Categories
мэдээ эдийн-засаг

Орон сууцны үнэ 7.1 хувиар өсчээ DNN.mn

 Улаанбаатар хотын орон сууцны үнэ энэ оны 8 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 7.1 хувиар, өмнөх сарынхаас 1.3 хувиар өслөө.

Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ наймдугаар сард 3.72 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 4.01 сая төгрөг байв. Харин хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ мөн сард 3.38 сая төгрөг болж, Чингэлтэй дүүрэгт хамгийн их буюу 4.12 сая төгрөг байсныг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн тээврийн үйлчилгээнд явах 20 цахилгаан автобус шинээр иржээ DNN.mn

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос хийж буй парк шинэчлэлтийн ажлын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд явах Skywell загварын 20 цахилгаан автобуснууд нэмж орж иржээ.

Ингэснээр энэ онд нийт 55 цахилгаан автобус ирээд байна.

Нийслэлийн Нийтийн Тээврийн газраас тухайн автобуснуудын үйлчилгээнд гарах чиглэл, маршрут төлөвлөлт, смарт карт уншигч суулгах зэрэг бэлтгэл ажлаа ханган үйлчилгээнд гаргах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

 

Эх сурвалж: Нийтийн Тээврийн Газар

Categories
мэдээ нийгэм

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө DNN.mn

НЗДТГ-аас “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг. Энэ сарын өдөрлөг нөгөөдөр буюу есдүгээр сарын 20-нд 09:00-17:00 цагийн хооронд үргэлжилнэ.

Иргэн та Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн

  • Баянгол
  • Баянхошуу
  • Дүнжингарав
  • Мишээл
  • Оргил салбаруудад очиж болон 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдон иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

Тус өдөрлөгийг зургаа дахь жилдээ сар бүрийн гурав дахь 7 хоногийн лхагва гарагт тогтмол зохион байгуулж байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцоно DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 09 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл “Итгэлцлийг сэргээж, дэлхийн эв нэгдлийг дэвжээх нь: Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг бүх нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлт, ахиц дэвшлийн төлөө эрчимжүүлэх нь” сэдвийн дор болох ба 100 гаруй улс төрийн тэргүүний түвшинд биечлэн оролцохоо мэдэгджээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх ба энэ үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй уулзалт хийхээр төлөвлөж байна.

Энэ жилийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр “Тогтвортой хөгжлийн зорилгуудын асуудлаарх” өндөр түвшний уулзалт, “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх амлалтаа ахиулах” дээд түвшний уулзалт, “Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх” өндөр түвшний хэлэлцүүлэг, “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтын асуудлаарх” өндөр түвшний уулзалт, “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдал, хариу арга хэмжээний асуудлаарх” өндөр түвшний уулзалт, “Сүрьеэгийн асуудлаарх” өндөр түвшний уулзалт, “Ирээдүйн асуудлаарх” дээд түвшний чуулга уулзалтын Сайд нарын түвшний бэлтгэл хуралдаан, “Цөмийн зэвсгийг бүрмөсөн устгах олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулах өндөр түвшний уулзалт зэрэг дэлхийн улс орнуудын өмнө тулгарч буй асуудлаар өндөр дээд түвшний уулзалтууд болно.

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Тогтвортой хөгжлийн зорилгуудын асуудлаарх” өндөр түвшний уулзалт, “Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх” өндөр түвшний хэлэлцүүлэгт оролцоно. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид тус чуулганы үндсэн үйл ажиллагаанд оролцох юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2021 оноос жил бүр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

Ж.Сандагсүрэн: Улаанбаатар хотын бондоор тогтвортой хөгжлийн зорилтуудад нийцсэн төслийг санхүүжүүлнэ DNN.mn

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнтэй ярилцлаа.


Санхүүгийн зохицуулах хороо Улаанбаатар хотод бонд гаргах зөвшөөрөл олгосон. Монголчууд хотын бонд гэж өмнө нь сонсож байгаагүй. Тэгэхээр хотын бонд гэж юу болох талаар яриагаа эхэлье.

-Бонд бол хотын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийн нэгэн үр ашигтай хэрэгсэл юм. Ийм ч учраас санхүүгийн зах зээл өндөр хөгжсөн улс орон, бизнесийн байгууллагууд төдийгүй Засгийн газар, хот орон нутгийн засаг захиргааны нэгжүүд бонд гаргаж, томоохон дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлж, хөгжлөө хурдасгадаг туршлагатай. Хот болон орон нутгийн засаг захиргааны нэгжүүдийн гаргадаг бондыг municipal bond буюу орон нутгийн бонд гэж нэрлэдэг. Хамгийн анхны орон нутгийн бондыг Нью-Йорк хот 1812 онд сувгийн санхүүжилт босгох зорилгоор гаргаж байсан түүхтэй. Үүнээс хойш дэлхийн бүх л томоохон хот энэ жишгийг дагаж, өсөж хөгжсөөр ирсэн. Жишээлбэл, Сан Франциско хотын нэрийн хуудас болсон Golden Gate гүүрний санхүүжилтийг бонд босгох замаар шийдэж байсан. Орон нутгийн бонд нь засгийн газрын бондын дараа орох найдвартай үнэт цаас юм.

Улаанбаатар хот яагаад бонд гаргах шийдвэр гаргасан бэ?

-Нийслэлийн удирдлага илүү үр ашигтай санхүүжилтийн хэрэгсэлтэй болох, тэр нь бонд байх талаар 20-иод жилийн өмнөөс сонирхож эхэлсэн юм билээ. Тухайн үед Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллага ч нийслэл санхүүжилтийн тогтвортой эх үүсвэртэй болж, өсөж хөгжих ёстой. Үүний тулд бонд гаргах хэрэгтэй гэж зөвлөж байсан байдаг. Гэвч тухайн үед хууль эрх зүйн орчны зохицуулалт байсангүй. Тэгвэл энэ үеийн Засгийн газар, хотын удирдлагын хүчин чармайлтаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2021 онд буюу анх баталснаас нь хойш 27 жилийн дараа шинэчлэн баталлаа. Ингэснээр нийслэл үнэт цаас гаргах боломжтой болсон. Үүнээс хойш нийслэлийн удирдлага хотын түүхэн дэх анхны бондыг гаргахаар хоёр жил орчим ажилласны эцэст Санхүүгийн зохицуулах хорооноос дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүн бүхий бонд гаргах зөвшөөрлөө авлаа. Ингэснээр Улаанбаатар хот санхүүжилтийн тогтвортой эх үүсвэртэй болж, илүү том төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх эхлэл тавигдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хотын хөгжил дэвшил чухал нөлөө үзүүлнэ. Орчин үеийн метрополитан хотуудын жишгээр хөгжихийн тулд тэдний ашигладаг, үр ашигтай санхүүгийн хэрэгслүүдийг ашиглах ёстой. Ийм ч учраас бид Улаанбаатар хот бонд гаргаж буй үйл явцыг түүхэн үйл явдал гэж харж байна.

Хотын бондыг хэрхэн зарцуулах вэ?

-Нийслэл хотын дэд бүтцийг шинэчлэх, өргөтгөх, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй болгох, ногоон хөгжил болон тогтвортой хөгжлийн зорилтуудад туссан чиглэлүүдэд хөрөнгө оруулах болно. Нийслэл Улаанбаатар хот одоог хүртэл жил бүрийн төсвөөрөө асуудлаа шийдэхийг зорьсоор ирсэн. Гэвч энэ нь иргэдийн өмнө тулгамдсан асуудлаа үндсээр нь шийдэхэд хангалтгүй байна. Иймээс Улаанбаатар хотын бонд гаргаснаар богино хугацаанд томоохон бүтээн байгуулалт хийх боломжтой болох юм. Хот бонд гаргаж байгаа нь цэвэр санхүүгийн үйл явц. Ийм учраас бусад бизнесийн байгууллагын нэгэн адилаар төсвийн зарцуулалт нь илт тод байна. Тодруулж хэлбэл, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагын хяналт дор ажиллахаас гадна зарцуулалтын тайланг Монголын хөрөнгийн биржийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлэх болно.

Улаанбаатар хотын бондын хөрөнгө оруулагч нарт ямар давуу тал амлаж чадах вэ?

-Нэгдүгээрт, хотын бонд санхүүгийн зах зээлд нэлээд эрэлттэй бүтээгдэхүүн байх болно гэж харж байна. Бондын өгөөж боломжийн түвшинд байхаас гадна найдвартай байдлын хувьд өндөр түвшинд байх нь тодорхой. Нөгөө талд бондын зарцуулалт нь нийслэл хотоо улам илүү сайхан, амьдрахад таатай болгоход зарцуулна. Тэгэхээр Улаанбаатар хотын бонд зөвхөн хөрөнгө оруулагч нарт төдийгүй нийслэл хотын иргэн бүрт үр өгөөжөө өгнө. Хоёрдугаарт, би өмнө нь хэлсэнчлэн орон нутгийн бонд нь Засгийн газрын бондын дараа орох найдвартай үнэт цаас. Гуравдугаарт, Монголбанкны бодлогын хүү сүүлийн таван жилийн хамгийн өндөр түвшинд буюу 13 хувьтай байна. Бондын өгөөжийг бодлогын хүүтэй уяж шийдэж байгаа нь хөрөнгө оруулахад таатай байна.

Та Улаанбаатар хотын бондын эргэн төлөлт нь найдвартай гэж хэллээ. Тэгвэл эргэн төлөлтийг хэрхэн санхүүжүүлэх төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Бондын эргэн төлөлт нь ирэх жилүүдийн төсөвт шууд тусах болно. Засгийн газрын холбогдох шийдвэрүүд гарсан байгаа. Нийслэл бол өөрөө орлого олж, орлогоороо зардлаа санхүүжүүлдэг. Нийслэлийн орлого өнгөрсөн хугацаанд тасралтгүй нэмэгдсээр ирсэн. Өнгөрсөн 2022 онд нийслэл 1.9 их наяд төгрөгийн орлого олж, 1.5 их наяд төгрөгийн зардалтай ажилласан. Тэгэхээр Улаанбаатар хот бондын эргэн төлөлтийг санхүүжүүлээд явах бүрэн чадвартай. Мөн бид дотооддоо өрийн удирдлагын чадавхиа сайжруулах, урсгал зардлыг хэмнэх бодлого баримталж байна.

Монгол Улсын Засгийн газар Улаанбаатар хотын бондыг хэрхэн дэмжиж ажиллаж байгаа вэ?

-Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үндсэн зургаан чиглэлийн нэг нь Хот, хөдөөгийн сэргэлт байсан. Иймээс Засгийн газар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталж, Улаанбаатар хот санхүүжилтийн тогтвортой эх үүсвэртэй болох, анхны бондоо гаргахад ихээхэн дэмжлэг үзүүлсэн. Засгийн газрын энэ дэмжлэгийн хүчинд олон жил санаа байсан Улаанбаатар хотын бонд өнөөдөр ажил хэрэг болоод байна.

Хотын бондод хөрөнгө оруулахаар төлөвлөж буй иргэд болон байгууллагуудад бондын нөхцөл, хугацаа зэргийг танилцуулна уу?

-Бондыг худалдан авч хөрөнгө оруулахаар сонирхож буй олон иргэн, санхүүгийн байгууллагууд сонирхлоо илэрхийлж байна. Мөн тус бонд нь тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэмжсэн төслүүдийг санхүүжүүлж байгаа нь олон улсын санхүүгийн байгууллагуудын анхаарлыг ихээр татаж, яриа хэлцлүүд үргэлжилж байна. Улаанбаатар хотын бондыг олон нийтэд танилцуулж, Хөрөнгийн бирж дээр анх удаа арилжаалах үйл ажиллагаанд нь үндсэн андеррайтераар 31 дэх жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй анхдагч, мэргэжлийн, туршлагатай “БиДиСек”, дэд андеррайтераар салбартаа  тэргүүлэгч, нэр хүндтэй мэргэжлийн байгууллагууд болох “Ти Ди Би секьюритиз”, “Голомт капитал” компани ажиллаж байгаа. Иймээс иргэд олон нийтийг дээрх андеррайтеруудад хандаж бондын хугацаа, дүн зэрэг мэдээллийг авч, хотыноо хөгжилд оролцож, хөрөнгө оруулахыг урьж байна.

Categories
мэдээ нийгэм

Монголын анхдугаар элсний наадам болж өндөрлөлөө DNN.mn

“Дундговь 2023” Монголын анхдугаар элсний наадам хоёр өдрийн турш үргэлжилж есдүгээр сарын 17-нд өндөрлөлөө.
Волейбол, тэкбол, бадминтон, бөхийн төрлөөр явагдсан энэ удаагийн наадам нийт 14 багийн 120 гаруй тамирчид өрсөлдөж Тэргүүн байрт М.Бат-Очир ахлагчтай ШУТИС-ийн баг, Дэд байрт Ө.Баярсайхан ахлагчтай ҮБТДС-ийн баг,
Гутгаар байрт Ч.Амарсанаа ахлагчтай МУБИС-ийн БТС-ийн баг тус тус шалгарав.
Шагналыг МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир нар гардууллаа.
Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат орон нутагт спорт, олимпизм, шинэлэг спортын төрлүүдийг сурталчлах нь олон талын ач холбогдолтойг онцлон нийт оролцогчдод баяр хүргэж амжилт хүсэв гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Оногдуулсан ялын тодорхой хувийг эдэлсэн 92 хоригдлыг хугацаанаас нь өмнө суллажээ DNN.mn

Ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх болон цагдан хорих, баривчлах, саатуулах шийдвэрийг биелүүлэх ажиллагаатай прокурорын байгууллагаас өнгөрсөн сард 500 удаа танилцаж, 28 шалгалт, зургаан судалгаа хийжээ.

Хяналтын ажлын явцад холбогдох хууль, журмыг зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн 109 зөрчлийг илрүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад есөн шаардлага хүргүүлэн, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан.

Прокурор ял эдлүүлэх ажиллагааны явцад хуулиар олгосон эрх нь зөрчигдөж байсан дөрвөн ялтан, этгээдийн эрхийг сэргээж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ял солиулах, ялтны зорчих бүсийг өөрчлүүлэх талаар 140, хоригдлыг хугацааны өмнө суллах талаар 146 санал ирүүлснийг прокурор хянаж, хуульд заасан шаардлага хангаагүй 70 саналыг буцаан, шаардлага хангасан бусад саналд дүгнэлт бичиж шүүхээр шийдвэрлүүлэв.

Тухайлбал

  • торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй 18
  • нийтэд тустай ажил хийлгэх ялыг гүйцэтгээгүй 15
  • зорчих эрхийг хязгаарлах ял эдлэхээс зайлсхийсэн 17 хүний ялыг хорих ялаар солиулж, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын тодорхой хувийг эдэлсэн 92 хоригдлыг хугацааны өмнө сулласан байна.

 

Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газар

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Гэгээн Муза 17” олон улсын театрын их наадам болж, драмын урлагийн шилдгүүд тодорлоо DNN.mn

Драмын урлагийн шилдгийн шилдгийг шалгаруулах “Гэгээн Муза 17” олон улсын театрын их наадам боллоо.

Уг наадам нь Ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойг тохиолдуулан 2023 оны есдүгээр сарын 09-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан юм.

Өчигдөр шагнал гардуулах улаан хивсний ёслол болж шилдгүүдээ шалгарууллаа.

Гранпри шагналыг УДЭТ-ын найруулагч Э.Ёндоншаравын найруулсан “Сычуаны сайн хүн” жүжиг хүртжээ.

Драмын жүжгийн шилдгүүд:

  • Шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг МУГЖ Ц.Төмөрхуяг “Инээмтгий хүн” жүжгийн дүрээр
  • Шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг жүжигчин О.Энхтуул “Опал” жүжгийн дүрээрээ
  • Шилдэг найруулагчаар Б.Даваасүрэн “Инээмтгий хүн” жүжгээрээ
  • Шилдэг хөгжмийн зохиолчоор Дахалэ Жамбалов “Инээмтгий хүн” жүжгээрээ
  • Шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчний шагналыг жүжигчин Б.Шинэбаяр УДЭТ-ын “Сычуаны сайн хүн” жүжгийн дүрээрээ
  • Шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчний шагналыг Ардын жүжигчин Б.Сувд УДЭТ-ын “Сычуаны сайн хүн” жүжгийн дүрээрээ

“Шинэ эрэл” шагналыг Pro театрын бүтээл “Инээмтгий хүн” визуал драмын жүжиг хүртсэн бол Шүүгчдийн нэрэмжит цомын эзнээр УДЭТ-ын “Сычуаны сайн хүн” жүжгийн дүрээр жүжигчин Т.Хулан хүртсэн байна.

Харин хүүхдийн жүжгийн төрөлд шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг жүжигчин Б.Асардарь УДЭТ-ын “Миний аав супер баатар” хүүхдийн жүжгийн Шоргоолж хүүгийн дүрээрээ хүртсэн бол шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчний шагналыг жүжигчин Б.Золжаргал УДЭТ-ын “Миний аав супер баатар” хүүхдийн жүжгийн Өмхий харын дүрээрээ хүртжээ.

Наадмын шилдэг залуу уран бүтээлчээр “Сычуаны сайн хүн” жүжгээр УДЭТ-ын найруулагч Э.Ёндоншарав, “Инээмтгий хүн” жүжгийн Баркельфедрогийн дүрээр СТА жүжигчин О.Итгэл нар тодорсон байна.

Моно жүжгийн төрөлд шилдэг жүжигчнээр “Галт шувуу” жүжгийн Сарангийн дүрээр Б.Одгэрэл тус тус тодорчээ.

Categories
нийгэм цаг-үе

НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гаригт болно DNN.mn

НӨАТ-ын сугалааны тохирлыг есдүгээр сарын 20-ны лхагва гарагийн 13:00 цагаас Боловсрол суваг ТВ болон гар утасны ebarimt аппликэйшнээр шууд дамжуулна.

Энэ удаагийн тохиролд 2023 оны наймдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдах юм. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ebarimt системд 42,991,588 баримт бүртгэгджээ.

Сугалаагаар:

1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5,000,000 төгрөг

11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг

51 ба түүнээс дээш тооны баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөг хожино.

Categories
мэдээ спорт

Монголын хөлбөмбөг, волейболын шигшээ баг “Ханжоу 2022” Азийн наадмыг зорилоо DNN.mn

“Ханжоу 2022” Азийн наадам эхлэхэд 6 хоног үлдээд байна.
Энэ удаагийн наадамд ур чадвараа сорих манай хөлбөмбөг, волейболын шигшээ баг өнөөдөр БНХАУ-ын Ханжоу хотыг зорилоо.
Хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг “B” хэсэгт Вьетнам, Саудын Араб, Ираны багуудтай оноолт таарсан бол волейболын эрэгтэй шигшээ “D” хэсэгт Хятадын Тайпей, Пакистаны шигшээ багуудтай өрсөлдөнө гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
Манай улсын баг тамирчдын хөлбөмбөг тоглох хуваариас хүргэвэл:
09-р сарын 19-ний 16:00 цагт
Монгол – Вьетнам
09-р сарын 21-ний 16:00 цагт
Монгол – Саудын Араб
09-р сарын 24-ний 19:30 цагт
Монгол – Иран
Тоглолтын хуваарь /Волейбол/:
09-р сарын 19-ний 14:30 цагт
Монгол – Пакистан
09-р сарын 21-ний 19:00 цагт
Монгол – Хятадын Тайпей