Categories
мэдээ улс-төр

АБГББХ: Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2023.10.24/ хуралдаанаар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, С.Одонтуяа нарыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр томилох саналыг дэмжиж, Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг намын бүлгээрээ дахин зөвшилцөх шаардлагатай гэсэн үндэслэлээр завсарлага авч, завсарлагын хугацаа 10 дугаар сарын 20-ны өдөр дууссан. УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс УИХ-ын гишүүн Д.Ганбатыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр томилуулах тухай албан тоотыг УИХ-ын дарга Г.Занданшатарт ирүүлсэн бөгөөд уг асуудлыг Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороогоор дахин хэлэлцүүлэхээр шилжүүлсэн хэмээн Байнгын хорооны дарга танилцуулсан.

УИХ дахь АН-ын бүлэг албан тоот ирүүлж, УИХ-ын гишүүн С.Одонтуяа тус дэд хорооны бүрэлдэхүүнд орохоос татгалзсан тул түүний оронд УИХ-ын гишүүн Д.Ганбатыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр томилуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Д.Ганбат нарыг УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Дараа нь Монгол Улсын 2024 оны төсвийн тухайНийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухайЭрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Тэрбээр, Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, экспортыг нэмэгдүүлэх,  үнийн өсөлтийг хязгаарлаж иргэдийн бодит орлогыг хамгаалахад чиглэсэн бодлого, арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Засгийн газраас авч  хэрэгжүүлсэн арга хэмжээний  үр дүнд улсын эдийн засаг сайжирч, улмаар урт хугацааны хөгжлийн эхний арван жилийн зорилт болох Шинэ сэргэлтийн бодлогоо хэрэгжүүлэх боломж бүрдээд байна.

Тиймээс Шинэ сэргэлтийн бодлогын гол зорилтын нэг болох “Хот хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжихэд чиглэсэн төсөв, санхүүгийн  багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр ирэх 2024 оны  төсвийн төсөлд тусгасан гэлээ.

Ирэх оны төсөвт Монгол Улсын аюулгүй байдал, гадаад бодлогыг бэхжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг тусгажээ. Тухайлбал, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж уул уурхайн бүтээгдэхүүний биржийн ил тод арилжааг эрчимжүүлэх; Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлж,   хүнсний ногоо, газар тариалангийн ажлын явц, бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг технологийн парк,  мах, ноос, арьс шир, түүхий эд, хүнс, сүү боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих ажлуудыг тусгасан байна. Мөн төрийн цэргийн байгууллагын үүрэг гүйцэтгэх бэлэн байдал болон  аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх, офицер, ахлагч, хугацаат болон гэрээт цэргийн албан хаагчдыг   дүрэмт хувцас, хэрэглэлээр хангах, хоол хүнс, шатах тослох материал, хээрийн дадлага, сургуулилалт, машин, техник хэрэгслийн засвар үйлчилгээ болон “Оюутан-цэрэг”  хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээнд шаардлагатай зардлыг холбогдох хууль, тогтоомж, эрх зүйн актуудад заасны дагуу тооцон тусгасан аж.

Сангийн сайд Б.Жавхлан, Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих  багц, арга хэмжээг хэрэгжүүлснээр  эдийн засгийн өсөлт 7 хувьд хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 25.3 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 27.4 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.8 хувь болж, төсвийн тусгай шаардлага хангагдаж байгаа хэмээн мэдээлсэн.

Мөн хуралдаанд Байнгын хорооны эрхийн асуудлын хүрээнд хамаарах байгууллагуудын төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулсан юм.

Монгол Улсын ерөнхий аудитор Д.Занданбат, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.7-д заасны дагуу Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулаад, Төсвийн тухай хуулийг хэлэлцэн батлахдаа “Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө”-ний зорилго, зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг тухайн жилийн төсөвт тусгуулахад анхаарах; өмнөх аудитаар толилуулсан “Төсвийн төслийг үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн эсэхийг үнэлж, дүгнэх аргачлал, шалгуур үзүүлэлтийг холбогдох хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгах” тухай өгсөн асуудлыг энэ жил дахин толилуулж байгааг анхаарахыг хүссэн.

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газар дараа оны төсвийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барихдаа Төрийн аудитын байгууллагаас өгч буй дараах зөвлөмжүүдийг бүрэн хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байна хэмээсэн. Үүнд:

  • Монгол Улсын төсвийн төслийг УИХ-д өргөн барихдаа төсвийн төсөл боловсруулах тухайн үе дэх хүчин төгөлдөр мөрдөгдөж буй төсвийн хүрээний мэдэгдэлд үндэслэсэн байх;
  • Улсын хөгжлийн бодлогын баримт бичигтэй нийцсэн, зөвхөн төсөвлөлтийн шаардлага хангасан төсөл, арга хэмжээг төсвийн төсөлд тусгаж байх;
  • “Улсын төсвөөс санхүүжүүлж хэрэгжүүлэхээр төсвийн хуульд тусгаж баталсан төсөл, арга хэмжээний төсөвт өртгийн дүнд өөрчлөлт орж буй шалтгаан нөхцөлд нарийвчилсан судалгаа, дүн шинжилгээ хийж, холбогдох арга хэмжээг авч ажиллах;
  • Барилга байгууламжид зураг төсөл, магадлал хийх ажлыг зохион байгуулах, худалдан авах үйл ажиллагаа, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах, захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх, улсын комисс хүлээн авах үйл ажиллагаанд субьектив сөрөг нөлөөлөлгүй байлгах тодорхой, нарийвчилсан эрх зүйн зохицуулалтыг бий болгох; /БҮХ/
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д заасны дагуу хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ төлөвлөсөн хугацаанд бүрэн хэрэгжих боломжгүй нөхцөл үүссэн тохиолдолд гэрээ байгуулах шийдвэр гаргахгүй байх чиглэлийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт өгч, хэрэгжилтэд хяналт тавих;
  • Хөгжлийн бодлогод нийцүүлсэн, үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтийг бүрэн хэрэгжүүлж, салбарын бодлого, төлөвлөлт хариуцсан албан хаагчдыг нэгдсэн арга зүйгээр хангаж, чадавхыг сайжруулах зэрэг асуудлыг багтаажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.

Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Өнгөрсөн зун Улаанбаатар хотыг үер усны аюул нөмөрч, маш их хохирол амссан. Ер нь Монгол улс үерийн, газар хөдлөлтийн аюулыг давахад бэлэн биш байна гэдэгтэй бүгд санал нийлж байгаа. Газар хөдлөлтийн аюулыг бууруулах асуудалд төсөв хөрөнгө тавьсан эсэхийг тодруулаад, төсөв хөрөнгө тавиагүйгээс том эрсдэл гарвал хариуцлагыг хэн хүлээх вэ хэмээн лавласан.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Газар хөдлөлтийн чичирхийллийн давтамж, учруулж байгаа хохирлын хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байна. Цаашдаа ч нэмэгдэх хандлагатай гэж эрдэмтэн, судлаачид анхааруулж байгаа. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч байгаа ч бас төсөв хүрэлцэхгүй байна гэдэг асуудлыг тавьж байна. Монгол Улсын Засгийн газраас гамшгийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, гамшгийн бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр Азийн хөгжлийн банктай хамтран 30 сая ам.долларын санхүүжилт бүхий томоохон төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Энэ хүрээнд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байгаа ард иргэдэд сэрэмжлүүлэх мэдээллийг цаг алдалгүй өгөх, олон нийтийн сүлжээгээр дамжуулж эрсдэлийн мэдээллийг цаг алдалгүй өгөх техникийн боломж бүрдэнэ. Мөн ОБЕГ-ын бүсийн төвүүдийг шуурхай удирдаж зохицуулах нэгдсэн тогтолцоонд оруулах нөхцөл бүрдэх юм.

Газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх асуудалд Сангийн яам анхаарал хандуулсан. Энэ хүрээнд ес орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх бөгөөд үүний 50 орчим хувь нь хот доторх аврах, эрэн хайх, аврах ажиллагааны багаж тоног төхөөрөмжүүдэд зарцуулагдах юм.

Газар хөдлөлт, үертэй холбоотой асуудлыг нийслэл, аймаг, орон нутаг өөрсдийнхөө гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн хүрээнд батлагдсан санхүүжилтээр тодорхой хэмжээнд шийдээд явах боломж байна гэсэн хариулт өгсөн.

УИХ-ын гишүүн Х.Баделхан, батлан хамгаалах салбарын техник хэрэгслийн шинэчлэл, офицер, албан хаагчдын хувцасны хангалтын талаар тодруулсан. Тэрбээр, алба хаагчдын хувцсыг хугацаанд нь сольж чадахгүй байна гэсэн мэдээлэл бий. Энэ асуудлыг ирэх жилийн төсөвт хэрхэн тусгасан бэ гэж асуусан.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр,  2024 оны батлан хамгаалахын салбарын төсөвт хугацаат цэргийн албан хаагчид, офицер ахлагч нарын хувцасны хангалтыг Сангийн яамнаас нэлээн анхаарч тусгасан. Сүүлийн жилүүдэд хувцасны хангалтын төсвийн хуваарилалт дунджаар 25-35 хувьтай тавигдаж байсан бол 2024 оны төсөвт 60 орчим хувь болж нэмэгдсэн. 2024 онд нийт офицер, ахлагч нарынхаа хувцасны 60 орчим хувийг,  хугацаат цэргийн албан хаагчдын хувцсыг 100 хувь хангах боломж бүрдэж байгаа. Хүнсний хангалтын хувьд төсөв мөн 35 орчим хувиар нэмэгдсэн гэсэн хариултыг өгсөн.

УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийслнээр хоёр дахь хэлэлцүүлэг өндөрлөж, Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын ИХ Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Уран барималч А.Очирболдын “Ухамсар” бүтээлийг НҮБ-ын хамт олонд бэлэглэлээ DNN.mn

Нэгдсэн үндэстний байгууллагын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр НҮБ-ын байранд анх удаа зочилж, НҮБ-ын хамт олонтой уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүрэлцэн ирэхэд Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра угтав. НҮБ-ын хамт олны төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчид НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудын Монгол Улсад явуулж буй үйл ажиллагааны талаар танилцуулав.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүрэлцэн ирэхтэй холбогдуулан нээсэн НҮБ-ын хүндэт зочны дэвтэрт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гарын үсгээ зурлаа.

НҮБ-ын хамт олонд хандан хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, “НҮБ бол Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг урагшлуулах, хүрээлэн буй орчныг хамгаалах, ардчилал, сайн засаглалыг бэхжүүлэх зэрэг манай улсын хөгжил дэвшилд бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж буй манай чухал түнш” хэмээн онцоллоо.

Монгол Улс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилсан шинэчлэлийн бодлогыг бүрэн дүүрэн дэмжиж байгаа бөгөөд НҮБ-тай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийллээ.

Мөн Монгол Улс олон улсын энх тайван, аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэг зэрэг 20 орчим асуудлаар нийт 90 гаруй тогтоолыг санаачлан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар хэлэлцүүлж батлуулсны зэрэгцээ олон санал санаачилга дэвшүүлэн ажиллаж байгааг хэллээ.

Монгол Улс 2024 онд НҮБ-тай хамтран Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо хүлээн авч, зохион байгуулахаар бэлтгэл ажлыг эхлүүлснийг дурдав.

Түүнчлэн Монгол Улс “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” зэрэг үндэсний хөдөлгөөнийг эх орондоо амжилттай хэрэгжүүлж байгаа нь тогтвортой хөгжлийн зорилгыг хангах дэлхий нийтийн хүчин чармайлтыг хэрэгжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулна хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын хамт олонд НҮБ-ын өдрийн мэндийг дахин дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, үйлс бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.

Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра хэлсэн үгэндээ, “Энэхүү онцгой өдрийг Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын хамт олонтой хамтдаа тэмдэглэж байгаад би ихэд талархалтай байна. Энэ нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхийн төлөөх Монгол Улсын үүрэг амлалт болон НҮБ-ын эрхэм зорилгод өгч буй ач холбогдлыг илтгэн харуулж байна” гэлээ.

Түүнчлэн дэлхий ертөнцийг илүү сайхан болгохын төлөө Монгол Улсад төдийгүй дэлхийн өнцөг бүрд ажиллаж буй НҮБ-ын хамт олонд мэндчилгээ дэвшүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын байранд ажиллах үеэрээ уран барималч А.Очирболдын “Ухамсар” бүтээлийг НҮБ-ын хамт олонд бэлэглэлээ.

Тус баримлын эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешт бэлэглэсэн бөгөөд Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байрны дэргэд сүндэрлэж буй.

Өдгөөгөөс 78 жилийн өмнө буюу 1945 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын Дүрэм хүчин төгөлдөр болсон бөгөөд энэхүү өдрийг дэлхий даяар НҮБ-ын өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НДШ, ХХОАТ шимтгэлийг 50 хувь бууруулах талаар иргэдээс санал авч эхэлжээ DNN.mn

D-petition буюу нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг нэвтрүүлж буйгаа УИХ-ын дарга зарласан.

Тэгвэл иргэн Ш.Хүрэлтулга санаачилгаар уг системд НДШ, ХХОАТ шимтгэлийг 50 хувь бууруулах талаар иргэдээс санал авч эхэлжээ. 

Энэхүү саналын гол зорилго нь НДШ, ХХОАТ  ажил олгогч, ажилтанаас авч байгаа хувиудыг бууруулах тухайн сангууд нь алдагдлын хувиа мега төслүүдээсээ бүрдүүлэх аж.

Одоогоор 47,287 иргэн саналаа өгөөд байна.

Санал хураалтад 11-р сарын 19-ны 20:49 цагт дуусах юм.

Та энэ дарж саналаа өгөх боломжтой.

Categories
гадаад мэдээ

Хамгийн өндөр настай нохой “бурхан болов” DNN.mn

Дэлхийн хамгийн өндөр настай, Португалийн мастиф үүлдрийн Боби нэртэй нохой 31 настайдаа нас баржээ. Аливаа нохойнд хайртай хүний ​​амьдралын гол эмгэнэл бол тэдний амьдрал хүнийхээс хамаагүй богино байдаг явдал юм. Нохойн хувьд 11 нас бол маш сайн, 13 нас бол гайхалтай амжилт, 16 нас бол үнэхээр азтай явдал юм. Иймээс Боби нохойн хувьд хүнтэй харьцуулбал 120 орчим жилтэй тэнцэх нас юм. Бобигийн үхэлд хамгийн түрүүнд Гиннесийн амжилтын ном анхаарал хандуулжээ. Учир нь энэ ном өнгөрсөн 2-р сарын 2-нд Бобийг одоо хүртэл амьдарч буй хамгийн хөгшин нохой төдийгүй хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн өндөр настай нохой гэж зарласан юм. Соёл иргэншлийн эхэн үед бүртгэл хөтөлдөггүй байсан тул хоёр дахь нь үнэн биш ч байж магадгүй.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Буянт-Ухаа ОУНБ орон нутгийн 51 нислэг үйлджээ DNN.mn

Буянт-Ухаа Олон Улсын нисэх буудалд 2023 оны 10 дугаар сарын 16-2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрүүдэд орон нутгийн 51 нислэг үйлдэгдэж, нөөц нисэх буудлаар сонгогдсон хүсэлт 85 удаа хүлээн авч нислэг үйлдвэрлэлийн бэлэн байдлыг ханган ажиллалаа.

Тодруулбал, тусгай үүргийн 4, түргэний 2, ерөнхий зориулалтын 16, дадлагын 25, хөөлтийн 3, шалгалтын 1 нислэг хүлээн авч, бэлэн байдлыг хангаж ажиллав гэж ЗТХЯ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нутгийн хойд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна DNN.mn

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд:

Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2023 оны 10 дугаар сарын 25-наас 10 дугаар сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

25-нд Хэнтийн уулархаг нутгаар, 27-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 28-нд нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 25-нд тал, хээрийн нутгаар, 27, 28-нд Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 25-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтрэх боловч бусад хугацаанд өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +15…+20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +9…+14 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сурагчдын амралт ирэх сарын 6-нд эхэлнэ DNN.mn

2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль дөрвөн улиралд хичээллэнэ. Цар тахлаас хойш сурагчид гурван ээлжээр хичээллэж, өвлийн улирлын амралтыг уртасгаад байсан бол энэ хичээлийн жилээс хуучин хувиараар хамрах БШУ-ы сайдын тушаал гарсан.

  • I  улиралд: Есөн долоо хоног хичээллэн арваннэгдүгээр сарын 6-10-ныг хүртэл буюу нэг долоо хоног амарна.
  • II улиралд: Найман долоо хоног хичээллэн 1-9 дүгээр ангийнхан гурван долоо хоног, 10-12 дугаар ангийнхан хоёр долоо хоног амарна.
  • III улиралд: Есөн долоо хоног хичээллэн бүх ангийнхан нэг долоо хоног амарна.
  • IV улиралд: Бага ангийн сурагчид найман долоо хоног, дунд ангийнхан есөн долоо хоног, ахлах ангийнхан 10 долоо хоног хичээллэхээр хуваарьт тусгасан байна.
Categories
мэдээ үндэсний-бөx

Нийслэлийн өдөрт зориулсан 256 бөхийн барилдаан энэ бямба гаригт болно DNN.mn

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард зохиогдох бөхийн барилдаан болон нээлттэй хурлын товыг танилцууллаа.

Аравдугаар сарын 27-ны Баасан гарагт 11:00 цагаас сумын цолтой залуу бөхчүүдийн ээлжит барилдаан болно. Барилдах бөхчүүдийг аравдугаар сарын 25, 26-нд цахимаар бүртгэх юм.

Харин энэ долоо хоногийн Бямба гарагт 11:00 цагаас Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан болно. Барилдах бөхчүүдийг аравдугаар сарын 26, 27-нд цахимаар бүртгэх аж.

Ирэх долоо хоногийн даваа гаргийн 13:00 цагт Монголын Үндэсний бөхийн холбооны “Барилдааны дүрмийн зөвлөл”-ийн нээлттэй хурал Монгол Бөхийн Өргөөнд болно. Тус хурлаар барилдааны дүрмийн зарим заалт ба допингийн асуудлыг хэлэлцэнэ. Хуралд бөхчүүд, бөхийн багш, дасгалжуулагчид болон бөхийн зүтгэлтнүүд, үзэгчид оролцоход нээлттэй юм.
Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨМЖ: И-Баримт аппликэйшнээр ЭМД-ын шимтгэл төлөх заавар DNN.mn

Даатгуулагч таны И-Баримт аппликэйшнээр төлсөн шимтгэл 15-30 минутад баталгаажих бөгөөд сар, хагас жил, бүтэн жил гэсэн сонголтуудаас сонгон төлөлтөө хийх боломжтой юм.

Шимтгэл төлөх заавартай танилцана уу.

  1. И-Баримт аппликэйшндээ UPDATE хийж, нэвтрэх.
  2. Үйлчилгээ цэснээс “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” хэсгийг сонгох.
  3. Даатгуулагчийн төрлөө сонгох.
  4. Шимтгэлээ сар, хагас жил, бүтэн жилээр төлөх сонголтуудаас сонгох.
  5. Өөрийн регистрийн дугаар болон аймаг, дүүргээ сонгон баталгаажуулах.
  6. Хүснэгтээс шимтгэл төлөх саруудаа сонгох.
  7. Төлбөрийн боломжуудаас сонгох.

Та шимтгэл төлөлтөө баталгаажсан эсэхийг http://www.emd.gov.mn/ сайтаас шалгах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

АТГ: 49 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгажээ DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 10 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 651 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 393 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 258 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 49 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 82 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 23 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Өргөдөл, гомдол, мэдээллийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн Биеийн тамир, спортын улсын хорооны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Н.Батсүхэд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасан хариуцлага тооцуулжээ.

Эх сурвалж: АТГ