Categories
мэдээ улс-төр

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны хуралдаанаар тогтоолын төслийг батлав DNN.mn

Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр /2023.10.25/ 11 цаг 24 минутад, гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлсэн.

Хуралдааны эхэнд Хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хянан шалгагч нарыг томилсныг тодотгоод өнөөдрийн хуралдаанаар Хянан шалгагчийн ажлын даалгаврыг батлах, нотлох баримт гаргуулах тухай Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэхээр болсныг танилцуулав.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан “Ажлын даалгаврын 2 дугаар зүйлд уламжлалт анагаах ухааны эмчилгээнд ашигладаг эм болон эмийн түүхий эд, чанар, аюулгүй байдал, бүртгэлийн асуудлыг тусгах шаардлагатай” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут “Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Гаалийн ерөнхий газар, бусад хяналт, шалгалтын байгууллагуудтай хамтраад цахим орчинд эм худалдан борлуулах асуудлыг зохицуулах шаардлагатай байна. Иймд энэ асуудлыг ажлын даалгаварт тусгах нь зүйтэй” гэсэн санал хэлэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен “Эмийн үнийн өсөлттэй холбогдуулан эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангууд зохиомлоор үнэ нэмэгдүүлж буй эсэхийг сайтар судлах чиглэлийг хянан шалгагч нарт өгөх нь чухал” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа “Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт дахь эмийн чанар, аюулгүй байдлын чанарын баталгаажуулалтаас гадна биологийн нэмэлт бүтээгдэхүүн, амин дэм, бүртгэлгүй эмийн импортын асуудлыг судлах, хянах зайлшгүй шаардлагатай байна. Түүнчлэн олон улсын стандартын хэм хэмжээнд эмийн чанарын хяналтын лабораториуд үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг хянах шаардлага буй тул Стандарт, хэмжил зүйн төвтэйгөө хамтрах нь чухал” гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн “Зөрчлийн тухай хуульд ямар ч бичиг баримт бүрдүүлэхгүйгээр амин дэм болон нэмэлт бүтээгдэхүүнийг оруулж болно гэж заасан байдаг. Тухайн үед би энэ асуудлыг яриад зөвөөр ойлгуулж чадаагүй. Иймд  энэ асуудлыг шалгах нь зүйтэй” гэхийн зэрэгцээ гишүүдээс гаргасан саналуудыг тогтоолын төсөлд тусгахаар болов.

Хянан шалгагчийн ажлын даалгаврыг батлах, нотлох баримт гаргуулах тухай Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Түр хамгаалах байраар үйлчлүүлэх хүүхдүүдийн тоо 25.9 хувиар нэмэгджээ DNN.mn

Хүүхдийн эрхийг хангах, хамгаалахтай холбоотой сонсгол өнөөдөр Төрийн ордонд боллоо.

УИХ-ын нэр бүхий 20 гишүүн хүүхдийн эрхийг хангах, хамгаалахтай холбоотой нээлттэй сонсгол зохион байгуулах хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлсэн юм. Энэ дагуу УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, сонсголын товыг тогтоож, сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийг томилсон. Тэрбээр сонсголын эхэнд “Өнөөдрийн сонсголын оролцогчдын санал зөвлөмжүүдийг үндэслэн ХЗБХ, Хүний эрхийн дэд хороо санал дүгнэлт гаргана. Улмаар энэхүү санал дүгнэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх, шаардлагатай тохиолдолд тогтоол гаргана. 2024 оны төсөв хэлэлцэж байгаа энэ үед гишүүд үг хэлэх явцдаа давхар байнгын хороонд ажиллаж байгаа. Үндсэн гурван илтгэл 10-15 минут үргэлжилнэ” хэмээв.

Тэгвэл сонсголд оролцож буй холбогдох албаныхан “Хүүхэд хамгааллын тогтолцоо, тулгамдсан асуудал” сэдвээр Хүний эрхийн үндэсний комиссоос илтгэл тавьж эхлээд байна. Энэ үеэр Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Х.Мөнхзул “Хамтарсан багийн өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй хангах шаардлага байна. Түр хамгаалах байраар үйлчлүүлэх хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Нийт 25.9 хувиар нэмэгдсэн. Хохирогчийг хамгаалах чадамж муу, хүчирхийлэл үйлдэгдэж байгаа орчноос хохирогчийг тусгаарлах байранд аргацаах зэргээр явуулж байна. Байрлаж байгаа байр нь буюу түр байр стандартын шаардлагад нийцэхгүй байна” хэмээн мэдээлэлдээ тодотголоо.

Харин хуульч Б.Буянжаргал “Өмгөөлөгчид гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд хуулийн дагуу зөвлөгөө өгөхөөр түр хамгаалах байранд аваачдаг ч 7-14 хоног л байдаг. Түүнээс цааш хугацаагаа сунгаж чаддаггүй. Удаан хугацаанд байсан ч нэг хүн түр хамгаалах байрны түлхүүрийг эзэмшиж байдаг. Тэр хүн зөвхөн түлхүүрийг л мэдэж байгаа болохоос биш өөр ямар арга хэмжээ авахаа мэддэггүй. Мөн тэнд сэтгэлзүйч байх ёстой байтал сэтгэлзүйчийн орон тоо байдаггүй” хэмээлээ.

2021 онд хийсэн судалгааны тайлангаас харахад хүүхдийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудал төрийн бодлогын түвшинд анхаарахуйц байдалтай байна. Нийт 5-17 насны 852 мянган хүүхэд байгаагаас эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа 5-17 насны хүүхэд 207 мянга, хөдөлмөр эрхэлж байгаа хүүхэд 138 мянга, түүнээс аюултай хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн тоо 58183 байгаа юм. Үүнээс үзэхэд, таван хүүхэд тутмын хоёр нь аюултай хөдөлмөр эрхэлж буйг сонсголын үеэр онцоллоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаан байна DNN.mn

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаан байна.


2023 оны аравдугаар сарын 25-ны 20 цагаас аравдугаар сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -7-12 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэм хүйтнээс 4 хэм, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-11 хэм, бусад хэсгээр 2-4 хэм хүйтэн, өдөртөө 14-16 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 хэм хүйтэн, өдөртөө 13-15 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 9-11 хэм хүйтэн, өдөртөө 11-13 хэм дулаан байна.


2023 оны аравдугаар сарын 27-ноос аравдугаар сарын 31-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

27-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 28-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 29-нд Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор, 30-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 27-нд Алтайн салбар уулсаар, 28, 29-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 28-наас нутгийн хойд хэсгээр хүйтэрч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.

Categories
мэдээ улс-төр

Лу.Гантөмөр: Ардчилсан намыг хуваах гэсэн оролдлого, МАН-ын туршуулууд манай намаар дүүрэн байна DNN.mn

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ


Тэрбээр” Бүх газар, бүх суманд манай намын удирдлагууд очиж өрийн дарамтгүй болохын тулд юу хийх вэ, яг бодит байдал дээр эмч хүн өргүй байхын тулд юу хийх үү, багш хүн юу хийх үү, малчид олсон орлогоороо сайхан амьдардаг тэр орчныг бүрдүүлэхийн тулд, тэд бүгд өргүй байхын тулд бид юу хийх вэ, энэ улс орон өргүй байхын тулд яах вэ гэдэг дээр төвлөрч байна.
“Өрийн дарамтгүй Монгол” хэлэлцүүлгээс гарч байгаа саналуудыг бид нэгтгээд явна. Хэлэлцүүлэг 3 үе шаттай байна. Бид 8 жил эрх барьсан хүчинтэй хэрэлдэж зодолдохоос илүү өөрсдөө иргэдтэйгээ тулж ажилана. Бидний парламентад байгаа хүчийг та бүхэн мэдэж байгаа 10 суудалтай. Нэг удаа завсарлага авах эрхтэй, өөрөөр бид эрх баригчдын хийж байгаа буруу зүйлийг зогсоох боломж алга. Хамгийн гол нь бид ирэх сонгуульд амжилттай оролцож байж тэдний 8 жилийн туршид хийсэн алдааг засаж, хэрэг төвгийг шалгаж, өр үүсгэж байгаа хүчин зүйлийг зогсооно.
Хамгийн гол өр үүсгэж байгаа зүйл бол төсөв. Төсвийг бид эхлээд хямгадна. Дарга нарын зардал багасах ёстой. Энэ бол хатуу байр суурь. Төсөв хямгадаж, дарга нарын зардал багасахаар нөгөө талдаа мөнгөний бодлого суларна. Өнөөдөр 13%-ийн бодлогын хүү тавьж байгаа нь маш буруу. Энэ нь үндсэндээ монголчууд бизнес хийхийг хориглосон хууль, хориглосон бодлого болж байгаа юм. Жишээлбэл “НӨАТ” бол үнийн өсөлтийг улам хөөргөж байгаа том хэрэгсэл болчихлоо.
Тэгэхээр ард түмэн НӨАТ-ыг 5%-ийн татвар болгооч ээ гэдэг нь бодитой юм. Ардчилсан нам, Б.Пүрэвдорж гишүүн НӨАТ-ын тухай хуулиа өргөн барьж байна. Үүнийг Ардчилсан нам нэгдмэл 5%-руу явах бодлого гэж ойлгох хэрэгтэй. Нийгмийн даатгалын шимтгэл дээр ч гэсэн алдаануудыг засах учиртай. Төсвөө бид хямгадъя, мөнгөний бодлогоо зөв болгоё, хөрөнгө оруулалтын орчноо сайжруулъя, дээр нь бирж гэдэг асуудлыг амилуулах ёстой. Биржийг амилуулахын тулд улсын үйлдвэрийн газар нэрээр дарга нарын хөрөнгөжөөд байгаа, төрийн хөрөнгөтнүүд төрөөд байгаа, төр нь өөрөө олигарх болчихсон, УИХ-ын гишүүд нь ядуу хүн байж байгаад олигарх болчихдог тэр зүйлийг зогсоох ёстой. Сайд нар нь олигарх болчихдог энэ асуудлыг таслан зогсоохын тулд маш оновчтой санхүүгийн зохицуулалтыг бий болгоно.
Ирэх оны төсөв хөөсөрсөн алдагдалтай байлаа гэхэд эргээд том том үйлдвэрүүд босоод ирэх ёстой. Нөгөө хөдөө аж ахуйн бирж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн парк, нөгөө Сайншандын парк гээд чухал юманд хөрөнгө оруулж байвал бид ойлгоно.
Харин чухал биш аравхан машин явдаг газар зам тавьдаг, 100 хүн цугласан газар 500 хүний соёлын төв байгуулдаг, хүн очихгүй эргэлтэнд орохгүй газар руу монгол төрийн мөнгийг зарцуулж байгаа нь элс рүү ус хийж айгаатай адил цацаж байгаа нь үнэхээр харалган байна. Энэ төсвийн хууль ирэх жил хэрэгжихгүй. Орлого, зарлага нь ч бүтэлгүйтэх байх. Бэлэн мөнгө тараах ажил руу энэ хүмүүс явах гэж байна. Ирэх жил сонгууль угтаад 1, 2 их наядыг тараана. Тараах аргаа яаж гаргаж ирэх гэж байгааг бид сайн ойлгохгүй.
4 жил сонгогчдоосоо холдсон хүмүүс одоо гэнэт очоод за би бүх юмыг чинь бариад өгье гэдэг худлаа, боломжгүй. Монголын энэ том газар нутагт гуравхан сая хүнд зориулаад бүх хүнд зориулсан мөнгөний урсгал хийх юм бол ямар их хохиролтойг бид өнгөрсөн 10 жилд харчихлаа. Хангалттай харлаа. Одоо эндээс ойлгох хэрэгтэй. Зүгээр л эрх барина, дарга болно гэсэн ийм хууль, ийм бодлого цаашаа явж болохгүй.
3.3 их наяд гэдэг бол 45мкв орон сууцаар бодоход 200,000 айлын орон сууц юм. Энэ бол Улаанбаатарын утааны асуудлыг шийдэх мөнгө. Гэтэл хөрөнгө оруулалтын асуудлаас гадна төрийн байгууллагуудын урсгал зардал, үйл ажиллагааны зардал 3.6 их наяд төгрөг явж байна. Дарга нар хувааж идэх мөнгө нь ийм хэмжээнд оччихсон байна. Монголын бүх асуудлыг шийдэх, бүх өрийг төлөх мөнгөөр зүгээр л дарга нар өөрсдийгөө пр хийх, гадагшаа, дотогш зугаалах, хурал нэртэйгээр мөнгө угаах, хэтэвчээ зузаатгах ийм л ажлыг хийх гэж байна. Түүнээс үүн дотор бүтээлч юм нэг ч алга.
ЕНБД-ыг хотын намын даргыг томилсны дараа томилно. Эхлээд хотын намын хорооны гишүүдийн нөхөн сонгууль явагдана, сумын удирдах зөвлөлүүд байгуулагдна. Ингэсний дараа хотын намын хороо хуралдаж нийслэлийн намын даргаа томилно. Үүний дараа би ЕНБД-ыг томилно. Ийм төлөвлөгөөтэй байна. Ер нь Ардчилсан намыг хуваах гэсэн оролдлого, МАН-ын туршуулууд манай намаар дүүрэн байна. Өнөөдөр хүртэл энэ гадна, дотны нөлөөгөөр Ардчилсан намыг муулдаг, доромжилдог үйлдлүүд манай намын гишүүдээс маш их хэмжээгээр илэрч байгаа. Би өнөөдөр ЕНБД-аа томилохгүй, 30 нэгжийнхээ бүтцийг хийж авах нь намын даргын хувьд журамт үүрэг. Энэ намыг нэгтгэх нь минйи хувьд үүрэг. Эхний ажлынхаа гуравдах шатыг давчихлаа, одоо ингээд бүтэц, бүрэлдэхүүнээ хийж байна.
Мэргэжлийн хүмүүс эхлээд ложистикоо хийдэг. Бид ложистикийн алдаанаасаа болоод юмны үнэ нь өсчихсөн буцаагаад ложистик засарчихаад байхад үнэ буухгүй байгааг л хүмүүс гайхаад байгаа юм. Түүн шиг Ардчилсан нам ложистикоо 2020 оны сонгуулиар л алдчихсан байсан. Өнөөдөр хүртэл биднийг хуваагаад ложистикгүйгээр сонгуульд оролцуулах санаатай байна. Тэгэхээр миний хувьд эхлээд хийх ажил бол сум, аймаг, хороо, дүүрэг дээрх бүтцээ хийж сайжруулах юм. Үүнтэй зэрэгцээд 90,000 айлд орж уулзаж байна, бид заавал хэвлэл мэдээлллээр популизм хийхээс илүүтэй уначихсан байгаа намын сул талыг засах гэж оролдож байна. Ингээд заслаа авчихна, бидэнд ирэх сонгуулийг амжилттай давах итгэл үнэмшил байгаа тул та бүхэн битгий санаа зовоорой.

МОАХ-оос гадна ардчиллын анхдагчид гэж хүмүүс бий, жирийн олон анхдагчид бий. Энэ хүмүүсийг бид ардчилсан намынхаа төвд байлгана. Би өөрөө МОАХ дээр очиж уулзалтууд хийнэ. Бидний хувьд энэ намыг хуваах гэсэн сонирхлыг хаахын тулд бүх үйлдлийг хийж байгаа. МОАХ намаа дэмжиж сонгуульд оролцоно. Үүнд би эргэлзэхгүй байна. Энэ зүйл дээр ямар нэгэн шантааж ирээгүй гэдгийг дахин хэлэх хэрэгтэй. МОАХ-ны гишүүнээр элсчихээд Ардчилсан намын гишүүн учраас УИХ-д дэвших сонирхолтой залуучууд олон байна. Энэ залуусыг дэвшүүлнэ, хууччуултай бол ярих юм бага байгаа” гэв.

Categories
мэдээ нийгэм

ДЭЭД ШҮҮХ: Намын бүртгэлтэй холбоотой өргөдлүүдийг буцаав DNN.mn

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаас Либертари нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн иргэн Д.Амартүвшингийн өргөдлийг буцааж шийдвэрлэлээ.

Хуулийн этгээдийн нэр баталгаажуулалтын хуудасны хүчинтэй байх хугацаа дууссан, гишүүдийн тоо Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3.6-д заасан шаардлага хангаагүй үндэслэлээр өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаасан байна.

Мөн хуралдаанаас иргэн Б.Ганзоригоос ирүүлсэн “Их монгол засахуй ухаан нам (ИМЗУН)-ыг үүсгэн байгуулагдсаныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай” өргөдлийг буцаав.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 37 дугаар тогтоол, Захиргааны хэргийн Танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 04/965, 6 дугаар сарын 6-ны өдрийн 04/1954 дүгээр албан бичгүүдэд дурдсан зөрчлүүдийг арилгалгүйгээр дахин ижил агуулгатай өргөдөл гаргасан тул Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3.3-т заасны дагуу уг өргөдлийг буцаах нь зүйтэй гэж үзжээ.

Эх сурвалж: Монгол Улсын Дээд шүүх

Categories
мэдээ нийгэм

Самар түүхээр явсан иргэн сураггүй болжээ DNN.mn

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 8 дугаар хорооны “Богд хан” ууланд иргэн Г 10.19-ний өдөр самар түүхээр яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.24-ний өдрийн 13:46 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид, эрэлч нохой, Хан-Уул дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагч, ар гэрийнхэнтэй хамтран Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны харьяат иргэн Г/41 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 19:30 цагт зогсоосон.

Categories
мэдээ нийгэм

Галзуу өвчин туссан үхрийг устгалд оруулжээ DNN.mn

Дундговь аймаг, Дэлгэрхангай сум. Ар шавагтай багийн “Шашир” гэдэг газар тус сумын харьяат малчин Н-ийн нэг үхэр 10 дугаар сарын 05-ны өдөр мал, амьтны халдварт “Галзуу” өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭЛ-д шинжлүүлжээ.

10 дугаар сарын 09-ний өдрийн 23-113 дугаар хариугаар онош тогтоогдсон. Тус сумын Засаг даргын А/112 дугаар захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоож, хяналтын нэг цэгт тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид малчин Н-ийн өвчилсөн нэг үхрийг зориудаар устгаж, 2500 м2 талбайд халдваргүйжүүлэлт хийн ажиллах хугацаанд дахин мал, амьтан өвчлөөгүй тул тус сумын Засаг даргын 10 дугаар сарын 23-ны өдрийн А/177 дугаар захирамжаар хязгаарлалтыг цуцалжээ.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сард болох бөхийн барилдааны хуваарь DNN.mn

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдааны хуваарийг гаргажээ. 

-11 дүгээр сарын 04-нд 13:00 цагаас
Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын начин Доржсүрэнгийн Батбаярын нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан,
-11 дүгээр сарын 05-нд 13:00 цагаас
Авто замын салбар үүсэж хөгжсөний 94 жилийн ой, Авто замчдын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,
-11 дүгээр сарын 11-нд 13:00 цагаас
ТВ9 ТВ-ийн 20 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,
-11 дүгээр сарын 12-нд 11:00 цагаас
Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат, аймгийн арслан Норжингийн Баярмагнайн нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан,
-11 дүгээр сарын 14-нд 13:00 цагаас
Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу “Монгол бахархлын өдөр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой чансаа сайтай 128 бөхийн барилдаан,
-11 дүгээр сарын 18-нд 11:00 цагаас
“Нээлттэй Сэлэнгэ түмэн” өдөрлөгт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,
-11 дүгээр сарын 19-нд 11:00 цагаас
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
-11 дүгээр сарын 23-25-нд
Өсвөр үеийнхний улсын аварга шалгаруулах 60 дахь удаагийн барилдаан /Сэлэнгэ аймагт/,
-11 дүгээр сарын 26-нд 13:00 цагаас
Улс тунхагласны 99 жилийн ойн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно

Categories
мэдээ нийгэм

Энэ хичээлийн жилд сургууль, дотуур байрны 400 модон жорлонг хална DNN.mn

Сургууль, дотуур байрны модон жорлонг халах ажлыг 2021 оноос эхлүүлсэн. Энэ ажлыг “Эрдэнэт” үйлдвэрийн 100 тэрбум төгрөгийн санхүүжилтээр эхлүүлж байлаа. Түүнээс хойш жил бүр төсөвт тодорхой хэмжээний санхүүжилтийг төсөвт суулгасаар ирсэн. Ирэх оны төсөвт уг санхүүжилт багтсан эсэх тухай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.

Тэрээр “Энэ хичээлийн жилд 400 орчим цэцэрлэг, сургууль, дотуур байрны ариун цэврийн байгууламжийг барина. Шаардлагатай 160 тэрбумын хөрөнгө шийдэгдсэн. Нийт улсын хэмжээнд 940 ариун цэврийн байгууламж бүрэн байгуулж дуусч байна гэдгийг хариуцлагатайгаар хэлье” гэв.

Categories
мэдээ нийгэм

Ц.Хулан шинэ өмгөөлөгч авснаар шүүх хурал ирэх сарын 1-нийг хүртэл хойшиллоо DNN.mn

Гадаад улсын тагнуулын албатай хамтран ажилласан гэж буруутгагдсан яруу найрагч Ц.Хулангийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2023.10.25/ нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн байранд боллоо.

Улмаар Ц.Хулан нь шинэ өмгөөлөгч авсантай холбогдуулан, шүүх хуралдааныг ирэх сарын 1 хүртэл хойшлуулсан байна.

Эргэн сануулахад, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд /2023.07.25/ Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 9.6 жилийн хорих ял оноосон билээ.

Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол 12 жилээс 20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар нь гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон боловч төрийн зохих байгууллагад сайн дураараа даруй мэдэгдсэн, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлсэн иргэний үйлдэл нь өөр гэмт хэргийн шинжгүй бол ялаас чөлөөлнө” гэж заасан.