Categories
мэдээ нийгэм цаг-үе

Арваннэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв DNN.mn

Арваннэгдүгээр сард баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу орох төлөвтэй бол бусад нутгаар агаарын температур болон хур тунадас олон жилийн дунджийн орчим байх төлөв гарчээ.

Сарын эхээр баруун болон төв зүүн зүгийн нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх боловч олон жилийн дундажтай харьцуулахад дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан.

Харин сарын хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурч, ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-4 хэмээр хүйтрэх нь.

Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар дулаарах боловч хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бага зэрэг хур тунадас орж, агаарын дундаж температур олон жилийн дунджаас 1-2 хэмээр хүйтэн байна.

Сарын сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2 хэмээр дулаан байх төлөв гарчээ.

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг байна.

Ирэх сарын цаг агаарын урьдчилсан мэдээ

Баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховд, Завханы нутаг, Говь-Алтайн баруун хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар ОЖД–ийн орчим байна

Сарын эхээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх боловч ОЖД–тай харьцуулахад дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна.

Харин хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурч, агаарын температур ОЖД–аас 2–4°С-аар хүйтрэх төлөвтэй байгаа бол сарын сүүлийн арав хоногт харьцангуй тогтвортой.

Төвийн аймгуудын нутгаар агаарын дундаж температур Хөвсгөлийн ихэнх, Архангайн баруун, Өвөрхангайн баруун өмнөд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна.

Хур тунадас Хөвсгөлийн нутаг, Архангайн баруун хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар ОЖД–ийн орчим орно.

Сарын эхээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх боловч ОЖД–тай харьцуулахад дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна.

Хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурч, агаарын температур ОЖД–аас 3–4°С-аар хүйтрэх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар хур тунадас орж, ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С-аар хүйтэн байх бол гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С-аар дулаарна.

Зүүн аймгуудын нийт нутгаар агаарын дундаж температур ОЖД–ийн орчим, хур тунадас Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх нь.

Сарын эхээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуургатай, хүйтэн байх боловч ОЖД–тай харьцуулахад дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаарна.

Хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурч, агаарын температур ОЖД–аас 2–4°С-аар хүйтрэх төлөвтэй байна.

Цаашдаа хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар хур тунадас орж, ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С-аар хүйтэн байх бол гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С-аар дулаарна.

Говийн аймгуудын нутгаар агаарын дундаж температур Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Дорноговийн ихэнх, Өмнөговийн зүүн хэсгээр ОЖД–аас бага бусад нутгаар дунджийн орчим байна.

Сарын эхээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай сэрүүхэн байх боловч ОЖД–тай харьцуулахад дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна.

Харин хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас орж, агаарын температур ОЖД–аас 1–3°С-аар хүйтрэх төлөвтэй.

Бусад хугацаанд ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С-аар дулаан байх төлөвтэй байна.

 

Эх сурвалж: ЦУОШГ

Categories
мэдээ улс-төр

ЧУУЛГАН: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ DNN.mn

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.10.26/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 09 минутад эхэлж, Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогттоолын төслийг  хэлэлцсэн.

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа дахин авч хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар танилцууллаа.

Тус Байнгын хорооны 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, С.Одонтуяа нарыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр томилуулах тухай ирүүлсэн саналыг хэлэлцэж дэмжсэн бөгөөд Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тоггоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн санал, дүгнэлтэд дурдсаныг танилцуулгадаа онцлов.

Дээрх тогтоолын төслийг Улсын Их Хурлын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх үед Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг бүлгээрээ дахин зөвшилцөх шаардлагатай байгаа тул завсарлага авах санал гаргасан тул хэлэлцүүлэг хойшлогдсон. Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд завсарлагааны хугацаа дуусгавар болсноо мэдэгдэж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт тус намын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр томилуулах тухай саналаа ирүүлсэн тул энэ асуудлыг дахин хэлэлцүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Д.Ганбат нарыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр томилохыг дэмжсэн бөгөөд энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хүсье гэж байлаа.

Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогттоолын төсөл батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.6 хувь нь дэмжив.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн  төслийг хэлэлцэж эхэллээ

Дараа нь Засгийн газраас 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нар тус тус танилцуулав.

Монгол Улсын Засгийн газраас Үндсэн хуульд заасан хүний халдашгүй чөлөөтэй байх үндсэн эрхийг шүүхийн хяналтад оруулж, баталгаажуулах чиглэлд болон өнгөрсөн онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлт, Улсын Их Хурлаас баталсан Хүний эрхийн үндэсний комиссын 22 дахь тайлан, илтгэлийн мөрөөр авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэрэгжүүлэх хүрээнд уг хуулийн төслийг боловсруулсан гэдгийг салбарын сайд танилцуулгадаа дурдлаа.

Мөн тэрбээр, сүүлийн гурван жилд шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа явуулсан судалгааг авч үзэхэд сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нийт ажиллагааны 60-аас дээш хувийг “хойшлуулшгүй тохиолдолд” гэсэн үндэслэлээр баривчилсан байна. Шүүхийн зөвшөөрөлгүй баривчлаад үргэлжлүүлэн цагдан хоригдсон тохиолдол 2020 онд 56.4, 2021 онд 61.3, 2022 онд 55.5 хувийг тус тус эзэлж байна. Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа 2020 онд 798 хийгдсэнээс 22.3, 2021 онд 821 хийгдсэнээс 19.6 хувь нь л шүүхээр хянагдсан байна. Дээрх судалгаанаас үзэхэд НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтэд гарсан Монгол Улсад сэжигтнийг баривчлах ажиллагааны 98-99 хувийг шүүхийн зөвшөөрөлгүй хийж байна гэсэн нь үндэслэлтэй байгааг салбарын сайд онцлон тэмдэглэв.

Түүнчлэн хүчин төгөлдөр мөрдөгдөн үйлчилж буй хуульд хөнгөн гэмт хэрэгт 12 сар буюу 1 жил, хүндэвтэр гэмт хэрэгт 18 сар буюу 1.6 жил цагдан хорих хугацаа үйлчилж байгаа бол хуулийн төсөлд хөнгөн гэмт хэрэгт 6 сарын хорих ял, хүндэвтэр гэмт хэрэгт 1 жил  буюу цагдан хорих хугацааг хоёр дахин бууруулахаар холбогдох зохицуулалтыг тусгасан гэж байлаа.

Мөн хүнийг санаатай алах, бага насны хүүхдийг хүчиндэх, хүн төрөлхтөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, авлига албан тушаалын гэмт хэрэг, хар тамхи мансууруулах бодисыг зохион байгуулалттайгаар худалдаалах гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд цагдан хорих байранд гүйцэтгэх ажил хийж болно. Дээр дурдсан зургаан төрлийн гэмт хэргээс бусад тохиолдолд цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулахыг шууд хязгаарлах зохицуулалтыг төсөлд тусгасан гэв.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахдаа, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг тэмдэглээд хууль санаачлагч сэжигтнийг баривчлах, яллагдагчийг цагдан хорих асуудлыг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал, сэжигтнийг баривчлах, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах ажиллагаанд тавих шүүхийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх, яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг өмгөөлөгчөөр хангах, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох, ард нийтийн санал асуулга хууль бусаар явуулах, улсын онц чухал объект, онц чухал мэдээллийн дэд бүтцийн байгууллага, байгууламжийн үйл ажиллагаанд саад учруулах үйлдлийг гэмт хэрэгт тооцох өөрчлөлттэй уялдуулан хэргийн харьяаллыг тогтоох, хүндрүүлэх нөхцөл байдалтай залилах гэмт хэргийн цагдан хорих хугацааг шаардлагагай бол сунгах, сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах, яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэлийг тодорхой болгох, гомдол гаргахтай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох, сонгуулийн хэргииг хянан шийдвэрлэх харьяаллыг цагдаагийн байгууллагад хамааруулах, цагдан хорих байранд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн хэргээс зарим хэргийг хасах зэрэг зохицуулалтыг тусган хуулийн төслийг боловсруулсныг тодотгов.

Мөн хуулийн төсөл батлагдсанаар шинээр зардал гарахгүй, харин хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой зардал гарах бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд дээрх арга хэмжээг 2025 оноос хэрэгжүүлэхээр хууль санаачлагч тусгасан бөгөөд хуулийн төслийг www.parliamenr.mn цахим сайmад байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгааг дурдахын зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 60 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Ц.Мөнх-Оргил, Ц.Сэргэлэн, Ш.Раднаасэд, Ц.Сандаг-Очир, Л.Мөнхбаатар, С.Одонтуяа, Н.Энхболд, Д.Сарангэрэл, О.Цогтгэрэл, Ш.Адьшаа нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ хэрэг мөрдөн шалгах, прокурорын хяналт, шүүхийн шийдвэр гаргах хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйл явдлын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчиж хэрэг хүлээлгэдэг асуудлыг хэрхэн цэгцэлж шинэчлэх, улмаар хууль зөрчиж хүн шийтгэсэн төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны нөхөн төлбөрийг татвар төлөгчдийн хөрөнгөөр төлж барагдуулдаг, мөн гэрчийг яллагдагч болгодог эсвэл өөрөөр нь хэрэг хүлээлгэдэг асуудлуудад цаашид ямар арга хэмжээ авах талаар илүүтэй лавлаж байв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Гэрч худал мэдүүлэг өгөхгүй байх үүрэгтэй бол яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуулийн эрхтэй. Хоёр өөр эрх зүйн орчин байхад хэргийг өөрөөр нь хүлээлгэх зорилгоор гэрч байдлаар асууж байгаад яллагдагч болгодог арга барил нэвт шингэжээ. Үүний шалтгаан нөхцөл нь хуульд байна. Удахгүй Шүүх байгуулах тухай хуулийн төсөлтэй хамт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хоёр заалтыг хөндсөн төсөл өргөн мэдүүлнэ. Тодруулбал, гэрчээр асууж байгаад яллагдагч болгодог асуудал уг хуулийн 31.2.8-тай холбоотой. Иймд зарим өөрчлөлтийг тодотгох замаар энэ асуудлыг хуулийн замаар хаана” гэдгийг онцолсон.

Мөн тэрбээр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн төрийн албан хаагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас учруулсан хохирлыг төр барагдуулна гэж Үндсэн хуульд заасан байдаг. Өөрөөр хэлбэл, эхлээд хохирлыг төр барагдуулаад дараа нь хууль зөрчсөн албан хаагчийг яах вэ гэдэгт хариуцлагын хэм хэмжээ заахаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн сүүлийн бүлэгт энэ талаар тодорхой тусгасан. Гэсэн хэдий ч энэ нь бүтэн ажиллахгүй байгаа. Үүнд хэд хэдэн зүйл нөлөөлж байна. Мөрдөн шалгах, прокурорын хяналттай холбоотой чиг үүргийг Шүүхийн тухай хууль шиг бүтэн болгоогүй. Шүүх эрх мэдлийн шинэчлэлийг бүтнээр нь ярьж байж шинэчлэл болно. Бид шүүх дээр алх тогшихоос өмнө материал цуглуулж мөрдөн шалгах, прокурорын хяналт тавих нь хэргийн үйл ажиллагааны бүрдэл хэсгийн 90 хувь нь байдаг. Гэвч энэ хэсгийг үлдээснээс болоод асуудлыг шүүхрүү хандуулдаг, шүүхрүү давшилдаг байдал хавтгайрах шинжтэй болсон. Тиймээс хэрэг анх үүсэхээс эхлээд мөрдөн шалгах, хяналт тавих, шүүн таслах ажиллагааг бүхэлд нь авч үзэх шаардлагатай. Энэ шинэтгэлийг даруй хийхгүй бол мөрдөн шалгах, прокурорын хяналт нь хуучнаараа үлдсэнээр шүүхийн шинэтгэлийн асуудлыг татан унагаах эрсдэл үүсгэж байна. Цаашид мөрдөн шалгах, прокурорын хяналтын шинэтгэлийг үе шаттайгаар хийнэ”  гэсэн нэмэлт тайлбарыг өгч байлаа.

Үүгээр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагын цаг болсон тул үдээс хойших хуралдаанаар хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран төсөл хэрэгжүүлнэ DNN.mn

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг хариуцсан шинжээч Лорензо Пиачентинийг өнөөдөр хүлээн авч уулзаж, тус байгууллагаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийн талаар санал солилцлоо.

Төслийн хүрээнд Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудын үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, хууль бус бараа бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлэх, авлигатай тэмцэх чиглэлээр сургалтын хөтөлбөрийг сайжруулах, гадаад харилцааг өргөжүүлэх, ижил төстэй байгууллагуудтай хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, албан хаагчдыг мэргэшүүлэх, чадавхийг бэхжүүлэх зэрэг өргөн хүрээг хамарсан үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас санаачлан эхлүүлж, хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх уг төсөл хоёр үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд тодорхой гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох бүрэлдэхүүн хэсгийг Дотоод хэргийн их сургуультай хамтран хэрэгжүүлэх бол авлига, албан тушаалын гэмт хэрэг, цахим гэмт хэрэг болон мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх, энэ чиглэлээр гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх бүрэлдэхүүн хэсгийг Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран хэрэгжүүлнэ.

Төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албаны салбарыг мөн Монгол Улсад байгуулахаар төлөвлөж байна. Энэ нь Монгол Улсын хууль сахиулах салбарын чадавхийг бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтой бөгөөд авлигатай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бодит дэмжлэг болох юм.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо төслийн ач холбогдлыг тэмдэглэж, тус төсөл нь Хууль зүй, дотоод хэргийн яам болон НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх алба хоорондын урт хугацааны хамтын ажиллагааны эхлэл болохыг онцолж, цаашид тус байгууллагатай нягт, идэвхтэй хамтран ажиллаж, шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлэхэд бэлэн байгааг илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд 678 509 иргэн тэтгэвэр, тэтгэмж авч байна DNN.mn

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамнаас Нийгмийн даатгалын сангийн 2023 оны есдүгээр сарын статистик мэдээллийг хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм

Сүүлийн гурван жилд ахуйн хүрээнд 157 мянган хүүхэд бэртжээ DNN.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төвд сүүлийн гурван жилийн хугацаанд ахуйн хүрээнд буюу гэртээ гэмтэж бэртсэн 157 мянган хүүхэд бүртгэгджээ. Тодруулбал, 2019 онд 24 мянга, 2020 онд 28 мянга, 2021 онд 29 мянга, 2022 онд 61 мянган хүүхэд осол гэмтэлд өртөж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна.

“Хамтдаа шалгая, хамгаалъя” арга хэмжээ эхэллээ

Тиймээс “Хамтдаа шалгая, хамгаалъя” арга хэмжээг өнөөдрөөс сарын хугацаанд эцэг эх, асран хамгаалагч, аж ахуй нэгж байгууллагуудын оролцоотойгоор орон даяар зохион байгуулж, хүүхдийн эрүүл орчинд амьдрах эрхийг хангахыг зорьжээ.  Арга хэмжээний хүрээнд эцэг, эх, асран хамгаалагч, байгууллага, аж ахуй нэгжүүд дараах байдлаар амьдрах газар, орчиндоо аюулгүй байдлын үнэлгээ хийж, орчны эрсдэлийг бууруулах, арилгах арга хэмжээ авах юм.

Амьдарч буй орчин, оршин суугаа газрын аюулгүй байдлын үнэлгээ хийхдээ:

– Хашаа, байр, гудамж, орцонд гэрэлтүүлэг байгаа эсэх

– Байрны шат, тагт, цонхны хаалт бүрэн бүтэн эсэх

– Байрны лифтний үйл ажиллагаа, хаалга аюулгүй эсэх

– Нүхэн жорлон, муу усны нүх, ухаж үлдээсэн зоорь байгаа эсэх

– Хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдал хэвийн эсэх

– Ил задгай гарсан цахилгааны утас байгаа эсэх

– Байр, хашааны хэсэгт нурж унахаар хашлага хайс, хана байгаа эсэх

– Гэрийн тэжээвэр амьтад болох муур, нохой зэрэгт хазуулах эрсдэл өндөр хэсэг байгаа эсэх

– Өндрөөс унаж болзошгүй эд зүйлс байгаа эсэхийг шалгана.

Хүүхдийн гэрээс сургууль, цэцэрлэг хүрэх зам, орны аюулгүй байдалд үнэлгээ хийхдээ:

– Явган хүний гарцын тэмдэг тэмдэглэгээтэй эсэх

– Халтиргаа гулгаатай зам байгаа эсэх

– Явган хүн зорчих хэсэгт ухсан нүх, шуудуу  байгаа эсэх

– Траншейны таггүй нүх, ил задгай дулааны шугам хоолой байгаа эсэх

– Сургуулийн орчны талбай  хайс хашлага бүрэн бүтэн эсэх

– Явган хүний зам дээр авто машин байрлуулсан эсэх

– Ил гарсан цахилгааны  галтай утас байгаа эсэхийг шалгана.

Тухайн орон нутгийн аж ахуй, нэгжүүд өөрт хамаарах гадаад болон дотоод орчинд үнэлгээ хийхдээ:

– Байгууллагын гадаад болон дотоод орчин гэрэлтүүлэгтэй  эсэх

– Байгууллагын шат, цонхны хаалт бүрэн бүтэн эсэх

– Байгууллагын лифтний үйл ажиллагаа, хаалга аюулгүй эсэх

– Ил задгай гарсан цахилгааны утас, эвдэрсэн залгуур  байгаа эсэх

– Байгууллагын гаднах орчинд эвдэрсэн унаж болзошгүй хайс, хашлага, хана байгаа эсэх

– Траншейны таггүй нүх, ил задгай дулааны шугам хоолой байгаа эсэх

– Явган хүний гарцын тэмдэг тэмдэглэгээтэй эсэх

– Байгууллагын гаднах талбайд халтиргаа гулгаатай хэсэг байгаа эсэх

– Явган хүний зам болон машин тавих хориотой хэсэгт  машин байрлуулдаг эсэх

– Траншейны таггүй нүх, ил задгай дулааны шугам хоолой байгаа эсэх

– Өндрөөс унаж болзошгүй эд зүйлс байгаа эсэхийг шалгана.

Монгол улсад 1 сая 300 мянга гаруй хүүхэд амьдарч байгаа бөгөөд хүн амын 40 орчим хувийг эзэлдэг байна.

Categories
мэдээ нийгэм

УЕПГ: Торгох ялыг биелүүлээгүй бол 15 мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог DNN.mn

Баянгол дүүргийн прокурорын газраас 2023 оны 10 дугаар сарын байдлаар шүүхээс торгох ялаар шийтгүүлсэн 623 хүн, 3 хуулийн этгээдийн ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.

Энэ хугацаанд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй 13 хүний ялыг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт заасны дагуу хорих ялаар солиулжээ.

Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих хуулийн зохицуулалттай.

Categories
мэдээ нийгэм

Угаарын эрсдэлээс урьдчилан сэргийлье DNN.mn

Улирал солигдож, цаг уурын төлөв байдал хүйтэнд шилжиж, агаарын даралт өөрчлөгдөж буй энэ үед угаарын хийн эрсдэл улам нэмэгддэг. Тиймээс айл өрхүүдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

  • Угаарын хий мэдрэгчийг унтраахгүй байх, батарей нь дууссан бол яаралтай солих
  • Дамжуулагчтай угаарын хийн мэдрэгчийг салгахгүй байх (дамжуулагчтай угаарын хий мэдрэгч нь тухайн айлд угаарын хий алдагдаж байгааг Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хяналтын системд мэдэгддэг)
  • Ханан пийшингийн болон зуухны битүүмжээ сайтар шалгах
  • Удаан хугацаанд галлагаа хийгээгүй зуух, пийшинг галлахдаа болгоомжтой байх
  • Ханан пийшин болон яндангаа сайн хөөлөх

Угаарын хийн аюул бол урьдчилан сэргийлж болдог эрсдэл юм. Тиймээс гэр бүл, хайртай хүмүүсээ хамгаалахын тулд анхаарал болгоомж, сонор сэрэмжээ дээшлүүлье.

Categories
мэдээ нийгэм

Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн авто замын 8,5 километрийг тавьж дуусгав DNN.mn

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улс дахь Азийн хөгжлийн банкны шинээр томилогдсон Суурин төлөөлөгч Шэннон Коулин, тус байгууллагын Байгаль орчны асуудал хариуцсан ажилтан Н.Эрдэнэсайхан болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар одоо Хөвсгөл аймагт Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн бүтээн байгуулалтын ажил болох Хатгал-Жанхай-Тойлогт, Хатгал-Хүзүүвчийн шил чиглэлийн авто зам барих ажлын явц, цаашид хэрэгжүүлэх төслүүдийн уялдааг хангах асуудлаар мэдээлэл солилцлоо.

Суурин төлөөлөгч Шэннон Коулин хэлэхдээ Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж буй уг авто замын ажлыг энэ онд 12 км авто зам тавихаас 8,5 км-ийн гүйцэтгэлтэй байгаа нь бодит ажил болж буйг онцоллоо. Түүнчлэн аялал жуулчлалаас гадна байгаль орчны чиглэлд голлох төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа тул санал, зөвлөгөө авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Сайд Б.Бат-Эрдэнэ “БОАЖЯ, Азийн хөгжлийн банктай нягт харилцаатай байдаг ба сайн болон сул хэрэгжиж буй төслүүд бий. Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн хатуу хучилттай зам нь 7 дугаар сард ашиглалтад оруулах байсан ч хугацаандаа амжаагүй бөгөөд үлдсэн 3,5 км авто замыг 11 дүгээр сард хүлээн авахаар төлөвлөж байгаа. Иймд Суурин төлөөлөгч Хөвсгөл аймагт ажиллаж, уг ажлыг хүлээлцэхэд хамт байхыг хүсэж байна” гэлээ.

Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрийн дийлэнх хувийг эзлээд байгаа цөлжилтийг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэгдсэн ажлууд болон хөв цөөрөм байгуулах ажилд манлайлан ажиллахыг хүсэв гэж БОАЖЯ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын 1-нээс цэвэр, бохир усны төлбөр нэмэгдэнэ DNN.mn

 Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын хэрэглэгчдийн цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг шинэчлэн баталжээ.

Тодруулбал, ирэх сарын 1-нээс орон сууцын айлуудын хэрэглээний цэвэр усны төлбөр нэг литр нь 1.34 төгрөг болжээ. Энэ нь өмнөхөөс 27 мөнгөөр нэмэгдсэн дүн аж. Аж ахуйн нэгжүүд цэвэр усны литр тутамд 2.69 төгрөг төлөх нь. Хамгийн их ус хэрэглэдэг спирт, архи, пиво, усны үйлдвэр, машин угаалгын газрууд нэг литр ус тутамд 3.56, айл өрхийнх 1.07, аж ахуйн нэгжийнх нь 2.25 төгрөг болсон нь өмнөхөөс 20-45 мөнгөөр нэмэгдсэн дүн аж. Харин гэр хорооллын худгуудын усны тарифыг нэмээгүй, литр тутамд нь хоёр төгрөг хэвээр үлдээжээ.

Энэ талаар Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Доржбат “Монгол Улсын Засгийн газар болон АНУ хоорондын Мянганы сорилтын компакт гэрээний дагуу үнэ нэмэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр айл өрхүүдийн хувьд усны сарын хэрэглээний төлбөр өмнөхөөсөө 2000-3000 төгрөгөөр нэмэгдэнэ гэж тооцож байна. Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд манайд олон шинэ тоног төхөөрөмж суурилуулж, ус цэвэршүүлэн, дахин ашиглах үйлдвэр зэргийг барьж буй. Гэрээнд усны орлого нь зарлагаа нөхөх хэмжээнд байх ёстой гэж тусгасан” гэв.

Categories
мэдээ нийгэм

БНСВУ-ын Үндэсний батлан хамгаалахын сайд, генерал Фан Ван Зиан манай улсад айлчилж байна DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Улс төрийн товчооны гишүүн, Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга, Үндэсний батлан хамгаалахын сайд, генерал Фан Ван Зианг тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад 2023 оны 10 сарын 25-27-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Үндэсний батлан хамгаалахын сайд, генерал Фан Ван Зианг-ийг өнөөдөр /2023.10.26/ Батлан хамгаалах яаманд хүндэт харуулын хамт хүндэтгэн хүлээн авч, сайд нар албан ёсны хэлэлцээ хийв.

May be an image of 6 people and text

Тус хэлэлцээгээр дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдал, хоёр орны найрамдалт харилцаа, түүний дотор батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа, цаашдын төлвийн талаар харилцан санал солилцлоо.

Улмаар сайд нар хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь талуудын нийтлэг эрх ашиг сонирхолд нийцэн, хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах үндсэн зарчимд тулгуурлан шинэ агуулга хэлбэрээр өргөжин тэлж, эрчимтэй урагшлан хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийлэв.

May be an image of 2 people and text

Албан ёсны хэлэлцээний дараа талууд “Монгол Улсын Батлан хамгаалах яам, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний батлан хамгаалах яам хооронд найрамдлын айлчлал зохион байгуулах тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа.

Генерал Фан Ван Зианг тэргүүтэй төлөөлөгчид уг айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхах юм.