Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Бусдыг аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх нь таныг эрүүгийн гэмт хэрэгтэн болгох эрсдэлтэй DNN.mn

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын зургадугаар багт иргэн Э нь 5-6 нохойд хазуулсан осол есдүгээр сарын 6-нд болсон юм. Тухайн үйл явдлыг яг дэргэд нь зогсоод харж байсан “Toyota Land cruiser” маркийн тээврийн хэрэгсэлтэй иргэн тусламж үзүүлэлгүй орхиж явсан нь олны эгдүүцлийг хүргэв. Нохойд зуулгасан эмэгтэй хүнд гэмтэж толгойдоо 10 оёдол тавиулжээ. Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан иргэдийг тогтоож мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна. Түүнчлэн тусламж үзүүлж иргэний үүргээ биелүүлээгүй иргэнээс мэдүүлэг авсан гэнэ.
Аюултай нөхцөлд бусдад тусламж үзүүлэлгүй орхиж явах нь хуулийн ямар зүйл заалт зөрчдөг эсэх талаар хуульч Э.Энхцэцэгээс тодруулга авлаа.
-Эрсдэлд орсон нэгэндээ туслах сэтгэл бидэнд үзэгдэхээ больсон нь хэд хэдэн жишээнээс харагдлаа. Аюултай байдалд орсон нэгэнд тусламж үзүүлэлгүй орхих нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү?
-Цагдаагийн хувцастай залуу бусдад зодуулаад ухаан алдахад бичлэг хийгээд зогссон залуу, сүрэг нохойд бариулж буй эмэгтэйг орхиж явсан иргэн энэ жишээнүүд хууль зөрчсөн үйлдэл мөн. Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлд Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх тухай заасан байдаг. Тодруулбал бага насны хүүхэд, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэлтэй, өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл нохойд бариулж буй эмэгтэйн дэргэд зогсож байсан жолооч тусламж үзүүлэх үүргийг хуулийн өмнө хүлээсэн гэсэн үг. Бусдад зодуулж эрсдэлд орсон нэгэнд тусламж үзүүлж эмнэлгийн байгууллагад мэдэгдэх нь ч хуулийн өмнө хүлээсэн үүрэг. Иргэдийн тухайд үүнийг тэр бүр ойлгодоггүй. Хэн нэгний амь тэмцэж байхад халааснаасаа утсаа шүүрч аваад бичлэг хийдэг. Уул нь эрсдэлд орсон нэгэнд тусламж үзүүлж, холбогдох байгууллагад мэдэгдэх үүрэгтэй. Харамсалтай нь манайхан машинд дайруулаад ухаангүй хэвтэж байгаа хүнээс сэжиглэж холуур тойрдог болсон. Энэ нь мухар сүсэг хар бодолтой холбоотой байх.
-Эрсдэлтэй нөхцөлд тусламж үзүүлээгүй үйлдэлд ямар хариуцлага хүлээлгэдэг юм бэ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Аюултай нөхцөлд бусдад тусламж үзүүлэлгүй орхиж явсны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Стругагийн яруу тансаг үдшүүд ба Охридын үзэсгэлэн DNN.mn

Үргэлжлэл

Охрид нуур болортон цэлийж, үдийн нарны алтан цацраг толион дээр нь гялалзан гялтганана. Яруу найрагчид “Biser” зочид буудлын задгай талбайн хашлаганы наана зогсож нуурын үзэсгэлэнд уусан баясч, дурсгалын гэрэл зураг татуулна. Шинэхэн бүтээлэгтэй дугуй ширээнүүдийг тойрон сууцгааж кофе, цай, ус уун хүүрнэлдэнэ. Нуурын чийглэг агаар, аясын салхи, үдийн нарны ээсэн элч энэ бүхэн юутай таатай. Цаг хугацаа зогссон мэт. Эсхүл энд цаг зогсдог гэмээр бүгд юунд ч эс яаран урт аянаас зогсоолдоо ирсэн хөлөг онгоц аятай тус тусын сандалдаа тухлан нуурын зүг хүзүү сунгана. Ингээд олон улсын яруу найрагчдын “Circles” яруу найргийн уншлага эхэллээ.

Хойд Македонийн яруу найрагч Христо Петрески:

…Эхний хуудас нь байхгүй ч

Хоёр дахь хуудсыг эргүүлээрэй

Гурав дахь хуудас нь байхгүй байсан ч

Дараагийн хуудсыг эргүүлээрэй

Унгарын яруу найрагч Кристина Рита Молнар:

…Нарны сул гэрэл өвсөн дунд налайна. Энгийн нэгэн зуны өглөө. Дулаахан чулуун шалан дээр хөл нүцгэн гишгэнэ. Шинэхэн сүү, зөгийн бал түрхсэн талх. Өнөөдөр амьдрал Холбейн шиг сайхан байна. Учир нь өдөр бүр, өнөөдөр, маргааш ч ийм байсан, ийм байх болно.

Хойд Македонийн яруу найрагч Зоран Петковски:

…Ганцаараа унтавч

Дэлхийг тойрон нисч байна

Алтан тоосоор оддыг шүршиж байна гэж

Зүүдэлж байхдаа ганцаардаагүй ээ

Туркийн яруу найрагч Кан Еигит Тунгман:

…Бид бурхан болоочдоо хардаггүй ч

Зүүдэндээ хамт байдаг

…Жинхэнэ шарх зүрхэнд байдаг

Хойд Македонийн яруу найрагч Кристина Николовска:

Люксембургийн яруу найрагч Гая Хелмингер: Тэрбээр шүлгээ сэтгэл хөдлөлтэй уншдаг бөгөөд драмын жүжигчин лүгээ царай төрх, дуу хоолойгоо хувьсган шүлгээ ийн дуудав.

…Өглөө эрт

Кофе уух цагаар яагаад мөргөлийн тухай бодно вэ

Магадгүй

Бурханы амьсгалыг сонсох гэж

Орой бүгд гэрлээ бүдгэрүүлдэг болохоор тэр байх

Хойд Македонийн яруу найрагч Братислав Ташковски:

…Миний үг бол миний нулимс

Хэн нэгэн надаас илүү ярихад

Яаж сонсохоо би мэддэг.

Монголын яруу найрагч Д.Гансаруул:

…Атгаж ирсэн ганц үр

Амуу болоод арвайн үр

Талыг хучиж ургаад л…

Хөндийг нөмөрч халиураад л…

Алтран алтран найгаад л…

Амрагхан минь чи

Арвай тариалаад л…

Алган дээр минь асгаад л…

Хорватын яруу найрагч Иван Херцег:

Варшав, Варшав, хараал идсэн хот!

Чи бас хоёр хүнд хайртай юу

Алийг нь сонгохоо мэдэхгүй

Амиа бас хорлох уу

Хойд Македонийн яруу найрагч Виолета Танчева-Златева:

…Намрын манан буухдаа

Нүдний чинь галыг ч бөхөөж

Дуу хоолойг чинь ч бүдгэрүүлнэ.

Германы яруу найрагч Биргит Крейпе:

…Бид

Хөөс үү, хөвд үү

Хясаан дахь замаг уу

Намар самраа гөвдөг мод уу

Туркийн яруу найрагч Гонса Озмен: Тэрбээр “Memet” гэх өвөрмөц шүлгээ түргэн хэллэг уншиж байгаа мэт дуржигнуулж гарлаа. Зочид алга ташицгаав.

…Намайг чи дэрэн дээрээ толгойгоо тавин хүлээ

Алим цаг нь болохоор модноосоо унадаг шиг

Хүлээ

Хойд Македонийн яруу найрагч Славица Гадзова Свидерский:

…Хүүхэд насныхаа байшинд орохоос

Хүүгийнхээ зурсан байшинд орох дуртай

Хана нь юу ч нэвтэршгүй бат бөх

Үүдний хаалга нь зүүдний түлхүүрээр онгойдог

Өрөөнүүдээс нь шанцайтай боовны шинэхэн үнэр сэнгэнэдэг

Эсгийгээр зөөллөсөн шат нь

Үзгээр зурсан сар руу хөтөлдөг

Хүүхэд насныхаа байшинд орохоос

Хүүгийнхээ зурсан байшинд зочлох дуртай…

Охридын эрэг дээр ийм 13 яруу найрагч шүлгээ эх хэлээрээ уншихад бусад нь англи орчуулгыг нь харан сууж байв. Нэг нэгэндээ алга ташилтаар бэлэг барьцгааж, хаашаа л харна, инээмсэглэсэн царайгаараа бие биедээ урам хайрлаж, уншлагыг улам халуун дулаан болгож байлаа. Дугуйрч суусан яруу найрагчид ширээ ширээнээ шүлгээ ярилцан, номдоо гарын үсэг зурж нэгэндээ дурсгана.

Зочид буудалдаа эргэн ирж үдийн хоолоо зооглонгоо яриа өрнүүлнэ. Өчигдрөөс өнөөдөр, өглөөнөөс өдрийн хоолон дээрээ улам ч дотно, найзалж нөхөрлөжээ

Зууш, лоолийн зутан шөлөө оочлонгоо нутаг нутгийнхаа хоол унд, сонин хачнаас ярьцгаана. Оройны уншлага хүртэл чөлөөт цаг. Өрөөндөө орох нь орцгоож, гадуур дэлгүүр хэсэх нь хэсч, нуурын эргээр зугаалах нь зугаалцгаахаар болцгоолоо.
Испанийн яруу найрагч

Испанийн яруу найрагч Чема Паз Гаго нутагтаа нуурын эрэг дээр байшинтай. Өглөө нууранд тогтмол сэлдэг бөгөөд энд ирээд өглөө, оройд Охридод сэлж байгаа тухайгаа ярилаа. Түүнтэй Охрид нуур руу хамт алхлаа.

Европ тивийн хамгийн гүн, цэнгэг нуур шүү дээ. Яруу найрагчдын ирэхийг хүсдэг газар, македоничуудын “Охрид минь… одоохон чамдаа очлоо” гэж олон зууны өмнөөс магтан дуулсаар ирсэн нуур нь. Нутгийнхан энэ нуурын усыг ариун хэмээн

итгэж усанд нь шумбаад гараад ирэхэд муу муухайгаас салдаг гэж ярилцаж аж.
Эрэг дээрх наран шарлагын ор, сандлуудыг сүлжиж, сүүдрэвчүүдийнх нь доогуур алхсаар эрэг дээр нь ирлээ. Номин ногоон Охрид бүлээхэн усаараа хөл илбэнэ. Эргийг эмжээрлэж нааш цааш алхаж, долгиог нь мэдэрч, усаа хаялахыг нь анирдлаа. Намуухан юм аа. Эргээ хаялахдаа хөөсөрч, тургиж сүр үзүүлсэнгүй. Зөөлхөн, үл мэдэгхэн хаялгатай санж. Өглөөнөөс хойш амрагч, зугаалагчдын хөлд дарагдсан ч тунгалаг хэвээрээ, наран бөхийж, оройн үүлсийн цаагуур шургалсан ч ус нь бүлээхнээрээ. “Ийм гоё байгаль, ийм сайхан нуур, диваажин шиг амар амгалан бүрдсэн энэ нутагт амьдарч байгаа хүн шүлэг бичихгүй яах юм бэ. Бурханы бэлэг л гэж энэ байх даа” гэж дуу алдсаан. Яагаад Македоничууд, Стругагийн иргэд, Охрид нуурын оршин суугчид яруу найрагт дуртай юм, яагаад энэ улс Дэлхийн яруу найргийн их наадмыг 62 дахь жилдээ зохион байгуулж, Засгийн газрынхаа түвшинд энэ наадамд анхаардаг юм гэсэн асуултууд ар араасаа хөвөрнө. Асуултуудын хариулт бол ердөө л сайхан байгаль. Сайхан юм, сайхан зүйл харсан хэний ч сэтгэл баясч, түүний эрчим долгионыг биеэрээ мэдэрвэл тэгээд л сэтгэлийн нандин утас гээч нь хөндөгдөж дуулмаар, бүжмээр, мөр холбомоор болдог биз ээ.
Ер нь Балканы хойг дахь хүмүүс байгалийн ааш аягаа дагаад ч гэх үү зөөлөн, аядуу юм. Маш зочломтгой, дуу шуутай. Элгэмсэг гэж жигтэйхэн. Хойд Македони дахь Монголын Өргөмжит консул Леетив гуай ч үүнтэй санал нэгдэж толгой дохисон шүү.
Охридод шөнө айлчиллаа. Залуухан саран нууран дээр хөөрч, зочид буудлын дэргэдэх парк тоглоомуудынхаа гэрлэн чимэглэлийг асаажээ. Энд тэнд шоу цэнгээн, бүжиг наадам болж дуу, бүжиг, хөгжим наадам эхэллээ. Араб чигийн диско хэмнэлтэй дуу нээлттэй цонхоор адуу түжигнээд ойртох шиг сүртэй гэгч нь цуурайтна. Парк дээр тоглож буй хүмүүсийн хашгираан, инээд ч тэр бүгдтэй холилдоно. Яруу найргийн үдшийн уншлагын дараа ядарцгаасан улс өрөө өрөө рүүгээ орцгоолоо.
Үүрийн 05:00 цаг. Мөнөөх мөргөлийн дуу ч дуулдлаа, ноход ч хуцалдлаа даа. Хөшигний завсраар шагайвал үүр цайж байна, тэнгэрийн хаяанаас тоорын ягаан туяа татжээ.
07:00 цагт нуурын эрэгт очлоо. Хүн байсангүй. Эргийн хамгаалалтын ажилтан бололтой эмэгтэй хураалттай сандал, орнуудын дундуур алхаж, бага сага хог түүх аж.
Охрид нуурын ус тунгалгаас тунгалаг, цэнгэгээс цэнгэгшиж хоножээ. Өнгө өнгийн чулууд нь нүд баясгаж, загас жараахай сүлжилдэнэ. Яасан ч загас элбэгтэй юм. Эргээс хагас километрийн зайд загасчны завь залхуутайяа нүүнэ. Загасчин нь үл мэдэг бөхийжээ.
Өчигдөр очиж шүлэг уншсан Калишта хавьцаа нар мандаж байна аа. Наахан завинуудын тавцан дээр нэгэн амрагч хоёр нохойгоо хөтөлсөөр гарч ирлээ. “Үсэр” гэхэд өнөөх хоёр нь ус руу ороод сэлж эхэллээ. Томхондуу биетэй нь тэгсхийгээд залхуураад эзэн рүүгээ эргэтэл “Буц” гэхэд буцаад сэлнэ. Харин жижиг хав нь овоо сэлдэг бололтой. Тэр хавиар нааш цааш сэлсээр. Өөр хэд хэдэн амрагчид нохойгоо хөтөлсөөр эргээр гүйж өнгөрлөө.
Ээ тэгтэл таньдаг хүн ирэв. Торонтогоос ирсэн яруу найрагч Кристина Е.Крамер. Эрэг дээр өглөө таарсандаа баярлалдан мэнд мэдэлцлээ. Кристина өглөө бүр сэлдэг юм байна. Ойр зуурыг хөөрөлдөж, өнөөдөр хэд хэдэн уншлага, номын нээлттэй мөн Хуучин хот, “Софиягийн сүм”-ийн аялал байгаа тухай төлөвлөгөөгөө ярилаа. Тэгтэл Кристина жижиг чулуу авч нуурын мандал дээгүүр шидэж байна. Өнөөх чулуу нь пүлхийгээд л орчихов. Бид хоёр хэн нь чулуугаа олон ойлгож үсэргэхээ үзэхээр шийдлээ. Нимгэн хавтгайдуу, жижиг чулуу сонгоод үсэргэж гарлаа. Кристинагийн дээд амжилт нь чулуугаа дөрөв үсэргэлээ. Харин би тав үсэргэв. Ингээд олимпийн алтан медалийн эзнээр намайг шалгаруулж, Кристина мөнгөн медалийн эзэн боллоо, хүүхэд шиг л инээлдэж хөгжилдөж авлаа. Бид энэ агшинаа дараа нь дурсана шүү хэмээгээд зураг дарууллаа. Сэтгэл нь хөөрсөн Кристина “Lovely memory” гэж дахин дахин хэлнэ. Түүнд бага насыг нь санагдуулжээ. Кристина “Манай ах Монголд очиж байсан. Одоогоос таван жилийн өмнө байх шүү. Говь гэдэг газрыг нь үзээд ирсэн. Би аз тохиовол Монголд очно, чамтай холбоо барина шүү” гэж цайлганаар инээсээр зочид буудал руугаа хамт алхлаа.
Д.ГАНСАРУУЛ
Үргэлжлэл бий.

Categories
мэдээ спорт

“Гоолын баяр-2023” хүүхдийн хөлбөмбөгийн тэмцээн нээлтээ хийлээ DNN.mn

Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Монголын Үндэсний Олипын Холбооны Ерөнхийлөгч асан, Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч асан Шинжлэх ухааны Доктор (Sc.D), профессор С.Жамцын нэрэмжит “Гоолын баяр-2023” хүүхдийн хөлбөмбөгийн тэмцээн 2023 оны есдүгээр сарын 9-30-ны хооронд зохион байгуулагдаж байна.
Тэмцээнд Зуунмод сумын 4 сургуулийн 35 багийн 350 гаруй өсвөрийн тамирчин оролцож байна.
Тус тэмцээнээс өсвөрийн хөлбөмбөгчдийг сонгон шалгаруулж, БНСУ-ын Ганвон мужид 2024 онд зохион байгуулагдах Сон Хён Минийн нэрэмжит олон улсын тэмцээнд оролцуулах юм.
Тэмцээнийг Төв аймгийн БТСГ, Зуунмод сумын ЗДТГ, Дэлхийн Зөн Монгол ОУБ, Төв аймгийн хөлбөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж байна.
Categories
мэдээ нийгэм

“Барилгын салбар гамшгийн эсрэг хамтдаа” уриан дор бэлэн байдлын үзлэг хийж байна DNN.mn

“Монгол Улсын Шадар сайдын 51 дүгээр тушаалаар баталсан удирдамж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулах, үнэлэх журам”-ын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас Барилга, хот байгуулалтын улсын албаны дэргэдэх Мэргэжлийн ангиудын бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна.
Барилга, хот байгуулалтын Улсын албаны дэргэд болзошгүй гамшгийн эрсдэлт аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод үүссэн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий гурван мэргэжлийн ангийг Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар байгуулан ажиллаж байгаа юм.
“Барилгын салбар Гамшгийн эсрэг хамтдаа” уриан дор зохион байгуулж байгаа бэлэн байдлын үзлэг энэ сарын 8, 20, 21-ний өдрүүдэд үргэлжилнэ.
Өнөөдрийн тухайд гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн томилгоот 80 ажилтан, алба хаагч, 150 гаруй тусгай зориулалтын багаж, техник хэрэгсэлийг үзлэгт хамруулж, бие бүрэлдэхүүний хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх багаж, техник, тоног төхөөрөмжийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
Categories
нийгэм цаг-үе

Саппорогоос Москва хорооллын гүүр хүртэлх явган хүний замыг тохижуулна DNN.mn

Энхтайваны өргөн чөлөө дагуу буюу Өнөр хорооллын урдуур, Саппорогоос Москва хорооллын гүүр хүртэлх 2.6 км явган хүний замыг тохижуулна.

Дугуйн зам, туслах зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий иж бүрэн тохижилтыг  эхлүүлжээ. Тус ажлын гүйцэтгэгчээр Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ ажиллана.

Categories
мэдээ соёл-урлаг

Тайландад “Монгол цам” үзэсгэлэн аравдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ DNN.mn

Тайландын нийслэл Бангкок хотод “Монгол цам” үзэсгэлэн энэ оны аравдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ.

Бүтэн сарын хугацаанд олон улсын аялагчдын мэлмийг баясгаж, “Welcome to Mongolia” арга хэмжээг сурталчлах, монгол цамын үзүүлбэр толилуулах зэргээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хамтран ажиллах боломжтойг илэрхийлэв.

Мөн “Монгол цам”-ыг дэлхийн өвд бүртгүүлэхэд салбарын сайдын зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Монголын үзэсгэлэнт байгаль, ан амьтад, ахуй амьдралыг жуулчид сонирхохоос гадна өв уламжлал, зан заншлын өвөрмөц онцлогийг тусгайлан сонирхон, судлахаар зорин ирдэг. Тэдний нэг нь Тайландын алдарт гэрэл зурагчин Жатэнипат Кэтпрадит юм. Тэрбээр Монгол хүрээ цамын гэрэл зургаар дагнан олон улсад үзэсгэлэн гаргахаар ажиллаж байгаагаа танилцууллаа.

Categories
мэдээ нийгэм

Тарваган тахлаас сэргийлээрэй DNN.mn

Тарваган тахал өвчнөөс сэргийлж, эрсдэлт үйлдлээс татгалзаж, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагана уу.

Categories
мэдээ нийгэм

ЭЦА: Хууль бусаар ашигт малтмал олборлох 13 үйлдлийг илрүүллээDNN.mn

Уул уурхай, ашигт малтмал хууль бусаар олборлох гэмт хэргүүдийг илрүүлэн шалгаж байгаагаа Экологийн Цагдаагийн Албанаас мэдээллээ. 

Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтын ажлыг өнгөрсөн сард зохион байгуулж, гэмт хэргийн шинжтэй 13 үйлдлийг илрүүлсэн байна.

Баянхонгор аймгийн хэмжээнд: 

  • Галуут сумын харьяат Н. Б нар нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар холбогдох бичиг баримтын бүрдлийг хангахгүйгээр сумын Засаг даргатай гэрээ байгуулж, “Далтын овоолго” гэх газарт хууль бусаар газрын хэвлийд халдсан.
  • Жаргалант сумын нутаг “Мандалын Бөөрөг” гэх газар шүүхийн шийдвэрээр нөхөн сэргээлт хийх байсан ч нэр бүхий компани олборлолтын үйл ажиллагаа явуулсан.
  • Мөн иргэн Б. Ж нар Жаргалант сумын гуравдугаар багийн нутаг Зүүн салаа гэх газарт ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй талбайд хууль бусаар ашигт малтмал олборлохыг завдаж, техник хэрэгсэл авч явж байсан.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд:

  • Ерөө сумын Бугант тосгоны Их алт-Буурал гэх газарт иргэн С нь хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан.
  • Ерөө сумын Өлөнт гэх газар “У.Х” ХХК нь хууль бусаар ашигт малтмал олборлосон.
  • Ерөө сумын Бугант тосгоны 35-ын ам гэх газарт иргэн Э, Б нар нь хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор техник хэрэгсэл ашиглан газрын хэвлийд халдсан.
  • Ерөө сумын гуравдугаар багийн “Дунд өлөнт” гэх газарт иргэн Л, У нар нь хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор техник хэрэгсэл ашиглан газрын хэвлийд халдсан.
  • Мандал сумын Хэрх багийн “Ноён уул” улсын тусгай хамгаалалтай газарт иргэн Б, Г нар нь гар аргаар ашигт малтмал олборлосон.
  • Мандал сумын нутаг “Ноён уул” улсын тусгай хамгаалалтай газарт иргэн Г бусадтай бүлэглэн гар аргаар хууль бусаар ашигт малтмал олборлосон.

Сүхбаатар аймгийн хэмжээнд:

  • Түвшинширээ сумын дөрөвдүгээр багийн нутаг ”Хавцал” гэх газарт иргэн М, Б, Ц нар нь бусадтай бүлэглэн хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор металл хайгч ашиглан газрын хэвлийд халдсан.

Увс аймгийн хэмжээнд:

  • Увс аймгийн Бөхмөрөн сум хоёрдугаар багийн нутагт “Мөргөц” гэх газарт иргэн Б нь бусадтай бүлэглэн металл илрүүлэгч ашиглан гар аргаар ашигт малтмал олборлосон.

Дорноговь аймгийн хэмжээнд:

  • Дорноговь аймгийн Өргөн суманд үл таних этгээдүүд хууль бусаар газрын хэвлийд халдсан зэрэг болно.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйл. Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ

7.5.4-д Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.

24.2 дугаар зүйл. Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох

1.Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Инээмтгий хүн” жүжиг “Гэгээн Муза-17” наадмын зургаан номинацид өрсөлдөнө DNN.mn

Театрын урлагийн шилдэг бүтээл болон уран бүтээлчдийг шалгаруулдаг “Гэгээн Муза” олон улсын театрын наадамд “Pro” театрын бүтээл “Инээмтгий хүн” жүжиг нь зургаан номинацид өрсөлдөж байна.

Тодруулбал

  • Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин төрөлд гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг Урсусын дүрээр,
  • Шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин төрөлд Соёлын тэргүүний ажилтан Т.Энэрэл Деягийн дүрээр,
  • Шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин төрөлд Соёлын тэргүүний ажилтан О.Итгэл нар тус тус нэр дэвшиж байна.
“Гэгээн Муза-17” олон улсын театрын наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор “Монголд зочлох жил”-ийн хүрээнд Ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойг тохиолдуулан есдүгээр сарын 7-17-нд зохион байгуулах юм.

Тус наадамд ирсэн бүтээлүүдийг таван төрлөөр шалгаруулдаг хэдий ч энэ жил “Хөгжимт бүжгийн төрөл”-ийн шалгаруулалтад цөөн тооны бүтээл ирсэн учир дөрвөн төрөлд шалгаруулахаар болжээ.

Categories
нийгэм цаг-үе

Эргэлт.мн мэдээллийн сайтын гурван жилийн ой тохиож байна DNN.mn

Монголын анхны “Балдорж” шагналт редакц, МСНЭ-ийн “Ган үзэг” шагналт Эргэлт.мн мэдээллийн сайтын оюунлаг уншигч танд 1095 хоногийн мэнд хүргэе. “Оюунлаг ирээдүйн төлөө” уриатай Эргэлт.мн мэдээллийн сайт 2020 оны есдүгээр сарын 9-ний өдөр үүсгэн байгуулагдсан. Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Эргэлт.мн мэдээллийн сайт нь оюунлаг ирээдүйг бүтээхийн төлөө нийгмийг соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх, үнэн бодит, тэнцвэртэй мэдээллээр уншигчдыг шуурхай хангах үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн ажиллаж байна.

Эргэлт.мн мэдээллийн сайтын хамт олон нь сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог “Балдорж” сангийн шилдэг төслийн уралдаанд “Ковид-19” ба монголчуудын амьдрал” төслөөрөө шалгарч, Монголын анхны “Балдорж” шагналт редакц болсон билээ. Түүнчлэн тус сайтын хамт олон нь 2021 оны шилдэг мэдээллийн сайтаар шалгарч, МСНЭ-ийн “Ган үзэг” шагналт редакц болсон юм.

Мөн Эргэлт.мн мэдээллийн сайт сэтгүүлч, уран бүтээлчдийнхээ шилдгийн шилдэг бүтээлүүдийг эмхэтгэн “ЭРГЭЛТИЙН НОМЫН САН” цуврал 10 ном бүтээж, уншигчдын хүртээл болгосон. Монголын сэтгүүл зүйн салбарт өмнө нь бие даасан чөлөөт редакц нийтлэл, ярилцлага, хөрөг, тэмдэглэл, сурвалжилга тэргүүтэй бичлэгийн бүхий л төрлөөр бичсэн бүтээлүүдийг цогцоор нь багтаасан 10 ном буюу 2600 гаруй хуудас бүхий баримт, гэрэл зураг хавсаргасан бүтээлийг нэг дор хэвлүүлж, олон нийтэд хүргэж байгаагүй. Тиймээс энэхүү “ЭРГЭЛТИЙН НОМЫН САН” цуврал нь нэг редакцаас “төрсөн” бүтээлүүдийн цуврал гэдгээрээ Монголын сэтгүүл зүйн салбарт анхдагч болсон юм.

Үүгээр ч зогсохгүй Эргэлтийнхэн гурван жилийн хугацаанд сэтгүүл зүйн бүтээлүүдийг баринтагласан “Эргэлт” сэтгүүлийн хоёр дугаарыг амжилттай гаргаж, уншигчдын хүртээл болгоод байна. Мөн тун удахгүй Эргэлт сэтгүүлийнхээ гурав дахь дугаарыг хэвлэлтэд шилжүүлэхэд бэлэн болжээ.

Эргэлтийнхний бүтээх, уншигчдаа хүргэх хүслийн сэжмээс олон олон сайн бүтээл төржээ. Үүний нэг нь гурван жилийн ойдоо зориулсан уран бүтээлийн Эргэлт сонин байлаа. Сэтгүүл зүйл бүхий л төрлийг багтаасан 40 нүүртэй Эргэлт сонин хэдхэн хоногийн өмнө “мэндэлжээ”.