Categories
мэдээ нийгэм

АТГ: Нүүрсний асуудлаар 51 хэргийг шалгаж, 11-ийг шүүхэд шилжүүлж, 10-ыг хаасан DNN.mn

Авлигатай Тэмцэх Газраас хэвлэлийн хурал зохион байгуулж, сүүлийн үеийн мөрдөн шалгах ажлын үр дүнгийн талаар мэдээлэл өгч байна.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг нүүрсний гэх хэргийн талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах бүлэг орд газраас төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК болон  орон нутгийн өмчит “Тавантолгой ХК” нь нүүрс олборлох, борлуулах, тээвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх, төмөр замын бүтээн байгуулалтын ажил, дээрх үйл ажиллагаануудыг хэвийн явуулах зорилгоор төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах зэрэг үйл ажиллагаанд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоолгохоор улсын Ерөнхий прокурорын тогтоолоор эрх бүхий байгууллагуудаас ажлын хэсэг томилон  шалгаж байгаа.

АТГ-аас нүүрсний гэх хэрэгт авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тогтоох чиглэлээр мөрдөн шалгах үйл ажиллагааг үргэлжлүүлж байна.

Нүүрстэй холбоотой гэгдэх 30 хэрэг АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаанд байсан. Хэрэг бүртгэлийн тоо нэмэгдэж, 42 эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Нийт 72 хэргийг шалгалаа. Одоогоор

  • 43 хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд
  • Найман хэргийг нэгтгэн шалгаж байгаа.
  • 11 хэргийг шүүхэд шилжүүлсэн
  • 10 хэргийг гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэн хаах саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Шүүхэд шилжүүлсэн 93 хүн, хоёр хуулийн этгээдэд холбогдох 10 хэргээс зургаа нь аймаг, нийслэлийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн бол дөрвөн хэрэг шүүхэд хянагдаж байна.

Энэ хугацаанд мөрдөн шалгах ажиллагаагаар нийт 155 иргэн, албан тушаалтан, гурван хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан” хэмээлээ.

Нүүрстэй холбоотой хэрэг олон жилийн хугацаанд явагдсан, өргөн цар хүрээтэй тул мөрдөн шалгах ажиллагаанд цаг хугацаа шаардагдаж байгаа. Үүнээс гадна шүүх шинжилгээний дүгнэлт гаргуулах, гадаад улсын эрх бүхий байгууллагууд хамтран ажиллахаар хандсан хариуг хүлээх, оролцогчдын зүгээс гаргаж буй санал хүсэлтийг шийдвэрлэх зэргээс шалтгаалан цаг хугацаа орж байгаа гэдгийг тодотгосон юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

34.104 иргэн НӨАТ-ын буцаан олголтоосоо татвараа төлжээ DNN.mn

Иргэдэд хялбархан, шимтгэлгүй татвараа төлөх боломж олгох, төр талдаа татвар хураах зардлыг бууруулах зорилгоор 2021 оноос НӨАТ-ын урамшууллын буцаан олголтоосоо хөрөнгийн татвараа төлөх санал асуулгыг авдаг болсон.

Сангийн сайдын 2020 оны 14-р тушаалын дагуу иргэдийн НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг аравдугаар сардаа багтаан олгоно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ 0.1 хувиар буурчээ DNN.mn

Үндэсний Статистикийн Хорооноос нийслэл хотод болон хөдөө орон нутагт 2023 оны 10 сарын 23-ны байдлаарх зарим гол нэрийн барааны дундаж үнэ ханш ямар байгааг тогтоожээ. Тодруулбал, Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас 1.8, өмнөх 7 хоногоос 0.1 хувиар тус тус буурсан байна.

Хөдөө орон нутагт болон аймгийн төвүүдэд зарагдаж байгаа хүнсний зарим гол нэрийн барааны дундаж үнийг танилцуулж байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Өрнө дорнын соёлыг агуулах Шанхай, Тяньжин DNN.mn

Монголчууд бидний хамгийн сайн мэдэх хийгээд бас хамгийн муу мэдэх улс бол өмнөд хөрш Хятад. Түүхийн бүх л үеийн туршид нүүдэлчид тэдэнтэй ямагт хөрш оршин, хэн хэнийгээ эзлэхдээ эзэлж, ялагдахдаа ялагдаж ирсэн. Тэглээ гээд бид өнөөдөр ч гэсэн хөрш оршсоор. Эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч орнуудын эхний хоёрт бичигдэх тус улсын хөгжил гарцаагүй шинэ шатанд гарчээ. Нэг үгээр бол бидний өмнө нь мэддэг байсан Хятад огт өөр, цоо шинэ Хятад болсон байна.

Бээжин хотод бууж түр амсхийж аваад оройхондоо орон нутгийн зорчигч тээврийн цахилгаан галт тэргээр Шанхай хотыг зорин хөдөллөө. Шанхай хот бол өнгөрсөн хийгээд одоо, өрнө болоод дорно дахиныг хамтад нь агуулж байдаг өвөрмөц хот билээ. Орон нутгийн зорчигч тээврийн галт тэрэг нь цагт 345 км хурдалдаг. Туйлын тав тухтай. Цонхны шил нь хүртэл хүний нүд эрээлжлэхээс сэргийлсэн тусгай давхаргатай. Суудлын аравч нь зорчигчоо ядраахааргүй хойшоо сайн налж өгнө. Унтаад явахад ямар нэгэн тээргүй. Сүүлийн жилүүдэд хот хооронд явахдаа өндөр хурдны галт тэргийг сонгох нь давамгай болж. Хүссэн газартаа хурдан, тав тухтай, аюулгүй хүрчихдэг учраас. Хүний нэн тэргүүний хэрэгцээ болох ариун цэврийн өрөөний үйлчилгээ нь үнэхээр сайн. Хүн ороод гарах болгонд арчиж цэвэрлээд дараагийн хүн ороход ямар ч асуудалгүй болгоно. Ажиглаад байхад 30 минут тутамд хогийн савыг цэвэрлэж байх жишээтэй. Хятадын хөгжил дэвшлийг харуулах нэг зүйл нь яалтгүй энэхүү хурдны галт тэрэг ажээ.

Хятад улсдаа төдийгүй дэлхийд томоохонд тооцогддог Шанхай хот 26 сая орчим хүн амтай, санхүү худалдаа арилжааны төв цэгүүдийн нэг. Шанхай хотын газар зүйн ашигтай байршил нь худалдааны тун чухал зангилаа болоход нөлөөлсөн гэж үздэг. “Дорнын далайн сувд” гэж нэрлэгддэг Шанхай хот тэнд очсон хэн бүхний харааг булаах, сонин гоё үзүүштэй газруудаар арвин. Хятад даяарын хамгийн алдартай цэцэрлэгүүдийн нэг бол тус хотод байх “Юү” цэцэрлэгт хүрээлэн. Шанхай хотын жуулчдыг татах ер бусын газрын нэг бол гарцаагүй. Мин гүрний үед буюу XVI зууны хавьцаа нэгэн ноён аав ээждээ зориулж уг цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан гэдэг. Ер нь хаа газрын хуучны сүм барилгууд хүмүүст ер бусын сайхан сэтгэгдэл төрүүлдэг дээ. Юү цэцэрлэгт хүрээлэн бол яг л тийм газар. Мэдээж гадны болон дотоодын жуулчдын хөл тасрахгүй. Шанхай хотод очвол заавал үзэх газар. Шанхай хотын худалдааны гудамж болох “Нанжин зам” бол Азидаа төдийгүй дэлхийд нэлээн дээгүүр “жаалах” томоохон худалдааны гудамж. Өдөртөө дор хаяж л сая илүү хүн тэр хавиар явж арилжаа худалдаа хийдэг гэх. Саяхныг болтол энгийн хэрэглээний барааны зах байсан бол өдгөө дэлхийн том, том брэндүүд, дээд зэрэглэлийн ресторан, зочид буудлуудаар дүүрсэн супер газар болжээ.

Шанхай хотыг нэг амьсгаагаар үзээд барахгүй нь мэдээж. Гэхдээ заавал очиж үзэх газар бол Хуанфу мөрний баруун эргээр байрлах Бунд гэх газар. Энэ газар барилгын архитектураараа алдартай. Бунд готик, сэргэн мандлын үеийн архитектурын хэв маягийг агуулсан хуучин цагийн барилгуудаар элбэг газар. Дээрээс нь нэмээд орой болмогц эрэг дагуух

барилгуудын гэрэлтүүлэг ер бусын чамин үзэмжтэй харагдана. Энэхүү үзэмжийг мөрний голоор явах жуулчдад зориулсан усан онгоц дээрээс тольдоход хараа булаам. Өнгөрсөн зун Монголд түрээсийн дугуйн үйлчилгээ  явж эхэлсэн. Тэгвэл яг тийм дугуйн үйлчилгээ тэнд үнэхээр хүчийг авчээ. Хаашаа л харна, өнгө өнгийн түрээсийн дугуй. Үнэ хөлс нь ч боломжийн юм. Шанхай хотын гудамжийг чимэх бас нэг зүйл байгаа нь дотоодын үйлдвэрийнх нь цахилгаан автомашинууд.

Бүрэн цахилгаан машин нь ногоон дугаартай. Загвар хийцийн тал дээр бол яалтгүй “тасраад” алга болсон байна аа. Гадна загвараас гадна салоных нь чамин тансагийг гайхмаар. Магадгүй ирээдүйн машины чиг хандлага өнөөдөр Хятадад бий болж байх шиг. Мэдээж цахилгаан машин өөрөө шинэ гэж хэлж болохуйц. Гэхдээ ирээдүй яалтгүй цахилгаан машин болох учраас өмнөд хөршийнхөн энэ талын хөгжилд ихээхэн мөнгө зарцуулсныг төвөггүй харж болохоор.

Шанхай хотын гудамжинд сигнал орилуулж байгаа автомашин олж харсангүй. Тэр олон мянган машин холхиж байгаа ч эв зүйгээ олоод хэн хэндээ төвөг бололгүй зохицоод явчихаж болж байна. Хуучны болон орчин цагийн барилгын хэв маягийн сонгодог сүлэлдээн дундаас ялгарах нэг зүйл бол Шанхай дахь олон улсын санхүүгийн төв барилга. Энэхүү санхүүгийн төвийн барилга 492 метр өндөртэй, нэн орчин цагийн дизайныг агуулсан бөгөөд тэнгэр баганадан сүндэрлэнэ. 101 давхар уг барилгад дэлхийн 20 гаруй орны үндэстэн дамнасан санхүүгийн байгууллага, томоохон худалдааны төвүүд байх бөлгөө. Хятадад бэлэн мөнгөний хэрэглээ эрс багасчээ. Алипэй, вичатаар л голдуухан гүйлгээ хийцгээж байна. Зам харилцаа, хүмүүсийнх нь аз жаргалтай байдал гээд бусад зүйлсийн талаар ярих юмгүй болжээ. Үйлдвэрлэгч улс учраас өргөн хэрэглээний төдийгүй бүх л төрлийн бараа бүтээгдэхүүн хямдхан. Монголчууд бид “аймшигтай” үнэтэй бараа худалдан авч байна. Мэдээж хэн нэгэн хүн тухайн бараагаа өөрөө хэрхэн үнэлэх нь дурын хэрэг боловч манай хэд бол бас арай л гэмээр, арилжаа наймааны ёс зүйгүй хэд дахин нугалж зарж байх шив дээ.

Шанхай хотоос хойшоо Тяньжин хот руу хурдны галт тэргээр дөрвөн цаг гаруй явж хүрэх юм. Өмнөд хэсгийн хотоос хойшлох тусам цаг агаарын хувьд бага зэрэг сэрүүсэх боловч даарах зүйлгүй. Тяньжин хот бол хойд Хятадын далайн хамгийн том боомтыг түшиглэсэн хот. Эдийн засгийн хувьд хүчирхэг. “Бохайн тэнгисийн сувд” гэж нэрлэгдэх нь ч бий. Байгалийн баялгаар арвин. Байгалийн хий болон газрын тосны дориун нөөцтэй газар аж. Түүх соёлын талаар бас л Герман, Англи, Франц, Орос, Грекийн барилгын хэв шинжийг агуулсан олон арван барилгатай. Эртний Грекийн сонгодог хэв маяг, итал маягийн хөшөө дурсгалуудтай газар юм. Бараг л тэр хэсэг газрыг “Бяцхан европ” гэхээр юм билээ. Энэ дунд Италийн аялагч Марко Пологийн нэрэмжит талбай байх бөгөөд голдуухан зоогийн газрууд, уушийн газрууд төвлөрсөн жуулчдын диваажин энд байрлана. Энд зарж байгаа шар айрагны амт ер бусын таашаалтай. Намрын сайхан чимчигнэсэн айрагтай зүйрлэмээр юм уу даа. Мэдээж мөн л хуучны барилгын дурсгалт газруудтай. Бараг мянга орчим жилийн түүхийг хадгалсан Дүлө гэх буддын сүм Тяньжин хотод оршино. Эртний соёлын гудамж нь Хятадын эртний соёл хийгээд түүхийг хадгалан үлдсэн бөгөөд амттай хоол, эд өлгийн зүйлс, хоол хүнс гээд ер нь байхгүй юм байхгүй. Худалдаа арилжаа хийхэд тэнгэрт хадсан үнэтэй биш. Гэхдээ хүнсний зүйл нь амттай, чанартай. Элдэв бэлэг дурсгалын зүйлсээр элбэг. Тяньжин хотод очсон хэний ч харцыг булаах нэг зүйл бол “Тяньжиний нүд” хэмээх 110 метрийн голчтой, 48 бүхээгээс бүрдэх алсыг харагч. Нэг бүтэн тойроход гуч орчим минут зарцуулдаг супер байгууламж нь энэ хотыг тольдох нүд гэж болно.“Тяньжиний нүд” нь төмөр замын гол буудлаасаа холгүй, Хай голын дунд сүндэрлэнэ. Энэ хотод очсон хэн ч бай уг алсыг харагч дээр заавал суух ёстой л юм байна лээ.

Тяньжин хотод байх ёстой л түм түжигнэсэн газар бол Шаазан байшин байрлах гудамж ажээ. Битүү шаазангаар хучигдсан энэ барилга хачин чамин үзэмжтэй харагддаг. Шаазан байшин анхандаа бол франц маягийн жижгэвтэрхэн барилга байсан ч эзэн нь хожмоо битүү шаазангаар өнгөлөөд, хашаа хороог нь шаазан ваараар барьснаар жуулчдын үзэх дуртай, тус хотын хамгийн гоё газруудын нэг нь болжээ. Уг байшин дотор орвол Хятадын хуучин цагийн модон эдлэлүүд олноороо байх юм билээ. Хуучны эдлэл сонирхдог хүний хувьд яалт ч үгүй нүд булаахуйц тавилга сэлт давхар бүрд нь өрөөстэй. Ер нь Тяньжин хот нь гар урлалын бүтээгдэхүүн, баримлууд, далайн гаралтай хоолоороо Хятад даяар алдартай. Бараг л аль ч зоогийн газраар нь орсон, томоохон хүнсний дэлгүүрээр орсон бай далайн хүнсээр арвин. Харахаас ч дотор арзаймаар эвгүй эвгүй амьтад энд бол жирийн л хүнс юм даа. Тийм ч болохоор далайн хүнсээрээ алдартай.

Тяньжин хот нь манай улсын хувьд ч мөн чухал ач холбогдолтой. Жишээ нь, жилдээ гэхэд энэ хотын боомтоор дамжин 90 000 орчим чингэлэг ачаа манай улсад ирдэг. Уг боомт бол жилдээ 500 орчим сая чингэлэг тээвэрлэх хүчин чадалтай юм билээ. Дэлхийн 180 гаруй орон, бүс нутгийнхаа 500-гаад боомттой холбогддог асар том боомт хот юм. Боомтын үйл ажиллагаагаараа асар их ашигтай ажиллана. Том боомт хот учраас харьцангуй хямд бараа бүтээгдэхүүнтэй.Тяньжин хот нь нийслэл Бээжингээс холгүй, хурдны галт тэргээр 30-аад минут давхиад орчих газар тул ер нь нэг очоод үзчихээрэй гэмээр хот байна лээ. Үзэх харах юм арвинтайгаас гадна шоппинг хийхэд тун аятайхан газар. Шанхай болон Тяньжин хотууд тухай цухасхаан өгүүлэхэд нэг иймэрхүү. Аяллаар явж байгаа бол эдгээрээс гадна үзэж болох маш олон газрууд бий. Бас Хятадаар аялбал техник технологийн үсрэнгүй хөгжлийг ч мэдрэх хэрэгтэй. Гар утаснаас эхлээд цэвэрлэгээ болон хоол хүргэлтийн ботууд, өндөр хурдны галт тэрэг, цахилгаан автомашин гээд олон олон зүйл байна даа.

 

Categories
гадаад мэдээ

Дуэйн Жонсоны лааны тосон баримал өнгөө бүдгэрүүлнэ DNN.mn

Өнгөрсөн долоо хоногт Парис хотын Грэвин Музей үзмэрийн танхимдаа АНУ- ын кино од Дуэйн Жонсоны лааны тосон баримлыг шинээр байрлуулсан юм. Тэгвэл баримлын арьсны өнгө хэтэрхий цайвар байгаа талаар хүмүүс нийтийн сүлжээгээр шүүмжилж эхэлжээ. Нэрт комедиан Жэймс Андре Жефферсон уг баримлыг бүтээгчид ядаж жүжигчний гэрэл зургийг “Гүүглдэж” болоогүй юм болов уу хэмээн хошигносон байна. Тэгвэл Жонсон өөрийн инстаграм хуудсандаа “Би өөрийн багийнхныг Грэвин Музей дэх найзуудтайгаа баримлын өнгөний талаар яриулахаар боллоо. Дараа Парист очихдоо би тус музейгээр зочилж, өөртэйгөө хундага тулгах болно” гэж бичжээ. “The Rock” хочтой жүжигчин Жонсон АНУ-ын Калифорни мужид төрсөн бөгөөд эцэг нь африк гаралтай, эх нь Номхон далайн Самоа арлаас гаралтай юм. Түүний аав Уэйд Даглас Боулз бас “Роки Жонсон” нэрээр алдаршсан мэргэжлийн бөх байсан гэж BBC мэдээлжээ.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Т.Бадамжунай нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлууллаа DNN.mn

Т.Бадамжунай нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.

Эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг арваннэгдүгээр сарын 3-ныг хүртэл хойшлууллаа.

Энэ талаар өмгөөлөгч Н.Цэцэгмаа “Шүүх хэрэг хүлээн авснаас хойш 45 хоногийн дотор урьдчилсан хэлэлцүүлэг хийдэг хуулийн заалттай. Уг хуулийн заалтад баригдаад арваннэгдүгээр сарын 3-нд зарласан гэж өмгөөлөгчийн хувьд харж байна.

Үйлчлүүлэгч маань урьдчилсан хэлэлцүүлэгт өөрийн биеэр оролцох хүсэлтэй байгаа боловч арваннэгдүгээр сарын 3-н хүртэл биеийн байдал нь ямар байхыг хэлж мэдэхгүй байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар газар орны нэр өөрчилсөн Баян-Өлгий аймгийн 14 албан тушаалтанд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn

Нийслэлийн прокурорын газраас хууль бусаар газар орны нэр өөрчилсөн Баян-Өлгий аймгийн 14 албан тушаалтанд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 19.16 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар газар орны нэр өөрчлөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн 19.16 дугаар зүйлийн 1-т Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хилийн цэс, газар орны нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичиг, газар зүйн зурагт өөрчилсөн бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Газар зүйн нэрийн жагсаалтыг дөрвөн жил тутам тодотгож, Улсын Их Хурлаар батлуулах хуулийн заалттай. Үүнийг судалгаанд хэрэглэх, албан хэрэг, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд мөрдүүлэх, гадаад улс, олон улсын байгууллагатай нэр солилцох, мэдээлэх зэрэгт ашигладаг.

2017 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гаргасан зарлигтаа “Уул ус, газар нутгаа эрх бүхий байгууллагаас баталсан нэрээр зөв нэрлэж занших, өөрчлөн буруу нэршихээс сэргийлэх, монгол хэлнээс бусад хэлээр орчуулах буюу бусад хэлний дуудлагаар галиглахгүй байхыг Монгол Улсын нийт иргэд, байгууллагад уриалсугай” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн эрхийг хамгаалах хяналтын сонсгол болж байна DNN.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх Улсын Их Хурлын хяналтын сонсгол болж байна. Хяналтын сонсголд ЭМЯ, ХНХЯ, БШУЯ, ХЗДХЯ, Соёлын яам, ЦХХХЯ болон төрийн холбогдох бусад байгууллагын төлөөлөл оролцож байгаа юм.

 

 

Categories
мэдээ нийгэм

“Монгол бахархлын өдөр” бүх нийтээр амарна DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ийн саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон билээ.

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил 2023 оны 11 дүгээр сарын 14-ний мягмар гарагт тохиож байна.

Монголчууд “Монгол бахархлын өдөр”-ийг 11 дэх жилдээ бүх нийтийн амралтын өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Categories
мэдээ нийгэм

Р.Онончимэг: Хялбар ажиллагааны болон гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхүүдийг шинээр байгуулна DNN.mn

Шүүх байгуулах тухай хуулийн төсөл, Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого зэрэг шүүхтэй холбоотой цаг үеийн асуудлаар ШЕЗ-ийн дарга Р.Онончимэгтэй ярилцлаа.


-“Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын төслөөр хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж байсан. Монголын шүүхийн хэтийн төлөв, 10 жилийн дараах дүр зураг энэхүү бодлогоос шууд шалтгаалах байх?

-Шүүхийн тухай хуулийн 5.11-д шүүх эрх мэдэл хөгжлийн бодлоготой байна, бодлогыг ШЕЗ хуульд нийцүүлэн боловсруулж, Засгийн газар, УДШ-тэй зөвшилцөн УИХ-д

уламжлахаар зохицуулсан. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын төслийг боловсруулж УИХ-ын даргад уламжлаад байна. Бодлогын төслийг боловсруулахаар Н.Отгончимэг гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг өнгөрсөн оны сүүлээс ажиллаж эхэлсэн. Ажлын хэсэгт Улсын Дээд шүүх, Шүүхийн сахилгын хороо, УЕПГ, ХЭҮК, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо болон бүх шатны шүүхийн шүүгч, шүүхийн Тамгын газрын төлөөлөл багтсан. Төслийг боловсруулахдаа шүүхийн нөхцөл байдлыг бодитой тогтоох зорилгоор хөндлөнгийн байгууллагуудаар болон дотоод нөөц боломжоороо хэд хэдэн судалгааг хийлгэсэн байгаа.

Мөн бодлогын төслөө ШЕЗ-ийн цахим хуудаст байршуулж санал авах ажлыг зохион байгуулах, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулсан цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж, саналуудыг тусгалаа. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод 2021-2030 онд шүүхийн хараат бус байдал хангагдаж, хариуцлагатай, иргэн төвтэй шүүх тогтолцоо төлөвшинө

2031-2040 онд иргэдийн итгэлийг бүрэн хүлээсэн шүүхтэй болно гэсэн зорилго тавьсан. Шүүх эрх мэдлийн бодлого 10 жилийн хугацаанд хэрэгжинэ. Энэ үр дүнгийн суурь нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна.

-Шүүх байгуулах тухай хуулийн төслийг Засгийн газарт хүргүүлсэн. Хуулийн төсөл бүхлээрээ шүүхийн шинэчлэл юм болов уу гэж харагдаж байна. Ямар шүүхүүд яаж байгуулах талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Үндсэн хуульд 2019 онд хоёр том зарчмын өөрчлөлт орсон. Нэг нь, ШЕЗ болон Шүүхийн сахилгын хороог хэрхэн бүрдүүлэх, нөгөө нь шүүхийг тойргийн зарчмаар байгуулах тухай юм. Шүүхийг тойргийн зарчмаар байгуулах ажил өмнө нь хийгдэж байсан ч Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг агуулгаар хүчингүй болж байсан. Харин Үндсэн хуульд өөрчлөлт орсноор тойргийн шүүх байгуулах боломжтой болсон.

Өнгөрсөн зургадугаар сард ШЕЗ-өөс УДШ-тэй зөвшилцсөн Шүүх байгуулах хуулийн саналын төслөө Засгийн газарт хүргүүлсэн. Хуулийн саналын төсөлд Хууль зүй, дотоод хэргийн яам өөрийн саналыг тусган цахим хуудастаа байршуулан санал авсан. Өөрөөр хэлбэл, ШЕЗ-ийн УДШ-тэй зөвшилцсөн саналд тодорхой өөрчлөлт орсон байсан гэсэн үг. Харин шинэ сайд ажлаа аваад ШЕЗ-ийн УДШ-тэй зөвшилцсөн саналыг Засгийн газарт танилцуулан УИХ-д өргөн барихаар болсон байгаа.

ШЕЗ-өөс Шүүх байгуулах тухай хуулийн саналын төслийг боловсруулахдаа шүүхийн үйлчилгээг хүртээмжтэй байлгах зорилгын дор хүн амын төвлөрөл, шүүх, шүүгчийн ажлын ачаалал, зохион байгуулалт, “Цахим Монгол” болох зорилго зэрэг олон хүчин зүйлийг харгалзсан. Нийслэлд төвийн зургаан дүүргийн шүүхүүдээ хоёр том тойрог болгож, холын дүүрэг болох Багануурыг тусад нь, Налайх, Багахангайг нэг тойрог болгож байгуулахаар тусгасан. Монгол Улсын хот төлөвлөлт, дэд бүтцийн ирээдүйн бодлогоор нийслэлийн төвлөрлийг сааруулахаар зорьж байгаатай уялдуулж холын дүүргүүд тусдаа шүүхтэй байхаар тойроглох нь зүйтэй юм гэж үзсэн. Мөн цоо шинээр хялбар ажиллагааны шүүх, гэр бүл, хүүхдийн дагнасан шүүх байгуулахаар хуулийн төсөлд тусгасан.

-Орон нутгийн хувьд?

-Тухайлбал, Дархан-Уул гэхэд нэг шүүхийн байранд захиргаа, эрүү, иргэний анхан шатны шүүх, мөн давж заалдах шатны шүүх байрладаг. Иргэд үүнийг шүүх л гэдэг статусаар хүлээж авдаг. Захиргаа, эрүү, иргэний шүүх гэсэн ялгаа заагийг төдийлөн ойлгоход хүндрэлтэй, ойлгох ч шаардлага байхгүй. Шүүхээс орж үйлчилгээгээ авахад хялбар байх учиртай. Эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийг бусад оронд ердийн шүүх гэж үздэг юм байна. Манайд дагнасан шүүх гэхээр захиргааны шүүх байдаг. Тэгэхээр ердийн буюу эрүү, иргэний шүүхийг нэг шүүхээр байлгая. Дотроо танхимын зохион байгуулалттай байж болно. Харин захиргааны шүүх бол онцлогтой учраас дагнасан байя гэдэг байдлаар хуулийн төсөлд саналаа оруулсан.

-Анхан шатны шүүхүүдийн хувьд ийм өөрчлөлт орох нь. Давж заалдах шатны шүүхийг тойроглох уу?

-Давж заалдах шатны шүүхийг орон нутагт дөрвөн бүсэд тойроглон байгуулах бол нийслэлд нэг тойрог байхаар тусгасан. Баруун бүс нь Ховдод, төвийн бүс нь Төв аймаг, хангайн бүс Орхонд, зүүн бүс Хэнтийд байна. Нэг ёсондоо зам харилцаа сайтай, нийслэл рүү ойрхон аймгууд руу зохион байгуулалт хийсэн. Учир нь шүүх байгуулахтай холбоотойгоор эрх ашиг нь хөндөгдөж байгаа гол субъект бол шүүгчид. Тэдний санал бол олонх нь нийслэлд нэг том тойргоор давж заалдах шатны шүүх байгуулах нь зөв гэсэн саналыг дэмжсэн байсан. Гэхдээ улсын хэмжээнд нэг тойроглолт хийхэд холын аймгуудын хувьд арай хүндрэлтэй байна гэж үзсэн учраас бүсээр тойроглох саналын төслийг боловсруулсан.

Нийт хэргийн статистикийг харвал анхан шатны шүүхийн шийдвэрийн 91 хувь нь давж заалдахгүйгээр хэвээр үлддэг. Давж заалдах шатны шүүхийн тухайд орон нутагт иргэний хэрэг дээр зургаа, эрүүгийн хэргийн 13 хувь нь давж заалддаг гэсэн судалгаа бий. ШЕЗ-ийн барьсан бодлого бол төрийн цахимжилтыг дэмжихэд чиглэж, шүүх байгуулах төсөл дээр анхаарсан. Монгол Улс “Цахим Монгол” үндэстэн болно гэсэн зорилготой. Шүүхийн цахимжилтын түүхийг харвал 30 жилээр ярих боломжтой. Гэтэл яг цахимжилт гэдгээ юу гэж ойлгохоос эхэлнэ. Одоогийн байдлаар шүүхэд 20 гаруй программ, хангамж цахим систем ашигладаг. Тооны хувьд олон мэт боловч эдгээр системүүд хоорондоо болон бусад байгууллагын цахим системтэй уялдаа холбоо сайн биш, интеграци хийгдээгүй. Энэ нь иргэн талаас үйлчилгээ авахад хүндрэлтэй байгаа юм. Тиймээс шүүхийн цахимжилтад анхаарал хандуулж, системүүдийн уялдаа холбоог сайжруулахад анхаарч байна.

-Шинэ шүүхүүд байгуулагдах юм байна. Хялбар ажиллагааны шүүхээс эхэлье. Энэ шүүхээр ямар хэргийг шийдвэрлэх вэ?

-Та бүхэн санаж байгаа байх. “Баривчлах, түр саатуулах ажиллагаа хүний эрхийг зөрчиж байна” гэсэн дүгнэлтүүд хүний эрхийн байгууллагуудаас гардаг. Энэ асуудлыг шийдэх зорилгоор Улсын Дээд шүүхээс оруулж ирсэн санал. Товчхондоо, 24 цагаар жижүүрийн шүүх ажиллаж, зөвшөөрөл өгөх ёстой. Мөн зөрчлийн хэрэг маргаануудыг шуурхай шийддэг байх гэсэн саналууд орж ирсэн. Үүн дээр ШЕЗ-ийн зүгээс бага үнийн дүнтэй иргэний хэрэг маргаануудыг нэгтгээд хялбар шуурхай шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Хялбар ажиллагааны шүүх зөвхөн нийслэлд байна. Учир нь шүүхийн хамгийн их ачаалал нийслэлд байдаг. Харин орон нутагт үүнийг шүүх дотроо зохион байгуулалтаараа шийдэх бүрэн боломжтой гэж үзсэн.

-Тэгвэл Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийг байгуулснаар ямар үр дүн хүлээж байна вэ?

-Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны дагнасан шүүх гэж тус тус байгуулахаар төсөлд тусгасан. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нийт шийдвэрлэж байгаа хэргийн 10-12 хувийг Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэрэг эзэлсэн байдаг. Эдгээр хэргийн 60 орчим хувийг гэрлэлтийг шүүхийн журмаар цуцалсан хэрэг, маргаан эзэлж байна. Харин Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэж буй хэргийн 1.3 хувийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, өсвөр насны хүн холбогдож хянан шийдвэрлэсэн хэрэг нийт хянан шийдвэрлэсэн хэргийн 1.2 хувийг тус тус эзэлсэн. Өсвөр насны хүн хохирсон хэрэг нийт хохирогчийн 4.3 хувийг, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн зөрчлийн хэрэг нийт хянан шийдвэрлэж буй зөрчлийн хэргийн дөрөв орчим хувийг тус тус эзэлж байна. Эндээс Монголд гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх байгуулах хэрэгцээ шаардлага бий болжээ гэдэг нь маш тодорхой харагдаж байгаа юм. Гэр бүлийн шүүх байгуулагдсанаар гэр бүлийн болон насанд хүрээгүй хүний нас, бие, сэтгэл зүйн онцлогт тохирсон шүүхийн тусгай процесс, орчин бүрдэнэ. Гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг буурахад нөлөөлнө гэж харж байгаа. Тус шүүх байгуулагдсанаар шүүхийн ачааллыг 22 хувиар бууруулна гэсэн тооцоолол гаргаад байна.

-Хуулийг батлахаас гадна түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв гэж чухал зүйл. Шүүх байгуулах тухай хуулиар шинэ бүтцүүд бий болж, түүнийг дагасан зардал гарахаар харагдаж байна. Тэгэхээр төсөв ч багагүй гарах байх?

-Яах вэ, бид шүүх байгуулахыг аль ч хувилбараар ярьж болно. Гол нь хууль өөрөө хэрэгжих ёстой. Хэрэгжих нөхцөл бололцоо, эдийн засгийн үндэслэлийг Засгийн газар судалж УИХ руу оруулах байх.

Бидний тооцоолсноор энэ бүхнийг хэрэгжүүлэхэд 602 тэрбум төгрөг шаардагдах тооцоо бий. Жишээ нь, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх нэг байранд байрлаж байна. Хуульд шүүх өөрийн байртай байна гэдэг. Дундаа байртай байна гэх зохицуулалт байхгүй. Гурван шүүх гурван байртай байх атал 2015 оны шүүх байгуулалтаар нэгтгэчихсэн. Хууль хэрэгжих ёстой болохоос биш боломжгүй бол тэгээрэй гэсэн зохицуулалт байхгүй. Хуульд шүүх төсвөөс санхүүжинэ, бие даасан төсөвтэй байна, ажиллах боломжийг төр хангана гэсэн зохицуулалттай учраас бодитоор хэрэгжүүлэх нөхцөлөөр хангаасай гэж хүсч байгаа. Ер нь хууль хэрэгжих эдийн засгийн тооцоолол, үндэслэлийг хангахгүйгээр хууль батлаад орхих нь буруу. Энэ талаас нь анхаараасай гэж хүсч байна.

Шүүх байгуулах асуудал бол шүүхийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилготой. Хоёр дахь том асуудал бол төсөв. Шууд төсөв гэж ярихаас илүү шүүхийн төсөв ямар явж ирсэн, яагаад төсөв чухал вэ гэдгийг бид хэлэх ёстой. Шүүгчид өндөр цалинтай гэж яриад л байдаг. Яг үнэндээ цалин хамгийн сүүлд тогтоосноос хойш найман жил өнгөрчихсөн, цалин багатай, хүндрэлтэй нөхцөлд орчихсон юм билээ. Тиймээс бид нэг хэргийг шийдэхэд ямар зардал гаргадаг талаар өртгийн судалгаа хийж үзсэн.

-Сонирхолтой үр дүн гарсан гэж дуулсан?

-Тийм ээ. Судалгаагаар нэг хэргийг шийддэг зардлаар 4-5 хэрэг шийдэж байна гэсэн үр дүн гарсан. Үүнд бид байшин барилгын асуудлыг оруулаагүй. Зөвхөн урсгал зардал, цалин урамшуулал зэрэг процессыг тооцож гаргахад ийм нөхцөл байдалтай ажиллаж байна. ШЕЗ-өөс шүүхийн 2024 оны төсвийг 2023 оныхоос хоёр дахин нэмэгдүүлж өргөн барьсан. Судалгаанаас харахад ингэхээс ч өөр аргагүй юм билээ. Хуучин төсөөллөөр 30 жил явж ирлээ. Ингэснээр өнөөдрийн шүүхийн нөхцөл байдал ямар байдалд орсныг бүгд л мэдэж байгаа. Өөр илүү бодитой байх тал руу, өөрчлөлт хийж менежментээ сайжруулахгүй бол нөхцөл байдал маш хүнд байна. Ерөөсөө иргэн төвтэй шүүхийн үйлчилгээ бий болох орчин нөхцөлийг Шүүх байгуулах хуулиар шийднэ гэсэн өндөр хүлээлттэй байна.

-Сангийн яамнаас шүүхийн хөрөнгө оруулалтын төсвийг нэлээд танасан харагдсан. Ийм байдал шүүхэд хэр нөлөөлдөг юм бэ?

-Шүүхийн тухай хуулиар Засгийн газар шүүхийн төсвийн төслийг Хууль зүйн байнгын хороогоор хянагдсан хэмжээнээс бууруулахгүйгээр УИХ-д өргөн мэдүүлэх хуультай. Энэ нь шүүх эдийн засгийн хувьд бие даасан байх эрх зүйн баталгаа юм. Сангийн яам засаглалын бие даасан эрх мэдлийн эдийн засгийн баталгааг хангах санхүүгийн эх үүсвэрийг л шийдвэрлэх ёстой. Гэтэл сүүлийн 10 гаруй жил хөрөнгө оруулалтын төсвийг байнга хассаар ирсэн. Энэ нь шүүхийн ажиллах, орчин, нөхцөлийг маш хүнд нөхцөлд аваачсан. Иргэд шүүхээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулах, шүүхээс чирэгдэлгүй үйлчилгээ авахад хүнд байдалтай байгаа нь эдийн засгийн хүндрэлээс шууд шалтгаалж байгаа юм.

-Өмнө нь тантай ярилцахад шүүгчийн сонгон шалгаруулалтыг чухалчлан ярьж байсан. Өнөөдөр ч энэ сэдэв чухал хэвээр байгаа. Шүүгчид хэр нэмэгдэж байна вэ?

-ШЕЗ-ийн үндсэн чиг үүрэг шүүгчийн сонгон шалгаруулалт. Бид 10 гишүүний бүрэлдэхүүнтэй болж ажилласнаас хойш тав дахь удаагийн сонгон шалгаруулалтаа зарлаад байна. Өмнөх дөрвөн удаагийн сонгон шалгаруулалтаас сонгогдсон нэр дэвшигчдийг шүүгчээр өргөн мэдүүлэх процесс дуусч байна. Гэвч бид орон тоогоо нөхөж чадахгүй байна. Тиймээс шилдэг хуульчид шүүгч болох гэж өрсөлдөж байна уу гэж өөрсдөөсөө асуухад хүрч байна.

-Хангалттай мэдлэг, чадвартай хүн шүүгчид өрсөлдөхгүй байгаа хэрэг үү?

-Бүртгүүлж байгаа хүмүүсийг шилдэг биш гэж хэлж байгаа юм биш. Гэхдээ шалгаруулалтад орж байгаа хүмүүсийн 13-15 хувь нь л тэнцэж байна. Дийлэнх нь буюу 80 гаруй хувь нь тэнцэж чаддаггүй. Мэдээж шүүгч бол хариуцлагатай албан тушаал. Насан туршдаа томилогддог, бие даасан хараат бус байдлаар ажилладаг хүмүүс учраас босго өндөр, шалгуур сайн байх ёстой. Харин яагаад шилдэг хуульчид нэр дэвшиж орж ирэхгүй байна вэ гэхээр одоогийн нөхцөл байдалтай шууд холбоотой.

Үндсэн гурван шалтгаан нь шүүгчийн цалин, шүүхийн орчин нөхцөл, ачаалал. Шүүгчдийн цалинг хамгийн сүүлд 2014 онд үндсэн цалин 2.7-3.3 сая байхаар УИХ-аар тогтоосон. Тухайн үедээ бол шүүгчийн цалин өндөртөө тооцогддог байсан. Түүнээс хойш инфляци яаж нэмэгдэв. Валютын ханш хэрхэн өсөв. Худалдан авах чадвар макро эдийн засгийн түвшинд хүнд байна. Гэтэл шүүгчдийн цалин хэвээрээ л байж ирлээ. Сүүлийн найман жилийн турш огт нэмээгүй. Эрхбиш одоо ажиллаж байгаа шүүгчид маань юм хэлэхгүй байна. Харин шинээр орж ирэх хүмүүс цалинг нь голоод байна. Аргагүй шүү дээ. Гэтэл нэг өмгөөлөгч олон сараар үргэлжилсэн хүнд биш, дундаж нэг хэрэг дээр ажиллалаа гэхэд 10 сая төгрөг авч байна. Тэгэхээр шүүгч хийх үү, өмгөөлөгч эсвэл олон улсын фирмд консалтинг хийгээд суух уу. Тэнд ахуй хангамж, орчин, ажиллах нөөц, цагийн менежмент зэрэг бүх юм чөлөөтэй. Хүмүүс шүүгчдийг гоё байранд сууж яах гээд байгаа юм гэж зэмлэдэг. Яг үнэндээ шүүгч гэхээсээ илүү хэргийн оролцогчид, шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийн тав тухтай орчинд, аливаа саад бэрхшээлгүйгээр хэрэг маргаанаа зүй зохистой шийдүүлэх боломжийг хангаж буй явдал. Нөгөө талаар шүүгч анхаарлаа зөвхөн ажилдаа хандуулах боломжийг олгох нь иргэнд хэрэгтэй. Тиймээс бид тал талаас баланстай харж ярих ёстой юм.