Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр гахай өдөр DNN.mn

Аргын тооллын аравдугаар сарын 21, Санчир гариг. Билгийн тооллын 7, суулга одтой, хар хулгана өдөр. Өдрийн наран 07:19 цагт мандан, 17:54 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улайны үйл, төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна DNN.mn

10-р сарын 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -6…-11 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1…+4 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +4…+9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар +13…+18 градус, бусад нутгаар +9…+14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9…-11 градус, бусад хэсгээр -2…-4 градус хүйтэн, өдөртөө +12…+14 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -8…-10 градус хүйтэн, өдөртөө +11…+13 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -7…-9 градус хүйтэн, өдөртөө +10…+12 градус дулаан байна.

2023 оны 10 дугаар сарын 22-ноос 10 дугаар сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

22-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 23-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор,  24-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, Сэлэнгийн сав газраар, 25-нд Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 23-нд Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 16-18 метр, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +16…+21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +11…+16 градус дулаан байна. 24, 25-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм

Эцэг, эхчүүдийн дунд зохион байгуулдаг спорт тэмцээнийг хориглолоо DNN.mn

Жилийн жилд бүх сургууль, цэцэрлэгийн хэмжээнд эцэг эх, асран хамгаалагчдын дунд спорт тэмцээнүүдийг зохион байгуулдаг. Тэгвэл Увс аймгийн Улаангом сумын засаг дарга уг үйл ажиллагааг дахин явуулахгүй байх чиглэлийг сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт хүргүүлжээ.

Учир нь эдгээр тэмцээн наадмын үеэр эцэг, эхчүүд гэр бүлдээ гаргах цаг хомсоддог, нийлж наргиж цэнгэдэг, заавал оролцоог ханга гэж шахаж тулгадаг зэрэг гомдол мэдээлэл их ирдэг байна. Тиймээс цаашид энэ үйл ажиллагааг хориглож, заалаар хангахгүй байхыг анхааруулжээ.

Categories
мэдээ нийгэм

Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 282 гомдол, хүсэлтийг хүлээн авчээ DNN.mn

Прокурорын байгууллага 2023 оны аравдугаар сарын 16-наас 20-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 282 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 864 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 177 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 687 нь хянагдаж байна.

Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 3 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах, 3 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой бол 276 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.

Дээрх хугацаанд Нийслэлийн Дүнжингарав, Мишээл төвүүдэд ажиллаж байгаа “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд нийт 16 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, 30 иргэнд прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч ажиллав гэж Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Х.Нямбаатар: Тохижилт, үйлчилгээний ажилтнуудын цалинг нэмнэ DNN.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тохижилт, үйлчилгээний салбарын ажилтнуудтай уулзаж, тухайн салбарт тулгамдаж буй асуудлуудын талаарх саналыг нь сонслоо.

Мөн тэрбээр хийж буй, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон ажлуудынхаа талаар танилцуулсан юм. Тус уулзалтад Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг болон УБЗАА-ны харьяа тохижилт, үйлчилгээний 26 байгууллагын 100 гаруй ажилтан, албан хаагч оролцов. Уулзалтын эхэнд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:

-Нийслэлийн 2024 оны төсөвт хог тээвэрлэлтийн тариф болон давтамжийг нэмэгдүүлж, тохижилт, үйлчилгээний ажилтнуудын цалинг өсгөхөөр тусгасан. Мөн энэ онд багтаан хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэхээр зорьж байна. Тохижилт, үйлчилгээний байгууллагуудад хөшүүрэг болгох үүднээс тоног, төхөөрөмжийг зээл, түрээсээр авах боломж бүрдүүлэх, зам талбайн үйлчлэгч нарын нийгмийн баталгааг хангах зорилгоор орон сууцны хөтөлбөрт хамруулах зэрэгт онцгойлон анхаарч байгаа хэмээлээ.

Мөн уулзалтад ирсэн төлөөллүүд тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлбэл зохих ажлын талаарх санал хүсэлтээ хэлэв.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг:

-Цэвэрлэгээ, үйлчилгээ, хог тээвэрлэлтийн давтамжийг нэмэгдүүлэх нь зүйтэй. Үүнийг дагаж цалин нэмэгдэнэ. Түүнээс гадна иргэдийг соёлжуулах, соён гэгээрүүлэх нь маш чухал. Учир нь нийтийн эзэмшлийн зам, талбайд ил задгай маш их хог байхаас гадна иргэн, аж ахуйн, нэгж байгууллагууд Хог хаягдлын тухай хуульд заасан орчны 50 метр хүртэлх зам, талбайг цэвэрлэх үүргээ гүйцэтгэхгүй байна. Хот цэвэр, цэмцгэр байхад иргэн бүрийн оролцоо чухал. Түүнчлэн хог тээвэрлэлтэд парк шинэчлэл хийж, машин техникүүдээ яаралтай шинэчлэх шаардлагатай. Тохижилт, үйлчилгээний ажилчдыг орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар авч хэлэлцэж байгаад талархаж байна.

“Охь мандал” ХХК-ийн ерөнхий захирал Б.Жавзан:

-Хотын дарга ажлаа аваад тохижилт, үйлчилгээ гэсэн томоохон салбараас уулзалтаа эхэлж буйд баяртай байна. Миний бие энэ салбарт 20 гаруй жил ажиллаж байна. Манай байгууллага Нисэх, Био комбинат, Шувуун фабрик, Найрамдлын замыг хариуцан ажилладаг. Тухайн хэсгүүдэд хайрга, дайрга тээвэрлэдэг том оврын тээврийн хэрэгслүүд зөөвөрлөж буй хайрга, дайргаа зам дээр их хэмжээгээр асгадаг нь хүндрэл үүсгэдэг. Тиймээс тээвэрлэлтийн битүүмж, стандартыг хангуулах шаардлагатай байна.

“Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн” ТББ-ын тэргүүн А.Нямдорж:

-Ажилтан, албан хаагчдын цалинг нэмэхээс гадна өөр бусад хөшүүрэг бий болгох нь зүйтэй. Зам, талбайн үйлчлэгч нар цагдаа, цэргийн байгууллагын ажилтнуудын адилаар хүнд нөхцөлд ажилладаг. Тиймээс тэтгэвэрт гарахад нь тэтгэмж, нэмэлт боломж олгодог болох гэх мэтээр хуульд өөрчлөлт оруулах замаар нийгмийн баталгааг хангах боломжтой.

“Сүхбаатар тохижилт” ХХК-ийн захирал Ц.Баттүвшин

-Төрийн бус өмчит буюу хувийн байгууллагууд аль болох бага зардлаар их хог тээвэрлэхийг илүүд үздэг. Тиймээс тохижилт, үйлчилгээний ажлыг хувийн хэвшлүүд рүү шилжүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар ажиллах нь илүү давуу талтай болох нь харагдсан. Орлого нэмэгдэхийн хэрээр парк шинэчлэл хийх, хог тээвэрлэлтийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэв.

Хотын дарга уг харилцаанд сайтар зохицуулалт хийж, хувийн хэвшлүүдийн оролцоог тэгш хангах нь зүйтэйг онцлов.

Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Өнөөдрийн уулзалтаас гарсан бүх саналыг тэмдэглэсэн бөгөөд эдгээрийг тусгасан ажлын төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийн явцыг мэдээлэх болно. Онцолж хэлэхэд, миний бие хотын эрх зүйн орчин, чадамжийг сайжруулж, тулгамдаж буй асуудлыг хуульд шинэчлэл хийх замаар шийдвэрлэн, зохицуулахад зорьж байна” гэсэн юм.

Улаанбаатар хотын хэмжээнд гудамж, зам талбайн цэвэрлэгээний нийт 14,033,508 ам метр талбай байгаагаас УБЗАА 7,833,508 ам метр, дүүргийн тохижилт, үйлчилгээний компаниуд ойролцоогоор 6,200,000 ам метр талбайг хариуцан ажилладаг. Энэ оны байдлаар тохижилт, үйлчилгээний салбарт 1913 ажилтан, 460 тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Мөн төвлөрсөн хогийн цэгт ирж буй хог хаягдлын хэмжээ 1380 тонн байгаа бөгөөд энэ тоо жилээс жилд нэмэгдэж буй. Нийслэлийн нутаг дэвсгэрт хотын гол гудамж, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах хүрээнд УБЗАА-наас зам, талбайн цэвэрлэгээний бүсчлэлийг шинэчлэн боловсруулж, нээлттэй сонгон шалгаруулалтын ажлыг зохион байгуулжээ. Тус ажлын хүрээнд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний ажлын 97.7 хувийг хувийн хэвшилд бүрэн шилжүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Чех улсад суралцах богино хугацааны тэтгэлэг зарлагдлаа DNN.mn

Хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсын их, дээд сургуульд 2-9 сарын богино хугацааны туршлага судлах сургалтын тэтгэлэг зарлагдлаа.

Тавигдах шаардлага:

  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, 1, 2 дугаар ангид 3 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа
  • Магистрант: бакалаврын зэрэгтэй, 3 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны
  • Докторант: магистр зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45 хүртэлх насны
  • Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх.

Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын тэтгэлэгт дараах зүйлс багтана.

Үүнд:

  • Сургалтын төлбөр
  • Амьжиргааны зардал
  • Дотуур байр, даатгалыг оюутан өөрөө хариуцна.

Бүртгэл 2023 оны аравдугаар сарын 20-ноос 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийг хүртэл цахимаар явагдана. Энэхүү холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөж илгээнэ. Бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу

Categories
мэдээ спорт

Б.Чинзориг Олон улсын спортын арбитрын шүүхэд ханджээ DNN.mn

Монгол Улсын гавьяат тамирчин, Азийн наадмын аварга, дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Чинзориг үүсээд буй асуудлын талаар сошиал хуудсаараа дамжуулан мэдээлэл хийв.

Тэрбээр “Би 2005 оноос хойш 18 дахь жилдээ боксын спортоор хичээллэж байна. Энэ жил би Узбекстанд болсон ДАШТ-ээс мөнгөн медаль авсан. Мэдээж, миний хамгийн том зорилго бол Парисын олимп. Энэ сард болсон Ханжоугийн Азийн наадмын үеэр миний өгсөн шинжилгээнээс допингийн эсрэг дүрмийн зөрчил илэрсэнтэй холбоотойгоор энэхүү бичлэгийг хийж байна” гэлээ.

Б.Чинзориг анх уг мэдээг сонсоод цочирдон, сэтгэл санаа нь хэд хоног хүнд, тогтворгүй байсныг хэлэв. Түүний хувьд одоо Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон Допингийн эсрэг агентлагаас батлан гаргасан тамирчны эрхээ хамгаалах дөрөвдүгээр бүлэгт заасны дагуу уг хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт болон өмгөөлөгч авах хүсэлтээ уг байгууллагад тавьсан байна.

Энэ тухайгаа тайлбарлахдаа “Спортын арбитрын шүүхэд хандсан гэсэн үг. Надаас болж нийт шигшээ багийн эрх нь зөрчигдсөн тамирчдаасаа уучлалт хүсье. Эцсийн шийдвэр гарсны дараа та бүхэндээ эргээд мэдээлэх болно” гэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 3.90 төгрөгөөр чангарав DNN.mn

Монголбанкаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны есдүгээр сард 3466.08 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 208.97 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 3.90 төгрөгөөр чангарав.

Төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш мөн сард 474.93 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 11.04 төгрөгөөр суларч,  өмнөх сарынхаас 3.51 төгрөгөөр чангарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Харин төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш есдүгээр сард 35.86 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 18.62 төгрөгөөр, өмнөх сараас 0.50 төгрөгөөр чангарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Оюутнууд ангидаа архидан согтуурч, бусдын бэлгийн эрх чөлөөнд халдсан хэрэг гарчээ DNN.mn

Прокурорын байгууллага 2023 оны 10 дугаар сарын 9-нөөс 13-ны өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг арилгуулахаар 26 байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл хүргүүллээ. Тухайлбал:

Баянгол дүүргийн прокурорын газраас дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг их сургуулийн оюутнууд анги танхимдаа архидан согтуурч, бусдын бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдсан гэмт хэрэг гарсантай холбоотойгоор багш, оюутнуудад хууль тогтоомж сурталчлах, соён гэгээрүүлэх нөлөөллийн ажил, арга хэмжээг зохион байгуулах талаар тус сургуулийн захиргаанд;

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас иргэн С.Э нь тус дүүргийн 13 дугаар хороон нутаг дэвсгэрт нэн ховор амьтны жагсаалтад орсон цоохор ирвэсийн түүхий эдийг хадгалж, тээвэрлэсэн, байгаль экологи, амьтны аймагт 26 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, хянан шалгах улсын байцаагч нарын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулж, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах талаар Нийслэлийн Байгаль орчны газарт;

Өвөрхангай аймгийн прокурорын газраас төрийн албан хаагчийн үйлдсэн гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийг аймгийн хэмжээнд судалж, тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн холбогдох урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг авхуулахаар тус аймаг дахь бүсийн оношилгоо, эмчилгээний төв, “Арвайхээр ТҮК” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, Усан спорт, сургалтын төв зэрэг газруудад тус тус прокурорын мэдэгдэл хүргүүлжээ.

Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.

Categories
мэдээ нийгэм

МИАТ ТӨХК Катей Пасифик компанитай хамтран аяллын дугаар хуваах нислэгээр АНУ, Сингапур, Тайланд, Австрали, Энэтхэгийн 14 хот руу нисэх тийзээ борлуулж эхэллээ DNN.mn

МИАТ ТӨХК Катей Пасифик компанитай хамтран аяллын дугаар хуваах нислэгээр АНУ, Сингапур, Тайланд, Австрали, Энэтхэгийн 14 хот руу нисэх тийзээ борлуулж эхэллээ.

Монгол Улс, АНУ-тай “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсны үр дүнд МИАТ ТӨХК АНУ-ын нийт 5 хот руу Катей Пасифик компанитай хамтарсан нислэг үйлдэхэд бэлэн болж өнөөдрөөс тийз борлуулалтаа эхлүүлсэн байна.

Улаанбаатар хотоос эхлэлтэй Чикаго, Бостон, Нью-Иорк, Сан Франциско, Лос Анжелес, Сидней, Брисбен, Мельбурн, Перт, Мумбай, Дели, Хоши Мин, Бангкок, Сингапур чиглэлийн нислэгүүд нь МИАТ компанийн ОМ аяллын дугаартай байх бөгөөд зорчигчид МИАТ компанийн нислэгээр Хонконг хүрч цааш ОМ аяллын дугаар бүхий нислэгээр Катей Пасифик компаниар дамжин нийт 14 хот руу зорчих боломжтой аж.