Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачилсан их цэвэрлэгээний ажлын хүрээнд 6692 аж ахуйн нэгж байгууллагын 25063 хүн оролцож 1.737.668м2 талбайгаас хог тээврийн 295 автомашинаар 639 рейс 2972.5 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ.
Month: September 2023
Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй “Улаанбаатар-2023” Зүүн өмнөд Азийн залуучуудын спортын наадмын нээлт өнөөдөр 20:23 цагт Төв Цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ.
Уг нээлт наймдугаар сарын 16-ны өдөр товлогдсон ч цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн 24 цагаар хойшлоод байсан юм. Энэхүү наадамд 7 олимпийн хорооны 840 гаруй тамирчин спортын 12 төрлөөр өрсөлдөх бөгөөд Тэмцээний сагсан бөмбөгийн төрлийг Premier Sports Network суваг, бадминтоны тэмцээнийг Live Tv суваг, бусад төрлүүдийг МҮОНРТ шууд дамжуулна.
Газарзүйн байршилын хувьд Зүүн Өмнөд Азид Япон, БНСАУ, Хятад, Тайвань, Макао зэрэг улс харьяалагддаг байна.
У.АНХЦЭЦЭГ
2023-2024 оны хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор наймдугаар сарын 26-ноос есдүгээр сарын 15-ныг хүртэл 20 хоногийн хугацаанд тээврийн хэрэгслийг дугаарын тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулсан. Ингэснээр дугаарын хязгаарлалтын бүсчлэл доторх замд зорчилт хийсэн.
- Тээврийн хэрэгслийн тоо 29-34 хувиар,
- Гэрлэн дохионы зохицуулалт хийсэн тоо 43-45 хувиар,
- Зам тээврийн осол болон саад5-71.4 хувиар багассан байна.
Мөн эдгээр тоон үзүүлэлтийг бусад хүчин зүйлстэй нэгтгэн дүгнэхэд, зорчилт хөдөлгөөний ачаалал амралтын өдрүүдэд 27 хувиар, ажлын өдрүүдэд 33.5 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.
Түүнчлэн улсын дугаарын хязгаарлалт зөрчсөн 12,809 зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулжээ.
Улаанбаатар хотын уулзвар, гудамж, замын хөдөлгөөний ачааллыг тодорхойлохдоо:
- Хөдөлгөөнд оролцсон буюу зорчилт хийсэн тээврийн хэрэгслийн тоо
- Гэрлэн дохионы зохицуулалт хийсэн тоо
- Замын хөдөлгөөнд нөлөө үзүүлсэн зам тээврийн осол, саад
- Хуулийн дагуу хүлээсэн чиг үүргийн хүрээнд хийж буй тусгай зохицуулалт
- Цаг агаарын нөхцөл байдал
- Замын хөдөлгөөн ачаалал буурч, хэвийн болсон цаг гэх мэтийг харгалзан үздэг байна.
Нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал ажлын өдөрт дунджаар 85 хувь, амралтын өдөрт 75 хувиар хэвийн хэмжээнээс илүү байдаг. Энэ нь 90 хувиас илүү гарч, тээврийн хэрэгслийн зорчилтын хурд 10км/цагаас бага болбол тэг зогсолт руу шилжих төлөвтэй байгаа юм хэмээн НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.
Ойрын хугацаанд орсон борооны улмаас Сэлбэ, Бэлтэс, Хараа, Орхон, Онон, Туул зэрэг голууд үерийн түвшнээс 5-25см давж, Чулуут, Идэр, Заг, Богд гол өмнөх өдрөөс 10-45см нэмэгдээд байна. Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орж голуудын түвшин эрс нэмэгдэх, гуу жалга дагасан үер буух эрсдэл өндөр байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг УЦУОШГазраас анхаарууллаа. Өнгөрсөн шөнө Өвөрхангайн Есөнзүйл, Өлзийт, Бүрд орчмоор 40,0-57,0 мм, Булганы Бүрэгхангай, Гурванбулаг, Бугат, Хишиг-Өндөр, Орхон, Булган, Сэлэнгийн Сүхбаатар, Орхонтуул, Хэнтийн Дадал, Дарханы Шарын гол орчмоор 25,0-34,0мм, бусад хэсгээр 0.0-24,0 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн нийт шүүгчийн чуулганыг хоёр жил тутам зохион байгуулахаар заасны дагуу ээлжит хоёрдугаар чуулганыг есдүгээр сарын 28-29-ний өдөр хуралдуулахаар болжээ.
Нийт шүүгчийн чуулган нь тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны шүүгч гишүүнийг сонгох, огцруулах, тэдгээрийн үйл ажиллагааны тайланг сонсох, хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналыг Улсын дээд шүүхэд уламжлах, хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг батлах, шүүхийн үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг авч хэлэлцдэг бөгөөд тодорхой хэрэг маргаантай холбоотой асуудлыг хэлэлцдэггүй.
Ээлжит хоёрдугаар чуулганаар Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны тайланг сонсож, “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”-д нэмэлт өөрчлөлт оруулж, шүүхийн үйл ажиллагаатай холбоотой зарим асуудлаар зөвлөмж гаргах юм байна.
Дуудлагын жолоочийн үйлчилгээ эрхэлдэг иргэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын тээврийн хэрэгслийг жолоодох тохиолдол түгээмэл болжээ. Улмаар цагдаад баригдах нь бий. Энэ тохиолдолд торгууль болон тээврийн хэрэгсэл журмын хашаанд хоносон мөнгийг дуудлагын жолооч захиалсан этгээд төлж их хэмжээний хохирол амсах тохиолдол хэд хэд гарчээ. Дээрх журмын хашааны төлбөрийг дуудлагын жолооч төлөх үү, тээврийн хэрэгслийг эзэмшигч төлөх үү гэх асуудал маргаан дагуулдаг байна. Энэ асуудлын хүрээнд Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбатаас тодруулга авлаа.
-Дуудлагын жолооч согтуурсан үедээ бусдын тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцох, цагдаад баригдах асуудал гарах болжээ. Энэ тохиолдолд учирсан торгуулийг хэн нь төлөх вэ. Тээврийн хэрэгслийн эзэмшигч үү. Согтуугаар жолоо барьсан дуудлагын жолооч уу. Эрх зүйн зохицуулалт нь ямар байдаг юм бэ?
– Дуудлагын жолооч гэх эрх зүйн зохицуулалт байхгүй. Нэг талдаа такси үйлчилгээ гэж ойлгож болно. Тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч өөрөө зөвшөөрөөд машинаа бариулаад хүргүүлж байна.
Тэгэхээр жолоогоо шилжүүлж таарна. Энэ талаас нь харахад жолоогоо шилжүүлж байгаа үйлдэл. Жолоогоо шилжүүлэхдээ хувь хүн өөрөө эрхийн үнэмлэхтэй эсэх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаад жолоогоо шилжүүлэх ёстой. Согтууруулах ундаа хэрэглэсэн дуудлагын жолоочид жолоо шилжүүлснээрээ эзэмшигч давхар хариуцлага хүлээнэ.
Ингээд харахад нэгдүгээрт согтуу хүнд жолоо шилжүүлсэн асуудал, хоёрдугаарт дуудлагын жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явж байгаа бол одоогийн зохицуулалтаар жолоодох эрхээ хасуулаад давхар 400 мянган төгрөгөөр торгуулна.
-Түр саатуулах байрны зардлын асуудал энд хөндөгдөж таарна. Хэн нь төлөх вэ?
-Цагдаагийн албаны тухай хууль болоод хөдөлгөөн зохицуулах хянан шалгах журамд заасны дагуу тээврийн хэрэгслийг түр саатуулах үндэслэл байгаа учраас тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх зохицуулалттай.
Эрхийн үнэмлэхгүй юм уу согтуурсан этгээдэд жолоо шилжүүлсэн бол тухайн автомашины эзэмшигч өөрөө хариуцлага хүлээх ёстой.
-Дуудлагын жолооч бусдын тээврийн хэрэгслийг унаж яваад осол гаргавал хохирлыг хэн барагдуулах вэ?
-Энэ тохиолдолд дуудлагын жолооч жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсан эсэх асуудал яригдана.
Дуудлагын жолооч жолоочийн хариуцлагын даатгалтай бол асуудлаараа даатгалаар шийдэх боломжтой. Ингэхлээр дуудлагын жолоочид жолоо шилжүүлэхдээ нэгдүгээрт тухайн этгээд жолооч мөн эсэх, согтуурсан эсэх, жолоочийн хариуцлагын даатгалтай эсэхийг шалгаж байх нь учирч болох эрсдэлээс сэргийлнэ.
Буух эзэн буцах хаяггүй дуудлагын жолоочоос зайлсхийх хэрэгтэй. Үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж рүү хандах нь эрсдэл багатай. Зүгээр дугаараа тавьсан хувь иргэн рүү хандахад ямар ч нөхцөл байдал үүсч болно” гэв.
Бусдад жолоо шилжүүлэхдээ тухайн этгээдийг жолооч мөн эсэх, жолоочийн албан журмын даатгалтай эсэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг заавал шалгаж байх ёстой гэнэ. Түүнчлэн баталгаатай газраас жолооч дуудах нь учирч болох эрсдэлээс сэргийлэх юм байна. Баталгаагүй, хэн нь мэдэгдэхгүй нэгэнд итгэж жолоогоо шилжүүлэх нь осол аваар хийх эрсдэл дагуулдаг аж. Бусдын тээврийн хэрэгслийг унаж яваад осол хийгээд хаяад зугтсан тохиолдол ч хэд хэд бүртгэгджээ. Энэ тохиолдолд буух эзэн, буцах хаяггүй тээврийн хэрэгсэл эзэмшигч өөрөө хохирол барагдуулахаасөөр аргагүйд хүрдэг байна.
ШӨХТГ арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо зээл олгох явцад гаргасан зардалд нэг хувийн шимтгэл авна гэж тогтоосон нь хууль зөрчсөн гэж үзсэн. Тиймээс энэхүү нэг хувийн шимтгэлийг буцаан олгох шүүхийн шийдвэр гараад байгаа. Энэ талаар уг маргаанд ШӨХТГ–аас хуульчаар ажилласан өмгөөлөгч С.Ялалттай ярилцлаа.
-Ипотекийн зээлийн нэг хувийг буцаан олгох шийдвэрийг Д э э д шүүх хэлэлцэхээс татгалзсан тул шийдвэр хэвээр батлагдсан. Энэ шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг та эхлээд тайлбарлаж өгөөч?
-ШӨХТГ-аас гаргасан албан шаардлагын дагуух маргаан л өрнөөд я в ж байгаа. Ипотекийн зээлийн шимтгэлийн нэг хувийг зардалд гаргуулан авах нь үндэслэлгүй, буруу тогтоосон, хууль зөрчсөн гэж ШӨХТГ үзсэн. Үүнийг зардалтай нь уялдуулж тогтоох ёстой. Зардалтай нь уялдуулж тооцоогүй учраас зөрчил байна хэмээн үзээд Зөрчлийн хуулиар арга хэмжээ авсан. Арга хэмжээ авахдаа банкуудыг тус бүрд нь 20 сая төгрөгөөр торгоод, гурван шаардлага гаргаж тавьсан.
Нэгдүгээрт, шимтгэлийн хувь хэмжээг зардалтай нь уялдуулж зөв тогтоо. Хоёрдугаарт, зээлийн гэрээндээ өөрчлөлт оруул. Гуравдугаарт, Зөрчлийн үр дагаврыг арилга гэсэн гурван үндсэн шаардлага тавьсан. 2021-2022 онд банкуудад шалгалт явсан. Өмнө нь олгосон бүх зээлийн шимтгэлийн хувь хэмжээг бүгдийг нь эргүүлэн олгох эрх зүйн үндэслэл шууд үүсэхгүй. Тодорхой хэмжээний зээлийн үйл ажиллагаа явуулахад гаргасан зардлыг шимтгэлд шингээж авах эрх банкуудад бий. Хүмүүс нэг хувийн шимтгэлээ бүгдийг нь буцаан авна гэж ойлгоод байх шиг. Харин тэр шимтгэлээс зардалд зарцуулсан мөнгөний зөрүү үүсч болно. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээл олгохдоо банк 1 сая төгрөгийн шимтгэл авсан байж болно. Яг зээл олгох үйлчилгээ явуулахад гаргасан зардал нь 200 мянга, 500 мянга болсон байж болно. тэгэхэд үнийн зөрүү үүсч таарна. Тэрхүү зөрүүг эргүүлэн авах эрх зүйн орчин бүрдсэн. Арилжааны банкууд эргүүлэн өгөх ёстой болчихсон. Үүнийг энгийнээр тайлбарлавал, ШӨХТГ шалгалт хийгээд, зөрчил илрүүлсэн. Зөрчил нь ипотекийн зээл олгохдоо үйлчилгээ үзүүлсэн зардлыг тухайн зээлийн нэг хувь гэж тогтоосон зөрчилтэй байна гэдгийг илрүүлсэн. Тэгэхээр тодорхой хугацаанд энэ үйлчилгээг үзүүлэхдээ зардлаасаа илүү шимтгэл авсныг илрүүлсэн болж таарч байгаа. Цаашдаа банкууд зөвхөн зээлийн үйлчилгээ үзүүлэхдээ гаргасан зардлаа л авах нөхцөл байдал үүсч байгаа.
-Ипотекийн зээл авсан иргэд “Банк надад зээл олгохдоо нэг хувийн шимтгэлд тэдэн төгрөг авсан” гэдгээ баримтаар нотлоод очвол үнийн зөрүүг эргүүлэн авч болох уу?
-Түүн дээр маргаантай байгаа. Жишээлбэл, ШӨХТГ албан шаардлагынхаа үр нөлөөг арилгуулах шаардлага тавьж, шийдвэр гүйцэтгэлийн журмаар ч юмуу хандаад явахаар арилжааны банкууд нэг хувийн шимтгэлд 500 мянган төгрөг авсан. Үүнээс 400 мянган төгрөгийн зардал гарсан гэдэг ч юмуу, бодит байдал дээр нөгөөх нь 200 мянга байсан байж болно. Тэгэхээр зөрүү олгох мөнгө нь их багын маргаан үүсчихээд байгаа. Түүнийг нарийн сайн ойлгохгүй бол нэг хувийг бүхэлд нь буцаан олгоно гэсэн шийдвэр огт гараагүй. Үндэслэлгүй, илүү авсан хэсгээ буцааж олгох ёстой гэсэн үр дагавар л үүсээд байгаа.
-Ипотекийн зээл авсан иргэд зээл авахдаа урьдчилж төлсөн нэг хувийн шимтгэлээ буцааж авах юм байна гээд ойлгочихсон байгаа шүү дээ. Тэгвэл би ипотекийн зээл авсан гэж бодъё. Надаас нэг хувийн шимтгэл авчихлаа. Тэр нь бодит зардалтай нийцсэн эсэхийг хэн тогтоож өгөх вэ?
-ШӨХТГ зөрчлийг арилгуулах албан шаардлагын хүрээнд явж тогтоох ёстой. Яг бодитой зардлуудыг арилжааны банкуудаас гаргуулж авдаг ч юмуу, тухайн хугацааны туршид зээл тус бүр дээр зардлын хэмжээг тогтоож шимтгэл авсан үнийн дүнгийн зөрүүг тогтоодог ч юмуу, тэр ажлыг уг нь ШӨХТГ албан шаардлага тавьчихсан учир түүгээр авах ёстой. Гэтэл тэр нөхцөл байдлыг арилжааны банкууд бүрдүүлж өгөхгүй байна. Яагаад гэвэл бид гаргасан зардлын тооцоог нь авъя гэхээр гаргаж өгөхгүй байгаа. Тиймэрхүү шийдвэрлэхэд төвөгтэй нөхцөл байдлыг үүсгэчихээд байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Энэ асуудал яригдахгүй л байна. Арилжааны банкууд зардлыг тооцоод өөрсдөө л гаргаж өгөх ёстой. Түүнээс ШӨХТГ иргэн Дорж, Дулмаагийн зээлийн зардлыг гаргаж чадахгүй шүү дээ.
-Тэгэхээр тухайн мөнгөний зөрүүгээ авах хүсэлтэй байгаа иргэд хаана хандах вэ?
-ШӨХТГ нэгэнт энэ асуудлыг хөндсөнөөрөө өөрсдөө л дуусгах ёстой байх гэж би хувьдаа үзэж байгаа. Үүн дээр нь миний зүгээс анхнаасаа хууль эрх зүйн асуудлаар хамтарсан учраас үргэлжлүүлэн оролцоно. Өмнөх ажлууд шүүхийн шийдвэр нь гараад дуусчихсан. Дахин Захиргааны шийдвэр гүйцэтгэлийн ажил дээр нь үргэлжлүүлж ажиллая гэсэн саналаа тавих гээд л байж байна.
-Хэрэв үндэслэлгүйгээр илүү мөнгө авсан бол иргэдэд зөрүү мөнгийг нь банк буцаан олгох нь зөв биз дээ?
-Зөв. Жишээ нь, ипотекийн зээлийн нэг хувийн шимтгэл төлсөн иргэдэд зөрүү үүсэх нь тодорхой. Түүнийг иргэд нэхсэн нэхээгүй буцаан олгох үүрэг нь үүссэн.
-Банк буцаан олгох үүргээ хүлээхгүй бол яах вэ?
-Түүнийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулах ажиллагаа хийх байх. Түүн дээр нэлээд том маргаан үүснэ гэж харагдаж байгаа. Үүнд их хугацаа л орох байх. Саяхан Монголын банкуудын холбоо мэдэгдэл хийсэн. Түүнээс харахад банкууд сайн дураараа тэрхүү зөрүүг буцаан олгохгүй байдлаар хандаж байна лээ. Тэгэхээр хуулийнх нь журмаар тултал явж эцэслэн шийдвэрлүүлэх байх гэсэн хуульч хүний үзэл баримтлалтай л байна даа.
2023.9.17, НЯМ ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 2
НАМРЫН ДУНД ЦАГААГЧИН ТАХИА САР
НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР БАР ӨДӨР
- Аргын тооллын: 2023.9.17, Ням гариг
- Наран ургах шингэх: 06.31-19.02
- Үс засуулбал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ
- Барилдлага: Хүчин төгсөх
- Шүтэн барилдлага: Төрөхүй
09-р сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн хойд хагаст үүлэрхэг, бусад нутаар солигдмол үүлтэй. Баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн болон хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг-Үүр голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0…+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +10…+15 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +7…+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +17…+22 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +4…+6 градус, өдөртөө +11…+13 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +11…+13 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 0…+2 градус, өдөртөө +9…+11 градус дулаан байна.
2023 оны 09 дүгээр сарын 18-наас 09 дүгээр сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
18-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд 20-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 21-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 19-нөөс ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +16…+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +21…+26 градус, бусад нутгаар шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +12…+17 градус дулаан байна.