5 хувь гэж Сангийн яам тооцсон. Энэ жил 7 хувь гэж тооцсоны нь нүүрсний экспорттой холбоотой.

Эдийн засаг, хөгжлийн яамнаас нүүрсний экспортыг 50-55 сая тонн гэж төсөөлсөн ч хил орчмын зохион байгуулалт, дэд бүтцийн хөгжил, экспортын тээврийн зохицуулалт сайжирчээ. Одоо гүйцэтгэл 51 сая тонн болсон тул ирэх жилийн экспортыг 60 сая тонн гэж тооцсон байна.

Мөн эдийн засгийн өсөлтийг дэмжих гол суурь нь уул уурхайн салбар. Энэ өсөлтөд нүүрсний экспорт нөлөөлөхөөс гадна Оюутолгойн ордын алт, зэсийн агууламжууд нэмэгдэж байна гэв. Уул уурхайн бус салбарын өсөлтийг 5.5 хувь гэж тооцжээ.

Эцэст нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүд дэмжжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Төгрөгийн хадгаламж 2.3 их наяд төгрөгөөр өсчээ DNN.mn

Төгрөгийн хадгаламж энэ оны есдүгээр сарын эцэст 14.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 410 (2.8 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 2.3 (18.3 хувь) их наяд төгрөгөөр өсжээ.

Төгрөгийн хадгаламжийн 13 (87.7 хувь) их наяд төгрөг нь иргэдийн, 1.8 (12.3 хувь) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх аж.

Харин валютын хадгаламж 5.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 89 (1.7 хувь) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеийнхээс 451.4 (9.8 хувь) тэрбум төгрөгөөр өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.